Saturday, November 21, 2020

Жавхлан юмдаа сда гэж

Сүүлийн 10 хоног нийт монголчуудынхаа адилаар гэртээ нам сууж ард иргэдээ аюулт тахлаас хамгаалалцаж байна. Өнгөрсөн 10 сар дотроо алдаагүй улсад маань нөгөөх чинь орж ирээд тарчихлаа. Одоо нэгэнт эхэлсэн тул бужигнаж будилсаар нэг юм ард нь гарцгаах л байлгүй. Өөр арга ч угаасаа байхгүй. Төр засгийн хэлснийг дагаад явж байхад сураг нь их ойрхон гараад байгаа аль нэг вакцинтай золгочих байх гэсэн найдлага байгаа тул бас ч гэж хүмүүсийн дотор уужим байх шиг. Гэхдээ л бодох юм бас байнаа байна. 

 

Миний хувьд 90-д оны олон онгоцны ослын гэрч байж, ойрын танил найз нөхдөө ч алдаж байсан агаарын тээвэрчийн хувьд яг болж буй гамшиг гэхээсээ тэр гамшгийн шалтгаан нь юу байв гэдгийг өнгийж харахгээд байдаг нэг тийм зуршил байдаг юм. Өөрөөр хэлбэл тийм гамшигийг яг ижил шалтгаанаар дахин давтагдах нүх сүвийг олж таглах ёстой гэсэн итгэл үнэмшил нисэхийн бидэнд байдаг. Ингэхгүй бол тэр гамшиг давтагдана, давтагдвал бид дахин дахин эмгэнэлт зам руу хальтарцгаана.  Бид алдаагаа олж хармагцаа хууль дүрэм журмандаа яаралтай шинэчлэл хийж сурсан. Иймдээ ч олон жилийн ослын буухиагаа зогсоож чадаж байлаа. 

 

Энэ өдрүүдэд надтай адил гэртээ гиеүрэн бодолд автан суугаа олон хүн байгаа гэж бодож байна. Тэд ч бас яагаад ингээд дотроо алдчихав аа пяхлу гэж, ёстой жавхлан юмдаа сда хэмээн гэж бодож л байгаа байх. Өөртөө юу бодогдож байгаагаа жаахан хуваалцъя. 

 

2020 оны 1-р сар. Оны заагт ираны генералыг тонилгосон мэдээ, дэлхий дайны ирмэгт очсон мэт тэр үеийн дуулианыг ч дарсан нэгэн аймшигт цуу шуугиан дэлхийгээр тарсныг та бүхэн санаж байгаа байх. Энэ бол хятадын Ухань хотоос алдагдсан байж болох үл мэдэгдэх онц аюултай ханиадны тухай мэдээ байлаа. Хятад улс энэ мэдээг дарж, мэдээлэгчдийг нь хавчин хорьж байснаас хүмүүст сэрэмжлэх боломж олгоогүй байсаар их аялалын сар болох цагаан сартайгаа золгосон байдаг. Ингээд Уханиас дэлхий даяар халдвар тээсэн байж болох 5 сая хүн тарж эхэлсэн. Нэгдүгээр сарын 27нд байдал бишдэснийг ойлгосон манай ЗГ, Ерөнхийлөгч түргэн авч өмнөд хилээ тас түгжиж авснаар халдвар өмнөөс Монголд орж ирэх явдал таслан зогсоогдсон байдаг. Үүнд сошл медиа нэн чухал үүрэг гүйцэтгэснийг тэмдэглэх хэрэгтэй. Чухам жиргээчид, фэйсбуукчид ирж буй аюулын талаар дуу хоолойгоо өргөж төр засгаас арга хэмжээ авахыг шаардсанаар бусад улс орнуудаас хамгийн түрүүнд өрсөн хөдөлж хаалгаа түгжиж авсан билээ. 

Гэвч эхнээсээ л алдаа хийсэн. Бусад оронд тархалт ширүүсээгүй, халдвар авч эхлээгүй үед хаалгаа хаачихаад тэнд байгаа халдвар аваагүй байсан монгол иргэдээ гэртээ оруулахгүй гадаа үлдээчихсэн. Бусад улс бол гадны хүнийг биш зөвхөн өөрийн иргэдийг оруулах горим зарласнаараа олон иргэдийнхээ амь насыг аварч чадсан байдаг юм. Гадаа үлдсэн иргэд маань тэсэн тэссээр эхэндээ халдваргүй ирж байсан ч алсдаа бөөн бөөнөөрөө халдвартай ирцгээх болсон. 

Гуравдугаар сараас эхлээд Италид олноор ажилладаг хятадуудаас тарж, дараа нь бүх дэлхийг бүрхсээр ковид ширүүссэн. Манай төр засаг энэ үеээс тусгай нислэгүүд зохион байгуулан иргэдээ татаж эхэлсэн. Эхний нислэгүүдэд очерь дайран хүч түрэн суусан иргэдийн дунд цөөнгүй нь 1-2 сард Монголоос зугатан халдвар тараагүй байсан хөгжингүй орныг гэр бүлээрээ бараадан бүгсэн хөрөнгөлөг иргэд маань байсан. Тэд нааш цааш ингэж холхиогүй бол тэнд үлдсэн олон хүн эрүүл ирэх боломж гарах л байсан байх. Уг нь 2-р сард халдвар аваагүй орнуудаас иргэдээ олноор нь татах боломж байсан ч манай төр засаг хэт алгуурласан. Үүнийгээ тусгаарлах буудлын хүрэлцээ, эмнэлэгийн бэлэн байдал гэх мэт олон шалтаг хэлж аргалсан бөгөөд ирж буй сонгуулийн наана дотроо алдаж оноо алдахгүй гэсэн ганц л зорилготой байсан нь мэдрэгддэг. Гэхдээ аз дайрахад эхний нислэгүүдээс гарын хуруунд багтах цөөн тооны халдвар тээгч ирж байсан ч харамсалтай нь татан авалтын ажлыг дэндүү удаан зохион байгуулснаас халдвар тээн ирэгчийн тоо удалгүй өссөн. Үүний нэг шалтгаан нь шинжлэх ухааны үндэслэл муутай 21 хоногийн хашилт юм. Халдвар авснаас хойш 5-7 хоног нууц байдалд инкубац орчинд байж байгаа шинж тэмдэг илэрдэг бөгөөд 10-14 хоногийн дараа бусдад халдвар тараахгүй болдог вирус байсныг манайхан одоо ч мэдээгүй явна. Магадгүй энэ талын мэргэжилтнүүд нь бүгд хамгаалалтын хувцасны цаана өвчинтэй үзэж тарж байх араар дэлхийд гарч буй шинжлэх ухааны мэдээ мэдээлэлийг судлан шийдвэр гаргалтандаа цаг тухайд нь тохируулга хийх хүн хүч, эрдэм мэдлэг дутсан байх гэж бодогдож байна.

 

Ингээд 6-р сард хорио бүрэн цуцлагдсан шахуу зүйл болж сонгууль эхлэн хүмүүс энд тэндгүй тас тэврэлдэж эхэлсэн. Өмнөд хилээ хаасан тул хойд зүгээс хүнс өргөн хэрэглээний барааны татан авалт ихэссэн. Биднийг сонгуульдаж байх зуур хойд хөрш болох ОХУ-д ковид нөхөр хяналтаас гарсан. Тэд өмнөд хөршийн нэгэн адил халдвар болон эндэгдлийн тоогоо хичнээн дараад ч илт мэдэгдэхээр болж ирсэн. Хойноос орж ирж буй тээврийн жолооч нараас халдвар илрэх нь ердийн статистик болтлоо жигдэрсэн. 

 

Ингээд хичээлийн шинэ жил эхэлж, залгаад орон нутгийн сонгууль гараанаас гарсан. Эрх баригчид маань хорио цээрийн дэглэмиййг 9 сарын 15-с эрс сулруулсан. Гэвч умард хилээр орж ирэх халдвартай жолоочийн тоо буураагүй. 

 

9-р сард гадаадад удаан хашигдсан оюутнууд бас ирсэн. Тэднийг Энхсаран сувилалд хаших үед оюутнууд цөөн цөөнөөр орох, бусадтайгаа холилдохгүй байх, интернэт, халуус ус шаардаж эсэргүүцэл илэрхийлсэн. Хүлээгдэж буй сонгуульд сөрөгөөр нөлөөлөхгүйн тулд төр засаг тэр хүсэлт гаргагчдыг дор нь нам дарсан. Тусгай хүчнийхэн бүслэн зогссон.  Нэгнээсээ халдвал улс эмчилчихнэ гэж оюутнуудыг зандарсан. Ингээд шахан оруулсан. Энэ бол дотроосоо алдах аюулын харанга дэгдэж байсан хүнээ хавчин дарсан Хятадын ЗГ-н алдааг давтсан хэрэг байсныг бид өнөөдөр л дөнгөж ойлгоод нийтээрээ гаслаж сууна. 

 

Нэгэнт өмнөд хил хаалттай тул умард хилээр хүнсний бизнесийн идэвх нэмэгдсэн. Авто тээвэрт хяналт тавиад байсан ч төмөр замын шугамаа бараг анзаараагүй. Ачаатай вагон хүлээлцдэг горим нь шууд контактуудыг байлгасаар л байсан. Ингээд орон нутгийн сонгуулийн дараагаас төмөр замын шугам дагаж ковид орж ирсэн нь өнөөдөр бараг ил болчихлоо. Тэд Сэлэнгийн иргэдэд халдааж, төмөр замын өртөө дамжин ажилчид дунд нь тарж байсан нь ил боллоо.

 

Энхсаран сувилалд бүүр ч эмгэнэлтэй бүдүүлэг алдаа гарган дотооддоо алдаж орхив. ОХУ руу тээвэр хийж байгаад ирсэн эрүүл жолоочийг сувилалаас гарахаас нь 2 хоногийн өмнө халдвартай иргэн буюу Сөүлээс ирсэн зорчигч өрөөнд нь оруулж орхив. Жолоочийн гурав дахь шинжилгээг 19 дэх хоногт нь хийсэн байсан тул гарахаас нь өмнө дахин хийсэнгүй. Гэтэл жолоочтой нэг өрөөнд хамт 2 хоносон хүнээс 4 дэх хоногт нь вирус илрэв. Түргэн авч жолоочийг олж шинжилтэл бас халдвар авчихсан байсан байна. Ингээд өнгөрсөн өдрүүдийн эмгэнэлт драмыг орон даяар харлаа. 

 

Халдвар авах, бөөнөөр халдах ч дүүрч. Энэ бол хэлж ирдэггүй хийсч ирдэг зовлон. 

Гэвч хэлсээр байтал хэт назгайрсан төр засагтай байсан байдаг маань л жинхэнэ эмгэнэл болохыг бид харж авлаа. Ковид харанга дэлдээд бүтэн 10 сар болсон байдаг. Төр засаг маань дотроо алдвал яах вэ гэсэн бэлэн журам төлөвлөгөө алга байсан нь энэ өдрүүдэд ил харагдав. Зүгээр л оруулахгүй гүрийж байж байгаад вакцинтай залгана гэсэн ганцхан тооцоо хийж байсан нь ил болчихлоо. Онцгой нөхцлийн шийдлээ бэлдэлгүй 10 сар сонгуульдаж назгайрсан тэд өнөөдөр нэг л их хуралдсан хүмүүс болчихлоо. Түс тас бөгөөд оновчтой шийдвэр гаргадаг дарга тэгсэн атлаа алга. Бүх зүйлийг дундаа хийж хамтын шийдвэрт шидэж өөрөө арьсаа авч гарах гэсэн уралдаан дээгүүр яваад байх шиг. Уг нь энэ хугацаанд бүх журам төлөвлөгөөгөө нарийн тооцоолж боловсруулаад асуудал үүслээ л бол тэр планаа сэйфнээсээ гаргаад мөрдөөд ажиллах байх гэсэн хүлээлт ард түмэнд байлаа. Гэвч энгийн шийдвэрүүдээ хүртэл эрүүл логикоос хол зөрүүтэй гаргаад эхэллээ. Дарга нар онлайн хуралдаж, ард түмэн автобусанд чихэлдлээ. Үхсэн баасных нь карантийн болж орхив. Хаа сайгүй л цэргийн сүрээр үл үзэгдэх вирустай байлдах нь ээ байлдах нь. Нэг л их хээрийн хувцастай дайчид. 

 

УОК-н дарга үүссэн асуудлаа дарж байгаад дараа нь аажуу уужуу хариуцлага ярина гэж мэдэгдэв. Асуудал үүсгэсэн улс нь харин үүнийгээ дарж чадах уу гэдэг асуулт урган гарч ард түмнийг түгшээж байна. Эртхэн төрд шигдсэн намчидаа цөөн цөөнөөр нь ч хамаагүй явуулж онц нөхцөлд ажиллах хүчээ, хамгийн гол нь ухаанаа сэлгэх хэрэгтэй юм биш байгаа? Вакцин бидэнд иртэл дор хаяж хагас жилийн зай байна. Ирэх 4 сар хүртэл энэ улс үндэстэн энэ төр авсан үл мэдэхүүдийн доор зовох шинжтэй болоод явчихлаа. Дээрээ мунхаг удирдлагатайгаас үүссэн зовлон, хамаг ачаалал нь нойр хоолгүй ажиллаж буй эмч, сувилагч, лаборант нарт ирж байна. Дараагийн ачаалал цагдаа хүчнийхэнд очиж байх шиг. Ард түмэнд ирж буй ачаалал ч бага биш байна. Ялангуяа ийм цагт өөр өвчнөөр өвдөж зовсон хүмүүст хамгийн хүндээр тусч байна. Тэд бүх нийтийг өвдүүлэхгүйн тулд өөрийн амийг гаргуунд нь хаяахаас өөр аргагүй байдалд хүргэсэн тийм хүнлэг бус шийдлийг дарга нар тулгаж байнаа. Цалингаа тавих гэж толгойгоо базалсан бизнесийнхэн, хоногийн хоолгүй болчих шахсан хичнээн хүн төр засгаа ядаж зөв шийдвэр гаргаж сураасай хэмээн залбирч сууна. Буруу алдаатай шийдэл бүр сайн цагийг хойшлуулна гэдгийг тэд зөнгөөрөө мэдэж байгаа. 

 

Бүх зүйлийг намчирхан харж, сонгуулиар хэмжиж, бүх суудлыг голохгүй эзлэн суучихаад яг асуудал тулгарахад ингэж мунхаглаж болохгүй шүү намчидаа. Та нар сайн дураараа мэддэг чаддаг мэргэжлийн хүмүүст нь зай болоод зөв шийдвэр гаргах орон зай гаргаад өгвөл шоолж баалахгүй байхаа амлаж байна. Харин ч эх орондоо их тус хүргэлээ гэж магтаж байх болно. 

 

Надад ийм л юм бодогдож байх юм. Ийм бүтэлгүй төр засагтай байгаа маань жавхлан юмдаа гээд сууж байх уу. Одоохондоо үгээ хориулаагүй байгаа дээрээ хэлэх юмаа хэлж л баймаар санагдлаа. 


Яг үнэндээ намчин дарга нар маань өөрсдөө мэдэхгүй, өрөөлийн туршлагыг судалж ойлгохгүй дээрээ мэддэг монгол хүнээрээ заалгахаас ичиж нэрэлхээд хар муйхраар зүтгэн биднийгээ баллаад байна даа. Барилдах бөхөө бүтэн жил судалж байгаад баараггүй давдаг аваргууд маань энэ тулаанд жулдаж байна шүү. Тэдэнд бүтэн арван сар барилдаж ковидоо судлах цаг байлаа. Даанч сонгууль мөнгөнөөс өөр юм бодсонгүй бололтой.

 

Жич: Тус бичлэгээр энэ өдрүүдэд аюулт тахалтай үзэлцэж яваа олон эмч, сувилагч, лаборант, цагдаа, жолооч, онцгой байдлын ажилтан, төрийн албан хаагчид, хүнсний хангагчид, эмийн санчид, дэд бүтцийн тэргүүн шугамд байгаа бусад жирийн хүний хичээл зүтгэлийг үгүйсгэх зорилго агуулаагүй болно. Энэ бол зөвхөн миний бодол бөгөөд бодлоо гэж хуулийн хариуцлага хүлээлгэх боломжгүйг үүнийг уншаад эгдүүцэх тэр эрхэмүүдэд дуулгах нь зүйтэй гэж бодлоо.  

  

Монголчууд эвтэй байхдаа хүчтэй vs. Ерөнхийлөгчийн хүмүүс

1911 оны 12-р сарын 29-ний өдөр Монголчууд ердөө гурав хоногийн дараа Бээжинд онхолдох өдрөө хүлээж байсан Манжаас тусгаарлан өөрийн төр улс...