Saturday, May 2, 2015

Монтаж ба Knowledge Mining

Бидний бага, залууд монтаж гээч юм байлаа. Одоогийнх шиг цэцэрлэгээсээ эхлээд жил болгон өнгөт дижитал зураг авхуулан жааз альбом болж байсангүй.  Гэхдээ л он цагийн шалгуурыг даахуйц гайгүй зузаан орос цаасан дээр угаасан хар зурган монтаж байдаг байсансан. Монтаж бол 8, 10, Тээмэс, Коом, Дээдийг дүүргэсэн хүний боловсролын баталгаа болж хадгалагддаг нэг тийм эрхэм нандин дурсгал байж билээ.

Социализмын төгсгөл үеийн оросын кино баруунжих оролдлого хийж байсны оргил нь “Капуцинуудын бульвараас ирсэн хүн” нэртэй кино билээ. Алдарт Андрей Миронов, Николай Караченцов, Олег Табаков, Михаил Боярский гээд тэр үеийн хамаг оргилууд тоглосон байдаг. Тэдний нэрийг одоогийн залуус бараг мэдэхгүй.  Алтны эрэлчид, уурхайчид, ковбойнууд, индианчууд холхилдсон зэрлэг өрнөдийн жижиг хотод Парисын Капуцинуудын модот гудамжнаас ирсэн нэгэн хүн соёлын үрийг тарьж кино гээчийг анх танилцуулдаг тухай энэ кинонд гардаг. Одоогийнхоор бол Холливудын үндсийг тавиад байгаа юм уу хаашаа юм. Кино бол мэдээж хошин,  нуль панаал, дээр нь амьдралаас хол зөрүүтэй. Сүү тулгадаг хэсэг нь л өнөөгийн Монголд үлдэж дээ.
Уг кинонд нэгэн ийм эпизод байдаг.  Зугаалж яваа хүүхэн,  дурлалт эр 2-н хооронд иймэрхүү яриа болно.
“Жонни,чи бид хоёр бэйбитэй болохыг би хүсэж байна. яг одоо, шууд энд”
“Яг одоо юу? Боломжгүй шд хонгор минь. Бид эхлээд гэрлэх ёстой”
“Чи намайг хуураад байна уу даа. Чи бэйби хүсэхгүй байгаа юм уу. Чиний кинонуудад хүмүүс үнсэлцээд, минутын дараа л бэйбитэй болчихдог биз дээ. Бид зөндөө л үнсэлцлээ дэг”
“Чамд энийг яаж тайлбарламаар ч юмб дээ. Энэ бол ерөнхийдөө монтаж.  Үнсэлцээд, хэсэг хугацаа өнгөрөөд, гэрлээд хэсэг хугацаа өнгөрөөд, хүүхэд гараад. Тэгээд хэрэггүй хэсгийг нь хасаад монтажлаад энэ”
“Прошу тебя,  тогда сделай монтаж”.

Кино бол үнэнийг худал, худалыг үнэн болгож харагдуулан ард түмний тархийг угаахад хамгийн тохиромжтой шампунь болохыг анх коммунист дарангуйлалыг үндэслэгч Владимир Ленин олж харж овсгоотойгоор ашигласан байдаг. Мэдээж кино энэ ид шидээ монтажын тусламжтайгаар олдог нь ойлгомжтой.  Ленин социал-демократ байхаа больж коммунист болсноо зарласанаас хойш яг 100 жилийн дараа уудам талын дундах эсгий хотод хэдэн монгол таван толгой хэмээх яль шальгүй гэрээг хэлэлцэн ахуйд монтаж жинхэнэ ид шидийн хүчээ дахин олж байх шиг. Солонгост чулуу аваад шидвэл аль нэг Кимийн толгойг ононо гэдэг шиг өнөөгийн Монголд 3 алхаад л нэг тархиа угаалгачихсан хүнтэй тааралдах болж. Юу болоод байна аа. Учир нь юундаа байна?   

Би твиттерт 2012 оны 5-р сарын 4-нд нэгдсэн юм. Сайндаа ч биш. Анхны маань жиргээ миний “How Corruption Works бичлэгийн линк байлаа.  Бичсэн зүйлийнхээ линкийг твиттер гээчид тавьчихвал олон хүн анзаарч уншдаг гэж сонссоноос ингэсэн хэрэг.  2 дахь жиргээ маань  5-р сарын 6-нд бичсэн “Улс төрчид ард иргэдээ хүчээр жаргаахаар чичрэн дайрдаг улирал эхэллээ” гэсэн мөр байсан.

5-р сарын 18-ны орой 2-хон  твит хийсэн маань энэ байна. “23:30 facebook trading is finally on. starting price $38.00;23:45 facebook эхний 5 минутдаа л $4.5B хийлээ. Монголын төрийн жилийн орлого. Шороо ухахгүй мөнгө олж болдог л юм байна”.

Тиймээ тэр үед миний сонирхолыг Монголын улс төрд буцалж байсан сонгуулийн халуурал, Монголын эдийн засгийг доргиож байсан бульдозерын нүргээнээс илүүтэйгээр Харвардын их сургуулийнхны Монтаж буюу Yearbook-ын сайжруулсан цахим хувилбар болох FacebookIPO-initial public offering (хувьцаагаа олон нийтэд анх удаа санал болгох) худалдаа хамгаас илүү татаж байв. Би бүхэл оройжингоо, бараг шөнө орой болтол CNN, Bloomberg-г сэлгэн үзэж хэрдээ атаархан, бас бахархаж сууж байж билээ.  Facebook бол үнэхээр л боловсрол мэдлэгт суурилсан баялаг яаж томордогийн сүпер жишээ билээ.

Твиттерт нэгдсэн тэр зунаа ардчилсан засаг гарвал боловсролыг дээдлэн, боломжийг нээж, санаачлагыг хөхүйлэн, саадыг цөөлнө гэж андуу итгэж, дэмжин жиргэж байснаа нуух юун.
Гэвч намраас нь л байдал өөр болоод явчихсан. Манай МИАТ-д л гэхэд 17 чингэлэг спиртийг өөрийн мэдлийн гаалийн агуулахдаа ус болголцсон алхимич эрийг дэд захиралаар томилоодхов. Цаадах нь өглөө барилын дэд сайд болох гэж гараад тэндээ гологдон, төмөр зам руу очих шахаад бас муриулаад арай гэж МИАТ-н нэг муу дэд дээр тогтсоноо надад гайхуулах, гоморхох хоёрын дундуур ярьж билээ. Ерөнхийдөө ардчилсан засгийн үед боловсрол гудманд гарч бодлого шал арчсан даа. Ардчилалын партизанууд маань зайлуул өөрсдөө л бүхнийг хийж үзэх, бусдад үл итгэх сэтгэлээр хандсанаас эхлээд Монголын эдийн засаг бүхэлдээ дампуурав. Өөрөөс өөр хүн зөв шийдэлтэй байх эрхгүй, боломжгүй гэж тэд үзсэнээс хардлага, хавчлагыг гааруулж шүүмжлэгч намайг хүртэл шоронд илгээж билээ.

Ардчилсан алхимичдын муу хэлж муухайг нь гайхаж байгаад нураасан гэх социализмд арай өөр, арай ч ийм дампуу байсангүй.  Ер нь бол нарийн мэргэжилийн хүмүүст хамаагүй амар он жилүүд байсан юм. Шилдэг эмч нар алдаршиж, шилдэг сэхээтнүүд манлайлж, шилдэг инженерүүд бүтээх боломжийг улс төрчид хааж байсангүй. Намын хороо тусдаа, аймгийн захиргаа ч тусдаа байлаа. Хэдийгээр ардын нам, ардын засаг гэх боловч яг үнэндээ боловсролтон, сэхээтний нам, засаг байсан юм.  Ялангуяа засаглалын энэ тогтолцоо 1959-1984 оны хооронд хүчтэй байв. Дэлхийн дайнд оролцсон хэдий ч дундад зуунаасаа хол салаагүй байсан мартагдсан Монголыг хотжуулж, соёлжуулж, үйлдвэржүүлж, үржүүлж чадсан он жилүүд бол социализмын үе гэж бидний хэлдэг Цэдэнбалын он жилүүд байсан билээ. Чухамхүү орос зөвлөлтөд боловсорсон үй олон Монгол залуус соёлыг, технологийг, амьдралын хэвшлийг, философийг тээн ирж нийгмийг, эдийн засгийг өөрчилж чадахыг Цэдэнбал нэвт харсан бас хэрэгжүүлсэн байдаг. Мэдээж юм бүхэн төгс байгаагүй, социалист идей өөрөө дампуу байсан хэдий ч хөдөөгийн Монголыг өөрчилсөн их өөрчлөлт чухамхүү энэ 25 жилд болсон юм. Энэ 25 жилд бий болгосон баялаг болох Эрдэнэт үйлдвэр ардчилалын гэх 25 жилд Монголын эдийн засгийг чирж явна.

Өнгөрсөн 2 жил хагаст ардчилсан нам засаг аваад эдийн засаг нураачихсан ч юм биш, зүгээр л ардчилсан намын нэрээр харанхуйчууд санаачлага аваад эдийн засгийг улстайгаа цуг нураачихсан хэрэг. Төр засаг оросын боловсрол, түүнд суурилсан монголын боловсролын бүтээгдхүүнүүдэд эзлэгдсэнээс шинэчлэл орж ирэхээ байчихаж. Цагтаа түүчээ байсан хуучин гучууд зам бөглөн уухилсаар, түгжрэл үүсгэсээр. Хааяа нэг баруунд мастэр хийсэнгүүд нь 3 жил хийдэд шавилан суугаад юу ч сураагүй буцсан Царцаа Намжилууд байгаагаас шийдэл гэхээсээ хийдэл, санаачлага гаргахаасаа саад босгох нь их болцгоожээ. Анхнаасаа л жавар долоосон тарбаган малгайнаас эхэлсэн манай дарга нарыг ямар ч топ сургуулийн, ямар ч сүпер хөтөлбөр өөрчлөхөөсөө өнгөрсөн байдаг бололтой. Царцаа Намжил хоёр зээр жорон жорон гэж бувтнасаар хаан суудаг шиг, тэд маань харих замдаа анзаарсан аутсорсинг нтр-ээ үглэсээр төрд гарцгаажээ. Төр аваад авчирсан гэх ардчилалаа боож манаруулаад, эдийн засагтай нь цуг давхар тонгорон, сэхээ өгөлгүй дороо хийгээд ажлын гарыг нь салтаандаа хийн өчиж орилуулна. Замд нь тааралдсан самбогийн сайн багшийн зөвөлгөө бололтой.

Манай үеийнхэн,  маниас дээгүүрх үеийнхэн яг үнэндээ бол хөгжлийн түүчээ биш харин хөгжлийн тушаа болоод байгаагаа өөрсдөө ч ойлгохгүй байцгааж байна. Энэ байдлыг халах дараа үеийнхэн маань ч дээрдэх юм алга. Нэг нэг контор олж аваад тус тусынхаа тамгаар бизнест гай болж ах, аавууд шигээ паразитлан амьдрах мөрөөдөлд умбацгаасан гарууд.

Япон улс дайны дараа нурж сүйдэн, баларч туйлдсан улс орноо өөд нь татахаар зогсоо зайгүй ажилласан гэж ярьцгаадаг. Итгэцгээдэг. Тэгээд л ажиллаад бай ажиллаад бай гэж сурталдах, загнахын хооронд хэлдэг улс төрчид ч монголд олон болжээ. Яг үнэндээ бол Япон дайны дараа зогсоо зайгүй суралцсан юм. Тэд олон зуун мянган Япон залуусыг Америк руу илгээсэн. Хавай, Калифорниа япон оюутнаар л дүүрэн байлаа. Одоо ч тэдний үлдэгдэл тус мужуудад  хүн амын ихээхэн хэсгийг бүрдүүлдэг. Олон ч үлдсэн, олон ч буцаж ирсэн. Буцаж ирсэн залуус үйлдвэрлэсэн бүтээгдхүүнийг үлдсэн залуус борлуулж эхэлсэн. Ингэж японы радио, дараа нь телевиз, дараа нь магнитафон, дараа нь автомашин, одоо онгоцны эд анги Америкийн зах зээлийг эзэлсэн түүхтэй. Мэдээж Америкийн их сургуулиудын төлбөр  хямд биш. Үүнийг япончуудад хүртээмжтэй болгоход л японы дайны дараахь засгийн газар хичээж ажилласан. Америкчууд ч энгийн хотуудыг атомын полигон болгосон гэмээ цайруулах боломж нь япончуудын боловсролд туслах гэж харж ихээхэн хөнгөлөлтөөр тусалсан байдаг. Япончууд Америкаас зөвхөн болосролыг авчраад зогсохгүй бүх regulations, standards гээд нийгмийн харилцааг зохицуулах, хөтлөх, хөгжлийг тулгах баримт бичгүүдийг ханз руугаа орчуулан өөриймшүүлсэн. Үүнийг надад 1997 онд ANA компанийн техник үйлчилгээний баазад 727 онгоцны “С” үйлчилгээний үеээр нэгэн япон өвгөн ярьсан юм шүү. Мэдээж бүх дүрэм журам стандарт нь америк маягийн болонгуут асуудал зөндөө үүссэн. Биелүүлж болохыг нь биелүүлээд, нийцэхгүй байгааг нь япончлоод 10 жил болоход тэд японы үндэсний эрх зүй, стандарт, түүн дээр ажиллах боловсон хүчинтэй  болсон гэнэ лээ. Дараагийн 10 жилээс нь хөгжил нь бол давхисан. 

Солонгосчууд 1953 онд дайнаа зогсоомогцоо Япон ханзаар буй болсон бүхнийг хангүгээрээ буулган хуулсан. Залуусаа япон, бас америк руу явуулцгаасан. Тэгээд японы 30 жил хийсэн хөгжлийг 20 жилд амжуулсан. Сингапур  1965 онд Малайзаас тусгаарлан тусгаар улс болмогцоо Япон, Солонгосын туршлагыг өөртөө нэвтрүүлсэн. Хүчээр залуусаа сургаж дэлхийн боловролыг нэвтрүүлсэн. Сингачууд америкаас гадна, английин боловсролыг ихээр олцгоосон. Мэдээж эдгээр улсын ЗГ-ууд үй олон залуусыг сургахдаа бэлэн мөнгөөр тооцоо хийгээгүй. Тийм боломж ч байгаагүй. Харин барууныханд зах зээлээ, боломжоо, байрлалаа чөлөөтэй нээж өгсөнийхөө хариуд залуустаа баруунд сурах боломж авч өгсөн.

2-р дайны жилүүдэд төрийнхөө зохион байгуулж байсан тив дамжсан хүнсний наймаанд нийлүүлэгчээр оролцож дор дороо хөөрхөн цулайсан Америкийн  фармерууд дайны дараа хүүхдүүдээ бизнесийн  сургуулиуд руу олноор нь илгээх болсон байна. Ядаж л нэг айлаас нэг хүүхэд ямар нэгэн бизнесийн курсад суралцах болжээ. Бэв бэлэн гэр бүлийн бизнес нь байсаар байтал тракторчин, үхэрчин болох хүүхдүүдээ юунд ингэж илгээх болсон нь их сонин байдаг. Малын буян, газрын шимээрээ тэд олон зуун жил болоод л байсан юмсан. Тэд зүгээр л хөрш фармерынхаа гэр бүлийн бизнесийн амжилтыг хараад л барьцаж эхэлсэн юм. Гэвч энэ барьцалт нь америкийн бизнесийг урьд хожид байгаагүй ихээр тэлэх эффект өгсөн билээ. Тэр фармеруудын бизнес сургууль дүүргэсэн хүүхдүүд нь гэртээ ирээд бизнесээ томруулж, өөр хот, өөр мужуудад салбарууд нээж, том хөлтэй бизнесийг удирдан босгож эхэлсэн нь олон үеээрээ фарм сахисан эцэг эхийнхээ төсөөлж ч байгаагүй баялагийг бүтээцгээж Америкийн golden age болох 50-д оны цэцэглэн хөгжсөн хөдөө нутгийг бий болгоцгоосон билээ.

Боловсрол бол арьсан дээрээ зардалтайгаар туршиж, алдааг давтан шатахгүйгээр бусдын алдаа, бусдын туршлагыг мэдэж авдаг хямд хичээл юм. Чи боловсролоос зугатааж болно. Сурахгүй ч байсан болно. Чи бизнест бүгдийг нь туршин үзэж болно. Гэвч бүх амьдрал чинь туршилтын полигон болоод л дуусна. Лампчик хийх гэж Эдисон 10000 туршилт хийсэн шиг л явах байх. Чи сурвал анхныхаа оролдлогоор л асдаг машин ч бүтээх боломжтой. Цахилгаан тэрэг Тесла бол өмнө нь огт машин бүтээж туршлага хуримтлуулахаар цагаа үрээгүй хүний л бүтээл юм шүү дээ.

Эдгээр түүхийг уншаад бид боловсорч л орхивол уурхайн хэрэг байна уу гэж туйлшрах нэгэн гарч ирэх л байх. Би уурхайн фээн биш, боловсруулах үйлдвэрийн фээн бол бүүр ч бишийгээ өмнө бичиж байсан. Гэвч нүүрсний олборлолт шиг хор багатай, объем ихтэй, технологи хялбартай уурхайг хөгжүүлж боловсролд зарах мөнгөө олж авах хэрэгтэй байгаа юм. Тавантолгойг дэмжээд байгаагийн маань цаад шалтгаан ердөө л энэ. Энэ төсөл хэрэгжвэл Монгол богино хугацаанд боловсролд зарах мөнгөтэй болно. Эдийн засгийн эргэлт нь л өөрөө энэ мөнгийг гаргаад ирнэ.

Дээр нь Монгол улс байгалийн нөөцөө бусдад нээхдээ зөвхөн роялти, татвараар өөрийгөө хуурах хэрэггүй юм. Уул уурхайгаар дамжуулж бид хамгийн гол нь боловсролын гарцуудаа л нээж авах ёстой. Монголд уурхай олборлох улс өөрийн улсын их дээд сургуулиудад бакалаврын болон мастерийн сургалтуудад тэтгэлэг олноор нь гаргахыг шаардвал таарна. Сургалтын төлбөрүүдээ монгол оюутнуудад дотоодын оюутныхаа хэмжээнд хүргэхийг тулгачихвал эхний ээлжинд олон асуудал шийдэж чадна. Монголчууд цөөхүүлээ. Аль ч их сургуульд олноороо шавж ороод санхүүгийн хүндрэлд ортол нь тэтгэлэг авчихгүй. Америкийн 51 мужийн 200 орчим их сургуульд дор бүрнээ 5, 5 бакалаврын бүтэн тэтгэлэг гаргачихсан байсансан бол Пийбоди асар маадгараар дайраад л ороод ирж чадах л байсан гэж бодож байна. Австраличууд, Канадууд мастер докторын тэтгэлэг гаргадаг боловч тэдгээр улсуудын Монголын уул уурхайгаас хураадаг татварын өчүүхэн  хэсэгт ч хүрэхгүй байгааг залруулах хэрэгтэй. Хамгийн гол нь бакалаврын сургалтуудаар дамжин нарийн технологи орж ирдэгийг бид мартаж болохгүй. Гадаад яам, Боловсролын яам энэ тал дээр дайчин ажиллаж Монгол залууст барууны их сургуулиудын номын сангуудад knоwledge mining хийх боломжийг нээж өгөх хэрэгтэй юм. Бусдынх нь төлбөрийг дийлдэг ч юм шиг заавал 100 топ сургуульд гэхээ больчих хэрэгтэй. 200, 300-д жагссан, эсвэл вообще шалгаруулалтанд хамрагддаггүй сайн сургуулиад зөндөө л байдаг. Нарийн технологийн олон програмыг топ 100 сургуульд заадаггүй.

Төр засгийн тэргүүнүүд шил шилээ даран айлчлах нь ихсэж байна. Сүүлдээ бүүр их тэнгэрийн нэг авгай нь хийсэн шоппингоо нөгөөдөө гайхуулсанаас барьцсан shopping tour төрийн нэрээр хийгдээд байна уу ч гэж бодогдохоор. Тэд ийн дэмий сэлгүүцэж явахдаа хэрэв Монголын уул уурхайд өөрийн орон зайтай болж авъя гэж бодоцгоож байвал үүнийгээ оюутны тэтгэлэгээр л илэрхийлээрэй гэж ярьж явдаг болох  цаг болжээ.  Мөн Монгол улсаас Үндсэн хуулийн статустай байгалийн баялагийг нь олборлох бизнес эрхлэх ямар ч улс элчин сайдын яамаа Улаанбаатарт байгуулахыг  тулга. Уул уурхайг маань тоогоод улсыг маань тоохгүй байж болохгүй. Яахлээрээ Монгол залуус суралцах визээ Бээжингээс авах ёстой гэж!
Бид уурхайгаа дэлхийн боловсролын боломжоор тулчихвал хожнуу гэхээс хохирохгүй гэдэгт би 100 хувь итгэдэг. Бид Тавантолгойгоос тултал нь мөнгө олоод ч түүнээ яаж арвижуулж, зарцуулахаа мэдэхгүй УИХ-д суудаг хэдэн популист шиг тэнэг хэвээрээ үлдвэл ямар ч ашигтай гэрээ ашгаа өгөхгүй. Идээд л уугаад л баагаад л усаа татаад л болоо. 1072 хувьцаагаараа хошногоо арчсанаас ялгаа юун.     

Уул уурхай бол барагдах баялаг. Мэдлэг бол барагдахгүй баялаг. Сингапур, Солонгос, Японы хөгжлийн монтаж хийсний нууц нь барагдахгүй баялагаа эхэлж бүтээсэнд л байгаа юм. Мэдлэг бол үе дамжин өвлөгддөг улам аривждаг, чанарждаг баялаг. Ийм баялагтай улс л тусгаар тогтнолоо хамгаалж хадгалж үр хойчдоо өвлүүлж  чаддаг юм. Учир нь эргүү тэнэгийг эзлэх амархан. Наймхан сая жүүд тэрбум арабыг чичрүүлж байдагийн нууц нь ердөө л мэдлэг.
Явж явж хүний нутаг дээрх уурхай л хамгийн зөв уурхай юм шд. Тэд тэнэг биш тул наашаа ирж ухаж байна. Бид ч бас тэнэгтэх хэрэггүй. Зөрүүлээд ухъя. Тэхдээ өөрөөр. Тэдний өөрсдийнх нь нутагт  knowledge mining хийцгээе.

Боловсролын хувьсгал хийхгүйгээр эдийн засгийн хувьсгал хийгдэхгүй. Үүнийг Цэдэнбал ч, Ли Куан ч нотолсон. Жил бүрийн 50-60хан тэтгэлэгээр бүхэл бүтэн үндэстэн дэлхийн боловсролыг гүйцэхгүй шүү. Боловсорсон залуус олширвол нийгэм өөр болно. Нэгэнт боловсорчихсон, эрх чөлөөт соёлыг шингээчихсэн, эрхээ мэдэрчихсэн иргэдийн тархийг угаах гээд оролдоод нэг үз дээ популистуудаа. Та нар өөрсдөө л элэг доог болцгоох вий. Иргэдийг харанхуй байлгаж, тархийг нь хүссэнээрээ угааж  байхын тулд л том төслүүдийг нураахаар хамаг хүчээ тавьж байна. Энэ бол мөхлийн зам.  

Бүү март мартвал сөнөнө гэж Баабарын хэлсэн үг одоо ч үнэ цэнээ алдаагүй байна. Марталт бол толгойгоо ажиллуулахаас залхуурч эхлэхтэй холбоотой үүсдэг өвчин юм шүү дээ. Энэ өвчинтэй тархины фитнесс буюу номын тусламжтайгаар л тэмцдэг

“...Уржигдрын үзсэнээ авгай хүүхдэд яръя гэтэл харин урдаас нь угтаж аваад «Манай хүрээнд нисдэг тэрэг гэгч нэг сонин тэрэг ирсэн биш үү» гэж хүүхдүүд нь хүр хүр гэж дуурайн бархиралдаж, хөгшид нь « Сүрхий юм, хачин юм» гэж залбиралдан байхад Лувсан хэдийний догь хүн тул дэмий чалчихаа байж даруй нэг таних залуу албаны хүнтэйгээ уулзан асууж, энэхүү нисдэг тэрэг нь хүний арга ухаан эрдэм соёлын үүднээс бүтсэн болох бүхий л учрыг олж сонсоод, ихэд гайхаж, хөдөөгийн байдалд мунхран сууж, хөдөөх заншлаар нэг насыг барахгүй, хөл хүрэх газар явж, ухаан хүрэх юмыг үзвэл эрдэм соёл гэгч их сайхан юм байна гэж мэдэвч, энэ бие хөгширсөн тул ирэх жилээс ажилд орох гэж байсан арван хоёр настай хүүгээ ардын сургуульд хөөн явуулжээ” –Д.Нацагдорж.


Үргэлжлэл....Geopolitics for Dummies 





4 comments:

  1. Санал нэг байнаа. Дээр нь нэмээд боломжтой бол дотоодын их дээд сургуулиудаа хөгжүүлэх шаардлагатай. Назарбаев өөрийн нэртэй том их сургууль байгуулаад дандаа барууны багш судлаачдад их мөнгө амалж авчраад удирдлагад нь тавьчихлаа. Очсон хүмүүсийг харж байхад нэлээн сайн шилэгдсэн харагдсан.
    Хүүхдүүдийг төгсөнгүүт нь харь гэж шахахаа бас азнамаар байгаа юм. Сурсан газраа хэдэн жил ажиллаад туршлага суугаад ирвэл бүр сайн.

    ReplyDelete
  2. Хамгийн эмгэнэлтэй нь ПОП-д яагаад Монголд нэр хүндтэй хүчтэй байгаагийн шалтгааныг хэн ч ойлгохоор гаргаж ирж. ПОП-уудыг дагаж намирахаа больсон тэдний үгийг хэн ч тоохоо больсон цагт л бид урагшлана. Саад болох хүн үлдэхгүй. Олноороо боловсорцгооё.

    ReplyDelete
  3. "Тер муу менежер" гэж нэг хэсэг ухуулав даа?!

    ReplyDelete
  4. Lee Kuan Yew aвилга (луйвар) -н эсрэг тууштай vзсэн гэдгийг заавал хэлж байх хэрэгтэй болов уу!

    ReplyDelete

Монголчууд эвтэй байхдаа хүчтэй vs. Ерөнхийлөгчийн хүмүүс

1911 оны 12-р сарын 29-ний өдөр Монголчууд ердөө гурав хоногийн дараа Бээжинд онхолдох өдрөө хүлээж байсан Манжаас тусгаарлан өөрийн төр улс...