Saturday, March 9, 2019

Эрдэнэт51/49-г эрүүл хуулийн шалгуураар шинжихүй дор

Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрт Засгийн Газраас онц дэглэм тогтоожээ. Энэ их бардакийн хажуугаар дэг журмыг сэргээхгүй яагаад ч ингэж удаан хүлээсэн юм бүү мэд. Юутай ч энэ засгийн газар Эрдэнэтэд хууль ном, ёс журмыг сэргээхээр зориглосон нь илт байна. Эрдэнэтийн тухай, түүнийг тал талаас нь зулгааж байгаа цөөвөр улс төрчид, бизнесийнхэн, хуулийнхан орооцолдсон бүлэглэлийн тухай бүгд амаа цууртал ярьж байгаа тул би тэр хов живнээс нь энэ удаад дутчихъя. Харин Эрдэнэт хэзээ хэрхэн хэн илрүүлж, хэн булааж үүссэн, Пиночет хэрхэн тэнд юу яасан, дараа нь Зи Шо-г одхүүдсэн бла бла гэх мэт уянгын түүх ярихгүйгээр яг өнөөдөр юу болоод байгааг эрүүл хуулийн нүдээр харахыг оролдсоноо л та нартай хуваацъя гэж шийдлээ. 

Ийм хоёр хэрэг явдал Эрдэнэт үйлдвэрт болжээ.
Нэгд: Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг төлөөлөн тус үйлдвэрийг удирдахаар томилогдон ажиллаж байсан эрхэмүүд Жаст гэдэг компанид Өмнөд Африкийн Стандарт банкнаас зээл авахад нь өр үүсвэл өмнөөс нь төлөх баталгаа гаргаж өгсөн байна. Харамсалтай нь Жаст компани тавьсан өрөө төлөх чадваргүй болж Эрдэнэт үйлдвэр Жастын өмнөөс өр төлөх өрөнд унажээ.
Хоёрт: БНМАУ, ЗХУ хоёр улсын хөрөнгө оруулалтын гэрээний дагуу ОХУ-н мэдлээс Монгол улсын засгийн газарт ирэх ёстой байсан Эрдэнэтийн 49 хувь яаж яваад ч юм Монголын Зэс Корпораци гэх Худалдаа Хөгжлийн Банкны special puprose vehicle (SPV) буюу тусгай зорилгоор байгуулсан хуулийн этгээдийн мэдэлд очсон үйл явдал 2016 оны 6-р сард болжээ.

Энэ хоёр хэрэг хоюул Монголын хууль шүүх, төр засгаар яваад өнөөг хүртэл эцэслэн шийдэгдсэнгүй. Ер нь эцэслэн шийдэгдэх эсэх нь ч эргэлзээтэй байдалд орж мухарджээ. Яг үнэндээ 49 хувийнхны асуудлыг ашиг сонирхлын зөрчилтэй улс төр, хууль, шүүхийнхэн голдуу хаацайлан, 51 хувийнхны маапааныг ашиг сонирхлын зөрчилтэй улс төрчид өмөөрсөн ийм л байдалтай байна. Дундаас нь мэдээж Эрдэнэт үйлдвэрийн жинхэнэ эзэн болох ард түмний эрх ашиг хохирч байгаа. Ард түмэн хөрөнгөөр хохирох юу ч биш, хамгийн гол нь шударга ёсны зарчим бүдгэрч байгаа нь л хамгийн том хохирол нь болоод байх шиг байна.

Хэрэв энэ асуудлууд ардчилсан нийгэмтэй, эрүүл хуультай, шударга шүүхтэй өөр улсад болоод өнгөрсөн бол хэрхэн шийдэгдэх байсан тухай энд төсөөлөн шударга ёсыг бяцхан мөрөөдөн үнэн байдлыг өгүүлэх гэсэн юм. Монголын маань хууль нь мухар, хуульчид нь муйхар болохыг хэдэн жилийн өмнө өөрийн биеэр амсаж мэдээд зөв шударга хууль хаа нэгтээ байх ёстой хэмээн сэтгэж, хайж олоод, элсэж сураад, олж мэдсэндээ үндэслэн дараахийг бичиж сууна.  Тавлаж байгаа ч юм биш. Үнэхээр өнөөгийн манай эрх зүйн орчинд, одоогийн шүүх хуулийнхантайгаар энэ хэргүүд хэзээ ч шударгаар шийдэгдэхгүй гэдэгт бүрэн итгэлтэй байгаа.

Энд би хуулийн зарим нэр томъёог орчуулгын алдаанаас сэргийлж англиар бичих ба түүнийгээ аль болох энгийн хүнд ойлгомжтойгоор орчуулан дэлгэрүүлж, тайлбарлан таниулахыг хичээх болно. Орчуулгын зарим алдаа илэрвэл уучлан өршөөж зааж залруулж өгөхийг зарим нэг их мэдэхүүдээсээ хичээгүйлэн хүсье

Нэг. Хэрэг явдал үүссэн дараалалын дагуу эхлээд 51 хувийнхны асуудлыг сөхье.

Энэ хэрэг Английн хуулийн орчинд шийдэгдэхээр байгаа тул Монголын хуульд ийм тийм байдаг гэсэн маргаан гарахгүй. Зөвхөн Английн шүүхийн шийдвэрийн хууль зүйн үр дагавар ямар байх вэ гэдэг л асуудал дараа нь үүсэх юм. Иймд үүнийг эхлээд сонирхоё.
 
Юун түрүүнд бидэнд ямар бодит баримт фактууд (Material Facts) байгааг харцгаая. Товчхондоо бол Жаст гэдэг компани олон сая доллар зээлэх гэрээг гадны Банктай байгуулжээ. Эрдэнэт үйлдвэр уг гэрээнд Жаст компани гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болсон тохиолдолд өмнөөс нь зээлийг нь төлөх баталгаа гаргаж өгсөн байна. Ингэхдээ Жаст компаний хөрөнгийг Эрдэнэт үйлдвэр барьцаанд авчээ. Банк зээлээ өгч, зээлдүүлсэн мөнгөө баталгаа гаргагч Эрдэнэтийн дансаар шилжүүлэн Жаст компанид өгүүлжээ. Гэвч Жаст гэрээгээ хугацаандаа биелүүлээгүй бөгөөд Банк гэрээнд заасны дагуу гэрээний биелэлтийг хангахыг Эрдэнэт компаниас шаарджээ. Гарын үсэг хүчингүй тул зээлийн баталгаа хүчингүй байсан хэмээн Эрдэнэийн тал хэлсэн байна. Асуудал шүүх дээр очиж яван явсаар Банкны талд эцэслэн шийдэгдсэн байна. Эрдэнэт үйлдвэрийн баталгааны барьцаанд байсан хөрөнгийг Жастын Батхүү нэр бүхий ах дүүс, хуулийн этгээдүүд рүү шилжүүлэн өөрт үлдэх хөрөнгөгүй болсоноор зээлийн төлбөрийн хохирол Эрдэнэт үйлдвэрийн хохирол болох ёстой болон хувирчээ. 

Бид шүүгч байсан бол ямар асуудлыг шийдэх (Issues) ёстой болох вэ? Хамгийн эхний ээлжинд гэрээ хүчинтэй юу гэдгийг тодруулах шаардлага гарч байна. Үүний тулд гэрээг зурсан этгээдүүд эрх зүйн чадамжтай байсан уу, эрх олгогдсон байсан уу, дарамт шахалтанд зөвшөөрсөн үү гэх мэтээр цааш харна. Эрдэнэт үйлдвэр Банк хоёрын хооронд байгуулсан гэрээ байхгүй байхад Банк нь Эрдэнэт үйлдвэрийг шүүхэд дуудах эрхтэй юу?

Гол дүрмүүд (Rules) нь юу юмб? Ямар зарчмуудыг баримтлан энэ хэргийг шийдэх вэ?
Үүнийг тайлбарлахын тулд Эрдэнэт үйлдвэрийг өрөнд унагаад байгаа гэрээ гэж юу вэ гэдгийг бид цухас болов ойлгож авсан байх учиртай. Гэрээ бол хуулиар үүрэгжүүлэн албадаж болдог тохиролцоо юм. Гэхдээ тохиролцоо бүрийг албадаж болдоггүй. Жишээ нь гэр бүлийн доторхи тохиролцоонуудыг албадаггүй. Нөхөр нь эхнэртээ бөгж авч өгнө гэж амласан байсан ч түүнийг биелүүлэх эсэхийг шүүхээр албадах боломжгүй. Харин коммерийн буюу арилжаа, бизнесийн тохиролцоонуудыг шүүх “заналтайгаар” албаддаг. Гэрээний албадлагын зорилго нь гэрээ биелсэн бол нэхэмжлэгч тал хүртэх байсан үр дүнг хариуцагч талаас гаргуулан олгуулахад оршдог.

Яагаад гэрээг шүүхээс албаддаг вэ гэхээр гол санаа нь ямар нэгэн тохироог биелүүлэх амлалт өгөх нь нөгөө талд хүлээлт үүсгэдэг, ялангуяа бизнесийн орчинд тэр хүлээлтийг хангах тодорхой хэмжээний зардал гарз үүсгэж байдаг юм. Хэрэв та хэн нэгэн хүнээр байраа засуулахаар гэрээлчихээд гэрээгээ ажил эхлэхээс нь өмнө цуцлачихвал хууль зүйн ямар үр дагавар үүсэх вэ гэдгийг бодоод үз. Таны байрыг засахын тулд нөгөө тал материал авч, багажаа бэлдэж, аягүй бол туслах ажилчин ажилд авсан байх болно. Гэрээт ажлаа гэнэт хийх боломжгүй болвол тэр хүн энэ бүхнээрээ “шатаж” түүнд гарз хохирол учирдаг. Үүнээс гадна тэр таньтай л гэрээлсэн тул өөр ашигтай олон саналыг хүлээн аваагүй байх нь мэдээж. Тэгэхлээр тэр хүн энэ хугацаанд олох ашиг орлогоо давхар алдаж байгаа юм. Хэрэв та гэрээгээ цуцалж орхивол шүүхээс энэ бүх гарз хохиролыг төлөх үүрэг танд өгнө. Гэрээний албадлагын гол шалтгаан бол товчхондоо ийм байдаг.   Энд яригдаж буй хэрэг дээр Эрдэнэт үйлдвэрийн өгсөн баталгаа нь цаад Банкнаас зээлийн мөнгө гарах шалтгаан болж байгаа учраас л Эрдэнэт ороогдоод байгаа хэрэг юм.  

Гэрээ байгуулахад хэд хэдэн үндсэн элемент бүрдсэн байх учиртай. Тухайлбал гэрээний талууд нь энэ гэрээг хуулийн хүчинтэй байлгахыг эхнээс нь зорьсон байх, гэрээний үндсэн нөхцөлүүдээ тохирсон байх, гэрээний аль аль талаас зохих хэмжээний consideration буюу оронд нь ямар нэгэн юм өгсөн байх. Ерөнхийдөө үүнээс гадна гэрээг гэрээ байгуулах эрх зүйн чадамжтай этгээдүүд байгуулсан байх ёстой ба гэрээгээ ухамсартайгаар сайн дураараа байгуулсан байх шаардлагатай байдаг. Мөн гэрээнд хууль бус зүйл хийхээр тусгаагүй байх ёстой юм.
Гэрээний зарга зөвхөн гэрээний талуудын хооронд л болох ёстой бөгөөд гэрээнд privy биш буюу хамааралгүй этгээдийн эсрэг зарга үүсгэх боломжгүй.  Гэхдээ хоорондоо гэрээ байгуулаагүй, эсвэл consideration буюу орны юм өгөөгүй байлаа  ч зарим тохиолдолд зарга үүсгэж болдог. Тухайлбал үйлдвэрлэгч бөөний худалдаачинтай гэрээлээд, бөөний худалдаачин жижиглэн худалдаачинтай гэрээлсэн байлаа гэж бодъё. Хэрэв бараа нь чанарын гологдолтой бол жижиглэнгээр худалдаалагч шууд гэрээ байгуулаагүй үйлдвэрлэгчийн эсрэг зарга мэдүүлж болно. Мөн баталгаа гаргагч буюу даатгагч гуравдагч этгээд гэрээнд нэмэгдсэн тохиолдолд даатгагчтай ямар нэгэн consideration буюу орны юм өгч авалцсан харилцаагүй байсан ч даатгагчийн эсрэг зарга мэдүүлж болдог.

За тэгээд энэ зарчмууд амьдрал дээр яг яаж бууж байгааг (Application) сонирхоё.
Гэрээний бүх элемент Банк болон Жастын хооронд байгуулсан зээлийн гэрээний хувьд биелэж байгаа. Тэд эрх зүйн чадамжтай хуулийн этгээдүүд бөгөөд гэрээгээ сайн дурын үндсэн дээр байгуулсан байна. Гэрээний consideration буюу шан хөлсөнд Банк мөнгө өгч, Жаст Эрдэнэтийн баталгааг гардуулжээ.
Эрдэнэт харин яаж тэр баталгааг өгөв? Үүнийг тодруулахын тулд Эрдэнэтийн захиралуудад тийм эрх байсан эсэхийг тодруулах ёстой. Civil Law буюу иргэний төрөөс гаргасан хуулиар явдаг (military government биш гэсэн санаа шүү. Иргэний хуультай андуурч болохгүй) эрх зүйн тогтолцоотой улсууд, Common Law буюу ардын хууль дагадаг (Commons гэж Англид цайз шилтгээнүүдийн ойролцоох борчуудын хороолол, тосгодыг хэлдэг байв) тогтолцоотой улсуудын аль алинд нь компанийн хуулиуд хоорондоо их төстэй байдаг. Тэр хуулиар компанийн захирал нь компанийг бүрэн эрхтэйгээр төлөөлөх, компанийн ашиг сонирхолд хамгийн их нийцсэн шийдвэр гаргаж байх эрх үүрэг хүлээдэг.  Монгол улс Civil Law улс тул манайд өөр гэж зүтгээд нэмэргүй. Хуулийн зарчим нь яг ижил. Баталгаа өгсөн Ганзориг нарын захиралууд нь Монгол улсын хүчин төгөлдөр хуулийн дагуу томилогдсон тул тэдний эрх зүйн чадамжтай этгээд байсан эсэхэд эргэлзэх хэрэггүй. Тэдэнд бичгээр эсвэл хуулиар олгогдсон бодит эрх мэдэл (actual authority), эсвэл компанийг төлөөлөгчийн хувьд, эсвэл компанийн агентийн хувьд бусдад эрх мэдэлтэй мэт харагдах байдал (ostensible authority) байсан уу гэвэл байсан байна. Тэдний гарын үсэг өнөөдөр маргаан болоод байгаа шиг хуурамч эсэх нь хамаагүй бөгөөд цаад талд эрх мэдэлтэй мэт санагдах үйлдэл гаргасан байхад л гэрээний үүрэг Эрдэнэт үйлдвэрт ирэхэд хангалттай юм. Банк зээлийн мөнгөө Эрдэнэтээр дамжуулан шилжүүлэхэд нь Жаст руу гаргаж өгсөн явдал нь Эрдэнэтийн захиралууд бүх зүйлийг ухамсартайгаар хийсэн, бүр өмнөх гарын үсэг хуурамч дуураймал байлаа ч түүнийг араас нь бодит гарын үсэгтэй ижил хүчинтэй хэмээн хүлээн зөвшөөрсөн (ratification) үйлдэл болсон байдаг. Бинго! Шүүхэд энэ л хангалттай юм. Эрдэнэтийн энэ үйлдэл Ганзориг нарын захиралуудыг дарамтанд орж гэрээ байгуулаагүйг нотлоод хаяж байна. Мөн зээлийн мөнгө дансаар нь орж ирэнгүүт тийм баталгаа өгөөгүй хэмээн буцаах боломж байсан ч ашиглаагүйгээр барахгүй цааш нь зээлдэгчид дамжуулан шилжүүлсэн нь энэ бүх тохироог зөвшөөрч санхүүгийн эрсдэлийг Эрдэнэт үйлдвэрт авахыг хүлээн зөвшөөрсөн хэрэг болжээ.

Эрдэнэт үйлдвэр зээлийн баталгаа гаргаж өгснөөрөө Жастын эрсдэлийг даатгагч нь болж хувирч байгаа юм.  Иймээс Банк, Эрдэнэт хоёрын хооронд шууд гэрээ байгуулаагүй, consideration  буюу орны шан төлбөр өгч авалцаагүй байлаа ч Банкны хувьд Эрдэнэтийн эсрэг зарга үүсгэх боломж бий болж байгаа хэрэг.

Энэ бүхний эцэст ямар дүгнэлт (Conclusion) гарч болох вэ?  Арбитрын шүүхийн шийдвэр эцсийнх бөгөөд заавал биелүүлэх ёстой шийдвэр байдаг. Эрдэнэт үйлдвэр энэ үүссэн өрийг аль болох хурдан хугацаанд бага хүү торгуультайгаар барагдуулах ёстой болж байна. Хэрэв би Эрдэнэтийн хуулийн зөвлөх, эсвэл хуулийн албаны дарга нь байсан бол санхүүгийн дарга нартаа өдөр бүр үүнийг сануулах байлаа. Шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байх нь аль ч улсад эрүүгийн хэрэгт тооцогддог билээ. Компани нь үүсгэн байгуулсан этгээдүүдээсээ тусдаа legal personality буюу хуулийн этгээд биет сүбъект болохыг  Solomon v Solomon Co Ltd [1897] AC 22 гэдэг хуучны кэйсээр тогтоочихсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломж байдаг.  Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд mens rea буюу санаатай үйлдэлийн элемент байх ёстой. Өнөөгийн энэ байдлаар Эрдэнэт үйлдвэр төлбөрийг төлөхгүй луу унжиж байгаа байдал нь санаатай саатуулалт болж харагдаж байна. Учир нь тус үйлдвэрийн мөнгөн урсгал хэвийн, санхүүгийн гүйлгээ хэвийн байхад төлбөр төлөгдөхгүй байх нь санаатай үйлдэлийн л үр дагавар гэж үзэхээс өөр аргагүй юм. Эрүүгийн хариуцлага хүлээлгэвэл төлбөрөөс гадна маш өндөр хэмжээний тогууль нэмэгдэж ирэх магадлал өндөр. Учир нь компанид хорих ял өгдөггүй бөгөөд торгууль ноогдуулах замаар эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг. Гэхдээ зарим тохиолдолд компанид оноосон торгуулиас гадна захиралуудыг нь шоронд илгээх ч явдал байдаг. 10 орчим жилийн өмнө Америкийн шүүхээс Австралийн Кантас авиакомпани Сидней-Осака чиглэлд агаарын ачааны үнийн фиксаци (Price fixing) хийж хэрэглэгчийг үнийн сонголтгүй болгон хохироосон хэмээн үзэж компанийг олон саяар торгоод санхүүгийн захиралыг нь шорон 3 жил илгээсэн явдал болсон билээ.  Иймээс Эрдэнэтийн одоогийн удирдлага энэ асуудалд нухацтай хандаж шуурхай шийдвэрлэх ёстой. Эс бөгөөс өөрсдөө давхар буруудах болно.

Гэрээний эрх зүйн талаас харахад энэ асуудал ийм байна. Үүнээс гадна Эрдэнэтийг ийм өрөнд оруулсан захиралуудтай хариуцлага ярих, Эрдэнэтэд үүссэн гарз хохиролыг барьцааны хөрөнгөөс барагдуулах асуудал цаана нь бас бий.  Компанийн хуульд заасны дагуу хамгийн түрүүнд захиралын гаргасан шийдвэр компанийн хамгийн дээд ашиг сонирхолд нийцсэн байсан уу, захиралууд тэр зээлээс хувьдаа ашиг олсон уу эсэх дээр ярилцах ёстой байх. Үнэхээр Эрдэнэт Үйлдвэрт Жаст компанит олгогдох тэр зээл амин чухал байсан уу. Жаст зээлгүйгээс болж доголдвол Эрдэнэт үйлдвэр дагаад доголдох байсан уу гэдэг асуултын хариуг яаж олох эсэхээс Ганзориг нарын захирлуудад хариуцлага хүлээлгэх эсэх нь шийдэгдэх юм. Жаст нь Эрдэнэтийн үйлдвэрлэлийн үндсэн гол материал түүхий эдийн цорын ганц өөр сонголтгүй нийлүүлэгч байсан байгаад, түүний оршин байх эсэхээс Эрдэнэт үйлдвэрийн ажиллагаа шууд хамаарч байсан бол Эрдэнэтийн олгосон баталгаа зөвтгөгдөж болно.  Гэхдээ энэ нь захирлуудыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохоос, зээлийн баталгааг төлөхгүй гэх үндэслэл болохгүй. Хэрэв захиралууд Эрдэнэт Үйлдвэрт хохиролтой шийдвэр гаргахдаа хувьдаа ашиг хонжоо олсон бол албан тушаалаа хувийн зорилгоор ашигласан гэж үзэж эрүүгийн хариуцлагаас хаашаа ч мултрах боломжгүй болно.

Английн шүүх хүнийг яллахаасаа өмнө яллахгүй байх нөхцөл байдлуудыг илүү анхаарч нягтладаг. Тухайлбал ямар тохиолдолд Ганзориг захирлын Жастад гаргаж өгсөн зээлийн баталгаа зөвтгөгдөж болох вэ? Жишээ нь том ноос угаах үйлдвэр байлаа гэж бодъё. Тэр үйлдвэр үйлдвэрлэлийн уураа дэргэдэх дулааны станцаас авдаг байж. Дулааны станц нүүрс авах мөнгө дутаад банкнаас зээл хүсэхэд Ноосны үйлдвэр баталгаа гаргаж өгсөн байхад ноосны үйлдвэрийн захирлын гаргасан шийдвэр нь компанийн хамгийн дээд эрх ашигт нийцсэн шийдвэр байсан гэж харагдах болно. Учир нь дулаан үйлдвэрлэгдэхээ боливол ноосны үйлдвэр бас зогсох аюул байсан гэж үзнэ. Эрдэнэтийн хувьд Жаст нь ямар үүрэгтэй чухал түнш нь байсан бэ? Үүнийг хэрхэн тайлбарлахаас захирлуудын хувь заяа шалтгаалах байх.

Өөр нэг асуудал бол Эрдэнэт зээлийн өрийг Английн шүүхийн шийдвэрийн дагуу төлснийхөө дараа учрсан гарз хохиролоо хэрхэн нөхөн барагдуулах вэ гэдэг асуудал байгаа.  Компанийн хуулиар өрөө хугацаанд нь барагдуулах боломжгүй болсон хуулийн этгээдийг дампуурсанд тооцож эрх шилжүүлэгчийг томилон ликвидаци хийдэг. Ликвидаци гэдэг нь компанийг татан буулгаад, хөрөнгийг нь худалдаж бэлэн мөнгөнд шилжүүлээд дампуурсан компаниас авлагатай этгээдүүдийн давуу байдлын дараалалыг тогтоох хуульд заасан журмын дагуу цугларсан мөнгөнөөс хувь ноогдуулах үйл ажиллагаа юм. Өнөөгийн байдлаар энэ хууль хэрэгжихгүй Жаст компани дампуурч зах зээлээс зайлахгүй оршин байсаар л байна. Нөгөөтэйгүүр Жаст компани нь Эрдэнэтээс баталгаа гаргуулахдаа хөрөнгөө барьцаалсан байгаа. Эрдэнэтийн барьцаанд авсан Жастын хөрөнгө бол Эрдэнэтийн equitable interest буюу хувь таарсан ашиг сонирхол нь шингэсэн хөрөнгө юм. Өмчийн бүртгэл хэний нэр дээр байхаас үл хамаараад тэр өмчийн төлбөрийг Эрдэнэт Жаст компанид төлсөн гэж үзэж өмч Эрдэнэтийн equitable title буюу зүй ёсны өмчлөлд  нь байх ёстой юм. Гэтэл Эрдэнэтийн өмчлөлд байсан хөрөнгийг Жастын Батхүү гэдэг хүн бусдад шилжүүлсэн байна. Хэрэв тэр шилжүүлэн авсан этгээдүүд нь Эрдэнэт Жаст 2-н хоорондын тохироог мэдээгүй, шудрагаар үнэлэн худалдан авсан байвал тэр хүрээд тэр хөрөнгийн бүх эрх бүрэн шилжсэнд тооцогдоно. Жишээ нь Банк байрны чинь төлбөрийг төлчихсөн байхад байр хичнээн ч чиний нэр дээр байгаад моргэж төлөгдөж дуустал байр банкны equiatble title буюу зүй ёсны өмчлөлтэй хэвээрээ үлддэг. Та банкны өрөө барагдуулж байж л байрыг өөрийн бүрэн мэдэлд авдаг шүү дээ. Бас хулгайлагдсан эд зүйлийг хулгайд оролцож хуйвалдаагүй bona fide party буюу гэмгүй өөр этгээд худалдан авсан байвал тэр хүрээд  өмчийн бүрэн эрх бүрэн шилжсэнд тооцож болдог. Худалдан авсан этгээд эд зүйлийг хулгайнх гэж мэдэж байсан бол түүнд өмчийн эрх шилжихгүй. Харин тэр этгээд хам хэрэгтэн болж хувирна.   Үүнтэй яг ижил зарчим Эрдэнэтийн гаргасан баталгаанд барьцаалагдсан Жастын хөрөнгөнд үйлчилнэ. Жастын Батхүү хөрөнгөө өөрийг нь таних ч үгүй этгээдэд худалдсан байвал тэр хөрөнгө Эрдэнэтийн хувьд бүрэн алдагдсан гэсэн үг юм. Харин Жастын Батхүү өөрийн танил болон ойр дотныхондоо шилжүүлсэн байвал тэр хүмүүс Батхүүгийн тохиролцоог мэдэж байсан ба хөрөнгийг бултуулахад оролцож байгаа хэрэг юм. Өөрөөр хэлбэл bona fide биш буюу Батхүүгийн хань хамсаатан этгээдийн өөрийн нэр дээрээ шилжүүлэн авсан бүх хөрөнгөнд Эрдэнэтийн equitable title буюу зүй ёсны өмчлөл нь хэвээрээ байгаа гэсэн үг. Тэд зүгээр л Эрдэнэтийн мэдлийн хөрөнгийг өөрийн нэр дээр хадгалж байсан буюу хуулийн хэллэгээр constructive trust (авах ёсгүй хөрөнгийг авч хадгалсан үйл явдал)-р хадгалж байсан үйл явдал гэж үзэж болох юм.  Нэгэн жишээ хэлье. Хонг Конгийн нэгэн эрх мэдэлтэн авилгалаар авсан мөнгөөрөө Шинэ Зеландад үл хөдлөх хөрөнгө худалдан авсан байна. Тэр үл хөдлөх хөрөнгө хэнийх вэ гэсэн асуудал босч иржээ. Хуулиар бол авилгалд авсан бүх мөнгө улсын мөнгө байдаг ба түүний хувирал (proceeds) нь ч бас улсынх. Авилгалч этгээд хичнээн тэр хөрөнгийг өөрийн нэр дээр бүртгүүлж хуулийн бүх зүйлийг номоор болгосон байлаа ч тэр хөрөнгийг Хонг Конгийн засгийн газрын өмнөөс авилгалч этгээд constructive trust-р өөрийн нэр дээр түр хадгалж байгаад тооцсон байна. Ингээд хураан авчээ. Attorney General (HK) v Reid [1993] UKPC 2 гэдэг энэ хэргийн талаар сонирхсон хүмүүс нь нэтээс хайж олоод харна бизээ. Энэ хэргийг шийдсэн зарчмаар дэлхий даяар авилгалчдын хураасан, хувиргасан хөрөнгийг хурааж эхэлсэн байдаг. Монголын шүүхэд ч өргөн хэрэглэх ёстой зарчмуудын нэг бол энэ байх. 

Хэрэв Монголоос өөр улсад байсан бол Жастын Батхүүгийн Эрдэнэтийн баталгааны барьцаанд тавьчихаад араар нь хамаатан садан, найз нөхөддөө хуйвалдан шилжүүлсэн бүх хөрөнгө Эрдэнэтийн мэдлийнх хэвээрээ бөгөөд түүнийг шүүхээс албадан буцаалгаж Эрдэнэтийн хохиролыг барагдуулахад ашиглах ёстой юмаа. За энэ хүрээд энэ хэргийн талаархи анализаа өндөрлөе.

Хоёр. Дараагийн асуудал буюу 49 хувийн хувь заяа юу болоод байгааг эрүүл хуулийн цонхоор сонирхоё.  

Бидэнд ямар баримт (Fact) ил болсон байна вэ?  Эрдэнэт үйлдвэрийг байгуулах БНМАУ, ЗХУ-н засгийн газар хооронд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээнд нэгэн ийм заалт байна. “Хэрэв аль нэг тал нь өөрийн өмчлөлийн хувийг бусдад худалдах бол эхний ээлжинд гэрээний нөгөө талдаа санал болгоно” гэсэн байгаа юм байна.
Энэ хооронд ЗХУ-н засгийн газар татан буугдаж түүний эрх ОХУ-н Засгийн Газарт шилжсэн ба ОХУ-н Засгийн Газар Эрдэнэттэй холбоотой өөрийн эрхийг гадаад хөрөнгө оруулалт хариуцсан өөр байгууллагад шилжүүлэн захируулсан байна. Ингэхдээ гэрээнд тусгасан хорионуудыг хэвээр үлдээсэн байна. Өөрөөр хэлбэл өмчийг цаашид хэрхэн захиран зарцуулах хорио хязгаарыг хадгалан өмчийн эрхийг шилжүүлдэг restrictive covenant  буюу хязгаарлалтыг хадгалах нөхцөлтэйгөөр эрхээ шилжүүлжээ.
Мөн энэ хугацаанд БНМАУ-н засгийн газрын бүрэн эрхийг Монгол Улсын Улсын Их Хуралд Үндсэн хуулиар шилжүүлжээ. 1960 оны үндсэн хуульд төрийн эрх МАХН-д байхаар хуульчилсан байдаг бөгөөд энэ нь 1992 оны үндсэн хуулиар ард түмнээс сонгогдсон УИХ-д байхаар хуульчлагдсан байдаг байна. Гэхдээ гэрээг Монголын талаас тухайн үеийн Сайд нарын зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал зурсан байдаг бөгөөд гэрээний талаархи эцсийн шийдвэр гаргах эрх УИХ-д байх уу, ЗГ-т байх уу гэдэг нь хуулийн биш улс төрийн асуудал байх тул энд хөндөлгүй орхъё.

Ерөнхий сайд асан Сайханбилэгийн хэлж байгаагаар 2016 оны 6-р сард Оросын ЗГ-н Эрдэнэт дахь эрхийг хэрэгжүүлэгч этгээд Монгол Улсын засгийн газарт захиа илгээж Эрдэнэтийн 49 хувийг зөвхөн Монгол Зэс Корпораци (МЗК) хэмээх ХХБ-н special purpose vehicle буюу тусгай зориулалтын хуулийн этгээдэд л зарна, Монголын талаас өөр хэнд ч зарахгүй хэмээн мэдэгдсэн байна. Ингээд ЗГ хуралдан шийдэж тус шаардлагыг хүлээн авснаар Эрдэнэтийн 49 хувь МЗК-н өмч болжээ.  Сүүлд тодорсон баримтуудаас харахад МЗК нь ЗГ-н шийдвэр гарахааас өмнө буюу 2016 оны 4-р сард урьдчилгаа төлбөрийг Оросын хуулийн этгээдэд шилжүүлсэн байдаг. Мөн МЗК-н цаад эзэн буюу ХХБ-н захирал Орхон Ерөнхийлөгч Элбэгдоржийн дундад азид ШХАБ-н уулзалтанд оролцох үед дагалдан явж Эрдэнэтийн хувийн талаар ярилцах үед байлцсан тухай баримтууд хэвлэлд гарчээ.  Хүрэлсүхийн Засгийн Газраас Эрдэнэтийн 49 хувийг МЗК мэдэлдээ авсан асуудал нь мөнгө угаалтын схем дамжсан хууль бус явдал гэж үзэж тэр 49 хувь Засгийн Газар хоорондын гэрээ ёсоор Монголын засгийн газарт буюу ард түмний мэдэлд ирэх ёстой байсан гэж байгаа бол ХХБ болон МЗК-н зүгээс тэд Монголын ЗГ өөрт ноогдох ёстой байсан хувийг худалдан авах эрхээсээ татгалзсан тул хөндлөнгийн bona fide талын хувиар ХХБ/МЗК худалдан авсан хэмээн нотлохыг оролдож иржээ.

Шийдэх асуудал буюу issue нь яг юундаа байна? ХХБ/МЗК-н хувьд өмнөх хэрэгт яригдсан зарчим ёсоор үнэхээр bona fide буюу гэм буруугүй, хөндлөнгийн этгээд байсан бол Эрдэнэтийн 49 хувийн өмчлөл түүнд шилжиж хуулиар хамгаалагдах бүрэн үндэстэй юм. МЗК төлбөрийг хийхийн тулд ямар схемээр мөнгө босгосон эсэх нь энэ хэрэгт үнэндээ тийм ч хамаатай бус. Хамгийн гол нь Засгийн Газар хувиасаа татгалзах шийдвэр гаргахад нөлөөлөөгүй, өөр бусад замаар хууль зөрчиж 49 хувийг өөрийн болгоогүй байхад л Монголын зэс корпораци буюу Худалдаа Хөгжлийн Банкны Эрдэнэтийн 49 хувь дахь өмчлөлийн эрх баталгаажих эрх зүйн бүрэн боломжтой  харагдаж байна. Ингэхлээр хамгийн гол асуудал нь мөнгө босгосон механизм биш харин Худалдаа Хөгжлийн Банк болон Монгол Зэс Корпораци нь энэ асуудалд bona fide party мөн үү гэдэгт л байгаа юм. Хэрэв ХХБ/МЗК bona fide тал мөн байсан нь тогтоогдвол Эрдэнэтийн 49 хувь ямар ч маргаангүйгээр тэдний өмч мөн гэж үзэж болно.

Эрх зүйн ямар дүрэм зарчимуудыг (Rules) энэ асуудлын эргэн тойронд хэрэглэгдэж болох вэ?  Хууль нь яг юу гэж хэлээд байна? Энэ зарчмууд ямар байдлаар Эрдэнэт дээр хэрэглэгдсэн (Application) байна вэ гэдгийг сонирхоцгооё.

Юун түрүүнд Оросын мэдлийн 49 хувийг яагаад Монголын засгийн газар авах ёстой гэж зүтгээд байгаа талаархи хууль ном нь ямар байгааг сонирхоё. Өөрийн хууль ёсны өмчлөлд байгаагүй өмчийг булаалдахын тулд equitable interest буюу хувь таарсан ашиг сонирхол нь заавал байсан байхыг хууль шаарддаг. Гэрээ яагаад албадан хэрэгжих ёстой тухайд өмнө нь дурьдсан тул нуршилгүй орхиж equitable interest-н тухай жаахан дэлгэрүүлэн тайлбарлая.
Үүний тулд Equity Law буюу шударга ёсны эрх зүй хэрхэн үүссэн тухай цухас тайлбарлая. Англид ардын хуулиар (Common law) хүлээлгэсэн үүргийг биелүүлэхэд мухардал үүсвэл ёс суртахууны шалгуураар давхар оруулж шийддэг шударга ёсны хууль буюу Equity Law гэдэг эрх зүйн тогтолцоог Хаан нь үүсгэсэн байдаг юм байна. Жишээ нь нэг этгээд нөгөөгөө дарамтлах замаар гэрээнд гарын үсэг зуруулах, увиагүй байдлаар хууран мэхлэж илтэд алдагдалтай гэрээ байгуулахад хүргээд түүнийгээ албадуулан гүйцэтгүүлэхээр шүүхэд ирдэг байж. Шүүх ардын хуулийн зарчмаар гэрээг байгуулсан л бол байгуулсан бандантас хэмээн шударга бус гэрээг мөрдөхийг тулгах нөхцөл үүсдэг байжээ. Энэ үед хамгийн дээд аврал нь хуулиас дээгүүр статустай цорын ганц сүбъект болох Хаан байсан бөгөөд түүний дэргэдээ байгуулсан Хааны дээд шүүх хэргийн нөхцөл байдлыг Equity Law буюу шударга ёсны хуулийн шалгуураар оруулж эцэслэн шийддэг болжээ. Хааны дээд шүүхээр хэргээ шийдүүлэх зарга мэдүүлж буй этгээд нь өөрөө шударга бус зүйл хийгээгүй буюу гар цэвэр этгээд байх ёстой гэсэн гол зарчим бий. Өөрөө нохойтчихоод, цаадах нь бас нохойтлоо хэмээн шүүхдэхээр ирвэл хааны шүүхэд түвэг удлаа хэмээн хатуу шийтгэн, хөөж орхидог байсан байна. “He who comes into equity must come with clean hands” буюу шударга ёс хайж ирсэн хэн ч цэвэр гартай байх ёстой гэсэн зарчим энэ хуулийн суурь зарчмуудын нэг юм. Шударгын хууль зөвхөн үнэн мөнөөрөө явж байгаад шударга бус этгээдийн тавьсан хуулийн занганд орчихсон хүнд л тусладаг хууль байдаг юм байна. Шударга ёсны шүүх дээр өгүүлсэн хэрэг үүсвэл хэрхэн шийддэг вэ. Гэрээг дарамтанд  байгуулсан, хууртаж байгуулсан болон шударга ёсны зарчимд нийцээгүй аргаар байгуулсан бол биелүүлэх албагүй болгож шийдчихдэг. Өөр тоймгүй олон жишээ бий ч энд нурших хэрэггүй байх.  

Equity law-д байдаг ойлголтуудын нэгэн чухал зүйл нь equitable interest гэдэг ухагдхуун юм. Equitable interest буюу хувь таарсан ашиг сонирхол нь манайхаар бол амлагдсан хувь, өөрт ноогдох ёстой өмчийн хувийн асуудалд яригддаг. Хэрэв гэрээслэлд өмчөө хэн нэгэнд гэрээслэвэл тэр өв залгамжлагчийн хувьд  тэр өмчийн тухайд equitable interest үүсдэг билээ. Мөн төлбөрийг нь төлчихсөн боловч бичиг баримтаа  өөрийн нэр дээрээ шилжүүлж бүртгүүлтлээ бид худалдан авсан машин, байраа equitable буюу хувь таарсан байдлаар өмчилж байдаг. Үл хөдлөх хөрөнгө ялангуяа зөвхөн бүртгэлээр баталгааждаг болсон (Энэ зарчмыг санаачилсан хүнийх нь нэрээр Торренс систем гэж ярьдаг) өнөө цагт төлбөрөө төлснөөс хойш, нэр дээрээ шилжүүлэх хүртлээ бид тус өмчийг equitable title (хувь таарсан өмчлөлийн эрх) эзэмших замаар өмчилж байдаг юм.  Аливаа өмч legal title буюу хуулийн дагуух өмчлөл,  equitable title буюу хувь таарсан өмчлөлийн (өөрөөр жинхэнэ өмчлөл ч гэж болох) аль алиныг хамт эзэмшиж байгаа этгээдийн л бүрэн өмчлөлд байдаг. Жинхэнэ өмчлөл буюу equitable title нь equitable interest эзэмшиж байгаа этгээдийн мэдэлд байдаг.

Equitable interset-ийг хамгийн хялбараар ойлгож авъя гэвэл чи өмчийн төлөө ямар нэгэн төлбөр хийвэл тэр төлбөртөө таарсан хэсгийг нь өмчлөх эрхтэй, тэр хэсэгт нь чиний ашиг сонирхол шингэж орлоо гэж ойлгох хэрэгтэй. Энэ ч утгаараа компаний хувьцааны зах зээлийн харилцааг бид equity market гэдэг шүү дээ.

Засгийн газар хоорондын гэрээгээр Эрдэнэтийн 49 хувийг Монголын Засгийн газарт эхэлж санал болгоно гэсэн нь өв залгамжлалын гэрээнд тохиолддогийн нэгэн адилаар БНМАУ-н Засгийн Газрын equitabe interest-г ЗХУ-н эзэмшиж байгаа 49%-н хувьд үүсгэсэн үйл явдал 1973 оны 11-р сард болсон юм байна. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Засгийн газар энэ өмчийг хамгийн тэргүүнд өмчлөлдөө авах эрх нь байсан гэсэн үг юм.

Монгол улсын засгийн газар ямар байдлаар шийдвэр гаргасан байлаа ч гэсэн тэр шийдвэрт ХХБ/МЗК зүй бусаар нөлөөлөөгүй, Засгийн газрын дотоод мэдээлэлийг ашиглаагүй байхад л ХХБ/МЗК-н өмчлөлийн эрх хөндөгдөхгүй баттай байх боломжтой.

Эхлээд дотоод мэдээлэл гэж юув, түүнийг зүй бусаар ашиглах (insider trading) гэж юу вэ гэдгийг сонирхоё. Insider trading гэдэг нь санхүүгийн ашиг гаргаж болох мэдээлэлийг өөртөө ашиглах (trading), бусдыг хөлсөлж ашиглах (procuring), бусдад ашиглах боломж олгохоор дамжуулах (tipping) гэх гэмт хэргүүд байх бөгөөд голдуу засгийн газрын болон корпорэйт мэдээлэлд ойр хүмүүст орооцолддог хэрэг юм.  Тухайлбал компанийг нь том компани худалдан авах гэж байгааг албаны шугамаар мэдсэн ажилтан өөрийн компанийн хувьцаанаас нэлээн хэдийг авч том компанид сайн үнээр зарж дундаас нь ашиг олсон бол түүнийг insider trading гэмт хэрэгт шийтгэдэг.  Харин оффисийн цэвэрлэгч компаний бичиг баримтын хогийг хаях ёстой байтал хаялгүй гэртээ авч очин хүүдээ өгч, хүү нь бичгийг эвлүүлэн мэдээлэлийг олж аваад найзаараа дамжуулан  хувьцаа авсан бол tipping хэрэгт цэвэрлэгчийг, procuring хэрэгт хүүг нь буруутгаж болно.   

ХХБ/МЗК-г bona fide биш байсан гэж тогтохын тулд тэднийг дотоод мэдээлэлд хэр ойр байсныг анзаарах хэрэгтэй. ХХБ-ы захирал Орхон Ерөнхийлөгч Элбэгдоржийг даган явж Эрдэнэтийн асуудал ярилцсан байсан нь дотоод мэдээлэлд шууд гарц буюу access-тай байсан гэсэн үг байж болох юм.  Мөн МЗК нь Засгийн газрын шийдвэр гарахаас өмнө урьдчилгаа төлбөр төлснөөр Оросын талын хувьд түүний мэдэлд байсан 49 хувийг эзэмших equtable title-г авсан гэсэн ойлголт өгөхүйц байдал үүсгэсэн нь өөрийн мэдээлэлийн болон эрх мэдлийн сүлжээг ашиглан тийм гарц руу Засгийн газрыг санаатайгаар чиглүүлсэн гэж ойлгогдохуйц харагдаж байна. 

2016 оны 6 сард Засгийн Газар шийдвэр гарган 300 орчим тэрбум төгрөгөөр  1072 хувьцааг иргэдээс худалдан авсан ба Эрдэнэтийн 49 хувийг худалдан авч хүрэхүйц валютын нөөцтэй байсан Монгол банкнаас иргэн, хуулийн этгээд хууль бусаар мөнгө зээлж авч чадсан нь ХХБ/МЗК-г тухайн үеийн эрх баригчидтай хамтран зохион байгуулалттайгаар ажиллаж, үйл ажиллагаагаа уялдуулан, Засгийн газарт мөнгө байхгүйгээс гэх үндэслэлээр Эрдэнэтийн 49 хувийг эзэмших эрхээсээ татгалзсан шийдвэр гаргахад хүргэж чадсан гэж харж болохоор байна.

Нэгэнт Засгийн газрын шийдвэр гарсны дараа ХХБ/МЗК нь төлбөрийн мөнгөө хэрхэн яаж, ямар схемээр хэн хэнээс татан босгосон нь энэ хэрэгт нэг их хамааралгүй асуудал бөгөөд олон нийт болон эрх бүхий байгуулагууд түүний араас хөөцөлдөн гүйлдэх нь цагаа дэмий үрсэн л зүйл болох юмаа.  Дээр өгүүлсэн нөхцөлүүд болон Засгийн Газар өөрөө Монгол Банкнаас авч төлбөр хийж болох байсан мөнгийг Монгол Банкнаас хууль зөрчин өгч авсан байдал нь ХХБ/МЗК нь цэвэр гартай байсан байх нөхцлийг үгүй хийж байна.

Бид ямар дүгнэлтэнд  (Conclusion) хүрч болох вэ гэхээр ХХБ/МЗК нь буруугүй цэвэр гартай bona fide этгээд биш бөгөөд Эрдэнэтийн 49 хувийг авахдаа Засгийн газар болон бусад эрх бүхий байгуулагад нөлөөлж тус хувиас татгалзуулах шийдвэр гаргуулсан байна гэж үзэх үндэслэлтэй харагдаж байна.  Нэгэнт bona fide party биш тул түүний хууль ёсны өмчлөлд (legal title) очсон хэдий ч 49 хувийн equitable title буюу хувь таарсан зүй ёсны жинхэнэ өмчлөл нь Монгол улсын засгийн газарт хэвээр хадгалагдаж байгаа гэж үзэж болохоор байна.
AG (HK) v Reid зарчмаар ХХБ/МЗК нь Монгол улсын засгийн газрын өмчийг constructive trust-р хадгалж байгаа хуулийн этгээд бөгөөд энэ өмчийг өмчийн жинхэнэ эзэн нь болох Монгол улсын засгийн газарт гаргасан зардлынхаа нөхөн олговорыг гаргуулан авах нөхцөлтэйгөөр буцаан шилжүүлэх ёстой юм. Засгийн газрын тухайд Монгол Банкнаас хууль зөрчин зээлсэн мөнгийг суутгаад ХХБ/МЗК өөрсдийн хүч, арга эвээр босгосон бусад мөнгийг хуваарьтайгаар төлж барагдуулаад бүрэн өмчлөлөө сэргээж болно. Зээлийн хүүнүүд харилцан суутгагдчих учир цэвэр төлбөрт заагдсан тоонуудыг ярилцаад явж болох юм.

Нэгэнт Засгийн газрын equitable interest нь 49% дээр хэвээр хадгалагдаж байгаа тул ХХБ/МЗК  нар энэ 49 хувийг цааш нь зарах, буюу шилжүүлэхдээ эхлээд Монгол улсын засгийн газраас авах эсэхийг нь асуух ёстой үүрэг хэвээр үлдлээ гэсэн үг. Restrictive Covenant гэдэг зарчим бас л энд үйлчилсэн хэвээрээ байх болно. 

Энд хэд хэд дурьдагдсан Restrictive covenant буюу хязгаарлалтыг хадгалах гэрээ гэж юу вэ.  Энэ бол голдуу үл хөдлөх хөрөнгийн наймаан дээр ашигладаг зарчим юм. Жишээ нь ах дүү нар шинэ суурьшилд зэргэлдээх байрлалд ижил төстэй байшингууд барьжээ. Тэгээд хоорондоо энд 3 давхараас өндөр байшин барихгүй гэж тохиролцож. Хэрэв хэн нэг нь өөр барилга баривал нэгд орчны эстэтик буюу тааламжтай харагдах байдал алдагдана, хоёрт тийм өөр байшин бариагүй бусдынх нь үл хөдлөх хөрөнгийн үнэлэмж нь унана. Иймээс хэн ч өөрийн эдлэн газраа зарсан энэ хязгаарлалтын нөхцөлийг худалдан авагчид шилжүүлэх болзолтойгоор зарахаар тохирохыг restrictive covenant гэдэг. Чухам энэ тохироонууд хаа сайгүй байдгаас барууны суурьшилын бүсүүд жигд өндөртэй, ойролцоо загварын барилгуудтай байдаг юм билээ. Хязгаарлалт хэзээ алдагдаж тавигдаж болох вэ гэхээр шинэ худалдан авагч худалдан авах үедээ ямар нэгэн аргаар тус хязгаарлалтын тухай огт мэдээгүй байсан үед л зөрчигдөж болдог. Хэрэв хэн нэг нь байраа зарахдаа дараагийн хүнд хэлээгүй, тэр нь тэр хавийн хязгаарлалтын тухай өмнө нь олж сонсоо ч үгүй байсан бол авсан газар дээрээ өөр барилга барих эрх нь нээлттэй болдог. 

Энэ зарчим зөвхөн үл хөдлөх хөрөнгөөр хязгаарлагдахгүй байж бас болно. Жишээ нь ангийн буу зарж байгаа этгээд түүнийг зарахдаа зөвхөн ангийн үнэмлэхтэй хүнд зарах хязгаарлалт тогтоож болдог. Авсан хүн дараагийн хүнд дамжуулсан ч зөвхөн энэ хязгаарлалтын хүрээнд л наймаа хийнэ. 
Эрдэнэт үйлдвэр бол үл хөдлөх хөрөнгө. Иймээс түүнд байгаа үл хөдлөх хөрөнгийн хязгаарлалт хадгалагдан явах ёстой юм. Одоогийн тохиолдолд ХХБ/МЗК нар нь bona fide тал байх нөхцөлөө хангаагүй тул Засгийн газрын equitable interest хэвээрээ үлдсэн гэж тооцогдоно. Иймд ХХБ/МЗК өөрийн нэр дээр байгаа өмчийг цааш зарахаар шийдлээ гэхэд Монгол улсын Засгийн газраас л эхэлж асуух үүрэгтэй байх ёстой юм. Учир нь тэд энэ хязгаарлалтыг мэдэж байсан. Иймээс Сингапурт бүртгэлтэй өөр компанийн нэр дээр шилжүүлэх асуудал хууль бус болж хувирна.    

Энэ хэрэг номоороо явбал хэн нэгэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудал тун бага харагдаж байгаа бөгөөд бизнесийнхний хувьд зөвхөн дотоод мэдээлэл ашигласан, албан тушаалтнуудын хувьд авилгал хээл хахууль авсан эсэхийг шалган тогтоосон тохиолдолд л эрүүгийн хэрэг яригдах боломжтой юм. Зөвхөн эд мөрийн баримтуудыг нуух, устгах байдал ажиглагдвал таслан сэргийлэх арга хэмжээ авах хэрэгтэй бөгөөд өнөөгийн байдлаар авагдсан баримтууд нь хэргийг шийдэхэд бүрэн хангалттай байгаа бөгөөд хэнийг ч цагдан хорих нэмэлт шаардлага үүсгээгүй гэж ойлгогдож байгаа.

Хэргийг шүүх шүүгчид нь ямар нэгэн ашиг сонирхлын зөрчилгүй, барьцаа дарамтанд ороогүй байх нь ХХБ/МЗК-н буруугүй, bona fide этгээд болохыг тогтоож үнэн зөвийг олох хамгийн эхний суурь шалгуур нь билээ. Гэтэл Монголын нөхцөлд энэ хэрэгт ХХБ-ны ажилтан байсан, хамаарал бүхий этгээд нь тус банктай санхүүгийн гүн харилцаатай, эсвэл тус хувьцаа худалдан авах хэлцэлийг ил дэмжиж байсан албан тушаалтны толгойлж байсан эрх бүхий байгуулагад хамаарал бүхий этгээд нь өөр гэмт хэргийн асуудлаар шалгагдаж үүний улмаас албан бусаар барьцаалагдсан байдалтай байгаа шүүгчид оролцож шийдвэр гаргаж байгаа нь Худалдаа Хөгжлийн Банк болон Монгол Зэс Корпорацын bona fide буюу гэм буруугүй харагдуулах үлдсэн бүх боломжийг үгүй хийж орхисон байна. 

Бас нэгэн зүйл. Монголд бараг хуульчилдаггүй итгэл хүлээлгэх харицааны тухай Equity Law-д их дэлгэрэнгүй байдаг.  Энэ харилцааг fiduciary relationship гэдэг. Fiduciary гэдэг нь латины fiducia буюу итгэл гэдэг үгнээс гаралтай үг юм. Гол зарчим нь итгэл хүлээлгэгдсэн буюу бусдын итгэлийг авсан этгээд итгэл үзүүлэгч этгээдийн хамгийн дээд ашиг сонирхолд нийцэн ажиллах, шийдвэр гаргах үүрэгтэй байдаг. Жишээ нь нэгэн банк түүнээс зээл авахаар ирсэн бизнесмэнд зээл өгөхийн тулд зээл авч байгаа бизнес нь хэр өгөөжтэй, эрсдэл нь хэр их болохыг үнэлэхийн тулд түүний бизнесийн нууцад нэвтрэх шаардлагатай болдог. Үүний тулд бизнесмэн банкны ажилтанд бизнес төлөвлөгөөгөө танилцуулж санхүүгийн өгөөж эрсдэлийн тооцоогоо харуулдаг. Тэр бизнес хичнээн ашигтай, хорхой хүрэм байсан ч банк болон банкны ажилтнууд түүний нууцыг бусдад задлалгүй хадгалах ба өөрсдөө ашиглах бол бүүр ч хориотой байдаг. Харамсалтай нь Монголд энэ бүхний яг эсрэгээр явдагаас банкинд үнэн санаагаа хэлж ирдэг бизнесмэнгүй болсноос эдийн засаг саараад, энд тэндээс өөр санхүүжилт хайх гаж практикууд үүсээд байдаг. Аливаа банк өөрөөс нь зээл хүсэж бизнес төлөвлөгөөгөө танилцуулж байсан ямар ч бизнесийн хувьцааг авах, түүний бүхэлд нь худалдан авах, эсвэл яг ижил бизнес хийх нь асар хориотой табуу юм. Энэ бол итгэлээр олсон мэдээлэлээ итгэл үзүүлэгчийн биш харин өөрийн ашиг сонирхолд нийцүүлэн ашиглаж байгаа маш ноцтой ёс зүйгүй хэрэг билээ.

Fiduciary харилцаа компанийн захирал-компани, хуульч-үйлчлүүлэгч, эмч-эмчлүүлэгч болон бизнес партнеруудын хооронд гэх мэтээр үүсдэг гэж үздэг. Мөн итгэлцлийн сангийн даамал (trustee), тус сангаас хүртэгч (beneficiary) нарын хооронд байдаг. Монгол улсын засгийн газрын гишүүд нь Монгол гэдэг айлын итгэлцлийн сангийн даамлууд нь юм. Татвар төлөгчид бүгд тэр санд мөнгө тушааж түүнээс ард иргэд өгөөж хүртэх журмаар энэ сан ажилладаг. Энэ утгаараа төрийн болон нийтийн бүх албан тушаалтан монголын ард түний хувьд итгэл хүлээлгэгчид буюу fiduciaries нь юм. Итгэл хүлээсэн этгээд итгэлийг эвдвэл учруулсан бүх хохиролыг барагдуудах үүрэгтэй байдаг ба зарим тохиолдолд эрүүгийн хариуцлага ч яригддаг. Өмнө өгүүлсэн дотоод мэдээлэлийг ашиглах гэмт хэрэг бол итгэл хүлээсэн этгээд үүргээ зөрчсөнөөс үүсдэг эрүүгийн гэмт хэрэг билээ. 

Эрдэнэтийн 49  хувийн асуудал хэзээ нэгэн цагт олон улсын шүүхийн хаалга татаж эцэслэн шийдэгдэнэ гэж Засгийн газар бодож байгаа бол гар цэвэр, нэр цэвэр байх асуудалдаа ихээхэн хянамгай хандаж, хамаагүй хүчилсэн, хүч түрсэн буруу алхам хийхээс аль болох болгоомжлож байх ёстой юм. Хэрвээ би Засгийн газрын хуулийн зөвлөх нь байсан бол эдгээрийг нь хэлээд сууж байх байлаа. 


Өөр ч нэмэх юм одоохондоо алга даа. Хуулийн ойлголтгүй олон нийтэд үүнээс хялбар энгийнээр тайлбарлах ухаан үнэхээр хүрсэнгүй. Нуршуу байсан бол уучлаарай. Энэ хүртэл уншсан танд баярлалаа

1 comment:

Монголчууд эвтэй байхдаа хүчтэй vs. Ерөнхийлөгчийн хүмүүс

1911 оны 12-р сарын 29-ний өдөр Монголчууд ердөө гурав хоногийн дараа Бээжинд онхолдох өдрөө хүлээж байсан Манжаас тусгаарлан өөрийн төр улс...