Saturday, June 25, 2016

БАТ ИНЖЕНЕРИЙН ҮГ

Намайг Ардчилсан Намын гишүүн байжээж намаа шүүмжиллээ, МАН-д худалдагдлаа гэх маягтай жиргээ их болж. Би Ардчилалд хайртай. Гэхдээ энэ удаад бол байдал өөр байна. Шулуухан хэлье. Би зүгээр л З.Энхболд гэдэг дарангуйлагч Ерөнхий сайдтай болмооргүй байгаа юм. Бид АН-г ялуулбал Зи Ерөнхий Сайд болно. Зи Ерөнхий сайд болвол хувийн хэвшил дээрэмчдийн савраас мултарч чадахгүй. Учир нь Зи-гийн эргэн тойронд бусдын бизнесийг дээрэмдэхдээ, дарж унагаахдаа, улдан чангаахдаа гаршсан дээрэмчид бүүрлээд байж байна. Хувийн хэвшилд өндийх боломж өгөхгүй бол татварын орлого нэмэгдэхгүй, татварын орлого нэмэгдэхгүй бол цалин, тэтгэвэр тэтгэмж өсөхгүй. Хувийн хэвшил хумигдсан хэвээрээ байдал ажлын байр ч бас хумигдсаар байх болно. Хувийн хэвшлийн ажлын байр хумигдвал төрд байгаа хэдэн ажлын байрын төлөөх алаан улс орныг улс төржилтийн гүн хямрал руу хөтөлнө.
Зи Ерөнхий сайд болвол гадны хөрөнгө оруулалт орж ирэхгүй, харин ч бүүр Монголоос гарч зугатаах болно. Зи-гийн зөвлөх нь гадаадын хөрөнгө оруулагч дээрэмдэж байсан туршлагатай хүн. Үүнийг би биш Баабар хэлсэн. АН-ы олон олон бизнесмэн манай нам ялчих вий дээ гэж болгоомжилж байгаа нь нууц биш. Учир нь тэд бол прагматик хүмүүс. Бизнесээ хэдэн дураараа удирдагчидаас болж дампууруулахыг хэн ч хүсэхгүй нь мэдээж.
Зи Ерөнхий сайд болвол Монгол улс гадаад ертөнцөд тусгаарлагдаж ганцаардна. Учир нь хөрөнгө оруулагчид энэ хүнээс л айж байна, энэ хүнд үл итгэж байна. Харин Орос хятад 2 энэ хүнийг огт үл тоож байна.
АН-д ахиулан хийх ажил их байж болно. Ер нь аль ч намд амжуулахыг зорьсон их зорилт, их төлөвлөгөө байж л байдаг. Гэвч ямар ч ажил өөрийн зардалтай, хөрөнгө оруулалттай байхыг шаарддаг. АН хэлээд байгаа тэр ахиулан хийх ажлаа санхүүжүүлэх хөрөнгө хаанаас олох гээд байгаа нь тодорхой бус байна. Гэтэл манай нам уул уурхайгаа дараад унагаачихсан, хөрөнгө оруулагчдаа айлгаад зугатаалгачихсан, хувийн хэвшлээ боомилоод ухаан алдуулчихсан байж байдаг. АН-д ахиулан хийх ажлаа санхүүжүүлэх зээл өгөх банк одоо олдохгүй. Яг үнэндээ Портууны 2012 онд олж ирсэн Чингис Бонд бол өмнөх засгийн газруудын үед олон жилийн турш чимх чимхээр хураан хөеөлсөн зээлжих зэрэглэл буюу credit rаting –н том хаялага байсан юм. Гэтэл өнөөдөр Монголд хэн итгэж зээл өгөх юм бэ?  Өнөөдөр бидэнд зээл өгөх нормальный  банк санхүүгийн байгуулага хаана ч байхгүй.  Зээлжих зэрэглэл, бидэнд итгэх итгэлүүд Зи болон түүний нөхдийн уйгагүй оролдлогоор үгүй болсон. Одоо бидэнд нэг бол Хятадууд л зээл өгнө, үгүй бол бидний өрийг мөн л Хятадууд худалдаж авах ганцхан хувилбар үлдээсэн байгаа нь хэний гавъяа юмбээ эцсийн эцэст. Энэ бол тун осолтой хувилбар.

Би хувиа бодвол, бас намынхаа нөхдийн ажил амьдралыг бодвол АН-гаа дэмжээд, бурууд нүд аниад явж болж л байна. Гэвч С.Зоригийн бидэнд сануулан үлдээсэн эрх ашгийн эрэмбэ гэж нэг юм бийг би байнга санаж явдаг, та ч бас энэ эрэмбийг байнга санаж яваарай.



No comments:

Post a Comment

Монголчууд эвтэй байхдаа хүчтэй vs. Ерөнхийлөгчийн хүмүүс

1911 оны 12-р сарын 29-ний өдөр Монголчууд ердөө гурав хоногийн дараа Бээжинд онхолдох өдрөө хүлээж байсан Манжаас тусгаарлан өөрийн төр улс...