Wednesday, December 21, 2016

Жирийн хүний хууль

Миний бие 2014 оны зун “Эх орончдод өгөх зөвөлгөө” нийтлэл дээрээ бичсэнчлэн барууны хуулийн сургуульд Juris Doctor програмд сурч байгаа ухаантай юм. Монгол маань шинэ дэлхий орчинд яаж бэдрэн, гэрээ хэлэлцээрүүд дээрээ хэрхэн гэнэдэж, эсвэл зүгээр л жирийн хүнд байх хэмжээний тэвчээр, ёс зүй дутсанаас хамтрагчид хөрөнгө оруулагчиддаа гологдож байгааг зүгээр харж, хоосон шүүмжилж тэвчилгүй эх орондоо туслах ганц ч болов юм мэдэж ирэхээр шийдэн хуулийн сургуулийг зорьсон минь энэ билээ.


Ирээд 2 улирал сурч юутай ч гэсэн foundations буюу энэ програмынхаа суурь хичээлүүдийн ард нь гараадхлаа. Олон ч юм ойлгож, өмнө нь олж хараагүй явсан жирийн, бүр арай ч дэндүү жирийн өчнөөн зүйлийн гайхалтай үнэн, хязгааргүй их үнэ цэнийг мэдэж авлаа. Tort, Contracts, Property, Crime, Equity  гэх мэт уншсан мэдсэнээсээ хуваалцахаар эрх зүйн цуврал эссэ бичих санаатай.  Юутай ч эхлээдхэе гэж бодлоо.

Гэхдээ мэргэжлийн бус хүнд хүрэхээр энгийн ойлгомжтой бичихээр шийдсэн. Та уншаад юу ч ойлгохгүй үлдвэл намайг бас үзсэн хичээлээсээ юу ч ойлгоогүй юм байна гэж дүгнээрэй. Аль болох хуулийн нэр томъёо хэрэглэхгүй, үнэхээр  дурьдах шаардлагатай хэдхэн нэр томъёо, кэйсийн нэрийг л энд бичих болно. Юутай ч үүнийг уншаад хүний нийгмийн үнэт зүйл, ардчилалын шалтгаан нь аль 10 зууны тэртээгээс бүрэлдэн тогтсон эрх зүйн уламжлалын үргэлжлэл болохыг анзаарна гэж найдаж байна. Энэ удаа ардчиллыг үнэхээр ойлгоё гэвэл Английн эрх зүйн системийг өөриймшүүлж хэрэглэдэггүй юмаа гэхэд  үзэж судлах шаардлагатай болохыг анзаарсанаасаа хуваалцъя .

Чингис хааныг мэндлэхээс 100 орчим жилийн өмнө буюу 1066 онд Нормандчууд Английг эзлэн авснаар хүн төрөлхтний түүхэнд маш чухал эргэлтийг авчирсан системийн суурийг тавьжээ.  Английн анхны норманд хаан нь болсон Эзлэгч Уиллям (William the Conqueror) болон түүний залгамжлагч хаад Английн хагас нэгдмэл тархай бутархай байдлыг маш уран аргаар төгсгөл болгож фёодалын тогтолцоог төгөлдөржүүлэн, өнөөг хүртэл хэрэглэгдэж байгаа дэлхийн хамгийн шалгарсан шударга үнэний хэмжүүр болох Английн шүүхийн тогтолцоог үүсгэн бий болгосон юм. Тэд үүнийг чухам яаж хийсэн бэ? Уиллям болон түүний хаан ширээ залгамжлагчидын тэр уран арга нь чухам юунд байв? Ямар  арга залиар үнэхээр төгс шударга байдлыг тэд үүсгэн бий болгож чадав?  Энэ асуултуудын хариуг тантай хамт энд эрэн хайцгаая. Монголд маань хэрэгтэй санаа олдож ч юуны магад.

Эзлэгч Уиллям Английн нутгийг эзлэж дуусмагцаа түүний бүх газрыг хааны өмч гэж зарлажээ. Мэдээж өмнө нь газраа өмчлөн эзэмшиж байсан Англичуудыг өөрийн эсрэг босгохгүйн тулд тун уран тогтолцоог Уиллям хаан бий болгосон байдаг.

Тэрээр Английн том язгууртнуудад өмнө нь эзэмшиж байсан газар нутгийг нь хааны давхар өмчлөлд оруулан эргүүлэн өгчээ. Энэ том нутаг дэвсгэрийн эздийг Лордууд гэх ба эзэмшил газар нь манай хэмжүүрээр бол бүтэн сум, багахан аймгийн дайны газрууд байх бөлгөө. Хаан газрыг зүгээр эргүүлэн өгсөнгүй. Хаант төрийн цаашдын үйл ажиллагааг бэхжүүлэх бүх механизмыг түүнд суулгах болзолтойгоор буцаан олгосон байдаг. Тухайлбал тогтоосон хугацаанд тодорхой тооны рыцарь, цэргийн хүчийг морь, зэвсэг, бусад хангалтын хамт хаанд жил бүр алба хаалгаж байх, мөн хааны хийж буй дайн байлдаанд өөрийн цэргийн хамт ирж хүчээ өгөх үүрэг гэх мэт болзолтой байв. Мэдээж Эзлэгч Уиллямд үе залгамжлан эзэмшиж ирсэн газраа бүрмөсөн алдахгүйн тулд язгууртнууд болзолыг нь шууд хүлээн зөвшөөрсөн байна. Багагүй зардал бүхий хааны болзлыг биелүүлэхийн тулд газрын том эзэд өөрсдийн газрыг дунд, бага феодалуудад хуваан өмчлүүлж ашиг авах болов. Тэд бол тайж, гүн, барон, knight буюу ноёд, рыцарь гэх зэрэг Лордуудын өмнөөс хаанд алба хаах үүрэгтэй язгууртан баатрууд билээ. Дунд бага ноёд голдуу хааны албанд биеэр явж дайн байлдаанд оролцох тул өмчиндөө ирсэн газрыг эдэлж боловсруулан ашиг гаргах зав муу. Ингээд тэд газраа чөлөөт иргэдэд жижиглэн өмчлүүлж түүнээсээ гарсан ашгаас эзэн хаандаа өргөл татвар төлөхийн сацуу эдийн засаг бизнесийг цэцэглүүлж байсан байна.

Газар ийнхүү хаан эзнээс харц иргэн хүртэл өмчлөл нь шилжихдээ дээд эзний өмчлөлөөс салдаггүйд л энэ системийн хамаг нюанс, уран заль, уяа гогцоо  нь байдаг. Хаан газраасаа хэдэн ч лордод таслан өгсөн газар дахь хааны эрх хадгалагдсан хэвээр л байна. Лордын газар ч мөн адил хэд ч хуваасан түүнийх хэвээрээ, дунд фёодалууд ч мөн адил өөрийн газраа бүтнээр нь эзэмшсэн хэвээр. Хамгийн доод талын давхаргынжинхэнэ газрын эзэн жирийн иргэний газрыг дээр нь байх ноёд, лорд, хаан давхар давхар өмчилнө. Газрын шат шатны эзэн газраа үхэн үхтэлээ, эсвэл түүний үр удам тасран тасартал өмчилж сууна. Түүний газрыг өв залгамжлагч байхгүй болоогүй л бол дээд өмчлөгч хэзээ ч эргүүлэн авахгүй. Өмчлөлийн газрыг freehold estate буюу чөлөөт эзэмшлийн газар гэх ба  өмчлөлийн эрхийг нь fee simple буюу  (fee = inheritable; simple = (inheritable to) everyone) “хэнд ч чөлөөтэй өвлүүлэх эрх” гэж нэрлэдэг. Эдгээр үгс “feodal-фиодал” гэдэг үгтэй ямар төстэй, язгуур нэгтэй хэллэгүүд болохыг та анзаарсан байлгүй. Газар гэдэг феодалын системийг үндсэн суурь нь байсныг эндээс ойлгоход түвэггүй.

Энэ цагаас хойш газрыг өмчлөх, шилжүүлэх, олж авах түмэн арга хууль зарчим бий болсон байдаг. Шинэ тивүүдийг нээсэн Английн далайн их аяллууд, шинэ тивүүдэд шилжин суурьшсан том том колониуд бүгд Английн газар өмчлөлийн тогтолцоо, тухайн цаг үеийн газрын хүрэлцээ 2-той шууд хамааралтай ч байсан байж магадгүй юм.

Уиллям хааны дараа үеийн хаадууд эцэг, өвөг шигээ хүчирхэг байж, Английн язгууртнууд, ард иргэдийг өөртөө дуулгавартай сөгдүүлж чадсангүй. Газрын эргэлт, эзэмшил сайжрахын хэрээр язгууртнууд баяжиж, иргэдийн амьжиргаа сайжирч ирэв. Тэд хаанаас биеэ даасан байдал, хамгаалалт шаардах болов. Хааныг дуртай үедээ өгсөн газраа нөхөн төлбөргүйгээр буцаан авахыг эсэргүүцсэн язгууртнуудын дургүйцэл, тэмцлийн үр дүнд Магна Карта төрж, Лордуудын танхим байгуулагдсан билээ. Зөвхөн хаан ч биш, газрын шат шатны эзэд, бусад иргэд нэгнийхээ өмчид халдах, булаах тайван байдлыг алдагдуулах, тодорхой бус байдалд байлгах явдалд нийтээрээ дургүй болж ирж. 

Гэвч хэчнээн ч дэг тогтоосон олон зүйл дундад зуунаараа л байлаа. Хоёр хүний жирийн маргаан зодоон болж, тэр нь гэр бүлийн маргаан болж, тэр нь  овог аймгийн маргаан тэмцэл болж; овог аймгуудын маргаан тэмцэл нь нутаг дэвсгэрийн маргаан болж, тэдгээр маргаан нь голдуу хүч, мэсээр шийдэгдэж; хүч, зэр зэвсгээр шийдсэн маргаан дараагийн хүчирхийллийг өдүүлж, тэр нь том бага дайныг турхирч, тэр бүхнийг зохицуулах, дарах, номхруулах хааны цэргийн зардал улам л өсөх болж. Нэг үгээр хааны тайван байдал (King’s peace) байнга эвдэгдэх болж, татвар, газрын орлого үр ашиггүй дайны зардалд урсан арилах болсон нь хаанд эрхгүй нэгийг бодогдуулжээ.

Нэгдүгээрт нэгэнт асуудлыг Уиллям өвөгтэйгөө адил  хүчээр шийдээд шийдээд явчих хүчин мөхөс,  хоёрт фёодалууд, ард түмэн харьцангуй эдийн засаг, цэрэг дайны хувьд дор дороо хүчирхэг болсон тул хааны зүгээс асуудалд хүчээр оролцох нь осолтой тоглоом болж иржээ.
Үүнээс гарах нэгэн уран арга бодож олсон нь аливаа маргааны гэм буруугүй талын хохирогчид хааны зүгээс нөхөн төлбөр амлаж, буруугүй нь тогтоогдвол хааны сангаас нөхөн олговор өгч эхэлсэн байна. Мэдээж нөхөн олговор хүн бүрт таалагдсан байна. Хүнтэй маргалдаад түүнээсээ болж үе удам, хот аймгаараа муудалцан дайтах хэрэггүй болж иржээ. Иргэдийн аливаа маргааныг шүүн таслах, нөхөн олговор авах талыг  үнэн зөв  тогтоох шүүхийг байгуулсан түүх ийм бөлгөө. Английн шүүх нь анх байгуулагдсан өдрөөсөө л эзний гэсгээл гэхээсээ хааны тайван байдлыг сахиулах үүрэгтэй байсан нь олон зууныг дамжсан шударга үнэний эталон болон хөгжихөд хөтөлсөн гол хүчин зүйл болжээ. 
Хаан мэдээж маргасан болгоны хохирлыг өөрийн сангаас төлөөд барагдуулаад байсангүй. Буруутны хөрөнгийг хураан авч хөрөнгө сангаа сэлбэдэг төгс төгөлдөр системийг  бас тогтоож чаджээ.
Нэгнийхээ биед зөвшөөрөлгүй хүрэх, хорих, хүний газарт зөвшөөрөлгүй нэвтрэх, тайван амгалан амьдрахад  саад болох зэргийг зохицуулснаар английн хуулийн системийн хамгийн чухал суурь болох tortious liability law  буюу гэм хорын хариуцлагын хуулийн тогтолцоо бүрэлдэж ирсэн байдаг. Нэгэнт энэ мэтээр нэг нэгнийхээ тайван амгалан амьдрах нөхцөлийг алдагдуулж болохгүй хэм хэмжээ тогтоод ирмэгц санаатай санамсаргүй халдлага, оролдлогоос үүссэн маргаан цусан өшөө авалт, цаашилбал дайн самуун болтлоо өргөжихөө больж, улмаар эдийн засгийг үймүүлэн бусниулахаа больж ирэв. Tort law-н энэ тогтолцоо цаашид хөгжсөөр 1932 оны Donoghue v Stevenson AC 562 хэргээс эхлээд хариуцлагагүй байдлын хохирлыг тогтоох болсноор 20-р зуунд олон нийтийн аюулгүйн стандартуудын хөгжлийг хурдасгаж төгөлдөржүүлжээ. 
Donoghue v Stevenson-ы зарга их сонирхолтой. Хатагтай бааранд найзынхаа дайлсан шилтэй пивог ууж байтал түүн дотроос эмгэн хумс хорхойны үлдэгдэл гарч түүний хоолой руу орсныг залгиснаасаа болж бие нь эвгүйцэж иржээ.  Энэ хэрэгт найз нь буруутай юу, зарсан баарны эзэн буруутай юу, ер нь хэн буруутай вэ гэдэг асуудал үүсэж ирсэн байна. D хатагтай уг пивоны үйлдвэрлэгчийн эсрэг зарга мэдүүлж заргаа авчээ. Шүүгчдийн нэг Лорд Аткин хэргийг D хатагтайн талд шийдсэн reasoning буюу учир шалтгааныг тайлбарлаж хэлэхдээ “Аливаа хүн хөршөө хайрлаж байх ёстой.   Чиний хөрш  гэж хэн бэ?  Чиний хөгш бол чиний үйлдэл, эс үйлдлээс болж хохирч, гэмтэж болзошгүй тэр хүн” гэжээ. Энэ хэргээс хойш хүмүүс өөрсдийн үйлдэл, үйлдвэрлэлийн үр дагаварт санаа тавьж, хийсэн үйлдэл, үйлдвэрлэсэн бүтээгдхүүнээсээ болж бусдыг гэмтээж хохироохгүй байхыг төлөө онцгой анхаарах болсон байна. Бидний барууны ертөнцөөс гайхан шагшдаг бүх юм нь хүний төлөө байдаг тэр гайхалтай нийгмийн ухамсар чухамхүү энэ хэргээс үүдэлтэй болохыг би дөнгөж саяхан мэдэж аваад байж байна Дэжимбээ нар минь.

Иргэдийн маргаан зөвхөн бие, эд хөрөнгөний халдашгүй байдлаас болж үүсэж байсангүй. Голдуу арилжаа наймаанд өгсөнамлалтаа биелүүлээгүйн улмаас гарз хохирол учруулсан гэх маргаан иргэдийн маргааны ихээхэн хэсгийн эзлэх болж ирж. Энэ асуудлыг зохицуулж хэлсэндээ байх соёлыг үүсгэсэн хуулийн тогтолцоог бий болгосон нь өнөө цагт contract law буюу гэрээний эрх зүй болж хөгжсөн байдаг.  Хоёр хүн харилцан тохирсон ба тэр нь гэрээ гэж түгээмэл хуульд хүлээн зөвшөөрөгдөх шинжийг агуулж байвал заавал биелүүлэх үүрэг хүлээдэг. Энэхүү хэлсэндээ байхыг албаддаг систем нь эдийн засгийн олон дэвшилд нийгмийг түлхдэг, гэрээ хэлэлцээрээ чамбай, санаатай хийдэг болгож сургадаг байна. Гэрээ гэхээр л манайд бол бичсэн цаас, зурсан гарын үсэг гэж ойлгодог.
Энэ бүхнийг бичигдсэн хуульгүй аль 12-р зуунд хэрхэн амжуулж байсан нь их сонин. Шүүх ямар хууль барьж хэрэг маргааныг хэрхэн таслаж байв?
Англичууд тэр үед газрын том эзэд, том язгууртнуудын өөртөө барьсан цайз хэрмийн ойролцоо тосгодод голдуу амьдардаг байсан ба үүнийг нь commons хэмээн нэрлэдэг байж. Common гэдэг нь монголчилбол нийтийн, хамтын, хотол, түгээмэл гэж бас орчуулагдана. Арай танил ойлголтоор бол хамтрал коммун маягийн. Тэр цагт хааны шүүх тосгодоор явж хэрэг маргаан таслан шүүдэг байжээ. Шүүхдээ маргалдагч талуудыг сонсож байгаад тухайн цаг үеийн жирийн эрүүлээр сэтгэдэг хүн яаж авирлах байсан тэр авир, үйлдлийг жишиг болгож байгаад хэргийг шүүдэг байж. Үүнийг common law буюу түгээмэл хууль гэнэ. Гол хэмжүүр нь reasonable man буюу жирийн хүн. Түгээмэл хуулийг шүүхийн шийдвэрээс өөр газар бараг бичихгүй. Ерөнхийдөө бол аман хууль юм.

Энэ хуулийн гол зарчим нь аливаа үйлдэл жирийн хүний тухайн нөхцөлд гаргах байсан үйлдлээс зөрж эхэлбэл бурууддаг. Монголд ч бас ийм хууль 13-р зуунд байсныг бид мэднэ. Их засаг хууль бол үнэндээ Чингис хааны зарлиг гэхээсээ илүү жирийн монгол хүний үйл хөдлөлийн хэм хэмжээний тухай аман хууль юм.  Жирийн хүний үйлдэл нь тухайн цаг үе, зан заншлын олон хувиралтай боловч англичууд анхнаасаа л жирийн англи хүний үйлдэл, зан байдлыг жишиг стандартаа болгож ирсэн тул он цагт хуучирч хаягдсан нь маш цөөн байх юм.

Английн шүүхийн шударга байдал нь хааныгаа амар амгалан байлгах шаардлагаас урган гардаг. Хэрэв шүүх асуудалд буруу хандаж нийтээр түгээмэл хүлээн зөвшөөрдөггүй хэм хэмжээг тулган шударга биш шийдвэр гаргавал ямар ч хохирогч тайтгарахгүй ба буруутан нь даварна. Шүүх л маргааныг нь шударга шийдэхгүй бол маргаан өөр түвшинд шилжиж ахиад л хэрүүл маргаан, зодоон цохион, цаашилбал дайн самуун үүсэх аюул нэмэгддэг байв.  Тиймд шүүхийн шударга байдлыг хангахын тулд шүүхийг хэд хэдэн үе шаттайгаар байгуулсан байдаг. Хамгийн доод шатны шүүхийг хүлээн зөвшөөрөхгүй бол давж заалдаж болно. Давж заалдахдаа нэг л удаа эрхийн дагуу үнэ төлбөргүй давж заалдана. Хэрэв маргаан шийдэгдэхгүй бол хааны дээд шүүх буюу Privy Council хүртэл явж заргалдаж болно. Үнэхээр түгээмэл хуульд хувь нэмэр болох хэргийг л дээд шүүх авч хэлэлцдэг. Өмнө нь шийдэгдсэнтэй адил хэргээр дээд шүүхэд хандвал зарга мэдүүлэгчийг дээд шүүхэд түвэг удлаа гэж үзэн торгууль тавьж, зарим тохиолдолд түүнээс ч хатуу шийтгэж орхино. Common Law (түгээмэл хууль) Английн болон Английн хааны мэдлийн колони, түгээмэл хуулийг хэрэглэгч бусад бүх улсад нэг л ижил reasonable man (жирийн хүн) гэсэн стандарттай байх тул тус стандартад нийцүүлж шийдсэн аливаа шийдвэр дараа дараагийн шийдвэрийн суурь болж явна.  Ингэхдээ дээд шатны шүүхийн тийм шийдвэр доод шатны шүүхийн хувьд заавал дагах преседент болдог бол бусад ижил түвшний шүүхийг шийдвэрүүд эшлэл жишээ авах, санаа авах эх үүсвэр нь болдог.  Энэ бүх зарчмыг The doctrine of precedent гэх ажээ. Энэ зарчим шүүхийн шийдвэрийн тодорхой байдал (certainty)-г буй болгодог. Тухайлбал өмнөх адил төстэй хэрэгт гарсан шийдвэр дараагийн хэрэгт бас л адилхан шийдэгдэх нь тодорхой тул манайхан шиг танил шүүгч хайж гүйлдэх, эсвэл гар хүндрүүлж хэрэг наймаацан шүүхийг авилгалдах бүх боломжийг  энэ зарчим хааж орхидог. Хэрэв шүүх өмнөх преседентээс өөр шийдвэр гаргавал түүнийхээ үндэслэлийг хуулийн шинжлэх ухааны маш өндөр түвшинд тайлбарлах ёстой болно. Шүүгчийн ийм шийдвэр нь үндэслэлгүй, субъектив байсан нь хуулийн шинжлэх ухааны хүмүүс, шүүхийн ёс зүйн хороо, нийгэмлэгээс тогтоогдвол тэр шүүгчийн каръерт шууд цэг тавигддаг.

Ижил гэмд ижил зэм
Ижил элемент, үйлдэлтэй хэргүүд дээр өмнөх преседентийг дагах нь  тэгш байдал буюу equality зарчим юм. Яагаад яг адилхан хэрэгт түүнд бага шийтгэл, надад их шийтгэл оногдуулж байгаа юм гэсэн маргаан гарахгүй байх, түүнээс үүдсэн нийгмийн бухимдал газар авахгүй байх  үндэс нь тэгш хандах зарчим байдаг. Та 1000 төгрөгийн хохиролтой хэрэгт 10 хоног нийгмийн ажил хийх ял өгч байгаа бол 100 төгрөгийн хохиролд 1 хоног гэж хандах нь тэгш хандлагын зарчим болдог. Монголын хуульд ийм зарчим байхгүйгээс үйлдэл, элементүүд давхцсан хэргүүдэд хохирлоосоо хамаарахгүйгээр адилхан шийтгэл, санкц байдаг нь нийгмийг хамгийн их бухимдуулдаг билээ. Түгээмэл хуулийн (common law) дагуу яаж ч үзээд нэг тал нь хохирохоор шийдэхээс өөр аргагүй хэргүүд equity court дээр очиж ялдаг нь бий. Жишээлбэл манай Таван Толгойн гэрээ шиг хэрэг. Тус гэрээ бол яалтчгүй цагаан дээр хараар 30$ гээд байгуулчихсан гэрээ. Equity-с бусад аль ч хуулиар бол энэ гэрээ мөрдөхөөс өөр арга байхгүй (binding) хатуу нөхцөлтэй. Ийм тэгш бус нэг талд илт хохиролтой гэрээнүүд голдуу equity court дээр очиж заргаа шүүлгэж хохиролоо багасгах боломж олж авдаг.

Нэгэнт хэргийг өмнөхтэй нь төстэй байдлаар шийдэх зарчмын шийдэл нь шүүхийн үр бүтээлтэй, шуурхай байдлыг (efficiency)мөн нөхцөлдүүлдэг. Жижиг хэргүүд, элемент нь тодорхой, нотлох баримт нь хөдөлбөргүй хэргүүд бол маш хурдан шуурхай шийдэгдээд явдаг. Манайхан шиг учир нь олдохгүй сар жилээр хорьж бгаад аль анхны байцаалтаар ил болсон баримтанд тулгуурлаж шийддэг хэрэг гэж тэнд байхгүй. Ингэж шийдэхдээ мэдээж өмнөх зарчмыг яс баримтлах тул хэн ч намайг буруу, хөнгөн хуумгай шийдлээ гэсэн зарга үүсгэх нь ховор. Тэгвэл шүүхэд ямар зарга, хэргүүд уддаг вэ. Тэр бол голдуу novel cases буюу өмнө нь тогтсон преседент байхгүй, төстэй шийдэгдсэн хэрэг байхгүй хэргүүд байдаг. Шүүх ийм хэргүүд дээр хууль зүйн шинжлэх ухаанд хувь нэмэр оруулах PhD thesis түвшний шийдвэрүүдийг эрэлхийлж, олж гаргадаг. Хуулийн сурах бичгүүдэд зөвхөн ийм хэргүүдийг л жишээ болгон хэвлэх тул шүүгчид буруу шийдвэр гаргадаг муугийн жишээнд орж түүхэнд үлдэхгүйн тулд маш нухацтай ханддаг нь ойлгомжтой.

Энэ бүх зарчмаар явж гаргасан шүүхийн шийдвэр үнэхээр шударга ёсны хэв шинжтэй болж ирдэг (appearance of justice). Нэгэнт нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн шударга байдлын хэм хэмжээнд нийцсэн шийдвэрүүд гараад ирмэгц хааны тайван байдлыг алдагдуулах хэрүүл тэмцэл газар авахгүй замхардаг байна.

Энэ тайван байдал, шударга байдал, эрх тэгш хандлага яваандаа дэлхийн олон улсуудад хүлээн зөвшөөрөгдөж тэр нь явсаар ардчиллын суурь олон зарчмын яс мод нь болж өгсөн байдаг юм билээ. Хүний эрхийн тунхаг болон олон улсын олон чухал баримт бичгээс Английн хуулийн аль 12-р зуунаас эхлэн хөгжсөн үнэт зүйлсийг бид олноор нь олж хардаг ч түүнийг хаанаас гаралтай хэрхэн хөгжиж өдий хүрсэнийг тэр бүр сонирхон судалдаггүй.

Монгол бол бичмэл биш аман хуультай улс байсан. Бичмэл хуулинд шилжээд ч түүнийгээ бараг биелүүлдэггүй. Учир нь олон бичмэл хууль хүний амьдралын хэв маяг, жирийн хүний жирийн үйлдлийг үгүйсгэсэн байдлаар гарч байдаг. 

Монголын хууль шүүхийн шинэчлэл миний л мэдэхийн арван хэдэн жил яригдаж, үе үеийн Ерөнхийлөгчдийн амны уншлага болсоор удлаа. Үндсэн хуульд хүнлэг нийгэм байгуулах тухай уг нь бий. Жирийн хүний жирийн үйлдлийг нийгмийн ёс журмын стандарт, заавал мөрдөх хуулийн хэм хэмжээ болгосон хүний төлөө нийгмээ хэзээ ч байгуулж эхлэх юм бүү мэд.  За энэ хүрээд энэ хэсгээ дуусгая. Хүмүүс энэ сэдвээр цааш унших сонирхол их байвал тэгэсгээд заваараа үргэлжлүүлэмз.
Уншигч та санал, сэтгэгдэлээ @batengineer жиргээ хаягаар хуваалцвал баярлах болно. 



Friday, November 4, 2016

АРДЧИЛСАН НАМД ОЛДСОН ОЛЗ

Халхын заяа ихээ гэдэг шиг ардчилалын заяа ч бас их ажээ. Ардчилсан Нам яг коммунист нам болдогийн даваан дээрээ сонгуульд ялагдаж нэг юм аврагдлаа. Энэ сонгуулиар МАН сайндаа ч ялсангүй, харин АН муудаа ялагдаж орхив.

Ардчилсан намыг юу муу болгож, юу муухай харагдуулан ялагдуулав?
Мэдээж мэнэжмент. АН маш буруу коммунист мэнэжтентийг сонгосноосоо болж ялагдав. Зүгээр л ардчилалын талынхан тэднээс олноороо нүүр буруулчихлаа.  АН-г коммунист нам болохыг харж байснаас МАН-д засгийг шилжүүлэх нь гарз багатай хувилбар болж хувирснаас АН гишүүд дэмжигчдийнхээ саналыг ч олноор нь алдаж ялагдав.
АН сонгуулийн хуульд сонгууль эхлэхээс өмнө 6 сарын дотор нэмэлт өөрчлөлт оруулж болохгүй гэсэн хуулийг нулимж хаяад цэцийн шийдвэрийг хэлэлцэн хүлээн авсанаар ялагдлын сууриа өөрөө цутгасан юм. Цэцийн дүгнэлт зөвхөн УИХ сонгуульд хамааран гарчихаад байхад л түүнийг орон нутгийн сонгуульд хэрэглэж нийслэлдээ БатҮүлийн багийг бас ялагдуулах нөхцөлийг хамтад нь тулгаж орхилоо.   Эцэст нь сонгуульд нэр дэвшигчдээ торуулахдаа л намын дарга нь хуулийн хугацааны шөнийн 24 цагтай нийлэн намаа шахаанд оруулж байгаад тас харанхуй хуйвалдааны хуваарилалт гаргасанаар шинэхэн зурсан ихэнх тойргууд эзэнгүйдэж хүний хоол болов.
Мэдээж сонгуулийн бохир технологи, их дээрээс зохион байгуулсан бохир  үйлдэлүүдийн үр дүн МАН-д 20 суудал нэмж авчирсныг хэн ч одоогоор үгүйсгэж мэдэгдэл гаргаагүй байна.

За тэр сонгууль ч яахав. АН-ы гишүүний хувьд нам маань коммунист нам болохоос аврагдсанд би туйлын баяртай байгаагаа нуух юун. Мэдээж сонгуулийн дараа олон аавын хүү ажилгүйчүүдийн эгнээнд шилжин орж эхлэнэ. Яг би 14 онд АН-ы коммунист сайдын шахаагаар ажлаасаа халагдаж байсан лугаа адил хэлмэгдэл АН-ы гишүүдийг тойрохгүй.  Гэвч АН-ы олон гишүүний өмнө төрийн хаалга хаагдсан ч хажууд нь өөрсдийгөө боловсруулах, намаа ардчилах, алдаагаа ухаарах, дараагийн ялалтандаа бэлдэх цонхнууд цэлийтэл нээгдлээ. Төр засаг, аж ахуйн аахар шаахар ажлаас чөлөө авсанаар энэ бүх зүйл бодитой болох боломж гарч ирж байгаа юм. АН алдсан 4 жилээ олдсон 4 жил болгох боломж цэлийтэл нээгдлээ.

Сонгуулийн маргааш л намын түр удирдлага албан тушаалаасаа огцрохоо мэдэгдэж түр суудлаа түр орлон гүйцэтгэгчдийн үүргийг түр орлон гүйцэтгэгчдэд шилжүүлэв. Ерөнхийдөө АН де факто удирдлагагүй шахуу болоод даруй 4 сар боллоо. Намын хаотик байдал орон нутгийн сонгуулиар тод харагдав. 2012 онд авч байсан ихэнх өндөрлөгөөсөө АН нуран буулаа. Намын шинэчлэл ярьсан залуус хаа нэг буланд хашаа хорооны сонгуульд өрсөлдөцгөөн улс төрд орох замаа засах гээд шинэчлэлээ түр унтаа байдалд шилжүүлэв.

Намын шинэчлэлийн амин сүнс нь намын шинэ удирдлагыг сонгох явдал. Чухамхүү энэ хүнийг олж тодруулсаны дараа л шинэчлэлийн санаачлагууд бодит ажил болох боломж гарч ирнэ. Дараагийн удирдлага юу хийх ёстой вэ. Миний бодлоор шинэчлэл бол дараагийн бялуу хуваалт байх ёсгүй. АН-ы шинэчлэл бол системийн шинэчлэл байх ёстой. Шинэчлэлээ дүрэм, намын зохион байгуулалтаасаа эхлэх хэрэгтэй. Намууд орон нутгийн зохион байгуулалтаар байгуулагдан ажиллаад төр авмагцаа мэргэжлийн байгууллага, салбар руу орж ажиллах болдог. Иймд намын зохион байгуулалтанд мэргэжлийн салбарын онцлог, хандлагаыг тусгах зайлшгүй шаардлагатай. Дарханы нам, Сэлэнгийн нам биш, дарханы нам, мужааны нам байх хэрэгтэй байгаа юм. Салбар салбарын бодлого намууд дээр зангидагдаж бэлтгэгдэхгүй байгаагаас тохиолдлын хүмүүс шагналын журмаар салбаруудад очиж түйвээсэнийн үр дүн 2016 онд АН-д ирсэн гашуун сургамжийг мартах ёсгүй. Мартахгүйгээр барахгүй намын зохион байгуулалтандаа салбар бүлгэм, хороодыг байгуулж алдаагаа засах ёстой юм.

Намын шинэчлэлд дараах гурван зорилтыг хэрэгжүүлээсэй гэж хүсэж байна.
1.     Намын орон нутгийн зохион байгуулалтыг салбарын бүлгэмийн зохион байгуулалт руу шилжүүлэх. Орон нутагт салбарын дэд бүлгэмүүдийн багасгасан хувилбаруудын нийлбэр хэлбэрээр намын байгуулагыг өөрчлөн зохион байгуулах. Ингэж чадвал засгийн эрх авсан тохиолдолд хамгийн шилдэг хүмүүсийг улс ардын аж ахуйн салбар бүрт гаргаж ирэх, тэднийг системтэйгээр бэлтгэх боломж гарна. Үр дүнд нь Монгол л хожно. Орон нутгийн намууд хамаатан садан, сум баг дамжсан ханлиг ванлиг хэлбэрээсээ салж илүү төр, улс ардын аж ахуйн ажил аваад явах чадамжийг бүрдүүлдэг, бэлддэг зохион байгуулалтанд орох юм. АН өнөөдөр Ялсан Баянгол, Сүхбаатар аймаг, Завхан аймагтаа бүх хүчээ төвлөрүүлж орон нутгийн засаглал, удирдлагын жишиг загвар бий болгох хэрэгтэй. Гадаадын нутгийн удирдлагын тэргүүн туршлагуудыг энэ аймаг дүүргүүдэд авчирч нэвтрүүл. 2020 онд бусад аймаг дүүргийг эдэн шиг болгоно гэж харуулж үзүүлж байж л ялах боломжтой.    
2.     Намын удирдлагад залуус, эмэгтэйчүүд, Ардчилалын анхдагчдын төлөөлөлийг тэнцүү оруулж байх асуудлыг шийдэх ёстой. Ардчилсан нам эмэгтэйчүүд залуусынхаа оролцож дэмжиж авсан эрх мэдлийг Ардчилалын анхдагч, намын лидер гэх хэдхэн хүн л хувьдаа завшиж, ойр дотныхноо татахад ашиглаж байдаг луйврын схемээсээ салах цаг болсон байна. Залуусаа, эмэгтэйчүүдээ зоригтой дэвшүүлж чаддаг МАН-д олон дэвшилтэд залуусыг алдсан нь АН-ы боловсон хүчний бодлогын дампуурлын л үр дүн. Энэ алдааг намын шинэчлэлээр заавал засах ёстой. Залуустаа итгэдэггүй намд ирээдүй байхгүй.
Нам 4 дэд даргатай, түүнээ хувьсгалчид, дунд үе, эмэгтэйчүүд, залуусын төлөөлөлөөс сонгодог байх ёстой гэж бодож байна. Дэд даргагүй, намын дарга ЕНБД гэсэн 2хон хүн олон нийтийн намыг удирдах нь ардчилалын зарчимд таарахгүйгээс гадна намын эв нэгдэлийг бэхжүүлдэггүй болох нь туршлагаар батлагдлаа шүү дээ. Намаа олуулаа удирдая. Төлөөлөлөө зөв хуваарилая. Ингэж байж фракцлагдсан хуваагдлаасаа ангижирна.
3.     АН ялагдсанаар завтай болсон. Энэ заваа гудамжны эрх мэдлээ булаалдан үрвэл үнэхээр харамсалтай. АН 2016-2020 оны хооронд дараагийн сонгуульд ялбал батлах реформын дор хаяж 76 хууль (нэр дэвшихийг горилогч бүр нэг хууль бэлдэх), засгаа байгуулбал хэрэгжүүлэх салбарын 15 бодлого (сайдад санаархагч бүр нэг салбарын бодлого бэлдэх), реформын төслүүдээ маш нухацтай, нягт нямбай бэлдэх ёстой юм. Үүнд 1.5-2 жил орно. Магадгүй хүн хүч, мэдлэг ур чадвараас хамаараад түүнээс ч их цаг авч магадгүй. АН-ы олон жилийн алдаа бол засаг авахдаа хамаг анхаарлаа хандуулаад засаг авангуутаа хийх ажлаа бэлддэггүйд байгаа. Сонгуулийн өмнөхөн хам хум сонгуулийн оноо цуглуулахад чиглэсэн намын мөрийн хөтөлбөр гаргаад засаг авмагц түүнийгээ хэрэгжүүлэх ЗГ-н мөрийн хөтөлбөр гурилдан гаргадаг. Цаашид ингэж баймааргүй байна. Нухацтай, судалгаатай, тооцоотой реформуудыг эртнээс мэргэжлийн өндөр түвшинд бэлдэж байж засаг авдаг болох хэрэгтэй.

Энэ бүхнийг хэн зохион байгуулж хэн хэрэгжүүлэлтийг нь удирдан чиглүүлэх вэ? Мэдээж намын дарга, намын штаб. Хүний нөөцийн бодлого нь хямралд орсон АН-ы хувьд энэ маш том асуудал болоод байна.
Хэд хэдэн кандидатын сураг гарч байна. Сайн муу хэн нь ч байсан энд бичсэнийг ажил болгохоо илэрхийлбэл би дэмжихэд бэлэн. Эцсийн эцэст зөв хүн биш зөв систем ажилладаг тийм намыг л би хүсээд байгаа юм.
АН-н даргыг гаднаас сонгодог байсан үе саяхан. Яг үнэндээ Ж.Наранцацралт, Р.Амаржаргал нар бол Н.Багабанди гэдэг хүний л сонгож зөвшөөрсөн намын дарга нар байлаа. З.Энхболд бол хэн ч сонгож томилоогүй намын дарга байв.
Даргаа зөв сонгох нь шинэчлэлийн тавин хувь нь шүү дээ. Иймд бид маш олон талаас нь харж тодруулах ёстой юм.
Намын дарга болох хүн дараахь шинж чанарыг агуулж байгаасай гэж хүсэж байна.
1.     Ардчилалын үнэт зүйлсийг ойлгодог, түүний төлөө жинхнээсээ тэмцдэг байх.  Ардчилсан намын дарга, гишүүдэд заавал байх чанар бол энэ. АН гишүүнээр элсүүлэхдээ элсэхийг хүсэгчийн хүний эрх, ардчилалын үзэл санаанд нийцсэн байдал, үүх түүхийг (records) анхааралтай шалгаж байх ёстой гэж боддог. Өнөөдөр ардчилалыг гажуудуулан, хүний эрхэм чанарыг гутаан солиолч солиорчихоод, маргааш АН-д элсчихсэн, сонгуульд мөнгө шидэн нэр дэвшээд явж болоод байгаагаас АН бохирдож харлаад, гишүүдийнх нь урам хугараад байгаа юм. Бусдын эрхэнд халдах, эрх мэдлээр дарангуйлахыг санаархагчид, тийм үйлдэл гаргаж байсан хүмүүсийг эгнээндээ оруулддагүй нам болсоны дараа л АН ардчилсан үзэл санаагаа хаа нэгтээ гээх аюулаас бүрэн ангижрана. 
2.     Зохион байгуулах авъяас чадвар сайтай, намын нэгдлийг хангаж, гишүүдээ ялгаварлан гадуурхахтай хатуу тэмцэж чадах. Нам бол хүн сүрэг. Хамгийн анхны нам бол хүн сүрэг байсан гэх гэсэн юм. Нам тэр шинж чанараа одоо ч хадгалж байгаа. Өөр өөрийн бодол төлөвлөгөөтэй олон хүнийг нийтийн зөв үйл хэрэгт хамтад нь чиглүүлж чадах нь удирдагч хүний үүрэг. Бид сайхан ярьдаг,  сайн хор найруулдаг удирдагчидтай байж үзсэн. Одоо илүү прагматик зорилтыг, илүү бодит ажил болгож чадах хүмүүс олж намаа удирдуулах цаг болсон. Намын гишүүн бүр эрхэм чанарыг агуулсан бие хүмүүс байдаг. Гэтэл тийм гишүүдээ дарангуйлах, хүзүүн дээр нь гишгэж байж гарсан өндөрлөгөөсөө няц гишгэхийг өмнөх удирдлага ихээр оролдох болсоноос намын эв нэгдэл тарж алга болсон. Фракцууд бол яг үнэндээ аль нэг өөрийн намын даргадаа няц даруулахгүйн тулд буй болсон өмгөөлөлийн бутнууд юм. Гишүүдтэйгээ удирдлага нь ялгавартай ханддаг  соёлоос үүдэлтэй, тэр соёлд зохицон тэгш харилцааг эрэлхийлэгчдийн шийдэл бол фракцууд байлаа. Гишүүдээ гадуурхан, ялгаварлан харьцдаг удирдлагын соёлоо халахгүйгээр фракцуудыг тараах ямар ч боломжгүй. Иймд шинэчлэлийг эхлүүлье гэвэл намын удирдлага харьцаагаа шинэчлэхээс эхлэх ёстой.  Намын цоо шинэ харилцааны соёл бидэнд хэрэгтэй. Намын хуучин удирдлага гишүүдтэйгээ эргэж уулзах нүүртэй үлдье гэвэл өмнөх буруу харьцаандаа уучлах гуй.  
3.     Олон улсын нэр хүндтэй, гадны ардчилалыг дэмжигч улс орнуудтай сайн харилцаа үүсгэж чадах, олон улсын түвшинд Монголын ардчилалыг дэмжүүлэх чадвартай байх. Монголын ардчилал үүсэхдээ л олон улсын ардчилсан хувьсгалуудын хэсэг байсан. 90-д онд ардчилалын нэрээр орж ирж байсан дэмжлэг, тусламжаар л Монгол улс амьдарч байсан нь бодит түүх. Эдийн засгийн хүндрэлүүдтэй олон улсын тавцанд идэвхтэй байж байж л тулж давж чадна. Үүнийг зохион байгуулж удирдаж чадах удирдлага бидэнд хэрэгтэй. Өнөөгийн намын дарга маргаашийн Ерөнхий сайд, УИХ-н дарга. Иймд энэ хүний ур чадвар мэдлэг боловсролоос зөвхөн АН гишүүдийн хувь заяа биш, улс орны хувь заяа хамаарах болно.  
4.     Ард түмний мандат авсан байх нь өнөөгийн цаг үеийн маш чухал шалгуур байна.  Дарга нь ард түмний мандат авч чадаагүй, үгүйдээ л халдашгүй эрх олоогүй нам яаж зовж арчигддагийг бид өнгөрсөн 4 жил МАХН-н туршлагаас бэлхэнээ харлаа. УИХ гишүүний халдашгүй эрх аваагүй хэнийг ч ямар ч хэрэгт зохиомолоор чихээд оруулчих боломж өнөөгийн бохир улс төрд хэвийн хэм хэмжээ нэгэнтээ болжээ. Олон сайхан залуус, ирээдүйтэй лидерүүд парламентын гадна байгаа нь харамсалтай. Тэднийгээ бид сонгоод намаа удирдуулбал сонгууль дөхөх үед намын даргын хувь заяагаар тоглох, намаар наадах бол энүүхэнд байгаа аюул юм. Өнөөдөр ч Гантөмөрийг нэр дэвших сургаар хөлсөөр бичдэг зарим хүн элдвийн будаг цацаад эхэлсэн байна. Энэ аюул 20 онд улам ихэснэ. “Даргагүй нам сонгуульд яаж ордогийг харнаа” гэдэг үг хэлэх хүн захаас аван бий. Тэд хийх улс төрийн шийдлээ л гаргачихвал хэнийг ч юунд ч хийдэг болохыг бүгд мэдэж авсан. УИХ гишүүний бүрэн эрхтэй Тэмүүжин нарыг яаж зовоосон, гишүүний бүрэн эрхгүй Л.Гансүхийг яаж хэлмэгдүүлсэн хичээл саяханых шүү дээ. Залуусаа, ялангуяа ирээдүйтэй лидэрүүдээ ийм бохир улс төрийн тоглоом болгож болохгүй. Тэдэнд УИХ гишүүний халдашгүй эрх эхлээд өгч байж урдаа гаргахаас өөр аргагүй байдалд оруулдаг муухай цаг үе ирсэн байна. Иймд одоохондоо УИХ дахь АН гишүүдээс намын даргад өрсөлдөж энэ шинэчлэлийг эхлүүлсэн нь дээр санагдаж байна. Харин залууст намын дэд дарга, ЕНБД-г өг. Тэднийг тэр олон хууль, бодлогын баримт бичиг, төлөвлөгөө план бэлдэх зохиох ажилд дайчил. Тийм ажилд оролцоогүй хүмүүст нам ялсаны дараа албан тушаал өгөхөө л больчих. Ингэж чадвал АН цоо шинэ хүчирхэг, чадварлаг нам болж чадна. АН зөвхөн зөв болсон цагтаа л жинхэнэ хүчирхэг нам байж чадна. Иймд намаа зөв болгоё. Ингэвэл улсын маань хөгжил, ардчилал зөв болно. 

- Мөсөн дээр мөнгөн аяга тэр юу вэ?
- Бөөн олз. 
- Тиймээ тэр олз таньд 6 сарын 30нд 48 байсан. Одоо 44 үлдлээ



АН гишүүн Бат (инженер)

Wednesday, July 27, 2016

ХӨГЖЛИЙН ТҮЛХҮҮР ХААНА БАЙЖ БОЛОХ ВЭ?



Анх 2001 оны 1-р сард amarjargal.org сайт дээр
 гарсан ба Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 
“Нүүх үү Үлдэх үү” сэдэвт лекцэнд
 энэхүү нийтлэлийн санаануудаас 
зохиогчийн зөвшөөрлөөр оруулан 
олны хүртээл болгож байсан болно


Монголчууд бид эх нутгаа эзэмшээд хэдэн түмэн жил, тулгар төрөө байгуулаад  800-аад жил, тусгаар тогтнолоо тунхаглаад 80-аад жил, ардчилагдаад 10 гаруй жил болох гэж байна.
ХХI зуун нэгэнт гарч ХХ зууны тухай зөвхөн дурсамжийн хэмжээнд ярих цаг ирлээ. За энэ ч яахав. Харин энэ хооронд, ялангуяа сүүлийн 40 жилийн дотор дэлхийн нүүр царай танигдахгүй болтлоо өөрчлөгджээ. Янз бүрийн дайн тулаан, сөргөлдөөн, хувьсгалууд дуусах тийшээгээ хандаж эдийн засаг нийгмийн хөгжлийн нийтлэг асуудлууд тулж ирсэн байна. Монголчууд ч тодорхой хэмжээгээр улс гэрээ цэгцэлж, засаглалын зарчмаасаа бусдыг зүгшрүүлж амжлаа.
Дэлхийн ихэнх орнууд хурдацтай хөгжлийнхөө түлхүүрийг ямар нэгэн байдлаар сонгож нэлээд хэсэг нь маш амжилттай хөгжиж тусгаар тогтнол нь бүрэн баталгаажжээ.
Эдгээрийн хөгжлийн жор юунд байна вэ. Энэ жор манайд таарах уу, үгүй юу. Энэ асуултуудыг хөгжлөөрөө хоцрогдсон улс үндэстэн бүр өөртөө тавьж байх боллоо. Хөгжил гэж юу юм бэ. Үүнийг хэрэгцээт зүйлээ худалдан авах, бүтээн бий болгох чадвар буюу нөөцөлсөн мөнгөний хэмжээ гэж энгийнээр ойлгож болох юм.

Тэд янз бүрээр хөгжжээ.
Европын ихэнх улсууд хурдацтай хөгжлийнхөө гарааг хүчирхэг далайн флот байгуулахаас эхэлсэн түүхтэй. Эрэг орчмоор хөвдөг сэлүүрт завьнуудаа, далайг гаталж чадах далбаат онгоцуудаар сольж эхэлсэн байна. Энэ бол газар тариалан, гар урлал, загас жараахайн  хажууд уламжлалт бус цоо шинэ салбар байлаа. Тэд энэ флотынхоо тусламжтайгаар Африк, Энэтхэгийн бөглүү хязгаарыг нээн илрүүлж байгалийн баялагийг нь зөөн цуглуулж байлаа.
Япон улс саяхан болтол хөгжлөө сонгохдоо уламжлалт нэхмэл, газар тариалангаар хөгжинө гэж тодорхойлж байжээ. Гэвч тэдгээр нь засгийн газраас нь яаж ч дэмжин туслаж байсан дампуурсаар байв. Харин феодалын Японы хувьд цоо шинэ салбар болох радио техник, авто машин үйлдвэрлэлийн хөгжил эл улсыг дэлхийн хүчирхэгийн тоонд оруулсан юм.
Одоо манай хажууд Хятад улс бас л маш хурдацтай хөгжиж байна. Газар тариалан, жижиг гар урлал дагнасан Хятад улс дэлхийн нийтийн өргөн хэрэглээний барааны гол үйлдвэрлэгч болон хувирчээ. Энэ үйлдвэрлэлийн ихэнх нь уламжлалт бус технологи ашигласан орчин үеийн үйлдвэрүүд байгаа юм. Хятадын эдийн засаг дампуурвал дэлхийн даяар маш олон том, жижиг дэлгүүрүүд хаагдаж дампуурах нь дамжиггүй юм. Үүнийг дагаад иргэдийн амьдрал хэвийн байдлаа алдах аюултай учир Хятадын эдийн засгийн уналтаас гадаадын улсууд хамгийн ихээр айж, хөрөнгө оруулалтуудыг харамгүй хаяж байдаг болсон билээ.
Загасчин хятад голдуу хүн амтай Сингапур улс хэрхэн яаж хөгжиж чадав аа. Загасаа зараад баяжив уу. Үгүй ээ. Тэдний хөгжлийн гол нууц нь тээвэр, худалдаа. Газар зүйн ашигтай байрлал нь тэдэнд энэ боломжийг олгожээ. Синга улс далайн зангилаа зам дээр оршиж байгаа нь азийн худалдааны гол бааз болох боломжийг бүрдүүлж өгчээ.
Элсэн цөлд нүүдэллэн амьдрагч арабчуудыг моторжсон, шинэ технологийн эрин зуун хамгийн их харж үзсэн гэхэд болно.
Харин Америкийн хөгжлийн гол нууц нь хүний сэтгэн бодох чадварыг хуульчлан урамшуулж, оюуны өмчийг дээдэлсэн явдал байлаа. Шашинжиж, давхраажсан нийгэмтэй хөгшин европоос голдуу ирсэн тэдний хувьд энэ бол цоо шинэ зүйл байсан юм. Хүний сэтгэн бодсоноо өөрийнхөө нэрээр ил гаргах эрх чөлөө Америкийг бүх талаар нь хөгжүүлэх үндэс болжээ. Оюуны өмчийг дээдлээгүй бол Америкт Эдисоны чийдэн, Ах дүү Райтын аэроплан, Фордын алдарт Модель-Т, Элвис Пресли болон Холливудын одууд, дэлхийн тэргүүн баян тоочин залуу Билл Гейтс бүгд байхгүй байх байсан билээ. Анхны атомын бөмбөг, Сикорскийн нисдэг тэрэг ч Амеркийнх биш байж болох байв. Бас Кока-Колаг бодож олсон эмийн санч түүнийхээ жорыг 500 доллараар зараагүй бол яах байсан бол? Шинэ зүйл сэдсэн хүн түүнийгээ дангаараа худалдаж, үр шимээр нь баяжих боломжийг Америк нээж өгчээ. Үүнд л "Америкийн гайхамшиг" оршиж байдаг. Хэрэв иймгүй байсан бол Холливудын баян одууд насныхаа эцэст манайхан шиг гавъяат цолоор хууртагдан насыг дуусгаж байх байсан биз. Онцгой үзүүлэлттэй майкрочипээрээ алдартай Делл компанийг үндэслэгч дэлхийн шинэ баячуудын нэг Делл гэдэг залууг  оросын алдарт Калашников шиг одон медаль, хоосон алдраас өөр юу ч үгүй хоцров гээд бод доо. АК-47 буу бол Делл-ээс хамаагүй илүү борлогдсон хямд бус бүтээгдхүүн гэдгийг саная. Өнөөг хүртэл АК-ын хэрэглээ компьюторын хэрэглээнээс олон хувиар илүү байсаар л байна.

Эндээс гурван дүгнэлт хийж болж байна.
1. Улс бүрийн хөгжлийн загвар ижил салбар байх албагүй;
2. Хөгжлийг хөдөлгөж чадах хүч нь уламжлалт бус, туршигдаагүй салбарыг зөв олж, зоригтой барьж авч хөгжүүлэх явдал;
3. Хөгжин дэвшихэд улс төрийн тогтвортой байдал маш чухал юм байна.

Хэрэв уламжлалт салбар нь жаахан боловсронгуй болмогцоо улсаа хөгжүүлчихэж чаддаг байсан бол түүнээс сайн зүйл үгүй байх билээ. Ийм улс бол аль эртний л хөгжилтэй улсад тооцогдох ёстой байх биз.

Монголчууд бидний хувьд байдал ямар байна. Шуудхан хэлчихэд бид уламжлалт аж ахуйтайгаа л зууралдсаар байна. Өнөөгийн монголчуудын амьдралыг залгуулж төсвийг бүрдүүлж байгаа хэдэн уламжлалт болон хуучирч амжсан шинэ салбаруудыг жаахан шинжвэл дараахь байдал ажиглагдаж байна.

Мал аж ахуй. бол бараг бүх дэлхийн хувьд үүссэн хамгийн эртний аж ахуй мөн билээ. Монголын нийт малын үнэ нь ойролцоогоор 500сая ам долларын үнэтэй гэж тооцоо гаргасан гэж би дуулсан. Мал ойролцоогоор жилд 10 орчим хувийн өсөлттэй байна. Өөрөөр хэлбэл бид жилд мал аж ахуйгаас 50 сая долларын л орлого олдог. Нэг маргашгүй үнэн зүйл бол мал аж ахуйгаар хөгжиж болдог байсан бол Монголоос хөгжилтэй орон байхгүй байх байсан билээ. Монголын байгаль цаг уурын нөхцөл, малын үүлдэр угсаа ашиг шимийн үзүүлэлтүүд нь МАА-г тэргүүлэх салбар болгох ямар ч боломжийг олгохгүй байна. МАА бол Монгол хүнийг монголоор нь байлгаж байхад л хэрэгтэй ёс суртахуунд нөлөөлөгч үнэт баялаг л юм.

Малын гаралтай бүтээгдэхүүн, түүхий эдийн үйлдвэрлэл. Ноолуур, арьс ширний үйлдвэрлэл бол бас л ирээдүй муутай. Моодны ертөнцийн хувиралтаас орлого нь маш ихээр хамаардаг салбар юм. Дэлхийн глобал дулааралт ноолууран бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээний өсөлтийг амлахгүй байгаа нь маш том хүчин зүйл юм.Энэ салбар яаж ч хөгжсөн олох орлого нь хязгаарлагдмал билээ.
Үндэсний үйлдвэрлэлээ сэргээж, ажилгүйдлийг бууруулъя гэдэг бол хоосон яриа. Учир нь хөгжсөн үйлдвэрүүд бол өндөр технологи нэвтрүүлдэг, харин өндөр технологи бол ажлын байрыг цөөрүүлдэг жам тогтолцоотой. Ажлын байрыг олон хэвээр хадгалсан үйлдвэрүүд эрт орой хэзээ нэгэн цагт солонгосын ДЭҮ компаний адилаар дампуурч, ажилгүйчүүдийн эгнээг огцом огцом нэмэгдүүлж нийгмийн тогтворгүй байдлыг өдөөж байдаг.
Энэ төрлийн үйлдвэрлэлүүд экологийн хувьд асар хортой хаягдал ялгаруулах нь цөөнгүй тул Монголын хувьд хор хохиролыг л илүү авчирна

Геологи уул уурхай. Социализмын үед үүссэн шинэ салбар боловч бараг уламжлалт болчихсон. Ихэнх дарга нар, бодлого тодорхойлогчид энэ салбараас Монгол улсын хөгжлийг харж байна гэж ярьдаг. Харамсалтай нь тийм биш. Олон орон уул уурхайн салбараа Монголоос хэдэн зуу дахин илүү хөгжүүлчихсэн байгаа. Олон оронд нефть, байгалийн хий оргилон ундарч байна. Тэгсэн хэдий ч тэд хөгжөөгүй л байна шүү дээ. Орос байгалийн баялагийн тэргүүлэх экспортлогч улс хэдий ч түүнийг хүчирхэг гүрэн байлгаж байгаа үндсэн хүчин зүйл нь цэрэг,зэвсэг нь гэдэгтэй хэн ч маргахгүй. Уул уурхайн салбар нь цөөхөн хэсэг бүлэглэлийг л хагартал баяжихад зориулагдаж байна.
Туркмен, Казахстанд байгалийн хий, нефтийн асар их нөөц илрүүлсэн хэдий ч тээвэрлэн худалдах асуудлаа шийдээгүйгээс болоод хөгжиж шалихгүй л байна шүү дээ. Байгалийн баялагаараа толгой цохидог АНУ өөрийнхөө нутаг дэвсгэр дээр уул уурхайн олборлох үйлдвэрлэлийг хөгжүүлэхийг дэмждэггүй. Түүхий эд баялагийг гадаадаас ерөнхийлөгчдийнхөө зургаар сольж авахыг илүүд үздэг юм билээ. Энэ бол маш зөв бодлого байх.
Уул уурхайн салбарын хөгжил бүх нийтийн хангалуун амьдралыг хэзээ ч дангаараа авчирдаггүй. Зөвхөн тухайн үйлдвэрийг эзэмшигч , удирдагчдийн хангалуун амьдрал, эрх мэдлийг үнэмшмээргүй хурдаар нэмэгдүүлдэг. Уул уулхайн салбар бол энэ зууны хувьд л лав Монголын ирээдүй биш. Экологийн нэг номерын дайсан бол энэ салбар. Улсаа хөгжүүлэх "алт" хөтөлбөрийн үр дүнд олборлосон бүх алт сүйтгэгдсэн газар нутгийн маань экологийн тэнцвэрт байдлыг сэргээхэд бараг хүрэлцэхгүй билээ.
Ингэхлээр уул уурхай гэдэг бол урд хойд хормойгоо авч урд хормойгоо нөхнө гэгчийн ядарсан амьдрах арга мөн гэдэг нь ойлгомжтой байна. Бас нэг онцгүй тал нь уурхай зогсоход тэр хавийн амьдрал асар хурдацтай мөхөж эхлэдэг. Үүний олон жишээг Монголчууд надаар хэлүүлэлтгүй мэднэ

Эрчим хүч, зам тээвэр. Энэ салбаруудыг заавал хөгжүүлэх шаардлагатай байгаа билээ. Эрчим хүчний хувьд усан цахилгаан станцад их ирээдүй харагддаг. Дулаан хангамжийн асуудал бол шатдаг хийн хоолой Монголоор өнгөрөх асуудал шийдэгдвэл нэг их хүндрэл биш болно. Мөн дулааны хэрэглээний стандартыг чангатгаж, дулаан бага алддаг технологийг барилга байгууламжуудад бүрэн нэвтрүүлж чадвал Монгол яаж ч хүйтэрч байсан хүндрэлтэй асуудал биш болох байх.
Харин өнөөгийн Монголын авто замууд улсын хөгжилд нэмэр болохоосоо илүү олон нийтийн аюулгүй байдалд ихээхэн хор хохирол учруулахаар  байгаа. Учир нь аюулгүй байдлын стандартыг бүрэн хангаж баригдсан зам Монголд огт байхгүй. Засмал зам барих нь сайн хэрэг. Гэхдээ аюулгүй зам барьж чадахгүй бол бараг замгүй нь дээр байгаа.  "Мянганы зам"-ыг мөнгөөр зодож хурдны өргөн зам маягаар сайн барихгүй бол мянган ослын зам болох хувь тохиол хүлээж байгаа нь Дархан-УБ-ын замаас ажиглагдаж байна. "Мянганы зам"-аа улс төрийн шоу болгохгүйгээр төрийн эрх барих магадлалтай бүх хүчин санаа нэгдэж байж барьж эхэлбэл сая бодит зүйл болох нь дамжиггүй.   Эс тэгвэл энэ зам хэзээ ч баригдаж дуусахгүй. Харин өнөөгийн эрх баригчид "М замыг" барьж дуусгах боломжийг ард түмнээс гуйгаад, түүнийгээ дахин дахин төрийн эрхэнд үлдэх механизм болгон ашиглаад байх нөхцөл үүсэж магадгүй юм.
Эрчим хүч, авто замын хувьд Монголд нэг но бий санагддаг. Эдгээр салбарыг үлгэр жишээ хэмжээнд аваачлаа гэж бодоход оруулсан хөрөнгө оруулалтыг нөхөн олох цаг хугацаа  Монголын хувьд дэндүү урт байх болно. Магадгүй 50-100 жил ч шаардагдаж магадгүй. Энэ нь хязгаарлагдмал тоотой хэрэглэгчдийн байдлаас хамааралтай юм.
Монголыг бүрхсэн авто замын сүлжээ байгуулаад өртөгийг нь ядаж 50 жилд нөхөн олъё гэвэл Монголын айл бүрд 2-3 автомашин шаардлагатай болж магадгүй.
Эрчим хүч, авто зам бол амьдралыг тэгш сайхан болгодог гол хүчин зүйл тул бусад салбарын хөгжлөөс олсон мөнгөө эн тэргүүнд энэ салбаруудыг хөгжүүлэхэд зөв зарцуулбал зохих юм.

Гадаад худалдаа. Өнөөдрийн Монгол улсын төсвийн үндсийг бүрдүүлэгч салбар юм. Сүүлийн хэдэн жилийн статистикийн мэдээгээр Гаалийн Ерөнхий Газрын улсын төсөвт оруулсан орлого нь ямагт тэргүүлэх сууринд байгаа нь гадаад худалдааны салбарын ирээдүйтэйг харуулж байна. Өнөөгийн Монголчуудыг ажлын байраар хангаж байгаа цорын ганц салбар гэж хэлж болно. Харин манай экспортын дийлэнх хувийг түүхий эд эзэлж байгаа нь хамгийн эмгэнэлтэй явдал мөн.

Тэгээд яах юм бэ? яаж хөгжих вэ? гэсэн асуултанд бид тулж ирээд байна.
Миний бодлоор бол Монголчуудын потенциаль, газарзүйн болон байгалын онцлогт тохирсон бөгөөд гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхол, шохоорхолыг татсан салбаруудыг олж хөгжүүлэх хэрэгтэй юм шиг санагддаг.
Олон улсын үйлдвэрлэлийн нэгэнт тогтсон хуваарилалт, салбарын лидерүүдтэй ямар нэгэн материаллаг бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлтээр өрсөлдөж хөгжих нь бараг бүтэшгүй зүйл юм шиг санагдаж байна. Өргөн хэрэглээний барааны үйлдвэрлэлт, экспортоор Хятадтай, Байгалийн баялагийн олборлолт, экспортоор Оростой өрсөлдөх нь ямар ч үр дүнгүй, утгагүй зүйл байх.

Гэвч үүнээс гарах арга заавал бий. Байх ч ёстой. Глобалчлалд нэгдэхгүй байхыг уриалах нь зөвхөн Монголчуудыг харангуй бүдүүлэг хэвээр нь байлган дарлаж, даапаалж байхыг мөрөөдөгчдөд л хэрэгтэй зүйл гэдгийг бүгд нэгэнт ойлгодог болжээ. Бид глобалчлалд нэгдэж чадсанаар л чанаргүй хятад бараа, дээрэнгүй коммунист суртлаас ангижирч чадна. Ингэнхлээр глобалчлалд залгагдах мехнизмаа бодож олцгооё.
Өнөөгийн Монголыг цахилгаантай байшин дотор дэнгийн гэрэлд ил гал түлж хоолоо болгоод, цогтой ширмэн индүүгээр юмаа индүүдэж байгаа айлтай зүйрлэж болохоор байна. Сүүлийн үед хөгжөөд гар утас барьж, гар чийдэнгээр гадаадын том зочин явж өнгөрөх замаа түр гэрэлтүүлэх болсон. Гэвч бусад нь бахь байдгаараа.
Цахилгааныг хэрэглэхийн тулд заавал цахилгаан хэрэгслэлтэй байх шаардлагатай байдаг. Глобалчлалд нэгдэхийн тулд глобалчлалыг авчрах багажыг бас авах л хэрэгтэй болно.
Би саналаа хэлье. Уншигч танд өөр санал байвал түмэн олонтойгоо миний нэгэн адил хуваалцаарай. Улсыг маань өөд нь татчихаж магадгүй нэг иймэрхүү хөгжлийн уламжлалт бус загвар байж болох байх гэх бодогдох юм. Үүнийг дараахь маягаар томъёолох гэж оролдъё.

-        Оюуны өмчийн үйлдвэрлэл
-        Мөнгө, гадаад валютын импорт.
-        Үйлчилгээний экспорт.

Дээрхи 3 зарчим нь глобалчлалын үндсэн гол хэв шинжийг агуулж байгаа юм.  Эдгээр нь Монголын нөхцөлд ямархуу хэлбэрээр биелэгдэх боломж байгааг сонирхоё

ОЮУНЫ ӨМЧИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ-ийн үндсэн зах зээл дэлхий даяар нээлттэй үүсэл хөгжлийнхөө дараагийн шатанд л байж байна. 80-90 ээд оноос хүчтэй хөгжиж эхлэсэн компьюторын салбар 10-аадхан жилийн дотор асар хурдацтай хөгжиж дэлхий дахины бизнесийн орчинг шал өөр, үсрэнгүй хөгжингүй болгож орхилоо шүү дээ. Өнгөрсөн жилүүдэд АНУ-ын эдийн засгийн хүчин чадал бараг 2 дахин нэмэгдсэн нь Билл Клинтонтой биш Билл Гейтстэй холбоотойг бүгд хүлээн зөвшөөрөх ёстой юм шиг санагддаг. 
Монголчуудын сэтгэн бодох чадвар, сурах авъяас бол аль эртнээс л нэг юм хэлээд байдаг.
Монголчуудаас компьюторын програмчлалын 500 (software), компьюторын инженерингийн 500 (hardware) маш сайн мэргэжилтэн тодруулаад нэг баг болгож чадвал Майкрософт, Нэтскэйп болон бусад олон компанитай ядралгүй өрсөлдөх хэмжээнд хүрч чадна гэдэгт би итгэдэг.Энэ салбарт аль нэг нь монополчлох боломжийг хааж, зах зээлийг шинэ компаниудад нээлттэй болгож байгаа олон жишээ байна. Майкрософт компанийг задлах шүүх процесс үүнийг гэрчилж байна шүү дээ. Тэгээд ч тэдний хувьд бараг эзлэгдээгүй шахуу орос хэлтэй асар том зах зээл хажууд маань байна. Энэтхэг улс компьюторын мэргэжилтэн экспорлодог гол уурхай болох төлөвтөй байгаа. Монголчууд тэднээс л өрсөх хэрэгтэй санагддаг. Хязгааргүй өргөн боломж энд бий. Програмчлагдаж амжаагүй байгаа, програмчлагдах шаардлагатай байгаа асар олон ажил бий.
1000 сайн хүн сонгохын тулд 10000 хүнийг сайн бэлтгэх хэрэгтэй болж магадгүй. Математик, компьюторын сургалтыг дэмжиж, боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг хуваарилахдаа өнөөдрөөс анхаараад явбал энэ салбарыг 4-5 жилд л хөл дээр нь босгоод ирж чадна. Мөн энэ төрлийн бизнес эрхлэгчдийг татварын хөнгөлөлтөөр 5 жил дэмжихэд л компаниуд энэ төрлийн бизнесийг дэлхийн хамгийн ширүүн өрсөлдөөнд тэсэж гарахуйц хэмжээнд аваачиж өлхөн дөнгөх билээ.
Энэ салбарын зах зээлийн багтаамж хязгааргүй бөгөөд үүнийг Майкрософтын 51 хувийг эзэмшдэг Билл Гейтсийн хөрөнгөний хэмжээнээс мэдэрч болох байх. Билл Гейтсийн хөрөнгөний хэмжээ нефтээр асар баялаг баян орон Саудын Араб улсынхаас хамаагүй илүү гэдгийг мэдэхэд л хангалттай.
Мөн дэлхий дээр жил бүр шинээр төрж байгаа 10 тэргүүн шинэ баяны 9 нь компьютор, програм хангамжийн үйлдвэрлэл эрхлэгч байгааг анхаарч тусгах ёстой болов уу. Компьютор мэдээлэлийн технологи бол глобалчлалын маш чухал багаж мөн юм. Бидний шанс энэ ч байж магадгүй. Учир нь энэ салбарын орлого тэрбумаар хэмжигдэх хэмжээнд богино хугацаанд хүрэх магадлалтай байдаг. Манай төр засгийн хувьд оюуны өмчийн тухай гадаадын хамгийн шилдэг хуулийг хуулбарлан батлаад мөрдүүлчихвэл л болоод явчихна. 

МӨнгӨ, гадаад валютын импорт – Энэ бол аялал жуулчлалын хөгжил гэсэн үг. Бид хүний гэрт очиж мөнгө, хөрөнгийг нь авдаг байсан түүх саяхан. Аялал жуулчлал бол мөнгөө өгөх гэсэн хүмүүсийг гэртээ ирүүлдэг өөр механизмтай.
Аялал жуулчлал улс орон болгонд хөгжих боломжтой байдаг. Учир нь өнөөгийн дэлхийн хүн амын дөрөвний нэг нь хангалуун амьдралтай байдаг ба тэд хуримтлуулсан мөнгөө ихэнхдээ аялал жуулчлал хийж сонирхолтой газар үзэх зэрэгт зарцуулах бодолтой байдаг юм байна. Австралид хэрвээ та гэнэт их мөнгө хожвол яах вэ гэсэн телевизийн асуултанд хамгийн түрүүнд сайхан байшинтай болно дараа нь дэлхий тойрон аялна гэсэн хариулт өгдөг юм билээ.
Аялал жуулчлал үндсэн 3 төрөлд хуваагддаг
1.     Далайн эргийн амралт, курорт маягаар. Энэ хэлбэр халуун дулаан бүсэд маш амжилттай эрчимтэй хөгжсөн байдаг. Үүнийг Монголын нөхцөлд хөгжүүлэх боломж бараг байхгүй
2.     Түүх соёлын дурсгалуудыг үзэх аялал. Европын эртний уран барилга ихтэй хотуудад маш хүчтэй хөгжсөн. Европчууд ихэнх үйлдвэрүүдээ зүүн өмнөд ази руу нүүлгэчихээд өөрийн нутгаа аялал жуулчлалын бүс болгож эхлээд байгаа. Итали улс үүний хамгийн сонгодог жишээ мөн. Монголын нөхцөлд дэлхийд өрсөлдөх хэмжээнд хүртэл хөгжих боломжгүй.
3.     ЭКО ТРЭВЭЛЬ буюу онгон байгаль, уламжлалт зан заншлыг үзэж сонирхох аялал жуулчлалын төрөл. Маш их сонирхогдож газар авч байгаа. Үйлдвэржээгүй улс орнуудад ялангуяа Африк тивд их хөгжсөн байдаг. Монголд үсрэнгүй хөгжих хамгийн их боломжтой. Учир нь экс коммунист дэглэмийн хаалттай байдал, баялаг түүх соёл, онгон байгаль, ахуй байдал маань энэ бүхнийг нөхцөлдүүлж байгаа юм. Дэлхийн маш олон сая идэвхтэй аялагчдын очиж үзээгүй цорын ганц газар нь Монгол болж байна.

  Жилд ядаж нэг сая гадаадын жуулчдыг хүлээн авч хүн бүрийг нэг долоо хоног Монголд байлгаж чадах нөхцөлийг бүрдүүлчихвэл энэ салбарыг хөгжсөнд тооцож болох юм. Жуулчин бүр Монголын эдийн засагт 500-1000 орчин долларын хөрөнгө оруулалтыг бэлэн мөнгөөр хийнэ гэж тооцвол эдийн засгийн ямар их потенциаль энэ салбарт агуулагдаж байгааг таамаглахад түвэггүй юм. Энэ бол 500 саяас нэг тэрбум доллар гэсэн үг. Үүнээс гадна аялал жуулчлал ажлын байрны багтаамжаараа ямар ч салбарыг үл дагуулах тул Монголд ажилгүйдлийг бууруурах үндсэн хүчин зүйл болж чадах байх.
Аялал жуулчлалыг татах үндсэн арга маань наадам билээ. Бид наадмаа улам өнгөлөг, сонирхолтой, соёлтой болгох талаар толгойгоо ажиллуулах хэрэгтэй болох байх. Үүний зэрэгцээ соёлтой жорлон, халуун усны асуудлуудыг шийдэж орхивол өнөөдөр ч гэсэн Монголд нэг сая жуулчин ирэхэд бэлэн байна.
Аялал жуулчлалын сезон багададаггүй. Нэг удаагийн үйл явдалд бүтэн жил бэлтгэж, түүгээрээ амьдардаг хотууд асар олон бий. Хүн амынхаа тооноос хэд дахин олон жуулчин хүлээн авдаг улс, хотууд ч олон бий.
Сезонный аялал хөгжсөн газрууд жилийн бусад улиралуудад олон улсын хурал цуглаан, тэмцээн наадмыг зохион байгуулж үүнээсээ үлэмж их ашиг олж байдаг. Сингапур юмуу Хонг-Гонгод ирж байгаа ихэнх гадаадынхан ямар нэгэн хурал зөвлөлгөөн, бизнес аялалын зорилгоор голдуу ирдэг юм. Түүнээс биш арал дээр барьсан байшин ямар байдгийг ч юмуу, эсвэл ази хоол амталж үзэх гэж ирдэггүй нь лав. Намар-өвлийн улиралд хүмүүс Итали руу голдуу хөл бөмбөг үзэх л гэж цувдагийг ихэнх нь мэдэх бизээ.
Бид тэдний жишээг л Монголд давтан ашиглах ёстой юм шиг санагддаг. Үүний тулд аймаг бүрт аялал жуулчлалд зориулагдсан бүс байгуулж тэр бүсэд замаас өөр ямар ч бүтээн байгуулалтыг төлөвлөхгүй байх баталгааг хангах ёстой байх. Зарим сум, сууринг нүүлгэн шилжүүлж ч болно. Аялал жуулчлалын бүсэд зөвхөн уламжлалт аж ахуй эрхлэхийг зөвшөөрвөл зүгээр. Иймэрхүү үндэсний паркууд Америкт маш олон байдаг. Хамгийн алдартай нь Гранд Канионын үндэсний парк юм.
Орон нутгийн төсвийг тухайн нутагт хөгжсөн аялал жуулчлалаас бүрдүүлж чадаад эхлэвэл төрийн нуруун дээрээс ямар их ачаа хөнгөрөх нь тодорхой. Хэрэв Монгол наадамд дэлхий нийтийн анхаарал шохоорхолыг татаж чадвал найр наадам ихдэхгүй. Найр наадам зугаа цэнгэлээр л амьдардаг Монако, Хавай зэрэг улс орнууд байдаг л шүү дээ. Казиног  ухаалаг ажиллуулж чадвал өвлийн аялал жуулчлалд бүр ч их түлхэц өгнө. Олон улсын нисэх буудал дээр казино ажиллуулдаг тусгаарлагдмал транзит танхим байгуулвал ямар ч хууль тогтоолтой зөрчилдөхгүй юм шиг санагддаг. Энэ бол казиногийн хор уршигийг тусгаарлаж, ашиг тусыг нь шүүж авч болох зөв арга байх гэж бодож байна.
Экологид хор хохирол учруулах үйлдвэрлэлийг хязгаарлах асуудлыг төрийн бодлого болгож чадвал жуулчдын тоо ирээдүйд улам өсөн нэмэгдэх болно.
Саяхан Оросын ерөнхийлөгчийн айлчлалын үеээр атомын эрчим хүчний асуудал хөндөгдсөн нь экологийн хувьд түгшүүрийн харанга яах аргагүй мөн. Тэгээд ч атомын цахилгаан станцтай боллоо гэж бодоход түүнийг хамгаалахын тулд батлан хамгаалах зардалаа 100 мянга дахин өсгөх шаардлага гарч ирэхийг бодлого тодорхойлогчид, эрдэмтэн мэргэд тунгааж байгаа биз. Цөмийн энергийн объектуудаа гадаадад ямар их зардал гаргаж хамгаалдагийг тандаж мэдэх хэрэгтэй л байх. Аялал жуулчлал бол Монголоо эцэг өвгөдөөсөө өвлөж авсан тэр чигээр нь үр хойчдоо залгамжлан үлдээх нөхцөлийг хангах эцсийн боломж юм. Глобалчлагдаж хүн бүхэнд хүртээмжтэй болсон дэлхий дээр хэзээ ч зогсохгүй өсөн нэмэгдэх бизнес бол аялал жуулчлал яах аргагүй мөн билээ.
Манай цэнхэр тэнгэр, онгон байгалийн үзэмж 2 сая монгол 20 сая болж үржсэн ч тэжээж дөнгөх баялаг. Бидний үүрэг бол түүнийгээ үйлдвэржиж, уурхайжсан дэлхийтэй адилхан болгож баллахгүй л байх явдал юм.  Монголчууд үйлдвэржилтээс хоцорсондоо гутрах шаардлагагүй болно гэдэгт итгэлтэй байна.

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЭКСПОРТ – Орчин үед маш олон төрлийн үйлчилгээг гадаадад экспортлож үүнээсээ асар их мөнгө цохиж байна.
Эндгээрээс Монголын хувьд хөгжих боломжтой бөгөөд хамгийн ирээдүйтэй нь агаарын тээврийн үйлчилгээ байж болох юм.
Нисэх онгоц бол 21-р зууны унаа, глобалчлалын нүүр царайг илэрхийлэгч нь яах аргагүй мөн. МИАТ-ын өглөө энд, орой тэнд гэдэг рекламны роликын үг нь глобалчлалын мөн чанарыг хамгийн тод илэрхийлсэн хэллэг гэж санагдаж байна.
Интернет бол мэдээлэл солилцох хурд - энэ хурд гэрлийн хурдтай тэнцүү болсон, харин агаарын тээвэр бол материаллаг эд зүйл солилцох дээд хурд- энэ хурд дууны хурданд тулж очжээ.

Монголын газар зүйн байрлал нь агаарын тээврийг хөгжүүлэхэд хамгийн таатай хүчин болохыг бид анзаарч мэдэх ёстой. Монгол улс дэлхийн эдийн засгийн эрчимтэй хөгжлийн хамгийн гол бүс нутаг болох зүүн болон өмнөд азийг Европ, Хойд Америк тивтэй холбосон хамгийн богино агаарын замын огтлолцол дээр оршиж байна. Үүнээс хойш бид далайд гарцгүйгээ хоцрогдлынхоо шалтгаан болгон тайлбарлан гомдоллож байдгаа больцгоох цаг болжээ. Бидний хувьд тэнгис далайн зам холуур байгаа ч, тэнгэр огторгуйн зам хамгийн ойр байна.
Өнөөдөр ч Монголчууд энэ салбарт үйлчилгээ экспортлож багагүй орлого олж байгаа билээ. Өдөр шөнөгүй цагаан зам татуулан нисэн өнгөрч байгаа онгоцуудад навигацийн үйлчилгээг үзүүлж жилд 24 сая ам.доллар олж байна. Гадаадын хэрэглэгч буюу худалдан авагч өөрөө ирээд үйлчлүүлээд мөнгөө төлөөд байгаа сонгодог жишээ гэвэл энэ мөн. Энэ бол зөвхөн Ази-Европын маршрутаас голлон олж байгаа орлого. Удахгүй хойд туйлын маршрут нээгдэж Ази-Хойд Америк гэсэн урсгал нэмэгдэх үед энэ тоо хоёр дахин өснө. Канадаас хойд туйл дээгүүр давж Монголын нутаг дээгүүр гараад Энэтхэг, эсвэл Хонг-Конг руу нисэхэд нэг аялалаас дор хаяж 33 мянган доллар хэмнэгддэг болон нислэгийн цаг 4-5 цагаар хорогддог тул энэ чиглэлийн ачаалал бүр ч ихсэх магадлалтай байгаа юм. Учир нь Америкийн зүүн эргийн хотуудыг Ази тивтэй шууд нислэгээр холбох боломжийг энэ маршрут олгож байгаа болно. Орос улс шинээр нээгдэх энэ маршрутаас жилд 75 сая долларын навигацын хураамж авах боломжтой гэж тооцоолж байна. Хойд туйлын энэ маршрутад "агаарын торгон зам" гэсэн нэр зарим сэтгүүл өгсөн байсан.
Дэлхийн хэвлэлүүдийн хийж байгаа прогнозоор 2015 он гэхэд агаараар аялагчдын тоо 2 дахин өснө гэж байгаа. Өнөөдөр агаараар зорчигчдын тоо жил бүр 5-12 хувийн өсөлттэй байхад, агаараар тээвэрлэх ачааны өсөлтийн хэмжээ жилд 18 хувьтай байгаа нь асар сайхан ирээдүйг харуулж байна. Монгол улс 2015 онд зөвхөн навигацийн үйлчилгээгээр жилд 100 орчим сая долларын орлого олох боломжтой. Гэхдээ энэ бол бараг биднээс нэг их хамаарахгүй орлогын өсөлт. Яахав азтай л байна. Гэхдээ үүнээс ч их байх боломж бий 
Монголд үндэсний агаарын тээврийг зөв хөгжүүлж чадвал энэ салбараас жилд 500 саяаас нэг тэрбум хүртэл долларын орлого олох боломж харагддаг. Агаарын тээврийн топ 50 компаний 1999 онд олсон орлого нь 1,1-18 тэрбум доллар байжээ. 2000 оны мэдээ хараахан гараагүй байгаа тул энэ баримтыг сонирхоё.
18 тэрбум гэдэг бол Монгол улсын жилийн төсвөөс 60 дахин их үзүүлэлт билээ.
Бид МИАТ компанийг эдгээрийн хамгийн сүүлд бичигдэх түвшинд хүргэхэд л дангаараа улсынхаа төсвийн ихэнхийг татвараараа бүрдүүлчихэж чадах юм.
Топ 50-ын жагсаалтыг АНУ-ын "Юнайтед Эрлайнз" компани 18,027 тэрбум долларын орлогоор тэргүүлж байгаа. Энд би онцолж Монголчууд үлгэр авбал зохих бизнес хийж байгаа 3 авиакомпаний үзүүлэлтийг дурдъя
Жагсаалтын 15-д бичигдсэн Сингапурын "Сингапор Эрлайнз" компани 5,255 тэрбумыг, 22-т бичигдсэн Хонг-Конгийн "Кати Пасифик" компани 3,699 тэрбумыг, 43-т бичигдсэн Арабын Нэгдсэн Эмират улсын "Эмиратс Гроуп" 1,472 тэрбум долларын орлого тус тус олжээ. 
Эдгээрийг яах гэж онцолсноо хэлэхийн урьд жаахан тайлбар хийе
Агаарын тээвэр үндсэндээ 3 янз байдаг
1.     Дотоодын агаарын тээвэр – буюу орон нутгийн нислэгийн компаниуд болон хувийн нисэх онгоцууд
2.     Улсдаа ирэх, улсаасаа явах зорчигч, ачааг тээвэрлэдэг олон улсын агаарын тээвэр
3.     Газар зүйн онцлогоо ашиглан улсаараа дамжин өнгөрөх тээврийг хийдэг олон улсын агаарын тээвэр (агаарын тээврийн 6-р эрхийг ашиглах) гэж байдаг.
Дээр дурьдсан эхний хоёр аргыг бараг бүх улс хэрэглэдэг. Харин 3 дахь аргыг цөөхөн улс, тодруулбар дээрхи 3 улсад л жинхэнэ сонгодог утгаар нь хэрэглэж байна.
Бусад нь энэхүү бизнесийн боломжийг ашиглах газарзүйн байрлал нь тохиромжгүй байдаг учраас сүүлийн үед альянс болон нэгдэж дэлхийн бөмбөрцгийг агаарын тээврийн нэгдмэл сүлжээгээр бүрхэж эхлээд байгаа юм.
Энэ 3 компани голдуу Австрали, Индонези, Энэтхэг болон номхон далайн өмнөд хэсгийн орнуудаас өөрийн нутгаар дамжуулан Европ тив рүү нислэг хийдэг. Энэ төрлийн тээвэрлэлтээсээ нийт орлогынхоо 80 гаруй хувийг олдог байна. Сингапур, Хонг-Конг, Эмиратад очдог буюу тэндээс явдаг хүмүүс бол дөнгөж 20 хувийг нь эзлэж байна гэсэн үг. Монгол улс яг эдний жишээгээр ажиллаж Ази-Европ, Ази-Хойд Америкийн чиглэлд дамжин өнгөрөх үйлчилгээ үзүүлж чадвал өдөр ирэх тутам өсөн нэмэгдэж байгаа зах зээлийн 3-8 хувийг зулгааж дөнгөх л бөгөөд энэ нь бүрэн хангалттай юм.
Бид яаж ашигтай ажиллаж чадах вэ. Сингагаас Европ ортол бас л хол зай бөгөөд энэ зайг буулгүйгээр туулахын тулд 500-550 зорчигч багтах онгоцонд 270-300 зорчигч авч нисдэг. Үлдэх даацанд нь шатахуун авдаг юм. Хэрэв бид энэ зайнд Монголд буюу өөрийнхөө нутагт бууж шатахуун авах боломжоо ашиглавал 400-450 орчим зорчигчийг тээвэрлэж байх боломжтой болно. Монголд ирж Монголоос явагсдын тоо нийт зорчигчдын 10 хүрэхгүй хувийг эзлэдэг болох баталгаа бий. Саяхнаас 555 суудал бүхий А3ХХ гэдэг аврага онгоц үйлдвэрлэх тухай яригдаж эхний худалдан авагчдаар нь мөн л дээрхи 3 компанийн 2 нь тодроод, үлдэж буй нэг нь авах эсэх талаараа идэвхтэй судалж байгаа нь нэгийг хэлээд байна. Ази руу эсвэл Азиас нисэх нислэг үлэмж нэмэгдэх гэж буйн баталгаа энэ мөн.
Ингэхлээр өнөөдрийн ханшаар 20 сая долларын үнэд хүрэх эсэх нь эргэлзээтэй байгаа МИАТ компанийг зөв, зоригтой, ухаалаг авч явж чадвал ирээдүйд ямар их үнэд хүрэх нь тодорхой байна. Агаарын тээвэр нэгэнт олон улсын хэмжээний бизнес тул  үүнд өрсөлдөх чадвартай байхын тулд эхний үед төр засгийн дэмжлэг маш чухал байдаг. Иймэрхүү дэмжлэгийг олон засгийн газар дуртайяа үзүүлж байдаг бөгөөд энэ дэмжлэгээ ялангуяа олон улсын тээвэр хийдэг улсын мэдлийн компанидаа түлхүү өгч ашгаас нь төсвөө зузаатгах сонирхолтой байдаг. Үүний жишээ нь Францын Эйр Франс компани юм. Уг компаний хувьчлах асуудлыг аль 80-аад оны эцсээр эхлүүлсэн боловч одоо хүртэл бүрэн хувьчилж дуусаагүй байгаа нь Америкийн болон Европын олон компаниудтай өрсөлдөх өрсөлдөөндөө засгийн газрынхаа дэмжлэгийг байнга хэрэглэх шаардлага байсаар байгааг баталж байгаа юм.
АНУ-ын "Боинг" компанийн гаргасан судалгаанаас харахад агаараар ачаа тээвэрлэлт жилд 18 хувь болж өсжээ. Энэ нь жилд 59,4 хувийн өсөлттэй байгаа        Е-коммерс буюу интернетийн худалдаанаас ихээхэн шалтгаалж байна. Интернетийн худалдаа дэлхий нийтийн хүртээл болсноор бараа таваарыг буухиа-хүргэгчээр илгээх нь үлэмж нэмэгдсэн юм.  Ачаа тээвэрлэлтийн хувьд Монгол бол хамгийн ашигтай зангилаа цэг болж болох юм. Ачааны онгоцууд их ачаа авч, бага шатахуун тээж явахыг эрхэмлэдэг. Агаараар тээх ачааны дамжин өнгөрөх, түгээх баазыг Монголд байгуулж чадвал бидэнд Сингапураас дутахгүй хувь тохиолоо гэж бодож болно.
Мэдээж хэрэг үүний тулд хоногийн ямар ч үед нисэх онгоц хүлээж авч чадах том буудал, хүлээлгийн болон транзит танхимууддаа Монголын тухай бүх мэдээлэлийг авч болох, Монголд нэг хэд хонож үзэхсэн гэх сэтгэгдлийг Монголоор дайран өнгөрөгч хэнд боловч төрүүлж чадахуйц хэмжээний үзэж харах зүйлүүдтэй, орчин үеийн үйлчилгээтэй асар том аэровокзалын комплекстой байх шаардлагатай болно. Бас 10-20  том онгоц зайлшгүй шаардлагатай.
Өнөөгийн Буянт-Ухаа энэ шаардлагыг яавч хангахгүй. Уулын суга руу орсон нисэх зурвас, 80-аад онд долоо хоногт хоёр удаа ирэх Аэрофлотын Ту-154-т зориулж барьсан транзит заалгүй буудлын барилга яаж ч өргөжүүлж тордоод энэ шаардлагыг бүрэн хангахгүй билээ.

Дээр нь Улаанбаатар бол аялал жуулчлалд зориулж бариагүй хот. Замбраагүй төлөвлөлттэй заваан хот гэдэг нь маргаангүй үнэн.
Үүнийг дараахь маягаар шийдэж болмоор санагдна.
Орхоны хөндийд задгай тал дээр цаг агаарын ямар ч нөхцөлд хэдийд ч, хаанаас нь ч бууж хөөрч болох олон зурвастай нисэх буудал барих хэрэгтэй юм шиг санагддаг.  2500 км авто зам барихаас 2,5 км нисэх зурвас барих нь хамаагүй хурдан, хямд шүү дээ
Тэгээд Хар Хорумыг агаарын тээвэр, аялал жуулчлал, өндөр технологийн хот болгон бүтээн байгуулах хэрэгтэй юм шиг байгаа юм. Яагаад болохгүй гэж.
Бид Эрдэнэтийг ГОК-ийн тусын тулд бүтээн босгосон, Дарханыг бол бүр ч шалихгүй үйлдвэрлэлд түшиглэж босгосон шүү дээ. Дарханд Орос руу гаргах мах бэлтгэх үйлдвэр байгуулаад , түүнээс гарах арьс нэхийг боловсруулах үйлдвэр барихын тулд уг хотыг гол нь байгуулсан биз дээ. Найрамдлын хот гэсэн нялуун нэр хүртэл түүнд өгч байв шүү дээ.
Тэгэхлээр эртний нийслэл хотоо ямар нэгэн үйлдвэргүйгээр агаарын тээвэр, аялал жуулчлал, олон улсын хурал цуглаан, спорт наадмын төв болгон орчин үеийн хот байгуулалтын шилдэг технологи, стандартын дагуу бүтээн босгож яагаад болдоггүй юм. Алсдаа төр засгийн өндөрлөгүүд тийшээ нүүж очин орд харшаа барьж төвхнөвөл бүр ч догь биз. Нийслэлийг Хар Хорумд шилжүүлэх төлөвлөгөө эндээс биелэлээ олох ч юм бил үү.
Мэдээж хэрэг асар их хөрөнгө шаардагдна. Гэвч үр ашгаа баталгаатай өгөх төслүүд, бүтээн босголтуудад хөрөнгө их элбэг олддог болсон цаг ирчихээд байна. Үүнд л гадаадын хөрөнгө оруулалт ялангуяа барууны орнуудын хөрөнгө оруулалтыг үүнд татаж тусгаар тогтнолынхоо баталгааг нэмэгдүүлээд авах хэрэгтэй юм шиг санагдна. Агаарын тээвэр, компьюторын технологийг хөгжүүлэхэд хамгийн их тусалж чадах, хамгийн их потенциаль хуримтлуулсан улс бол АНУ мөн. Бид тэднийг л түшвэл энэ салбаруудаа асар хурдацтай хөгжүүлж чадна.

Цаг өөр болж бүтээн босголтонд зарцуулах мөнгө бол элбэг олддог зүйл болоод, харин хөрөнгө оруулалтын тухай сайн санаа онцгой идея ховор болж үнэд орох болжээ. Энэ завшааныг л ашиглах хэрэгтэй.Түүнээс биш Орос, Хятад хоёрын их гүрний геополитикийн далд наймаанд хавчуулагдаж, өнөөгийн хөдөөд бутархай мөнгөний оронд гүйлгээнд явж байгаа бор халзан төлөг шиг хувь заяагаа бусдад даатгаад яваад байвал ямар ч сайн ах дүү, ямар ч сайн түнш байсан цагийн эгзэг таарвал нөгөө Түвд, Туваг юу яасан шиг л "ивээлдээ авах" өдөр ирэхгүй гэх газаргүй билээ. Харин бид аргыг нь олоод Оросоос түрүүлж мөнгөжиж, Хятадаас түрүүлж ардчилагдаж чадвал аль алинаар нь гуйлгуулаад, тэдний санаа оноог нь зөрөлдүүлээд байж дөнгөх л билээ.
Ардчилал гэснээс иймэрхүү том зүйлийг эхлүүлэх хөрөнгө зээл ардчилсан чиг баримжаатай, ойлгомжтой төрийн тогтолцоотой, дотоодын зөрчилгүй, гадаадын дайсангүй улсад л олдох баталгаатай байдаг. Монгол улсын хувьд засаглалын тогтолцоо, хууль эрхийн орчноо шинэчлэн сайжруулаад, дотоодын зөрчлүүдээ сулруулж чадвал гадаадынхан өөрсдөө мөнгөө барьж, ирээд Хар Хорумыг барьж, босгоод агаарын тээвэр, аялал жуулчлал, өндөр технологийг хөгжүүлээд өгөх билээ. Монголчууд бид улсаа хөгжүүлэх түлхүүрээ олоод, түүнийгээ зөв тийш нь эргүүлж чадвал Очирбат гуайн зөгнөж хэлсэн "бар улс"-аа байг гэхэд амьдрах чадвар сайтай "чоно улс" болох энүүхэнд гэж санагдана. 

Миний бичсэн эдгээр зүйл бол "Алтан цөгцний үлгэр" шиг абсурд гэнэн мөрөөдөл биш, энэ бол биелэх боломжтой л хүсэл юм. Бид бүгдээрээ үүнийг хүсээд эхлэвэл энэ хүсэл бодит үнэн болох магадлал 2,5 сая дахин өндөр болно. Энэ бол газар нутгаа зарж, төр засгаа түрээслүүлэн улсаа баяжуулах гэсэн бусад санаанаас арай илүү санагдаад байгаа тул дэмжих хүний тоо дор хаяж 2 саяд хүрнэ гэдэгт би итгэлтэй байна. Үлдэх хэсэг нь уншиж сурмагцаа бидэнтэй нэгдэх биз ээ. Хүсвэл л биелэнэ.


Эцэст нь  хэлэхэд ази тив рүү агаараар нэвтрэх боомтыг унаган нийслэлдээ байгуулаад "торгон зам"-ыг хяналтандаа буцаан авчирч өвөг дээдэс, тэнгэр бурхадаа баярлуулах цаг болжээ. Ер нь Хар Хорум бол гадаадын гар урчуудын гараар босож байсан хот гэгддэг билээ. Энэ түүх шинэ эринд дахин давтагдах болтугай.

2001 оны 1-р сар
Б.Өнөх