Monday, June 27, 2016

Эрх ашгийн эрэмбэ

Ардчилалын удирдагч С.Зориг агсан бидэнд нэгэн нэн чухал зүйлийг захин үлдээсэн билээ. Энэ бол эрх ашигийн эрэмбийн тухай түүний үг. С.Зориг хэлэхдээ эхлээд Монгол улсаа, дараа нь ямар нэгэн юмаа, эцэст нь хувиа бодож шийдвэр гаргаж байхыг хичээгүйлэн захиад “би Монгол хүний саруул ухаанд итгэдэг” хэмээн тодотгосон билээ.

Нөгөөдөр бид сонголтоо хийх гэж байна. Энэ сонголт мэргэн байх болтугай.  Бид сонголтоо хийхдээ нэр дэвшигчдийг ямар дурангаар харж, ямар шалгуур тавьж байгаа вэ гэдгээ нэг эргэцүүлэн бодох хугацаа цагаар хэмжигдэж үлдлээ. Эргээд нэг харахад нэг их гүндүүгүй, мундаг аж ахуйч, хөдөөний хүнд учиргүй тусч, жинхэнэ Монгол төрхтэй, цаанаасаа дарга шинжтэй намбалаг эрхэм, тоглоомын талбай байгуулж өгсөн өглөг буяны элч, сайд болохоороо яамандаа ажилд оруулахаар амласан, тэндэр өгч ч магад, хүүхдийн сургалтын төлбөр хариуцна гэсэн гэх мэт аахар шаахар ахуйн шинжтэй шалтаг шалтгаанаар бидний олон сонгуулийн олон сонголт хийгдэж ирсэн байна.

Сонгуулийн дараа амьдрал үргэлжлэнэ. Хувь хүний амьдрал гэхээсээ илүү улс орны амьдрал үргэлжлэнэ. Гуравхан хоногийн өмнө Их Британи улс Европын холбооноос гарахаар болчихлоо. Цаашид энэ дэлхий дээр ямар үйл явдал ямар хурдцаар өрнөхийг зоригтой хэлчих шинжээч алга байна. Олон улсын харилцааны бүх зүйл маш тодорхойгүй байдалд орчихлоо. Гурав хоногийн дараа бид сонголтоороо энэ бүрхэг тодорхойгүй байдал дундуур Монгол улсаа залж явах багийг сонгоно. Олон улсын тавцан дээр олонхи цөөнхөөрөө хуваагдаж биш Монгол гэдэг нэг л баг гарч үзэлцэх ёстой байдаг. Гэтэл бид энэ багийг ямар тоглогчдоор бүрдүүлж байна вэ. Сайн бодох л асуудал. Магадгүй энэ багийн тоглогчдын ур чадвараас Монгол улс хожих хохирох нь шалтгаална.  

Эзэн Чингисээрээ бид бахархан омогшдог. Тиймээ тэр дэлхийн хүн байсан. Монголыг тэр л дэлхий Монгол болгосон. Хожим нь уруудан доройтох цагтаа Манжийн хааныг мад тавьсан То ван гэх мэт цэцдээ бид тойрон хүрээлж хүндэтгэн дээдэлж ирсэн байна.

Өнөөдөр бидний хийх сонголт зөвхөн 2016-2020 онд Монголын аж ахуйг хөтөлж, боловсон хүчнийг байршуулах төдий сонголт биш юмаа. Ирэх 4 жилийн турш өмнөхөөсөө хэд дахин эвгүйгээр бужигнаж магадгүй байгаа олон улсын давалгаан дундуур Монгол гэдэг завийг хөмрүүлчихэлгүй авч явах хөлгийн багийг бид сонгох гэж байна. 

Эрх ашгийн эрэмбийн тухай С.Зоригийн сургаалийг дагавал би эхний ээлжинд Монгол улсыг гадаад ертөнцөд төлөөлж чадах, эрх ашгийг маань хамгаалж чадах,  байр суурийг маань бэхжүүлж чадах эрхэмүүдийг сорчлон сонгох хүсэлтэй байгаагаа нуух юун. АН, МАН болон бусад бүх намд ийм шилдэг хүмүүс нь байна. С.Баярын олон улсын харилцааны салбарт ажиллаж байсан зангараг уул уурхайн томоохон төслүүдийг хөдөлгөсөнийг бид мартах ёсгүй. С.Баяр зөв тооцоолж Оюу Толгойн төслөөр Орос, Хятадын дунд гуравдагч хөршүүдийн эрх ашгийг шаантаг болгон авчирч зоогоогүй бол Монгол улсын тусгаар тогтнол 2 хөршөөсөө 100 хувь хамааралтай л үлдэх байлаа. Бидэнд 76 биш юмаа гэхэд 38 С.Баяр хэрэгтэй байна.

Хэн тэр 38-д орох боломжтой вэ. Та бүхний анзаараагүй, сонирхоочгүй байж байгаа олон хүмүүст тэр чанар бий. АН-с бол би шууд Лу.Болдыг онцолмоор байна. Баабар хэлэхдээ “Лу.Болдын үед гадаад харилцаа сайжирдаг” гэсэн билээ. Энэ бол олон зүйл дээр анзаарагддаг. Лу.Болд Монголыг дэлхий ертөнцөд боловсролтой, улсыг маань дорд үзэн харилцах боломжгүй болгон харагдуулж чаддаг эрдэм чадалтай Монгол.
Гадаад харилцаа зөвхөн гадаад яамны кадруудаар хязгаарлагдах ёсгүй юм. Монголын төрд байгаа бүхэн манай гадаад нүүр царай болдог. Аливаа улсын Соёлын сайд бол гадаад харилцааных нь маш чухал түлхүүр хүн нь юм. Миний эгч Оюунгэрэл гадаад харилцаа талдаа асар амжилттай ажилласан гэж би боддог. Монголоос урсан гарч байсан соёлын өвүүд, эртний олдворуудыг Монгол руу буцаан урсдаг болголоо. Өмнө нь аль ч соёлын сайд амжуулаагүй их ажлыг амжуулав. ЮНЕСКО-д бүртгүүлж чадахгүй мунгинаж байсан олон олон амин чухал бүртгэлийг хийлгэж дөнгөлөө. Дэлхий Монголоо таниулахад одоо ч хүчин зүтгэж явна.

МАН-д бас олон залуус байна. Д.Цогтбаатар жишээ нь Монголыг төлөөлж чадах хүмүүсийн нэг. Орос, Хятадтай учир зүйгээ ололцоод эвийг олж, Монголоо хавчуулан хяхуулахгүй байх сүүхээтэй олон хүн энэ намд байдаг. Өнөөдрийн Монгол улсын хоёр хөршийнхөө дунд хавчигдмал байдал, их гүрнүүдийн тулгалтуудыг нь хүлээн авахаас өөр аргагүй болдог доошоо орсон байдлыг тэгш, найрсаг харицаагаар солих шаардлага бидний нэн тэргүүний зорилт юм. Ялангуяа дэлхий асар том хуваагдал руу галт уулын лава шиг аажих гулсан орж байгаа өнөө цагт бүүр амин чухал асуудал болоод байна. Ялангуяа Орос улстай Цэдэнбал Брежневийн үе шиг тас тэврэлддэггүймаа гэхэд урьдын найрсаг дотно харилцаагаа яаралтай сэргээж авахгүйгээр ирэх он жилүүдэд болж магадгүй цочмог үйл явдлуудын дундуур Монгол улс хэвийн нэвтрэн гарах ямар ч боломжийг би хувьдаа олж харахгүй байна. 

Дэлхийтэй бизнес ярьчих, түүнийгээ зөв алдаагүй ярьчих олон олон залуус аль ч намд нь байна. Тэр залуусыг гаргаж ирвэл, дэмжиж боломж олговол Монгол дэлхийд гарна. Харин бизнесийн этикгүй, худлаа ярьж түншээ үргээн, Монголоо хажуугаар нь давхар хорлож явдаг эрхэмүүдийг бол энэ сонгуулиар сугалж үлдээсэн нь дээр юм.
Монгол дэлхийтэй харилцаж чадаж байж л тусгаар тогтнол гэдэг юм маань баталгаажна гэдгийг бүү март. Дэлхийтэй Хятад, Оросоор дамжуулж харьцдаг Өвөр, Буриад Монгол гээд бэлхэнээ жишээ цаана чинь байна. Иймээс бидэнд тусгаар улс байх маань л ноймор нэг зорилт шүү. Өөр эрхэм зорилт өнөө цагт байхгүй.


Та морио шинжихдээ хонинд явах, тугал эргүүлэхэд сайн морь гэж шинждэггүй. Айл хөршийнхөнтэйгөө уралдах, сум аймагтаа сойх, улсын наадамд түрүүлүүлэх гэж шинждэг. Та нэр дэвшигчдээ ч бас тэр шалгуураар шинжээрэй. Эд нарын хэн нь Монголыг дэлхийд гайгүй харагдуулан авч явж чадах вэ гэж. Энэ л бидний Монгол улсаа бодох эрх ашгийн эрэмбийн хамгийн дээд талд нь байх ёстой шалгуур нь юм.

1 comment:

  1. Сайн сэтгэж бичиж чадаж байна.

    ReplyDelete

Монголчууд эвтэй байхдаа хүчтэй vs. Ерөнхийлөгчийн хүмүүс

1911 оны 12-р сарын 29-ний өдөр Монголчууд ердөө гурав хоногийн дараа Бээжинд онхолдох өдрөө хүлээж байсан Манжаас тусгаарлан өөрийн төр улс...