Saturday, September 19, 2015

Логикгүйн логик буюу гоё ял

Л.Гансүхийн шүүх хурал гээч реалити шоуг Монголчууд бид дэлхий даяраа хэдэн өдөр харлаа. Ёстой л нөгөө “би ч үзлээ бишид нь үзлээ” гэж их Чойном шүлэглэдэг шиг юм болов.
Анхааралтай ажигласаны эцэст би шүүх процессоос нэг ийм юм ойлгож авлаа.  Товчхондоо Гансүх нар 200,000-р чэнжүүд зардаг байсан нүүрсийг 80,000 болгон буулгаж Багануурынхантай хамтран ажиллан бурзайж байсан нүүрсний мафийг нь бут ниргэсэн бололтой юм. Үүнд нь уурссан Багануурынхан уурхайн аман дээрээ зарагдсан 27,000-аараа борчуудын зуухны аманд очихгүй байна, Гансүх нар 50,000 орчим төгрөг дундаас нь хармаалаад байна гэсэн юмуу даа.
Мэдээж энэ бол Алтанхуягийн засгийг яаж гоочлон унагаах вээ гэж өдрийн бодол шөнийн зүүд болж байсан зарим хүмүүст маш аятайхан далим болж харагдсан ч байж магадгүй.  Төрийн машин ч мотоороо асаан Гансүх нарыг мөглөнд хаяж эрүүл мэнд, эд эрхтэнийг нь баахан хохироож орхиж. 
Багануурынхны хэлээд байгаагаар бол тэд уурхайн аман дээрх нүүрсээ ачаад, зөөгөөд, буулгаад, шигшээд, ялгаад, жигнээд, савлаад,  хадгалаад, борлуулаад борчуудын талархлаар шагнуулаад өгөхдөө бүгд нийлээд 27,000 ₮ байх ёстой байсан юм хэмээн нотлохыг оролдоод байх шиг.

Хэдэн жилийн өмнө Монголчууд бас нэг реалити шоугаар амьсгалаад авсан билээ. Эх оронч Баттулга нарын хэдэн шижигнэсэн залуус телевизийн дэлгэцийг бас ийнхүү хэдэн жилээр эзэгнэж  байж бидэнд нэгэн чухал үнэнийг ойлгуулсан санагдаж байна. Монголчууд нийтээрээ шахуу хошуу дүрж, үндэсний бүх хөрөнгөтнүүд төртэйгөө нийлэн байж хийдэг нүүрсний бизнесийн нэг үнэнийг Баттулга бидэнд хоёргүй утгаар ойлгуулж өгсөн юм. Юу вэ гэвэл Таван Толгойн уурхайн аман дээр 30-50 доллараар ачуулаад явуулж байгаа нүүрс чинь  хятадын зуухны аманд орохдоо 300-400 доллар болдог тухай үнэнийг тэр өгүүлсэн. Монголчууд ардчилсан ерөнхийлөгчөөсөө авахуулаад, шүүгч, прокурор, атг-н дарга мөрдөн байцаагч гээд бүх эрх мэдэлтнүүд, мөн УИХ-н гишүүд, жирийн иргэд гэх мэтийн өчүүхэн амьтад хүртэл бүгд нэгэн дуугаар зөрүү ашиг хаа нэгтээ байгааг мэдэж авсан.  Тэр зөрүү ашгийн ядаж багахан хэсгийг Монголд оруулах тухай ярьцгаах болж нүүрс угаах үйлдвэр тэрбумтан Оджаргал барьсан бол, нүүрс коксжуулах үйлдвэрийн макетыг тэрбумтан Баттулга барьснаар хоёр тэрбумтны өрсөлдөөнөөс үүдсэн Монголын их хямрал эхэлсэн түүхтэй. Гэвч нүүрсийг Монголд угааж, коксжуулаад ч 400 долларын тал нь хятадад үлдээд байгаатай бүгд эвлэрч хүлээн зөвшөөрч байна. Хүлээн зөвшөөрөгчдийг нүүрсний орлогоос цалинжиж байгаа шүүгч, прокурор, АТГ оройлж байгаа гэдэгт эргэлзэх юм алга. Өөрөөр хэлбэл хил давсан бэлэн угааж, коксжуулсан нүүрс 300 км-н цаана байрлах домен зуухны аманд очтолоо 200 доллараар өртөг нь өсдөгийг бүгд ойлгож авсан.  Угааж коксжуулалгүй гаргавал 350-370 доллараар өсөх нь бас ойлгомжтой л байна лээ. Хятадад манайх шиг үнэгүй ачаад, буулгаад, савлаад, жигнээд өгчих монгол ажилчид байхгүйг дээр дооргүй хүлээн зөвшөөрсөн гэсэн үг. Дээр нь бас Хятадын АТГ ч энэ асуудлаар эрүү үүсгээгүй, үүсгэх ч гүй биз.
Ингээд бодоод байхаар манай  нүүрс хөтөлбөрийнхөн энэ бүх ложистикийн зардлаа яаж нэг муу юм 50000 төгрөгт хүргэсийн бол доо зайлуул. Өрөвдмөөр ч юм шиг.

Миний бодлоор Л.Гансүхд тулгаж байгаа ял их гоё ял.  Ний нуугүй хэлэхэд жилийн өмнө надад тулгасан ял ч гоё санагдаад байсныг одоо хүлээчихье. Тэнэг хүмүүсээр тэнэг хэрэгт ял тулгуулна гэдэг бол өөрийн зөвийг нотлох хамгийн сүпер арга юм билээ.

Нөгөөтэйгүүр логик ийм байхад логикгүй тэнэг шийдвэр шүүх гаргавал шүүхийг бүтэн 6 жил залж, зассан ардчилсан гэх ерөнхийлөгчийн нэр хүнд л шалдаа унана. Ерөнхийлөгчийн хойч үедээ үлдээх legacy-гийн тухайд бол яриад ч байх хэрэггүй болох биз. Авилгалтай тэмцдэг хүн болж түүхэнд үлдэх гэсэн биш шүүх, хуулийнхны хүчирхийлэлийг ивээн өөгшүүлэгч нэрээр түүхэнд орон зайгаа олж авах байлгүй.  Наадуул нь ч Гансүх нарт ял өгөх гээд ардчилсан Ерөнхийлөгчийн үлдээх гэгээн legacy-д ял өгчихсөнөө ойлговч оройтно.

Иймд Л.Гансүхээ ял өгвөл ишиг шиг майлахгүй хурга шиг босоод л явчих. Ард түмэн сохор биш. Төр л сохорчихож. Нүүрс хөтөлбөрийн шууд үр дүнгээр Элбэгдорж ерөнхийлөгч өрсөлдөгчөөсөө 3000-хан саналын зөрүүгээр арай гэж ялж дахин сонгогдсоноо ч бас мартчихаж. Нүүрс тараах цэгүүд бараг сонгуулийн штаб шахуу байсныг олон хүн гэрчилнэ. Үнэн л тэр юм чинь угаасаа. Хүн өөрөө муухай харагдах гээд үзээд байхад түүнийг сайхан харагдуулах гэж зүтгэх хэрэггүй.  Зүгээр л орхичих. Инээж байгаад л тэр ялын тогтоолыг нь сонсчих. Наадуул чинь таны буруугүйг тогтоон суллах гэхээр өчнөөн сараар хорьж эрүүл мэндээр тань тоглосондоо бантаад  байгаа юм. Иймд өөрсдийгөө зөвтгөхийн тулд ядаж ямар нэгэн ял уншиж л таараа. 

Ганцхан цаг цагаараа байдаггүй гэж сайхан үг бийг л санаж яв.  Болоо




Sunday, September 13, 2015

Мангас ба ардчилалын баатар

(2-р ангидаа сонссон вьетнам ардын үлгэр)

Эрт цагт нэгэн мангас бий болоод ард олныг зовоон эд баялагийг нь дээрэмдэж хүн ардыг тамлан зовоох болжээ. Мангасыг дарахаар олон баатар эр явсан боловч нэг нь ч эргэж ирж байсангүй.  Мангас байсаар ард олныг зовоосоор байжээ.
Эцэст нь нэгэн баатар эр мангасыг дарахаар гарав гэнэ. Тэр мангасын байх ууланд очоод хартал мангас цадсан байдалтай алт эрдэнэсээ дэрлэн унтаж байжээ. Баатар эр ч сэлмээ сугалан түүний толгойг тас цавчин дарав гэнээ.
Баярлан хөөрсөн баатар “энэ бүх алт эрдэнэс минийх боллоо, би мангасыг дарлаа” хэмээн бодох тэрхэн агшинд гялалзан харагдах алмаз эрдэнийн талстанд мангас хөдлөн амь орох шиг болов гэнэ. Эргэн тойрноо сайтар ажвал ойр орчинд нь түүнээс өөр хэн ч байсангүй. Баярлан шунасан сэтгэлээ барьж дийлэлгүй алт эрдэнэсийг шүүрэн автал мангасын сүүдэр яг ардаас нь босон ирэв гэнээ. Сэлмээ сугалан эргэн хартал хэн ч байсангүй. Сандарсан баатар эргэн сайтар хартал өөрөө мангас болчихсон байжээ.

20-р зуунд МАХН гээч нэгэн нам төрд гарч ард олныг дарамтлан, эд баялагийг нь хурааж, эрх чөлөөг нь хясаж байжээ. 90 онд түүнийг дарахаар төрийн ордон руу орсон баатруудаас нэг нь ч буцаж гарч ирсэнгүй. МАХН-г дарсандаа хөөрөн тусгай хангамж , төрийн өмч, эрх мэдэл, бяр чадал гээч сайхан зүйлсэд шунан дурлах болжээ…


Тэгээд цаашаа юу болсоныг та нар надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа