#бибагадаа “Суут Хүмүүсийн Амьдрал” цувралаас Чилийн социалист Альендегийн
тухай ном уншиж билээ. Бодвол үүнийг уншигч та ч бас уншсан бизээ. 1973 оны
намар генерал Пиночет гэгч этгээд Чилийн ерөнхийлөгч Альендег түлхэн унагааж Ла
Манеда ордныг нь бөмбөгдөн цэргийн дэглэм тогтоосон тухай тэр номонд гардаг. Би
ч тэр муу фашист хунт Пиночетийг туйлын муу нөхөр гэсэн бодолтойгоор насанд
хүрсэн билээ. Гэвч тэр даварсан генерал бас тийм ч тэнэг гар байгаагүйг нь
хожим олж мэдсэн. Тэр улс орноо Аргентиний араас явуулах гэсэн социалистуудын
халамжийн болдлого, Альендегийн социалист чиг баримжааг эсэргүүцэн Чилийн
засгийн эрхийг хүчээр гартаа авсан нь тэр байсан юм билээл. Засаг аваад Пиночет
өөрөө эдийн засгийг удирдсангүй. Чикаго бойз нэрээр эдийн засгийн сурах
бичгүүдэд мөнхөрсөн залууст эдийн засгаа удирдах эрхийг өгч өнөөгийн хөгжингүй
Чилийн суурийг тавих боломжийг олгожээ. Чикаго бойз бол Милтон Фрийдманаар
чөлөөт эдийн засгийн хичээл заалгасан жинсэн өмдтэй 20-30-д насны чили залуус
байсан юм. Явж явж Пиночетийн хийсэн цэргийн эргэлтийн ачаар хаа холын хөдөөний
Монголд зэсийн Эрдэнэт үйлдвэр байгуулагдсаныг ч би хожим олж мэдсэн. Өнөөдөр
Чилийн амжилтыг хаа сайгүй шагшин ярьж байна. Тэдний амжилтын нууц нь ердөө л ном үзсэн
хүнийг зохих тушаалд нь томилж түүндээ бүтээлч байх эрх мэдэл л олгосон явдал
билээ.
Харвардын төгсөгч Обама хэд хоногийн өмнө ээлжит State of the Union Address-аа конгресст тавив. Америкийн ерөнхийлөгчид жил бүр тангараг өргөсөн ой
дээрээ ард түмэндээ хандаж өнгөрснийг дүгнэн, угтаж буй онд тавьж буй
зорилтуудаа танилцуулдаг уламжлалтай. Обамагийн хувьд энэ бол 6 дахь SOTU
нь юм.
Энэ удаад Обама Америкийн эдийн засгийг Бушийн үед эхэлсэн хямралаас нь
гаргасанаа зарлалаа. Дахин сонгогдохгүй Обама өөрийнхөө legacy-г маш тодоор үлдээж [магадгүй долларын билл дээр хэзээ нэгэн
цагт зургаа тавиулах эрхээ нээж] чадсандаа асар баяртай байгаа нь илт мэдрэгдэж байв. Харин тэр энийг яаж хийж чадваа. Амжилтын
нууц нь юундаа байв? Дан дээлтэй сайдтайгаар уу, давхар дээлтэй сайдтайгаар уу?
Нарийн төмөр замаар уу, өргөн төмөр замаар уу? Хүүхдийн мөнгөөр үү, 21 доллар
тарааж уу?
Товчхондоо Обамагийн засаг захиргаа иргэдийг бэлэн мөнгөөр халамжлах биш,
харин тэдэнд олсон мөнгийг нь хэмнэж өгч, авто машин үйлдвэрлэл, даатгал, банк
зэрэг too large to fail
бизнесүүдийг зоригтой bailout хийн босгож, жижиг дунд бизнесүүдийг татварын хөнгөлөлтөөр дэмжин, ард
иргэдээ эрүүл мэндэд зарцуулах зардлыг нь бууруулах замаар эдийн засгаа
идэвхжүүлжээ. Тэд зөвхөн үйлдвэрлэх секторт л гэхэд 2010 оноос хойш 800,000
мянган ажлын байр нэмсэн байна. Нэгэнт эдийн засаг сэргээд ирсэн тул орлогоосоо иргэдийн боловсролыг дэмжих
амбицаа сая зарлалаа. 21-р зууныг тэд мэдлэгт суурилсан эдийн засагтайгаар л
туулахаа маш сайн мэдэж, үүндээ нухацтайгаар бэлтгэж байна.
Ерөнхий сайдаар Сайханбилэг томилогдсоноор Монгол улсын төрийн гурван
өндөрлөг бүгд Америк боловсролтой эрхэмүүд болов. Харвардын мастер Элбэгдорж,
Денверийн мастер Энхболд, Жорж Тауны мастер Сайханбилэг, түүнд шадарлан хамжигч
нь Колумбийн мастер Баярцогт. Монголын Чикаго бойз! Зиа даа бараг л...
Гэвч хамаг романтизм ингээд л дуусаа. Монгол дахь Альендегийн социализм
хэвээрээ үргэлжилсээр. Халамжийг танъя гэсэн ганц нэг санаачлагыг УИХ дахь Луис
Корваланууд, цахим ертөнц дахь Виктор Хара-нууд хавсайдан дор нь нам болгов. Арга
ч үгүй биз. Сайханбилэг халамжийг орлуулагчийг санал болгохгүйгээр байсан халамжуудыг нь хасах санал оруулаад дарагдав.
Аргаа ядахдаа шахаад шахаад бааснаас өөр юм гарахаасаа өнгөрсөн хэдэн хуучин улс төрчдөө ээлж ээлжээр зөвлөхөөрөө авцгаав. Заримдаа бүүр хаанахын захаас худалдаж авсан юм гэмээр ч хүүхэлдэйнүүдийг зөвлөхөөрөө цалинжуулна. Гэвч бахь байдгаараа. Төрд мэдлэг орж ирэхээ байчиж. Оруулахаа ч байчиж. Баабар зэрэг либералууд дэмий л номынхоо ширээний ард шогшроод үлдэж байна. Улс төрдөө л кунг-фу мастер багш нь ингээд тойргийн гадаа байж байхад над мэт нь холоо жийгдэх нь ч арга байжуу.
Аргаа ядахдаа шахаад шахаад бааснаас өөр юм гарахаасаа өнгөрсөн хэдэн хуучин улс төрчдөө ээлж ээлжээр зөвлөхөөрөө авцгаав. Заримдаа бүүр хаанахын захаас худалдаж авсан юм гэмээр ч хүүхэлдэйнүүдийг зөвлөхөөрөө цалинжуулна. Гэвч бахь байдгаараа. Төрд мэдлэг орж ирэхээ байчиж. Оруулахаа ч байчиж. Баабар зэрэг либералууд дэмий л номынхоо ширээний ард шогшроод үлдэж байна. Улс төрдөө л кунг-фу мастер багш нь ингээд тойргийн гадаа байж байхад над мэт нь холоо жийгдэх нь ч арга байжуу.
Ер нь master degree бол
бакалаврын зэргээр олсон суурь мэдлэгээ ажлын туршлагатай хамтруулан mastering
хийх сургалт байдаг. Ялангуяа эдийн
засаг, бизнесийн чиглэлийн мастерийн хичээлүүд голдуу бусдын туршлага, алдаа
оноог ном танхимаас детальчлан судалж, анализ синтез хийх боломж олгодог. Мастерийн сургалтанд хамрагдсан хүн бусдын
алдааг тойрч, ололтыг даган дуурайх боломжийг өөрөө алдаж арьсаараа мэдрэн хашрахгүйгээр олж авах боложтой болдог. Гэвч Монголчууд дарга нарынхаа дутуу сурсан
мэдлэгийн төлөөсийг арьсаараа мэдрэн мурчийсаар. Манай хэд засаг авах эрдэмд нь
шимтэн суралцаад харин засаг барих талаар олигтой юм заалгаагүй бололтой.
Халамж амлалт бол манай сонгуулийн тогтолцооны хамгийн том гажуудал юм.
Монголд сонгууль байсан цагт популизм их бага хэмжээгээр байсаар л байх болно.
Сонгуулийн ардчилалыг үрэлгэн популизмд дээрлэхүүлэхгүй байх аргыг бид олох
ёстой юм. Өлөн харцаар шүлсээ залгин анаж суугаа баавгай, луу хоёрын дунд Чилийн
маягийн эргэлт, хувьсгалын тухайд мөрөөдөөд ч хэрэггүй. Чингэвэл Украины замаар
орж улсаа тасчуулах биз.
Надад нэг хэдэн санаа байна. Үүнийг энэ засаг тоогоод хэрэгжүүлбэл сайн л биз. Үгүй бол дараагийн засаг нь гараад хийх л байлгүй. Ер нь бол миний бичсэнийг тэд дагах үүрэггүйг нь би сайн мэдэж байгаа.
Хямралт байдлаас гарахын тулд бид юуны түрүүнд мөнгөгүй хийж болох ажлууд, бэлэн мөнгөний зардлыг орлуулж болох арга саамыг бүх түвшинд эрэлхийлэх хэрэгтэй. Дараа нь орлогоо нэмэгдүүлэх, оюунаа нэмэгдүүлэхэд хөрөнгө хая. Эхнээс нь жагсаая:
Нэг: Америкийн
төмөр замын тайкун Леланд Стэнфорд Калифорни-Юта-г холбосон төмөр замыг
барьсныхаа төлбөрт Сан Франциско хотоос өмнө зүгт асар том (одоогийн Стэнфорд, Пало Алто хавийн газар) хэмжээний газар авч байжээ. Тэр авсан
газар нь бол хөдөө аж ахуй, фармын зориулалттай газар байсан байна. Стэнфорд хожим
нь тэр газраа хэсэгчлэн худалдаж зам барьсан зардлаа олохоор барахгүй түүнээс ч
хамаагүй их ашиг олж асар ихээр баяжсан гэдэг. Аливаа газрыг хүчээр үнэд
оруулдаг хэд хэдэн арга байдаг. Тус газарт бизнес төв үүсгэх (жишээ нь Орландо дахь Дисней Лэнд тэр
хавийн үл хөдлөх хөрөнгийн үнийг олон арав зуу дахин өсгөсөн), их сургууль байгуулах, дэд бүтцийг
тохижуулан land developer-уудад
зарах. Домогт өгүүлдэгээр Стэнфордын хүү нь 16 насандаа Европт аялаж яваад
халдварт өвчин тусч нас барсан тул түүний дурсгалд зохиулж Стэнфордын их
сургуулийг байгуулах болсон гэдэг ч чухамхүү тэр их сул газрыг үнэ цэнийг өсгөж
ашигтайгаар зарах нөхцөлийг бүрхдүүлэхийн тулд л эцэг Стэнфорд их сургууль
байгуулахаар шийдсэн байх магадлал туйлын өндөр юм.
Америкийн Ерөнхийлөгч Дуэтт Эйзенхаур 1919 онд цэрэгт байхдаа Ди Си-гээс
Сан Франциско хүртэл цэргийн марш брасокт оролцож байжээ. Тэд энэ хоорондын 3000
орчим майл замыг 2 сарын турш туулсан гэдэг. 2-р дайны үеээр холбоотны цэргийг
компандлаж байсан уже генерал Эйзенхаур Гитлерийн бариулсан автобаныг хараад
үнэхээр биширч шагшсанаа дурсамжиндаа ч нуугаагүй байдаг. Америкийн ерөнхийлөгч
болохдоо тэрээр америк айл бүрийн үүдэнд хар зам аваачна гэж амлаж байжээ. Тэр
нь өнөөгийн Монголоор бол бүх аймгийг хар замаар холбоно гэсэн эрх баригчдын
амлалттай төстэйдүү. Тэхдээ хамаагүй илүү төгс шийдэлтэй.
Эйзэнхаур ерөнхийлөгч болмогцоо хурдны замууд, орон нутгийн замуудын систем байгуулах ажлыг орон даяар эхлүүлэв. Мэдээж энэ бүх бүтээн босголтонд мөнгө хэрэгтэй. Мөнгө мөнгөдөө бага биш мөнгө хэрэгтэй. Эйзэнхаур замыг 2 аргаар санхүүжүүлэх санаа сэдэж. 1-д тэрээр highway trust fund байгуулсан байна. Энэ бол Америкт түгээмэл байдаг earmarked fund буюу тусгай зориулалтын сан бөгөөд энэ сан америкдаа хамгийн алдартай нь билээ. Сангийн ажиллах зарчим нь их энгийн. Пампнаас шахагдаж байгаа газны үнэн дээр нэмж галлон бүрд тодорхой хэдэн центийг тус санд хуримтлуулаар хураах бөгөөд тэндээс замын бүтээн босголт, засвар, арчилгааг санхүүжүүлэх. Өөр юунд ч түүнийг зарцуулахгүй. Хэрэглээ ихтэй нь ихийг төлөх. Шатахуун авна гэдэг нь давхина гэсэн үг, давхина гэдэг нь зам ашигланаа л гэсэн хэрэг. Маш ухаалаг, бас шударга. Хүнийг том жижиг хөгшин залуу машинтай гэж ялгаварлахгүй. Зөвхөн хэрэглээгээр нь татвар ноогдуулах гоё арга байгааз?.
Гэвч эхэндээ зам багатай үед машинаар давхилт төдийлөн их байсангүй. Зам барих өөр санхүүжилтийн эх үүсвэр хэрэгтэй байлаа. Энэ удаад анхны төмөр замыг барьж байгуулж байхад хэрэглэж байсан land grant program-г федерал болон муж улсын замуудад ихээр ашиглав. Зарчим нь эхлээд хувийн хөрөнгө, зээлээр зам бариад төлбөрт нь замынхаа ойролцоо [exit-үүд дээр] газар ав. Мэдээж авсан газраа тэр чигээр нь зарвал замын компаниуд ашгаа олж чадахгүй, банкны зээлээ ч хааж чадахгүй дампуурцгаах болно. Иймд тэд авсан газар дээрээ багахан хөрөнгө нэмж оруулаад гудамж буй болгон, дэд бүтэц татаад land developer-уудад хэсэгчлэн зарцгааж эхлэв. Land developer-ууд замтай, дэд бүтэцтэй лот-ууд худалдан аваад түүн дээрээ сайхан байшин, хотхонууд барьж дундаж ангид зарцгаана. Баячууд байшин худалдаж авах шаардлагагүй, ядуус бас байшин авахгүй. Явж явж дундаж ангийн худалдан авсан байшингийн үнэнд тийш хүргэсэн зам, барьсан байшин, энэ бүх үйл ажиллагааг санхүүжүүлж байдаг банкны зардал, ашгууд шингэдэг. Өөрөөр хэлбэл америкийн хөгжил housing market дээрээ тогтож байдаг. Housing market нь эргээд ажлын байрны зах зээлээсээ хамаарна. Чухамхүү ажилтай орлоготой дундаж анги л америкийн хөгжил, эдийн засгийн тэлэлтийн суурь нь болж байдаг нь үүнтэй холбоотой. Америкт үүссэн ажлын байр бүр потенциальный байшин худалдан авагчийг үүсгэж байдгаараа түүний эдийн засгийн нөлөө нь үлэмж. Хэн ч хохирохгүй. Замын компаниуд барьсан замынхаа дагуу ашгаа гаргаж авах боломжтой газар авч, land developer-ууд шинэ сууршил үүсгэж болох зам очсон газар олж, иргэд их хотын түгжрэлээс холдон нүүх боломж олж, энэ бүгдээс банкууд ашиг олж, төр нь дэд бүтцэд газраас өөр зардал бараг гаргахгүйгээр нутаг орноо хөгжүүлээд авч байна.
Байз байз. Бид яагаад энэ туршлагыг Монголдоо хэрэглэж болохгүй гэж. Бид
зөвхөн Нийслэлийн төсвөөс 77 дахин их үнээр зарж болох газрыг дарга нарын үзэгний үзүүрээр
тараачихсан байна гэж Бат-Үүл мээр хэлээд байгаагүй билүү. Ерөөсөө нийслэл,
аймгийн төвийн ашигтай газраа зарцгаая. Мөн шинээр баригдах замуудын дагуух
газруудыг ч эргэлтэнд оруулъя. Газраар замаа тулж наймаацъя. Яахлээрээ ард
түмэнд үүрүүлэх их өр тавьж зам бариад, нэг хэсэг нь нийтийн газрыг хувийхаа юм
шиг өгөлцөж авалцаж байх гэж. Барилгажаагүй байгаа бүх газрыг дуудлага
худалдаанд оруулж замын зардал гаргаж авцгаая. Зам тээврийн яамны вэбсайтанд
байгаа мэдээлэлээр бол өнгөрсөн 2 жилд 1162 км авто замыг 600 шахуу тэрбум
төгрөгөөр барьжээ. Өөрөөр хэлбэл нэг км зам 500 орчим сая төгрөгний өртөгтэй юм
байна. Үүний 10 хувь нь авилгал, 10 хувь нь татвар, 10 хувь нь ашиг гэж тооцвол
замд 350 орчим сая нь л шингэж байна. Нийслэлийн 2012 оны төсвөөс 77 дахин их
орлого гэдэг бол Монголын сум бүрд ч хар зам хүргэж болох их нөөц шүү.
Улаанбаатарт барилгажаагүй газар олон байна. Хөшгийн хөндийн буудлын замд ч маш
их газар зарах боломжтой.
Бид ингэснээр замтай, шинэ суурьшилтай болоод зогсохгүй өнөөдөр замд
аваачиж хийгээд байгаа их мөнгийг суллаж авах боломж бүрдэнэ. Суллаж авсан
мөнгөөрөө өрнөөсөө салж болно, өөр ашигтай зүйлд хөрөнгө оруулж болно.
Хоёр: 2004 оны
Гүндалайгийн 10000 төгрөг 100 хувь буруу зүйл байгаагүйг эхлээд дурьдчихъя. Ард
иргэд ядуу, худалдан авах чадвар муу байсан тул иргэдэд бэлэн мөнгө нийлүүлэх
шаардлага тухайн үед байсан уу?, байсан. Иргэд хөдөлмөрлөхгүй олсон мөнгөө зоригтой
зарцуулж эхэлсэн нь жижиг дунд бизнесийг сэргээх үндсэн суурь болсоныг одоо ч
үгүйсгэх боломжгүй юм. Популистуудын хамгийн том алдаа нь энэ халамж, мөнгөн injection-г цагийг нь олж re-structuring хийж зүсийг нь, хэлбэрийг нь хувиргаагүй
удаасанаас эдийн засгаа хорлох хүчин
зүйл болгосон явдал юм. Би бол ядуугаа мэдэхгүй явж, яваад яс зууж үзсэн
нохой. Олон газраар орж олон оронд
амьдарч байгаа Монголчуудынхаа амьдралыг харлаа. Санаа авчихаар, Монголдоо
хэрэгжүүлчихмээр зүйл ч зөндөө анзаарч ажиглалаа.
Монголд бэлэн мөнгөөр халамж өгдөг байдлыг дараахь маягаар засах боломжийг
би гаднаас анзаарсан. Мөн эдийн засгийн арга хэмжээнүүдийн санааг ч бас тэндээс олсон.
А. Хүүхдийн мөнгийг зогсоож
хүүхэдтэй өрхөөс ажиллаж байгаа хүний орлогын татвараас нь хөнгөлөх аргад
шилжих хэрэгтэй. Насанд хүрээгүй нэг хүүхэдтэй бол хоёр хувь, 5 хүүхэдтэй бол
10 хувь хөнгөл. 6- дахь хүүхдээс нь эхлэн тэтгэмж олго. Хөнгөлөлтийг оюутан
хүүхэдтэй айлд үргэлжлүүл. Тэгээд оюутны 70-г ч хал. Ингэвэл ажилтай орлоготой хүмүүст их нэмэр
болно. Ажил сайтай, цалин сайтай айлууд хамаагүй их орлогоо өөртөө үлдээх
боломж гарч ирнэ. Монголчууд татварын хөнгөлөлт авахын тулд ажил голж
цамаарахаа болино. Мэдээж маш бага орлоготой, мөн ажилгүйчүүдийн хүүхдийг харж
үзэх шаардлага бий. Зөвхөн энэ анги давхрагад л бэлэн мөнгөний халамжаа үлдээ.
Төсвийн маш их мөнгө сулрах болно. Ажил олгогчид цалингийн нууц цэс гарган
ажилчдаа мөлждөг нууц мөлжлөг ч зогсоно. Хүн амын орлогийн албан татвар төсвийн
маш бага хувийг бүрдүүлдэгийг тооцвол энэ маш ашигтай санаа байж ч магадгүй юм.
Б. Ажил олгогчдыг дэмж. Юуны түрүүнд шинэ ажлын байр үүсгэсэний шийтгэл болох
нийгмийн даатгалын шимтгэлийн ажил олгогчид ноогдох хувийг бууруул. Болж өгвөл
ажил олгогч төлдөггүй болго. Мэдээж нийгмийн даатгалын сангийн орлогод энэ
эхэндээ нөлөөлнө. Гэвч ажил олгогчийг дэмжсэн энэ алхам ажлын байр олноор нь
буй болгох боломжийг өдөөснөөр нийгмийн даатгалын сангийн орлого өмнөхөөсөө ч
нэмэгдэх болно.
В. Жирэмсэн эхийн декретний мөнгөнөөс бусад эхчүүдийн мөнгийг больчих.
Оронд нь хүүхэд гаргаж өсгөсөн эхийг тэтгэвэрт гарахад нь нэг хүүхдэд 3 жилээр
тооцон ажилласан жил дээр нь нэмээд бодчих. Хүүхдээ гудманд хаядаг тэнүүлдэг эх
байхгүй болно. Жилд хүн амын 2 хүрэхгүй хувь тэтгэвэрт гарч байдаг, 1-4
хүүхэдтэй эхэд гэхэд З-12 жилийг ажилласан жилд нэмэх нь тэтгэвэрийн санд хэзээ
ч том дарамт болохгүй. Ердөө л улсдаа хүн эрдэнэ бүтээж өгсөн нөр их зүтгэлийг нь
ажилласан жилд нь оруулан тооцоход л өнөөгийн бэлэн мөнгө тараах их дарамтаас төр
хөнгөхөөн гарчихна. Үүнд хамгийн их баярлах эхчүүд бол олон хүүхэдтэй хөдөөний
малчин эхчүүд байх байх. Эхчүүд хүүхэд гаргах дуртай болно. Монголын хүн ам
хурдан өснө. Хүн ам өсөхийн хэрээр зах зээл буй болно. Өсөж тэлсэн зах зээл нь
өөрөө тэтгэвэрийн сан бүрдүүлэх эдийн засгийн потенциалыг буй болгоно. Үр дүнд
нь бүгд хожно.
Г. Малчдаас малаар татвар ав. Тэгэхдээ хонинд тооцсоноор 300 толгойгоос
дээш малаас нэг төлөг ав. Авсан малаа хөдөөний ажилгүйчүүдээр маллуулж төлөөр
нь малжуулах хөтөлбөр хэрэгжүүл. Ингэвэл зудтай өвөл болгоны дараа нүүдлийн
давалгаа сэргэхээ зогсоно. Татвараас бүрдсэн төрийн төмөр сүрэг дороо үржинэ.
Төрийн сүргээс цэргээ, хоригдлоо, ядуусаа тэжээ. Олон улсын байдал эвгүй болж
байгаа энэ цагт Монгол хүнд хэдэн мал нь л хэрэг болно.
Д. Нэгэнт хувьчилсан аж ахуйнуудыг төрөөс тэтгэхээ больчих. Хувьчлалын гол
зорилго нь төрөөс тэтгүүлэхгүй болгох л байсан. Гэтэл аль дивангарьт
хувьчлагдчихаад төсвөөс гувшин амьдардаг олон бизнес бий болжээ. Махны нөөц
бүрдүүлнэ л гэнэ, шатахууны үнэ тогтворжуулна л гэнэ, ноолуур цуглуулна, үрийн
нөөц бэлдэнэ л гэнэ. Арай л жорлонгийн цаасны нөөц бүрдүүлэх санаачлага алга.
Хэдэн зуун тэрбумаар нь хусаж суудаг бүхэл бүтэн улс төр, бизнесийн сүлжээ
үүссэн байна. Мал 50 сая хүрчээд байхад махны нөөц бүрдүүлж яадаг байна. Мах нь
арьсан дотроо л шинээрээ байж байвал барав. Дэлхий даяар нефтийн үнэ шумбаж байхад
бензиний үнийг үнэтэй хэвээр нь тогтворжуулах ямар ч шаардлага байхгүй. Түлш
хямдармагц будаа тарианы өртөг аяндаа бууж өрсөлдөж чадвартай болоод ирнэ. Хасах
30 хүрэхгүй өвөлждөг болчоод байхад ноолуур шүтээд байх нь зөв ч юм уу буруу ч
юм уу. Бүгдийг нь зүгээр л зөнд нь хая.
Е. Дутуу орхисон барилгуудаа дутуу хая. Балгасуудыг нь зүгээр л зарчих.
Санаачилсан барилга нь дутуу баригдаад төсөвт ядаргаа болж байгаа улс төрчийн
дараагийн бүтээн босголтын санаачлагыг битгий хүлээж ав. Дэмий юм санаачлагчдын
өмнөх баасыг цэвэрлэж дуустал дараагийн саналуудыг нь бүү дэмж. Зүгээр л
игнорд. Ингэвэл жалгын популизмаа учиртай хийж эхэлнэ. Тооцоотой, төлөвлөгөөтэй
санаачилж, учиртай уралдаантай бүтээж сурна.
Гурав: 2000 оны сонгуулийн дараа хуульч,
улс төрч Ц.Нямдорж нэг удаа телевизээр ярьж байсан нь өнөөдөр маш тодхон санагдаж
байна. Тэрээр замын цагдаагийн газрын дарга Занаширыг буянгийн Жагаагийн Бүгд
Найрамдах намаас нэр дэвшээд гишүүн ч гүй, ажил алба ч үгүй гудманд гарахдаа
тулсаныг шүүмжилж байсан. Ц.Нямдорж хэлэхдээ улс төрчид үндэсний боловсон
хүчнүүдээр наадаж үндэсний чадамжийг террорайзин хийж байна хэмээн шүүмжилж
байсан юм. Өнөөдөр тухайн үеийн хууль зүйн сайдын хэлсэн үг ардчилсан болон
ардын намд түгээмэл практик болон тархжээ.
Монголоос хөрөнгө оруулагчид зугатаалаа л гэх. Гэтэл тэдний хувьд Монголын баялаг бол still attractive хэвээрээ л байгаа. Тэд хамгийн гол нь манай төрийнхний непрофессионализмээс залхаад гараад явчихсан юм. Нэг намын нэг сайд гарангуутаа л ташраар нь солиод байхаар яаж ч төрд мэргэшилт, чадваржилт үүсэхэв дээ. Ойлгомжтой асуудал. Засгийн эрх барьж байгаа намууд үндэсний хэмжээнд, салбар бүрийн хувьд боловсон хүчний бодлогоо нэгтгэх хэрэгтэй. Ялангуяа нарийн мэргэжлийн салбаруудад энэ маш чухал. Техник технологи, хүний амь, аюулгүй байдлыг баталгааг зөвхөн намын батлах өвөртлөсөнөөр хариуцан даах тогтолцоо Монголоос өөр улсад алга. Мэдээж Монгол улс өөрийн онцлогтойг ойлгож байна. Гэхдээ л байгалийн хуульд суурилдаг техник технологийн салбаруудад үндэсний онцлог гэж байх учиргүй юм шүү.
Дөрөв: Популизмыг
дээр өгүүлсэнээр re-structuring хийж чадвал маш их мөнгө, маш их нөөц бололцоо засгийн газрын мэдэлд сулран
гарч ирэх болно. Гэвч үүгээр дараагийн популизмыг бордох юм бол тэгээд л
дуусаа. Өнөөдөр технологижих, техникийн шинэчлэл хийх амбицуудыг дэмжихгүйгээр
Монгол улс хөгжлийн тухай мөрөөдлүүдээ мартах хэрэгтэй. Чухамхүү үнэ өртөгтэй шинэ техник
технологиуд л хөгжлийг наашлуулагч хүчин зүйл юм. Бидэнд шинэ галт тэрэг, шинэ
үйлдвэрийн дамжлага, шинэ онгоц, шинэ эмнэлэгийн тоноглол, шинэ уул уурхайн
механизм, ер нь л бүх шинэ зүйл яг өнөөдөр хэрэгтэй. Бусдын актласан, хоцрогдсон
багаж техникээр урагшлаж болох ч гүйцэх боломжгүйг бид санаж явах хэрэгтэй юм.
Зөвхөн өөрт ойрхон эх сурвалж мэдээлэл дээр жишээлэхэд МИАТ багагүй үнээр шинэ
онгоц авсан. Бид илүү орчин үеийн онгоц авчирч болох байсан ч манай банкны
систем урьдчилгаа төлбөрийг нь дааж чадах хэмжээнд л сонголтоо хийсэн. Үндсэн
төлбөрөө гадны банкны санхүүжилтээр хийж жил бүр олон сая ам.долларыг хүүгийн
төлөөсөнд өгч байна.
Хэрэв засгийн газар эргэлтэнд орж амжаагүй нөөц хөрөнгө, зээлийн үлдэгдэл байдаг бол юуны түрүүнд үндэсний лийзингийн бүтэц буй болгон үндэсний компаниудад хэрэгтэй тоног төрөөрөмж, техник хэрэгслэлийг санхүүжүүлэн худалдан авч, эргүүлэн түрээслэдэг болчихвол тун хэрэгтэй. Агаарын тээвэрт энэ трнасакцийг sale-leaseback гэж хэлдэг. Техник, технологийн шинэчлэлийг даган гадаадын банкууд руу ашиг болон урсаж байгаа тэр их мөнгийг эх орондоо үлдээх механизмыг бий болгочихвол засгийн газар эдийн засгийн өсөлтөөс л ашиг хүртээд байх боломж бий. Төр өөрөө үйлдвэр завод барина гэж хөөрцөглөлгүй, харин бол өгвөл техник тоноглолыг санхүүжүүлж лийзингээр туслаад, болохгүй бол баталгаа гаргаж гаднаас санхүүжилт олох боломж нээгээд байвал энэ улс хөгжих амархан.
Хэрэв засгийн газар эргэлтэнд орж амжаагүй нөөц хөрөнгө, зээлийн үлдэгдэл байдаг бол юуны түрүүнд үндэсний лийзингийн бүтэц буй болгон үндэсний компаниудад хэрэгтэй тоног төрөөрөмж, техник хэрэгслэлийг санхүүжүүлэн худалдан авч, эргүүлэн түрээслэдэг болчихвол тун хэрэгтэй. Агаарын тээвэрт энэ трнасакцийг sale-leaseback гэж хэлдэг. Техник, технологийн шинэчлэлийг даган гадаадын банкууд руу ашиг болон урсаж байгаа тэр их мөнгийг эх орондоо үлдээх механизмыг бий болгочихвол засгийн газар эдийн засгийн өсөлтөөс л ашиг хүртээд байх боломж бий. Төр өөрөө үйлдвэр завод барина гэж хөөрцөглөлгүй, харин бол өгвөл техник тоноглолыг санхүүжүүлж лийзингээр туслаад, болохгүй бол баталгаа гаргаж гаднаас санхүүжилт олох боломж нээгээд байвал энэ улс хөгжих амархан.
Тав: Уул уурхайд
нэг хэсэгтээ найдахаа боль. Ажаад л байхад Монголчууд Оюу Толгой хэмээх офф шоор
компанийн хувьцаа авчихаад түүнээсээ ашиг горьдоод л суугаад байх шиг. Оюу
Толгой бол ердөө л өндөр үнэтэй том transaction-гуудад хэрэглэгддэг SPV буюу Special Purpose Vehicle –н нэг хэлбэр. МИАТ хүртэл онгоц авахдаа ийм SPV
байгуулж Делаверт бүртгүүлж л байв.
Оюу Толгойн 66 хувийг Рио Тинто тэргүүтэй барууны хөрөнгө оруулагчид, 34 хувийг
Монгол улсын засгийн газар гэдэг хөрөнгө оруулдаггүйчүүд эзэмшдэг. 2013 оноос
олборлолт эхэлмэгц төгрөг чангараад сүйд болно гэж байсан чинь эсрэгээрээ
болсон нь Монголыг том шоконд оруулсан билээ. Монголчууд хүлээлтийн энэ таагүй
шоокноосоо одоо ч гараагүй л байна. Иймд уул уурхайн асуудлыг чаддаг мэддэг
хүмүүст нь даатгаад түр орхи. Улс төржилтийн эффектийг нь тусгаарлаад өгмөгц
үнэхээр ашигтай алдагдалтай эсэх нь аяндаа мэдэгдээд ирнэ. Ганц нэг уурхайгаа
тодорхой зорилгоор ашиглахаар зарлачихаач. Жишээ нь нэг нүүрсний уурхай олбол түүний
орлого ашигийг зөвхөн боловсролд, өөр нэг уурхай олбол түүнийг эрүүл мэндэд л
өгнө гээд УИХ-н тогтоолоор хуульчилчих л даа.
Зургаа: Улс орны
эдийн засаг, үндэсний эрх ашигт тустай томоохон бизнесүүдийг зоригтой байлаут
хий. Харин туслаж байгаа нь энэ гээд ард түмний мөнгөөр зүгээр угжаад байж
болохгүй. Хэрэв тэр бизнес хувийнх юмуу олон нийтийн бол хувьцааг нь төр түр авч
байж хөрөнгө оруулан дэмж. Удирдлагад нь хяналт тавь. Обама Автомэйкэрүүдээ яг
ингэж босгосон. Крайслер, Шевролетийн хувьцааг 2008 онд төр нь ихэнхийг
нь авсан. Дараа нь хөл дээр нь босгоод хувьцааг нь буцаан зарж оруулсан хөрөнгөнөөсөө ч их
ашиг олсон. Төрийн бизнесүүдийг capital market-д нэвтрэх эрхийг нь нээж өг л дөө. МИАТ зэрэг төрийн олон компани
хувьцаа эзэмшигч нь болсон засаг нь хөрөнгө оруулдаггүй, хөрөнгийн зах зээлээс
мөнгө татах эрхгүйгээсээ болоод арилжааны зээлүүдэд багалзуурдуулчихаад л сууж
байна. Төрийн компаниудын 30 хүртлэх хувийг хөрөнгийн зах зээл дээр гаргаж
арилжин хөрөнгийн биржээ далимд нь тордоод ав. Хувьцаа худалдан авч байгаа эх
үүсвэрийг мөрдөн мөшгөхгүй гэчихвэл олон нууц хөрөнгө ил гарах боломж бүрдэнэ.
Үүнийг ашиглаж эдийн засагтаа витамин шахуул.
Долоо: Эдийн засагт
өрсөлдөөнийг хүчээр албад. Ингэвэл үнэ бууж, ханш эрүүлжинэ. Миний “Үнийг номхруулах өрсөлдүүлэх чадвар” нийтлэлд энэ тухай тодорхой байх тул энд давхар нуршилгүй
орхиё. Харин өрсөлдөөнийг эрчимжүүлэх хуулийн төсөл бичсэнээ энд хавсаргав. Харцгаана бизээ.
За ингээд завсарлая. Популизмаас халамжийг хасахгүйгээр салах үүнээс өөр
сайн арга олдвол бүүр ч сайн л биз. Юутай ч халамжийг үлдээж, тэгсэн мөртлөө
мөнгө тараахгүй байх үүнээс өөр арга миний хувьд харагдахгүй л байна.
Чойжилийн Чимэдийн “Магеллан хаагуур гарсан бэ” гэдэг бэсрэг өгүүллэгийг
уншаагүй хүүхэд бидний үеийнхэнд байхгүй байх. Олон жил өнгөрч. Гэвч түүний хэлсэн
мэссэж үнэ цэнээ одоо ч алдаагүй байна. Магеллан дунд голоор [гүүр даван] гүйдэггүй, харин Аргентинийг [популизмыг] тойрч Чилийн [мэдлэг] дундуур гарч их далайд хүрсэнийг өнөөдөр бүх хүн мэдэх болжээ.
Үргэлжлэл бий