Saturday, October 12, 2019

УИХ гишүүдэд хандан ҮХНӨ-ийн талаар хэлэх хэдэн үг


 1990 оны хавар ард түмэн Сүхбаатарын талбайд тусгай хангамжийг устган, тэгш эрхийг нэхэх лоозон барин жагссан юм. Үүнээс 2 жил шахуугийн дараа 1992 оны 1-р сарын 13-ны өдөр Ардын Их Хурал, Улсын Бага Хурал хамтран шинэ Үндсэн хуулийн төслийг эцэслэн баталсан билээ. Уг Үндсэн Хуулиар шинэ цагийн төрийн эрх мэдлийн хуваарилалт, ардчилсан ёс журам, хүний эрхийн элементүүдийг тунхаглан хуульчилсан байдаг.  Олон олон зүйл заалтуудыг нь монголчууд, монголын төр амьдралдаа туршин үзсэн боловч энэ хуулиас ганцхан л заалтыг эхнээс нь хэрэгжүүлэхгүй байсаар энэ улс нийгэм, улс төр, эдийн засгийн гүн хямралд оржээ. Энэ хэрэгжихгүй орхигдсон ганц заалт нь хуулийн өмнө бүгд тэгш байх тухай заалт байсан юм.

Энэ хуулийн өмнө тэгш байх заалтыг Үндсэн Хууль баталсан Ардын Их Хурлын 400 гаруй нэгдлийн дарга, аж ахуйн даамлууд, 50 Бага хурлын гишүүд өөрсдөө ч мөрдсөнгүй. Бараг л санаатайгаар гэмээр. Үүнийг мөрдөөгүйн төлөө хариуцлага хүлээсэн цорын ганц бөгөөд сүүлчийн хүн нь 20-р тогтоолын тухай insider мэдээлэлийг хувьдаа ашигласан депутат Дамдин гэгч хүн байлаа.

Тэд энэ заалтыг яаж гажуудуулсан бэ? Үндсэн хууль баталсны маргааш л нэгдэлүүд тарж мал хувьчлагдах, нэгдлийн аж ахуйг тараан хуваарилах асуудал босч ирсэн юм. Мэдээж мэдээлэлд ойр, эрх мэдэлд байгаа давуу талаа ашиглан нэгдэл нийгмийн ихэнх хөрөнгө чухамхүү Үндсэн Хууль баталсан тэр эрхэмүүдийн гарт ихэнх нь ямар нэгэн аргаар орсон байдаг. Ингэж шинэ цагийн анхны феодалууд үүсэх суурь тавигдсан билээ. Аж ахуй толгойлж байсан төв суурингийн дарга нар ч хоосон хоцроогүй. Социализмын бараа бааз, хоршоо мухлагийг тэд л хүч түрэн хувьчилж авцгаасан. Харин Бага хурлын эрхэмүүд бол мэдээлэлд ойр байгаа боломжоо хувьдаа ашиглан том сэтгэн том туусан нь одоо ч мэдэгдэм.

Ингээд Үндсэн хууль хэрэгжиж эхэлмэгц хэрэгжүүлэх шаардлагагүй нэгэн зүйл тэр хуульд байсан нь ил болсон. Хуулийн өмнө тэгш байх албагүй гэдэг зарчим нийгэмд улам түгэн дэлгэрсэн. Өөрөөр хэлбэл 90 оны тэмцлийн үед онцгойлон яригдаж байсан тусгай хангамж, тусгай харж үзээ тэр чигээрээ үлдсэн. Зүгээр л тусгай харж үзээ хүртэгчид нь өөр хүмүүс болцгоосон байдаг. 1996 онд АХ эвсэл засгийн эрхэнд гарч байр орон сууцыг хувьчилж эхэлсэн.  Иргэн бүр улсаас түрээслэн сууж байсан байраа хувьчилж авсан боловч тухайн үеийн хотын орон сууцны нийт талбайн 15-20 хувийг бүрдүүлж байсан орос мэргэжилтнүүд, улаан цэргийн офицерүүдийн  сууж байсан байр сав аль хэдүйнээ ардчилагч нарын гараар ороод дууссан байв. Эндээс Зи, Да нарын байрны магнатууд төрж эхэлсэн. Жасрайн Засгийн газрын үед энэ улс төсөв хоосон, ёстой л нөгөө урд хормойгооро хойд хормойгоо нөхөн амь зуудаг байв. Энэ үед алт хөтөлбөр зарлагдсан юм. Бас л нөгөө мэдээлэлд ойр бүлэглэл хамгийн шимтэй нөөцтэй ордуудыг нь авч анхны хөрөнгөтнүүд мэндэлсэн түүхтэй.

Хэдийгээр бүгд нэг жигд гараанаас эхэлсэн мэт боловч эрх мэдэлтнүүдийн үүсгэсэн тэгш бус байдал нийгмийн жам ёсны урсгалд алхам тутамд өөрчлөлт оруулсаар өнөөгийн энэ нийгэмд хүрч иржээ.  Эргээд харахад эрх мэдэлтэнд хууль нэг янзаар, энгийн ардад хууль шал өөр янзаар үйлчилдэг нийгэм байгуулаад эхэлчихсэн тууж явна.  Эндээс бүх гажуудал эхэлж байгаа юм.

Өнөөдөр Үндсэн Хуулиа янзална, учрыг нь олно гээд бүгд бужигнаж байна. Энд санал болгосон өөрчлөлтүүд их бага талаараа хэрэгцээтэй юу гэвэл хэрэгцээтэй. Гэхдээ нийгмийн шударга ёсыг ойртуулах нэг ч санал санаачлага энэ саналууд дунд алга.  Хамгийн тоймтой хэдэн саналынх нь талаар өөрийн ажигласанаа сийрүүлье. Энгийн ардад ойлгомжтой байлгах үүднээс академик зохиомж, үг хэллэгийг аль болох цөөн хэрэглэхийг хичээлээ. Яалт ч үгүй шинэ ойлголт өгөх шаардлагатай үед англи нэр томъёог зохих байдлаар хавчуулсан болно. 

1. Засгийн газрын тэргүүн багаа бүрдүүлэх эрхтэй байх эсэх талаар. 
Дэлхийн ертөнц дээр ардчилсан улс орнууд нь парламентын болон ерөнхийлөгчийн засаглалтай байдаг бол ардчилсан бус улс орнууд ерөнхийлөгчийн эсвэл хэмжээгүй эрхэт хаант засаглалтай байдаг юм байна. Манайд арабын шейхууд, эсвэл дундад азийн удирдагчдын аль нь ч байхгүй тул ардчилсан бус улсын тоонд одоохондоо арай ч орчихоогүй явж байна.
Ардчилсан улсад ямар засаглалтайгаас үл хамаараад иргэд Засгийн Газрын тэргүүнийг сонгох хүмүүсийг эхлээд сонгодог. Хаана ч засгийн газрын тэргүүнийг шууд сонгодоггүй.
Ерөнхийлөгчийн засаглалтай улсад жишээ нь Засгийн газрыг ерөнхийлөгч нь, эсвэл ерөнхийлөгчөөс томилсон ерөнхий сайд удирддаг. Үүний жишээ нь АНУ болон Францын БНУ юм. АНУ-д иргэд сонгуулиараа ерөнхийлөгчөө биш харин ерөнхийлөгчийг томилох үүрэг бүхий Электорат хэмээх бүлэг хүнийг сонгодог. Иргэдийн сонгосон тэр хүмүүс өөрсдийн итгэл үнэмшлээр дараагийн шатны сонгуульд санал өгсөнөөр Ерөнхийлөгч нь тодордог. АНУ-н түүхэнд иргэдийн өгснөөс өөр санал электоруудаас гарч иргэдийн олонхи дэмжээгүй хүн Ерөнхийлөгч болж байсан түүх бий. Би үүнийг ард нийтээс Засгийн газрын тэргүүнийг шууд сонгодоггүй юм шүү гэдгийг харуулах зорилгоор л жишээ болгон бичиж байгаа юм шүү. 

Парламентын засаглалтай улсад бол бүүр ч шударга. Ард иргэд хууль тогтоогчдоо сонгоод тэр хууль тогтоогчид нь засгийн газрын тэргүүнийг сонгон томилдог. Парламентын тогтолцоо нь ардчилсан боловч Үндсэн хуульт монархтай улсад их түгээмэл байдаг. Мөн Үндсэн хуульт монархигүй боловч билэгдлийн төрийн тэргүүнтэй улс орнууд мөн парламентын засаглалыг нэвтрүүлсэн байдаг. Эдгээр улсууд нь өмнө нь ганц хүний дарануйлалд зовж зүдэрсэн, мөн гадаад нөхцөл байдлыг өөрт хохирол багатай туулах зорилготойгоор энэ засаглалыг сонгодог. Үүний жишээ нь Герман, Австри, Монгол юм.

Нэгэнт засгийн газрын тэргүүнийг сонгосон бол түүнд улс орныг удирдах бүх Гүйцэтгэх дээд эрх мэдэл (Executive power)-г өгч үр дүнг шаарддаг. Засгийн газрын тэргүүн өөрт ирсэн үүргийг биелүүлэхийн тулд түүнийг биелүүлэхэд шаардлагатай баг буюу хуулийн хэллэгээр кабинет бүрдүүлж ажилладаг. Засгийн газрын тэргүүнтэй ажиллах шилэгдсэн баг буюу кабинетийн гишүүдийг олон оронд сайд (minister),  зарим нэг цөөн улсад төрийн нарийн бичгийн дарга (secretary) гэж нэрийддэг. Кабинетийн гишүүний ажил бол засгийн газрын ажлын салшгүй хэсэг бөгөөд хамтын шийдвэр гарган хамтын хариуцлага хүлээдэг ёс дэлхий даяар тархжээ. Хэрэв тэр багийг бүрдүүлэх эрх Засгийн газрын тэргүүнд байхгүй бол хамтын ажил явагддаггүй, улмаар хамтын амжилт ирдэггүй. Иймээс ардчилсан улс орнуудад кабинетийн гишүүнийг томилох, огцруулах бүрэн эрхийг Засгийн газрын тэргүүний мэдэлд орхидог. Засгийн газрын гишүүнийг ЗГ тэргүүн томилсоныг төрийн тэргүүнд, хэрэв ЗГ тэргүүн нь өөрөө төрийн тэргүүн бол парламентынхаа дээд танхимд танилцуулж ёсчилдог уламжлал нэгэнт тогтсон байдаг байна.

Дэлхий нийтэд түгээмэл энэ ёс жаяг руу алхсан санал УИХ-н хэлэлцүүлэгт 2-нтоо уначихсан бололтой. Өөрөө хэлбэл Засгийн газар нь фракцуудын наймаацал дээр, мэргэжлийн бус улс төрийн томилгоо давамгайлсан, танихгүй, магадгүй нэг нэгэндээ дургүй хүмүүсийг хүчээр гэрлүүлсэн мэт байх хэвээрээ үлдчих шиг боллоо.  Тун харамсалтай

2. УИХ-н гишүүн Засгийн газрын гишүүн байх ёстой эсэх тухайд.
Ардчилсан улс орнуудад 2 зарчим үйлчилдэг.
Ерөнхийлөгчийн засаглалтай улсын засгийн газрын гишүүн нь хууль тогтоогч байдаггүй бөгөөд өөрийгөө гүйцэтгэх эрх мэдэлд бүрэн зориулдаг. Хэрэв сайд нь хууль тогтоогч байсан бол тэр энэ үүргээсээ татгалзан сайдын ажилд ордог. Үүний жишээг биш Нью Йорк мужаас сонгогдсон Сенатч Хиллари Клинтон АНУ-н төрийн департаментын тэргүүнээр Обамагийн ЗГ-т ажиллахдаа сенатын суудлаа чөлөөлж өгч байснаас харж болно.  Энэ нь Монтьескегийн бичсэн эрх мэдлийн сонгодог хуваарилалттай холбоотой. Дэлхий дээр энэ сонгодог хуваарилалт зөвхөн АНУ-д л бий. Өөр хаана ч ийм тэнцвэртэй эрх мэдлийн тэгш хамт баланс байдаггүй.

Харин Парламентын засаглалтай улсад засгийн газрын гишүүдийг заавал парламентын гишүүн байх шаардлага тавьдаг. Австралиийн шинэ засгийн газарт орсон хүн парламентад суудалгүй байвал сайдаар томилогдсоноосоо хойш 3 сарын дотор аль нэг дурын тойрогт очиж парламентын гишүүн болох зөвшөөрөл хүсч сонгогчдоос нь санал авдаг. Хэрэв сонгогчид түүнийг парламентад оруулахыг зөвшөөрөхгүй бол тэр сайдын суудлаа бас өгдөг. Цаад агуулга нь ард түмний мандатгүй хэн ч парламентын засаглалтай улсад төрийн дээд эрх барих хэрэгт оролцох эрхгүй байх гэсэн санаа байдаг.

Монголын тухайд 1996 онд иргэн Ламжавын зохиомолоор үүсгэсэн энэ алдааг 2000 оны нэмэлт өөрчлөлтөөр зассан боловч богино зайны улс төр энэ сэдвээр эцэс төгсгөлгүй явж ирсэн байдаг. Үр дүнд нь ард түмэн төрд орохыг зөвшөөрөөгүй нэг нөхөр өөрийн фракцын эзний төлөөлөгч байдлаар яам толгойлохоор томилогдож засгийн кабинетийн нэгдмэл байдлыг самарч хаядаг.

Энэ хэсэгт ядаж Н.Энхбаярын засгийн газар шиг 50/50 байх зохицуулалт оруулахгүй бол УИХ-н гишүүд засгийн эрхийг өөрийн зардлаар бусдад авч өгдөг хүмүүс болж хувиран хэн ч төрийн эрх барих дээд байгуулагад орохоор хүч хөрөнгөө шавхах сонирхолгүй болчихвол төрийн чадамж эрс буурах аюул бий 

3. УИХ гишүүдийн тоо 99-108 байж болох эсэх талаар.
УИХ гишүүдийн тоо хангалттай олон байх нь дараахь давуу талуудыг үүсгэдэг.
- Нэг гишүүний нөлөө багасаж улс орны асуудлын хэлэлцүүлэлт хувь гишүүний болон бүлэглэлийн дарамт сулардаг
- Засгийн газарт орсон “давхар дээлтэй” гишүүдийн эзлэх хувийн жин багасаж парламентын хяналтын эрх нэмэгддэг.
- Олон жижиг тойрог үүссэнээс нутаг дэвсгэрийн сонгуулийн зардал эрс буурах боломж бий болж хөрөнгөлөг бус сэхээтнүүд олноороо хууль тогтоох байгуулагад сонгогдох эдийн засгийн боломж нээгддэг. Харин 50/50 гэх мэт холимог тогтолцоог нэвтрүүлбэл хөрөнгөлөг цөөн хүн мажоритар тойрогт өрсөлдөж, үлдсэн хэсэг нь намын даргаас 100% хараат хүн сүрэг байдлаар (32 оны Германы наци нам шиг) парламентад орж ирэх болдог. Энэ нь өөрөө парламентын гишүүдийн тэгш бус байдлыг өдөөж дотоод хямрал руу түлхдэг тул аль болох зайлсхийх нь зөв. Шинэ Зеландын нэг танхимтай 120 гишүүнтэй парламентад энэ тоо 71+49 байдаг юм билээ. Өөрөөр хэлбэл намын даргын карманд даган орж ирэх намын масс 49 гишүүн буюу нийт гишүүдийн 41 хувиас хэтрэхгүй байдаг. Шинэ Зеланд энэ тогтолцоондоо хүн амын тоо нь 2 сая хүрэхгүй байхдаа шилжсэн байдаг. Иймээс энэ харьцааг Монголын парламентад авч нэвтрүүлэхэд болохгүй газаргүй. 

Ингэхлээр УИХ гишүүдийн тоог тодорхой хэмжээнд нэмэх, эсвэл парламентын гаднаас сонгогдон томилогдсон засгийн газрын гишүүнд парламентын суудал авах боломж нээх үүднээс УИХ гишүүдийн тоог нэмэх, уян хатан байлгах шаардлага бий.
УИХ гишүүд мөн л энэ асуудлаар санал хураасан боловч дэмжсэнгүй унагаад хаялаа.

4. Сонгуулийн тогтолцоо ямар байх талаар.
Монгол улс сонгуулийн тогтолцоо нь маш ойлгомжгүй зөрчилтэй явж ирсэн ардчилалтай улс юм. Сонгуулийн тогтолцоо ямар байхыг санаанаасаа зохиох, бусдын жишгийг дагахаасаа өмнө Үндсэн Хуулинд маань юу гэсэн байгааг сайтар анзааран түүнд агуулагдсан implied буюу далд санаануудыг олж харахыг бид хичээх ёстой юмаа. Өөрийн ажигласанаа энд товчхон хуваалцъя.

Ардчилалын түүхэнд мажоритар тогтолцоо түлхүү ашигласан байдаг нь Үндсэн Хуулийн "шууд сонгох" заалттай холбоотой гэж үздэг. Гэхдээ маш олон улсын Үндсэн Хуулийн эрх зүйн онолуудаар бол энэ шууд сонгох гэдэг нь сонгогч этгээд бусдаар дамжуулан саналаа өгөхгүй л гэсэн санаа юм. Өөрөөр хэлбэл сонгогч нь сонголтоо өөрөө хийх гэсэн санаа байдаг. Энэ шууд сонгох заалт пропорционал болон холимог тогтолцоотой улсуудын үндсэн хуульд ч байгаад байдаг нь "шууд сонгох" заалт маань сонгуулийн тогтолцоог заасан заалт биш харин сонголтыг хэн нь хийх вэ гэдгийг заасан заалт болох нь тодорхой харагдаж байдаг.

Нутаг дэвсгэрийн төлөөлөл, хүн амын төлөөлөл төрд зөв харьцаагаар байх нь цөөхөн хүн амтай, уудам газар нутагтай Монгол шиг орны хувьд асар чухал билээ.
Үндсэн хуульд маань ямар нөөц байгааг шинжье. Ийм агуулгатай заалтууд байх юм. "33.2. Ерөнхий сайдыг УИХ-д хамгийн олон суудал авсан нам, эвсэл дэвшүүлнэ", "31.2. Улсын Их Хуралд суудал бүхий нам дангаараа буюу хамтран Ерөнхийлөгчид тус бүр нэг хүний нэр дэвшүүлнэ". Та нар анзаарсан бол Үндсэн хууль маань Ерөнхий Сайд болон Ерөнхийлөгчийг тодруулах үүрэг бүхий нам гэдэг улс төрийн байгуулагыг хуульчилсан байхыг энэ заалтуудаас харах болно.  Гэтэл одоогийн мажоритар тогтолцоогоор 76 бие даагч сонгогдон гарах онолын боломж бий. Бид хичнээн ч хэзээ ч тийм юм болохгүй гэж зүтгээд ч эрчимтэй уруудан доройтож байгаа улс төрийн намуудын нэр хүндийг ажиглавал энэ онолын боломж нь практикт хэрэгжихэд бараг бэлэн харагдаад байгаа юм. За 76 бие даагчтай болох үед юу болох вэ. Шууд утгаараа Үндсэн Хуулийн хямрал, мухардал болон энэ улс Засгийн Газаргүй, Ерөнхийлөгчгүй улс болох ба их сайндаа л өмнөх Засгийн Газрын бүрэн эрх дараагийн Их Хурлын үед дуусахгүй, Ерөнхийлөгч нь сонгуулгүйгээр 3 дахь хугацаанд ажилласан ийм сонин байдал үүсэх болно. Ингэхлээр Улс төрийн нам УИХ-д байна гэж хуульчилсанаараа улс төрийн намыг тусад нь УИХ-д оруулах суваг байх ёстойг Үндсэн Хуульд хуульчилсан implied law энд байна гэж ойлгох ёстой болж байна. Мөн иргэн төрийн байгуулагад сонгогдох сонгох эрхтэйг заасан заалт нь бие даагч хувь иргэн УИХ-д сонгогдох эрхтэй байх ёстойг ч бас хуульчихсан байдаг. Ингэхлээр УИХ-н сонгуулийн тогтолцоо маань Үндсэн Хуулиараа холимог тогтолцоо байх ёстой болж таарч байгаа юм.
УИХ-н батлах сонгуулийн хуулийн үүрэг бол зөвхөн мажоритар болон пропорционал суудлуудын харьцаа, түүний босгыг хуульчлах л ажил хийх ёстой болж таарч байна.
Та бүхэн энэ талаас нь нэг сайн анзаараадхаарай. 

5. Ерөнхий сайд парламентыг тараах эрхтэй байх нь зөв эсэх талаар.
Харамсалтай нь энэ чухал асуудал энэ удаагийн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд тусгагдаж хэлэлцэгдсэнгүй.  Уг нь цаад санаа нь бол их энгийн. Засгийн газар аливаа реформын шинжтэй асуудлаар парламентын дэмжлэг авч чадахгүй байгаа тохиолдолд мухардлаас даруйхан гарахын тулд ард түмнээрээ хайнаа хагалуулахыг парламентын ээлжит бус сонгууль зарлах гэж нэрлэдэг юм билээ.  Ерөнхий сайд нь өөрийн засгийн газрын хийх реформыг парламентад дэмжих тооны хүн сонгож өгөхийг ард түмнээсээ хүсэж ээлжит бус сонгууль зарладаг. Ихэнх тохиолдолд ард түмэн дэмждэг ч, зарим тохиолдолд эсрэгээрээ болж өөр парламент бүрдэх болдог. Энэ бол ардчилалын эрүүл процесс бөгөөд хүссэн дэмжлэгээ аваагүй Ерөнхий сайд огцрон шинэ засгийн газар байгуулагдан шинэ зорилт тавиад цааш явдаг.  Монголын парламентад энэ асуудал маш хэрэгцээтэй байгаа. Учир нь Ерөнхий сайдынхаа хийх гэсэн реформыг парламент боож хаан, хувийн болон фракцын нөхцөл тулган мушгисаар анхны сэдсэн реформыг нь тэр гэж танихын аргагүй мутацад оруулж хаядагаас энэ улс хөгжихгүй хий эргэж орхидог. Иймээс Ерөнхий сайдад суудал булаалдсан улс төрийн хямрал турмойлоо шийдэх гэж биш харин зөвхөн улс орон даяар хийх ард нийтэд нэн хэрэгцээтэй реформын асуудлаар парламенттай санал зөрөлдвөл түүнийг тараан ээлжит бус сонгууль зарлах эрхтэй болгох ёстой гэж бодогдож байна.

6. Ерөнхийлөгчид элдэв эрх мэдэл нэмж олгох тухайд. Аливаа төрт улс төрийн тэргүүнтэй байдаг нь жам. Энэ ёс улс бүрт янз бүрээр биелэлээ олж иржээ. Өнөөгийн дэлхий дээр төрийн тэргүүнүүд хэмжээгүй эрхэт хаан (Сауди), хэмжээт эрхэт хаан (Япон), ээлжээр сонгогддог хаан (Малайз, Арабын Нэгдсэн Эмират), ард түмнээс сонгогдсон засгийн газрын тэргүүн биш Ерөнхийлөгч (Орос),  ард түмнээс сонгогдсон Засгийн газрын тэргүүн Ерөнхийлөгч (АНУ), Парламентаас сонгогдсон сул Ерөнхийлөгч (Герман), ээлжээр төр тэргүүдэг холбооны зөвлөлийн гишүүн (Щвейцарь) гэх мэт олон янз байх аж. Монголын хувьд хибрид шинж чанартай Ерөнхийлөгчтэй улс юм. Нэг танхимтай парламентын засаглалтай улсад Ерөнхийлөгчийг ард түмнээс сонгох тогтолцоог сонгосон нь Ерөнхийлөгчийн засаглалыг оруулж ирэх гэсэн хэрэг биш юм билээ. Харин олон парламентын улсуудад байдаг дээд танхимын үүргийг гүйцэтгэдэг төрийн тэргүүнийг ард түмнээсээ сонгосон хэрэг юм. Ерөнхийлөгч эсвэл хаан нь гүйцэтгэх засгийн тэргүүн биш бараг бүх улсад төрийн тэргүүн нь парламентын хэсэг байхаар Үндсэн Хуульд нь сууж өгсөн байдаг. Энэ жишгийг Үндсэн хуулийн эцэг Б.Чимид Монголын хөрсөн дээр буулгасан нь ард түмнээс сонгогддог дээд танхимыг төлөөлсөн Ерөнхийлөгч буюу төрийн тэргүүгийн оруулж ирсэн явдал юм. Шинэ Зеланд болон Автралийн Куинсланд мужийн парламентын дээд танхимуудын үүргийг төрийн тэргүүнд шилжүүлсэн тайлбартайгаар татан буулгаж нэг танхимтай тогтолцоонд шилжүүлсэн нь одоо ч сайн ажиллаж байна.
Тийм Ерөнхийлөгч юу хийх ёстой вэ. Мэдээж Үндсэн хуульд ноогдуулсан олон зүйл түүний бүрэн эрхэд хамаарч байгаа. Харин манай Үндсэн хуульд гаргасан нэг алдаа нь Шүүхийг томилгоонд Засгийн Газар буюу гүйцэтгэх засаглалын тэргүүнийг оролцоог үгүй хийсэн явдал юм. Эндээс засаглалын check-balance алдагдах суурь тавигдсан байдаг. Тэнд бол шүүгчийг гүйцэтгэх засаглалын тэргүүн санал болгож албан захирагч, эсвэл парламентын дээд танхим баталж томилдог.  Харин Хууль тогтоох засаглал шүүгчийг суудлаас нь зайлуулах эрх эдэлдэг. Гэтэл Монголд энэ бүх эрхийг нэг хүнд төвлөрүүлснээс шүүх улс төрийн багаж болж харилцан check-н хүрээлэлд хамрагдахаа больсон байдаг. Иймээс Үндсэн Хуулийн нэмэлт өөрчлөлтөөр засаглалын check-balance-н энэ зөв зарчмыг оруулж ирэх ёстой. Нөгөөтэйгүүр Монголоос бусад бүх оронд хууль бол төрийн тэргүүний assent  буюу соёрхолоор эцэслэн батлагддаг зүйл байдаг. Гэтэл Монгол улсын хууль УИХ-н даргын гарын үсэг зурагдсанаар ёсчлогддог болсон нь парламентын спикер буюу хурлын дэг сахиулагчид Үндсэн Хуулийн бус эрх мэдэл олгосон байгаа. Тэр дарга парламентын бусад гишүүнээсээ илүү хууль тогтоох эрэмбэтэй байх ёсгүй юм уг нь.  УИХ энэ алдааг засч хуулийг соёрхон ёсчлох үүргийг Ерөнхийлөгчид олгох нь зүйтэй. Ингэвэл Ерөнхийлөгчийн хориг жинхнээсээ хүчтэй болж парламентын дээд танхимын үүргийг гүйцэтгэх Ерөнхийлөгчийн эрх бүрэн хэрэгжиж эхэлнэ. Ерөнхийлөгч нэгэнт ард түмнээс сонгогдсон юм бол энэ улсын нэг танхимтай парламентаас баталж буй шийдвэрүүд хууль болох эс болохыг ард түмний өмнөөс шийдэх эрх хэрэгжүүлэх ёстой байх. АНУ Ерөнхийлөгч үүнийг ёслол төгөлдөр хийж хуулинд гарын үсэг зурсан үзгүүдээ дараа нь бэлгэнд тараадаг ба, Англи болон Хатан хааныг төрийн тэргүүнээ гэж үздэг улс орнуудад Royal Assent  бол бүүр ч нарийн дэгтэй.
Хуульд хэсэгчилсэн хориг, засвар оруулах асуудал хаан, амбан захирагч байтугай АНУ-н ерөнхийлөгч ч хийдэггүй. Зөвшөөрөх, эс зөвшөөрөх ганцхан гарцтай байдаг. Иймээс энэ заалтыг авч хаях ёстой.
Нөгөөтэйгүүр Хэмжээт эрхэт хаан болон Парламентын засаглалтай улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн нэлээд хэсэг нь үүрэг байдаг. Жишээ нь засгийн газрын гишүүнийг томилох, элчин сайдууд томилох, шүүгчийг томилохдоо бүрэн эрхээ дандаа Ерөнхий сайдын зөвлөсөнөөр хэрэгжүүлдэг. Өөрөө хэлбэл эдгээрийг сонголт хийх эрх Ерөнхий сайдад байхаас төрийн тэргүүнд нь байдаггүй. Төрийн тэргүүн зөвхөн ёсчлох үүрэг хүлээдэг.
Манай Үндсэн Хуульд Ерөнхийлөгч гадаад харилцаанд Монгол улсыг бүрэн эрхтэй төлөөлнө гэж заажээ. Гэтэл Н.Энхбаярын үеэс эхлэн, Ц.Элбэгдоржийн үед даамжирч, Х.Баттулгын үед бүүр даварч Ерөнхийлөгч нь төлөөлөлийн үүргээсээ халин харин гадаад харилцааг тодорхойлох эрх рүү илтэд орж эхэлсэн байдаг. Монгол улсын гадаад харилцааг Үндсэн хуулиараа УИХ тодорхойлж Засгийн Газар буюу Гадаад Харилцааны Яам нь хэрэгжүүлдэг. Ерөнхийлөгч бол ГХЯ-ы протоколын шаардлага урган гарсан үед төрийн тэргүүний хувьд оролцож гадаад харилцаанд улсаа төлөөлөх үүрэгтэй этгээд юм. Гэвч энэ асуудал бас л гажуудсан байгааг Үндсэн Хуулийг хэрэгжүүлэхдээ засах шаардлага бий.
Ер нь төрийн тэргүүндээ элдэв ажил овоолоод байдаг улс орон бараг байдаггүй. Зөвхөн илтэд хоорондоо дайсагнасан, цэрэг стратегийн шийдвэрийг минут секундээр хэмжиж шуурхай гаргах шаардлагатай АНУ, ОХУ, БНХАУ 3-т л Ерөнхийлөгчид нь асар их эрх мэдэл төвлөрүүлж ажилладаг. Манайх шиг жижиг улсын хувьд хамтын шийдвэрээ ёсчлуулах, төрийнхөө удирдлагыг харийн олз барьцаанд оруулахгүй байлгах үүднээс төрийн тэргүүнд хэт их эрх мэдэл төвлөрүүлэх шаардлагагүй юм. Үүнийг хууль тогтоогчид бас бодолцох л хэрэгтэй.

Монгол улсын хувьд Ерөнхийлөгч нь төрийн тэргүүн нь болохоос төрийн мэнэжер нь биш юм шүү. Үүнийг Үндсэн Хуулийн тайлбаруудад заавал тодотгож өгөх ёстой гэж бодож байна. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгч маань хоёрдугаар Ерөнхий сайд хийхийг оролддог Гүйцэтгэх эрх мэдэл булаалдах биш, харин ганц хүнтэй парламентын дээд танхимынхаа үүргийг чамбай хийх ёстой юмаа. Хаашдаа дээд танхимд томилгооны хангалттай эрх мэдэл байдаг нь олон улсын жишиг билээ. Ийм л учраас Ерөнхийлөгчийн зохицуулалт Үндсэн хуулийн УИХ гэх хэсэгт байдаг билээ.  

7. Шүүх эрх мэдэл ямар байвал дээр вэ гэдэг талаар. Монгол улс ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш ардчилалын үнэр ч бараг ороогүй, ер нь огт ороогүй салбар бол шүүх, хууль сахиулах тогтолцоо юм. Дэлхийн улс орнууд Үндсэн хуулиндаа шүүхийн талаар олон зүйл бичдэггүй. Дээр бичсэн хуулийн өмнө бүгд тэгш гэдэг зарчмыг дурьдахад шүүх ямар замаар явах нь тодорхой болж ирдэг. Хууль сайн муу байж болно. Гэхдээ түүний өмнө бүгд тэгш байх баталгаа нь нийгмийн шударга ёсны гол хэмжүүр нь билээ. Яаж хэрхэн хуулийн өмнө тэгш байдаг вэ?  Ганцхан л арга бий. Энэ нь шүүх шүүхийн өмнөх шийдвэрүүдтэй адил асуудлыг яг адилхан л шийдвэрлэнэ гэсэн хэрэг юм.Өөрөөр хэлбэл эрүүл барьцалт нь тэгш эрх, шударга ёсны гол суурь үндэс нь байдаг.  Энэ асуудлыг далайн эрх зүйтэй (common law) улс орнууд кэйс бүрийг бүртгэлжүүлэн хэрэг бүр дээр урт судалгаа хийн өмнөх жишгийг хэрэглэх шалтгаануудыг тогтоон шийддэг бол эх газрын эрх зүйтэй (civil law) улсад эрх зүйн шинжлэх ухааны судалгаа, мөн дээд шүүхийнхээ тайлбар дээр үндэслэн шийдээд явдаг. Гэтэл манай улсад эдгээрийн аль аль нь байхгүй болсноор шүүгчид өөр өөрийн үзэмжээр ямар ч хэргийг өөр өөрөөр шийдэх онолын боломж нээгдсэн байдаг. Эндээс шүүхийн авилгал эхэлсэн юм. Нэгэнт шүүхийн өмнөх преседентэд хүлэгдэхгүй, эрх зүйн шинжлэх ухааны зарчимд баригдахгүй байх боломж бүрдмэгц шүүгчийн өмнө ирсэн хэргийг хуулийг өөрийн дураар тайлбарлах замаар аль их төлбөр төлсөн талд шийдэх явдал хавтгайрсан билээ. Энэ Үндсэн Хуулийн нэмэлт өөрчлөлтөөр шүүх хуульд захирагдана гэдгээс гадна өмнөх шийдвэрүүд, эрх зүйн шинжлэх ухааны хүлээн зөвшөөрөгдсөн зарчмуудад тулгуурлан шийдвэр гаргана гэж оруулбал энэ Үндсэн Хуулийн нэмэлт өөрчлөлт өмнөх зорилгоо шууд давуулан биелүүлж орхино шүү.  Учир нь бүх хүнд тоглоомын дүрэм яг адилхан үйлчлээд эхэлбэл нийгэмд шударга ёс тогтож, эдийн засаг хөгжиж, оюун санаа саруулждаг нь хүний нийгмийн зүй тогтол билээ. Явж явж Монголчуудын бий болгосон pax Mongolica гэх эдийн засаг худалдааны хөгжил цэцэглэл бол түмэн газрын бүх иргэнийг төрийн хуулийн өмнө тэгш болгосоны л үр дүн юм.

Ардчилсан улсуудын үндсэн хуулинд шүүхийг томилох, буулгах, шүүхийг ажиллах зарчмыг суулгахаас гадна Дээд шүүхийн эрх мэдлийг тусгайлан зааж өгдөг. Өнөөгийн байдлаар Монголд өдөр бүр тохиолддог асуудлын хамгийн жижиг зарга ч хүсвэл дээд шүүх хүртэл явж тэнд байх өндөр мэргэшилтэй хуульчдын цаг завыг үрж байдаг.  Баруунд бол зөвхөн өмнө өгүүлсэн шүүхэд преседент болох хэмжээний заргыг л дээд шүүх авч хэлэлцдэг юм билээ. Преседент болохооргүй заргыг дээд шүүхээр шийдүүлэхийг хүсвэл асар өндөр шүүхийг төлбөр төлөх ёстой болдог.

Дээд шүүхэд хуулиар зарим хэргүүдийг шууд харъяалуулж болдог. Жишээ нь Австралийн дээд шүүх төрийн албан хаагчид оролцсон, төрийн байгууллага оролцсон, мөн гэр бүлийн хуулийн асуудлаар (Дээд шүүхийн дэргэд Family Court гэж байдаг) үүсгэсэн заргыг шууд харъяалж шийддэг. Монголд энэ талаар Үндсэн Хуульд тусгах нь зөв байх. Мужуудад ч мөн адил төртэй холбоотой заргыг мужийн дээд шүүх нь шууд харъяалж шийддэг. Захиргааны хэргийн шүүх бол төрийн хэрэг шийдэх төрөлжсөн шүүх юм. Энэ шүүхийг дээд шүүхийн харъяанд оруулахад олон асуудал шийдэгдэнэ. Гэхдээ гүйцэтгэх засаглалын зөвхөн захиргааны шинж чанартай шийдвэрийг, хууль тогтоох засагалалын Үндсэн хууль зөрчсөн эсэх талаархи асуудлыг Дээд Шүүх хянадаг. Улс төрийн болон бизнесийн шийдэлүүдийг зөв буруу гэж шүүх эрх Шүүхэд байдаггүй. Үүнтэй холбоотойгтоор Үндсэн Хуулийн Цэцийг татан буулгаж Үндсэн Хуулийн маргаан хянах эрхийг Дээд Шүүхэд шилжүүлбэл улс төржсөн ҮХЦ-с салж, УДШ илүү шинжлэх ухаанч болоход дөхөмтэй байж болох юм. Мөн олон нийтийн өмнөөс шүүхэд оролцох эрх бүхий прокурорын байгуулагыг шүүх эрх мэдлийн хэсэг болгосон байдлыг засах хэрэгтэй. Прокурорын асуудал Үндсэн хуулийн шүүхийн бүлэгт дурьдагдсан нь Монголын шүүхийг автоматаар гэсгээн шүүх социалист шүүхийн хэв шинжинд нь үлдээн хуульчилсан явдал болсон гэж үзэж байна. Прокурорын байгуулагыг үнэхээр хуульчлах шаардлагатай гэж үзэж байгаа бол түүнийг Гүйцэтгэх засаглалын үүрэгт оруулж хуульчлах нь зүйтэй. Бидний жишээ болгон ярьдаг АНУ-д Ерөнхий прокурор нь Department of Justice буюу Шударга ёсны департментыг (Хууль зүйн яам) толгойлдогийг манай хууль тогтоогчид бас бодолцох ёстой байх.  Үүний нэгэн адил АТГ зэрэг хууль сахиулах бүх байгуулагыг Гүйцэтгэх эрх мэдлийн хүрээнд оруулахаар хуульчлах шаардлагатай. 

Ер нь нэг үгээр дүгнэн хэлэхэд шүүхийн хараат бус байдлыг зөвхөн шүүхийг өөрийнх нь өмнөх шийдвэрээс хараат болгож л шийддэг юм билээ. Монголд эх газрын эрх зүй их сүүлд орж ирсэн эрх зүй юм. 1924 оноос өмнө бол бичиг үсэггүй ард түмний дунд уламжлалт ёс заншлын хууль л үйлчилж байснаас бичигдсэн хууль тогтоомж гэж бараг байсангүй, байсан байлаа ч түүнийг нь уншиж дагах бичиг үсэгтэй ард түмэн байсангүй. Ерөнхийдөө бол Монгол нь customary law+common law холимог өнөөгийн Бутан шиг улс байсан юм. Common Law буюу ардын хууль нь ард нийтийн дунд байх нийтээр хүлээн зөвшөөрдөг эрүүл оюун ухааныг даган мөрддөг эрх зүй юм. Цогт тайж кинон дээр ч энэ хуулийг мөрдөж байгаа тухай гардаг. Гүен баатрын “Миний оюун ухаанаар болбол Арслан тайжийг цаазаар аваачих ёстой. Цаазаар аваач” хэмээсэн нь чухамхүү эрүүл оюун ухааныг даган мөрдөж, хуулийг алагчлалгүй хэрэглэдэг байсан өвгөдийн түүхийн маань гэгээн дурсамж билээ. 1924 оноос Коминтерн (Коммунист Интернационал) гэдэг байгуулагаас хүчээр тулгасан улааны үзэл суртлын хуультай явж 1961 оныг хүргэсэн байдаг юм билээ. Харин 1961 онд л НҮБ-д элсэх хэрэгцээ, Социалист улсуудаа улс шиг харагдуулах гэсэн хөрш улсын гадаад бодлогоор БНМАУ-д анхны хууль төрхтэй эрх зүйн баримтуудыг Зөвлөлт Оросоос хуулан гаргаж эхэлсэн байдаг. Бидний хуулан өөриймшүүлсэн гэх эх газрын эрх зүй нь өөрөө тийм ч эртний зүйл биш юм. 1800-д онд Наполеон Францын case law-д суурилсан common law эрх зүйн тогтолцоог Эртний Ромын 12 хүснэгтийн хуультай адилхан кодчилсон системд оруулах зарлиг гаргасанаар civil law (military биш иргэний төрийн эрх зүй гэсэн үг) эрх зүйн систем үүссэн байдаг. Францчууд бол яг үнэндээ 12-р зуунд Common Law буюу ардын эрх зүйн тогтолцоог Англид тээн аваачсан хүмүүс билээ.  Бидний эх газрын гэж нэрлэж сурсан иргэний төрийн эрх зүй нь Европ даяар тархаж цаашилбал дэлхий даяар түгэсэн байдаг. Энэ нь дундад зуунд хүчирхэг байсан уламжлал ёс заншлыг атгасан сүм хийдүүдийн нөлөөнөөс эвтэйхэн салах улс орнуудын төрийн эрмэлзлэлтэй ч холбоотой байж болох юм. Иргэний төрийн эрх зүй Францаас Герман руу, Германаас Орос руу, Оросоос Монгол руу орж ирэхдээ бараг 150 гаруй жилийг туулсан байдаг. Ийм явахдаа Германы онцлогтой хувиралтанд өртөж, Оросын большевизмын үзэл сурталд хордож, яг Монголын хөрсөн дээр буухдаа монголчлох залхуурлын мутацид ороод хууль болдог байв. Тэр нь одоо ч яг хэв хэвээрээ. Сүүлийн үед англи хэлний хэрэглээ нэмэгдсэнээс үүдэлтэйгээр хуулиудаа далайн эрх зүйтэй улсуудын statutes буюу парламентынх нь баталсан төрийн хуулийг хуулах болсоноос үзэл санаа концепцийн асар их зөрөлдөөн үүсэх болсон байдаг.
Миний бодлоор Үндсэн Хуулийн нэмэлт өөрчлөлт хэрэв боломж нь байвал эрх зүйн тогтолцоогоо 1924 оны гараан дээр нь аваачиж шүүх хуулийн тогтоцоондоо ардчилсан хувьсгал хийн аз жаргалын индексээрээ дэлхийд тэргүүддэг Бутан шиг эрх зүйн тогтлоцоо руу хөтлөх нь зүйтэй гэж санагдаж байна. Ард түмэн зөвхөн хууль тэгш үйлчлэх үед л аз жаргалтай байдаг нь тэндэээс харагддаг ба common law (далайн эрх зүй гэж зарим нь ярьцгаадаг) буюу ардын эрх зүйтэй улсуудад хувьсгал хэзээ ч болдоггүй давуу талыг ч оруулж ирмээр санагддаг. Ер нь аливаа хувьсгал бол шүүх шударга биш байгаагаас үүдэлтэй нийгмийн бухимдалын овоорол дээр л үүсдэг үзэгдэл юм.  Өнөөгийн Хонг Конгийн бослого бол Хятадын нэгдмэл байдлыг эсэргүүцсэн үймээн биш зөвхөн эх газрын хятадын шударга биш arbitrary шүүхийг эсэргүүцсэн иргэдийн эсэргүүцэл юм. Өөрөөр хэлбэл Хонг Гонгийн иргэд хятадын civil law тогтолцоотой шүүх эрх зүйг эсэргүүцэж босоод байгаа хэрэг.     

8. Үндсэн хуульд байх зарим тодорхойлолт, ойлголтуудын талаар.
Газрын хэвлийн баялаг хэний өмч байх тухайд.
Үндсэн хуулийн хамгийн их анхаарагддаг энэ заалтыг газрын хэвлийн баялаг төрийн нийгмийн өмч байна хэмээн маш ойлгомжгүйгээр тодорхойлохоор ярилцсан байх юм. Гэвч энэ бол маш буруу бөгөөд эрх зүйн ойлгомжгүй бүрхэг байдал руу хөтөлнө.
Олон оронд газрын хэвлийн баялаг ард түмний өмч гэж үздэг. Гэхдээ ард түмэн гэдэгт зөвхөн өнөөгийн амьд сэрүүн байгаа хүмүүс биш, ирээдүйн зуун зуун жилд тухайн улс оронд иргэн нь болж амьдрах хойч үеээ оруулан тооцдог. Мөн нийтийн өмч (public property), төрийн өмч (crown, federal, state property) гэдэг ойлголтууд бол тусдаа асуудал байдаг. Иймээс газрын хэвлийн баялагийн Монгол улсын өмч хэмээн тодорхойлох нь бараг зөв болов уу. Улсын өмч гэдэг тодорхойлолт социализмын үед хүчтэй яригддаг байсан. Улсын өмчид хувийнхаас бусад бүх өмч орж тооцогддог байлаа. Иргэд малаа нийлүүлэн байгуулсан нэгдлийн өмч ч улсын өмчинд орж байв.
Нэгэнт улсын өмч гэж үзвэл тус баялагийн мэнэжментийг хийх эрх улсыг удирдаж байгаа сүбъект буюу УИХ, ЗГ-т хамаарч орхино.

Газрын харилцааны талаар
1992 онд газар өмчлөөгүй, тус хуулийг батлагчид газрын харилцааны тухай ойлголтгүй байсантай холбоотойгоор газрын өмчлөлийн тухай заалт Үндсэн хуульд ор тас орхигдсон байдаг. Гэтэл газар бол өөрөө энэ улсын оршин байх үндсийн үндэс нь билээ.  Энэ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр төрийн, нийтийн, хувийн газруудын зааг ялгааг сайн гаргаж өгөхгүй бол нийтийн газрыг дураар булаан хувьчилдаг adverse passession буюу түрэмгийлэн эзэмших процесс дуусахгүй бөгөөд Монгол улсын хот суурингуудын хөгжлийг ухраах, төлөвлөлттэй зөв хөгжихөд саад болох үндсэн хүчин зүйл болоод байна. Иймээс энэ асуудлыг УИХ нухацтай ярьж Үндсэн Хуульд нэмэх хэрэгтэй.

Хот ба сумын талаар
Монгол улсын нийслэл Улаанбаатар хот байна гэсэн заалт Үндсэн Хуульд бий. Энэ бол ямар хуульд байдаг implied meaning буюу далд илэрхийлэгдсэн санаагаар  тайлбарлавал Монгол улс нэлээд хэдэн хоттой юм байна тэдгээрийн Улаанбаатар нэртэй хотод нь л улсынх нь төр засаг байрлах юм байна хэмээн тайлбарлагдах байлаа. Гэтэл Үндсэн Хуулийн тайлбар (interpretation) дээр манай хууль зүйн эрдэмтэн мэргэд дутуу ажиллаж буруу тайлбарлаад эхэлснээс Монголд ганцхан Улаанбаатар гэдэг хоттой байна хэмээн ойлгоцгоож тэр үед байсан 20 гаруй хотоо сум болгоод хаясан байдаг.
Аливаа улсад засаг захиргааны нэгж, community (суурингийн) нэгж гэж 2 төрлийн бүтэц хамтран оршин байдаг. Засаг захиргааны нэгж нь бусад орон жишээ нь муж, county (shire) буюу манайхаар бол аймаг сумын хэмжээтэй төрийн бүтцэд зориулсан газар нутгийн нэгжүүд байдаг. Тэр бүтцийн захиргаа нь ард иргэдэд төрийн үйлчилгээг хүргэх, газар нутгийн зохион байгуулалтай холбоотой асуудлыг төрийн өмнөөс шийдэх байдаг. Засаг захиргааны бүтцүүд бүгд төрөөс санхүүждэг. Засаг захиргааны бүтцийн community нэгж болон хувьд өгсөнөөс бусад бүх газар төрийн газар юм. Тэнд байх суурин газрууд хот статус авч тусдаа гараагүй бол тосгон нэршилээр явж байдаг. Харин суурингийн буюу community нэгж нь хот, дүүрэг (suburb  гэх) гэх бүтцүүд нь иргэдийн сайн дурын нэгдэл бөгөөд засаг захиргааны тогтоож өгсөн гортиг дотор өөрийн давхар бүтцийг ажиллуулан өөрийн аж ахуйг хөтлөн амьдардаг. Жишээ нь нэг county дотор хэд хэдэн city байж болдог. Хотыг төрөөс санхүүжүүлэхгүй бөгөөд өөрийн санхүүжилтийг газрын түрээс, хотын татвар, муниципал бонд зэрэг хэлбэрээр санхүүжүүлж үйл ажиллагаагаа явуулдаг. Хотын газар хувьчлагдсанаас бусад нь нийт дундын (public) газарт тооцогддог. Олон оронд төрөөс санхүүжилт авч хөгжсөнөөс иргэд суурьшилаараа нэгдэн хот байгуулж өөрсдийн хүчээр хөгжих шийдэл гаргадаг юм билээ. Гэхдээ хичнээн олон хүнтэй байлаа ч хот болохгүйгээр төрийн засаг захиргааны бүтцийн харъяанд тосгон байдлаар төсвөөс аж ахуйгаа санхүүжүүлэн оршин тогтнох ч чөлөөтэй. Дэлхий хамгийн том тосгон 3 сая хүнтэй Японы тосгон бий гэж дуулсан. Хотууд нэгэнт өөрийгөө санхүүжүүлэх тул тэдний аж ахуйн зардалд улсаас мөнгө өгөхгүй. Хэрэв оршин суугчиддаа таатай байдал үүсгэж чадахгүй байсаар иргэдээ хотоосоо зугатаах байдалд оруулавал татварын орлого үгүй болж дампуурах ба тэднийг хэн ч харж үздэггүй. Үүний жишээ бол Детройт хот юм. 
Гэхдээ хотууд ч өөрөө засаг захиргааны нэгжийн давхар харъяалалд байх бөгөөд зөвхөн төрийн үйлчилгээтэй холбоотой зардлуудыг нь улсаас санхүүжүүлж явдаг. Жишээ нь дампуурсан Детройт хотод улсын сургуулиуд, түргэн тусламж, галын алба мужийн цагдаагийн алба хэвийн ажиллаж байсан. Харин хотоос санхүүждэг хог цэвэрлэгээ гэх мэт бусад ажил үйлчилгээ зогссон байдаг. Засаг захиргааны нэгжийн засаг дарга буюу governor удирддаг бол community нэгж болох хотыг mayor буюу мээр, хотын захирагч толгойлдог. Нийслэл гэх засаг захиргааны нэгжийг нийслэлийн засаг дарга удирдаж байхад, Улаанбаатар хотыг мээр удирдах ёстой. Энэ 2 албан тушаалыг нэг хүнд хамтад нь үүрүүлэх буруу юм байгаан. Community нэгж хамтын удирдлага шаарддаг. Иймээс иргэдийн хуралтай байж, тэндээсээ хотынхоо мээрийг сонгодог. Заримдаа иргэд мээрээ шууд сонгох нь ч бий. Харин төрийн засаг захиргааны удирдлагыг дээрээс шууд томилдог. Манай үндсэн хуульд энэ зааг ялгааг холиод бантагнуулчихсан байж байгааг засаж залруулах ёстой. Өөрөө хэлбэл Засаг даргыг иргэд сонгох буруу юм. Харин хамтын суурьшилын удирдлагаа л сонгохын тулд иргэдийн хурал оршдог. 1992 онд Үндсэн хууль бичиж батлагчид энэ талын мэдлэг хомс байсан нь өнөөгийн хямрал гажуудалд хүргэсэн байна.  
Монголд засаг захиргааны нэгж, суурьшлын нэгжүүдээ Үндсэн хуульдаа хольж бантагнуулах ямар ч хэрэггүй юм. Зүгээр л одоо байгаа хуулийн заалтаа зөв тайлбарлах л асуудал тэнд бий. Тэгээд ч Үндсэн хууль бол зөвхөн төр болон засаг захиргааны албыг хуульчлах зориулалтай хууль билээ.   

Эцэст нь үндсэн хуулийн төрөө чөлөөтэй сонгох заалтыг зөв тайлбарлах, энэ заалтаар үг хэлэх эрх хэрхэн хамгаалагддаг, төрөө шүүмжлэх эрх хэрхэн бүрэлдэн бий болдогийг бяцхан тайлбарлая.

Манай Үндсэн хуульд байх нэг гол заалт бол төрөө чөлөөтэй шууд сонгоно гэсэн заалт бий.  Үүнтэй яг ижил заалт бусад улсын Үндсэн хуулиудад байдаг. Тэндхийн үндсэн хуулийн эрх зүйгээр энэ бол ардчилалыг хөгжүүлэх хамгийн чухал заалт нь билээ.
Ардчилал гэж юу вэ. Ардчилал бол төрөө чөлөөтэй сонгох эрх + хууль тэгш үйлчлэх тийм л нийгэм юм. Төрийн чөлөөтэй сонгох эрх нь төрд сонгогдох этгээдийн тухай бүхнийг мэдэх эрх, түүнийг шүүмжлэх эрхийг үүсгэдэг гэж үздэг. Төрөө шүүмжлэх эрх нь түүний алдааг засах анхны нөхцөл юм. Шүүмжлэл сонсдоггүй тогтолцоо социализм шиг эрт орой хэзээ нэгэн цагт нуран унадаг тул өөрийн алдааг сонсож засах боломж олгодог үг хэлэх эрх чөлөөг хамгаалах нь ардчилалыг хадгалах хамгийн чухал суурь нөхцөл нь болдог юм билээ. Өөрөөр хэлбэр freely chosen гэдэг заалтын ард freedom of speech нуугдан далд санаагаар илэрхийлэгдэж байгаа (implied) хэмээн үндсэн хуулийн эрх зүйд нь заадаг юм билээ. Энэ утгаараа төрийн хүмүүс албан үүрэгтэй нь холбоотойгоор өөрийг нь шүүмжилсэн хүмүүсийн эсрэг гүтгэлэгийн зарга үүсгэх эрхгүй болдог юм байна. Жишээ нь Австралийн Куинсландын хуулиар төрийн байгууллага, албан тушаалтан, 10-с олон хүнтэй бизнесийн байгууллага гүтгэлэгийн зарга үүсгэх эрхгүй байдаг. Тэдний хувьд бүх талаараа үлгэр жишээ байх ганцхан сонголт үлддэг. Харин хувь хүнийхээ хувьд зарга үүсгэж болдог. Тэхдээ зөвхөн хувийн асуудлаар. Жишээ нь нэг сайдыг буруу ажил хийлээ гэж шүүмжлэхэд гомдох эрхгүй боловч түүнийг гаж донтон гэлээ гэж гомдож болдог. Ингэхдээ ихэнх нь төрийн албаа орхиод иргэний журмаар зарга үүсгэнэ.  
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт дээр төрийн албан тушаалтан шүүмжлэлийн эсрэг зарга үүсгэхийг хориглох, хэрэв үүсгэх бол албан тушаалаасаа бууж байж иргэнтэй заргалдах үүргийг хуульчилбал ардчилалыг хөгжүүлэхэд маш их түлхэц болохоор байна. Бид ардчилалаа хамгаалах энэ механизмыг Үндсэн хуульдаа илүү тодоор хийж өгөх шаардлагатай гэж үзэж байна. 

Эдгээрийг ойлгох ухаан хүрэх нэг нь тунгаан болгооно уу

Монголчууд эвтэй байхдаа хүчтэй vs. Ерөнхийлөгчийн хүмүүс

1911 оны 12-р сарын 29-ний өдөр Монголчууд ердөө гурав хоногийн дараа Бээжинд онхолдох өдрөө хүлээж байсан Манжаас тусгаарлан өөрийн төр улс...