Monday, February 11, 2019

Шаантаг

Нэгэн зүйл. Түүхийн хэмжүүрээр яривал тун саяхан даа саяхан, 1911 онд бидний цөөхөн Монголчууд Манжаас тусгаарлан үндэсний тусгаар тогтнолоо жинхэнэ утгаар нь бадрааж байсан түүхтэй билээ. 200 гаруй жилийн турш Манж хэмээх нэгэн нүүдэлчин улсын вассал болж өөрийн мэдэлгүй бусдын аясаар тэсэн тэссээр цагийн эгзэг таармагц тэсэрсэн нь тэр байсан юм. Тэмцэн босож тусгаарлан өндийгөөд эргээд хартал Монголыг 200 жил эрхэндээ байлгасан Манж улс байтугай, манж үндэстэн ч үлдээгүй алга болсон байх нь тэр. Эзэлж авсан улсдаа уусан замхрана гэдэг бол барьсан андаа идүүлчихдэг араатны хувь заяа лугаа адил аймшгийн зүүд билээ. Монголчууд өөрсдийг нь эзэлсэн хүчирхэг Манж улс ор мөргүй алга болсон, манж үндэстэн сураг чимээгүй уусан арилсан үнэнийг олж мэдээд асар ихээр цочин цочирдсон. Захирч байсан нүүдэлчин манжуудаасаа бус,  харин тэднийг уусган үгүй хийсэн шороон түмэн хятад хөршөөсөө цочирдсон хэрэг.    

Нэгэн зүйл. Чингис хаанаас өмнө ба хойно шарын шашин Монголд гурвантаа дэлгэрсэн тухай түүх байдаг. Эхний хоёр нь бол түүх соёлын ойртолт, худалдаа харилцааны хэрэг даган дэлгэрч байсан бол 16-р зуунд дэлгэрсэн гурав дахь дэлгэрэлт нь үндэсний амин хэрэгцээг даган орж ирсэн байдаг юм билээ.  16-р зууны дунд үеээс Түмэдийн Алтан хаан Өвөр Монголд, Автай сайн хаан Ар Монголд шарын шашныг залж хүчээр нэвтрүүлсэн тухай түүх шаштирт бичигдэн үлджээ.  Тэд яагаад ийнхүү яаравчлав. Шарын шашин дэлгэрсэн цаад шалтгаан нь уламжлал соёлын гэхээсээ илүү цаг хугацаа, улс төрийн бодлогын шийдлийн үр дүн байсан байдаг. Энэ үе бол өмнө, дорно зүгт Монголчуудын байгуулсан Юань улс мөхөж Хятадын Минь улс үүсэн сэргэж мөн өрнө, умардад Монголчуудын байгуулсан Алтан Ордны улсын суурин дээр шинэ Орос улс өндийн босож Догшин Иван хаан хүчирхэгжин байсан эрин цаг билээ.  Эсрэгээр энэ үед олон зууныг дамжсан бага хаадуудын тэмцэлд Монгол улс бутран сарниж, хүч чадал нь хумигдан агшиж байсан ч үндэсний онцлогоо сахин хамгаалж байсан цаг байдаг.  

Pax Mongolica –гийн авчирсан олон зуун жилийн худалдаа арилжаа нь зөвхөн бараа таваар ч биш түүний хажуугаар түмэн газрын олон үндэстнийг хооронд нь холилдуулан олуулаа үндэстний соёл, цусанд цөөхүүлээ үндэстнүүд уусан арилах нөхцөл байдал буйг илрүүлэн харуулсан хэдэн зуунууд үргэлжлэн хөвөрсөөр 16-р зуунд тулж ирсэн байсан байдаг. Хубилайн Юань улсын төрийг уусган хятаджуулсан Бумбын шашин, Зүчийн хүү Батын Алтан ордны улсын төрийг аажим түрж өндийн бүрэлдсэн Оросын Христийн шашин, тусгаарлан салсан Цагаадайн төрийг “дагаар оруулсан” лалын шашин аль аль нь юу юугүй худалдааны зам, иргэдийн нүүдэл даган Монгол эх нутагт нь орж ирэх нь бараг тодорхой болчихсон цаг үе байж. Аль алиных нь өмнөөс Монголын уламжлалт бөө шүтлэг хүчин мөхөс байлаа. Одоо ч бараг л тиймээрээ.  

Түмэдийн Алтан хаан, Халхын Автай сайн хаан энэ аюулыг сөрөх мэргэн санааг цаг алдалгүй олж Хятад, Уйгурыг алгасуулан алс тэртээх цастын орноос шарын шашныг залан авчирч Монгол нутагт шаантаг болгон зоож орхих нь тэрээ.  Тиймээ тэд үнэхээр тэгэж чадсан юм. Шарын шашин бол Энэтхэгт үүссэн боловч сарлагийн нуруунаа нүүдэллэн амьдрагч цаст уулын Түвдэд өргөн дэлгэрсэн, нүүдэлчин Монголд дэлгэрүүлэхэд соёл, заншлын зөрөө бараг гарахааргүй, гарсан ч олон зуун жил цусан дунд тэмцэлдэж сэтгэл нь цуцсан үндэстэнд нам гүмийн амар амгаланг тээн ирсэн, сэтгэлд оюунд нь тийм ойрхон шашин байваа.  Шарын шашин дэлгэрсэнээр монголчууд хөрш ард түмнүүдтэйгээ шашин соёлоороо ижилсэж, улмаар уусан сарних аюул хэдэн зуун жилээр хойшлосон учир ийм буюу. Манж эзэлсэн хятаддаа уусан замхарч байхад, манжид эзлэгдсэн монгол үндэсний онцлогоо хадгалан үлдэж чадсаны нууц нь ердөө л энэ байв.
Шашны зөрөө фактор биш гэж маргах нэгэн гарч болох юм. Тийм хүн байвал нэг улс, ижил үндэстэн шахуу атлаа шашны зөрөөнөөс болж хоорондоо бараг холилдохгүй, ураг барилдахгүй оршин байдаг казах монгол үндэснүүдийн хамтын амьдралын аргументыг хариу болгон илгээе.

Бас нэгэн зүйл. Дэлхийн сүүлчийн дайн эхлээд жил 5 сарын нүүрийг үзэж байхад буюу 1941 оны 1-р сард БНМАУ-н Засгийн Газар уйгаржин монгол бичгийг латин бичгээр орлуулан хэрэглэх шийдвэр гаргасан бөгөөд улмаар уг шийдвэрээ кирилл бичгээр солих болгон өөрчилж байсан байна.  Өвөрлөгч ах дүүсээсээ цагийг нь олж бичиг үсгээрээ ялгарч чадсанаар тэднийг харъяалж бсан хятадаас өөр улс гэдгээ зарлан тунхаглаад зогсолгүй улмаар дэлхийн дайны их тэмцэл дундаас тусгаар тогтнолоо дэлхий даяар хүлээн зөвшөөрүүлэх их завшааныг олж чадаж гарсан түүхтэй. Шинэ бичигт шилжсэний дараахь 20 жилд нь бичиг үсэг тайлагдах хурд асар ихээр нэмэгдэж, орос зөвлөлтийн сурах бичгүүдийг ойлгох, хөврүүлэх ажил эрчимжин 60 он гэхэд анхны олон тооны оюутныг ЗХУ-д илгээн бөөнөөр нь сургах боломж бүрдсэн байлаа. Тэр сурч ирсэн хүмүүс л та бидний бидний социализмын үе гэж нэрлэгддэг их дэвшил, бүтээн байгуулалтыг гардан байгуулсан юм.  Кирилл бичигт цагийг нь олж шилжээгүй бол Монгол маань дэлхийн боловсролоос гээгдэхгүй юмаа гэхэд хол хоцорсон хэвээр үлдэх байсан нь гарцаагүй харагддаг. Азийн заншил, Европын соёлыг хамтад нь ашиглаж болох хамгийн дөт зам чухамхүү кирилл бичиг байлаа. Өөрөөр хэлбэл аль алиных нь хэв шинжийг хамтад нь ашиглаж байгаагаараа аль алинаас нь ялгарч давуу байдал үүсгэж чаджээ. Бид нүүдэлчин Халимаг, Буриад, Казахстан, Киргизүүд шигээ орос хэлийг хэлний хэрэглээ рүүгээ ширүүн оруулсангүй, харин зөвхөн үсгийг нь аваад үгийг нь үлдээчихсэн байсан юм. Мөн өвөрлөгч нар шигээ үсгээ, хэлтэйгээ үлдээсэн ч өөрсдөө хятаджих аюулаас улс төрийн бодлогын зөрөлдөөнийг ашиглаад эвтэйхэн мултраад гарчихсан байдаг юм.

Нэгэн зүйл.  Зөвлөлтийн цэрэг 1944 онд өөрийн газар нутгаа чөлөөлж үндсэндээ дууссан юм. Улаан арми Европыг чөлөөлж эхэлтэл коммунистууд харьцангуй тайван, ялалтандаа баяртай байлаа. Орос цэрэг Герман, Австрийн нутагт орж ирсэн даруйдаа амьдралын түвшний ялгаа, хот суурингийн эмх цэгц, соёл хандлагын ялгаагаа мэдэн авч, өөрсдийг нь гутамшигт боолчлолд байлгаж, хөгжлөөс хол хоцроож байсан Зөвлөлт засгийн алдааг анзаарч эхэлсэн нь коммисаруудыг түгшээх болсон байна.  Дэлхийн дайны дараа Гитлерийн эсрэг эвслийнхэн ялагдсан Германыг 4 бүсэд хуваан хувааж захирсан юм. Сүүлдээ Америк, Англи, Францууд өөрсдийн бүсээ нийлүүлэн нэг болгосон байдаг. Германы нийслэл Берлин хотыг ч бас 4 хуваасан байснаа баруун зүүн 2 хэсэг болгон захирах болсон. Барууны эмх цэгц, хөгжил дэвшлийн ялгаанаас иргэдээ, захирч буй газар нутгийнхныг тусгаарлахын тулд шахуу өдөөсөн блокад эцсийн дүндээ Умард Атлантын Эвсэлийн Байгууллагыг (NATO) байгуулахад хүргэсэн бөгөөд үүний хариу болгож ЗХУ-р толгойлуулсан Варшавын гэрээ гэгч цэргийн эвсэл байгуулагдсан түүхтэй. Варшавын гэрээний орны цэргүүд 1968 онд Прагад тал талаас дайран орж ардчилсан хувьсгалыг даран цус урсгаж, цусаа урсгасан юм. Тэнд ардчилалын эсрэг коммунист блокын дайнд амь үрэгдсэн цэргүүд дунд монгол угсаатан залуус ч байсан.  Тэр үеийн бараг бүх социалист орнууд тус эвсэлд орсон боловч Монгол бас л холын азийн улс гэдгээрээ гул барин сугарч үлдэж орхисон байдаг. БНМАУ хүчирхийлэлийн эвсэлд нэгдээгүй сугарч үлдсэний үр нөлөөгөөр Монголд өрнөсөн ардчилсан хувьсгалаар огтоны хамраас ч цус гараагүй билээ.

Нэгэн зүйл. Дэлхийн монголчууд олуулаа. Баруун зүгт Крымын татаар, Ижил мөрний халимаг үндэстнүүдээс эхлээс, умарт Тува, Буриад, урд зүгт Дээд монголчууд , зүүн өмнө зүгт Өвөрмонголчууд хүртэл өргөн уудам нутагт тархан суурьшсан байдаг. Дэлхийн дайны бужигнаан дундаас хамгийн хожоотой гарч чадсан нь зөвхөн халхуудаа тойрсон ар хэмээх Монгол нь бүлгээ. Халхын заяа их гэж зүгээр ч нэг хэлдэггүй юм билээ.  Халимаг, Татаарууд бооцоогоо түр зуурт хүчирхэг байсан Гитлер “хүүд” тавьсанаас хожмоо асар хүнд хувь заяаг амсацгаасан. Гэхдээ тэд цагаан арьстан өөр үндэсний дунд оршин байсан тул уусан үгүй болох аюулаас одоо ч хол хэвээрээ байна. Өвөрлөгч нар маань Япончуудын сэргээн байгуулсан Манж-го улсын талд бооцоогоо тавьсан. Япончууд ялагдаад арал руугаа буцсан, харин тэд маань харийн харъяанд үлдэж хоцорсон. Дээд Монголчууд буюу Хөх нуурын монголчуудын хувьд дэлхийн байдлын талаар дуулаагүй, сонсоогүй хөмөрсөн тогооны дор мэт байсаар нэг л мэдэхэд харийн харъяат болон үлдэцгээсэн.  Бидний цөөхөн Монголчууд л ЗХУ руу Германы арми дайрсан эхний өдрөөс улаан армид туслан, бараг л нүцгэн биенээсээ арьсаа хуулж, холын хөрөнгөтөн Америкаас ч дутахгүй их тусламжийг фронтод илгээсээр ялагчийн дайны олзноос хуваалцах эрхээ олж авсан билээ. Энэ дайнаас бидний олсон хамгийн том олз бол тусгаар тогтнол маань байлаа. Их гүрнүүдийн дэлхийн газрын зургийг дахин зурах тохироонд Монгол маань бүтэн үлдэхээр болсон нь хамгийн том олз маань байсан юм. Бидний ялгарал, бидний тууштай байдал ингэж тусгаар тогтнолыг маань олж ирсэн түүхтэй.

Нэгэн зүйл. 1984 онд ЗХУ-г толгойлж байсан КГБ-н генерал Ю.Андропов гэгч өвгөн талийсанаар Зөвлөлтийн удирдагчдын амралт зугаалгын бүс Краснодарын хязгаарыг даргалж, кремлийн хор найруулгын бүлэглэлүүдэд шорлог, конъякыг нь дөхүүлж өгдөг байсан Горбачев гэдэг хүн ордны хуйвалдаанаар социалист системийн толгойд гараад ирсэн юм.  Горбачев социализмыг халах биш харин сайжруулахыг хүссэн. Өмнөх өвгөчүүд шигээ застой буюу зогсонги хэвээр нь байлгахыг хүссэнгүй. Социализмынхаа дутагдлыг олж илрүүлэн түүнийгээ засаж урагшлах тухай л ярьж байлаа. Үүнийгээ гласность буюу ил тод байдал хэмээн тунхагласан. Гэвч систем нь дотоод гадаад олон хүчин зүйлээс болж нуран унасан юм. Үндэсний баялагийн 40 хувийг шавхсан Чернобылийн гамшигийн давах ажиллагаа болон, Афганд үргэлжилж байсан 10 жилийн дайн, Рейганы захиргааны албаар өдөөн явуулсан оддын дайны уралдаан болон Зөвлөлтийн гол орлогын эх үүсвэр болох нефтийн үнэ унасан байдал нь социализмыг цааш явуулах эдийн засгийн нөөцгүй болгосон юм. Архитай ширүүн тэмцсэнээр мафиуд мэндэлж, иргэд амьдралын бодит байдлаа согтуу биш нүдээр харж эхэлсэн зэрэг нь коммунист системийг тавхан жилийн дотор нурааж орхисон байдаг. ЗХУ-г дагаад тэр систем бүхэлдээ нурсан. Өмхөрсөн царс мод унаж байхад нь хажууд нь зогсож байгаад цочсондоо түрүүлж хашгирсан зарим хүнээ бид ардчилалын партизанууд гэж хэлж заншжээ. Бид тэднийгээ шинэчлэгчид гэж итгэн дээрээ залсан боловч ихэнхдээ л муухай хууртаж мулт ходруулаад салсан.

90-д оны соц бужигнаан дундаас Монгол ахиад л хожоотой сугарч гарч чадсан юм.  Румынд цаазалж, Москвад цэрэг орж, Тбилисид их буугаар үзэлцэж, Бээжин танкаар няц дайрч байхад Монголд огтоны хамраас ч цус гаралгүй өөрчлөлт ирсэн юм.
Энэ он жилүүдийн үйл явдлууд дуусахад Монголчууд ардчилалыг сонгож, сонгох сонгохдоо хамгийн зөв парламентын засаглалыг сонгож орхисон байдаг. Тоталитар дэглэмтэй хөршүүдээсээ тэс өөр, олонхийн ярилцлага, зөвшилцлийн дүнд улсаа удирддаг маш түвэгтэй ч алдаа бараг гаргадаггүй, алдаа гарсан ч дор нь залруулчихдаг замыг сонгон алгуурхан боловч, найдвартай урагшилсаар өнөөдөр эрх чөлөөний үзүүлэлтээр Америктай зуузай холбон азийн хөршүүдээ хол хаяж орхисон байдалтай байна. 

Бас нэгэн зүйл. Манай эргэн тойронд байгаа Ерөнхийлөгчийн засаглалтай буюу нэг хүний удирдлагатай улсууд түр зуурын мобилити буюу шаламгай байдлаараа амжиж бүтээж босгож эхэлсэн ч системийн шударга бус,  ардчилалын хомсдолоосоо үүдэн эхнээсээ эрчимтэй уруудаж эхлээд байна. Олон жил дангаар удирдсан албан бус хаад нь талийхад л байгуулсан авторитар систем нь 90-д оноос ч зэрлэг байдлаар нуран унахад бэв бэлэн дэнжигнэж байна. Барууны чөлөөт ертөнцийнхөн хэзээ ч хүчирхийлэлийн дэглэмтэй улс орнуудыг сүрхий өндийлгөхгүй байх аргаа олдог. Тэр ширүүн бөгөөд тооцоотой тоглодог. Нефтийн үнийг унагааж Оросыг сульдааж аваад одоо худалдааны дайн, оюуны өмчийн хоригоор Хятадын өсөлтийг сааруулаад буулгаад авч байна. Хамгийн гол нь эдгээр улсуудыг цэргийн зардалдаа илүүчлэх мөнгөгүй болтол нь чангалах байх.  Шууд контактын биш proxy дайнуудаар цэрэг зэвсгийнх нь хүч чадлыг шалгаж шалгаж сөхрүүлэх аргаа Зөвлөлтийг юу яасан шиг олж л орхино.  Томчуудаар ингэж тоглож чадаж байхад жижигчүүлийг бол алиаг нь алдуулж байх нь аргагүй. Венесүэл гэгч улс Латин Америкт буюу Америкийн хамар дор коммунизмыг импортлодог лаг улс болох гэж байж өнөөдөр хамаг хүнсээ бараад нийтээрээ өлсөн баларч сууна.
Сүүлийн үед манай даргууд Шанхайн хамтын ажиллагааны байгуулага буюу манай эргэн тойронд байгаа ерөнхийлөгчийн засаглалтай улсуудын байгуулсан хилийн будлианаа хэрүүлгүйгээр зохицуулах зорилготой үүсгэсэн байгууллагад элсэх тухай барин тавин их ярих болж. Элсчихвэл 30тэрбум юань буюу 4-5 тэрбум доллар орчим мөнгө зээлнэ ч гэх шиг. Мэдээж тэр мөнгө ирлээ ч монголчуудад очихгүй. Түүнийг дээгүүрээ хуваагаад идчих бөгөөд үүнийгээ ард түмнээс нуухын тулд хууль ёсыг завхруулж, ардчилалаа нугаслаж, авилгалаа гааруулахаас өөр зам үлдэхгүй. Шулуухан хэлэхэд хэрэв түүнд элсчихвэл түүгээр яваа гайг үүгээр дуудсан л хэрэг болох байх. Нөгөө байртай машинтай хүнтэй суучлаа гэсэн чинь мөрөөрөө явж байгаад өрөнд орчихлоо гэдэг шиг л юм болно. Ноёдынхоо хятадын пүүсэнд тавьж найрласан өрийг хошууны ардууд төлдөг манжийн үе шууд сэргэнэ гэсэн үг. Эхнээсээ тавих өрийн хэмжээ ч тодроод ирлээ. ШХАБ бол дэлхийн ардчилсан улс орнууд дэмждэг, сайшаадаг байгуулага биш. Бид аливаа эвсэлээс сугараад үлдчихдэг, үлдсэнээрээ хожчихдог азаа хэдэн цааснаас болж тавьж туух хэрэггүй гэж бодож байна. Тэгээд ч улс орныг маань эрдэм ухааны туйлууд удирдаагүй энэ цаг үед илүү буруу хөдөлгөөн хийлгүй өнгөрөөх нь л маш мэргэн зөв санаа юм.  Монголчууд хэзээ нэгэн цагт эрдэм чадал төгс хөвгүүд охидоороо удирдуулах цаг ирнэ. Тэр болтол энэ улсыг энэ хэвээр нь хадгалах нь чухам эрхэм чухал. Шанхайд элсвэл аюулгүй байдлын баталгаа үүсэх гэдэг нь юу л бол. Элсэхгүй бол эзлэнэ гээд байгаа хэрэг үү. Муу ёрлож ярьсанаар нь болоод Монголыг дайран эзэлчихээд тэд юугаа ярьж дэлхийтэй худалдаа хийж хүчирхэг хэвээрээ үлдэх болж байна. Их гүрнүүд худалдаатай үедээ цэцгэлж худалдаагүй болмогцоо мөхдөг. Тэд Монголоос болж мөхөхийг сонгоно гэж үү? Бас нөгөөтэйгүүр аюулгүйн баталгаа өгчихөөд муриад эзэлчихвэл хэн биднийг өмөөрөх юм?!
Миний бодлоор харин ч Монгол улс ШХАБ-н гадна хэвээрээ үлдэж чадвал дэлхийн бүх улс биднийг өмөөрнө. Бидний сондгойрол, бидний ардчилалыг дэлхий дэмждэг цаг шүү өнөөдөр бол. ШХАБ-д элсчихвэл Япончууд урьдын адил бидэнд тусласаар л байна гэж та нар бодож байна уу.  Явж явж дайтаж байсан япончууд маань л өнөө цагт Монголын цорын ганц 3 дахь хөрш юм шүү дээ. Азийн дэвжээд сүүлийн зуугаад жилд Оросыг ч, Хятадыг ч зодож чадаж байсан тоглогч өөр бий гэж үү. Цаашид ч хөршүүдийн маань их гүрний амбицыг хазаарлаж чадах бүс нутгийн хүч зөвхөн Япон л байх болно. Тэд хүчээ нэмье гэвэл Үндсэн хуульдаа өөрчлөлт хийхэд л хангалттай.
Тэхлээр ШХАБ газрын зурганд нь шаантаг болсон хэвээрээ л үлдэцгээе. Юүгхэв. 

Нэгэн зүйл. Богд хаант Монгол улсын газрын зураг байдаг. Өнөөгийн газар нутгаас маань бараг 3 дахин том. 20-р зууны их бужигнаан дундаас бидэнд 34 хувь нь л үлдэж тусгаар тогтножээ.  Буриад, Тува, Өвөр болон Дээд Монгол, баруун зүгт Торгуудын үзэсгэлэнт байгальтай том хошууны ихэнх нь хилийн цаана бидний тусгаар тогтнолын төлбөр болон үлдсэн байна. Бид тусгаар тогтнолдоо газар нутгийнхаа 66 хувийг золиосложээ.  Монгол цэрэг 1945 онд цагаан хэрэм дээр гарч цэргүүд маань тэнд бүтэн жил байрлан байсан боловч их гүрнүүдийн тохироог яаж ч чадалгүй буцсан юм. Өвөрмонголоо нэгтгэхээр Жанчхүүгийн давааны хавьд бүтэн жил тушаал хүлээн суусан цэргүүдийн сумангийн захирагч нь миний том авга Лувсангийн Жадамбаа байсан.

2009 онд Монгол улсын Засгийн газар Оюу Толгойн ордыг 34/66-р хуваан эзэмших гэрээнд зурсан үйл явдал болсон билээ. Олон хүн үүний төлөө С.Баяр нарыг хараан зүхдэг. ЗХУ-н эдийн засгийн хараанаас гараад Хятадын эдийн засгийн хараанд шилжиж байсан буурай Монголын хувьд энэ бол жинхэнэ аврал байлаа. Тиймээ тэр гэрээ сайн болоогүй, эдийн засгийн өгөөж ч багатай, ашиг ч ихгүй. Гэхдээ л өнөөдөр орон даяар цалин тавьж, сургууль цэцэрлэгийг халааж, их барилгыг санхүүжүүлж, цэрэг эрсийг хоолон хувцаслаж байна. Оюу Толгойн гэрээний хамгийн гол үр дүн нь барууны хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хилийнхээ дотор оруулж ирсэн явдал юм. Өмчийн эрх бол хүний эрхийн суурь нь байдаг. Хүнийг эрхгүй боол болгохын тулд өмчөөс нь салгадагийг бид коммун байгуулахаар мунгинаж байх үедээ сайн мэдэж авцгаасан. Хүний эрхийг хамгаалахын тулд өмчийн эрхийг нь хамгаалах л болдог. Энэ утгаараа барууны мянга мянган хөрөнгө оруулагчдын эрх ашиг Монголд ороод ирсэн учраас бид хамгаалалтанд нь давхар ороод явчихсан.  Хадны завсарт байсан халиуны зулзагыг хамгаалсан шаантаг бол Оюу Толгой мөнөөсөө мөн.  
Энэ шийдэл хөршид маань огт таалаагүй. Дарамт үзүүлж эхэлсэн. Харин Баяр парламент руугаа заачихаад бултаад буугаад явчихсан. Парламентын засаг, Оюу Толгой 2 ингэж Монголыг хамгаалсан юм даа.   

Нэгэн чухал зүйл. Монгол улс хөгжье, тусгаар үлдье гэж бодож л байвал аль болох ялгарал руу тэмүүлэх ёстой юм байна. Бид олон зүйлээрээ ялгаатай байж чадсанаар өдий хүртэл тэссэн байдаг. Зарим түүхчийн яриагаар бол аль эрт түүхийн сурах бичигт л үлдвэл үлдэхээр байсан жижиг үндэстэн өнөө хүртэл тэссэн, тэсэхээр барахгүй боссон нь бидний ялгарал, том хоёр хадны дундах шаантаг шиг зөрүү бодлоготой байсны л хүч юм. Өнөөдөр Монголын төрийн байгуулал хөршүүдээсээ өөр байна. Энэ бол бидний ялгарал. Цаашид Монгол улс тэсэн үлдэх баталгаа. Гэхдээ шүүх нь шударга болоогүй улс хэзээ ч хөгжддөггүй. Шүүхээ шударга болгоход ч бидэнд ялгарал л туслана.
Манай шүүх систем хөршүүдтэйгээ адил сурталжсан тогтолцоотой хэвээрээ байна. Хөршүүдтэйгээ адил сурталжсан шүүхийн системтэй байсан учраас 37 оны их хэлмэгдүүлэлт боломжтой байсан ба тэр аюул их бага боловч өнөөдөр байсаар л байна. Бид нэгмөсөн ялгарч байж л зөв шүүхтэй болж байж л хөгжиж чадна. Эрх зүйн тогтоцоондоо шүүхийн преседент буюу шүүхийг өөрийнх нь өмнөх шийдвэрээс хараат болгодог тогтолцоог авахгүйгээр бид шударга ёсны зүгт урагшлахгүй. Civil Law буюу иргэний (цэргийн биш) төрийн хуулиар явдаг европ азийн олон улс Common Law буюу ардын хуулиар явдаг тогтолцоонд хэрэглэгддэг шүүхийн преседентийг өргөнөөр ашиглах болжээ. Ингэснээр шүүхийн системд авилгалын орон зай үгүй болж, шүүх шударга болсноор бизнесийн орчин шударга болж эдийн засаг нь цэцэглэн хөгжих болсон байна. Шүүхийн преседент бол тэгш эрхийг үүсгэдэг, хуулийг бүх хүнд ижил үйлчлүүлэх гол хүчин зүйл юм. Түүний яг ижил хэргийг ингэж байхад яагаад минийхийг өөрөөр шийтгэх гэж байгаа юм гэсэн барьцалт л хуулийн өмнө бүх хүнийг тэгш гараад авчирч байдаг.  Үндсэн хуульд шүүх зөвхөн хуулийг дагана гэж байгаа билээ. Хууль бол олон янз. Бид хуулийн тухай ойлголтоо зөв болгоход л шүүхээ шударга болгох боломжтой. Зөвхөн парламент баталсан хуулиудыг хууль гэж явцуурч болохгүй юм. Хэн нэгэн сайдын баталсан Жолооны дүрэм ч бас л хууль. Түүнийг бүгд дагах ёстой. Бид үүн дээр шүүхийн шийдвэрийг хуулийн хүчинтэй гэж шийдчихэд л өнөөгийн Үндсэн хуулиас юуг ч өөрчлөхгүйгээр шударга ёс руу маш том алхаж орхино. 

Бид хөршүүдээсээ маргаан будилаангүй хилээрээ, хэлээрээ, шашнаараа, төрийн тогтолцоогоороо ялгарч чадсан. Одоо шударга шүүхээрээ бүс нутгаасаа ялгарчих хэрэгтэй байна. Сингапур, Хонг Конг, Дубай дуртайдаа хөгжөөгүй. Яг хажуугийнхаа улсуудаас өөр шүүхтэй учраас л хөгжсөн.  Бизнес бол ашгийн төлөөх тэмцэл, харин тэмцэл бол явж явж шүүхийн маргаан л байдаг. Иймээс маргааныг шударгаар шүүдэг газарт л хөрөнгө цуглардаг юм билээ. Зарчим нь ийм энгийн. Мөнгө шударга ёсыг л дагадаг гэж. Иймд тусгаар байя гэвэл хөгж, хөгжье гэвэл шударга бай, шударга байя гэвэл шүүхээ шинэчил гэдэг ганц гарц л надад харагдаж байна. ШХАБ-д элсээд зээлээр хөгжих мөрөөдөл бол маш өнгөц гэнэнээр сэтгэдэг хүмүүсийн л цээжний хонжоо шүү. Бүс нутагтаа хоёр хадны завсар хавчуулсан шаантаг шиг тэс өөр байж чадах эсэхээс л халиуны зулзага шиг хавчигдаад байхгүй чөлөөтэй хөгжих эсэх чинь хамаарна даа.   

Явж явж шаантаг бол зөвхөн хадны завсарын юуг аврахад ч хэрэгтэй эд биш өөр олон зүйлийн балансыг бариулж байдаг маш чухал эд байдаг юм л даа. Үнэнээр яваад үхэр тэргээр туулай гүйцнэ гэж ярьдаг даа тээ. Тэр үхэр тэрэг бол явж явж хэдэн шаантаг дээр л тогтож байдаг бүтэц юм шд. Ганц хадаас боолтгүй хэрнээ гайхамшигтай бат бөх чанартай. Үхэр тэргийг маань урладаг сүх, ооль бүгд л шаантаггүй бол хэрэглээгүй хог. Эцэст нь хэлэхэд шаантаггүй сүх бол сүх биш юм шүү.   



Монголчууд эвтэй байхдаа хүчтэй vs. Ерөнхийлөгчийн хүмүүс

1911 оны 12-р сарын 29-ний өдөр Монголчууд ердөө гурав хоногийн дараа Бээжинд онхолдох өдрөө хүлээж байсан Манжаас тусгаарлан өөрийн төр улс...