Sunday, April 1, 2018

Бушхүүгийн лусын сан

Халхын заяа ихээ гэж үг бий. Би их дуртай. Энэ үг хамгийн хүнд нөхцөлөөс ч гарах итгэл найдварын очийг асаатай байлгаж байдгаараа их ид шидтэй үг.  Мэдээж зөвхөн халхуудын тухай, тэр дундаа миний өвөг Архан Харуулынхны уугуул нутаг Өвөрхангайнхны тухай үг биш л дээ. Бидний олон Монголчуудын тухай, буриад, дөрвөд, казах гээд бүх ах дүү монголчуудыг маань багтаасан сайхан үг юм байгаан.

Үнэхээр л бидний заяа их.  Хаадынхаа бууринаас холдон тасарсан бусад монголчуудтайгаа харьцуулахад бидний заяа зүйрлэшгүй их. Харийн гүрний хэсэг болсон Халимаг, Буриад, Тува, Өвөр болон Дээд Монголчуудтайгаа өөрсдийгөө нэг харьцуулаад харцгаа. Зовъё гэвэл зоргоороо, жаргая гэвэл тааваараа, муу ч гэсэн өөрийн ноёнтойгоо, мунхаг ч гэсэн өөрийн ардтайгаа, мухар ч гэсэн өөрийн сүсэгтэйгээ, мунгинуу ч гэсэн өөрийн замтайгаа. Өөрийн нэртэй өөрийн пасспорттой, өөрийн мөртэй өөрийн түүхтэйгээ. Хамгийн гол нь өвгөдийн маань  өвлүүлж өгсөн “өөрийн” газартай, “өөрийн” баялагтай учир өөрийн “ирээдүйтэй”.

Даанч энэ хүрээд та бидний хамаг огшил, омгорхол дуусаж байгаа юм. Өрөвдмөөр тэнэг л өвөгийнхөө амжилтыг ярьж амьдардаг гэж үг хөршид маань бий. Биднийг даапаалаад, шоолоод байгаа ч юм шиг. Дүүпүү иддэг хүмүүсийн дүп үг гэж битгий миалаарай. Харамсалтай нь энэ бол бас л үнэн үг. Бла бла.

За панаалаа дуусгаад шууд хэлэх гэсэн санаа руугаа оръё. Магтаалд дуртай хүмүүсийн юм унших сонирхлыг ингэж огшоож өдөөдөг юм байхгүй юу. какака. Михаилд нэг бодол бий хэмээх бас нэг хөршийнхөө үгээр цааш үргэлжлүүлье.

Бид ийм их баялагтай байж яагаад ийм ядуу байгаа юм бэ гэдэг мөнхийн шахуу болчихоод байгаа асуултын хариуг хайя л даа. Хариулт их энгийн. Бидний сэтгэлтгээ ядуу байгаа учраас бид ядуу байгаад байгаа юм. Бид юу ч үгүй учраас ядуу байгаад байгаа юм биш. Ердөө л энэ.

Үндсэн хуульд нэг сайхан заалт бий. Юу ч билээ. Газрын хэвлийн баялаг төрийн өмчинд ард түмний мэдэлд байна ч билүү. Нэг тиймэрхүү утгатай.  Бусад улсад ч бас иймэрхүү заалттай хуулиуд бий. Хамгийн их яригдаж үлгэр авагддаг жишээ бол Норвег. Яг Монгол шиг шахуу 5 сая хүнтэй, уул дүүрэн алттай, далай дүүрэн нефтьтэй гэж ирээд л үнэн панаалтай ярихад аягүй тохиромжтой гоё жишээ. 

Би одоо хууль сураад дуусч бн л даа. Шалгалтуудаа дуусчихвал харих зам шулуудлаа. Equity буюу шударга ёсны хууль гэдэг хичээл хамгийн сүүлд ордог. Equity бол хүний нийтлэг ёс журмын хууль (common law),  төрийн хууль (statute) аль алинаар нь яваад цаанаасаа л хохиролтой болчихоод байгаа мухардмал асуудлыг шударгаар шийдэх зорилгоор Английн хаан дэргэдээ байгуулсан шүүхийн тогтолцоо юм. Equity гэж шууд махчилан орчуулахад түвэгтэй ч ерөнхийдөө тэгш шударгын тухай гээд ойлгочих. Анхандаа тусдаа шүүх байсан боловч дараа нь шүүхүүдийг нэгтгэж хамтад нь хэрэглэх болсноор Английн эрх зүйн системийн нэг бүрэлдхүүн хэсэг болсон байдаг. Equity нь хүмүүсийн хоорондхи итгэлцэлийг хамгаалах хуулийн тусгай багаж юм. Хэрэв чамтай хэн нэгэн гэрээ байгуулахдаа чамайг хууран мэхлэх (fraud), дарамтлах ч (duress), чиний аргагүй байдлыг ашиглан увайгүй загнаж (unconscionable conduct) гэрээгээ байгуулчихаад дараа нь тэр байгуулсан гэрээгээ шүүхэд үзүүлэн чамайг хуулийн хүрээнд хохироож орхивол чиний эцсийн найдвар нь Equity болж хувирдаг. Мэдээж чи хариу нохойтоогүй, гэрээлэгч түншдээ шударгаар итгэж явж бгаад хуулийн хавханд унаж ходруулчихсан гэдгээ нотолж чадвал equity чамд шударга ёсыг тогтоож, хохиролыг чинь барагдуулж, эрхийг чинь сэргээж тусалдаг. Equity аливаа харилцаанд шударга хандах хандлагыг албажуулж хамгаалдаг. 

Equity-тэй хамт байнга яригддаг нэг юм бол Trust гэж юм бдаг. Trust гэдэг нь монголоор бол ямар нэгэн итгэлцлийн үндсэн дээр байгуулсан тусгай зориулалтын сан юмуу даа. Сангийн ашиг орлогоос хүртэгчийн эрхийг хамгаалах хуулийн механизмыг бий болгодог эрх зүйн салбар гэх үү дээ. Энэ утгаараа Монголчуудад их хэрэгтэй эд. Сангийн ажиллах зарчим нь хэн нэгэн санг үүсгэгч (settler) сангийн даамал буюу итгэл үүрэгчид (trustee, or fiduciary) өөр хэн нэгний тусын тулд (beneficiary) тодорхой хөрөнгийнхөө хууль ёсны өмчлөл буюу (legal title) өмчлөх эрхийг шилжүүлэх байдлаар илэрдэг. Монголд яг энэ хууль үг үсгээрээ хаана ч байхгүй ч амьдралд маш өргөнөөр хэрэглэгдэж элдэв асуудал үүсэж байдаг билээ. Ялангуяа улс төрд орж байгаа хөрөнгөлөг хүмүүс өөрийн хөрөнгөө ах дүүс, танил талуудынхаа нэр дээр шилжүүлж (legal title transfer) хуулийн өмнө ашиг сонирхлын зөрчил үүсгэх өмчгүйгээ харуулдаг.  Тэр өмч нь яг үнэндээ өмчийг нь нэр дээрээ болгож авсан ах дүүгийнх нь өмч биш улс төрчийн өөрийнх нь үр хүүхэд ач зээгийн тусын тулд зарцуулах үүрэг оноосон тусгай сангийн хөрөнгө байдаг юм байхгүй юу.  Хөрөнгийг маллагч сангийн даа зөвхөн хөрөнгийн мэнэжмэнтийн зардал, урамшуулалаа л сангийн гэрээнд заасны дагуу аваад л болох ёстой юм. Илүү харах эрх байдаггүй. Хэрэв trustee (сангийн даа) хөрөнгийг зориулалтаар нь ашиглахгүй өөрийн хувийн эрх ашгийн зорилгоор зарцуулж эхэлбэл beneficiary (сангаас ашиг хүртэгч) түүнийг equity шүүхэд өгч ашиг сонирхлоо хамгаалуулан хөрөнгийн хууль ёсны өмчлөлийн эрхийг (legal title) шүүхийн тогтоолоор өөртөө авч, учирсан хохиролоо нэхэмжлэн гаргуулж авч болдог.  

Монголд ийм шударга хуулийн систем байхгүйгээс улс төрд явж байсан хэн нэгэн ертөнцийн мөнх бусыг үзүүлэхэд хөрөнгийг нь манаад байж байсан дүү (trustee) нь ахынхаа хөрөнгийг гэр бүл үр хүүхдэд (beneficiary) нь өгөлгүй булаачихсан тохиолдол мэр сэр гарч байсан нь миний чихэнд хүрч л байсан билээ. Нэг юм эндээс харагддаг. Монгол ийм зөв хуулийн тогтолцоотой байсан бол монголын хөрөнгөлөг улс төрчид хамгийн их хожиж үр хойчийнх нь ирээдүй маш баталгаатай хамгаалагдах юм байгаан. Тэд хөрөнгөө офф шорт нууж үгээ хэлж үрчигнэж бултагнаж байх ямар ч шаардлагагүй. Trust fund-уудад даатгаад л орхичиход санаа амар баймаар.   

Норвегийн баялагийн сан бол яг нэг иймэрхүү л trust fund юм. Өөрөөр хэлбэл төр нь өчигдрийн болон өнөөгийн Норвегичүүдийн өмчийг итгэлцлийн санд нь маллаж бгаа fiduciary буюу trustee (сангийн итгэмжлэгдсэн даамал) хийж байгаа бөгөөд энэ сангаас үр ашгийг нь хүртэх beneficiary нь өнөөгийн болон маргаашийн Норвегичууд юм. Өөрөөр хэлбэл өнөөгийн новегичүүд санг үүсгэгч, сангаас хувь хүртэгч 2 үүрэгтэйгээр энэ сангийн харилцаанд оролцож байна. Мөн сангаас маргаашийн Норвегичууд маш том, бараг дийлэнх хувийн ашиг хүртэхээр зохицуулагдсан байгаагаараа биднээс эрс ялгаатай байдаг. Trust өщөө олон төрөл янз байдаг ч, үндсэн зарчим нь нэг бөгөөд миний энд ярьж буй сэдэвт тийм ч чухал биш тул цааш явъя.

Норвегичүүдтэй харьцуулахад Монголчууд бид яаж байна?
Монголын Үндсэн хууль газрын хэвлийн баялаг хэний нэр дээр байх, хэн захиран зарцуулахыг нь заагаад өгчихсөн байдаг. Төр нэр дээрээ байлгах ч ард түмний мэдэлд байхаар хуульчилсан. Хуулийн хэллэгээр бол legal title нь төрд, equitable title нь ард түмэнд байна гэсэн санаа. Иймээс энэ баялаг бол алсуураа ард түмний өмч гэдгийг Үндсэн хуульд хоёргүй утгаар хийж өгчээ. Энэ утгаараа баялагийн сан бол Үндсэн хуулийн статустай цорын ганц сан байх ч хуулийн боломж бий. 

Өчигдөрийн монголчууд өнөөгийн та бидэнд маш хангалттай санаа тавьсан байдаг шүү дээ. Бидэнд юу үлдээгээд буцацгаасаныг нь та нар харж л байгаа.Тусгаар тогтнол, үүцээ задлаагүй их баялагтай газар шороотой уужим дэлгэр нутаг бэлчээр, хэл заншил соёл, нөгөө тэнгэрлэг хөх хошного, тахир сэлэм шигээ тахир шилбэ бүгдийг нь бидэнд харамгүй үлдээжээ Харин  өнөөгийн монголчууд бидэнд ирээдүйн монголчуудаа сандаа байтугай санаандаа багтаасан юм нэгээхэн ч алга. Ядаж байхад сан маань ч алга. Бид өнгөрснөөрөө огшиж, өнөөдөрөөрөө л амьсгалан, амьдарцгааж байна. Бидний байгуулж буй нийгэм, босгож буй хот балгад, бүтээж буй баялаг маань зөвхөн өнөөдрийн төлөө. 

Зөвхөн өнөөдрийн галыг намжаах гэж дутуу бодсон шийдлүүд, зөвхөн өнөөдөр ашиг олох гэж ирээдүйгээ боомилсон шамбааралдаан, зөвхөн өнөөдөртөө идэж уух гэж ухаж төнхсөн уул ус л байна. Тэгээд ч ашиг нь 30 нь ч юу юм, 300 орчим гэр бүрийн л хүрээнд. Үхсэн элэнцэгийнх нь ард түмэн. Тийм юм хэзээ байхгүй. Олсон баялагаас төрд гарсан намуудын тарааж байгаа халамж бол жинхнээсээ, үнэнгээсээ, нээрэнгээсээ ард түмнийг бодож тарааж буй халамж огт биш юм, харин дарга анги суудалдаа үлдэхээр, төсвөөс хулгайлах боломжоо сунгахаар, хэдэн үеээрээ дураараа зайдлахаар сонгогчид өгч байгаа авилгал болох нь өдрөөс өдөрт улам л тодорсоор байдаг. Зорилго нь анхнаасаа ийм явуургүй болохоор үр дүн нь ямар байх нь ойлгомжтой. Та цонхтой нь цонхоороо, цонхгүй нь тогтоороо гадагш хар надад итгэхгүй байвал. 

Тэд хэдэн жорлонгоо өнөөдөртөө багтааж дүүргэхийн төлөө, өөхөлсөн гүзээгээ өнөөдөртөө л баярлуулахыг төлөө, үрчгэр арьсаа үнэтэй эдлэлд нуухын төлөө, үр хүүхдүүдээ бохир үнэнээс зугатаалган харьд тансаглуулахын төлөө өнөөдөртөө, зөвхөн өнөөдөртөө идээд уугаад урсгаад найрлаад дуусгаж байна.

Үндсэн хуулинд зааснаар уг нь бүх баялаг ард түмний мэдэлд байх ёстой юм. Үндсэн хуулийн тэр заалт бол Trust санг хуульчилсан заалт юм шүү дээ. Гэтэл бид 28 дахь жилдээ Үндсэн Хуулиа огт биелүүлсэнгүй.

Яах вэ?  Яаж үндсэн хуулиа биелүүлэх вэ? Яаж баялагаа ард түмний хүртээл болгох вэ? Бяр байна ухаан алга гэдэг үгийг бид наадмаар нэлээдгүй сонсдог. Сайхан сунагар бөх намхан мэхтэй бөхөд шороодоод тэрийн хэвтэхэд уулга алдан хэлдэг үгсийн нэг. Бид яг л тийм болоод байна. Баялаг байна ухаан алга.

Манай Үндсэн хуулийг сайн уншвал түгээмэл хуулийн  (Common law) зарчмуудыг олноор нь шингээж шигтгэж өгсөн байдаг нь маш олзуурхууштай бөгөөд эрх зүйн дэвшил хийх зорилгоор солих, засах ямар ч шаардлагагүй юм. Би Монгол улс нэг л өдөр Израиль лугаа адил Civil Law, Common Law, Үндэсний онцлоготой Customary Law хосолсон эрх зүйтэй хөгжин цэцэглэсэн улс болно гэж итгэж явдагаа дашрамд хэлье. Хөгжилд маань өнөөгийн эрх зүй, шүүх хуулийн тогтолцоо саад болж байгааг бид харлаа. Өөрчлөх ёстой. Монголчууд 4 жил тутамд дарга нараа солиод тэд нар нь бүрэн эрхийнхээ хугацаанд 10-20 дэлхийн зарчим нэвтрүүлж амжиж байгаа энэ хурдаар явбал манай улсын эрх зүй бусад орныг гүйцтэл бараг 1000 жил болохоор байна. Харилцаа холбоонд угтаж хөгжүүлээд гүйцсэн шиг эрх зүй дээрээ бид үсрэлт хийх ёстой байх. Үүнд баялагаасаа зарцуулах л хэрэгтэй. Эрх зүй бол эдийн засгийн суурь нь. Хатуу бат бэх хад чулуу шиг байх ёстой. Гэтэл өнөөдрийн хувьд манай хууль шүүхийн тогтолцоо авилгалын намаг шиг л бамбалзаж байна. Ийм намаг дээр барьсан ямар ч бүтээн байгуулалт нэг их удахгүй шавар намагт живж алга болдог. Та нарт ч анхнаасаа анзаарагдаж,  зах зухаасаа амтагдаж байгаа л байлгүй дээ. Ямар ч шинэ бизнес эхлүүлээд хууль шүүхийнхэндээ дээрэмдүүлчихээд, эсвэл тэднийг өмчилсөн олигархууд шахуулчихаад байхад энэ улсын эдийн засаг яаж ч хөгжих юм билээ дээ. Иймд хууль, эрх зүйн суурь чухал юм билээ шүү нөхөөд. 
    
Сумъяабазар аваргыг бид хүнтэй барилдаж байхыг нь олон харсан.  Яаж тэр үхэр шиг том юмнуудыг тэгэж амархан хэвтүүлж дөнгөөд байдгийг нь ч их гайхдаг бас бахархдаг байлаа. Өнөөдөр Сумъяабазар сайд асуудалтай барилдаж эхэлсэн нь ил болов. 100 чухал сэдэв гэдэг нэвтрүүлэгээр Баялагийн Сангийн тухай нухацтай ярьж байна. Хүн чинь өөрөө асуудал байдаг тул аварга маань хүнтэй барилдаж байхдаа л асуудалтай барилдаад сурчихсан бололтой. Ба аварга шиг асуудлыг уях мэх хийж цаг үрсэнгүй. 

Нөгөө ид барилдаж байсан шуурхай барилаараа ажлаа аваад сүрхий удаагүй байгаа сайд маань асуудлыг шууд л бариа зөрөөн дээр сэнжигний барьцнаас суйлаад өргөн гаргаж ирээд харуулж байна. Мэх ч даацтай гэж жигтэйхэн.  

Сумъяабазар сайдын зорьж байгаа Баялагийн сан чихэнд яасан чимэгтэй сонсогдож эхэлвээ. Equity and Trust хууль үзээгүй бол би ингэж анзаарахгүй л байсан байх. Бас л нэг баахан мөнгө төвлөрүүлж найрлах гэсэн сайд дарга нарын башир арга гэж мэгээд л аягүй бол нөгөө 14 онд Хиро Баатарын нэвтрүүлэгийг Эрлийз Цариг гэж мэж сөрж бичээд одоогийн Ерөнхийлөгчийг өмнөх Ерөнхийлөгчөөр нь загнуудаад хаядаг шиг юм болох байсан даа. Гэтэл энэ удаад цаагуур нь ухаад уншаад сонсоод байхнээ арай өөр, дэмжмээр, тун логик сайтай, үр дүн бодитой юм гаргаж яриад байна. 

Баялагийн сангийн зөв байх гол баталгаа нь хууль эрх зүйн орчин. Бид баялагийн сангаа Английн хууль эрх зүйн орчинд байгуулах ёстой гэдэг нь л өөрөө зөв явах үндсийн үндэс болж харагдаад байна. Ингэж чадвал баялагийн мэнэжментэн дээр найрлах дараа дараагийн улс төрчдийн санаархалыг тас цохиж чадна. Сангийн хөрөнгийг буруу зарцуулаад эхэлбэл ард түмэн эрх баригч намтай шүүхдэлцээд учруулсан хохиролыг намынх нь хөрөнгө, удирдагч нарынх нь өмчнөөс төлүүлчихнэ. Зөв аваад явбал сангийн мэнэжмэнтийн үйлчилгээний төлбөрт нь саналаа өгчихнө. Хариуцлага, урамшуулал аль аль нь маш тодорхой.

Тэхлээр бид юутай ч гэсэн эхлээд тэр яриад байгаа Баялагийн Санг нь дэмжээд эхлүүлээдхмээр юм байна. Баялагаас эрсдэл үүрч уул уурхайд хөрөнгө оруулж байгаа risk taker-үүд хувиа шудрагаар хүртэхээс гадна хамгийн гол нь хөрөнгийн жинхэнэ эзэн beneficiary болох ард түмэн өөрийн хувиа авдаг болох ёстой байна.  Энэ л баялагийн сангийн гол зорилго байх болов уу.

Хамгийн түрүүнд баялагийн санд ямар ямар уул уурхайн ордуудаас хөрөнгө төвлөрүүлэх ёстой вэ гэдгээс эхлэх байх. Эрж хайж олсон ордоо бараг өмчилдөг, зарж борлуулдагийг бид Оюу Толгойгоос харлаа. Хорчин Бобын бидэнд зааж өгсөн нэг хичээл энэ. Гэтэл Монголын төр өнөөгийн хөрөнгөтнүүдийн хашиж аваад ачуулж байгаа бараг ихэнх орд газрыг өөрийн хөрөнгөөр илрүүлсэн байдаг юм билээ. Equity зарчмаар бол эдгээр нь хайж илрүүлсэн этгээд буюу Монголын төрийн л өмч юм. Өнөөгийн эзэмшиж байгаа хөрөнгөтнүүд бол энэ хөрөнгийг constructive trust хэлбэрээр буюу төрийн өмнөөс мэт байдлаар өмчилж байгаа бас нэг trustee л болж таарч байна. Төр албан ёсоор өгсөн лиценз зөвшөөрлүүд ч үүнийг батална. Нэгэнт хуулиар олгосон лицензүүд ирийгээд байж байхад хуулиар явбал ард түмэн бидэнд энэ ордуудаас урьдын адил юу ч ноогдохгүй. Зөвхөн Equity зарчмаар л Монголчууд эрх ашгаа сэргээн хамгаалах ганц боломж бий.

Энэ ордуудыг буцаан төрдөө авъя гэх нь утга муутай. Нөгөө талын гаргасан бүх зардлыг даруй буцаан олгох тун хэцүү шийдэлтэй байдаг юм. Бусдын байгуулсан уурхайг (уурхай бол зөвхөн байгалийн нөөц биш, бүхэл бүтэн дэд бүтэц) энэ чинь миний юм гээд булаагаад авчихна гэж хэсэг тэнэгийн попорч байгаад итгэсэн гэнэн бодлоосоо бид даруйхан салах ёстой юм байгаан.  Цаад талын оруулсан бүх хөрөнгийг бид бас хураачихвал бусдын зардлаар unjust enrichment  буюу шударга бусаар хөрөнгөжих үйлдэл болчих учир бид цэвэр гартай, манайхаар бол нэр цэвэр үлдэхийн тулд бүхнийг хуулийн дагуу хийх ёстой болно.  "Who comes into equity must come with clean hands". Энэ их учиртай зарчим байгаа юм.  Шударгыг эрэлхийлж бгаа хүн өөрөө цэвэр гартай бх ёстой гэж . Цэвэр гартай буюу бохир үйлдэл хийгээгүй байж байж л equity шүүх дээр ялдаг. Нэг л бохир мэх хийсэн бол чиний бүх хүсэл нурна. 

Бид ордуудыг төрд авна гэсэн мухардмал шийдлийг зүтгүүлэхийн оронд энэ ордуудын орлогоос Баялагийн санд төвлөрүүлэх мөнгөний хэмжээг эрүүл хэмжээ логикоор тогтоон татаж уурхайг ажиллуулагч, уурхайг жинхнээсээ өмчлөгч хэн хэндээ ашигтай болгон авч хөрөнгө оруулагчид, ард түмний харилцан ойлголцол хамтын ажиллагааг бэхжүүлэх ёстой юм. Тэгэхгүй байгаа сиймхийгээр нөгөө хэд маань цуваа цуваагаар нь ачуулчихаад орлогоо Щвейцарьт хадгалан авилгалын хэл амны бай болцгоож байгаагаас Монгол огт хожихгүй, баялаг ард түмэнд наалдахгүй, ирээдүйд маань бүүр ч хүртээлгүй болж хувираад байна. 

Нөгөөтэйгүүр өмнө нь авилгаар монжчихсон этгээдүүдийн хөрөнгийг хураахад ч Equity хэрэг болдог. Attorney‐General for Hong Kong v Reid гэдэг алдартай хэрэг авилгалчдын хөрөнгийг хураах дэлхий нийтийн жишгийг бий болгосон байдаг. Энэ хэрэгт нэгэн авилгалч авсан авилгаараа ШинэЗеландад байшин авч өөрийнхөө нэр дээр бүртгүүлсэн байсан нь тогтоогдсон бөгөөд тэр хөрөнгө хэнийг вэ гэдэг дээр маргаан үүссэн байдаг юм. Шүүх хэлэлцээд авилгалын мөнгө бол улсын өмч, авилгалч этгээд улсын мөнгийг constructive trust санд хадгалж байна, иймд буцаан өгөх ёстой үзсэн байдаг. Энэ мэтээр яриад байвал их юм бий.  Энэ хавьд бол хуулийн зарчмын талаар би их л бүдүүн тоймоор бичлээ. Ер нь бол цаанаа нэлээн нарийн зарчмууд байдаг юм. Гэхдээ хэлэх гэсэн санааг маань та нар ойлгож авсан байх гэж найдаж байна. Шударгын хууль хаа нэгтээ байдаг, тэр хуулиар дэлхийн бизнес ажилладаг гэдгийг энэ удаадаа ойлгоход хангалттай. 



Намайг хүүхэд байхад Долгорсүрэн заан хөөрхий муу Бушхүүг алс явах замдаа уначихсан нүхнээс нь хэдэн хүүхэдтэйгээ очоод гаргаад авчихаж билээ. Бушхүү бол лус эрдэнэ лугаа үзэсгэлэнт охиноо бэлэглэсэн боловч түүнийг нь бусдад алдчих гээд мурчийж явсан жирийн монгол эр билээ. Би тэр кинонд их дуртай. Сургуулийн багт наадмаар Бушхүү киноны лусын хааны бага охины дүрд тоглож байсан ханьтайгаа сүүлд айл гэр үүсгэж, хэдэн сайхан хүүхдийн аав ээж болж байв шүү :-)

Энэ удаад нөгөө Долгорсүрэн зааны хүүхдүүдийн нэг Сумъяабазар хэсэг нөхдийн хамт бидний Монголчуудыг унасан нүхнээс нь гаргах арга олоод зүтгээд эхэлчихэж. Хэдүүлээ түүнд хамжилцацгаая. Бушхүүнүүдийг ядуурлаас гаргаж лусын хүргэн шиг байгээ гэхэд дэлхийн хүн шиг амьдруулцгаая. Үүний тулд бидэнд баялагаа арвижуулах лусын сан хэрэгтэй. Лусын хаан бидэнд нэг л өгсөн эрдэнийг хайрлаж хямгадаж байх ёстой гэсэн санаа тэр киноны гол мэссэж нь байсан байхаа одоо санахад. Ерөөсөө л тийм байсан гээд итгэчихье золиг. Таалагдаж байна.   

Эзэн хичээвэл заяа хичээнэ гээд халхын заяа ихтэй залгуулаад хэлчихсэн юм шиг зангарагтай нэг үг бас бий шүү таминь ээ. Заяатайдаа найдаад залхуураад хэвтээд байж болохгүй гэсэн санаа. Бас л бүгдэд маань хамаатай үг.