Friday, January 23, 2015

Магеллан хаагуур гарах вэ?

ибагадаа “Суут Хүмүүсийн Амьдрал” цувралаас Чилийн социалист Альендегийн тухай ном уншиж билээ. Бодвол үүнийг уншигч та ч бас уншсан бизээ. 1973 оны намар генерал Пиночет гэгч этгээд Чилийн ерөнхийлөгч Альендег түлхэн унагааж Ла Манеда ордныг нь бөмбөгдөн цэргийн дэглэм тогтоосон тухай тэр номонд гардаг. Би ч тэр муу фашист хунт Пиночетийг туйлын муу нөхөр гэсэн бодолтойгоор насанд хүрсэн билээ. Гэвч тэр даварсан генерал бас тийм ч тэнэг гар байгаагүйг нь хожим олж мэдсэн. Тэр улс орноо Аргентиний араас явуулах гэсэн социалистуудын халамжийн болдлого, Альендегийн социалист чиг баримжааг эсэргүүцэн Чилийн засгийн эрхийг хүчээр гартаа авсан нь тэр байсан юм билээл. Засаг аваад Пиночет өөрөө эдийн засгийг удирдсангүй. Чикаго бойз нэрээр эдийн засгийн сурах бичгүүдэд мөнхөрсөн залууст эдийн засгаа удирдах эрхийг өгч өнөөгийн хөгжингүй Чилийн суурийг тавих боломжийг олгожээ. Чикаго бойз бол Милтон Фрийдманаар чөлөөт эдийн засгийн хичээл заалгасан жинсэн өмдтэй 20-30-д насны чили залуус байсан юм. Явж явж Пиночетийн хийсэн цэргийн эргэлтийн ачаар хаа холын хөдөөний Монголд зэсийн Эрдэнэт үйлдвэр байгуулагдсаныг ч би хожим олж мэдсэн. Өнөөдөр Чилийн амжилтыг хаа сайгүй шагшин ярьж байна.  Тэдний амжилтын нууц нь ердөө л ном үзсэн хүнийг зохих тушаалд нь томилж түүндээ бүтээлч байх эрх мэдэл л олгосон явдал билээ.

Харвардын төгсөгч Обама хэд хоногийн өмнө ээлжит State of the Union Address-аа конгресст тавив. Америкийн ерөнхийлөгчид жил бүр тангараг өргөсөн ой дээрээ ард түмэндээ хандаж өнгөрснийг дүгнэн, угтаж буй онд тавьж буй зорилтуудаа танилцуулдаг уламжлалтай. Обамагийн хувьд энэ бол 6 дахь SOTU нь юм.
Энэ удаад Обама Америкийн эдийн засгийг Бушийн үед эхэлсэн хямралаас нь гаргасанаа зарлалаа. Дахин сонгогдохгүй Обама өөрийнхөө legacy-г маш тодоор үлдээж [магадгүй долларын билл дээр хэзээ нэгэн цагт зургаа тавиулах эрхээ нээж] чадсандаа асар баяртай байгаа нь илт мэдрэгдэж байв.  Харин тэр энийг яаж хийж чадваа. Амжилтын нууц нь юундаа байв? Дан дээлтэй сайдтайгаар уу, давхар дээлтэй сайдтайгаар уу? Нарийн төмөр замаар уу, өргөн төмөр замаар уу? Хүүхдийн мөнгөөр үү, 21 доллар тарааж уу?  
Товчхондоо Обамагийн засаг захиргаа иргэдийг бэлэн мөнгөөр халамжлах биш, харин тэдэнд олсон мөнгийг нь хэмнэж өгч, авто машин үйлдвэрлэл, даатгал, банк зэрэг too large to fail бизнесүүдийг зоригтой bailout хийн босгож, жижиг дунд бизнесүүдийг татварын хөнгөлөлтөөр дэмжин, ард иргэдээ эрүүл мэндэд зарцуулах зардлыг нь бууруулах замаар эдийн засгаа идэвхжүүлжээ. Тэд зөвхөн үйлдвэрлэх секторт л гэхэд 2010 оноос хойш 800,000 мянган ажлын байр нэмсэн байна.  Нэгэнт эдийн засаг сэргээд ирсэн тул орлогоосоо иргэдийн боловсролыг дэмжих амбицаа сая зарлалаа. 21-р зууныг тэд мэдлэгт суурилсан эдийн засагтайгаар л туулахаа маш сайн мэдэж, үүндээ нухацтайгаар бэлтгэж байна.

Ерөнхий сайдаар Сайханбилэг томилогдсоноор Монгол улсын төрийн гурван өндөрлөг бүгд Америк боловсролтой эрхэмүүд болов. Харвардын мастер Элбэгдорж, Денверийн мастер Энхболд, Жорж Тауны мастер Сайханбилэг, түүнд шадарлан хамжигч нь Колумбийн мастер Баярцогт. Монголын Чикаго бойз! Зиа даа бараг л...
Гэвч хамаг романтизм ингээд л дуусаа. Монгол дахь Альендегийн социализм хэвээрээ үргэлжилсээр. Халамжийг танъя гэсэн ганц нэг санаачлагыг УИХ дахь Луис Корваланууд, цахим ертөнц дахь Виктор Хара-нууд хавсайдан дор нь нам болгов. Арга ч үгүй биз. Сайханбилэг халамжийг орлуулагчийг санал болгохгүйгээр байсан халамжуудыг нь хасах санал оруулаад дарагдав. 
Аргаа ядахдаа шахаад шахаад бааснаас өөр юм гарахаасаа өнгөрсөн хэдэн хуучин улс төрчдөө ээлж ээлжээр зөвлөхөөрөө авцгаав. Заримдаа бүүр хаанахын захаас худалдаж авсан юм гэмээр ч хүүхэлдэйнүүдийг зөвлөхөөрөө цалинжуулна. Гэвч бахь байдгаараа. Төрд мэдлэг орж ирэхээ байчиж. Оруулахаа ч байчиж. Баабар зэрэг либералууд дэмий л номынхоо ширээний ард шогшроод үлдэж байна. Улс төрдөө л кунг-фу мастер багш нь ингээд тойргийн гадаа байж байхад над мэт нь холоо жийгдэх нь ч арга байжуу.  
Ер нь master degree бол бакалаврын зэргээр олсон суурь мэдлэгээ ажлын туршлагатай хамтруулан mastering хийх сургалт байдаг. Ялангуяа эдийн засаг, бизнесийн чиглэлийн мастерийн хичээлүүд голдуу бусдын туршлага, алдаа оноог ном танхимаас детальчлан судалж, анализ синтез хийх боломж олгодог.  Мастерийн сургалтанд хамрагдсан хүн бусдын алдааг тойрч, ололтыг даган дуурайх боломжийг өөрөө алдаж арьсаараа мэдрэн хашрахгүйгээр олж авах боложтой болдог.   Гэвч Монголчууд дарга нарынхаа дутуу сурсан мэдлэгийн төлөөсийг арьсаараа мэдрэн мурчийсаар. Манай хэд засаг авах эрдэмд нь шимтэн суралцаад харин засаг барих талаар олигтой юм заалгаагүй бололтой.
Халамж амлалт бол манай сонгуулийн тогтолцооны хамгийн том гажуудал юм. Монголд сонгууль байсан цагт популизм их бага хэмжээгээр байсаар л байх болно. Сонгуулийн ардчилалыг үрэлгэн популизмд дээрлэхүүлэхгүй байх аргыг бид олох ёстой юм. Өлөн харцаар шүлсээ залгин анаж суугаа баавгай, луу хоёрын дунд Чилийн маягийн эргэлт, хувьсгалын тухайд мөрөөдөөд ч хэрэггүй. Чингэвэл Украины замаар орж улсаа тасчуулах биз. 

Надад нэг хэдэн санаа байна. Үүнийг энэ засаг тоогоод хэрэгжүүлбэл сайн л биз. Үгүй бол дараагийн засаг нь гараад хийх л байлгүй. Ер нь бол миний бичсэнийг тэд дагах үүрэггүйг нь би сайн мэдэж байгаа.

Хямралт байдлаас гарахын тулд бид юуны түрүүнд мөнгөгүй хийж болох ажлууд, бэлэн мөнгөний зардлыг орлуулж болох арга саамыг бүх түвшинд эрэлхийлэх хэрэгтэй. Дараа нь орлогоо нэмэгдүүлэх, оюунаа нэмэгдүүлэхэд хөрөнгө хая. Эхнээс нь жагсаая:

Нэг: Америкийн төмөр замын тайкун Леланд Стэнфорд Калифорни-Юта-г холбосон төмөр замыг барьсныхаа төлбөрт Сан Франциско хотоос өмнө зүгт асар том (одоогийн Стэнфорд, Пало Алто хавийн газар) хэмжээний газар авч байжээ. Тэр авсан газар нь бол хөдөө аж ахуй, фармын зориулалттай газар байсан байна. Стэнфорд хожим нь тэр газраа хэсэгчлэн худалдаж зам барьсан зардлаа олохоор барахгүй түүнээс ч хамаагүй их ашиг олж асар ихээр баяжсан гэдэг. Аливаа газрыг хүчээр үнэд оруулдаг хэд хэдэн арга байдаг. Тус газарт бизнес төв үүсгэх (жишээ нь Орландо дахь Дисней Лэнд тэр хавийн үл хөдлөх хөрөнгийн үнийг олон арав зуу дахин өсгөсөн), их сургууль байгуулах, дэд бүтцийг тохижуулан land developer-уудад зарах. Домогт өгүүлдэгээр Стэнфордын хүү нь 16 насандаа Европт аялаж яваад халдварт өвчин тусч нас барсан тул түүний дурсгалд зохиулж Стэнфордын их сургуулийг байгуулах болсон гэдэг ч чухамхүү тэр их сул газрыг үнэ цэнийг өсгөж ашигтайгаар зарах нөхцөлийг бүрхдүүлэхийн тулд л эцэг Стэнфорд их сургууль байгуулахаар шийдсэн байх магадлал туйлын өндөр юм.

Америкийн Ерөнхийлөгч Дуэтт Эйзенхаур 1919 онд цэрэгт байхдаа Ди Си-гээс Сан Франциско хүртэл цэргийн марш брасокт оролцож байжээ. Тэд энэ хоорондын 3000 орчим майл замыг 2 сарын турш туулсан гэдэг. 2-р дайны үеээр холбоотны цэргийг компандлаж байсан уже генерал Эйзенхаур Гитлерийн бариулсан автобаныг хараад үнэхээр биширч шагшсанаа дурсамжиндаа ч нуугаагүй байдаг. Америкийн ерөнхийлөгч болохдоо тэрээр америк айл бүрийн үүдэнд хар зам аваачна гэж амлаж байжээ. Тэр нь өнөөгийн Монголоор бол бүх аймгийг хар замаар холбоно гэсэн эрх баригчдын амлалттай төстэйдүү. Тэхдээ хамаагүй илүү төгс шийдэлтэй.

Эйзэнхаур ерөнхийлөгч болмогцоо хурдны замууд, орон нутгийн замуудын систем байгуулах ажлыг орон даяар эхлүүлэв. Мэдээж энэ бүх бүтээн босголтонд мөнгө хэрэгтэй. Мөнгө мөнгөдөө бага биш мөнгө хэрэгтэй. Эйзэнхаур замыг 2 аргаар санхүүжүүлэх санаа сэдэж. 1-д тэрээр highway trust fund байгуулсан байна. Энэ бол Америкт түгээмэл байдаг earmarked fund буюу тусгай зориулалтын сан бөгөөд энэ сан америкдаа хамгийн алдартай нь билээ. Сангийн ажиллах зарчим нь их энгийн. Пампнаас шахагдаж байгаа газны үнэн дээр нэмж галлон бүрд тодорхой хэдэн центийг тус санд хуримтлуулаар хураах бөгөөд тэндээс замын бүтээн босголт, засвар, арчилгааг санхүүжүүлэх. Өөр юунд ч түүнийг зарцуулахгүй. Хэрэглээ ихтэй нь ихийг төлөх.  Шатахуун авна гэдэг нь давхина гэсэн үг, давхина гэдэг нь зам ашигланаа л гэсэн хэрэг. Маш ухаалаг, бас шударга. Хүнийг том жижиг хөгшин залуу машинтай гэж ялгаварлахгүй. Зөвхөн хэрэглээгээр нь татвар ноогдуулах гоё арга байгааз?. 

Гэвч эхэндээ зам багатай үед машинаар давхилт төдийлөн их байсангүй. Зам барих өөр санхүүжилтийн эх үүсвэр хэрэгтэй байлаа. Энэ удаад анхны төмөр замыг барьж байгуулж байхад хэрэглэж байсан land grant program-г федерал болон муж улсын замуудад ихээр ашиглав. Зарчим нь эхлээд хувийн хөрөнгө, зээлээр зам бариад төлбөрт нь замынхаа ойролцоо [exit-үүд дээр] газар ав.  Мэдээж авсан газраа тэр чигээр нь зарвал замын компаниуд ашгаа олж чадахгүй, банкны зээлээ ч хааж чадахгүй дампуурцгаах болно. Иймд тэд авсан газар дээрээ багахан хөрөнгө нэмж оруулаад гудамж буй болгон, дэд бүтэц татаад land developer-уудад хэсэгчлэн зарцгааж эхлэв. Land developer-ууд замтай, дэд бүтэцтэй лот-ууд худалдан аваад түүн дээрээ сайхан байшин, хотхонууд барьж дундаж ангид зарцгаана. Баячууд байшин худалдаж авах шаардлагагүй, ядуус бас байшин авахгүй. Явж явж дундаж ангийн худалдан авсан байшингийн үнэнд тийш хүргэсэн зам, барьсан байшин, энэ бүх үйл ажиллагааг санхүүжүүлж байдаг банкны зардал, ашгууд шингэдэг. Өөрөөр хэлбэл америкийн хөгжил housing market дээрээ тогтож байдаг. Housing market нь эргээд ажлын байрны зах зээлээсээ хамаарна. Чухамхүү ажилтай орлоготой дундаж анги л америкийн хөгжил, эдийн засгийн тэлэлтийн суурь нь болж байдаг нь үүнтэй холбоотой. Америкт үүссэн ажлын байр бүр потенциальный байшин худалдан авагчийг үүсгэж байдгаараа түүний эдийн засгийн нөлөө нь үлэмж. Хэн ч  хохирохгүй. Замын компаниуд барьсан замынхаа дагуу ашгаа гаргаж авах боломжтой газар авч, land developer-ууд шинэ сууршил үүсгэж болох зам очсон газар олж, иргэд их хотын түгжрэлээс холдон нүүх боломж олж, энэ бүгдээс банкууд ашиг олж, төр нь дэд бүтцэд газраас өөр зардал бараг гаргахгүйгээр нутаг орноо хөгжүүлээд авч байна.

Байз байз. Бид яагаад энэ туршлагыг Монголдоо хэрэглэж болохгүй гэж. Бид зөвхөн Нийслэлийн төсвөөс 77 дахин их үнээр зарж болох газрыг дарга нарын үзэгний үзүүрээр тараачихсан байна гэж Бат-Үүл мээр хэлээд байгаагүй билүү. Ерөөсөө нийслэл, аймгийн төвийн ашигтай газраа зарцгаая. Мөн шинээр баригдах замуудын дагуух газруудыг ч эргэлтэнд оруулъя. Газраар замаа тулж наймаацъя. Яахлээрээ ард түмэнд үүрүүлэх их өр тавьж зам бариад, нэг хэсэг нь нийтийн газрыг хувийхаа юм шиг өгөлцөж авалцаж байх гэж. Барилгажаагүй байгаа бүх газрыг дуудлага худалдаанд оруулж замын зардал гаргаж авцгаая. Зам тээврийн яамны вэбсайтанд байгаа мэдээлэлээр бол өнгөрсөн 2 жилд 1162 км авто замыг 600 шахуу тэрбум төгрөгөөр барьжээ. Өөрөөр хэлбэл нэг км зам 500 орчим сая төгрөгний өртөгтэй юм байна. Үүний 10 хувь нь авилгал, 10 хувь нь татвар, 10 хувь нь ашиг гэж тооцвол замд 350 орчим сая нь л шингэж байна. Нийслэлийн 2012 оны төсвөөс 77 дахин их орлого гэдэг бол Монголын сум бүрд ч хар зам хүргэж болох их нөөц шүү. Улаанбаатарт барилгажаагүй газар олон байна. Хөшгийн хөндийн буудлын замд ч маш их газар зарах боломжтой. 
Бид ингэснээр замтай, шинэ суурьшилтай болоод зогсохгүй өнөөдөр замд аваачиж хийгээд байгаа их мөнгийг суллаж авах боломж бүрдэнэ. Суллаж авсан мөнгөөрөө өрнөөсөө салж болно, өөр ашигтай зүйлд хөрөнгө оруулж болно.


Хоёр: 2004 оны Гүндалайгийн 10000 төгрөг 100 хувь буруу зүйл байгаагүйг эхлээд дурьдчихъя. Ард иргэд ядуу, худалдан авах чадвар муу байсан тул иргэдэд бэлэн мөнгө нийлүүлэх шаардлага тухайн үед байсан уу?, байсан.  Иргэд хөдөлмөрлөхгүй олсон мөнгөө зоригтой зарцуулж эхэлсэн нь жижиг дунд бизнесийг сэргээх үндсэн суурь болсоныг одоо ч үгүйсгэх боломжгүй юм. Популистуудын хамгийн том алдаа нь энэ халамж, мөнгөн injection-г цагийг нь олж re-structuring хийж зүсийг нь, хэлбэрийг нь хувиргаагүй удаасанаас  эдийн засгаа хорлох хүчин зүйл болгосон явдал юм. Би бол ядуугаа мэдэхгүй явж, яваад яс зууж үзсэн нохой.  Олон газраар орж олон оронд амьдарч байгаа Монголчуудынхаа амьдралыг харлаа. Санаа авчихаар, Монголдоо хэрэгжүүлчихмээр зүйл ч зөндөө анзаарч ажиглалаа.  
Монголд бэлэн мөнгөөр халамж өгдөг байдлыг дараахь маягаар засах боломжийг би гаднаас анзаарсан. Мөн эдийн засгийн арга хэмжээнүүдийн санааг ч бас тэндээс олсон.

А. Хүүхдийн  мөнгийг зогсоож хүүхэдтэй өрхөөс ажиллаж байгаа хүний орлогын татвараас нь хөнгөлөх аргад шилжих хэрэгтэй. Насанд хүрээгүй нэг хүүхэдтэй бол хоёр хувь, 5 хүүхэдтэй бол 10 хувь хөнгөл. 6- дахь хүүхдээс нь эхлэн тэтгэмж олго. Хөнгөлөлтийг оюутан хүүхэдтэй айлд үргэлжлүүл. Тэгээд оюутны 70-г ч хал.  Ингэвэл ажилтай орлоготой хүмүүст их нэмэр болно. Ажил сайтай, цалин сайтай айлууд хамаагүй их орлогоо өөртөө үлдээх боломж гарч ирнэ. Монголчууд татварын хөнгөлөлт авахын тулд ажил голж цамаарахаа болино. Мэдээж маш бага орлоготой, мөн ажилгүйчүүдийн хүүхдийг харж үзэх шаардлага бий. Зөвхөн энэ анги давхрагад л бэлэн мөнгөний халамжаа үлдээ. Төсвийн маш их мөнгө сулрах болно. Ажил олгогчид цалингийн нууц цэс гарган ажилчдаа мөлждөг нууц мөлжлөг ч зогсоно. Хүн амын орлогийн албан татвар төсвийн маш бага хувийг бүрдүүлдэгийг тооцвол энэ маш ашигтай санаа байж ч магадгүй юм.

Б. Ажил олгогчдыг дэмж. Юуны түрүүнд шинэ ажлын байр үүсгэсэний шийтгэл болох нийгмийн даатгалын шимтгэлийн ажил олгогчид ноогдох хувийг бууруул. Болж өгвөл ажил олгогч төлдөггүй болго. Мэдээж нийгмийн даатгалын сангийн орлогод энэ эхэндээ нөлөөлнө. Гэвч ажил олгогчийг дэмжсэн энэ алхам ажлын байр олноор нь буй болгох боломжийг өдөөснөөр нийгмийн даатгалын сангийн орлого өмнөхөөсөө ч нэмэгдэх болно.  

В. Жирэмсэн эхийн декретний мөнгөнөөс бусад эхчүүдийн мөнгийг больчих. Оронд нь хүүхэд гаргаж өсгөсөн эхийг тэтгэвэрт гарахад нь нэг хүүхдэд 3 жилээр тооцон ажилласан жил дээр нь нэмээд бодчих. Хүүхдээ гудманд хаядаг тэнүүлдэг эх байхгүй болно. Жилд хүн амын 2 хүрэхгүй хувь тэтгэвэрт гарч байдаг, 1-4 хүүхэдтэй эхэд гэхэд З-12 жилийг ажилласан жилд нэмэх нь тэтгэвэрийн санд хэзээ ч том дарамт болохгүй. Ердөө л улсдаа хүн эрдэнэ бүтээж өгсөн нөр их зүтгэлийг нь ажилласан жилд нь оруулан тооцоход л өнөөгийн бэлэн мөнгө тараах их дарамтаас төр хөнгөхөөн гарчихна. Үүнд хамгийн их баярлах эхчүүд бол олон хүүхэдтэй хөдөөний малчин эхчүүд байх байх. Эхчүүд хүүхэд гаргах дуртай болно. Монголын хүн ам хурдан өснө. Хүн ам өсөхийн хэрээр зах зээл буй болно. Өсөж тэлсэн зах зээл нь өөрөө тэтгэвэрийн сан бүрдүүлэх эдийн засгийн потенциалыг буй болгоно. Үр дүнд нь бүгд хожно.

Г. Малчдаас малаар татвар ав. Тэгэхдээ хонинд тооцсоноор 300 толгойгоос дээш малаас нэг төлөг ав. Авсан малаа хөдөөний ажилгүйчүүдээр маллуулж төлөөр нь малжуулах хөтөлбөр хэрэгжүүл. Ингэвэл зудтай өвөл болгоны дараа нүүдлийн давалгаа сэргэхээ зогсоно. Татвараас бүрдсэн төрийн төмөр сүрэг дороо үржинэ. Төрийн сүргээс цэргээ, хоригдлоо, ядуусаа тэжээ. Олон улсын байдал эвгүй болж байгаа энэ цагт Монгол хүнд хэдэн мал нь л хэрэг болно.  

Д. Нэгэнт хувьчилсан аж ахуйнуудыг төрөөс тэтгэхээ больчих. Хувьчлалын гол зорилго нь төрөөс тэтгүүлэхгүй болгох л байсан. Гэтэл аль дивангарьт хувьчлагдчихаад төсвөөс гувшин амьдардаг олон бизнес бий болжээ. Махны нөөц бүрдүүлнэ л гэнэ, шатахууны үнэ тогтворжуулна л гэнэ, ноолуур цуглуулна, үрийн нөөц бэлдэнэ л гэнэ. Арай л жорлонгийн цаасны нөөц бүрдүүлэх санаачлага алга. Хэдэн зуун тэрбумаар нь хусаж суудаг бүхэл бүтэн улс төр, бизнесийн сүлжээ үүссэн байна. Мал 50 сая хүрчээд байхад махны нөөц бүрдүүлж яадаг байна. Мах нь арьсан дотроо л шинээрээ байж байвал барав.  Дэлхий даяар нефтийн үнэ шумбаж байхад бензиний үнийг үнэтэй хэвээр нь тогтворжуулах ямар ч шаардлага байхгүй. Түлш хямдармагц будаа тарианы өртөг аяндаа бууж өрсөлдөж чадвартай болоод ирнэ. Хасах 30 хүрэхгүй өвөлждөг болчоод байхад ноолуур шүтээд байх нь зөв ч юм уу буруу ч юм уу. Бүгдийг нь зүгээр л зөнд нь хая.

Е. Дутуу орхисон барилгуудаа дутуу хая. Балгасуудыг нь зүгээр л зарчих. Санаачилсан барилга нь дутуу баригдаад төсөвт ядаргаа болж байгаа улс төрчийн дараагийн бүтээн босголтын санаачлагыг битгий хүлээж ав. Дэмий юм санаачлагчдын өмнөх баасыг цэвэрлэж дуустал дараагийн саналуудыг нь бүү дэмж. Зүгээр л игнорд. Ингэвэл жалгын популизмаа учиртай хийж эхэлнэ. Тооцоотой, төлөвлөгөөтэй санаачилж, учиртай уралдаантай бүтээж сурна.

Гурав:  2000 оны сонгуулийн дараа хуульч, улс төрч Ц.Нямдорж нэг удаа телевизээр ярьж байсан нь өнөөдөр маш тодхон санагдаж байна. Тэрээр замын цагдаагийн газрын дарга Занаширыг буянгийн Жагаагийн Бүгд Найрамдах намаас нэр дэвшээд гишүүн ч гүй, ажил алба ч үгүй гудманд гарахдаа тулсаныг шүүмжилж байсан. Ц.Нямдорж хэлэхдээ улс төрчид үндэсний боловсон хүчнүүдээр наадаж үндэсний чадамжийг террорайзин хийж байна хэмээн шүүмжилж байсан юм. Өнөөдөр тухайн үеийн хууль зүйн сайдын хэлсэн үг ардчилсан болон ардын намд түгээмэл практик болон тархжээ.

Монголоос хөрөнгө оруулагчид зугатаалаа л гэх. Гэтэл тэдний хувьд Монголын баялаг бол still attractive хэвээрээ л байгаа. Тэд хамгийн гол нь манай төрийнхний непрофессионализмээс залхаад гараад явчихсан юм. Нэг намын нэг сайд гарангуутаа л ташраар нь солиод байхаар яаж ч төрд мэргэшилт, чадваржилт үүсэхэв дээ. Ойлгомжтой асуудал. Засгийн эрх барьж байгаа намууд үндэсний хэмжээнд, салбар бүрийн хувьд боловсон хүчний бодлогоо нэгтгэх хэрэгтэй. Ялангуяа нарийн мэргэжлийн салбаруудад энэ маш чухал. Техник технологи, хүний амь, аюулгүй байдлыг баталгааг зөвхөн намын батлах өвөртлөсөнөөр хариуцан даах тогтолцоо Монголоос өөр улсад алга. Мэдээж Монгол улс өөрийн онцлогтойг ойлгож байна. Гэхдээ л байгалийн хуульд суурилдаг техник технологийн салбаруудад үндэсний онцлог гэж байх учиргүй юм шүү.

Дөрөв: Популизмыг дээр өгүүлсэнээр re-structuring хийж чадвал маш их мөнгө, маш их нөөц бололцоо засгийн газрын мэдэлд сулран гарч ирэх болно. Гэвч үүгээр дараагийн популизмыг бордох юм бол тэгээд л дуусаа. Өнөөдөр технологижих, техникийн шинэчлэл хийх амбицуудыг дэмжихгүйгээр Монгол улс хөгжлийн тухай мөрөөдлүүдээ мартах хэрэгтэй. Чухамхүү үнэ өртөгтэй шинэ техник технологиуд л хөгжлийг наашлуулагч хүчин зүйл юм. Бидэнд шинэ галт тэрэг, шинэ үйлдвэрийн дамжлага, шинэ онгоц, шинэ эмнэлэгийн тоноглол, шинэ уул уурхайн механизм, ер нь л бүх шинэ зүйл яг өнөөдөр хэрэгтэй. Бусдын актласан, хоцрогдсон багаж техникээр урагшлаж болох ч гүйцэх боломжгүйг бид санаж явах хэрэгтэй юм. Зөвхөн өөрт ойрхон эх сурвалж мэдээлэл дээр жишээлэхэд МИАТ багагүй үнээр шинэ онгоц авсан. Бид илүү орчин үеийн онгоц авчирч болох байсан ч манай банкны систем урьдчилгаа төлбөрийг нь дааж чадах хэмжээнд л сонголтоо хийсэн. Үндсэн төлбөрөө гадны банкны санхүүжилтээр хийж жил бүр олон сая ам.долларыг хүүгийн төлөөсөнд өгч байна. 

Хэрэв засгийн газар эргэлтэнд орж амжаагүй нөөц хөрөнгө, зээлийн үлдэгдэл байдаг бол юуны түрүүнд үндэсний лийзингийн бүтэц буй болгон үндэсний компаниудад хэрэгтэй тоног төрөөрөмж, техник хэрэгслэлийг санхүүжүүлэн худалдан авч, эргүүлэн түрээслэдэг болчихвол тун хэрэгтэй. Агаарын тээвэрт энэ трнасакцийг sale-leaseback гэж хэлдэг. Техник, технологийн шинэчлэлийг даган гадаадын банкууд руу ашиг болон урсаж байгаа тэр их мөнгийг эх орондоо үлдээх механизмыг бий болгочихвол засгийн газар эдийн засгийн өсөлтөөс л ашиг хүртээд байх боломж бий. Төр өөрөө үйлдвэр завод барина гэж хөөрцөглөлгүй, харин бол өгвөл техник тоноглолыг санхүүжүүлж лийзингээр туслаад, болохгүй бол баталгаа гаргаж гаднаас санхүүжилт олох боломж нээгээд байвал энэ улс хөгжих амархан.

Тав: Уул уурхайд нэг хэсэгтээ найдахаа боль. Ажаад л байхад Монголчууд Оюу Толгой хэмээх офф шоор компанийн хувьцаа авчихаад түүнээсээ ашиг горьдоод л суугаад байх шиг. Оюу Толгой бол ердөө л өндөр үнэтэй том transaction-гуудад хэрэглэгддэг SPV буюу Special Purpose Vehicle –н нэг хэлбэр. МИАТ хүртэл онгоц авахдаа ийм SPV байгуулж Делаверт бүртгүүлж л байв. Оюу Толгойн 66 хувийг Рио Тинто тэргүүтэй барууны хөрөнгө оруулагчид, 34 хувийг Монгол улсын засгийн газар гэдэг хөрөнгө оруулдаггүйчүүд эзэмшдэг. 2013 оноос олборлолт эхэлмэгц төгрөг чангараад сүйд болно гэж байсан чинь эсрэгээрээ болсон нь Монголыг том шоконд оруулсан билээ. Монголчууд хүлээлтийн энэ таагүй шоокноосоо одоо ч гараагүй л байна. Иймд уул уурхайн асуудлыг чаддаг мэддэг хүмүүст нь даатгаад түр орхи. Улс төржилтийн эффектийг нь тусгаарлаад өгмөгц үнэхээр ашигтай алдагдалтай эсэх нь аяндаа мэдэгдээд ирнэ. Ганц нэг уурхайгаа тодорхой зорилгоор ашиглахаар зарлачихаач. Жишээ нь нэг нүүрсний уурхай олбол түүний орлого ашигийг зөвхөн боловсролд, өөр нэг уурхай олбол түүнийг эрүүл мэндэд л өгнө гээд УИХ-н тогтоолоор хуульчилчих л даа.

Зургаа: Улс орны эдийн засаг, үндэсний эрх ашигт тустай томоохон бизнесүүдийг зоригтой байлаут хий. Харин туслаж байгаа нь энэ гээд ард түмний мөнгөөр зүгээр угжаад байж болохгүй. Хэрэв тэр бизнес хувийнх юмуу олон нийтийн бол хувьцааг нь төр түр авч байж хөрөнгө оруулан дэмж. Удирдлагад нь хяналт тавь. Обама Автомэйкэрүүдээ яг ингэж босгосон. Крайслер, Шевролетийн хувьцааг 2008 онд төр нь ихэнхийг нь авсан. Дараа нь хөл дээр нь босгоод хувьцааг нь буцаан зарж оруулсан хөрөнгөнөөсөө ч их ашиг олсон. Төрийн бизнесүүдийг capital market-д нэвтрэх эрхийг нь нээж өг л дөө. МИАТ зэрэг төрийн олон компани хувьцаа эзэмшигч нь болсон засаг нь хөрөнгө оруулдаггүй, хөрөнгийн зах зээлээс мөнгө татах эрхгүйгээсээ болоод арилжааны зээлүүдэд багалзуурдуулчихаад л сууж байна. Төрийн компаниудын 30 хүртлэх хувийг хөрөнгийн зах зээл дээр гаргаж арилжин хөрөнгийн биржээ далимд нь тордоод ав. Хувьцаа худалдан авч байгаа эх үүсвэрийг мөрдөн мөшгөхгүй гэчихвэл олон нууц хөрөнгө ил гарах боломж бүрдэнэ. Үүнийг ашиглаж эдийн засагтаа витамин шахуул.

Долоо: Эдийн засагт өрсөлдөөнийг хүчээр албад. Ингэвэл үнэ бууж, ханш эрүүлжинэ. Миний “Үнийг номхруулах өрсөлдүүлэх чадвар” нийтлэлд энэ тухай тодорхой байх тул энд давхар нуршилгүй орхиё. Харин өрсөлдөөнийг эрчимжүүлэх хуулийн төсөл бичсэнээ энд хавсаргав. Харцгаана бизээ.

За ингээд завсарлая. Популизмаас халамжийг хасахгүйгээр салах үүнээс өөр сайн арга олдвол бүүр ч сайн л биз. Юутай ч халамжийг үлдээж, тэгсэн мөртлөө мөнгө тараахгүй байх үүнээс өөр арга миний хувьд харагдахгүй л байна.

Чойжилийн Чимэдийн “Магеллан хаагуур гарсан бэ” гэдэг бэсрэг өгүүллэгийг уншаагүй хүүхэд бидний үеийнхэнд байхгүй байх. Олон жил өнгөрч. Гэвч түүний хэлсэн мэссэж үнэ цэнээ одоо ч алдаагүй байна. Магеллан дунд голоор [гүүр даван] гүйдэггүй, харин Аргентинийг [популизмыг] тойрч Чилийн [мэдлэг] дундуур гарч их далайд хүрсэнийг өнөөдөр бүх хүн мэдэх болжээ.
    
Үргэлжлэл бий  





Saturday, January 17, 2015

Хямралын загалмайлсан эцэг

Дайны дараа европчууд Америк руу цагаачлах уу, Аргентин руу цагаачлах уу, аль нь дээр вэ хэмээн шийдэж ядан тээнэгэлздэг байсан гэвэл та нар итгэх үү?

2-р дайнаас асар их олз олсон 2 л улс байдаг юм. Нэг нь АНУ, нөгөө нь Аргентин. Европ, Ази, Хойд Африк даяараа байлдаж байх зуур хойд өмнөд америкт нам тайван байсан нь дайтаж буй талуудад хүнс нийлүүлж асар ихээр баяжих боломжийг олгожээ. Хөдөө аж ахуй нь л дангаараа шахуу тэр  их ашиг орлогыг оруулсан хэрэг. Дайтаж буй талууд юун яасан тариа будаа, мах ногоотой манатай байсан нь тэдэнд том боломж нээжээ. АНУ, Аргентин хоёр дайнаас үнэхээр мөнгөжиж чадсан гэдэг. Гэвч дайны дараагаас л тэдний зам салсан билээ. Генерал Эйзэнхаур Америкийг замжуулж, технологижуулан орчин үеийн хөгжил рүү нь түлхсэн бол хурандаа Хуан Перон Аргентийг халамжилж, эдийн засгийг нь буцаан төржүүлж, эцэст нь юу болгосоныг энд дурьдаад ч яахав. Та нар бараг мэднэ.

Өнөөдөр Монголчууд хямарч байна. Их идсэнээсээ болж гэдэс нь базлан, ууснаасаа болж тархи нь заадлаараа янгинаж, одоо гэрийнхээ хүнд загнуулан төгрөгнийхөө ханшаар хошногоо эргэтэл зад гүйлгэн сууна. Хямралын буруутан болох захын хар овоохойгоор “Хаан жимс” амралтын хүрэн дүнзэн байшинг тодруулан баахан улс төржсөн боловч цорын ганц шалтгаан нь бас тэр бишийг бид өнөөдөр л мэдэрч эхэлж байна. Гэвч яг юунаас болоод байнаа. Бас л тодорхойгүй хэвээр.

90-д оны ирээдүй баргар, эрээн бараан амьдралыг Энхбаярын их өрийг тэглэлээ гэсэн мэдээ сэргээж өгтөл Монголын эдийн засаг бараг зогсонги байлаа. Алдагдалтай аж ахуйнууд их хувьчлалаар хувьд очсон ч татвар төлөх байтугай талаас илүү нь тарж алга болсон үе байсан юм. Гончигдоржийн зараалаар Энхбаяртай уулзсан Баярцогт, Сайханбилэг нарын хийсэн тохиролцоогоор  их хувьчлалыг буцаахгүй болсон нь хувийнханд сэргэх урам өгөв. Энхбаяр улсын мэдэлд алдагдал үйлдвэрлэн хий эргэж байсан АПУ, СББ, ХХБ, Говийг мэнэжмэнт сайтай нөхдүүдэд хувьчлан өгсөн нь өдгөө дэлхийн тэрбумтнуудыг төрүүлдэг томоохон бизнесүүд болцгоожээ. Мянганы зам эхэлж олон аймагт тоос шороогүй хүрэх боломж нээгдэв. Эдийн засаг илт сэргэж төрийн сан зузаарахын хэрээр төр томорч, төр томрохын хэрээр авилгалын шарилж монгол даяар жигд сайхан халиуран ургалаа. 2004 он гарч сонгууль эхлэв.

2000 онд хосоо шувтруулан төрөөс хөөгдсөн Ардчилсан Нам ард түмэнд анхны марихуаныг нь хорлонтойгоор сорууллаа. 10000 төгрөг хүүхэд бүрд! Гурил шуудай нь 3500-5000 байсан нийгэмд энэ бол жинхэнэ тэсрэх бөмбөг байсан юм. Энэ амлалт олон хүүхэдтэй малчин айлын хувьд сард нэг морин тэрэг дүүрэн 25 кг-н шуудайтай гурил болж харагдав. Сонгууль бөөн будилаан болж болж нэг юм МАХН давж АН унасангүй тэнцлээ. Энэ удаад Энхсайханы ялалтын сокыг эхэлж уух ээлж Элбэгдоржид ирэв. 96 оны хариу ч гэж харж болохоор.

Сонгууль улс төр ч яахав. 10000 төгрөгний эдийн засгийн импакт дэндүү нүсэр боллоо. Нэг сая хүүхдэд өгөх мөнгө ч яахав. Бага хэрэг. Харин үүнийг дагасан инфляц, үнийн өсөлт эдийн засгийг хэцүүдүүлэх нь ойлгомжтой болж ирлээ. Малчид малаа махлахгүйгээр мөнгөтэй байх боломж бүрдсэнээр мал өсөж эхлэв. Мал өссөн ч тэд хэрэгцээнээсээ илүүг нь нядлах нь багасч үр дүнд нь махны үнэ эрчимтэй нэмэгдлээ. Хот хүрээнд хүүхдийнхээ мөнгөөр голоо зогоогоод байгаад байх боломж бүрдмэгц 70-80-д онд эвлэлийн илгээлтээр хөдөө хөөгдсөн хулхи малчид голдуу айлууд олноороо нийслэл, төв суурингуудад нүүн ирж шивээлэн бууж эхэлвээ. Тэд МХЗЭ, мал 2-оос болж үрэгдсэн амьдрал, үгүй болсон цаг хугацаагаа үр удамдаа залгамжлуулахыг хүссэнгүй. Анхны боломж гармагц л хот руу дайран орж ирцгээлээ. Хот руу нүүхээсээ өмнө үлдсэн цөөхөн малаа зараад ганц ганц эксэл авч унацгаасан нь Улаанбаатрын их түгжрэлийн суурийг тавьсан билээ. Зүгээр л уулзвар нэвтрэх соёлд суралцаагүйгээс анхны түгжрэлүүд эхэлсэн юм. Утаа ч энэ үеээс хоолойнд илт мэдрэгдэж эхэллээ. Тун удалгүй 10000 төгрөгийн халамж нь ч өөрөө инфляцад цохиулж 20000 болов.

2007 онд стратегич С.Баяр төрд гарав.  МАХН-аа МАН болгож коммунист нэрээ албан ёсоор цуцлав. С.Баярын төлөвлөгөө анхнаасаа л тодорхой байлаа. Тэр эдийн засгийн өсөлтийг гадаадын хөрөнгө оруулалтыг татах замаар сэргээхээр төлөвлөж байв. Учир нь олон жил сэмэртэл нь захласан уул уурхайн данга хөзөр түүний гарт ороод ирсэн байлаа. Гэвч АН-ынхан муугүй хөзөрчид гэдгээ дахин харуулж сонгуулиар бараг л гал (хос түүз) гаргаж шидэв. Хүүхдийн 20000 дээр нэмэх нь иргэн бүрд сая төгрөгний хувьцаа. Төлөвлөгөөгөө ямар ч үнээр хамаагүй биелүүлэхээр шийдсэн МАН зөрүүлээд 1.5 сая төгрөг бэлэн мөнгөөр амлав. Гэрлэсэн хос бүрд 500 мянга. Сонгууль энэ удаад найр биш нанчилдаан болов. Нанчилдаан нь намналцаан болов. Улаанбаатарт онц байдал зарлагдаж хуягт тэрэг төв зам дээр зогслоо. Энэ үед Түвшинбаяр олимпийн алт авчирч түвшин баяртай цагийг сэргээгээгүйсэн бол юу болж дуусах байсныг та бид мэднэ гэж үү. Хэрхэх байсныг ганцхүү тэнгэр л мэдэх байсан буйзаа.

Бужигнаан намжиж зөвшилцөөн эхэллээ. Сайдууд мөрөөдлийн сандлуудаа ч сайхан найртай хуваан авцгаав. Сонгуулийн амлалтуудаа ч хамтран “биелүүлж” эхлэв. Хүүхдийн 20 мянга, Хүний хөгжлийн 21 мянга, эхийн одонгийн 100-200 мянга, үдийн цай, Шинэ гэр бүл, шинэ хүүхэд, шинэ өндөр настан, шинэ өөр юу юу ч билээ.  Аан тийм, сураг нь гардаг ч бараа нь харагддаггүй 1072 ширхэг хувьцаа. Өгсөн халамжийг хэрэглэлгүй цааш нь хийсээр 4 хүүхэдтэй манайх гэдэг айлыг банкны хүүтэйгээ нийлээд бараг 15 орчим сая төгрөгөөр 10-д жилийн дотор төр хүчээр халамжилж орхив. Эхнэр бид 2 ч яахав төрийнхөө “ач”-ийг хариулж дарга нартаа дураараа дургих боломжийг нь  4, 4 жилээр олгосоор. Харин дарга нар маань давраад биднийг ажилгүй болгож холгосоор сүүлдээ сайдаа магтсангүй гэж шоронд хийв.

Ард түмэн сайд дарга нарын тэжээвэр pet болж хувирав. Хуц гэвэл хуцаад хурхир гэвэл хурхирч байдаг болцгоов. Залхуурал үндэсний соёл болтлоо цэцэглэлээ. Хийсэн бүтээсэн нь байвч хийхгүйтэй адилхан үнэлэгдэх тул тэгэсгээд сэхээтнүүдийн идэвх буурлаа. Эдийн засгийн өсөлтийг экскваторын шанагдалтын тоо л тодорхойлох хэмжээнд уул уурхайгаас Монгол улс хараат боллоо.  Гадныхантай гайгүй гэрээ байгуулж байж олж ирсэн мөнгөө дараагийн хөрөнгө оруулалтандаа нөөцлөх ухаан дутаж халамжинд тарааснаас Оюу Толгойн гэрээ ажил таг зогсов. Рио Гранд гол Мексикчүүдийн мөрөөдлийг хашиж хаадаг шиг Рио Тинто компани Монголыг доллараас тусгаарлан хашиж буланд шахав.

Тэгэж байтал оюутны 70000 сангийн яаман дээр аянга болон буулаа. Онцчуудыг бүтэн даадаг тэтгэлэг хааяагүй байдаг ч энэ бол хаана ч байхгүй, байгаагүй нүсэр халамж байлаа. Социализмын үед бүх оюутан тэтгэлэгтэй байсан ч бүгд шилдэгт нарийн шүүлтээр шигшигдэж байж дотоодын 15000, гадаадын 2000 орчим оюутны нэг болдог байсан үе гэдгийг сана. 80-д оны дунд үед хамгийн оргил үедээ л жилд 800 орчим оюутан гадаад явж байсныг УИД-д орж румын бэлтгэлийн хувцасанд очерлож байхдаа би мэдэж авч билээ. Ер нь бол 70 мянгын халамж оюутандаа наалдсан эсэх нь ёстой бүү мэд юутай ч үндэсний спирт, архи, пиавны бизнесээс дэлхийн хэмжээний анхны хоёр Монгол тэрбумтан төрсөн мэдээ 2014 оны сүүлчээр биднийг огшуулж билээ.
Хаягаа олоогүй халамж бол яг үнэндээ Монголыг удирддаг 500 гэр бүлийн хэдэн хүнд сандал олж өгөх, нам төрийн ордны нарийн тоостой хивсэн дээгүүр намс намс алхах эрхийг нээж өгөхөд л хэрэгтэй зүйл.  Нэгэнт төр авсан хүнд түүн шиг хэрэггүй юм уул нь байхгүй. Гэвч яалтай.

С.Баярын хөмхийгөө зуун байж байгуулсан засгийн газрын нэг том ололт нь уул уурхайг үнэнгээсээ хөдөлгөж чадсан явдал билээ. Үүнд хөрш хятадын эдийн засгийн өсөлт, австралийн үер гээд олон хүчин зүйл давхар нөлөөтэй.  Баярын амжилтын гол нууц нь сонгуульд ялсан хэрнээ сөрөг хүчнээ хажуудаа авч ажлаар даран завгүй болгоод сонгуулийн ялагдлын уурыг нь сарниаж чадсан нь хөрөнгө оруулагчдад улс төрийн тогтвортой байдлын баталгаа болж харагдсан явдал байлаа.  Мөнгө нэг хэсэг бороо шиг орсон ч  ахадсан мөрөөдлүүдээсээ болоод манан шиг замхарсан билээ. Мөнгөтэй болоод ирмэгц л Монголчуудын цээж баяны өвчин дээр дооргүй сэдэрсэн. 9 тэрбум доллар өгвөл аж үйлдвэрийн парк гээчийг барьвал чиг барилаа. Төмөр замыг хувийнхан барина гэж ямар балдууш нь байсын. Мөнгөтэйгөөрөө улс л барьчихъя. Алсдаа хятадтай байлдахдаа л нэг байлдах тул нэгмөсөн өргөн царигаар л барина. Та нарын тооцоо юу юмб. Энэ сумын засаг дарга нар гээд нэг сонгуульд мал шиг гүйдэг хэрнээ малчин шиг амьдралтай гарууд байна. Тэдэндээ засгийн удирдлагын ордонг нь ганц нэг заалтай барьж өгье. Нэг суманд 15 тэрбум төгрөг давай. Бүх аймгаа хар замаар холбоно. Гэх мэтээр миний мэдэх ганц хоёр сайдын хэмжээнд л гэхэд замбараагүй тоон дүнтэй том том амбицууд босож ирэв.  Мэдээж мөнгөөр, мөнгө байхгүй бол зээлээр. Хэн ч бартераар, бага мөнгөөр их ажил бүтээхээр төрд орж ирэхээ болив. Ардчилалын сүүлчийн найдвар Үүл баатар хүртэл хотын дарга болмогцоо хогны уут гэдэг үнэтэй хог тарааж өөрийнхөө хорин хэдэн жил үсчин байж хуримтлуулсан улс төрийн капиталаа хог дээр чулуудайдчихав.

Төрд итгэх итгэл найдвар хавтгайгаараа уналаа. Захын хар овоохойд тодорсон "хаан жимс"-ний байшингийн эзнийг шоглосоор байгаад засгаас татаад унагаачихав. Гэвч хямрал үргэлжилсээр. Мэдээж үргэлжилж л таарна. Учир нь хямрал дан ганц түүнээс болоогүй. Бас шинээрээ сайхнаараа байгаа ерөнхий сайд ч хямралын шалтгаан биш тул түүнийг сольсон ч хямарсаар л байх болно.   

Алтанхуягийн хувьд засгийн газраа ганцаараа удирдаж 3 долоо хоноод л уналаа. Эхлээд засгаасаа талыг нь гарга гэсэн шахаанд орж гаргангуут нь МАН-тай хавсарч хийсэн мэхэнд орж унав. Болд сайд тамгаа Ерөнхийлөгчийн зөвлөхөд зүгээр өгчихсөн бол засаг бүхлээрээ унахгүй ч байх боломж бол байсан л байж гэж засгийн бүтцийн өөрчлөлтийн яамдын нэр уснаас анзаарсан. Гэвч болсон юм болоод л өнгөрлөө.
Алтанхуягийн засгийн газар 3 ерөнхий сайдтай байснаас болж маш зовлонтой байсан нь үнэн. Тэр засгийн газарт Алтанхуягаас гадна Жэнко, Портуун гэж ерөнхий сайдууд байлаа. Дор дороо мөрийн хөтөлбөр мөрөөдлийн жагсаалттай тийм ерөнхий сайдуудыг удирдах боломж байсан эсэхэд би одоо ч эргэлздэг. Тохиролцооны томилгооны л сүүдэр байх.

Бонд гаргаж өр тавьсан боловч түүний төлбөрийн хугацаа болоогүй тул чингис бондыг хямралд буруутгах шалтаг олоход хүнд. Мэдээж зарцуулалт асар буруу байсан. Очиж очиж 888 байхдаа ч яахав дээ. Бидний аз болоход 1.5 тэрбумханы бондоор тоглосоныхоо ачаар 5-10 тэрбумын өр тавих нүүргүй болж ирээдүй хойч маань аврагдах шив. Монголын крединт рэйтингийг унагааж өгч цаашдын асар их өр зээлнээс аварлаа. Энэ тэнэглэлүүд were perfectly normal, thank you very much.

Дээгүүр ийм байхад доогуур паралич байдал хавтгай байв. 2012 оны 11 сард томилогдсон МИАТ-н захирал компаниа өөрөө удирдаад дөнгөж 3 сар болж байна. Гэвч бас л халаа сэлгээнд өртөх шахлаа. Өмнөх 2 жилд МИАТ-г Энхтайвны гүүрний дэргэдээс гардан удирдаж байсныг бүгд мэднэ. Үр дүн нь өнөөгийн мухардал. МИАТ ч яахав. Засгийн компани. Засаг нь босгоно гэвэл босгоод боож унагаана гэвэл унагаагаад зарна гэвэл зарна л биз. Миний мэдэх газруудад л ийм байсан юм чинь улс орны хэмжээгээр зураг гаргаж харъя гэвэл ардчилалынхан, ардын намынхны хийсэн хоёр том понарам зургийг нийлүүлсэнээс ч том зураг гарч магадгүй л юм. Базарваань.

Хятадад шинэ удирдагч Ши гарав. Авилгалтай тэмцэхээ зарлалаа. Хятадад авилгыг бэлэн мөнгөөр бус байр буюу үл хөдлөх хөрөнгөөр өгдөг байсан бололтой. Хуулиар нэг айл нэг хотод нэг л байртай байх ёстой тул авилгын байруудыг өөр өөр хотод өгч эхэлжээ. Хятадын дундаж дарга л янз бүрийн хотуудад 40-50 байртай болсон нь үл хөдлөх хөрөнгийн мэдээлэлийг үндэсний хэмжээнд нэгтгэсэн ажлын  үр дүнд ил болов. Хятадын дарга нар агшив. Цааз элбэгшив. Үүнийг дагаад хятадад үл хөдлөх хөрөнгийн эрэлт огцом уналаа. Барилгын үндсэн түүхий эд болох гангийн эрэлт буурав. Гангийн эрэлтийн бууралтыг дагаад манай коксжих нүүрс шороо боллоо. Хятад том эдийн засаг тул системийн засвартаа том зардал гаргаж, түүнийхээ пянг дааж чадлаа. Харин Монгол л  чирэгдэн элгээрээ мөлхөхдөө тулав.

Монголд бас авилгалтай тэмцэв. Авилгал өгсөнийг, авсаныг заримдаа өгөөгүйг нь ч АТГ-р айлгаж орхив. Шударгаар өрсөлдөөд шовхоо үзсэнээс АТГ-д ховлож төрийн зардлаар өрсөлдөгчөө замаасаа зайлуулах нь хамаагүй амар хямд арга зам болж хувирлаа. АТГ ирсэн мэдээлэл бүрд нухацтай хандан, шалгаж мухарлах үүрэгтэй. Ажил нь тэр юм. АТГ өөрөө ч мэдэлгүй улс төр, бизнесийн шударга бус өрсөлдөөний багаж болж орхив. Үр дүнд нь авилгалтай хийх тэмцэл утгаа алдаж эхэллээ. Шальдар бульдар жиргээг хүртэл АТГ-д ховлож суудаг, дүү нь ажилладаг АТГ-с гаргуулсан тодорхойлолтоор жиргээчийг шүүх дээр ялдаг сайдтай болов. Тэндэр булаалдсан компаниуд, сандал булаалдсан дарга нар нэгнээ ховлож хорлох нь хэрээс хэтрэв. Олон мөрөөрөө бизнесмэн намс хийн агшлаа. Тэд төртэй бизнес хийхээс цааргалах болов. Гай болж гэрээ хийсэн дарга нь өөр хэргээр ч хамаагүй АТГ-д дуудагдвал түүний бизнесийг ч бас зүгээр байлгахгүй нь тодорхой болж ирмэгц бизнесийн тэлэлтийн плануудаа хойш нь тавьцгааж эхлэв. Ажлын байр шинээр нэмж үүсгэх олон төлөвлөгөө on hold болон царцлаа. Айж эмээлгүй эргэлдүүлж байсан мөнгөнүүдээ ч гудсан дороо нууцгаав. Зарим тооцоогоор 2-3 тэрбум доллар нууц байдалд орж, эргэлтээс татагдан тэр хэрээр улсын эдийн засаг агшсан байна.  

За томчуудын толхилцоон ч яахав. Төрийн бужигнаан ард түмний амьдрал дээр яаж бууж байгааг харъя. Ганц үгээр хэлэхэд шинээр засаглагчдын цомхотгол, хэмнэлт, бүсээ чангалалт гэсэн дуу тасгийн пулементны жигдхэн тургиа шиг л тачигнаж байна.  Хэмнэлт ч хийнэ л гэнэ. Мөнгө хэрэгтэй л гэнэ. Нөгөө сайн эрсийн агуу мөрөөдлийг биелүүлэх мөнгө хэрэгтэй бололтой. 2013 оноос эрчээ авч одоо ид хурдандаа орж байгаа цомхотгол, халаа сэлгээний давалгаа л эдийн засагт хамгийн сөрөг үр дүн дуудаад байна. Хэний ч ажлын байр баталгаагүй болоод ирэхийн цагт үл хөдлөх хөрөнгийн зах зээл дагаад уналтанд орчихлоо. Ажлын байрны баталгаа алдагдсанаас айсан агшилтаас болж байр авах, моргэжийн гэрээнд итгэлтэй зоригтой гарын үсэг зурагчдын тоо эрс цөөрлөө. Барилгын салбар бажгадаж эхлэв. Үнээ буулгасан ч ажлын байрны баталгаа сэргээгүй тул үл хөдлөх хөрөнгийн худалдан авалт нь уруудсаар. Асар их зээлээр тэтгэсэн барилгын салбарынх нь хөөс хагарч, өрөм нь шалчийж эхэлмэгц банкууд сандарч эхлэв. Банк, барилга, худалдан авагч гэсэн чухал хэлхээсийн нэг тулгуурыг хөрөөдөж хаясан намчин, фракцчид бие биенээсээ өрсөн нэгэндээ бурууг тохохоор уралдацгаав. Ингэхдээ засгаа сольж тэр мөчирийг тайран хаях хөрөөг улам л ирлэж орхилоо.  Цомхотгол, халаа сэлгээ, үүсгээгүй ажлын байр бүхэн монголын бизнесүүдийн худалдан авагчийн тоог цөөрүүлэх, монголын бизнестэй хийж буй дайн юм. Энэ дайнд намууд ялж, над мэт нь ялагдав.

Харвардын шинэхэн төгсөгч Элбэгдоржтой 2003 оны намар МЗХ-ны 310 тоот дахь Эрх чөлөө төвийн өрөөнд нэлээд хэдэн удаа ярилцан суудаг байв. Мань хүн Нүүх үү Үлдэх үү алдарт лекцийнхээ content development дээр ид ажиллаж надаас мэргэжилийн хүний хувьд агаарын хаабын талаар асууж тодруулж байсан юм.  Бид хөгжлийн тухай, Хар Хорины тухай, засгийн зарчмын тухай сэтгэл хөдлөм зүйлс олныг ярилцсан.
Эби нэг удаа надаас асууж байна
Монголын хөгжлийн хамгийн том дайсан юу вэ
Популизм гэж би бодох ч үгүй шууд хариуллаа. Тэр санал нийлж байгаагаа илэрхийлж толгой дохиод, ноот бичдэг дөрвөлжин жижиг цаасан дээрээ юм тэмдэглэж авлаа.
Тиймээ миний хариулт бэлэн байсан юм. Тэр үед би Мадоннагийн Don’t Cry For Me Argentina дууг хэдийнээ сонсоод хямралын загалмайлсан эцэг Хуан Пероны тухай нэлээд судалчихсан байлаа. 
Энэ ярианаас хойш яг 9 сарын дараа ардчилсан нам хүүхдийн 10000-г зарлан, яг 69 сарын дараа Элбэгдорж дарга үндэсний эцгээр тодорсон юм даа.



Үргэлжлэл ... “Магеллан хаагуур гарах вэ