Monday, December 22, 2025

ИРГЭНИЙ НИСЭХИЙН ТУХАЙ ХУУЛЬ /Шинэ/

Төсөл 2025.09.05


ИРГЭНИЙ НИСЭХИЙН ТУХАЙ ХУУЛЬ

/Шинэ/


НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. 

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ


1 дүгээр зүйл. Хуулийн зорилго

1.1. Энэ хуулийн зорилго нь Монгол Улсын иргэний нисэхийн үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоож, Монгол Улсын агаарын зайд агаарын хөлгөөр нислэг үйлдэх, нислэгийн аюулгүй байдлыг хангах, нисэхийг хөндлөнгийн хууль бус үйлдлээс хамгаалахад чиглэсэн харилцааг зохицуулах, Чикагогийн Конвенц болон Монгол Улс нэгдэн орсон бусад конвенцуудаар хүлээсэн үүргийн биелэлтийн хангахад оршино. 


2 дугаар зүйл. Иргэний нисэхийн тухай хууль тогтоомж

2.1. Иргэний нисэхийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль, тогтоомжийн бусад актаас бүрдэнэ. 

2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө. 

2.3. Монгол Улсын хууль тогтоомжоор зохицуулаагүй асуудал Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээгээр зохицуулагдсан бол олон улсын гэрээний эрх зүйн хэм хэмжээг баримтлан зохицуулна.   


3 дугаар зүйл.  Бүрэн эрхт байдал

3.1. Монгол Улс өөрийн нутаг дэвсгэрийн агаарын орон зайд онц бөгөөд бүрэн эрхтэй.

3.2.  Монгол Улсын иргэн тус улсын агаарын навигацид ашиглагдах агаарын орон зайд холбогдох дүрэм стандартыг баримтлан дамжин өнгөрөх нийтлэг эрхтэй. 

3.3. Гадаад улсын агаарын хөлөг Монгол улсын агаарын орон зайд нислэг үйлдэхдээ холбогдох эрх бүхий байгууллагуудаас зөвшөөрөл авна.


4 дүгээр зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

4.1. Энэ хууль дараах хүрээнд үйлчилнэ: 

4.1.1. Монгол Улсын иргэний нисэхийн үйл ажиллагаа; 

4.1.2. Монгол Улсын нутаг дэвсгэрт байрлаж байгаа болон агаарын зайд нислэг үйлдэж байгаа иргэний агаарын хөлгийн үйл ажиллагаа; 

4.1.3. гадаад улсын хуульд өөрөөр заагаагүй бол тухайн улсын нутаг дэвсгэрт байрлаж байгаа Монгол Улсын иргэний агаарын хөлгийн үйл ажиллагаа.

4.1.4. Монгол Улсын агаарын зайд нислэг үйлдэж байгаа улсын агаарын хөлгийн байлдааны үүргийн нислэгт үйлчлэхээс бусад агаарын навигацын үйлчилгээтэй холбогдсон харилцаа.

 

5 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

5.1. Энэ хуульд хэрэглэсэн нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно: 

5.1.1. “агаарын зам” гэж агаарын хөлгийн нислэгийг аюулгүйгээр гүйцэтгэхэд зориулагдсан өндөр ба өргөнөөр хязгаарлагдсан агаарын навигацид ашиглагдах агаарын зайн хэсгийг; 

5.1.2. “аэронаутик” гэж агаарын хөлгийг бүтээх, засварлах буюу техник үйлчилгээ хийх, ажиллуулах буюу нисгэх шинжлэх ухааныг; 

5.1.3. “аэронаутикийн бүтээгдэхүүн” гэж агаарын хөлгийг өөрийг нь оролцуулаад агаарын хөлгийн хөдөлгүүр, эд анги, материал болон программ хангамж, түлш зэрэг агаарын хөлөгт зориулагдсан зарлагдах материалыг;

5.1.4. “агаарын навигацийн үйлчилгээ” гэж нислэгийн бүх үе шатанд үзүүлэх нислэгийн хөдөлгөөний менежмент, холбоо, навигаци, ажиглалтын, нисэхийн мэдээллийн, нисэхийн цаг уурын болон эрэн хайх, авран туслах үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл дамжуулах үйлчилгээг;

5.1.5. “агаарын навигацид ашиглагдах агаарын зай” гэж агаарын хөлгийн хөөрч буух орон зайг оролцуулаад хамгийн доод нислэгийн өндрөөс дээших агаар мандлын хэсэг;

5.1.6. “коммерийн агаарын тээвэр” гэж агаараас гүйцэтгэх ажил, бизнес нислэгт, 30 хүртэлх зорчигчийн суудалтай зорчигч тээврийн агаарын хөлөг эсхүл 3000 хүртэл килограмм ашигтай ачаалал авах чадалтай ачаа тээврийн  агаарын хөлгөөр гүйцэтгэж байгаа тээвэрлэлтийн үйл ажиллагаанаас бусад агаараар зорчигч, барааг хөлс, эсхүл шан урамшуулалтай тээвэрлэдэг нислэгийн операторын гэрчилгээ эзэмшигчийн агаарын тээврийн үйл ажиллагааг;

5.1.7. “нислэгийн операторын гэрчилгээ” гэж хуулийн этгээд нь хөлс эсхүл шан урамшууллаар нислэгийн үйл ажиллагаа эрхлэх чадамжтай болохыг нотолсон баримт бичгийг; 

5.1.8. “агаарын тээвэрлэгч” гэж агаараар зорчигч буюу ачаа тээвэрлэх тээвэрлэлтийн гэрээний харилцаанд орсон нислэгийн операторын гэрчилгээ эзэмшигчийг;

5.1.9. “агаарын хөлөг” гэж газрын гадаргуугаас ойсон агаарын нөлөөгөөр бус, агаартай харилцан үйлчлэлээр агаарт тогтож нисэх чадвартай төхөөрөмжийг; Энэ хуульд заасан агаарын хөлгийг ерөнхийд нь нисэх онгоц, роторт агаарын хөлөг болон хүн суух боломжтой бусад иргэний агаарын хөлөг гэж ойлгоно. 

5.1.10. “агаарын хөлгийн дарга" гэж тухайн агаарын хөлгийн жолоодлого болон аюулгүй байдлыг хариуцахаар томилогдсон нисгэгчийг; 

5.1.11. “агаарын хөлгийн осол ба инцидент” гэж Чикагогийн Конвенцын Хавсралт 13-т тодорхойлсныг; 

5.1.12. “агаарын хөлгийн ослыг шинжлэн шалгах алба” гэж агаарын хөлгийн осол, инцидентийг Чикагогийн Конвенцын Хавсралт 13-ын дагуу шинжлэн шалгах эрх бүхий байгууллагыг;

5.1.13. “аэродром” гэж агаарын хөлгийн хөөрөлт, буулт болон гадаргуу дээрх хөдөлгөөнд ашиглахад зориулан газар, эсхүл усан дээр байгуулсан талбай болон байгууламжийг; 

5.1.14. “аэродром орчмын аюулгүйн бүс” гэж аэродромыг байгуулахдаа нислэгийн аюулгүй байдлыг хангах зайлшгүй шаардлагыг үндэслэн тогтоосон тодорхой хэмжээний хуурай газар, усан гадаргуу, агаарын орон зайг; 

5.1.15. “аюулгүй байдлын зөвлөмж” гэж шинжлэн шалгах ажиллагааны үр дүнд, эсхүл аюулгүй байдлын талаар гаргасан судалгаа, төрөл бүрийн эх үүсвэрээс үндэслэн агаарын хөлгийн осол, инцидентээс сэргийлэх зорилгоор Агаарын хөлгийн ослыг шинжлэн шалгах албанаас гаргасан баримт бичгийг;

5.1.16. “аюултай бараа” гэж агаараар тээвэрлэх үед өөрийн шинж чанараараа хүний эрүүл мэнд, эд хөрөнгө, хүрээлэн буй орчин болон нислэгийн аюулгүй байдалд үлэмж хор хүргэж болох, Техникийн зааварчилгаанд заасан биет зүйл болон бодисыг; 

5.1.17. “аюул тулгарсан агаарын хөлөг” гэж агаарын хөлөг, түүнд байгаа хүмүүст аюултай байж болзошгүй, эсхүл яаралтай тусламж шаардлагатай нөхцөл байдалд орсон агаарын хөлгийг;

5.1.18. “багийн гишүүн” гэж нислэгийн үед агаарын хөлөгт үүрэг гүйцэтгэхээр томилогдсон    ажилтныг; 

5.1.19. “бүртгэгч улс” гэж агаарын хөлгийг бүртгэсэн улсыг;

5.1.20. “гэрчилгээ” гэж гэрчилгээ эзэмшигч этгээд холбогдох иргэний нисэхийн хууль болон дүрэмд заасан шаардлагыг хангасан болохыг гэрчилж Агентлаг, Дарга буюу гадаадын эрх бүхийн этгээдээс олгосон баримтыг; 

5.1.21. “дарга” гэж:

5.1.21.1. энэ хуулийн дагуу томилогдсон, иргэний нисэхийн аюулгүй байдлын агентлагийн дарга, дэд дарга; мөн

5.1.21.2. Энэ хуулийн дагуу даргад хамаарах эрхийг хэрэгжүүлэх эрх олгогдсон байцаагч, шалгагч болон даргаас аюулгүй байдлыг хянах, гэрчилгээжүүлэх, үзлэг хийх, шалгах буюу дүгнэх эрхийг шилжүүлэн хэрэгжүүлж байгаа бусад этгээд; 

5.1.22. “зорчигч” гэж арилжааны нислэгийн хувьд тээвэрлэлтийн гэрээний дагуу агаарын хөлөгт зорчиж байгаа этгээд; арилжааны бус нислэгийн хувьд агаарын хөлөгт зорчиж байгаа, нисгэгчээс бусад этгээд; 

5.1.23. “нислэгийн оператор” гэж энэ хуулийн дагуу олгосон нислэгийн операторын гэрчилгээ эзэмшигчийг;

5.1.24. “суурин оператор” гэж хувийн агаарын хөлөг болон бизнес нислэгийн үйл ажиллагаа эрхэлдэг нислэгийн операторт түлш, терминалын болон бусад үйлчилгээ үзүүлдэг бизнесийг;    

5.1.25. “ИКАО” гэж Чикагогийн конвенцоор байгуулагдсан Олон Улсын Иргэний Нисэхийн Байгууллагыг;

5.1.26. “иргэний нисэхийн дүрэм” гэж иргэний нисэхийн үйл ажиллагааг зохицуулах зорилгоор Чикагогийн Конвенцын Хавсралтуудад заасан стандартууд болон  зөвлөмж болгодог туршлагуудтай нийцүүлэн баталсан иргэний нисэхийн аюулгүй байдлын дүрмийг; 

5.1.27. “байцаагч” гэж иргэний нисэхийн бүтээгдэхүүн болон үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх зорилгоор эрх олгогдсон бөгөөд энэ хууль болон энэ хуулийн дагуу гарсан дүрэм, стандартын хэрэгжилтийг албадах болон олгогдсон эрхийн хүрээнд гэрчилгээ олгох эрх бүхий Иргэний Нисэхийн Аюулгүй Байдлын Агентлагийн ажилтан. Байцаагчид орон тооны бус байцаагч, ахлах байцаагч, Улсын Ерөнхий Байцаагч багтана; 

5.1.28. “агаарын зай” гэж агаарын хөлөг аюулгүй хөөрөх, буух бүсийг багтаасан, Монгол Улсын нутаг дэвсгэр дээрх нислэг үйлдэх боломжтой агаарын орон зайг; 

5.1.29. “агаараас гүйцэтгэх ажил” гэж агаарын хөлгөөр гүйцэтгэх хөдөө аж ахуй, барилга, зураг авах, судалгаа, ажиглалт ба эргүүл хийх, эрэн хайх ба авран туслах, зар сурталчилгаа зэрэг ажил үйлчилгээг;

5.1.30. “нислэг” гэж нислэгийн үйл ажиллагааны хувьд агаарын хөлөг нислэг үйлдэх зорилгоор хөдлөхөөс эхлэн газарт бууж, хөдөлгөөнөө бүрэн зогсоох хүртэлх үйл ажиллагааг; агаарын тээвэрлэгчийн хариуцлагын хүрээг тодорхойлох зорилгын хувьд тээвэрлэлтийн гэрээ байгуулсан зорчигч агаарын хөлөгт сууснаас эхлэн агаарын хөлгөөс буух хүртэлх хугацаанд хамаарах үйл явдлыг; 

5.1.31. “нисэхийн ажилтан” гэж нислэгийн үйл ажиллагаанд оролцож буй дараах ажилтныг: 

5.1.31.1. нисгэгч, навигатор, нисэх инженер, нислэгийн диспатчер;

5.1.31.2. агаарын хөлгийн механик, агаарын хөлгийн засварчин; 

5.1.31.3. нислэгийн хөдөлгөөний удирдагч, нислэгийн мэдээллийн ажилтан

5.1.32. “аюулгүй байдал” гэж иргэний нисэхийн үйл ажиллагаатай холбоотой, эсхүл агаарын хөлгийн үйл ажиллагаанд шууд нөлөөлж буй эрсдэлүүдийг хүлээн зөвшөөрч болох түвшинд хүртэл бууруулж, хяналтад байлгах нөхцөл байдлыг; 

5.1.33. “аюулгүйн хамгаалалт” гэж хүний болон материаллаг нөөцийг хослуулах замаар иргэний нисэхийг хөндлөнгийн хууль бус үйлдлээс хамгаалах арга хэмжээг; 

5.1.34. “нисэх буудал” гэж иргэний нисэхийн дүрмийн дагуу гэрчилгээжсэн аэродром, агаарын тээврийн үйлчилгээний барилга байгууламжийн цогцолборыг; 

5.1.35. “нислэгт тэнцэх чадвар” гэж агаарын хөлөг, хөдөлгүүр, сэнс, түүний бүрдэл хэсэг нь маягийн гэрчилгээ болон аюулгүй байдлын шаардлагад нийцэж байгаа нөхцөл байдлыг; 

5.1.36. “олон улсын нислэг” гэж хоёр буюу түүнээс дээш улсын агаарын зайд үйлдэх нислэгийг; 

5.1.37. “орох, гарах цэг” гэж улсын хилийг агаарын замаар нэвтрэх газар зүйн байршлыг;  

5.1.38. “сайд” гэж иргэний нисэхийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнийг;

5.1.39. “улсын агаарын хөлөг” гэж цэрэг, цагдаа, гаалийн зориулалтаар ашиглаж байгаа агаарын хөлгийг;

5.1.40. “өнгөрөлтийн нислэг” гэж Монгол улсын нутаг дэвсгэр дээр буухгүйгээр улсын хилийн орох гарах цэгүүдийн хооронд ниссэн олон улсын нислэгийг;

5.1.41. “Чикагогийн конвенц” гэж Олон улсын иргэний нисэхийн тухай конвенц, түүний Хавсралтуудыг; 

5.1.42. “шинжлэн шалгах багийн ахлагч” гэж шинжлэн шалгах ажиллагааг удирдах, хянах, гүйцэтгэхээр томилогдсон мэргэшсэн шинжлэн шалгагчийг; 

5.1.43. “шинжлэн шалгах” гэж агаарын хөлгийн ослоос сэргийлэх зорилгоор мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх болон шалтгаан, нөлөөлсөн хүчин зүйлийг тогтоосон дүгнэлт, шаардлагатай тохиолдолд аюулгүй байдлын зөвлөмж гаргах үйл ажиллагааг; 

5.2. Иргэний нисэхийн үйл ажиллагаанд хэрэглэдэг бусад нэр томьёог иргэний нисэхийн дүрэм, холбогдох олон улсын гэрээний баримт бичгүүд, үүссэн маргаануудыг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн тэмдэглэлд тодорхойлсноор ойлгоно. 

 

ХОЁРДУГААР БҮЛЭГ.

ИРГЭНИЙ НИСЭХИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН АГЕНТЛАГ


6 дугаар зүйл. Иргэний нисэхийн аюулгүй байдлын агентлаг 

6.1. Энэ хуулийн зорилтыг хангах болон Чикагогийн Конвенц түүний Хавсралтуудын хэрэгжилтийг цаг алдалгүй хангах, цаашид үүсэж болох техник технологийн хөгжлийн үр дагаврыг цаг тухайд нь зохицуулалтад хамруулж олон нийтийг иргэний агаарын хөлөгтэй холбоотой болзошгүй осол, инцидентээс сэргийлэх, нислэгийн аюулгүй байдлыг учирлаж болох өртгөөр хангах зорилгоор Иргэний нисэхийн аюулгүй байдлын агентлаг (цаашид “Агентлаг” гэх) байгуулна.

6.2. Агентлагийн үйл ажиллагааг Сайд хянаж чиглүүлнэ. Ингэхдээ Сайд нь тус агентлагт хуулиар оноогдсон эрх үүргээ хэрэгжүүлэхэд нь хангалттай хүрэлцэхүйц бүрэн эрхийг шилжүүлэн, үйл ажиллагаагаа сааталгүй явуулахад хүрэлцэхүйц санхүүгийн нөөц олгосон байна.

6.3. Агентлагийг Иргэний Нисэхийн Дарга (цаашид “Дарга” гэх) толгойлно.  Даргыг Ерөнхий Сайд томилж, чөлөөлөх бөгөөд Дарга нь энэ хуулийн хэрэгжилтийг Сайдын өмнө хариуцна. 

6.4. Дарга нь энэ хуулиар Агентлагт оноосон бүх үүрэг хариуцлагыг хүлээж, хуулиар олгосон бүрэн эрхийг хэрэгжүүлэх бөгөөд Агентлагийн албан хаагчдад хамаарах асуудлыг шийдвэрлэнэ. Иргэний нисэхийн дэд даргыг (цаашид “Дэд дарга” гэх) Сайд томилж, чөлөөлнө. Дарга, дэд даргын томилгооны бүрэн эрхийн хугацаа 3 жил байх ба нэг бүрэн эрхийн хугацаагаар сунгаж болно.


7 дугаар зүйл. Агентлагийн чиг үүрэг

7.1. Иргэний нисэхийн аюулгүй байдлын агентлаг нь Чикагогийн конвенцийн стандарт болон зөвлөмж болгодог туршлагуудын хэрэгжилтийг Монгол улсад хангуулах үүрэг бүхий бие даасан мэргэжлийн агентлаг байна. Иймээс Иргэний Нисэхийн Аюулгүй Байдлын Агентлаг нь бусад төрийн байгууллагад тавигддаг санхүүжилт, боловсон хүчинд хамаарах шаардлагуудаас чөлөөлөгдөнө.  

7.2. Агентлагийн эрх зүйн орчин, бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагаа Олон Улсын Иргэний нисэхийн байгууллагаас зөвлөмж болгосон хэм хэмжээнд нийцсэн байна. 


7.3. Агентлаг нь дараах чиг үүрэгтэй:

7.3.1. Монгол Улсад иргэний нисэхийн аюулгүй байдал, аюулгүйн хамгаалалтын тогтолцоог хөгжүүлэн дэмжих;

7.3.2. иргэний нисэхийн зохицуулалтыг бий болгох, хэрэгжүүлэх, ажиллуулах, хүргэх, хяналт тавих, мөрдөн шалгах, мөрдүүлэхэд оролцох;

7.3.3. иргэний нисэхийн аюулгүй байдал, аюулгүйн хамгаалалтыг Монгол Улсын олон улсын үүргийн дагуу Монгол Улсын хилийн гадна дэмжих;

7.3.4. Нисэхийн аюулгүй байдлын тохиолдлын талаар шинжлэн шалгах үйл ажиллагаа зохицуулагчийн хувьд явуулж шаардлагатай бол залруулах арга хэмжээ авах;

7.3.5. Агентлагт мэдэгдсэн агаарын хөлгийн осол, инцидентийн тухай Агаарын хөлгийн ослыг шинжлэн шалгах албанд мэдэгдэх;

7.3.6. Монголын агаарын хөлгийн бүртгэл болон иргэний нисэхийн бүртгэлийг хөтлөх;

7.3.7. Аэронаутикийн газрын зурагт шаардлагатай мэдээлэл цуглуулах, зургийг хэвлэх, түгээх үйл ажиллагаан оролцогч этгээдүүдтэй хамтран ажиллах;

7.3.8. Иргэний нисэхийн салбарт холбогдох мэдээлэл цуглуулах, бэлтгэх, солилцох, түгээх, түүнчлэн энэ талаар бусад этгээдтэй хамтран ажиллах; 

7.3.9. иргэний нисэхийн зохицуулалтын асуудлаар олон улсын иргэний нисэхийн байгууллагууд, төрийн болон бусад байгууллагуудтай хамтран ажиллах;

7.3.10. бусад этгээдтэй хуулиар зөвшөөрөгдсөн хэлцэл, гэрээ байгуулах;

7.3.11. Дарга, Улсын Ерөнхий Байцаагч болон энэ хуулийн хүрээнд эрх шилжигдсэн бусад этгээдийн бүрэн эрхээ хэрэгжүүлэх, үүргээ гүйцэтгэх боломжийг хангах; 

7.3.11. хуульд заасан бусад бүрэн эрх.


8 дүгээр зүйл. Иргэний нисэхийн дарга

8.1. Иргэний нисэхийн Даргыг өөрт нь хариуцуулсан болон энэ хуулиар оноосон бүрэн эрх болон үүргүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд тэнцэх чадварыг нь харгалзаж томилно. 

8.2. Дарга энэ хуулиар олгогдсон болон Иргэний Нисэхийн Аюулгүй байдлын агентлагийн бүрэн эрхийг хэрэгжүүлж ажлын үр дүнг Сайдын өмнө хариуцна.

8.3. Даргаар томилогдох этгээд иргэний нисэхэд шууд хамаарах салбарт хангалттай хэмжээний удирдлагын болон үйлдвэрлэлийн туршлагыг хуримтлуулсан байна. 

8.4. Дарга аэронаутикийн чиглэлээр ажилладаг аливаа бизнесээс мөнгөн хамааралтай байх, тийм бизнесийн хувьцаа бонд зэргийг эзэмших, ямар нэгэн бизнесийн, албан тушаалын, эсхүл хөдөлмөрийн харилцаанд орохыг хориглоно. 

8.5. Дарга дараахь бүрэн эрхийг эдэлж, үүрэг хариуцлагыг хэрэгжүүлнэ:

8.5.1. энэ болон бусад хуулийн дагуу даргад шууд оноосон чиг үүрэг, бүрэн эрх, үүрэг; 

8.5.2. энэ хууль болон бусад хуулийн дагуу Сайдаас Даргад шилжүүлсэн чиг үүрэг, бүрэн эрх;

8.6. Дарга энэ зүйлийн 8.5-т зааснаар хязгаарлагдахгүйгээр дараахь чиг үүрэг болон бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

8.6.1. Агентлаг эсвэл Даргын хариуцах асуудалд Агентлагийг манлайллаар хангах; 

8.6.2. иргэний нисэхийн тогтолцоонд орж ирэх, дотор нь үйл ажиллагаан оролцох, тогтолцооноос гарахад нисэхийн бичиг баримт болон бусад хэрэгслээр дамжуулан хяналт тавих; 

8.6.3. нисэхийн оролцогчдын гүйцэтгэл, чадамжийг хянах, нягтлах; 

8.6.4. иргэний нисэхийн хууль тогтоомжид заасан асуудалд хяналт тавих, шалгах, хэрэгжүүлэх; 

8.6.5. иргэний нисэхийн тогтолцоонд зохицуулалтын чиг үүргийг гүйцэтгэдэг аливаа этгээдийн гүйцэтгэлд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх; 

8.6.6. иргэний нисэхтэй холбоотой аливаа асуудлаар сэрэмжлүүлэг, тайлан, зааварчилгаа гаргах, шаардлагатай бол тайлбар өгөх;

8.6.7. аливаа төрийн байгууллага, орон нутгийн засаг захиргааны байгууллага, нисэхийн оролцогчтой хамтран ажиллах, зөвлөгөө, туслалцаа үзүүлэх.

8.7. Даргын бие даасан чиг үүрэг нь дараахь байна:

8.7.1. нисэхийн баримт бичгийг олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, нөхцөл тавих;

8.7.2. энэ хуулийн дагуу дүрмийн шаардлагаас чөлөөлөх;

8.7.3. энэ хууль буюу бусад хуулиар Даргад оноосон хууль тогтоомжийн албадлагын үүрэг хариуцлагыг хэрэгжүүлэх.

8.8. Энэ зүйлийн 8.7-д заасан чиг үүргийг гүйцэтгэхдээ:

8.8.1. Дарга бие даан шийдвэр гарган ажиллана; 

8.8.2. Сайд болон бусад албан тушаалтан Даргад энэ чиг үүргээ гүйцэтгэхтэй нь холбогдуулан заавар чиглэл өгөх ёсгүй.


9 дүгээр зүйл. Дэд дарга бөгөөд Улсын Ерөнхий Байцаагч

9.1. Дэд дарга Улсын Ерөнхий Байцаагч байна.

9.2. Дэд даргаар томилогдох этгээд аэронаутикийн шинжлэх ухааны дээд боловсролтой байх бөгөөд агаарын тээвэрт шууд хамаарах үйлдвэрлэлийн хангалттай хэмжээний туршлагатай байна. 

9.3. Дэд дарга аэронаутикийн чиглэлээр ажилладаг аливаа бизнесээс мөнгөн хамааралтай байх, тийм бизнесийн хувьцаа бонд зэргийг эзэмших, ямар нэгэн бизнесийн, албан тушаалын, эсхүл хөдөлмөрийн харилцаанд орохыг хориглоно. Энэ хориг Сайд зөвшөөрч, ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх журам мөрдөгдсөн нөхцөлд нисгэгчийн гэрчилгээ, зэрэглэлийн хүчинтэй байхад зориулагдсан гэрээний харилцаа үүсгэхэд хамаарахгүй.

9.4. Дэд дарга дараах асуудлыг хариуцна:

9.4.1. Даргыг хууль тогтоомжийн хүрээнд орлох, зөвшөөрөгдсөн бүрэн эрхийг хэрэгжүүлэх;

9.4.2. Агентлагийн үйл ажиллагаанд ашиглах зохицуулалтын процессын баримт бичгүүд, гэрчилгээжүүлэх заавар, дүрмийг хэрэглэх гарын авлага, зөвлөмжийн цуврал, үзлэг шалгалтын хяналтын хуудас гэх зэрэг баримт бичгийг батлах;

9.4.3. Агаарын навигацид хэрэглэгдэх аэронаутикийн зураг батлах;

9.4.4. Шаардлагатай бол нисэхийн бүх төрлийн гэрчилгээ, зөвшөөрлийг олгох, түдгэлзүүлэх, цуцлах, хүчингүй болгох; 

9.4.5. Иргэний нисэхийн хяналтын байцаагч, итгэмжлэгдсэн шалгагч болон Дарга энэ хуулийн хүрээнд эрх шилжүүлэн хэрэгжүүлэх бусад этгээдийг сонгон шалгаруулах; 

9.4.6. Агентлагийн байцаагч, ажилтнуудын чадварыг ИКАО-гийн зөвлөдөг түвшинд хүргэж, хадгалах сургалтын хөтөлбөрийг батлах, энэхүү сургалтын үйл ажиллагааны биелэлтэд хяналт тавих; 

9.4.7. Энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан захиргааны хариуцлагын арга хэмжээг Даргын нэрийн өмнөөс авах;

9.4.8. ИКАО-той харилцах, мэдээлэл солилцох, олон улсын стандарт болон зөвлөмж болгодог туршлагуудын нийцэл, хэрэв байгаа бол зөрүүтэй байдлыг мэдэгдэх;

9.5. Дэд даргын эзгүйд түүний бүрэн эрхийг Нислэгийн стандартын хяналтын нэгжийн дарга хэрэгжүүлнэ.


10 дугаар зүйл. Агентлагийн ажилтнууд ба эрх шилжүүлэх харилцаа 

10.1. Дарга энэ хуулийн биелэлт, Агентлагийн өмнө тавигдсан зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор байцаагч, ажилтан, шалгагч, зөвлөх, хуульч болон бусад эрх хэрэгжүүлэх этгээдэд эрх шилжүүлж болно. Эрх шилжүүлэх хэрэглүүр нь томилгоо буюу гэрээ байж болно. 

10.2. Байцаагч, ажилтан болон агентлагийн хуульч нь аливаа аэронаутикийн бизнесийн хувьцаа бонд зэргийн эзэмшиж болохгүй. 

10.3. Байцаагч, ажилтан болон шалгагч нь нисэхийн ажилтны гэрчилгээ, зэрэглэлийн хүчинтэй байдлаа хадгалах зорилгоор аль нэг байгууллагатай гэрээ байгуулсан бол тус байгууллагыг шалгах, гэрчилгээжүүлэх үйл ажиллагаанд ашиг сонирхлын мэдүүлэг гаргахгүйгээр оролцож болохгүй. 

10.4. Нисэхийн аюулгүйн хяналтын байцаагч дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

10.4.1. Монгол Улсад үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа агаарын хөлөгт үзлэг шалгалт хийх зорилгоор аль ч үед саадгүй нэвтрэх;

10.4.2. иргэний нисэхийн үйл ажиллагаа эрхлэгчийн нислэгийн үйл ажиллагаатай холбоотой бүх барилга байгууламж, объектод аль ч үед үзлэг шалгалт хийх зорилгоор саадгүй нэвтрэх; 

10.4.3. гэрчилгээжүүлэлт, хяналтын ажилд шаардлагатай мэдээлэл, судалгаа, тайлбар, тодорхойлолт, бусад баримт бичгийг холбогдох хувь хүн, хуулийн этгээдээс шаардан гаргуулж авах;

10.4.4. Шаардлагатай гэж үзвэл агаарын хөлгийг саатуулах. Энэ эрхийг патентын болон өмчийн маргааны албадлагын шалтгаанаар хэрэгжүүлэхгүй;  

10.4.5. Шаардлагатай гэж үзвэл аливаа этгээдийн эзэмшиж байгаа гэрчилгээ, зөвшөөрлийн үйлчлэлийг түр зогсоох.

10.4.6. Даргын шилжүүлэн хэрэгжүүлж байгаа бусад эрх. 

10.5. Дарга, байцаагч болон шалгагчийн хийсэн дүгнэлтэд аливаа албан тушаалтан хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглоно.

10.6. Байцаагч нь албан үүргийнхээ хүрээнд шударгаар ажилласан бол иргэний буюу эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөнө; гэхдээ аливаа алдаа болон дүрмийн бус үйлдэл гарсан тохиолдолд Агентлагийн дотоод журамд заасан сахилгын хариуцлага хүлээж болно.


11 дүгээр зүйл. Иргэний нисэхийн аюулгүй байдлын агентлагийн санхүүжилтийн зарчим

11.1. Агентлаг нь энэ хуулийн хэрэгжилтийг хангах үүргээ тасралтгүй хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилттэй байна. 

11.2. Агентлагийн үйл ажиллагааны санхүүжилт Дараах эх үүсвэрээс бүрдэнэ: 

11.2.1. агаарын хөлгийн бүртгэл, нисэхийн ажилтны гэрчилгээ, зэрэглэл, иргэний нисэхийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл болон Агентлагийн хийсэн үзлэг, шалгалтын хураамж;

11.2.2. өнгөрөлтийн нислэгээс хураасан агаарын навигацийн үйлчилгээний хураамжийн гурван хувь;

11.2.3. Коммерийн агаарын тээврийн үйл ажиллагаанаас Дараах хэрэглэгчийн хураамжийг:

11.2.3.1. Олон улсын нислэгээр ирж байгаа болон явж байгаа төлбөртэй зорчигч тус бүрээс арван төлбөрийн нэгжтэй тэнцэх мөнгөн хураамж;

11.2.3.2. Дотоодын нислэгт сууж байгаа төлбөртэй зорчигч тус бүрээс хоёр төлбөрийн нэгжтэй тэнцэх мөнгөн хураамж;

11.2.4. төрийн болон бусад байгууллагын санхүүжилттэй төсөл, хөтөлбөрийн санхүүжилтийн эх үүсвэр;

11.2.5. агентлагийн хөрөнгийг борлуулсны болон түрээслүүлсний орлого;

11.2.6. агентлагийн үзүүлсэн зөвлөх болон нисэхийн аюулгүй байдлын сургалтын   үйлчилгээний орлого;

11.2.7. агентлагийн оюуны өмчийн эрхэд хамаарах бусад орлого. 

11.3. Агентлагийн итгэмжлэгдсэн шалгагч агентлагийн зөвшөөрсөн үнээр өөрийн үйлчилгээний төлбөрийг авч болно.

11.4. Хэрэв агентлагийн орлого нь нислэгийн аюулгүй байдлыг хянан зохицуулах зайлшгүй зардлаас илүү гарвал зөрүүг иргэний нисэхийн хөгжлийн санд хуримтлуулах ба дутвал зөрүүг иргэний нисэхийн хөгжлийн сангаас санхүүжүүлнэ.

11.5. Төрийн нууцад хамаарах үйл ажиллагаанд оролцсоноос бусад агентлагийн үйл ажиллагааны санхүүжилт, зарцуулалт ил тод байна. 

11.6. Энэ зүйлийн 11.2.1-д заасан хураамжийг иргэний нисэхийн гэрчилгээ, зэрэглэл, гэрчилгээний өргөдөл гаргахад Агентлагт төлсөн байна.

11.7. Энэ зүйлийн 11.2.2-т заасан навигацийн хураамжийн хувийг Сайд иргэний нисэхийн хөгжлийн сангаар дамжуулан хуваарилна.  

11.8. Энэ зүйлийн 11.2.3-т заасан төлбөртэй зорчигчид ноогдох хураамжийг нислэгийн оператор хураах ба сар бүр Агентлагт төлнө. 


12 дугаар зүйл. Нислэгийн стандартын хяналтын нэгж

12.1. Агаарын хөлөг, нисэхийн ажилтан, нислэгийн үйл ажиллагааны гэрчилгээжүүлэлт, хяналт шалгалтыг явуулахад Даргад туслах үүрэг бүхий Дараах чиг үүргийг хариуцсан нислэгийн стандартын хяналтын нэгжийг Агентлагийн бүтцэд байгуулна:

12.1.1. Нислэгт тэнцэх чадвар;

12.1.2. Нислэгийн үйл ажиллагаа;

12.1.3. Нисэхийн ажилтны гэрчилгээжүүлэлт;

12.1.4. Нисэхийн эрүүл мэнд.

12.2. Нислэгийн стандартын хяналтын нэгж нь оноогдсон үүрэг, даалгаврыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж, ажлын орчноор хангагдсан байна.

12.3. Нислэгийн стандартын хяналтын байцаагч болон шалгагчдын тоог зөвхөн хяналт тавих, шалгах болон гэрчилгээжүүлэх агаарын хөлөг, нислэгийн оператор, нисэхийн ажилтны тоонд уялдуулан тооцсон дүнд үндэслэн тогтооно.  

12.4. Дарга шаардлагатай гэж үзвэл Нислэгийн стандартын хяналтын нэгжийн салбарыг сонгогдсон нисэх буудалд байгуулж болно. Дарга аэродром болон нисэхийн аюулгүйн хамгаалалт хариуцсан байцаагчийг тус салбарт ажиллуулахаар томилж болно.


13 дугаар зүйл. Байцаагч, шалгагчийн сургалт

13.1. Агентлаг байцаагч, шалгагч, ажилтнуудаа сургах сургалтын хөтөлбөртэй байна. 

13.2. Агентлаг байцаагч, шалгагч болон ажилтнуудаа ажилд авсан буюу томилсон өдрөөс эхлэн боломжит хугацааны дотор Олон Улсын Иргэний Нисэхийн Байгууллагаас зөвлөсөн ур чадварын стандартыг хангахуйц түвшинд сургана.


ГУРАВДУГААР БҮЛЭГ.

АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗОХИЦУУЛАЛТ


14 дүгээр зүйл. Иргэний нисэхийн дүрэм ба дүрмийн шаардлагаас чөлөөлөх

14.1. Олон улсын нисэхийн аюулгүй байдлын стандарт, зөвлөмж болгодог туршлагыг Монгол Улсад цаг алдалгүй нэвтрүүлэх, төрийн бодлогыг хэрэгжүүлэх, салбарын хөгжлийн зорилтод дэмжлэг үзүүлэх зорилгоор Иргэний нисэхийн дүрмийг боловсруулна. Энэхүү дүрэмд Дараах асуудлуудыг тусгана:

14.1.1. Иргэний нисэхийн зохицуулалтын баримт бичгүүдэд хэрэглэх ойлголтуудын тодорхойлолт, товчлол; 

14.1.2. иргэний нисэхийн дүрэм боловсруулж батлуулах, дүрмийн шаардлагаас чөлөөлөх, Чикагогийн Конвенцын хавсралтуудаас зөрүүтэй байдлыг мэдээлэх;

14.1.3. нислэгийн аюулгүй байдлын тохиолдлуудыг шалган судлах болон анализ дүгнэлт хийх, хууль дүрмийн албадлагын арга хэмжээ;

14.1.4.  агаарын хөлөг болон аэронаутикийн бүтэгдэхүүний хийцийн стандартууд болон үйл ажиллагааны шаардлагууд, техник үйлчилгээ, засварын шаардлага, нислэгт тэнцэх чадварын хадгалалт;

14.1.5. нисэхийн ажилтанд тавигдах мэргэжлийн шаардлага, нисэхийн эрүүл мэндийн стандарт, сургалтын хөтөлбөр, сургалтын байгууллага болон сургалтын төхөөрөмж, сургагч бүрэлдэхүүнд тавигдах шаардлагууд;

14.1.6. нислэгийн ерөнхий дүрэм, агаарын зайн зохион байгуулалт, бусад нисдэг төхөөрөмжүүдэд тавигдах шаардлагууд, аюултай бараатай харьцах дүрэм;

14.1.7. Нислэгийн операторууд, агаарын тээвэрлэлтийн үйл ажиллагаа, гадаадын нислэгийн оператор болон агаараас хийх ажлуудад тавих шаардлага;

14.1.8. Аэродром болон аэродромын засвар үйлчилгээ, нисэхийн аюулгүйн хамгаалалттай холбоотой дүрмүүд, төрийн өмчийн бус навигацийн тоноглолд тавих шаардлага;

14.1.9. Даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч, эрх шилжүүлэх журам, иргэний нисэхийн аюулгүй байдлын гэрчилгээжүүлэх үйлчилгээний төлбөртэй холбоотой асуудал;

14.1.10. Энэ хуульд дүрмээр зохицуулахаар зориуд тусгасан аюулгүй байдалд хамаарах харилцаа болон ирээдүйд технологийн хөгжлийн үр дагавар болж эсхүл олон улсын стандарт болон зөвлөмж болгодог туршлагын шинэчлэлийн үр дагавар болж гарч ирж болох бусад асуудлууд 

14.2. Иргэний нисэхийн дүрмийн хэлбэр, хэллэг, дугаарлалт ИКАО-гийн гишүүн улсуудын ижил төстэй дүрэм зохицуулалттай харилцан нийцэлтэй байна.

14.3. Иргэний нисэхийн дүрмийг Дарга батална.

14.4.  Иргэний нисэхийн дүрэмд Дараах тохиолдолд нэмэлт, өөрчлөлт оруулах буюу шинээр дүрэм гаргана. Үүнд:

14.4.1. Чикагогийн Конвенцын хавсралтуудад нэмэлт, өөрчлөлт, шинэчлэлт хийгдсэн бол хамгийн ойрын боломжит хугацаанд;

14.4.2. осол, ноцтой инцидент, инцидент, тохиолдлуудыг шалгаж, дүн шинжилгээ хийсэн тайланд өөрчлөлт оруулах шаардлагатай нь тогтоогдсон;

14.4.3. иргэний нисэхийн тодорхой асуудлаар төрийн бодлого өөрчлөгдсөн бөгөөд тэр өөрчлөлтийг дүрэмд тусгах хэрэгцээ үүссэн бол;

14.4.4. Даргын санаачилгаар Даргаас гарсан дүрэмд өөрчлөлт оруулах, бий болгох санал нь нисэхийн аюулгүй байдал муудах шалтгаан болохгүй, аюулгүй байдалд мэдэгдэхүйц нэмэр тусгүйгээр нисэхийн салбарт зардлын болон захиргааны процесс нэмэгдүүлэхгүй байх ёстой.

14.5. Нислэгийн аюулгүй байдлын хойшлуулшгүй буюу шилжилтийн цаг үеийн асуудлыг журамлах зорилгоор Дарга шуурхай дүрэм (Emergency Rule), тусгай дүрэм (Special Rule) гаргах эрхтэй. Шуурхай буюу тусгай дүрэм гаргах журмыг Иргэний нисэхийн дүрэмд тусгана.   

14.6. Дарга дүрмийг дагалдан гарах зөвлөмжийн цуврал болон тушаал, чиглэл, техникийн бусад баримт бичгүүдийг дүрмийн нэгэн адил дагахыг шаардаж болно.

14.7. Дарга иргэний нисэхийн дүрмийн хэллэгт тусгайлан хориглоогүй, дүрмийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхүйц бусад хэлбэрээр хангасан бөгөөд тэр нь нислэгийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхгүй гэж үзвэл агаарын хөлөг, нисэхийн бүтээгдэхүүн, аэродром, нислэгийн оператор болон нисэхийн ажилтныг дүрмийн тухайн шаардлагаас зохих нөхцөлтэйгөөр тодорхой хугацаагаар чөлөөлж болно. 

14.8. Дарга дүрмийн шаардлагаас чөлөөлсөн шийдвэрээ нийтлэх ба нийтэд хүртээлтэй болгоно.


15 дугаар зүйл. Үзлэг шалгалт хийхээр нэвтрэх эрх 

15.1. Дарга Монгол Улсад нислэг үйлдэж буй иргэний агаарын хөлгүүд болон холбогдох бичиг баримтад тус агаарын хөлөг нислэгт тэнцэх чадвартай эсэх болон энэ хууль, энэ хуулийн дагуу гаргасан дүрэм, Чикагогийн Конвенцын холбогдох хавсралтад нийцсэн үйл ажиллагаа явагдаж байгаа эсэхийг тогтоох зорилгоор ямар нэгэн хязгаарлалтгүйгээр нэвтрэх эрхтэй байна.

15.2. Дарга Монгол Улсын бүртгэлтэй иргэний агаарын хөлөг, дэлхий хаана байрлаж нислэг үйлдэж байгаа эсэхээс хамаарахгүйгээр тухайн агаарын хөлөгт нислэгт тэнцэх чадвартай эсэхийг тогтоох зорилгоор болон энэ хууль, холбогдох тушаал, дүрэм, чиглэл, болон бусад шаардлага хангасан үйл ажиллагаа явагдаж байгаа эсэхийг тогтоохоор ямар нэгэн хязгаарлалтгүйгээр нэвтрэх эрхтэй байна.

15.3. Дарга энэ хууль болон холбогдох тушаал, дүрэм, заавар, шаардлагын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа эсэхийг тогтоох зорилгоор нислэгийн оператор болон нисэхийн баримт бичиг эзэмшигч байгууллагуудад ямар ч байрлалд, хэдийд ч туршилт, шалгалт хийх эрхтэй байна.

15.4. Дарга Монгол Улсын нутаг дэвсгэрт байрлах аэродром, агаарын навигацийн үйлчилгээний байгууламж, ангар, засвар үйлчилгээний зөвшөөрөгдсөн байгууллага, цех, агаарын хөлгийн зогсоол, түлш хадгалах байгууламж, ачаа ачих, зөөвөрлөх байгууламж, нисэхийн сургалтын байгууллагын байгууламжид нэвтрэх эрхтэй байна.


16 дугаар зүйл. Нислэгийг зогсоох эрх 

16.1. Дарга Дараах нөхцөл байдал үүссэн гэж үзэх үндэслэл байна гэж үзвэл  агаарын хөлгийг нислэгт ашиглахгүй байхыг тушааж болно:

16.1.1.  Агаарын хөлөг нислэгт тэнцэхгүй байх магадлалтай болсон;

16.1.2. Нисгэгч буюу нисэх багийн гишүүд биеийн буюу сэтгэцийн хувьд нислэг үйлдэх чадваргүй болсон;

16.1.3. Нислэгийг үйлдэх нь газарт байгаа хүн, эд хөрөнгөд хохирол учруулах эрсдэлтэй байх магадлалтай.

16.2. Дарга энэ зүйлийн 16.1-т заасан агаарын хөлөг, нисэх багийг саатуулах эрхтэй. 


17 дугаар зүйл. Гэрчилгээнд нэмэлт, өөрчлөлт оруулах, түр зогсоох буюу бүрмөсөн хүчингүй болгох

17.1. Дарга шаардлагатай гэж үзвэл иргэний агаарын хөлөг, агаарын хөлгийн хөдөлгүүр, сэнс, бусад эд анги, тоног төхөөрөмж, нислэгийн оператор, зөвшөөрөгдсөн сургалтын байгууллага, зөвшөөрөгдсөн техник үйлчилгээний байгууллага болон бусад гэрчилгээ эзэмшигчид, нисэхийн мэргэжлийн гэрчилгээ эзэмшигчдэд дахин үзлэг шалгалт хийж болно. 

17.2. Хэрэв дахин үзлэг шалгалтын үр дүнд нисэхийн аюулгүй байдал, эсхүл коммерийн агаарын тээвэр, мөн олон нийтийн эрх ашгийг  хохироох шалтгаан болох нөхцөл байдал үүссэн байгаа нь тогтоогдвол Дарга энэ хуулийн дагуу олгогдсон аливаа мэргэжлийн гэрчилгээ, Нислэгийн операторын гэрчилгээ, нисэхийн сургалтын байгууллагын гэрчилгээ, Зөвшөөрөгдсөн техник үйлчилгээний байгууллагын гэрчилгээ буюу бусад гэрчилгээг бүхлээр нь эсхүл хэсэгчлэн нэмэлт оруулах, өөрчлөх, түдгэлзүүлэх, эсхүл бүрмөсөн хүчингүй болгох тушаал гаргаж болно.

17.3. Яаралтай тохиолдлоос бусад үед гэрчилгээнд нэмэлт оруулах, өөрчлөх, үйлчлэлийг түдгэлзүүлэх буюу бүрмөсөн хүчингүй болгох шийдвэр гаргахаасаа өмнө Дарга тухайн гэрчилгээ эзэмшигчид гаргах гэж буй шийдвэрийн шалтгааныг тайлбарлан, уг тайлбарт хариу өгөх боломжоор хангах үүрэгтэй.

17.4. Энэ хуулийн 17.2-т заасан Даргын шийдвэр нь аливаа этгээдийн эзэмшиж буй гэрчилгээнд нь нөлөөлсөн гэж үзвэл тухайн шийдвэрийг Захиргааны хэргийн шүүхэд давж заалдаж болно.

17.5. Дарга нислэгийн аюулгүй байдалд  шууд хохирол учруулж байна гэж үзэн яаралтай арга хэмжээ авснаас бусад тохиолдолд Даргын шийдвэр нөлөөлсөн бүх гэрчилгээ энэ хуулийн 17.4-д заасан давж заалдах ажиллагаа дуусаж шүүхийн шийдвэр гартал хүчинтэй хэвээрээ байна. 


18 дугаар зүйл. Хяналт, зохицуулалтын болон үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд гадаад хэл хэрэглэх

18.1. Орчуулгын алдаанаас үүдэлтэй аюулгүй байдлын эрсдэлээс зайлсхийх зорилгоор иргэний нисэхийн зохицуулалтын болон үйл ажиллагаанд хэрэглэх нисэхийн аюулгүй байдлын нэр томьёо, ойлголтуудыг тайлбарлахад англи хэлийг үндэс болгон ашиглана.

18.2. Иргэний нисэхийн зохицуулалтын үйл ажиллагааг ИКАО-гийн туршлагад нийцүүлэхийн тулд зохицуулалтын бүх журам, хяналтын хуудас, шалгалт, туршилтын материалыг англи хэл дээр гаргахыг зөвшөөрнө.

18.3. Иргэний агаарын хөлгийн үйл ажиллагаанд ашиглах техник, технологийн баримт бичгийг англи, эсхүл агаарын хөлгийн үйлдвэрлэгч улсын хэл дээр хэрэглэж болно. 

18.4. Агаарын хөлөг болон нислэгийн удирдагчдын хооронд газар-агаар радио холбоонд англи эсхүл монгол хэлийг ашиглах бөгөөд онцгой тохиолдолд хоёр тал чөлөөтэй харилцах боломжтой өөр бусад хэлийг ашиглаж болно.. 

18.5. Олон улсын нислэгийн радио холбоо ашиглах нисгэгч болон нислэгийн удирдагч Англи хэлээр үйл ажиллагааны буюу илүү түвшинд харилцах чадвартай гэдгээ нотлон харуулсан байна. 

18.6. Иргэний Нисэхийн Аюулгүй Байдлын Агентлагийн байцаагч энэ зүйлийн 18.2-д заасан үйл ажиллагааг явуулахад шаардагдах түвшний англи хэлний мэдлэг чадвартай байна. 

18.7. Дараах үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагын гүйцэтгэх удирдлага үндэсний болон олон улсын аюулгүй байдлын стандартын хэрэгжилтэд үр дүнтэй хяналт тавихад шаардагдах англи хэлний зохих түвшний мэдлэгтэй байна:

18.7.1. иргэний нисэхийн аюулгүй байдал;

18.7.2. иргэний нисэхийн аюулгүйн хамгаалалт;

18.7.3. агаарын навигацийн үйлчилгээ;

18.7.4. олон улсын агаарын тээврийн үйлчилгээ;

18.7.5. олон улсын нисэх онгоцны буудал.

18.8. Нислэгийн оператор болон бусад нисэхийн байгууллага үйл ажиллагааныхаа зааврыг англи хэл дээр үйлдэн хэрэглэж болно. Хэрэв зааврыг англи хэл дээр үйлдсэн бол түүнийг ашиглах ажилтан зааврыг зөв хэрэглэж чадахуйц англи хэлний мэдлэгтэй байхыг нислэгийг оператор буюу байгууллага баталгаажуулсан байна. 

18.9. Энэ зүйлд заасан англи хэлний чадварын үнэлгээг олон улсад хүлээн зөвшөөрөгддөг албан ёсны шалгалтын дүнгээр тогтооно.  


19 дүгээр зүйл. Гадаадын болон өмнөх гэрчилгээний баталгаажуулалт

19.1. Дарга Дараах тохиолдолд тодорхой шалгалт, шалгалт явуулах үүргээ гадаад улсын олгосон гэрчилгээ, нисэхийн бусад баримт бичгийг баталгаажуулж, хүлээн зөвшөөрөх байдлаар хангаж болно. 

19.1.1. Гэрчилгээг олгосон гадаад улс нь Чикагогийн конвенцод нэгдэн орсон улс байх бөгөөд гэрчилгээ олгох болон хүчинтэй байх асуудлаар Чикагогийн конвенцод заасан үүргээ биелүүлсэн байна. 

19.1.2. Хэрэв гадаад улс нь ИКАО-гийн аюулгүйн аудитаас нислэгийн аюулгүй байдлын мэдэгдэхүйц асуудлын анхааруулга авсан бол тухайн улсын нисэхийн эрх бүхий байгууллагын олгосон  аливаа гэрчилгээг уг төлөв байдал өөрчлөгдтөл баталгаажуулах буюу хүлээн зөвшөөрөхөөс түдгэлзэнэ.  

19.2. Агентлаг нь гэрчилгээ олгоход шаардагдах дотооддоо хийж чадахгүй байгаа хяналт, шалгалт, туршилтын ажлыг гүйцэтгэх чадвартай өөр улсад эрх шилжүүлэх тохиролцоогоор гүйцэтгүүлж болно.

19.3. Энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө олгогдсон гэрчилгээ болон үнэмлэхийг энэ хуулийн дараа олгосон гэрчилгээний нэгэн адил хүчинтэйд тооцно. 


20 дугаар зүйл. Агаарын хөлгийн бүртгэл

20.1.Монгол Улсад, эсхүл гадаад улсад бүртгэлгүй агаарын хөлгөөр Монгол Улсад нислэг үйлдэхийг хориглоно.

20.2. Нислэгт тэнцэх чадварын стандарт гэрчилгээтэй ашиглах агаарын хөлөг Монгол улсад бүртгэлд орохоос өмнө маяг нь Монгол улсад хүлээн зөвшөөрөгдсөн байна.

20.3. Хэрэв агаарын хөлөг нь гадаад улсын бүртгэлгүй бөгөөд дараах этгээдийн өмчлөлд байгаа болон түрээслэн ашиглахаар гэрээ байгуулсан агаарын хөлгийг Монгол улсад бүртгэж болно:

20.3.1. Монгол Улсын иргэн;

20.3.2. Монгол Улсад байнга оршин суух эрх авсан хувь хүн;

20.3.3. Монгол Улсад хуулийн дагуу байгуулагдсан бөгөөд Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үндсэн үйл ажиллагаагаа явуулдаг өмчлөлийн 51-ээс дээш хувь нь Монгол улсын иргэний өмчлөлд байгаа хуулийн этгээд;

20.3.4. Монгол Улсын төрийн байгууллага.

20.4. Монгол Улсад бүртгэлтэй гадаадын өмчит агаарын хөлгөөс гадаадын өмчит агаарын хөлгийн бүртгэлийн хураамж авна. Энэхүү хураамжийг Агентлаг жил бүр хурааж, аюулгүй байдлын хяналтын үйл ажиллагаанд зарцуулна..

20.5. Агаарын хөлөг Монгол Улсад бүртгэгдэх шаардлага хангасан гэж Дарга үзвэл Агаарын хөлгийн бүртгэлийн гэрчилгээ олгоно. 

20.6. Нийтийн эрх ашигт нийцнэ гэж үзвэл Дарга агаарын хөлгийг бүртгэлээс түр буюу бүрмөсөн хасаж болно.  

20.7. Энэ хуулийн 20.6-д зааснаас бусад тохиолдолд Дараах нөхцөл хангагдсан үед агаарын хөлгийг бүртгэлээс хасаж болно:

20.7.1.  Агаарын хөлгийн өмчлөгч агаарын хөлгийг үндэсний харьяаллаас гарган өөр улсад шилжүүлэх хүсэлт гаргасан;

20.7.2. Ослын болон бусад шалтгаанаар агаарын хөлгийн нислэгт тэнцэх чадвар дахин сэргээгдэх боломжгүйгээр бүрмөсөн алдагдсан.

20.8. Монгол Улсад бүртгэгдсэн агаарын хөлөг нь Монгол Улсын харьяалалд орно. Агаарын хөлгийн бүртгэлийн гэрчилгээ нь агаарын хөлгийн өмчлөлийн эрхийг баталсан баримтад тооцогдохгүй. 


21 дүгээр зүйл. Нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ

21.1. Дарга Монгол улсад ашиглах агаарын хөлгийн маягийн гэрчилгээ болон нэмэлт маягийн гэрчилгээг хүлээн зөвшөөрөх эрхтэй.

21.3. Монгол Улсад бүртгэлтэй агаарын хөлгийн эзэмшигч нь тухайн агаарын хөлгийн нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ эзэмших хүсэлтийг Даргад гаргана. 

21.4. Агаарын хөлгийн маягийн гэрчилгээний болон аюулгүй байдлын нөхцөл, шаардлагад нийцэж байгаа нь үзлэг шалгалтаар тогтоогдсон агаарын хөлөгт дараах аль нэг ангиллын нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ олгоно. Үүнд:

21.4.1. Нислэгт тэнцэх чадварын стандарт хангасныг гэрчлэх нислэгт тэнцэх чадварын стандарт гэрчилгээ;

21.4.2. Зарим ангиллын агаарын хөлөгт зориулагдсан стандарт хангасныг гэрчлэх нислэгт тэнцэх чадварын тусгай гэрчилгээ;

21.4.3. ИКАО байгуулагдахаас өмнө үйлдвэрлэгдэж байсан иргэний агаарын хөлөг болон цэргийн хэрэгцээнд ашиглагдаж байсан агаарын хөлгүүд хувийн буюу агаарын шоу нислэгт ашиглаж болохыг гэрчилсэн нислэгт тэнцэх чадварын хязгаарлагдмал гэрчилгээ;

21.4.4. Нислэгт тэнцэх чадварын стандарт хангаагүй боловч зөвхөн хувийн болон туршилтын нислэгийн зориулалтаар ашиглаж болохыг гэрчилсэн нислэгт тэнцэх чадварын туршилтын гэрчилгээ;

21.4.5. Монгол улсын бүртгэлтэй агаарын хөлгийг өөр улс руу экспортлоход нислэгт тэнцэх чадвартай болохыг гэрчилсэн нислэгт тэнцэх чадварын экспортын гэрчилгээ; 

21.5. Нислэгт тэнцэх чадварын гэрчилгээнд түүний хүчинтэй хугацаа, агаарын хөлгийн ашиглалтын хэлбэр болон аюулгүй байдлыг хангахад шаардагдах ангилал, хязгаарлалт болон бусад мэдээллийг тусгана.

21.7.  Нислэгт тэнцэх чадварын гэрчилгээгүй агаарын хөлгөөр техникийн нислэг үйлдэхэд зориулж нислэгийн тусгай зөвшөөрөл олгож болно.

21.8. Дарга Чикагогийн Конвенцын 83bis заалтад нэгдэн орсон агаарын хөлгийг бүртгэгч эсхүл ашиглагч улстай агаарын хөлөгт тавих нислэгийн аюулгүй байдлын хяналтыг хуваан хэрэгжүүлэх гэрээг байгуулж болно.

21.9. Агаарын хөлгийн радио станцын гэрчилгээ олгох нөхцөл, шаардлагыг Дарга тодорхойлно.


22 дугаар зүйл. Хүрээлэн буй орчны хамгаалалт 

22.1. Энэ хуулийн 21.1-д заасны дагуу Монгол Улсад маяг нь хүлээн зөвшөөрөгдсөн агаарын хөлөг нь Чикагогийн Конвенцын 16 дугаар хавсралтад заасан хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөллийн стандартыг хангасан байна. 


23 дугаар зүйл. Нислэгийн операторын гэрчилгээ

23.1. Агаарын хөлгөөр төлбөртэй нислэгийн үйл ажиллагаа эрхлэх хүсэлтэй этгээд нислэгийн операторын гэрчилгээ эзэмших хүсэлтийг Даргад гаргаж болно.

23.2. Дарга энэ хууль болон холбогдох иргэний нисэхийн дүрмийн шаардлагыг хангасан Монгол Улсын иргэн, эсхүл Монгол Улсын төр буюу иргэний 51-ээс багагүй хувийн өмчлөл бүхий хуулийн этгээдэд нислэгийн операторын гэрчилгээ олгоно. 

23.3. Нислэгийн операторын гэрчилгээ нь Дарга түдгэлзүүлэх, хүчингүй болгох буюу цуцлах хүртэл хүчинтэй байна. 

 23.5. Монгол Улс руу тогтмол нислэг үйлдэх хүсэлт гаргасан гадаадын нислэгийн операторт тавих шаардлагыг иргэний нисэхийн дүрмээр тогтооно. 


24 дүгээр зүйл. Нисэхийн ажилтны гэрчилгээ

24.1. Энэ хууль болон иргэний нисэхийн дүрэмд заасан мэргэжлийн аливаа үйл ажиллагааг тийм эрх олгосон хүчин төгөлдөр гэрчилгээгүй этгээд эрхлэн явуулж болохгүй.

24.2. Дарга нисэхийн ажилтны гэрчилгээ, зэрэглэлийг иргэний нисэхийн дүрмээр тогтоосон шаардлагын хүрээнд олгох эрхийг хэрэгжүүлнэ. 

24.3. Агентлагаас олгох нисэхийн ажилтны гэрчилгээ Дараах байна: 

24.3.1. сурагч нисгэгчийн гэрчилгээ.

24.3.2. спортын нисгэгчийн гэрчилгээ; 

24.3.3. хувийн нисгэгчийн гэрчилгээ; 

24.3.4. коммерийн нисгэгчийн гэрчилгээ; 

24.3.5. агаарын тээврийн нисгэгчийн гэрчилгээ; 

24.3.6. багш нисгэгчийн гэрчилгээ

24.3.7. газрын хичээлийн багшийн гэрчилгээ

24.3.8. агаарын хөлгийн диспетчерийн гэрчилгээ; 

24.3.9. агаарын хөлгийн механикчийн гэрчилгээ;

24.3.10. агаарын хөлгийн засварчны гэрчилгээ; 

24.3.11. нислэгийн удирдагчийн гэрчилгээ; 

24.3.12. нисэх навигаторын гэрчилгээ; 

24.3.13. нисэх инженерийн гэрчилгээ; 

24.3.14. зайнаас нисгэгчийн гэрчилгээ.

24.4. Сурагч нисэгчээс бусад нисэхийн ажилтанд мэргэжлийн гэрчилгээ, зэрэглэлийг олгохдоо иргэний нисэхийн дүрмээр шаардсан мэдлэг чадварыг шалгаж үнэлнэ.

24.5. Дарга нь Агентлагаас өөр байгууллагын шалгалт, туршилтын стандарт нь Иргэний нисэхийн дүрмийн шаардлагыг хангаж байна гэж үзвэл Агентлагаас бусад байгууллагад хийсэн шалгалтын дүнг хүлээн зөвшөөрч болно.

24.6. Мэргэжлийн шалгалтыг өгөгч нь бусдаас буюу шалгалтын үед ашиглахыг хориглосон материалаас хуулсан, шалгалт авагчид нөлөөлсөн буюу нөлөөлөхийг завдсан бол шалгалтад тэнцээгүйд тооцож,  дахин шалгалт өгөх хүсэлт гаргах эрхийг 6 сараар хасна. 

24.7. Мэргэжлийн гэрчилгээ нь Дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

24.7.1. дугаарлагдсан ба Даргын бүртгэлд орсон байх;

24.7.2. гэрчилгээ эзэмшигчийн нэр, хаяг болон шаардлагатай бол суурь биометрийн мэдээлэл байх;

24.7.3. нисэхийн ажилтанд олгогдож буй эрхийг илэрхийлсэн нэршилтэй байх.


25 дугаар зүйл. Эрүүл мэндийн гэрчилгээ

25.1. Нисгэгч, нислэгийн удирдагчийн гэрчилгээ эзэмшигч болон иргэний нисэхийн дүрмээр эрүүл мэндийн шаардлага тавигдсан бусад ажилтан үүргээ гүйцэтгэхдээ иргэний нисэхийн дүрэмд заасан зохих ангиллын хүчинтэй эрүүл мэндийн гэрчилгээтэй байна. Энэ заалтын шаардлагаас зарим хөнгөн ангиллын агаарын хөлгийн болон дроны нисгэгч зохих шалгууртайгаар чөлөөлөгдөж болно. 

25.2. Эрүүл мэндийн гэрчилгээг дараах журмаар олгоно:

25.2.1. Итгэмжлэгдсэн шалгагч эмч хүсэлт гаргагчийн эрүүл мэндийн байдал дүрмийн шаардлагад тэнцэх эсэхийг тодорхойлохоор үзлэг хийх ба эрүүл мэндийн стандартыг хангасан тохиолдолд эрүүл мэндийн гэрчилгээ олгоно;

25.2.2. Итгэмжлэгдсэн ахлах шалгагч эмч буюу дүгнэгч эмч энэ зүйлийн 25.2.1-д заасан үзлэгийн үр дүн, шаардлагатай гэж үзвэл өөрийн үзлэгийн дүнг нэгтгэн шинжилж хүсэлт гаргагчийн эрүүл мэндийн байдал эрүүл мэндийн стандартад нийцэж байгаа эсэх талаар дүгнэлт гаргана. Хэрэв хүсэлт гаргагч эрүүл мэндийн стандарт хангасан гэж тогтоовол эрүүл мэндийн гэрчилгээг хүсэлт гаргагчид олгож болно. Агентлагийн нисэхийн эрүүл мэндийн хяналтын байцаагч нь дүгнэгч эмчийн үүргийг гүйцэтгэх эрхтэй;

25.2.3. Нисэхийн эрүүл мэндийн хяналтын байцаагч эмч нисэхийн эрүүл мэндийн стандартын шаардлагаас зарим үзүүлэлтээр зөрүүтэй байгаа нь тогтоогдсон хүсэлт гаргагчийн эрүүл эрүүл мэндийн байдалд эрсдэлийн үнэлгээ хийж нислэгийн аюулгүй байдалд нөлөөлөхгүй хэмээн тогтоовол эрүүл мэндийн гэрчилгээ олгож болно. Харин уг үнэлгээгээр хүсэлт гаргагчийн эрүүл мэндийн байдал нь нислэгийн аюулгүй байдалд эрсдэл үүсгэх магадлал өндөртэй нөхцөл байдал тогтоогдвол эрүүл мэндийн гэрчилгээ олгохоос татгалзах шийдвэр гаргана. 

25.2.4. Итгэмжлэгдсэн шалгагч эмч, итгэмжлэгдсэн ахлах шалгагч эмчийн олгосон  эрүүл мэндийн гэрчилгээг олгосон өдрөөс 60 хоногийн дотор Агентлаг дахин нягталж болно. 

 25.3. Итгэмжлэгдсэн шалгагч эмч, итгэмжлэгдсэн ахлах шалгагч эмч, нисэхийн эрүүл мэндийн хяналтын байцаагч эмч нь Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон хүний их эмчийн мэргэжлийн хүчин төгөлдөр эмчлэх эрхийн зөвшөөрөл эзэмшигч байна.    

25.4. Дараах тохиолдолд нисгэгч, нислэгийн удирдагчийн  буюу нисэх багийн гишүүний үнэмлэх, зэрэглэлийн эрхийг хэрэгжүүлэхийг хориглоно:

25.4.1. эрүүл мэндийн зохих ангиллын гэрчилгээгүй байх; эсхүл

25.4.2. эрүүл мэндийн гэрчилгээ эзэмшигчийн эрүүл мэндийн байдал нь мэргэжлийн эрхээ хэрэгжүүлэх явцад нислэгийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж үзэх үндэслэл байгаа бол;

25.4.3. эрүүл мэндийн гэрчилгээ олгоход Даргаас эрх олгогдсон этгээдийн  тогтоосон шаардлага, зөвлөмж, хязгаарлалтын нөхцөлийг дагаж мөрдөөгүй бол.

25.5. Эрүүл мэндийн гэрчилгээ авах хүсэлт гаргагч этгээд эрүүл мэндийн гэрчилгээ олгоход шаардагдах эрүүл мэндийн мэдээллийг зориудаар худал мэдээлэх, шинжилгээ буюу оношилгооны баримт бичгийг хуурамчаар үйлдэхийг хориглоно. 

25.6. Эрүүл мэндийн гэрчилгээг анх удаа авах хүсэлт гаргагч нь сэтгэцийн эрүүл мэндийн асуудал хариуцсан улсын лавлагаа төвийн дүгнэлт гаргуулна. Эрүүл мэндийн гэрчилгээг давтан авч байгаа хүний сэтгэцийн эрүүл мэнд, сэтгэл зүйн байдлын хяналтыг ажил олгогч хариуцна. Итгэмжлэгдсэн шалгагч эмч болон нисэхийн эрүүл мэндийн хяналтын байцаагч хувийн нислэг үйлддэг, эсхүл нэг нисгэгчтэй нислэгийн операторын нисгэгчийн сэтгэц, зан байдалд мэргэжлийн байгууллагын үнэлгээ шаардлагтай гэж үзвэл Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн дүгнэлт гаргуулахыг шаардаж болно.

25.7. Эрүүл мэндийн гэрчилгээ эзэмшигчид мансууруулах бодис буюу согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг холбогдох эрх бүхий байгууллага болон ажил олгогчтой хамтран, эсхүл дангаараа Дарга хэзээ ч шалгах, мөн ажил олгогчдын зүгээс зохих хөтөлбөрийн дагуу шалгахыг шаардах бүрэн эрхтэй. 

25.8. Агентлаг нь хувь хүний эмзэг мэдээлэл, эрүүл мэндийн хувийн хэргийг хувь хүний мэдээллийг хамгаалах тухай болон эрүүл мэндийн тухай хуулийн дагуу хамгаалах үүрэгтэй.


26 дугаар зүйл. Зөвшөөрөгдсөн сургалтын байгууллага 

26.1. Дарга агаарын хөлөг болон бусад аэронаутикийн бүтэгдэхүүний нислэгийн ашиглалт, техник үйлчилгээ, засвар, сайжруулалт, өөрчлөлт, мөн үзлэг шалгалтад сургах үйл ажиллагаа явуулах хүсэлт гаргасан этгээдийн сургалтын хөтөлбөрийн хангалттай эсэх, ашиглах агаарын хөлгийн нислэгт тэнцэх чадвар, сургагчдын ур чадвар, ашиглах дадлагажуурын төхөөрөмж, сургалтын орчин зэргээр үнэлж зөвшөөрөгдсөн сургалтын байгууллагын гэрчилгээ олгож болно.

26.2. Энэ зүйлийн 26.1-д заасан зөвшөөрөгдсөн сургалтын байгуулагын гэрчилгээ олгохгүйгээр нисгэгч, нислэгийн удирдагчын ур чадварыг хадгалах, онцгой тохиолдлын дадлага хийхэд шаардагдах симулятор төхөөрөмжид дангаар нь зөвшөөрөл олгож болно. Хэрэв ийм төхөөрөмж дангаар нь ашиглах бол дадлага нь Агентлагийн баталсан сургалтын хөтөлбөрийн дагуу хийгдэнэ. 

26.3. Энэ зүйлийн 26.1 заалтыг харгалзахгүйгээр нэг хөдөлгүүртэй, 4-өөс олон суудалгүй хөнгөн агаарын хөлөг өмчлөгч сургагч нисгэгчийн гэрчилгээ эзэмшигч этгээд Даргын баталсан сургалтын хөтөлбөрийн дагуу спортын нисгэгч, хувийн нисгэгчийн сургалт явуулж болно. 

26.4. Энэ зүйлийн 26.1 заалтыг харгалзахгүйгээр зохих зэрэглэл бүхий механикч буюу засварчны гэрчилгээ эзэмшигч иргэнийг дагалдуулан техник үйлчилгээ, засварын ажилд үйлдвэрлэлийн нөхцөлд сургаж болно.    

 

27 дугаар зүйл. Зөвшөөрөгдсөн техник үйлчилгээний байгууллага болон зөвшөөрөгдсөн засварын газар

27.1. Дарга агаарын хөлөг болон бусад аэронаутикийн бүтэгдэхүүний техник үйлчилгээ, засвар, сайжруулалт, өөрчлөлт, мөн үзлэг шалгалтын үйл ажиллагаа явуулах хүсэлт гаргасан этгээдийг тоног төхөөрөмж, байрлах байгууламж, зарцуулах материал хангалттай эсэх, засвар буюу техник үйлчилгээний үйл ажиллагааны арга технологи нь үйлдвэрлэгчийн зөвшөөрсөн арга технологитой нийцэж байгаа эсэх, ажилтнууд нь зохих эрх буюу зааварчилгаа авсан эсэх зэргээр үнэлж зөвшөөрөгдсөн техник үйлчилгээний байгууллага буюу зөвшөөрөгдсөн засварын газрын гэрчилгээ олгож болно. 

27.2. Олон улсын нислэгт нисдэг агаарын хөлөгт техник үйлчилгээ хийх зөвшөөрөгдсөн техник үйлчилгээний байгууллагын удирдлагаар томилогдох этгээд аэронаутикийн шинжлэх ухааны дээд боловсролтой байх бөгөөд энэ хуулийн 18 дугаар зүйлд заасан хэлний чадварын шаардлагыг хангасан байна. 

27.3. Нислэгийн операторын гэрчилгээ эзэмшигч этгээд энэ зүйлийн 27.1-д заасан гэрчилгээг авахгүйгээр зөвшөөрөгдсөн техник үйлчилгээний хөтөлбөрийн дагуу өөрийн агаарын хөлгийг нислэгт бэлтгэх шугамын техник үйлчилгээг хийж болно.

27.4. Хөөрөлтийн дээд жин нь 5700 килограммаас бага агаарын хөлгийн нислэгийн өмнөх техник үйлчилгээг зөвшөөрөгдсөн техник үйлчилгээний хөтөлбөрийн дагуу тухайн нислэгт томилогдсон өөрөө нисгэгч хийж болно.  


28 дугаар зүйл. Агаарын хөлгийн даргын эрх, үүрэг

28.1. Агаарын хөлгийн дарга нислэгийн үед онцгой нөхцөл үүссэн тохиолдолд үүсэж болзошгүй эрсдэлийг бууруулах зорилгоор иргэний нисэхийн дүрэмд зааснаас өөр шийдвэр гаргах эрхтэй.

28.2. Агаарын хөлгийн дарга нь агаарын хөлөг, багийн бусад гишүүд болон зорчигчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор тухайн нислэгийн үйл ажиллагаатай холбоотой эцсийн шийдвэр гаргах эрхтэй

28.3. Агаарын хөлгийн дарга нь энэ хуулийн 28.1-д заасан онцгой нөхцөлийн үед иргэний нисэхийн дүрэмд зааснаас өөр шийдвэр гаргасан бол энэ тухай агаарын навигацийн үйлчилгээний байгууллагад нэн даруй мэдэгдэх үүрэгтэй.

28.4. Агаарын хөлгийн дарга нь нислэгийн үеийн онцгой нөхцөл үүссэн тохиолдлыг нуун дарагдуулахыг хориглоно.

28.5. Агаарын хөлгийн дарга нь нислэгийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй үйлдэл гаргасан зорчигчийн үйлдлийг таслан зогсооход чиглэсэн арга хэмжээ авах, тийм арга хэмжээ авахыг багийн бусад гишүүдээс шаардах эрхтэй.

28.6. Агаарын хөлгийн дарга гадаад улсын агаарын зайд нислэг үйлдэж байх үедээ агаарын хөлгийг албадан саатуулагдах нөхцөл байдалд орсон тохиолдолд тухайн улсын эрх бүхий байгууллагаас холбоогоор болон саатуулагч агаарын хөлгөөс анхааруулга буюу бусад дохиогоор тавьсан шаардлагыг дагана. 

28.7. эмнэлгийн түргэн тусламжийн нислэг үйлдэж байгаа нисгэгч хүний амь аврах зорилгоор арга буюу дүрэмд зааснаас өөр шийдвэр гаргасан бөгөөд энэ үйлдэл нь хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулаагүй бол дүрэм зөрчсөн хариуцлагаас чөлөөлөгдөнө.

28.8. Агаарын хөлгийн дарга энэ хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.6-д заасан аялалын бүртгэлийн дэвтрийг хөтлөх үүрэгтэй.


29 дүгээр зүйл. Дроны нислэг

29.1. Дроноор газрын гадаргуу буюу усны мандлаас 120 метрээс илүү өндөрт Агаарын навигацийн үйлчилгээний  байгууллагын зөвшөөрөлгүйгээр нислэг үйлдэхийг хориглоно. 

29.2. Зайнаас нисгэгчийн гэрчилгээ аваагүй дроны оператор дроноор төлбөртэй буюу нөхөн олговортой үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

29.3. Дроноор нисэх буудал болон бусад агаарын навигацид ашиглагдах агаарын зайд нислэг үйлдэх бол Агаарын навигацийн үйлчилгээний газраас зөвшөөрөл авна.

29.4. Дроныг бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулахгүй ашиглах хариуцлагыг дроны оператор хүлээнэ. Хэрэв дроны оператор хуулийн хариуцлага хүлээх насанд хүрээгүй бол хариуцлагыг түүний эцэг эх, асран хамгаалагч хүлээнэ. 


30 дугаар зүйл. Аюултай бараа агаараар тээвэрлэх

30.1. Нислэгийн оператор агаараар аюултай бараа тээвэрлэх бол аюултай барааг таних, ангилах, хадгалах, тээвэрлэх болон аюултай бараатай холбоотой бусад асуудлыг тусгасан журам гаргаж Даргаар батлуулсны дараа аюултай бараа тээвэрлэх зөвшөөрөл авна. 

30.2. Нислэгийн оператор аюултай бараа тээвэрлэхгүй бол аюултай барааг таних, тусгаарлах, хүлээн авахаас татгалзан буцаах журам гаргаж Даргаар батлуулна. 

30.3. Хувийн аэродромоос нислэг үйлдэж байгаа хувийн нислэг үйлдэх нисгэгч алслагдсан бүс нутагт ослын буулт хийсэн үедээ араатан амьтнаас биеэ хамгаалах зорилгоор цагдаагийн байгууллагад бүртгэгдэж эзэмших зөвшөөрөл авсан галт зэвсэг болон хүйтэн зэвсгийг тусгай зөвшөөрөлгүйгээр нислэгт далд байдалд тээж болно. 

30.4. Нислэгийн үед иргэний агаарын хөлөгт галт зэвсэг хэрэглэхийг хориглоно.

30.5.  Агаарын хөлөгт нэвтрүүлэхийг хориглосон аюултай бараа болон бусад эд зүйлсийн жагсаалтыг Дарга батална. 


31 дүгээр зүйл. Онцгой үүргийн нислэг. 

31.1. Төрийн тусгай хамгаалалт бүхий өндөр албан тушаалтан иргэний агаарын хөлгөөр төрийн айлчлал буюу албан ажлаар зорчих онцгой үүргийн нислэгийн журмыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга, Сайд хамтарч батална.

31.2. Онцгой үүргийн нислэгийн бэлтгэл, бэлэн байдал, нислэгийн аюулгүй байдлыг уг нислэгийг гүйцэтгэх нислэгийн оператор хариуцна. 

31.3. Онцгой үүргийн нислэгт зөвхөн турбинт хөдөлгүүртэй агаарын хөлөг ашиглана. Хөдөлгүүрийн засвар хоорондын баталгаат цагийн 75-аас доош хувийг ашигласан нэг хөдөлгүүртэй нисэх онгоц онцгой үүргийн нислэгт ашиглаж болно. Онцгой үүргийн нислэгт ашиглах нисдэг тэрэг хоёр хөдөлгүүртэй байна. 

31.4. Онцгой үүргийн нислэгээр үйлчлүүлэгч албан тушаалтан нислэгийн үед нисэх багийн гишүүдэд нислэгийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх, эрсдэл үүсгэж болох аливаа үүрэг, тушаал өгөх эрхгүй.  


32 дугаар зүйл. Ядралт

32.1. Нисгэгч долоо хоногт 30, үргэлжилсэн 28 хоногт 100, жилд 1000 цагаас илүү хугацаагаар нисэхгүй. 

32.2. Нислэгийн оператор, зөвшөөрөгдсөн техник үйлчилгээний байгууллага, зөвшөөрөгдсөн сургалтын байгууллага болон агаарын навигацийн үйлчилгээний байгууллага ядралтаас сэргийлэх хөтөлбөртэй байна. 


33 дугаар зүйл. Агаарын хөлөгт авч явах бичиг баримт

33.1. Нислэг үйлдэх агаарын хөлөгт Дараах бичиг баримт байна:

33.1.1. Агаарын хөлгийн бүртгэлийн гэрчилгээ

33.1.2. Радио станцыг гэрчилгээ

33.1.3. Нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ, эсхүл нислэгийн тусгай зөвшөөрлийн бичиг

33.1.4. Нисэх багийн гишүүн бүрд хүчин төгөлдөр гэрчилгээ

33.1.5. Эрүүл мэндийн гэрчилгээ шаардагдах мэргэжлийн гэрчилгээ эзэмшигчид хүчин төгөлдөр эрүүл мэндийн гэрчилгээ, эсхүл түүнтэй дүйцүүлэх баримт

33.1.6. Аялалын бүртгэлийн дэвтэр.

33.2. Агаарын тээвэрлэлтэд оролцдог нислэгийн операторын хувьд агаарын хөлөгт Дараах нэмэлт бичиг баримт байхыг шаардана:

33.2.1. Зорчигчийн нэрсийн жагсаалт

33.2.2. Ачааны нэрсийн жагсаалт

33.2.3. Нислэгийн операторын гэрчилгээний баталгаажуулсан хуулбар

33.2.4. Нислэгийн операторын гэрчилгээний агаарын хөлөгт хамаарах үйл ажиллагааны тодорхойлолтын хуулбар

33.2.5. Агаарын хөлгийн бохирдлын стандартыг хангасан болохыг нотлох баримт


34 дүгээр зүйл. Хувийн нислэг болон нисэх клубийн нислэгийн зардал хуваах

34.1. Хувийн хэрэгцээнд үйлдэгдэх нислэгийн шууд зардлыг зорчигчтой хуваан гаргуулж болох ба агаарын хөлгийн нисгэгч, эсхүл эзэмшигч уг зардлын 50-ээс доошгүй хувийг хариуцна.

34.2. Нисэх клубийн үйл ажиллагаанд ашиглах агаарын хөлгийн хувьд танилцах болон хэт хөнгөн агаарын хөлгийн нислэгийн ажилтны сургалтын нислэгийн шууд зардлыг клубийн гишүүн, клубийн үйл ажиллагаатай танилцах хүсэлтэй этгээдээс гаргуулж болно. Нисэх клуб нь тус клубийн гишүүн бус этгээдэд, эсхүл хэт хөнгөн бус агаарын хөлгөөр нислэгийн сургалтын үйлчилгээ үзүүлэх бол зөвшөөрөгдсөн сургалтын байгууллагын гэрчилгээ авсан байна. 

34.3. Агаарын тээврийн болон коммерийн нисгэгчийн хүчин төгөлдөр гэрчилгээгүй нисгэгч агаараас ажиглагт хийх, зураг авах, эргүүл хийх буюу эрэн хайх авран туслах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээс бусад төлбөртэй нислэгийн үйл ажиллагаанд нисгэгчийн үүрэг гүйцэтгэхийг хориглоно. 


35 дугаар зүйл. Аз турших үйл ажиллагаа

35.1. Агаарын бөмбөлөг, шүхэр, параглайдер, дельтаплан болон бусад хэт хөнгөн агаарын хөлгийн нислэгийн үйл ажиллагааг зөвхөн өдрийн цагаар үйлдэнэ. 

35.2. Аз турших үйл ажиллагаанаас үүсэх эрсдэлийг тухайн үйл ажиллагаанд оролцогч сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ. Аз турших үйл ажиллагаанд оролцогч гэнэтийн ослын даатгалд заавал хамрагдсан байна. 

35.3. Аз турших үйл ажиллагаа нь агаарт байгаа бусад агаарын хөлөг, газарт байгаа хүн, эд хөрөнгө, байгалийн өвөрмөц тогтцод хохирол учруулахгүй байх ёстой. 

 


ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ.

ЭДИЙН ЗАСГИЙН ЗОХИЦУУЛАЛТ


36 дугаар зүйл. Агаарын харилцааны газар (Office of aviation)

36.1. Иргэний нисэхийн асуудал эрхэлсэн Сайд дэргэдээ иргэний нисэхийн талаар төрийн бодлогыг боловсруулах, агаарын зайн бүрэн эрхийг хэрэгжүүлэх, аюулгүй байдалд шаардлагатай эдийн засгийн чадавхыг дэмжих, агаарын харилцаа хөтлөх, хэрэглэгчийн эрхийг хамгаалах, иргэний нисэхийн салбарын уялдаа холбоог хангах болон иргэний нисэхэд хамаарах санхүүжилтийн асуудлыг хариуцсан Агаарын харилцааны газар ажиллуулна.

36.2. Агаарын харилцааны газар нь өнгөрөлтийн нислэгээс хураасан агаарын навигацийн хураамжийн тэг аравны таван (0.5) хувиар санхүүжнэ. 


37 дугаар зүйл. Иргэний нисэхийн хөгжлийн сан (Civil Aviation Development Fund)

37.1. Өнгөрөлтийн нислэгт үйлчилсэн агаарын навигацийн үйлчилгээний хураамж болон энэ хуульд заасан бусад эх үүсвэрүүдээс Иргэний нисэхийн хөгжлийн санг бүрдүүлэн иргэний нисэхийн дараах байгууллага, үйл ажиллагааг батлагдсан төсвийн хүрээнд шаардлагатай санхүүжилтээр сааталгүй хангахад зарцуулна. Үүнд:

37.1.1. Агаарын харилцааны газар;

37.1.2. Иргэний нисэхийн аюулгүй байдлын агентлаг;

37.1.3. Нислэг техникийн ослыг шинжлэн шалгах алба;

37.1.4. Агаарын навигацийн үйлчилгээний байгууллага;

37.1.5. Иргэний нисэхийн дэд бүтцийн хөгжил;

37.1.6. Иргэний нисэхийн боловсон хүчний сургалт;

37.1.7. Иргэний нисэхийн салбарын хөгжилд чиглэсэн судалгаа, хөгжүүлэлт;

37.1.8. Монголын иргэний нисэхийн салбарт зориулсан олон улсын зөвлөх үйлчилгээний санхүүжилт;

37.1.9. Нийгмийн зайлшгүй үйлчилгээнд татаас олгох.

37.2. Иргэний нисэхийн хөгжлийн сангийн удирдлагыг Агаарын харилцааны газар хариуцна. 

37.3. Иргэний нисэхийн хөгжлийн сангийн ерөнхийлөн захирагч нь Сайд байна. 


38 дугаар зүйл. Агаарын харилцааны газрын бүрэн эрх

38.1. Агаарын харилцааны газар Дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

38.1.1. Монгол улс нэгдэн орох боломжтой олон улсын иргэний нисэхийн гэрээний асуудлыг судлах, нэгдэн орсон олон улсын гэрээний хэрэгжилтийг хянахад Сайдад туслах;

38.1.2. Засгийн газар хоорондын агаарын харилцааны гэрээний асуудлыг зохицуулах, энэ асуудлаар Сайдад туслах;

38.1.3. агаарын тээвэрт эдийн засгийн үр ашигтай орчин бүрдүүлэх;

38.1.4. агаарын тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх;

38.1.5. агаарын тээвэрлэгч нислэгийн аюулгүй байдалд зарцуулах санхүүгийн боломжтой байх нөхцөлийг бүрдүүлэх;

38.1.6. өрсөлдөөнд шударга бусаар оролцохыг хязгаарлах, зүй ёсны болон үүсмэл монополын дарамтаас хэрэглэгчдийг хамгаалах; 

38.1.7. зорчигч, ачаа илгээгч болон хүлээн авагчийн эрх ашгийг хамгаалах; 

38.1.8. Өнгөрөлтийн нислэгт үйлчилсэн агаарын навигацийн үйлчилгээний хураамжийг хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулах, хуваарилах;

38.1.9. Төрөөс иргэний нисэхийн талаар тодорхойлсон бодлогын хэрэгжилтийн хангах, хянах;

38.1.10. Сайдаас өгсөн шуурхай үүргийн биелэлтийг зохион байгуулах, хянах;

38.1.11. Төрийн өмчийн нисэх буудлын өмчлөл, удирдлагын эрх үүргийг хэрэгжүүлэх;

38.1.12. Иргэний нисэхийн салбар дахь төрийн өмчийн бусад байгууллагын өмчлөлийн төлөөллийн эрхийг хэрэгжүүлэх.

38.2. Энэ зүйлийн 38.1-д заасан зохицуулалтын хэм хэмжээг энэ хууль болон Сайдын баталсан эдийн засгийн зохицуулалтын дүрмээр тогтооно. 


39 дүгээр зүйл. Эдийн засгийн зохицуулалтын дүрэм

39.1. Эдийн засгийн зохицуулалтын дүрэм дараах асуудлыг хамран зохицуулна:

39.1.1. олон улсын хуваарьт нислэгийн агаарын тээвэрлэгчийг томилох;

39.1.2. гадаадын агаарын тээвэрлэгчид зөвшөөрөл олгох;

39.1.3. агаарын тээвэрлэгчийн хариуцлага;

39.1.4. агаарын хөлгийн түрээсийн бүртгэл, зохицуулалт;

39.1.5. тээвэрлэлтийн гэрээ;

39.1.6. тээвэрлэлтийн үнэ, тариф;

39.1.7. хөнгөлөлтэй үнээр тээвэрлэх;

39.1.8. шуудан тээвэрлэх;

39.1.9. багтаамжаас давуулж захиалга авах;

39.1.10. зорчигчийн бүртгэл;

39.1.11. нийгмийн зайлшгүй үйлчилгээний нислэгт татаас өгөх шалгуур;

39.1.12. хууль тогтоомжийн дагуу дайчлагдсан нислэгийн оператор, aгаарын хөлгийн өмчлөгчид олгох нөхөн олговор;

39.1.13. агаарын тээвэрт хөгжлийн бэрхшээлийн үндэслэлээр ялгаварлан гадуурхахыг хориглох;

39.1.14. агаарын навигацийн зүй ёсны монопол үйлчилгээний хураамж;

39.1.15. иргэний нисэхийн хөгжлийн сан;

39.1.16. төрийн  болон орон нутгийн өмчит нисэх буудлуудын үйлчилгээний хураамж;

39.1.17. нисэхийн аюулгүйн хамгаалалтын үйлчилгээний хураамж;

39.1.18. статистикийн мэдээлэл;

39.1.19. Сайдын тушаалаар зохицуулахаар тогтоосон бусад асуудал.


39.2. Нийтийн эрх ашиг хохирохгүй гэж үзвэл Сайд эдийн засгийн зохицуулалтын дүрмийн шаардлагаас тодорхой хугацаагаар агаарын тээвэрлэгчийг чөлөөлж болно. Эдийн засгийн дүрмийн шаардлагын чөлөөлөлт нь бусад агаарын тээвэрлэгчид нэгэн адил үйлчлэх бөгөөд аль нэг агаарын тээвэрлэгчид тусгайлсан хөнгөлөлт, давуу байдал олгохгүй. 


40 дүгээр зүйл. Олон улсын агаарын тээвэрлэлтийн томилгоо

40.1. Зорчигч тээврийн агаарын хөлгөөр олон улсын агаарын тээврийн тогтмол нислэгийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг Сайд олгож тогтмол нислэг үйлдэх зах зээлд уг тээвэрлэгчийг томилно. Энэ томилгоо нь агаарын харилцааны гэрээ болон дагалдах бусад хэлэлцээрт өөрөөр заагаагүй бол хугацаагүй байна. 

40.2. Ачаа тээврийн дагнасан нислэгийн, захиалгат нислэгийн болон орон нутгийн агаарын тээврийн үйл ажиллагаа эрхлэхэд агаарын тээвэрлэлтийн тусгай зөвшөөрөл эсхүл томилгоо шаардахгүй. 

40.3. Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээд, энэ хуулийн 40.1-д заасны дагуу олгосон агаарын тээврийн үйл ажиллагааны зөвшөөрлийг түдгэлзүүлэх, өөрчлөх, эсхүл хүчингүй болгох хүсэлтийг Сайдад гаргаж болно. Энэ хүсэлт нь олон улсын агаарын тээврийн шугамд шинэ тээвэрлэгч нэвтрэх эрхийг хязгаарлах хүсэлт байж болохгүй. 

40.4. Сайд энэ зүйлийн 40.1-д заасны дагуу олгосон томилгоог үндэслэлгүйгээр түдгэлзүүлэх буюу цуцалж хөрөнгө оруулагчийг санхүүгийн эрсдэлд оруулахгүй байх үүрэгтэй.

40.5. Олон улсын агаарын тээврийн үйл ажиллагаа эрхлэх томилгоог бусдад шилжүүлэхгүй. 


41 дүгээр зүйл. Агаарын тээвэрлэгчийн хариуцлага

41.1. Агаарын тээвэрлэгч нь зорчигч, агаарын ачаа илгээгч буюу агаарын ачаа хүлээн авагчийн өмнө аюулгүй, сааталгүй тээвэрлэлтийн хариуцлага хүлээнэ.

41.2. Олон улсын агаарын тээвэрлэлтэд оролцож байгаа тээвэрлэгчийн хариуцлагын хязгаарыг Монгол Улс болон чиглэл болох гадаад улсын хамтдаа элсэн орсон олон улсын гэрээний горимоор зохицуулна.

41.3. Орон нутгийн агаарын тээврийн үйл ажиллагаанд тээвэрлэгчийн хариуцлагын хязгаар дараах хэмжээтэй байна:

41.3.1. нислэгийн үед осол болон агаарын хөлөгт тохиолдсон гэнэтийн үйл явдлын улмаас зорчигчид учирсан биеийн гэмтэл, амь насны хохиролд нэг зуун мянган төлбөрийн нэгж;

41.3.2. нислэгийн үед ачаа алдагдсан, гэмтсэн тохиолдолд  үнэ цэнийг мэдүүлээгүй ачааны килограмм тутамд арван төлбөрийн нэгж; 

41.3.3. нислэгийн үед тээш алдагдсан, гэмтсэн тохиолдолд үнэ цэнийг мэдүүлээгүй бол зорчигчид нэг зуун төлбөрийн нэгж;

41.3.4. ачаа, тээшийг үнэ тогтоож мэдүүлсэн бол тээвэрлэгч нэмэлт төлбөр авах эрхтэй ба хариуцлагын хязгаарыг тухайн эд зүйлийн бодит үнэ цэн ямар байсан эсэхээс үл хамаарч тээвэрлэлтэд өгөхдөө мэдүүлсэн үнэ цэнээр тогтооно. 

41.3.5. Ачаа, тээш бүхэлдээ гэмтээгүй үед хариуцлагын хэмжээг гэмтсэн хэсэгт харгалзуулан тооцно.

41.4. Агаарын хөлгийн ослын улмаас зорчигч нас барсан, эсхүл хүнд гэмтсэн тохиолдолд агаарын тээвэрлэгч энэ хуулийн 41.3-д заасны дагуу олгох бөгөөд 41.3.1-д заасан хариуцлагын хязгаарын 15 хувьтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг тухайн ослын хохирогчийг тогтоосноос хойш хуанлийн 15 хоногийн дотор үл маргах журмаар урьдчилан төлөх үүрэгтэй. 

41.5.Тээвэрлэгч нь тээвэрлэгчийн хариуцлагыг даатгуулах үүрэгтэй

41.6. Тээвэрлэгч нь агаарын хөлгийн багийн гишүүдийн амь нас, эрүүл мэндэд учирч болох хохирлыг даатгуулах үүрэгтэй. Агаарын хөлгийн багийн гишүүдэд олгох нөхөн төлбөрийн хэмжээ нь зорчигчийн өмнө хүлээх хариуцлагын хэмжээнээс багагүй байна. 

42.7. Хариуцлагатай холбоотой маргааныг шийдвэрлэх зорилгоор олон улсын хувийн агаарын эрх зүйн тодорхойлолт, шийдвэрлэсэн хэргүүдийг шүүх болон бусад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тайлбар хийх үндэслэл болгон ашиглана.


42 дугаар зүйл. Агаарын тээвэр дэх өрсөлдөөн

42.1. Нийгмийн зайлшгүй үйлчилгээнд татаас олгож байгаагаас бусад тохиолдолд, дотоодын агаарын тээвэрлэлтийн үнэ тарифыг төрөөс зохицуулахгүй.

42.2. Нэг нислэгийн шугамд үйлчилж байгаа агаарын тээвэрлэгчид ижил нөхцөлтэй үйлчилгээнд ижил үнэ тогтоохыг хориглоно. 

42.3. Агаарын тээврийн үйлчилгээ зайлшгүй шаардлагатай сум, суурин газарт хүргэх нийгмийн зайлшгүй үйлчилгээ, Засгийн газрын бодлого, дэмжлэгээр шинээр нислэгийн шугам нээж байгаагаас бусад нислэгийн шугамд өрсөлдөөнийг хязгаарлахгүй. Шинээр нээж байгаа нислэгийн шугамын өрсөлдөөний хязгаарлалт анхны тээвэрлэлт эхэлснээс хойш 24 сараас хэтрэхгүй хугацаанд үргэлжилнэ.

42.4. Агаарын тээвэрлэгч нь өөрийн эзэмшлийн техник үйлчилгээ, сургалт, газрын үйлчилгээ, катеринг шатахуун хангалтын үйлчилгээг, уг үйлчилгээ шаардлагатай өрсөлдөгчдөө үзүүлэхээс хүндэтгэх шалтгаангүйгээр татгалзах, тус үйлчилгээг зах зээлийн үнэлгээнээс өндөр үнэлэн үйлчилж өрсөлдөгчийнхөө зардлыг нэмэгдүүлэхийг хориглоно. 

42.5. Агаарын тээвэрлэгч нь өөрийн бүтэгдэхүүний зар сурталчилгааг өрсөлдөгч, түүний бүтээгдэхүүнтэй нэр зааж харьцуулж явуулахыг хориглоно. 


43 дугаар зүйл. Агаарын тээвэрлэгчийн өмчлөл болон ажиллах хүч 

43.1. Монгол Улсын агаарын тээвэрлэгчийн өмчлөлийн 51-ээс доошгүй хувь нь Монгол Улсын иргэний, эсхүл Монгол улсын иргэд буюу төр 51-ээс доошгүй хувийг өмчилдөг Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээдийн өмчлөлд байна.

43.2. Агаарын тээвэрлэгч нь өөрийн өмчлөлийн эрхийн талаар аливаа өөрчлөлтийг Сайдад мэдэгдэх үүрэгтэй.

43.3. Агаарын тээвэрлэгчийн нисгэгчдийн 75-аас цөөнгүй хувь нь Монгол Улсын иргэн байна. 

Тайлбар: Энэ хэсгийг 2036 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөнө.

43.4. Агаарын тээвэрлэгчийн нисгэгч буюу техник үйлчилгээний ажилтны 75-аас цөөнгүй хувь нь агаарын тээвэрлэгчтэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан байнгын ажилтан байна. Контрактаар ажиллах нислэгийн ажилтны ажиллах хугацаа 36 сараас хэтрэхгүй байна.


44 дүгээр зүйл. Гадаадын агаарын тээвэрлэгчид зөвшөөрөл олгох

44.1. Гадаадын агаарын тээвэрлэгч нь Монгол Улс руу агаарын тээврийн нислэг үйлдэхдээ Сайдаас зөвшөөрөл авна. 

44.2. Сайд дараах шаардлагыг хангасан гэж үзвэл тухайн зөвшөөрлийг олгож болно:

44.2.1. хүсэлт гаргагч нь энэ хууль болон иргэний нисэхийн  дүрмийн шаардлагыг биелүүлж гадаадын нислэгийн операторын гэрчилгээ авсан байх;

44.2.2. олон улсын агаарын тээврийн үйл ажиллагаа эрхлэхээр Монгол Улстай байгуулсан гэрээнд заасан нөхцөлийн дагуу өөрийн улсаас томилогдсон бөгөөд тухайн үйл ажиллагааг гүйцэтгэх чадамжтай байх.

44.3. Сайд энэ хууль болон иргэний нисэхийн дүрэм, аюулгүй байдлын, эсхүл тухайн зөвшөөрлийн нөхцөл, хязгаарлалтыг зөрчсөн тохиолдолд уг зөвшөөрлийг түдгэлзүүлэх, эсхүл хүчингүй болгох эрхтэй.

44.4. Гадаадын агаарын тээвэрлэгч нь дотоодын агаарын тээвэрлэлтийн үйл ажиллагаа (каботаж) эрхлэхийг хориглоно.


45 дугаар зүйл. Агаарын тээвэрлэлтийн гэрээ

45.1. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байгуулах агаарын тээвэрлэлтийн гэрээний нөхцөл, үнэ тариф ил тод, хэрэглэгчид ойлгомжтой, хүртээмжтэй хэлбэрээр борлуулагчийн цахим хуудаст байрлуулсан байна. Борлуулагч нь цахим хуудас байхгүй бол гэрээ байгуулахаас өмнө гэрээний нөхцөлийг хэрэглэгчид урьдчилан танилцуулна. 

45.2. Агаарын тээвэрлэлтийн гэрээний нөхцөл нь Эдийн засгийн зохицуулалтын дүрмийн  шаардлагад нийцсэн байна.


ТАВДУГААР БҮЛЭГ.

АГААРЫН НАВИГАЦИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

46 дугаар зүйл. Агаарын навигацийн үйлчилгээний байгууллага (Air Navigation Services Organisation)

46.1. Монгол Улсын агаарын зайд агаарын навигацийн үйлчилгээг төрийн өмчит агаарын навигацийн үйлчилгээний байгууллага дангаараа үзүүлнэ.

46.2. Агаарын навигацийн үйлчилгээний байгууллагын гүйцэтгэх удирдлагыг Сайд томилно. Гүйцэтгэх удирдлага дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

46.2.1. Нисэхийн ажилтны мэргэжлийн гэрчилгээ, эсвэл холбоо навигацын техникчийн гэрчилгээг 5-с цөөнгүй жил эзэмшсэн Гүйцэтгэх Захирал;

46.2.2. Нислэгийн удирдагч эсхүл холбоо навигацийн техникчийн гэрчилгээг 5-с цөөнгүй жил эзэмшсэн  Үйлдвэрлэлийн Захирал.

46.3. Гүйцэтгэх удирдлагыг зэрэг томилох болон чөлөөлөх бөгөөд томилогдох хүмүүсийн мэргэжил зөрсөн байна.

46.4. Агаарын навигацийн үйлчилгээний байгууллагын ажилтан Монгол улсын иргэн байна. Энэ хязгаарлалт гадаадын агаарын хөлгүүдийн үзүүлэх нислэг үйлдэх тусгай зориулалтын агаарын зайд зохион байгуулагдсан нисэхийн арга хэмжээ явуулахад хамаарахгүй байж болно.


47 дугаар зүйл. Агаарын навигацийн үйлчилгээний  байгууллагын бүтэц 

47.1.Агаарын навигацийн үйлчилгээний байгууллага дараах нэгжийг заавал ажиллуулна:

47.1.1. Холбоо навигацийн тоног төхөөрөмж, тэдгээрийн техник үйлчилгээний нэгж;

47.1.2. Нислэгийн хөдөлгөөний удирдлагын нэгж;

47.1.3. Нислэгийн журам зохиох нэгж;

47.1.4. Нисэхийн цаг уурын үйлчилгээний нэгж;

47.1.5. Нислэгийн мэдээллийн үйлчилгээний нэгж;

47.1.6. Агаарын навигацийн дэд бүтцийн байнгын бэлэн байдлыг хангахад шаардагдах бусад туслах нэгж. 


48 дугаар зүйл. Агаарын навигацийн үйлчилгээний байгууллагын өөрийгөө хянан зохицуулах эрх

48.1. Агаарын навигацийн үйлчилгээний газар нь Чикагогийн конвенц, түүний холбогдох Хавсралтууд, дагалдан гарсан бусад баримт бичиг, үндэсний эрх зүйн хүрээнд өөрийгөө хянан зохицуулах эрхийг Дарга олгож, уг эрхийг хэрэгжүүлэгчийг Агаарын навигацийн үйлчилгээний байгууллагын ажилтнуудаас сонгон томилж болно. Хэрэв ийнхүү томилогдсон этгээд хянан зохицуулах эрх мэдлийг хангалтгүй хэрэгжүүлж байна гэж үзвэл Дарга Агентлагаас эрх хэрэгжүүлэгчийг томилох бөгөөд энэ эрх хэрэгжүүлэгчтэй холбоотой гарах зардлыг Агаарын навигацийн үйлчилгээний байгууллагаас гаргана.

48.2. Хяналт зохицуулалт нь Дараах чиглэлээр байна:

48.2.1. Холбоо навигацийн тоног төхөөрөмж, тэдгээрийн техник үйлчилгээ;

48.2.2. Нислэгийн хөдөлгөөний удирдлага;

48.2.3. Хэрэглэлийн нислэгийн журам;

48.2.4. Нисэхийн цаг уурын үйлчилгээ;

48.2.5. Нислэгийн Мэдээллийн үйлчилгээ;

48.2.6. Нисэхийн Мэдээллийн ажилтны мэргэжлийн гэрчилгээ, зэрэг;

48.2.7. Холбоо навигацийн техникчийн гэрчилгээ, зэрэг; 

48.2.8. Нислэгийн удирдагч, нисэхийн Мэдээллийн ажилтан, холбоо навигацийн техникч бэлтгэх болон дадлагажуулах сургалтын байгууллагын гэрчилгээжүүлэлт.

48.3. Агаарын навигацийн үйлчилгээний албаны өмчлөл болон түрээсийн ашиглалтад байдаггүй бусад тоног төхөөрөмжийг Нисэхийн аюулгүй байдлын агентлаг гэрчилгээжүүлнэ.  

48.4. Агаарын навигацийн үйлчилгээний байгууллага нь агаарын навигацийн үйлчилгээ үзүүлсэн хураамж болон үйл ажиллагааны бусад орлогоос Сайдын баталсан төсвийн дагуу санхүүжнэ. 

48.5. Агаарын навигацийн үйлчилгээнд ашиглах радио холбооны давтамж нь хөндлөнгийн нөлөөллөөс хамгаалагдсан байна. 

48.6. Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээнд зориулсан холбоо ашиглалтгүй болсон тохиолдолд нислэгийн аюулгүй байдлыг хангах, нислэгийн хөдөлгөөн удирдах хойшлуулшгүй ажиллагаатай холбоотой мэдээллийг нийтийн холбооны бүх төрлийн хэрэгслээр тэргүүн ээлжид саадгүй дамжуулна. 

48.7. Агаарын хөлгийн аэродромын бүсийн ойртолт, буулт хөөрөлтийн  нислэгийн хөдөлгөөнд ашиглагдах агаарын навигацийн тоног төхөөрөмж нь аэродром эзэмшигчийн өмчлөлд байж болно. 

48.8. Агаарын навигацийн үйлчилгээний байгууллага нь Монгол Улсын агаарын навигацийн үйлчилгээнд ашиглах нисэхийн, газрын гадаргуугийн, саадын болон аэродромын зургийг агуулсан нисэхийн өгөгдлийн нэгдмэл санг бүрдүүлэх үүрэгтэй. 

48.9. Агаарын хөлөг нислэг үйлдэж байгаа үед тухайн агаарын хөлөгт агаарын навигацийн үйлчилгээ үзүүлэхээр томилогдсон агаарын навигацийн үйлчилгээний байгууллагын ажилтан үйлчилгээ үзүүлэхээс татгалзах, тоног төхөөрөмжийн ажиллагааг зориудаар зогсоохыг хориглоно.

48.10. Энэ хуулийн 47.1.5-д заасан нислэгийн Мэдээллийн үйлчилгээний нэгжийн гаргаж буй нислэгийн мэдээллийг нийтэд түгээхийн өмнө энэ зүйлийн 48.1-д заасан Даргын томилсон хянан зохицуулалтын эрх хэрэгжүүлэгчид танилцуулж зөвшөөрөл авна. Мэдээллийн үнэн зөв эсэхийг Агаарын навигацийн үйлчилгээний байгууллага хариуцна.


49 дүгээр зүйл. Агаарын зайг ашиглах

49.1. Монгол улсад бүртгэлтэй болон Монгол улсын нислэгийн оператор, Монгол улсын иргэний өмчлөл буюу ашиглалтад байгаа агаарын хөлөг агаарын навигацийн үйлчилгээг авах эрхтэй.

49.2. Монгол Улсын агаарын зайг ашиглахыг хүссэн гадаадын агаарын хөлөгт Агаарын харилцааны газар зөвшөөрөл олгож нислэгийг хууль ёсны болгоно; дараа нь Агаарын навигацийн үйлчилгээний газар агаарын замаар аюулгүй зайчлалын стандартыг хангуулан агаарын навигацийн үйлчилгээ үзүүлнэ.

49.3. Гадаадын иргэн, хуулийн этгээд нь Монгол Улсын агаарын зайд нислэг үйлдэх агаарын хөлгийн нислэгтэй холбоотой мэдээллийг агаарын навигацийн үйлчилгээний байгууллагын нислэгийн урсгал төлөвлөлтийн нэгжид урьдчилан мэдэгдэж, нислэг үйлдэх зөвшөөрөл авна.

49.4. Агаарын хөлөг нь Монгол Улсын агаарын зайд орох буюу гарахдаа агаарын навигацийн үйлчилгээний байгууллагаас агаарын хил нэвтрэх зөвшөөрөл авна.

49.5. Агаарын навигацийн үйлчилгээний байгууллага нь Дарга болон Иргэний нисэхийн аюулгүй байдлын агентлагийн зүгээс энэ хуульд заасны дагуу саатуулсан агаарын хөлөгт үйлчлэхээс татгалзах, нислэгт зөвшөөрөхгүй байх үүрэгтэй. 


50 дугаар зүйл. Зөрчил гаргасан агаарын хөлөг

50.1. Монгол Улсын агаарын зайд нислэг үйлдэх болон улсын хилийг орох, гарах цэгээр нэвтрэн өнгөрөх журмыг зөрчсөн, түүнчлэн эрх бүхий байгууллагын зохих зөвшөөрөлгүй улсын агаарын хил нэвтэрсэн агаарын хөлгийг зөрчил гаргасан агаарын хөлөг гэж үзнэ. 

50.2. Агаарын навигацийн үйлчилгээний байгууллага нь зөрчил гаргасан агаарын хөлгийн талаар Цэргийн удирдлагын дээд байгууллагад мэдэгдэж, агаарын хөлгийн нисэх багт зөрчлөө нэн даруй зогсоох, эсхүл заасан газарт буух шаардлага тавина. 

50.3. Үндэсний аюулгүй байдалд онц ноцтой хохирол учруулах илэрхий бөгөөд тулгарсан эрсдэл үүссэнээс бусад тохиолдолд зөрчил гаргасан иргэний агаарын хөлгийн эсрэг зэвсэг хэрэглэхийг хатуу хориглоно. 

50.4.  Монгол улсын бүртгэлтэй болон Монгол улсын нислэгийн операторын ашиглаж байгаа агаарын хөлөг гадаад улсын агаарын зайд зөрчил гаргасан бол тухайн улсын эрх  бүхий байгуулага, саатуулж буй агаарын хөлгөөс холбоогоор буюу дохиогоор тавьсан шаардлагыг биелүүлнэ.  


51 дүгээр зүйл. Агаарын хөлөгт тусламж үзүүлэх

51.1. Агаарын навигацийн үйлчилгээний байгууллага нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр аюул тулгарсан агаарын хөлгийн талаар зохих журмын дагуу холбогдох байгууллагад мэдэгдэх үүрэгтэй. 

51.2. Монгол Улсын нутаг дэвсгэрт аюул тулгарсан, эсхүл осолдсон агаарын хөлөгт тусламж үзүүлэх, эрэн хайх, авран туслах үйл ажиллагааг тухайн агаарын хөлгийн өмчлөгч буюу ашиглагч, бүртгэгч улсын эрх бүхий байгууллага, гамшгаас хамгаалах эрх бүхий байгууллага хамтран гүйцэтгэнэ. 

51.3. Орон нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, иргэд осолдсон агаарын хөлгийн талаар холбогдох байгууллагад нэн даруй мэдээлэх, хүмүүсийн амь насыг аврах, эмнэлгийн болон бусад зайлшгүй тусламж үзүүлэх, агаарын хөлөг, түүний баримт бичгийг хамгаалах үүрэгтэй.


52 дугаар зүйл.  Аюулын дохио 

52.1. Аюул тулгарсан, эсхүл осолдсон агаарын хөлөгт тусламж үзүүлэхэд эрэн хайх, авран туслах үйл ажиллагаанд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аюулын дохиог ашиглана. 


53 дугаар зүйл. Эрэн хайх, авран туслах үйл ажиллагаа

53.1. Аюул тулгарсан, эсхүл осолдсон агаарын хөлгийн тухай мэдээлэл нь тэргүүн ангилалд байна.   

53.2. Аюул тулгарсан, эсхүл осолдсон агаарын хөлгийн талаар мэдээлэл авсан холбогдох байгууллага нь эрэн хайх, авран туслах үйл ажиллагааг нэн даруй зохион байгуулна. 

 53.3. Аэродром ашиглагч, орон нутгийн засаг захиргааны байгууллага, хуулийн этгээд, иргэд аюул тулгарсан, эсхүл осолдсон агаарын хөлгийн баг, зорчигчдын амь насыг аврах, тэдэнд эмнэлгийн болон бусад зайлшгүй тусламж үзүүлэх бололцоотой арга хэмжээ авах үүрэгтэй. 

53.4. Сураггүй алга болсон агаарын хөлгийг эрэн хайх ажиллагааг зогсоох шийдвэрийг Засгийн газар гаргана.


54 дүгээр зүйл. Агаарын навигацийн үйлчилгээний хураамж

54.1. Аюулгүй байдлыг хангах шалтгаанаар зүй ёсны монопол байх агаарын навигацийн үйлчилгээ нь ашгийн бус байна. Агаарын навигацийн үйлчилгээнд орлогын төлөвлөгөө ногдуулахыг хориглоно.

54.2. Агаарын навигацийн үйлчилгээний хураамж, түүний төрөл, хэмжээг эдийн засгийн зохицуулалтын дүрмийн дагуу Сайд тогтооно.

54.3. Монгол улсын нутаг дэвсгэрт буух буюу нутаг дэвсгэрээс хөөрөх агаарын хөлөгт үзүүлсэн агаарын навигацийн үйлчилгээний хураамжийг Агаарын навигацийн үйлчилгээний байгууллага хураан авч Сайдын баталсан төсийн дагуу захиран зарцуулна.

54.4. Монгол улсад буухгүйгээр дамжин өнгөрч байгаа нислэгт үйлчилсэн агаарын навигацийн үйлчилгээний хураамжийг Иргэний нисэхийн хөгжлийн санд төвлөрүүлж, Сайдын баталсан төсөв, хуваарилалтын дагуу зарцуулна.

54.5. Агаарын навигацийн үйлчилгээний хураамж шилжүүлэн авах дансыг нийтэд ил байна. 

54.6. Гадаадын агаарын хөлгөөр  захиалгат өнгөрөлтийн нислэг үйлдэх бол агаарын навигацийн үйлчилгээний хураамжийг урьдчилан авна. 


55 дугаар зүйл. Агаарын навигацийн үйлчилгээний хөнгөлөлт

55.1. Дараах тохиолдолд агаарын навигацийн үйлчилгээний хураамжаас чөлөөлнө. Үүнд:

55.1.1. Монгол Улсын нутаг дэвсгэрт нислэг үйлдэх, Монгол Улсын бүртгэлтэй агаарын хөлгийн хөөрөлтийн гэрчилгээжсэн дээд жин 5700 килограммаас ихгүй бол;

55.1.2. төлбөртэй ачаалалгүйгээр үйлдэж байгаа сургалт, дадлага, туршилтын нислэг;

55.1.3. түргэн тусламжийн нислэг;

55.1.4. гамшгаас хамгаалах нислэг;

55.1.5. Засгийн газар, олон улсын байгууллагын хүсэлтээр үйлдэж байгаа хүмүүнлэгийн тусламжийн нислэг;

55.1.6. агаарын навигацийн тоног төхөөрөмжийг тохируулах, шалгах нислэг;

55.1.7. осолдсон агаарын хөлгийг эрэн хайх, авран туслах болон ослын хохирогчдын ар гэр, ойр дотнын хүмүүсийг тээвэрлэх захиалгат нислэг;

55.1.8. эрх бүхий байгууллагаас хүсэлт гаргасан тохиолдолд онцгой үүргийн нислэг;

55.1.9. Иргэний нисэхийн хөгжлийн сангаас нөхөн олговор авч байгаа нийгмийн зайлшгүй үйлчилгээний нислэг  


ЗУРГААДУГААР БҮЛЭГ.

НИСЭХ БУУДАЛ, АЭРОДРОМ


56 дугаар зүйл. Нисэх буудал, аэродром

56.1. Суудлын багтаамж нь 30 буюу түүнээс дээш зорчигчтой агаарын хөлгөөр, хуваарьт агаарын тээврийн үйл ажиллагаа явуулахад үйлчилдэг аэродром нь энэ хууль болон иргэний нисэхийн дүрмийн дагуу гэрчилгээжсэн байна. 

56.2. Нисэх буудал, аэродромын үйлчилгээ эрхлэгч нь энэ хууль болон Чикагогийн Конвенцын хавсралт 14-т нийцсэн бөгөөд тухайн аэродромын зориулалтад тохирсон тоног төхөөрөмжөөр тоноглож, нислэгийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй. 

56.3. Нутгийн захиргааны байгууллага нь иргэний нисэхийн аюулгүй байдлын агентлагийн саналаар таван мянгаас дээш байнгын оршин суугчтай суурин газарт аэродром байгуулах газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авна. 

56.4. Нислэгийн аюулгүй байдлын шаардлагын үүднээс иргэний нисэхийн аюулгүй байдлын агентлаг аэродром орчмын аюулгүйн бүсийг тогтооно. 

56.5. Аэродром орчмын дэвсгэр газарт нисэхийн зориулалттай тэмдэг, гэрэл дохиололтой ижил төстэй зүйл байрлуулахыг хориглоно.

56.6. Аэродромын аюулгүйн бүсэд агаарын хөлгийн буух, хөөрөх чиглэлийн дагуу иргэний нисэхийн дүрэмд зөвшөөрснөөс өндөр байгууламж барих, шувуу цугларах үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхийг хориглоно.


57 дугаар зүйл. Нисэх буудал, аэродромын өмчлөл

57.1. Улсын нисэхтэй хамтран ашигладаг нисэх буудал, аэродром төрийн өмчлөлд байна. 

57.2 Нийслэл, аймаг, сумын хэрэгцээний аэродром, нисэх буудал нутгийн захиргааны, хувийн, эсхүл нийтийн болон хувийн хамтарсан өмчлөлд байж болно. 

57.3. Иргэн, хуулийн этгээд өөрийн өмчлөлийн аэродром, нисэх буудал, нисэх зурвас байгуулж болно. 

57.4. Энэ хуулийн 57.1, 57.2-т заасан нисэх буудлын хамгаалалттай талбайд энэ хуулийн дагуу гэрчилгээжсэн нислэгийн оператор, суурин оператор, агаарын хөлгийн техник үйлчилгээний байгууллага, нисэхийн сургалтын байгууллага болон нислэгт шууд үйлчлэх бусад байгууллага өөрийн зорчигчийн буюу ачааны терминал, ангар болон бусад байгууламжийг байгуулан өмчилж болно. 

57.5. Агаарын тээвэрт үйлчлэх үйлчилгээг хялбаршуулах, цагийн хуваарь, нисэх буудлын хураамж төлөлтийг нэгдсэн зохион байгуулалтад оруулах, харилцан туршлага судлах, аэродромын засвар үйлчилгээний тоног төхөөрөмж, зардлыг хэмнэлттэй болгох зорилгоор төрийн болон орон нутгийн нисэх буудлуудыг нэгтгэсэн Нисэх буудлууд холбоо байгуулна. Энэ холбоонд хувийн өмчийн нисэх буудал, аэродром нэгдэн орж болно.  Холбооны дүрэм Агаарын харилцааны газраар хянагдсан байна. 

57.6. Сайдын бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын нутаг дэвсгэр дээр төрийн хөрөнгө оруулалтаар байгуулсан хатуу хучилттай хөөрөх буух зурвас бүхий аэродромын зориулалтыг өөрчлөх, татан буулгахыг хориглоно. 

57.7. Нисэх буудал, гэрчилгээжсэн болон гэрчилгээжээгүй аэродром, бүртгэгдсэн нисэх зурвасын газар, тэдгээрийн хамгаалалттай талбайд байгуулсан байгууламжуудыг улсын болон орон нутгийн газрын болон үл хөдлөх хөрөнгийн татвараас бүрэн чөлөөлнө. 

57.8. Нисэх буудлыг нийтийн хэрэглээнд ашиглах зөвшөөрлийг Сайд олгоно. Энэ зөвшөөрлийг эзэмшигч нисэх буудал иргэний агаарын хөлөгт ялгаваргүй үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй.

57.9. Нисэх буудлын өмчлөгч нь нисэх буудлын хамгаалалтай талбайд нислэг, техник үйлчилгээ, нислэгийн хөдөлгөөний удирдлагын байгууламж байгуулах газрыг нөөцлөх үүрэгтэй. Нисэх буудлын талбайд байгуулах байгууламжийн төлөвлөгөөг Иргэний нисэхийн аюулгүй байдлын агентлагаар батлуулна. Зөвхөн хувийн хэрэгцээнд ашиглах, хувийн эзэмшил буюу өмчлөлийн газарт байгуулсан аэродром, нисэх зурвас бүхий талбайд байгууламжид агентлагаас зөвшөөрөл авахгүй байж болно. Ийм байгууламж нь тухайн аэродром, нисэх зурваст явагдах нислэгийн үйл ажиллагаанд сөрөг нөлөөгүй байхыг газрын эзэн хариуцна. 


58 дугаар зүйл. Нисэх буудлын үйлчилгээний хураамж 

58.1. Төрийн болон орон нутгийн өмчийн нисэх буудлын үйлчилгээний хураамжийн төрөл, хураамж тогтоох аргачлалыг эдийн засгийн зохицуулалтын дүрмийн дагуу тогтооно. Энэ хуулийн 58.2-т заасан монопол байдалтайгаас бусад хувийн нисэх буудал үйлчилгээний хураамжаа өөрөө тогтооно. 

58.2. Олон улсын нисэх буудал тухайн зах зээлд монопол байдалтай байгаа нь эрх бүхий байгууллагаас тогтоогдсон бол үйлчилгээний хураамжийн хэмжээг Агаарын харилцааны газар тогтооно. 

58.3. Монгол Улсад бүртгэлтэй, хөөрөлтийн дээд жин нь 5700 килограммаас доош жинтэй агаарын хөлгүүд дараах хураамжийг нисэх буудлуудын холбоонд төлсөн бол холбооны гишүүн нисэх буудал аэродромоор нэмэлт төлбөргүйгээр үйлчлүүлнэ. Үүнд:

58.3.1. Хөөрөлтийн дээд жин нь 600 хүртэл килограмм агаарын хөлөг жилд нэг мянган төлбөрийн нэгж;

58.3.2. Хөөрөлтийн дээд жин нь 601-2500 килограмм бол жилд гурван мянган төлбөрийн нэгж; 

58.3.3. Хөөрөлтийн дээд жин нь 2501-5700 килограмм бол жилд  таван мянган төлбөрийн нэгж.


59 дүгээр зүйл. Аэродромын үйл ажиллагааг зогсоохыг хориглох

59.1. Нисэхийн мэдээллийн эмхэтгэлд нийтэд үйлчлэхээр бэлэн байдлыг зарласан нисэх буудал, аэродром нь нислэгийн аюулгүй байдлыг хангуулах бодит шаардлагаас бусад тохиолдолд агаарын хөлөгт үйлчилгээ үзүүлэхээс татгалзах, үйл ажиллагаагаа зогсоохыг хориглоно. 

59.2. Агаарын хөлөг буюу нислэгийн операторт хамаарах нисэх буудлаар үйлчлүүлсэн үйлчилгээний төлбөртэй холбоотой маргааныг Агаарын харилцааны газарт тавьж шийдвэрлүүлнэ. 


60 дугаар зүйл. Олон улсын нисэх буудал дахь төрийн үйлчилгээг хялбаршуулах 

60.1. Нисэх буудлыг олон улсын нисэх буудлаар зарлах буюу татан буулгах асуудлыг Засгийн Газар шийдвэрлэнэ.

60.2. Олон улсын нисэх буудлаар зарлагдах нисэх буудал дахь хилийн хяналт, цагаачлал, гааль, хорио цээрийн хяналтын үйлчилгээ Чикагогийн Конвенцын хавсралт 9-д заасан шаардлагад нийцсэн байна.  


ДОЛООДУГААР БҮЛЭГ.

НИСЭХИЙН АЮУЛГҮЙН ХАМГААЛАЛТ


61 дүгээр зүйл. Нисэхийн аюулгүйн хамгаалалтын үйлчилгээ (Aviation Security Services)

61.1. Олон улсын нисэх буудалд нисэхийн аюулгүйн хамгаалалтын үйлчилгээг энэ иргэний нисэхийн дүрмийн дагуу гэрчилгээжсэн, нисэхийн аюулгүйн хамгаалалтын үйлчилгээний байгууллага үзүүлнэ. Орон нутгийн нислэгт үйлчлэх нисэх буудалд нисэхийн аюулгүйн хамгаалалтын үйлчилгээг агаарын терроризмын аюулын зэрэглэлийн үнэлгээгээр бодит эрсдэл байгаа хэмээн тогтоогдвол үүсгэж болно. 

61.2. Нисэхийн аюулгүйн хамгаалалтын үйлчилгээний байгууллага нь Засгийн газрын баталсан иргэний нисэхийн аюулгүйн хамгаалалтын журмын өөрт хамаарах хэсгийн хэрэгжилтийг хангах үүрэгтэй. 

61.3 Нисэхийн аюулгүйн хамгаалалтын үйлчилгээний байгууллага нь аюулгүйн хамгаалалттай холбоотой хууль, тогтоомжийг зөрчсөн этгээдийг эрх бүхий хуулийн байгууллагад шилжүүлэх зорилгоор саатуулах эрхтэй. 


62 дугаар зүйл. Аюулгүйн үзлэг

62.1. Нисэхийн аюулгүйн хамгаалалтын үйлчилгээний байгууллага нь олон улсын нислэг үйлдэх агаарын хөлөгт нэвтрэн орох аливаа этгээд болон тээвэрлэх ачаа, тээш, шууданд галт зэвсэг, тэсрэх бодис болон агаараар тээвэрлэхийг хориглосон бусад эд зүйлсийг илрүүлэх зорилгоор аюулгүйн үзлэг хийнэ. 

62.2. Энэ хуулийн дагуу гүйцэтгэж байгаа аюулгүйн үзлэг хийлгэхээс татгалзсан этгээдийг агаарын хөлгөөр тээвэрлэхээс татгалзана. 

62.3. Нисэхийн аюулгүйн хамгаалалтын үйлчилгээгүй нисэх буудалд дахь аюулгүйн үзлэгийг нислэгийн оператор өөрийн аюулгүйн хамгаалалтын хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулан хийж болно.


63 дугаар зүйл. Нисэхийн байгууламжийн хамгаалалт

63.1. Нисэх буудал болон агаарын навигацийн байгууламж нь нисэхийн аюулгүйн хамгаалалтын үйлчилгээний байгууллагын хамгаалалтад байж болно. 

63.2. Энэ хуулийн 63.1-д заасан нисэхийн аюулгүйн үзлэг, хамгаалалтын үйлчилгээ  шаардлагатай нисэх буудал болон хамгаалалтын үйлчилгээ шаардлагатай агаарын навигацийн байгууламжийн жагсаалтыг Дарга батална. 

63.3. Иргэний нисэхийн аюулгүй байдлын агентлаг, агаарын хөлгийн ослын шинжлэн шалгах албанаас гаргаж, цуглуулсан аюулгүй байдлын эмзэг мэдээлэл, баримт бичиг, осол, аюулгүй байдлын бусад тохиолдлын нотлох баримтыг агуулсан байгууламж, албан байрыг нисэхийн аюулгүй байдлын байгууллага хамгаална. Эдгээр хамгаалалтын зардлыг Иргэний нисэхийн хөгжлийн сангаас төлнө.


64 дүгээр зүйл. Агаарын хөлгийн нисэх багийн бүхээгийн халдашгүй байдал

64.1. Нислэгийн үед агаарын хөлгийн нисэх багийн бүхээгт агаарын хөлгийн даргын зөвшөөрөлгүйгээр нэвтрэхийг хориглоно.

64.2. Зорчигч тээврийн коммерийн агаарын тээврийн нислэгийн үед агаарын хөлгийн нисэх багийн бүхээгт хоёр буюу түүнээс олон тооны багийн гишүүн байнга байна. 


65 дугаар зүйл. Хэв журам зөрчсөн зорчигч 

65.1. Багийн гишүүн нь нислэгийн үед аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болох үйлдэл гаргасан, гаргахыг завдсан зорчигчийг аюулгүй болгох арга хэмжээ авч болно. Энэ  арга хэмжээ нь аюул учруулагч этгээдийн үүсгэж байгаа заналхийлэл, аюулын түвшинтэй дүйцэхүйц байх бөгөөд нислэгийн аюулгүй байдалд эрсдэл учруулахгүй байна. 

65.2. Энэ хуулийн 65.1-т заасан хэв журам зөрчсөн зорчигчийг аюулгүй болгох арга хэмжээний журмыг Сайд холбогдох төрийн захиргааны төв байгууллагатай хамтран батална. 

65.3. Агаарын тээвэрлэгч нь нислэгийн үеэр агаарын хөлгийн бүхээгт хэв журам зөрчсөн, зүй бус үйлдэл гарган нислэгийн аюулгүй байдлыг эрсдэлд оруулсан зорчигчийг дахин тээвэрлэхээс татгалзах, жагсаалтад бүртгэх, хязгаарлалт тогтоож болно.


66 дугаар зүйл. Гадаадын иргэн ажиллуулахыг хориглох

66.1. Нисэхийн аюулгүйн хамгаалалтын үйлчилгээний байгууллагад гадаад улсын иргэн, харьяалалгүй хүн ажиллуулахыг хориглоно. 


67 дугаар зүйл. Аюулгүйн хамгаалалтын үйлчилгээний хураамж

67.1. Аюулгүйн хамгаалалтын үйлчилгээ нь ашгийн бус байна. 

67.2. Аюулгүйн хамгаалалтын үйлчилгээнд гарах зардлыг тооцсон хураамжийг аюулгүйн үзлэгт хамрагдах зорчигчоос авна. Хураамжийн хэмжээг Агаарын харилцааны газар Эдийн засгийн зохицуулалтын дүрмийн дагуу тогтооно. 

67.3. Аюулгүйн хамгаалалтын үйлчилгээнд хэд хэдэн хуулийн этгээд оролцож байгаа бол аюулгүйн хамгаалалтын үйлчилгээний хураамжийг хоорондоо байгуулсан гэрээнд заасан харьцаагаар хуваан авч болно. Аюулгүйн хамгаалалтын үйлчилгээнд нэгээс олон хуулийн этгээд татагдан оролцож байгаа нь тус үйлчилгээний хураамжийг нэмэгдүүлэх үндэслэл болохгүй.  


НАЙМДУГААР БҮЛЭГ.

АГААРЫН ХӨЛГИЙН ОСОЛ, ИНЦИДЕНТИЙГ ШИНЖЛЭН ШАЛГАХ


68 дугаар зүйл. Агаарын хөлгийн ослыг шинжлэн шалгах алба (Air Accident Inverstigation Department)

68.1. Монгол Улсын нутаг дэвсгэрт гарсан агаарын хөлгийн осол, ноцтой инцидент, шаардлагатай бол бусад инцидентийг шинжлэн шалгах ажиллагааг Агаарын хөлгийн ослыг шинжлэн шалгах алба гүйцэтгэнэ. 

68.2. Агаарын хөлгийн осол, инцидентийг шинжлэн шалгах ажиллагааны үндсэн зорилго нь цаашдын ижил төстэй ослоос сэргийлэхэд чиглэгдэх бөгөөд гэм буруутныг тогтоох, хариуцлага хүлээлгэх зорилгогүй байна. 

68.3. Агаарын хөлгийн ослыг шинжлэн шалгах алба нь Сайдын хариуцах чиг үүрэгт хамаарах бөгөөд шинжлэн шалгах үйл ажиллагаа, ослын дүгнэлт нь хараат бус, бие даасан байна. Агаарын хөлгийн ослыг шинжлэн шалгах, нотлох баримтыг цуглуулах, дүгнэлт болон зөвлөмж гаргах дүрмийг Сайд батална.

68.4. Агаарын хөлгийн ослыг шинжлэн шалгах алба нь энэ хуулиар олгогдсон эрхийн хүрээнд шинжлэн шалгах ажиллагааг явуулахад хүрэлцэх хэмжээний төсөвтэй байна. Төсвийг Сайд батлах ба иргэний нисэхийн хөгжлийн сангаас тухайн цаг үеийн хэрэгцээгээр санхүүжүүлнэ. 

68.5. Монгол Улсын бүртгэлтэй агаарын хөлөг тус улсын нутаг дэвсгэрийн гадна осол, ноцтой инцидентэд өртсөн тохиолдолд шинжлэн шалгах ажиллагааг олон улсын гэрээ, хэлэлцээрийн дагуу оролцох бөгөөд Монгол Улсын нэрийн өмнөөс зөвхөн Агаарын хөлгийн ослыг шинжлэн шалгах алба болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцоно. 

68.6. Агаарын хөлгийн ослыг шинжлэн шалгах албанаас бусад төрийн байгууллага Чикагогийн Конвенцын Хавсралт 13-ын зорилгоор шинжлэн шалгах ажиллагаа гүйцэтгэхгүй. 

68.7. Энэ хуулийн 68.6 заалт нь хууль хяналтын болон бусад байгууллага агаарын хөлгийн осол, инцидентийг энэ хуульд зааснаас өөр зорилгоор шалгах, мөрдөн шалгах ажиллагаа гүйцэтгэхийг хориглохгүй.  

68.8. Агаарын хөлгийн ослыг шинжлэн шалгах алба нь осол, инциденттэй холбоотой мэдээллийг цуглуулах, бүртгэх, ангилах, дүн шинжилгээ хийх бөгөөд осол, инцидентийн шалтгаан болон нөлөөлсөн хүчин зүйлийг тогтоож, шинжлэн шалгах ажиллагааны тайлан гаргана. 

68.9. Агаарын хөлгийн ослыг шинжлэн шалгах алба нь шаардлагатай гэж үзвэл шинжлэн шалгах ажиллагааны аль ч үе шатанд, мөн шинжлэн шалгах ажиллагааны тайланг үндэслэн аюулгүй байдлын зөвлөмж гаргана.

68.10. Агаарын хөлгийн ослыг шинжлэн шалгах албаны шинжээчийг осол, инциденттэй холбоотойгоор хэрэг мөрдөн байцаах болон хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр дуудахгүй. 

68.11. Агаарын хөлгийн ослыг шинжлэн шалгах баг нь ослын газарт ажиллахад шаардагдах хамгаалах хувцас хэрэгсэл, шаардлагатай тоног төхөөрөмж, холбоо, тээврийн хэрэгслээр хангагдсан байна. 


69 дүгээр зүйл. Агаарын хөлгийн осол, инцидентийг шинжлэн шалгах

69.1. Агаарын хөлгийн эзэмшигч, ашиглагч, хөлгийн дарга, нисэх багийн гишүүд, аэродром болон агаарын навигацийн үйлчилгээний байгууллагын ажилтан нь осол, инцидентийн мэдээллийг Агаарын хөлгийн ослыг шинжлэн шалгах албанд нэн даруй, боломжит хэлбэрээр өгөх үүрэгтэй.

69.2. Агаарын хөлгийн ослыг шинжлэн шалгах алба осол, инцидентийн мэдээллийг хүлээн авмагц шаардлагатай шинжлэн шалгах ажиллагааг нэн даруй эхлүүлэх үүрэгтэй. 

69.3. Осол, инцидентэд өртсөн агаарын хөлөгтэй холбоотой нотлох баримтыг уг нотлох баримтын эзэмшигч болон холбогдох бусад этгээд тухайн шинжлэн шалгах ажиллагааг гүйцэтгэж дуусах хүртэл буюу шинжлэн шалгах албанаас өөр зааварчилгаа өгөх хүртэл хадгалж хамгаалах үүрэгтэй. Энэ заалт хүний амь насыг аврах хойшлуулшгүй арга хэмжээ авах ажиллагаанд хамаарахгүй.  

69.4. Агаарын хөлгийн осол Монгол Улсын нутаг дэвсгэр дээр гарсан тохиолдолд иргэн, нутгийн захиргааны байгууллага, цагдаа болон батлан хамгаалахын анги салбарууд Агаарын хөлгийн ослыг шинжлэн шалгах албаны үйл ажиллагаанд шаардлагатай туслалцааг цаг алдалгүй үзүүлэх үүрэгтэй. 

69.5. Агаарын хөлгийн ослын улмаас хүний амь үрэгдсэн тохиолдолд тагнуул,  цагдаагийн байгууллага болон Агаарын хөлгийн ослыг шинжлэх шалгах алба дараах байдлаар хамтран ажиллана. Үүнд: 

69.5.1. Осол нь терроризм буюу улсын аюулгүй байдлын эсрэг гэмт хэргээс шалтгаалсан эсэхийг тагнуулын байгууллага шалгаж, дүгнэлт гаргана;

69.5.2. Осол нь энэ хуулийн 69.5.1-д зааснаас бусад хүний санаатай үйлдлээс шалтгаалсан эсэхийг цагдаагийн байгууллага мөрдөн шалгаж, дүгнэлт гаргана;

69.5.3. Осол нь хүний санаатай бус үйлдэл, бусад хүчин зүйлээс шалтгаалсан эсэхийг Агаарын хөлгийн ослыг шинжлэн шалгах алба шинжлэн шалгана;

69.5.4. Энэ зүйлийн 69.5.1-69.5.3-т заасан мөрдөн шалгах болон шинжлэн шалгах үйл ажиллагаа зэрэгцэн явагдах бөгөөд илэрсэн нотлох баримтыг хамтран ашиглана; 

69.5.5. Осол нь хүний санаатай үйлдлээс шалтгаалсан нь тогтоогдвол ослыг шалгах ажиллагааг холбогдох хуулийн байгууллага үргэлжлүүлэн мөрдөн шалгана;

69.5.6. Ослын газарт ажиллах, нотлох баримтыг олох, бэхжүүлэхдээ Агаарын хөлгийн осол зөрчлийн албаны хяналт ажиглалтад гүйцэтгэж болно. 


70 дугаар зүйл. Ерөнхий шинжлэн-шалгагчийн бүрэн эрх

70.1. Агаарын хөлгийн ослыг шинжлэн шалгах албыг Ерөнхий шинжлэн-шалгагч удирдах бөгөөд Сайдад ажлаа тайлагнана.

70.2. Ерөнхий шинжлэн-шалгагч дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 

70.2.1.   Агаарын хөлгийн ослыг шинжлэн шалгах албаны ажилтан, шинжлэн-шалгагчийг томилох; 

70.2.2. агаарын хөлгийн осол, инцидентийг ослын газар дээр шинжлэн шалгах багийг томилох; 

70.2.3. агаарын хөлгийн осол, инцидентийг шинжлэн шалгах багийн ажиллагаанд дэмжлэг тусламж үзүүлэх, бусад байгууллагуудын үйл ажиллагааны уялдааг зохион байгуулах; 

70.2.4. шинжлэн шалгах ажиллагааны явцыг хянах, шаардлагатай урьдчилсан зөвлөмжийг гаргах, эцсийн тайланг батлах, нотлох баримтууд болон шинжлэн шалгалтын тайлангийн халдашгүй байдлыг хангах; 

70.2.5. ослын газрыг хамгаалалтад авах асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;

70.2.6. ослын газрын хамгаалалтыг буулгах, шинжлэн шалгах ажиллагаанд цаашид шаардлагагүй болсон агаарын хөлөг, түүний бүрдэл хэсэг, эд зүйлсийг хадгалалтаас чөлөөлөх;

70.2.7. Монгол Улсад ашиглагдаж байгаатай ижил маягийн агаарын хөлөгт гадаад улсад гарсан осол, ноцтой инцидентийн мэдээлэгдсэн тайланд үндэслэж аюулгүй байдлын зөвлөмж гаргах;

70.2.8. гарсан ослыг шинжлэн шалгах ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэх нөхцөлийг  бүрдүүлэх;

70.2.9. агаарын хөлгийн ослыг шинжлэн шалгах албаны төсвийг хууль тогтоомжийн  хүрээнд  шинжлэн шалгах ажиллагаанд зориулан захиран зарцуулах;

70.2.10. Агаарын хөлгийн ослыг шинжлэн шалгах албыг төлөөлж олон нийт, хэвлэл мэдээлэлтэй харилцах. 


71 дүгээр зүйл. Шинжлэн-шалгагч, түүний бүрэн эрх

71.1. Шинжлэн-шалгагч нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

71.1.1. Агаарын тээврийн нисгэгчийн зэрэглэлтэй нисгэгч, эсхүл инженер мэргэжилтэй байна. Мөн шинжлэн-шалгагчийн сургалтад хамрагдсан, нислэгийн үйл ажиллагаа, нислэгт тэнцэх чадвар, нислэгийн хөдөлгөөний удирдлагын, эсхүл нисэхийн менежментийн чиглэлээр ажилласан дадлага туршлага бүхий боловсон хүчин байж болно;

71.1.2. нисэхийн салбарт 71.1.1-д заасан чиглэлээр 10-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх;

72.1. Шинжлэн-шалгагч нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Үүнд: 

72.1.1. албан үүргээ гүйцэтгэхдээ осол, инцидент болсон газар, осол иницденттэй холбоотой нотлох баримт, барилга байгууламжид аль ч үед саадгүй нэвтрэх; 

72.1.2. шинжлэн шалгах ажиллагаанд шаардлагатай мэдээ, судалгаа, тодорхойлолт болон бусад нотлох баримтыг холбогдох хувь хүн, хуулийн этгээдээс шаардан гаргуулж авах; 

72.1.3. Ерөнхий шинжлэн-шалгагчийн олгосон бусад эрх. 


73 дугаар зүйл. Шинжлэн шалгах багийн ахлагчийн бүрэн эрх

73.1. Агаарын хөлгийн осол, инцидентийг шинжлэн шалгах ажиллагааг явуулах багийн ахлагч нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Үүнд: 

73.1.1. осол, инцидент болсон газарт аль ч үед саадгүй нэвтрэх, шинжлэн шалгах ажиллагаанд хамааралтай ослын үлдэгдэл, бүх төрлийн эд материалд бүрэн хяналтаа тогтоох; 

73.1.2. тухайн нислэгтэй холбоотой тоон болон соронзон бичлэгүүд, бусад нотлох баримтыг өөрийн бүрэн хяналтад авах, гэрч болон шинжлэн шалгах ажиллагаанд нэмэр болох мэдээлэл бүхий этгээдээ мэдүүлэг авах; 

73.1.3. шинжлэн шалгах ажиллагааны явцад эд мөрийн баримтыг хамгаалах, агаарын хөлөг, түүний үлдэгдэл байгаа бүсэд зөвшөөрөлгүй этгээд нэвтрэх, эд зүйл үрэгдэж гэмтэх, алдагдахаас хамгаалах боломжит бүх арга хэмжээг авах; 

73.1.4. шинжлэн шалгах ажиллагааны явцыг ерөнхий шинжлэн шалгагчид илтгэх, ослын шалтгаан, нөлөөлсөн байж болох хүчин зүйлд тулгуурлан Аюулгүй байдлын зөвлөмж гаргах; 

73.1.5. шинжлэн шалгах ажиллагааг гүйцэтгэхэд шаардлагатай ажиглагч, оролцогчийг томилох; 

73.1.6. шинжлэн шалгах ажиллагааны урьдчилсан тайлан гаргах;

73.1.7. хууль тогтоомжоор олгосон бусад эрх.


74 дүгээр зүйл. Шинжлэн шалгах ажиллагааны тайлан

74.1. Агаарын хөлгийн ослыг шинжлэн шалгах алба, шинжлэн шалгах ажиллагааны эцсийн тайланг гаргахаас өмнө тухайн осол, зөрчлийг шинжлэн шалгах ажиллагаанд хамааралтай байгууллага, хамтран оролцсон улс болон холбогдох байгууллагаас санал авах зорилгоор урьдчилсан тайлангийн төслийг хүргүүлнэ. 

74.2. Нууц мэдээллийг нээлттэй болгох нь шинжлэн шалгах ажиллагаанд ач холбогдолтой болохыг эрх бүхий байгууллага тогтоосноос бусад тохиолдолд, шинжлэн шалгах ажиллагааны тайлангийн төсөл, нотлох баримтыг хууль, тогтоомжид зааснаас өөр зорилгоор зөвшөөрөлгүйгээр задруулах, түгээхийг хориглоно. 

74.3. Агаарын хөлгийн осол, инцидентийг шинжлэн шалгах ажиллагааны тайланг гэм буруутныг тогтоох, хариуцлага ногдуулахтай холбоотой шүүхийн болон бусад ажиллагаанд нотлох баримтаар ашиглахгүй.

74.4. Шинжлэн шалгах ажилагааны аль ч үед болон дараа нь бүхээгийн дуу бичлэг, нислэгийн үеийн дүрс бичлэгийг олон нийтэд задруулахгүй. 


75 дугаар зүйл. Аюулгүй байдлын зөвлөмж

75.1. Агаарын хөлгийн ослыг шинжлэн шалгах алба нь, нислэгийн аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй нөхцөл байдлыг арилгах, сэргийлэх зорилгоор шинжлэн шалгах ажиллагааны аль ч үе шатанд Аюулгүй байдлын зөвлөмж гаргаж болно. 

75.2. Аюулгүй байдлын зөвлөмжийг Сайд, Дарга, бусад холбогдох этгээд болон гадаад улсад хүргүүлнэ. 

75.3. Аюулгүй байдлын зөвлөмжийг хүлээн авсан этгээд нь зөвлөмжийн дагуу шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэн хариу мэдэгдэх үүрэгтэй.

75.4. Энэ хуулийн 75.2-т заасан Аюулгүй байдлын зөвлөмжийг хүлээн авсан этгээд нь тухайн зөвлөмжийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх бодит үндэслэл байгаа бол тайлбарыг Агаарын хөлгийн ослыг шинжлэн шалгах албанд нэн даруй хүргүүлэх үүрэгтэй.


76 дугаар зүйл. Шинжлэн шалгах ажиллагааг сэргээх

76.1. Шинжлэн шалгах ажиллагаа дууссаны дараа тухайн ажиллагааны үр дүнг өөрчилж болох баримт, нөхцөл байдал шинээр илэрсэн тохиолдолд Агаарын хөлгийн ослыг шинжлэн шалгах албаны Ерөнхий шинжлэн-шалгагч шинжлэн шалгах ажиллагааг сэргээнэ. 


ЕСДҮГЭЭР БҮЛЭГ.

ХАРИУЦЛАГА БА МАРГААНЫГ ШИЙДВЭРЛЭХ


77 дугаар зүйл. Гэрчилгээ, эрх хасах шийдвэр гаргах 

77.1. Энэ хууль болон иргэний нисэхийн дүрмийг зөрчсөн үйлдэл нь Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэхээргүй бол Дарга буюу Улсын Ерөнхий Байцаагч дараах арга хэмжээг авна: 

77.1.1 гэрчилгээ, эрхийг 14 хоногоос 2 сар хүртэлх хугацаагаар түдгэлзүүлэх;

77.1.2 гэрчилгээ, эрхийг цуцлах буюу хүчингүй болгох;

77.1.3 энэ хуулийн 77.1.2-т заасан арга хэмжээ авагдсан этгээдийн гэрчилгээ, эрх сэргээх өргөдөл гаргах эрхийг 1 жил хүртэлх хугацаагаар хасах;

77.1.4 хууль зөрчиж олсон ашгийг улсын орлого болгох шийдвэр гаргах. 

77.2. Онцгой нөхцөлөөс бусад тохиолдолд Дарга, эсхүл Даргаас эрх шилжүүлэн авсан этгээд нь гэрчилгээг түдгэлзүүлэх, өөрчлөх, хүчингүй болгох шийдвэр гаргахын өмнө тухайн гэрчилгээ, эсхүл гэрчилгээ эзэмшигчид тайлбар өгөх, эрх зүйн туслалцаа авах боломж олгох үүрэгтэй. 


78 дугаар зүйл. Гомдол гаргах 

78.1. Гэрчилгээнд нь үндэслэлгүйгээр өөрчлөлт оруулсан, түдгэлзүүлсэн, эсхүл хүчингүйд тооцсон шийдвэр гаргасан гэж үзвэл эзэмшигч нь дээд шатны байгууллага, албан тушаалтанд гомдол гаргах эрхтэй. 

78.2. Энэ хуулийн 78.1-т заасан гомдлыг хүлээн авсан дээд шатны байгууллага, албан тушаалтан нь шийдвэр гаргагчийн гаргасан шийдвэрийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд нягтлан үзэж, шийдвэр гаргагчийн шийдвэрийг хэвээр үлдээх, эсхүл цуцалж дахин өөр шийдвэр гаргана.

78.3. Энэ хуулийн 78.2-т заасны дагуу гаргасан шийдвэрт эхний шийдвэр гаргагч гомдол гаргах эрхгүй.

78.4. Энэ хуулийн 78.2-т заасан дээд шатны шийдвэртэй гомдол гаргасан гэрчилгээ, зэрэглэл, гэрчилгээ эзэмшигч санал нийлэхгүй байвал шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлнэ.  


79 дүгээр зүйл. Мэргэжлийн шалгалтын дүнтэй холбоотой маргааныг шийдвэрлэх

79.1. Мэргэжлийн гэрчилгээ, зэрэглэл авах шалгалтын асуудлаар гарсан маргааныг Дараах байдлаар шийдвэрлэнэ:

79.1.1. Мэргэжлийн шалгалтын дүнтэй санал нийлэхгүй байгаа хүн уг шалгалтын дүнг дахин хянуулах хүсэлтийг шалгалтын дүн гарснаас 30 хоногийн дотор Нислэгийн стандартын хяналт хариуцсан бүтцийн удирдлагад гаргана. 

79.1.2. Энэ зүйлийн 79.1.1-д заасан хүсэлтийг 5 хоногийн дотор хянан үзэж хариу өгнө. Хэрэв шалгалтын явцад бодит биш үнэлгээ тавигдсан нь тогтоогдвол шалгагчийг сольж шалгалтын давтан төлбөргүйгээр дахин шалгуулах боломжийг хүсэлт гаргагчид олгох эсхүл шалгалтын дүнг бодит үнэлгээгээр сольж дүгнэнэ. 

79.2. Энэ хуулийн 79.1.2-т заасан давтан шалгалтын дүн, гэрчилгээ зэрэглэл олгох эсэх асуудлыг эцэслэн шийдвэрлэх үндэслэл болно. 


80 дугаар зүйл. Эрүүл мэндийн гэрчилгээний маргааныг шийдвэрлэх

80.1. Эрүүл мэндийн гэрчилгээ олгох эсэхийг шийдвэрлэх үндэслэл болох эрүүл мэндийн үнэлгээ, мэргэжлийн дүгнэлтийн асуудлаар гарсан гомдлыг Дараах үе шаттайгаар шийдвэрлэнэ. Үүнд.

80.1.1. Итгэмжлэгдсэн шалгагч эмчийн буюу итгэмжлэгдсэн ахлах шалгагч эмчийн гаргасан эрүүл мэндийн дүгнэлттэй санал нийлэхгүй байвал үүнийг нисэхийн эрүүл мэндийн хяналтын байцаагч эмчид тавьж шийдвэрлүүлнэ;

80.1.2.  Нислэгийн эрүүл мэндийн байцаагчийн гаргасан эрүүл мэндийн дүгнэлттэй санал нийлэхгүй байвал үүнийг Нисэхийн эрүүл мэндийн зөвлөлд хандаж шийдвэрлүүлнэ. Нисэхийн эрүүл мэндийн зөвлөлийн дүгнэлт эрүүл мэндийн гэрчилгээ олгох эсэх шийдвэр гаргах дээд шатны үндэслэл болно.



ГАРЫН ҮСЭГ


No comments:

Post a Comment

ИРГЭНИЙ НИСЭХИЙН ТУХАЙ ХУУЛЬ /Шинэ/

Төсөл 2025.09.05 ИРГЭНИЙ НИСЭХИЙН ТУХАЙ ХУУЛЬ /Шинэ/ НЭГДҮГЭЭР БҮЛЭГ.  НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ 1 дүгээр зүйл. Хуулийн зорилго 1.1. Энэ хуулийн ...