Saturday, October 28, 2023

Монголчууд эвтэй байхдаа хүчтэй vs. Ерөнхийлөгчийн хүмүүс

1911 оны 12-р сарын 29-ний өдөр Монголчууд ердөө гурав хоногийн дараа Бээжинд онхолдох өдрөө хүлээж байсан Манжаас тусгаарлан өөрийн төр улсаа сэргээн мандуулсан түүхтэй билээ. Хэрэв гуравхан хоног л алгуурласан бол мөхөж буй Манжаас биш сэхэж буй Хятадаас тусгаарлах хэрэгцээ үүсч бидний түүх тэс өөрөөр бичигдэх (ер нь бичигдэхээ болих ч) аюул байсан байдаг. 

Энэ хувьсгалын үр дүнд Монголын бурхан шашны тэргүүн 8-р Богд Жавзандамба хутагтыг манай алтан ургийн хан ноёд санал нэгтэйгээр төрийн тэргүүнээ болгон хаан ширээнд залсан түүхтэй. Эндээс их сонин байдал ажиглагдана. Чингисийн алтан ургийнхан байсаар байтал яагаад харь төвд үндэстнийг Монголын хаан ширээнд залав? 

Алтан ургийн олон хангууд байсан нь хаан ширээний төлөөх тэмцлийг өдөөж улс орны эв нэгдлийг хангах боломж өгөхгүй байж болохыг дор бүрнээ хүлээн зөвшөөрч дэлхийн түүхийн ээдрээтэй эгзэгтэй цаг үед эв нэгдэл хамгаас чухал гэж үзэн харь үндэстэн боловч нэгэнт Монгол эх оронтой болсон Наймдугаар Богд Жавзандамба хутагтад төрийн тэргүүний суудлаа тавьж  өгч суулгасан байдаг. Өөрөөр хэлбэл эрх мэдлээс илүү эв нэгдэл эрхэм чухал гэж манай дээдсүүд болгоосон байдаг юмаа. Олон зууны өмнө хаан ширээ булаалдсан тэмцлийнхээ хохирогч болж Монголчууд олон хэсэг бутран харийн эрхшээлд орцгоож хамгийн сүүлд үлдсэн Халх Монгол нь Манжид дагаар орж вассал улс болон байж тэсэн үлдэх замыг сонгохоос өөр аргагүй байдалд орж байсан гашуун түүхээ санаж ийн шийдсэн хэрэг байхаа. Эв нэгдэл бүхнээс эрхэм гэж эцэг Чингисийн хойч үе хатуу шийдсэн түүх ийм юмаа.  

1921 онд болсон үйл явдлыг ардын хувьсгал байсан гэж бидэнд ойлгуулсан байдаг ч яг үнэндээ бол нийгмийн бүх давхрагын хамтын тэмцэл байсан байдаг нь хүрээний бүлгэмүүдийн нэрнээс шууд анзаарагддаг. Тэр тэмцлийн гол зорилго нь гаминд түлхэгдэн унасан Богд хаанаа ширээнд нь буцаан залж тусгаар улсаа мандууулах байжээ. Энэ утгаараа бол 1921 он бол 1911 оны шууд үргэлжлэл нь байсан гэж үзэж болно. Үнэхээр бидэнд сурталддаг байсан шиг хаангүй, харц ардын засаглалтай улс байгуулах гэж хувьсгал хийсэн бол аль 1921 оны наадмаар л Монголд бүгд найрамдах засаг тогтож хаангүй улс болох байсан бизээ. Хэрэв ингэсэн бол хаант төрийн хэргэмтэн Бэйс Сүхбаатарын хөшөө өнөөгийн төв талбайд лав байхгүй оронд нь хэн нэгэн үгээгүй тарвагачин ардын хүүхдийн хөшөө байж болох байлаа. Д.Сүхбаатар бол хаант төрийн төлөө мятрашгүй тэмцэгч баатар бэйс байлаа. Тэрээр ард түмний эв нэгдлийн баталгааа хаант төрийг халах улаантны явуулгыг эсэргүүцээд цэл залуугаараа хорлогдсон юм. 

Хааныг хөнөөж, хаант төрийн зүтгэлтнүүдийг хороож дуусаад 1924 онд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж улаан террорист байгуулага Коминтерний бичиж тулгасан үндсэн хуультай болгож аваад ярга эхэлсэн. Эхлээд тэр шинэ Үндсэн Хуульдаа дээр дооргүй эв нэгдэлтэй байсан монголчуудыг (Б.Шаравын “Монголын нэг өдөр” зургийг үз) шууд хоёр хуваан ард болон феодал гэсэн анги зохиомлоор дайсагнал үүсгэн талцуулсан байдаг. Дараа нь 1929 онд хүн амын нарийвчилсан тооллогоо явуулснаар орон даяар угсаа гарвал, хөрөнгө чинээгээр ялгаварлан устгах их хэлмэгдүүлэлтээ эхлэх данс тооцоо бэлэн болсон байдаг юм билээ. Энэ харгислалаас говийн аймгуудын чинээлэг угсаа гарвалтай иргэд урагш дүрвэн дайжсан бол хангай нутгуудаар үүнийг эсэргүүцэн босцгоосон билээ. Түүхийн сурах бичигт үүнийг 1932 оны эсэргүү бослого хэмээн тэмдэглэн үлдээсэн байдаг. Яг шулуухан хэлэхэд Тунгалаг Тамир киноны сөрөг дүр бүр нь эерэг дүр, эерэг дүрүүд нь сөрөг талдаа гээд ойлгочиход тэр үеийн түүхийн олон зүйлийг яг үнэнээр нь ойлгож эхэлнэ шүү. Явж явж Хонгор бол эрх чөлөөний төлөө амиа өгсөн чинээлэг ардын дүр билээ.    

Хаангүй болсон ч Монгол төрийн тэргүүн нь бас Богд гэгээнтний адилааар харьцангуй нейтраль дундын байр суурьтай хүмүүс байж ирсэн байдаг. БНМАУ-н Улсын Бага Хурлын тэргүүлэгчдийн дарга “Бум хурандаа” хэмээх Г.Бумцэнд бол төрийн тэргүүн байлаа. Түүний халааг БНМАУ-н Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуу авсан. Тэд бүгд л хэдийгээр тухайн нийгмийнхээ нам үзэл суртлын баглаанд хүлээстэй байсан ч харьцангуйгаар эв нэгдлийн аядуу зөөлөн илэрхийлэл байхыг чармайдаг хүмүүс байсан юм. Ж.Самбуу дарга Засгийн Газрын Ордны арын цэцэрлэгт хажуудаа зай үлдээн нойрссоны дараа Ерөнхий Сайд Ю.Цэдэнбал төрийн тэргүүний үүргийг өөртөө авч БНМАУ-н Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн дарга болсон бөгөөд Ерөнхий Сайдын албыг нутаг нэгт Ж.Батмөнхөд Сайд Нарын Зөвлөлийн Дарга нэртэйгээр тохоожээ. Энэ үеээс төрийн тэргүүн нь засгийн ажлыг залдаг буруу жишиг эхэлсэн байдаг.  

Ингэж явсаар Монгол Улс 1990 онтой золгосон юм. 1990 онд мэдээж буцаан сэргээн залах хаан байсангүй. Алтын ургийнхан, хутагт хувилгаадыг бүгдийг нь бүтэн жарны тэртээ хядаад нэгэнт дуусгасан байлаа. Амь зулбаж харьд гарсан нь тэндээ шингээд Монголын биш хүний хүн болцгоосон. Гэлээ ч үндсэний эв нэгдлийн билэгдэл төрийн тэргүүн шаардлагатай гэж үзсэн байдаг юм. Ингээд хууль тогтоох засаглалын даргаа төрийн тэргүүнд тооцож ирсэн уламжлалаараа шинээр сонгогдоод байсан Ардын Их Хурлын дарга П.Очирбатыг төрийн тэргүүнд албажуулан өргөмжилж БНМАУ-н анхны ерөнхийлөгч болгосон билээ. 

1992 оны Үндсэн Хуулиар Монгол Улсыг парламентын засаглалтай байхаар хуульчилсан боловч Ерөнхийдлөгч хэмээх төрийн тэргүүний албан тушаалыг бий болгож бүх ард түмнээс сонгогддог институц бий болгож орхисон юм. Эхэндээ тун давгүй байлаа. 

Ерөнхийлөгч П.Очирбат төрийн албаны хүрээлэлд бүрэн эрхээ хэрэгжүүлж Засгийн газрын ажилд оролцолгүй ихэнхдээ ёслол, гадаадад улсаа төлөөлөх Үндсэн хуулиар олгосон эрх мэдлийнхээ хүрээнээ халилгүй төрийн тэргүүний албаа хашиж байлаа. Хаалтай нийгмээр 70 жил таваргасан Монголд дэлхийтэй ойртон дотносох ажил хүзүүгээр татам их байсан гэсэх болно. Анхны Ерөнхийлөгч ч үүнд хамаг цагаа зориулж байсан байдаг. 

Гэвч 1992 оны Үндсэн Хуулиар байгуулсан анхны парламентад үнэмлэхүй олонхи болсон МАХН өөрийн намаас гарсан Ерөнхийлөгч П.Очирбатыг урьдын төрийн тэргүүдийн адил намынхаа эрх ашигт үйлчлүүлэхээр элдвээр оролдсоор ил биш ч их багаар харилцаа холдох руу явцгаасан байдаг.

Ингээд МАХН 1993 оны Ерөнхийлөгчийн сонгууль тулмагц П.Очирбатыг хоёрдахь бүрэн эрхийн хугацаагаар сонгохоор намаасаа нэр дэвшүүлэхгүй гэж гүрийжээ. Үүний шалтгаан нь тухайн үед УИХ-н дарга болоод байсан Н.Багабандийн уламжлалын дагуу төрийн тэргүүн болох гэсэн амбиц байсантай холбоотой ч байж магадгүй анзаарагддаг. Тэр энэ амбицдаа дараагийн сонгуулиар хүрсэн юм. Харин өөрийн намд олонд нэр гарсан хүнгүй байсан Ардчилсан хүчнүүд үүнийг овжноор ашиглаж П.Очирбатыг өөрийн нам эвслээсээ нэр дэвшүүлэн ялалт байгуулсан билээ. Энэ сонгуулийн дараа Ерөнхийлөгчөөр улиран сонгогдсон П.Очирбат улс төрийн хувьд хуучин намтайгаа их багаар тулах нь гарцаагүйгээ мэдмэгц өөртөө улс төрчдийн баг бүрдүүлж эхэлсэн юм. Түүний ЕТГ-н даргаар УИХ-н гишүүн М.Энхсайхан томилогдож Ерөнхийлөгчийг тойрсон улс төрийн баг бүрддэг жишгийг эхлүүлсэн байдаг юм. Ингэж ерөнхийлөгчийн гэгдэх хүмүүс улс төрд мэндэлсэн түүхтэй. Шилжилтийн эхний он жилүүд хүн амын амжиргаанд хүнд туссан нь мэдээж. Үнэмлэхүй эрх барьж байсан МАХН 1996 оны сонгуулиар навс яландаж засгийн эрхээ МҮАН-МСДН-ын Ардчилсан Холбоо Эвсэлд шилжүүлсэн билээ. 

Яг энэ ялалтын торгон агшинд анхны Ерөнхийлөгч улс төрийн тоглолтонд харайн орж ирсэн байдаг юм. Тэрээр өөрийн нөлөөний ҮХЦ-р дамжуулан иргэн Ламжаваар гаргуулсан мэдээлэлээр дөрөөлж Парламентын засаглалтай ардчилсан улсын засгийн газрын танхим ард олны мандаттай парламентын гишүүдээс бүрддэг нийтлэг жишгийг үгүйсгэн Ерөнхийлөгчийн засаглалтай улсынх шиг парламентын гаднаас бүрдэх ёстой гэсэн шийдвэр гаргуулж орхисон юм. Үүний үр дүнд намаа удирдан ялалт байгуулсан хүмүүс ялалтынхаа үр дүнд байгуулагдах засгийн газартаа орох боломжгүй болж Ерөнхийлөгч Очирбатад ойр байсан бөгөөд АХЭ-н сонгуулийн штабыг удирдаж байсан ЕТГ-н дарга М.Энхсайхан Ерөнхий Сайд болж түүний танхим бүхэлдээ сонгуульд оролцсон боловч өрсөлдөгчдөө ялагдсан хүмүүсээр бүрдсэн билээ. Төрийн хямрал гэж яригддаг зүйл анхны Ерөнхийлөгчийн оролцоотойгоор ингэж эхэлсэн юм. Монголчуудын аз болоход М.Энхсайхан маш шийдэмгий реформист Ерөнхий Сайд байлаа. Баг нь ч чадварлаг зөв хүмүүс байв. Түүний үнэ чөлөөлтийн шийдвэр, гаалийн татварыг тэглэх шийдвэр, их хувьчлалын шокон эмчилгээний шийдвэрийн ачаар ганзагнаас өөр орлого олзгүй барааны хомсдолд тарчилж хэдэн жил хий эргэсэн монголчууд зах зээлийн эдийн засагт утгаараа орж дорхноо хөл дээрээ босон зогсоцгоосон юм. Дэд бүтцийн шуурхай шийдлүүдийн ачаар иргэд олон жилийн дараа анх удаагаа тог тасрах гэдэг зүйлийг мартаж эхэлсэн билээ. 

Гэвч 1997 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар өмнөх парламентын УИХ-н дарга асан Н.Багабанди гарч ирмэгц улс төрийн байдал буцаж дордсон билээ.  ҮХЦ-н 1996 оны шийдвэр хүчингүй болж парламентын засаглалд засгийн эрхийг өөрийн ялалтаар авч ирсэн парламентын гишүүд засгийн газарт орох бололцоо нээгдмэгц АХЭ өөрийн засгийн газраа татан буулгаж зуун хувьд УИХ-н гишүүдээс бүрдсэн засгийн газар байгуулсан юм. Энэ Засгийн Газар богино хугацаанд бас чухал реформ хийсэн нь Баабар сайдын санаачилсан банкны реформ байлаа. Энэ реформоор чанаргүй зээлүүдээсээ болоод дампуурч буй улсын арилжааны банкуудыг хувийн банктай нийлүүлж мэнэжмент хяналтыг сайжруулах оролдлого хийсэн юм. Өмнө нь эрх мэдэлд ойр хүмүүс улсын банкнаас асар их мөнгө зээлж аваад нэг бол зээл авсан банкаа хүчээр дамдууруулж зээлээ мартуулдаг, үгүй бол мөнгөний ханшаа унагааж зээлээ үлэмж хямдаар төлдөг арга руу шилждэг байсан байдаг. Хэрэв арилжааны банкууд хувийн хяналтанд орвол эрх мэдлээр далайлган авдаг чанаргүй зээл үгүй болж, банкны систем эрүүлжин, инфляци буурах ёстой байлаа. Баабар нар үүнийг л хийсэн юм. Үр дүн үнэхээр гарсан. Гэвч тэдний засгийн газрыг бас л унагааж орхив. Хэн энэ засгийг унагаасан гээч. Мэдээж 25+1 суудалтай сөрөг хүчин эсрэг дарах нь ойлгомжтой байсан. Харин эрх баригч хүчнээс сөрөг хүчинтэйгээ нийлж засгаа унагаасан хүмүүс бол өмнөх ба тухай үеийн ерөнхийлөгчид ойр тийм хүмүүс, тэр хүмүүсийн УИХ дахь төлөөлөл нь байлаа. Тэд гаргаж байсан тэнэгдүү үйлдлүүдээрээ алдаршиж “Хөдөөний фракц” нэрээр олонд танигдсан. Энэ явдал дараа дараагийн ерөнхийгчид эрх мэдлээ баталгаажуулах маш том санаа өгсөн юм. Ялсан намын дотор өөрийн хүмүүсээ хангалттай оруулж чадвал тэднээр дамжуулан үгэнд орохгүй байгаа тааламжгүй засгийг сөрөг хүчинтэй хамсан унагааж өөрийн хүслээр явдаг тоглоомын засаг байгуулан де факто Ерөнхийлөгчийн засаглалд энэ улсыг шилжүүлэх боломжтой болохыг хожмын ерөнхийлөгчид нь тэр үед олж харцгаасан байдаг. 

Завханы гаралтай Очирбат Ерөнхийлөгчид ойр байсан хүмүүс Завханы гаралтай Багабанди Ерөнхийлөгчтэй эвсэн Завханы гаралтай Эрдэнэтийн босс Ш.Отгонбилэг хэмээх асар хүчирхэн баян хүний эрх ашгийг хамгаалан төрийг хэдэн жил самрах шиг болсон. Багабанди бол Монголын бүх ерөнхийлөгч дундаа хамгийн хогийн, хөгийн ерөнхийлөгч нь байлаа. Түүний Үндсэн Хуулийг мушгисан гөжүүдлэл хожим нь Үндсэн Хуулийн нэмэлт өөрчлөлтөд хөтөлж байсан юм. Дордуулсан долоон зүйл гэдэг өөрчлөлтийн автор нь бол бараг цаад утгаараа Багабанди билээ. Хэрэв тэрээр Үндсэн хуулийн “зөвшилцөл” гэдэг үгийг “өөрөөс нь зөвшөөрөл авах” гэж мушгин тулгаагүй бол УИХ гишүүн Да.Ганболд дараагийн Ерөнхий Сайдаар хэдүйнээ томилогдож Монголын ард түмний хайртай хүү С.Зориг амь үрэгдэхгүй байх боломж байлаа. Н.Багабандийн үед АХЭ гурван засгийн газраа сольсон юм. 

2000 онд яг үнэндээ МАХН биш МАХН-н дарга Н.Энхбаяр ганцаараа үнэмлэхүй яллаа. МАХН-ы бусад гишүүд ганц нэг хүнээс бусад нь даргынхаа дохио зангаагаар хөдөлдөг хүүхэлдэй болсон байсан юм. Гэхдээ л Н.Энхбаярын ялалт зөв ч бай буруу ч бай парламентын засаглалыг ямар нэгэн хэмжээгээр буцаан сэргээсэн үйл явдал болсон билээ. Юутай ч Ерөнхийлөгчийн эрх мэдэл байж болох хамгийн минимум хэмжээндээ хүрч хумигдан Үндсэн Хуулийнхаа арааманд буцаж чихэгдсэн байдаг. Энхбаяр дотоод гадаад бодлогоо бүрэн гартаа атгаж Ерөнхийлөгчийг зөвхөн улс төлөөлөх болон төрийн ёслолын үүрэгтэй нь орхисон билээ. Түүний үед ЗХУ-д тавьсан их өрийн асуудлыг шийдэж, газар хувьчлалыг эхлүүлэн, их хувьчлалыг гүнзгийрүүлэн анхны  үндсэний хөрөнгөтнүүд төрөх боломжийг чөлөөтэй нээж, Мянганы замыг барьж, Иракт цэрэг илгээн, НҮБ-н энхийг сахиулах ажилагааны байнгын оролцогч болоод амжсан билээ. Гэхдээ асар их эрх мэдэл, улс төрийн өрсөлдөгчид нь замаас нь цаг бусаар зайлж байсан явдал нь түүнийг эвдсэн. Төрийн албыг үнэлэн зарах ШБОС-г Энхбаяр эхлүүлж хожмоо “Авилгалын загалмайлсан эцэг” нэр олоод авсан.  

Ерөнхий Сайд Н.Энхбаяр 2004 оны сонгуулиар БГД-т С.Эрдэнээд нам шаалган сандарч зэргэлдээх тойргоосоо УИХ-н дэд дарга Ж.Бямбадоржийн саналыг ил шахуу зөөж байж арай гэж УИХ-д орж ирсэн нь гүн цочроо өгсөн. Ерөнхий сайдаараа үргэлжлүүлэн ажиллах боломж байсан ч тэр маргааш нь л онхолдох боломжтой гэж үзэн УИХ-н даргын албыг авч сөрөг хүчиндээ Ерөнхий Сайдын суудлыг өгсөн. Тэр суудалд 1996 онд М.Энхсайханд суудлаа гэнэгүй алдсан Ц.Элбэгдорж дахин орж ирсэн. АН дарга М.Энхсайхан энэ удаад яг 1996 оны МҮАН дарга Ц.Элбэгдорж шиг царайлаад хоосон хоцорсон юм. Н.Энхбаяр сөрөг хүчинтэйгээ эвсэж засаг байгуулахдаа яагаад М.Энхсайханд ЕС суудлыг өгөлгүй гудманд гүйж явсан Элбэгдоржтой хуйвалдсан нь ч тодорхой байсан. Хэрэв М.Энхсайхан ЕС болвол 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт нь бараг баталгааатай болох байсан хэрэг. Асар хурц шийдэлтэй реформист хүнд огцом шинэчлэл хийх боломж олгох нь нэр хүндийг нь өсгөх багаж өгснөөс ялгаагүй болох байв. 

Н.Энхбаярт УИХ даргын сэнтий таалагдаагүй. Тэр арай ядан нэг жил Ерөнхийлөгчийн сонгуулийг тэр суудалд хүлээсэн. Их тэнгэрийн амны байрнаасаа холдох дургүйдээ л тэсэж ганц жил болсон байх.  2005 онд Н.Энхбаяр Ерөнхийлөгч болов. Тэр ЕС байснаасаа ч илүү азаргалаж эхэллээ. Ц.Элбэгдоржийн Засгийн Газрыг хагас жилийн дараа л М.Энхболдын хөлөөр өшиглөн унагаав. Түүний мэдэлд УИХ-н бараг хагас нь байсан тул тэр төр, засаг, хурлын эрхийг бүхэлд нь гурав давхарлан барьж эхэллээ. Энэ үеээс МАХН гишүүд дунд дургүйцэл гарч эхлэв.  Эзний эсрэг дуугарсан нэгнийг нь пургоны хэрэгт чихэж шүүх засаглалыг улс төрийн зорилгоор ашиглах том үзүүлэх сургуулилалт хийлээ. Дараагийн ерөнхийлөгчид үүнээс нь бүүр ч хичээнгүйлэн суралцаж авсан байдаг. 

МАХН-ы бага хурлын гишүүд Ерөнхийлөгчид бүрэн чихдүүлсэн намын даргадаа итгэл үзүүлэхээс 2007 оны намар татгалзчихав. Монгол “Взгляд”-н хөтлөгч, Багабандийн ЕТГ дарга асан, их өрийг тэглүүлэгч элчин сайд С.Баяр улс төрд том эргэн ирэлт хийлээ. Тэр засгаа намын дарга болсон тайзан дээрээсээ л тэр дор нь булаагаад авчихлаа. С.Баяр улс төрд том орж ирснээр Энхбаярын хаанчлалд бодит саад үүслээ. Засаг намын хэрэгт Ерөнхийлөгч орох боломжгүй болов. УИХ-н гишүүд сонгуульд нэр дэвших боломжийнхоо барьцаагаар намын даргынхаа туган доор буцан орж ирлээ. Түүнийг унагаах хүсэл Энхбаярт байвч сонгуулиудын хугацаа тулаад завдсангүй. 2008 оны сонгууль найр биш нанчилдаан болов. Нанчилдаан нь намналцаанд хүрлээ. 5 амины төлөөс болгож 5 сайдын суудал сөрөг хүчиндээ өгснөөр бужигнаан намжив. Сөрөг хүчнээ хашаандаа оруулж авмагц С.Баяр Кремль түр эзгүй байсан цонхыг ашиглан уул уурхайгаа зоригтой хөдөлгөлөө. Барууны том хөрөнгө оруулалтыг татан оруулж орост зуугдав. Мэдээж үүнийгээ сөрөг хүчний сайдуудын гарын үсгээр амжуулав. Тэр төсөл нь үр дүнгээ огцом өгч сөрөг хүчинд нь оноо нь наалдчихсанаас эдийн засгийн өсөлтийг 17% хүргэж долларыг 1150₮ рүү унагаад байсан МАН 2012 онд ялагдсан юм. Орост зуугдсан Баяр өвчний шалтгааан хэлээд Оюу Толгойн төсөл зурагдаж хөрөнгө орж эхэлмэгц буугаад бултчихлаа. 

2009 онд  МАН, АН хамжиж байгаад Энхбаяр хаанаасаа салж авлаа. Гэвч баярлах дэндүү эрт байжээ. Ц.Элбэгдорж бол өмнөх ерөнхийлөгчдийн заасан эрх мэдлийн хичээлийг тултал нь сурсан сайн сурлагатан Ерөнхийлөгч байжээ. Тэрээр ялсан намын дотор өөрийн хүмүүсээ хангалттай тоогоор байршуулсан, шүүх хуулийн засаглалыг улс төрийн зорилгоор ашиглахад хүчтэй бэлдсэн тийм ерөнхиййлөгч байлаа. Элбэгдоржийн үед анх удаагаа Ерөнхийлөгч нь Засгийн Газраасаа тусдаа гадаад бодлоготой боллоо. ГХЯ ЕТГ-н гадаад харилцааны хэлтэс болон хувирав. Хэнтэй ч хамаагүй хаана ч хамаагүй уулзаж зураг даруулж зурагтаар гарах нь гадаад бодлого болж хувирав. Үүнийг эсэргүүцэн цэгцтэй нэгдмэл гадаад бодлого явуулахыг зорьсон Гадаад Хэргийн Сайд Лу.Болдыг 2014 онд яамных нь нэрийг өөрчилж байгаад зөвлөхөөрөө соличихож байлаа. 

Ц.Элбэгдорж 2013 онд дахин сонгогдмогцоо олон жил суралцан бэлдсэн ажиллагаагаа эхлүүлсэн юм. Өөрт нь итгэж дэмжсэн ардчилагчдаа шоронжуулж, өөрийг нь сонгосон ард түмнээ тэр дээрэмдэхээр шулуудсан байсан билээ.  Юун түрүүнд АТГ-г өөрийн болгож авсан. Ингээд өөрийг нь Ерөнхийлөгчийн сонгуульд 2 удаа ялуулсан, намаа УИХ, Орон нутгийн сонгуульд ялуулсан Ерөнхий Сайд Н.Алтанхуягт дайн зарласан. Алтанхуягийн ойр дотны бүх хүнийг нь шоронжуулж засгийг нь унагаах бэлтгэлээ хийсэн. Ингээд 2014 оны намар Алтанхуягийн Засгийн Газрыг унагаасан билээ. 26 хүнтэй сөрөг хүчинд Ерөнхийлөгчийн талын хүмүүс ирцээрээ дэм өгсөөр засгаа унагааж орхисон. Ерөнхийлөгчийн үгээр явалгүй засгаа дэмжсэн гишүүдийн ар гэрийг ч бас оролдож шоронжуулсан. Тэр ташуурын үзүүрт би хүртэл өртөж л явлаа. Ингээд тэрээр 2005-2007 оны Энхбаяр шиг хаан болж орхив. Тэхдээ илүү шунаг илүү аймшигтай хаан боллоо. Хүссэн шийдвэрээ засгаар гаргуулж, хүссэнээ хорьж, хүссэнээ шантаажилж, хүссэнээ дээрэмддэг хуульчдын армитай боллоо. Цагтаа Отгонбилэг Багабандийн бүлэглэлд байсан Эрдэнэтэд хяналтаа тогтоосноор “Улсаасаа баян Энхбаяр”-аас даруй арав, зуу дахин баян болов. Гэвч хааны алба халаатай эзний алба ээлжтэй. 2017 онд зөв харж инээж буруу харж уйлан төрийн ордны хивсэн дээр ташуу харж зөрөөд дараагийн ерөнхийлөгчдөө халаагаа өглөө. Үдээсэн гол легаси нь ардчилсан ерөнхийлөгч “один хуй” гэж харуулан иргэд сонгогчдыг Ардчилсан намаас жигшээгээд буусан явдал байлаа. Иргэдийн итгэл алдралт 2016, 2020, 2021 онд тод илэрч АН орсон сонгууль бүртээ үсгүй хусуулах болов.  

Ерөнхийлөгч Х.Баттулгын аз дутахад АН 2016 оны сонгуульд ялагдаад УИХ-д өөрийн бүлэглэл багийг оруулж чадаагүй билээ. Гэвч тэр гандан буурсангүй. МАН дотор өөрийн бүлэглэлтэй болж авлаа. 65 суудал аваад байсан намыг нь тас дундуур нь хуваагаад 33/32 хүнтэй талцал үүсгэж орхив. Ингээд өөрийн талд  зүтгэдэг асар том багтай болж авлаа. МАН-ы засгийг өөрсдийнх нь хүчээр унагааж чадлаа. Баттулга ганцхан гарцтай гадаад бодлого явуулав. Америкийн ерөхийлөгчтэй уулзах алтан цагаа оросын ойд санаа тавьж байгаад дуусгачихдаг тийм Ерөнхийлөгч байлаа. Юутай ч харь гүрний эрх ашигт харшилж гадаадын хөрөнгө оруулалтыг Монгол руу татаж авчирсан, авчрахыг оролдсон үе үеийн засгийн газрын бүх сайдуудыг шоронжууллаа.  

Өөрийн намынхнаа ингэж байгаа юм чинь хүний намынхныг бол сүйд хийх нөхөр байна гэж цочсон уу яасан, эсвэл тэр хоёр дахь удаагаа сонгогдвол Элбэгдоржоос ч илүү аюултай нөхөр болж магадгүйг МАН-ыхан зөнгөөрөө мэдсэн үү, юутай ч МАН-ы талцсан талууд эвлэлдэж байгаад Үндсэн Хууль өөрчилж Баттулгын дахин сонгогдох замыг хааж орхив. Ковид давхацсан Ерөнхийлөгчийн сонгууль 2021 онд болж цагтаа Энхбаярыг эсэргүүцэж ял аваад, Баттулгын дэмжлэгээр ЕС болж байсан У.Хүрэлсүх Ерөнхийлөгч боллоо.

Өнөөдөр Хүрэлсүх байгуулсан засаг, бүрдүүлсэн хурлаа хамтрагчид, дүү нартаа нэгэнт атгуулснаа ойлгож эхэлжээ. Уг нь ухаалаг хүн бол сонгодог парламентын ёс нь тэр юм гээд Очирбат ерөнхийлөгч шиг намбайвал наймбайхаар. Гэвч тэр өмнөх 4 ерөнхийлөгчийнхөө адил буруу легаси үлдээхээр санаа шулуудаад байна уу гэлтэй харагдаад байх боллоо. Улаан цайм өөрийн гэсэн хүмүүсээ энд тэндээс УИХ-д нэр дэвшүүлэхээр УИХ-н сонгуулиас бүтэн жилийн өмнө сурталчилгааг нь эхлүүлж байгааг анзаарахгүй байх арга алга. Муухай дээр улцан гэгчээр өмнөх Ерөнхийлөгчид болох Элбэгдорж, Баттулга нар сурсан зангаараа сөрөг хүчний Ардчилсан Намд өөрийн бүлэглэлийн төлөөлөлийг УИХ-д нэр дэвшүүлж төрд нөлөөлөх багажтай болохоор зогсоо зайгүй оролдож амар заяаг нь үзүүлэхгүй байх шиг байна. Шинэчлэн баталсан Үндсэн Хуулиар Монгол Улсын Ерөнхийлөгч 6 жилээр нэг удаа сонгодон ажиллах хуультай болсон билээ. Нахин сонгууль дээрээ иргэдээ зовоодог өмнөх Ерөнхийлөгчдөөсөө хаширсандаа иргэд энэ өөрчлөлтийг дуртай хүлээн авсан юм. Энэ өөрчлөлтийн гол автор нь Хүрэлсүх өөрөө. Гэвч түүний “ерөнхиййлөгчийн хүмүүсээ” УИХ-д оруулахаар нэр дэвшигчдээ дотроосоо тодруулах парламентын суудалтай намын эрх мэдэл рүү халдах янзтай байдал үзүүлээд эхэлж байгаа нь өмнөх үгнээсээ буцаж хоёр дахь бүрэн эрхийг хуульчлуулах шахалтыг УИХ-д хийх багажтай болох гэж зүтгээд байна гэж хардахад хүргэж байна. 

У.Хүрэлсүх ерөнхийлөгч уг нь дайн байлдаантай амаргүй энэ цаг үед их тэнцвэртэй гадаад бодлого явуулж засагтайгаа сайн хоршиж Үндсэн Хуулийнхаа хүрээнд л ажиллаад байвал боломжийн сайн легаси үлдээгээд буухаар байгаа.  Тэртэй тэргүй тэр хүний, тэр айлын  амьдралын хэрэгцээ хэдэн үеээрээ хангагдахаар хөрөнгө чинээтэйг ч бид мэднэ. Өөр пманд нэмж шунах шалтгаан тун ховор. Тэр санасандаа хүрч сарвайснаа авсан. Гэвч өөрийг нь тойрсон, магадгүй хуучны андлал, садан сүлбээний хүмүүсийн энэ засгийн үед хүрч чадаагүй хүртэж чадлаагүй мөрөөдлийнх нь амбицын шургаагаар өмнөх ерөнхийлөгчдийн засаг, намд хутгалддаг алдааг давтан бүтээж байгаа зөв легасигаа өөрөө нурааж төрийн хямралыг үе дамжин үргэлжлүүлэх гээд байна уу даа гэж харах боллоо. Уг нь төрийн хямралаас л сэргийлж Ерөнхийлөгчийг зургаан жилээр нэг удаа сонгохоор тогтсон биш билүү. 

Монгол улс 33 жил ардчилалын замаар замнахдаа хөгжсөн урагшилсан зүйл асар их ч алдсан боломж түүнээс дутуугүй арвин байна. Энэ алдсан боломжууд бол Ерөнхийлөгч нь ганц хүнтэй парламентын дээд танхим болж хурлыг баздаг;  хоёрдугаар Ерөнхий Сайд болж засгийн ажилд хутгалддаг; дундыг баригч эв нэгдлийн баталгаа байх тангарагаасаа няцаж улс төрийн намын дотоод ажилд нөлөөлөхийг оролддог үзэгдлээс л үүссэн хямралаас болж байсан. Аль ч улсад улс төр нь хямравал эдийн засаг нь дагаад хямардаг. Солигдсон засгийн тоогоор гадаадын хөрөнгө оруулалт “ON HOLD” горимдоо хугацаагүй шилжчихдэг. Гадаадын хөрөнгө оруулалт саатах бүрд үндсэний аюулгүй байдал маань эрсдэлд орж дээсэн дөрөөн дээр дэнжигнэж эхэлдэг. Явж явж ямар ч засаг гарсан тогтвортой байж байж, өөрийн засгийн газраа Ерөнхий Сайд нь өөрөө удирдаж байж,  улс төрийн намууд нь дээрээс нөлөөгүйгээр нэр дэвшигчдээ тодруулж чадаж байж төр эдийн засаг нь эрүүл хөгжиж байдаг. 

Ерөнхийлөгч Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд хоёр ч хааны ёслолд оролцоод амжсан. Тэгэхдээ юм анзаардаг хүн бол анзаарахаар л оролцсон. Японы Эзэн Хаан, Английн Хаан бол төрийнхөө хэрэгт ёслолын хүрээнээс илүү хальж оролцдоггүй жаргалтай төрийн тэргүүнүүд билээ. Манай 1992 оны Үндсэн хуулийн агуулга нь уг нь тэр юм. Хааны хийдэг ёс төдий шүүх хуулийн томилгоонуудын эрхийг тэнд уг нь хуульчилсан. Гэвч Багабандийн үеээс тэр ёслолын эрхийг засгийн эрхэнд хутгалдах зуудаг хавчаар, хөшдөг хөшүүрэг болгон самарч эхэлсээр одоо бараг институтчлагдаад төгсөрч байх шиг байна. 

Уг нь Хүрэлсүх Ерөнхийлөгчийн үе тэнгийн үхэр хонин жилтэй бүүмэрийн хувьд түүнийг төрийн этикийн зөв жишиг тогтоосон ганган легаси үлдээгээд буугаасай гэж хүсдэг.  Та намын хэрэгт, засгийн хэрэгт ордог хууль бус жаягийг л халчих л даа. Энэ төр хямрахаа боличихно. Хямарсан ч цэвэр улс төрийн намуудын үзэл санааны уралдаан байдлаар эрүүлээр өрсөлдөж байдаг болно. Төрийн тэргүүн ийм эрхэмсэг байдаг гэдэг үлгэр үзүүл л дээ.  

Улс төрийн бус, эрх мэдлийн дэмжлэгийн аргаар төр рүү зүтгэж байгаа “ерөнхийлөгчийн хүмүүсээ” татаж ав Ерөнхийлөгчөө. Тэд чинь үнэхээр улс төрд ормоор байгаа бол намдаа улс төрийн карьераараа ёсоор нь яваад орж ирэг. Ерөнхийлөгчийн нэрээр орж ирсэн хүмүүс хэзээ ч ард түмний төлөөлөл байдаггүй юм билээ. Тэд бол УИХ-д суулгасан спам шиг нэг л өдөр засаг самарч систем эвдэгч вирус болдог. 


Улсаа бод. Ард түмнээ бод. Бүүр бодогдохгүй байвал өөрийнхөө үлдээж буй легасигаа бод. Хүүхдүүддээ хямралгүй төртэй зөв хөгжилтэй улс үлдээмээр байна. Дэлхийн цаг агаар ч маш эвгүй байна. Гуйж байна Ерөнхийлөгчдөө. Наад намуудаасаа л та нар бүрмөсөн холдоод өг.      


Saturday, February 11, 2023

Коминтерний хоёрдугаар үндсэн хууль

Одоогоос 99 жилийн тэртээ Коминтерн хэмээх террорист байгууллагаас бичсэн “Үндсэн Хууль”-ийг Монголчуудад тулгасан билээ. Энэ хуулиар Монголчуудын олон зууны уламжлалт Хаант засаглалыг дуусгавар болгож Бүгд Найрамдах Улсыг эхлүүлсэн байдаг. 

Түүхийн энэ агшинд Монголчууд хэрхэн ирсэн тухай зэрвэсхэн өгүүлье.  

17 дугаар зуунд Оросын импери Сибирь рүү хүрээгээ тэлж эхэлсэн юм. Тэд эхлээд эрэл хайгуулын экпедиц өргөн гол мөрнөөр явуулж судлуулаад дараа нь цэрэг явуулж бэхлэлт хүрээ байгуулж эхэлсэн байдаг. Дараа нь тэр бэхлэлтүүдээ түшиглэн ойр орчмын газар нутгуудыг эзлэн эрхшээлдээ авч эхэлсэн юм.  1600-1700 оны хооронд Хаант Орос гүрэн дорно зүгт асар хурдтайгаар тэлж Енисей мөрнөөс Амар мөрний хооронд нутаглаж байсан Буриад, Баруун Монголоос Ижил Мөрний хооронд нутаглаж байсан Зүүнгарын  нутгийг зууны туршид үргэлжилсэн их бага тулаан, овог омгийн ахлагч нарыг хахуульдсан урвуулалтын арга замаар булаан эзэлсэн байдаг. Эдгээрийн дараа Халхыг тойрсон Монголын Орос Империд эзлэгдэх ээлжийн хугацаа 30-40 жилээр хэмжигдэж Монголчуудын аминд тулж ирсэн байлаа. 

Нэгэнт умар өрнө зүгээс харийн түрэмгийлэл илт тодорхой болж ирмэгц тэр үед дорно зүгт мандан хүчирхэгжиж өмнө зүгийн Хятадыг хүртэл эзлэн захирч байсан Манж Чин улсын хамгаалал өмгөөлөлд багтаж булаан эзлэлтийн хохирогч болохгүй бүтэн үлдэх тухайн цаг үеийнхээ цорын ганц зөв гарцыг Халхын ноёд олж харснаар 1691 онд Долнуурт Монголыг Манжийн вассал, протекторат улс болгох гэрээ байгуулж чадсан байдаг. Ингэсэн нь хойд зүгт Оросоос, өмнө зүгт Хятадаас тусгаар байх цаг үеийн амин чухал хэрэгцээг маань хангаж өгсөн байдаг. Оросын түрэлт хойд зүгээс Монголын хилд тулаад зогсож хойд хилийн дагуу төв халхаас очсон өрхүүд бүхий харуулын отгууд байгуулагдан нутаг орноо сахин хамгаалах болсон байдаг юм. Оросын түрэмгийлэлээс эх нутгаа хамгаалан суусан тэр харуулуудын нэг болох Архан Харуулынхан бол миний өвөг дээдэс, ах дүүс төрөл төрөгсөд маань билээ. Тэд өнөөдөр ч нутгаа сахин сууж хилийн зурвас шонгоо бүрэн бүтэн байлгаж байна. 

Манжид дагаар орж протекторат улс болсноор Хятадын түрэлт ч Монголын өмнөд хилд тулаад нам зогссон байдаг. Хятад хүмүүс Монголд зөвхөн визээр зорчин, зөвхөн хатуу заасан замаар явж, зөвшөөрсөн суурин хүрээнд худалдаа хийн, Монгол хүнтэй ураг барилдах байтугай ойртон нөхөрлөлх ч хориотой хатуу цаазтай байсан байдаг. Үүний ачаар Монголчууд олон зууны туршид үндсэний ген, нүүдэлчдийн онцлог хэв шинжээ гээлгүй, соёл уламжлалаа хадгалан өнөөг хүрч чаджээ. Өнөөгийн Хятадын сурталдагчдын ярьдаг Монгол бол Хятадын хэсэг байсан гэх яриа нь дээрхи фактуудаар үгүйсгэгддэг бөгөөд хэзээ ч эзэлсэн улсдаа визээр зорчдог эзэнт гүрний иргэд байсан байх учиргүй гэдэг энгийн аксиомоор няцаагддаг юм. 

19-р зууны эцэс 20-р зууны эхээр болсон хар тамхины дайнд Манж Чин улс ялагдаж Хонг-Конг зэрэг нутаг дэвсгэрээ Их Британид 100 жил өгөхөөс өөр аргагүй болж доройтсон нь олон газар үймээн самуун эхлүүлсэн байдаг. 1911 онд энэ үймээн самуун оргилдоо хүрч, Монголд ч бас Манжийн ноёрхолыг үл тэвчих байдал газар авснаар Манжийн хааны хаанчлал төгсгөл болох нь ойлгомжтой болж ирсэн юм билээ. 

Энэ үед Бээжинд сууж байсан нэгэн халх ноён Хятадууд Манжаас тусгаарлах төлөвлөгөөг мэдэн Монголын хан ноёдод шуурхай мэдээлснээр Монголчууд Хятадаас өрсөн Манжаас тусгаарлаж буйгаа дэлхийд зарласан үйл явдал 1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр болсон билээ. Хэрэв дээдэс маань гуравхан хоног алгуурласан бол 1912 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр Манжийн хааныг түлхэн унагааж үүссэн Бүгд Найрамдах Хятад Улсын бүрэлдхүүнд хоцорч хожим нь Хятадаас тусгаарлах гэдэг бараг дааж давашгүй хүндрэлд улс орноороо үлдэх байсан байдаг. Үүнийг Монголын ихэс ноёд сэргэг харж шуурхай хөдөлснөөр Монголчууд Богд Хаант Монгол Улсаа сэргээн байгуулж олноо өргөгдсөний он тооллоо эхлүүлсэн юм. 

Богд хаант Монгол Улсын энэхүү зэрвэсхэн үе бол ард олноороо хөл хөсөг гар гадаа жаргасан сайхан үе байсны Марзан Шарав хэмээх зураач зуран үлдээсэн байдаг билээ. Энэ утгаараа энэ үе бол өнөөгийн ардчилсан Монголын цаг үетэй нэн төстэй үе юм. 

Монголчууд тусгаар тогтноод зогсолгүй аажуурч байгаад Хятадын бүрэлдхүүнд үлдэж орхисон Өвөр Монголоо чөлөөлөхөөр 5 замын цэрэг хөдөлгөж байдлааны амжилт олж байсан үе байдаг. Хожим нь энэ тулааны баатруудаас 1921 оны олон домогт хүн төрөн гарсан юм. 

Үүний дараа 1915 онд Монголын тусгаар байдлыг устгах гурван улсын гэрээг Хиагт хотноо хүчээр тулган байгуулсан. Ингэх шалтгаан нь Монголын тусгаар тогтнол биеэ даасан байдал нь харьд үлдсэн Монгол угсаатнуудад муугаар нөлөөлж уруу татаж байсантай холбоотой байх. Өнөөдөр ч харийн гүрнүүдийн болгоомжилдог гол асуудал. Энэ л байсаар байгаа. 

Монголын автономыг устгах гэрээндээ харийнхан сэтгэл ханалгүй 1919 онд Монголын дефакто хэвээрээ үлдсэн тусгаар байдлыг устгахаар Бүгд Найрамдах Хятад Улсын Ардын Намын цэрэг буюу Гамин цэрэг (Гоминдан гэдэг нь Ардын нам гэсэн утгатай хятад үг) Монгол нутагт цөмрөн орж ирснээр тусгаар тогтнол маань зэрвэсхэн хугацаанд үгүй болж хар Хятадын эрхшээлд орсон юм. Энэ үеээс харийн түрэмгийлэлийн эсрэг ноёд харц нийлэн хамтран тэмцсэн бөгөөд тэмцэл ялалтанд хүрч Богд хаанаа сэнтийд нь буцаан залж чадсан байдаг. Энэ тэмцлийг хожим нь коммунист суртлын түүхчид Ардын хувьсгал байсан мэтээр бичиж тэмдэглэх болсон юм.  Хувьсгалын үр дүнд хаанаа сэргээн залдаг хувьсгал дан ганц ардын хувьсгал байсан байх боломжгүйг эрүүл логиктой хүн бүр ойлгочих байхаа.  

Монголд өрнөсөн энэхүү хаант төрөө сэргээх тэмцэл явж байх зуур Орос газар цагаан Хаанаа алж, иргэний дайн үүссэн байсан бөгөөд тус иргэний дайнд оролцож байгаа талуудын тулаан Монголын нутаг руу орж ирэн үргэлжилсэн юм. Ухарч яваа тал нь ч, хөөж яваа тал нь ч Монголыг аль Оросын империйн аль 17-р зуунаас шунан харж байсан эзлэн түрэмгийлэгчийн нүдээр харж нөлөөлөлөө тогтоохыг оролдсон бөгөөд улаан оросууд Монголд энэ үймээнт жилүүдийг ашиглан өөрийн нөлөөлөлөө тогтоож чадсан байдаг бөгөөд энэ нөлөө 70 жил ил цагаанаар, нэмээд 33 жил далд үргэлжилж байна. 

1921 оны хувьсгалын дараа оросууд Коминтерн хэмээх террорист бүтцээрээ дамжуулан Монголын үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний баатруудыг устгаж, Монголчуудын ой санамжийг хордуулж эхэлсэн. Тэд анхны Ерөнхий Сайд Бодоо, Данзан нарын ил цагаанаар хороож, харин ард түмний дунд нэр хүндтэй байсан Данзангийн моргин жолооч, Богдын цэргийн дарга агсан Сүхийг хорлон хороогоод түүнийг өвчнөөр тэнгэрт халисан хэмээгээд үүндээ Богд хааныг буруутгасан пропаганда домог зохиосон байдаг билээ. Коммунист пропагандад хэтэрхий шударга бусаар гүтгэндэн гутаагдсан Богд хаан маань ч харьцангуй залуугаараа жанч халсныг мөн л улаан Оросын хорлолтой холбон ойлгох нь бараг зөв байх. 

Монголын эх орончид устгагдаж, хаан маань тэнгэрт хальсаны дараа Коминтернээс Монголчуудад маш харгис үндсэн хууль тулгаж батлуулсан юм.  Тус үндсэн хуулиар ард түмэнд ямар ч эрх олгоогүй бөгөөд засгийн бүх эрх мэдлийг Дээд Шивээ буюу Оросын Тройцкосавск хотноо байгуулагдсан Монгол Ардын Нам хэмээх гадаадад үүссэн намд байхаар хуульчилж, иргэдийг маань ангийн ялгаагаар ялгаварлан гадуурхах үндсийг хуульчлан нийгмийн харилцаанд гүн гүнзгий суулгаж өгсөн байдаг. Тус МАН хэмээх байгууллага нь хэзээ ч Монголыг дангаараа залж удирдаж үзээгүй бөгөөд байнга гадаадын хүчний тусламж дэмжлэгээр тэдний өмнөөс Монголд ноёрхлоо тогтоож ирсэн бүлэглэл юм. 

Чухам тэр хуульд суулгасан ангийн ялгааны асуудал нь 1929-1938 оны хооронд үргэлжилсэн их хэлмэгдүүлэлт, нугалаа завхралын суурь болсон байдаг юм. Энэ ялгаварлалыг эсэргүүцэн ард олон боссон бөгөөд үүнийг 1932 оны эсэргүү бослого гэдэг нэрээр бид бүгд мэдэх билээ. 

Коминтерний үндсэн хууль дараа нь зүсээ хэд хэд хувиргасан боловч Монголыг Оросын эрхшээлд байлгах, Монголчуудыг зохион байгуулалтанд орж улсаа өөрсдөө авч явах бүх замыг янз бүрийн аргаар боомилсон шигтгээ элемент ихтэй хуулиуд байлаа. 

1989 онд эхэлсэн дэлхийн геополитикийн их чичиргээгээр Берлиний хана нуран унаж тус нурангийн тоосон дундаас хамгийн хожоотой эсэн мэнд гарч чадсан цөөхөн улсын нэг нь Монгол болж тусгаар тогтнолоо утгаар нь олж Ардчилсан Үндсэн Хуулиа баталсан билээ. 

Гэвч гадны нөлөө суларсангүй. Тэд их багаар, ил далд биднийг оролдсоор. Хойд хөрш маань Монголчуудын ардчилсан сонголтыг гааль худалдааны асар өндөр татвараар буюу бүрэн хэмжээний эдийн засгийн хоригт оруулах, Монгол дахь хөгжлийн төслүүд, оролдлогуудыг өөрийн тавиул төлөөний этгээдүүдээрээ самруулан нураалгах аргаар манай ардчилалтай идэвхтэй тэмцсээр ирсэн. Өмнөд хөрш маань ч Монголчуудын оюун санааны эрх чөлөө, шашин шүтэх эрх чөлөөнд эдийн засгийн аргаар маш ширүүн халдсаар ирсэн байдаг. Тэглээ ч Монголчууд ардчилсан сонголтондоо огтхон ч эргэлзсэнгүй. Харин ч улам дурлан бэхжүүсэн. 

  Гэтэл өнөөдөр нөгөөх МАН хэмээх бүлэглэл төрд байхдаа эх захгүй хийсэн хулгай худлаасаа болж Монголыг удирдах нөөц нь барагдчихаад хэцүүдэж байна. Тэднийг гаднаас тэтгэдэг харгис хүчнүүд өөрсдийн өдөөсөн дайн тулаан, нутаг дэвсгэрийн зөрчилдөөндөө тамирдан МАН-тай мантай болж өдөр хоногоо хүлээн аахилан байна. Хэрэв өнөөгийн ардчилсан Үндсэн хууль цаашид хүчинтэй хэвээр байвал удахгүй гадны спонсор дэмжлэггүй үлдэх МАН хэмээх бүлэглэл Монголын улс төрөөс үүрд арчигдан зайлах ч нигуур үүсэх нь дамжиггүй харагдах болсон. Иймээс тус намаас захиалан өмнөх эрх мэдлээ үгүйлэн уснаас нь сугалсан загас шиг ангалзан яваа Н.Энхбаяр мэтийн зарим хүмүүсээр бичүүлж  яг энэ Коминтерний харгис хуулийн шинэ хувилбарыг хэвлүүлээд гаргаад ирлээ. 

Энэхүү “үндсэн хуулинд” Ардчилдсан Үндсэн хуулиар маань хуульчдан шигтгэж хамгаалж өгсөн Монголын гэж бүх үнэт зүйлийг самран Монголыг маань буцаагаад харийн колони, дагуул, магадгүй харъяа нутаг болгох суурийг сэмхэн цутгаж байх шиг байна шүү. Та бүхэн ардчилсан үндсэн хуулиа хамгаалан тэмцэе гэвч оройтох өдөр ирж тун магадгүй болоод явчихлаа. 

Төрт ёс бол Монголчуудыг нэгтгэдэг үзэл санааны маш чухал соёл. Гэтэл ноён Намбар нарын төсөлд “Төр” гэдэг үг огт байхгүй байна. Энэ нь Монголыг захирах төр нь хаа нэгтээ өөр нийслэлд байгаа мэт агуулга гаргаж байна. Мөн Монгол нь төрийн байгуулалын хувьд нэгдмэл байна гэсэн 2-р зүйлийн заалт ор мөргүй алга болжээ. Өөрөөр хэлбэл Монголыг холбооны улс болгон хуваагдал үүсгэх, улмаар гаднаас нь таслан чангаах санаархал эндээс нэвт үнэртэж байна. 

Ардчилалын амин сүнс нь засгийн бүх эрх мэдэл ард түмний гарт байдагт байдаг. Ардчилсан Үндсэн Хуульд энэ эрх мэдэл ёслол төгөлдөн тунхаглагдан суусан. Гэтэл дээрх төсөлд энэ санаа ор мөргүй алга болж засаг нь ард түмнээс эхтэй биш харин өөрөө хуульчлуулсан эрх мэдэлтэй байх байдлаар сууж өгсөн байна. Монголын засаг нь хэн байх уу, гадны төлөөний засаг байсан ч Монголын ард түмнээс эрх мэдлээ сонгуулийн замаар түр түрээслэж аваагүй засаг бий болох замыг энд засахыг оролджээ. 

Дараа нь Монголын онцлогийг илэрхийлэх бүх заалтыг Үндсэн Хуулиас хасахыг санал болгожээ. Монголын мал бол Монголын онцлогийг илэрхийлэгч гол хүчин зүйл. Энэ заалт ор сураггүй алга болж. Мал аж ахуйн уламжлалт харилцаа соёлоор дамжуулж бид өөрсдийгөө Монгол гэж таниулдаг. Энэ байхгүй бол бид түмэн живаа харийнхнаас ялгарах юмгүй хүн сүрэг болно. Ой усны нөөц, ан амьтныг нийтийн өмчөөс хассан байна. Өөрөөр хэлбэл тэднийг өмчлөгч өөр эзэд нь аль эрт тодорчихсон хуулийн өөрчлөлтөө л хүлээж байгаа гэсэн үг. 

Соёлын дурсгалт зүйлсээ төрийн хамгаалалтаас хасах санал явж байх юм. Түүх соёлын эд өлгийн зүйлийг олгоор нь гадаад хуу хулгайлан зарах замаар Монголын түүхийг бүрхэгдүүлж улмаар уусган устгах бодлогыг хэсэг энд яваад байна уу?!

Хүн амын цөөнхийн эрх хэлээрээ суралцах эрх заналтайгаар хасагджээ. Энэ бол үндсэний хуваагдал, дотоод зөрчилдөөний суурийг тавьсан цагтай мина булж байгаа үндэсний аюулгүй байдалд асар хохиролтой санаа юм. Ах дүү цаатан, буриад, казахууд маань эх хэлээрээ сурах бичих ярих эрхгүй болчихоор хэнд гомдох вэ. Бидэнд л гомдоно. Гомдол нь уур болно. Уур нь тэмцэл болно. Тэмцэл нь үймээн самуун болно. Эндээс хэн хожих вэ? Монголыг хуваагдуулж байгаад таслан эзлэхийг санаархагч харь гүрэн л хожино. 

Төр шашны харилцааны заалт бас л оргүй хасагджээ. Уламжлалт шашинтай улсын хувьд Үндсэн хуульдаа “шашнаа” хэмээн бичсэн байдаг. Монголын уламжлалт шашинд харш хуулийн төсөл явж байна цаана чинь. 

Маш аюултай нэг заалт байна. Эх орноохоо тусгаар байдлыг батлан хамгаалах төрийн үүрэгтэй заалтыг хасаж хаясан байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр Монголын батлан хамгаалалах үүргийг гадаад улсад үүрүүлж хамгийн наанадаа Монголыг Манжийн протекторат байсан шиг, үгүй гэвэл цаашлаад Монголд 100,000 зөвлөлтийн цэрэг байрлаж эзлэгдсэн байсан үе рүүгээ буцаах санаа агуулж байна.  

Хүний эрхийг асар доройтуулан, магадгүй шинэ зууны хэлмэгдүүлт эхлүүлэх санаагаа тэд төсөлдөө ичиж нэрэлхэлгүй суулгажээ.  14.2 заалтаас нийгмийн гарлаар ялгаварлахыг хориглох хэсгийг авч хаясан байна. Өөрөө хэлбэл нийгмийн гарлаар ялгахаа зарлан тунхаглаж. 20-р зуун шин баян чинээлэг иргэдээ ялгаварлан гадуурхах биш одоо ядуу доройгоо ялгаварлан гадуурхах байх. Эсвэл үүнийг уншиж суугаа тань шиг эрүүлээр сэтгэдэг өөр бодолтнуудыг ялгаварлан гадуурхах бэлтгэлээ хангаж байна. Мөн 16.9-д байх иргэд төрөө удирдах хэрэгт оролцох заалтыг бас л хасчээ. Иргэд нь төрийн удирлагад оролцох эрхгүй улсыг колони улс л гэдэг.  

Төрийн байгуулалыг маань ч бүрэн самарч. Ард түмэн биш гадны харгис хүч манай төрийг томилох боломжийг нээхийг зүйл бүрээр оролдож хангаж өгсөн хуулийн төсөл гаргаж ирсэн байна. Энэ үндсэн хууль батлагдвал Монгол улс ардчилсан тогтолцооноосоо ухарна. 

Энийг батлахыг дэмжиж дүүвээнд нь парламентын суудлын тоог нэмүүлж аваад УИХ-д сууна гэж горьдон яваа намууд ч энэ хууль батлагдмагч хэн ч биш болж арчигдана. Учир нь нүүдлийн монголчуудыг тодорхой хэмжээний зохион байгуулалтанд оруулж, үзэл бодлоо уралдуулах эрүүл талбар болж байдаг “нам” гэдэг ойлголт тэд нарын төслөөс ор мөргүй алга болсон байсан. Яваандаа Монголд байгуулагдсан аливаа намыг хориглох зам руугаа явна гэсэн үг шүү. 

Энэ жилийг МАН-ы Засгийн Газраас авилгалтай тэмцэх жил болгон зарлаж, нүүрсний хулгайтай үзэлцэн, 5Ш гэдэг зорилт дэвшүүлжээ. Нэг талаараа уг нь зөв. Гэхдээ ганцхан жил онцолж тэмцэж байгаа нь бас үндэстэй байж болох болгоомжлол төрүүлж байна.  УИХ дээр Үндсэн Хуулийг өөрчлөхөд 57 санал хэрэгтэй. МАН ЗГ авилгал хулгайтай тэмцэх нэрээр Үндсэн Хуулийг өөрчлөх кноп дарах гишүүдийг нэг нэгээр олж барьцаалан хүчиндэх гээд байгаа юм биш байгаа?! Хэрэв хангалттай тооны хулгай илрээд хангалттай тооны кноп бүрдвэл та бидний Ардчилсан Үндсэн Хуулийг хөмөрч хаях нь барьцаалагдсан УИХ-н хувьд хэдхэн цаг минутын л ажил байх болно. Бүх зүйл болоод өнгөрсний дараа гаслацгаах уу. Эсвэл яг өнөөдрөөс дуу хоолойгоо нэгтгэж Ардчилсан Үндсэн Хуулиа хамгаалцгаах уу. Энэхүү Коминтерний хоёрдугаар Үндсэн Хууль 2024 он гэхэд батлагдвал 2032 оны ардын бослого, 2037 оны их хэлмэгдүүлэлт хуваарийн дагуу давтагдах нь бараг тов тодорхой. Та үр хүүхэддээ ийм бурангуй нийгэм үлдээмээр байна уу. 


Тунгаагтун, Сэрэгтүн, Сэхээрэхтүн! 


Монголчууд эвтэй байхдаа хүчтэй vs. Ерөнхийлөгчийн хүмүүс

1911 оны 12-р сарын 29-ний өдөр Монголчууд ердөө гурав хоногийн дараа Бээжинд онхолдох өдрөө хүлээж байсан Манжаас тусгаарлан өөрийн төр улс...