Saturday, February 11, 2023

Коминтерний хоёрдугаар үндсэн хууль

Одоогоос 99 жилийн тэртээ Коминтерн хэмээх террорист байгууллагаас бичсэн “Үндсэн Хууль”-ийг Монголчуудад тулгасан билээ. Энэ хуулиар Монголчуудын олон зууны уламжлалт Хаант засаглалыг дуусгавар болгож Бүгд Найрамдах Улсыг эхлүүлсэн байдаг. 

Түүхийн энэ агшинд Монголчууд хэрхэн ирсэн тухай зэрвэсхэн өгүүлье.  

17 дугаар зуунд Оросын импери Сибирь рүү хүрээгээ тэлж эхэлсэн юм. Тэд эхлээд эрэл хайгуулын экпедиц өргөн гол мөрнөөр явуулж судлуулаад дараа нь цэрэг явуулж бэхлэлт хүрээ байгуулж эхэлсэн байдаг. Дараа нь тэр бэхлэлтүүдээ түшиглэн ойр орчмын газар нутгуудыг эзлэн эрхшээлдээ авч эхэлсэн юм.  1600-1700 оны хооронд Хаант Орос гүрэн дорно зүгт асар хурдтайгаар тэлж Енисей мөрнөөс Амар мөрний хооронд нутаглаж байсан Буриад, Баруун Монголоос Ижил Мөрний хооронд нутаглаж байсан Зүүнгарын  нутгийг зууны туршид үргэлжилсэн их бага тулаан, овог омгийн ахлагч нарыг хахуульдсан урвуулалтын арга замаар булаан эзэлсэн байдаг. Эдгээрийн дараа Халхыг тойрсон Монголын Орос Империд эзлэгдэх ээлжийн хугацаа 30-40 жилээр хэмжигдэж Монголчуудын аминд тулж ирсэн байлаа. 

Нэгэнт умар өрнө зүгээс харийн түрэмгийлэл илт тодорхой болж ирмэгц тэр үед дорно зүгт мандан хүчирхэгжиж өмнө зүгийн Хятадыг хүртэл эзлэн захирч байсан Манж Чин улсын хамгаалал өмгөөлөлд багтаж булаан эзлэлтийн хохирогч болохгүй бүтэн үлдэх тухайн цаг үеийнхээ цорын ганц зөв гарцыг Халхын ноёд олж харснаар 1691 онд Долнуурт Монголыг Манжийн вассал, протекторат улс болгох гэрээ байгуулж чадсан байдаг. Ингэсэн нь хойд зүгт Оросоос, өмнө зүгт Хятадаас тусгаар байх цаг үеийн амин чухал хэрэгцээг маань хангаж өгсөн байдаг. Оросын түрэлт хойд зүгээс Монголын хилд тулаад зогсож хойд хилийн дагуу төв халхаас очсон өрхүүд бүхий харуулын отгууд байгуулагдан нутаг орноо сахин хамгаалах болсон байдаг юм. Оросын түрэмгийлэлээс эх нутгаа хамгаалан суусан тэр харуулуудын нэг болох Архан Харуулынхан бол миний өвөг дээдэс, ах дүүс төрөл төрөгсөд маань билээ. Тэд өнөөдөр ч нутгаа сахин сууж хилийн зурвас шонгоо бүрэн бүтэн байлгаж байна. 

Манжид дагаар орж протекторат улс болсноор Хятадын түрэлт ч Монголын өмнөд хилд тулаад нам зогссон байдаг. Хятад хүмүүс Монголд зөвхөн визээр зорчин, зөвхөн хатуу заасан замаар явж, зөвшөөрсөн суурин хүрээнд худалдаа хийн, Монгол хүнтэй ураг барилдах байтугай ойртон нөхөрлөлх ч хориотой хатуу цаазтай байсан байдаг. Үүний ачаар Монголчууд олон зууны туршид үндсэний ген, нүүдэлчдийн онцлог хэв шинжээ гээлгүй, соёл уламжлалаа хадгалан өнөөг хүрч чаджээ. Өнөөгийн Хятадын сурталдагчдын ярьдаг Монгол бол Хятадын хэсэг байсан гэх яриа нь дээрхи фактуудаар үгүйсгэгддэг бөгөөд хэзээ ч эзэлсэн улсдаа визээр зорчдог эзэнт гүрний иргэд байсан байх учиргүй гэдэг энгийн аксиомоор няцаагддаг юм. 

19-р зууны эцэс 20-р зууны эхээр болсон хар тамхины дайнд Манж Чин улс ялагдаж Хонг-Конг зэрэг нутаг дэвсгэрээ Их Британид 100 жил өгөхөөс өөр аргагүй болж доройтсон нь олон газар үймээн самуун эхлүүлсэн байдаг. 1911 онд энэ үймээн самуун оргилдоо хүрч, Монголд ч бас Манжийн ноёрхолыг үл тэвчих байдал газар авснаар Манжийн хааны хаанчлал төгсгөл болох нь ойлгомжтой болж ирсэн юм билээ. 

Энэ үед Бээжинд сууж байсан нэгэн халх ноён Хятадууд Манжаас тусгаарлах төлөвлөгөөг мэдэн Монголын хан ноёдод шуурхай мэдээлснээр Монголчууд Хятадаас өрсөн Манжаас тусгаарлаж буйгаа дэлхийд зарласан үйл явдал 1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр болсон билээ. Хэрэв дээдэс маань гуравхан хоног алгуурласан бол 1912 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр Манжийн хааныг түлхэн унагааж үүссэн Бүгд Найрамдах Хятад Улсын бүрэлдхүүнд хоцорч хожим нь Хятадаас тусгаарлах гэдэг бараг дааж давашгүй хүндрэлд улс орноороо үлдэх байсан байдаг. Үүнийг Монголын ихэс ноёд сэргэг харж шуурхай хөдөлснөөр Монголчууд Богд Хаант Монгол Улсаа сэргээн байгуулж олноо өргөгдсөний он тооллоо эхлүүлсэн юм. 

Богд хаант Монгол Улсын энэхүү зэрвэсхэн үе бол ард олноороо хөл хөсөг гар гадаа жаргасан сайхан үе байсны Марзан Шарав хэмээх зураач зуран үлдээсэн байдаг билээ. Энэ утгаараа энэ үе бол өнөөгийн ардчилсан Монголын цаг үетэй нэн төстэй үе юм. 

Монголчууд тусгаар тогтноод зогсолгүй аажуурч байгаад Хятадын бүрэлдхүүнд үлдэж орхисон Өвөр Монголоо чөлөөлөхөөр 5 замын цэрэг хөдөлгөж байдлааны амжилт олж байсан үе байдаг. Хожим нь энэ тулааны баатруудаас 1921 оны олон домогт хүн төрөн гарсан юм. 

Үүний дараа 1915 онд Монголын тусгаар байдлыг устгах гурван улсын гэрээг Хиагт хотноо хүчээр тулган байгуулсан. Ингэх шалтгаан нь Монголын тусгаар тогтнол биеэ даасан байдал нь харьд үлдсэн Монгол угсаатнуудад муугаар нөлөөлж уруу татаж байсантай холбоотой байх. Өнөөдөр ч харийн гүрнүүдийн болгоомжилдог гол асуудал. Энэ л байсаар байгаа. 

Монголын автономыг устгах гэрээндээ харийнхан сэтгэл ханалгүй 1919 онд Монголын дефакто хэвээрээ үлдсэн тусгаар байдлыг устгахаар Бүгд Найрамдах Хятад Улсын Ардын Намын цэрэг буюу Гамин цэрэг (Гоминдан гэдэг нь Ардын нам гэсэн утгатай хятад үг) Монгол нутагт цөмрөн орж ирснээр тусгаар тогтнол маань зэрвэсхэн хугацаанд үгүй болж хар Хятадын эрхшээлд орсон юм. Энэ үеээс харийн түрэмгийлэлийн эсрэг ноёд харц нийлэн хамтран тэмцсэн бөгөөд тэмцэл ялалтанд хүрч Богд хаанаа сэнтийд нь буцаан залж чадсан байдаг. Энэ тэмцлийг хожим нь коммунист суртлын түүхчид Ардын хувьсгал байсан мэтээр бичиж тэмдэглэх болсон юм.  Хувьсгалын үр дүнд хаанаа сэргээн залдаг хувьсгал дан ганц ардын хувьсгал байсан байх боломжгүйг эрүүл логиктой хүн бүр ойлгочих байхаа.  

Монголд өрнөсөн энэхүү хаант төрөө сэргээх тэмцэл явж байх зуур Орос газар цагаан Хаанаа алж, иргэний дайн үүссэн байсан бөгөөд тус иргэний дайнд оролцож байгаа талуудын тулаан Монголын нутаг руу орж ирэн үргэлжилсэн юм. Ухарч яваа тал нь ч, хөөж яваа тал нь ч Монголыг аль Оросын империйн аль 17-р зуунаас шунан харж байсан эзлэн түрэмгийлэгчийн нүдээр харж нөлөөлөлөө тогтоохыг оролдсон бөгөөд улаан оросууд Монголд энэ үймээнт жилүүдийг ашиглан өөрийн нөлөөлөлөө тогтоож чадсан байдаг бөгөөд энэ нөлөө 70 жил ил цагаанаар, нэмээд 33 жил далд үргэлжилж байна. 

1921 оны хувьсгалын дараа оросууд Коминтерн хэмээх террорист бүтцээрээ дамжуулан Монголын үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний баатруудыг устгаж, Монголчуудын ой санамжийг хордуулж эхэлсэн. Тэд анхны Ерөнхий Сайд Бодоо, Данзан нарын ил цагаанаар хороож, харин ард түмний дунд нэр хүндтэй байсан Данзангийн моргин жолооч, Богдын цэргийн дарга агсан Сүхийг хорлон хороогоод түүнийг өвчнөөр тэнгэрт халисан хэмээгээд үүндээ Богд хааныг буруутгасан пропаганда домог зохиосон байдаг билээ. Коммунист пропагандад хэтэрхий шударга бусаар гүтгэндэн гутаагдсан Богд хаан маань ч харьцангуй залуугаараа жанч халсныг мөн л улаан Оросын хорлолтой холбон ойлгох нь бараг зөв байх. 

Монголын эх орончид устгагдаж, хаан маань тэнгэрт хальсаны дараа Коминтернээс Монголчуудад маш харгис үндсэн хууль тулгаж батлуулсан юм.  Тус үндсэн хуулиар ард түмэнд ямар ч эрх олгоогүй бөгөөд засгийн бүх эрх мэдлийг Дээд Шивээ буюу Оросын Тройцкосавск хотноо байгуулагдсан Монгол Ардын Нам хэмээх гадаадад үүссэн намд байхаар хуульчилж, иргэдийг маань ангийн ялгаагаар ялгаварлан гадуурхах үндсийг хуульчлан нийгмийн харилцаанд гүн гүнзгий суулгаж өгсөн байдаг. Тус МАН хэмээх байгууллага нь хэзээ ч Монголыг дангаараа залж удирдаж үзээгүй бөгөөд байнга гадаадын хүчний тусламж дэмжлэгээр тэдний өмнөөс Монголд ноёрхлоо тогтоож ирсэн бүлэглэл юм. 

Чухам тэр хуульд суулгасан ангийн ялгааны асуудал нь 1929-1938 оны хооронд үргэлжилсэн их хэлмэгдүүлэлт, нугалаа завхралын суурь болсон байдаг юм. Энэ ялгаварлалыг эсэргүүцэн ард олон боссон бөгөөд үүнийг 1932 оны эсэргүү бослого гэдэг нэрээр бид бүгд мэдэх билээ. 

Коминтерний үндсэн хууль дараа нь зүсээ хэд хэд хувиргасан боловч Монголыг Оросын эрхшээлд байлгах, Монголчуудыг зохион байгуулалтанд орж улсаа өөрсдөө авч явах бүх замыг янз бүрийн аргаар боомилсон шигтгээ элемент ихтэй хуулиуд байлаа. 

1989 онд эхэлсэн дэлхийн геополитикийн их чичиргээгээр Берлиний хана нуран унаж тус нурангийн тоосон дундаас хамгийн хожоотой эсэн мэнд гарч чадсан цөөхөн улсын нэг нь Монгол болж тусгаар тогтнолоо утгаар нь олж Ардчилсан Үндсэн Хуулиа баталсан билээ. 

Гэвч гадны нөлөө суларсангүй. Тэд их багаар, ил далд биднийг оролдсоор. Хойд хөрш маань Монголчуудын ардчилсан сонголтыг гааль худалдааны асар өндөр татвараар буюу бүрэн хэмжээний эдийн засгийн хоригт оруулах, Монгол дахь хөгжлийн төслүүд, оролдлогуудыг өөрийн тавиул төлөөний этгээдүүдээрээ самруулан нураалгах аргаар манай ардчилалтай идэвхтэй тэмцсээр ирсэн. Өмнөд хөрш маань ч Монголчуудын оюун санааны эрх чөлөө, шашин шүтэх эрх чөлөөнд эдийн засгийн аргаар маш ширүүн халдсаар ирсэн байдаг. Тэглээ ч Монголчууд ардчилсан сонголтондоо огтхон ч эргэлзсэнгүй. Харин ч улам дурлан бэхжүүсэн. 

  Гэтэл өнөөдөр нөгөөх МАН хэмээх бүлэглэл төрд байхдаа эх захгүй хийсэн хулгай худлаасаа болж Монголыг удирдах нөөц нь барагдчихаад хэцүүдэж байна. Тэднийг гаднаас тэтгэдэг харгис хүчнүүд өөрсдийн өдөөсөн дайн тулаан, нутаг дэвсгэрийн зөрчилдөөндөө тамирдан МАН-тай мантай болж өдөр хоногоо хүлээн аахилан байна. Хэрэв өнөөгийн ардчилсан Үндсэн хууль цаашид хүчинтэй хэвээр байвал удахгүй гадны спонсор дэмжлэггүй үлдэх МАН хэмээх бүлэглэл Монголын улс төрөөс үүрд арчигдан зайлах ч нигуур үүсэх нь дамжиггүй харагдах болсон. Иймээс тус намаас захиалан өмнөх эрх мэдлээ үгүйлэн уснаас нь сугалсан загас шиг ангалзан яваа Н.Энхбаяр мэтийн зарим хүмүүсээр бичүүлж  яг энэ Коминтерний харгис хуулийн шинэ хувилбарыг хэвлүүлээд гаргаад ирлээ. 

Энэхүү “үндсэн хуулинд” Ардчилдсан Үндсэн хуулиар маань хуульчдан шигтгэж хамгаалж өгсөн Монголын гэж бүх үнэт зүйлийг самран Монголыг маань буцаагаад харийн колони, дагуул, магадгүй харъяа нутаг болгох суурийг сэмхэн цутгаж байх шиг байна шүү. Та бүхэн ардчилсан үндсэн хуулиа хамгаалан тэмцэе гэвч оройтох өдөр ирж тун магадгүй болоод явчихлаа. 

Төрт ёс бол Монголчуудыг нэгтгэдэг үзэл санааны маш чухал соёл. Гэтэл ноён Намбар нарын төсөлд “Төр” гэдэг үг огт байхгүй байна. Энэ нь Монголыг захирах төр нь хаа нэгтээ өөр нийслэлд байгаа мэт агуулга гаргаж байна. Мөн Монгол нь төрийн байгуулалын хувьд нэгдмэл байна гэсэн 2-р зүйлийн заалт ор мөргүй алга болжээ. Өөрөөр хэлбэл Монголыг холбооны улс болгон хуваагдал үүсгэх, улмаар гаднаас нь таслан чангаах санаархал эндээс нэвт үнэртэж байна. 

Ардчилалын амин сүнс нь засгийн бүх эрх мэдэл ард түмний гарт байдагт байдаг. Ардчилсан Үндсэн Хуульд энэ эрх мэдэл ёслол төгөлдөн тунхаглагдан суусан. Гэтэл дээрх төсөлд энэ санаа ор мөргүй алга болж засаг нь ард түмнээс эхтэй биш харин өөрөө хуульчлуулсан эрх мэдэлтэй байх байдлаар сууж өгсөн байна. Монголын засаг нь хэн байх уу, гадны төлөөний засаг байсан ч Монголын ард түмнээс эрх мэдлээ сонгуулийн замаар түр түрээслэж аваагүй засаг бий болох замыг энд засахыг оролджээ. 

Дараа нь Монголын онцлогийг илэрхийлэх бүх заалтыг Үндсэн Хуулиас хасахыг санал болгожээ. Монголын мал бол Монголын онцлогийг илэрхийлэгч гол хүчин зүйл. Энэ заалт ор сураггүй алга болж. Мал аж ахуйн уламжлалт харилцаа соёлоор дамжуулж бид өөрсдийгөө Монгол гэж таниулдаг. Энэ байхгүй бол бид түмэн живаа харийнхнаас ялгарах юмгүй хүн сүрэг болно. Ой усны нөөц, ан амьтныг нийтийн өмчөөс хассан байна. Өөрөөр хэлбэл тэднийг өмчлөгч өөр эзэд нь аль эрт тодорчихсон хуулийн өөрчлөлтөө л хүлээж байгаа гэсэн үг. 

Соёлын дурсгалт зүйлсээ төрийн хамгаалалтаас хасах санал явж байх юм. Түүх соёлын эд өлгийн зүйлийг олгоор нь гадаад хуу хулгайлан зарах замаар Монголын түүхийг бүрхэгдүүлж улмаар уусган устгах бодлогыг хэсэг энд яваад байна уу?!

Хүн амын цөөнхийн эрх хэлээрээ суралцах эрх заналтайгаар хасагджээ. Энэ бол үндсэний хуваагдал, дотоод зөрчилдөөний суурийг тавьсан цагтай мина булж байгаа үндэсний аюулгүй байдалд асар хохиролтой санаа юм. Ах дүү цаатан, буриад, казахууд маань эх хэлээрээ сурах бичих ярих эрхгүй болчихоор хэнд гомдох вэ. Бидэнд л гомдоно. Гомдол нь уур болно. Уур нь тэмцэл болно. Тэмцэл нь үймээн самуун болно. Эндээс хэн хожих вэ? Монголыг хуваагдуулж байгаад таслан эзлэхийг санаархагч харь гүрэн л хожино. 

Төр шашны харилцааны заалт бас л оргүй хасагджээ. Уламжлалт шашинтай улсын хувьд Үндсэн хуульдаа “шашнаа” хэмээн бичсэн байдаг. Монголын уламжлалт шашинд харш хуулийн төсөл явж байна цаана чинь. 

Маш аюултай нэг заалт байна. Эх орноохоо тусгаар байдлыг батлан хамгаалах төрийн үүрэгтэй заалтыг хасаж хаясан байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр Монголын батлан хамгаалалах үүргийг гадаад улсад үүрүүлж хамгийн наанадаа Монголыг Манжийн протекторат байсан шиг, үгүй гэвэл цаашлаад Монголд 100,000 зөвлөлтийн цэрэг байрлаж эзлэгдсэн байсан үе рүүгээ буцаах санаа агуулж байна.  

Хүний эрхийг асар доройтуулан, магадгүй шинэ зууны хэлмэгдүүлт эхлүүлэх санаагаа тэд төсөлдөө ичиж нэрэлхэлгүй суулгажээ.  14.2 заалтаас нийгмийн гарлаар ялгаварлахыг хориглох хэсгийг авч хаясан байна. Өөрөө хэлбэл нийгмийн гарлаар ялгахаа зарлан тунхаглаж. 20-р зуун шин баян чинээлэг иргэдээ ялгаварлан гадуурхах биш одоо ядуу доройгоо ялгаварлан гадуурхах байх. Эсвэл үүнийг уншиж суугаа тань шиг эрүүлээр сэтгэдэг өөр бодолтнуудыг ялгаварлан гадуурхах бэлтгэлээ хангаж байна. Мөн 16.9-д байх иргэд төрөө удирдах хэрэгт оролцох заалтыг бас л хасчээ. Иргэд нь төрийн удирлагад оролцох эрхгүй улсыг колони улс л гэдэг.  

Төрийн байгуулалыг маань ч бүрэн самарч. Ард түмэн биш гадны харгис хүч манай төрийг томилох боломжийг нээхийг зүйл бүрээр оролдож хангаж өгсөн хуулийн төсөл гаргаж ирсэн байна. Энэ үндсэн хууль батлагдвал Монгол улс ардчилсан тогтолцооноосоо ухарна. 

Энийг батлахыг дэмжиж дүүвээнд нь парламентын суудлын тоог нэмүүлж аваад УИХ-д сууна гэж горьдон яваа намууд ч энэ хууль батлагдмагч хэн ч биш болж арчигдана. Учир нь нүүдлийн монголчуудыг тодорхой хэмжээний зохион байгуулалтанд оруулж, үзэл бодлоо уралдуулах эрүүл талбар болж байдаг “нам” гэдэг ойлголт тэд нарын төслөөс ор мөргүй алга болсон байсан. Яваандаа Монголд байгуулагдсан аливаа намыг хориглох зам руугаа явна гэсэн үг шүү. 

Энэ жилийг МАН-ы Засгийн Газраас авилгалтай тэмцэх жил болгон зарлаж, нүүрсний хулгайтай үзэлцэн, 5Ш гэдэг зорилт дэвшүүлжээ. Нэг талаараа уг нь зөв. Гэхдээ ганцхан жил онцолж тэмцэж байгаа нь бас үндэстэй байж болох болгоомжлол төрүүлж байна.  УИХ дээр Үндсэн Хуулийг өөрчлөхөд 57 санал хэрэгтэй. МАН ЗГ авилгал хулгайтай тэмцэх нэрээр Үндсэн Хуулийг өөрчлөх кноп дарах гишүүдийг нэг нэгээр олж барьцаалан хүчиндэх гээд байгаа юм биш байгаа?! Хэрэв хангалттай тооны хулгай илрээд хангалттай тооны кноп бүрдвэл та бидний Ардчилсан Үндсэн Хуулийг хөмөрч хаях нь барьцаалагдсан УИХ-н хувьд хэдхэн цаг минутын л ажил байх болно. Бүх зүйл болоод өнгөрсний дараа гаслацгаах уу. Эсвэл яг өнөөдрөөс дуу хоолойгоо нэгтгэж Ардчилсан Үндсэн Хуулиа хамгаалцгаах уу. Энэхүү Коминтерний хоёрдугаар Үндсэн Хууль 2024 он гэхэд батлагдвал 2032 оны ардын бослого, 2037 оны их хэлмэгдүүлэлт хуваарийн дагуу давтагдах нь бараг тов тодорхой. Та үр хүүхэддээ ийм бурангуй нийгэм үлдээмээр байна уу. 


Тунгаагтун, Сэрэгтүн, Сэхээрэхтүн! 


Монголчууд эвтэй байхдаа хүчтэй vs. Ерөнхийлөгчийн хүмүүс

1911 оны 12-р сарын 29-ний өдөр Монголчууд ердөө гурав хоногийн дараа Бээжинд онхолдох өдрөө хүлээж байсан Манжаас тусгаарлан өөрийн төр улс...