Tuesday, April 19, 2016

Ирэх Баасангийн мэдээ


Алтайгаас Адидас гуталтай цаг хугацааны аялагч олдсон тухай мэдээтэй давхцаад ирэх 5 дахь өдөр Үндсэн хуулийн цэц хуралдаад намын жагсаалт гээчийг Үндсэн хуулийн бус гэж зарласан тухай намчид, намуудын цахим хуудсууд өчигдөр мэдээлж эхэллээ. Мэдээлж байгаагаар бол Үндсэн хуулийн цэц намын жагсаалтаар сонгогдох нь иргэдийн шууд сонгох эрхэнд харшилсан гэж ирэх Баасанд үзсэн бололтой.

Үндсэн хуулийн 21.2-т нээрэн чиг ”Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” хэмээн заасан байдаг бүлгээ.
Гэвч Үндсэн хуулийн цэц бол үндсэн хуулийн сорчилж авсан зүйлийг хамгаалах зориулалтаар байгуулсан байгууллага биш үндсэн хуулийг бүхэлд үндсэн хуулийн системийнх нь хувьд хамгаалах үүрэгтэй байгууллага болохыг тус хуулийн 5 дугаар бүлэгт бэлхэнээ дэлгэрэнгүй тусгасан байх ажгуу.

Үндсэн хуульд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд тодруулах УИХ-н маш чухал хоёр үүргийг НАМ гээч үндсэн хуулийн өөр нэг субьектээр дамжуулан хэрэгжүүлэх тухай хоёргүй утгаар зааж өгчээ. Үндсэн хуулийн 31.2-т УИХ-д суудалтай намууд Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх тухай, 33.2-т УИХ-д олонхи болсон эсвэл хамгийн олон суудал авсан нам Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх тухай үндсэн хуульчилж өгсөн байх юм.

Ирэх Баасанд гаргасан Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр 76 тойрог руугаа явахаар болвол онолын хувьд 76 бие даагч УИХ-д сонгогдох боломж үүснэ. Онолын байтугай өнөөгийн улс төрийн намуудад итгэх итгэл унаж байгаа цаг үед энэ боломж нэлээн өндөр практик магадлалтай болж ирж байгаа юм.

За яахав онолын боломж хэрэгжээд 76 бие даагчтай боллоо гэж бодъё. Тэр цагт хэн Ерөнхийлөгчид нэр дэвшүүлж,  хэн нь Ерөнхий сайдыг санал болгохыг хэн нэг нь хэлээд өг л дөө та нараас. Энэ бол өөрөө үндсэн хуулийн гүн хямрал шууд үүсгэх нөхцөл байдал мөнөөсөө мөн билээ. Монгол улс Ерөнхийлөгчгүй, Ерөнхий сайдгүй байж болох уу? Манж өмсгөлөөр ижилссэн Үндсэн хуулийн цэцийн гишүүд үүнийг хүсээд байна уу? Үндсэн хуулийн гол субьект НАМ-ыг УИХ-д орох боломжийг онолын хувьд ч хамаагүй хаах нь үндсэн хуулийг зөрчсөн явдал мөн юм. 

Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хууль зөрчигдөх, хэрэгжихгүй байх онолын боломжийг хаах үүрэгтэй хууль зүйн шинжлэх ухааны байгууллага билээ. Иргэдийн шууд сонгох эрх намын жагсаалтаас болоод хасагдсан гэж үзэж байвал намын жагсаалтанд орох гишүүдээ л намын нийт гишүүдийн санал хураалтаар тодруулчихаж болохгүй гэж үү. Америкт үүнийг праймари ч гэдэг.  Америкт хэн ч Ерөнхийлөгчөө шууд сонгодоггүй. Сонгогчийн үнэмлэхний оронд намын батлахаа барьж ирээд л намын жагсаалтанд орох хүсэлтэй гишүүдээс 28-г нь дугуйлаад хаячихад болохгүй гэж үү. Намын гишүүд ч бас иргэн тул хуулийн шаардлага хангагддахаар л харагдаад байна даа.  

Саналаа өгсөн олон иргэдийн сонгоогүй хүн УИХ гишүүн болдог, цаашид ч болно. Тэдний сонгогдсон гишүүнд өгөөгүй санал бол тэр гишүүнийг шууд сонгоогүйгийн л баталгаа. Тэхлээр яахав?
Энэ тохиолдолд Үндсэн хуулийн цэц үндсэн хуулийн үзэл санааг бүхэлд нь хамгаалах үүргээ нэгд, Үндсэн хуулийн үг үсгээр тоглолт хийх эрхээ хоёрт тавьж байх учиртай.  Тээр жил давхар дээл хууль бус гэж Цэц, Иргэн Ламжав нар самарснаас болж Ардчилсан холбоо эвсэл байгуулсан засгаа гурван ч удаа хөмөрсөн гашуун туршлага бий. Үр дүнд нь Монголын ардчилсан шинэчлэлийн процесс албан тушаалын явган хэрүүлийн намагт живсэн билээ.

          За яахав. Цэц ирэх Баасанд шийдэж, УИХ дараагийн Баасанд ёсчлоод хаявал хаяна л биз.  Ер нь бол 2012 онд жагсаалтанд жаалсан гишүүд 2016 онд тойрог руу туугдах ээлж ирмэгц очих тойргоо жижигсгэж сонгуулийн зардлаа хэмнэх гэсэн башир арифметик л наана чинь яваад байгаа юм. Яаж ч нууж булзааруулаад нэгэн том даргын шонон хор фракцын хэдийг л ногоон гэрлээр ялган гаргаж АН-ы үлдсэн массыг золигт гаргах далд тохироогоор дараагийн эрх баригчидтай наймаацаж байгааг таахад түвэггүй.

       Азаар АН-д ардчилсан үзэл санааны төлөө тэмцэл арай ч таг унтарчихсангүй. Лу.Болд гишүүний яриад байгаа залуусыг төрд гаргах санаа бол жишээ нь таалагдаад байна. Цэцийн ирэх Баасан гаргасан шийдвэр ч энэ санааг хэрэгжүүлэх боломжийг гаргаад ирлээ. Залуусаа УИХ-д нэрээ дэвшүүлж өрсөлдөцгөө. Та нар бол нэр цэвэр, нас залуу, гоё амбицтай, гэгээн мөрөөдөлтэй хүмүүс. Төр засахын тулд гэрээ засах шаардлагагүй. Харин ч өнөөдөр цэцэрлэг сургуульд яваа бяцхан үрсийнхээ ирээдүйг өөрсдөө бий болгох хэрэгтэй шүү.  Гэрээ зассан хүмүүс төрд ороод юу хийж байгаа бид харж байна. Тэд хүүхдүүд нь том болсон тул тэдний ирээдүйд санаа зовох зүйлгүйгээр тэнэгтэж, дураараа дургиж байна.  Ахмад үе чинь та нарын ирээдүйгээс тэрбум тэрбумаар нь зээлж хүүхдүүд, хунтайжуудынхаа бизнесүүд рүү гулсуулан сууна. Зөв гэж үү?

         Залуусаа улс төрийг дайран эзэлцгээ. Зөвхөн нэр, насаа л зарлаад дэвшээд ир. Эдэн шиг их зардал бүү гарга. Сошлд нэг нэг аккаунтаа л хэлчих. Дэмжээд өгье. УБ-с гараад ирцгээ. Хүүхдүүдийхээ ирээдүйг өөрсдөө бий болгоцгоо. Та нар л энэ их өрийг төлцгөөнө. Иймд жолоон дээрээ өөрсдөө эртхэн сууцгаа. Оюутан цагаа тарваганы наймаа хийж өнгөрүүлсэн хүмүүст хувь заяагаа ахиж бүү даатга, тэр тусмаа хүүхдүүдийнхээ ирээдүйг.

        АН-ы залуус ч бас дарга нараасаа эртхэн холдсон нь дээр. Та нарын тэмцлийн соокыг дарга нарын чинь хунтайжууд нь уугаад эхэлснийг та нар хараа биз дээ. Хэний төлөө юуны төлөө тэмцээд байгаагаа сайн бод. Та нар өөрсдөө дэвш. Бие даагаад өрсөлд. Дараа нь намаа эргэж эзэлж ав. Шинэчил.

        Баруун Германы улс төрийн намууд завхран доройтож, авилгал хээл хахуулд идэгдэх үед ард түмэн түүхэн сонголт хийж бие даагч шилдэг залуусыг олонхи болгон парламентдаа сонгосон байдаг. Тэр бие даагчид нь тусдаа нам байгуулж тоглосонгүй. Харин ч улс төрийн урт хугацааны түүх бүхийн 2 том намдаа хуваагдан орж тус намуудын бүх удирдах постуудыг нь авч намуудыг нь эрчимтэй шинэчилсэнээр өнөөгийн Германы улс төрийн соёл үүсэн бий болсон түүхтэй. Манай Гүндалайд нэг удаа ийм боломж гарсан юм. Даанч Гүндалай ардчилсан герман стилтэй бие даагч байсан тул зөв замаа ололгүй мунгинасаар улс төрөөс гарч явсан.  

        Монголд яг Баруун Германых шиг ийм юм болоосой гэж би хүсэж байна.  Залуус та нар эхлээд төрийг эзэлж аваад дараа нь МАН, АН-ы толгойг шинэчлээд өг. Сайжруулаад өг. Хүссэн ч эс хүссэн ч энэ 2 нам цаашдаа ээлжилж төр барина. Иймд улсаа бодож байгаа нь эднийг эхлээд сайжруул. Үүний төлөө та нарыг дэмжихэд бэлэн байна. Аливаа улс тусгаар тогтнохын тулд төртэй байх ёстой. Төртэй байхын тулд намтай байх нь жам. Иймд байгаа намуудыг л сайжруул. Шинэ нам байгуулж тоглох цаг одоо биш.  Ялангуяа Орос Хятад 2 эвтэй байгаа энэ үе бол илүү хуваагдлын цаг бүүр ч биш.

Тэхдээ Цэц ирэх Баасанд жинхнээсээ юу гэж шийдэхийг эхлээд харцгаая. 


Tuesday, April 12, 2016

Хөгжлийн өөр гарц


Анх tsahimurtuu.org сайт дээр 2009 оны 8-р сард гарсан

Телевизийн нэг сувгаар орвонгоороо эргэсэн Монголын уул тал, ширгэсэн голууд, нөгөө сувгаар Оюу толгой, Таван толгой тойрсон хэрүүл, бас нэг сувгаар нь олоогүй (олдохгүй) ашгаа хуваах толхилцоонууд гарч байх юм. Олон хүний ярианаас уул уурхай хөгжвөл ажлын байр нэмэгдээд ард нийтээрээ цэнгэлийн манлайд ойртох тухай санаанууд хөвөрнө.
Мөнгийг тэрбумаар нь хүүдийлж, мянгыг амны цаас шиг тоохгүй болох цаг өнөөгийн хариуцлагагүйн үерээс азаар амь гарсан жаахан хүүд ирэх юм байх. Монголчууд үнэхээр уул уурхайгаар халуурч байна. Олон “эрдэмтэд”, “эдийн засагчид”, “суутнууд” үүнээс өөр хөгжлийн гарц үгүй хэмээн “нотолцгоон” энэ халуурлыг солиорол руу улам ойртуулна.  Улс төрчид маань алсын хараа гэхээсээ өнөө маргаашийн оноо цуглуулах жалгын улс төр, популизмаар амьсгалан улсаа “зална”. Харамсалтай нь жалгын улс төрөөр залагдсан улс жалга ангал руу л дөхөх нь ойлгомжтой. 
Олон олон “эх орончид”-ын нэгэн адилаар би ч бас уул уурхайн халуурлыг битүүхэндээ дэмжиж л байна. Гэхдээ цэнгэлийн манлайд түүний тусламжтайгаар хүрнэ гэдэг утгаар нь бус, харин дээрмийн уул уурхайн уруй Монголыг дайраад бүх юм болоод өнгөрсөний дараа хаягдал шороон дээрээ  хөөрхий нинжа шиг хоосон хоцорсон Монголчуудын нүд гэнэт нээгдэж, ухаарал сэхээрлээ аван өөр аргаар амьдрах арга хайж олох зөв цагийг ойртуулахад өнөөгийн энэ халуурал хэрэг болох болвуу гэдэг утгаар нь. Ер нь бол газрын гүнээс гамшгаас өөр энгийн ардад наалдацтай юм нэг их гарч ирэх нь юу л бол.  Ашигтай наалдацтай юмс гарч ирлээ ч энэ баялагаар нь зөвхөн өнөө үеийхэн л туйлаад, талаар нэг нялаад л дуусгах шинжтэй. Харин дараа нь олсон хэдээрээ сүйдэж гундсан уул овоодоо  мянгантаа тахиад ч амь зуух аргагүй болох өдөр энэ хурдаар явбал нэг их холгүй бололтойдог. Уул уурхай шүтсэн “хөгжлийн” энэ гарц ер нь нэг л бишээ.
Тэхдээ Монголчууд бид нэгэнт олон уурхай нээгээд арвин нүгэл хуралдуудаад эхэлчихсэн тул ядаж одоо байгаа тэднээсээ олж байгаа хэдээ зөв зарцуулан алсдаа хөнөөл багатай аргаар хоолоо олдог болох аяаа бодож байхгүй бол горьгүй нь ээ.  Хэдүүлээ ухаад авчихсан уурхайн шороон дээрээ шалз шиг хаягдан санаашрахаасаа өмнө   хөгжлийн өөр гарцыг хайцгаая. 
Хөгжилд хүрнэ гэдэг бол зөв бизнесийг олж зөв хөгжүүлнэ л гэсэн үг юм. Бизнес амжилттай байхад гурван гол зүйл тун ч чухал байдаг юм. Тэр нь нэгдүгээрт байрлал, хоёрдугаарт байрлал, гуравдугаарт мөн л байрлал байдаг. Оюу толгойн зэс  олдошгүй баялаг агууламжтайдаа ч биш, таван толгойн нүүрс илүү илчтэйдээ ч ингэж үнэд ороод байгаа биш юм.  Оюу толгой бол бараг хайлах цехийнхээ гадаа байгаа хүдэр, таван толгой бол зуухныхаа аман дээр шахуу байгаа нүүрс гэдэгтээ л ингэж түмний хорхойг нь хөдөлгөөд байна. Байрлал л гол үүрэг гүйцэтгэсэн гэсэн хэрэг. Бас дээр нь нэмээд манай хяналтгүй, хариуцлагагүй, хямдхан төрийн систем их гарын шулаачдын хорхойг үнэхээр их гозолзуулж байна. Эдний хажууд Баруун Австрали, Хойд Куинслэндэд орон нутгийн “мэргэжлийн жинхэнэ хяналтын” түмэн шалгуурыг дамжин мянган шахалтын доор олборлосон эрдэс, эсвэл Мъянмарын хунтуудтай хуйвалдаж, Африкт тивээр нь иргэний дайныг үлээн хөгжөөж байж үнэ хөлс татвар түрээсгүй дээрэмдэн ачуулсан баялаг бүгд л илүү өндөр өртөгтэй болоод ирдэг. Өөрөөр хэлбэл тээврийн өртөг зардал шингэдэгээс өртөг нь өсдөг гэсэн үг. Ингэхлээр бизнесийн байрлалын давуу тал гэдэг бол тээврийн зардалтай л холбогдож яригддаг асуудал болох нь харагдаж байна. Хаана ч тийм байдаг, бүх төрлийн бизнест тийм л байсан. Тэр дотроо тээврийн бизнест өөрт нь хүртэл байрлал нь эргээд нөлөөлж байдаг.
Тээврийн бизнес гэснээс хөгжлийн өөр гарцыг эндээс өөрөөс нь хайвал яасийм бэ. Олон бизнесийн хувьд зардлын маш том хэсэг нь энд байдаг юм бол тээвэр өөрөө маш гайгүй орлоготой эд байх ёстой. 
Сингапур хот усан тээврийн ашигтай байрлалаараа хөгжсөн байхад, Чикаго хот АНУ-н баруун зүүнийг холбосон авто болон төмөр замын тээврийн зангилаан дээр цэцэглэжээ. 

Монгол шиг далайгүй, замгүй газарт агаарын тээврээс өөр үсрэнгүй ирээдүйтэй бүтэц ажиглагддаггүй. Төмөр замын тээвэр маань маш хязгаарлагдмал зах зээлтэйгээс гадна өмчийн хэлбэр, удаан хөшүүн байдлаараа ямар ч найдварын очийг гэрэлтүүлэх боломжийг олгохгүй байна. Монголд транзит тээврийг хөгжүүлэх боломжтой гэж олон ярьдаг ч агаарын тээврээс өөр түүнийг төгс хэмжээнд нь хүргэх бизнес үгүй.
Иймд  агаарын тээврийн боломжуудаа л сонирхоё.
Тээврийн төрлүүдийн дундаас агаарын тээврийн бизнесийн ашиг байрлалаас хамгийн ихээр хамаарч байдаг.  Нисэх зай нь холдох тусам ашигтай ачаалалаа хасч оронд нь шатахуунаа ачихаас өөр аргагүй болж байдгаараа их онцлог. Орчин үеийн иргэний онгоцууд хамгийн их ачаалалтайгаар дээд тал нь 5500 далайн миль  буюу 10190 км орчим нисэж чадахаар бүтээгддэг. Үүнээс хол зайнд нисэхээр болбол ачаалалаа хасаж зорчигчоо цөөлөн нисэхийг хичээдэг байна. Аль болох ихээр төлбөртэй ачаалал авч явж чадсан нь нэгжийн зарлаа бууруулж өрсөлдөөнд ялж гардаг. Харин ийм таатай маршрут зах зээлийг сонгож нисэх боломж улс болгонд тэгш байдаггүй. Нэг чиглэлд нь ашигтай байсан нэгэн нөгөө чиглэлд алдахаас өөр арга байдаггүй. Жишээ нь Эмиратс компани Европ, Энэтхэг рүү тун ч ашигтай нисдэг бол Австрали, Америк руу 7000-8500 миль нисэх болдог тул тааруухан ашигтай нисдэг. Сингапур Эрлайнз ч мөн адил Европ Америкаас холдоод ашиг нь буураад явчихдаг байна.   
Монголын хувьд бол байрлал маань шал өөр байдаг. Дэлхийн талыг эзэлж байсан өвөг дээдэс маань бидэнд агаарын тээврийн хувьд чухамхүү үнэхээр алтан байрлалыг үлдээжээ. Монголын тал нутгаас дэлхийн ихэнх том хотууд руу агаараар нисэхэд цаад тал нь 5500 милийн зайтай л байдаг юм байна. Бүх чиглэлд дүүрэн ачаалалтай нисэх ийм боломж нь дэлхийн агаарын тээврийн компаниудын захирлуудын зүүдэнд л байдаг гэж болно. Гэтэл тэр боломж бидэнд бодитоор заяажээ. Австралийн Сиднейгээс авхуулаад, Европ, Ази бүхлээрээ, Зүүн Африкийн гайхамшигт онгон байгалаас өгсүүлээд Хойд Америкийн том хотууд бараг тэр чигээрээ энэ тойрогт байх юм. Зүүд ч юм шиг. Хамгийн сонирхолтой нь эдгээр нь зүгээр нэг Монголыг тойроод оршсонгүй. Бүүр мөрөөдлийн гэмээр байрласан байх ажээ. Дэлхийн хамгийн идэвхтэй агаарын харилцаатай улс, хотуудыг холбосон хамгийн дөт зам Монголоор дайран өнгөрөхөөр байна.  Австралийг Англитай, Синга-г Шинэ Йорктой, Чикагог ХонгКонгтой, Холливудийг Болливудтай, Токиог Дубайтай, Паристай холбох хамгийн шулуун агаарын шугамууд Монголын тэнгэрээр өнгөрч байна. Гэтэл эдгээр нь бол жилд хэдэн сая зорчигчоор яригддаг сүпэр зах зээлүүд гэж байгаа. Монголд 20-30 онгоцоор дэлхийн 5 тивд нислэг хийж, өөрийн нутгаар дамжуулан транзит тээвэрлэлт хийн бусдын зах зээлээс мөнгө олдог Сингапур Эйрлайнз, Эмиратс, эсвэл жилд улсынхаа хүн амаас ч олон хүнийг өөрийн буудлаар дамжуулан тээвэрлэдэг КЛМ шиг компани буй болгох ирээдүйн төлөө л ажиллах ёстой юм биш үү гэж бодогдож байна.
Дунджаар 20-30 онгоцтой дунд зэргийн нисэх компанийг ажиллуулахад дор хаяж нэг нисэгч сард 50-80 цаг ниснэ гэж тооцвол 300-380 нисэгч, онгоцуудыг бэлэн байлгах 1000-1500 инженер техникийн ажилтан, 2000-2500 үйлчилэгч, болон бусад ажилтан нийлсэн нийт 6000-10000 өндөр мэргэжилийн хүний ажлын байр шинээр бий болгох шаардлага байдаг. Үүн дээр агаарын тээвэрт үйлчлэх бусад бүтцийн ажилчдыг нэмбэл иргэний нисэхэд дор хаяж 20000-22000 ажлын байр шууд буй болох боломжтой харагддаг. Ер нь бол нэг том онгоц 1000 орчим ажлын байр үүсгэдэг. 300 орчим суудалтай 20 гаруй тооны онгоцуудыг 70-80 хувь дүүргэлттэйгээр арваад гол зах зээлийн хооронд Монголоор дайруулан нисгэхэд бараг 1,3-2 тэрбум долларын орлогын боломж бас харагддаг.
Хамгийн гол нь агаарын тээвэр өөрөө аялал жуулчлал, хүнс, шатахуун үйлдвэрлэл, худалдаа арилжаа зэрэг олон салбарыг чирж явдаг тул улс орны эдийн засагт үзүүлэх нөлөө асар их бөгөөд ажлын шинэ байруудыг буй болгох үндсэн өдөөгч нь болох боломж их юм. Хөрш орнуудын нутгаар дамжуулан газраар тээвэрлэхэд хүндрэлтэй бүх бараа бүтээгдхүүнийг агаараар хүссэн улсдаа хүргэх боломжийг агаарын тээвэр л олгодог. Мах болон ноолууран бутээгдхүүний тээвэрлэлтийн тухай энд хэлээд байгаа хэрэг. Ингэхлээр агаарын тээврийн эдийн засгийн өгөөж хязгааргүй их юм.  
Мөн Монголын хөдөлмөрийн чадвартай хүмүүсийн 20 хүртэлх хувь нь агаарын тээвэр болон агаарын тээвэртэй холбоотой ажилладаг салбараас ажил олох бололцоо бий. Нийтээрээ ажилтай байх хөгжлийн гарц чинь чухам энэ биш гэж үү? Нисэхтэй холбоотой салбарт ажиллахаас Монгол залуучууд зугатаана гэж үү.
Гэхдээ ийм болоход учир их бий. Дэс дараатайгаар үе шаттайгаар чиглэсэн нэгдмэл бодлоготойгоор явбал Монголыг дэлхийн агаарын тээврийн шинэ төв болгох боломж ойрын 6-8 жилд гарч болох юм. Эхний ээлжинд саалиа бэлдхээр саваа бэлд гэдэг шиг нисэх буудлуудаа бэлдэх хэрэгтэй байна. Ерөнхий сайдын Япон дахь айлчлалын нэг зорилт үүнд чиглэгдсэн нь тун ч олзуурхууштай. Одоо япон түншүүдээ шавдуулан ажлаа эхлүүлэх л хэрэгтэй байна. Эхний ээлжинд транзит зааланд нь буугаад мордсон хүн Монголд хэд хоноод хөдлөх сэтгэгдэл төрүүлэхүйц ганц сайн буудалтай байхад болоод явчих байх. Яваандаа агаарын тээвэр хөгжихийн хэрээр зайлшгүй 2-3 буудлын хэрэгцээ гарна. Тэр үед Хар хорин, Чойбалсанд нисэх буудал хөгжүүлж бүс нутгаа өөд нь татсан ч болохгүй зүйлгүй.
Хоёрдугаарт эрх зүйн үндсүүд маань бэлэн байх хэрэгтэй. Энэ бол улс төрийн шийдлийн маш чухал асуудал. Бараг ийм бизнесийн суурь хөрс нь ч гэж хэлж болох зүйл. Гол нь агаарын тээврийн эрхүүдээ нээж авах асуудал байдаг. Агаарын тээврийн нислэгийн эрхүүдийг улс орнууд бие биеэндээ харилцан солилцох журмаар л наймаацан олж авдаг зарчмыг эхлээд Парисын конвенцоор дараа нь Чикагийн конвенцоор баталгаажуулж буй болгожээ. Дэлхийн 2-р дайны дараа агаарын харилцааны эрхүүдийн эргэн тойронд явагддаг аэрополитик нь дэлхийн улс орнуудын хамгийн том анхаарал тавидаг асуудлуудын нэг болсон байна. Агаарын харилцааны хэлэлцээр байгуулна гэдэг бол улс орнуудын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөний давхар нотолгоо болж өгдөг нь үүний ач холбогдолыг ийнхүү өргөжээ. Алслагдмал олон улс орнуудыг шинэ хөрштэй болгож өгдөг гол гүүр нь агаарын тээвэр юм. Манай гурав дахь хөршийн бодлого ч энэ агаарын тээврээр дамжиж хэрэгжвэл тун ч сайхансан. 
Агаарын харилцааны асуудал бол ганц салбарын ч биш улс орны гадаад бодлогын чухал асуудал мөний тул Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар маань үгээ нэгтгэж энэ чиглэлд идэвхтэй хамтран ажиллаасай гэж хүсэх байна. Эхний ээлжинд Ерөнхийлөгчийн айлчлалын үеээр эртний харилцаатай Энэтхэгтэй байгуулсан стандарт гэрээгээ open sky хэлэлцээр болгож чадвал тун зүгээр юмсан. Хэрэв ойрын жилүүдэд идэвхтэй ажиллаж алс холд байгаа улс орнуудтай нээлттэй тэнгэрийн бодлого бүхий хэлэлцээрүүдийг байгуулж чадвал замаа чөлөөлчихөөд давхихад бэлэн боллоо л гэсэн үг. Дараа нь Европтой харилцаагаа шинэчлээд, АНУ, Сингапур, Шинэ Зеланд Чили зэрэг улсыг багтаасан олон талт лебирал хэлэлцээрт элсчихвэл ч.
Гэвч эцсийн эцэст бидэнд хүн л дутагдна. Нарийн мэргэжлийн хүмүүс дутагдна. Нисэгч, инженерүүд дутагдна. Нислэгийн удирдагчид маань цөөднө. Олон улсын өрсөлдөөнд дунд нарийн бизнесийн ньюансийг олж явж чадах чадварлаг менежерүүд дутагдана. Төр энэ дутууг гүйцээх бодлогоо эртнээс явуулах хэрэгтэй санагддаг.  
Хамгийн сүүлчийн асуудал бол олон сая, тэрбумын үнэтэй олон онгоцыг яаж юугаараа авнаа гэдэг асуудал. Онгоц авахад нэг их олон зоос хэрэггүй байдаг юм. Өөрөө өөрийхөө төлбөрийг хийчихдэг  бараг ганц бараа бол тээврийн онгоц. Санхүүгийн зөв схемээр явуулахад нэг хүндрэлгүй хийгддэг наймаа бол нисэх онгоцны арилжаа юм. Гол нь зах зээлийн баталгаа л чухал. Гэтэл бидний байгаа алтан байрлалаас дэлхийн зах зээл бараг тэр чигээрээ өмнө маань байна. Бидэнд эрх зүйн асуудлуудаа л зохицуулах үлдэж. Дээр нь гаалийн татвар хураамжийн тогтолцоогоо агаарын тээврийг дэмжихэд чиглүүлээд өгвөл энд төрийн зүгээс нэг их олон халамж харж үзээний хэрэггүй юм. Ер нь бол гай болохгүй бол хамгийн хурдан томордог бизнесийн салбар бол агаарын тээвэр. Ашигийн хувь харьцангүй багатай ч ажлын байр нэмэгдүүлэх нөлөөлөл нь үнэхээр гайхамшигтай.
Агаарын тээврийн бизнесийг ганц нэгээрээ хийдэггүй, нийлж нэгдэж байж хийдэг ярвигтай эд. Ганц нэгээрээ ч өмчлөхөөс зайлсхийцгээн цэрвэцгээдэг. Учир нь хариуцлагаа ганцаараа үүрэхээр зориглодог хоншоортон дэлхийд ховор. Иймээс Монголын олон капиталистууд, бизнесийн толгой тархинууд хэд гурваараа, эсвэл хэдэн арваараа хоршиж байж энэ бизнес рүү орвол дэлхийн өрсөлдөөнд тэсэж, ажлын байрыг олноор нь үүсгэж чадах байх оо.
Ажлын байрыг ер нь бол хөгжиж байгаа аль ч салбар гаргаж чадна л даа. Харин Монгол залуус хүрзэт техник бариад өвгөдийнхөө бууцыг самрах “ажлын байр” руу хэр хошуурах юм бол доо гэдэг л байна. Харин агаар тэнгэрт аялан, онгон байгалаа үзүүлж жуулчин татах, ачаа тээвэрлэх, худалдаа арилжаа хийх гэх мэт бол огт өөр асуудал. Залуу хүн бүр ийм л ажлын байр руу тэмүүлж өөрийгөө хөгжүүлэхээр оролдох нь бараг баталгаатай юм. Сингапур Эйрлайнзд орох мөрөөдөлтэйгөөр өөрийгөө хөгжүүлсэн олон залуус Сингапурын эдийн засгийг нийтээр нь төрөл арилжтал нь өөрчилсөнийг дэлхий гэрчилнэ. Энэ бол нухацтайгаар бодох л ёстой хөгжлийн стратегийн асуудал юм.  

Персийн буланд хэдэн нефть бүхий хэдэн жижиг улс байдаг. Экспортын хэмжээ нь Саудийн Араб, Иран, Иракийг бодвол өчүүхэн. Тэдийг дэлхий нийт сургаар гадарлах боловч хэн ч нэрээр нь нэрлэж мэддэггүй байсан үе саяхан. Гэтэл тэд ертөнцөд өөрсдийгөө мэдүүлэх мэргэн арга сэджээ. Нефтээс олсон мөнгөөрөө нэгнээсээ 300-500 км шахуу ойрхон зайд сүпер нисэх буудлуудыг байгуулан тэндээ Энэтхэг, Австрали, Африкийг Европтой холбон нислэг хийдэг авиа компаниудпыг байгуулж эхэлжээ. Qatar Airways, Emirates Airlines зэрэг нь асар түргэн томорч одоо дэлхийн хамгийн сүүлийн үеийн онгоцуудыг хамгийн олноор нь захиалагч болсон байх юм. Эднийг дагаад Кувейт болон арабын бусад авиа компаниуд ч өндийж байна. Хамгийн гол нь тэд баялагаа зарж амьдрахаа больж эхэлжээ. Агаарын тээврийг түшиглэсэн аялал жуулчлал, олон улсын худалдаа, бизнес санхүүгийн төвүүд цэцэглэж эхэлж. Ажлын байр үй олноороо буй болж улсынхаа бүх хүнийг ажлаар хангаад зогсохгүй гадаадаас ажилчид, өндөр мэргэжлийн боловсон хүчнүүдийг мянга түмээр нь соронздон татагч болон хувирч байх юм. Монгол нисэгч ч тэдний дунд буй.
Гэтэл бидэнд эднээс давуу байрлал байна, дутахгүй байтугай илүү их баялаг байна. Харин эднээс ялгаатай нь бид тамын тогоо шиг утаатай хар гэртээ түгжигдэжээ. Бие маань биш сэтгэлгээ маань түгжигдэж орхиж. Энэ түгжээнээс мултрах аргаа бид газар ухаж гарах л гэж харж байх шиг байна. Хонгил ухаад гарахаар оролдож байна. Гэвч ухах тусам уруудсаар, харанхуйлсаар, халтайсаар л байна. Газар ухсан хүнд уруудах л тавилан ирдэг. Учир нь газрыг өгсөх чиглэлд ухах боломжгүй.
Таминь ээ сэтгэлгээг маань түгжсэн тамын тогоо шиг хар гэрээсээ нүх ухаж оргох уу харин тооноороо тэнгэрээр дамжин гарах уу. Нэгэнт ухаад эхэлсэн уурхай, эзэмшээд эхэлсэн баялагаас олсон хэдээ талаар нэг нялаад, популизмд цацаад  дуусах уу, харин агаарын тээвэр шиг хөгжлийн хурдасгуурт хийж араа бодох уу. Японы тусламжаар орж ирэх нисэх буудлын мөнгө бол яг энд мөрөөдөж өгүүлсэн хэмжээний бизнес босгоход хараахан хүрэлцэхгүй юм. Үлдсэнийг нь уул уурхайн олзноосоо оруулъя л даа найзуудаа.  Агаарын тээврийн шилдэг төвлөрөлийг Монгол байгуулж буй болгоцгооё л доо.
Тамын тогоо шиг хар гэрээсээ тооноороо гарчихвал яасийн бэ хө? аан. Гарц бэлэн байна. Дээшээ хар. Сэтгэлгээгээ чөлөөлж авцгаая. Нэгэнт ухаж гаргасан шороогоо шалаар нэг тараан цацалгүй харин нэг газар овоолж тоонондоо хүрэх гишгүүр хийе.