Өнөөдөр шинэ Үндсэн Хуулийн 30 жилийн ой болж байна. Энэ хооронд энэ Үндсэн Хуулиасаа болсон хямрал манай төрд тасарсангүй. Гэхдээ Үндсэн Хууль баталсан олон депутат тийм муу Үндсэн Хууль баталчихсан юм уу гээд харахаар огт тийм биш байх юм. Тэд үнэхээр дэлхийн ардчилсан эрх зүйг бүрэн шүүрдэн шигшиж шигтгээ даймондуудаас нь олж авчирч чадсан байх юм. Харин манай хуулийн мэргэжилтнүүд Үндсэн Хуульд суулгаж өгсөн энэ далд санаа илэрхийлэлүүдийг буруугаар ойлгон буруугаар тайлбарлаж явсаар ихэнх хямралаа хүчээр өөрсдөө үүсгэсэн дүр зураг харагдаж байна.
Хууль зүйн шинжлэх ухаанд implied law (implied right, implied duty) буюу шууд заагаагүй ч цаана нь байх утга санаа далд давхар агуулгаар илэрхийлэгдсэн хууль гэх ойлголт байдаг. Манай хуулийн шинжлэх ухаанд ч бас ийм зарчим байгаа байх гэж итгэж байна. Товчхондоо энэ агуулгаар илэрхийлэх зарчим нь хуульд үгчлэн бичигдээгүй санааг эрүүл оюун ухааны логикоор байгаа хуулийн цаад зорилго учир шалтгааныг ухан гаргах замаар нээж илрүүлэн үгээр бичигдсэн хуулийн адил хууль хэмээн мөрддөн хэрэглэх тийм зарчим юм.
Жишээ нь миний хууль суралцсан Австрали улсын Үндсэн хуулийн эрх зүйлд implied right буюу агуулгаар далд илэрхийлсэн эрхүүдийн дотор үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх гээд байж байдаг. Үг хэлэх хэвлэн нийтлэх эрхийн тухай Үндсэн хуулийнх нь хаана ч үгчлэн зааж дурьдаагүй боловч ийм эрхийг үндсэн хуулийн эрх гэж тэд үздэг юм билээ. Яагаад гэдэг нь их сонирхолтой. Тэдний үндсэн хуульд нь төрөө шууд сонгох эртэй гэсэн заалт бий. Ийм заалт манай үндсэн хуульд ч яг үг үсгээрээ байж байгаа. Иргэн хүн төрөө шууд сонгох заалт нь төрөө сонгохын тулд мэдээлэлтэй байх ёстой. Сонголтыг зөвхөн мэдээлэлтэй хүн хийдэг гэдэг эрүүлээр ухан ойлгож болохуйц зүйл рүү хөтөлдөг. Өөрөөр хэлбэл иргэд төрдөө сонгох гэж байгаа буюу сонгосон этгээдүүдийн тухай мэдээлэлтэй байх эрхтэй гэдэг санаа эндээс урган гарч байдаг. Ингээд энэ эрхийг implied right буюу бичигдээгүй ч далдуур агуулгаар илэрхийлэгдсэн хууль хэмээн хүлээн зөвшөөрч даган мөрддөг байна. Өөрөөр хэлбэл хэвлэлийн эрх чөлөө, үг хэлэх эрх чөлөөний цаад суурь нь төрөө чөлөөтэй шууд сонгох эрх юм. Хэвлэлийн эрх чөлөөнд халдана гэдэг нь төрөө байгуулах эрхэнд халдсан төрийн эсрэг гэмт үйлдэл гэсэн үг. Нэгэнт Үндсэн хуульд энэ эрх орсон л бол үүнийг өөр ямар ч хууль буюу шийдвэрээр цуцлах, хүчингүй болгох, хэрэгсэхгүй байх ёсгүй гэдэг зарчим тэнд бий.
Монгол Улсын Үндсэн Хуульд энэ мэт үгээр заагаагүй ч далд санаагаар илэрхийлсэн хэд хэдэн зүйл байгааг та нартай хуваалцаж үндсэн хуулийн хямралт байдлаас эвтэйхэн зайлсхийх боломж нөөцүүд байгааг би анзаарснаа хэлэх гэсэн юм.
1. Үндсэн хуульд Засгийн газрын гишүүн УИХ гишүүн байж болохыг хуульчилсан тухайд
Энэ асуудал бол шинэ үндсэн хуулийн анхны хямрал буюу иргэн Ламжавын өдөөсөн хямралын гол маргаан нь байсан юм. Парламентын тогтолцоотой бусад бүх улсад Засгийн газрын гишүүд нь заавал ч үгүй парламентын гишүүн байх зарчимтай. Гол санаа нь төрийн эрхийг ард түмнээс мандат аваагүй хэн ч барилцах ёсгүй гэдэг зарчим юм. Гэтэл иргэн Ламжав гэдэг хүн Монголын төрд ерөнхийлөгчийн засаглалтай улсын засгийн газрын зарчмыг тулгаж үүнийг нь хуйвалдааны орчинд Цэц хүлээн авснаар төрийн анхны хямрал үүссэн байдаг. Гэтэл тухайн үеийн хүчинтэй байсан үндсэн хуульд Монголчууд төрийн эрхээ төлөөлөлийнхөө байгууллагаар дамжуулан барина гээд цагаан дээр хараар заачихсан байсан билээ.
Цэц тухайн үед ийн шийдсэнээр засгийн эрхийг сонгуулийн аргаар авахад ямар ч оролцоо нэмэр болоогүй, хэн нэгэн том улс төрч, хэн нэгэн фракцын толгойлогчдын хармааны хүмүүст төрийн эрх барилцах боломж олгочихсон.
Сайд хүн төрийн эрх барилцдаг барилцдаггүй тухай маргаан хийхгүй байсан нь дээр биз. Тэд бол салбарууд дахь төрийн бодлогыг тодорхойлж, хэрэгжүүлдэгчид учир төрийн эрх баригчид мөн.
Тухайн үед байсан УИХ гишүүн ажил үүрэгт нь хамаарахгүй өөр ажил албан тушаал хавсарч болохгүй гэсэн заалтыг ҮХЦ ойлгоогүй буюу ойлгохыг хүсээгүйгээс хямрал үүссэн. Яг үнэндээ бол УИХ гишүүн нь төрийн эрхийг Үндсэн хуульд заасан тайван замаар сонгуулийн аргаар авч барих ёстой субъект нь юм. Харин төр барилцахад хамаагүй ажлууд буюу спортын холбооны тэргүүн гэх зэргийн ажлыг хийж болохгүй гэсэн санаа л тэнд бий.
Өөрөөр хэлбэл тэр 500 гаруй депутат төрийн дээд удирдлагад ард түмний мандатгүй хэн ч орж болохгүйг бичээд үлдээчихсэн байсан.
Иймээс УИХ гишүүн ЗГ гишүүн байж болох эсэх асуудал бол Үндсэн Хуульд эхнээсээ л нэг мөр болно, тэр ч байтугай тийм байх ёстой гээд шийдчихсэн асуудал байсан бөгөөд УИХ гишүүн байж болох сайдын тоо ч хязгаартай байх ёсгүй гэсэн implied санаад энд суусан байдаг. Харин хэт олон яамдыг нэг нэгээрээ толгойлсон хэт олон гишүүн сайд бий болно гэдэг болгоомжлолыг мөн л парламентын засаглалтай улсуудыг жишгээр шийдэж болох ювм шиг санагддаг. Англи, Австрали, Шинэ Зеланд гээд олон оронд нэг сайд хэд хэдэн салбарыг хариуцан ажиллаж болдог. Ийм жишээ 1992-2004 онуудад манайд ч байсан. Дэд бүтцийн бүх салбарыг нэг сайд удирдаад цахилгаан эрчим хүчний асуудал, мянганы зам, агаарын навигац нисэх буудлын өргөтгөл шинэчлэл, хот байгуулалт, дулаан хангамж гээд бодлогоор нь зангидаад мэргэжлийн хүмүүст итгэл хүлээлгээд явдаг байсан түүх бий. Тийм гишүүн сайдуудын нэг нь С.Зориг агсан байлаа. Энэ уламжлалаа сэргээж нэг гишүүн сайд дор хаяж 2 яам толгойлж мэргэжлийн дэд сайд, мэргэжлийн төрийн албаныханд ажлаа өөрсдөө хийх орон зай гаргавал энэ улсад бүүр ч тустай.
2. Сонгуулийн холимог тогтолцоог Үндсэн Хуульд хуульчилсан тухайд
Монгол Улсын шинэ Үндсэн Хуульд анхнаас нь л холимог тогтолцоог хуульчилсан байдаг боловч хэрэгжүүлсэн эхний өдрөөсөө л үүнийг биелүүлээгүй явж ирснээр төрийн хямрал нүүрлэж, улс төрийн хүчний савалгаа эрүүл бус харьцаанд хүртэл удаа дараа давтагдаж ирсэн байдаг. Монгол улс эрүүл харьцаатай парламенттай үедээ, цөөнхийн үг хүчтэй сонсогддог, шийдвэрт нөлөөлдөг байх үедээ л хөгжлийн түүхэн алхамуудаа хийж чадсан байдаг юм.
Үндсэн Хуульд УИХ-н сонгуулийн холимог тогтолцоотой байна гэж үгчлэн бичээгүй ч хэд хэдэн заалтаар заавал холимог байх тухай impliedly буюу далд санааг агуулан хуульчилсан байдаг юм байна.
25 нас хүрсэн Монгол Улсын иргэн УИХ-д сонгогдож болох заалт, мөн УИХ-д хамгийн олон суудалтай намаас Ерөнхий Сайдыг томилох, мөн УИХ-д суудалтай нам Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх заалтууд нь яг чухамдаа УИХ сонгуулийн холимог тогтолцоог далд санаагаар хуульчилсан заалтууд юм.
Иргэд 25 нас хүрмэгцээ сонгогдох эрхтэй байх нь сонгуулийн мажоритар тогтолцооны хувилбар заавал байх ёстойг, өөрөөр хэлбэл аль нэг нам эвсэлд нийлээгүй хэн ч сонгуульд нэр дэвшиж сонгогдох механизм заавал байх ёстой хуульчилсан заалт бол энэ билээ. Нөгөөтэйгүүр хэрэв 76 тойрогт 76 бие даагч ялчихвал юу болох вэ гэдэг асуудал онолын хувьд нээлттэй үлдчихнэ. Ялангуяа улс төрийн намуудын нэр хүнд асар ихээр унаж байгаа өнөө үед энэ бол онолын байтугай практик боломжтой төрийн хямрал дуудах аюул юм. Хэрэв ийм зүйл болвол Ерөнхий сайд, Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх субъектгүй болж Монгол төр бүрэн дампуурна. Үндсэн Хуулийн маань авторууд дээрхи заалтуудаар нам гэгч субъект нь УИХ-д заавал орж чаддаг механизмтай байх ёстой гэж далд санааг шингээн хуульчилсан байна. Нам баталгаатай парламентдаа ордог ганц л арга бий нь процорционал тогтолцоо юм. Өөрөөр хэлбэл намын төлөөлөлийг УИХ-д баталгаатай оруулж өгдөг пропорционал тогтолцоог бас аль 1992 онд хуульчилчихсан байдаг юм байна.
Холимог тогтолцооны хууль нь Үндсэн Хуульд нэгэнт байгаа түл Сонгуулийн Хуулиа түүнд нийцүүлэх л үлдсэн байна.
ҮХЦ олон удаа мажоритар тогтолцоог дэмжин шийдвэр гаргахдаа иргэдийн шууд сонгох эрхийг дурьдан шийдвэр гаргасан байдаг. Гэтэл ардчилсан улс орнуудын үндсэн хуулийн эрх зүйд шууд сонгоно гэдэг нь сонгуулийн хуудсан дээр өөрийн сонголтоо тэмдэглэхдээ завсрын этгээд ашиглахгүй байх тухай л ойлголт байдаг. Мажоритар, процорционал аль ч сонголтын үед шууд сонгох энэ зарчим хөндөгдөхгүй.
Тэгээд ч УИХ гишүүн нь бүх ард түмний төлөөлөл байна гэдэг заалт байгаа нь процорционал тогтолцооны элемент заавал байх ёстойг харуулаад байгаа юм.
Иймээс сонгуулийн тогтолцоогоо Үндсэн Хуульдаа буцаан нийцүүлэх ёстой гэж болдож байна.
3. Үндсэн Хуульд хибрид эрх зүйн тогтолцоог хуульчилсан тухайд.
Үндсэн Хуульд ийм хоёр заалт бий. Шүүх нь хууль дагана, мөн Хууль шүүхийн өмнө бүгд тэгш эрхтэй гэж.
Шүүх хуулийн дагана гэдгийг манайхан зөвхөн УИХ-н баталсан эрх зүйн актуудын хүрээнд явцуурч ойлгох нь бий. Гэтэл өргөн утгаар нь авч үзвэл хууль гэдэг нь замын гэрлэн дохионоос өгсүүлээд шүүхийн өөрийнх нь гаргасан заавал биелэх шинж чанартай шийдвэрүүд хүртэл бүх эрх зүйн акт багтаж байдаг. Өөрөөр хэлбэл шүүх өөрийн шийдвэрийг ч бас хууль хэмээн дагах ёстой.
Шүүх хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй байх заалт бол маш хүчирхэг заалт юм. Энэ заалт нь шууд утгаараа шүүхийн аливаа шийвэрт өмнөх буюу дээд шатны шүүхийн ижил буюу төсөөтэй шийдвэрүүдийг дагана гэсэн л санаа юм. Өөрөөр хэлбэл эх газрын эрх зүйтэй (civil law буюу military биш гэсэн санаа) хэрнээ түгээмэл эрх зүйн (common law) шүүхийн өмнөх шийдвэрээ дагадаг шинэ маягийн тогтолцоо буюу хибрид хэмээн нэрлэгддэг тогтолцоог далд агуулгаар хуульчилсан байх юм.
Хэрэв Б. Чимид гуай олон удаа ярьдаг байсан сайн хууль гэж байгалийн хуулийг дагуулж хийсэн хуулийг хэлдэг гэсэн санаагаа Үндсэн Хуульд далдуур боловч тусгаж өгсөн бол шүүхийн шийдвэрт эрүүлээр тунгаагч буюу reasonable хүний гаргах байсан шийдвэрүүдийг хуульчлан хэрэглэх боломжтой болох байлаа. Герман зэрэг эх газрын эрх зүйтэй оронд энэ асуудлыг scholarly writings буюу хууль зүйн шинжлэх ухааны судалгааны үр дүнг шүүхийн шийдвэртээ дагадаг байдлаар зохицуулан оруулсан байдаг юм.
Шударга ёс гэж хууль дүрэм бүх хүнд адилхан тэгш үйлчлэхийг л хэлдэг. Гэтэл шүүх нь өмнөх шийдвэрээ дагадаггүй тогтолцоонд шүүгдэгчийн хувь заяа шүүгчийн үзэмж, шүүгчид нөлөөлөгчийн атганд бүрэн шилждэг. Эндээс хэлмэгдүүлэлт, хонгил үүсдэг.
Тэхлээр УИХ Үндсэн Хуулийн энэ агуулагдсан далд зарчмыг ил болгож шүүх пресидент дагадаг тогтолцоо руу оруулах байдлаар Шүүхийн хуулийг шинэчлэх ёстой. Зөвхөн шүүх нь өмнөх жишгээ дагадаг болж байж л шүүхийн авилгал бүрэн устаж шударга ёс боломжтой болно.
4. Орон нутгийн сонгуульд нам оролцохыг Үндсэн Хуулиар хориглосон тухай.
Үндсэн хуульд намын оролцож болох засаглалын түвшинг УИХ, ЗГ гэж хоёргүйгээр шууд зааж өгсөн байдаг. Энэ нь намын бүлгийг хуульчилсан заалт, Ерөнхий сайдыг томилох заалтаар илэрхийлэгддэг. Өөр хаана ч намын тухай дурьдаагүй. Шүүх эрх мэдэлд ч , Орон нутгийн удирдлагын зарчим заасан бүлэгт ч намын тухай үг үсэг байхгүй байгаа нь нам тэнд байх ёсгүйг агуулгаар хэлсэн зүйл юм. Орон нутгийн удирдлагыг Үндсэн Хуульд хуульчлахдаа тухай нутаг дэвсгэрт байнга амьдран суудаг иргэдийн хурлын тухай дурьдсан байдаг. Өөрөөр хэлбэд Зайсангийн амнаас Толгойтыг удирдахгүй шүү нөхдөө гэжээ. Гэтэл үүнийг хөсөр нулиман иргэдийн хуралд намын бүлгүүд үүсгэн, намын томилгоогоор орон нутгийн удирдлагыг шийддэг болсоноос олон намын зүтгэлтэн аж ахуйн ажилд гаргасан алдааныхаа улмаас хоригдон шүүгдэхдээ тулаад байна. Иймд энэ алдаагаа орон нутгийн удирдлага, сонгуулийн зарчим дээрээ засаж намуудыг орон нутгийн удирдлагаас бүрэн тусгаарлаж Үндсэн Хуульдаа нийцүүлэх ёстой харагддаг.
Үндсэн хуульд хийх косметик засварын хэрэгцээ.
Үндсэн Хуулийн агуулагдсан санаануудыг бүрэн нээн илрүүллээ ч үнэхээр дутагдаж байгаа зарим зүйлийг нэмэх, өөрчлөх шаардлага байсаар байна гэж харж байна. Өөрөөр хэлбэр Үндсэн Хуульд далд агуулгаар илэрхийлээгүй ч үнэхээр нэмчихмээр засчихмаар хэд хэдэн ил заасан заалт байдаг. Тухайлбал Шүүхийн томилгоо, прокурорын статус, ҮХЦ-н шалгуур, УИХ гишүүдийн тоо, Дээд Шүүхийн гишүүдийн тоо зэрэг юм.
1. Шүүхийн томилгоо
Монголд Шүүхийг Ерөнхийлөгч томилоод, Ерөнхийлөгч буулгадаг байдлаар олон жил явжээ. Энэ нь яваандаа шүүхийг ерөнхийлөгчийн ташуур болох байдал руу хүргэсэн. Ерөнхийлөгчөөс өөр шүүхэд хэн ч хяналт тавихгүй. Энэ алдааг засахаар УИХ арга буюу шүүхийн ёс зүй, сахилгын хяналтын бүтэц бий болгосон ч тэр нь ажиллах эсэх нь бүрхэг байна.
Эрх мэдлийн хуваарилалт (separation of power), харилцан хяналт тэнцлийн (check and balance) зарчим Ерөнхийлөгчийн засаглалтай улсад ч, Парламентын засаглалтай улсад ч дараахь байдлаар ажилладаг. Шүүхийг гүйцэтгэх засаглалаас санал болгон Төрийн тэргүүн томиолдог. АНУ-д бол Ерөнхийлөгч санал болгосоныг Сенат зөвшөөрвөл шүүгчийг томилдог. Харин Парламентын системтэй орнуудад Ерөнхий сайд нь санал болгоод Төрийн тэргүүн нь томилж ёсчилдог. Тийм төрийн тэргүүд зөвхөн ёсчлолын эрх мэдэл бий. Энд нэг асуудал үүсдэг. Ерөнхийлөгч гүйцэтгэх засаглалын тэргүүн мөн үү. Үндсэн Хуульд зааснаар түүнийг төрийн тэргүүн гэсэн байна. Тэхлээр түүний роль бол Австралийн хувьд Английн Хатан Хаан, түүний төлөөлөл амбан захирагчийн дүр юм.
Шүүгчийг огцруулахдаа аль ч улсад нь парламент буюу ард түмний төлөөлөл хуралдаж огцруулдаг. Өөрөөр хэлбэл шүүхийг гүйцэтгэх засаглал томилж, хууль тогтоох засаглал огцруулдаг. Тэдний завсарт ямар ч ШЕЗ, Шүүхийн сахилгын хороо байхгүй. Байх ч шаардлагагүй. Хууль мөрдүүлэгч Шүүхийн шүүх бол хууль тогтоогч Парламент өөрөө юм. Шүүхдээ барьцаалагдахгүй сөрсөн базаанд орохгүй байх тооны парламентын гишүүнтэй байх нь бас чухал.
Харин шүүх нь гүйцэтгэх засаглалын хууль хэрхэн мөрдөж ажиллаж байгааг авч хэлэлцэн шийдэх эрхтэй байдаг. Гэхдээ үүнд ЗГ-н гаргасан улс төрийн шийдвэрүүд орохгүй. Хэрэв шүүх улс төрийн шийдвэрийг хэрэлцэн шийдээд зөв буруу болсон гэх шийдвэр гаргаад эхэлбэл бүх эрх мэдэл шүүхийн гарт орно.
Шүүх хууль тогтоох засаглалыг Үндсэн Хуульд нийцэж байгаа талаар нь хянаж байдаг. Үүнийг олон оронд Дээд Шүүх нь хийдэг бол нэлээн хэдэн оронд Үндсэн хуулийн тусгай шүүх байгуулж хийдэг. Манайд бол ҮХЦ энэ шүүх нь юм.
Миний хэлэх гэсэн санаа бол Шүүгчийн томилгооны болон импийч хийх сонгодог зарчмыг Үндсэн хууль зориуд тодотгон суулгаж өгөх ёстой гэж бодож байна.
2. Прокурорын статус
Хувь этгээдийн эрх, ашиг сонирхлыг хувь этгээд хөндөн муу буруу зүйл хийхийг хууль зүйн шинжлэх ухаанд private wrong буюу хувь этгээдийн эсрэг хийж байгааа гэм хор гэж авч үздэг. Ийм асуудлыг хувийн эрх зүйн хүрээнд гэм хорын хохирол нөхөн төлбөрийн маргаанаар өөр өөрийн өмгөөлөгчдөөр дамжуулан шүүхдэж шийдвэрлээд цааш явдаг. Иргэний хэрэгт хэнийг ч шийтгэдэггүй, харин хохирсон талд учирсан хохирлыг хохироггчоос гаргуулдан барагдуулдаг зарчимтай.
Харин хувь хүний болон хэн нэгний эсрэг хийсэн үйлдлийг нийгэм хүлээн зөвшөөрөхгүй, тэр үйлдэл нь нийгмийн тогтсон хэв заншилд таарахгүй байна гэж үзвэл үүнийг public wrong буюу гэмт хэрэг гэж үздэг ба ийм хэрэг хийсэн этгээдийг шийтгэдэг. Шийтгэлийн гол зорилго нь ийм хэрэг дахин гаргахгүй байхыг олон нийтэд анхааруулах байдаг юм. Эрүүгийн хэргийн шүүх хуралд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гадна, олон нийтийн өмгөөлөгч оролцдог. Гэмт хэргийн хохирогч эрүүгийн хэрэгт гэрчийн үүрэгтэй л оролцох бөгөөд өөрт нь учирсан хохиролын нэхэмжлэлийг иргэний шүүхэд тусад нь гаргаж шийдүүлдэг.
Хууль зүйн шинжлэх ухаанд заадгаар бол Прокурор нь ганцхан л үүрэгтэй. Тэр нь эрүүгийн хэргийн шүүх хуралд олон нийтийн өмгөөлөгч хийх, нийгмийн тогтсон хэм хэмжээг хамгаалах байдаг.
Америкт энэ албан тушаалтны Attorney General буюу Ерөнхий Өмгөөлөгч гэх ба түүний ажилтнууд шүүх хуралд тус муж улс буюу Attorney General-ыгаа төлөөлөн оролцдог. AG Hong Kong v Reid гэх алдартай авилгалын хэргийг та нар олж үзээрэй.
Америкт Attorney General нь хууль зүйн яамыг нь толгойлдог бөгөөд Холбооны улсын зүгээс, эсвэл мужийн AG-үүд нь муж улсынхаа зүгээс шүүхэд нийтийн эрх ашгийн өмгөөлөн хамгаалахаар оролцдог.
Парламентын засаглалтай Австралид жишээ нь Ерөнхий Прокурорыг нь DPP (Director of Public Prosecution) буюу нийтийн прокурорын газрын захирал гэж ярьдаг. Тэд шүүх хуралд төрийг төлөөлж орох ба ихэвчлэн хатан хааны өмнөөс, муж улсынхаа өмнөөс шүүгдэгчийн өмгөөлөгчтэй тулж шүүгчид өөрийн гаргаж тавьж буй хэргийн хувилбар үнэн гэж нотлохыг хичээдэг. R v Secretary буюу R=Regina (төр) гэх зэргээр шүүгдэгч талуудын төрийн төлөөлөлийг тэмдэглэсэн хэргүүдээс харж болно.
Монголын прокурор нь Шүүхийнхээ үргэлжлэл байдлаар үндсэн хуулийн нэг бүлэгт багтаж хуульчлагдсан байх юм. Энэ нь шүүхэд яг ижил статус эрхтэй оролцохшүүгдэгчийн өмгөөлөлийн талыг илдэт доошлуулсан заалт болсон байдаг. Үүнийг Үндсэн хуулиас авч органик хуулиар нь зөв зарчимд нь оруулж эрх тэгш харилцааг нь хуульчлах ёстой. Прокурор шүүхийн хажууд биш л бол хаана ч байх боломжтой юм. Манайхаас бусад оронд прокурортоо шүүгдэгчийн өмгөөлөгчөөс илүү статус олгон хуульчилсан ардчилсан орон байхгүй байна. Прокурор нь нийтийн нөөц ресурсыг ашиглан цуглуулсан баримтаа шүүх хуралдаан болохоос хангалттай хугацааны өмнө тэр нөөцийг бүрдүүлэхэд төлсөн татвараараа хувь нэмэр оруулсан шүүгдэгч талд гаргаж өгөх зарчим хүртэл байдаг. Гэхдээ үүнийг үндсэн хуулийн хүрээнд ярих ёсгүй юм.
3. Үндсэн Хуулийн Цэцийн гишүүнийг томилох шалгуур.
Үндсэн хуулийн цэцийн гишүүн хууль зүйн боловсролтой, эсвэл улс төрийн өндөр мэргэшилтэй байна гэсэн заалт манай үндсэн хуульд бий. Эрх зүйн боловсролгүй этгээдүүд ҮХЦ-д шургалж хуулийн шинжлэх ухаанаас гажуудсан шийдвэрүүд олон жил гарган төрийн хямралд хөтөлж байсан гол шалтгаан энд бий. ҮХЦ бол шүүхийн зүгээс парламентад тавих харилцан хяналт тэнцвэрийн механизмыг хэрэгжүүдэг байгууллага болохыг би дээр хэлсэн. Нэгэнт шүүхийн энэ үндсэн үүргийн биелүүлдэг байгуулага тул энэ бүтцийг хууль зүйн боловсролтой хүмүүсээр бүрдүүлэх нь зөв гэж үзэж Үндсэн Хуулийн яг энэ заалтыг засварлах ёстой гэж харж байна. ҮХЦ зөвхөн хууль зүйн боловсролтой хүмүүсийн орчин байх ёстой.
Хэрэв УИХ ингэж шийдвэл үүнийг ҮХЦ эсэргүүцэх эрхгүй. ҮХЦ өөрөө Үндсэн Хууль тогтоогч нь хуулиараа биш тул Үндсэн хууульд цэцийн талаар оруулсан, ер нь Үндсэн хуульд оруулсан аливаа нэмэлт өөрчлөлтийг Үндсэн хуульд нийцсэн эсэх талаар авч хэлэцэх эрхгүй бөгөөд энэ эрх зөвхөн УИХ-д хадгалагддаг эрх юм.
4. УИХ-н гишүүдийн тоо
Манайхтай яг ойролцоо парламентын нэг танхимтай, хөдөө аж ахуй, аялал жуулчлал ихээр хөгжүүлсэн цөөхөн хүн амтай Шинэ Зеланд гэж улс бий. Тэр улс 2 сая орчим иргэнтэй байхдаа 120 гишүүнтэй парламенттай байх үүнээс 71 нь тойргоос буюу мажоритар системээр, 49 нь намын жагсаалтаар буюу процорционалаар сонгогдох хуультай болсон байна. Одоо энэ улсын хүн ам 5 сая гараад явж байна.
Монголын хувьд яг үүнийг хуулаад Үндсэн хуульдаа суулгачихвал гишүүн сайд гэсэн хэрүүл дахин гарахгүй ба хамгийн гол нь гадны нөлөө төрийн шийдвэрт огцом орох эрсдэл буурч, шүүх болон гүйцэтгэх засаглалд тавих парламентын хяналт сайжрах боломжтой юм.
5. Дээд Шүүхийн Гишүүдийн тоо.
УДШ өнөөдөр хэлмэгдүүлэлтийн хонгил болтлоо ялзарч авилгалжжээ. Ардчилсан улс орнуудад Дээд Шүүхийн Justice бол ёс зүйн үлгэж жишээ, хууль зүйн шинжлэх ухааны дээр ноён оргилууд, олон олон хуульчдын legal hero байдгийг би нүдээрээ харсан. Австралийн дээд шүүхийн Justice асан Michael Kirby Бонд их сургуульд 2016 онд зочилсон уулзалтаас би дээд шүүхийн гишүүн ямар сүпер хүн байдгийг нүдээрээ харсан юм.
Дээр өгүүлсэн шүүхийн пресидент тогтоодог гол шүүх нь Дээд Шүүх байдаг. Дээд Шүүх зөвхөн шинэ пресидент тогтоох хэрэг буюу novel case л авч шийддэг. Нэгэнт пресидент нь тогтсон хэргээр дээд шүүхэд хандвал Дээд Шүүхэд түвэг удлаа гээд шийтгэх нь бий.
Монголын хувьд шүүх нь шүүхийн пресидентийг мөрдөх зарчимгүй тул бараг бүх хэрэгт (эрүү, иргэн захиргаа хамаарахгүй) шинэ хэрэг буюу novel case гэдэг статус автоматаар үүсчихдэг. Иймээс манай дээд шүүх танхимын бүтцэд шилжиж маш олуулаа болж авсан. Хэрэв хибрид тогтолцоонд шилжиж шүүхийн пресидент хэрэглээд эхэлбэл Дээд Шүүхэд ийм олон шүүгчийн хэрэгцээгүй болно. АНУ-д 9, Австралид 7 Justice байдаг. Манайд 7-9 байхад л хангалтай юм. Үүнийг Үндсэн хуулийн хүрээнд шийдээд өгчих хэрэгтэй санагдсан.
Ерөнхийдөө бол Үндсэн Хуулийн ойн өдөр хэлмээр санагдаж байгаа зүйл энэ хэд л байна. Та бүхэн тунгаан болгооно уу.
No comments:
Post a Comment