Сонгууль
ойртжээ. Нэр дэвшигчид ч тодорхой болсон байна. Сонгуультай холбоотойгоор ах
дүүс болсон агаарын тээвэрчид, анд нөхөддөө хандан хэлэх үг байна.
Би
нисэхэд 23 жил ажилласан. Миний ид залуу нас агаарын тээврийн алтан үеийнхний дунд,
асар их өөрчлөлт шинэчлэлийн цагт өнгөрсөн юм. Надад Бат Инженер нэрийг Ан-24-н
нисэгч “ногоон” хэмээх Д.Батнасан ах маань өгсөн. Олон Батнасан бий. Бид
нэгэнтэйгээ наргиантай дотно харьцаж, хов матаасаар ажлаа хийдэггүй сайхан үе
нисэхэд бас байсан юм шүү. Ачаалал ихтэй ажлын ард ажлынхантайгаа, андуудтайгаа наргин маазарч байж л гардаг
байсансан. Тэр үед цаг өөр байсан. Нисэхэд өөрчлөх шинэчлэх юм бүүр ч их
байсан. Бидэнд улс төржих зав ч байдаггүй байлаа. Бидэнд ажил хийх байтугай,
дарга хийх хүн ч асар дутмаг байсан үе зөндөө байсан. 90-д оны дундуур зарим
үед хүчээр шахуу албан тушаалд тавьдаг ч байсан тохиолдол байв. МИАТ-н 95 оны захирал,
НААХЗА-ы анхны дарга асан Х.Наранхүүг бол ерөнхийдөө хүчээр томилж халширмаар
олон ажил рүү орууж байсныг сайн санаж байна.
Сайдууд
нь сайд шиг тулхтай, хамт олон нь хамт олон шиг нягтралтай үеийн тухай би ярьж
байна. Гэвч энэ байдал 2008 оноос өөрчлөгдсөн. Тэр үеийг өнөөдрийн нисэхийн уур
амьсгалтай харьцуулаад нэг хар. Олон юм өөрчлөгдөж хамт олон уур бухимдалтай
болжээ. Энэ чигээрээ цааш явбал та бидний бие, нерв барахгүй, хөгжил дэвшил ч
хохирно. Ажлын ачаалал дээр улс төрийн дарамт нэмэгдэх нь хүсээд байх зүйл биш
юм билээ.
Бидний
ажил амьдрал салбарын төрийн бодлого тодорхойлогчдоос ихээхэн хамааралтайг би
анзаарсан. Салбарын бодлогыг сайд нь хэрхэн авч явна, салбар тийм л болдог.
Иймд та нар сонголтоо хийхдээ үүнийг давхар бодолцоорой гэж хүсье.
Агаарын
тээврийнхэн олон сайдын гар дамжжээ. Салбарт ээлтэй хэд хэдэн сайд байсан. Шулуухан
хэлэхэд 2008 оноос өмнөх сайдууд сайд шиг сайд байж салбарыг социализмаас нь
салгаж зах зээлийн тогтолцоо, шинэ техник технологи руу хөл тавиулсан ухаалаг
лидерүүд бодлоготонгууд байсан юм. Р.Сандалхаан сайдын хувьд зах зээлд шилжээд
мунгинаж байсан хэдий ч анхны Боинг 727
онгоц орж ирж, Азийн хөгжлийн банктай агаарын навигацыг шинэчлэх зээлийн гэрээ
батлагдан, нисэх буудлын терминалыг шинэчлэн, техник үйлчилгээний ангарын
барилга эхэлсэн түүхтэй. 90-д он тэр чигээрээ улс орны хувьд асар их өөрчлөлт
шинэчлэлтийн он жилүүд байсан. Г.Нямдаваа сайдын үед агаарын тээврийн эрх зүйн
шинэчлэлийн ажил жинхнээсээ эхэлсэн. Бидний залуус энэ ажилд өдөр шөнөгүй сууж
зүтгэсэний үр дүн жил өнжөөд болж байсан ослын буухиа тасарч авиакомпаниуд
manual, заавар, checklist-үүдтэй болж, 2010 онд ИКАО-гийн шалгалтанд өндөр
үнэлгээ авсан билээ. А310 ч Нямдаваагийн үед орж ирж, Нямдаваа хожим нь МИАТ-н захирал
болсоныхоо дараа санхүү, үйл ажиллагааны хүндрэл мухардлаас уг төслийг салгаж
байсан.
Г.Батхүү
сайдын хувьд Сандалхаан, Нямдаваа сайдуудын яаманд олон жил ажилласан, салбарын
бодлогын шийдлүүд дээр туршлагажсан залуу анх 98 онд сайд болж байсан юм.
Түүний хамт олныг нягтруулж чаддаг, нэг зорилгын төлөө дайчилж чаддаг чадварыг би
олон зүйл дээр харсан. Г.Батхүү бол 99 оны Иргэний нисэхийн хуулийн төслийн
ажлын хэсгийн ахлагч байлаа. Бид хоёр УИХ-н чуулганы танхимын үүдний өрөөнд
нисэхийн хуулийг очерь дайруулан хэлэлцүүлэх арга сэдсэнийхээ төлөө Дамиран
сайдад (ТНБД, УИХ гишүүн агсан) хамтдаа загнуулаад зогсож байснаа дурсахад
сайхан. Дамиран сайд ч (Бид түүнийг ингэж хүндэтгэн дууддаг байв.) бас л туршлагатай
зангарагтай хүн байлаа. С.Зориг сайд ч, Г.Батхүү сайд ч түүнийг солиогүйд би
талархаж явдаг. Г.Батхүүг сайд үед агаарын харилцааны бодлого ихээхэн
урагшилсан юм. Агаарын харилцааны хэлэлцээрүүдээр олон улсын зах зээлийг нээж
авахгүйгээр агаарын тээврийн хөгжлийг ярих боломжгүйг тэр хамгийн ихээр ойлгож
дэмжиж байсан хэрэг.
Г.Батхүүд
нэг маш чухал чанар бий. Тэр нисэхийнхнийг сайн ойлгодог, нисэхийн хэлээр
нисэхийнхэнтэй ярьж чаддаг, салбарын шилдэг мэргэжилтнүүдийг таньж дэмжиж
чаддаг цөөхөн улс төрчийн нэг. Иймдээ ч 2 удаа салбарын сайдаар ажилласан. Нисэхийн
олон гавъяат, олон алдартан Батхүүгээр ажил үйлсээ тодорхойлуулж төрийн өндөр шагналд хүрсэн байдаг. 2004-2006
онд сайдаар ажиллахдаа Нислэгийн Аюулгүй Ажиллагааны Хяналт Зохицуулалтын Алба
(НААХЗА)-г бие даалгаж тусад нь ажиллуулах асуудлыг шийдсэнээр нислэгийн
аюулгүй ажиллагааны хяналт, гэрчилгээжүүлэлтийн ажил бие даасан байдлаа
бэхжүүлж авах том боломж гарсан юм. Бид
олон улсын жишиг рүү том алхсан.
Б.
Жигжид, Ц.Цэнгэл сайдуудын тухай ч сайнаар дурсан явахыг би хүсдэг. Тэд
тулхтай, салбарын ньюанс ойлгодог, ойлгохыг хүсдэг, мэргэжилтнүүдийн үгийг
сонсдог тийм хүмүүс байсан.
ИНЕГ
дээр иргэний нисэхийн 2 дахь хуулийн төслийг бид 9 сар суун боловсруулаад яамд,
Засгийн газраар оруулан УИХ-д өргөн барихад бэлэн болгоод байна. Энэ хууль
батлагдвал нисэхийн хөгжил бас нэг шинэ шатандаа гарах болно. Зохицуулагч,
агаарын тээврийн дэд бүтцийн үйлчилгээ үзүүлэгч тусдаа салж, general aviation
буюу хөнгөн агаарын хөлгийн нислэгт маш өргөн боломж нээгдэнэ. Энэ бол олон
олон залуу хүмүүсийн нисэх мөрөөдөл биелэхэд ойр, амар хялбар болно гэсэн үг.
Агаарын тээврийн бизнесийн өрсөлдөөн зах зээлийн орчин сайжирч, олон залуусын
ажлын байр хадгалагдах нөхцөл энэ хуулиар үүснэ. Энэ хууль батлагдвал бид олон
улсын сонгодог жишиг рүү эргэлт буцалтгүй орж чадна. Гэвч хууль батлахад учир
бий. Бидний хуулийг энэ их хурал амжиж баталж чадахгүй. Дараагийн их хуралд ч
нисэхийн салбарыг ойлгодог хүн орохгүй бол бас л хэцүү.
Өнөөдөр
Буянт-Ухаагаас манай сайд асан Г.Батхүү нэр дэвшиж байгаа юм байна. Та нарыг
түүнд саналаа өгөөрэй гэж хүсэх байна. Агаарын тээврийнхний үгийг УИХ-н танхимд
гажуудалгүй дамжуулж чадах, салбарын асуудлыг цээжээрээ хамгаалан зүйл заалт
бүрээр нь бүрэн бүтэн батлуулж чадах хүн бол Г.Батхүү.
Батхүүг
дэмжихийн тулд түүний талаар нийгэмд тогтсон (магадгүй тогтоосон) зарим ташаа
ойлголтын талаар өөрийн бодлоо хэлье. Батхүүг АПУ-гийн Батхүү гэж дуудаад олон
жил болжээ. Нийгэм дэх архидалттай түүнийг холбон гутаахыг ч олон жил оролдлоо.
Яг үнэндээ Батхүү тухай үед тахал шиг байсан найруулсан спиртийн мафийн цэцэглэлт,
түүнтэй холбоотой бүх муу муухай зүйлээс Монголын нийгмийг аварсан хүмүүсийн
нэг юм. Чанартай архийг зөвхөн Баянголын шоопоос авдаг байсан үед нэгмөсөн цэг
тавьсан хүн бол Батхүү. Архи согтууруулах ундаа бол аль ч улс үндэстний
хэрэглээ, ахуйн соёлын хэсэг нь байдаг. Францчууд согтуурлыхаа бурууг Бордо
нутгийнхандаа тохож, Германчууд хонон өнжин пиавдсандаа Баварийнхнаа
буруутгадаггүй биз дээ. Хүйтэн хойд туйлын Финляндууд бол архины хэрэглээ
өндөртэй ч хэнийгээ ч буруутгадаггүй. Харин ч дэлхийн алдартай олон брэнд архи
Финляндынх гэдгээр бахархадаг юм билээ. Батхүү АПУ-гийн хувьчлалын шударга
тэндэрт ороод ялаагүй бол АПУ өнөөдөр Жэнко Баттулгынх л байх байсан. Баттулга
ялсан бол өнөөдөр бид Баттулгыг муулаад суух байсан уу. Би тийм гэж бодохгүй
байна. Энд зүгээр л субъектив улс төрийн сурталчилгаа яваад байгаа юм. Иймд
ялгаж салгаж ойлгохыг бодоорой.
Энэ
мэтийн олон шалтгаанаар би Нисэхийн тойрогт Г.Батхүүг ялаасай гэж бодож байна.
Түүнтэй өрсөлдөж байгаа бусад нэр дэвшигчид агаарын тээврийг ойлгоод дэмжээд явна
гэхэд би л лав итгэхгүй байгаа. Тэднийг би мэдэх ч үгүй. Тэд биднийг бүүр ч
мэдэхгүй. Бусад нь бурхан шиг байсан ч би таньдаг чөтгөртөө л итгэнэ. Зүгээр л
бодит байдлаа байгаагаар нь л харцгаая. Бидэнд шинэчлэл хэрэгтэй, шинэчлэхийн
тулд шинэ хууль хэрэгтэй байна. Агаарын тээврийн хөгжлийн олон асуудал энэ шинэ
хуулиас хамаарна. General aviation, нислэгийн хөдөлгөөн, нисэх буудлын биеэ
даасан байдал бүгд энэ хуулийг л хүлээж байна. Бид Монголын бүх агаарын тээвэрчдийг дэлхийд
өрсөлдүүлэх замыг засаж чадсан, цаашид ч чадах өөрийн хүнээ төрд оруулах шаардлагатай
юм. УИХ чуулганы танхимд нисэхийн асуудлууд танин мэдэхүйн хомсдлоос болоод
унадаг байхыг би хүсэхгүй байна. Та ч хүсэхгүй нь мэдээж. Нисэхийн орлогыг төрд
ихэнхийг нь татан авч өөрийгөө хөгжүүлэхэд бага хувь үлдээдэгийг болиулах
асуудлыг энэ хуулиар бас журамлаж байгаа. Эхлээд нислэгийн аюулгүй байдалд
зарцуулах асуудлаа шийдээд илүү гарснаа төсөвт нийлүүлэх өөр зарчим энэ хуулиар
бий болох ёстой юм. Энэ түвэгтэй асуудлыг зөвөөр тайлбарлаж, хамгаалж авч гарч
чадах хүн миний л хувьд Батхүүгээс өөрийг олж харахгүй байна. Бодит байдал
бодит зорилгодоо нийцсэн хүмүүсээ л төрд оруулах нь бидний үүрэг. Сонгууль
албан тушаал хуваарилах хөзөр холиход биш дараагийн 4 жилд амжуулах зорилтоо
хэрэгжүүлэх багажаа сонгоход л чиглэх ёстой юм. Зөв зорилгод зөв зүтгэж чадах
хүн ганц байсан ч ганцаардахгүй.
Өнөөдөр
азаар бидний сайн мэдэх, биднийг ч сайн мэдэх Г.Батхүү нисэхийн тойрогт нэр
дэвшиж байна. Энэ боломжоо ашиглацгаая. Г.Батхүүд
саналаа өгөөд агаарын тээвэртээ, нисэхдээ дахин зүтгүүлье. Надтай санал нэг
байгаа нь түүнд саналаа өгөөрэй.
No comments:
Post a Comment