Saturday, June 28, 2014

Эх орончдод өгөх зөвөлгөө


Эх орончдод өгөх зөвөлгөө ба миний жиргээч болсон түүх

Хуурамч эх оронч


Долоо хоногийн өмнө Монгол нэг доргиод авав. Төмөр замын царигийг тойрсон хэрүүлд “100 чухал сэдэв” захиалгат нэвтрүүлэг генетикийн будаг нэмж орхисноор эх оронч, хятадын эсрэг үзэл сэргэн аслаа. Цахим ертөнцөд дүрэлзсэн үзэн ядалтын түймэр Монголыг дор нь хуйхлав. Баки баки эх орончид монголчууд, гадаадуудад заналхийлэх нь хэрээс хэтрэв. 

Эцэст нь аав үг хэлэв. Хүүхдүүд ааваа сонсон дуугаа хураав. Улсын аав гэртээ барилдаж тоглохыг хориглолоо. Хөршөө шоглох нь айл саахалтын эвийг эвдэх осолтойг анхааруулав. Гэрт, гадааны ажил их байхад дэмий тоглоом шоглоомд ч хүрч болохыг сануулав. 


100 чухал сэдэв 100 хувь муу нэвтрүүлэг байсангүй. Муу юманд ч сайн тал байдаг гэж Оюундарь хатагтай ууланд алхахдаа хэлж байсанчлан юутай ч Монголчуудын эх оронч сэтгэлийг ил гаргаж ирлээ. Надад энэ олон эх орончоор бахархах сэтгэл төрж ирэв. Бас Монгол залуусын боловсрол, ухамсрын түвшинг нуух бололцоогүй болгож орхилоо. Монгол залуус эх оронч байгаа нь маш сайн хэдий ч ямар ч суртал, шордоонд амархан өдөөгдөх хэмжээний ухамсар мэдлэг дорой байгаа нь илхэнээ болов. Боловсролгүй, бодолгүй масс бол дарангуйлалын нийгмийн мөрөөдлийн хөрс суурь мөнөөсөө мөн билээ. Ямар азаар Монгол улс парламентын засаглалтай орон байв аа. Үндсэн хууль баталсан 400 хөгшинд баярлалаа. Хэрэв Ерөнхийлөгчийн засаглалтай байсансан бол Монголд дарангуйлагч ядах юмгүй төрөх хөрс суурь бэлхэнээ байгаа л юм байна. Халхын заяа ихээ гэж ярьдаг. Монголын заяа үнэхээр их ажээ.


Тиймээ би ч гэсэн эх оронч. Би Монгол улсдаа, Монголынхоо тусгаар тогтнол, Монголын үнэртэй ардчилалдаа чин зүрхнээсээ хайртай. Би өөрийгөө 100 чухал сэдвийг зохиогч эх оронч Х.Баттулгаас дутахгүй эх оронч, Монголын төрд Х.Баттулгаас ч дутуугүйг бүтээгч гэж бодож явдаг. Энэ тухайгаа доор цухас өгүүлэх тул дуустал нь уншихыг бодоорой. Би бол шинэхэн сүндэрлэж байгаа барилгаас сонсогдох харь хэл, шинэхэн сайдын тархийг базсан харь зөвлөх, шинэхэн нээгдсэн дэлгүүрт өрөгдсөн харь хүнсний аль алинд нь эмзэглэдэг монгол.


Гэвч яалтай. 


Үүнд монголчууд бид өөрсдөө л буруутай юм. Монгол эх орончид бид өөрсдөө нэн тэргүүнд буруутай. Яагаад бид буруудна вэ? Хамаг ажлыг хятад, хамаг бодлогыг гадаад зөвлөхүүд, хамаг цалинг мөн л тэд аваад байхад яахаараа Монголчууд бид бурууддаг байнаа гэх асуулт гарах нь гарцаагүй. 

Хариулъя.  Зах зээлийн хатуу хууль биднийг хүссэн хүсээгүй харийн хараат болгоод байна. Бид өөрсдийгөө эхлээд нэг хараадхая. Өөрсдийгөө хажуунаасаа нэг шинжье л дээ. Хариулт эндээс биднээс өөрсдөөс маань олдоно.

За нэг зам засаж байгаа дүр зургийг саная. 5 монгол байхад нэг нь ажиллаад 3 нь тамхи татан, үлдсэн нь удирдагч дүртэйгээр утсаар ярин зогсож байдаг. Өөрөөр хэлбэл 5 хүн нэг цаг хийх ажлыг 5 хүн 5 цаг хийдэг. Буруугаа дундаа нэг багажтайгаараа голдуу зөвтгөөд өнгөрдөг. Ганцхан багажтай ажилд 5 хүн томилдог төлөвлөлтийн бурууг хэн ч ярьсангүй. 


За төрийн албаны контороор оръё. Нэг хэлтсээр шагайя. 7 хүнтэй дундаж хэлтэст 4 нь интернэтэд зугаалж, 2 нь гадуур явж 1 нь л ажил хийж байгаа дүр зураг харагдах болно. Тэрхүү ганц нь хэлтсийн даргаас өгсөн цаасыг бэлдэхээр ухнатан сууж байдаг. Мэдээж хэлтсийн даргад нь газрын дарга өгсөн, газрын даргад нь сайд нь өгсөн бичгийн хариуг бэлдэх гээд сууж байгаа нь тэр. Сайдад нь УИХ-н байнгын хорооны хурал дээр ганц өдрийн дотор гаргаж ирүүлэх үүрэг өгчээ. Сайд түүнийг 2 цагийн дотор яамандаа дамжуулж, уг даалгавар 1 цагийн дотор яамны ирархи тогтолцоог дамжин явсаар шинэхэн орсон мэргэжилтэнд ирсэн нь энэ бөлгөө.  Хөөрхий тэр “мэргэжилтэн” бол улс төрчид, дарга нарын шахаа солилцооны журмаар ажилд орсон хүүхэд бөгөөд ирсэн том бичгийн учрыг ч бараг сайн ойлгохгүй, дээрээс хаалгадан орж ирсэндээ бантаад хэлтсийн дарга, ахлах мэргэжилтнүүдээсээ ч асуухаас санаа зовоод өөрөө л нухаж суугаа нэгэн. Гэвч тэр ажлаа хийж бичгийн хариу сийлнэ. Үзсэн дуулсан нь багахан боловч гүүгл, вики-гийн тусламжтайгаар ямар нэгэн юм гаргаж л орхилоо. Түүний ганцхан хоногт “бэлдсэн” цаасыг хэлтсийн дарга газрын даргадаа өгч, газрын дарга сайддаа гардуулж, сайд УИХ-н байнгын хороонд танилцуулж, Байнгын хороо УИХ-н чуулганд оруулж, Чуулган кнопдож орхисоноор төрийн бодлого бэлэн болно. Бодлогосоод байх ч юу байхав шал түүхий, дутуу, голдуу ямар ч хэрэггүй ийм бодлого баталж аваад түүнийгээ шат шатандаа хэрэгжүүлэхээр ахиад л нийгмээрээ бөөн хэрүүл.


Нийгэм эдийн засгийн харилцаанд банк гэж нэг чухал зүйл байх бөлгөө. Банк нь эдийн засагт хэрэгтэй мөнгийг нийлүүлж, заримаас нь мөнгө татан төвлөрүүлж, заримд нь зээлж, заримдаа өөрөө хөрөнгийн зах зээл дээрээс мөнгө босгож, хааяа хөрөнгө орууж ажилладаг тийм тогтолцоо юм. Банкны зээлийн хүү гэж нэг ойлголт бий. Энэ хүү бол хагас бүтэн сайнд ч, ажлын цаг дуусчихаад байхад ч, тамхины завсарлага, үдийн цай, бүүр даже үндсэний их баяр наадмын үеээр ч амардаггүй золиг нохой билээ. Ёстой нөгөө өөрөө ч амардаггүй, бусдыг ч амраадаггүй шаар бол чухамхүү банкны зээлийн хүү мөнөөсөө мөн.


Бизнесүүд банкнаас зээл авч бизнесээ хийдэг. Зам, барилга, үйлдвэр гээд капитал интенсив бизнесүүд хүссэн ч эс хүссэн ч банкны зээлээр л санхүүжигдэхээс өөр арга байдаггүй. Банкны зээлтэй бизнес гэдэг бол цаг хором тооцсон уралдаан юм. Ажлаа хурдан чанартай дуусгах тусам зээлийн хүү бага төлдөг. Сунжирвал хүүндээ мулт шатахаас гадна дараагийн зээлийн кредит рэйтинг нь буурч, ирээдүйн зээлүүдийн нөхцөлүүд чангарах аюултай. Цагтай уралдахын тулд нэг хүний ажлыг нэг л хүн хийдэг баг бүрдүүлэх, илүү дутуу дахин дахин хийж зардал гаргадаггүй бүх зүйлийг яс тооцож ажлыг удирдан зохион байгуулж чадах мэнэжмент хэрэгтэй болж ирдэг. Бүтээн босголтын богинохон сезон, банкны зээлийн өндөр хүү, өрийн шахуу хугацаанд 5 монголоор 1 хүний ажил хийлгэж 5 дахин удаан, дээр нь 5 хүний цалин төлөх үү, эсвэл 5 хятадаар 5 хүний ажил хийлгэж 4 хүний цалин төлөх үү гэдэг сонголтын өмнө олон олон эх оронч бизнесмэнүүд маань тулж ирдэг. Аль ч банкны зээлийн гэрээнд патриотизмыг дэмжих  заалт, хөнгөлөлтийн нөхцөл байдаггүйгээс бүтээн босголтууд нэг л мэдэхэд хятад ажилчдаар дүүрч орхисон байдаг билээ. Хятад ажилчид ч өдөр шөнөгүй балбаж, өлөн зэлмүүр ажиллаж байгаад биеийн хөдөлмөрийн фронтоос монголчуудыг үй олноор нь шахаж орхидог.


Мөн дээр өгүүлсэн шинэхэн мэргэжилтний сийлсэн төрийн “бодлого” дампуурах тийшээ хандаад далий голдуу хэрэгжээд ирмэгц чанартай бодлого хийх шаардлага өөрийн эрхгүй урган гардаг. Чадвартай, боловсролтой мэргэжилтнүүдээ намчдаар сольж, хань хамсаатнаараа түрэн гаргасан улс төрч, сайд нар хүссэн ч эс хүссэн ч ямар нэгэн шар толгойтныг олон сая доллараар урьж ажиллуулан бодлого, тооцоо бэлдүүлж авах хэрэгцээ үүсдэг. Уригдан ирсэн шар толгойтнууд нь хэлтэй, чадалтай ч улс төрийн хар хүчинд шахагдсан залуусыг олж хямдхан ажиллуулан, тэдний бэлдсэн дата, анзаарсан алдаа, гаргасан саналуудыг нэгтгээд зөвлөх үйлчилгээний тэмплэтэнд шахан англи хэлээр хэвлэн гаргадаг. Зөвлөхүүд өдөрт нэг л хуудас цаас бичих бөгөөд нэг жилийн дотор 300 хуудастай маш том тайлан бэлэн болдог. Гарчиг, зураг голдуу уг зөвлөх үйлчилгээний тайлангаа төрийн сайдад өгч мөнгөө аваад арилж өгөх ба сайд ч тэр том зөвлөх компанийн гаргасан дүгнэлтээр ийм байна тийм байна хэмээн цэцэрхэх багажтай болсондоо учиргүй олзуурхан үлддэг билээ. Ёстой нөгөө “ хөөрхий муу Дэмбэрэл юм үзээгүйн болохоороо баярлаж байна гэж жигтэйхэн” хэмээдэг Жамц баяны үг эндээс дүрээрээ харагддаг.


Үр дүнд нь монгол ажилчин цалингүй, монгол мэргэжилтэн үнэлэмжгүй болж үлддэг. Өөртөө ноогдсон ажлыг өөрөө л хийж сураагүй монгол ажилчин, өөртөө ноогдсон ажлыг дундаа хийж, доошоо пасслдаг монгол мэнэжмэнт хүссэн ч эс хүссэн ч гадаадын түрэлтийг урин дуудах үндсэн фактор болон хувирч байдаг. Монголчууд бидний их залхуурлыг хөдөлж ядсан ч зогсоо зайгүй ажиллах чадвартай хэдэн гадаад овжноор ашиглан түрж байгаад эцсийн эцэст хэн буруутай юм бэ?

Ажлаа булаалгасан ажилчид, албанаасаа хасагдсан сэхээтнүүд бороонд норсон бухимдын бухал шиг дотроосоо нэг л өдөр шатахад бэлэн болсон байдаг. Саяын 100 сэдэв бол яг үнэндээ ийм нэг бухалд гал тавьсан л хэрэг боллоо.  

“Ташуураар хамгаалсан эх орно тархиараа хамгаалах цаг ирлээ” хэмээн хэлсэн Л.Түдэв гуайн үг юутай үнэн, юутай мэргэн. Цаг өөр болж тэмцлийн технологийн shift болсоныг хамгийн түрүүнд анзаарсан хүн бол яалт ч үгүй Л.Түдэв гуай мөнөөсөө мөн билээ. Гэтэл 21-р зууны 14-р онд ч ташуурын суртал үргэлжилсээр. За яахав турхирагчидын хүслээр болоод хэдэн хятадыг балбаад, хэдэн шарыг хөөгөөд гаргая. Барилгачидаа хамгаалахаар Хятад Бутанд орсон шиг юм болвол яах юмбээ? Хөөгдсөн шарууд ирж биднийг өмөөрөх үү? Яджаахад хятадаас хамгаалах өргөн царигаа ч тавьж амжаагүй байж байдаг. Ер нь энэ хийрхэл бол сул дорой эх орноо хайрлах, хамгаалах биш харин ч бусдын хөнгөн зууш, түрэмгийлэлийн далим болгох онц ноцтой гэмт үйлдэл юм.


Эх орноо өөрөөр хамгаалах цаг болсон. Үүний тулд  бид өөрсдөө л хичээх хэрэгтэй. Юуны түрүүнд цагаа барьж сурах хэрэгтэй. Цагийн ажлаа цагтаа хийж занших хэрэгтэй. Ажил олгогчоо мөлжигч гэж харах бус түүнийг үнэхүү эх оронч гэж харж түүнд үнэн сэтгэлээсээ ажиллаж өгч сурах хэрэгтэй. Нэг монгол хүн нэг л монгол хүний ажлыг хийдэг болох хэрэгтэй.  Ингэвэл барилгын хужаа аяндаа цөөрнө. Хятадуудыг нутгаасаа хөөх арга бол хятадуудаар хийлгээд байгаа ажлыг булааж, хятадуудаас илүү хийх явдал билээ.  Эх оронч төрийн түшээд ч засаг авмагцаа намчид, дамчидаар төрийг дүүргэж мэдлэгтэй, чадалтай залуусыг шахан зайлуулж үндэсний чадамжийг хорлодогоо болих хэрэгтэй. Сонгуулийн дараахь томилгоонууд бол яг үнэндээ ямар ч эх оронч биш, хорлон сүйтгэх ажиллагаатай төстэй болоод удаж байна. Намууд үндсэний боловсон хүчний талаар нэгдсэн консенсуст хүрэх ёстой юм.  Залуус сурах хэрэгтэй. Гадныхныг орлох, тэдэнд заах хэмжээнд сурвал бүүр ч сайн. Сурах сурахдаа хөгжсөн орнууд руу өөрсдөд нь очиж сурах хэрэгтэй. Тэгэж байж л бид хөгжлийн технологийг тээж авчирч, тэднийг мад тавьж чадна. Үнэхээр үйлдвэржмээр байгаа бол төр хүнээ л бэлд, хүн нь өөрийгөө л бэлд. Тэр үйлдвэрт олимпийн аваргууд ажиллахгүй. Орос хятад ч ажиллахгүй. Онцчууд ч ажиллахгүй. Та нар л ажиллана.


Женко Баттулгын дуртай гэж яригддаг Загалмайлсан Эцэг хэмээх Мариа Пьюзогийн зохиолд “ганц цүнх барьсан хуульч, буу барьсан 100 тэнэгийн чадаагүйг дээрэмдэж чадна” гэж Вито Андолини хэлдэг эпизод гардаг билээ.  Монгол улс гадаад эдийн засгийн интеграцчлалд идэвхтэй орохоосоо өмнө дэлхийн хэмжээний хуульчид бэлдэж аваагүй байсныхаа горыг маш өндөр үнээр төлж байна. Манай хуульчдын хэмжээ шоронгийн эргэн тойрноос холдож чадахгүй байгаа нь нууц биш. Олон улсын гэрээ, худалдааны хэлэлцээрүүд, арбитрын шүүх, диспют резолюшн дээр ажиллах хуульч хэд байна вэ. Мэдээж байгаа нь байгаа. Гэхдээ тийм хуульчид олон болж байж л Монгол улс гадаад талдаа хүчирхэг байх боломжтой. 


Оюу толгой бол үндсэндээ Монголын хуульчдын чадал нь хүрээгүйгээс л ходруулчихсан гэрээ гэж би ойлгодог. Гэрээний төсөл дээр Монгол улс дэлхий топуудад бэлдсэн өөрийн хуульчдын баг ажиллууж чадсансан бол байдал их өөр байх байсан гэж бодогддог. Монгол толгойг үнэлдэггүй Монгол толгойнд хөрөнгө оруулдаггүй, архитектороос илүү тоосго өрөгчийг алдаршуулдаг монгол тогтолцооны үндэсний хэмжээний үр дүн нь бидний гадаадуудтай байгуулж байгаа элдэв гэрээнүүд болж байна. Монголчууд том гэрээн дээрээ том алдаж, жижиг гэрээн дээр жижиг алдсаар л байна. Гэрээлэгч нөгөө талынхаа хуулийг судалсан, сурсан хүнгүйгээс гэрээн дээрээ алуулдаг нь хэм хэмжээ болчихлоо. Эрдэнэт, УБТЗ-н гэрээг орост сурсан, оросын хуулиар төгссөн монгол хуульчид нухсаны үр дүнг бид хүртээд сууж байгаа. Хамгийн доод тал нь 50/50 гэрээг бид хийж чадаж байжээ.


Зөвхөн хууль гэлтгүй олон олон салбарт Монголчуудын оюуны залхууралын үр нөлөө ихээр илэрч байна. Тухайлбал зам байна. Харамч хүн хоёр дахин их төлдөгийн үлгэр монголын зам дээр шууд утгаараа байж байна. Гадаадад яаж зам барьдаг вэ. Тэд хөгжлийн планд захируулж инженерийн шийдлүүдтэй, даацтай, ус зайлуулах сувагтай эсвэл ус хаях налуутай, зузаан асфальттай, явган зорчигтийн замтай, гэрлийн шон нь явган зорчигчид саад болохгүй замыг манай замаас 5 дахин их үнээр нэгмөсөн барьдаг. Бид зам яаж барьж байна? Монголчууд даацгүй гурилдсан зам эхэлж барьдаг. Хойтон жил нь тэр замаа сэтэлж инженерийн элдэв байгууламж усны хоолой, утасны кабель татдаг. Эвдсэн замаа дахин засаад хэсэг хугацааны дараа брожурыг нь сольдог. Брожур солиод дуусмагцаа брожураа мулт татан ус зайлуулах суваг хийдэг. Ингээд ус зайлуулах суваг бэлэн болмогц дахин төлөвлөлтөнд оруулж өргөтгөн бүхнийг эхнээс нь эхэлдэг. Эцсийн дүнд нь зам анх тавьж байснаасаа 20 дахин үнэтэй, барууны замаас 4 дахин үнэтэй ч бас л шал  ямбий юм болж хоцрон мартагддаг. Улаанбаатарт эхнээсээ зөв зам хөрөнгөөр зодож бариад байсан бол маш сайн чанарын замаар хотыг бүрхээд дуусах хугацаа, хөрөнгө үрэгдлээ. Замыг манай дарга нар нэгмөсөн маш сайн хийх ёстой зүйл гэж ойлгохыг ч хүсдэггүйгээс зам дээр дахин дахин мөнгө оруулж тэндэр бодож олох багаж гэж хардгаас замын осол, саатал, түгжрээ тоймоо алддаг. Мөнгө байна, ажилчин байна ганцхан зохион байгуулалт төлөвлөлт л алга. Өөрөө хэлбэл толгой нь ажиллахгүй байна. Толгой яагаад ажиллахгүй байн вэ гэвэл толгой үнэлэмжгүй тул ажиллахгүй байгаа хэрэг. Барууны төр хувийн ялгаагүй ихэнх том үйлдвэр компаниудын захирлууд сая саяын цалин бонустай байдаг. Тэд толгойгоо ажиллуулдаг. Үр дүнд нь 5 саяын замыг 20 саяаар хийдэг шиг гарлага арилж бизнес тэрбумын хожoо олдог.  Төрийн УҮГ-уудын алдагдал авилгалын шалтгаан нь удирдлагын цалин, бонусы социалист тогтолцоо хэвээр байгаа явдал л юм. Үйлчлэгчээсээ бага цалинтай авиа компанийн захирал, бэлазын жолоочоос бага орлоготой уурхайн дарга нар үйл ажиллагааны эффисиенси гэдэг юмны төлөө яг явж харагдаач л байхгүй юу. Тэд хээл хахуулиар суудалдаа үлдэж, хулгай хийхээ л бодохоос үр ашгийн тухайд толгойгоо ажиллуулахгүй нь тов тодорхой.

Бид үнэхээр эх орноо бодож, эх орондоо хайртайгаа нотлохыг тулд интернет, телвизээр эрлийз хурлийзаараа дуудалцах ямар ч шаардлага байхгүй. Толгойгоо л дор дороо цэнэглэж байх хэрэгтэй. Таны ирээдүйн дайснууд чинь яг одоо номоо шимтэн үзэж суугаа шүү гэдэг үг байдаг. Хятадууд хүүхдүүдээ баруунд хөөн явуулж хүчээр сургаж байна. АНУ-д сурч байгаа гадаад оюутны талаас илүүг хятад оюутнууд хэдүйнээ эзэлжээ. Тэд сурч байна. Харин бид хийрхэж байна.  Үнэхээр хятадад эзлэгдэхээс айгаад байгаа юм бол сурцгаа. Хөгшин залуугүй ном үзэцгээ. Гэхдээ ном үзэж байгаа нь энэ гээд шүлэг найргаар гэгэлзээд, детектив фантаазаар өвчлөөд байх хэрэггүй. Шинжлэх ухаан, технологи, бизнес, эрх зүйд суралцацгаа. Бид ингэж байж л Монголоо аварна. Өргөн царигийн үлгэр бол яг үнэндээ алтан цөгцний үлгэрийн 2-р анги төдий. Өргөн цариг биш өргөн мэдлэг л Монголыг хятадаас хамгаална.

Иймд эх орончдоо сур сур бас дахин сур. "Чи чадна гэвэл чиний зөв. Чи чадна. Харин чи чадахгүй гэвэл бас л чиний зөв. Чи чадахгүй" гэж хэлсэн Хенри Фордыг үгийг байнга санаж яв.
Өөрөө залхуурч өрөөлийг зарчихаад эх оронч гэж цээжээ мянга дэлдээд яах ч юм билээ. Өөрөө ажиллаж сурахаас залхуураад хятад авчирч ажиллуулчихаад эх оронч нэр зүүх бол тун ичгэвтэр хэрэг. Ийм хуурамч эх орончид л эх орны минь хөгжлийн хар садаанууд юм. 



@batengineer-ийн жиргээч болсон түүх


 Одоо өөрийхөө тухай хэдэн үг хэлье. Миний бичсэн "Эрлийз цариг" нийтлэл олонд хүрчээ. 7 хоногийн дотор зарим судалгаагаар 10 гаруй мянган хүн уншиж. За энэ ч яахав царигийн талаархи өөр байр суурь юу байна гэж хүн болгон л сонирхож хараа байлгүй. Санал асуулт ч олон байлаа. Дайралт чичлэлт ч тоогоо алдав. Гол санаа нь чи монголд юу хийж бүтээв, жэнко Баттулгаас илүү юу хийсиймб гэж асууцгаажээ. Үүнийг нэгэн дууч эр жиргээндээ шууд шордон асуудаг юм байна.  Энэ бол нууц биш тул хариулъя

За би болбоос монумент урлагийн хүн бишээ танилцуулгынхаа эхэнд хэлчихье. 

Би багаасаа техникт сонирхолтой хүүхэд байлаа. Аль 7-р ангиасаа л аймгийн нисэх буудал дээр өнждөг байв. Анх 713 дугаарын Ан-2 онгоцоор Бор, Баярсайхан ах нартай Эгүүр нисэж онгоцны жолоо барьж үзсэнээ мартдаггүй. Өөрөөр хэлбэл би Оюунгэрэл сайдаас хамаагүй өмнө нисэхтэй амьдрал хувь заяагаа холбосон хүн бөлгөө. 10 жилд байхдаа математик, физикийн олон олимпиадад аваргалж явлаа. Киевийн нисэхийн дээдэд онгоцны инженерээр ч сурч байлаа. Ардчилагчид жагсаж явах үед тийрэлтэт хөдөлгүүрийн шинэ дизайны патент авсан дипломныхоо ажлыг зугуухан эхэлж, Антоновын ЗБТ-ы Бородянка дахь аэроклубт спортын онгоцоор нисэж сурч байлаа. Зарим нь арьс зараад стенк ачуулж байхад би олсноо онгоцны бензинд зарцуулдаад дуyсчихдаг байв. Сүүлд 94 онд хөдөлгүүрийн дизайнаараа патент авсан бөгөөд надад 876 тоот патентыг Үндэсний хөгжлийн газрын дарга Ч.Улаан гэсэн гарын үсэгтэйгээр олгосон юм. Төгсөх жилээ Москвад олон ганзагчинтай тааралдсан бөгөөд тэдний нэлээд нь сүүлд төрийн түшээ, тэрбумтан, эх орончид болцгоосон билээ. 


Ажилд орохын өмнөхөн аавын минь хэлсэн нэг үг миний амьдралын зарчим, замналын минь хөтөч болсон юм. Аав минь “Ээж аав хоёр нь та нарыг хэнээс ч дутахгүй оюун ухаантай төрүүлж өсгөсөн. Хүнд зусардан тал засч амьдардаг хүн эцэг эхээ л олиггүй амьтан төрүүлсэн гэж доромжилж байгаатай адилхан байдаг юм “ гэж билээ. Аав минь өөрөө ч шударгын туйл байв. Атрын анхдагч тэрбээр 26 насандаа Алтангадас, 28 насандаа Сүхбаатрын одон хүртсэн бөгөөд 60 оны Үндсэн Хуулийг батлалцсан АИХ-ын депутат тэрээр баатрын болзлыг давуулан биелүүлсэн байсан ч намын хурал дээр даргаа шүүмжилсэнээс баатар болоогүй билээ. Дарга нар нь шүүмжлэгч гэж хэлж чадахгүй тул эхнэр аваагүй учраас баатарт тодорхойлж болсонгүй гэж тайлбарлаад өнгөрсөн гэдэг.


93 оноос МИАТ-д Ан-24-ийн ээлжийн инженер, хүндийн цехийн дарга, шалгагч инженер 4 жил хийлээ. Хүйтэнд хөрч, халуунд халж үзлээ. Хасах 38 хэмд хүйтэн онгоц асаахаар хатгаа тусч ч явлаа. Халуун зунаар 3 хөдөлгүүр нэг өдөрт солихоор дайрч давж ч үзлээ. Гурвын гурван онгоцыг хөдөлгүүр солихоор нислэгээс татаад нислэгийн наряд тавиулсан экипажын борт механикийг хуушууранд гүйлгэн тостой зууралдаад байж байсан үе маань Женко Баттулгын саятан сугалаагаа ид гаргаж байсан үетэй давхцдаг. Тэхдээ би сугалаа авч үзээгүй. Амьдрал бол сугалаа биш гэж би итгэдэг.

Хожим нь олон ослын дараа нисэхийн эрх зүйн системийг бүрдүүлэх ажилд дайчлагдан ИАТУГ-д анхны нислэгт тэнцэх чадварын байцаагч, дүрэм стандартчилалын хэлтсийн даргаар ажиллав. Хууль дүрмийг найз нөхөдтэйгөө сар жилээр хонуут сууж нухлаа. Агаарын тээвэр гэдэг тогтсон хэллэгийг нисэх гэдэг үгээр сольж албажуулав. Ерөнхий сайд Энхсайханд aviation гэдэг үгийг нисэх гэдгээс өөрөөр орчуулах боломж байсангүй гэж ЗГ хурал дээр тайлбарлан дэмжлэг авлаа. 99 оны хуулиар ИНЕГ төрөн гарав. АНУ, Шинэ Зеланд Австрали, Канадын дүрэм стандартуудыг орчуулж базан Монголын иргэний нисэхийн багц дүрмийг бий болгов. Бидний нөхөд орчуулгын товчоо хоч ч нэг хэсэг зүүлээ. Гэвч хийсэн бүтээсэн маань нисэхийн салбарыг үндсээр нь өөрчлөв. Аэрофлотын маягийн команд контрол системийг цэгцтэй, иж бүрэн эрх зүйн тогтолцоогоор солилоо. Шинэ дүрэм стандартаар дамжуулан нислэгийн аюулгүй байдлын соёлыг бүрэн шинэчилж дэлхийн хэмжээнд хүргэв. Өнөөдөр хуулийн системд хийх гээд алаан болж байгаа реформыг бид нисэхэд 96-2006 онуудад чимээгүйхэн л амжуулчихсан юм. Нисэхийн эрх зүйн систем олон улсын жишигт хүрч тоглоомын дүрэм ойлгомжтой болсноор агаарын тээвэрт хөрөнгө оруулагчид зоригжиж airline бизнест томоор орж эхэлсэний анхных нь Аэро Монголиа, дараагийнх нь Изинис болов. Осол аваарын цикл ч тасарлаа. Иргэд зорчигчдын агаарын тээврийн аюулгүй байдалд итгэх итгэл сэргэж ирэв. Батхүү, Цэнгэл сайдуудын үед МИАТ ашигтай ажилладаг төрийн компани боллоо. Нисэх өөр нисэх болов. Хожим нь 2010 онд ИКАО шалгаад Монголд Германаас өндөр оноо тавьсан билээ. Нисэхийн эрх зүйн реформыг эхэлж байсан энэ үе маань Б.Чимэдийн хүргэн асан Гансүх хуулийн сургууль дүүргэж  үндсэн хуулийн эрх зүйгээр диплом бичиж байсан үетэй нь давхцдаг.


Нисэхийн хуулийг бичихээр толь бичиг эргүүлэн ном шагайж, хуулийхаа үг үсэг бүрийг хуучин 386 дээрээ өөрөө шивж суухдаа би эрх зүйт нийгмийн ажиллаx зарчмыг ойлгож авсан юм. Хууль бичих хоббитой боллоо. Үндсэн хуулийн төсөл бичиж Баабарын туслах Эндрю хэмээх Энхтүвшинд дамжуулсанаар Баабарын үндсэн хууль өргөн баригдав. Баабарыг би биширдэг байв. Тэр хүний нөлөөгөөр МСДН-д бүртгүүлж байлаа. Улсын нисэхийн хуулийн төслийг драфталж Гүррагчаа баатарт хүргүүлсэнээр улсын нисэхийн хууль төрлөө. МИАТ компанийн үйл ажиллагааны зааврууд боловсруулах төслийн удирдагчаар Нямдаваа захирал урив. Ингэж ИАТА-гийн шалгалтанд 4 удаа МИАТ-г тэнцүүлсэн бичиг баримтуудын анхны эдишн бэлэн болов. Энэ хугацаанд би нэгэн эрхэм хүнтэй ойртон нөхөрлөв. Түүнийг Хандын Цэдэв гэнэ. Өвөрхангай аймгийн Богд сумын харъяат. Түүн шиг эр хүнтэй би ховорхон тааралдаж байжээ. Цэк бол мэдлэгтэй, хурц ухаантай, түшигтэй, шуналгүй удирдагч байсан юм. Х.Цэдэв монголд навигацын хураамж гэдэг зүйлийг санаачлагч билээ. Москвад ИМО-г олон улсын эдийн засагчаар дүүргэсэн малчин ардын хүү тэрээр олсон мэдсэнээ өөрийн дарга Моломд хэлсэнээр Монгол улс анхны навигацын хураамжийг хурааж эхэлсэн түүхтэй. Цэкийг 2002 онд дэд бүтцийн дэд сайд энгийн билетэнд нь бизнес суугчийн талон өгсөнгүй хэмээн зууж МИАТ-с халуулав. Бид хааяа нисэхийн ирээдүйн тухай төсөөлж, төлөвлөж суудаг байлаа. Тэр мөрөөдлүүд маань миний “Хөгжлийн түлхүүр хаана байж болох вэ” нийтлэлд тусгагдав. 2003 онд нийтлэлээ Монголд цуврал лекц уншихаар бэлдэж байсан Харвардын төгсөгч Элбэгдоржид танилцуулсанаар зарим санааг нь олонд хүргэх завшаан тохиов. Одоогийнх шиг блог, сошиал медиа аль нь байсангүй тул Эбигийн тус маш их байлаа. 


Тэр жилийн наадмаар Өсөхөө аваргын А.Сүхбатад хийсэн тангарааг хараад наадамд хууль хэрэгтэйн байна гэсэн санаа орж ирэв. Наадмын хууль драфтласанаа Цэкийн найз УИХ-н гишүүн Одончимэд гуайд үзүүлэв. Хуулийн төслийг Одончимэд гуай Багаад дамжуулсанаар багахан засвартайгаар Монголчууд наадмын хуультай боллоо. Миний анхны хувилбарт харцага, гарьд гэж биш харин их начин, их заан гэдэг цолны шатлал нэмэх санал байсан юм. Наадмын хууль батлагдах үе бол Жэнко Баттулгын жудогийн холбоог авч олимпийн бэлтгэлийн менежмент хийж байсан үетэй нь таардаг. 


Эби Ерөнхий сайд болж, Нисэхийн хууль дээр хамт ажиллаж байсан Г.Батхүү зам тээврийн сайд болсноор ИНЕГ-ын тэргүүн дэд даргаар ажиллахаар дуудагдав. Нислэгийн Аюулгүй Ажиллагааны Хяналт Зохицуулалтын Албыг үйлдвэрлэл, мөнгө, тэндэрээс холдуулж классик утгаар нь ажиллуулах үүрэг оноогдов. Ахиад л Австрали, Америк Шинэ Зеландын нисэхийн байцаагчдын inspection procedure handbooks, check list-үүдийг хуулан копидов. Манай байцаагчид санаандаа орcноо шалгаж, шаардлагагүй сүгсэгнэх хэрэггүй боллоо. Шалгалтын тогтолцоо системжив. Нисэхийн эрх зүйн шинэчлэлийн цикл ийнхүү битүүрснээр арын хаалга, авилгалаар зөвшөөрөл авах боломж устав. Дараа нь би албан тушаалаа сайн дураараа өгөөд сургуульд явлаа. Harvard of the North гэгддэг Канадын МкГилл их сургуульд нисэх сансрын хууль сурав. Австралийн Грифитт их сургуульд нисэхийн менежментээр бас төгслөө. Мастерийн ажил маань Монголын дотоодын агаарын тээврийн өрсөлдөөний асуудал байсан юм. 


Засгийн газрын зөгийн үүр санаачлагт сэтгэл хөдлөн сурснаа хэрэгжүүлэх бодол тээн хэдэн хүүхдээ чирэн нутагтаа буцаж ирэв. Гэвч байдал өөр болжээ. Намгүйгээр юу ч явахаа больчихож. Ховоор ажил хийдэг систем бий болжээ. МоАХ-н нэгэн нөхөр Женкотой уулзуулж өгөх санал тавив. Болзол нь мэдээж би дэвшвэл түүний ачийг мартахгүй байх. Би чиний жэнкотой жэнкогүй болчихно гэж хэллээ. Мэдээж энэ үг тэр дороо очих газраа очсон бололтой. Нисэхийн чиглэлийн 3 сургууль төгссөн надад ажил өгсөнгүй. Ингэж байтал Жэнкогийн найз Ард Батсүх гэдэг нөхөр авиакомпани байгуулахад туслаач гэв. Ард маань Жэнко байгаа дэмжинэ гэсэн гэлээ. Хувь тохироод ажиллаж Хаан Эйрлайнзыг байгуулалцлаа. Баахан цаас, бичиг баримт боловсруулав. Агаарын тээвэрлэгчийн гэрчилгээгээ ч авлаа. Чехээс авах 2 ширхэг 737-500 онгоцны гэрээ ч бэлтгэгдэж бэлэн боллоо. Бид өртөг багатай тээвэрлэгч (Low Cost Airline) болж МИАТ-тай өрсөлдөхгүй шинэ зах зээл нээж ажиллах бизнес төлөвлөгөө хийсэн байлаа. Гэтэл өнөөдүүл маань ярьж тохирсон хөрөнгө оруулалтаа хийсэнгүй. Хаан Эйрлайнзын бүх  юмыг Хоролсүрэн, Голомтын Баясгалан 2 авлаа. Батсүх тэдэнтэй далд тохироо хийсэн бололтой. Бусдаар бизнес босгуулж хөрөнгө оруулахгүй татан буулгаад бизнесээ зардаг бизнес хийж байсныг нь би хожуу ойлгов. Монголиан Эйрлайнз Групп ингэж мэндэлсэн юм. Тэд бусад нь сар жилээр хөөцөлдөөд ч авч чаддаггүй зөвшөөрлүүдийг цаг, минутаар хэмжигдэх хурдаар авч эхлэв. МИАТ зардал гаргаж арай гэж бойжуулсан 2 ч чиглэл рүү хошуугаа дүрээд ороод ирэв. 2012 оны 1 сард АН засгаас гарахаас өмнөхөн Монголиан Эйрлайнз Групп хэрэгтэй бүх зөвшөөрлүүдээ авч дууслаа. Хонг Конг нисэх зөвшөөрлийг 25 минутанд олгож Монголын төр үйлчилгээний шинэ рекорд тогтоов. Сайдуудын илт дэмждэг нэгэн шинэ авиа компани мэндэлсэнээр Ньюком групп Изинисийн зэлийг эвхэх бэлтгэл ажлаа сонгуулийн маргааш нууцаар эхлүүллээ. Тэд дампуурлын мэнэжмэнтийн мастерийг олж авчран Изинисийг удирдуулав. Изинисийн Жон захирал нь бүх ассетуудыг зарж, өрийг даран, маш цэвэрхэн баланс шийттэйгээр агаарын тээврийн бизнесээс Ньюком группийг алдагдал шаталтгүйгээр эвтэйхэн сугалж холдуулах ажлыг жил хагасын дотор янзтай зохион байгууллаа. Сурах бичгийн хамгийн шилдэг хувилбарын дагуу л Изинис 2014 онд дампуурав. 


2010 онд МИАТ-д асуудал үүсэв. Онгоцоо эвдэж, инженерүүд нь бослоо. Женко хүнд байдалд оров. 2010 оны 6-р сарын 2-ны өдөр намайг өрөөндөө дуудав. Гансүх, Батэрдэнэ болон яамдын бусад хүмс уулзалтанд иржээ. Жэнко надаас МИАТ-н ТУЗ-д орж ажиллахыг хүсэв. Шалтгаан нь Гансүхийн хэлснээр англи хэлтэй хүн хэрэгтэй байна. МИАТ-г КАЛ-д мэнэжментээр өгөх e-мэйл солилцох гэтэл одоогийн дарга нар чадахгүй байна, иймд чиний тусламж хэрэгтэй байна гэв. Гэнэт дургүй хүрээд явчихлаа. Ажлыг ажил авсан хүмүүсээр нь хийлгэдэг юмшд гэж хэлээд гараад алхчихав. Тэд хөмхийгөө зуугаад үлдлээ. Би ч дургүй хүрсэндээ иргэний нисэхийн бодлогын бичиг баримт хийх ажлын хэсэгт орохоос татгалзлаа. 


2010 оны 6-р сард Орхон 2-3 удаа утасдаж санал тавьсанаар МИАТ-д  7-р сард нь орлоо. 8 саяын өртэй, онгоцгүй, бослоготой компанийг цэгцлэх ажил сонирхолтой санагдсан тул Орхоны саналыг хүлээн авч цалингаа онгоцны ахлах үйлчлэгчийн хэмжээнд тогтоох тохироо хийгээд надтай баг болж ажиллаж чадах өндөр мэргэжилийн зарим нөхдөө татан хамруулж чин сэтгэлээрээ зүтгэлээ. Эхний ээлжинд инженерийн хувьд тооцоо хийн 12 сар тутамд хийгддэг байсан С хэлбэрийн техник үйлчилгээний ажлуудыг 18-24 сар болгосоноор хуваарьт техник үйлчилгээтэй холбоотой зардлуудыг 35 хувь буулгав. Банкны хүү 15 хувь байсныг яаралтай хэлэлцээр хийж 10 болгосоноор зээлийн хүүгийн зардал 33 хувь буурлаа. Санхүүгийн review хийх явцад илэрсэн дайны даатгалын асуудлыг Захирал ТУЗ-н даргад уламжлав. Онгоц парк шинэчлэх ажлыг удирдах үүрэг Орхоноос авлаа. Энэ хооронд МИАТ-н дэд захирлын ажилд томилогдсон боловч парк шинэчлэлийн ажлын ачаалалаа нэмэхгүйн тулд 7 хоноод уг албан тушаалыг буцаан өгөв. Ажил асар их байсан тул албан тушаал огт сонин биш байлаа. 2011 оны өвөл дэлхийн онгоцны лизингийн загалмайлсан эцэг гэгддэг Хазитай холбогдож түүний Эйр Лийз компаниас 2 767, нэг 737 онгоц түрээслэх тохироо хийв. Эйрбас Боинг компаниудтай бүтэн жил тулж ажилласаар 2011 онд Боинг компаниас 2013, 2016 онуудад шинээр 3 онгоц худалдан авах гэрээ хийв. Японд болсон гамшигийн үеээр түрээсийн онгоцнуудын даатгалын асуудал хурц болж ирсэн нь шинэ онгоц худалдан авах засгийн газрын шийдвэрт бас түлхэц боллоо. Маш хүнд үе шатуудтай гэрээ хийж байж чадлынхаа хэрээр буулгасан үнээр онгоц авахаар болов. Онгоцны их биеийн үнийг санал болгосoн үнээс 26 сая, Хөдөлгүүрийн үнийг 14 саяаар буулгах гэрээг бид хийлээ. Нийтдээ 4000 орчим е-мэйл солилцсон байдаг. Шинэ онгоцны сургаар инженерүүдийн хандлага өөрчлөгдөж хамт олон эргэн нягтрав . Шинэ онгоц авах гэрээг АНУ ЗГ дэмжиж МИАТ компанид үнэгүй бизнес план хийж өгөхөөр болов. USTDA-г 9 сар тойгдсоны эцэст 400000 долларын буцалтгүй тусламж гаргуулж бид дөнгөлөө. Гэвч ЗТБХБЯ дээр МИАТ-с 1.2 сая долларын зардалтай бизнес план хийх тэндэрийг зарлан Хонг Конгийн Сийбури, Баттулга сайдын зөвлөх Ганбатын Либерти Партнeрс компаниар хийлгүүлэх гэрээ байгуулж орхидог байгаа. Алдагдлаа бууруулах гэж чардайж байсан бид бөөн юм болов. Гансүх бид нарын дунд том ангал үүслээ. Гадны мэнэжмэнтийг 50 гаруй мянган долларын цалинтайгаар ажиллуулна гэсэн гэрээ нь ч будаа болов. 5 сая төгрөг монголоосоо харамлаад 50 мянган доллараар гадаадыг цалинжуулах Гансүхийн анти-патриотизмыг ЗГ дэмжсэнгүй. Би занаанд оров.


2012 оны сонгууль гэхэд МИАТ урсгал зээлийн 8 сая долларын өрийг барагдуулж өргүй болсон байлаа.  2012 оны 10 сард Гансүхтэй төрийн ордонд уулзаж МИАТ-г удирдах сонирхолтойгоо хэлэв. 2 жилийн турш өсөлтийн нөхцөлийг хангасан ажлынхаа үр өгөөжийг үзэх сонирхол үнэндээ надад байлаа. 2010-1012 онуудад бууж өгөхгүй зовоож байсан шатахуун хямдран буух шинж тэмдэг мэдэгдээд байсан үе тул хорхой хүрч байлаа. Яг үнэндээ 2011, 2012 оны МИАТ-н алдагдал бол шатахууны гэрээлсэн үнэ, зах зээлийн үнэ нэмэгдсэнээс төлсөн үнийн зөрүү+Сийбурид төлсөн 1.2 сая долларын дүнтэй мөргөж байлаа. Үйл ажиллагааны хувьд МИАТ алдагдлаас бүрэн ангижраад байсан үе юм. Шатахуун дээр бол бид яаж ч чаддаггүй байсан билээ. Гансүх нисэхийн хууль шинэчилж өгөхийг надаас хүсэв. Би субботник хийхгүй төлбөртэй л хийнэ, эсвэл ажилд томилбол хийе гэлээ. Ингээд 2 тийшээ боллоо.  

Гансүхийн МИАТ-д илгээсэн метронпажууд бүхнийг самарч орхилоо.  2012 оны 12-р сард хийхээр бэлэн болсон байсан АНУ-н ЭксИм-ийн зээлийг Батзаяа, Билэгсайхан хоёр хутгаад болиулж орхив. Тэд арга буюу бодит байдалд гүйцэгдэж уг гэрээг 2013 оны 12 сард хийсэн боловч завсарт нь онгоцоо санхүүжүүлэх гүүрэн зээл хөгжлийн банкнаас авахаас өөр аргагүй болж гүүрэн зээлийн хүүд 8 сая доллараар МИАТ-г шатaaлаа. Өөрөөр хэлбэл 767 онгоцны үнийг тэд 8 сая доллараар буцаагаад өсгөчихөв. Билэгсайхан нар дуулиант хэргээр далимдуулан МИАТ-г зогсоо зайгүй муулж давхилдсанаар зорчигч урсгал ч буурав. Сайд Гансүх "нисэгчид л баялаг бүтээгчид бусад нь паразитууд" хэмээн мэдэгдсэн нь хамт олны идэвхийг сөнөөж орхив. 2013 онд шатахууны үнэ 400$-р буурчихаад байхад алдагдал хүлээн, Хоролсүрэнгээс шүүхийн шийдвэрээр  хураасан 6.2 тэрбум төгрөгийг оруулан тооцож байж арай гэж 2 тэрбумын ашигтай баланс шинэ жилээр бичив. Ашиг ч гэж дээ 18 тэрбумын алдагдал сүүлд нь ил болов. МИАТ компанийн удирдлага удирдах чадамжаа алдаж Энхтайвны гүүрнээс ирэх дохио зангааг хүлээн суудаг паралич горимд шилжсэнээр орлого эрчимтэй унав. Доллараар тооцсон орлого өмнөх онтойгоо харьцуулахад 10 саяаар унасан ч мөнгөний ханшны зөрүүнээс шалтгаалсан төгрөгийн орлогын яльгүй өсөлтөөр өөрсдийгөө хуураад өнгөрлөө. 

МИАТ-д шүүмжлэхгүй байхын аргагүй тэнэглэлүүд хэм хэмжээ болж эхлэв. Миний удирдаж байсан хэлтсийг 4 хуваагаад 2,5 сая төгрөгөөр цалинждаг 4 хэлтсийн даргын мэст үүсгэв. Холион бантан хутгасан гэрээ хэлэлцээрүүд сонин хэвлэлийн бай, олон нийтийн элэг доог болов. Нисэх дахь ардчилалын нэрийг Билэгсайхан нар шавхайтай хутгаж хаячихаад гараад арилав. Шүүмжлэлд Гансүх тунчиг ихээр эмзэглэв. Надад жиргэлээ гэж эрүү үүсгэх хүсэлтийг МоАХ фракцын гишүүн тэрээр цагдаад тавьж онигоо болов. Үг хэлэх эрх чөлөөний төлөө тэмцэгчдийг төлөөлж төрд суусан сайд жиргээгээр эрүүгийн хэрэг үүсгэж байгаад хуулийнхан хүртэл гайхав. Гансүх албан тушаалын дарамт зүйл бүрээр үзүүлэхийг оролдож эхлэв. Ингээд би жиргээч болохоор шийдлээ. Би үг хэлэх эрх чөлөөгөө эдлэхээр шийдлээ. 


Ажилгүй ч эрх чөлөөтэй байгаа надад олон сонголт гэнэт босож ирэв. Цаашид суралцах уу, бизнест орох уу. Мэдээж энэ сайдын үед бизнест орвол юу болохыг Изинис харуулчихлаа. Сурах 2 сонголт гарч ирэв. Агаарын тээврийн мэнэжмэнтийн чиглэлээр тэтгэлэг элбэг олддог PhD –д зүтгэх үү, эсвэл эх орондоо арай хэрэгтэй мэргэжил болох олон улсын бизнесийн хууль сурах уу. Би хууль сонирхдог, хуультай ажилладаг болоод олон жил болжээ. Барууны сургуульд хуульчаар сурч Монголын гэрээнүүдийг сайжруулж эх орноо тархиараа хамгаалах хүсэл хэдийнээс надад байсан. Завтай болсон боломжоо ашиглаж болохгүй гэж үү гэсэн санаа орж ирэв. Асиана компанийн шургаагаар Солонгосын өрсөлдөөний газраас МИАТ-д тавиад байсан 2 сая долларын торгуулийг амжилттай заргалдаж хүчингүй болгуулсан туршлага маань хуулийн сургуульд суралцах итгэлийг надад өгсөн юм. Шалгаруулалтанд нь бэлдэж бэлэн болоод Juris Doctor програмуудад өргөдөл гаргалаа. З хуулийн сургуулиас тэнцсэн урилга ирлээ (Sydney, Macquarie, Bond). Тэдний нэг нь дэлхий топ 10 law school-д багтдаг Sydney Law School. Одоо би тэтгэлэг хайж байна. Надад тэтгэлэг олдоод барууны mining law, contract law, investment law зэргийг өөрсдөөс нь мэдэж авч чадвал Монголынхоо ашиг сонирхолыг тархиараа хамгаалах снайпэр болж, Оюу толгойн гэрээг шинэчлэх ажилд оролцох, Монголын бизнесүүдэд туслах, эрдэм ном, ур чадвар, муу санаа, туршлагаа эх орондоо зориулах боломж надад гарч ирнэ. Хэрэв тэтгэлэг олдохгүй бол МИАТ-даа, агаарын тээвэртээ үргэлжлүүлэн зүтгэсээр байх болно. Эсвэл PhD хийхээр хөөцөлдөх ч цаг байж л байна. Ер нь ийм субъектив хандлагатай дарга нарын үед холхон өөрийгөө сайжруулаад, боловсрол хөөгөөд байж байх нь дээр байдаг юм.


Бусдын бүтээсэнийг монумент, концертоор үнэлдэг одоогийн тогтолцооны дарга нар миний хийснийг ойлгох гэж их удна. Учир нь хүн өөрийнхөө потенциальд таарсан зүйлсээ л ойлгож үнэлдэг. Энэ бол тэдний буруу биш. Мунхагуудыг гаргаж ирж орой дээрээ залдаг бидний л буруу.  


Эцэст нь ардчилалын тухай ганц үг хэлье. Ардчилалыг бид олонхиороо шийдвэр гаргах тогтолцоо гэж ойлгодог. Олонхи гэдгийг бид хэрхэн ойлгож, харин тэд хэрхэн ойлгож байна вэ.

Монголд бол мэддэг мэддэггүй олон хүн сууж байгаад мэддэггүй олонхийн шийдвэрээр олон асуудал “шийдэж” байна. Тэнд бол мэддэг цөөхөн хүний үгийг “харьцангуй олонхи” нь хүлээн зөвшөөрөөд мэргэн шийдэл олоод явж байна. Ялгаа нь мэдлэг бол хүн төрөлхтөн 7 тэрбумуулаа хүлээн зөвшөөрч дэмжиж байгаа абсолют олонхийн шийдвэр гэдгийг тэр “харьцангуй олонхи” бас хүлээн зөвшөөрч чадаж байгаад л байгаа юм. Монгол улс ийм ардчилалын тогтолцоонд хурдан шилжих тусмаа л хурдан хөгжинө. 

За ингээд дуусгая. Өөрийгөө магтсан өөдгүй жаал гэж яаран бүү хэлээрэй. Энэ хүртэл уншиж дуусгасанд баярлалаа. Надад амжилт хүсээрэй. какака @batengineer

Saturday, June 21, 2014

Эрлийз цариг

                                Эрлийз цариг
Оршил
Саяхан зурагтын суваг сольж суугаад санаандгүй нэгэн сонин кино үзэв. Бараг л зөгнөлт кино шахуу энэ нэвтрүүлэгийг Hero Entertainment хэмээх студи бүтээж УИХ-н гишүүн Х.Баттулга санхүүжүүлсэн бололтой. Киноны нэр нь “100 чухал сэдэв”. Киноны гол санаа нь товчхондоо Монголыг хятадын түрэмгийлэлээс аврахын тулд  Монгол нутаг дээр хятадын хэрэгцээнд зориулан хүнд үйлдвэр бүтээн босгох, үүний тулд хятадын бус царигтай төмөр зам барих тухай юм байна. Кинонд та биднийг жаргаахаар чичрэн дайрч байгаа хэдэн “эх оронч”-оос гадна Монголыг хятадад аваачиж тушаах гээд байгаа хэдэн “эрлийз” гарах  ажээ.

Яг үнэндээ бол хэдэн хүн өөрийхөө мөнгөөр лааны тухай кино хийнэ үү, луувангийн тухай кино хийнэ үү надад огт падгүй хэрэг л дээ. Би л хувьдаа Hero-гийн Баатар хэмээх залуу киноныхоо орлогоор, мөн Х.Баттулга хэмээх тэрбумтан өөрийнхөө мөнгөөр санхүүжүүлээд өргөн төмөр зам, шилжүүлэн ачих байгууламж, аж үйлдвэрийн цогцолбор зэргийг барьж тэрбумын хөрөнгөө арав хорь дахин өсгөх хүсэлтэй байгаа бол хоёр гараа өргөөд  дэмжихэд бэлэн бөгөөд эдгээр risk taker-үүдийг үе удмаараа бахархан сайшаахад ч бас бэлэн байна. 

Гэтэл тэд арай л өөр санхүүжилтийн эх үүсвэртэй бүтээн байгуулалтын тухай хувийнхаа бизнесийн төлөвлөгөө шиг яриад байгааг би анзаарч орхилоо. Та ч бас анзаарсан байх гэж бодож байна. Эдгээр Баттулга нар тэр яриад, хүсээд байгаа бүтээн байгуулалтаа та бидний татварын мөнгөөр,  бидний үр хүүхдийг гадаадын банкны зээлийн өрөнд унагааж байж барих тухай тун тоглосон шинжгүй яриад эхлэдэг юм байна. Юу болоод байна аа?  Биднийг өрөнд унагааж жаргаах тухай яриа байж таарах уу?

Кинонд яригдсан шальдар бульдар эрлийз асуудлууд, кинонд тоглосон шалих шалихгүй гео салбадай нарын сэдвийг тоож хөндөөд ч яахав орхичихъё. Хаашдаа цахим сүлжээгээр дүүрэн энэ тухай хэрүүл явж байна. Гол асуудлаа хөндье.
За бас тэр мөнгө төгрөг, өр зээл ч дүүрч. Хаашдаа дээдэс маань биднийгээ тонож сураагүй, бид тонуулж дасаагүй юм шиг онгонтоод ч яахав. Бас л орхичихъё. Харин Х.Баттулгын яриад байгаа зүйлс биелэлээ олсон тохиолдолд яах тухай нэг өнгөц  фантаазлан төсөөлөх хүсэл надад байна. Таньд ч бас тийм хүсэл төрж магадгүй юм.

БАМ - 2
10-аад жилийн өмнө Монголд асар их баялаг олдсон, тэр баялагийг нь борлуулах зах зээл нь Монголоос 100-хан метрийн зайд буюу хилийн тусгаарлах “зогон”-ы нөгөө талд байгаа нь тодорхой болсноор олон жил дуншсан уул уурхайн бум жинхнээсээ эхэлж билээ. Ордуудаа нээлээ, олзонд шунасан хөрөнгө оруулагчдыг ч урхиллаа, олборлолтоо ч эхэллээ. Гурав дахь хөршийн боломж ч өргөнөөр нээгдэж манай тусгаар тогтнол 2-хон хөршөөсөө хамааралтай байдаг цаг улирав л гэж үнэхээр бодогдож ирж байлаа. Олсоноо хил давуулаад шидэхэд л урдаас ууттай мөнгө давуулаад л шидэх эдийн засгийн таатай гадаад орчин дэлхий дээр 2012 он хүртэл үргэлжилж билээ. Монголчуудын зарим нь энэхүү таатай орчинд зоригжин бизнес эрсдэлээ өөртөө үүрч уурхайн бүтээгдхүүн тээвэрлэн хил хүргэх төмөр замыг ч барьж эхлүүлж байсан нь саяхан.  Гэвч асуудал тэгэсгээд зогслоо. Бид олборлосон баялагаа хил дээрээ яаж хүргэх талаар маргалдсаар, мэтгэлцсээр, цэцэрхсээр, хийрхсээр бараг л баялагаасаа ч илүү үнэтэй ховор цаг хугацаагаа хийсгэн алдаж орхив. Олзонд шунасан хөрөнгө оруулагчид маань ч дайжаад арилав. Ойрхон байрлалд маань олзуурхсан худалдан авагчид ч алсын Австралитай сүжрээд явчив. Ар худрагаар маань Оросууд Хятадтай нүүрс, газны том тохироо хийн муриж орхилоо. Муриулсан Монгол мөнгөжих боломжоо алдав. Долларын орлого хумигдсанаар төгрөг унав. Инфляци Монголын иргэн бүрийг навс дээрэмдэж орхилоо. 
Монгол улс эдийн засгийн асар их боломжоо алдан байж тусгаар тогтнолоо арай гэж “авч үлдлээ”. Ардчилсан Холбооны удирдагч нарийн царигийн төмөр замын ажлыг цахдан зогсоосоноор тусгаар тогтнолыг “аврав”. Тусгаар тогтонолоо авч үлдэв ч гэж дээ. Харин тусгаар тогтнолоо хамгаалахад шаардлагатай эдийн засгийн чадавхиа өсгөх нэгэн сайхан боломжоо тавиад туучихлаа.

Тусгаар тогтнол юутай эрхэм. Гэвч ядуу хүнд эрх чөлөө гэж байдаггүйтэй адилаар ядуу улсад тусгаар тогтнол гэж бараг байдаггүй. Мөнгөгүй улс газрын зураг дээр тусгаар байвч  гадаад харилцаанд тусгаар байж чаддаггүй. Мөнгөгүй жижиг улс олон улсын харилцааны субъект биш харин объект л болж хувирдаг нь гашуун үнэн.
Бид хэзээнээсээ л тусгаар тогтнолдоо юугаа ч хайрлаж байсангүй. 20-р зууны ээдрээтэй нугачаан дунд тусгаар улсаа тунхаглахын тулд хойноо Тува, Буриад, өмнөө Өвөр Монголоо таслан өгч байж өнөөгийн Монгол нутгаа авч үлдсэн нуушгүй түүх бий. Дэлхийн хувьсгал, дайны давалгаанд дарангуйлагч Сталинд тал засан, 30000 иргэнээ золионд явуулж, үгээгүй ардаа шалз шувтлан байж фронтод тусласаны хүчээр тусгаар тогтнолоо арай гэж зөвшөөрүүлэв.  Хэлмэгдсэн 30000 иргэн бол тусгаар тогтнолын төлөө амиа өгсөн ачтан билээ. Хожим нь найрамдлын далбаан доор Монголын улирдагч Юмжаагийн Цэдэнпилийн төрсөн бууцыг ч орос ах авахад чимээгүйхэн дүнсийгээд өнгөрөв. Товчхондоо Монголын тусгаар тогтнолын үнэ цэнэ асар их ажээ. Монголын тусгаар тогтнол Богд хаант монгол улсын 34 хувь дээр л тогтов. Төлбөрт нь 66 хувь нь явжээ.
Хожим нь ч бас Монголчууд гуравдагч хөрштэй болох гэрээндээ 34 хувиа л авч үлдэв. 66 хувийг манай гуравдагч хөршүүд авав. Энэ бол бас л нэг утгаараа тусгаар тогтнолын төлбөр маань байлаа.
90-д онд социализм нурав. Нурав ч гэж дээ пост коммунизм олон оронд тогтлоо. Зах зээлийн эдийн засаг, чөлөөт гадаад худалдааны ачаар эдийн засаг нь сэргэсэн Орос, Хятадын их гүрний амбиц ч бас сэргэж ирэв.  Энэ хоёр улсыг тойрсон олон жижиг улсуудын асуудал эмзэг болж ирэв. Орос Гүржийг намалдаглаж, Крымыг өөртөө нэгтгэв. Хятад Бутанд цэргээ оруулж, өмнөд хятадын тэнгист хахирлаж эхлэв. Энэ хооронд Монголд ганцхан царигийн хэрүүл л үргэлжилсээр. Сүүлдээ Монгол улс царигаар тас хуваагдав. Эх оронч өргөн царигийнхан, урвагч нарийн царигийнхан болцгоов.

Ер нь цариг гэж юу юм бэ. Царигийн ач холбогдол хор хохирол юу юмб. Энэ тухайд надаас өмнө дэндүү их бичсэн, үзүүлсэн тул нуршилгүй орхисон нь дээр байх. 
Харин нарийн царигаар хятадын танк орж ирэх тухайд хэдэн үг хэлье. Орчин үеийн дайны технологи төмөр зам ашиглахаа болиод уджээ. Хуягт галт тэрэг, эсвэл цэргийн ложистикийн цуваануудад төмөр зам ашиглаж хийж байгаа дайн 2-р дайнаас хойш гарсангүй. Солонгосын хойгийн дайнаас хойш асар өөр технолгиор дайтах болов. Хамгийн сүүлд төмөр замд байрлах баллистик пуужингийн платформд зориулан ЗХУ БАМ гэдэг асар өртөгтэй бүтээн байгуулалт хийсэн ч ашгаа өгсөнгүй. Америкийн сансрын технолги, пуужингийн довтолгооноос хамгаалалтын систем хөгжсөнөөр ЗХУ хамгаа барж барьсан БАМ-ыг хэнд ч хэрэггүй гарлага болгоод хувиргачихав. Үр дүнд нь үндэсний санхүүгийн ресурсээ үр ашиггүй бүтээн байгуулалтанд шавхсан социализм нь нуран уналаа.
Сүүлийн 20 жилд эдийн засаг, технологи эрчимтэй хөгжсөнөөр дэлхий олон армийн цэргийн инженерийн ангиуд ганц шөнийн дотор бүхэл бүтэн бүтээн босголт байгуулах хэмжээнд тулж ирлээ.
За яахав Монголчууд бид сэтгэлийн хөөрлөөр өргөн царигтай зам тавилаа гэж бодъё. Бүтээн босголтын зардал мардал талийх ч дүүрч. Ухаж гаргасан нүүрс нь тээвэрлэлтийнхээ зардалд шатаад дуусах нь ч бас дүүрч. Ашиг машиг хөгжил мөгжил бол хүлээж л байг цаашаа.
Гэхдээ л өргөн цариг тавилаа гээд Хятад Монголыг эзлэх санаархлаа орхих нь юу л бол. Тэд  довтлохдоо хүрвэл тэр замыг ганц шөнийн дотор хуулж хаяад нарийн царигтай зам залгаад тавьчих боломжтой болсон нь таамаглахад түвэггүй. Тэдэнд ердөө л бэлэн болсон төмөр замын далан нь байхад л хангалттай юм. Өөрөөр хэлбэл цариг ямар ч ач холбогдол, үр нөлөөгүй хамгаалалтын хэрэгслэл болчихоод байна. Мөн адил ажлыг байдал эвгүйцвэл Оросын армийн инженерийн ангиуд ганцхан шөнийн дотор хийж өргөн царигтай зам зөрүүлээд тавьчихаж чадна. Төмөр замыг ийм конвейраар хийх ажил аль БАМ-ын үед ЗХУ-д өргөн нэвтэрсэн байсныг та бид мэднэ. Иймд царигаар хамгаалах систем ямар ч нэмэр болохгүй нь тодорхой байна.
Бидэнд БАМ-2ыг Өмнөговьд байгуулах шаардлага байна уу? Та юу гэж боддож байна?
Тэгээд очиж очиж өр тавьж барих нь хэр зөв юм? Үнэгүй барьчих боломжоо яагаад ашиглаж болохгүй гэж? Эм.Си.Эс-ийн төмөр замыг элэнцгээ хийж зогсоов гэдэг асуултууд ч цаашид үргэлжлэнэ.
Нэгэнт царигийн хамгаалалт эффективный биш нь тодорхой байхад төмөр замын тээвэрлэлтийн зардлаа муйхраар нэмэх нь үнэхээр тэнэг хэрэг болох буйзаа. Бид 3 долларыг нүүрсний шилжүүлэн ачилтанд зарцуулах уу, эсвэл тэр 3 доллараа хуримтлуулж батлан хамгаалах чадвартаа хөрөнгө оруулах уу гэдгээ сонгох л хэрэгтэй санагдаж байна. Хэдэн триллионоор хэмжигдэх тонн нүүрс, хүдрийн асуудал яригдаж байна. Үүнийг 3-р үржүүлээд нэг үз дээ. Батлан хамгаалах хүчин чадалд мөнгө хэрэггүй гэж үү. Зөвхөн царигаар хамгаалж дөнгөх үлгэрт хэдийн болтол итгэх ёстой вэ?

Гео аж үйлдвэр
Ленин үхмэгц иргэний дайныг хурдхан дуусгаад Сталин улс орноо хүнд үйлдвэржүүлэлтийн ажилд ташуурдан оруулсан түүхтэй. Голдуу Дон, Днепр, Ижил мөрний сав газруудаар мөн Москваг тойрсон эртний дархчуулын хотуудаар үйлдвэржүүлэлтийн аян өрнөсөн. 15 жил зогсоо зайгүй бүтээсэн. Олон амь, олон алт энэ ажилд урссан даа. Баку нефтийн нөөцөд тооцогдож байсан бол Урал, Сибирийг ирээдүйн түүхий эдийн нөөц гэж үзэн үйлдвэржүүлэлтэнд хамруулсангүй.
Гэвч зураач мэргэжилтэй ч геополитикийн хорхойтой нэгэн эр Европд дайны гал үлээж Сталины үйлдвэржилтийн төлөвлөгөөнд маш том засвар оруулахад хүргэсэн билээ. Дайны эхний цагуудад л Днеприйн дэргэд бүтээсэн болгон үнс нурам болов. Бүтэн үлдсэн хэсгийг нь улаан арми ухрахдаа дэлбэлж устгахаас өөр аргагүй болж байлаа.   Дон, Ижил мөрөн, Ижевск, Тверийн үйлдвэрүүдийг яаралтай Уралын нуруу руу нүүлгэв. Ингэж асар их үнээр байгуулсан аж үйлдвэрээ Сталин арай гэж нутгийнхаа гүнд сэргээн барьж байж нэг аврав.  
2008 оны 7 сарын 1-ний ардын бослогоор 5 иргэн амь насаа алдав. Үндэсний эвлэрлийг эрэлхийлсэн Ерөнхий сайд С.Баяр Ардчилсан намаас 5 сайд засагтаа урьж оруулсанаар аж үйлдвэржүүлэлтийн амбиц босч ирлээ.  Монголд баялаг байна уу? Байна. Зах зээл ойрхон байрлал байна уу? Байна. Үйлдвэр барьчих газар байна уу? Байна. Монголчуудад хөгжих хүсэл эрмэлзлэл байна уу? Байна. Аж үйлдвэр ярьдаг ардчилсан сайдтай анхны таван жил ийм л цаг үед байлаа. Гэвч ярианаас цааш бас л явсангүй.

Яагаад?
Мэдээж хэрэг хөрөнгө оруулагчид олдсонгүй. Олдсонгүй ч гэж дээ үргэчихлээ. Бас л яагаад?
Төмөрлөгийн үйлдвэр бол 20-р зуунд улс орнууд босож ирж байсан арга мөнүү гэвэл мөнөөсөө мөн юм. Гэвч цаг үе өөр болжээ. Технологийн тренд эрчимтэй өөрчлөгдөж байгаа нь хөрөнгө оруулагчдыг дэлхий даяар хүнд аж үйлдвэрүүдэд хөрөнгө оруулахад болгоомжлолд хүргэж байгаа нь нууц биш юм. Дэлхий даяар олон олон хүнд үйлдвэрүүд хаалгаа барьж зэлээ эвхэцгээж байна. Хүнд үйлдвэрийн хөрөнгө оруулалт Монголд яагаад амжилт олох ёстойг хэн ч баталж өгч чадахгүй байгаа нь факт. Альтэрнэйт энержи эх үүсвэрүүд буй болж хүч түрж байгаа нь малтмал түлшийн төлөө дайтах биш, харин байгаагаагаа хурдхан зарж мөнгө болгож авах алааныг эхлүүлж орхилоо. Саяханы Украины хямрал бол цаагуураа Европын зах зээлийг булаалдсан Америк занарын хий, Орос байгалийн хийн корпорацуудын тэмцэл л юм. Ойрхи дорнодод болж буй өнгөт хувьсгал, дайн тулаануудыг ч энергетикийн хувьсгалаас өмнө нефтийн нийлүүлэлтийг дангаараа эзэмшихийн төлөөх цаг хожих тэмцлийн хэсэг л гэж ойлгож байна.

7 хоногийн өмнө АНУ-н тэрбумтан Элон Москийн Тэсла компани цахилгаан тэрэгнүүдийнхээ бүх патентыг нээлттэй ашиглахыг зөвшөөрч орхилоо. Энэ юу гэсэн үг вэ гэвэл холгүй ирээдүйд цахилгаан тэрэг хүч түрэн орж ирнээ л гэсэн үг юм шүү дээ. Мэдээж хэрэг цахилгаан тэрэгний моторын үндсэн түүхий эд болох зэс үнэд орох нь дамжиггүй ч суудлын тэрэг хийдэг бас нэг үндсэн түүхий эд болох гангийн үнэ унах ирээдүйг бас тулгаж орхиж байгаа юм. Учир нь цахилгаан тэрэг энергийн алдагдалыг бууруулахыг тулд хөнгөн байх шаардлагатай, хөнгөн байхын тулд хөнгөн материалаар хүнд төмөр куузуугээ солихоос өөр аргагүй болж ирнэ. Өнөөдрийн байдлаар цэрэг, нисэх онгоцны технолгид нийлэг композит нэвтрээд бараг дуусч байна. Америк цэргийн дуулга композит байдаг гэвэл та нар итгэх үү. Энэ технологи авто индустри руу ганцхан үсрээд л ороод ирэхэд бэлэн болчихсон хүлээж байгаа. Ганц үгээр хэлбэл гангийн хэрэглээ ирэх 20-30 жилд эрс буурах нь тодорхой болчихлоо. Үүнийг дагаад коксжих нүүрсний хэрэглээ ч бас буурч л таарна. Өөрөөр хэлбэр Х.Баттулга сайдын visionary план биелэхэд нэлээн хүндрэлтэй байдал үүсэх нь.
Цагтаа бид утсан холбооны хөгжлөөс мулт хоцроод үүрэн холбооны технологи руу түрүүлж орсноор оросыг энэ тал дээр бараагүй хаячихаж билээ. Миний бодлоор үйлдвэржүүлэлтийн тухайд Монгол улс шонгийн мод зоож холбоожуулдаг ажлыг л давтан хийх гээд байх шиг байна.

Би Сайншандын аж үйлдвэрийн парк гээчийн макетийг 2009 онд Австралид суралцаж ирсэнийхээ дараа анх ЗТБХБЯ-ы корридорт харсан юм. Тавын таван төмөрлөг, химийн үйлдвэрийн комплексийг бөөнд нь бөөр бөөрөөр нь залгаад төмөр зам салаалан барих төлөвлөгөө харагдсан. Нислэгийн аюулгүй байдлын чиглэлээр номын дуу сонссон надад төрсөн хамгийн анхны сэтгэгдэл бол ямар нэгэн үйлдвэрлэлийн том осол аль нэг плант дээр нь гарахад энэ комплекс бүхэлдээ зогсохоос өөр аргагүй болох юм байна даа гэсэн бодол байв. Одоо ч миний тэр бодол хэвээрээ.
За яахав дэлхий технологийн трендийг нулимж орхъё. Өр зээлэндээ баригдаад ч хамаагүй улс орноо аж үйлдвэржсэн орон болгоодхоё, хятадаас л хараат биш болж байвал болоо. Танкаа ч хийх төмөртэй болох нь гэж бодож байгаа эх орончид олон байгаа нь сошиал ертөнцөөс илт харагдаж байна.
За яахав та нарынхаар үйлдвэр баръя. Тэхдээ яагаад заавал Сайншандад гэж?
Сайншанд бол цэрэг стратегийн хувьд хамгийн буруу байрлал. Баттулга сайдаа нөгөө хятадын түрэмгийлэлээс болгоомжилж царигийн хэрүүл үхэн хатан хийдэг чинь яалаа? Сайншанд бол хилээс Т-72 танкаар 2 цаг, Су-23 бөмбөгдөгчөөр 8 минут, газар газар ангилалын пуужингаар 2 минут хүрэхгүй ойрхон байрлал юм.   Улс үндэснийхээ хамгаа барж, хуруу хумсаа малтаж байж босгосон бүтээсэнийг ганцхан онгоцны ганцхан цохиолтоор сөнөөх боломжийг олгох төлөвлөгөөг та хийлээ гэж үү? Тэр олон гео-нууд танд юу ч зөвлөсөнгүй юу? Эсвэл Сайншандын парк саарал толгойтой улс төрчдийн сонгуульд л хэрэгтэй шоу юу? Арай л үнэтэй шоу санагдахгүй байна гэж үү?
Миний санаа бол аж үйлдвэр барьж болно. Гэхдээ Сайншанд бол яавч байрлал нь биш. Үйлдвэрүүдийг Улаанбаатар air defense sector-н ард буюу Эрдэнэт Дарханын районд тараан байрлуулах нь гео стратегийн хувьд хамгийн зөв шийдэл юм. Эгийн голын УЦС баригдвал цахилгаан хангалт асуудалгүй болж, гүний биш хөрсний усны дундаршгүй нөөц, бэлэн төлөвшиж суурьшсан өндөр чадвартай ажилчин анги, эдгээрийн хэрэгцээг хангах эрчимжсэн хөдөө аж ахуй бүгд хойд Хараа, Орхоны бэлчирт бэлхэнээ байж байна.
Тэгээд ч хятад биднээс боловсруулсан бүтээгдхүүн аваад байх нь юу л бол. Түүхийгээр нь л авч өөрийн үйлдвэрүүдээ ажилтай байлгахаа л бодох биз. Бидний хувьд хятад руу түүхий эд л экспортлох ганц л сонголт байгаа. Харин бид түүхий эдээ алс хол тээвэрлэвэл ашиг олохгүй. Нүүрс, хүдрийн боловсруулалтыг зөвхөн алсын тээвэрт зориулж л хийх ёстой юм шиг санагддаг. Алсын зах зээл гэдэг маань Европын зах зээл л гэсэн үг бидний хувьд.
Эрдэнэт, Дарханд нүүрс хүдэр хүргэхийн тулд Өмнөговь-Хархорин-Эрдэнэт чиглэлд Орхоны хөндийг өгсүүлэн өргөн царигтай төмөр зам барьж болохгүй гэж үү? Дорнодын тал руу далийлгаж даацгүй элсэн дээгүүр төмөр зам татсанаас ч хамаагүй бага зардал гарах бий вий. Далимд нь Хар Хориноо ч босгоод авна. Хар Хорин босвол Монгол босно гэсэн Ц.Элбэгдоржийн үг бий. Төрийн тэргүүн ч энэ үгээ хэрэгжүүлэхийг дэмжиж нь дамжиггүй байх.

Хархоринд төмөр зам очвол Монголын олон асуудал шийдлээ олох болно. Нийслэл нүүж, утаа сарнин, баруун аймгууд алслагдсан байхаа болино. Нэгэнт Хархоринд төмөр зам хүрчихвэл Идэрийн голыг өгсүүлээд Могойн гол, цаашлаад Увс, Ховд руу төмөр зам залгах боломж ч гарна Эрдэнэт-Дарханы аж үйлдвэрийн район түүхий эдийнхээ нийлүүлэлтийн уулзвар дээр, зорилтот зах зээлдээ хамгийн ойр байрлах боломжтой болох юм биш үү.
Тэхдээ л ер нь бол хүссэн ч эс хүссэн ч Монголын уул уурхайн түүхий эдийн ихэнхийг Хятад л шингээх болно. Иймд айж эмээж, улс төрчиж шоудалгүй нарийн царигтай замаа Говиос урагш тавьчих л хэрэгтэй. За тэр найман замаар сэтлэх нь ч юу юм. Харин ч ганц хоёр ачаалал ихтэй чиглэлээр урагш нь залгаж амжвал Шанхай-Алмата-Европын тив хоорондын төмөр замын корридорт цаг алдалгүй түвэггүй холбогдох боломж үүсэх байх.  Энэ бол Европ чиглэлийн тээвэрт Оросын транзит тээврийн хараат байдлаас гарах бас л нэг сайхан боломж. Өргөн царигтай Казакстан дамжин өнгөрөх төмөр замыг нарийн байх асуудлыг жилийн өмнө шийдчихлээ. Тэд Хятадаас, нарийн царигаас айхгүй байна. Бид айсаар байх гэж үү. Айсан хүнд аргал хөдөлнө гэдэг шиг аль юмнаас айж агшиж амьдрах гэсийн бэ.

Монголд ирж лекц уншиж байсан Харвардын профессор Майкл Портерын 5 форс гэж ойлголт эдийн засгийн шинжлэх ухаанд байдаг. Монополь нийлүүлэгч, монополь худалдан авагчаас байнга зайлсхийж, өрсөлдөөн үүсгэж байх шаардлагатайг Портер сануулдаг. Ашигтай ажиллахын тулд индустри дотроо хэт өрсөлдөх нь осолтойг ч анхааруулдаг. Бас орлуулах бүтээгдхүүний трендийг анхаарч байхыг сургадаг. Бизнесээ хэт ашигтай харагдуулж шинэ өрдөлдөгч нэмэхээс ч болгоомжлохыг бас ухааруулдаг.
Майкл Портерийн анхааруулга Монголд 180 хэм эсрэгээр хэрэгжсээр удлаа. Шатахуун 100 хувь нийлүүлдэг нэг хөрш, нүүрс 100 хувь худалдан авдаг нөгөө хөрш, дээр нь хоорондоо өрсөлдсөн зэсийн 2 аварга үйлдвэр, нүүрсний 10 уурхай Монголд байна.  Үр дүнд нь худалдан авахдаа өндөр үнэнд алуулаад, зарахдаа хямд үнэнд шатаж байна.
Говиос өмнө тийш нарийн, умард зүгт өргөн царигтай зам барих нь монополийг халах эхний алхам байх болно. Гэхдээ бид умар чиглэлийн замаа бараг ашиглахгүй байх. Харин Хятадын нүүрс худалдан авах үнийг тогтворжуулах, өндөр байлгахад л энэ зам хэрэг болно. Холимог царигт шилжих нь геополитик, цэрэг стратегийн хувьд ч бас боломжийн санаа. Орос Хятадын зөрчилдөх цэгийг Таван Толгой хавьд барьж байхад манай тусгаар тогтнолд ч хожоотой санагдаж байна.

Яамаар ч юмбдээ
Ийм нэг санал байна. Царигийн халуурлаа зогсооцгооё. Холимог царигтай улс болъё. Төмөр замын бодлогоо өөрчилье. Ирэх 10-15 жилд амжиж жаахан нүүрс зараадхая. Монгол хүн бүрийг саятан болгох боломж манай хөрсөн доор бий. Учир нь бидний баялаг Норвегийнхоос хамаагүй их, харин бид норвегчуудаас хамаагүй цөөхүүлээ.
Мөнгөжиж аваад олсноороо дэлхийн жишгийн сайхан бизнес хийцгээе л дээ. Мөнхөд шороо ухаад байж таарахгүй биз дээ ингэхэд. Хүнд үйлдвэр гэдэг чинь нөгөө талдаа шороо л ухаж самарнаа л гэсэн үг шүү дээ. Арабууд байрлалаа ашиглан агаарын тээврээр дэлхийд танигдаж байна. Синга худалдаагаар, Тайвань тоосжилтгүй чийглэг агаарынхаа давуу талыг ашиглан майкрочипний үйлдвэрлэлийг хянаж байна. Дэлхийтэй ингэж холбогдож чадсан улсуудыг дайрч мөхөөх тэнэг улс лав байхгүй биз. Дэлхийтэй хөршөө даван холбогдох боломж бол агаарын тээвэр л юм. Үүнийг Ерөнхийлөгч 10 жилийн тэртээ ч хэлж л байсан. Сэтгэхүйн тамын тогооноосоо нисэн гарцгаая.

Хэн ч  хөршөө сонгодоггүй. Ямар ч сүпер улсад хөршөөсөө холдоод нүүчих боломж байдаггүй. Энэ тавилан бидэнд ч хамаатай. Бид арга эвийг нь олоод 10 саяулаа болтлоо тэсэж, хөгжиж, үржээд авах л хэрэгтэй байна. Дэлхий дээр 2 л нүүдэлчин үндэстэн бий. Нэг нь Монголчууд, Нөгөө нь жүүдүүд. 8 сая жүүд тэрбум арабыг чичрүүлдэгийг дэлхий гэрчилнэ. Бид жүүдүүдээс дутахгүй бэхжиж тэрбумаар тоологдох хөрштэйгөө зиндаархан харьцах цаг ирж л таараа. Харин тэр болтлоо хөгжих бүх л боломжийг ашиглах учиртай юм шиг санагддаг.
Мэдээж манай хөршүүдэд хөгжин цэцэглэсэн Монгол гэдэг хөрштэй байх нь таалагдахгүй. Тэд бидэнд хөгжих боломжийг ч тэгтлээ их олгохгүй байх. Орос ч тэр, Хятад ч тэр хавчиж болох бүхнээр хавчиж хясах л болно. Учир нь цэцэглэн хөгжсөн Монгол бол тэдгээр улсуудад байх Монгол угсаатны үндэсний үзлийг өдөөн сэргээх аюул нь байх юм.
Гэхдээ бидэнд хөгжиж байж, глобалчлагдаж байж, дайсантайгаа наймаацаж байж, нөхөртэйгөө найраагүй болж сурч байж л тэсэн гарахаас өөр сонголт байхгүй. Шүлэгч, найрагчдаар дүүрсэн Өвөр Монголд монгол үндэстэн мөхөж байгаа шиг  хувь заяаг бид хүлээн зөвшөөрч болохгүй юм шүү.
Танд энэ талаар юу бодогдож байх юмб?

21.06.2014








Tuesday, October 8, 2013

Үнийг номхруулах ӨРСӨЛДҮҮЛЭХ ЧАДВАР


news.mn сайт дээр 2012 оны 1-р сард гарсан

2011-2012 он
2011 он сонин он байлаа. Өнгөрсөн онд хамтарсан засгийн газрын хамгийн том ололт болсон уул уурхай салбар жинхэнээсээ хөдөлгөөнд орж чадлаа. Төрийн орлогыг бүрдүүлэгч валютын бүтцэд том хувьсал гарав. Төр анх удаагаа ардаасаа татан цуглуулдаг төгрөгөөр биш гадаадаас орж ирдэг доллараар голдуу орлогоо бүрдүүлдэг боллоо. Өөрөөр хэлбэр төр анх удаагаа ард түмнээсээ хараат бус болж эхэллээ. Оюу толгой, Таван толгойн эргэлт эдийн засагт эрчимтэй мэдрэгдэж, үнийн мэдрэмжгүй анги давхрага буй болж эхэлснээр эхлээд үл хөдлөх хөрөнгийн үнэ Улаанбаатарт өсөж, дараа нь Өмнөговь хавиас эхлэн махны үнэ хаданд гарав. Тансаг хэрэглээний дэлгүүр, үйлчилгээнүүд McDonald’s-гүй Монголд санаанд багтамгүй амжилт олж эхэллээ.  
Өнгөрсөн хавраас уул уурхайн хүнд техникүүд нь импортын түлшийг ууж эхлэхийн хамтаар шатахууны нийтийн хэрэглээнд нийлүүлэгдэх хангамж наадмын өмнөхөн доголдож үнэ нь цочмог хөдлөв. Үүнийг дагаад нийт бараа бүтээгдхүүний үнэ налгар зунаар наазгай боловч тууштай өслөө. Төрийн тараадаг халамж нь иргэдийн амьжиргааг өөд нь татах хэрэгслэл биш зүгээр нь амьжиргааны уналтыг зөөллөх жийрэг хэлбэртэй болж хувирсан нь сургууль цуглах үед олон хүнд тов тодорхой болов. Нийт бараа бүтээгдхүүний үнэ өсөнгүүт уул уурхайгаас бусад бизнесүүдийн ашгийн маржин бууж ирэв. Түр зуурын ашигт enjoy болж байсан барилгын салбар ч эргээд хүнд байдалд орлоо. Тоосго, цемент, арматур, тээврийн нь үнэ өсөөд ирэв. Худалдан авагч, үйлчлүүлэгчийн бааз нь мөнгөжиж амжаагүй бүх бизнесүүдийн зээлийн эрсдэл өсөж ирлээ. Энэ нь төгрөгийг хүнд байдалд оруулах суурь болов. Монгол банк зээлийн эрсдэлийг тооцоолон бодлогын хүүгээ үе шаттайгаар нэмснээс зээл олголт хумигдах тийшээ хандаж, тэртэй тэргүй үнийн өсөлтөөс болж амьсгаадан байсан бизнесийн орчинг бүүр ч хэцүү шахаанд орууллаа. Төв банкны бодлогын хүүгийн хөдөлгөөнөөс дохио авсан банкууд долларын хуримтлалаа нэмэгдүүлэхээр уралдаж эхлэв. Доллар 8-р сараас эхлэн эрчимтэй өсөж эхэллээ. Энэ өсөлт 2012 он гарч сонгуулийн гарааны дохио өгөх үед дээд цэгтээ хүрлээ. Долларын орлогтой нэр дэвшигчдийн хувьд цагаан сараар сонгогчдын гар цайлгах мөнгийг долларт шилжүүлбэл хамгийн бага байлгах шаардлага бий болмогц төгрөг 5-хан хоногийн дотор цөм унав. Он гарангуут болсон төгрөгийн савлагааг монополь хэлбэрт шилжсэн шатахууны бизнесүүдийн далим авалт дэмжиж эдийн засагт жинхэнэ цунами үүсгэж орхилоо. Энэ цунамигийн давалгаанд өнгөрснийг ирээдүйтэй холбож байсан гүүр болсон хамтарсан засгийн нэр хүнд тэсэж үлдэх эсэх нь бүрхэг болов. Монголын эдийн засаг сүүлийн хэдэн жилд байгаагүйгээ цочив. Ард түмэн уурсаж жагсав. Буруутныг гэсгээхийг шаардан төрөө гороолох болов. Үйлдвэрчний босс үнэ буулгахыг дэмий л шаардан засагтай заамдалцан алдах болов. Дарга нар ч буруутныг хайн бужигнаж, зэвүүн харагдсанаа эхнээс нь няслаж эхлэв.
Гэвч үнэ буусангүй. Доллар бага зэрэг тонгойсон ч үнэ гэдгэр хэвээрээ үлдлээ. Дараагийн өсөлтийг хүлээн гэдийсээр үлдэв.
Харин үнийн өсөлтийг өлгөж авсан улс төржилтийн синдром сезоноосоо хамаагүй эрт эхэллээ. Энэ бүхэн далим авагчдад л сайхан далим болж өглөө. Бослого, хувьсгалд уриалагч солиотнууд сэрж ирэв.
Энэ утгаараа өнгөрсөн он Монголын хувьд олон талаараа 21-р зууны нэгэн жил шиг харагдавч цаагуураа 19-20-р зууны заагийн дэлхийтэй тун төстэй он байлаа.

Стандарт Ойлын тарьсан хувьсгалын түймэр
19-р зууны сүүлчийн хагас болон капитализмын прогрессив эрин гэж нэрлэгддэг зууны зааг үеүүд бол тухайн үедээ л шинэ технологи, аж үйлдвэржилт, дэд бүтцийн их тэсрэлтийн эрин байсан юм.  Үйлдвэржилт, капиталын эрчимтэй хуримтлалын шууд үр дагавар болсон чинээлэг давхрага дэлхий даяар борооны дараахь мөөг шиг эрчимтэй олширч байлаа. Тэдний хэрэглээний өсөлт, хөрөнгө оруулалтын зардлын өсөлт, технологийн зардлын өсөлтийг дагаад  юмны үнэ ч өсөж байв. Ялангуяа үйлдвэржсэн бүс нутгуудад амьжиргааны болон үйлдвэрлэлийн өртөг өссөөр байсан.  Америкийн иргэний дайн бол боолыг чөлөөлөх дайн гэхээсээ боолын үнэгүй хөдөлмөрийг ашиглан умардын өндийж буй өртөг өндөртэй аж үйлдвэрийг өрсөлдөх чадваргүй болгож байсан өмнөдийхнийг хүчээр дарж авахын төлөөх дайн шахуу явдал байсан гэж хэлсэн ч болох юм.  Хэрэв үнэхээр боолыг чөлөөлөх тэмцэл байсан нь үнэн бол хар арьст иргэд жинхэнээсээ нь эрх тэгш болох гэж дахин 100 жил хүлээхгүй байсан байхаа.
Америкт боолчлолыг, орост хамжлагыг, мэйжийн японд феодалын балар ёсыг халах зэргээр дэлхий даяар зах зээлийн зарчмаар хөдөлдөг хөдөлмөрийн фронт буй болгосон ч капитализмд үүсэж байсан шинэ аюулыг Америкаас өөр хэн нь ч олж харан, түүнээс хамгаалах арга хэмжээг цаг тухайд нь аваагүй юм.
19-р зууны сүүлчийн хагас хүртэл дэлхийн эдийн засгийн процесс тэр чигээрээ шахуу laissez-faire гэж хэлэгддэг зөнгөөрөө зохицуулагдсан дүрэмгүй жунглийн маягийн өрсөлдөөн буюу Адам Смитийн тодорхойлсоноор зах зээлийн өрсөлдөөний үл үзэгдэгч гараар зохицуулагддаг орчинд өрнөж байсан билээ. Энэ үед үнэ өссөн ч өрсөлдөөний явцад буцаад буудаг байлаа. Мөнгөжсөн чинээлэг иргэд, мөнгөжиж амжаагүй шинэ пролетаруудын хоорондхи үрэлтийг үнийг өсгөдөг ч бас буулгаж чаддаг өрсөлдөөн тослон хэт халалтаас сэргийлж чадаж байсан юм. 
Гэвч энэ цаг үеийг Стандарт Ойлийн толгойлогч Рокфеллэрийн бодож олсон TRUST буюу хамтын монопольчлолын төлөөх итгэлцэлийн нэгдэлүүд дуусгавар болгосоноор дэлхий капитализм жинхэнээсээ зэрлэгшиж ирлээ. Энергетикийн үндсэн түүхий эд болсон нефтийн үнэ л бусад бүх зүйлийн үнийг зохицуулах үндсэн катализатор нь болдог тул Стандарт Ойлын хуйвалдааны импакт нь дэндүү нүсэр байлаа. (нефть чухал эсэхэд эргэлзэж байгаа хүмүүс National Geography сувгаас нефтьгүй болсон дэлхийн тухай уран сэтгэмжийн киног үзээрэй)  
Стандарт Ойлыг үндэслэгч Рокфеллэр нэг өдөр нефтийн бизнес эрхлэгчдийг уулзалтанд урьж авчраад бид өрсөлдсөнөөр хэн маань ч олигтой ашиг хийхгүй байна, иймд өрсөлдөөнөө зогсоогоод бүгд нэг ижил өндөр үнэ зах зээлд тулгая гэж ятгаж чадсан гэдэг. Ингээд нэг л өглөө Америкийн клонкууд хоорондоо өрсөлдөхөө зогсоож бүгд л ижил өндөр үнэ зах зээлд тулгаж эхлэв. Стандарт ойл-д нэгдсэн компаниудын алдагдал зогсож, ашиг орлого нь хаданд гарав. Нэгэнт үнэ буулгахад хүргэх зөрүү үнэ байхгүй болсон тул тэд үнээ дур зоргоороо хамтдаа нэмсээр л байв. Зөвхөн худалдан авагчид үнэхээр авч дийлэхгүйгээс эрэлт болон борлуулалт буурах тохиолдолд л үнийн өсөлт зогсох буюу бага зэрэг бууж байлаа. Нефтийн үнэ өссөнөөр тээврийн үнэ өсөж энэ нөлөө бүгдэд нь халдварлана. Иймэрхүү өрсөлдөөний эсрэг практик цааш тархаж олон орны эдийн засгийг нурааж эхлэв. Үнэ буухаа болив, мөнгөн тэмдэгтүүд цаас болж эхлэв. Чинээлэг иргэд л үнийг өсөлтийг давж чадаж байсан бол мөнгөжиж амжаагүй давхрагынхан дэлхий даяараа бужигнаж, ажил олгогч хөрөнгөтнүүдээ мөлжлөгт хардан хараан зүхэж эхлэв.   Дэлхий дайн, хувьсгалын галд ойртон очиж байлаа.
1890 онд АНУ-ын Сенатор Жон Шерман бизнесийн орчинд монопольчлох, өрсөлдөөнийг боомилох, монопольчлохыг оролдох үйлдлүүдийг хууль бус гэж зарласан маш ширүүн санкцтай хуулийн төслийг санаачлан Конгрессоор батлуулснаар Америкийг хувьсгалаас аварлаа.  Адам Смитээс хойш яг 100 жилийн дараа өрсөлдөөнийг өөрийг нь хамгаалах тухай анхны хууль төрөн гарав.   Стандарт ойлыг хүчээр задлан Mobil, Шеврон, Экссон зэрэг олон хэсэг болгоод хоорондоо өрсөлдөхийг тулгав. Зэргэлдээ орших ямар ч клонк хөрштэйгөө адил үнээр бензин зарах эрхгүй болов. Ижил үнэ харагдвал үгсэн хуйвалдсан гэж үзэх тул арга буюу бутархай центийн зөрөөтэй боловч үнэ тогтоох боллоо. Хэдийгээр бүх клонк нэг л нефтийн цооногоос бараагаа татдаг ч хоорондоо ижил үнэ гаргах эрхгүй болов. АНУ-н төр тэднийг хүчээр өрсөлдүүлж чадав. Эрэлт нийлүүлэлтээс гадна өрсөлдөөний орчин үнийг буулгалцдаг боллоо. 1-р дайны үед  Сенатор Клэйтонын санаачилсан хуулиар хуйвалдахгүй ч гэсэн худалдааны гэрээний дүнд монополь үүсэх арга замуудыг хаалаа. АНУ тогтворжив. Тогтворжив ч гэж дээ. Улс төр, нийгмийн байгуулалын тогтвортой байдлыг зах зээлийн өөрийх нь долгионт байдлаар сольж авлаа. 1929 онд гарсан зах зээлийн алдааг засахын тулд олон салбарыг төрийн хатуу зохицуулалт, мэдэлд оруулсан ч төрийн зохицуулалтын бүүр ч тэвчишгүй алдааг засахыг тулд Рейган, Тетчэрийн үед зохицуулалтаас чөлөөлөх, хувьчлах явдалыг эрчимжүүллээ. 80-90-д онд Их Британид Бритиш нэрийг зүүсэн бүх бизнес хувьд очлоо. Бритиш эйрвэйз, Бритиш пэтролиумээс авхуулаад бүгд хувийнх болов. Тэхдээ Тетчэр тэдгээрийг манайх шиг дээрмийн хувьчлалаар биш олон нийтийн нээлтэй компаниуд болгох замаар хувьчилж хувьцааны зах зээлээ давхар тордоод авсан юм. 
Харин 20-р зууны эхэнд Европ болон бусад газарт үүссэн эдийн засгийн хямрал дайн, хувьсгалд хөтлөв. Герман зэрэг зарим орон үнийн өсөлтөөс үүдсэн эдийн засгийн буруу давалгааг зогсоох арга нь дэлхийн газрын зургийг дахин өөрчлөн зурах явдал гэж хоёр ч удаа харсан бол Орост хөлдөө чирэгч хөрөнгөтнүүдээ хоослон худалдан авах чадамжийг нь бууруулснаар үнийн галзуурлыг зогсооно гэж итгэцгээсэн юм. Ийнхүү капитализм дахь монопольчлол фашизм, социализмын эцэг нь болсон билээ.
Дэлхийн эдийн засаг саяхан бас нэг удаа доргиод авлаа. Эдийн засаг цаашид ч савлах нь гарцаагүй юм. Гэвч өрсөлдөөнийг хамгаалсан хэвээр байвал энэ савлагаанууд нийгмийн байгуулалыг хөмрөх хэмжээнд хэзээ ч хүрэхгүй нь Америкийн жишээнээс тодорхой байна. Өнөөгийн өндөр хөгжилтэй орнуудад өрсөлдөөний хууль бол төрийн хамгийн их анхааралаа хандуулан сахиулдаг, бизнесийн үндсэн хуулийн хэмжээний хууль байдаг билээ. Жишээ нь Австралийн Кантас, Шинэ зеландын Эйр Нью Зеланд компаниудыг л гэхэд хооронд нь өрсөлдүүлж Тасманы хоолой давсан нислэгийн үнийг өсгөхгүй барьж байхын тулд  нислэгийн код хамтран эзэмших хүсэлтийг нь төрийн зүгээс нь одоог хүртэл буцаасаар л байна.    

Хувьсгалаас аврах өрсөлдүүлэх чадварын хэрэгцээ
2012 он ширүүн эхэллээ. Засгаас зарим нь гарч, замень нь оров. Ард түмний сонголтын засаг тогтов.
Шатахууны үнэ өсгөсөн хэмээн ганц нэг түшмэл, хиаг төрөөс халлаа. Тэднийг нефтийн боссуудыг цуглуулж байгаад үнийг өсгөхөөр хуйвалдсан хэмээн албан тушаалаас нь чөлөөлөв. Уулзалтын протокол нь гарч ирсэн тул үгсэн хуйвалдсан баримт нь олдсон гэж үзжээ. “Нефть импортлогчдын холбоо” хэмээх “Стандарт Ойлын хойд дүр” өдөр бүр ижил үнэ тулгаад байхад “хуйвалдсан протокол” нь байхгүй тул үгсэн хуйвалдаан (price fixing) биш гэж андуу ойлгож ирсэн өрсөлдөөний газрын дарга нар юунаас болж халагдаж байгаагаа ч ухаарч амжилгүй засгийн хуралдаанаас хөөгдөн гарлаа.  Өрсөлдөөний “мэргэжилтнүүд”-ийн ойлгоогүй асуудлыг “ойлгохоор” төрөөр нэг ажлын хэсгүүд байгуулагдав. Шатахууны импортынхон бизнесээ төрд алдахаас  айсандаа бага зэрэг буулгав. Төв банк хожимдсон интервенцээр ерөнхийлөгчөө авч үлдэхээр оролдож эхлэв. Төрийн эс үйлдэлээс айсандаа нэмэгдсэн үнэ төрийн буруу үйлдэлээс айсандаа түр агшив.
Гэвч үнэ буух эрүүл механизм буй болсонгүй. Хөрш клонкууд ижил үнэтэй бензинтэй, зэргэлдээ лангуунууд ижил үнэтэй гурилтай хэвээрээ. Банкуудын ижил нөхцөлтэй зээл нь ч ижил хүүтэйгээ үлдэв.
Цаашдаа яах ёстой юм бэ?
Шерманы хуулийн санааг бараг хуулаад тавьчихсан өрсөлдөөний хууль байсаар байтал хэрэгжүүлэхгүй ингэж явсаар Нефть Импортлогчдын холбооны гишүүн компаниудын өдөөсөн хувьсгалд хуйхлагдахаа хүлээгээд байх уу? Ардын засгийг хөмрөх “ардын хувьсгал-2” хэрэгтэй юм гэж үү? Эсвэл сонгуулиар Гитлерийг төрд залсан шиг ганц хүний засаглал мөрөөдөгчдөд  бидний хувь заяагаар тоглох эрхийг олгох юм болж байна уу?  Хариулт нь “үгүй” л гэж гарна шүү дээ. Мэдээж.
Гэхдээ л өглөө босоход л зардал нь цаанаа зөрүүтэй хэрнээ бүх клонк яг адилхан үнэ санал болгодог энэ хэвээрээ үргэлжлээд байвал Монгол хэр удаан “чөлөөт нийгэм” –д тэсч үлдэж чадах вэ гэдэг асуулт босч ирж байна. Хувьсгалчид бол яг ийм л тогтворгүй байдлын хөрс суурийг л мөрөөдөж суудаг улс юм. Тэдэнд нураах процесс нь сонин болохоос дараагийн асуудал сонин биш байдаг. Орост 1905 онд болсон үйл явдалтай төстэй зүйл Монголд нэгэнт болоод өнгөрсөн. Харин оросын 1917 оны сүнсийг  бид нутагтаа дуудмааргүй л байна. (жич: Монголын 1921 он бол социалист хувьсгал байгаагүй, үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн байсан)
Ер нь бол иргэдийг төртэй нь хагаралдуулахгүй байж чадах багаж бол үнийг буулгах ӨРСӨЛДҮҮЛЭХ ЧАДВАР юм. Монголын төрийн тэргүүнээс эхлээд бүгд л өрсөлдөх чадвар гэж ярих боловч өрсөлдүүлэх чадварын тухай огт ярихгүй байцгаана. Харамсалтай нь төрд нь өрсөлдүүлэх чадвар байхгүй улсын эдийн засагт өрсөлдөх чадвар буй болдоггүй.   
Монголын төр уул нь өрсөлдүүлэх талаараа уг нь хэнээс ч дутахгүй. Цагийн эгзэгийг олж оновчтой өрсөлдүүлдэгээрээ ч гайхалтай. Дайснаа хооронд нь харгалдуулж байгаад аль алийг нь дарж аван тулгар төрөө байгуулснаас өгсүүлээд өнгөрсөн зуунд их гүрнүүдийг өрсөлдүүлсээр тусгаар улсаа авч үлдсэн гавъяаг үеийн үед мартахын аргагүй. Берлиний ханыг нураасан тоосноос хамгийн хожоотой гарч чадсан нь Монгол. Өнөөдөр ч Оюу толгойн хүдэр, Таван толгойн нүүрсийг зөөхөөр хаа холын БАМ руу төмөр шугам татах гээд зүтгээд байгаа нь ч монополь худалдан авагч Хятадыг хазаарлаж, дэлхийг Монголын баялагийн төлөө өрсөлдүүлэх замыг засах асар мэргэн бодлого юм. Энэ төмөр зам баригдсаны дараа л бид ханасан үнээр баялагаа зарж чаддаг болох ба дотоодын нийт бүтээгдхүүний өсөлт нэг хүндээ жинхнээсээ ноогддог болох боломж нээгдэх болно. Иймд өрсөлдүүлцгээе. Өрсөлдүүлэхэд хөрөнгө оруулж, ухаан уралдуулцгаая.
Одоо 2008 оны сонголтын засагт дараагийн сонгууль хүртэл 5 сарын хугацаа үлджээ. Энэ хугацаанд ард олноо сүрхий жаргаах нь ч яахав, харин капиталист нефть импортлогчдыг хооронд нь өрсөлдүүлээд, үнэ буух эрүүл хөрсийг бүрдүүлээд л өг. Захиргаадалтын аргыг зөвхөн зах зээлийн өрсөлдөөнийг хамгаалахад хэрэглээд үз. Үр дүнд нь үнэ бууна, төгрөг тогтворжино, ард олон тайвширна, бизнесмэнүүд буюу risk taker-үүд зоригжино, хувьсгалчид хурнийж, шоучид шалчийна. Эдийн засгийн зарчим нь өөрөө ийм юм. Ингэж чадвал сонгуульд ч бас ялах болно. Чадахгүй бол улс төрийн орон зай хайгчдад ирэх сонгуулиар боломж гарна. Улс төрийн зарчим нь ч бас энэ юм. 

2012 оны 1 сар


Monday, October 7, 2013

How Corruption Works

Анхны хувилбар нь 2005 оны 4-р сард анх olloo.mn сайт дээр гарсан.

Оршил

Ардчилал хөгжиж эхлэж буй олон ядуу буурай орны өсвөр үеийнхэн сонгуулийн насанд хүрч иргэний эрхээ эдлэх эхний мөчөөсөө л авилгал гээч зүйлийн тухай сонсож эхлэдэг билээ. Шинэхэн сонгогчдыг тэр авилгал гээчийн учрыг олж амжаагүй байхад л түүгээр айлган, түүнээс аврахыг хүссэн улс төрчдийн шоу булж орхидог. Дөнгөж сургууль төгсөх гэж байгаа хүүхдүүд учрыг нь бүүр олохоо больдог. Тэд өөрсөддөө болон бусдад авилгал гээч ер нь юу юм бэ гэдэг асуултыг тавьж түүнийг танин мэдэхийг хүсэх боловч аймшигтай хадны мангаа гэх маягийн хариултаас өөр тодорхой зүйл олж сонсдоггүй. 

Энэ асуултын хариуг хүүхэд залуучуудад ойлгуулахыг л энд хичээсэн болно.

Ер нь авилгал ийн урт удаан хугацаанд оршин тогтноод байхыг бодоход түүний “байнгын ажиллагааны” зүй тогтол байж таарч байгаа ‏юм. Т‎эгэхээр энэ авилгал чухам яаж ажилладаг юм бол? Түүний зарчим нь юу вэ? Түүнээс салах гэж оролдох нь хэр утга учиртай зүйл вэ?

Авилгалаас ангижрах боломж ер нь бий юу? гэх зэрэг олон олон асуулт залуусын өмнө босож ирдэг. Авилгалын тухай маш олон янзын тодорхойлолт томъёолол байх боловч ерөнхийдөө бүгд нэг утгатай байдаг. Ер нь бол авилгал гэдэг нь хэн нэгэн этгээд өөр нэгэн эрх бүхий этгээдээс аливаа нэгэн давуу эрхийг хууль ёсноос гадуур худалдан авах байдлаар илэрдэг билээ. Нийтээрээ ч ингэж ойлгодог

Эрх бүхий этгээдийн үүсэл

Авилгал хэрхэн үүсэв? Түүнийг үүсгэх хэрэгцээ нь юу байв. Авилгал бол төртэй салшгүй холбоотой үзэгдэл тул түүний үүслийг төрийн үүсэлтэй холбон авч үзэх хэрэгтэй юм.

Хүн төрөлхтөн галыг эзэмшсэнээсээ хойш анхны төр улсаа байгуулах хүртлээ олон  зуун мянган жилийг элээсэн байдаг. Хүй нэгдлийн хэмээн нэрлэгддэг тэр үед хүмүүс хязгааргүй их эрхтэй бас хязгааргүй их эрхгүй байсан юм. Энэ нь тэд нэгнийгээ барьж идэж болох хүртэл эрхээр хангагдсан байхад үүний хажуугаар хэн нэгэнд нь идүүлж болох хүртэл аюулаар хүрээлэгддэг байснаар нотлогддог. Хүй нэгдлийнхний хязгааргүй эрхүүдийг зөвхөн байгалийн хүчин зүйлс болон тэдний ойролцоо нутагладаг дайсагнагч бусад овог аймгууд л хязгаарлаж байлаа.Гэвч хүй нэгдлийн үед овог аймгууд нэг нэгнээсээ харьцангуй алс хол амьдарцгаадаг байсан  тул эрхийн асуудалтай холбоотой байнгын зөрчилдөөн бараг байхгүй байсан ба мөн харилцан идэвхтэй цус холилдох явдал гардаггүйгээс оюун ухааны хувьд ч сүрхий тэлж чадахгүй байсаар сүүлчийн мөстөлтийн эринтэй золгосон байдаг.

Одоогоос 20000 орчим жилийн тэртээгээс эхлэсэн сүүлчийн их мөстөлт нь дэлхийн дээр тархан суурьшиж байсан хүй нэгдлийн овог аймгуудыг дулаан уур амьсгалтай газар нутгууд руу шахан нүүлгэж хүн амын анхны том бөөгнөрлүүдийг буй болгосон  нь ард түмнүүдийн үүслийн эхийг тавьсан гэж үзэж байна.

Их мөстлөгийн  түрэлтэнд шахагдан нягтарснаас үүссэн анхны ард түмнүүд нь эхэндээ нэг нэгнийхээ эрхийг огт хүлээн зөвшөөрдөггүй, цаашилбал нэгнийгээ барьж идэхээс ч буцдаггүй хязгааргүй эрхүүдийн олонлог байсан ба эрхүүдийн байнгын ширүүн зөрчилдөөн нь хэн нэгэн зохицуулагчийг буй болгоход хүргэсэн нь анхны төрийн үүсэл болсон гэж үзэж болно. Овог аймгуудын тэмцэл дунд хүмүүсийн зарим хэсэг нь өөртөө байсан бүх эрхээ алдан боол болцгоосон ба зарим хэсэг нь эрхээ нэмэгдүүлэн боолийн эзэд болцгоосон байдаг. Мөн нэлээд хэсэг нь эрхээ хамгаалан үлдэж жирийн иргэд болцгоожээ. 

Анхны төрт нийгмийн түүх боолын нийгмээс эхлэн тоологддогийн учир шалтгаан ийм буюу. Их мөстлөгөөс анхны төрт улсууд үүсэх хүртэл хүн төрөлхтөн мөн л олон мянган жилийг зарцуулсан байдаг.

Төр анх үүсэхдээ зохицуулагчийн л үүрэгтэй байсан. Зохицуулагчийн үндсэн үүрэг нь харилцан огтлолцож буй эрхүүдийн зохист харьцааг тогтоон буй болгох явдал байлаа. Гэвч зохицуулагч нь бусдаас давуу эрхгүйгээр ямар ч зохицуулалт хийх бололцоогүй байсан тул хүмүүс эхэндээ зохицуулагчид өөрсдөөсөө давуу зарим эрхүүдийг олгож түүнийг нь хүлээн зөвшөөрсөөр иржээ.

Гэвч яваандаа тэрхүү зохицуулагч өөртөө олгогдсоноос ч илүү эрхүүдийг бусдаас булаан авсаар төрийн анхны хэлбэр болох хаант төрийн үүслийг тавьжээ. Ингэж авилгалын үндсэн субъектийн нэг болох эрх бүхий этгээд  үүссэн түүхтэй.

Анхны зохицуулагчид аливаа зөрчлийг өөрийн үзэмжээр л шийдэн зохицуулахыг оролддог байж. Гэвч үүссэн зөрчил нэг бүрийг шийдвэрлэх нь нэгэн биеэр хийж гүйцэшгүй зүйл байсан тул тэд нийтэд үйлчлэх аман журмуудыг гаргаж эхэлжээ. Дараа нь соёл хөгжихийн хэрээр бичиг үсэгтэй болж тэрхүү журмуудаа бичгэн хэлбэрт буулгаж эхэлсэн байна. Ингэж анхны хууль эрх зүй үүсжээ. Эрт үеийн хуулиудаас хамгийн боловсронгуй хэлбэрийг олж чадсан нь эртний Ромын 12 хүснэгтийн (twelve tables) хууль юм.  

Хууль нь эхэндээ зохицуулагчийн санаа бодлын илрэл байсан боловч дараа нь түүний зохиогчийн санаа бодлоос ч ангид шийдвэр гаргах хэрэглүүр болсон байна.  Гэвч хууль журам зохиогчид нь хүн л юм болсон хойно амьдралын бүх асуудлыг зохицуулах хуулиудыг бодож олж чаддаггүй байжээ. Зохицуулагчийн зохицуулах үндсэн арга хэлбэр нь ямар нэгэн эрхийг олгох эсхүл эрхийг хасах үйлдэл байжээ. Одоо ч энэ арга нь төрийн зохицуулалтын үндсэн арга хэлбэр болж хадгалагдсан байна.

Авилгал ба төрийн зохицуулалт

Бидний мэдэх хүний нийгмийн түүх бол хүнд байгалаас нь заяагдсан боловч цаг хугацааны нугачаанд алдагдсан тэр эрхүүдээ сэргээлгэхийн төлөөх тэмцэл, оролдлогуудын түүх юм. Хүмүүс эрхээ сэргээхийн тулд эрх мэдэлтэнд үнэнчээр зүтгэх, түүний өмнө гавъяа байгуулан урамшил авах, тогтоосон ёс журмыг сахин биелүүлэх эсхүл түүний эсрэг тэмцэж эрх мэдлээ хүчирхийлэлийн замаар булаан авах зэрэг аргуудыг хэрэглэхээс гадна  эрх мэдлийг зүгээр л худалдан авах аргыг өргөнөөр хэрэглэж иржээ. Эрх мэдлийг ийнхүү худалдан авах аргыг бид өнөөдөр авилгал хэмээн нэрлэж байна.

Төрийн гүйцэтгэж буй зохицуулалт нь ямар ч нийгэмд эрхийн хуваарилалтаар илэрдэг. Тухайлбал хэн нэгэнд ямар нэгэн бизнес, үйл ажиллагаа эрхэлж болно гэдэг эрх олгох эсхүл болохгүй гэдэг хориг тавих байдлаар төрийн зохицуулалт хүрдэг юм. Харин авилгал нь өөрийн өмнөх болохгүй гэдэг хоригийг болно гэдэг зөвшөөрөл болгон хувиргадаг, бусдын өмнөх болно гэсэн зөвшөөрлийг болохгүй гэдэг хориг болгон өөрчилдөг шидэт дохиурын үүрэг гүйцэтгэдэг юм.

Нийгмийн амьдрал асар баялаг бөгөөд улам л баяжиж байдаг. Зохицуулалтанд хамрагдвал зохих асуудлууд ч өдөр бүр өсөн нэмэгдэж байдаг. Хэрвээ төр нь зохицуулалтын механизмаа боловсронгуй болгож нийгмийг зохицуулалтандаа бүрэн хамруулж чадахгүй байгаад байвал тэр орхигдсон орон зайг авилгал эзлэн нийгмийг зохицуулж эхлэдэг.  Өөрөөр хэлбэл авилгал нь нийгмийн зохицуулалтын бүрэлдхүүн хэсэг мөн юм.  Эрх зүйн зохицуулалт сайн хөгжсөн газарт авилга бага байдаг, харин тийм зохицуулат муу газарт авилга их байдаг. Төрийн зохицуулалт чухал боловч төрийн хамгийн чухал зохицуулалт нь зохицуулалтаас чөлөөлөх зохицуулалт юм. Тэхлээр төрийн зохицуулалтаас ангид харилцаа гэж нийгэмд үгүй. Чөлөөтэй хийж үйлдэж болох бүхэн чөлөөлөгдөх зохицуулалтандаа хамрагдсан л байдаг. Гэвч зарим тохиолдолд зохицуулалтаас чөлөөлөөлөх зохицуулалт хийгдээгүйгээс хамаг авилгал цэцэглэх нь бий.

Авилгалыг доорхи томъёололд оруулан судлаж болох юм.

T=  K* L + C                    (томъёо 1)

T- төрийн зохицуулалтанд хамрагдвал зохих үйл ажиллагаа;

C- авилгалаар зохицуулагдаж буй үйл ажиллагаа;

L- хууль журмын дагуу зохицуулагдаж буй үйл ажиллагаа;

K- хуулийн хэрэгжилт, эрх зүй нь амьралтай хэрхэн нийцэж байгааг харуулсан коэффициент  (0 < K < 1). K=K1K2K3..Kn . Энэ нь огт биелэгдэхгүй хууль гардаггүй ба огт зөрчигдөхгүй хууль гэж бас байдаггүйг илэрхийлж байгаа бөгөөд хуулийн хэрэгжилт нь маш олон хүчин зүйлээс шалтгаалдагийг үзүүлж байгаа юм.

Тэгэхлээр авилгалыг доорхи маягаар илэрхийлж болох нь

C =  T -K* L                  (томъёо 2)

Эндээс авилгалыг тэгтэй тэнцүүлэх арга замууд харагдах ёстой.
Авилгалыг тэгтэй тэнцүүлэх үндсэн нөхцөл нь

T = K * L                     (томъёо 3)   юм.

Өөрөөр хэлбэл төрийн зохицуулалтанд хамрагдах ёстой бүхэн л түүнд хамрагдсан байх ёстой гэсэн үг. Харин эсрэгээр K болон L нь тэг рүү тэмүүлэх нөхцөлд C буюу авилгалд ихэнх зохицуулалт ноогдож нийгэмд авилгал газар авдаг.

(Томъёо 1)-д байгаа Т буюу төрийн зохицуулалтанд хамрагдах үйл ажиллагаанууд цаг хугацаа өнгөрөх тутамд нийгэм эдийн засгийн хөгжилөөс хамааран байнга өсөн нэмэгдэж байдаг.  Энэ үед төрийн зохицуулалтын механизмууд нийгэм эдийн засгийн хөгжил, өөрчлөлттэй уялдаатайгаар уян хатан өөрлөгдөж чадаахгүй бол түүний орон зайг авилгал  тэр дор нь эзлэн авдаг.

T+dT(t)=  K* L + (C +dC(t))              (томъёо 4)

dT(t)= dC(t)                (томъёо 5)

буюу зохицуулах асуудлын өсөлт нь авилгалын өсөлттэй тэнцэж ирдэг. Авилгалын газар авах үндсэн шалтгаан нь төрийн зохицуулалтын механизмын хоцрогдол байдаг нь эндээс харагдаж байна. Ялангуяа хууль тогтоох, дүрэм боловсруулах механизм нь сул ажилладаг улсад уг хоцрогдол түгээмэл байдгаас авилгалаас зайлсхийж чаддаггүй. Хоцрогдохгүй байхын тулд байнгын ажиллагаатай мэргэжлийн шахуу парламент байгуулж, засгийн газрын бүтцүүдэд чадварлаг rule making нэгжүүдийг ажиллуулах шаардлага гардаг.

Авилгалыг төрийн эрх баригчдын оюун санааны залхуурлын бүтээгдхүүн гэж нэрлэж бас болно. Нэгэнт авилгал нь олон оронд бодитоор оршин байгаа, тэрээр нийгмийн өөрийн зохицуулалтын маш том бүрэлдхүүн хэсэг болж байгаа нь хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй факт юм.
Авилгалын үүсэн өргөжих шалтгаан нь ниймийн зохицуулалтанд хамрагдах хэрэгцээ гэдэг нь эндээс тодорхой харагдаж байна.

  
Авилгал ба ядуурал

Авилгал нь нийгмийн зохицуулалтанд оролцож, төрийн хөшүүн механизмыг буруу арга замаар ч болов хөдөлгөөнд оруулж чаддагаараа хөгжил дэвшлийг тодорхой шатаар тодорхой цаг үеүүдэд хөдөлгөгч нь болдог.
Авилгал хамгийн их газар авлаа хэмээн шуугиж байгаа сүүлийн жилүүдэд л гэхэд Монголын эдийн засаг өсөн өссөөр жилийн өсөлт нь 10-15 хувьд хүрсэн нь хөгжлийн хурдцаар азийн баруудаас ч давсан хэрэг болж байна. Үүний гол шалтгаан нь өөрөө зохицуулж чаддаггүй, өрөөлийг чөлөөтэй тавьдаггүй   хөшүүн хойрго социалист төрийг авилгалтайгаа хамжаад ч болов нийгмийг зохицуулахыг оролдсон “ардчилсан” төрөөр солисон явдал юм.

Авилгал нь авилга авагчийн амьжиргааг эрс дээшлүүлдэг, авилга өгөгчийн биенесийн саадыг арилгадаг тул хэн хэнд нь хөрөнгийн хуримтлалыг буй болгодог тустай. Энэхүү “сул” орж ирсэн мөнгө нь юун түрүүнд тансаг хэрэглээг буй болгож нийгмийн тодорхой давхрагт чиглэсэн эдийн засгийн тодорхой салбаруудыг хөгжихөд хүргэдэг. Эртний Ромд ч тийм байсан өнөөгийн олон оронд тийм байна.  Өнөөдрийн тансаг хэрэглээний бүтээн босголт, үнэ ихтэй орон сууц, байшин , харшуудын ихэнх нь авилгалчдын хэрэгцээнд нийлүүлэгдэж байгаа нь үүний нотолгоо. Мөн төрийн албан хаагчдын “цалингаа хэмнэж байж” авсан өндөр үнэтэй хэрэглээ,  тансаг харш, унаанууд бас давхар нотолгоо болж болно.

Эртний Мисир, Герег, Ромын мөхлийн өмнөх бүтээн босголт, гаж цэнгэл, Францын хувьсгалын өмнөх тансаг язгууртны нийгэм, 20-р зууны эхэн үеийн Европ, Оросын амьдралаас тасархай аристократууд, Латин америк, Ази Африкийн олон оронд өрнөсөн “хувьсгал”-ын өмнөх нийгэм нь бүгд авилгалаас санхүүжигдсэн тансаг хэрэглээний  хөгжил цэцэглэл байлаа.

Авилгал нь төрийн нийгмээ зохицуулах чадвартай холбоотойг дээр өгүүлсэн. Өмнө тайлбарласан томъёонд байгаа K буюу хууль хэрэгжилтийн коэффициентэд нөлөөлж буй хүчин зүйлүүдийг нарийвчлан судлах нь чухал .

Хууль завхруулах үндсэн шалтгаануудын нэг нь төрийн албан хаагчдын ядуурал мөн. Төрийн албан хаагчид гэдэг бол бусадтай л адилхан хүмүүс. Ар гэртэй, амьдрал ахуйтай байдаг. Тэд орон байр авах, унаа тэрэг унах, хямд бус эд зүйл авах, үр хүүхэддээ боловсрол олгох асар их хэрэгцээтэй байдаг юм.

Ер нь бол ямар ч баян улс гүрэн төрийн албан хаагчиддаа хангалттай хэмжээний цалин хөлс олгож чаддаггүй.  Зах зээл хөгжсөн улс орнуудад хүний амьдралын наад захын хэрэгцээг хангахад чиглэсэн зээлийн тогтолцоонуудыг бий болгож энэ асуудлуудыг нийгэмд хүндрэлгүйгээр шийддэг юм. Хүн ажилтай л болж чадвал байр сууц, унаа тэрэг, хүүхдийн боловсрол зэрэг их хэмжээний хөрөнгө шаардагдах зүйлсээ зээлээр авах боломжтой болсон байдаг.  Өндөр хөгжсөн орнуудад олон сая хүн бараг тэтгэвэртээ гартлаа зээлээ төлсөөр л байдаг юм. Энэ нь тэднийг нэг ажилдаа үнэчээр зүтгэж түүндээ амжилт гаргах эрмэлзлийг төрүүлэх хөшүүрэг нь болж өгдөг. Иймээс л үндэсний бүтээмжүүд нь нэмэгдэж улс орны хөгжил нь эрчимтэй урагшлаж чаддаг.

Харин буурай хөгжилтэй олон оронд зах зээлийн тогтолцоо бүрэн бүрэлдэж чадаагүйгээс төрийн албан хаагчид нь байнга ацан шалаанд орж байдаг. Энэ байдал нь тэдний өөртөө байгаа эрх мэдлээсээ зарж хэрэгцээгээ хангахад хүргэдэг юм. Монгол шиг орнуудад жишээ нь зах зээлийн нийгэмд орсон гээд байгаа боловч юмыг баруун зүүнээрээ солидог “зах”-ын нийгэмд дөнгөж хүрчихээд, харин “зээлийн” тогтолцоо нь нэлээд сул буюу хаягдсан байдаг. Энд би орон сууцны зээл, машин, эд хогшил, боловсролын зээлийн зөв систем байхгүйгээс төрийн албан хаагчид авилгал руу нийтээрээ хальтарч байгааг хэлэх гэсэн юм. Гадаадын зээл тусламжийг зээлийн энэ системийг хөл дээрээ бат зогсоход нь чиглүүлбэл авилгалтай хамгийн үр дүнтэй тэмцэх арга болж ч магадгүй гэж бодож байна.

Хөгжсөн орнуудад бол эхлээд хэрэгцээтэй бүхнээ зээлээр авчихаад дараа нь цувуулж төлж болдог. Нэгэнт зээлээр авч байгаа тул орлогын эх үүсвэр нь хууль ёсны бөгөөд тогтмол төдийгүй түүнийг нуух шаардлагагүй болдог. Энэ тохиолдолд бас хууль бус орлогыг өөрийн болгоход хүндрэлтэй болж ирдэг.

Засаглал нь жигдэрсэн улс орнуудад хууль бус орлого олохоор оролдоод ажлаасаа хусагдвал зээлсэн бүхнээ алдана. Түүнд дахин хэн ч итгэж зээл өгөхгүй. Зээл нь нэг талдаа байр, унаа, хүүхдийн сургалтын төлбөр болж ирж байгаа боловч зээлээ төлдөг сахилга бат нь хүнийг нийгэмд байр суурьтай байлгах шалгуур болж байдаг. Ийм л зээлийн хатуу хууль үйлчилж байдаг учраас барууны орнуудын төрийн албанд авилгалын үр ургадаггүй байна.

Харин буурай орнуудад эхлээд мөнгөө олчихоод дараа нь амьдралаа төвхнүүл гэдэг зээлгүй зарчим үйлчилсээр байна. Амьдралаа үнэнчээр төвхнүүлэхэд бүх амьдрал нь ч бараг хүрэлцэхгүй үед ийм системийн үр дүн нь авилгал болж хавтгайрдаг юм.

Авилгалын бас нэг сөрөг нөлөөлөл нь буурай эдийн засагтай, хязгаарлагдмал зах зээлтэй орны хувьд зах зээлийг нь авилгал өгч чадаж байгаа цөөхөн бизнесийн эрх мэдэлд аваачдаг. Нийгмийн үлдэж байгаа хэсэгт ноогдох зах зээл улам бүр хомсдсоор байдаг байна. Нэгэнт зах зээлгүй болсон жижиг дунд, заримдаа том бизнесүүд үй олноороо дампуурч ажилгүйдэл, ядуурал хавтгайрдаг юм. Авилгал ядуурлын шалтгаан болдог логик ердөө л энэ.

Энэ ядуурал нь ардчилалыг эдийн засгийн аргаар хумиж эхлэдэг. Хязгаарлагдмал зах зээлтэй улсын иргэд хэт баян, хэт ядуу гэсэн хоёр туйл руу улам бүр хуваагдахын хамтаар улс төрийн сонгуульд өөрийн бодолтой оролцож чаддаг хүчин болох дундаж ангийн эзлэх хувийн жин үлэмж хэмжээгээр багасдаг.

 Дундаж ангид харъяалагдан үлдэж чадагсад нь ямар нэгэн байдлаар авилгалтай холбоотойгоор л оршин тогтнохоос өөр аргагүйд хүрдэг юм. Дундаж ангид хамрагдах магадлалтай бусад хэсэг нь ямар ч аргаар хамаагүй гадаадад дүрвэн гарцгаадаг. Дундаж анги бараг устсанаар төрийн татварын орлого тодорхой түвшинд хүрээд зогсонги байдалд орж эхлэдэг ба улс төрийн сонгуулиуд улам популист шинж чанартай болж ирдэг. Дүнд нь татвар огт төлдөггүй, төрийн мөнгөний зарцуулалтыг огт сонирхдоггүй ядуусын масс сонгуулийн  хувь заяаг шийдэхэд хүрдэг. Энэ тохиолдолд хичнээн лебирал ардчилсан үзэл баримтлалтай улс төрийн хүчин байлаа ч сонгуульд ямар нэгэн байдлаар амжилт олохын тулд популизм руу хальтарсан зорилт дэвшүүлэн улс төрд хүчээ үзэхээс аргагүй хүрдэг юм. Тэд ийм аргаар цаг зуурын амжилт олох боловч сонгуулийн үеээр дэвшүүлсэн илүү популист  зорилтдоо бүдэрч эхлэдэг.

Ядуусыг ажилтай болгох чадвар бүхий дундаж анги нийгмийн баян ба ядуу давхрагуудад шахагдан цөөрснөөс эрх баригчдид популист зорилтоо хэрэгжүүлэхийн тулд нийгмийн дээд давхрагууд болох цөөн баячуудтай ойртон нөхөрлөхөөс өөр аргагүй болж ирдэг. Тэд баячуудад илүү таатай нөхцөл, илүү эрх мэдлийг олгож тэднээс популизмдаа хэрэгтэй мөнгө сааж авахыг хичээдэг. Гэвч баячуудын татварт болон бусад хэлбэрээр өгч байгаа мөнгө нь үй олон болж үржсэн ядуучуудыг өөд нь татахад хаана нь ч хүрдэггүй.  Тиймээс олсон жаахан мөнгөөрөө баахан “ядуурлаас аврах” хурал шоу хийсээр өнгөрдөг. Ядуурал зөвхөн цаасан дээр буурч, эдийн засаг хурал  цуглаан дээр өсөж эхлэдэг. Нийгмийн хөгжлийг олсон их хөрөнгөндөө барьцаалагдсан баячууд, олдож магадгүй зүсэм талхандаа барьцаалагдсан ядуучууд тодорхойлж эхлэдэг. Өөрөөр хэлбэл бие даасан өөрийн бодолтой нийгмийн гишүүд болох дундаж давхрагынхан цөөрч ирдэг. Энэ л авилгал ардчилалыг боомлидог шалтгаан болдог билээ. Олон оронд тогтсон авторитари дэглэмийн үүслийн нууц нь энэ. Авторитари дэглэмтэй орнуудад бие даасан үзэл бодолтнууд буюу дундаж давхрагийнхан цөөрснөөс үүдэлтэйгээр сонгуулийн гаж практикууд хэвшмэл болж эрх баригчид нь ядуу ард түмнийхээ саналыг өөрсдийнх нь болон баячуудын мөнгөөр худалдан авч эхлэдэг. Ингэж сонгуульчлагдсан дарангуйлал руу нялх ардчилалтай улс орнууд хальтарч эхлэдэг юм.

Авилгалаар төрийн машиныг “тослох” нь түүнийг усаар “тослосоноос” ялгаагүй байдаг тул тийм машин хол явж чаддаггүй юм. Эвдэрчихдэг. Үүнийг төрийн хямрал гэж нэрлэх нь ч бий. Төрийг хямралаас авилгалыг халахгүйгээр аврах боломжгүй. Авилгалыг халахгүйгээр ард олныг ядуурлаас ч ангижруулах боломжгүй.

Социалист гэгдэж байсан ихэнх орнууд уруудах эсхүл өгсөх салаа замын уулзварт ирчихээд байгаа юм. Уруудах машинд хөдөлгүүрийн тос байтугай  хөдөлгүүр нь бараг өөрөө ч хэрэггүй байдаг. Харин өгсөх машинд бүх механизм зөв ажиллаж байх шаардлагатай байдаг юм.

Зөвшилцөл ба фашизм

Хагас ардчилалтай улсад төрийн эрхийг улс төрийн хүчнүүд ээлжлэн барьж байх үед авилгал бас өөрийн хэмнэл хугацаатай байдаг. Нэг улс төрийн хүчин олон нийтээс оноо авахын тулд нөгөө улс төрийн хүчнийхээ авилгал хээл хахуулийн бүх булхайг олонд дэлгэн тавидаг. Харин их эвслийн буюу зөвшилцөлийн засгийн үед авилгалтай тэмцэх явдал үйл ажиллагаа байхаа больж, зүгээр нь хоосон яриа болж хувирдаг. Учир нь ард олноос улс төрийн оноо авах гол хэрэгслэл болгодог авилгалын хэрэгт нэгнийгээ буруутгахаа зогсоож байж л хамтарч төр барих боломж гарч ирдэг юм. Зөвшилцөлийн эрх баригчид авилгалын тухай дурсахыг ч хүсдэггүй бөгөөд дурссан нэгнийгээ ад үзэж эхэлдэг. Авилгалтай тэмцэхийг эсэргүүцэх эцсийн арга болгож заримдаа зөвшилцлийн засгийн газраа татаж унагаах нь ч бий. Авилгал нь ерөнхийдөө зөвшилцлийн засгийн үед эдгэсэн шарх мэт далд байдалд ордог боловч нийгмийн бие махбодийг дотуур цус алдах лугаа адил улам хорлонтойгоор хөнөөж эхлэдэг юм. Хамтарч төр барих хугацаандаа хамтарч авилгалтай тэмцсэн засгийн газрууд ч бас цөөнгүй бий. Тийм засгийг байгуулж ажиллуулж чадсан улсын хөгжил үлэмж хурдацтай урагшладаг билээ.

Авилгал авч байгаа, авилгал өгч байгаа хэн нь ч өөрийн үр хүүхдийнхээ сайн сайхан ирээдүйн төлөө энэ нүглийг хийж байна гэдэгтэй бат итгэцгээсэн байдаг. Авилгалчдын ихэнх нь гэр бүлийн түшиг тулгуур халамжит хань, үлгэр жишээ эцэг эх байх нь олонтаа. Гэвч тэд авилгал өгч, авснаараа үр хүүхэддээ маш аймшигтай , эмгэнэлтэй ирээдүйг бэлтгэж байдаг билээ. Харамсалтай нь цөөнгүй авилгалчин үр хүүхдээ гадаадад гаргаад амар сайханд нь жаргуулна хэмээн гэнэхнээр мөрөөдөх боловч гадаадад гарсан зарим нэгнийх нь хүүхдүүд тансаг амьдралд умбан, хар тамхинд донтож улам доройтох ба ухаалаг зарим нь бузар бурангуйн үнэний учрыг олмогцоо эцэг эхээ жигшин зэвүүцэж хөндийрөх нь бий. Гэвч ихэнхийнх нь үр хүүхдийг эх оронд нь зэрлэг харгис ирээдүй хүлээж байдаг.

Эдийн засаг дахь авилгалын гол зорилго нь зах зээлийг шударга бусаар булаан авах явдал байдаг. Нэгэнт зах зээлээсээ шахагдсан олон хүн юу хийж хэрхэн яаж амь зуух вэ гэсэн асуултанд тулж очдог юм. Зах зээлээс шахагдагсдын тун цөөхөн хэсэг нь л өөр зах зээлд шилжин амьдралаа цааш авч явах бололцоог олж хардаг. Энэ нь хөрөнгийн нөөц, мэдлэг боловсролын түвшинтэй шууд холбоотой байх ч тал бий. Үлдсэн хэсэг нь шууд ядуурлын ангал руу нисдэг. Хүмүүс энэ ангалаас гарахаар тэмцэхдээ янз бүрийн арга хэрэглэдэг. Тэдний ихэнх нь энэ ангалаас хууль ёсны дагуу гарах аргыг олж харж чаддаггүй. Үр дүнд нь нийгэмд гэмт хэрэг, хулгай дээрэм, хүчирхийлэл газар авдаг.

Зах зээлээсээ авилгалчдын хичээл зүтгэлээр шахагдсан хүмүүс авилгалчид болон хууль ёсоор аж төрж байгаа бусад хүмүүсийг дайсагнасан нүдээр харж эхлэдэг. Тэд маш олноороо хууль бус бизнест хөл тавидаг. Хар тамхи, хууль бус дамын наймаа, хүн хулгайлах, барьцаалах үзэгдэл газар авдаг. Тэд авилгалчдын үр хүүхдийг барьцаалж, тэднийг алж, хүчирхийлж, зэвсэг, хар тамхи худалдаж эхлэдэг. Нийгэм айдас хүйдэсд автдаг. Энэ үед ард олон эмх замбараагүй байдалд цэг тавих хүчтэй гаруудыг хүсэж эхлэдэг. Тэр үед төрийн зүгээс гэмт хэрэгтэй тэмцэх явдлыг чангатгахын тулд цагдаагийн хүчинд илүү эрх дарх олгож эхлэдэг.  Цагдаа, цэргийнхэн гэмт хэрэгтнүүдтэйгээ тэмцэхийг оролдож байхдаа жирийн иргэдийн эрхэнд бага багаар халдсаар  яваандаа нөгөө талд буй гэмт хэрэгтнүүдээсээ ялгаагүй хүчирхийлэгчид болж хувирдаг. Ялангуяа энэ үзэгдэл цагдаагийн төвлөрсөн байгууллагатай орнуудад элбэг тохиолддог юм.
Цагдаагийн эрх мэдэлтнүүд ямар ч ял шийтгэлгүйгээр нийгэмд ноёрхож чадах бяр нь амтагдаад ирэхийн цагт тэд нэг л шөнө төрийн эргэлт хийх нь бий. Тийм төрийн эргэлтүүдийг хар хурандаа нарын эргэлт гэж нэрлэдэг юм. Энэ өгүүлсэн зураглалын жишээг латин америк, африк, ази тивүүдээс олноор нь олж болно. Ингэж “ардчилсан” зөвшилцлийн засаг авилгалын тусламжтайгаар фашизм болох нь бий. Энэ үзэгдлээс урьдчилан сэргийлэхийн тулд ихэнх орнуудад цагдааг орон нутгийн удирдлагын мэдэлд байлгадаг ба тийм цагдаагийн хүчнүүд төрийн эргэлт хийх хэмжээнд хүртлээ томорч чаддаггүй байна.

Цэрэг цагдаагийн эрхтнүүд төрийн эрхэнд гармагцаа ард олны дургуйцлийг өөр зүгт чиглүүлэхийн тулд улс орондоо шинэ дайсан бодож олдог. Арьсны үзэл, гадаадын түрэмгийлэлийн аюул, дотоодын дайснууд бол ихэнхдээ фашистууд засгийн эрхэнд гарсныхаа дараа бодож олдог зүйлс.  Хүчирхийлэгчид улс орныхоо эдийн засгийг нэг зүйлд тухайлбал дайн тулаанд бэлтгэх зэрэгт хүчээр чиглүүлдэг болон олон ажилгүйчүүдийг цэргийн албанд татаж зохион байгуулалтанд оруулж чаддагаас эхэндээ  улсын эдийн засаг нь өндийж эхлэдэг. Гэвч өсөлт удаан үргэлжилдэггүй. Ийм нийгэм баялаг бүтээхээсээ илүүтэйгээр байгаа баялагаа нэг гарт төвлөрүүлэн устгалд илгээдэг. Тэгээд дайн тулаан хийхээр оролдсоор мөхөлдөө ойртдог юм. Цагдаагийн хүчин төрийн эргэлт гаргадаггүй юмаа гэхэд авилгал гаарсан нийгэм нь  гэмт хэрэгтнүүдийн хяналтанд бараг бүрэн ордог билээ.  

Авилгал ба эдийн засаг

Дэлхий ертөнц дээр 20-р зууны эхэн хүртэл эдийн засагт төрийн зохицуулалт бараг байдаггүй шахуу байв. Өнгөрсөн зууны 20-30 оны эдийн засгийн хямралууд нь улс орнуудыг эдийн засгаа төрийн зохицуулалтанд хамруулахад хүргэсэн билээ.
Улс орнууд үндсэн 2 аргаар эдийн засгаа зохицуулах гэж оролдсон юм.
Нэг дэх нь нийгмийн баялагийг дахин хуваарилах зарчим буюу марксист үзэл санаагаар эдийн засгаа зохицуулах арга байсан.  Үүнийг ЗХУ тэргүүтэй улс орнууд ихээр авч хэрэглэсэн юм. Энэ бол улс төрчдөд хамгийн хялбар арга бөгөөд үүн дээр популизм хийхэд ч эвтэйхэн байдаг юм. Гэвч энэ арга төдий л үр дүнд хүрэхгүй байсаар 90-ээд онтой золгож дампуурсан билээ.

Нөгөө нэг арга нь төрөөс зах зээлийг хуваарилан зохицуулах арга юм. Энэ аргыг АНУ тэргүүтэй барууны орнууд хэрэглэсэн ба татварын бодлого, монополийн хязгаарлах бодлого, гадаад худалдааны зохицуулалт, дотоодын зах зээлийн хамгаалалт гэх зэрэг олон арга механизмуудыг өргөн хэрэглэж өнөөгийн үр дүнд хүрсэн байдаг. Өөрөөр хэлбэл зах зээлийг бүх нийтэд хүртээмжтэй болгох талаар төр нь шаргуу ажиллажээ. Үүний үр дүнд бизнесүүд нэмэгдэн, дунд анги сэргэж, ажилгүйдэл эрс буурч, зарим жилүүдэд эдийн засгийн нь өсөлт 200-300 хувьд (10-15 хувь биш шүү) хүрч байсан гэдэг. Нэгэнт зах зээл нь бүх нийтэд хүртээмжтэй болоод ажилгүйдэл багасаж, хүмүүсийн худалдан авах чадвар нэмэгдээд ирмэгц төр нь идэвхтэй зохицуулалтын зарим арга хэмжээгээ зогсоож, өөрөөр хэлбэл эдийн засгийг төрийн зохицуулалтаас чөлөөлж зах зээлийн өөрийн зохицуулалтанд нь шилжүүлж эхлэсэн байдаг. Үүний жишээ нь АНУ конгресс 70-аад оны сүүлчээр  Airline Deregulation Act (Агаарын тээврийг зохицуулалтаас чөлөөлөх хууль) гэх зэрэг зохицуулалтаас чөлөөлөх тухай эрх зүйн актуудыг гаргаж эхлэсэн явдал юм. Үр дүнд нь нэгэнт хөгжиж эхлэсэн зах зээл нь улам өсөн томорсон байдаг.   Энэ бол төрийн зохицуулалтаас чөлөөлөх төрийн зохицуулалтын сонгодог жишээ юм. Өөрөөр хэлбэл төрийн зохицуулалтаас чөлөөлөх нь өөрөө зохицуулалтын хэлбэр болдог гэсэн үг.

Хуучин коммунист дэглэмтэй байсан улсуудад авилгалыг цэцэглүүлж байгаа үндсэн шалтгаануудын нэг нь шилжилтийн эдийн засгийн бүтэц нь юм.  Эдийн засгийн бүтэц ямар байгаагаар нь авилгалын хөрс суурь хэр зэрэг их байгааг урьдчилан тооцчихож болох талтай.
Аливаа бизнесүүд дараах гурван төрлийн аль нэгэнд хамаарагддаг. Бизнесийн бүтээгдэхүүний урсгал 1) business to customer (B2C) буюу бизнесээс хэрэглэгч рүү , 2) business to business (B2B) буюу бизнесээс бизнес рүү, 3) business to government (B2G) буюу бизнесээс төр рүү гэсэн гурван янзын суваг үүсгэж болдог байна.

Ардчилсан шилжилт хийж буй олон оронд эхний хоёр төрлийн бизнес нь маш хязгаарлагдмал орчинд бойжиж байна. Учир нь эдгээр орнуудад хэрэглэгч буюу худалдан авагчдийн тоо хязгаарлагдмал, худалдан авах чадвар дорой байна. Тэгээд ч эхний 2 төрлийн бизнес зах зээлийн шударга зарчимд тулгуурладаг тул авилгалчдад орон зай байдаггүй. Манай орны хувьд л гэхэд эдийн засгийн бараг 80 хувь нь хувийн хэвшилд шилжсэн гэж байгаа боловч В2С, В2В-ийн эзлэх хувийн жин 20-аас давахгүй байгаа байж болзошгүй байна. Үүнийг нарийн судлах шаардлагатай юм. Үүнд Эрдэнэт үйлдвэртэй хийж буй бизнесийг төртэй хийж буй бизнес гэж үзэх нь зүйд нийцнэ. Нэгэнт бизнесээс хэрэглэгч рүү, бизнесээс хувийн бизнес рүү хийдэг суваг эдийн засагт давамгайлж чадахгүй байгаа тул шударга өрсөлдөөн нийгэмд давамгайлж чадахгүй байна. Харин төр болон төрийн оролцоотой байгууллагатай хийх бизнес Монголд хийгдэж буй бизнесийн ихэнхийг эзэлж, бизнесмэнүүдийг улс төр рүү хошуурахад хүргэж байгаа болно. Өөрөөр хэлбэл Монголын эдийн засаг төрийн хараат хэвээр байгаа гэсэн үг.

Эндээс л жинхэнэ авилгалын үүр уурхай эхлэж байгаа юм.  Шилжилт хийж буй орнуудад төрийн байгууллагуудын томилгоог хийхдээ төсөв захирах үйл ажиллагаатай шууд холбон ойлгодог болоод удаж байгаа. Тухайн төрийн болон төсвийн байгууллагын vision, mission ерөнхийдөө ямар ч падгүй. Хамгийн гол нь төсөв захиран зарцуулах эрхийг өөрийн хүнд өгөх тухай л асуудал. Төсөв захирах эрх авсан этгээдүүд “өөрийн” ашиг сонирхлыг хангах этгээдэд улсад ашиггүй нөхцөлөөр ч болов бизнес гаргаж өгөх нь томилгооны гол зорилго болоод байна. Энэ нь худалдагч, худалдан авагч хоёр нэг хүн болсноос ялгаагүй хэрэг юм. Харин төлбөр хийж байгаа мөнгө нь бусдын хармаанаас гарна гэсэн үг. Бусад гэдгийг татвар төлөгчид гэж ойлгох хэрэгтэй.

Засгийн газартай хийх ард түмэнд ашиггүй бизнесээ дэмжихийн тулд эрх баригчид улсын төсвийг нэмж эхлэдэг. Төсвөө нэмэхдээ эрүүл мэндийг дэмжих, боловсролыг сайхжруулах, ядуурлыг бууруулах гэсэн гоё гоё шошго зүүдэг юм шүү.  Төсвөө баталсныхаа дараа нь тэд төсвийн мөнгө ихээр хуваарилагдсан салбаруудаасаа мөнгөө сааж эхлэдэг. Аравхан жилийн өмнө 200 гаруй сая долларын төсөвтэй байсан Монгол улс өдгөө тэрбум хол давсан төсөвтэй болсонд баяр хүргэх нь ч хаашаа юмб дээ.

Гэвч хүний(даргын) шунал  хязгааргүй хойно улсын төсвөө элдэв шалтаг тоочин улам л нэмсээр байдаг. Улам өсөн нэмэгдэж буй төсөвтөө шинэ эх үүсвэр олохын тулд эрх баригчид татварын дарамтыг нэмж гаалийн тогтолцоог чангатгадаг. Үр дүнд нь гадаад худалдаа хумигдаж эдийн засгийн эргэлт зогсонги байдалд хүрдэг юм.  Авилгалын аргаар арай гэж өндийсөн бизнесүүд ч хүртэл энэ үед хүнд цохилтонд ордог.

Эрх баригчид улсынхаа эдийн засгийг туйлдуулж дуусаад гадаадын зээл тусламжийг даллаж эхлэдэг.  Гадаад өр ч талийж өгдөг. Улсын сан хөмрөг эцэст нь гадаадын зээлийн барьцаанд урсан гардаг юм. Үр дүнд нь үндэсний мөнгөний ханш эрс унадаг билээ.   Мөнгөний ханшны хяналттай уналт нь дотоодын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний өөрийн өртөгийг бууруулж, гадаадад өрсөлдөх чадварыг нь нэмэгдүүлдэг сайн талтай боловч дотоодын үйлдвэрлэл гээд байх юмаар дульхан бөгөөд гадаад худалдаандаа хязгаар саад ихтэй байдаг шилжилтийн орнуудын хувьд бол эдийн засгийг нь илүү уналтанд оруулахаас хэтэрдэггүй. 

Ер бол авилгалчид бэлэн мөнгөнд дуртай байдаг юм. Бэлэн мөнгө нь хууль бус орлогыг нуун дарагдуулах хамгийн сайн хэрэгслэл болдог тул авилгалд идэгдсэн төр засаг банкны реформ хийх, бэлэн бус гүйлгээний аргууд нэвтрүүлэх зэргийг идэвхтэй дэмждэггүй. Банкийг эрүүлжүүлэхийг санаархагчдыг авилгалчид дор нь нухчин дардаг билээ.  Эдийн засагт татварын дарамт өсөж бэлэн мөнгөний масс нэмэгдэх нь зарим төрлийн санхүү, бизнесийн байгууллагыг гадаадаас бохир буюу хууль бус бизнесийн орлогоос санхүүжин үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхэд хүргэж олон улсын хэмжээний гэмт хэргийн сүлжээний хэсэг болоход хүргэдэг. Үүнийг бохир мөнгө угаах гэж нэрлэх нь бий  
Бэлэн мөнгө нийгэмд ихсээд ирмэгц ард түмэн түүнийгээ бизнест оруулж эргэлдүүлэхийг хүсдэг. Гэвч авилгалчид бизнесийн бүх зах зээлийг нэгэнт эзэлсэн байх тул мөнгөө өсгөх, үгүйдээ үнэгүйдүүлэхгүй байх эцсийн арга нь санхүүгийн пирамидууд болж харагдаж эхэлдэг юм.  90-д онд Орост ч тийм байсан одоо Монголд ч тийм л байна.

Авилгал  ба улс төр

Олон оронд авилгалчдын бүхэл бүтэн давхрага буй болсон нь ажиглагддаг. Хамгийн доод талд жижиг гарын байцаагч түшмэлүүд буюу жижиг дунд бизнесийг шаналгаж авилгалаа бэлнээр авч амьдрагсад. Дунд хэсэгт нь янз бүрийн тендер шалгаруулагсад буюу төрийн мөнгөөр захиалга хийх эрхээр хангагдсан төсөв захирагчид, элдэв зөвшөөрөл олгох эрх бүхий дарга нар байдаг. Дээд хэсэгт нь дунд доод шатны авилгалчдыг зохих газар нь байршуулах үүрэг хүлээсэн эрх мэдэлтнүүд байна.  Томчууд нь авилгал авах эрх мэдлийг ирээдүйн авилгалчдад зарж амьдарцгаадаг. Зарим тохиолдолд нэг авилгалчийн суудлыг өөр авилгалчид зарснаас хуучин авилгалчийг хамгаалан үлдээхээр ажиллах нь илүү ажиллагаа багатай бөгөөд унац ихтэй бизнес болох нь ч бий. Учир нь нэгэнт байр сууриа олсон төсөв захирах эрх мэдэл бүхий авилгалчид улсын мөнгөөр эрх мэдлээ хадгалан үлдэх боломж худалдан авах нь элбэг тохиолддог юм.

Төрийн эрх мэдлийн төлөө үхэн хатан зүтгэгчидийн ихэнхийнх нь зорилго ердөө л эрх мэдлийн энэхүү наймаа арилжаа буюу.

Төрийн томилгоо бизнес болон хувирснаас бүх шатны менежментэд хүний хүчин зүйлээс шалтгаалсан доголдлууд үүсэж үндэсний чадамж нийтээрээ буурч, өрсөлдөх чадвар нь доройтдог. Төр нь ажил хийх чадваргүй шимэгчдийн орогнох орон, хоргодох байр болж хувирдаг. Чадварлаг, шударга хүмүүс төрийн албанаас шахагдаж эхлэдэг юм. Төрийн албаны томилгоо хийх гол эрх мэдэл гүйцэтгэх засаглалын оройд байгаа хүмүүст илүү хамаардаг нь засаглалын бусад институцээс гүйцэтгэх засаглал руу хошуурах гол шалтгаан нь болж өгдөг юм. Тэднийг томилгоонд оролцох эрх мэдлийн төлөө хошуурч байна гэж ойлгож болно. Төрийн албаны томилгоо нь улс төрийн сөргөлдөөний гол сэдэв болоод ирэх  нь  засгийн удирдлагын дээд түвшинд авилгал баттай тархсаныг таних гол шинж тэмдэг нь болдог. 

Дээд шатны эрх мэдэлтнүүд доод дунд шатны хүмүүсээ томилохдоо ажлын үр бүтээл, ур чадварыг нь бараг хардаггүй. Зүгээр нь энэ нөхрөөр дамжуулж ямар бизнес хийж болох вэ гэдгийг нь гол шалгуураа болгон харж эхлэдэг. Тэгээд томилж аваад тэднийг дээрээс нь дарамтлан янз бүрийн зүйл шахаж эхлэдэг юм. Энэ нь бараа бүтээгдхүүн нийлүүлэх, хүн ажилд авахыг шахах, албаны дотоод хэрэгт нь хувийн ашиг сонирхлын үүднээс хөндлөнгөөс оролцох, янз бүрийн том жижиг тендерүүдийн дүнг хууль бусаар   будлиулах гээд маш олон янз байдаг. Тэгээд тэндээс гарах хууль бус ашгийг нь хуу хамж орхидог. Дээд шатны авилгалчид хэзээ ч бизнесийнхэнтэй харьцаж авилгал авдаггүй. Харин бизнест нь өөрийн гэсэн хувьтай болж авдаг. Тэдэнд хувь ноогдол амлахгүйгээр ямар ч том бизнес урагшладаггүйгээс улс орны эдийн засгийн өсөлт удааширдаг. Зарим тохиолдолд дээд шатны эрх мэдэлтнүүд нийтийн бөгөөд хэний ч биш өмч болох байгалийн баялагийг өмчлөлдөө хүч түрэн авч лус атаархмаар баян болж хувирах нь бий. Байгалийн баялагийг эрх мэдлээрээ дамжуулан хувьдаа авсаар дэлхий хэмжээний баян болсон улс төрчид  хуучин коммунист дэглэмтэй байсан улсуудад олон болжээ. Гэвч тэд эрх мэдлийн өндөрлөгт мөнхөд байхгүй гэдгээ зөн совингоороо мэдэрч байдаг учираас эрхэндээ оруулсан байгалийн баялагийг хайр найргүй хямд өртөгтэй буруу технологоор олборлон байгаль экологийг сүйтгэж орхидог ба үүнээс олсон их мөнгөө өндөр хөгжилтэй орнуудын хууль ёсны бизнест оруулж эхлэдэг. Дүнд нь байгалийн баялагийн жинх‎‎энэ эзэд нь болох ард түмэн хоосон хоцорцгоодог.

Дээд шатны авилгалчдын шууд нөлөөлөл хууль сахиулах байгуулагууд руу ороод ирэх үед нийгэмд шударга ёсны үнэлэмж устан замхардаг нь хамгийн аюултай үзэгдэл юм. Энэ үед хууль бус бүхэн жирийн үзэгдэл болон хувирч эхлэдэг.  Доод дунд шатны авилгалчид дээд шатны авилгалчдаасаа албан тушаалаас өөр юу ч олж долоогоогүй тул тэднийхээ нүдийг хариулж байгаад жижиг дунд хэмжээний авилгалыг гааруулж өгдөг.

Дээд шатны авилгалч болох үндсэн арга зам нь улс төрийн карьер юм.  
Авилгалжсан нийгэм дэх улс төрийн карьер дараахь үндсэн хоёр аргаар явагддаг.  Нэгдүгээрт  популизм - эрх мэдэл - мөнгө - илүү эрх мэдэл - үндэсний баялаг - хязгааргүй эрх мэдэл гэсэн гинжин хэлхээгээр дамжих; хоёрдугаарт мөнгө - эрх мэдэл - илүү мөнгө - илүү эрх мэдэл - үндэсний баялаг - хязгааргүй эрх мэдэл гэсэн дараалалыг туулах.

Эхнийх нь хоосон халаастай зальтнуудын улс төрд орж ирдэг арга зам байхад дараагийнх нь халаасандаа юмтай болсон хагас бизнесменүүдийн улс төрд орох арга болдог. Улс төрд хөл тавих арга нь өөр болохоос цаашдын замнал нь яг ижилхэн байдаг юм. Өөрөөр хэлбэл авилгалын замыг сонгосон бүх хүн хязгааргүй эрх мэдэл рүү тэмүүлцгээж байдаг. Хүй нэгдийн үед байсан тэр хязгааргүй эрх мэдэл рүүгээ.

Улс төрийн хүчний удирдагч аливаа хүнийг улс төрийн өндөрлөгт хүрэх үү үгүй юу гэдгийг шийддэг гол хүн болж байдаг юм. Жишээ нь нялх ардчилалтай орнуудад намын даргынхаа зөвшөөрөлгүйгээр хэн ч төрийн эрх барих байгууллагад сонгогдохоор нэр дэвшдэггүй, хэн ч дарга болдоггүй. Хэн ч улс төрийн албанд томилогддоггүй. Олон оронд энэ байдал улс төрийн албан тушаалаас хэдийнээ хальж төрийн жинхэнэ албан хаагчид, төрийн мэдлийн аж ахуйнуудын бүх түвшинд хүрч эхлэжээ. Төрийн эрх авах магадлалтай улс төрийн хүчний удирдагч болно гэдэг нь хэмжээлшгүй эрхэт хаан болсноос бараг өөрцгүй хувь заяа болж ирдэг. Иймээс улс төрийн хүчнүүдийн дотоодод удирдагчийн суудлыг ил далдаар байнга булаацалдаж байдаг юм. Ингэж улс төрийн хүчнүүдийн дотоод ардчилал нь хуйвалдаан, хор найруулалтаар солигддог.

Улс төрийн эрхэнд хүрэгсэд, тэдний тойрон хүрээлэгчид нь нийгэмд үй олноороо өт мэт язагналдаж байгаа авилгалын бялуунаас горьдогчдод горьдлого төрүүлэн дагуулах замаар улс төрөө хийж эхлэдэг.  Ихэнх улс төрчид өнгөндөө үзэл суртал, хөгжил дэвшил, шударга ёс гэж ярих боловч үндсэн хийдэг улс төр нь горьдогчдыг худал үгээр даллан дагуулах явдал байдаг юм. Ийм л аргаар улс төрчид араасаа үй олон дагуул, дэмжигч, тэтгэгчтэй болж чаддаг. Ядуурлын нийгэмд үүнээс өөрөөр улс төр хийх ч боломжгүй шахуу байдаг нь даанч харамсалтай .
Дагуул дэмжигчгүй ганцаардсан улс төрчид байх боловч тэд албан тушаал амлагчдын хажууд үнэхээр жулдаж, улс төрөөс шахагдаж эхлэдэг. Зарим нэг нь авилгалтай тэмцэж буй засгийг жинхэнэ авилгалчидтай нийлж хөмрөөд орыг нь авч авилгал авах боломж олохоор хамцуй шамлан дайрдаг. 

Гэнэт авилгал хавтгайрсаныг нийтээрээ мэдрээд ядуус нь хилэгнэж эхэлмэгц улс төрчид “авилгалын эсрэг тэмцэх”-ээр нэг нэгнээсээ өрсөн шоудаж эхлэдэг. Зарим  “цэвэр ариун” гэдгээ өрсөн зарлаж “хам хэрэгнүүдээсээ” тусгаарлаж эхлэдэг.  Бүр нам шинээр байгуулж туйлшрах нь ч бий. Гэвч тийм улс төрийн хүчинд хүмүүс сайн итгэж өгдөггүй учир төрийн эрх барих байгууллагад олон суудал авах нь битгий хэл тэр суудлуудад зүтгүүлэх кадрууд ч тэдэнд дутдаг.

Хэвлэл мэдээлэл хумигдаад, авилгал гаараад ирмэгц үүн дээр эрх мэдэлд хүрэх шинэ боломж хайгчид тоглож эхлэдэг. Тэд эрх чөлөөний төлөө болон авилгалын эсрэг тэмцэхийг уриалдаг. Ер нь ихэнх хувьсгалууд авилгалтай тэмцэх нэрийдлээр гарч ирсэн байдаг юм. Францын хувьсгал, Октябрийн хувьсгал, Кубын хувьсгал бүгд авилгалчдын эсрэг хувьсгал байсан юм шүү. Гэвч тэр хувьсгалчид ялалтанд хүрмэгцээ ихэнхдээ өмнөхөөсөө долоон дор болох нь бий. Учир нь тэд хувьсгалын дараа нийгмийн баялагийг хуваарилах марксист зарчим руу хальтирцгаадаг. Энэ хальтрах шалтгаан нь тэдний хувьсгалаа хийхдээ гаргаж тавьсан популист зорилттой холбоотой байдаг билээ. Эцэст нь авилгалтай тэмцэх тэмцэл мухалдалд хүрдэг.

Авилгал ба хувьчлал

Зах зээлийн тогтолцоонд шилжиж буй улс орнуудад улс төрийн эрх булаалдах хамгийн цаад зорилго нь нийгмийн баялагийг өрсөн хувьчилж авахад  л оршдог.  Ад үзэгдсэн өмнөх нийгэм нь асар их, хэний ч өмчийн биш баялагийг үлдээгээд нурж унасан нь авилгалчдын хамгийн гол завшаан болж хувирдаг. Газрыг тариачдад, малыг малчдад, машиныг жолоочид, завийг загасчинд, краныг барилгачинд, байрыг амьдрагчид нь тараан хувьчилж нийгмийн халуурлыг дарж авсаныхаа дараа, ард түмэнд хүртээн тараахад түвэгтэй үйлдвэрийн газрууд, бизнесүүдийг хувьчилж эхэлдэг. Ингэж хувьчлахдаа хоёр арга ашигладаг. Нэгд дуудлагаар хямдхан худалдан зардаг бөгөөд энэ тохиолдолд бусдын л адил мөнгөгүй байсан шинэ эзэн нь улсын банкнаас их хэмжээний зээл авч өмчийг худалдан авдаг. Энэ өрнөөсөө тэд инфляцыг зохиомлоор хөөрөгдөж, банкуудаа хүчээр дампууруулах замаар салдаг ба үр дүнд нь банкны тогтолцоо нуран унаж ард түмний амьжиргаа хүнд цохилтонд ордог. Хоёрт аж ахуйн нэгжүүдийг хувьцаат компани болгон зарлаж хувь ноогдлыг ард түмнээрээ хуваан хүртэх компанит ажил өрнүүлэн хувьцаагаар солих ваучир тарааж эхэлдэг. Ард түмний мэдэлд энэ ваучираар дамжин олон жижиг бизнес шилжин очдог ч жинхэнэ сор болсон том байгууламжууд нь цөөн хүний гарт хууль бусаар илүү хэвлэсэн ваучираар дамжин нэг л мэдэхэд шилжсэн байдаг.

Хувьчлал буруу аргаар орсныг ард түмэн мэдрэн хэл ам гаргаж эхлэх үед хувьчлалын очерт зогсож байсан өмчүүдийн хувьчлалыг эх оронч шоу маягаар зогсоодог. Гэвч хувьчлан авах санаархлуудаа орхидоггүйгээр барахгүй улс төрийн бүх маневраа энэ зорилго руу чиглүүлдэг. Ингэхдээ төрийн өмчийн эдгээр аж ахуйд олон жилээр хөрөнгө оруулахгүй сульдааж, удирдлагыг нь байнга солих замаар хөгжлийн алсын хараагүй болгодог. Үр дүнд нь ихэнх төрийн өмч гундан доройтдог. Гадаад руу хандсан бүтээгдхүүн нийлүүлдэг цөөн хэд нь тэсэж үлдэх боловч ашиг биш алдагдлын үйлдвэр болон хувирдаг. Авилгалчид өөрсдөө ийм нөхцлийг санаатайгаар үүсгэж аваад төр хамгийн муу менежер болох тухай үлгэр зохиож түүгээрээ хувьчлан авахаар санаархаж буй аж ахуйн нэгжүүдийг цоллон миалж эхэлдэг. Ард түмэн ч түүнд нь итгэж хурдан ямар ч үнээр хамаагүй хурдхан шиг хувьчлахыг шаарддаг. Хөрөнгө оруулалтгүй удсанаас сульдаж, удирдлагын хямралд байнга өртсөнөөс өрсөлдөх чадваргүй болсон улсын өмчүүдын үнэ асар хурдан унадаг. Өмчийг өөд нь татаж хөрөнгөжүүлэх гэсэн ямар ч удирдлагыг авилгалчид нам дарж ад үзэн халж орхидог. Энэ бүхний эцэст эзэнгүйдэж, гундсан өмчин дээр авилгачид нэг л өдөр учир битүүлгээр эзэн сууж хашаагаа хатган, тугаа мандуулж, нэрээ сийлж орхидог юм.

Хувьчлах өмч дуусах тийш хандмагц тэд хөгжил дэвшлийн шошготой шинэ бүтээн босголт бодож олон төрийн мөнгөөр үйлдвэр завод барьж аваад мөн л хямраан сульдаасаар атгандаа оруулж авцгаадаг.

Харин байгалийн баялагийг хувьчлахдаа авилгалчид огт ёсрохдоггүй. Шууд л эрх мэдлээрээ хүч түрэн авч дэлхийд данстай баячууд болох замаа нээцгээдэг.

Хувьчлал дахь авилгал нийгмийг улам хуваагдуулж нам болон талцах, бие биеээ үзэн ядах уур амьсгал руу хөтөлдөгөөс чөлөөт сонгуулиуд дампууран утгагүй болж, популизм алиагаа алдан, гадаадын хөрөнгө оруулалт үргэж, үндэсний зээлжих зэрэглэл олон улсын тавцанд байнга унаж эхэлдэг.

Авилгалчид байнга нийтийн өмчийг хумслах, олны хөрөнгөн дээр дураараа туйлах эрх мэдлээ нам, хөдөлгөөнд нөлөөлөлөө тогтоон эдгээр нам хөдөлгөөнийг албан бусаар хувьчлан мэдэлдээ авах замаар гүйцэлдүүлдэг. Улс төрийн нам хөдөлгөөнд аливаа нэг хүний ноёрхол тогтоод ирэхийн цагт авторитар дэглэм рүү ардчилал хүссэн хүсээгүй гулсан орж авилгалын тойрог битүүрдэг.

Авилгалын орчинд дахь бүрэн бие даасан шүүхийн хэрэгцээ

Авилгалтай тэмцэхэд шударга шүүхийн зөв тогтолцоог буй болгох нь маш чухал байдаг. Эрх зүйн ямар системийг хөгжиж буй болон үүсэж буй улс орнууд авч хэрэглэхээр шийдэх нь эрх зүй системийн шилжилтийн үед авилгал хээл хахууль, нийгмийн шударга бус бусад үзэгдэлтэй тэмцэхэд тун чухал үүрэг рольтой юм.
Тухайлбал Европын ихэнх улс орнууд Роман-Германы эрх зүйн тогтолцоо буюу хуулийг дээдлэх зарчимд тулгуурлан эрх зүйгээ хөтлөн явуулдаг. Европын ихэнх улсууд маш эртний түүх уламжлалтай бөгөөд ихэнх хууль, түүнийг даган гарах журмууд нь хэдэн мянга, зуун жилийн туршид боловсрогдон гарч мөрдөгдөн хөгжиж иржээ. Иймд өнөөгийн европчуудад тэдгээр хууль дүрмээ ягштал биелүүлэх л үлдсэн ба түүнийг илүү боловсронгуй болгох шаардлага бараг гардаггүй байна. Мөн Европт дундад зууны үед асар хүчтэй нөлөөлөлтэй байсан шашны шүүхийн шийдвэрийг тодорхой хүрээнд хязгаарлах шаардлагын үүднээс л шүүх зөвхөн хуулийг дагах эрх зүйн системийг хожим нь сонгосон гэж үзэж байна. 

Гэтэл харьцангуй хожуу үүссэн улсууд болох АНУ, Канад, Австрали, Шинэ зеланд болон Их британийн колоничлол, нөлөөлөлд байсан бусад улс орнуудад англи-саксоны эрх зүйн системийг даган мөрдөж байна. Энэ нь шүүхийн прецидентээр дутуу байгаа эрх зүйн хийдэлийг нөхөх маягаар ажилладаг эрх зүйн систем юм.  Шүүхийн шийдвэр хуулийн хүчинтэй эрх зүйн акт болох энэ зарчим нь шүүгчдийг хуулийн цоорхой дээр тоглон авилгалд өртөх боломж олгодоггүй. Учир нь шүүгчийн эхлэн гаргасан шийдвэр нь тухайн шийдсэн хэрэгтэй адил хэргийг хойшид  шийдвэрлэх загвар, жишиг болдог тул шүүхийн шийдвэр бүр нь бие даасан бөгөөд үнэн шударга байхыг шаарддаг байна. Мөн ижил төстэй хэргийг дараа нь шийдвэрлэх шүүгчид ч өмнөхөөсөө өөр шийдвэр гаргахад хүндрэлтэй болж ирдэг.

Англи-саксоны эрх зүйн зарчмын дагуу гарч байгаа шүүхийн шийдвэр нь эрүүл оюун ухаанаар шүүх зарчим байдаг тул аливаа хэргийг хуульд заасан үйлдэлийн илрэлээр бус учруулсан хор хохирол, тэгш хандах зарчмын үүднээс шүүх бололцоог олгодог. 
Английн эрх зүйн тогтолцоонд эрүүл оюун ухааныг заавал биелэгдэх шинжтэй эрх зүйн механизмын хэсэг болгож чаддаг учраас л олон улсын шинжтэй гэрээ хэлэлцээрүүдийн маргаантай асуудлуудыг чухамхүү уг шүүхээр шүүлгэхээр тохиролцох нь олонтаа байдаг билээ. Ийм тогтолцооны шүүгч бүр хожмын өдөр шударга бусын жишиг болон хууль зүйн сурах бичигт тэмдэглэгдэхгүйн тулд шударга байхыг туйлаас хичээх нь гарцаагүй болж ирдэг.

Өөрийн оюун ухаанаараа шийдвэр гаргах эрхээр хангагдсан шүүгчийн эдийн засгийн хараат бус байдлыг төр нийгмээс нь хангаж өгөх нь бас чухал. Үүний тулд л зээлийн тогтолцоонд эдийн засгийг аль болох түргэн шилжүүлэх шаардлагатай.

Авилгалтай хийх тэмцэл буюу дүгнэлт

Авилгал нь нийгэмд газар авч өргөжсөн үед түүнийг хөндлөнгөөс нь засаж залруулах ямар ч боломжгүй байдаг. Учир нь түүнийг засаж залруулах ёстой засаглалын төлөөлөл нь өөрөө авилгалын харилцааны субъектийн нэг болчихсон байдаг юм.
Авилгалтай тэмцэх хөндлөнгийн байгууллага, хүчний бүтцүүд нь авилгалыг нууц байдалд оруулахаас өөр онцын нөлөөлөлгүй байдаг. Авилгалтай тэмцэхийн тулд улс орны эрх зүйн эдийн засгийн салбарт огцом шинэчлэлтүүдийг хийх хэрэгтэй гэж үзэж байна.

Хамгийн хачирхалтай нь авилгалыг зөвхөн авилгалчид л устгаж чадна гэвэл та нар итгэх үү. Үнэхээр чадна гэж батлахад ч бэлэн байна. Гэхдээ үнэн сэтгэлээсээ үр хүүхэддээ хайртай тийм “авилгалчид”. Тэд хүүхдүүдийнхээ ирээдүйг хар дарсан зүүд болгон хувиргахгүйн тулд бас юу ч хийж чадах хүмүүс. Тэд хүүхдүүдийнхээ ирээдүйг баллах тийм цэвдэг сэтгэлтнүүд бас биш юм. Авилгалчид үр хүүхдийнхээ төлөө авилгалыг устгахын тулд ядаж нэг ажил бүтээхдээ авилгал өгөхийг оролдохгүй, бас ядаж нэг зөвшөөрөл өгөхдөө авилгал авахыг санаархахгүй байж чадаж эхлэх нь хамгийн чухал юм.

Мөн авилгалыг шинэ өсөн бойжиж буй шинэ үеийнхэн үгүй хийж чадна. Үүний тулд тэд авилгалын тухай аль болох эрт мэдэж түүнээс зайлсхийх ухамсар хүмүүжилтэй өсөж өндийх ёстой юм. Адаглаад л гэрийн даалгавараа бусдаас хуулалгүй өөрөө хийж сурах нь авилгалтай тэмцэж сурахад маш чухал. Энэ нь бусдыг хуурах, хууль бусыг ердийн хэм хэмжээ хэмээн ойлгож хүмүүжихээс урьдчилан сэргийлдэг.

Авилгал, ядуурлыг устгахад гадаадын улс орнууд бас тусалж чадна. Тэд буурай орнууд руу ядуурлыг бууруулах нэрээр мөнгө цутгаж, B2G-г улам гааруулахын оронд тэр мөнгөөрөө өөрийн орны шилдэг хууль, журмуудаас үлгэрлэсэн нийгэм эдийн засгийн шилжилт хийж байгаа орнуудад загвар болгон ашиглаж болохуйц хууль дүрэм боловсруулан авчирч өгөөд байвал тус нь тэр болно. Хамгийн гол нь захиргааны журмууд буюу Administrative Law гэж нэрлэгддэг тэр дүрэм журмууд хэрэгтэй байгаа юм. Олон оронд төрийн хүнд суртал, авилгалын үндэс нь захиргааны хууль дүрмүүд бараг байхгүй байгаад оршиж байна. Зөв хуульд дүрэм байхгүйгээс  эрх мэдэлтнүүд өөрсдийн дураар элдэв хүнд суртлын  бичигдээгүй журмуудыг бодон олж бусдыг санаатайгаар чирэгдүүлж авилгал өгөхөөс аргагүй байдалд тулгадаг, мөн хэтэрхий хялбар журмыг бодон олж авилгал авах аргаа далдуур хялбаршуулдаг юм.

Дэлхийн өндөр хөгжилтэй олон орны дүрэм журмууд хэтэрхий нуршуу, хэтэрхий дэлгэрэнгүй юм шиг санагдаж байвч түүнд авилгалтай тэмцэх хамгийн зөв арга механизм сууж өгсөн байдаг.  Жишээ нь Code of Federal Regulations хэмээх америкийн нийгмийн бараг бүх салаа мөчрийг зохицуулсан дүрэмнүүд нь нэг талаас төрийн хүнд суртлыг хэт баталгаажуулсан мэт боловч нөгөө талаас төрийн түшмэдийг өөрийн үзэмжээр асуудал шийдэх орон зайгүй болгож  ард олныг хүнд суртлаар дарамтлахаасаа илүүтэйгээр түшмэдийг заавал биелүүлэх процедурын дарамтанд оруулсан байдаг.  Хялбар энгийн дүрэм журам нь авилгал авах явдлыг улам хялбаршуулах аюултай байдаг юм байна.

Төрийн үйлчилгээ авахаар ирж байгаа иргэн, хуулийн этгээд нь төрийн албан хаагчийн хийх үйлдэл, гаргах шийдвэрийн тухай урьдчилан мэдэх бололцоог дэлгэрэнгүй бөгөөд нээлттэй дүрэм журмууд л олгодог. Ер нь бол авилгал өгөхийг санаархах сэдэл нь төрийн албанаас гаргах шийдвэрийг мэдэхгүйгээс үүдэлтэй байдаг юм. Үүнээс зайлсхийх арга нь гаргасан хууль дүрмүүдийг олон нийтийн хүртээл болгох ажлыг хамгийн хүртээмжтэй хувилбараар авч хэрэгжүүлэх явдал юм.

Энэ мэтийн туршлагыг хөгжиж буй орнууд авч нэвтрүүлэхгүйгээр зүгээр л авилгалчидтай тэмцэх хялбаршуулсан хууль гаргах, тэднийг шорон гяндангаар далайлгах маягаар хөдлөөд байвал энэ тэмцэл утгаа алдаж, бараг үр дүн өгөхгүй. Авилгал авдаг, өгдөг, зуучилдаг этгээдүүдтэй эрүүгийн хариуцлага тооцох аргаар тэмцэх нь тодорхой нэгэн хэргийг л шийдэх арга болохоос, нийгэмд өргөнөөр тархаж байгаа үзэгдэлтэй тэмцэх механизм болж чадахгүй юм.  

Учир нь авилгалчийг олж шийтгэлээ ч авилгалын зохицуулалтанд хамрагдаад байгаа нийгмийн харилцааг төрийн зохицуулалтанд хамруулж чадахгүй бол авилгал цаашдаа ч цэцэглэсээр л байх болно гэдэгт итгэлтэй байж болно.

Хууль дүрмүүдийг биелүүлэх өртөг түүнийг зөрчих өртөгөөс давж гарч байгаа тохиолдолд авилгал гарч ирсээр л байдаг. Тэхлээр хууль дүрмийг зөрчих нь түүнийг биелүүлэхээс үнэ ихтэй болгох ухаалаг механизмыг бий болгох хэрэгтэй байдаг юм.

Авилгалаас ангид нийгэм шударга тэгш бус байдал эсхүл шударга бус тэгш байдлын зарчимуудын аль нэгээр нь замнадаг юм. Харин авилгалын нийгэмд шударга бус тэгш бус байдал үүсдэг. Шударга бөгөөд тэгш байдал нь зөвхөн гарааны боломжийн тухай асуудал болохоос барианы зурхайд яагаад ч бүтэхгүй асуудал гэдэг нь тодорхой байдаг билээ. Барианы шударга бөгөөд тэгш байдал бол хүмүүст бурхнаас ч заяаж өгөөгүй утопи мөрөөдөл юм. Гэвч үүнийг улс төрийн олон онолчид мэдэхийн цаагуур мэдэж байвч  гарааны бус барианы тэгш байдлыг ард түмэнд тунхаглаж хувьсгал бослого гаргах нь олонтаа тохиолддог. Үр дүнд нь тэд шударга бус тэгш байдлын нийгэм эсхүл авилгалын нийгэм рүү ард олныг хөтөлдөг билээ.  
Эмх цэгцтэй эрх зүй бол төрийн машины тос нь мөн. Шатахуун нь зах зээлийн эрүүл эдийн засаг юм. Мөн авилгалыг устгах хамгийн найдвартай арга нь авилгалаас нийгэмд гүйцэтгээд буй зохицуулалтыг нь булаах явдал юм. Ингэж булаах багаж нь бол маш дэлгэрэнгүй, боловсронгуй эрх зүйн тогтолцоо билээ.

Авилгалын анатомийн бүтэц, ажиллах зарчим, түүнээс ангижрах арга ердөө л энэ буюу



ИРГЭНИЙ НИСЭХИЙН ТУХАЙ ХУУЛЬ /Шинэ/

Төсөл 2025.09.05 ИРГЭНИЙ НИСЭХИЙН ТУХАЙ ХУУЛЬ /Шинэ/ НЭГДҮГЭЭР БҮЛЭГ.  НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ 1 дүгээр зүйл. Хуулийн зорилго 1.1. Энэ хуулийн ...