Sunday, May 10, 2015

Geopolitics for dummies буюу Жэнкогийн зөв

5 сарын 9-ний ялалтын парадыг би ч харлаа, бишид нь ч харлаа. Ялалтын ойд зочлон очсон Монгол улсын тэргүүнийг Монгол цэргийн рот нь алхаж явахад нь оросын төв телевиз ганцааранг нь харуулалгүй өнгөрөөснийг ч дэлхий даяараа харлаа. Ялалтын баяр ялалтанд хувь нэмэр оруулагчдын хамтын баяр биш, жилийн өмнөх крымын ялалтаасаа болж буланд шахагдсан Оросын талд зогсогчдын чуулга уулзалт болжээ гэх сэтгэгдэлтэй бүгд үлдэцгээлээ.

Ямар ч цэргийн марш бол геополитикийн мэссэж байдаг. Өчигдрийн парадын мэссэж 2 утгагүйгээр Оросын геополитикийн постановкийг харууллаа. Өрнөдийнхөнд шахагдсан Орос зөвхөн өөртөө болон Азийн холбоотнууддаа найдах л үлдсэн бололтой.  Монгол мэдээж тэр тоонд нь багтаагүй. Өдгөө оросуудад хахир өвлийн тулаанд дулаан байлдах нэхий дээл, эсгий гутал, адууны илчлэг мах нэгэнт хэрэггүй болжээ. Юутай ч Монголыг урж тасдах шахаж байгаа уул уурхай, геополитикийн  хэрүүлийг яаралтай цэгцлэх шаардлагыг би л хувьдаа олж харлаа. Хоёр хөршийнхөө ашиг сонирхлын зөрүүн дээр оршин байдаг манай улсын тусгаар тогтноолын хувьд эдгээрийн дотно харилцаа, ялангуяа цэрэг стратегийн түншлэл бол осолтой дохио юм.  

Би Х.Баттулга гэдэг хүний фээн биш. Гэвч түүний заримдаа зөв, заримдаа буруу ярьдаг геополитикийн сэдвийг тоохгүй орхиж болохгүй нь гэж бодлоо. Тусгаар тогтнол, геополитик гэдэг бол бас тийм ч амар тоглоом биш юм шүү.

Өрнө дорныг эзэлсэн их өвгөд маань хойно, өмнө, баруун зүгтээ 3 том улс байгуулж үлдээсэн нь өдгөөгийн Орос, Хятад, Казах гурав билээ. Бат хаан өөрийн өргөмөл хүү Невийн Александрын доор хот хотоо манан модон хэрмэн дотроо бүгэн суусан славян ван, хаадыг нэгтгэж өгсөн байдаг бол, Хубилай хаан Алтан улс, Сүн улс болон бусад улсыг нэгтгэн захирч байсны хүчээр өнөөгийн хятад нэгдмэл байдлаа олж байсан байдаг. Оросууд сүүлийн 90-д жил Татар-Монголын дарлал хэмээх зохиомол үлгэрт итгэсэн хэвээрээ шахуу байгаа нь Монголчуудаас боломж гарвал жийрхэх шалтаг нь болдог. Харин Хятадын хувьд Монголын Хубилай хааны эзэнт гүрнийхээ нийслэлээ шилжүүлсэн Бээжинд төвтэй Юань улсын түүх, мөн хятадыг эзлэн сууж байсан Манж улсын вассал улс болж  байсан Монгол улсыг түүх гуйвуулах замаар өөрийн хэсэг байсан гэж нотлох далд хүсэлтэй байдаг нь нууц биш. Гэтэл түүх сөхөөд ч домог зохиогоод ч Хятад Монголын түүхэн хил түмэн газарт бараатай хэвээрээ л байна. Цагаан хэрэм цаашид хэдэн арван мянган жил энэ хэвээрээ байх бизээ. Гэвч тайвшрал бол цагаан хэрэм биш.
Зүчийн улсын суурин дээр үлдсэн зүүн гарын хаант улсын залгамж болон өндийсөн одоогийн Казахстан бол Манжид вассал болоогүй үлдсэн бас л нэг Монгол туурагтнууд билээ. Тэд Манжаас хараат бус үлдэхийн тулд тэр цагаас л хаант Оростой ойртон зузаарсан нь өнөөдөр улам ч бат болж ирсэнийг бид харлаа. Хамгийн том далайд гарцгүй улс ч байрлалын боломж өргөнтэй. Олон шашнаар хүрээлүүлсэн улс. Энэ нь давуу тал уу сул тал уу гэдэг нь алсдаа харагдах бизээ.

Геополитик гэж юу бэ. Би бол жирийн л инженер. Геополитикч биш, тэр тусмаа гео-эдийн засагч бол бүүр ч биш. Гэхдээ би  өөрийн мөхөс мэдлэгийн хэмжээнд улс орнуудын харилцаа, оршин байхуйн чухал асуудал болсон геополитикийн тухай өөрийн ойлголтоо та нартай хуваалцъя. Товч үгээр илэрхийлбэл геополитик бол улс төрийн газрын зураг зурах урлаг юм. Дэлхийн геополитикийг хамж яривал далай л гэсэн үг тул Монголд шууд хамаатай улсуудын асуудлыг л хөндөж ярья. Үнэндээ хоёр хөршийнхөө дунд хавчуулагдсан Монголд хоёр хөршийнх нь асуудлаас чухал юм байхгүй билээ. Иймээс эднийг л ярья.

Нэгэн түүхээс эхэлье. Би анх Мөрөн 3-р 8 жилийн 3б ангийн сурагч ахуйдаа геополитикийн нүсэр нүүдлийн гэрч нь болсон юм.
1979 оны хавар цаг. Тэнгэрт тулсан их тоос, цэргийн техник, орос бакиал, дизелийн үнэр. 5 өдөр хөвөрсөн их цэргийн цуваа. Тиймээ орос цэргийн цуваа манай Мөрөнгийн арын дэнжээр 5 хоног цувсан юм. Хаврын шороо манарсан жихүүн салхинд нусаа хацартаа жинхнээсээ наасан бидний бацаануудын анхны дайны олз цэрэг (пилотка) малгай, таван хошуу, азтай заримд нь цэрэг дуран, планшет цүнх байж билээ. Хожим сонсохнээ социалист Битмам гэдэг улс руу Маогийн Хятадууд дайраад дайнч хятадаас Монголыг хамгаалахаар Зөвлөлтийн их цэрэг орж ирсэн нь тэр байсан юм билээ. Орж ирсэн цэргийн тоо саяаар тоологдож байсныг хожим мэдсэн.

Яг үнэндээ энэ бол Хятадын дэмждэг Пол Потын Кампуч руу Вьетнам урд жилийнх нь эцсээр дайрч, Вьетнамыг хашраахаар Хятад Вьетнам руу дайрч, Хятадыг айлгахаар Орос Монгол руу цэргээ оруулж хятадын умард хилд эгнэн байрласан хэрэг байсан юм билээ. Вьетнам руу Хятад дайрсан даруйд ЗХУ Хятадын элчин сайдыг ажилтнуудынх нь хамт Москвагаас хөөн гаргасан байдаг. Ингэхдээ онгоцоор биш Монголын хил хүртэл төмөр замаар явуулжээ. Уралаас наашхи төмөр замын өртөө бүрд дорно зүгийг чиглэн хөдөлж байгаа цэргийн техник, зэр зэвсэг, бие бүрэлдхүүн пиг чихсэн байсан нь хятадын элчингийнхэнд анзаарагдахгүй өнгөрөөгүй нь мэдээж. Анзаарах байтугай асар дарамтанд оруулсан нь тодорхой. Тухайн үеийн Хятадын олон сая хүнтэй ч зэвсэг техник муутай армийг дор нь нугаслаад, дэглэмийг нь сөнөөж чадах их хүчийг албаар Бээжинд харуулсан хэрэг тэр байжээ. Юм бүхэн 2 талтай гэгчээр өнөөдөр ч гэсэн хятадын удирдагчийг урьж аваачин парад сонирхуулаад ардын чөлөөлөх арми нь Оросыг гүйцэх яагаачгүй байгааг харуулж орхилоо. Улаан талбайгаар түжигнээд өнгөрсөн ганц танкийн технологийг гүйцэхийн тулд хятадад дор хаяж 20-30 жил шаардагдах болно. Цаадуул нь ч энэ мессежийг ойлгож байгаа. Мөн Ши-г дагалдан Москвад очсон хүмүүс барууны хоригт орсон оросын эдийн засаг ямар хүндрэлтэй тулж байгааг ч нүдээрээ харж авсан нь ойлгомжтой. Тэнд бүх юм телевизор доторхи шигээ сайхан байхгүй байгаа нь тодорхой.

Орос цэргүүд Мөрөнгийн тэнгэрт шороо босгосоноос яг 10 жилийн өмнө Амар мөрний жижиг арал Даманскийг булаалдсан тулаан болсон билээ. Уг арал дээрх тулалдаанд Оросын хилийн бяцхан застав орчин үеийн зэвсгийн хүчээр Хятадын 5000 цэргийг ялж орхисон нь Моа-д жинхэнээсээ аймшигтай сигнал болж очсон юм. Оросууд нууц зэвсэг хэрэглэж хятад цэргүүдийг хядсан ч гэж дам яригддаг. Юутай ч Хятадууд бөмбөгнөөс хоргодох байрууд барьж, Бээжинд өгөх ЗХУ-н цохилтыг хүлээн нам болцгоосон гэдэг. Барууны суртлын түрэлтийг зогсоох, магадгүй Хятадыг айлгах давхар зорилготойгоор тэр жилийн зун нь Оросын танк Прагын хаврыг дарж социализмыг Чехэд “аварсан” байдаг.

Онцын стратегийн ач холбогдолгүй уг арлыг хилийн шугам тогтоох хэлэлцээрийн аргаар өгч авалцах бололцоо байсаар байтал Хятад яагаад хүчтэй хөршөө өдөж байж зодуулав гэдэг их сонин. Тухайн үед ЗХУ-АНУ-н хооронд зэвсэглэлээр хөөцөлдөх явдлыг хязгаарлах хэлэлцээр ид ярилдаж байсан билээ. Эх газрын Хятад НҮБ-д гишүүнчлэлгүйдээ сэтгэл дундуур явсан нь бас мэдээж. Энэ хилийн мөргөлдөөний дараа Орос ч тэр, Америк ч тэр эх газрын соёлын хувьсгалдаа солиорч байсан Хятадад өмнөхөөсөө илүү анхаарал хандуулж эхэлсэн байдаг. Бүх соц системээс Хятад ганцаараа Чехийн хаврын хувьсгалыг илт магтан дэмжсэн нь ч бас учиртай. Оросын эсрэг буу дуугаргаж чадах, барууны чөлөөт үзлийн түрэлтийг дэмжих холбоотон ч барууныханд хэрэгтэй. Эцсийн эцэст Моагийн хийсэн нүүдэл үр дүнд хүрч 1971 оноос Чан Кай Ши-гийн БНХУ-г НҮБ-с туун гаргаад оронд нь БНХАУ орсон байдаг билээ.

Тухайн үед БНМАУ бол ЗХУ-н хамгийн ойрын холбоотон статусаа алдаагүй, Орос ч хаалттай эдийн засгийг эхнээсээ хөгжүүлсэн тул гадаад ертөнцөөс бага хамааралтайгаас амьдрах орон зай, зах зээлийн төлөө нөхдөө жийх хэмжээнд очдоггүй байжээ. 2-р дайны хамаг хүндийг үүрэлцсэн, Социализмыг дэлхийн үзэгдэл болох эхлэлийг нь тавилцсан Монголыг Брежнев өөр нүдээр хардаг байсан нь Цэдэнбалын үеийн их бүтээн босголтууд болж Монголд том хожоо авчирсан юм.

Монгол улс дэлхийн их бужигнаан дунд бүдгэрсэн ч бүдэрчихгүй хоёр хөл дээрээ байнга бат зогсон босож ирж чадаж байсны нэг нууц нь хойд өмнөд хөршүүдтэйгээ тэдний соёл, тэдний зан заншлаар тус тусад нь харьцаж асуудлаа ойлгуулж, аргаа ололцож чадаж байсаны үр дүн юм. Өнөөдөр бид Оростой англиар, Хятадтай оросоор ярих гэж мунгинаж сууна. Улсаа олигтой ардчилж, дэлхийн дэмжлэгийг нэгмөсөн сайн авахын оронд хагас коммунизмын системдээ буцахаар улайрцгааж, ардаа асаалттай танкгүй хэрнээ хөрш улсуудтайгаа тэрсэлдэхээр тэнэглэцгээж байна. Бид тусгаар тогтонолдоо уг нь юугаа ч хайрлаагүй. Шашин шүтлэг, газар нутаг, амь нас, эд баялаг гээд өгч болох бүхнээ өгсөн. Дэлхийн дайн ойртон байгааг зөнгөөрөө мэдэрсэн Сталины дорно зүгт ар худрагаар нь бужигнаж сандаргадаггүй тоглоомын улстай болж авах гэсэн болгоомжлолыг хэрэгжүүлж 1937 онд их хэлмэгдүүлт өрнүүлсэн. Дайны жилүүдэд Монголчууд хамаг амжиргаагаа харамгүй фронтод илгээн найдваргүй шахуу байсан зөвлөлтийн армийн талд бат зогссоны шагнал нь Ялтын гэрээний тохиролцоо болж  ирсэн. Ялтын гэрээгээр зөвхөн Монголын тусгаар асуудал шийдэгдээгүй. Австри улс ч бас Германаас тусгаарлаж авсан байдаг. Өнөөдөр Зөвлөлтийн дайчдын хөшөөг гутаан доромжилж гундаан муутгаагүй цорын ганц барууны улс бол Австри. Тэд тусгаар тогтнолоо хэрхэн олж авсанаа мартахгүй байна. Мэдээж Ялтын тэр гэрээгээр Монголын газрын зураг Богд хаант Монгол улсынхаас хамаагүй жижгэрч зурагдсан нь ойлгомжтой. Өмнөө өвөр Монголоо, Хойноо Буриад, Тувагаа бэлэглэж байж Монгол улс тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлж чадсан билээ. 1945 оны чөлөөлөх дайнаар Өвөр Монголоо эргүүлэн авч Монгол Хятадын түүхэн хил цагаан хэрмээр хилээ тогтоохыг оролдож үзсэн ч их гүрнүүдийн тохироо нэгэнт хийгдсэн тул яаж ч чадаагүй юм. 1949 онд хятадад БНХАУ байгуулагдсанаас хойш өмнөх жилүүдэд болж байсан хилийн байнгын маргаан, мөргөлдөөнийг эцэс болгох, хилээ баталгаажуулан тодотгох ажлыг 60-д оны дунд үе хүртэл хийсэн нь өнөөгийн тусгаар тогтнол хэмээх бидний бахархлын гол үндэс нь болсон юм. Урд хил дээр манай Хөвсгөлийн Даваадорж баатар тулалдсан шиг тулаан умард хил дээр болж байсангүй. Гэхдээ энэ бол орос ах нар хилийн шонгоо зөөгөөгүй гэсэн хэрэг биш. Тэд хилийн шонг байнга л 5-10 метрээр нь зөөсөөр ирсэн. Цэдэнбалын төрсөн бууц, Давст уул өнөөдөр хилийн шонгийн цаана гарчээ. Хойд хилийг үе удмаараа сахин суусан манай ах дүү төрөл төрөгсөд ч энэ байдлыг анзаарч байдаг. Хилийн маргаант асуудлыг ах дүүгийн найрамдалд сэв суулгах сэдэв хэмээн нам дараад өнгөрдөг байсныг бүгд мэднэ             

Өнөөдөр Монголчууд уул уурхайн их ангалын ирмэг дээр ирээд байна. Ухаад ухсан нүхэндээ унах уу, ухаад овоолсон баялагтаа дөрөөлж авирах уу. Олон хүн орших уу эс орших уу хэмээх мөнхийн асуултыг босгон ирж Гамлет царайлна.

Өнөөгийн Монголын байдал ямар байна. Бидний эрх ашиг хаагуур яаж явбал хөндөгдөхгүй байх вэ. Өнөөдөр бид нэг талд тал засаж нөгөө хөрштэйгөө муудалцах цаг мөн үү. Нэг нь тоохгүй байхад нөгөөтэйгөө муудалцчихвал хэн хохирох юм? Тэд хамтдаа урд эгнээнд зэрэгцээд сууж байхыг бүгд харлаа шүү дээ. Ер нь яавал дээр вээ гэдгээ улс төрчид улс орныг авч яваа хүмүүс цуглаж нухацтай ярих цаг болсон мэт. Ялангуяа гадаад бодлогын стратеги тактикууддаа улс төрийн намуудын хэмжээнд том нэгдмэл байдалд хүрэхгүй бол болохгүй нь.

Юун түрүүнд нөхцөл байдалдаа разбиралдацгаая. Энгийн өнгөц харахад л Орост бидний уран, Хятадад бидний нүүрс хэрэгтэй байна. Уранаар цөмийн түлш, хуяг нэвтлэх сумны хошуу хийдэг. Үгүйдээ л энэ баялаг бусдын гарт орохыг Орос хүсэхгүй л болов уу. Саяхан ялагдсан арбитрын хэрэг ч бас үүнтэй холбоотой асуудлаас үүссэнийг бид мэднэ. Монголын нүүрс бол Хятадын хувьд Австралийн нүүрсний монополийг задлан үнийг доогуур барьж байх сайхан багаж. Ах дүү Украинаа алдаад, Беларусаа ирээдүй муутай авторитар дэглэмээр нь арай гэж тогтоож байгаа Оросын хувьд Казакстан, Монгол гэдэг 2 буфер улсыг зүгээр бусдад тавиад өгөхгүй л болов уу. Тэд Монголыг алдвал алс дорнодоо сибирээр таслуулж, Казахстаныг алдвал уралаас зүүн тийшхийг бас алдах болно. Ийм явдал болвол Хятад Оросын азийн хэсгийг эзлэн авах эсэх нь цаг хугацааны л асуудал. Иймд Орос Хятадын завсарт дэлхийн улс гүрнүүдийн анхаарал, олон улсын эрх зүйгээр хамгаалагдсан тусгаар улсууд байж байх нь эдгээрийн аль альных нь аюулгүй байдалд хэрэгтэй юм. 
Хятад Монголыг дайран эзлээд барууны хоригт орвол бараг л амиа хорлосоноос ялгаагүй зүйл болно. Америкийн номхон далайн флот хаяанд нь Гуам, Окинава арлууд дээрээс хараад л байж байгааг тэд байнга мэддэг. Хятад бол гадны аюулаас илүүтэйгээр дотоодын самуунаасаа айж болгоомжилж байдаг улс. Түвд, Уйгур бол толгойных нь өвчин нь. Хонг Конг ч бас нэмэгдэх шинжтэй. Тайвань бол байнга салаавч үзүүлээстэй. Өвөр Монголд ч тэд онцгойгоор ханддаг нь бас учиртай. Энд нутгийн монголчуудын дургүйцлийг төрүүлсэн ямар ч хятадыг хамгийн хатуугаар шийтгэдэг. Өвөр Монголчууд харьцангуй цөөхүүлээ ч үндэсний хувьсгалыг өдөөж, уйгур, түвдийг уруу татах чадалтай, зүрх зоригтойг хятадууд сайн мэдэж тэдэнд зүсэн зүйлийн давуу тал де факто олгож байдаг нь нууц биш. Иймээс Монгол руу дайрах нь Хятад өөрийнхөө улсын задралыг дуудсан тэнэг хэрэг болох тул ийм явдал мөддөө болохгүй. Ингэвэл тэд зөвхөн дотоодын самуунд өртөөд зогсохгүй барууны ертөнцөд бараа нийлүүлдэг бүх эдийн засаг нь дампуурч эдийн засаг-улс төрийн сүйрэлд өртөх болно. Америк Хятадыг сөхрүүлье гэвэл хажуудаа байгаа Мексикийг өөд нь татахад л хангалттай юм. Хятадаас бүх үйлдвэрээ татаад Мексикт байрлуулчихвал ядуугийн улмаас хар тамхины дайнд шаналсан Мексик дороо л Хятад шиг босоод ирнэ. Латин Америкийн сая сая хямд хүч Хятадын орон зайг дор нь эзлээд авчихна. Энэ бол бодит үнэн. Монголын үржил шим муутай тал нутаг яавч Хятадын улсынхаа бүрэн бүтэн байдал, эдийн засаг, коммунист төрөө нурааж байгаад ч хамаагүй олж авах ёстой олз бишийг үе дамжсан бодлоготой цаадуул чинь мэдэхийн цаагуур мэдэж байгаа.

Казахстан бол хэзээнээсээ Оросын стратегийн зэвсэглэлийн туршилтын бааз, сансрын түшиц газар, үр тарианы нөөц талбай болсоор ирсэн. Өнөөдөр барууны хоригт орсон Оросын хувьд Хятадтай эн зэрэгцэх ач холбогдол Казакуудад ирж байна. Казакууд зүгээр л Хятад Оросын хилийн хооронд өөрийн зам, өөрийн тракаар тээвэр хийгээд л асар их ашиг олоод эхэлчихэж. Хятадаас Казахстанд нийлүүлсэн барааг тэд гаалийн бичиг баримтыг нь хувиргаад л Орост нийлүүлж түүнийг изоляцаас аварч байна. Энэ наймаа Орост ч, Хятадад ч ашигтай. Орос барууны хоригт орсон ч бараагаар тасрахгүй, Хятад барууны хоригт орсон Оростой шууд наймаа хийсэн болж харагдахгүй. 90-д оны бидний наймааны алтан үеээс хэдэн зуу, мянга дахин их эргэлт их ашигтай наймааг өнөөдөр Казахстан улс хийж байна. Нөгөө гео-эдийн засагчид үүнийг ойлгодог ч юм уу үгүй ч юм уу? Тэд тээврийн mode, төмөр замын өргөн нарийн цариг гэж хэрэлдэн цаг алдсангүй.  Казахстаны бас нэг онцлог нь араб, персийн ертөнцийг Оросын нутгаас зааглан тусгаарлаж байдаг.

Оросын цэргийн номлол, хамгаалалтын системд орон зай маш чухал үүрэгтэй. Орон зайг буй болгоход буфер улсуудын эдийн засаг ч чухал оролцоотой байдаг. Украины хямрал бол яг үнэндээ Европын зах зээлийг булаалдсан Орос байгалийн хий, Америк занарын хийн бизнесийн л тэмцэл. Украиныг барууныханд алдвал НАТО оросын хилд шууд тулж очих боломж үүснэ. Энэ бол Москвагийн хувьд хүлээн зөвшөөрөх боломжгүй аюул нь мэдээж. Украинаас сургамж авсан Орос ямар ч үнээр хамаагүй “ардчилсан”  Монголыг тойруулан дэд бүтцээ байгуулж зорилтот зах зээлдээ хүргэх замыг нэгэнт сонгожээ. Энэ нь нэг талаар Монголыг үл тоож байгаа мэт харагдах ч нөгөө талаар асар ихээр ойшоон болгоомжилж байгаагийн илрэл юм.

Монголчууд өнөөдөр С.Баярыг хараан зүхсээр, байр сууцыг нь илрүүлэн тоолсоор сууна. Түүний засгийн газрын байгуулсан Оюу Толгойг олгой толгойтой бүхэн л муулж байна. Үнэхээр С.Баяр Оюу Толгойг хөдөлгөж түүнд барууны сонирхлыг томоор оруулж ирээгүй бол юу болох байсан бол. Хувьцаа нь дэлхий биржүүдээр арилжаалагдаж үй олон америк, канад, австрали иргэдийн ашиг сонирхлыг оруулж ирээгүй байсан бол Путин, Ши 2-н найрсаг уулзалтын дараа л Монголын байдал асар харанхуй болж ирэх байсныг шуудхан хэлэх хэрэгтэй байх. Оюу толгой бол хадны завсар хавчуулагдсан халиуны зулзагыг няц даруулахгүй хамгаалахаар хадны завсар зоосон шаант юм байгаан шд. Оюу толгойн хувьд нэг ч төгрөг оруулахгүй байлаа ч Монголын тусгаар байдлын баталгааг нэг хэсэгтээ л хангалцах хүчин зүйл хэвээрээ үлдэнэ. Манайхан харин тэднийг хөөн туухаа больчихвол дээр.  С.Баярыг зөв юм хийсэн гэж Жэнкогийн хэлээд байдаг нь ч бас зөв юм.

Бидэнд Оюу Толгойн олгож байгаа үүлэн чөлөөний нар болсон ирэх 30-40 жилийн боломжоо ашиглан хөршүүдтэйгээ наймаалцаж, хэрэгтэйг нь худалдаж, хэрэгтэйгээ салгаж, ойлголцож, ойлголцохын хэрээр ойртон бас дэлхийн олон улсуудын ашиг сонирхлыг Монголд яаралтай хавчуулж амжих хэрэгтэй байна. Уул уурхайг Монгол хүний чадамжийг дээшлүүлж нэг монгол нэжгээд хөрштэйгөө тэнцүү өрсөлдөж чадах хэмжээнд хүргэхэд ашиглах шаардлагатай байгаа юм.

Бид хөршүүдээсээ болгоомжлон жийрхэх тусам л улам хөндийрнө. Хөндий хөршүүдийг давж хэн ч орж ирэхгүй. Гадны хөрөнгө оруулалт орж ирвэл Монголоос Хятадтай, Оростой хийх бизнес юу байна л гэж орж ирвэл ирэх байх. Гэтэл бид тэр хөршүүдтэйгээ түнжин муутай байвал гадны бизнест ч сайнаар нөлөөлөхгүй тул тэд орж ирэхээс болгоомжлох болно.

Бидний хувьд Оростой америкаар ярих гэдгээ болиод Оростой оросоор нь, Хятадтай оросоор ярих гэдгээ болиод австралиар ярьж сурах ёстой гэж үзэж байна. Ингэвэл бидний ойлголцолын зам нээгдэж Монгол Ерөнхийлөгч урд эгнээнд парад үзэх болно.

Монгол улс яаж ч хөгжлөө гээд Орос, Хятадаас холдон нүүх боломжгүй. Иймээс учраа эртхэн зөв ололцоод ашиг сонирхлоо хамгаалаад явах ганц л зам бидэнд бий. Тэдэнтэй юугаа ч наймаацахгүй гэвэл тэд авъя гэснээ л авна гэх байх. Харин худалдаж биш хурааж авах болох вий. Иймд чөлөөт худалдаа бол тусгаар тогтнолоо хамгаалах хамгийн зөв арга гэж үзэж байна. Харин Оросын ч, Хятадын ч цэргийг Монголын хил рүү хөдөлгөхгүй байж чадах, хөдөллөө гэхэд буцаан гарахаас өөр аргагүй болгож чадах Америк тэргүүтэй барууныхныг талдаа татах ганцхан арга бол ардчилал билээ. Ардчилалгүй улсыг хэн нэгэн нь эзлэхэд Америк саад болно гэж үү?

Маргарет Митчелийн “Салхинд туугдагсад” гэж зохиол бий. Уг зохиолд Рет Батлер умардынханд олзлоглоод байхдаа  харгалзагч нартайгаа покердон хожигдож өр тавьсаар амьд үлддэг. Мэдээж умардынхан түүнээс өрөө авахын тулд Батлерийг алахгүйг тэр сайн мэдэж байв. Түүний бодсоноор ч болж. Амьд хүн аргатай гэж Батлер шоронгоос гарч тооцоогоо дуусган цаашдын амьдрал бизнесээ цэцэглүүлдэг. Хэрэв Батлер харгалзагчдаа хожоод, яс үзэн тэнцээд байсан бол бусад федералууд шигээ олзны шорондоо л дуусах байв. Хожил дандаа хожил байдаггүй. Хожигдол ч бас хожил болох нь бий. Энэ бол Монголын хувьд ч хамаатай сургамжит түүх юм шүү

  



Saturday, May 2, 2015

Монтаж ба Knowledge Mining

Бидний бага, залууд монтаж гээч юм байлаа. Одоогийнх шиг цэцэрлэгээсээ эхлээд жил болгон өнгөт дижитал зураг авхуулан жааз альбом болж байсангүй.  Гэхдээ л он цагийн шалгуурыг даахуйц гайгүй зузаан орос цаасан дээр угаасан хар зурган монтаж байдаг байсансан. Монтаж бол 8, 10, Тээмэс, Коом, Дээдийг дүүргэсэн хүний боловсролын баталгаа болж хадгалагддаг нэг тийм эрхэм нандин дурсгал байж билээ.

Социализмын төгсгөл үеийн оросын кино баруунжих оролдлого хийж байсны оргил нь “Капуцинуудын бульвараас ирсэн хүн” нэртэй кино билээ. Алдарт Андрей Миронов, Николай Караченцов, Олег Табаков, Михаил Боярский гээд тэр үеийн хамаг оргилууд тоглосон байдаг. Тэдний нэрийг одоогийн залуус бараг мэдэхгүй.  Алтны эрэлчид, уурхайчид, ковбойнууд, индианчууд холхилдсон зэрлэг өрнөдийн жижиг хотод Парисын Капуцинуудын модот гудамжнаас ирсэн нэгэн хүн соёлын үрийг тарьж кино гээчийг анх танилцуулдаг тухай энэ кинонд гардаг. Одоогийнхоор бол Холливудын үндсийг тавиад байгаа юм уу хаашаа юм. Кино бол мэдээж хошин,  нуль панаал, дээр нь амьдралаас хол зөрүүтэй. Сүү тулгадаг хэсэг нь л өнөөгийн Монголд үлдэж дээ.
Уг кинонд нэгэн ийм эпизод байдаг.  Зугаалж яваа хүүхэн,  дурлалт эр 2-н хооронд иймэрхүү яриа болно.
“Жонни,чи бид хоёр бэйбитэй болохыг би хүсэж байна. яг одоо, шууд энд”
“Яг одоо юу? Боломжгүй шд хонгор минь. Бид эхлээд гэрлэх ёстой”
“Чи намайг хуураад байна уу даа. Чи бэйби хүсэхгүй байгаа юм уу. Чиний кинонуудад хүмүүс үнсэлцээд, минутын дараа л бэйбитэй болчихдог биз дээ. Бид зөндөө л үнсэлцлээ дэг”
“Чамд энийг яаж тайлбарламаар ч юмб дээ. Энэ бол ерөнхийдөө монтаж.  Үнсэлцээд, хэсэг хугацаа өнгөрөөд, гэрлээд хэсэг хугацаа өнгөрөөд, хүүхэд гараад. Тэгээд хэрэггүй хэсгийг нь хасаад монтажлаад энэ”
“Прошу тебя,  тогда сделай монтаж”.

Кино бол үнэнийг худал, худалыг үнэн болгож харагдуулан ард түмний тархийг угаахад хамгийн тохиромжтой шампунь болохыг анх коммунист дарангуйлалыг үндэслэгч Владимир Ленин олж харж овсгоотойгоор ашигласан байдаг. Мэдээж кино энэ ид шидээ монтажын тусламжтайгаар олдог нь ойлгомжтой.  Ленин социал-демократ байхаа больж коммунист болсноо зарласанаас хойш яг 100 жилийн дараа уудам талын дундах эсгий хотод хэдэн монгол таван толгой хэмээх яль шальгүй гэрээг хэлэлцэн ахуйд монтаж жинхэнэ ид шидийн хүчээ дахин олж байх шиг. Солонгост чулуу аваад шидвэл аль нэг Кимийн толгойг ононо гэдэг шиг өнөөгийн Монголд 3 алхаад л нэг тархиа угаалгачихсан хүнтэй тааралдах болж. Юу болоод байна аа. Учир нь юундаа байна?   

Би твиттерт 2012 оны 5-р сарын 4-нд нэгдсэн юм. Сайндаа ч биш. Анхны маань жиргээ миний “How Corruption Works бичлэгийн линк байлаа.  Бичсэн зүйлийнхээ линкийг твиттер гээчид тавьчихвал олон хүн анзаарч уншдаг гэж сонссоноос ингэсэн хэрэг.  2 дахь жиргээ маань  5-р сарын 6-нд бичсэн “Улс төрчид ард иргэдээ хүчээр жаргаахаар чичрэн дайрдаг улирал эхэллээ” гэсэн мөр байсан.

5-р сарын 18-ны орой 2-хон  твит хийсэн маань энэ байна. “23:30 facebook trading is finally on. starting price $38.00;23:45 facebook эхний 5 минутдаа л $4.5B хийлээ. Монголын төрийн жилийн орлого. Шороо ухахгүй мөнгө олж болдог л юм байна”.

Тиймээ тэр үед миний сонирхолыг Монголын улс төрд буцалж байсан сонгуулийн халуурал, Монголын эдийн засгийг доргиож байсан бульдозерын нүргээнээс илүүтэйгээр Харвардын их сургуулийнхны Монтаж буюу Yearbook-ын сайжруулсан цахим хувилбар болох FacebookIPO-initial public offering (хувьцаагаа олон нийтэд анх удаа санал болгох) худалдаа хамгаас илүү татаж байв. Би бүхэл оройжингоо, бараг шөнө орой болтол CNN, Bloomberg-г сэлгэн үзэж хэрдээ атаархан, бас бахархаж сууж байж билээ.  Facebook бол үнэхээр л боловсрол мэдлэгт суурилсан баялаг яаж томордогийн сүпер жишээ билээ.

Твиттерт нэгдсэн тэр зунаа ардчилсан засаг гарвал боловсролыг дээдлэн, боломжийг нээж, санаачлагыг хөхүйлэн, саадыг цөөлнө гэж андуу итгэж, дэмжин жиргэж байснаа нуух юун.
Гэвч намраас нь л байдал өөр болоод явчихсан. Манай МИАТ-д л гэхэд 17 чингэлэг спиртийг өөрийн мэдлийн гаалийн агуулахдаа ус болголцсон алхимич эрийг дэд захиралаар томилоодхов. Цаадах нь өглөө барилын дэд сайд болох гэж гараад тэндээ гологдон, төмөр зам руу очих шахаад бас муриулаад арай гэж МИАТ-н нэг муу дэд дээр тогтсоноо надад гайхуулах, гоморхох хоёрын дундуур ярьж билээ. Ерөнхийдөө ардчилсан засгийн үед боловсрол гудманд гарч бодлого шал арчсан даа. Ардчилалын партизанууд маань зайлуул өөрсдөө л бүхнийг хийж үзэх, бусдад үл итгэх сэтгэлээр хандсанаас эхлээд Монголын эдийн засаг бүхэлдээ дампуурав. Өөрөөс өөр хүн зөв шийдэлтэй байх эрхгүй, боломжгүй гэж тэд үзсэнээс хардлага, хавчлагыг гааруулж шүүмжлэгч намайг хүртэл шоронд илгээж билээ.

Ардчилсан алхимичдын муу хэлж муухайг нь гайхаж байгаад нураасан гэх социализмд арай өөр, арай ч ийм дампуу байсангүй.  Ер нь бол нарийн мэргэжилийн хүмүүст хамаагүй амар он жилүүд байсан юм. Шилдэг эмч нар алдаршиж, шилдэг сэхээтнүүд манлайлж, шилдэг инженерүүд бүтээх боломжийг улс төрчид хааж байсангүй. Намын хороо тусдаа, аймгийн захиргаа ч тусдаа байлаа. Хэдийгээр ардын нам, ардын засаг гэх боловч яг үнэндээ боловсролтон, сэхээтний нам, засаг байсан юм.  Ялангуяа засаглалын энэ тогтолцоо 1959-1984 оны хооронд хүчтэй байв. Дэлхийн дайнд оролцсон хэдий ч дундад зуунаасаа хол салаагүй байсан мартагдсан Монголыг хотжуулж, соёлжуулж, үйлдвэржүүлж, үржүүлж чадсан он жилүүд бол социализмын үе гэж бидний хэлдэг Цэдэнбалын он жилүүд байсан билээ. Чухамхүү орос зөвлөлтөд боловсорсон үй олон Монгол залуус соёлыг, технологийг, амьдралын хэвшлийг, философийг тээн ирж нийгмийг, эдийн засгийг өөрчилж чадахыг Цэдэнбал нэвт харсан бас хэрэгжүүлсэн байдаг. Мэдээж юм бүхэн төгс байгаагүй, социалист идей өөрөө дампуу байсан хэдий ч хөдөөгийн Монголыг өөрчилсөн их өөрчлөлт чухамхүү энэ 25 жилд болсон юм. Энэ 25 жилд бий болгосон баялаг болох Эрдэнэт үйлдвэр ардчилалын гэх 25 жилд Монголын эдийн засгийг чирж явна.

Өнгөрсөн 2 жил хагаст ардчилсан нам засаг аваад эдийн засаг нураачихсан ч юм биш, зүгээр л ардчилсан намын нэрээр харанхуйчууд санаачлага аваад эдийн засгийг улстайгаа цуг нураачихсан хэрэг. Төр засаг оросын боловсрол, түүнд суурилсан монголын боловсролын бүтээгдхүүнүүдэд эзлэгдсэнээс шинэчлэл орж ирэхээ байчихаж. Цагтаа түүчээ байсан хуучин гучууд зам бөглөн уухилсаар, түгжрэл үүсгэсээр. Хааяа нэг баруунд мастэр хийсэнгүүд нь 3 жил хийдэд шавилан суугаад юу ч сураагүй буцсан Царцаа Намжилууд байгаагаас шийдэл гэхээсээ хийдэл, санаачлага гаргахаасаа саад босгох нь их болцгоожээ. Анхнаасаа л жавар долоосон тарбаган малгайнаас эхэлсэн манай дарга нарыг ямар ч топ сургуулийн, ямар ч сүпер хөтөлбөр өөрчлөхөөсөө өнгөрсөн байдаг бололтой. Царцаа Намжил хоёр зээр жорон жорон гэж бувтнасаар хаан суудаг шиг, тэд маань харих замдаа анзаарсан аутсорсинг нтр-ээ үглэсээр төрд гарцгаажээ. Төр аваад авчирсан гэх ардчилалаа боож манаруулаад, эдийн засагтай нь цуг давхар тонгорон, сэхээ өгөлгүй дороо хийгээд ажлын гарыг нь салтаандаа хийн өчиж орилуулна. Замд нь тааралдсан самбогийн сайн багшийн зөвөлгөө бололтой.

Манай үеийнхэн,  маниас дээгүүрх үеийнхэн яг үнэндээ бол хөгжлийн түүчээ биш харин хөгжлийн тушаа болоод байгаагаа өөрсдөө ч ойлгохгүй байцгааж байна. Энэ байдлыг халах дараа үеийнхэн маань ч дээрдэх юм алга. Нэг нэг контор олж аваад тус тусынхаа тамгаар бизнест гай болж ах, аавууд шигээ паразитлан амьдрах мөрөөдөлд умбацгаасан гарууд.

Япон улс дайны дараа нурж сүйдэн, баларч туйлдсан улс орноо өөд нь татахаар зогсоо зайгүй ажилласан гэж ярьцгаадаг. Итгэцгээдэг. Тэгээд л ажиллаад бай ажиллаад бай гэж сурталдах, загнахын хооронд хэлдэг улс төрчид ч монголд олон болжээ. Яг үнэндээ бол Япон дайны дараа зогсоо зайгүй суралцсан юм. Тэд олон зуун мянган Япон залуусыг Америк руу илгээсэн. Хавай, Калифорниа япон оюутнаар л дүүрэн байлаа. Одоо ч тэдний үлдэгдэл тус мужуудад  хүн амын ихээхэн хэсгийг бүрдүүлдэг. Олон ч үлдсэн, олон ч буцаж ирсэн. Буцаж ирсэн залуус үйлдвэрлэсэн бүтээгдхүүнийг үлдсэн залуус борлуулж эхэлсэн. Ингэж японы радио, дараа нь телевиз, дараа нь магнитафон, дараа нь автомашин, одоо онгоцны эд анги Америкийн зах зээлийг эзэлсэн түүхтэй. Мэдээж Америкийн их сургуулиудын төлбөр  хямд биш. Үүнийг япончуудад хүртээмжтэй болгоход л японы дайны дараахь засгийн газар хичээж ажилласан. Америкчууд ч энгийн хотуудыг атомын полигон болгосон гэмээ цайруулах боломж нь япончуудын боловсролд туслах гэж харж ихээхэн хөнгөлөлтөөр тусалсан байдаг. Япончууд Америкаас зөвхөн болосролыг авчраад зогсохгүй бүх regulations, standards гээд нийгмийн харилцааг зохицуулах, хөтлөх, хөгжлийг тулгах баримт бичгүүдийг ханз руугаа орчуулан өөриймшүүлсэн. Үүнийг надад 1997 онд ANA компанийн техник үйлчилгээний баазад 727 онгоцны “С” үйлчилгээний үеээр нэгэн япон өвгөн ярьсан юм шүү. Мэдээж бүх дүрэм журам стандарт нь америк маягийн болонгуут асуудал зөндөө үүссэн. Биелүүлж болохыг нь биелүүлээд, нийцэхгүй байгааг нь япончлоод 10 жил болоход тэд японы үндэсний эрх зүй, стандарт, түүн дээр ажиллах боловсон хүчинтэй  болсон гэнэ лээ. Дараагийн 10 жилээс нь хөгжил нь бол давхисан. 

Солонгосчууд 1953 онд дайнаа зогсоомогцоо Япон ханзаар буй болсон бүхнийг хангүгээрээ буулган хуулсан. Залуусаа япон, бас америк руу явуулцгаасан. Тэгээд японы 30 жил хийсэн хөгжлийг 20 жилд амжуулсан. Сингапур  1965 онд Малайзаас тусгаарлан тусгаар улс болмогцоо Япон, Солонгосын туршлагыг өөртөө нэвтрүүлсэн. Хүчээр залуусаа сургаж дэлхийн боловролыг нэвтрүүлсэн. Сингачууд америкаас гадна, английин боловсролыг ихээр олцгоосон. Мэдээж эдгээр улсын ЗГ-ууд үй олон залуусыг сургахдаа бэлэн мөнгөөр тооцоо хийгээгүй. Тийм боломж ч байгаагүй. Харин барууныханд зах зээлээ, боломжоо, байрлалаа чөлөөтэй нээж өгсөнийхөө хариуд залуустаа баруунд сурах боломж авч өгсөн.

2-р дайны жилүүдэд төрийнхөө зохион байгуулж байсан тив дамжсан хүнсний наймаанд нийлүүлэгчээр оролцож дор дороо хөөрхөн цулайсан Америкийн  фармерууд дайны дараа хүүхдүүдээ бизнесийн  сургуулиуд руу олноор нь илгээх болсон байна. Ядаж л нэг айлаас нэг хүүхэд ямар нэгэн бизнесийн курсад суралцах болжээ. Бэв бэлэн гэр бүлийн бизнес нь байсаар байтал тракторчин, үхэрчин болох хүүхдүүдээ юунд ингэж илгээх болсон нь их сонин байдаг. Малын буян, газрын шимээрээ тэд олон зуун жил болоод л байсан юмсан. Тэд зүгээр л хөрш фармерынхаа гэр бүлийн бизнесийн амжилтыг хараад л барьцаж эхэлсэн юм. Гэвч энэ барьцалт нь америкийн бизнесийг урьд хожид байгаагүй ихээр тэлэх эффект өгсөн билээ. Тэр фармеруудын бизнес сургууль дүүргэсэн хүүхдүүд нь гэртээ ирээд бизнесээ томруулж, өөр хот, өөр мужуудад салбарууд нээж, том хөлтэй бизнесийг удирдан босгож эхэлсэн нь олон үеээрээ фарм сахисан эцэг эхийнхээ төсөөлж ч байгаагүй баялагийг бүтээцгээж Америкийн golden age болох 50-д оны цэцэглэн хөгжсөн хөдөө нутгийг бий болгоцгоосон билээ.

Боловсрол бол арьсан дээрээ зардалтайгаар туршиж, алдааг давтан шатахгүйгээр бусдын алдаа, бусдын туршлагыг мэдэж авдаг хямд хичээл юм. Чи боловсролоос зугатааж болно. Сурахгүй ч байсан болно. Чи бизнест бүгдийг нь туршин үзэж болно. Гэвч бүх амьдрал чинь туршилтын полигон болоод л дуусна. Лампчик хийх гэж Эдисон 10000 туршилт хийсэн шиг л явах байх. Чи сурвал анхныхаа оролдлогоор л асдаг машин ч бүтээх боломжтой. Цахилгаан тэрэг Тесла бол өмнө нь огт машин бүтээж туршлага хуримтлуулахаар цагаа үрээгүй хүний л бүтээл юм шүү дээ.

Эдгээр түүхийг уншаад бид боловсорч л орхивол уурхайн хэрэг байна уу гэж туйлшрах нэгэн гарч ирэх л байх. Би уурхайн фээн биш, боловсруулах үйлдвэрийн фээн бол бүүр ч бишийгээ өмнө бичиж байсан. Гэвч нүүрсний олборлолт шиг хор багатай, объем ихтэй, технологи хялбартай уурхайг хөгжүүлж боловсролд зарах мөнгөө олж авах хэрэгтэй байгаа юм. Тавантолгойг дэмжээд байгаагийн маань цаад шалтгаан ердөө л энэ. Энэ төсөл хэрэгжвэл Монгол богино хугацаанд боловсролд зарах мөнгөтэй болно. Эдийн засгийн эргэлт нь л өөрөө энэ мөнгийг гаргаад ирнэ.

Дээр нь Монгол улс байгалийн нөөцөө бусдад нээхдээ зөвхөн роялти, татвараар өөрийгөө хуурах хэрэггүй юм. Уул уурхайгаар дамжуулж бид хамгийн гол нь боловсролын гарцуудаа л нээж авах ёстой. Монголд уурхай олборлох улс өөрийн улсын их дээд сургуулиудад бакалаврын болон мастерийн сургалтуудад тэтгэлэг олноор нь гаргахыг шаардвал таарна. Сургалтын төлбөрүүдээ монгол оюутнуудад дотоодын оюутныхаа хэмжээнд хүргэхийг тулгачихвал эхний ээлжинд олон асуудал шийдэж чадна. Монголчууд цөөхүүлээ. Аль ч их сургуульд олноороо шавж ороод санхүүгийн хүндрэлд ортол нь тэтгэлэг авчихгүй. Америкийн 51 мужийн 200 орчим их сургуульд дор бүрнээ 5, 5 бакалаврын бүтэн тэтгэлэг гаргачихсан байсансан бол Пийбоди асар маадгараар дайраад л ороод ирж чадах л байсан гэж бодож байна. Австраличууд, Канадууд мастер докторын тэтгэлэг гаргадаг боловч тэдгээр улсуудын Монголын уул уурхайгаас хураадаг татварын өчүүхэн  хэсэгт ч хүрэхгүй байгааг залруулах хэрэгтэй. Хамгийн гол нь бакалаврын сургалтуудаар дамжин нарийн технологи орж ирдэгийг бид мартаж болохгүй. Гадаад яам, Боловсролын яам энэ тал дээр дайчин ажиллаж Монгол залууст барууны их сургуулиудын номын сангуудад knоwledge mining хийх боломжийг нээж өгөх хэрэгтэй юм. Бусдынх нь төлбөрийг дийлдэг ч юм шиг заавал 100 топ сургуульд гэхээ больчих хэрэгтэй. 200, 300-д жагссан, эсвэл вообще шалгаруулалтанд хамрагддаггүй сайн сургуулиад зөндөө л байдаг. Нарийн технологийн олон програмыг топ 100 сургуульд заадаггүй.

Төр засгийн тэргүүнүүд шил шилээ даран айлчлах нь ихсэж байна. Сүүлдээ бүүр их тэнгэрийн нэг авгай нь хийсэн шоппингоо нөгөөдөө гайхуулсанаас барьцсан shopping tour төрийн нэрээр хийгдээд байна уу ч гэж бодогдохоор. Тэд ийн дэмий сэлгүүцэж явахдаа хэрэв Монголын уул уурхайд өөрийн орон зайтай болж авъя гэж бодоцгоож байвал үүнийгээ оюутны тэтгэлэгээр л илэрхийлээрэй гэж ярьж явдаг болох  цаг болжээ.  Мөн Монгол улсаас Үндсэн хуулийн статустай байгалийн баялагийг нь олборлох бизнес эрхлэх ямар ч улс элчин сайдын яамаа Улаанбаатарт байгуулахыг  тулга. Уул уурхайг маань тоогоод улсыг маань тоохгүй байж болохгүй. Яахлээрээ Монгол залуус суралцах визээ Бээжингээс авах ёстой гэж!
Бид уурхайгаа дэлхийн боловсролын боломжоор тулчихвал хожнуу гэхээс хохирохгүй гэдэгт би 100 хувь итгэдэг. Бид Тавантолгойгоос тултал нь мөнгө олоод ч түүнээ яаж арвижуулж, зарцуулахаа мэдэхгүй УИХ-д суудаг хэдэн популист шиг тэнэг хэвээрээ үлдвэл ямар ч ашигтай гэрээ ашгаа өгөхгүй. Идээд л уугаад л баагаад л усаа татаад л болоо. 1072 хувьцаагаараа хошногоо арчсанаас ялгаа юун.     

Уул уурхай бол барагдах баялаг. Мэдлэг бол барагдахгүй баялаг. Сингапур, Солонгос, Японы хөгжлийн монтаж хийсний нууц нь барагдахгүй баялагаа эхэлж бүтээсэнд л байгаа юм. Мэдлэг бол үе дамжин өвлөгддөг улам аривждаг, чанарждаг баялаг. Ийм баялагтай улс л тусгаар тогтнолоо хамгаалж хадгалж үр хойчдоо өвлүүлж  чаддаг юм. Учир нь эргүү тэнэгийг эзлэх амархан. Наймхан сая жүүд тэрбум арабыг чичрүүлж байдагийн нууц нь ердөө л мэдлэг.
Явж явж хүний нутаг дээрх уурхай л хамгийн зөв уурхай юм шд. Тэд тэнэг биш тул наашаа ирж ухаж байна. Бид ч бас тэнэгтэх хэрэггүй. Зөрүүлээд ухъя. Тэхдээ өөрөөр. Тэдний өөрсдийнх нь нутагт  knowledge mining хийцгээе.

Боловсролын хувьсгал хийхгүйгээр эдийн засгийн хувьсгал хийгдэхгүй. Үүнийг Цэдэнбал ч, Ли Куан ч нотолсон. Жил бүрийн 50-60хан тэтгэлэгээр бүхэл бүтэн үндэстэн дэлхийн боловсролыг гүйцэхгүй шүү. Боловсорсон залуус олширвол нийгэм өөр болно. Нэгэнт боловсорчихсон, эрх чөлөөт соёлыг шингээчихсэн, эрхээ мэдэрчихсэн иргэдийн тархийг угаах гээд оролдоод нэг үз дээ популистуудаа. Та нар өөрсдөө л элэг доог болцгоох вий. Иргэдийг харанхуй байлгаж, тархийг нь хүссэнээрээ угааж  байхын тулд л том төслүүдийг нураахаар хамаг хүчээ тавьж байна. Энэ бол мөхлийн зам.  

Бүү март мартвал сөнөнө гэж Баабарын хэлсэн үг одоо ч үнэ цэнээ алдаагүй байна. Марталт бол толгойгоо ажиллуулахаас залхуурч эхлэхтэй холбоотой үүсдэг өвчин юм шүү дээ. Энэ өвчинтэй тархины фитнесс буюу номын тусламжтайгаар л тэмцдэг

“...Уржигдрын үзсэнээ авгай хүүхдэд яръя гэтэл харин урдаас нь угтаж аваад «Манай хүрээнд нисдэг тэрэг гэгч нэг сонин тэрэг ирсэн биш үү» гэж хүүхдүүд нь хүр хүр гэж дуурайн бархиралдаж, хөгшид нь « Сүрхий юм, хачин юм» гэж залбиралдан байхад Лувсан хэдийний догь хүн тул дэмий чалчихаа байж даруй нэг таних залуу албаны хүнтэйгээ уулзан асууж, энэхүү нисдэг тэрэг нь хүний арга ухаан эрдэм соёлын үүднээс бүтсэн болох бүхий л учрыг олж сонсоод, ихэд гайхаж, хөдөөгийн байдалд мунхран сууж, хөдөөх заншлаар нэг насыг барахгүй, хөл хүрэх газар явж, ухаан хүрэх юмыг үзвэл эрдэм соёл гэгч их сайхан юм байна гэж мэдэвч, энэ бие хөгширсөн тул ирэх жилээс ажилд орох гэж байсан арван хоёр настай хүүгээ ардын сургуульд хөөн явуулжээ” –Д.Нацагдорж.


Үргэлжлэл....Geopolitics for Dummies