Жож Сэрээнэн анх удаа нийслэлд ирээд чийдэн
гээч өөрөө гэрэлтдэг гайхамшигтай зүйлийг харж бишрэн тэрнээс хэдийг худалдан аваад хөдөө гэртээ очин цагаан дээсээр оосорлон тоонондоо зүүсэн боловч нөгөө чийдэн нь ассангүй... (Л.Ванганаас)
2015 оны эдийн засгийн чуулган өндөрлөв.
Бүгд л төр ийм байх ёстой, тийм байх ёстой хэмээн гарцаагүй үнэнийг нь улалзтал
нь хэлж, гөлөлзтөл нь анхааруулж, сүрдтэл нь тунхагласаар өндөрлөлөө. Монголчууд
ардчилсан хувьсгалын гол ололт болсон үг хэлэх эрхээ эдлэн ярьсаар,
анхааруулсаар, тунхагласаар өдгөө 25 жил болжээ. Харин нь ардчилсан төрийнхнөөс
хэн нь ч олигтой бичиж сурсангүй. Өөрөө хэлбэл хэлсэн ярьсанаа журамлан гаргаж цаасан
дээр буулгаж сурсангүй шинэ зууны 15-р онтой золгов.
88 оны 8 сард 86 оны татлагын цэргүүд
халагдаж билээ. Надтай цуг 2 жилийн өмнө Дэлгэрмөрний Хилэнтийн гүүрний дэргэд
каринтилагдаж байсан ангийн маань 20 гаруй андууд халагдаж ирцгээлээ. Манай анги
бол 29 хөвгүүн, 9 охинтой Мөрөнгийн 3-р 8 жилийг нурааж байсан, Брежневийн
гашуудлын цуглаан дээр инээлдсэн хэргээр хатуу шийтгүүлж, сарын дараа хүчээр
тараагдаж байсан нөгөө алдартай 7б анги билээ. Би конкурсанд тооны олимпиадын потенциалаараа
ялж нисэхийн сургууль авсан тул цэрэгт ачигдалгүй Эрхүүгийн бэлтгэл рүү явсан байсан
бөгөөд 88 оны зун Киевийн нисэхийн дээдийн 1-р курсын амралтаараа ирээд тарваганы
арьс нухан сууж байлаа. Халагдсан андуудтайгаа би 2 өдөр 2 шөнө Мөрөнгөөр гуля
дарж, голын эрэг дүүжин гүүрний цүнхээлд тарвалзаж, орцны үүд, хашааны түлээн
дээр онол практик, онигоо бараашиг болцгоов. Манай Ландага гэнэт хэлж байна.
Социализм таалагдахгүй байна гэнээ. Бүгд маасайн инээлдэцгээлээ. Дураараа өссөн
бид хэдийн бүгдийн санаанд бүрэн нийцсэн буу халах сэдэв гарч иржээ. Чам шиг
гадаад явахын тулд би яагаад заавал сургуульд сурах ёстой юм? Гадаад пасспорт авчихвал би чам шиг арьс
гаргаж зарвал янзын даа. Хил дээр Сэлэнгийн онжавууд байгаа. Арьс гаргахад
асуудалгүй. Ер нь хотод шилжиж
амьдармаар юм билээ. Хот ч гоё газар байна лээ шүү. Нам засаг биднийг хэтэрхий
чанга гараар барьж байгаан биш үү. Дураараа ч нүүж шилжиж болохгүй. Өөр олон нам
байж болдоггүй юм уу. Нэг нь хориглоод байвал нөгөө нь зөвшөөрнө л биз. Энэ
харагдаж байгаа дарга нарын лагерийнхантай адилхан л жаргамаар байна шдээ. Гэх
мэтээр амьдралдаа анх удаа улс төр ярьцгаалаа. Бид 20 хүрсэн том эрс болсноо
тэр ярианаас ухаарав. Ард түмэн чухам яасан эсэх
нь ёстой бүү мэд, юутай ч 7б-ийнхэн орост үлээсэн пересройкийн салхийг хүлээн
авахад бэлэн болсон байлаа.
Энэ ярианаас 2 жил шахуугийн дараа
баахан хотын залуус төв талбай дээрээ өлсөж билээ. Манай Мөрөнд ч бас дараахан
нь өлссөн дөг. За даа ер нь цатгалан хүн
ховор байсан цаг шүү дээ. Бидэнд бол тэртэй тэргүй өлөн байжээж өлсөж байгаагаа
зарлан зарлан өлсөж байгаа нь л сонин мэнэжмент санагдаж байлаа. Орос Монголын онгоцоор
үнэгүй шахам зорчдог нисэхийн оюутны давуу эрхээ эдлэн тэр 4 сард би ирээд
байлаа. Зун нь ирэхгүйгээр төлөвлөөд байсан надад хаврын курсын ажлуудын завсар
зайгаар ирж тарваганы арьс олж авах шаардлага байсан юм. Хөөрхий аавдаа хэдэн боодол
тамхины цаас, ганц нэг хром авчирч өгөөд өр зээл тавиулан байж хэдэн арьс олж
аваад 3 хоноод буцаж байсан санагдаж байна. Даваадоржийн талбай дээр өлсгөлөн
болж байна гэнэ гэж аав хэлэв. Ногоон Заяатыг эсэргүүцэн өлсөж байна гэнээ гэв.
Би ч надад арьс цуглуулж өгч байсан найзуудтайгаа харайгаад очив. Өлсөгчид гэж
танихгүй олон хүн байсан ч нэгийг нь би шууд танилаа. 84 оны зуны амралтаараа
геологийн 1р ангид Ужгийн голд маршрутын түр ажилчнаар явж байхад инженер
байсан Олзвой ах (Олзбаатар) өлсөөд хэвтэж байв.Туранхай дээрээ
улам турж яахнав дээ л гэсэн хошин бодол тэрүүхэн зуур орж ирж байлаа. Тэнд бидний
үеийн олон залуус зүгээр л над шиг хараад зогсож байсан юм. Хожим сонсохнээ
Даваадоржийн талбай дээр хийх юмгүй эргэлдэн бужигнаж, маазран гүйлдэж байсан
манай үеийн олон хүүхэд ардчилалын анхдагчид болцгоосон байна. Намайг буцсаны
дараа тэнд хотоос ирсэн хүмүүс МоАХ-н
үнэмлэх тараасан гэдэг юм билээ. Тэдний дундаас хамгийн түрүүнд манай 13-р
байрны О.Энхсайхан ардчилалын анхдагч хэмээгдэж төр барилцсан даа.
Рейган “наад ханаа нураа” гэсэн алдарт
үгээ Горбачевт хандан хэлж, Румыны босогчид улсынхаа эзнийг эмгэнтэй нь хананд тулгаад
буудчихсан байсан үе шүү дээ. Энэ аймшигт мэдээ МАХН-ын өвгөрсөн хаадын өвдгийг
нь чичрүүлчихсэн, коммунизмын өмхөрсөн царс мод өөрөө ард түмний өмнө сөхрөн унаж
байсан цаг. Хожим нь Монголын коммунизмын царсыг цавчихгүйгээр мөрлөн түлхсэн
Зориг нарын залуусыг ардчилалын лидерүүд, ийн түлхэж байхад нь хажууд нь над
шиг л сэлгүүцэн зогсож байгаад унах нүргээнд нь цочсондоо хашгирч, хашгирсандаа
бантан уухайлсан бусад нь ардчилалын партизанууд гэж нэрлэгдэцгээх болсон
билээ. Гэхдээ бодит байдал дээрээ тэдний ихэнх нь тэмцээд байсан юм байгаагүй,
над шиг л үзэгч байсан гэвэл үнэнд илүү ойртоно.
90 оны Монголын ардчилсан хувьсгал
гэрчийн нүдээр харахад нэг иймэрхүү л юм болоод өнгөрч билээ. Энэ хувьсгалаас 2
жил хагасын дараа намайг сургуулиа төгсөн ирэх үед байдал өөр болсон байлаа.
Дордсон ч юм шиг, дээрдсэн ч юм шиг нэг тиймэрхүү. Нийгэм илүү хаотик байдалд
шилжсэн байж билээ.
Мэдээж хэрэг дээрдсэн юм асар олон. Юуны
түрүүнд олон газрын хууль хуулан байж үхрийн бөөр шиг ч болсон Үндсэн хуулиа
батлаад авч. Үндсэн хуулийг дагаад хуучны хориг дэг, хорио цээр сад тавигдан
чөлөөлөгдсөн байлаа. Хүн бүрийн өмнө тэв тэгш боломж жинхнээсээ байсан тэр
зурвасхан он жилүүдийг бид наймааны алтан үе хэмээдэг. Тиймээ тэр үед бүх л юм наймаа
байсан юм. Ядуус тарваганы арьсаараа эхнийхээ хуримтлалыг үүсгэж байсан бол хожмын
олон 100 эрхэм шууд банкнаас том зээл авч хөлтэй эргүүлэн хэд нугалаад том босч
ирж байсан нь саяхан. Харин банкны салбарынханд авилга өгөхөөс эрс татгалзсан дэвшилтэт
сэхээтнүүд л наймаанаас хол хөндий үлдсэн түүхтэй.
Наймаа хумигдахын сүүлчээр ардчилагчид
төрд гарч ирцгээв. Тэд өөр өөрийн ойлголт төсөөлөлөөр улс орныг удирдах болов.
Том зургаар харж чадаж байсан нэг нь том реформуудыг эхлүүлэв. Жижиг нүхээр
хардаг нь засаг булаалдахаас хэтэрсэнгүй. Ихэнхдээ л жирийн шийдэл байх газарт
том тэнэглэл үйлдвэрлэсээр 2015 онтой золгожээ. Тэдний хамгийн том тэнэглэл бол
нураасан социализмаасаа үндэс хожуулыг нь авч үлдээд улсан ургуулж эхэлсэн явдал
юм. Тэр бол комманд-контроль систем байлаа. Тушааж ажилд оруулан, тушааж
ажлаас хөөдөг системтэй анхны парламентын улс болцгоов. Комманд-контролийн системийн
онцлог нь сайн дарга гарвал амьдрал сайн явдаг, муу дарга гарвал бүх юм шууд
нурдаг тогтолцоо билээ. Социализмын үед системийн энэхүү дутагдлыг системийн
дизайнер, архитектурууд нь мэдэхийн цаагуур мэддэг байсан тул сайн дарга
тодруулах маш нарийн тогтолцоотой бүхэл бүтэн шат дараалсан институцыг
ажиллуулж байсан юм. Энэ институцыг бид пионер, эвлэл, нам хэмээдэг байв. Гэвч социализм
яаж ч хичээгээд, ямар ч чанга шалгуураар шилдэг дарга нарыг олж тавиад ч
олигтой гавиагүй бөгөөд алсуураа алгуурхан дампуурсаар системээрээ нуран унасан
билээ.
Нэгэнт комманд-контролийн системээ авч
үлдээд, бүүр төгөлдөржүүлэхээр зүтгэдэг ардчилагчидтай болсон тул ард олон сайн
даргын эрэлд олон жил хатацгаах болов. Нэгэнт урьдны ажил мэргэжил, амжилт
бүтээл, сурлага хүмүүжил, гарал үүслээр шигшин хуц ухна тавидаг нийгэм
халагдсан тул сайн дарга гэж сайхан ярьдаг дарга хэмээх ойлголт нийгэмд газар
авч эхлэв. Үүнийг тосоод хөхөөнүүд ч донгодож эхэллээ. Мэдээж тэд л, тэр
хөхөөнүүд л сонгогдон дарга болцгоов.
Тэд бүгд муу хүмүүс байсангүй. Тэр ч
байтугай ихэнх нь маш мундаг, их сайн хүмүүс байлаа. Гэвч нэг л юмыг тэд
ойлгохгүй яваад байлаа. Тэд зөвхөн хууль гаргаад хэдэн сайн (өөрийн талын) дарга олоод
тавьчихвал улс орныг хөгжүүлчихнэ гэж одоо ч андуурсаар л явна. Яг жож Сэрээнэн шиг.
Ямар ч нийгэм үнэт зүйлээ л тойрон хөгждөг. Харин Монголын ардчилалын хувьд үнэт зүйлээ одоо ч олоогүй, магадгүй тэр нь байхгүй байгаагаас зөв хөгжлийнхөө гараан дээр зөв зарч чадахгүй байсаар ч байгаа байж болох талтай. Олон ч ардчилсан дарга хол газар хүрээ хийдэд шавилан суусан боловч олигтой юм сурж гавилгүй ирээд харанхуй ард түмэнд буцах замдаа тогтоосон хоёр зээр жорон жоронгоо ярьсаар цэцэн мэргэнд тооцогдож яаж ийгээд төрийн толгойд сууцгаав. Ардчилалын удирдагчид ардчилал гээч нэг их гоё нийгмийг 90 онд өөр өөрийнхөө хэмжээнд төсөөлж байснаараа 2012 онд эрх мэдэлд хүрэнгүүтээ өөр өөрийн бүдэг бадаг төсөөлөлийнхөө хэмжээнд байгуулахаар зүтгэцгээлээ. Ардчилал, хөгжлөө их л ядуухан төсөөлж байсан нь алхам бүрд ил болов. Төр тал харваж, улс бүтэн дампуурлаа. Ардчилсан хувьсгал “хийж” байсан үеийнх нь ямар ч үнэт зүйл одоогийн төрд өвлөгдсөнгүй мартагджээ.
Ямар ч нийгэм үнэт зүйлээ л тойрон хөгждөг. Харин Монголын ардчилалын хувьд үнэт зүйлээ одоо ч олоогүй, магадгүй тэр нь байхгүй байгаагаас зөв хөгжлийнхөө гараан дээр зөв зарч чадахгүй байсаар ч байгаа байж болох талтай. Олон ч ардчилсан дарга хол газар хүрээ хийдэд шавилан суусан боловч олигтой юм сурж гавилгүй ирээд харанхуй ард түмэнд буцах замдаа тогтоосон хоёр зээр жорон жоронгоо ярьсаар цэцэн мэргэнд тооцогдож яаж ийгээд төрийн толгойд сууцгаав. Ардчилалын удирдагчид ардчилал гээч нэг их гоё нийгмийг 90 онд өөр өөрийнхөө хэмжээнд төсөөлж байснаараа 2012 онд эрх мэдэлд хүрэнгүүтээ өөр өөрийн бүдэг бадаг төсөөлөлийнхөө хэмжээнд байгуулахаар зүтгэцгээлээ. Ардчилал, хөгжлөө их л ядуухан төсөөлж байсан нь алхам бүрд ил болов. Төр тал харваж, улс бүтэн дампуурлаа. Ардчилсан хувьсгал “хийж” байсан үеийнх нь ямар ч үнэт зүйл одоогийн төрд өвлөгдсөнгүй мартагджээ.
Төр ямар байна. нийгэм тийм л байдаг. Зөвхөн
нарийн дизайнтай, уялдаа холбоо, учир жанцантай зохиогдсон төрийн системтэй
улсад л төрийн алсын хараа байдаг. Засгийн бүтцээ 10 жил хэвээр хадгалах
байтугай 10 хонохгүй сольчихдог манай улсад төрийн алсын хараа ярих ямар ч
боломж байхгүй юм.
1929 оны их хямрал Америкийн төрийг
нойрноос нь сэрээсэн юм. 19-р зууны сүүлч, 20-р зууны эхний прогрессив эриний
үр нөлөөгөөр бий болсон Америкийн бүх л баялаг үнэгүйдэн, хувьцаа нь хогийн
цаас болон хувирч доод манхэттэний гудамжаар салхинд хийссэн билээ. Хувьцааны борлуулалтаас
хөрөнгө оруулалтаа татан өргөжих, үгүйдээ л өрсөлдөөнд тэсэн гарах эсэхээ
шийдэж байсан олон бизнес хэдхэн цагийн дотор хаалгаа барьж Америкийн хотуудаар
ажилгүйдлийн урт очеруудыг үүсгэж орхив. Их хямралаас гарахын тулд АНУ-н засаг
том том паблик прожектууд эхлүүллээ. Хамгийн том нь мэдээж Хувер дам.
Их хямрал, хуурай хуулийн авчирсан эмх
замбараагүй нийгэмийг халахын тулд, мөн эхлүүлсэн мега төслүүдийн болон
сэргэсэн бүх бизнесүүдийн үнэ цэнийг нэмэхийн тулд АНУ-н төр стандартчилалын
зохицуулалтын хатуу арга хэмжээ авлаа. 1935 он гэхэд Federal Register-ийг байгуулав. Энэ албаны
доор төрийн бүтэц, институцын мөрдөн ажиллах дэг жаяг, гаргах шийдвэрүүд,
хэрэглэх стандартуудыг тогтоосон Code of Federal Regulations хэмээх дүрмийн цогц системийг тогтоов. Энэ процесс
20-д жил болж байж өнөөгийн төрхөө олсон байдаг бөгөөд эерэг импакт нь дэндүү
нүсэр юм. 50 багц дүрэмд хуваагдсан журам, стандартууд америкийн амьдралын
салаа мөчир бүрийг нарийвчлан зохицуулах болжээ. Хүний эрхийг булан бүрд нь
шингээсэн стандартуудаар бүтээн босгоод, үйлдвэрлээд эхэлмэгц үндэсний
баялагийн үнэ цэнэ өөрөө өсөөд хөрөнгө оруулагчдыг татаад эхлэв. Дарга нар
шийдвэр гаргагчид биш харин дүрэмд бичигдсэн процедурыг гүйцэлдүүлэгч, уг
гүйцэтгэлийг хянагч сүпервайзерууд болж хувирлаа.Төрийн албан хаагчид өөрөө
шийдвэр гаргадаг дарга биш бичигдсэн журмыг зүгээр л процессин хийдэг ажилтан
буюу нийтэд үйлчилдэг паблик сервант болцгоолоо. АНУ-н төр хүнээс хараат биш,
албан тушаалтны субъектив шийдлүүдээс хараат бус болсноор төр нь улам
хүчирхэгжиж нээлттэй болжээ. Иргэд төрийн үйлчилгээг авахдаа ямар замаар явбал
үйлчилгээгээ авч чадахаа сайн мэддэг болсноор төрийг хянах иргэдийн хяналтанд
том боломж нээв. Журмаар нь яваад төрөөс үйлчилгээ авч чадахгүй байвал төрийн
албан хаагч авилгал авахыг санаархсан, журмын шаардлага гүйцэлдээгүй байхад үйлчилгээ
үзүүлсэн байвал бас авилгал авсан хэрэгт сэрдэгдэх үндэслэл нь болоод ирмэгц
төрийн алба авилгалаас өөрөө л бүрэн ангижрав.
АНУ-н төрийн авилгалаас ангижруулсан бас
нэг хүчин зүйл нь төрийн санхүүжилтийн тогтолцоо нь билээ. Earmarked Funds буюу тусгай зориулалтын
сангууд үүнд чухал үүрэгтэй. Highway
trust fund, Airport and Airways Trust Fund-ууд бол үүний тод жишээ.
Төрийн яам агентлаг нь зохицуулж буй салбараасаа цугларсан тусгай сангаас
санхүүжээд, цалинжаад эхэлмэгц өөрсдийг нь цалинжуулан тэжээж байгаа (industry)салбараа улам хөгжүүлж,
түүнээс улам их мөнгийг тусгай сандаа төвлөрүүлэхийг хичээж эхэлдэг байна. Үр дүнд
нь салбар ч хөгжиж, яам агентлагууд ч өөртөө хэрэгцээтэй санхүүжилтийг төсөв
царайчлахгүй шийдэж чаддаг болцгоов. Ямар ч бизнесмэн төрийн албаныханд
бизнесээ дэмжүүлэхийн тулд авилга өгөх шаардлагагүй болж ирэв. Харин ч эсрэгээр
төр нь өөрөө дэмжихээр гүйлдэх болсон юм. АНУ-н том дарга нар Америкийн хувийн
болон паблик бизнесүүдийг л дэмжээд байдгийн нууц нь уг бизнесээс цугларсан
орлогоос цалинжиж байгаагаа мэдэж байдаг явдал билээ.
Төр нь иргэдийн аюулгүй байдлын хяналт
зохицуулалтыг төрийн мэргэжлийн агентлагийн түвшинд шийддэг бол эдийн засгийн
зохицуулалт нь засаглалын бүх түвшингийн оролцоотойгоор шийдэгддэг. Тухайлбал
алслагдсан дүүргүүдэд эмийн сан, булангийн дэлгүүр гэх мэт заавал байх
үйлчилгээнүүдийг хүргэхдээ тухайн нутаг дэвсгэрт байх бизнесийг өрсөлдөөнөөс
хамгаалж жижиг зах зээлийг нь хашиж өгөх ажлыг орон нутгийн засаг захиргаа
хариуцан хийдэг байна. Харин нь том бизнесийн том мөнгөөр жижиг бизнесийн орон
зайг булаан эзлэхийг хориглох зохицуулалтыг төрийн яам, бодлогын агентлагууд
гүйцэтгэдэг. Үндэсний хэмжээнд гадаад руу өрсөлдөх асуудлыг бүүр ч том түвшинд
дэмжин зохицуулдаг. Үр дүнд нь зах зээлийн хуваарилалт жунглийн өрсөлдөөнт
байдлаасаа ангижирч илүү хүртээмжтэй
болж ирснээр бизнесийн тоо нэмэгдэн төрийн албадыг санхүүжүүлдэг тусгай сангуудын
орлогыг ч өсгөдөг. Төрийн зохицуулалт бол явж явж олон нийтийн аюулгүй байдлыг хохироохгүйгээр яаж хамгийн их татварын орлого хураах бэ гэдэг алгоритм бодох л болж үлддэг.
Монголын сүүлчийн хямрал бол яг үнэндээ нүүрсний
хямдрал, популизмын уршиг гэхээсээ илүү том бизнесийн том мөнгөөр жижиг дунд
бизнесийн зах зээлийг хүчээр эзлэх болсоны л шууд үр дүн буюу эдийн засгийн зохицуулалтын механизм ажиллахгүй байсны л үр
дагавар нь юм. Энэ бол том бизнесийн төлөөлөлүүд төрд олноороо орсонтой л
холбоотой гажуудал билээ.
Нэгэнт бичигдсэн дүрэмгүй нийгэмд эрх
мэдэлтнүүд л дүрэмддэг. Монгол даяараа л ийм байна. Төр зөв болж байж л эдийн
засаг зөв болно. Зөв төр эхлээд цаасан дээр зөв буусан байх ёстой байдаг. Гэтэл
Монголын төр бараг тэр чигээрээ цаасан дээр биш харин хурлуудын танхим, даргын контортоо л байцгааж
байна. Монголын төр бол бусад улсын
хажууд цаасгүй нүүдэлчдийн төр бөлгөө. Цаасгүй төр, цаасгүй нийгэм бол орчин
үед системгүй төр, системгүй нийгэм л гэсэн үг. Системгүй ямар ч юм хүчгүй болдог
нь хууль.
Манай төр цаасгүй, өөрөөр
хэлбэл regulations-гүй, байцаагчид нь checklist-гүй, бизнесүүд заавар manual-гүй яваад байгаагаас Жож Сэрээнэнгийн
лампчик асахгүй байгаад байгаа юм.
Ардчилсан төрийг нэрнээс бусдыг нь социализмээр
нь явуулаад байвал гарцаагүй мухардалд хүрэх нь олон жилийн өмнө бидэнд ил
болсон. Юутай ч агаарын тээвэрт үүнийг бид эрт анзаарч, бололцооныхоо хэрээр
эрт засаж эхэлсэн билээ. 90-д оны дуулиант 5 осол олон зүйлийг шинэчлэхийг бидэнд
тулгасан. Бид 1996-2006 оны хооронд жинхэнэ реформыг хийсэн дээ. Агаарын тээврийн эрх зүйг
бүрэн шинэчилсэн. Хуультай болж, Иргэний нисэхийн багц дүрмийн системийг
баруунаас импортлож, advisory
circulars гаргаж, маягтуудыг журамлаж, авиакомпани бүрийг үйл ажиллагааны заавруудтай болгов. Агаарын тээврийн систем бүхэлдээ цаасжлаа. Үр дүнд нь ослын буухиа
тасарч, Монгол улс 2010 онд ИКАО-д шилдэгт үнэлэгдэв. Гэвч олон юм тэнд дутуу. Монгол улс даяараа
нэвтрэх ёстой административ, санхүүгийн олон журмууд дэлхийн жишгээс хол хэвээр
байгаа тул хүний хүчин зүйлээс хамаарсан завхрал тасрахгүй байна. Энэ нь эргээд
үйл ажиллагаа, аюулгүй байдалд нөлөөлөөд эхэлж ч байх шиг.
Ганц л юм баталгаатай хэлж чадна. Монгол
улс өөрийн үндэсний дүрмийн стандартын коджуулсан тогтолцоотой болохгүй бол хий
эргэсээр л байх болно. Учир нь ийм тогтолцоо л нийгмийг авилгалын
зохицуулалтаас чөлөөлж чаддаг. АТГ байгуулаад ч авилга буурахгүй байгаагийн
цаад шалтгаан бол ердөө л энэ.
Үүнийг засахын тулд бид 90 ондоо
орхигдон гээгдсэн тэр ардчилалын үнэт зүйлс рүүгээ 25 жилийн дараа дахин буцаж
очих хэрэгтэй юм. Тэндээсээ дахиж эхлэн зөв ирээдүйгээ байгуулах шаардлага байна.
“Марти! Бид буруу ирээдүй рүү ороод ирчихэж. Энэ бол бидний
1985 он биш байна. Харин түүнтэй паралел өөр 1985 он. Үүнийг цаг хугацаа
гажуудсан тэр өнгөрсөн цаг руу л буцаж очиж засах хэрэгтэй” Ирээдүй рүү буцсан
нь-II киноноос
This comment has been removed by the author.
ReplyDeleteОрж уншихад мөлжүүртэй юм бичнэ шүү чи бас. Баабарын нэгэнтээ хэлж байснаар "Бидний үеиинхэн үхэж дуусахад Монгол улс цэвэршинэ" гэж. Одооны 20-той хүүхдүүд, ялангуяа гадаадад сурсантай нь яриад үзээрэй. Сэтгэлгээ нь үнэн өөр. Одооний энэ "Ардчилагчид", ахмад үеийнхэн Засгийн эрхэнд байгаа цагт манай улс явахгүйнээ. Сэтгэж, хийж байгаа нь тулга тойрсон, үзэл бодол нь жалга довний үзэл. Юун 10, 20-н жилийн дараа үр дүн нь гарах шинэчлэл, хэдэн юм хусаад алга больё гэсэн хүмүүс. Наана нь нураачихгүй бол уг нь сайн цаг, сайхан залуу үе ч ирж л байна даа
ReplyDelete