Saturday, April 11, 2015

Тавантолгой хэмээх тарагны хөрөнгө

Саалийн үнээнд 5 толгой бий. Нэг дэх нь үхэр толгой, 2-5 дахь нь үнээний хөхний 4 толгой бүлгээ. Үнээ буханд гарахгүй, үхэр толгойгоо ажиллуулахгүй бол хөхний 4 толгойноос сүү гарахгүй. Үнээнээс сүү гарахгүй бол муур хулганыг зовоохоо болихгүй, муурнаас зугатсан хулгана тарвасыг нүхлэхээ болихгүй. Тарвас нүхлүүлээд байвал үрээ өгөхгүй. Үр байхгүй бол хэрээ модноос нисэхгүй. Хэрээ явахгүй бол модны борогцой гарахгүй. Борогцой идэхгүй бол гахай хялгасаа  өгөхгүй. Хялгас байхгүй бол бид юугаараа дээс томж найзыгаа татаж гаргах билээ?

77 оны зуныг би мартдаггүй юм.  Тэр зун 1-р анги төгссөн жаахан хүү би сангийн, амины нийлсэн 42 үнээ ивэлгэн, тугал хариулах ажил ганцаараа бүтэн сар хийж билээ. Хичээл дуусч  Эг-Үүрт хөгшин ээжийндээ амрахаар очсон байсан юм. Ээжийн минь бага дүү Янжинлхам эгч саальчин хийж сангийн олон үнээ аваад байсан бөгөөд зун туслуулах хүүхэд ээжээс хүссэний эхнийх нь би болж очсон  хэрэг. Эгүүр бол монгол улаан үхрийн нутаг бөгөөд  үнээ нь сүү багатай, заавал ивэлгэн сааж байж төлөвлөгөө ноормоо биелүүлдэг нэг тийм ажил ихтэй саальтай мал байж билээ. Тогтмол 6 цагт давхиж ирэх “сарлаг” Бямбаа гуайд сүүгээ тушаахын тулд шөнийн 3 цагт одод түгсэн тас харанхуйд нойрмог босон тугал татаж, наадмаар гоёхоор бакиалаа жоорлон хөл нүцгэн голдуу гүйхдээ даарсан хөлөө үнээний халуун шээс, шинэхэн баасанд дулаацуулж байсан бага нас минь одоо ч нүдэнд харагдах шиг. Би сайн  хүү байлаа. Малд нүдтэйгээ байнга магтуулж, моринд дуртайгаа шагшуулах үнэхээр сайхан. Идээ цагааны ажилд ч хөгшин ээж минь намайг нэлээн сургасан даа. Миний сониуч зан, сурах хүсэл хөгшин ээжийг минь их баярлуулдагсан. Хөгшин ээжийн хэлдэг маани, тарниас нь шалж байгаад 4-5-г заалган тогтоож авсан нь одоо ч цээжинд минь байна. Хамгийн сайхан зүйл бол хөгшин ээжийн минь өгдөг өрөм, тараг билээ. Өрөм бол галаа тааруулан хөөсрүүлэн самраал байвал сайн хөөсөрч загсаж эхэлдэг ба загссаны дараа нэг овойлгоод гал дээрээсээ авч эрэгнэгний доод тавиурт тавьсанаар өглөө гэхэд бэлэн болдогийг би мэдэж авсан юм. Харин тараг хийхэд сүүгээ халааж хуучин дээлэнд ороосон саванд хийхдээ хөрөнгө гэж юм заавал нэмэх ёстойг би анзаарсан.  Тарагны хөрөнгө бол өөрөө түрүүлж бэлэн болсон багахан тараг л юм билээ. Түүнийг сүүнд хийгээд хутгахад сүүг ээдүүлэхгүй харин уруу татаж бүгдийг нь өөртэйгөө адилхан тараг болгодог шидтэй. Малчин айл тарагны хөрөнгөө их хайрлана. Нүүдэл суудал болоод хөрөнгө аргагүй тасарвал очсон газарт түрүүлж буусан айл саахалтаасаа хөрөнгө залдаг. Хөрөнгө хийхгүй бол тараг бүрэлдэхгүй. Зүгээр л гашилсан сүү л болчихно. Ажлын дөртэй болгосон анхны зун маань давахад хэцүү ч дурсахад үнэхээр сайхан.

Тэр цагаас хойш олон жил болжээ.

Саяхан Таван толгойн талаар 5-ны орой Ерөнхий сайд үг хэлэв. Маргааш үдэд нь Монгол улсын их хурлын дарга өөр нэг үг хэлэв. 5 дахь өдрийн үдээс хойш Ерөнхийлөгч бас нэг үг хэлэв. Ард бид ангайж гайхсаар хоцорлоо. Монгол улс хуультай ч юм шиг, хуйвалдаантай ч юм шиг сонин харагдаад эхлэв. Гэрээ үзэглэхээр ирсэн Японы хөрөнгө оруулагч сэтгэл дундуур байгаагаа илэрхийлээд буцан одлоо.  Таван толгойн талаар тархи угаалт, таниулан сэнхрүүлэлт 5 дахь жилдээ явж байгаа тул нуршилгүй орхиё. Харин Таван толгойг хөдөлгөх талаар би та нартай бодлоо хуваалцах санаа байна.

Эхлээд өөрийн сайн мэддэг салбараараа багахан жишээ хэлье. Манай агаарын тээвэрт авиакомпани гэж нэг үйлтэй бизнес бий. Дэлхий дээр 300 шахам авиакомпани байдаг ч ерөнхийдөө хоорондоо их төстэй. Southwest-ээс бусдад нь алдагдалгүй ажиллаж байсан түүх байдаггүй. Ашигтай байлаа ч ашгийн мааржин нь маш бага. Ердөө л 3-5 хувь. Гэвч нөгөө талаасаа чухамхүү авиакомпаниуд л асар олон ашигтай бизнесийг чирж явж байдаг юм. МИАТ-аар жишээлье. Учир нь МИАТ бол ашиггүйгээрээ хамгийн олон жил цоллуулан чичлүүлсэн бизнес билээ. Хамгийн түрүүнд авиакомпанид үйлдвэрлэсэн онгоцоо зардаг үйлдвэрлэгчид ашгаа хийдэг. Тэр үйлдвэрт ажиллагсад цалинжиж амьдралаа авч явахаас гадна, тус үйлдвэрт багаж, тоноглол нийлүүлдэг өөр үйлдвэр, түүнд нь түүхий эд нийлүүлдэг металлургийн үйлдвэр, бас тэр металлургийн үйлдвэрт хүдэр, нүүрс нийлүүлдэг уул уурхайнхан, цаашлаад уул уурхайд үйлчилдэг бусад гэх мэт утасны үзүүр эцэс төгсгөлгүй хөвөрч дэлхийг хэрж орхино. Хоёрт онгоцны худалдааг санхүүжүүлдэг банк болон өөрийн онгоцоо ашиглуулж мөнгө олдог лийзингийн компаниуд авиакомпаниас мөнгө хүүлэн ашгаа олдог. Дараагийнх нь мэдээж consumables нийлүүлэгчид. Шатахуун, нислэгийн хоол, сэлбэгээс өгсүүлээд жорлонгийн цаас хүртэл бүх зарцуулах материалыг нийлүүлэгчид авиакомпаниас ашгаа олдог. Одоо онгоц маань нисэхийн тулд ашигтай ачаалалаа олох ёстой. Учир нь онгоцны өргөх хүч далавчин дээр үүсэхээсээ өмнө зорчигчийн хармаанд үүсэж байдаг юм. Борлуулалтын энэ ажлыг хамжилцагсад мөн авиакомпаниас ашиг олдог. Эд бол борлуулагч агентууд, тур операторууд, борлуулалтын системүүд, интернэтийн компаниуд, телевизүүд, сонингууд, телефоны операторууд,  дата үйлчилгээ үзүүлэгчид. Арай гэж онгоцоо авч, түлшээ  хийж, хүнээ дүүргээд нисэх үед нисэх буудал, навигацын үйлчилгээнүүд буюу агаарын тээврийн дэд бүтэц өөрийнхөө үйлчилгээний зардлыг хурааж авдаг. Ерөнхийдөө авиакомпани бол агаарын тээврийн бизнестэй холбоотой бүх мөнгийг зорчигч, ачаа илгээгчээс цуглуулж бусдад тараадаг кассын үүрэг гүйцэтгэдэг билээ. Агаарын тээврийн өгөөж үүгээр дуусахгүй. Тээвэрлэн авчирсан зочид нь зочид буудлуудыг дүүргэж, монгол дэлгүүрээр үйлчлүүлж, монгол зоогийн газруудыг орлогожуулдаг. Тэдэнд сайн үйлчилж нутгийн бүтээгдхүүн, үйлчилгээндээ дурлуулж чадвал дараагийн бүүр ч том бизнесийн суурь тавигддаг. Жишээ нь Монгол маханд дурлавал тэд ирж идэх биш Монголын органик махыг нутаг руугаа зөөж идэх хүсэл төрөх нь ойлгомжтой. Нэг тонн угаасан нүүрс үсрээд л 70 доллар байдаг бол нэг тонн боловсруулсан мах 5000 доллар болох боломжтой. Эндээс, иймэрхүү жуулчлалаас л  экспортын шинэ боломжууд нээгддэг. Мэдээж махыг нь хүргэхийн тулд машин биш, вагон биш, эргээд л онгоц л хэрэгтэй. Махны экспорт нэмэгдээд ирвэл малчдын орлого баталгаажна. Мал сүргийн бүтцэд нь ч өөрчлөлт орж, ямаанд хуйхлуулан цөлжихөө ч зогсоно.  Шир, нэхий, савхины үйлдвэрлэл ч дагаад босоод ирнэ.  Олон бодлого тодорхойлогчийн хамгийн ашиггүй гэж чичилдэг шоовдор салбарын маань өгөөж  л гэхэд ийм байна.

Таван толгой эдийн засгийн эргэлтэнд орвол хамгийн эхний үр дүн нь МИАТ-с 100 дахин олон бизнесийг чирж босгох болно. Өөрөө ашгаа өгөхөөсөө ч өмнө эдийн засгийн эерэг импакт мэдрүүлж эхлэх болно. Олон хүн ажилтай болж  олон бизнес үйлчлүүлэгчтэй болцгооно. Юуны түрүүнд Таван толгойг дагаад барилгын салбар өндийнө.  Уурхайд ажилтай орлоготой болсон олон монгол хүн аймаг нийслэлд байр захиална. Дагаад банкны салбарын эргэлт түргэсч, санхүүгийн байгуулагуудын зээлжих зэрэглэл өснө.  Байр нэмэгдэхийн хэрээр утаа ч шингэрнэ. Энэ бол зөвхөн эхний үр дүн.

Дараа нь ЭТТ түүхийгээр нь ачиж 30$-р зарж байсан нүүрс угаагдан гарч үнэтэй зарагддаг болж эхэлнэ. Объем нэмэгдсэнээр нэг тонн нүүрсний угаалтын зардал ч буурна. Хамтрах болсноор ЭТТ-н ч, ММС-н ч хувьцааны үнэ аль аль нь өснө. Өрөнд орсон улс, хувьцааны үнийн уналтын хямралд орсон татвар төлөгч хоёр хоёулаа гадаадын хөрөнгө оруулагчдын зардлаар санхүүгээ эрүүлжүүлээд авчихна. Өрнөөсөө салах гэж үнэтэй нүүрсээ сул ачуулах ямар ч хэрэг байхгүй. Өрсөлдөж байгаа бизнесүүд өрсөлдөөнөө зогсоож merger болох, эсвэл хамтын бизнесийн гэрээ байгуулахад аль алиных нь хувьцааны үнэлгээ өсдөг нь эдийн засгийн байдаг л үзэгдэл. Энэ нь аль алиныг нь хөрөнгө оруулагчдад attractive болгож улам их хөрөнгө оруулалт татдаг. Над шиг 1072 ширхэг хувьцаа эзэмшигчид үүнээс илүү сайн мэдээ өөр юу байх билээ.  

Хувьцааны үнийн өсөлтийн болон бусад орлогоос Таван Толгойн нүүрснээс шингэн түлш гаргах C2L(Coal-to-Liquid) төсөл боломжтой болчихвол бензин шатахууны үйлдвэрлэл хилийн дотор ороод ирнэ. Ингэвэл импортын шатахуунд жил бүр өгдөг 2-3 тэрбум ам.доллар Монголд үлдэж дотоодын эдийн засаг руу орно. Үүнийг 20-30 жилээр үржүүлээд нэг үз дээ. Өөр юу хэрэгтэй юм бэ. Таван толгой бол шууд утгаараа Монголын эдийн засгийн тарагны хөрөнгө нь юм. Бид хөрөнгөө л эхлээд бий болгох хэрэгтэй. Ингэвэл эдийн засаг дагаад бүрэлдээд ирнэ. Энэ бүхэн Таван Толгой хөрөнгө оруулалтаа нөхөхөөс хамаагүй өмнө биелнэ.

Их бизнесийн хаялга их л байдаг. Саяхан Гачууртын Чинбатыг сайн ажилтай сайхан амьдралтайг нь бүгд харцгаалаа, шагшицгаалаа. Би ч бас энэ боломжийг ашиглан түүнийг үнэнгээсээ магтая. Бахархмаар хөдөлмөр. Мундаг! Тэр хураасан бүх төмсөө ганцаараа иддэггүйгээ ч хэлсэн. Түүний босгосон бизнесээс дор дороо, техник нийлүүлэгчдээс эхлээд өөрийнх нь ажилчид нь, чэнжүүд, худалдаачид, хэрэглэгчид бүгд ашиг ашгаа олдогийг ч ярьсан.  Өөрөө ч их эргэлттэй бизнесийнхээ халиа, хусмыг долооход л тэмбумтны амьдралаар амьдарч болж байна. Магадгүй Чинбатын хувьд оруулсан хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа урт, хятад төмсний өрсөлдөөн ширүүн ч гэлээ амжилт нь нүдэнд харагдаж гарт баригдаж байна. МСS-н Оджаргалын мэнэжментэд очсон Таван толгой бас тийм л байх болно. Таван толгойн хаялагад агаарын тээвэр ч сэргэж Баянгол буудал зочдоор хахаж, мах комбинат экспортын боломжоо нээж авна.

Оджаргалыг би анх 88 оны өвөл Киевийн оюутны уулзалт, спартакиад дээр харсан юм. Сагс гоё тоглодог, гитар янзын дардаг тийм ах байсан санагдана. Оюутан цагийн төрхөө одоо ч гээгээгүй хэвээрээ. Манай сургуулиас хурдны трамвайны 2 буудлын зайд байх Киевийн Политехникийн Дээд хэмээх асар том кампустай нүсэр сургуулийн оюутан байсан юм билээ. Поли бол чанга сургууль, төгсөгчид нь ч чамбай байдгийг бид мэддэг. Үүнийгээ ч тэр амьдралд баталж чадсан. Шилжилтийн үе бол бүх юм шинэ, ийм шинэ бүх юм бол прожект байх болно гэдгийг хамгийн түрүүнд олж харж Монголдоо хамгийн анхны, хамгийн зөв project organization-г байгуулсан нь өдгөө Монголын эдийн засагт асар том байр суурийг эзэлжээ. Таван толгой түүний мэнэжмэнтэнд очвол Монголчууд л хожно. Би Киевийн төгсөгч, эсвэл Энхсайхан гуай бас Киевийн төгсөгч болохоороо Таван толгойн төслийг нь дэмжээд байгаа юм биш. Бид мэдлэгийг л дэмжээд, мэдлэгт итгээд байгаа хэрэг.      

Даанч өнөөдөр Монгол улсын төр Таван Толгойгоор буруу халуурч  байна. Амтай болгон нь л ярьж, ярьсан болгон нь л чичилж байна. Ашиггүй гэнээ! Хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа дэндүү урт л гэнэ. Гадны компаниийн хөрөнгө давамгайлчлаа л гэнэ. Офф шоор л гэнэ. Эрдэнэт ашгаа өгч эхэлтлээ 20 жил болсныг хэн ч ярьсангүй. Монгол улс 34 хувийг нь эзэмшдэг Оюу Толгой ХК чинь бас л офф шоор биш билүү? Мөн МИАТ-ын 5 онгоцны 4-нх нь эзэн гадаадын түрээслэгчид, худалдаж авч буй нэгнийх нь “хууль ёсны эзэн” нь ч бас Делаверт бүртгэлтэй офф-шоор гэдгийг ч экс сайд маань мартчихжээ. Ер нь олон улсын санхүүгийн гүйлгээ бүрд татварын зардлыг бууруулах зорилгоор дэлхийн ихэнх компаниуд Офф шоор байдаг нь санамсаргүй зүйл биш шүү дээ. Юутай ч Америкийн бүх компани Делаверт буюу Америк доторхи Офф шоортоо бүртгэлтэй байдаг юм билээ. Хэрэв хөрөнгө оруулагч Монголд бүртгэлтэй компанид хөрөнгө оруулж мөнгө шилжүүлбэл шууд л орж ирсэн мөнгөнөөс нь гэнэтийн ашигийн татвар авах хууль одоо ч хүчинтэй хэвээрээ л байна. Гэтэл гэв гэнэт Таван толгой дээр дабль стандарт гарган яриад эхлэдэг байгаа!

Дабль стандарт гэснээс Таван Толгойн асуудлыг УИХ хэлэлцэнэ гээд байгаа нь яаж байгаа юм бол? Бусдыг нь бас хэлэлцэх үү? Ер нь бүх ТУЗ-ээ татан буулгачихвал яасын? Таван толгой бусад ХК-с юугаараа илүү, эсвэл дутуу болоод УИХ онцгойлж хандаад байна? Эсвэл гишүүд зохиомол саад үүсгэж авилга шаналгах санаа байна уу? Таван Толгойн хөрөнгө оруулалтын гэрээний нэг тал болох ЭТТ бол ердийн л нэг хувьцаат компани. Тэр компанийн 80 хувийг төр буюу УИХ, нөгөө 20 хувийг 1072 хувьцаагаа нийлүүлээд бид эзэмшдэг. Хэрэв УИХ-н 76 гишүүнийг энэ 80 хувийн төлөөлөл гэж үзвэл үлдсэн 20 хувийн төлөөлөл болгон 19 өөр хүнийг төрийн ордонд хуралдах ТУЗ-н хуралд суулгах ёстой болох байх. Учир нь би л лав УИХ-д сонгож, андуурч дугуйлсан Батзандан, Ганхуяг, Арвин 3-таа хэзээ ч өөрийн мэдлийн 1072 хувьцаагаа төлөөлөх эрх олгохгүй. Ёстой горьд! Тэгээд ч сонгуулиар тийм гэрээ хийгдээгүй. Миний 1072 хувьцаа бол миний л юм, миний хувийн хөрөнгө. Надаас өөр хэн ч, мөн миний бичгээр итгэмжлээгүй хэн ч өөрийн дураар энэ хөрөнгийн захиран зарцуулалах эрхгүй.  Энэ бол төрийнх ч биш, тэр тусмаа УИХ-н гишүүдийн мэдлийнх бүүр ч биш.  Компанийн хуулийн дагуу 1072 хувьцааг эзэмшигч намайг зөвхөн ЭТТ компанийн хууль ёсны улирдлага л төлөөлөх эрхтэй юм. Хууль талаасаа авч үзвэл УИХ-н чуулганаар Таван толгойн асуудлыг авч хэлэлцээд ч хувьцаа эзэмшигчдийн бүрэн төлөөлөлгүйн улмаас гаргасан шийдвэр нь хууль бус болох болно. УИХ ард түмний төлөөлөл мөн нь мөн. Тэхдээ тэд зөвхөн ард түмний төр барих эрхийг төлөөлөх эрх л авснаас хувийн хөрөнгийг нь захиран  зарцуулах эрх аваагүй юм шүү. Зөвхөн дайн, гамшгийн үед л хувийн хөрөнгийг дайчлан зарцуулаад нөхөн төлөх хууль бий. УИХ Таван Толгойн ТУЗ-н ажлыг булаан хийх тухайд гарах хуулийн үр дагаварууд нэг тийм жонхуу л болох байх. Үр дүнд нь алтан цагийг дэмий шахуу үрж, дампуу Монголд маань хөрөнгө оруулахыг зориглогсон risk taker-үүдийг үргээхээс хэтэрнэ гэж үү. Явж явж компанийн ТУЗ гэдэг бол хувьцааны үнэ өсгөх стратеги дээр л ажилладаг бүтэц байдаг юм шүү. УИХ ЭТТ-н ТУЗ болмоор байгаа бол хувьцааны үнийг өсгөхөд л анхаарах ёстой. Тэгээд ч экспортын чухал салбарт дотоодын өрсөлдөөн буурч, консолидаци эхэлж байгааг одоо л дэмжихгүй бол хэзээ ч бидний мэдлийн хувьцааны ханш өсөхгүйг бас бодолцоно бизээ.

Эх оронч үнэг ирээд: Алсын газраас тоос манаруулж ирээд.... гэхэд нь

1072 хувьцааны эзэн: За за одоо больж үз. Болно хөөе. Юун даварцан юм чиодоо. Чамд хувьчлалаар зөндөө л юм өгсөн, дараа нь нам, төрийнхөө бүх л сандлыг өглөө. Хиа дагуулуудыг чинь л хооллолоо. Гэтэл чи бидний алтан боломжуудыг үгүй хийхээс хэтэрсэнгүй. Одоо болно гэжээ 

Sunday, April 5, 2015

Жож Сэрээнэнгийн лампчик

Жож Сэрээнэн анх удаа нийслэлд ирээд чийдэн гээч өөрөө гэрэлтдэг гайхамшигтай зүйлийг харж бишрэн тэрнээс хэдийг худалдан аваад хөдөө гэртээ очин цагаан дээсээр оосорлон тоонондоо зүүсэн боловч нөгөө  чийдэн нь ассангүй... (Л.Ванганаас)

2015 оны эдийн засгийн чуулган өндөрлөв. Бүгд л төр ийм байх ёстой, тийм байх ёстой хэмээн гарцаагүй үнэнийг нь улалзтал нь хэлж, гөлөлзтөл нь анхааруулж, сүрдтэл нь тунхагласаар өндөрлөлөө. Монголчууд ардчилсан хувьсгалын гол ололт болсон үг хэлэх эрхээ эдлэн ярьсаар, анхааруулсаар, тунхагласаар өдгөө 25 жил болжээ. Харин нь ардчилсан төрийнхнөөс хэн нь ч олигтой бичиж сурсангүй. Өөрөө хэлбэл хэлсэн ярьсанаа журамлан гаргаж цаасан дээр буулгаж сурсангүй шинэ зууны 15-р онтой золгов.

88 оны 8 сард 86 оны татлагын цэргүүд халагдаж билээ. Надтай цуг 2 жилийн өмнө Дэлгэрмөрний Хилэнтийн гүүрний дэргэд каринтилагдаж байсан ангийн маань 20 гаруй андууд халагдаж ирцгээлээ. Манай анги бол 29 хөвгүүн, 9 охинтой Мөрөнгийн 3-р 8 жилийг нурааж байсан, Брежневийн гашуудлын цуглаан дээр инээлдсэн хэргээр хатуу шийтгүүлж, сарын дараа хүчээр тараагдаж байсан нөгөө алдартай 7б анги билээ.  Би конкурсанд тооны олимпиадын потенциалаараа ялж нисэхийн сургууль авсан тул цэрэгт ачигдалгүй Эрхүүгийн бэлтгэл рүү явсан байсан бөгөөд 88 оны зун Киевийн нисэхийн дээдийн 1-р курсын амралтаараа ирээд тарваганы арьс нухан сууж байлаа. Халагдсан андуудтайгаа би 2 өдөр 2 шөнө Мөрөнгөөр гуля дарж, голын эрэг дүүжин гүүрний цүнхээлд тарвалзаж, орцны үүд, хашааны түлээн дээр онол практик, онигоо бараашиг болцгоов. Манай Ландага гэнэт хэлж байна. Социализм таалагдахгүй байна гэнээ. Бүгд маасайн инээлдэцгээлээ. Дураараа өссөн бид хэдийн бүгдийн санаанд бүрэн нийцсэн буу халах сэдэв гарч иржээ. Чам шиг гадаад явахын тулд би яагаад заавал сургуульд сурах ёстой юм?  Гадаад пасспорт авчихвал би чам шиг арьс гаргаж зарвал янзын даа. Хил дээр Сэлэнгийн онжавууд байгаа. Арьс гаргахад асуудалгүй.  Ер нь хотод шилжиж амьдармаар юм билээ. Хот ч гоё газар байна лээ шүү. Нам засаг биднийг хэтэрхий чанга гараар барьж байгаан биш үү. Дураараа ч нүүж шилжиж болохгүй. Өөр олон нам байж болдоггүй юм уу. Нэг нь хориглоод байвал нөгөө нь зөвшөөрнө л биз. Энэ харагдаж байгаа дарга нарын лагерийнхантай адилхан л жаргамаар байна шдээ. Гэх мэтээр амьдралдаа анх удаа улс төр ярьцгаалаа. Бид 20 хүрсэн том эрс болсноо тэр ярианаас ухаарав. Ард түмэн чухам яасан эсэх нь ёстой бүү мэд, юутай ч 7б-ийнхэн орост үлээсэн пересройкийн салхийг хүлээн авахад бэлэн болсон байлаа.   

Энэ ярианаас 2 жил шахуугийн дараа баахан хотын залуус төв талбай дээрээ өлсөж билээ. Манай Мөрөнд ч бас дараахан нь өлссөн дөг.  За даа ер нь цатгалан хүн ховор байсан цаг шүү дээ. Бидэнд бол тэртэй тэргүй өлөн байжээж өлсөж байгаагаа зарлан зарлан өлсөж байгаа нь л сонин мэнэжмент санагдаж байлаа. Орос Монголын онгоцоор үнэгүй шахам зорчдог нисэхийн оюутны давуу эрхээ эдлэн тэр 4 сард би ирээд байлаа. Зун нь ирэхгүйгээр төлөвлөөд байсан надад хаврын курсын ажлуудын завсар зайгаар ирж тарваганы арьс олж авах шаардлага байсан юм. Хөөрхий аавдаа хэдэн боодол тамхины цаас, ганц нэг хром авчирч өгөөд өр зээл тавиулан байж хэдэн арьс олж аваад 3 хоноод буцаж байсан санагдаж байна. Даваадоржийн талбай дээр өлсгөлөн болж байна гэнэ гэж аав хэлэв. Ногоон Заяатыг эсэргүүцэн өлсөж байна гэнээ гэв. Би ч надад арьс цуглуулж өгч байсан найзуудтайгаа харайгаад очив. Өлсөгчид гэж танихгүй олон хүн байсан ч нэгийг нь би шууд танилаа. 84 оны зуны амралтаараа геологийн 1р ангид Ужгийн голд маршрутын түр ажилчнаар явж байхад инженер байсан Олзвой ах (Олзбаатар) өлсөөд хэвтэж байв.Туранхай дээрээ улам турж яахнав дээ л гэсэн хошин бодол тэрүүхэн зуур орж ирж байлаа. Тэнд бидний үеийн олон залуус зүгээр л над шиг хараад зогсож байсан юм. Хожим сонсохнээ Даваадоржийн талбай дээр хийх юмгүй эргэлдэн бужигнаж, маазран гүйлдэж байсан манай үеийн олон хүүхэд ардчилалын анхдагчид болцгоосон байна. Намайг буцсаны дараа тэнд хотоос ирсэн хүмүүс  МоАХ-н үнэмлэх тараасан гэдэг юм билээ. Тэдний дундаас хамгийн түрүүнд манай 13-р байрны О.Энхсайхан ардчилалын анхдагч хэмээгдэж төр барилцсан даа.

Рейган “наад ханаа нураа” гэсэн алдарт үгээ Горбачевт хандан хэлж, Румыны босогчид улсынхаа эзнийг эмгэнтэй нь хананд тулгаад буудчихсан байсан үе шүү дээ. Энэ аймшигт мэдээ МАХН-ын өвгөрсөн хаадын өвдгийг нь чичрүүлчихсэн, коммунизмын өмхөрсөн царс мод өөрөө ард түмний өмнө сөхрөн унаж байсан цаг. Хожим нь Монголын коммунизмын царсыг цавчихгүйгээр мөрлөн түлхсэн Зориг нарын залуусыг ардчилалын лидерүүд, ийн түлхэж байхад нь хажууд нь над шиг л сэлгүүцэн зогсож байгаад унах нүргээнд нь цочсондоо хашгирч, хашгирсандаа бантан уухайлсан бусад нь ардчилалын партизанууд гэж нэрлэгдэцгээх болсон билээ. Гэхдээ бодит байдал дээрээ тэдний ихэнх нь тэмцээд байсан юм байгаагүй, над шиг л үзэгч байсан гэвэл үнэнд илүү ойртоно.
90 оны Монголын ардчилсан хувьсгал гэрчийн нүдээр харахад нэг иймэрхүү л юм болоод өнгөрч билээ. Энэ хувьсгалаас 2 жил хагасын дараа намайг сургуулиа төгсөн ирэх үед байдал өөр болсон байлаа. Дордсон ч юм шиг, дээрдсэн ч юм шиг нэг тиймэрхүү. Нийгэм илүү хаотик байдалд шилжсэн байж билээ.

Мэдээж хэрэг дээрдсэн юм асар олон. Юуны түрүүнд олон газрын хууль хуулан байж үхрийн бөөр шиг ч болсон Үндсэн хуулиа батлаад авч. Үндсэн хуулийг дагаад хуучны хориг дэг, хорио цээр сад тавигдан чөлөөлөгдсөн байлаа. Хүн бүрийн өмнө тэв тэгш боломж жинхнээсээ байсан тэр зурвасхан он жилүүдийг бид наймааны алтан үе хэмээдэг. Тиймээ тэр үед бүх л юм наймаа байсан юм. Ядуус тарваганы арьсаараа эхнийхээ хуримтлалыг үүсгэж байсан бол хожмын олон 100 эрхэм шууд банкнаас том зээл авч хөлтэй эргүүлэн хэд нугалаад том босч ирж байсан нь саяхан. Харин банкны салбарынханд авилга өгөхөөс эрс татгалзсан дэвшилтэт сэхээтнүүд л наймаанаас хол хөндий үлдсэн түүхтэй.

Наймаа хумигдахын сүүлчээр ардчилагчид төрд гарч ирцгээв. Тэд өөр өөрийн ойлголт төсөөлөлөөр улс орныг удирдах болов. Том зургаар харж чадаж байсан нэг нь том реформуудыг эхлүүлэв. Жижиг нүхээр хардаг нь засаг булаалдахаас хэтэрсэнгүй. Ихэнхдээ л жирийн шийдэл байх газарт том тэнэглэл үйлдвэрлэсээр 2015 онтой золгожээ. Тэдний хамгийн том тэнэглэл бол нураасан социализмаасаа үндэс хожуулыг нь авч үлдээд улсан ургуулж эхэлсэн явдал юм. Тэр бол комманд-контроль систем байлаа. Тушааж ажилд оруулан, тушааж ажлаас хөөдөг системтэй анхны парламентын улс болцгоов. Комманд-контролийн системийн онцлог нь сайн дарга гарвал амьдрал сайн явдаг, муу дарга гарвал бүх юм шууд нурдаг тогтолцоо билээ. Социализмын үед системийн энэхүү дутагдлыг системийн дизайнер, архитектурууд нь мэдэхийн цаагуур мэддэг байсан тул сайн дарга тодруулах маш нарийн тогтолцоотой бүхэл бүтэн шат дараалсан институцыг ажиллуулж байсан юм. Энэ институцыг бид пионер, эвлэл, нам хэмээдэг байв. Гэвч социализм яаж ч хичээгээд, ямар ч чанга шалгуураар шилдэг дарга нарыг олж тавиад ч олигтой гавиагүй бөгөөд алсуураа алгуурхан дампуурсаар системээрээ нуран унасан билээ.

Нэгэнт комманд-контролийн системээ авч үлдээд, бүүр төгөлдөржүүлэхээр зүтгэдэг ардчилагчидтай болсон тул ард олон сайн даргын эрэлд олон жил хатацгаах болов. Нэгэнт урьдны ажил мэргэжил, амжилт бүтээл, сурлага хүмүүжил, гарал үүслээр шигшин хуц ухна тавидаг нийгэм халагдсан тул сайн дарга гэж сайхан ярьдаг дарга хэмээх ойлголт нийгэмд газар авч эхлэв. Үүнийг тосоод хөхөөнүүд ч донгодож эхэллээ. Мэдээж тэд л, тэр хөхөөнүүд л сонгогдон дарга болцгоов.
Тэд бүгд муу хүмүүс байсангүй. Тэр ч байтугай ихэнх нь маш мундаг, их сайн хүмүүс байлаа. Гэвч нэг л юмыг тэд ойлгохгүй яваад байлаа. Тэд зөвхөн хууль гаргаад хэдэн сайн (өөрийн талын) дарга олоод тавьчихвал улс орныг хөгжүүлчихнэ гэж одоо ч андуурсаар л явна. Яг жож Сэрээнэн шиг. 

Ямар ч нийгэм үнэт зүйлээ л тойрон хөгждөг. Харин Монголын ардчилалын хувьд үнэт зүйлээ одоо ч олоогүй, магадгүй тэр нь байхгүй байгаагаас зөв хөгжлийнхөө гараан дээр зөв зарч чадахгүй байсаар ч байгаа байж болох талтай. Олон ч ардчилсан дарга хол газар хүрээ хийдэд шавилан суусан боловч олигтой юм сурж гавилгүй ирээд харанхуй ард түмэнд буцах замдаа тогтоосон хоёр зээр жорон жоронгоо ярьсаар цэцэн мэргэнд тооцогдож яаж ийгээд төрийн толгойд сууцгаав. Ардчилалын удирдагчид ардчилал гээч нэг их гоё нийгмийг 90 онд өөр өөрийнхөө хэмжээнд төсөөлж байснаараа 2012 онд эрх мэдэлд хүрэнгүүтээ өөр өөрийн бүдэг бадаг төсөөлөлийнхөө хэмжээнд байгуулахаар зүтгэцгээлээ. Ардчилал, хөгжлөө их л ядуухан төсөөлж байсан нь алхам бүрд ил болов. Төр тал харваж, улс бүтэн дампуурлаа. Ардчилсан хувьсгал “хийж” байсан үеийнх нь ямар ч үнэт зүйл одоогийн төрд өвлөгдсөнгүй мартагджээ.
Төр ямар байна. нийгэм тийм л байдаг. Зөвхөн нарийн дизайнтай, уялдаа холбоо, учир жанцантай зохиогдсон төрийн системтэй улсад л төрийн алсын хараа байдаг. Засгийн бүтцээ 10 жил хэвээр хадгалах байтугай 10 хонохгүй сольчихдог манай улсад төрийн алсын хараа ярих ямар ч боломж байхгүй юм.  

1929 оны их хямрал Америкийн төрийг нойрноос нь сэрээсэн юм. 19-р зууны сүүлч, 20-р зууны эхний прогрессив эриний үр нөлөөгөөр бий болсон Америкийн бүх л баялаг үнэгүйдэн, хувьцаа нь хогийн цаас болон хувирч доод манхэттэний гудамжаар салхинд хийссэн билээ. Хувьцааны борлуулалтаас хөрөнгө оруулалтаа татан өргөжих, үгүйдээ л өрсөлдөөнд тэсэн гарах эсэхээ шийдэж байсан олон бизнес хэдхэн цагийн дотор хаалгаа барьж Америкийн хотуудаар ажилгүйдлийн урт очеруудыг үүсгэж орхив. Их хямралаас гарахын тулд АНУ-н засаг том том паблик прожектууд эхлүүллээ. Хамгийн том нь мэдээж Хувер дам.  

Их хямрал, хуурай хуулийн авчирсан эмх замбараагүй нийгэмийг халахын тулд, мөн эхлүүлсэн мега төслүүдийн болон сэргэсэн бүх бизнесүүдийн үнэ цэнийг нэмэхийн тулд АНУ-н төр стандартчилалын зохицуулалтын хатуу арга хэмжээ авлаа. 1935 он гэхэд Federal Register-ийг байгуулав. Энэ албаны доор төрийн бүтэц, институцын мөрдөн ажиллах дэг жаяг, гаргах шийдвэрүүд, хэрэглэх стандартуудыг тогтоосон Code of Federal Regulations хэмээх дүрмийн цогц системийг тогтоов. Энэ процесс 20-д жил болж байж өнөөгийн төрхөө олсон байдаг бөгөөд эерэг импакт нь дэндүү нүсэр юм. 50 багц дүрэмд хуваагдсан журам, стандартууд америкийн амьдралын салаа мөчир бүрийг нарийвчлан зохицуулах болжээ. Хүний эрхийг булан бүрд нь шингээсэн стандартуудаар бүтээн босгоод, үйлдвэрлээд эхэлмэгц үндэсний баялагийн үнэ цэнэ өөрөө өсөөд хөрөнгө оруулагчдыг татаад эхлэв. Дарга нар шийдвэр гаргагчид биш харин дүрэмд бичигдсэн процедурыг гүйцэлдүүлэгч, уг гүйцэтгэлийг хянагч сүпервайзерууд болж хувирлаа.Төрийн албан хаагчид өөрөө шийдвэр гаргадаг дарга биш бичигдсэн журмыг зүгээр л процессин хийдэг ажилтан буюу нийтэд үйлчилдэг паблик сервант болцгоолоо. АНУ-н төр хүнээс хараат биш, албан тушаалтны субъектив шийдлүүдээс хараат бус болсноор төр нь улам хүчирхэгжиж нээлттэй болжээ. Иргэд төрийн үйлчилгээг авахдаа ямар замаар явбал үйлчилгээгээ авч чадахаа сайн мэддэг болсноор төрийг хянах иргэдийн хяналтанд том боломж нээв. Журмаар нь яваад төрөөс үйлчилгээ авч чадахгүй байвал төрийн албан хаагч авилгал авахыг санаархсан, журмын шаардлага гүйцэлдээгүй байхад үйлчилгээ үзүүлсэн байвал бас авилгал авсан хэрэгт сэрдэгдэх үндэслэл нь болоод ирмэгц төрийн алба авилгалаас өөрөө л бүрэн ангижрав.

АНУ-н төрийн авилгалаас ангижруулсан бас нэг хүчин зүйл нь төрийн санхүүжилтийн тогтолцоо нь билээ. Earmarked Funds буюу тусгай зориулалтын сангууд үүнд чухал үүрэгтэй. Highway trust fund, Airport and Airways Trust Fund-ууд бол үүний тод жишээ. Төрийн яам агентлаг нь зохицуулж буй салбараасаа цугларсан тусгай сангаас санхүүжээд, цалинжаад эхэлмэгц өөрсдийг нь цалинжуулан тэжээж байгаа (industry)салбараа улам хөгжүүлж, түүнээс улам их мөнгийг тусгай сандаа төвлөрүүлэхийг хичээж эхэлдэг байна. Үр дүнд нь салбар ч хөгжиж, яам агентлагууд ч өөртөө хэрэгцээтэй санхүүжилтийг төсөв царайчлахгүй шийдэж чаддаг болцгоов. Ямар ч бизнесмэн төрийн албаныханд бизнесээ дэмжүүлэхийн тулд авилга өгөх шаардлагагүй болж ирэв. Харин ч эсрэгээр төр нь өөрөө дэмжихээр гүйлдэх болсон юм. АНУ-н том дарга нар Америкийн хувийн болон паблик бизнесүүдийг л дэмжээд байдгийн нууц нь уг бизнесээс цугларсан орлогоос цалинжиж байгаагаа мэдэж байдаг явдал билээ.

Төр нь иргэдийн аюулгүй байдлын хяналт зохицуулалтыг төрийн мэргэжлийн агентлагийн түвшинд шийддэг бол эдийн засгийн зохицуулалт нь засаглалын бүх түвшингийн оролцоотойгоор шийдэгддэг. Тухайлбал алслагдсан дүүргүүдэд эмийн сан, булангийн дэлгүүр гэх мэт заавал байх үйлчилгээнүүдийг хүргэхдээ тухайн нутаг дэвсгэрт байх бизнесийг өрсөлдөөнөөс хамгаалж жижиг зах зээлийг нь хашиж өгөх ажлыг орон нутгийн засаг захиргаа хариуцан хийдэг байна. Харин нь том бизнесийн том мөнгөөр жижиг бизнесийн орон зайг булаан эзлэхийг хориглох зохицуулалтыг төрийн яам, бодлогын агентлагууд гүйцэтгэдэг. Үндэсний хэмжээнд гадаад руу өрсөлдөх асуудлыг бүүр ч том түвшинд дэмжин зохицуулдаг. Үр дүнд нь зах зээлийн хуваарилалт жунглийн өрсөлдөөнт байдлаасаа ангижирч илүү  хүртээмжтэй болж ирснээр бизнесийн тоо нэмэгдэн төрийн албадыг санхүүжүүлдэг тусгай сангуудын орлогыг ч өсгөдөг. Төрийн зохицуулалт бол явж явж олон нийтийн аюулгүй байдлыг хохироохгүйгээр яаж хамгийн их татварын орлого хураах бэ гэдэг алгоритм бодох л болж үлддэг.   

Монголын сүүлчийн хямрал бол яг үнэндээ нүүрсний хямдрал, популизмын уршиг гэхээсээ илүү том бизнесийн том мөнгөөр жижиг дунд бизнесийн зах зээлийг хүчээр эзлэх болсоны л шууд үр дүн буюу эдийн засгийн  зохицуулалтын механизм ажиллахгүй байсны л үр дагавар нь юм. Энэ бол том бизнесийн төлөөлөлүүд төрд олноороо орсонтой л холбоотой гажуудал билээ.

Нэгэнт бичигдсэн дүрэмгүй нийгэмд эрх мэдэлтнүүд л дүрэмддэг. Монгол даяараа л ийм байна. Төр зөв болж байж л эдийн засаг зөв болно. Зөв төр эхлээд цаасан дээр зөв буусан байх ёстой байдаг. Гэтэл Монголын төр бараг тэр чигээрээ цаасан дээр биш харин хурлуудын танхим, даргын контортоо л байцгааж байна.  Монголын төр бол бусад улсын хажууд цаасгүй нүүдэлчдийн төр бөлгөө. Цаасгүй төр, цаасгүй нийгэм бол орчин үед системгүй төр, системгүй нийгэм л гэсэн үг. Системгүй ямар ч юм хүчгүй болдог нь хууль. 

Манай төр цаасгүй, өөрөөр хэлбэл regulations-гүй, байцаагчид нь checklist-гүй, бизнесүүд заавар manual-гүй яваад байгаагаас Жож Сэрээнэнгийн лампчик асахгүй байгаад байгаа юм.
Ардчилсан төрийг нэрнээс бусдыг нь социализмээр нь явуулаад байвал гарцаагүй мухардалд хүрэх нь олон жилийн өмнө бидэнд ил болсон. Юутай ч агаарын тээвэрт үүнийг бид эрт анзаарч, бололцооныхоо хэрээр эрт засаж эхэлсэн билээ. 90-д оны дуулиант 5 осол олон зүйлийг шинэчлэхийг бидэнд тулгасан. Бид 1996-2006 оны хооронд жинхэнэ реформыг хийсэн дээ. Агаарын тээврийн эрх зүйг бүрэн шинэчилсэн. Хуультай болж, Иргэний нисэхийн багц дүрмийн системийг баруунаас импортлож, advisory circulars гаргаж, маягтуудыг журамлаж, авиакомпани бүрийг үйл ажиллагааны заавруудтай болгов. Агаарын тээврийн систем бүхэлдээ цаасжлаа. Үр дүнд нь ослын буухиа тасарч, Монгол улс 2010 онд ИКАО-д шилдэгт үнэлэгдэв.  Гэвч олон юм тэнд дутуу. Монгол улс даяараа нэвтрэх ёстой административ, санхүүгийн олон журмууд дэлхийн жишгээс хол хэвээр байгаа тул хүний хүчин зүйлээс хамаарсан завхрал тасрахгүй байна. Энэ нь эргээд үйл ажиллагаа, аюулгүй байдалд нөлөөлөөд эхэлж ч байх шиг.

Ганц л юм баталгаатай хэлж чадна. Монгол улс өөрийн үндэсний дүрмийн стандартын коджуулсан тогтолцоотой болохгүй бол хий эргэсээр л байх болно. Учир нь ийм тогтолцоо л нийгмийг авилгалын зохицуулалтаас чөлөөлж чаддаг. АТГ байгуулаад ч авилга буурахгүй байгаагийн цаад шалтгаан бол ердөө л энэ.
Үүнийг засахын тулд бид 90 ондоо орхигдон гээгдсэн тэр ардчилалын үнэт зүйлс рүүгээ 25 жилийн дараа дахин буцаж очих хэрэгтэй юм. Тэндээсээ дахиж эхлэн зөв ирээдүйгээ байгуулах шаардлага байна.

“Марти! Бид буруу ирээдүй рүү ороод ирчихэж. Энэ бол бидний 1985 он биш байна. Харин түүнтэй паралел өөр 1985 он. Үүнийг цаг хугацаа гажуудсан тэр өнгөрсөн цаг руу л буцаж очиж засах хэрэгтэй” Ирээдүй рүү буцсан нь-II киноноос





Монголчууд эвтэй байхдаа хүчтэй vs. Ерөнхийлөгчийн хүмүүс

1911 оны 12-р сарын 29-ний өдөр Монголчууд ердөө гурав хоногийн дараа Бээжинд онхолдох өдрөө хүлээж байсан Манжаас тусгаарлан өөрийн төр улс...