Monday, October 7, 2013

How Corruption Works

Анхны хувилбар нь 2005 оны 4-р сард анх olloo.mn сайт дээр гарсан.

Оршил

Ардчилал хөгжиж эхлэж буй олон ядуу буурай орны өсвөр үеийнхэн сонгуулийн насанд хүрч иргэний эрхээ эдлэх эхний мөчөөсөө л авилгал гээч зүйлийн тухай сонсож эхлэдэг билээ. Шинэхэн сонгогчдыг тэр авилгал гээчийн учрыг олж амжаагүй байхад л түүгээр айлган, түүнээс аврахыг хүссэн улс төрчдийн шоу булж орхидог. Дөнгөж сургууль төгсөх гэж байгаа хүүхдүүд учрыг нь бүүр олохоо больдог. Тэд өөрсөддөө болон бусдад авилгал гээч ер нь юу юм бэ гэдэг асуултыг тавьж түүнийг танин мэдэхийг хүсэх боловч аймшигтай хадны мангаа гэх маягийн хариултаас өөр тодорхой зүйл олж сонсдоггүй. 

Энэ асуултын хариуг хүүхэд залуучуудад ойлгуулахыг л энд хичээсэн болно.

Ер нь авилгал ийн урт удаан хугацаанд оршин тогтноод байхыг бодоход түүний “байнгын ажиллагааны” зүй тогтол байж таарч байгаа ‏юм. Т‎эгэхээр энэ авилгал чухам яаж ажилладаг юм бол? Түүний зарчим нь юу вэ? Түүнээс салах гэж оролдох нь хэр утга учиртай зүйл вэ?

Авилгалаас ангижрах боломж ер нь бий юу? гэх зэрэг олон олон асуулт залуусын өмнө босож ирдэг. Авилгалын тухай маш олон янзын тодорхойлолт томъёолол байх боловч ерөнхийдөө бүгд нэг утгатай байдаг. Ер нь бол авилгал гэдэг нь хэн нэгэн этгээд өөр нэгэн эрх бүхий этгээдээс аливаа нэгэн давуу эрхийг хууль ёсноос гадуур худалдан авах байдлаар илэрдэг билээ. Нийтээрээ ч ингэж ойлгодог

Эрх бүхий этгээдийн үүсэл

Авилгал хэрхэн үүсэв? Түүнийг үүсгэх хэрэгцээ нь юу байв. Авилгал бол төртэй салшгүй холбоотой үзэгдэл тул түүний үүслийг төрийн үүсэлтэй холбон авч үзэх хэрэгтэй юм.

Хүн төрөлхтөн галыг эзэмшсэнээсээ хойш анхны төр улсаа байгуулах хүртлээ олон  зуун мянган жилийг элээсэн байдаг. Хүй нэгдлийн хэмээн нэрлэгддэг тэр үед хүмүүс хязгааргүй их эрхтэй бас хязгааргүй их эрхгүй байсан юм. Энэ нь тэд нэгнийгээ барьж идэж болох хүртэл эрхээр хангагдсан байхад үүний хажуугаар хэн нэгэнд нь идүүлж болох хүртэл аюулаар хүрээлэгддэг байснаар нотлогддог. Хүй нэгдлийнхний хязгааргүй эрхүүдийг зөвхөн байгалийн хүчин зүйлс болон тэдний ойролцоо нутагладаг дайсагнагч бусад овог аймгууд л хязгаарлаж байлаа.Гэвч хүй нэгдлийн үед овог аймгууд нэг нэгнээсээ харьцангуй алс хол амьдарцгаадаг байсан  тул эрхийн асуудалтай холбоотой байнгын зөрчилдөөн бараг байхгүй байсан ба мөн харилцан идэвхтэй цус холилдох явдал гардаггүйгээс оюун ухааны хувьд ч сүрхий тэлж чадахгүй байсаар сүүлчийн мөстөлтийн эринтэй золгосон байдаг.

Одоогоос 20000 орчим жилийн тэртээгээс эхлэсэн сүүлчийн их мөстөлт нь дэлхийн дээр тархан суурьшиж байсан хүй нэгдлийн овог аймгуудыг дулаан уур амьсгалтай газар нутгууд руу шахан нүүлгэж хүн амын анхны том бөөгнөрлүүдийг буй болгосон  нь ард түмнүүдийн үүслийн эхийг тавьсан гэж үзэж байна.

Их мөстлөгийн  түрэлтэнд шахагдан нягтарснаас үүссэн анхны ард түмнүүд нь эхэндээ нэг нэгнийхээ эрхийг огт хүлээн зөвшөөрдөггүй, цаашилбал нэгнийгээ барьж идэхээс ч буцдаггүй хязгааргүй эрхүүдийн олонлог байсан ба эрхүүдийн байнгын ширүүн зөрчилдөөн нь хэн нэгэн зохицуулагчийг буй болгоход хүргэсэн нь анхны төрийн үүсэл болсон гэж үзэж болно. Овог аймгуудын тэмцэл дунд хүмүүсийн зарим хэсэг нь өөртөө байсан бүх эрхээ алдан боол болцгоосон ба зарим хэсэг нь эрхээ нэмэгдүүлэн боолийн эзэд болцгоосон байдаг. Мөн нэлээд хэсэг нь эрхээ хамгаалан үлдэж жирийн иргэд болцгоожээ. 

Анхны төрт нийгмийн түүх боолын нийгмээс эхлэн тоологддогийн учир шалтгаан ийм буюу. Их мөстлөгөөс анхны төрт улсууд үүсэх хүртэл хүн төрөлхтөн мөн л олон мянган жилийг зарцуулсан байдаг.

Төр анх үүсэхдээ зохицуулагчийн л үүрэгтэй байсан. Зохицуулагчийн үндсэн үүрэг нь харилцан огтлолцож буй эрхүүдийн зохист харьцааг тогтоон буй болгох явдал байлаа. Гэвч зохицуулагч нь бусдаас давуу эрхгүйгээр ямар ч зохицуулалт хийх бололцоогүй байсан тул хүмүүс эхэндээ зохицуулагчид өөрсдөөсөө давуу зарим эрхүүдийг олгож түүнийг нь хүлээн зөвшөөрсөөр иржээ.

Гэвч яваандаа тэрхүү зохицуулагч өөртөө олгогдсоноос ч илүү эрхүүдийг бусдаас булаан авсаар төрийн анхны хэлбэр болох хаант төрийн үүслийг тавьжээ. Ингэж авилгалын үндсэн субъектийн нэг болох эрх бүхий этгээд  үүссэн түүхтэй.

Анхны зохицуулагчид аливаа зөрчлийг өөрийн үзэмжээр л шийдэн зохицуулахыг оролддог байж. Гэвч үүссэн зөрчил нэг бүрийг шийдвэрлэх нь нэгэн биеэр хийж гүйцэшгүй зүйл байсан тул тэд нийтэд үйлчлэх аман журмуудыг гаргаж эхэлжээ. Дараа нь соёл хөгжихийн хэрээр бичиг үсэгтэй болж тэрхүү журмуудаа бичгэн хэлбэрт буулгаж эхэлсэн байна. Ингэж анхны хууль эрх зүй үүсжээ. Эрт үеийн хуулиудаас хамгийн боловсронгуй хэлбэрийг олж чадсан нь эртний Ромын 12 хүснэгтийн (twelve tables) хууль юм.  

Хууль нь эхэндээ зохицуулагчийн санаа бодлын илрэл байсан боловч дараа нь түүний зохиогчийн санаа бодлоос ч ангид шийдвэр гаргах хэрэглүүр болсон байна.  Гэвч хууль журам зохиогчид нь хүн л юм болсон хойно амьдралын бүх асуудлыг зохицуулах хуулиудыг бодож олж чаддаггүй байжээ. Зохицуулагчийн зохицуулах үндсэн арга хэлбэр нь ямар нэгэн эрхийг олгох эсхүл эрхийг хасах үйлдэл байжээ. Одоо ч энэ арга нь төрийн зохицуулалтын үндсэн арга хэлбэр болж хадгалагдсан байна.

Авилгал ба төрийн зохицуулалт

Бидний мэдэх хүний нийгмийн түүх бол хүнд байгалаас нь заяагдсан боловч цаг хугацааны нугачаанд алдагдсан тэр эрхүүдээ сэргээлгэхийн төлөөх тэмцэл, оролдлогуудын түүх юм. Хүмүүс эрхээ сэргээхийн тулд эрх мэдэлтэнд үнэнчээр зүтгэх, түүний өмнө гавъяа байгуулан урамшил авах, тогтоосон ёс журмыг сахин биелүүлэх эсхүл түүний эсрэг тэмцэж эрх мэдлээ хүчирхийлэлийн замаар булаан авах зэрэг аргуудыг хэрэглэхээс гадна  эрх мэдлийг зүгээр л худалдан авах аргыг өргөнөөр хэрэглэж иржээ. Эрх мэдлийг ийнхүү худалдан авах аргыг бид өнөөдөр авилгал хэмээн нэрлэж байна.

Төрийн гүйцэтгэж буй зохицуулалт нь ямар ч нийгэмд эрхийн хуваарилалтаар илэрдэг. Тухайлбал хэн нэгэнд ямар нэгэн бизнес, үйл ажиллагаа эрхэлж болно гэдэг эрх олгох эсхүл болохгүй гэдэг хориг тавих байдлаар төрийн зохицуулалт хүрдэг юм. Харин авилгал нь өөрийн өмнөх болохгүй гэдэг хоригийг болно гэдэг зөвшөөрөл болгон хувиргадаг, бусдын өмнөх болно гэсэн зөвшөөрлийг болохгүй гэдэг хориг болгон өөрчилдөг шидэт дохиурын үүрэг гүйцэтгэдэг юм.

Нийгмийн амьдрал асар баялаг бөгөөд улам л баяжиж байдаг. Зохицуулалтанд хамрагдвал зохих асуудлууд ч өдөр бүр өсөн нэмэгдэж байдаг. Хэрвээ төр нь зохицуулалтын механизмаа боловсронгуй болгож нийгмийг зохицуулалтандаа бүрэн хамруулж чадахгүй байгаад байвал тэр орхигдсон орон зайг авилгал эзлэн нийгмийг зохицуулж эхлэдэг.  Өөрөөр хэлбэл авилгал нь нийгмийн зохицуулалтын бүрэлдхүүн хэсэг мөн юм.  Эрх зүйн зохицуулалт сайн хөгжсөн газарт авилга бага байдаг, харин тийм зохицуулат муу газарт авилга их байдаг. Төрийн зохицуулалт чухал боловч төрийн хамгийн чухал зохицуулалт нь зохицуулалтаас чөлөөлөх зохицуулалт юм. Тэхлээр төрийн зохицуулалтаас ангид харилцаа гэж нийгэмд үгүй. Чөлөөтэй хийж үйлдэж болох бүхэн чөлөөлөгдөх зохицуулалтандаа хамрагдсан л байдаг. Гэвч зарим тохиолдолд зохицуулалтаас чөлөөлөөлөх зохицуулалт хийгдээгүйгээс хамаг авилгал цэцэглэх нь бий.

Авилгалыг доорхи томъёололд оруулан судлаж болох юм.

T=  K* L + C                    (томъёо 1)

T- төрийн зохицуулалтанд хамрагдвал зохих үйл ажиллагаа;

C- авилгалаар зохицуулагдаж буй үйл ажиллагаа;

L- хууль журмын дагуу зохицуулагдаж буй үйл ажиллагаа;

K- хуулийн хэрэгжилт, эрх зүй нь амьралтай хэрхэн нийцэж байгааг харуулсан коэффициент  (0 < K < 1). K=K1K2K3..Kn . Энэ нь огт биелэгдэхгүй хууль гардаггүй ба огт зөрчигдөхгүй хууль гэж бас байдаггүйг илэрхийлж байгаа бөгөөд хуулийн хэрэгжилт нь маш олон хүчин зүйлээс шалтгаалдагийг үзүүлж байгаа юм.

Тэгэхлээр авилгалыг доорхи маягаар илэрхийлж болох нь

C =  T -K* L                  (томъёо 2)

Эндээс авилгалыг тэгтэй тэнцүүлэх арга замууд харагдах ёстой.
Авилгалыг тэгтэй тэнцүүлэх үндсэн нөхцөл нь

T = K * L                     (томъёо 3)   юм.

Өөрөөр хэлбэл төрийн зохицуулалтанд хамрагдах ёстой бүхэн л түүнд хамрагдсан байх ёстой гэсэн үг. Харин эсрэгээр K болон L нь тэг рүү тэмүүлэх нөхцөлд C буюу авилгалд ихэнх зохицуулалт ноогдож нийгэмд авилгал газар авдаг.

(Томъёо 1)-д байгаа Т буюу төрийн зохицуулалтанд хамрагдах үйл ажиллагаанууд цаг хугацаа өнгөрөх тутамд нийгэм эдийн засгийн хөгжилөөс хамааран байнга өсөн нэмэгдэж байдаг.  Энэ үед төрийн зохицуулалтын механизмууд нийгэм эдийн засгийн хөгжил, өөрчлөлттэй уялдаатайгаар уян хатан өөрлөгдөж чадаахгүй бол түүний орон зайг авилгал  тэр дор нь эзлэн авдаг.

T+dT(t)=  K* L + (C +dC(t))              (томъёо 4)

dT(t)= dC(t)                (томъёо 5)

буюу зохицуулах асуудлын өсөлт нь авилгалын өсөлттэй тэнцэж ирдэг. Авилгалын газар авах үндсэн шалтгаан нь төрийн зохицуулалтын механизмын хоцрогдол байдаг нь эндээс харагдаж байна. Ялангуяа хууль тогтоох, дүрэм боловсруулах механизм нь сул ажилладаг улсад уг хоцрогдол түгээмэл байдгаас авилгалаас зайлсхийж чаддаггүй. Хоцрогдохгүй байхын тулд байнгын ажиллагаатай мэргэжлийн шахуу парламент байгуулж, засгийн газрын бүтцүүдэд чадварлаг rule making нэгжүүдийг ажиллуулах шаардлага гардаг.

Авилгалыг төрийн эрх баригчдын оюун санааны залхуурлын бүтээгдхүүн гэж нэрлэж бас болно. Нэгэнт авилгал нь олон оронд бодитоор оршин байгаа, тэрээр нийгмийн өөрийн зохицуулалтын маш том бүрэлдхүүн хэсэг болж байгаа нь хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй факт юм.
Авилгалын үүсэн өргөжих шалтгаан нь ниймийн зохицуулалтанд хамрагдах хэрэгцээ гэдэг нь эндээс тодорхой харагдаж байна.

  
Авилгал ба ядуурал

Авилгал нь нийгмийн зохицуулалтанд оролцож, төрийн хөшүүн механизмыг буруу арга замаар ч болов хөдөлгөөнд оруулж чаддагаараа хөгжил дэвшлийг тодорхой шатаар тодорхой цаг үеүүдэд хөдөлгөгч нь болдог.
Авилгал хамгийн их газар авлаа хэмээн шуугиж байгаа сүүлийн жилүүдэд л гэхэд Монголын эдийн засаг өсөн өссөөр жилийн өсөлт нь 10-15 хувьд хүрсэн нь хөгжлийн хурдцаар азийн баруудаас ч давсан хэрэг болж байна. Үүний гол шалтгаан нь өөрөө зохицуулж чаддаггүй, өрөөлийг чөлөөтэй тавьдаггүй   хөшүүн хойрго социалист төрийг авилгалтайгаа хамжаад ч болов нийгмийг зохицуулахыг оролдсон “ардчилсан” төрөөр солисон явдал юм.

Авилгал нь авилга авагчийн амьжиргааг эрс дээшлүүлдэг, авилга өгөгчийн биенесийн саадыг арилгадаг тул хэн хэнд нь хөрөнгийн хуримтлалыг буй болгодог тустай. Энэхүү “сул” орж ирсэн мөнгө нь юун түрүүнд тансаг хэрэглээг буй болгож нийгмийн тодорхой давхрагт чиглэсэн эдийн засгийн тодорхой салбаруудыг хөгжихөд хүргэдэг. Эртний Ромд ч тийм байсан өнөөгийн олон оронд тийм байна.  Өнөөдрийн тансаг хэрэглээний бүтээн босголт, үнэ ихтэй орон сууц, байшин , харшуудын ихэнх нь авилгалчдын хэрэгцээнд нийлүүлэгдэж байгаа нь үүний нотолгоо. Мөн төрийн албан хаагчдын “цалингаа хэмнэж байж” авсан өндөр үнэтэй хэрэглээ,  тансаг харш, унаанууд бас давхар нотолгоо болж болно.

Эртний Мисир, Герег, Ромын мөхлийн өмнөх бүтээн босголт, гаж цэнгэл, Францын хувьсгалын өмнөх тансаг язгууртны нийгэм, 20-р зууны эхэн үеийн Европ, Оросын амьдралаас тасархай аристократууд, Латин америк, Ази Африкийн олон оронд өрнөсөн “хувьсгал”-ын өмнөх нийгэм нь бүгд авилгалаас санхүүжигдсэн тансаг хэрэглээний  хөгжил цэцэглэл байлаа.

Авилгал нь төрийн нийгмээ зохицуулах чадвартай холбоотойг дээр өгүүлсэн. Өмнө тайлбарласан томъёонд байгаа K буюу хууль хэрэгжилтийн коэффициентэд нөлөөлж буй хүчин зүйлүүдийг нарийвчлан судлах нь чухал .

Хууль завхруулах үндсэн шалтгаануудын нэг нь төрийн албан хаагчдын ядуурал мөн. Төрийн албан хаагчид гэдэг бол бусадтай л адилхан хүмүүс. Ар гэртэй, амьдрал ахуйтай байдаг. Тэд орон байр авах, унаа тэрэг унах, хямд бус эд зүйл авах, үр хүүхэддээ боловсрол олгох асар их хэрэгцээтэй байдаг юм.

Ер нь бол ямар ч баян улс гүрэн төрийн албан хаагчиддаа хангалттай хэмжээний цалин хөлс олгож чаддаггүй.  Зах зээл хөгжсөн улс орнуудад хүний амьдралын наад захын хэрэгцээг хангахад чиглэсэн зээлийн тогтолцоонуудыг бий болгож энэ асуудлуудыг нийгэмд хүндрэлгүйгээр шийддэг юм. Хүн ажилтай л болж чадвал байр сууц, унаа тэрэг, хүүхдийн боловсрол зэрэг их хэмжээний хөрөнгө шаардагдах зүйлсээ зээлээр авах боломжтой болсон байдаг.  Өндөр хөгжсөн орнуудад олон сая хүн бараг тэтгэвэртээ гартлаа зээлээ төлсөөр л байдаг юм. Энэ нь тэднийг нэг ажилдаа үнэчээр зүтгэж түүндээ амжилт гаргах эрмэлзлийг төрүүлэх хөшүүрэг нь болж өгдөг. Иймээс л үндэсний бүтээмжүүд нь нэмэгдэж улс орны хөгжил нь эрчимтэй урагшлаж чаддаг.

Харин буурай хөгжилтэй олон оронд зах зээлийн тогтолцоо бүрэн бүрэлдэж чадаагүйгээс төрийн албан хаагчид нь байнга ацан шалаанд орж байдаг. Энэ байдал нь тэдний өөртөө байгаа эрх мэдлээсээ зарж хэрэгцээгээ хангахад хүргэдэг юм. Монгол шиг орнуудад жишээ нь зах зээлийн нийгэмд орсон гээд байгаа боловч юмыг баруун зүүнээрээ солидог “зах”-ын нийгэмд дөнгөж хүрчихээд, харин “зээлийн” тогтолцоо нь нэлээд сул буюу хаягдсан байдаг. Энд би орон сууцны зээл, машин, эд хогшил, боловсролын зээлийн зөв систем байхгүйгээс төрийн албан хаагчид авилгал руу нийтээрээ хальтарч байгааг хэлэх гэсэн юм. Гадаадын зээл тусламжийг зээлийн энэ системийг хөл дээрээ бат зогсоход нь чиглүүлбэл авилгалтай хамгийн үр дүнтэй тэмцэх арга болж ч магадгүй гэж бодож байна.

Хөгжсөн орнуудад бол эхлээд хэрэгцээтэй бүхнээ зээлээр авчихаад дараа нь цувуулж төлж болдог. Нэгэнт зээлээр авч байгаа тул орлогын эх үүсвэр нь хууль ёсны бөгөөд тогтмол төдийгүй түүнийг нуух шаардлагагүй болдог. Энэ тохиолдолд бас хууль бус орлогыг өөрийн болгоход хүндрэлтэй болж ирдэг.

Засаглал нь жигдэрсэн улс орнуудад хууль бус орлого олохоор оролдоод ажлаасаа хусагдвал зээлсэн бүхнээ алдана. Түүнд дахин хэн ч итгэж зээл өгөхгүй. Зээл нь нэг талдаа байр, унаа, хүүхдийн сургалтын төлбөр болж ирж байгаа боловч зээлээ төлдөг сахилга бат нь хүнийг нийгэмд байр суурьтай байлгах шалгуур болж байдаг. Ийм л зээлийн хатуу хууль үйлчилж байдаг учраас барууны орнуудын төрийн албанд авилгалын үр ургадаггүй байна.

Харин буурай орнуудад эхлээд мөнгөө олчихоод дараа нь амьдралаа төвхнүүл гэдэг зээлгүй зарчим үйлчилсээр байна. Амьдралаа үнэнчээр төвхнүүлэхэд бүх амьдрал нь ч бараг хүрэлцэхгүй үед ийм системийн үр дүн нь авилгал болж хавтгайрдаг юм.

Авилгалын бас нэг сөрөг нөлөөлөл нь буурай эдийн засагтай, хязгаарлагдмал зах зээлтэй орны хувьд зах зээлийг нь авилгал өгч чадаж байгаа цөөхөн бизнесийн эрх мэдэлд аваачдаг. Нийгмийн үлдэж байгаа хэсэгт ноогдох зах зээл улам бүр хомсдсоор байдаг байна. Нэгэнт зах зээлгүй болсон жижиг дунд, заримдаа том бизнесүүд үй олноороо дампуурч ажилгүйдэл, ядуурал хавтгайрдаг юм. Авилгал ядуурлын шалтгаан болдог логик ердөө л энэ.

Энэ ядуурал нь ардчилалыг эдийн засгийн аргаар хумиж эхлэдэг. Хязгаарлагдмал зах зээлтэй улсын иргэд хэт баян, хэт ядуу гэсэн хоёр туйл руу улам бүр хуваагдахын хамтаар улс төрийн сонгуульд өөрийн бодолтой оролцож чаддаг хүчин болох дундаж ангийн эзлэх хувийн жин үлэмж хэмжээгээр багасдаг.

 Дундаж ангид харъяалагдан үлдэж чадагсад нь ямар нэгэн байдлаар авилгалтай холбоотойгоор л оршин тогтнохоос өөр аргагүйд хүрдэг юм. Дундаж ангид хамрагдах магадлалтай бусад хэсэг нь ямар ч аргаар хамаагүй гадаадад дүрвэн гарцгаадаг. Дундаж анги бараг устсанаар төрийн татварын орлого тодорхой түвшинд хүрээд зогсонги байдалд орж эхлэдэг ба улс төрийн сонгуулиуд улам популист шинж чанартай болж ирдэг. Дүнд нь татвар огт төлдөггүй, төрийн мөнгөний зарцуулалтыг огт сонирхдоггүй ядуусын масс сонгуулийн  хувь заяаг шийдэхэд хүрдэг. Энэ тохиолдолд хичнээн лебирал ардчилсан үзэл баримтлалтай улс төрийн хүчин байлаа ч сонгуульд ямар нэгэн байдлаар амжилт олохын тулд популизм руу хальтарсан зорилт дэвшүүлэн улс төрд хүчээ үзэхээс аргагүй хүрдэг юм. Тэд ийм аргаар цаг зуурын амжилт олох боловч сонгуулийн үеээр дэвшүүлсэн илүү популист  зорилтдоо бүдэрч эхлэдэг.

Ядуусыг ажилтай болгох чадвар бүхий дундаж анги нийгмийн баян ба ядуу давхрагуудад шахагдан цөөрснөөс эрх баригчдид популист зорилтоо хэрэгжүүлэхийн тулд нийгмийн дээд давхрагууд болох цөөн баячуудтай ойртон нөхөрлөхөөс өөр аргагүй болж ирдэг. Тэд баячуудад илүү таатай нөхцөл, илүү эрх мэдлийг олгож тэднээс популизмдаа хэрэгтэй мөнгө сааж авахыг хичээдэг. Гэвч баячуудын татварт болон бусад хэлбэрээр өгч байгаа мөнгө нь үй олон болж үржсэн ядуучуудыг өөд нь татахад хаана нь ч хүрдэггүй.  Тиймээс олсон жаахан мөнгөөрөө баахан “ядуурлаас аврах” хурал шоу хийсээр өнгөрдөг. Ядуурал зөвхөн цаасан дээр буурч, эдийн засаг хурал  цуглаан дээр өсөж эхлэдэг. Нийгмийн хөгжлийг олсон их хөрөнгөндөө барьцаалагдсан баячууд, олдож магадгүй зүсэм талхандаа барьцаалагдсан ядуучууд тодорхойлж эхлэдэг. Өөрөөр хэлбэл бие даасан өөрийн бодолтой нийгмийн гишүүд болох дундаж давхрагынхан цөөрч ирдэг. Энэ л авилгал ардчилалыг боомлидог шалтгаан болдог билээ. Олон оронд тогтсон авторитари дэглэмийн үүслийн нууц нь энэ. Авторитари дэглэмтэй орнуудад бие даасан үзэл бодолтнууд буюу дундаж давхрагийнхан цөөрснөөс үүдэлтэйгээр сонгуулийн гаж практикууд хэвшмэл болж эрх баригчид нь ядуу ард түмнийхээ саналыг өөрсдийнх нь болон баячуудын мөнгөөр худалдан авч эхлэдэг. Ингэж сонгуульчлагдсан дарангуйлал руу нялх ардчилалтай улс орнууд хальтарч эхлэдэг юм.

Авилгалаар төрийн машиныг “тослох” нь түүнийг усаар “тослосоноос” ялгаагүй байдаг тул тийм машин хол явж чаддаггүй юм. Эвдэрчихдэг. Үүнийг төрийн хямрал гэж нэрлэх нь ч бий. Төрийг хямралаас авилгалыг халахгүйгээр аврах боломжгүй. Авилгалыг халахгүйгээр ард олныг ядуурлаас ч ангижруулах боломжгүй.

Социалист гэгдэж байсан ихэнх орнууд уруудах эсхүл өгсөх салаа замын уулзварт ирчихээд байгаа юм. Уруудах машинд хөдөлгүүрийн тос байтугай  хөдөлгүүр нь бараг өөрөө ч хэрэггүй байдаг. Харин өгсөх машинд бүх механизм зөв ажиллаж байх шаардлагатай байдаг юм.

Зөвшилцөл ба фашизм

Хагас ардчилалтай улсад төрийн эрхийг улс төрийн хүчнүүд ээлжлэн барьж байх үед авилгал бас өөрийн хэмнэл хугацаатай байдаг. Нэг улс төрийн хүчин олон нийтээс оноо авахын тулд нөгөө улс төрийн хүчнийхээ авилгал хээл хахуулийн бүх булхайг олонд дэлгэн тавидаг. Харин их эвслийн буюу зөвшилцөлийн засгийн үед авилгалтай тэмцэх явдал үйл ажиллагаа байхаа больж, зүгээр нь хоосон яриа болж хувирдаг. Учир нь ард олноос улс төрийн оноо авах гол хэрэгслэл болгодог авилгалын хэрэгт нэгнийгээ буруутгахаа зогсоож байж л хамтарч төр барих боломж гарч ирдэг юм. Зөвшилцөлийн эрх баригчид авилгалын тухай дурсахыг ч хүсдэггүй бөгөөд дурссан нэгнийгээ ад үзэж эхэлдэг. Авилгалтай тэмцэхийг эсэргүүцэх эцсийн арга болгож заримдаа зөвшилцлийн засгийн газраа татаж унагаах нь ч бий. Авилгал нь ерөнхийдөө зөвшилцлийн засгийн үед эдгэсэн шарх мэт далд байдалд ордог боловч нийгмийн бие махбодийг дотуур цус алдах лугаа адил улам хорлонтойгоор хөнөөж эхлэдэг юм. Хамтарч төр барих хугацаандаа хамтарч авилгалтай тэмцсэн засгийн газрууд ч бас цөөнгүй бий. Тийм засгийг байгуулж ажиллуулж чадсан улсын хөгжил үлэмж хурдацтай урагшладаг билээ.

Авилгал авч байгаа, авилгал өгч байгаа хэн нь ч өөрийн үр хүүхдийнхээ сайн сайхан ирээдүйн төлөө энэ нүглийг хийж байна гэдэгтэй бат итгэцгээсэн байдаг. Авилгалчдын ихэнх нь гэр бүлийн түшиг тулгуур халамжит хань, үлгэр жишээ эцэг эх байх нь олонтаа. Гэвч тэд авилгал өгч, авснаараа үр хүүхэддээ маш аймшигтай , эмгэнэлтэй ирээдүйг бэлтгэж байдаг билээ. Харамсалтай нь цөөнгүй авилгалчин үр хүүхдээ гадаадад гаргаад амар сайханд нь жаргуулна хэмээн гэнэхнээр мөрөөдөх боловч гадаадад гарсан зарим нэгнийх нь хүүхдүүд тансаг амьдралд умбан, хар тамхинд донтож улам доройтох ба ухаалаг зарим нь бузар бурангуйн үнэний учрыг олмогцоо эцэг эхээ жигшин зэвүүцэж хөндийрөх нь бий. Гэвч ихэнхийнх нь үр хүүхдийг эх оронд нь зэрлэг харгис ирээдүй хүлээж байдаг.

Эдийн засаг дахь авилгалын гол зорилго нь зах зээлийг шударга бусаар булаан авах явдал байдаг. Нэгэнт зах зээлээсээ шахагдсан олон хүн юу хийж хэрхэн яаж амь зуух вэ гэсэн асуултанд тулж очдог юм. Зах зээлээс шахагдагсдын тун цөөхөн хэсэг нь л өөр зах зээлд шилжин амьдралаа цааш авч явах бололцоог олж хардаг. Энэ нь хөрөнгийн нөөц, мэдлэг боловсролын түвшинтэй шууд холбоотой байх ч тал бий. Үлдсэн хэсэг нь шууд ядуурлын ангал руу нисдэг. Хүмүүс энэ ангалаас гарахаар тэмцэхдээ янз бүрийн арга хэрэглэдэг. Тэдний ихэнх нь энэ ангалаас хууль ёсны дагуу гарах аргыг олж харж чаддаггүй. Үр дүнд нь нийгэмд гэмт хэрэг, хулгай дээрэм, хүчирхийлэл газар авдаг.

Зах зээлээсээ авилгалчдын хичээл зүтгэлээр шахагдсан хүмүүс авилгалчид болон хууль ёсоор аж төрж байгаа бусад хүмүүсийг дайсагнасан нүдээр харж эхлэдэг. Тэд маш олноороо хууль бус бизнест хөл тавидаг. Хар тамхи, хууль бус дамын наймаа, хүн хулгайлах, барьцаалах үзэгдэл газар авдаг. Тэд авилгалчдын үр хүүхдийг барьцаалж, тэднийг алж, хүчирхийлж, зэвсэг, хар тамхи худалдаж эхлэдэг. Нийгэм айдас хүйдэсд автдаг. Энэ үед ард олон эмх замбараагүй байдалд цэг тавих хүчтэй гаруудыг хүсэж эхлэдэг. Тэр үед төрийн зүгээс гэмт хэрэгтэй тэмцэх явдлыг чангатгахын тулд цагдаагийн хүчинд илүү эрх дарх олгож эхлэдэг.  Цагдаа, цэргийнхэн гэмт хэрэгтнүүдтэйгээ тэмцэхийг оролдож байхдаа жирийн иргэдийн эрхэнд бага багаар халдсаар  яваандаа нөгөө талд буй гэмт хэрэгтнүүдээсээ ялгаагүй хүчирхийлэгчид болж хувирдаг. Ялангуяа энэ үзэгдэл цагдаагийн төвлөрсөн байгууллагатай орнуудад элбэг тохиолддог юм.
Цагдаагийн эрх мэдэлтнүүд ямар ч ял шийтгэлгүйгээр нийгэмд ноёрхож чадах бяр нь амтагдаад ирэхийн цагт тэд нэг л шөнө төрийн эргэлт хийх нь бий. Тийм төрийн эргэлтүүдийг хар хурандаа нарын эргэлт гэж нэрлэдэг юм. Энэ өгүүлсэн зураглалын жишээг латин америк, африк, ази тивүүдээс олноор нь олж болно. Ингэж “ардчилсан” зөвшилцлийн засаг авилгалын тусламжтайгаар фашизм болох нь бий. Энэ үзэгдлээс урьдчилан сэргийлэхийн тулд ихэнх орнуудад цагдааг орон нутгийн удирдлагын мэдэлд байлгадаг ба тийм цагдаагийн хүчнүүд төрийн эргэлт хийх хэмжээнд хүртлээ томорч чаддаггүй байна.

Цэрэг цагдаагийн эрхтнүүд төрийн эрхэнд гармагцаа ард олны дургуйцлийг өөр зүгт чиглүүлэхийн тулд улс орондоо шинэ дайсан бодож олдог. Арьсны үзэл, гадаадын түрэмгийлэлийн аюул, дотоодын дайснууд бол ихэнхдээ фашистууд засгийн эрхэнд гарсныхаа дараа бодож олдог зүйлс.  Хүчирхийлэгчид улс орныхоо эдийн засгийг нэг зүйлд тухайлбал дайн тулаанд бэлтгэх зэрэгт хүчээр чиглүүлдэг болон олон ажилгүйчүүдийг цэргийн албанд татаж зохион байгуулалтанд оруулж чаддагаас эхэндээ  улсын эдийн засаг нь өндийж эхлэдэг. Гэвч өсөлт удаан үргэлжилдэггүй. Ийм нийгэм баялаг бүтээхээсээ илүүтэйгээр байгаа баялагаа нэг гарт төвлөрүүлэн устгалд илгээдэг. Тэгээд дайн тулаан хийхээр оролдсоор мөхөлдөө ойртдог юм. Цагдаагийн хүчин төрийн эргэлт гаргадаггүй юмаа гэхэд авилгал гаарсан нийгэм нь  гэмт хэрэгтнүүдийн хяналтанд бараг бүрэн ордог билээ.  

Авилгал ба эдийн засаг

Дэлхий ертөнц дээр 20-р зууны эхэн хүртэл эдийн засагт төрийн зохицуулалт бараг байдаггүй шахуу байв. Өнгөрсөн зууны 20-30 оны эдийн засгийн хямралууд нь улс орнуудыг эдийн засгаа төрийн зохицуулалтанд хамруулахад хүргэсэн билээ.
Улс орнууд үндсэн 2 аргаар эдийн засгаа зохицуулах гэж оролдсон юм.
Нэг дэх нь нийгмийн баялагийг дахин хуваарилах зарчим буюу марксист үзэл санаагаар эдийн засгаа зохицуулах арга байсан.  Үүнийг ЗХУ тэргүүтэй улс орнууд ихээр авч хэрэглэсэн юм. Энэ бол улс төрчдөд хамгийн хялбар арга бөгөөд үүн дээр популизм хийхэд ч эвтэйхэн байдаг юм. Гэвч энэ арга төдий л үр дүнд хүрэхгүй байсаар 90-ээд онтой золгож дампуурсан билээ.

Нөгөө нэг арга нь төрөөс зах зээлийг хуваарилан зохицуулах арга юм. Энэ аргыг АНУ тэргүүтэй барууны орнууд хэрэглэсэн ба татварын бодлого, монополийн хязгаарлах бодлого, гадаад худалдааны зохицуулалт, дотоодын зах зээлийн хамгаалалт гэх зэрэг олон арга механизмуудыг өргөн хэрэглэж өнөөгийн үр дүнд хүрсэн байдаг. Өөрөөр хэлбэл зах зээлийг бүх нийтэд хүртээмжтэй болгох талаар төр нь шаргуу ажиллажээ. Үүний үр дүнд бизнесүүд нэмэгдэн, дунд анги сэргэж, ажилгүйдэл эрс буурч, зарим жилүүдэд эдийн засгийн нь өсөлт 200-300 хувьд (10-15 хувь биш шүү) хүрч байсан гэдэг. Нэгэнт зах зээл нь бүх нийтэд хүртээмжтэй болоод ажилгүйдэл багасаж, хүмүүсийн худалдан авах чадвар нэмэгдээд ирмэгц төр нь идэвхтэй зохицуулалтын зарим арга хэмжээгээ зогсоож, өөрөөр хэлбэл эдийн засгийг төрийн зохицуулалтаас чөлөөлж зах зээлийн өөрийн зохицуулалтанд нь шилжүүлж эхлэсэн байдаг. Үүний жишээ нь АНУ конгресс 70-аад оны сүүлчээр  Airline Deregulation Act (Агаарын тээврийг зохицуулалтаас чөлөөлөх хууль) гэх зэрэг зохицуулалтаас чөлөөлөх тухай эрх зүйн актуудыг гаргаж эхлэсэн явдал юм. Үр дүнд нь нэгэнт хөгжиж эхлэсэн зах зээл нь улам өсөн томорсон байдаг.   Энэ бол төрийн зохицуулалтаас чөлөөлөх төрийн зохицуулалтын сонгодог жишээ юм. Өөрөөр хэлбэл төрийн зохицуулалтаас чөлөөлөх нь өөрөө зохицуулалтын хэлбэр болдог гэсэн үг.

Хуучин коммунист дэглэмтэй байсан улсуудад авилгалыг цэцэглүүлж байгаа үндсэн шалтгаануудын нэг нь шилжилтийн эдийн засгийн бүтэц нь юм.  Эдийн засгийн бүтэц ямар байгаагаар нь авилгалын хөрс суурь хэр зэрэг их байгааг урьдчилан тооцчихож болох талтай.
Аливаа бизнесүүд дараах гурван төрлийн аль нэгэнд хамаарагддаг. Бизнесийн бүтээгдэхүүний урсгал 1) business to customer (B2C) буюу бизнесээс хэрэглэгч рүү , 2) business to business (B2B) буюу бизнесээс бизнес рүү, 3) business to government (B2G) буюу бизнесээс төр рүү гэсэн гурван янзын суваг үүсгэж болдог байна.

Ардчилсан шилжилт хийж буй олон оронд эхний хоёр төрлийн бизнес нь маш хязгаарлагдмал орчинд бойжиж байна. Учир нь эдгээр орнуудад хэрэглэгч буюу худалдан авагчдийн тоо хязгаарлагдмал, худалдан авах чадвар дорой байна. Тэгээд ч эхний 2 төрлийн бизнес зах зээлийн шударга зарчимд тулгуурладаг тул авилгалчдад орон зай байдаггүй. Манай орны хувьд л гэхэд эдийн засгийн бараг 80 хувь нь хувийн хэвшилд шилжсэн гэж байгаа боловч В2С, В2В-ийн эзлэх хувийн жин 20-аас давахгүй байгаа байж болзошгүй байна. Үүнийг нарийн судлах шаардлагатай юм. Үүнд Эрдэнэт үйлдвэртэй хийж буй бизнесийг төртэй хийж буй бизнес гэж үзэх нь зүйд нийцнэ. Нэгэнт бизнесээс хэрэглэгч рүү, бизнесээс хувийн бизнес рүү хийдэг суваг эдийн засагт давамгайлж чадахгүй байгаа тул шударга өрсөлдөөн нийгэмд давамгайлж чадахгүй байна. Харин төр болон төрийн оролцоотой байгууллагатай хийх бизнес Монголд хийгдэж буй бизнесийн ихэнхийг эзэлж, бизнесмэнүүдийг улс төр рүү хошуурахад хүргэж байгаа болно. Өөрөөр хэлбэл Монголын эдийн засаг төрийн хараат хэвээр байгаа гэсэн үг.

Эндээс л жинхэнэ авилгалын үүр уурхай эхлэж байгаа юм.  Шилжилт хийж буй орнуудад төрийн байгууллагуудын томилгоог хийхдээ төсөв захирах үйл ажиллагаатай шууд холбон ойлгодог болоод удаж байгаа. Тухайн төрийн болон төсвийн байгууллагын vision, mission ерөнхийдөө ямар ч падгүй. Хамгийн гол нь төсөв захиран зарцуулах эрхийг өөрийн хүнд өгөх тухай л асуудал. Төсөв захирах эрх авсан этгээдүүд “өөрийн” ашиг сонирхлыг хангах этгээдэд улсад ашиггүй нөхцөлөөр ч болов бизнес гаргаж өгөх нь томилгооны гол зорилго болоод байна. Энэ нь худалдагч, худалдан авагч хоёр нэг хүн болсноос ялгаагүй хэрэг юм. Харин төлбөр хийж байгаа мөнгө нь бусдын хармаанаас гарна гэсэн үг. Бусад гэдгийг татвар төлөгчид гэж ойлгох хэрэгтэй.

Засгийн газартай хийх ард түмэнд ашиггүй бизнесээ дэмжихийн тулд эрх баригчид улсын төсвийг нэмж эхлэдэг. Төсвөө нэмэхдээ эрүүл мэндийг дэмжих, боловсролыг сайхжруулах, ядуурлыг бууруулах гэсэн гоё гоё шошго зүүдэг юм шүү.  Төсвөө баталсныхаа дараа нь тэд төсвийн мөнгө ихээр хуваарилагдсан салбаруудаасаа мөнгөө сааж эхлэдэг. Аравхан жилийн өмнө 200 гаруй сая долларын төсөвтэй байсан Монгол улс өдгөө тэрбум хол давсан төсөвтэй болсонд баяр хүргэх нь ч хаашаа юмб дээ.

Гэвч хүний(даргын) шунал  хязгааргүй хойно улсын төсвөө элдэв шалтаг тоочин улам л нэмсээр байдаг. Улам өсөн нэмэгдэж буй төсөвтөө шинэ эх үүсвэр олохын тулд эрх баригчид татварын дарамтыг нэмж гаалийн тогтолцоог чангатгадаг. Үр дүнд нь гадаад худалдаа хумигдаж эдийн засгийн эргэлт зогсонги байдалд хүрдэг юм.  Авилгалын аргаар арай гэж өндийсөн бизнесүүд ч хүртэл энэ үед хүнд цохилтонд ордог.

Эрх баригчид улсынхаа эдийн засгийг туйлдуулж дуусаад гадаадын зээл тусламжийг даллаж эхлэдэг.  Гадаад өр ч талийж өгдөг. Улсын сан хөмрөг эцэст нь гадаадын зээлийн барьцаанд урсан гардаг юм. Үр дүнд нь үндэсний мөнгөний ханш эрс унадаг билээ.   Мөнгөний ханшны хяналттай уналт нь дотоодын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний өөрийн өртөгийг бууруулж, гадаадад өрсөлдөх чадварыг нь нэмэгдүүлдэг сайн талтай боловч дотоодын үйлдвэрлэл гээд байх юмаар дульхан бөгөөд гадаад худалдаандаа хязгаар саад ихтэй байдаг шилжилтийн орнуудын хувьд бол эдийн засгийг нь илүү уналтанд оруулахаас хэтэрдэггүй. 

Ер бол авилгалчид бэлэн мөнгөнд дуртай байдаг юм. Бэлэн мөнгө нь хууль бус орлогыг нуун дарагдуулах хамгийн сайн хэрэгслэл болдог тул авилгалд идэгдсэн төр засаг банкны реформ хийх, бэлэн бус гүйлгээний аргууд нэвтрүүлэх зэргийг идэвхтэй дэмждэггүй. Банкийг эрүүлжүүлэхийг санаархагчдыг авилгалчид дор нь нухчин дардаг билээ.  Эдийн засагт татварын дарамт өсөж бэлэн мөнгөний масс нэмэгдэх нь зарим төрлийн санхүү, бизнесийн байгууллагыг гадаадаас бохир буюу хууль бус бизнесийн орлогоос санхүүжин үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхэд хүргэж олон улсын хэмжээний гэмт хэргийн сүлжээний хэсэг болоход хүргэдэг. Үүнийг бохир мөнгө угаах гэж нэрлэх нь бий  
Бэлэн мөнгө нийгэмд ихсээд ирмэгц ард түмэн түүнийгээ бизнест оруулж эргэлдүүлэхийг хүсдэг. Гэвч авилгалчид бизнесийн бүх зах зээлийг нэгэнт эзэлсэн байх тул мөнгөө өсгөх, үгүйдээ үнэгүйдүүлэхгүй байх эцсийн арга нь санхүүгийн пирамидууд болж харагдаж эхэлдэг юм.  90-д онд Орост ч тийм байсан одоо Монголд ч тийм л байна.

Авилгал  ба улс төр

Олон оронд авилгалчдын бүхэл бүтэн давхрага буй болсон нь ажиглагддаг. Хамгийн доод талд жижиг гарын байцаагч түшмэлүүд буюу жижиг дунд бизнесийг шаналгаж авилгалаа бэлнээр авч амьдрагсад. Дунд хэсэгт нь янз бүрийн тендер шалгаруулагсад буюу төрийн мөнгөөр захиалга хийх эрхээр хангагдсан төсөв захирагчид, элдэв зөвшөөрөл олгох эрх бүхий дарга нар байдаг. Дээд хэсэгт нь дунд доод шатны авилгалчдыг зохих газар нь байршуулах үүрэг хүлээсэн эрх мэдэлтнүүд байна.  Томчууд нь авилгал авах эрх мэдлийг ирээдүйн авилгалчдад зарж амьдарцгаадаг. Зарим тохиолдолд нэг авилгалчийн суудлыг өөр авилгалчид зарснаас хуучин авилгалчийг хамгаалан үлдээхээр ажиллах нь илүү ажиллагаа багатай бөгөөд унац ихтэй бизнес болох нь ч бий. Учир нь нэгэнт байр сууриа олсон төсөв захирах эрх мэдэл бүхий авилгалчид улсын мөнгөөр эрх мэдлээ хадгалан үлдэх боломж худалдан авах нь элбэг тохиолддог юм.

Төрийн эрх мэдлийн төлөө үхэн хатан зүтгэгчидийн ихэнхийнх нь зорилго ердөө л эрх мэдлийн энэхүү наймаа арилжаа буюу.

Төрийн томилгоо бизнес болон хувирснаас бүх шатны менежментэд хүний хүчин зүйлээс шалтгаалсан доголдлууд үүсэж үндэсний чадамж нийтээрээ буурч, өрсөлдөх чадвар нь доройтдог. Төр нь ажил хийх чадваргүй шимэгчдийн орогнох орон, хоргодох байр болж хувирдаг. Чадварлаг, шударга хүмүүс төрийн албанаас шахагдаж эхлэдэг юм. Төрийн албаны томилгоо хийх гол эрх мэдэл гүйцэтгэх засаглалын оройд байгаа хүмүүст илүү хамаардаг нь засаглалын бусад институцээс гүйцэтгэх засаглал руу хошуурах гол шалтгаан нь болж өгдөг юм. Тэднийг томилгоонд оролцох эрх мэдлийн төлөө хошуурч байна гэж ойлгож болно. Төрийн албаны томилгоо нь улс төрийн сөргөлдөөний гол сэдэв болоод ирэх  нь  засгийн удирдлагын дээд түвшинд авилгал баттай тархсаныг таних гол шинж тэмдэг нь болдог. 

Дээд шатны эрх мэдэлтнүүд доод дунд шатны хүмүүсээ томилохдоо ажлын үр бүтээл, ур чадварыг нь бараг хардаггүй. Зүгээр нь энэ нөхрөөр дамжуулж ямар бизнес хийж болох вэ гэдгийг нь гол шалгуураа болгон харж эхлэдэг. Тэгээд томилж аваад тэднийг дээрээс нь дарамтлан янз бүрийн зүйл шахаж эхлэдэг юм. Энэ нь бараа бүтээгдхүүн нийлүүлэх, хүн ажилд авахыг шахах, албаны дотоод хэрэгт нь хувийн ашиг сонирхлын үүднээс хөндлөнгөөс оролцох, янз бүрийн том жижиг тендерүүдийн дүнг хууль бусаар   будлиулах гээд маш олон янз байдаг. Тэгээд тэндээс гарах хууль бус ашгийг нь хуу хамж орхидог. Дээд шатны авилгалчид хэзээ ч бизнесийнхэнтэй харьцаж авилгал авдаггүй. Харин бизнест нь өөрийн гэсэн хувьтай болж авдаг. Тэдэнд хувь ноогдол амлахгүйгээр ямар ч том бизнес урагшладаггүйгээс улс орны эдийн засгийн өсөлт удааширдаг. Зарим тохиолдолд дээд шатны эрх мэдэлтнүүд нийтийн бөгөөд хэний ч биш өмч болох байгалийн баялагийг өмчлөлдөө хүч түрэн авч лус атаархмаар баян болж хувирах нь бий. Байгалийн баялагийг эрх мэдлээрээ дамжуулан хувьдаа авсаар дэлхий хэмжээний баян болсон улс төрчид  хуучин коммунист дэглэмтэй байсан улсуудад олон болжээ. Гэвч тэд эрх мэдлийн өндөрлөгт мөнхөд байхгүй гэдгээ зөн совингоороо мэдэрч байдаг учираас эрхэндээ оруулсан байгалийн баялагийг хайр найргүй хямд өртөгтэй буруу технологоор олборлон байгаль экологийг сүйтгэж орхидог ба үүнээс олсон их мөнгөө өндөр хөгжилтэй орнуудын хууль ёсны бизнест оруулж эхлэдэг. Дүнд нь байгалийн баялагийн жинх‎‎энэ эзэд нь болох ард түмэн хоосон хоцорцгоодог.

Дээд шатны авилгалчдын шууд нөлөөлөл хууль сахиулах байгуулагууд руу ороод ирэх үед нийгэмд шударга ёсны үнэлэмж устан замхардаг нь хамгийн аюултай үзэгдэл юм. Энэ үед хууль бус бүхэн жирийн үзэгдэл болон хувирч эхлэдэг.  Доод дунд шатны авилгалчид дээд шатны авилгалчдаасаа албан тушаалаас өөр юу ч олж долоогоогүй тул тэднийхээ нүдийг хариулж байгаад жижиг дунд хэмжээний авилгалыг гааруулж өгдөг.

Дээд шатны авилгалч болох үндсэн арга зам нь улс төрийн карьер юм.  
Авилгалжсан нийгэм дэх улс төрийн карьер дараахь үндсэн хоёр аргаар явагддаг.  Нэгдүгээрт  популизм - эрх мэдэл - мөнгө - илүү эрх мэдэл - үндэсний баялаг - хязгааргүй эрх мэдэл гэсэн гинжин хэлхээгээр дамжих; хоёрдугаарт мөнгө - эрх мэдэл - илүү мөнгө - илүү эрх мэдэл - үндэсний баялаг - хязгааргүй эрх мэдэл гэсэн дараалалыг туулах.

Эхнийх нь хоосон халаастай зальтнуудын улс төрд орж ирдэг арга зам байхад дараагийнх нь халаасандаа юмтай болсон хагас бизнесменүүдийн улс төрд орох арга болдог. Улс төрд хөл тавих арга нь өөр болохоос цаашдын замнал нь яг ижилхэн байдаг юм. Өөрөөр хэлбэл авилгалын замыг сонгосон бүх хүн хязгааргүй эрх мэдэл рүү тэмүүлцгээж байдаг. Хүй нэгдийн үед байсан тэр хязгааргүй эрх мэдэл рүүгээ.

Улс төрийн хүчний удирдагч аливаа хүнийг улс төрийн өндөрлөгт хүрэх үү үгүй юу гэдгийг шийддэг гол хүн болж байдаг юм. Жишээ нь нялх ардчилалтай орнуудад намын даргынхаа зөвшөөрөлгүйгээр хэн ч төрийн эрх барих байгууллагад сонгогдохоор нэр дэвшдэггүй, хэн ч дарга болдоггүй. Хэн ч улс төрийн албанд томилогддоггүй. Олон оронд энэ байдал улс төрийн албан тушаалаас хэдийнээ хальж төрийн жинхэнэ албан хаагчид, төрийн мэдлийн аж ахуйнуудын бүх түвшинд хүрч эхлэжээ. Төрийн эрх авах магадлалтай улс төрийн хүчний удирдагч болно гэдэг нь хэмжээлшгүй эрхэт хаан болсноос бараг өөрцгүй хувь заяа болж ирдэг. Иймээс улс төрийн хүчнүүдийн дотоодод удирдагчийн суудлыг ил далдаар байнга булаацалдаж байдаг юм. Ингэж улс төрийн хүчнүүдийн дотоод ардчилал нь хуйвалдаан, хор найруулалтаар солигддог.

Улс төрийн эрхэнд хүрэгсэд, тэдний тойрон хүрээлэгчид нь нийгэмд үй олноороо өт мэт язагналдаж байгаа авилгалын бялуунаас горьдогчдод горьдлого төрүүлэн дагуулах замаар улс төрөө хийж эхлэдэг.  Ихэнх улс төрчид өнгөндөө үзэл суртал, хөгжил дэвшил, шударга ёс гэж ярих боловч үндсэн хийдэг улс төр нь горьдогчдыг худал үгээр даллан дагуулах явдал байдаг юм. Ийм л аргаар улс төрчид араасаа үй олон дагуул, дэмжигч, тэтгэгчтэй болж чаддаг. Ядуурлын нийгэмд үүнээс өөрөөр улс төр хийх ч боломжгүй шахуу байдаг нь даанч харамсалтай .
Дагуул дэмжигчгүй ганцаардсан улс төрчид байх боловч тэд албан тушаал амлагчдын хажууд үнэхээр жулдаж, улс төрөөс шахагдаж эхлэдэг. Зарим нэг нь авилгалтай тэмцэж буй засгийг жинхэнэ авилгалчидтай нийлж хөмрөөд орыг нь авч авилгал авах боломж олохоор хамцуй шамлан дайрдаг. 

Гэнэт авилгал хавтгайрсаныг нийтээрээ мэдрээд ядуус нь хилэгнэж эхэлмэгц улс төрчид “авилгалын эсрэг тэмцэх”-ээр нэг нэгнээсээ өрсөн шоудаж эхлэдэг. Зарим  “цэвэр ариун” гэдгээ өрсөн зарлаж “хам хэрэгнүүдээсээ” тусгаарлаж эхлэдэг.  Бүр нам шинээр байгуулж туйлшрах нь ч бий. Гэвч тийм улс төрийн хүчинд хүмүүс сайн итгэж өгдөггүй учир төрийн эрх барих байгууллагад олон суудал авах нь битгий хэл тэр суудлуудад зүтгүүлэх кадрууд ч тэдэнд дутдаг.

Хэвлэл мэдээлэл хумигдаад, авилгал гаараад ирмэгц үүн дээр эрх мэдэлд хүрэх шинэ боломж хайгчид тоглож эхлэдэг. Тэд эрх чөлөөний төлөө болон авилгалын эсрэг тэмцэхийг уриалдаг. Ер нь ихэнх хувьсгалууд авилгалтай тэмцэх нэрийдлээр гарч ирсэн байдаг юм. Францын хувьсгал, Октябрийн хувьсгал, Кубын хувьсгал бүгд авилгалчдын эсрэг хувьсгал байсан юм шүү. Гэвч тэр хувьсгалчид ялалтанд хүрмэгцээ ихэнхдээ өмнөхөөсөө долоон дор болох нь бий. Учир нь тэд хувьсгалын дараа нийгмийн баялагийг хуваарилах марксист зарчим руу хальтирцгаадаг. Энэ хальтрах шалтгаан нь тэдний хувьсгалаа хийхдээ гаргаж тавьсан популист зорилттой холбоотой байдаг билээ. Эцэст нь авилгалтай тэмцэх тэмцэл мухалдалд хүрдэг.

Авилгал ба хувьчлал

Зах зээлийн тогтолцоонд шилжиж буй улс орнуудад улс төрийн эрх булаалдах хамгийн цаад зорилго нь нийгмийн баялагийг өрсөн хувьчилж авахад  л оршдог.  Ад үзэгдсэн өмнөх нийгэм нь асар их, хэний ч өмчийн биш баялагийг үлдээгээд нурж унасан нь авилгалчдын хамгийн гол завшаан болж хувирдаг. Газрыг тариачдад, малыг малчдад, машиныг жолоочид, завийг загасчинд, краныг барилгачинд, байрыг амьдрагчид нь тараан хувьчилж нийгмийн халуурлыг дарж авсаныхаа дараа, ард түмэнд хүртээн тараахад түвэгтэй үйлдвэрийн газрууд, бизнесүүдийг хувьчилж эхэлдэг. Ингэж хувьчлахдаа хоёр арга ашигладаг. Нэгд дуудлагаар хямдхан худалдан зардаг бөгөөд энэ тохиолдолд бусдын л адил мөнгөгүй байсан шинэ эзэн нь улсын банкнаас их хэмжээний зээл авч өмчийг худалдан авдаг. Энэ өрнөөсөө тэд инфляцыг зохиомлоор хөөрөгдөж, банкуудаа хүчээр дампууруулах замаар салдаг ба үр дүнд нь банкны тогтолцоо нуран унаж ард түмний амьжиргаа хүнд цохилтонд ордог. Хоёрт аж ахуйн нэгжүүдийг хувьцаат компани болгон зарлаж хувь ноогдлыг ард түмнээрээ хуваан хүртэх компанит ажил өрнүүлэн хувьцаагаар солих ваучир тарааж эхэлдэг. Ард түмний мэдэлд энэ ваучираар дамжин олон жижиг бизнес шилжин очдог ч жинхэнэ сор болсон том байгууламжууд нь цөөн хүний гарт хууль бусаар илүү хэвлэсэн ваучираар дамжин нэг л мэдэхэд шилжсэн байдаг.

Хувьчлал буруу аргаар орсныг ард түмэн мэдрэн хэл ам гаргаж эхлэх үед хувьчлалын очерт зогсож байсан өмчүүдийн хувьчлалыг эх оронч шоу маягаар зогсоодог. Гэвч хувьчлан авах санаархлуудаа орхидоггүйгээр барахгүй улс төрийн бүх маневраа энэ зорилго руу чиглүүлдэг. Ингэхдээ төрийн өмчийн эдгээр аж ахуйд олон жилээр хөрөнгө оруулахгүй сульдааж, удирдлагыг нь байнга солих замаар хөгжлийн алсын хараагүй болгодог. Үр дүнд нь ихэнх төрийн өмч гундан доройтдог. Гадаад руу хандсан бүтээгдхүүн нийлүүлдэг цөөн хэд нь тэсэж үлдэх боловч ашиг биш алдагдлын үйлдвэр болон хувирдаг. Авилгалчид өөрсдөө ийм нөхцлийг санаатайгаар үүсгэж аваад төр хамгийн муу менежер болох тухай үлгэр зохиож түүгээрээ хувьчлан авахаар санаархаж буй аж ахуйн нэгжүүдийг цоллон миалж эхэлдэг. Ард түмэн ч түүнд нь итгэж хурдан ямар ч үнээр хамаагүй хурдхан шиг хувьчлахыг шаарддаг. Хөрөнгө оруулалтгүй удсанаас сульдаж, удирдлагын хямралд байнга өртсөнөөс өрсөлдөх чадваргүй болсон улсын өмчүүдын үнэ асар хурдан унадаг. Өмчийг өөд нь татаж хөрөнгөжүүлэх гэсэн ямар ч удирдлагыг авилгалчид нам дарж ад үзэн халж орхидог. Энэ бүхний эцэст эзэнгүйдэж, гундсан өмчин дээр авилгачид нэг л өдөр учир битүүлгээр эзэн сууж хашаагаа хатган, тугаа мандуулж, нэрээ сийлж орхидог юм.

Хувьчлах өмч дуусах тийш хандмагц тэд хөгжил дэвшлийн шошготой шинэ бүтээн босголт бодож олон төрийн мөнгөөр үйлдвэр завод барьж аваад мөн л хямраан сульдаасаар атгандаа оруулж авцгаадаг.

Харин байгалийн баялагийг хувьчлахдаа авилгалчид огт ёсрохдоггүй. Шууд л эрх мэдлээрээ хүч түрэн авч дэлхийд данстай баячууд болох замаа нээцгээдэг.

Хувьчлал дахь авилгал нийгмийг улам хуваагдуулж нам болон талцах, бие биеээ үзэн ядах уур амьсгал руу хөтөлдөгөөс чөлөөт сонгуулиуд дампууран утгагүй болж, популизм алиагаа алдан, гадаадын хөрөнгө оруулалт үргэж, үндэсний зээлжих зэрэглэл олон улсын тавцанд байнга унаж эхэлдэг.

Авилгалчид байнга нийтийн өмчийг хумслах, олны хөрөнгөн дээр дураараа туйлах эрх мэдлээ нам, хөдөлгөөнд нөлөөлөлөө тогтоон эдгээр нам хөдөлгөөнийг албан бусаар хувьчлан мэдэлдээ авах замаар гүйцэлдүүлдэг. Улс төрийн нам хөдөлгөөнд аливаа нэг хүний ноёрхол тогтоод ирэхийн цагт авторитар дэглэм рүү ардчилал хүссэн хүсээгүй гулсан орж авилгалын тойрог битүүрдэг.

Авилгалын орчинд дахь бүрэн бие даасан шүүхийн хэрэгцээ

Авилгалтай тэмцэхэд шударга шүүхийн зөв тогтолцоог буй болгох нь маш чухал байдаг. Эрх зүйн ямар системийг хөгжиж буй болон үүсэж буй улс орнууд авч хэрэглэхээр шийдэх нь эрх зүй системийн шилжилтийн үед авилгал хээл хахууль, нийгмийн шударга бус бусад үзэгдэлтэй тэмцэхэд тун чухал үүрэг рольтой юм.
Тухайлбал Европын ихэнх улс орнууд Роман-Германы эрх зүйн тогтолцоо буюу хуулийг дээдлэх зарчимд тулгуурлан эрх зүйгээ хөтлөн явуулдаг. Европын ихэнх улсууд маш эртний түүх уламжлалтай бөгөөд ихэнх хууль, түүнийг даган гарах журмууд нь хэдэн мянга, зуун жилийн туршид боловсрогдон гарч мөрдөгдөн хөгжиж иржээ. Иймд өнөөгийн европчуудад тэдгээр хууль дүрмээ ягштал биелүүлэх л үлдсэн ба түүнийг илүү боловсронгуй болгох шаардлага бараг гардаггүй байна. Мөн Европт дундад зууны үед асар хүчтэй нөлөөлөлтэй байсан шашны шүүхийн шийдвэрийг тодорхой хүрээнд хязгаарлах шаардлагын үүднээс л шүүх зөвхөн хуулийг дагах эрх зүйн системийг хожим нь сонгосон гэж үзэж байна. 

Гэтэл харьцангуй хожуу үүссэн улсууд болох АНУ, Канад, Австрали, Шинэ зеланд болон Их британийн колоничлол, нөлөөлөлд байсан бусад улс орнуудад англи-саксоны эрх зүйн системийг даган мөрдөж байна. Энэ нь шүүхийн прецидентээр дутуу байгаа эрх зүйн хийдэлийг нөхөх маягаар ажилладаг эрх зүйн систем юм.  Шүүхийн шийдвэр хуулийн хүчинтэй эрх зүйн акт болох энэ зарчим нь шүүгчдийг хуулийн цоорхой дээр тоглон авилгалд өртөх боломж олгодоггүй. Учир нь шүүгчийн эхлэн гаргасан шийдвэр нь тухайн шийдсэн хэрэгтэй адил хэргийг хойшид  шийдвэрлэх загвар, жишиг болдог тул шүүхийн шийдвэр бүр нь бие даасан бөгөөд үнэн шударга байхыг шаарддаг байна. Мөн ижил төстэй хэргийг дараа нь шийдвэрлэх шүүгчид ч өмнөхөөсөө өөр шийдвэр гаргахад хүндрэлтэй болж ирдэг.

Англи-саксоны эрх зүйн зарчмын дагуу гарч байгаа шүүхийн шийдвэр нь эрүүл оюун ухаанаар шүүх зарчим байдаг тул аливаа хэргийг хуульд заасан үйлдэлийн илрэлээр бус учруулсан хор хохирол, тэгш хандах зарчмын үүднээс шүүх бололцоог олгодог. 
Английн эрх зүйн тогтолцоонд эрүүл оюун ухааныг заавал биелэгдэх шинжтэй эрх зүйн механизмын хэсэг болгож чаддаг учраас л олон улсын шинжтэй гэрээ хэлэлцээрүүдийн маргаантай асуудлуудыг чухамхүү уг шүүхээр шүүлгэхээр тохиролцох нь олонтаа байдаг билээ. Ийм тогтолцооны шүүгч бүр хожмын өдөр шударга бусын жишиг болон хууль зүйн сурах бичигт тэмдэглэгдэхгүйн тулд шударга байхыг туйлаас хичээх нь гарцаагүй болж ирдэг.

Өөрийн оюун ухаанаараа шийдвэр гаргах эрхээр хангагдсан шүүгчийн эдийн засгийн хараат бус байдлыг төр нийгмээс нь хангаж өгөх нь бас чухал. Үүний тулд л зээлийн тогтолцоонд эдийн засгийг аль болох түргэн шилжүүлэх шаардлагатай.

Авилгалтай хийх тэмцэл буюу дүгнэлт

Авилгал нь нийгэмд газар авч өргөжсөн үед түүнийг хөндлөнгөөс нь засаж залруулах ямар ч боломжгүй байдаг. Учир нь түүнийг засаж залруулах ёстой засаглалын төлөөлөл нь өөрөө авилгалын харилцааны субъектийн нэг болчихсон байдаг юм.
Авилгалтай тэмцэх хөндлөнгийн байгууллага, хүчний бүтцүүд нь авилгалыг нууц байдалд оруулахаас өөр онцын нөлөөлөлгүй байдаг. Авилгалтай тэмцэхийн тулд улс орны эрх зүйн эдийн засгийн салбарт огцом шинэчлэлтүүдийг хийх хэрэгтэй гэж үзэж байна.

Хамгийн хачирхалтай нь авилгалыг зөвхөн авилгалчид л устгаж чадна гэвэл та нар итгэх үү. Үнэхээр чадна гэж батлахад ч бэлэн байна. Гэхдээ үнэн сэтгэлээсээ үр хүүхэддээ хайртай тийм “авилгалчид”. Тэд хүүхдүүдийнхээ ирээдүйг хар дарсан зүүд болгон хувиргахгүйн тулд бас юу ч хийж чадах хүмүүс. Тэд хүүхдүүдийнхээ ирээдүйг баллах тийм цэвдэг сэтгэлтнүүд бас биш юм. Авилгалчид үр хүүхдийнхээ төлөө авилгалыг устгахын тулд ядаж нэг ажил бүтээхдээ авилгал өгөхийг оролдохгүй, бас ядаж нэг зөвшөөрөл өгөхдөө авилгал авахыг санаархахгүй байж чадаж эхлэх нь хамгийн чухал юм.

Мөн авилгалыг шинэ өсөн бойжиж буй шинэ үеийнхэн үгүй хийж чадна. Үүний тулд тэд авилгалын тухай аль болох эрт мэдэж түүнээс зайлсхийх ухамсар хүмүүжилтэй өсөж өндийх ёстой юм. Адаглаад л гэрийн даалгавараа бусдаас хуулалгүй өөрөө хийж сурах нь авилгалтай тэмцэж сурахад маш чухал. Энэ нь бусдыг хуурах, хууль бусыг ердийн хэм хэмжээ хэмээн ойлгож хүмүүжихээс урьдчилан сэргийлдэг.

Авилгал, ядуурлыг устгахад гадаадын улс орнууд бас тусалж чадна. Тэд буурай орнууд руу ядуурлыг бууруулах нэрээр мөнгө цутгаж, B2G-г улам гааруулахын оронд тэр мөнгөөрөө өөрийн орны шилдэг хууль, журмуудаас үлгэрлэсэн нийгэм эдийн засгийн шилжилт хийж байгаа орнуудад загвар болгон ашиглаж болохуйц хууль дүрэм боловсруулан авчирч өгөөд байвал тус нь тэр болно. Хамгийн гол нь захиргааны журмууд буюу Administrative Law гэж нэрлэгддэг тэр дүрэм журмууд хэрэгтэй байгаа юм. Олон оронд төрийн хүнд суртал, авилгалын үндэс нь захиргааны хууль дүрмүүд бараг байхгүй байгаад оршиж байна. Зөв хуульд дүрэм байхгүйгээс  эрх мэдэлтнүүд өөрсдийн дураар элдэв хүнд суртлын  бичигдээгүй журмуудыг бодон олж бусдыг санаатайгаар чирэгдүүлж авилгал өгөхөөс аргагүй байдалд тулгадаг, мөн хэтэрхий хялбар журмыг бодон олж авилгал авах аргаа далдуур хялбаршуулдаг юм.

Дэлхийн өндөр хөгжилтэй олон орны дүрэм журмууд хэтэрхий нуршуу, хэтэрхий дэлгэрэнгүй юм шиг санагдаж байвч түүнд авилгалтай тэмцэх хамгийн зөв арга механизм сууж өгсөн байдаг.  Жишээ нь Code of Federal Regulations хэмээх америкийн нийгмийн бараг бүх салаа мөчрийг зохицуулсан дүрэмнүүд нь нэг талаас төрийн хүнд суртлыг хэт баталгаажуулсан мэт боловч нөгөө талаас төрийн түшмэдийг өөрийн үзэмжээр асуудал шийдэх орон зайгүй болгож  ард олныг хүнд суртлаар дарамтлахаасаа илүүтэйгээр түшмэдийг заавал биелүүлэх процедурын дарамтанд оруулсан байдаг.  Хялбар энгийн дүрэм журам нь авилгал авах явдлыг улам хялбаршуулах аюултай байдаг юм байна.

Төрийн үйлчилгээ авахаар ирж байгаа иргэн, хуулийн этгээд нь төрийн албан хаагчийн хийх үйлдэл, гаргах шийдвэрийн тухай урьдчилан мэдэх бололцоог дэлгэрэнгүй бөгөөд нээлттэй дүрэм журмууд л олгодог. Ер нь бол авилгал өгөхийг санаархах сэдэл нь төрийн албанаас гаргах шийдвэрийг мэдэхгүйгээс үүдэлтэй байдаг юм. Үүнээс зайлсхийх арга нь гаргасан хууль дүрмүүдийг олон нийтийн хүртээл болгох ажлыг хамгийн хүртээмжтэй хувилбараар авч хэрэгжүүлэх явдал юм.

Энэ мэтийн туршлагыг хөгжиж буй орнууд авч нэвтрүүлэхгүйгээр зүгээр л авилгалчидтай тэмцэх хялбаршуулсан хууль гаргах, тэднийг шорон гяндангаар далайлгах маягаар хөдлөөд байвал энэ тэмцэл утгаа алдаж, бараг үр дүн өгөхгүй. Авилгал авдаг, өгдөг, зуучилдаг этгээдүүдтэй эрүүгийн хариуцлага тооцох аргаар тэмцэх нь тодорхой нэгэн хэргийг л шийдэх арга болохоос, нийгэмд өргөнөөр тархаж байгаа үзэгдэлтэй тэмцэх механизм болж чадахгүй юм.  

Учир нь авилгалчийг олж шийтгэлээ ч авилгалын зохицуулалтанд хамрагдаад байгаа нийгмийн харилцааг төрийн зохицуулалтанд хамруулж чадахгүй бол авилгал цаашдаа ч цэцэглэсээр л байх болно гэдэгт итгэлтэй байж болно.

Хууль дүрмүүдийг биелүүлэх өртөг түүнийг зөрчих өртөгөөс давж гарч байгаа тохиолдолд авилгал гарч ирсээр л байдаг. Тэхлээр хууль дүрмийг зөрчих нь түүнийг биелүүлэхээс үнэ ихтэй болгох ухаалаг механизмыг бий болгох хэрэгтэй байдаг юм.

Авилгалаас ангид нийгэм шударга тэгш бус байдал эсхүл шударга бус тэгш байдлын зарчимуудын аль нэгээр нь замнадаг юм. Харин авилгалын нийгэмд шударга бус тэгш бус байдал үүсдэг. Шударга бөгөөд тэгш байдал нь зөвхөн гарааны боломжийн тухай асуудал болохоос барианы зурхайд яагаад ч бүтэхгүй асуудал гэдэг нь тодорхой байдаг билээ. Барианы шударга бөгөөд тэгш байдал бол хүмүүст бурхнаас ч заяаж өгөөгүй утопи мөрөөдөл юм. Гэвч үүнийг улс төрийн олон онолчид мэдэхийн цаагуур мэдэж байвч  гарааны бус барианы тэгш байдлыг ард түмэнд тунхаглаж хувьсгал бослого гаргах нь олонтаа тохиолддог. Үр дүнд нь тэд шударга бус тэгш байдлын нийгэм эсхүл авилгалын нийгэм рүү ард олныг хөтөлдөг билээ.  
Эмх цэгцтэй эрх зүй бол төрийн машины тос нь мөн. Шатахуун нь зах зээлийн эрүүл эдийн засаг юм. Мөн авилгалыг устгах хамгийн найдвартай арга нь авилгалаас нийгэмд гүйцэтгээд буй зохицуулалтыг нь булаах явдал юм. Ингэж булаах багаж нь бол маш дэлгэрэнгүй, боловсронгуй эрх зүйн тогтолцоо билээ.

Авилгалын анатомийн бүтэц, ажиллах зарчим, түүнээс ангижрах арга ердөө л энэ буюу



5 comments:

  1. Ойлгомжтой, сайн нийтлэл болжээ. Олон хүн уншаасай, ухаж ойлгоосой билээ.

    ReplyDelete
  2. Анх оллоо дээр нийтлэгдэхэд нь уншиж байж билээ.Авилгалын тухай хамгийн сайн нийтлэл.

    ReplyDelete
  3. ULSIN BURTEGELGUI BELEN MUNGUUR EDIIN ZASAGIN ERGELTED ORUULAHIG HELNE

    ReplyDelete

Монголчууд эвтэй байхдаа хүчтэй vs. Ерөнхийлөгчийн хүмүүс

1911 оны 12-р сарын 29-ний өдөр Монголчууд ердөө гурав хоногийн дараа Бээжинд онхолдох өдрөө хүлээж байсан Манжаас тусгаарлан өөрийн төр улс...