Sunday, August 17, 2014

Нууц Ардчилсан Культличность

Культличность гэж өөрийгөө шүтүүлэх нэгэн төрлийн өвчин буй. Голдуу улс гүрнүүдийн удирдагчид, ялангуяа дэглэм үүсгэсэн хувьсгалуудад оройлох үүрэггүй оролцсон боловч төрийн эрхэнд бусдын сүүдэрт, бусдын татаасаар гарч ирсэн ба сул доройгийн комплексоо нуух хүсэлтэй тийм удирдагчид өвчлөх нь элбэг. Эртний Ромын төрийн эргэлтүүдээр тийм Цезарууд нэлээн төрсөн бөгөөд 20-р зуунд тэдний бүртгэгдсэн рекордыг ч эвдэхээр олон культличность төрөн гарсан байдаг билээ.

Тэдэнд нэгэн нийтлэг шинж бий. Тэд дайснаа ч дайсан, нөхрөө ч дайсан болгож чаддаг. Иймд байгуулсан нийгэм нь бүгд ганцхан зуун ч дамжилгүй мөхөж байдаг юм.

Чойбалсангаас өмнө Монголд культличность төрж байсангүй. Түмэн шануй ч, Модун шануй ч, Европын талд анх хүрсэн Аттилла ч, дэлхийн талыг эзэлсэн агуу их Тэмүүжин Чингис хаан ч түүний үр ач болох их бага хаадууд ч, мөн хаадын удмын хатантай тавнан Доголон төмөр хаан ч культличность байсангүй. Тэд жирийн л нэг нүүдэлчин баатар эрс байлаа. Нүүдэлчдийн амьдралын нөхцөл, ахуй оршил, амь өрссөн тэмцэл нь өөрөө өөрийн сул талыг өөрийн хүнээс сонсон авч, өөрийгөө шүүмжлэхийг хүлээн зөвшөөрч, өөрийн алдаагаа өстөнтэйгөө алалдах тулаанаас өмнө засан сайжруулдаг ёсыг бий болгосон байдаг. Хал нь гаднаа хайр нь дотроо гэдэг үг чухамхүү үүнээс үүдэлтэй. Тэмүүжиний бяр хүч нь эгэл бусдыг байтугай дайснаа ч нөхөр болгож чадаж байсанд л оршдог. Цусанд нь эрх чөлөө нь буцалж, ясанд нь эр зориг нь хатуужиж байдаг талын Монгол баатруудыг өөрөө дарж биш харин бусдыг дарах боломжийг нь чөлөөтэй нээж өгч байж л дагуулж тэргүүлж, хамаг хүчийг нь нэгтгэн чиглүүлж чадахыг хамгийн түрүүнд ойлгосон агуу баатар  бол яах аргагүй Есүхэй баатрын өнчин хүү Тэмүүжин билээ. Чингис хаан  ч тэр, бусад хаад ч тэр ард иргэдээ айдас хүйдсээр биш, асрал хайраар, арга зарчмаар залж байсан нь түүхнээ бичигдэн үлджээ. Их хурилдай бол цэргийн ардчилалын анхны хувилбар байсан билээ. Хаан, харц ялгаагүй шүүмжлэх, алдааг нь засч хэлэх эрхгүй ноёд, жанжин, албатуудтай байсансан бол Монголчууд тэр их олон ялалтыг авч чадах байсан гэж үү. 20-р зууны эхэн үеийн дэлхийн улс гүрнүүдийн бургилаан, бужигнаан дундаас их хаадуудын маань өвлөж үлдээсэн нутаг дээр Монгол улс сэргэх, сөнөхийн заагт бүдчин босож ирэв.

Монголын культличностуудын тухай ярихаас өмнө бидний хамгийн сайн мэддэг зөвлөлт оросын түүхээр культличность хэрхэн төрж байсан тухайд бага сага өгүүлсү.
90 жилийн тэртээд Монгол цустай халимаг эмэг эхийн хөтөлж өсгөсөн Владимир Ульянов гэгч эр Орос оронд хувьсгалын түймрийг тавьж үлээгээд хүчирхийлэлээр байгуулсан улсаа хамтран зүтгэгч нартаа үлдээгээд үзмэр болон нойрссон билээ. Ленин нэрээр алдаршсан тэрээр амьддаа жирийн л нэг ухуулагч, хорчин, намчин, бабник, тариачдын хөрөнгийг хурааж зохиомол өлсгөлөн үүсгэсэнээс иргэний дайнд улс орноо түймэрдсэн мунхаг бодлоготон, мөн  Александр ахынхаа цусан өшөөг хааны удмынхнаас авахыг зорьсон соёлтой хонзон санагч төдий л эр байлаа. Тэр тэмбүүгээр үхсэнийхээ дараа л пролетарийн жинхэнэ их удирдагч, наран гэрэлт оройн дээд багш, бурхны орлогч болсон юм. Талийсан Ленин бол хувьсгалын тухай домог зохиоход жинхэнэ хэрэгтэй фигур байлаа. Түүний орыг залгамжлагчаар өөрийгөө чимээгүйхэн бэлдсэн нэгэн гүрж эр Ленинийг ийнхүү олны шүтээн болгон мандуулсан билээ.  Иосиф Жугашвилли  хэмээх тэр гүрж эр Октябрийн хувьсгалд онцын үүрэгтэй байсангүй. Оттаманы Турк, Оросын хаадуудын булаалдаан дунд хувь заяа нь савчиж байсан Кавказчуудыг талдаа татахад л хэрэг болох байх гэсэн үүднээс өөртөө ойр байлгасан Лениний түмэн алдаануудын хамгийн томуудынх нь нэг нь хожмоо Сталин нэрээр түүхэнд үлдсэн Жугашвилли байлаа. Анхны Искра сонины тухай “очень мягкая бумага Владимир Ильич” гэж хэлсэн гэх онигооны үүргээс хол  илүү үүрэггүйгээр хувьсгалд оролцсон Сталины хувьд жинхэнэ хувьсгалчдын гаргаж тавьсан ардчилсан-социалист аргаар төрд ахих боломж байсангүй. Идеологийг нь Тройцкий нарын архаг хувьсгалчид базчихсан, төрийн аппаратыг нь Свердлов цэгцэлчихсэн, Чекистүүдийг нь Держинский мэдчихсэн, иргэнийн дайныг нь Чапаев мэтийн полевой командирууд өмчилж, бүтээн босголтын ажлыг нугалсан ажилчин ангийнх нь хайрыг нь Киров нарын дэвшилтэт сэхээтнүүд булаачихсан үед Сталины нууц амбиц бараг бүтэшгүй мөрөөдөл байсан үе бий. Азаар иргэний дайн сунжирч, эдийн засаг гундаж, идеологичид хөлөө жийлцэн, нугалаа завхралыг арилгах чанга хатуу гарыг хүсэх ард түмний  хүсэл Сталиныг түүхийн тавцанд гарган ирсэн юм. Сталины замд тээглэсэн хувьсгалчид хуугаараа хороогдож, нэгнийх нь үхэлд нөгөөг нь буруутган хэлмэгдүүлсээр октябрийн хувьсгалын Смольный дахь штабынхнаас Сталин бараг ганцаараа үлдсэн билээ. Калинин Будённый нарын хожуул, бут шиг хэнд ч хэрэггүй цөөхөн хөгшдийг бэлэг тэмдэг болгон үлдээснээр Сталины дэглэм төрхөө олж эхэлсэн түүхтэй.  Зөвлөлт төр түүний өмч болж, зөвлөлт орон асар том туршилтын лаборитори болон хувирлаа. Нийгэм нь нийтээрээ айдас хүйдэс, хардлага, ховны талбар болон хувирав. Иргэний дайн аль эрт дуусаж, эдийн засаг сэргэхийн хамтаар мөн сэхээтэн, ажилчин, тариачдын чөлөөт ухамсар сэргэж ирсэн нь Сталины дэглэмд асар том аюулын харанга болж хувирсан билээ.  Сталины дэглэм 30-д он гарангуут ардын дайснуудыг бодож олов. Тааламжгүй үг хэлсэн бүхэн тамд цөлөгдөж байлаа. Үүнд дэлхийн байдал, ялангуяа 33 онд Германы засгийн эрхэнд гарсан нацистуудын үүсгэсэн нөхцөл байдал ч тааламжтайгаар нөлөөлсөн. 37-40 он гэхэд энгийн ард иргэд дахь ардын дайснуудаа цэвэрлэж бараг дуусаад, дэлхийн ээдрээтэй үед хамгийн хэрэгтэй байсан батлан хамгаалах салбартаа ч хэлмэгдүүлэлтийг хүчтэй өрнүүлэв. Үр дүнд нь улаан армийн удирдах бүрэлдхүүн асар ихээр хорогдож, ур чадварын үүсгэмэл хомсдолоос шалтгаалсан гашуун ялагдалууд 41-42 онд олон сая хүний амийг авч одсоныг дайны түүхийн бараг бүх номонд өдгөө хүлээн зөвшөөрч тэмдэглэн бичих болжээ.

Сталин хүчирхийлэгч байв. Түүний хувийн амьдрал нь ч, хувьсгалын амьдрал нь ч хар дарсан зүүд байлаа. Тэр хүчтэйдээ хүчирхийлж байсангүй. Харин хүчгүй, доройгоо нуухын тулд хүчирхийлдэг байв. Тэр боловсролын хоцрогдолоо нуух гэж сэхээтнүүдийг, ганцаар ноёлох санаархалаа хэрэгжүүлэх гэж офицер, генералуудыг, нийгмийг айдас хүйдэст байлгах гэж авгай хүүхнүүдийг хэлмэгдүүлдэг байсан билээ.
Мэдээж түмэн хамгаалалтын цаана байгаа дарангуйлагчийн хүслийг биелүүлэх ташуур, ард олныг тамлах багажгүйгээр хэн ч дарангуйлж чадахгүй. Тийм ташуур, тамлах багаж нь Ежов, Берия нар, мөн НКВД байлаа. Ер нь бол аль ч дарангуйлагч нийгэмд хүн төрхтэй чөтгөр шуламууд олддог ба тэд л хамгийн адгийн бохир ажлуудыг хийж ард олныг айдас хүйдэсд барьж байдаг. Хөөрхий нийгэм тэр чөтгөр шуламуудаас аврахыг Ерөнхийлөн дарангуйлагчаас гуйж, мөргөж, залбирч эхэлдэг. Ард олныг зовоогч Ежовыг алсаны дараа Сталиныг авран гийгүүлэгч наран мэтээр харж эхэлсэн юм. Сталины төлөө үхэхээс буцахаа больсон бүхэл бүтэн үе чухамхүү энэ он жилүүдэд төрж хүмүүжсэн байдаг. Даанч тэр нарных нь илч зөвлөлтийн ард түмний хувьд тамын зуух мэт төөнөж байсныг Никита Михалковын “Утомленные солнцем” кинонд нэмэлт будаггүйгээр харуулсан билээ. Удирдагчийн тухай муулах байтугай, магтахгүй дуугай байх ч эрсдэлтэй болж ирж байсан үетэй залгаад дайн эхэлсэн түүхтэй.

Дарангуйлагчид ташуур, багажаа ойр ойрхон сольдог. Олон олон Ежов, Берия нар өөрсдөө хог шиг л устгагдсан. Дарангуйлалын үнэн мөнийг нуухын тулд дарангуйлалын багажуудаа устгах нь маш энгийн логик. Тэд энэхүү логикийн дагуу л устгалд хамрагддаг. 

Дэлхийн 2-р дайн цэрэг зэвсгийн технологийг шал өөр түвшинд гаргав. Энгийн моторжсон зэвсгүүдээс гадна Тийрэлтэд онгоц (Ме-262), Лондонд унаж байсан алсын тусгалтай пуужин (Фау-1, Фау-2), Хирошима, Нагасакиг хуйхласан атомын бөмбөг (Литтл бой, Фат бой)-ийн эрин залган орж ирлээ. Зэвсгийн хөгжил хүссэн хүсээгүй боловсролын хөгжлийг Зөвлөлтийн удирдагчдад тулгав. Тэд зэвсгээ хөгжүүлэхийн тулд сэхээтнүүдийг хэлмэгдүүлэхээ зогсоохоос өөр аргагүй боллоо. Харин оронд нь Халимаг, Чечень, Татар зэрэг үндэстний цөөнхийг гадуурхаж хэлмэгдүүлэх дэглэмийнхээ хорхойг дардаг болсон юм. Дайнаас сургамж авсан дарангуйлагчид боловсролыг хүссэн хүсээгүй хүлээн зөвшөөрснөөр 5-6хан жилийн дотор зөвлөлтийн нийгмийн ухамсар үндсээрээ шинэчлэгдэв. Дарангуйлалыг үл тэвчих ухамсар, зориг дайнд ялсан Зөвлөлтийн ард түмэнд ихээр бий болов. 53 онд Сталин үхлээ. Берияг ч тэр жил нь тонилгов. Хүн төрөлхтөний түүхэнд дахь хамгийн аймшигт дарангуйлал ийнхүү дуусав.  Гэвч жинхэнэ чөлөөт нийгэм оросын ард түмнээс бас л хол байсаар үлдсэн билээ.

Монголын төрийг 96 он хүртэл халаагүй барьсан Монгол ардын нам Оросын Тройцкосавск хотноо мэндэлсэн билээ.  Бодоо нараар удирдуулсан ардын хувьсгал 21 онд ялсан юм. Гэвч байгуулсан хувьсгалынхаа галд хувьсгалчид нь өөрсдөө хуйхлагдаад дууссан билээ. Данзангийн морин жолооч асан цэргийн дарга Д.Сүхбаатар цэл залуугаараа тэнгэрт хальсан нь Ленинтэй зэрэгцүүлэн хувьсгалын домог зохиох боломжийг хувьсгалын найруулагчдад нээж өгөв. Сүхбаатар нас барснаасаа хойш л аугаа их цэргийн жанжин, хувьсгалын домогт удирдагч болсон билээ. Хувьсгалын домгийн баатар нэгэнт бэлэн болсон тул хувьсгалчдыг дарж, ард олны дарангуйлах чимэг болсон удирдагчийг олж тодруулах хэрэгтэй болсон юм. Тэр удирдагч ч хувьсгалчдын арын эгнээнээс амархан олдсон. Нэр нь Чойбалсан.  Социалист Монгол дахь дарангуйлал, хэлмэгдүүлэлийн түүх ерөнхийдөө Зөвлөлт Оросын түүхтэй их төстэй. Тэнд Ардын дайснууд, Ежов, Берия, НКВД-ийн монгол хувилбарууд бүгд л байдаг. Тэр ч бүү хэл Лениний хүүхэн Крупскаягийн монгол хувилбар ч байсан. Чойбалсан бол өөрийгөө шүтүүлэгч байв. Чойбалсангийн үед Герман явсан хэдэн хүүхдээс өөр үндэсний сэхээтэнсээд байх юм байхгүй байсан тул хамаг бяраа дундад зууны сэхээтнүүд болох лам нарт гарган хядсан билээ. Дараа нь хэлмэгдүүлэлийн багажаа бүгдийг нь устгасан. Олон ногоон малгайтан хожим нь өөрсдөө нядлуудаад л дууссан. Цэдэнбал ч ялгаагүй. Бас л сэхээтнүүдийг хэлмэгдүүлэгч, өөрийгөө хүчээр магтуулагч байлаа.

Гэлээ ч энэхүү ээдрээтэй түмэн нугачаан дунд Монгол улсын тусгаар тогтнолыг дэлхийд зөвшөөрүүлэх түмэн аргыг сийлж чадсан Хорлоогийн Чойбалсаны гавъяаг Монголчууд хэзээ ч мартах учиргүй гэж би хувьдаа боддог.  Гэхдээ бид Чойбалсанг байгаагаар нь, байснаар нь амьдралын баяр, гуниг, ололт, алдаатай нь үнэнээр нь дурсаж чадаж байвал л түүний алдар нэр мөнх үлдэх болно.  Цэдэнбалын хувьд онцын хөгжөөгүй хоцрогдсон Монгол орныг босгож ирэх, хувь хувьсгалын элдэв аргаар Монголын бүтээн байгуулалтанд хөрөнгө татах ажлыг хийж амжуулсан гавъяа бий. Цэдэнбал эхэндээ сэхээтнүүдийг хэлмэгдүүлдэг байснаа ухаажин боловсролыг идэвхтэй дэмжигч болсон юм. Түүний бодлогын ачаар зөвлөлтөд сурсан сэхээтнүүд 70-80-д оны социализмыг барьж байгуулсан билээ. Бид Социализмын үе гэж ярьдаг цаг үе бол Цэдэнбалын л үе байсан. Социализмын үед ийм сайхан төлөвлөж, ингэж бүтээж, дарга нар нь ингэж хумслахгүйгээр  шударга ажиллаж чадаж байлаа гэж ярих хүн олон байвч яг үнэндээ бол Оросоос зээлсэн мөнгөний мэнэжментийг оросууд л хийж байснаас харьцангуй цэгцтэй, грамотный бүтээн босголтууд хийгдэж байлаа. ЗХУ Монголд мөнгө өгөөд мөнгөний зарцуулалтыг нь бас ба бэ-гүй зааж өгдөг байсан л хэрэг. Гэвч чөлөөт сэтгэлгээг зөвшөөрдөггүй, чөлөөт эдийн засгийн механизм байхгүйгээс систем нь тэгэсгээд дампуурсан даа.

90 онд Монголд бас нэгэн хувьсгал боллоо.
Дэлхийн хоёр том системийн хоорондхи хүйтэн дайны өрсөлдөөнөөс шалтгаалсан 70-80-д оны боловсролын түвшний нийтлэг өсөлт чөлөөт нийгмийн таатай хөрс суурь нь болов. 80 оны сонгуулиар ялалт байгуулсан Калифорниагийн амбан захирагч, Холливудын жүжигчин асан АНУ-н ерөнхийлөгч Рональд Рейган хүйтэн дайны тактикаа эрс өөрчилсэн билээ. Тэрээр 3 зүйлийг тун амжилттай хийснээр социализмыг нурааж чадсан юм. Нэгд, АНУ арабын хойгт ноёрхолоо тогтоон дэлхийн нефтийн үнийг хүчээр навс унагаан үүгээрээ зөвлөлтийн нефтийг борлуулалтгүй болгож, эдийн засгийг нь валютын орлогогүй болгов. Мөн холбоотон Тэтчэр хатагтайтайгаа нийлж эдийн засгуудаа либеральчлан, хувьчлал, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлж төрийн татварынхаа баазыг эрс нэмэв. Хоёрт, санхүүгийн асар их нөөцдөө түшиглэн хүйтэн дайныг шинэ шатанд гаргав. АНУ сансрын хамгаалалтын систем байгуулж ЗХУ-г зэвсэглэлийн асар их хөрөнгө мөнгө шаардсан уралдаанд хүчээр татан орууллаа. ЗХУ арга буюу үндэснийхээ нийт баялагийн талаас илүү хувийг батлан хамгаалах хүчин чадлаа зузаатгах, асар өндөр өртөгтэй төсөл, хөтөлбөрүүдэд үнэн таран хийхээс өөр гарцгүй болсон юм. Үүнийг дагаад социализмын бүтээн байгуулалт саарч, нийгмийн асуудлууд нь хүндэрч ирэв. Нийгмийн бухимдлын хөрс суурь хаа сайгүй бий болов. Гуравт, Рейган Холливудыг социализмыг нураах үйлсэд маш оновчтой ашиглав. Холливудын студиудад хямдхан, утга агуулга муутай ч америкийн жаргацан, зугаатай нийгмийн тухай кинонуудыг үй олноор нь үйлдвэрлүүлэн зүүн европ, ЗХУ-н нутаг дэвсгэрт орчуулан оруулж орхив. Орон сууцны подвол, оюутны байрнуудын ЛенКомната-нуудад америкчуудын жаргацан амьдралыг кинон дээр ч болов харсан хэн ч “живут же люди, а мы живем как собаки” хэмээн амандаа чимээгүйхэн хэлэн гарч ирцгээх болов. Нийгэм өөрийнхөө амьдралд нийтээрээ сэтгэл ханамжгүй болж билээ.
Ингээд 89 онд хувьсгал эхлэв. 89 онд Зүүн Европ хувьсгалд буцалж, 90 онд Монголд улс төрийн товчоо суудлаасаа буув. 91 онд оросын коммунистууд амжилтгүй путч зохион байгуулсан нь социализмыг бүрэн нугаслав. Хаа сайгүй ардчилал нэртэй пост-коммунист дэглэм тогтлоо. Зүүн европ л баруун европын хүчтэй нөлөөлөлөөр арай гэж ардчилагдав. Бусад оронд ардчилалын имитаци л хүчтэй хөгжлөө.

Монгол улс ардчилалын замыг эхэндээ сонгов. Бүх юм зөв явж эхэлж байлаа. Үнэ чөлөөлөв, үг хэлэх эрх чөлөөг баталгаажуулав. Парламентаа хүчирхэгжүүлэв. Гэвч 98 оны намар С. Зориг гэдэг залуу алагдлаа. Ингээд ирээдүйн дарангуйлагчид хувьсгалын домог үүсгэх юмтай болж авцгаалаа. Шар Зориг алтан Зориг болов. Шээдэг Зориг шигтгээ даймонд боллоо. Дараа нь уламжлалт хэлмэгдүүлэлт эхэллээ. “Зоригийн хэргийг шалгах явцад” шошготойгоор хүмүүсийн хувь заяа хохиров. Хүчний байгууллагууд бяр орж эхэллээ. Нийгэм айдаст автан намс хийв. Хэнийг ч, ямар ч хэрэгт унагааж хэний ч хувь заяагаар яаж ч тоглож болохыг бүгд харцгаалаа. Гэвч дуугаа хураасаар. 2000 онд засаг солигдов. Сонгуулийн гол багаж нь Зоригийн хэрэг болов. Пост коммунистууд засаг авсан ч тэд өөрсдөө тун удалгүй чинээлэг хөрөнгөтнүүд болцгоож орхисон тул шальтай дарангуйлагч төрсөнгүй. Тэдний удирдагч нь өөрийгөө үндэсний удирдагч, ард түмний эцгээр өргөмжлөх гэсэн боловч хөрөнгөжсөн пост-коммунистууд түүнийг өөрсдөө шахан зайлуулж, шоронд чардайлгаж орхилоо.

Гэвч Монгол улс ардчилагдсангүй. Шинэ дарангуйлагчаа хүлээсээр түр амсхийв. Ардчилсан культличностыг хүлээцгээн Монгол нам гүм.

Монголд ардчилсан намаас бусад намаас дарангуйлагч төрөх боломж байхгүй. Яагаад гэвэл тэд ил болоод эхэлбэл ардчилсан хувьсгал дахин гарч тэднийг шорон руу нь илгээж орхино. Харин ардчилалын шошготой дарангуйлагчийг хэн ч дарангуйлагч гэж анзаарахгүй байсаар газар авхуулж нэг л мэдэхэд атганд нь орж зовцгоох болно.  Ардчилсан хувьсгалд бараг оролцоогүй, арын эгнээнээс аж ахуйн шугамаар Сталин шиг орж ирсэн их мөнгөтэй тийм хүн л Монголд дарангуйлагчаар тодрох боломжтой. Дараагийн дарангуйлагчид хуучин технолгиор ноёлох боломжгүйгээ сайн мэдэж байгаа. Тэд эрх мэдлийг зогсоо зайгүй худалдан авч хувьцаа шиг ширхэг ширхэгээр нь цуглуулах болно. Улс орны бүх нүх сүв, төрийн бүх салаа мөчирт тэд бууны нохдоо байрлуулна. Хувьчлалын давалгаанд эдийн засгийн гол гол сувгуудад хяналтаа хэдүйнээ тогтоосон ирээдүйн дарангуйлагчид улс төрийн нам, намын доторхи холбоо фракцуудыг өмчлөлдөө авч культличностийн гараагаа эхэлнэ. Спорт, урлагийн амжилтуудыг жинхэнэ эздээс нь ч илүү өмчлөн өөрсдийгөө алдаршуулцгаана. Хууль хяналт, шүүх цагдаагийн эрх мэдлийг бага бгаар худалдан авч дуусч ч магадгүй.  Түүнд төрийн эрхэнд суух л үлдэнэ. Алх цохих эрхийг олж авах багаж бол популизм, хөгжил дэвшил, эх орон гэсэн үгс байдаг.Энэ үгсийг хамгийн чангаар хэлж байгаа хүмүүс дунд л ирээдүйн дарангуйлагчийг хайх хэрэгтэй.  Өмнөх удирдагчдыг арчаагүй, чадваргүй нэгэн болгож харагдуулах суртлын компани өрнүүлэх болно. Тэгэж тэгэж төрийн эрхэнд хөдөөнийхөн, гомдогсдын тусламжаар гарч ирэх байх. Сталин борчуудаар, Чойбалсан хөдөөний фракцаар дамжуулан засаг авсан зарчмаас тэд хазайж чадахгүй. Тэднийгээ дадлагажуулж ганц нэг хүнийг мэр сэр хэлмэгдүүлэн, НКВД-ийн 21-р зууны Монгол хувилбарыг бий болгон хүчирхэгжүүлнэ. Тэд шүүхийг ч атгандаа хийж авахаар оролдож байгаа. Шударга шүүгчдийг шахаж, дуулгавартай шүүгчдийг тордох болно.

Одоохондоо тэдэнд цуст дарангуйлагчид шиг атгаг бодол байхгүй ч байж мэднэ. Гэвч эрх мэдэл хэнийг ч өөрчилдөг. Цаг нь ирэхээр тэд өөрсдөө ч мэдэлгүй жинхэнэ дарангуйлагч болон хувирна. Магадгүй шинэ дарангуйлагчид маань уже дарангуйлаад эхэлчихсэн ч байж болох юм. Хэн нэгэн нууц дарангуйлалтай ардчилсан культличность. Тэд өөрсдийг нь шүүмжилсэн хэнийг ч шоронжуулах гэж оролдох болно. Учир нь шүүмжлэлээс айх айдас бол дарангуйлагчийг таних үндсэн шинж тэмдэг юм. Культличность өвчнөөр өвдсөн дарангуйлагчид өөрсдийгөө магтуулахад хөрөнгө хайрлахгүй. Тэд бол аугаа жүжигчид. Тэд сэтгэл хөдөлгөнө, уйлна, гэмгүй царайлна, хайр татна. Ер л бол элдэвлэнэ дөө. Тэгэж тэгж популяритигаа суга өсгөнө. Түүнийг хамгаалагч улаан хамгаалагчдын армийг бий болгоно. Хэвлэл мэдээлэлийг эхлээд асуудалд оруулж дампууруулаад дараа нь дэмжиж санхүүжүүлнэ. Өр зээл, шүүх шоронгийн асуудалтай нөхдүүдийг олж шүүх цагдаагийн сүлбээсээ ашиглан туслана, аргалуулна, дараа нь аргагүй байдлаар нь далимдуулан атгандаа хийж аваад тэднийг жинхэнэ бууны ноход, аймшгийн боргогчид болгоно.  Гэмт хэрэгтэй тэмцэх шинэ бүтэц байгуулна. “Гэмт хэрэг”-ийг нь илрүүлнэ. Дараа нь наймаацна. Наймаанд ороогүй нэгнийг нь олны өмнө шоглож “шударга ёс”-ыг тогтооно.  Хүчний байгуулагууд хоорондоо алалдах болно. Ил цагаан алахгүй ч тун хатуу тоглоцгоох болно. Ингэж хэлмэгдүүлэлийн багажнууд өөрсдөө өөрсдийгөө тээрэмдэж дуусгана.

Энэ бүх завхралын эцэст дангаар хаанчлагч нууц эзэн л хожно. Монголын бүх юм, монгол улс тэр чигээрээ түүний өмч болох цаг ирж ч магадгүй. Хөшөө, хөрөг бол культличность-ын багаж. Эхлээд хаад бурхадын хөшөө барьж байгаад дараа нь мэдээж өөрийнхөө хөшөө, хөргийг л бүтээлгэдэг болох нь тэдний туйлын мөрөөдөл. Дарангуйлахыг мөрөөдөгчид өөрсдөдөө зориулан том понарам зураг зуруулцгаана. Голд нь өөрийгөө. Ер нь бол Монголд шинэ культличностууд төрж байна. Харин тэдний хэн нь жинхэнэ дарангуйлагч болж чадах вэ л гэдэг асуудал.
Одоо цагт Монголд дарангуйлал тогтож, Монголчууд культличностийг хүлээн зөвшөөрвөл Монгол улс шууд утгаараа дахин сэргэхгүйгээр мөхөх болно. Учир нь дарангуйлалаас Монголын сор болсон сэхээтнүүд, жирийн иргэд асар олноороо дүрвэн зугатаж гадаадад гарцгаах болно. Үр дүнд нь Монголын хээр тал эзгүйрнэ. Энэ эзгүйрлийг харийн түрэмгийлэгчид ашиглах болно. Тусгаар тогтнол дуусах ч аюул бий. 

Бид ийм ирээдүйг хүснэ гэж үү? Нухацтай бодох л асуудал.
Үнэхээр эх орончид л юм бол дарангуйлал, үг дуугүй ноёрхолд тэмүүлээд байгаа улс төрчид минь ухаарч, ухрах цаг нь чинь болж. Та нар бараг буцах боломжгүй цэгтээ тун ойртсон байна шүү.

Thursday, July 24, 2014

Сэрүүн зүүднээсээ сэрцгээе


Сүхбаатрын одонт, Нобелийн шагналт  Михаил Шолоховын “Донын өгүүллэгүүд”-ийг уншаагүй хүн бидний үеийнхэнд ховор бизээ.  “Голоош” хэмээх нэгэн бяцхан өгүүллэг тэнд бий. Уг өгүүллэгт Семка хэмээх тийнэжэр найз охин Марускадаа бусдаас дутуугүй ганган харагдахын тулд эцгийн үлдээсэн үхрийг зарж шинэхэн голоош авч өмсөн, үүндээ хөөрүүтэн согтуурхаж яваад хамгаа алдан эцэст нь тавхан копейктай гэртээ ирдэг гунигт түүх гардаг билээ.

Капитализмын прогрессив эрин гэж нэрлэгддэг аж үйлдвэржилтийн эрч гаарч байсан 19, 20-р зууны заагт Америкийг залж байсан Теодор Рузвельт ерөнхийлөгчийг манайд олон хүн сайн мэдэхгүй. Гэвч түүний дүрийг америкчууд Өмнөд Дакода дахь Рашмор ууланд Вашингтон, Жефферсон, Линкольнтой цуг зүгээр нэг хаднаас товойлгон сийлээгүй юм.  Теодор Рузвельт бол Conservation буюу байгаль хамгаалалын жинхэнэ дайчин нь байжээ. Тэрээр Америкийн Үндэсний Паркийн системийг үндэслэгч билээ. Аж үйлдвэржилт уурхайжилтын эхэн үед түүнийг олон капиталист шүүмжилж байсан ч 100 жилийн дараа түүний зөв байсныг бүгд ойлгосон. Аж үйлдвэржилт бол түр зуурынх, аялал жуулчлал бол өнө мөнхийн орлого гэдгийг хамгийн түрүүнд олж харсан капиталист бол Теодор Рузвэльт юм. Түүний зөвийг батлах мэт өнөөдөр аж үйлдвэржсэн Детройт дампуурч, Америкийн ган хайлуулалт, химийн үйлдвэрлэлийн төв Охайод ажилгүйдэл гаарч байхад Гранд Канион, Рашмор, Ёшимит, Елловстоун зэрэг үндсэний паркууд сая сая жуулчдыг татан соронздож үйлдвэржиж, уурхайжаагүй муж улсаа тэжээгээд байж байх юм. Байгалийн тогтоц дутуу ч түүнийг орлох хүний гараар бүтээсэн атракцион америкийн олон мужид хожим нь үүссэний хамгийн том нь Орландо дахь Диснейлэнд, Невада дахь Лас-Вегас хоёр билээ.

1973 оны Араб-Израилийн дайн дэлхийд нефтийн үнийг өсгөх дохио өгсөнөөр Араб, Персийн булан гэдэг үгсийн албан бус орчуулга нь нефть болон хувирах шахав. Энергетикийн кризис болон нефтийн үнийн өсөлтөөс аль 38 оноос нефть олборлосон ч хөгжиж шалиагүй байсан Сауди Араб, Ирак, Иран зэрэг улсуудад хүчирхэгжин өндийх боломж гарч ирэв. Тэд нефтийн олборлолт, боловсруулалт, борлуулалтыг өөрсдөө хийн дэлхийн нефтийн зах зээлд хяналтаа тогтоох хэмжээнд хүрч очлоо. Нефть химийн аж үйлдвэрийн комплексууд эдгээр орнуудын хөгжил цэцэглэлийн дүр зураг нь болж байсан түүх саяхан.  Персийн булангийн томчууд хүчирхэгжихийн хэрээр Кувэйт, Эмиратс, Катар зэрэг булангийн багачуудын ирээдүй бүрхэг болж ирлээ. Булангийн үзүүрийн Кувэйт Ирактай нефтийн зах зээлд илт өрсөлдөх замыг сонгосон бол Эмиратс өөр зам сонгов. Эмиратсын сонгосон замаар Катар хожим нь орлоо. 91 онд өрсөлдөгч Кувэйтэд Ирак сургамж өгч дайран эзлэж баахан сүйтгэв. Арабын Нэгдсэн Эмиратс 1985 онд 10 сая ам доллараар нэгэн бизнес эхлүүлсэн нь өдгөө тус улсын үндэсний бахархал, тусгаар тогтонолынх нь хамгийн том баталгаа болж байна. Эмиратс Эйрлайнзыг байгуулахаас өмнө хэн ч булангийн тэр жижигхэн ванлигуудыг мэддэггүй, мэдсэн ч тоодоггүй байсан цаг саяхан билээ. Тэд байрлалаа ашиглан өөрийнхөө нэрийг дэлхийд цээжлүүлж, тугаа дэлхийд нүдлүүлэн, тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэх мэргэн арга сэдсэн нь агаарын хамгийн том хаабыг байгуулсан явдал байлаа. Түмэн газрын олон зуун мянган хүнийг нэгэн зэрэг нутагтаа байлгаж байх, тэднээр халхавч хийн хүчирхэг хөршүүдийнхээ болзошгүй түрэмгийлэлээс сэргийлэх боломжийг зөвхөн маш ухаалаг алсын хараатай хөгжүүлсэн агаарын хааб, түүнийг түшиглэсэн аялал жуулчлал, тэмцээн наадам, худалдаа арилжаа, үзэсгэлэн яармаг, хурал цуглаан, санхүү зээлийн төвүүд л олгоно гэдгийг тэд аль 85 онд гайхамшигтай мэргэнээр олж харжээ.  Тэд нефтийн үйлдвэрлэлийг хөгжүүлж зах зээлд түрэмгийлсэнгүй. Зүгээр л байгаа нефтээ байгаагаар нь арилжиж орлогоор нь түүнээс хэд дахин зөв байнгын их орлоготой бизнесийг л хөгжүүлж чаджээ. Өнөөдөр Дубай, Доха цэцэглэж хөрш томчууд нь гүн хямралд орцгоож, зарим нь дундад зуун руугаа эрчимтэй буцан нүүдэллэж байна. Нефть зарсан нь биш нислэг зарсан нь, аж үйлдвэржсэн нь биш аялал жуулчлалаа хөгжүүлсэн нь тасраад түрүүлээд алга болцгоожээ.

Монгол улс социалист лагерь дотроо л хамгийн хоцрогдсон телефон холбоотой улс нь байж билээ. Сая таван зуун хавтгай дөрвөлжин километр талбайгаар 18 аймаг, 300 гаруй сум, 1000 гаруй бригадын төв, тоймгүй олон өвөлжөө, зуслангуудаар тархан суусан Монголчуудыг холбоожуулах нь амар зорилт байсангүй. Тав таван жилийн төлөвлөгөөнд багтаагаад улс орон даяар шонгийн мод татан төмөр утасны мончер ажиллуулж байсанчиг төв шуудангийн кабинаас Мөрөнд байх гэр рүүгээ 3 минут ярих гэж 2 цаг хүлээн сууж 5 төгрөг төлдөг байсан маань саяхансан. Мөрөн 10 жилээс маань холбоо-электроникийн сургуулийг ЗХУ-д онц төгссөн нэлээн хэдэн ах 90-д оны эхээр ганзгын наймаа руу орцгоож байсан нь уг салбарын ирээдүй туйлын бүрхэг байсантай ч холбоотой гэж би бодож явдаг. Тэгэж байтал 90-д оны дундуур технологийн шинэ давалгаа гарч ирэв.  Онцчууд нь гараад явсан холбооны салбарыг сахиж үлдсэн хэдэн шинэхэн залуу энэ давалгаанд саятан тэрбумтнууд болцгоолоо.  5000 хэрэглэгчтэй болох асар зоримог бизнес план хийж байсан Мобиком компани сая хол давсан хэрэглэгчтэй болов. Гар утасны операторууд хоцрогдсон монголыг 10хан жилийн дотор дор нь холбоожуулж уулын аман дахь өвөлжөө бууц бүрд гар утасны дуу хангинах болов. Үүрэн телефоны эдийн засгийн шууд нөлөө ДНБ-ийг дээд тал нь 3 хувь өсгөдөг бусад орны туршлага Монголд бараг 10 хувьд дөхөж туссан үр дүн үзүүлэв. Холбоожилт жигдэрсэнээр бизнес асар эрчимжив. Ялангуяа гадаад харилцаа, гадаад худалдаа цоо шинэ шатанд гарах боломжийг холбоожилт олголоо. Монгол улс холбоожуулалтын талаар социализмыг манлайлж байсан олон олон зөвлөлтийн БНУ-г хол орхичихов. Өнөөдөр сая хүнтэй Улаан-Үд хотод л гэхэд манай багахан сумын төвөөс ч цөөхөн хүн гар утас хэрэглэж байна. Монголын энэ амжилт бол хөгжлийн хуучин технолгийн араас нь хөөх биш шинэ технолгийг угтан амдаж урд нь орох загварын том жишээ болж макро-эдийн засгийн сурах бичигт бичигдэх кэйс юмаа.

Энэ жилээс наадмын амралтыг 5 өдөр болгосоноор миний өссөн төрсөн онгон зэрлэг Хөвсгөл нутгаар маань хөгжин цэцэглэсэн Улаанбаатраасаа зугатаасан хотынхон, дээр нь нэмээд Улаанбаатраас ч өндөр хөгжилтай азийн барууд, америкийн шонхоруудаар пиг дүүрэв. Ойрхон шиг шинэчлэлийн засгийн газар маань ч хөгжил цэцэглэл, бүтээн босголт, шинэчлэлийн нүргээнээсээ дайжин Хөвсгөлд цуглан чуулах сураг гараад явчихлаа.
Энэ чинь юу болоод л саяхан нөгөө хүсээд тачаадаад, эх оронч эрлийзээрээ хуваагдан хоорондоо алалцахдаа тулаад байсан хөгжил цэцэглэлээсээ зугатаан дайжаад унав даа. Таминь ээ? Хүмүүс яахаараа хөгжил цэцэглэл нь оргилж, аж үйлдвэр нь боргилсон орчин үеийн диваажингуудаасаа зугатаан хоцрогдсон бөглүү хязгаар нутаг руу минь хог чирэн шавнам бээ?

Би бол Хөвсгөлийн унаган хүү. Унасан газар минь Гурван Бадрах уул өссөн дэнж минь Дэлгэрмөрний хөвөө. Эцгийн ясыг дагавал Эрчимийн өврийн халх, эхийн цусаа хөөвөл Батхаан уулын өвөр бэлээс нүүдэллэн ирж хойд хил сахин суусан Архан Харуул. Буурал дэлхийн залуугийн зураг шиг өссөн төрсөн үзэсгэлэнт хязгаараа хар нүднээсээ ч илүү хайрладаг ийм л хүн. Товчхоноор хэлэхэд би бол байгаль сүйтгэгч аж үйлдвэржилтийн фээн биш юм.  

Мэдээж хэрэг хөгжил дэвшил бол техник технологигүйгээр үл гүйцэлдэх зорилт. Техник технологи яаж бий болдог вэ. Гар утас хэмээх зүйлээр технологийг тайлбарлах гэж оролдьё.

Түүхий эдийн олборлолт: хөгжлийн түүхий эдийг олборлон гаргаж авдаг үйлдвэрлэлийг бид уул уурхай  хэмээн нэрлэдэг. Хоёр үндсэн чиглэлийн олборлолт байдаг. Нэгдүгээрт үйлдвэрлэлийн материалын түүхий эд олборлолт. Хоёрдугаарт энергетикийн түүхий эд олборлолт. Материалын түүхий эдийг бэлэн бүтээгдхүүн болгоход олон дамжлага шаардлагатай бол энергетикийн түүхий эдийг боловсруулалтгүй, эсвэл ганцхан дамжлагын боловсруулалтаар бэлэн бүтээгдхүүн болгон хэрэглэх боломжтой.  Монголд бол аль аль нь байна. Уурхай бол байгал орчны төрхийг алдагдуулж, усны нөөцийг хомсдуулдаг асар муу үр нөлөөтэй. Тэхдээ үүний дараагийн шат болох боловсруулах үйлдвэртэй харьцуулахад хор хохирол хамаагүй багатай ч аялал жуулчлал, хөдөө аж ахуй, уламжлалт соёлыг устгахад гол хүчин зүйл нь болдог билээ. Гар утас хийхэд шаардлагатай метал, ховор элементүүд, хагас дамжуулагч, нийлэг материалын түүхий эдийг байгаль дээрээс энэ дамжлагаар гарган авдаг.

Түүхий эд хагас буюу бүрэн боловсруулах үйлдвэрлэл: бол бүх аж үйлдвэрлэлийн дотроос хамгийн хортой үйлдвэрлэл бол энэ. Асар их хорт бодис, хортой технологи хэрэглэх ба байгаль орчин, хүн амын удмын сан, хүнс хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, усны нөөц гээд хордуулахгүй, хохироохгүй зүйл энэ үйлдвэрлэлд үгүй. Энэ үйлдвэрлэлээс гаргаж авдаг бүтээгдхүүнийг дараагийн шатны үйлдвэрлэлд хэрэглэхээр хил давуулан илгээх ба хор хохирол гай гамшгийг нь нутгийн иргэд, буурай улс орнууд шингээгээд үлдээдэг. Өндөр хөгжилтэй орнууд өөрийн нутагт ийм төрлийн үйлдвэрлэл явуулахыг тас хориглох болсон ба ийм үйлдвэрүүдээ голдуу хүн амын бодлого муутай, байгаль орчны шаардлага сул ази, зүүн өмнөд азийн орнууд руу нүүлгэж орхисон байдаг.  Өнөөдөр хятадад л гэхэд дэлхийн анхан шатны үйлдвэрлэлүүд тэр чигээрээ нүүгээд ирчихсэн гамшиг тариад байж байна. Австрали хамгийн сүүлчийн уул уурхайн боловсруулах үйлдвэрээ өнгөрсөн зун хаасан бөгөөд, хонины нэхийгээ ч хятад руу ачуулж боловсруулах болжээ. 2 жилийн өмнө Австралиас машины үйлдвэрүүд ганц нь ч үлдэлгүй гарч явсан байна.  АНУ, Европын олон муж, олон улс орнуудад энэ төрлийн хүнд үйлдвэрүүдээ ази руу нүүлгэж орхитол байгал орчин, амьралын нөхцөл нь сүүлийн жилүүдэд эрс сайжирч соёлтой өндөр технологийн хөрөнгө оруулалтууд нэмэгдсэнээр өмнөхөөсөө ч их орлого ашигтай ажиллах болсон байна.
Гар утасны үйлдвэрлэлд шаардлагатай металуудыг уурхайн хүдрээс ялган баяжуулж, түүнд шаардлагатай металыг хайлуулан, метал хайлуулах нүүрсийг угаан, коксжуулан, нийлэг материал болон тээвэрлэлтэнд хэрэглэх шатахуудыг гаргаж авах нефтийг нэрж ангилан гаргадаг үйлдвэрлэл бол энэ юм.

Бэлэн бүтээгдхүүний үйлдвэрлэл: бол түүхий эд, хагас боловсруулсан түүхий эдийг багаж тоног төхөөрөмж, эрчим хүчний тусламжтайгаар бэлэн бүтээгдхүүнд хувиргах үйлдвэрлэл юм. Голдуу бэлэн бүтээгдхүүнийг худалдан борлуулах зах зээлийнх нь ойр, бас ажиллах хямд хүчийг түшиглэн хөгжүүлбэл амжилт олдог салбар юм.  Олон олон бэлэн бүтээгдхүүний үйлдвэрлэл нь механикжсан, роботжсон, эсвэл хүний хөдөлмөрийг робот шахуу болгосон монотонный үйлдэлтэй байх бөгөөд зах зээлийн нөхцөл байдалд тааруулан хүссэн үедээ татан буулгаж, хүссэн үедээ сэргээн эхлүүлэх боломжтой байхаар зохион байгуулагдсан байдаг.
Гар утасны эд анги үйлдвэрлэх, угсрах үйлдвэрлэлүүд үүнд хамаарна. Тухайн үйлдвэрүүдийн ажил орлоготой байх эсэх нь үйлдвэрлэж байгаа гар утасны загвар, эрэлт хэрэгцээнээс шууд хамааралтай бөгөөд ширүүн өрсөлдөөн дунд өрнөдөг зах зээлийн тэмцлийн орчинд хувь заяа нь савчин байдаг билээ.

Инженерчлэл, багаж, зэвсгийн үйлдвэрлэл: бол үйлдвэржилтийн оргил цэг нь юм. Чухамхүү энэ төрлийн үйлдвэрлэлээ хөгжсөн орнууд хэзээ ч гадаад руу гаргадаггүй. Доод шатны үйлдвэрлэгчидийг энэ бизнес рүү орох замыг амар тавьж өгдөггүй юм. Tooling буюу багаж тоног төхөөрөмж бол ямар ч үйлдвэрлэлийн үндэс, инженерчлэл бол тэр үндэсийнх нь үндэс, зэвсгийн үйлдвэрлэл бол инженерчлэлийг тэтгэх тэжээл, технологи хөгжүүлэх хөшүүрэг, хөрс суурь нь болж байдаг.  Гар утас үйлдвэрлэгч компаниуд энэ үйлдвэрлэлээ зөвхөн өөртөө, маш нууц байлгах ба хаашаа ч гаргаж ил болгодоггүй билээ. Купертино дахь Аппл кампусын ихэнх орон зай ийм л үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд чиглэдэг.

Гэвч хамгийн сонирхолтой нь гар утсыг зардаг, худалдаг, үйлчилгээ үзүүлдэг бизнесүүд уурхай, боловсруулалт, угсралтаас ч илүү ашиг орлоготой байдаг. Бусад бүх бүтээгдхүүний хувьд ч энэ зарчим давтагддаг.
Монголчууд бид бол хөгжих чин эрмэлзлэлтэй байгаа улс. Харин яаж, ямар салбарыг барьж авч хөгжих вэ?
Мэдээж уул уурхай эхний ээлжинд санаанд буудаг. Олон олон бодлого тодорхойлогчид Сайншандын аж үйлдвэрийн паркийг хөгжлийн гарц хэмээн батлах тулгах хоёрын дундуур хэлж байна.
Миний бодлоор би уул уурхайгаар хөгжих биш харин жинхэнэ хөгжилд хэрэгтэй бэлэн мөнгийг л уурхайгаасаа  зардал чирэгдэл багатайхан шиг гаргаад авчихмаар байгаа юм. Учир нь олборлолтын тоос л бидэндээ хангалттай уршиг тарих болно. Илүү нэмж хор хохирол хүлээх хэрэг байна уу.

Сайншандын аж үйлдвэрийн парк гээчийн талаар багахан мэдээлэл цуглууллаа. Өнгөц харахад л дуу алдмаар түүхий, хор хохиролтой, ашиггүй ёстой нөгөө голоошийн үлгэр тэр чигээрээ байж байх юм. 2009 оны байдлаар нийт 9.3 тэрбум ам долларын санхүүжилттэйгээр зэс хайлуулах үйлдвэр, хорголжин төмрийн үйлдвэр, коксын үйлдвэр, цэментийн үйлдвэр зэргийг тэдгээрт зориулсан дэд бүтцийн хамт барьж босгохоор төлөвлөсөн юм байх. Ер нь бол өнөөдөр бариад 5 жилд багтаан ашиглалтанд оруулъя гэвэл эскалаци, инфляци тооцвол 17-18 тэрбум руу дөхөх өртөг гарахаар юм байна. Үйлдвэрүүдийг түүхий эдээсээ бүгд хол бөгөөд бүхнийг усгүй цөлд, түүхий эдийн олборлолтуудаас нь олон зуун километрийн алсад байгуулахаар төлөвлөжээ. Ганц авах юм нь байрлал нь юм байх. Шавар дээр байрлалсаад байх ч юу байхав. Төмөр зам дээр тул энэ байрлалыг сонгосон бололтой.

За үйлдвэрүүдийг шинжье
Зэсийн үйлдвэр: Сайншандад зэсийн үйлдвэр ашиглалтанд орвол одоо ч зэс үйлдвэрлэж байгаа Эрдэнэтийн ашиг орлого, хувьцаа үнэлгээнд сөрөгөөр нөлөөлж дотоодын үр ашиггүй өрсөлдөөн үүсэх нь гарцаагүй. Багахан зардлаар Эрдэнэтийн хажууд нэмж байгуулж болох цэвэр зэс ялган авах үйлдвэрлэлийг хаа хол баяжмал тээвэрлэн хийх нь ашгийн мааржинг үлэмж бууруулах бөгөөд илүү тээвэрлэлтээс үүдсэн өртөгийн өсөлт уг үйлдвэрт өрсөлдөх чадварыг буй болгохгүй байдал харагдаж байна.  ROI (Return of Investment) буюу хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаанууд нь үнэмшилгүй бөгөөд хамгийн зохиомол байдлаар татаж тооцлоо ч 10-15 жил болж харагдаж байгаа нь бодит ROI хэзээ болох нь улам бүрхэг болж байна. Санхүүгийн маш ярвигтай схемээр олдсон зээлээр санхүүжигдэж барих энэ үйлдвэр миний харж байгаагаар ашгаа хэзээ ч өгөхгүй бөгөөд хэвийн бизнесийн адилаар хэзээ ч ажиллаж чадахгүй. Хамгийн хорлонтой нь энэхүү зэс боловсруулах үйлдвэрийн экологийн сөрөг импакт гамшгийн хэмжээнд байх болно. Зэсийн үйлдвэрлэлт хүхрийн хүчлийг асар ихээр хэрэглэх бөгөөд үйлдвэрлэлийн явцад хүчлийн нуур үүсдэг. Хүчлийн уур хүн, байгалийн эрүүл мэнд, амьдрах орчинд асар хортой нөлөөлөлтэй бөгөөд энэ хүчлийг саармагжуулахын тулд асар их фосфор шаардлагатай. Байз байз! Фосфороо хаанаас авах уу? Мэдээж Хөвсгөлөөс. Ингээд фосфорын олборлолт гээч бас л нүсэр хөрөнгө оруулалттэй үйлдвэрлэлийг аялал жуулчлалын сор бүсдээ буй болгохоос өөр аргагүйд хүрэх болно. Фосфор олборлолтын явцад Хөвсгөлийн байгал экологи яаж сүйрэх талаар дэндүү аймшигийн тоо баримттай шинжилгээ, судалгааний ажлууд маш олон байна. Товчхондоо бид зэс ялгаж мөнгөтэй болж авах гэсэн биш түмэн жилдээ нөхөгдөхгүй хор хохирол амсах болох нь.
Хүн ам зүйн хувьд ч зэс бол аймшигтай үйлдвэрлэл. Өнөөдөр Эрдэнэтэд дөнгөж 40-тэй ч цал буурал залуус зөндөө байна. Зүрх судасны өвчлөл Эрдэнэтэд гамшгийн хэмжээнд хүрчээ. Ялангуяа нялхсын төрөлхийн зүрхний согог Эрдэнэтийн гэр бүлүүдийн нийтлэг зовлон болсон байна. Тэрбум хятад хүнээ хайрладаггүй байж болох ч бидний цөөхөн Монголчууд ингэж хордон хорогдож байх нь зөв үү? Ингэж хөгжих хэрэг байгаа ч юм уу үгүй ч юм уу. Нухацтай бодох л асуудал. Нэг зүйл баталгаатай хэлэхэд Сайншандад аж үйлдвэрийн парк байгуулъя гээд байгаа нөхдүүдийн хэн нь ч Сайншандад суурьшин төвхнөхгүй. Учир нь тэд уг үйлдвэрийн хор хохиролыг дэндүү сайн ойлгож байгаа.

Хорголжин төмрийн үйлдвэр: Энэ бол төр ашигтай ажиллуулж хүчрэлгүй хувийн мэнэжментэнд саяхан шилжүүлсэн Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг л шууд шаагаад унагааж буй хэрэг юм. Тэр үйлдвэртэй хүдэр, зах зээл, боловсон хүчин зэрэг олон зүйлийг нь булаалдах болно. Жинхэнэ харилцан сүйтгэх үр ашиггүй өрсөлдөөн үүсэх байх. Мэдээж дотоодын өрсөлдөөнтэй үйлдвэрлэл тул ашиг олж хөрөнгө оруулалтаа нөхөх төсөөлөлүүд нь ч замхарна. Экологийн хувьд ч төмөрлөгийн үйлдвэрлэл Сайншандад бүтэшгүй мөрөөдөл мөн. Шалтгаан нь ус. Усгүйгээр ямар ч төмөрлөгийн үйлдвэрлэл явдаггүй. Говьд хаанаас ус татах вэ? Зарим нь Хэрлэн мөрөний усыг говь руу татах тухай сэрүүн зүүдэлж сууна. За больж үзээрэй таминь. Хасах 40 хэмд ямар ус хоолойгоор урсаж чадах юм бол? Хөлдөөхгүйн тулд 500 км цэвэр усны траншэй татах болж байна уу? Энэ траншэйний зардал нь бүтээгдхүүний өртөгт шингэчихвэл тэр муу тэнгэрийн үнэтэй хорголжин төмрийг чинь хэн авах юм болж байнаа?    

Кокс химийн үйлдвэр: Чингис хаан Монгол усаар хирээ угаахыг ч цаазлан хориглосон билээ. Коксын үйлдвэр бол Монгол усаар хятад зууханд орох нүүрсийг угааж ариутган баяжуулж бэлдэнэ л гэсэн хэрэг юм. Асар их хорт хаягдал энэ үйлдвэрлэлээс гарна. Түүнийг хааш нь зайлуулах вэ. Бидэнд далайд хорыг нь зөөгөөд аваачих том гол мөрөн алга. Далай нь ч алга. Химийн үйлдвэрийн хог шаарыг өндөр үнээр, үнэгүй ч хамаагүй импортоор авдаг улс байдаг гэж би л лав дуулаагүй юм байна.  Химийн үйлдвэрийн хор хохирол, хог шаар нь Монголын эмзэг говьд үлдэнэ, Монголчуудын цусанд шингэж удамд нь хоцорно.  Ашиг нь?  Ашиг нь ашиггүй нааш цааш нь баахан тээвэрлэсэн тээврийн зардал, ачиж буулгасан боомтуудынхаа төлбөрт л явчихна даа. Ер нь бол нүүрсийг нүүрсээр нь л экспортлосон нь нэмүү өртөг шингээснээс ашигтай, хямд хэмнэлттэй тусах нь бий. Австрали сүүлчийн коксын үйлдвэрээ өнгөрсөн жил хаачихлаа. Тэд түүхий нүүрсний олборлогт, экспортыг боловсруулсанаас ашигтай гэж шийдсэн байна.  Харин бид?

Цементийн үйлдвэр: 200 м гүн лаг шавран дээр байрлах Сайншандад цорын ганц ашигтай байж болох үйлдвэрлэл нь бол цементийн үйлдвэр юм байна. Тэхдээ үүний тулд төр харайж ороод л өр зээл тавиад л “үйлдвэржүүлээл” байх ямар ч шаардлага байхгүй. Хувийнхан л аваад явчихна. Хөрөнгө оруулалтын эрсдэлээ тэд үүрээд, ашгаа ч тэд хүртээд явчих бүрэн боломж бий. 

Санхүү өр зээлийн асуудал: ямар ч үйлдвэрлэл эзэмшигчийн хувь хөрөнгө оруулалтгүй, өр тавьбал үндсэн үйлдвэрлэл доголдсон тохиолдолд өрийг нь төлөлцөх орлогын нөөц эх үүсвэргүй, бүтээгдхүүнийг нь авах зах зээл нь хязгаарлагдмал бол оруулсан хөрөнгөө нөхөж ашгаа өгтөл асар уддаг. 1974 онд эхэлсэн Эрдэнэт л гэхэд 90-д он гарч байж л ашиг ярьж эхэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл ашигтай ажилтлаа 20 жил болжээ. 20 жилийн дотор технолги нь хуучирч шинэчлэл шаардлагатай болсон тул ашгийн 1/3-ийг үйлдвэрлэлийн шинэчлэлд зориулсан хөрөнгө оруулалтанд тогтмол буцаан зарцуулж байсан байдаг. Ер нь бол Н.Энхбаярын их өр тэглэсэн ажиллагаа яваагүй бол өнөөдөр ч бид Эрдэнэтийг босгосон өрнөөс салаагүй, оросуудынхаа гүн зуултанд хэвээрээ л байх байсан гэж боддог. Сайншанд бол 2009 оны байдлаар бараг 10 тэрбум долларын хөрөнгө оруулалтын асуудал яригдсан бизнес. Түлээ хагалахад зомгол гарна гэгчээр тус бүтээн босголтыг найруулсан хүнд өлхөн тэрбум доллар унахаар үрэлгэн төсөв. Escalation тооцвол хөрөнгө оруулахад шаардагдах хөрөнгийн хэмжээ жилд 13 хувь дунджаар нэмэгднэ. Дүнд нь нийт хөрөнгө оруулалт 17-18 тэрбумд дөхөж эргэн төлөлтийн нөхцөлийг бүүр ч хүндрүүлэх болно. Нэгэнт нүүрсний экспортоо царигийн хэрүүлээр цаламдаад унагаачихсан тул энэ хөрөнгийг банкны зээл, хүнд нөхцөлүүдтэй хөрөнгө оруулалтын гэрээнүүдээр л санхүүжүүлж таараа. Ер нь бол баригдахаасаа өмнө Оюу Толгой шиг бусдын гарт орчих ч боломжтой. Бусдын гарт орсон тохиолдолд Монголчуудад үйлдвэрлэлийн хорт нөлөөлөлүүд нь л үлдэж ашиг нь гараад алга болох нь ойлгомжтой билээ. За өөрсдөө эзэмшнээ гээд өр тавиад хийе гэвэл өрөө хэзээ ч төлж барахгүй хүнд нөхцөлтэй схемээр л санхүүжүүлэх шаардлага гарна. Оюу Толгой дээр бид өр, хүү, хүүгийн хүүгийн хэзээ ч дуусахгүй өрийн барьцаанд орчихоод байгаа нь нууц биш. Сайншанд бол яг баялаг биш тул үүнээс хөнгөн нөхцөлтэй санхүүжилт олдох нь юу л бол. Ер нь бол энэ аж үйлдвэрийн паркийн өгөөжийг өнөөгийн Монголчуудын ихэнх нь энэ насандаа хүртэхгүй л болов уу. Өөрөөр хэлбэл та бид нар энэ мөрөөдлийн үйлдвэрээс ашиг хүртэхгүй. Харин үйлдвэр барих процесоос цөөн хэдэн эрх мэдэлтнүүд цөм бурзайх нь бараг тодорхой.  Тэд энэ хулгайн олзоороо төрийг худалдан авч “Ирээдүй рүү буцсан нь-2” киноны Бифф-ын лотерейны дэглэмийг тогтооно. Өнөөдөр шиг шударга инженерийг шүүхээрээ яллуулж, хөлсний сэтгүүлчдээр чичлүүлэх хажууд нь юу ч биш болно. Ингээд Монголын ардчилал нүд аних болно.    

Нэгэнт үр ашиг нь харагдахгүй удах, дээр нь хөрөнгө оруулалт нэмж авсаар байх нь бараг тодорхой энэ лай ланчигаасаа салахын тулд хувьчлах замыг яваандаа сонгох л болно. Авах эзэн нь ч бараг тодорхой шахуу. Ард түмний мөнгөөр аварга үйлдвэр бариулаад ашиггүйгээр нь миалж байгаад хямдхан цохиод унагааж гаршсан их замын дээрэмчид хаанаас ч, хэзээ ч олддог юм.

Сайншандын аж үйлдвэрийн парк баригдвал Монголчууд хөрөнгө оруулалт, зээл, зээлийн хүү, хүүгийн хүүгийн дор хаяж 25-30 орчим тэрбумын өрөнд орох болно. Баахан баялагаа хайранчиг байгалаа хордуулан байж боловсруулаад банкны зээл барагдуулахад өгөөд л дуусах байх. Бид өгөөл байна, тэд аваал байна. Энэ цикл дуусахгүй. Өр ч дундрахгүй.

Монголчууд бид асар их өгөөжтэй өөр олон олон бизнес босгох боломж, хөгжилд зарцуулах хайран хөрөнгө, цаг хугацаагаа Сайншанд хэмээх сэрүүн зүүдэндээ шавартай зуураад л дуусгах гэж байна.  Сэрцгээе. Сэрүүн зүүднээсээ сэрцгээе Монголчуудаа. Монголчуудын энергийн төв, Данзанравжаагийн нутагт хорт үйлдвэр барихыг эсэргүүцэцгээе. Өөрөөр амьдрах арга сэтгэцгээе. Боловсруулах үйлдвэрлэл бол яавч зөв сонголт биш.
Анхны хөрөнгө оруулалт гэж яригдаад байгаа 10 тэрбум доллар гэдэг бол бөөнд нь авбал 80 ширхэг Boeing 787 Dreamliner онгоцны үнэ юм шд.  Бид энэ хөрөнгөөр 300 суудалтай 80 ширхэг онгоцоор жилд 10-15 тэрбум долларын орлоготой, 1-2 тэрбумын ашигтай ажиллах глобал авиакомпани байгуулах боломж бий. Энэхүү ашигтай авиа бизнесийн зарим ньюансын талаар дараагийн нийтлэлдээ бичэмз.  
За энэ удаадаа ингээд дуусгая.

Хотоос зайдуу Жаргалантад хоёр хөгшин байх бүлгээ. Хүүхдүүд нь хотод. Социализмын үед гавшгайч явсан хөгшид туйлын ажилсаг. Хажууханд нь том компаниуд талаар дүүрэн төмс тарьчихаад байхад л  хашаандаа газар хагалж төмс тарина. Хаврын тариалалтдаа хүүхдүүдээ хотоос дуудна. Багаж, бордоо, үрийн төмс зөөлгүүлнэ. Хаврын “тариалалт” дуустал хүүхдүүд нь дор хаяж 2-3 хагас бүтэнд ирж тусална. Зуны амралтаар багачуудаа явуулж ногооны талбайг нь арчлуулна. Хэдэн балчир хөвгүүн горзойтлоо ус түрж усална. Намар ургац хураалтанд хүүхдүүдээ дуудна. Эхний удаад бороо ороод болц оройтсон тул хойшлуулна. Сургуулийн хүүхдүүд ч хот руугаа буцна. Дараагийн удаа 2 машинтай бөөндөө ирж байж 3 шуудай төмс хураана. Гурвын гурван шуудай дүүрэн үнэгүй төмс!  Бөөн баяр. Даанч намрын ургацнаар Жаргалантад тэднийхний 3 шуудай төмс тариалсан нийт зардлаар нь 3 машин төмс худалдаж авч болохоор үнэ нь доош унана. Арай л дэндүү гомдмоор...

Saturday, June 28, 2014

Эх орончдод өгөх зөвөлгөө


Эх орончдод өгөх зөвөлгөө ба миний жиргээч болсон түүх

Хуурамч эх оронч


Долоо хоногийн өмнө Монгол нэг доргиод авав. Төмөр замын царигийг тойрсон хэрүүлд “100 чухал сэдэв” захиалгат нэвтрүүлэг генетикийн будаг нэмж орхисноор эх оронч, хятадын эсрэг үзэл сэргэн аслаа. Цахим ертөнцөд дүрэлзсэн үзэн ядалтын түймэр Монголыг дор нь хуйхлав. Баки баки эх орончид монголчууд, гадаадуудад заналхийлэх нь хэрээс хэтрэв. 

Эцэст нь аав үг хэлэв. Хүүхдүүд ааваа сонсон дуугаа хураав. Улсын аав гэртээ барилдаж тоглохыг хориглолоо. Хөршөө шоглох нь айл саахалтын эвийг эвдэх осолтойг анхааруулав. Гэрт, гадааны ажил их байхад дэмий тоглоом шоглоомд ч хүрч болохыг сануулав. 


100 чухал сэдэв 100 хувь муу нэвтрүүлэг байсангүй. Муу юманд ч сайн тал байдаг гэж Оюундарь хатагтай ууланд алхахдаа хэлж байсанчлан юутай ч Монголчуудын эх оронч сэтгэлийг ил гаргаж ирлээ. Надад энэ олон эх орончоор бахархах сэтгэл төрж ирэв. Бас Монгол залуусын боловсрол, ухамсрын түвшинг нуух бололцоогүй болгож орхилоо. Монгол залуус эх оронч байгаа нь маш сайн хэдий ч ямар ч суртал, шордоонд амархан өдөөгдөх хэмжээний ухамсар мэдлэг дорой байгаа нь илхэнээ болов. Боловсролгүй, бодолгүй масс бол дарангуйлалын нийгмийн мөрөөдлийн хөрс суурь мөнөөсөө мөн билээ. Ямар азаар Монгол улс парламентын засаглалтай орон байв аа. Үндсэн хууль баталсан 400 хөгшинд баярлалаа. Хэрэв Ерөнхийлөгчийн засаглалтай байсансан бол Монголд дарангуйлагч ядах юмгүй төрөх хөрс суурь бэлхэнээ байгаа л юм байна. Халхын заяа ихээ гэж ярьдаг. Монголын заяа үнэхээр их ажээ.


Тиймээ би ч гэсэн эх оронч. Би Монгол улсдаа, Монголынхоо тусгаар тогтнол, Монголын үнэртэй ардчилалдаа чин зүрхнээсээ хайртай. Би өөрийгөө 100 чухал сэдвийг зохиогч эх оронч Х.Баттулгаас дутахгүй эх оронч, Монголын төрд Х.Баттулгаас ч дутуугүйг бүтээгч гэж бодож явдаг. Энэ тухайгаа доор цухас өгүүлэх тул дуустал нь уншихыг бодоорой. Би бол шинэхэн сүндэрлэж байгаа барилгаас сонсогдох харь хэл, шинэхэн сайдын тархийг базсан харь зөвлөх, шинэхэн нээгдсэн дэлгүүрт өрөгдсөн харь хүнсний аль алинд нь эмзэглэдэг монгол.


Гэвч яалтай. 


Үүнд монголчууд бид өөрсдөө л буруутай юм. Монгол эх орончид бид өөрсдөө нэн тэргүүнд буруутай. Яагаад бид буруудна вэ? Хамаг ажлыг хятад, хамаг бодлогыг гадаад зөвлөхүүд, хамаг цалинг мөн л тэд аваад байхад яахаараа Монголчууд бид бурууддаг байнаа гэх асуулт гарах нь гарцаагүй. 

Хариулъя.  Зах зээлийн хатуу хууль биднийг хүссэн хүсээгүй харийн хараат болгоод байна. Бид өөрсдийгөө эхлээд нэг хараадхая. Өөрсдийгөө хажуунаасаа нэг шинжье л дээ. Хариулт эндээс биднээс өөрсдөөс маань олдоно.

За нэг зам засаж байгаа дүр зургийг саная. 5 монгол байхад нэг нь ажиллаад 3 нь тамхи татан, үлдсэн нь удирдагч дүртэйгээр утсаар ярин зогсож байдаг. Өөрөөр хэлбэл 5 хүн нэг цаг хийх ажлыг 5 хүн 5 цаг хийдэг. Буруугаа дундаа нэг багажтайгаараа голдуу зөвтгөөд өнгөрдөг. Ганцхан багажтай ажилд 5 хүн томилдог төлөвлөлтийн бурууг хэн ч ярьсангүй. 


За төрийн албаны контороор оръё. Нэг хэлтсээр шагайя. 7 хүнтэй дундаж хэлтэст 4 нь интернэтэд зугаалж, 2 нь гадуур явж 1 нь л ажил хийж байгаа дүр зураг харагдах болно. Тэрхүү ганц нь хэлтсийн даргаас өгсөн цаасыг бэлдэхээр ухнатан сууж байдаг. Мэдээж хэлтсийн даргад нь газрын дарга өгсөн, газрын даргад нь сайд нь өгсөн бичгийн хариуг бэлдэх гээд сууж байгаа нь тэр. Сайдад нь УИХ-н байнгын хорооны хурал дээр ганц өдрийн дотор гаргаж ирүүлэх үүрэг өгчээ. Сайд түүнийг 2 цагийн дотор яамандаа дамжуулж, уг даалгавар 1 цагийн дотор яамны ирархи тогтолцоог дамжин явсаар шинэхэн орсон мэргэжилтэнд ирсэн нь энэ бөлгөө.  Хөөрхий тэр “мэргэжилтэн” бол улс төрчид, дарга нарын шахаа солилцооны журмаар ажилд орсон хүүхэд бөгөөд ирсэн том бичгийн учрыг ч бараг сайн ойлгохгүй, дээрээс хаалгадан орж ирсэндээ бантаад хэлтсийн дарга, ахлах мэргэжилтнүүдээсээ ч асуухаас санаа зовоод өөрөө л нухаж суугаа нэгэн. Гэвч тэр ажлаа хийж бичгийн хариу сийлнэ. Үзсэн дуулсан нь багахан боловч гүүгл, вики-гийн тусламжтайгаар ямар нэгэн юм гаргаж л орхилоо. Түүний ганцхан хоногт “бэлдсэн” цаасыг хэлтсийн дарга газрын даргадаа өгч, газрын дарга сайддаа гардуулж, сайд УИХ-н байнгын хороонд танилцуулж, Байнгын хороо УИХ-н чуулганд оруулж, Чуулган кнопдож орхисоноор төрийн бодлого бэлэн болно. Бодлогосоод байх ч юу байхав шал түүхий, дутуу, голдуу ямар ч хэрэггүй ийм бодлого баталж аваад түүнийгээ шат шатандаа хэрэгжүүлэхээр ахиад л нийгмээрээ бөөн хэрүүл.


Нийгэм эдийн засгийн харилцаанд банк гэж нэг чухал зүйл байх бөлгөө. Банк нь эдийн засагт хэрэгтэй мөнгийг нийлүүлж, заримаас нь мөнгө татан төвлөрүүлж, заримд нь зээлж, заримдаа өөрөө хөрөнгийн зах зээл дээрээс мөнгө босгож, хааяа хөрөнгө орууж ажилладаг тийм тогтолцоо юм. Банкны зээлийн хүү гэж нэг ойлголт бий. Энэ хүү бол хагас бүтэн сайнд ч, ажлын цаг дуусчихаад байхад ч, тамхины завсарлага, үдийн цай, бүүр даже үндсэний их баяр наадмын үеээр ч амардаггүй золиг нохой билээ. Ёстой нөгөө өөрөө ч амардаггүй, бусдыг ч амраадаггүй шаар бол чухамхүү банкны зээлийн хүү мөнөөсөө мөн.


Бизнесүүд банкнаас зээл авч бизнесээ хийдэг. Зам, барилга, үйлдвэр гээд капитал интенсив бизнесүүд хүссэн ч эс хүссэн ч банкны зээлээр л санхүүжигдэхээс өөр арга байдаггүй. Банкны зээлтэй бизнес гэдэг бол цаг хором тооцсон уралдаан юм. Ажлаа хурдан чанартай дуусгах тусам зээлийн хүү бага төлдөг. Сунжирвал хүүндээ мулт шатахаас гадна дараагийн зээлийн кредит рэйтинг нь буурч, ирээдүйн зээлүүдийн нөхцөлүүд чангарах аюултай. Цагтай уралдахын тулд нэг хүний ажлыг нэг л хүн хийдэг баг бүрдүүлэх, илүү дутуу дахин дахин хийж зардал гаргадаггүй бүх зүйлийг яс тооцож ажлыг удирдан зохион байгуулж чадах мэнэжмент хэрэгтэй болж ирдэг. Бүтээн босголтын богинохон сезон, банкны зээлийн өндөр хүү, өрийн шахуу хугацаанд 5 монголоор 1 хүний ажил хийлгэж 5 дахин удаан, дээр нь 5 хүний цалин төлөх үү, эсвэл 5 хятадаар 5 хүний ажил хийлгэж 4 хүний цалин төлөх үү гэдэг сонголтын өмнө олон олон эх оронч бизнесмэнүүд маань тулж ирдэг. Аль ч банкны зээлийн гэрээнд патриотизмыг дэмжих  заалт, хөнгөлөлтийн нөхцөл байдаггүйгээс бүтээн босголтууд нэг л мэдэхэд хятад ажилчдаар дүүрч орхисон байдаг билээ. Хятад ажилчид ч өдөр шөнөгүй балбаж, өлөн зэлмүүр ажиллаж байгаад биеийн хөдөлмөрийн фронтоос монголчуудыг үй олноор нь шахаж орхидог.


Мөн дээр өгүүлсэн шинэхэн мэргэжилтний сийлсэн төрийн “бодлого” дампуурах тийшээ хандаад далий голдуу хэрэгжээд ирмэгц чанартай бодлого хийх шаардлага өөрийн эрхгүй урган гардаг. Чадвартай, боловсролтой мэргэжилтнүүдээ намчдаар сольж, хань хамсаатнаараа түрэн гаргасан улс төрч, сайд нар хүссэн ч эс хүссэн ч ямар нэгэн шар толгойтныг олон сая доллараар урьж ажиллуулан бодлого, тооцоо бэлдүүлж авах хэрэгцээ үүсдэг. Уригдан ирсэн шар толгойтнууд нь хэлтэй, чадалтай ч улс төрийн хар хүчинд шахагдсан залуусыг олж хямдхан ажиллуулан, тэдний бэлдсэн дата, анзаарсан алдаа, гаргасан саналуудыг нэгтгээд зөвлөх үйлчилгээний тэмплэтэнд шахан англи хэлээр хэвлэн гаргадаг. Зөвлөхүүд өдөрт нэг л хуудас цаас бичих бөгөөд нэг жилийн дотор 300 хуудастай маш том тайлан бэлэн болдог. Гарчиг, зураг голдуу уг зөвлөх үйлчилгээний тайлангаа төрийн сайдад өгч мөнгөө аваад арилж өгөх ба сайд ч тэр том зөвлөх компанийн гаргасан дүгнэлтээр ийм байна тийм байна хэмээн цэцэрхэх багажтай болсондоо учиргүй олзуурхан үлддэг билээ. Ёстой нөгөө “ хөөрхий муу Дэмбэрэл юм үзээгүйн болохоороо баярлаж байна гэж жигтэйхэн” хэмээдэг Жамц баяны үг эндээс дүрээрээ харагддаг.


Үр дүнд нь монгол ажилчин цалингүй, монгол мэргэжилтэн үнэлэмжгүй болж үлддэг. Өөртөө ноогдсон ажлыг өөрөө л хийж сураагүй монгол ажилчин, өөртөө ноогдсон ажлыг дундаа хийж, доошоо пасслдаг монгол мэнэжмэнт хүссэн ч эс хүссэн ч гадаадын түрэлтийг урин дуудах үндсэн фактор болон хувирч байдаг. Монголчууд бидний их залхуурлыг хөдөлж ядсан ч зогсоо зайгүй ажиллах чадвартай хэдэн гадаад овжноор ашиглан түрж байгаад эцсийн эцэст хэн буруутай юм бэ?

Ажлаа булаалгасан ажилчид, албанаасаа хасагдсан сэхээтнүүд бороонд норсон бухимдын бухал шиг дотроосоо нэг л өдөр шатахад бэлэн болсон байдаг. Саяын 100 сэдэв бол яг үнэндээ ийм нэг бухалд гал тавьсан л хэрэг боллоо.  

“Ташуураар хамгаалсан эх орно тархиараа хамгаалах цаг ирлээ” хэмээн хэлсэн Л.Түдэв гуайн үг юутай үнэн, юутай мэргэн. Цаг өөр болж тэмцлийн технологийн shift болсоныг хамгийн түрүүнд анзаарсан хүн бол яалт ч үгүй Л.Түдэв гуай мөнөөсөө мөн билээ. Гэтэл 21-р зууны 14-р онд ч ташуурын суртал үргэлжилсээр. За яахав турхирагчидын хүслээр болоод хэдэн хятадыг балбаад, хэдэн шарыг хөөгөөд гаргая. Барилгачидаа хамгаалахаар Хятад Бутанд орсон шиг юм болвол яах юмбээ? Хөөгдсөн шарууд ирж биднийг өмөөрөх үү? Яджаахад хятадаас хамгаалах өргөн царигаа ч тавьж амжаагүй байж байдаг. Ер нь энэ хийрхэл бол сул дорой эх орноо хайрлах, хамгаалах биш харин ч бусдын хөнгөн зууш, түрэмгийлэлийн далим болгох онц ноцтой гэмт үйлдэл юм.


Эх орноо өөрөөр хамгаалах цаг болсон. Үүний тулд  бид өөрсдөө л хичээх хэрэгтэй. Юуны түрүүнд цагаа барьж сурах хэрэгтэй. Цагийн ажлаа цагтаа хийж занших хэрэгтэй. Ажил олгогчоо мөлжигч гэж харах бус түүнийг үнэхүү эх оронч гэж харж түүнд үнэн сэтгэлээсээ ажиллаж өгч сурах хэрэгтэй. Нэг монгол хүн нэг л монгол хүний ажлыг хийдэг болох хэрэгтэй.  Ингэвэл барилгын хужаа аяндаа цөөрнө. Хятадуудыг нутгаасаа хөөх арга бол хятадуудаар хийлгээд байгаа ажлыг булааж, хятадуудаас илүү хийх явдал билээ.  Эх оронч төрийн түшээд ч засаг авмагцаа намчид, дамчидаар төрийг дүүргэж мэдлэгтэй, чадалтай залуусыг шахан зайлуулж үндэсний чадамжийг хорлодогоо болих хэрэгтэй. Сонгуулийн дараахь томилгоонууд бол яг үнэндээ ямар ч эх оронч биш, хорлон сүйтгэх ажиллагаатай төстэй болоод удаж байна. Намууд үндсэний боловсон хүчний талаар нэгдсэн консенсуст хүрэх ёстой юм.  Залуус сурах хэрэгтэй. Гадныхныг орлох, тэдэнд заах хэмжээнд сурвал бүүр ч сайн. Сурах сурахдаа хөгжсөн орнууд руу өөрсдөд нь очиж сурах хэрэгтэй. Тэгэж байж л бид хөгжлийн технологийг тээж авчирч, тэднийг мад тавьж чадна. Үнэхээр үйлдвэржмээр байгаа бол төр хүнээ л бэлд, хүн нь өөрийгөө л бэлд. Тэр үйлдвэрт олимпийн аваргууд ажиллахгүй. Орос хятад ч ажиллахгүй. Онцчууд ч ажиллахгүй. Та нар л ажиллана.


Женко Баттулгын дуртай гэж яригддаг Загалмайлсан Эцэг хэмээх Мариа Пьюзогийн зохиолд “ганц цүнх барьсан хуульч, буу барьсан 100 тэнэгийн чадаагүйг дээрэмдэж чадна” гэж Вито Андолини хэлдэг эпизод гардаг билээ.  Монгол улс гадаад эдийн засгийн интеграцчлалд идэвхтэй орохоосоо өмнө дэлхийн хэмжээний хуульчид бэлдэж аваагүй байсныхаа горыг маш өндөр үнээр төлж байна. Манай хуульчдын хэмжээ шоронгийн эргэн тойрноос холдож чадахгүй байгаа нь нууц биш. Олон улсын гэрээ, худалдааны хэлэлцээрүүд, арбитрын шүүх, диспют резолюшн дээр ажиллах хуульч хэд байна вэ. Мэдээж байгаа нь байгаа. Гэхдээ тийм хуульчид олон болж байж л Монгол улс гадаад талдаа хүчирхэг байх боломжтой. 


Оюу толгой бол үндсэндээ Монголын хуульчдын чадал нь хүрээгүйгээс л ходруулчихсан гэрээ гэж би ойлгодог. Гэрээний төсөл дээр Монгол улс дэлхий топуудад бэлдсэн өөрийн хуульчдын баг ажиллууж чадсансан бол байдал их өөр байх байсан гэж бодогддог. Монгол толгойг үнэлдэггүй Монгол толгойнд хөрөнгө оруулдаггүй, архитектороос илүү тоосго өрөгчийг алдаршуулдаг монгол тогтолцооны үндэсний хэмжээний үр дүн нь бидний гадаадуудтай байгуулж байгаа элдэв гэрээнүүд болж байна. Монголчууд том гэрээн дээрээ том алдаж, жижиг гэрээн дээр жижиг алдсаар л байна. Гэрээлэгч нөгөө талынхаа хуулийг судалсан, сурсан хүнгүйгээс гэрээн дээрээ алуулдаг нь хэм хэмжээ болчихлоо. Эрдэнэт, УБТЗ-н гэрээг орост сурсан, оросын хуулиар төгссөн монгол хуульчид нухсаны үр дүнг бид хүртээд сууж байгаа. Хамгийн доод тал нь 50/50 гэрээг бид хийж чадаж байжээ.


Зөвхөн хууль гэлтгүй олон олон салбарт Монголчуудын оюуны залхууралын үр нөлөө ихээр илэрч байна. Тухайлбал зам байна. Харамч хүн хоёр дахин их төлдөгийн үлгэр монголын зам дээр шууд утгаараа байж байна. Гадаадад яаж зам барьдаг вэ. Тэд хөгжлийн планд захируулж инженерийн шийдлүүдтэй, даацтай, ус зайлуулах сувагтай эсвэл ус хаях налуутай, зузаан асфальттай, явган зорчигтийн замтай, гэрлийн шон нь явган зорчигчид саад болохгүй замыг манай замаас 5 дахин их үнээр нэгмөсөн барьдаг. Бид зам яаж барьж байна? Монголчууд даацгүй гурилдсан зам эхэлж барьдаг. Хойтон жил нь тэр замаа сэтэлж инженерийн элдэв байгууламж усны хоолой, утасны кабель татдаг. Эвдсэн замаа дахин засаад хэсэг хугацааны дараа брожурыг нь сольдог. Брожур солиод дуусмагцаа брожураа мулт татан ус зайлуулах суваг хийдэг. Ингээд ус зайлуулах суваг бэлэн болмогц дахин төлөвлөлтөнд оруулж өргөтгөн бүхнийг эхнээс нь эхэлдэг. Эцсийн дүнд нь зам анх тавьж байснаасаа 20 дахин үнэтэй, барууны замаас 4 дахин үнэтэй ч бас л шал  ямбий юм болж хоцрон мартагддаг. Улаанбаатарт эхнээсээ зөв зам хөрөнгөөр зодож бариад байсан бол маш сайн чанарын замаар хотыг бүрхээд дуусах хугацаа, хөрөнгө үрэгдлээ. Замыг манай дарга нар нэгмөсөн маш сайн хийх ёстой зүйл гэж ойлгохыг ч хүсдэггүйгээс зам дээр дахин дахин мөнгө оруулж тэндэр бодож олох багаж гэж хардгаас замын осол, саатал, түгжрээ тоймоо алддаг. Мөнгө байна, ажилчин байна ганцхан зохион байгуулалт төлөвлөлт л алга. Өөрөө хэлбэл толгой нь ажиллахгүй байна. Толгой яагаад ажиллахгүй байн вэ гэвэл толгой үнэлэмжгүй тул ажиллахгүй байгаа хэрэг. Барууны төр хувийн ялгаагүй ихэнх том үйлдвэр компаниудын захирлууд сая саяын цалин бонустай байдаг. Тэд толгойгоо ажиллуулдаг. Үр дүнд нь 5 саяын замыг 20 саяаар хийдэг шиг гарлага арилж бизнес тэрбумын хожoо олдог.  Төрийн УҮГ-уудын алдагдал авилгалын шалтгаан нь удирдлагын цалин, бонусы социалист тогтолцоо хэвээр байгаа явдал л юм. Үйлчлэгчээсээ бага цалинтай авиа компанийн захирал, бэлазын жолоочоос бага орлоготой уурхайн дарга нар үйл ажиллагааны эффисиенси гэдэг юмны төлөө яг явж харагдаач л байхгүй юу. Тэд хээл хахуулиар суудалдаа үлдэж, хулгай хийхээ л бодохоос үр ашгийн тухайд толгойгоо ажиллуулахгүй нь тов тодорхой.

Бид үнэхээр эх орноо бодож, эх орондоо хайртайгаа нотлохыг тулд интернет, телвизээр эрлийз хурлийзаараа дуудалцах ямар ч шаардлага байхгүй. Толгойгоо л дор дороо цэнэглэж байх хэрэгтэй. Таны ирээдүйн дайснууд чинь яг одоо номоо шимтэн үзэж суугаа шүү гэдэг үг байдаг. Хятадууд хүүхдүүдээ баруунд хөөн явуулж хүчээр сургаж байна. АНУ-д сурч байгаа гадаад оюутны талаас илүүг хятад оюутнууд хэдүйнээ эзэлжээ. Тэд сурч байна. Харин бид хийрхэж байна.  Үнэхээр хятадад эзлэгдэхээс айгаад байгаа юм бол сурцгаа. Хөгшин залуугүй ном үзэцгээ. Гэхдээ ном үзэж байгаа нь энэ гээд шүлэг найргаар гэгэлзээд, детектив фантаазаар өвчлөөд байх хэрэггүй. Шинжлэх ухаан, технологи, бизнес, эрх зүйд суралцацгаа. Бид ингэж байж л Монголоо аварна. Өргөн царигийн үлгэр бол яг үнэндээ алтан цөгцний үлгэрийн 2-р анги төдий. Өргөн цариг биш өргөн мэдлэг л Монголыг хятадаас хамгаална.

Иймд эх орончдоо сур сур бас дахин сур. "Чи чадна гэвэл чиний зөв. Чи чадна. Харин чи чадахгүй гэвэл бас л чиний зөв. Чи чадахгүй" гэж хэлсэн Хенри Фордыг үгийг байнга санаж яв.
Өөрөө залхуурч өрөөлийг зарчихаад эх оронч гэж цээжээ мянга дэлдээд яах ч юм билээ. Өөрөө ажиллаж сурахаас залхуураад хятад авчирч ажиллуулчихаад эх оронч нэр зүүх бол тун ичгэвтэр хэрэг. Ийм хуурамч эх орончид л эх орны минь хөгжлийн хар садаанууд юм. 



@batengineer-ийн жиргээч болсон түүх


 Одоо өөрийхөө тухай хэдэн үг хэлье. Миний бичсэн "Эрлийз цариг" нийтлэл олонд хүрчээ. 7 хоногийн дотор зарим судалгаагаар 10 гаруй мянган хүн уншиж. За энэ ч яахав царигийн талаархи өөр байр суурь юу байна гэж хүн болгон л сонирхож хараа байлгүй. Санал асуулт ч олон байлаа. Дайралт чичлэлт ч тоогоо алдав. Гол санаа нь чи монголд юу хийж бүтээв, жэнко Баттулгаас илүү юу хийсиймб гэж асууцгаажээ. Үүнийг нэгэн дууч эр жиргээндээ шууд шордон асуудаг юм байна.  Энэ бол нууц биш тул хариулъя

За би болбоос монумент урлагийн хүн бишээ танилцуулгынхаа эхэнд хэлчихье. 

Би багаасаа техникт сонирхолтой хүүхэд байлаа. Аль 7-р ангиасаа л аймгийн нисэх буудал дээр өнждөг байв. Анх 713 дугаарын Ан-2 онгоцоор Бор, Баярсайхан ах нартай Эгүүр нисэж онгоцны жолоо барьж үзсэнээ мартдаггүй. Өөрөөр хэлбэл би Оюунгэрэл сайдаас хамаагүй өмнө нисэхтэй амьдрал хувь заяагаа холбосон хүн бөлгөө. 10 жилд байхдаа математик, физикийн олон олимпиадад аваргалж явлаа. Киевийн нисэхийн дээдэд онгоцны инженерээр ч сурч байлаа. Ардчилагчид жагсаж явах үед тийрэлтэт хөдөлгүүрийн шинэ дизайны патент авсан дипломныхоо ажлыг зугуухан эхэлж, Антоновын ЗБТ-ы Бородянка дахь аэроклубт спортын онгоцоор нисэж сурч байлаа. Зарим нь арьс зараад стенк ачуулж байхад би олсноо онгоцны бензинд зарцуулдаад дуyсчихдаг байв. Сүүлд 94 онд хөдөлгүүрийн дизайнаараа патент авсан бөгөөд надад 876 тоот патентыг Үндэсний хөгжлийн газрын дарга Ч.Улаан гэсэн гарын үсэгтэйгээр олгосон юм. Төгсөх жилээ Москвад олон ганзагчинтай тааралдсан бөгөөд тэдний нэлээд нь сүүлд төрийн түшээ, тэрбумтан, эх орончид болцгоосон билээ. 


Ажилд орохын өмнөхөн аавын минь хэлсэн нэг үг миний амьдралын зарчим, замналын минь хөтөч болсон юм. Аав минь “Ээж аав хоёр нь та нарыг хэнээс ч дутахгүй оюун ухаантай төрүүлж өсгөсөн. Хүнд зусардан тал засч амьдардаг хүн эцэг эхээ л олиггүй амьтан төрүүлсэн гэж доромжилж байгаатай адилхан байдаг юм “ гэж билээ. Аав минь өөрөө ч шударгын туйл байв. Атрын анхдагч тэрбээр 26 насандаа Алтангадас, 28 насандаа Сүхбаатрын одон хүртсэн бөгөөд 60 оны Үндсэн Хуулийг батлалцсан АИХ-ын депутат тэрээр баатрын болзлыг давуулан биелүүлсэн байсан ч намын хурал дээр даргаа шүүмжилсэнээс баатар болоогүй билээ. Дарга нар нь шүүмжлэгч гэж хэлж чадахгүй тул эхнэр аваагүй учраас баатарт тодорхойлж болсонгүй гэж тайлбарлаад өнгөрсөн гэдэг.


93 оноос МИАТ-д Ан-24-ийн ээлжийн инженер, хүндийн цехийн дарга, шалгагч инженер 4 жил хийлээ. Хүйтэнд хөрч, халуунд халж үзлээ. Хасах 38 хэмд хүйтэн онгоц асаахаар хатгаа тусч ч явлаа. Халуун зунаар 3 хөдөлгүүр нэг өдөрт солихоор дайрч давж ч үзлээ. Гурвын гурван онгоцыг хөдөлгүүр солихоор нислэгээс татаад нислэгийн наряд тавиулсан экипажын борт механикийг хуушууранд гүйлгэн тостой зууралдаад байж байсан үе маань Женко Баттулгын саятан сугалаагаа ид гаргаж байсан үетэй давхцдаг. Тэхдээ би сугалаа авч үзээгүй. Амьдрал бол сугалаа биш гэж би итгэдэг.

Хожим нь олон ослын дараа нисэхийн эрх зүйн системийг бүрдүүлэх ажилд дайчлагдан ИАТУГ-д анхны нислэгт тэнцэх чадварын байцаагч, дүрэм стандартчилалын хэлтсийн даргаар ажиллав. Хууль дүрмийг найз нөхөдтэйгөө сар жилээр хонуут сууж нухлаа. Агаарын тээвэр гэдэг тогтсон хэллэгийг нисэх гэдэг үгээр сольж албажуулав. Ерөнхий сайд Энхсайханд aviation гэдэг үгийг нисэх гэдгээс өөрөөр орчуулах боломж байсангүй гэж ЗГ хурал дээр тайлбарлан дэмжлэг авлаа. 99 оны хуулиар ИНЕГ төрөн гарав. АНУ, Шинэ Зеланд Австрали, Канадын дүрэм стандартуудыг орчуулж базан Монголын иргэний нисэхийн багц дүрмийг бий болгов. Бидний нөхөд орчуулгын товчоо хоч ч нэг хэсэг зүүлээ. Гэвч хийсэн бүтээсэн маань нисэхийн салбарыг үндсээр нь өөрчлөв. Аэрофлотын маягийн команд контрол системийг цэгцтэй, иж бүрэн эрх зүйн тогтолцоогоор солилоо. Шинэ дүрэм стандартаар дамжуулан нислэгийн аюулгүй байдлын соёлыг бүрэн шинэчилж дэлхийн хэмжээнд хүргэв. Өнөөдөр хуулийн системд хийх гээд алаан болж байгаа реформыг бид нисэхэд 96-2006 онуудад чимээгүйхэн л амжуулчихсан юм. Нисэхийн эрх зүйн систем олон улсын жишигт хүрч тоглоомын дүрэм ойлгомжтой болсноор агаарын тээвэрт хөрөнгө оруулагчид зоригжиж airline бизнест томоор орж эхэлсэний анхных нь Аэро Монголиа, дараагийнх нь Изинис болов. Осол аваарын цикл ч тасарлаа. Иргэд зорчигчдын агаарын тээврийн аюулгүй байдалд итгэх итгэл сэргэж ирэв. Батхүү, Цэнгэл сайдуудын үед МИАТ ашигтай ажилладаг төрийн компани боллоо. Нисэх өөр нисэх болов. Хожим нь 2010 онд ИКАО шалгаад Монголд Германаас өндөр оноо тавьсан билээ. Нисэхийн эрх зүйн реформыг эхэлж байсан энэ үе маань Б.Чимэдийн хүргэн асан Гансүх хуулийн сургууль дүүргэж  үндсэн хуулийн эрх зүйгээр диплом бичиж байсан үетэй нь давхцдаг.


Нисэхийн хуулийг бичихээр толь бичиг эргүүлэн ном шагайж, хуулийхаа үг үсэг бүрийг хуучин 386 дээрээ өөрөө шивж суухдаа би эрх зүйт нийгмийн ажиллаx зарчмыг ойлгож авсан юм. Хууль бичих хоббитой боллоо. Үндсэн хуулийн төсөл бичиж Баабарын туслах Эндрю хэмээх Энхтүвшинд дамжуулсанаар Баабарын үндсэн хууль өргөн баригдав. Баабарыг би биширдэг байв. Тэр хүний нөлөөгөөр МСДН-д бүртгүүлж байлаа. Улсын нисэхийн хуулийн төслийг драфталж Гүррагчаа баатарт хүргүүлсэнээр улсын нисэхийн хууль төрлөө. МИАТ компанийн үйл ажиллагааны зааврууд боловсруулах төслийн удирдагчаар Нямдаваа захирал урив. Ингэж ИАТА-гийн шалгалтанд 4 удаа МИАТ-г тэнцүүлсэн бичиг баримтуудын анхны эдишн бэлэн болов. Энэ хугацаанд би нэгэн эрхэм хүнтэй ойртон нөхөрлөв. Түүнийг Хандын Цэдэв гэнэ. Өвөрхангай аймгийн Богд сумын харъяат. Түүн шиг эр хүнтэй би ховорхон тааралдаж байжээ. Цэк бол мэдлэгтэй, хурц ухаантай, түшигтэй, шуналгүй удирдагч байсан юм. Х.Цэдэв монголд навигацын хураамж гэдэг зүйлийг санаачлагч билээ. Москвад ИМО-г олон улсын эдийн засагчаар дүүргэсэн малчин ардын хүү тэрээр олсон мэдсэнээ өөрийн дарга Моломд хэлсэнээр Монгол улс анхны навигацын хураамжийг хурааж эхэлсэн түүхтэй. Цэкийг 2002 онд дэд бүтцийн дэд сайд энгийн билетэнд нь бизнес суугчийн талон өгсөнгүй хэмээн зууж МИАТ-с халуулав. Бид хааяа нисэхийн ирээдүйн тухай төсөөлж, төлөвлөж суудаг байлаа. Тэр мөрөөдлүүд маань миний “Хөгжлийн түлхүүр хаана байж болох вэ” нийтлэлд тусгагдав. 2003 онд нийтлэлээ Монголд цуврал лекц уншихаар бэлдэж байсан Харвардын төгсөгч Элбэгдоржид танилцуулсанаар зарим санааг нь олонд хүргэх завшаан тохиов. Одоогийнх шиг блог, сошиал медиа аль нь байсангүй тул Эбигийн тус маш их байлаа. 


Тэр жилийн наадмаар Өсөхөө аваргын А.Сүхбатад хийсэн тангарааг хараад наадамд хууль хэрэгтэйн байна гэсэн санаа орж ирэв. Наадмын хууль драфтласанаа Цэкийн найз УИХ-н гишүүн Одончимэд гуайд үзүүлэв. Хуулийн төслийг Одончимэд гуай Багаад дамжуулсанаар багахан засвартайгаар Монголчууд наадмын хуультай боллоо. Миний анхны хувилбарт харцага, гарьд гэж биш харин их начин, их заан гэдэг цолны шатлал нэмэх санал байсан юм. Наадмын хууль батлагдах үе бол Жэнко Баттулгын жудогийн холбоог авч олимпийн бэлтгэлийн менежмент хийж байсан үетэй нь таардаг. 


Эби Ерөнхий сайд болж, Нисэхийн хууль дээр хамт ажиллаж байсан Г.Батхүү зам тээврийн сайд болсноор ИНЕГ-ын тэргүүн дэд даргаар ажиллахаар дуудагдав. Нислэгийн Аюулгүй Ажиллагааны Хяналт Зохицуулалтын Албыг үйлдвэрлэл, мөнгө, тэндэрээс холдуулж классик утгаар нь ажиллуулах үүрэг оноогдов. Ахиад л Австрали, Америк Шинэ Зеландын нисэхийн байцаагчдын inspection procedure handbooks, check list-үүдийг хуулан копидов. Манай байцаагчид санаандаа орcноо шалгаж, шаардлагагүй сүгсэгнэх хэрэггүй боллоо. Шалгалтын тогтолцоо системжив. Нисэхийн эрх зүйн шинэчлэлийн цикл ийнхүү битүүрснээр арын хаалга, авилгалаар зөвшөөрөл авах боломж устав. Дараа нь би албан тушаалаа сайн дураараа өгөөд сургуульд явлаа. Harvard of the North гэгддэг Канадын МкГилл их сургуульд нисэх сансрын хууль сурав. Австралийн Грифитт их сургуульд нисэхийн менежментээр бас төгслөө. Мастерийн ажил маань Монголын дотоодын агаарын тээврийн өрсөлдөөний асуудал байсан юм. 


Засгийн газрын зөгийн үүр санаачлагт сэтгэл хөдлөн сурснаа хэрэгжүүлэх бодол тээн хэдэн хүүхдээ чирэн нутагтаа буцаж ирэв. Гэвч байдал өөр болжээ. Намгүйгээр юу ч явахаа больчихож. Ховоор ажил хийдэг систем бий болжээ. МоАХ-н нэгэн нөхөр Женкотой уулзуулж өгөх санал тавив. Болзол нь мэдээж би дэвшвэл түүний ачийг мартахгүй байх. Би чиний жэнкотой жэнкогүй болчихно гэж хэллээ. Мэдээж энэ үг тэр дороо очих газраа очсон бололтой. Нисэхийн чиглэлийн 3 сургууль төгссөн надад ажил өгсөнгүй. Ингэж байтал Жэнкогийн найз Ард Батсүх гэдэг нөхөр авиакомпани байгуулахад туслаач гэв. Ард маань Жэнко байгаа дэмжинэ гэсэн гэлээ. Хувь тохироод ажиллаж Хаан Эйрлайнзыг байгуулалцлаа. Баахан цаас, бичиг баримт боловсруулав. Агаарын тээвэрлэгчийн гэрчилгээгээ ч авлаа. Чехээс авах 2 ширхэг 737-500 онгоцны гэрээ ч бэлтгэгдэж бэлэн боллоо. Бид өртөг багатай тээвэрлэгч (Low Cost Airline) болж МИАТ-тай өрсөлдөхгүй шинэ зах зээл нээж ажиллах бизнес төлөвлөгөө хийсэн байлаа. Гэтэл өнөөдүүл маань ярьж тохирсон хөрөнгө оруулалтаа хийсэнгүй. Хаан Эйрлайнзын бүх  юмыг Хоролсүрэн, Голомтын Баясгалан 2 авлаа. Батсүх тэдэнтэй далд тохироо хийсэн бололтой. Бусдаар бизнес босгуулж хөрөнгө оруулахгүй татан буулгаад бизнесээ зардаг бизнес хийж байсныг нь би хожуу ойлгов. Монголиан Эйрлайнз Групп ингэж мэндэлсэн юм. Тэд бусад нь сар жилээр хөөцөлдөөд ч авч чаддаггүй зөвшөөрлүүдийг цаг, минутаар хэмжигдэх хурдаар авч эхлэв. МИАТ зардал гаргаж арай гэж бойжуулсан 2 ч чиглэл рүү хошуугаа дүрээд ороод ирэв. 2012 оны 1 сард АН засгаас гарахаас өмнөхөн Монголиан Эйрлайнз Групп хэрэгтэй бүх зөвшөөрлүүдээ авч дууслаа. Хонг Конг нисэх зөвшөөрлийг 25 минутанд олгож Монголын төр үйлчилгээний шинэ рекорд тогтоов. Сайдуудын илт дэмждэг нэгэн шинэ авиа компани мэндэлсэнээр Ньюком групп Изинисийн зэлийг эвхэх бэлтгэл ажлаа сонгуулийн маргааш нууцаар эхлүүллээ. Тэд дампуурлын мэнэжмэнтийн мастерийг олж авчран Изинисийг удирдуулав. Изинисийн Жон захирал нь бүх ассетуудыг зарж, өрийг даран, маш цэвэрхэн баланс шийттэйгээр агаарын тээврийн бизнесээс Ньюком группийг алдагдал шаталтгүйгээр эвтэйхэн сугалж холдуулах ажлыг жил хагасын дотор янзтай зохион байгууллаа. Сурах бичгийн хамгийн шилдэг хувилбарын дагуу л Изинис 2014 онд дампуурав. 


2010 онд МИАТ-д асуудал үүсэв. Онгоцоо эвдэж, инженерүүд нь бослоо. Женко хүнд байдалд оров. 2010 оны 6-р сарын 2-ны өдөр намайг өрөөндөө дуудав. Гансүх, Батэрдэнэ болон яамдын бусад хүмс уулзалтанд иржээ. Жэнко надаас МИАТ-н ТУЗ-д орж ажиллахыг хүсэв. Шалтгаан нь Гансүхийн хэлснээр англи хэлтэй хүн хэрэгтэй байна. МИАТ-г КАЛ-д мэнэжментээр өгөх e-мэйл солилцох гэтэл одоогийн дарга нар чадахгүй байна, иймд чиний тусламж хэрэгтэй байна гэв. Гэнэт дургүй хүрээд явчихлаа. Ажлыг ажил авсан хүмүүсээр нь хийлгэдэг юмшд гэж хэлээд гараад алхчихав. Тэд хөмхийгөө зуугаад үлдлээ. Би ч дургүй хүрсэндээ иргэний нисэхийн бодлогын бичиг баримт хийх ажлын хэсэгт орохоос татгалзлаа. 


2010 оны 6-р сард Орхон 2-3 удаа утасдаж санал тавьсанаар МИАТ-д  7-р сард нь орлоо. 8 саяын өртэй, онгоцгүй, бослоготой компанийг цэгцлэх ажил сонирхолтой санагдсан тул Орхоны саналыг хүлээн авч цалингаа онгоцны ахлах үйлчлэгчийн хэмжээнд тогтоох тохироо хийгээд надтай баг болж ажиллаж чадах өндөр мэргэжилийн зарим нөхдөө татан хамруулж чин сэтгэлээрээ зүтгэлээ. Эхний ээлжинд инженерийн хувьд тооцоо хийн 12 сар тутамд хийгддэг байсан С хэлбэрийн техник үйлчилгээний ажлуудыг 18-24 сар болгосоноор хуваарьт техник үйлчилгээтэй холбоотой зардлуудыг 35 хувь буулгав. Банкны хүү 15 хувь байсныг яаралтай хэлэлцээр хийж 10 болгосоноор зээлийн хүүгийн зардал 33 хувь буурлаа. Санхүүгийн review хийх явцад илэрсэн дайны даатгалын асуудлыг Захирал ТУЗ-н даргад уламжлав. Онгоц парк шинэчлэх ажлыг удирдах үүрэг Орхоноос авлаа. Энэ хооронд МИАТ-н дэд захирлын ажилд томилогдсон боловч парк шинэчлэлийн ажлын ачаалалаа нэмэхгүйн тулд 7 хоноод уг албан тушаалыг буцаан өгөв. Ажил асар их байсан тул албан тушаал огт сонин биш байлаа. 2011 оны өвөл дэлхийн онгоцны лизингийн загалмайлсан эцэг гэгддэг Хазитай холбогдож түүний Эйр Лийз компаниас 2 767, нэг 737 онгоц түрээслэх тохироо хийв. Эйрбас Боинг компаниудтай бүтэн жил тулж ажилласаар 2011 онд Боинг компаниас 2013, 2016 онуудад шинээр 3 онгоц худалдан авах гэрээ хийв. Японд болсон гамшигийн үеээр түрээсийн онгоцнуудын даатгалын асуудал хурц болж ирсэн нь шинэ онгоц худалдан авах засгийн газрын шийдвэрт бас түлхэц боллоо. Маш хүнд үе шатуудтай гэрээ хийж байж чадлынхаа хэрээр буулгасан үнээр онгоц авахаар болов. Онгоцны их биеийн үнийг санал болгосoн үнээс 26 сая, Хөдөлгүүрийн үнийг 14 саяаар буулгах гэрээг бид хийлээ. Нийтдээ 4000 орчим е-мэйл солилцсон байдаг. Шинэ онгоцны сургаар инженерүүдийн хандлага өөрчлөгдөж хамт олон эргэн нягтрав . Шинэ онгоц авах гэрээг АНУ ЗГ дэмжиж МИАТ компанид үнэгүй бизнес план хийж өгөхөөр болов. USTDA-г 9 сар тойгдсоны эцэст 400000 долларын буцалтгүй тусламж гаргуулж бид дөнгөлөө. Гэвч ЗТБХБЯ дээр МИАТ-с 1.2 сая долларын зардалтай бизнес план хийх тэндэрийг зарлан Хонг Конгийн Сийбури, Баттулга сайдын зөвлөх Ганбатын Либерти Партнeрс компаниар хийлгүүлэх гэрээ байгуулж орхидог байгаа. Алдагдлаа бууруулах гэж чардайж байсан бид бөөн юм болов. Гансүх бид нарын дунд том ангал үүслээ. Гадны мэнэжмэнтийг 50 гаруй мянган долларын цалинтайгаар ажиллуулна гэсэн гэрээ нь ч будаа болов. 5 сая төгрөг монголоосоо харамлаад 50 мянган доллараар гадаадыг цалинжуулах Гансүхийн анти-патриотизмыг ЗГ дэмжсэнгүй. Би занаанд оров.


2012 оны сонгууль гэхэд МИАТ урсгал зээлийн 8 сая долларын өрийг барагдуулж өргүй болсон байлаа.  2012 оны 10 сард Гансүхтэй төрийн ордонд уулзаж МИАТ-г удирдах сонирхолтойгоо хэлэв. 2 жилийн турш өсөлтийн нөхцөлийг хангасан ажлынхаа үр өгөөжийг үзэх сонирхол үнэндээ надад байлаа. 2010-1012 онуудад бууж өгөхгүй зовоож байсан шатахуун хямдран буух шинж тэмдэг мэдэгдээд байсан үе тул хорхой хүрч байлаа. Яг үнэндээ 2011, 2012 оны МИАТ-н алдагдал бол шатахууны гэрээлсэн үнэ, зах зээлийн үнэ нэмэгдсэнээс төлсөн үнийн зөрүү+Сийбурид төлсөн 1.2 сая долларын дүнтэй мөргөж байлаа. Үйл ажиллагааны хувьд МИАТ алдагдлаас бүрэн ангижраад байсан үе юм. Шатахуун дээр бол бид яаж ч чаддаггүй байсан билээ. Гансүх нисэхийн хууль шинэчилж өгөхийг надаас хүсэв. Би субботник хийхгүй төлбөртэй л хийнэ, эсвэл ажилд томилбол хийе гэлээ. Ингээд 2 тийшээ боллоо.  

Гансүхийн МИАТ-д илгээсэн метронпажууд бүхнийг самарч орхилоо.  2012 оны 12-р сард хийхээр бэлэн болсон байсан АНУ-н ЭксИм-ийн зээлийг Батзаяа, Билэгсайхан хоёр хутгаад болиулж орхив. Тэд арга буюу бодит байдалд гүйцэгдэж уг гэрээг 2013 оны 12 сард хийсэн боловч завсарт нь онгоцоо санхүүжүүлэх гүүрэн зээл хөгжлийн банкнаас авахаас өөр аргагүй болж гүүрэн зээлийн хүүд 8 сая доллараар МИАТ-г шатaaлаа. Өөрөөр хэлбэл 767 онгоцны үнийг тэд 8 сая доллараар буцаагаад өсгөчихөв. Билэгсайхан нар дуулиант хэргээр далимдуулан МИАТ-г зогсоо зайгүй муулж давхилдсанаар зорчигч урсгал ч буурав. Сайд Гансүх "нисэгчид л баялаг бүтээгчид бусад нь паразитууд" хэмээн мэдэгдсэн нь хамт олны идэвхийг сөнөөж орхив. 2013 онд шатахууны үнэ 400$-р буурчихаад байхад алдагдал хүлээн, Хоролсүрэнгээс шүүхийн шийдвэрээр  хураасан 6.2 тэрбум төгрөгийг оруулан тооцож байж арай гэж 2 тэрбумын ашигтай баланс шинэ жилээр бичив. Ашиг ч гэж дээ 18 тэрбумын алдагдал сүүлд нь ил болов. МИАТ компанийн удирдлага удирдах чадамжаа алдаж Энхтайвны гүүрнээс ирэх дохио зангааг хүлээн суудаг паралич горимд шилжсэнээр орлого эрчимтэй унав. Доллараар тооцсон орлого өмнөх онтойгоо харьцуулахад 10 саяаар унасан ч мөнгөний ханшны зөрүүнээс шалтгаалсан төгрөгийн орлогын яльгүй өсөлтөөр өөрсдийгөө хуураад өнгөрлөө. 

МИАТ-д шүүмжлэхгүй байхын аргагүй тэнэглэлүүд хэм хэмжээ болж эхлэв. Миний удирдаж байсан хэлтсийг 4 хуваагаад 2,5 сая төгрөгөөр цалинждаг 4 хэлтсийн даргын мэст үүсгэв. Холион бантан хутгасан гэрээ хэлэлцээрүүд сонин хэвлэлийн бай, олон нийтийн элэг доог болов. Нисэх дахь ардчилалын нэрийг Билэгсайхан нар шавхайтай хутгаж хаячихаад гараад арилав. Шүүмжлэлд Гансүх тунчиг ихээр эмзэглэв. Надад жиргэлээ гэж эрүү үүсгэх хүсэлтийг МоАХ фракцын гишүүн тэрээр цагдаад тавьж онигоо болов. Үг хэлэх эрх чөлөөний төлөө тэмцэгчдийг төлөөлж төрд суусан сайд жиргээгээр эрүүгийн хэрэг үүсгэж байгаад хуулийнхан хүртэл гайхав. Гансүх албан тушаалын дарамт зүйл бүрээр үзүүлэхийг оролдож эхлэв. Ингээд би жиргээч болохоор шийдлээ. Би үг хэлэх эрх чөлөөгөө эдлэхээр шийдлээ. 


Ажилгүй ч эрх чөлөөтэй байгаа надад олон сонголт гэнэт босож ирэв. Цаашид суралцах уу, бизнест орох уу. Мэдээж энэ сайдын үед бизнест орвол юу болохыг Изинис харуулчихлаа. Сурах 2 сонголт гарч ирэв. Агаарын тээврийн мэнэжмэнтийн чиглэлээр тэтгэлэг элбэг олддог PhD –д зүтгэх үү, эсвэл эх орондоо арай хэрэгтэй мэргэжил болох олон улсын бизнесийн хууль сурах уу. Би хууль сонирхдог, хуультай ажилладаг болоод олон жил болжээ. Барууны сургуульд хуульчаар сурч Монголын гэрээнүүдийг сайжруулж эх орноо тархиараа хамгаалах хүсэл хэдийнээс надад байсан. Завтай болсон боломжоо ашиглаж болохгүй гэж үү гэсэн санаа орж ирэв. Асиана компанийн шургаагаар Солонгосын өрсөлдөөний газраас МИАТ-д тавиад байсан 2 сая долларын торгуулийг амжилттай заргалдаж хүчингүй болгуулсан туршлага маань хуулийн сургуульд суралцах итгэлийг надад өгсөн юм. Шалгаруулалтанд нь бэлдэж бэлэн болоод Juris Doctor програмуудад өргөдөл гаргалаа. З хуулийн сургуулиас тэнцсэн урилга ирлээ (Sydney, Macquarie, Bond). Тэдний нэг нь дэлхий топ 10 law school-д багтдаг Sydney Law School. Одоо би тэтгэлэг хайж байна. Надад тэтгэлэг олдоод барууны mining law, contract law, investment law зэргийг өөрсдөөс нь мэдэж авч чадвал Монголынхоо ашиг сонирхолыг тархиараа хамгаалах снайпэр болж, Оюу толгойн гэрээг шинэчлэх ажилд оролцох, Монголын бизнесүүдэд туслах, эрдэм ном, ур чадвар, муу санаа, туршлагаа эх орондоо зориулах боломж надад гарч ирнэ. Хэрэв тэтгэлэг олдохгүй бол МИАТ-даа, агаарын тээвэртээ үргэлжлүүлэн зүтгэсээр байх болно. Эсвэл PhD хийхээр хөөцөлдөх ч цаг байж л байна. Ер нь ийм субъектив хандлагатай дарга нарын үед холхон өөрийгөө сайжруулаад, боловсрол хөөгөөд байж байх нь дээр байдаг юм.


Бусдын бүтээсэнийг монумент, концертоор үнэлдэг одоогийн тогтолцооны дарга нар миний хийснийг ойлгох гэж их удна. Учир нь хүн өөрийнхөө потенциальд таарсан зүйлсээ л ойлгож үнэлдэг. Энэ бол тэдний буруу биш. Мунхагуудыг гаргаж ирж орой дээрээ залдаг бидний л буруу.  


Эцэст нь ардчилалын тухай ганц үг хэлье. Ардчилалыг бид олонхиороо шийдвэр гаргах тогтолцоо гэж ойлгодог. Олонхи гэдгийг бид хэрхэн ойлгож, харин тэд хэрхэн ойлгож байна вэ.

Монголд бол мэддэг мэддэггүй олон хүн сууж байгаад мэддэггүй олонхийн шийдвэрээр олон асуудал “шийдэж” байна. Тэнд бол мэддэг цөөхөн хүний үгийг “харьцангуй олонхи” нь хүлээн зөвшөөрөөд мэргэн шийдэл олоод явж байна. Ялгаа нь мэдлэг бол хүн төрөлхтөн 7 тэрбумуулаа хүлээн зөвшөөрч дэмжиж байгаа абсолют олонхийн шийдвэр гэдгийг тэр “харьцангуй олонхи” бас хүлээн зөвшөөрч чадаж байгаад л байгаа юм. Монгол улс ийм ардчилалын тогтолцоонд хурдан шилжих тусмаа л хурдан хөгжинө. 

За ингээд дуусгая. Өөрийгөө магтсан өөдгүй жаал гэж яаран бүү хэлээрэй. Энэ хүртэл уншиж дуусгасанд баярлалаа. Надад амжилт хүсээрэй. какака @batengineer

Saturday, June 21, 2014

Эрлийз цариг

                                Эрлийз цариг
Оршил
Саяхан зурагтын суваг сольж суугаад санаандгүй нэгэн сонин кино үзэв. Бараг л зөгнөлт кино шахуу энэ нэвтрүүлэгийг Hero Entertainment хэмээх студи бүтээж УИХ-н гишүүн Х.Баттулга санхүүжүүлсэн бололтой. Киноны нэр нь “100 чухал сэдэв”. Киноны гол санаа нь товчхондоо Монголыг хятадын түрэмгийлэлээс аврахын тулд  Монгол нутаг дээр хятадын хэрэгцээнд зориулан хүнд үйлдвэр бүтээн босгох, үүний тулд хятадын бус царигтай төмөр зам барих тухай юм байна. Кинонд та биднийг жаргаахаар чичрэн дайрч байгаа хэдэн “эх оронч”-оос гадна Монголыг хятадад аваачиж тушаах гээд байгаа хэдэн “эрлийз” гарах  ажээ.

Яг үнэндээ бол хэдэн хүн өөрийхөө мөнгөөр лааны тухай кино хийнэ үү, луувангийн тухай кино хийнэ үү надад огт падгүй хэрэг л дээ. Би л хувьдаа Hero-гийн Баатар хэмээх залуу киноныхоо орлогоор, мөн Х.Баттулга хэмээх тэрбумтан өөрийнхөө мөнгөөр санхүүжүүлээд өргөн төмөр зам, шилжүүлэн ачих байгууламж, аж үйлдвэрийн цогцолбор зэргийг барьж тэрбумын хөрөнгөө арав хорь дахин өсгөх хүсэлтэй байгаа бол хоёр гараа өргөөд  дэмжихэд бэлэн бөгөөд эдгээр risk taker-үүдийг үе удмаараа бахархан сайшаахад ч бас бэлэн байна. 

Гэтэл тэд арай л өөр санхүүжилтийн эх үүсвэртэй бүтээн байгуулалтын тухай хувийнхаа бизнесийн төлөвлөгөө шиг яриад байгааг би анзаарч орхилоо. Та ч бас анзаарсан байх гэж бодож байна. Эдгээр Баттулга нар тэр яриад, хүсээд байгаа бүтээн байгуулалтаа та бидний татварын мөнгөөр,  бидний үр хүүхдийг гадаадын банкны зээлийн өрөнд унагааж байж барих тухай тун тоглосон шинжгүй яриад эхлэдэг юм байна. Юу болоод байна аа?  Биднийг өрөнд унагааж жаргаах тухай яриа байж таарах уу?

Кинонд яригдсан шальдар бульдар эрлийз асуудлууд, кинонд тоглосон шалих шалихгүй гео салбадай нарын сэдвийг тоож хөндөөд ч яахав орхичихъё. Хаашдаа цахим сүлжээгээр дүүрэн энэ тухай хэрүүл явж байна. Гол асуудлаа хөндье.
За бас тэр мөнгө төгрөг, өр зээл ч дүүрч. Хаашдаа дээдэс маань биднийгээ тонож сураагүй, бид тонуулж дасаагүй юм шиг онгонтоод ч яахав. Бас л орхичихъё. Харин Х.Баттулгын яриад байгаа зүйлс биелэлээ олсон тохиолдолд яах тухай нэг өнгөц  фантаазлан төсөөлөх хүсэл надад байна. Таньд ч бас тийм хүсэл төрж магадгүй юм.

БАМ - 2
10-аад жилийн өмнө Монголд асар их баялаг олдсон, тэр баялагийг нь борлуулах зах зээл нь Монголоос 100-хан метрийн зайд буюу хилийн тусгаарлах “зогон”-ы нөгөө талд байгаа нь тодорхой болсноор олон жил дуншсан уул уурхайн бум жинхнээсээ эхэлж билээ. Ордуудаа нээлээ, олзонд шунасан хөрөнгө оруулагчдыг ч урхиллаа, олборлолтоо ч эхэллээ. Гурав дахь хөршийн боломж ч өргөнөөр нээгдэж манай тусгаар тогтнол 2-хон хөршөөсөө хамааралтай байдаг цаг улирав л гэж үнэхээр бодогдож ирж байлаа. Олсоноо хил давуулаад шидэхэд л урдаас ууттай мөнгө давуулаад л шидэх эдийн засгийн таатай гадаад орчин дэлхий дээр 2012 он хүртэл үргэлжилж билээ. Монголчуудын зарим нь энэхүү таатай орчинд зоригжин бизнес эрсдэлээ өөртөө үүрч уурхайн бүтээгдхүүн тээвэрлэн хил хүргэх төмөр замыг ч барьж эхлүүлж байсан нь саяхан.  Гэвч асуудал тэгэсгээд зогслоо. Бид олборлосон баялагаа хил дээрээ яаж хүргэх талаар маргалдсаар, мэтгэлцсээр, цэцэрхсээр, хийрхсээр бараг л баялагаасаа ч илүү үнэтэй ховор цаг хугацаагаа хийсгэн алдаж орхив. Олзонд шунасан хөрөнгө оруулагчид маань ч дайжаад арилав. Ойрхон байрлалд маань олзуурхсан худалдан авагчид ч алсын Австралитай сүжрээд явчив. Ар худрагаар маань Оросууд Хятадтай нүүрс, газны том тохироо хийн муриж орхилоо. Муриулсан Монгол мөнгөжих боломжоо алдав. Долларын орлого хумигдсанаар төгрөг унав. Инфляци Монголын иргэн бүрийг навс дээрэмдэж орхилоо. 
Монгол улс эдийн засгийн асар их боломжоо алдан байж тусгаар тогтнолоо арай гэж “авч үлдлээ”. Ардчилсан Холбооны удирдагч нарийн царигийн төмөр замын ажлыг цахдан зогсоосоноор тусгаар тогтнолыг “аврав”. Тусгаар тогтонолоо авч үлдэв ч гэж дээ. Харин тусгаар тогтнолоо хамгаалахад шаардлагатай эдийн засгийн чадавхиа өсгөх нэгэн сайхан боломжоо тавиад туучихлаа.

Тусгаар тогтнол юутай эрхэм. Гэвч ядуу хүнд эрх чөлөө гэж байдаггүйтэй адилаар ядуу улсад тусгаар тогтнол гэж бараг байдаггүй. Мөнгөгүй улс газрын зураг дээр тусгаар байвч  гадаад харилцаанд тусгаар байж чаддаггүй. Мөнгөгүй жижиг улс олон улсын харилцааны субъект биш харин объект л болж хувирдаг нь гашуун үнэн.
Бид хэзээнээсээ л тусгаар тогтнолдоо юугаа ч хайрлаж байсангүй. 20-р зууны ээдрээтэй нугачаан дунд тусгаар улсаа тунхаглахын тулд хойноо Тува, Буриад, өмнөө Өвөр Монголоо таслан өгч байж өнөөгийн Монгол нутгаа авч үлдсэн нуушгүй түүх бий. Дэлхийн хувьсгал, дайны давалгаанд дарангуйлагч Сталинд тал засан, 30000 иргэнээ золионд явуулж, үгээгүй ардаа шалз шувтлан байж фронтод тусласаны хүчээр тусгаар тогтнолоо арай гэж зөвшөөрүүлэв.  Хэлмэгдсэн 30000 иргэн бол тусгаар тогтнолын төлөө амиа өгсөн ачтан билээ. Хожим нь найрамдлын далбаан доор Монголын улирдагч Юмжаагийн Цэдэнпилийн төрсөн бууцыг ч орос ах авахад чимээгүйхэн дүнсийгээд өнгөрөв. Товчхондоо Монголын тусгаар тогтнолын үнэ цэнэ асар их ажээ. Монголын тусгаар тогтнол Богд хаант монгол улсын 34 хувь дээр л тогтов. Төлбөрт нь 66 хувь нь явжээ.
Хожим нь ч бас Монголчууд гуравдагч хөрштэй болох гэрээндээ 34 хувиа л авч үлдэв. 66 хувийг манай гуравдагч хөршүүд авав. Энэ бол бас л нэг утгаараа тусгаар тогтнолын төлбөр маань байлаа.
90-д онд социализм нурав. Нурав ч гэж дээ пост коммунизм олон оронд тогтлоо. Зах зээлийн эдийн засаг, чөлөөт гадаад худалдааны ачаар эдийн засаг нь сэргэсэн Орос, Хятадын их гүрний амбиц ч бас сэргэж ирэв.  Энэ хоёр улсыг тойрсон олон жижиг улсуудын асуудал эмзэг болж ирэв. Орос Гүржийг намалдаглаж, Крымыг өөртөө нэгтгэв. Хятад Бутанд цэргээ оруулж, өмнөд хятадын тэнгист хахирлаж эхлэв. Энэ хооронд Монголд ганцхан царигийн хэрүүл л үргэлжилсээр. Сүүлдээ Монгол улс царигаар тас хуваагдав. Эх оронч өргөн царигийнхан, урвагч нарийн царигийнхан болцгоов.

Ер нь цариг гэж юу юм бэ. Царигийн ач холбогдол хор хохирол юу юмб. Энэ тухайд надаас өмнө дэндүү их бичсэн, үзүүлсэн тул нуршилгүй орхисон нь дээр байх. 
Харин нарийн царигаар хятадын танк орж ирэх тухайд хэдэн үг хэлье. Орчин үеийн дайны технологи төмөр зам ашиглахаа болиод уджээ. Хуягт галт тэрэг, эсвэл цэргийн ложистикийн цуваануудад төмөр зам ашиглаж хийж байгаа дайн 2-р дайнаас хойш гарсангүй. Солонгосын хойгийн дайнаас хойш асар өөр технолгиор дайтах болов. Хамгийн сүүлд төмөр замд байрлах баллистик пуужингийн платформд зориулан ЗХУ БАМ гэдэг асар өртөгтэй бүтээн байгуулалт хийсэн ч ашгаа өгсөнгүй. Америкийн сансрын технолги, пуужингийн довтолгооноос хамгаалалтын систем хөгжсөнөөр ЗХУ хамгаа барж барьсан БАМ-ыг хэнд ч хэрэггүй гарлага болгоод хувиргачихав. Үр дүнд нь үндэсний санхүүгийн ресурсээ үр ашиггүй бүтээн байгуулалтанд шавхсан социализм нь нуран уналаа.
Сүүлийн 20 жилд эдийн засаг, технологи эрчимтэй хөгжсөнөөр дэлхий олон армийн цэргийн инженерийн ангиуд ганц шөнийн дотор бүхэл бүтэн бүтээн босголт байгуулах хэмжээнд тулж ирлээ.
За яахав Монголчууд бид сэтгэлийн хөөрлөөр өргөн царигтай зам тавилаа гэж бодъё. Бүтээн босголтын зардал мардал талийх ч дүүрч. Ухаж гаргасан нүүрс нь тээвэрлэлтийнхээ зардалд шатаад дуусах нь ч бас дүүрч. Ашиг машиг хөгжил мөгжил бол хүлээж л байг цаашаа.
Гэхдээ л өргөн цариг тавилаа гээд Хятад Монголыг эзлэх санаархлаа орхих нь юу л бол. Тэд  довтлохдоо хүрвэл тэр замыг ганц шөнийн дотор хуулж хаяад нарийн царигтай зам залгаад тавьчих боломжтой болсон нь таамаглахад түвэггүй. Тэдэнд ердөө л бэлэн болсон төмөр замын далан нь байхад л хангалттай юм. Өөрөөр хэлбэл цариг ямар ч ач холбогдол, үр нөлөөгүй хамгаалалтын хэрэгслэл болчихоод байна. Мөн адил ажлыг байдал эвгүйцвэл Оросын армийн инженерийн ангиуд ганцхан шөнийн дотор хийж өргөн царигтай зам зөрүүлээд тавьчихаж чадна. Төмөр замыг ийм конвейраар хийх ажил аль БАМ-ын үед ЗХУ-д өргөн нэвтэрсэн байсныг та бид мэднэ. Иймд царигаар хамгаалах систем ямар ч нэмэр болохгүй нь тодорхой байна.
Бидэнд БАМ-2ыг Өмнөговьд байгуулах шаардлага байна уу? Та юу гэж боддож байна?
Тэгээд очиж очиж өр тавьж барих нь хэр зөв юм? Үнэгүй барьчих боломжоо яагаад ашиглаж болохгүй гэж? Эм.Си.Эс-ийн төмөр замыг элэнцгээ хийж зогсоов гэдэг асуултууд ч цаашид үргэлжлэнэ.
Нэгэнт царигийн хамгаалалт эффективный биш нь тодорхой байхад төмөр замын тээвэрлэлтийн зардлаа муйхраар нэмэх нь үнэхээр тэнэг хэрэг болох буйзаа. Бид 3 долларыг нүүрсний шилжүүлэн ачилтанд зарцуулах уу, эсвэл тэр 3 доллараа хуримтлуулж батлан хамгаалах чадвартаа хөрөнгө оруулах уу гэдгээ сонгох л хэрэгтэй санагдаж байна. Хэдэн триллионоор хэмжигдэх тонн нүүрс, хүдрийн асуудал яригдаж байна. Үүнийг 3-р үржүүлээд нэг үз дээ. Батлан хамгаалах хүчин чадалд мөнгө хэрэггүй гэж үү. Зөвхөн царигаар хамгаалж дөнгөх үлгэрт хэдийн болтол итгэх ёстой вэ?

Гео аж үйлдвэр
Ленин үхмэгц иргэний дайныг хурдхан дуусгаад Сталин улс орноо хүнд үйлдвэржүүлэлтийн ажилд ташуурдан оруулсан түүхтэй. Голдуу Дон, Днепр, Ижил мөрний сав газруудаар мөн Москваг тойрсон эртний дархчуулын хотуудаар үйлдвэржүүлэлтийн аян өрнөсөн. 15 жил зогсоо зайгүй бүтээсэн. Олон амь, олон алт энэ ажилд урссан даа. Баку нефтийн нөөцөд тооцогдож байсан бол Урал, Сибирийг ирээдүйн түүхий эдийн нөөц гэж үзэн үйлдвэржүүлэлтэнд хамруулсангүй.
Гэвч зураач мэргэжилтэй ч геополитикийн хорхойтой нэгэн эр Европд дайны гал үлээж Сталины үйлдвэржилтийн төлөвлөгөөнд маш том засвар оруулахад хүргэсэн билээ. Дайны эхний цагуудад л Днеприйн дэргэд бүтээсэн болгон үнс нурам болов. Бүтэн үлдсэн хэсгийг нь улаан арми ухрахдаа дэлбэлж устгахаас өөр аргагүй болж байлаа.   Дон, Ижил мөрөн, Ижевск, Тверийн үйлдвэрүүдийг яаралтай Уралын нуруу руу нүүлгэв. Ингэж асар их үнээр байгуулсан аж үйлдвэрээ Сталин арай гэж нутгийнхаа гүнд сэргээн барьж байж нэг аврав.  
2008 оны 7 сарын 1-ний ардын бослогоор 5 иргэн амь насаа алдав. Үндэсний эвлэрлийг эрэлхийлсэн Ерөнхий сайд С.Баяр Ардчилсан намаас 5 сайд засагтаа урьж оруулсанаар аж үйлдвэржүүлэлтийн амбиц босч ирлээ.  Монголд баялаг байна уу? Байна. Зах зээл ойрхон байрлал байна уу? Байна. Үйлдвэр барьчих газар байна уу? Байна. Монголчуудад хөгжих хүсэл эрмэлзлэл байна уу? Байна. Аж үйлдвэр ярьдаг ардчилсан сайдтай анхны таван жил ийм л цаг үед байлаа. Гэвч ярианаас цааш бас л явсангүй.

Яагаад?
Мэдээж хэрэг хөрөнгө оруулагчид олдсонгүй. Олдсонгүй ч гэж дээ үргэчихлээ. Бас л яагаад?
Төмөрлөгийн үйлдвэр бол 20-р зуунд улс орнууд босож ирж байсан арга мөнүү гэвэл мөнөөсөө мөн юм. Гэвч цаг үе өөр болжээ. Технологийн тренд эрчимтэй өөрчлөгдөж байгаа нь хөрөнгө оруулагчдыг дэлхий даяар хүнд аж үйлдвэрүүдэд хөрөнгө оруулахад болгоомжлолд хүргэж байгаа нь нууц биш юм. Дэлхий даяар олон олон хүнд үйлдвэрүүд хаалгаа барьж зэлээ эвхэцгээж байна. Хүнд үйлдвэрийн хөрөнгө оруулалт Монголд яагаад амжилт олох ёстойг хэн ч баталж өгч чадахгүй байгаа нь факт. Альтэрнэйт энержи эх үүсвэрүүд буй болж хүч түрж байгаа нь малтмал түлшийн төлөө дайтах биш, харин байгаагаагаа хурдхан зарж мөнгө болгож авах алааныг эхлүүлж орхилоо. Саяханы Украины хямрал бол цаагуураа Европын зах зээлийг булаалдсан Америк занарын хий, Орос байгалийн хийн корпорацуудын тэмцэл л юм. Ойрхи дорнодод болж буй өнгөт хувьсгал, дайн тулаануудыг ч энергетикийн хувьсгалаас өмнө нефтийн нийлүүлэлтийг дангаараа эзэмшихийн төлөөх цаг хожих тэмцлийн хэсэг л гэж ойлгож байна.

7 хоногийн өмнө АНУ-н тэрбумтан Элон Москийн Тэсла компани цахилгаан тэрэгнүүдийнхээ бүх патентыг нээлттэй ашиглахыг зөвшөөрч орхилоо. Энэ юу гэсэн үг вэ гэвэл холгүй ирээдүйд цахилгаан тэрэг хүч түрэн орж ирнээ л гэсэн үг юм шүү дээ. Мэдээж хэрэг цахилгаан тэрэгний моторын үндсэн түүхий эд болох зэс үнэд орох нь дамжиггүй ч суудлын тэрэг хийдэг бас нэг үндсэн түүхий эд болох гангийн үнэ унах ирээдүйг бас тулгаж орхиж байгаа юм. Учир нь цахилгаан тэрэг энергийн алдагдалыг бууруулахыг тулд хөнгөн байх шаардлагатай, хөнгөн байхын тулд хөнгөн материалаар хүнд төмөр куузуугээ солихоос өөр аргагүй болж ирнэ. Өнөөдрийн байдлаар цэрэг, нисэх онгоцны технолгид нийлэг композит нэвтрээд бараг дуусч байна. Америк цэргийн дуулга композит байдаг гэвэл та нар итгэх үү. Энэ технологи авто индустри руу ганцхан үсрээд л ороод ирэхэд бэлэн болчихсон хүлээж байгаа. Ганц үгээр хэлбэл гангийн хэрэглээ ирэх 20-30 жилд эрс буурах нь тодорхой болчихлоо. Үүнийг дагаад коксжих нүүрсний хэрэглээ ч бас буурч л таарна. Өөрөөр хэлбэр Х.Баттулга сайдын visionary план биелэхэд нэлээн хүндрэлтэй байдал үүсэх нь.
Цагтаа бид утсан холбооны хөгжлөөс мулт хоцроод үүрэн холбооны технологи руу түрүүлж орсноор оросыг энэ тал дээр бараагүй хаячихаж билээ. Миний бодлоор үйлдвэржүүлэлтийн тухайд Монгол улс шонгийн мод зоож холбоожуулдаг ажлыг л давтан хийх гээд байх шиг байна.

Би Сайншандын аж үйлдвэрийн парк гээчийн макетийг 2009 онд Австралид суралцаж ирсэнийхээ дараа анх ЗТБХБЯ-ы корридорт харсан юм. Тавын таван төмөрлөг, химийн үйлдвэрийн комплексийг бөөнд нь бөөр бөөрөөр нь залгаад төмөр зам салаалан барих төлөвлөгөө харагдсан. Нислэгийн аюулгүй байдлын чиглэлээр номын дуу сонссон надад төрсөн хамгийн анхны сэтгэгдэл бол ямар нэгэн үйлдвэрлэлийн том осол аль нэг плант дээр нь гарахад энэ комплекс бүхэлдээ зогсохоос өөр аргагүй болох юм байна даа гэсэн бодол байв. Одоо ч миний тэр бодол хэвээрээ.
За яахав дэлхий технологийн трендийг нулимж орхъё. Өр зээлэндээ баригдаад ч хамаагүй улс орноо аж үйлдвэржсэн орон болгоодхоё, хятадаас л хараат биш болж байвал болоо. Танкаа ч хийх төмөртэй болох нь гэж бодож байгаа эх орончид олон байгаа нь сошиал ертөнцөөс илт харагдаж байна.
За яахав та нарынхаар үйлдвэр баръя. Тэхдээ яагаад заавал Сайншандад гэж?
Сайншанд бол цэрэг стратегийн хувьд хамгийн буруу байрлал. Баттулга сайдаа нөгөө хятадын түрэмгийлэлээс болгоомжилж царигийн хэрүүл үхэн хатан хийдэг чинь яалаа? Сайншанд бол хилээс Т-72 танкаар 2 цаг, Су-23 бөмбөгдөгчөөр 8 минут, газар газар ангилалын пуужингаар 2 минут хүрэхгүй ойрхон байрлал юм.   Улс үндэснийхээ хамгаа барж, хуруу хумсаа малтаж байж босгосон бүтээсэнийг ганцхан онгоцны ганцхан цохиолтоор сөнөөх боломжийг олгох төлөвлөгөөг та хийлээ гэж үү? Тэр олон гео-нууд танд юу ч зөвлөсөнгүй юу? Эсвэл Сайншандын парк саарал толгойтой улс төрчдийн сонгуульд л хэрэгтэй шоу юу? Арай л үнэтэй шоу санагдахгүй байна гэж үү?
Миний санаа бол аж үйлдвэр барьж болно. Гэхдээ Сайншанд бол яавч байрлал нь биш. Үйлдвэрүүдийг Улаанбаатар air defense sector-н ард буюу Эрдэнэт Дарханын районд тараан байрлуулах нь гео стратегийн хувьд хамгийн зөв шийдэл юм. Эгийн голын УЦС баригдвал цахилгаан хангалт асуудалгүй болж, гүний биш хөрсний усны дундаршгүй нөөц, бэлэн төлөвшиж суурьшсан өндөр чадвартай ажилчин анги, эдгээрийн хэрэгцээг хангах эрчимжсэн хөдөө аж ахуй бүгд хойд Хараа, Орхоны бэлчирт бэлхэнээ байж байна.
Тэгээд ч хятад биднээс боловсруулсан бүтээгдхүүн аваад байх нь юу л бол. Түүхийгээр нь л авч өөрийн үйлдвэрүүдээ ажилтай байлгахаа л бодох биз. Бидний хувьд хятад руу түүхий эд л экспортлох ганц л сонголт байгаа. Харин бид түүхий эдээ алс хол тээвэрлэвэл ашиг олохгүй. Нүүрс, хүдрийн боловсруулалтыг зөвхөн алсын тээвэрт зориулж л хийх ёстой юм шиг санагддаг. Алсын зах зээл гэдэг маань Европын зах зээл л гэсэн үг бидний хувьд.
Эрдэнэт, Дарханд нүүрс хүдэр хүргэхийн тулд Өмнөговь-Хархорин-Эрдэнэт чиглэлд Орхоны хөндийг өгсүүлэн өргөн царигтай төмөр зам барьж болохгүй гэж үү? Дорнодын тал руу далийлгаж даацгүй элсэн дээгүүр төмөр зам татсанаас ч хамаагүй бага зардал гарах бий вий. Далимд нь Хар Хориноо ч босгоод авна. Хар Хорин босвол Монгол босно гэсэн Ц.Элбэгдоржийн үг бий. Төрийн тэргүүн ч энэ үгээ хэрэгжүүлэхийг дэмжиж нь дамжиггүй байх.

Хархоринд төмөр зам очвол Монголын олон асуудал шийдлээ олох болно. Нийслэл нүүж, утаа сарнин, баруун аймгууд алслагдсан байхаа болино. Нэгэнт Хархоринд төмөр зам хүрчихвэл Идэрийн голыг өгсүүлээд Могойн гол, цаашлаад Увс, Ховд руу төмөр зам залгах боломж ч гарна Эрдэнэт-Дарханы аж үйлдвэрийн район түүхий эдийнхээ нийлүүлэлтийн уулзвар дээр, зорилтот зах зээлдээ хамгийн ойр байрлах боломжтой болох юм биш үү.
Тэхдээ л ер нь бол хүссэн ч эс хүссэн ч Монголын уул уурхайн түүхий эдийн ихэнхийг Хятад л шингээх болно. Иймд айж эмээж, улс төрчиж шоудалгүй нарийн царигтай замаа Говиос урагш тавьчих л хэрэгтэй. За тэр найман замаар сэтлэх нь ч юу юм. Харин ч ганц хоёр ачаалал ихтэй чиглэлээр урагш нь залгаж амжвал Шанхай-Алмата-Европын тив хоорондын төмөр замын корридорт цаг алдалгүй түвэггүй холбогдох боломж үүсэх байх.  Энэ бол Европ чиглэлийн тээвэрт Оросын транзит тээврийн хараат байдлаас гарах бас л нэг сайхан боломж. Өргөн царигтай Казакстан дамжин өнгөрөх төмөр замыг нарийн байх асуудлыг жилийн өмнө шийдчихлээ. Тэд Хятадаас, нарийн царигаас айхгүй байна. Бид айсаар байх гэж үү. Айсан хүнд аргал хөдөлнө гэдэг шиг аль юмнаас айж агшиж амьдрах гэсийн бэ.

Монголд ирж лекц уншиж байсан Харвардын профессор Майкл Портерын 5 форс гэж ойлголт эдийн засгийн шинжлэх ухаанд байдаг. Монополь нийлүүлэгч, монополь худалдан авагчаас байнга зайлсхийж, өрсөлдөөн үүсгэж байх шаардлагатайг Портер сануулдаг. Ашигтай ажиллахын тулд индустри дотроо хэт өрсөлдөх нь осолтойг ч анхааруулдаг. Бас орлуулах бүтээгдхүүний трендийг анхаарч байхыг сургадаг. Бизнесээ хэт ашигтай харагдуулж шинэ өрдөлдөгч нэмэхээс ч болгоомжлохыг бас ухааруулдаг.
Майкл Портерийн анхааруулга Монголд 180 хэм эсрэгээр хэрэгжсээр удлаа. Шатахуун 100 хувь нийлүүлдэг нэг хөрш, нүүрс 100 хувь худалдан авдаг нөгөө хөрш, дээр нь хоорондоо өрсөлдсөн зэсийн 2 аварга үйлдвэр, нүүрсний 10 уурхай Монголд байна.  Үр дүнд нь худалдан авахдаа өндөр үнэнд алуулаад, зарахдаа хямд үнэнд шатаж байна.
Говиос өмнө тийш нарийн, умард зүгт өргөн царигтай зам барих нь монополийг халах эхний алхам байх болно. Гэхдээ бид умар чиглэлийн замаа бараг ашиглахгүй байх. Харин Хятадын нүүрс худалдан авах үнийг тогтворжуулах, өндөр байлгахад л энэ зам хэрэг болно. Холимог царигт шилжих нь геополитик, цэрэг стратегийн хувьд ч бас боломжийн санаа. Орос Хятадын зөрчилдөх цэгийг Таван Толгой хавьд барьж байхад манай тусгаар тогтнолд ч хожоотой санагдаж байна.

Яамаар ч юмбдээ
Ийм нэг санал байна. Царигийн халуурлаа зогсооцгооё. Холимог царигтай улс болъё. Төмөр замын бодлогоо өөрчилье. Ирэх 10-15 жилд амжиж жаахан нүүрс зараадхая. Монгол хүн бүрийг саятан болгох боломж манай хөрсөн доор бий. Учир нь бидний баялаг Норвегийнхоос хамаагүй их, харин бид норвегчуудаас хамаагүй цөөхүүлээ.
Мөнгөжиж аваад олсноороо дэлхийн жишгийн сайхан бизнес хийцгээе л дээ. Мөнхөд шороо ухаад байж таарахгүй биз дээ ингэхэд. Хүнд үйлдвэр гэдэг чинь нөгөө талдаа шороо л ухаж самарнаа л гэсэн үг шүү дээ. Арабууд байрлалаа ашиглан агаарын тээврээр дэлхийд танигдаж байна. Синга худалдаагаар, Тайвань тоосжилтгүй чийглэг агаарынхаа давуу талыг ашиглан майкрочипний үйлдвэрлэлийг хянаж байна. Дэлхийтэй ингэж холбогдож чадсан улсуудыг дайрч мөхөөх тэнэг улс лав байхгүй биз. Дэлхийтэй хөршөө даван холбогдох боломж бол агаарын тээвэр л юм. Үүнийг Ерөнхийлөгч 10 жилийн тэртээ ч хэлж л байсан. Сэтгэхүйн тамын тогооноосоо нисэн гарцгаая.

Хэн ч  хөршөө сонгодоггүй. Ямар ч сүпер улсад хөршөөсөө холдоод нүүчих боломж байдаггүй. Энэ тавилан бидэнд ч хамаатай. Бид арга эвийг нь олоод 10 саяулаа болтлоо тэсэж, хөгжиж, үржээд авах л хэрэгтэй байна. Дэлхий дээр 2 л нүүдэлчин үндэстэн бий. Нэг нь Монголчууд, Нөгөө нь жүүдүүд. 8 сая жүүд тэрбум арабыг чичрүүлдэгийг дэлхий гэрчилнэ. Бид жүүдүүдээс дутахгүй бэхжиж тэрбумаар тоологдох хөрштэйгөө зиндаархан харьцах цаг ирж л таараа. Харин тэр болтлоо хөгжих бүх л боломжийг ашиглах учиртай юм шиг санагддаг.
Мэдээж манай хөршүүдэд хөгжин цэцэглэсэн Монгол гэдэг хөрштэй байх нь таалагдахгүй. Тэд бидэнд хөгжих боломжийг ч тэгтлээ их олгохгүй байх. Орос ч тэр, Хятад ч тэр хавчиж болох бүхнээр хавчиж хясах л болно. Учир нь цэцэглэн хөгжсөн Монгол бол тэдгээр улсуудад байх Монгол угсаатны үндэсний үзлийг өдөөн сэргээх аюул нь байх юм.
Гэхдээ бидэнд хөгжиж байж, глобалчлагдаж байж, дайсантайгаа наймаацаж байж, нөхөртэйгөө найраагүй болж сурч байж л тэсэн гарахаас өөр сонголт байхгүй. Шүлэгч, найрагчдаар дүүрсэн Өвөр Монголд монгол үндэстэн мөхөж байгаа шиг  хувь заяаг бид хүлээн зөвшөөрч болохгүй юм шүү.
Танд энэ талаар юу бодогдож байх юмб?

21.06.2014








ИРГЭНИЙ НИСЭХИЙН ТУХАЙ ХУУЛЬ /Шинэ/

Төсөл 2025.09.05 ИРГЭНИЙ НИСЭХИЙН ТУХАЙ ХУУЛЬ /Шинэ/ НЭГДҮГЭЭР БҮЛЭГ.  НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ 1 дүгээр зүйл. Хуулийн зорилго 1.1. Энэ хуулийн ...