Monday, June 27, 2016

Эрх ашгийн эрэмбэ

Ардчилалын удирдагч С.Зориг агсан бидэнд нэгэн нэн чухал зүйлийг захин үлдээсэн билээ. Энэ бол эрх ашигийн эрэмбийн тухай түүний үг. С.Зориг хэлэхдээ эхлээд Монгол улсаа, дараа нь ямар нэгэн юмаа, эцэст нь хувиа бодож шийдвэр гаргаж байхыг хичээгүйлэн захиад “би Монгол хүний саруул ухаанд итгэдэг” хэмээн тодотгосон билээ.

Нөгөөдөр бид сонголтоо хийх гэж байна. Энэ сонголт мэргэн байх болтугай.  Бид сонголтоо хийхдээ нэр дэвшигчдийг ямар дурангаар харж, ямар шалгуур тавьж байгаа вэ гэдгээ нэг эргэцүүлэн бодох хугацаа цагаар хэмжигдэж үлдлээ. Эргээд нэг харахад нэг их гүндүүгүй, мундаг аж ахуйч, хөдөөний хүнд учиргүй тусч, жинхэнэ Монгол төрхтэй, цаанаасаа дарга шинжтэй намбалаг эрхэм, тоглоомын талбай байгуулж өгсөн өглөг буяны элч, сайд болохоороо яамандаа ажилд оруулахаар амласан, тэндэр өгч ч магад, хүүхдийн сургалтын төлбөр хариуцна гэсэн гэх мэт аахар шаахар ахуйн шинжтэй шалтаг шалтгаанаар бидний олон сонгуулийн олон сонголт хийгдэж ирсэн байна.

Сонгуулийн дараа амьдрал үргэлжлэнэ. Хувь хүний амьдрал гэхээсээ илүү улс орны амьдрал үргэлжлэнэ. Гуравхан хоногийн өмнө Их Британи улс Европын холбооноос гарахаар болчихлоо. Цаашид энэ дэлхий дээр ямар үйл явдал ямар хурдцаар өрнөхийг зоригтой хэлчих шинжээч алга байна. Олон улсын харилцааны бүх зүйл маш тодорхойгүй байдалд орчихлоо. Гурав хоногийн дараа бид сонголтоороо энэ бүрхэг тодорхойгүй байдал дундуур Монгол улсаа залж явах багийг сонгоно. Олон улсын тавцан дээр олонхи цөөнхөөрөө хуваагдаж биш Монгол гэдэг нэг л баг гарч үзэлцэх ёстой байдаг. Гэтэл бид энэ багийг ямар тоглогчдоор бүрдүүлж байна вэ. Сайн бодох л асуудал. Магадгүй энэ багийн тоглогчдын ур чадвараас Монгол улс хожих хохирох нь шалтгаална.  

Эзэн Чингисээрээ бид бахархан омогшдог. Тиймээ тэр дэлхийн хүн байсан. Монголыг тэр л дэлхий Монгол болгосон. Хожим нь уруудан доройтох цагтаа Манжийн хааныг мад тавьсан То ван гэх мэт цэцдээ бид тойрон хүрээлж хүндэтгэн дээдэлж ирсэн байна.

Өнөөдөр бидний хийх сонголт зөвхөн 2016-2020 онд Монголын аж ахуйг хөтөлж, боловсон хүчнийг байршуулах төдий сонголт биш юмаа. Ирэх 4 жилийн турш өмнөхөөсөө хэд дахин эвгүйгээр бужигнаж магадгүй байгаа олон улсын давалгаан дундуур Монгол гэдэг завийг хөмрүүлчихэлгүй авч явах хөлгийн багийг бид сонгох гэж байна. 

Эрх ашгийн эрэмбийн тухай С.Зоригийн сургаалийг дагавал би эхний ээлжинд Монгол улсыг гадаад ертөнцөд төлөөлж чадах, эрх ашгийг маань хамгаалж чадах,  байр суурийг маань бэхжүүлж чадах эрхэмүүдийг сорчлон сонгох хүсэлтэй байгаагаа нуух юун. АН, МАН болон бусад бүх намд ийм шилдэг хүмүүс нь байна. С.Баярын олон улсын харилцааны салбарт ажиллаж байсан зангараг уул уурхайн томоохон төслүүдийг хөдөлгөсөнийг бид мартах ёсгүй. С.Баяр зөв тооцоолж Оюу Толгойн төслөөр Орос, Хятадын дунд гуравдагч хөршүүдийн эрх ашгийг шаантаг болгон авчирч зоогоогүй бол Монгол улсын тусгаар тогтнол 2 хөршөөсөө 100 хувь хамааралтай л үлдэх байлаа. Бидэнд 76 биш юмаа гэхэд 38 С.Баяр хэрэгтэй байна.

Хэн тэр 38-д орох боломжтой вэ. Та бүхний анзаараагүй, сонирхоочгүй байж байгаа олон хүмүүст тэр чанар бий. АН-с бол би шууд Лу.Болдыг онцолмоор байна. Баабар хэлэхдээ “Лу.Болдын үед гадаад харилцаа сайжирдаг” гэсэн билээ. Энэ бол олон зүйл дээр анзаарагддаг. Лу.Болд Монголыг дэлхий ертөнцөд боловсролтой, улсыг маань дорд үзэн харилцах боломжгүй болгон харагдуулж чаддаг эрдэм чадалтай Монгол.
Гадаад харилцаа зөвхөн гадаад яамны кадруудаар хязгаарлагдах ёсгүй юм. Монголын төрд байгаа бүхэн манай гадаад нүүр царай болдог. Аливаа улсын Соёлын сайд бол гадаад харилцааных нь маш чухал түлхүүр хүн нь юм. Миний эгч Оюунгэрэл гадаад харилцаа талдаа асар амжилттай ажилласан гэж би боддог. Монголоос урсан гарч байсан соёлын өвүүд, эртний олдворуудыг Монгол руу буцаан урсдаг болголоо. Өмнө нь аль ч соёлын сайд амжуулаагүй их ажлыг амжуулав. ЮНЕСКО-д бүртгүүлж чадахгүй мунгинаж байсан олон олон амин чухал бүртгэлийг хийлгэж дөнгөлөө. Дэлхий Монголоо таниулахад одоо ч хүчин зүтгэж явна.

МАН-д бас олон залуус байна. Д.Цогтбаатар жишээ нь Монголыг төлөөлж чадах хүмүүсийн нэг. Орос, Хятадтай учир зүйгээ ололцоод эвийг олж, Монголоо хавчуулан хяхуулахгүй байх сүүхээтэй олон хүн энэ намд байдаг. Өнөөдрийн Монгол улсын хоёр хөршийнхөө дунд хавчигдмал байдал, их гүрнүүдийн тулгалтуудыг нь хүлээн авахаас өөр аргагүй болдог доошоо орсон байдлыг тэгш, найрсаг харицаагаар солих шаардлага бидний нэн тэргүүний зорилт юм. Ялангуяа дэлхий асар том хуваагдал руу галт уулын лава шиг аажих гулсан орж байгаа өнөө цагт бүүр амин чухал асуудал болоод байна. Ялангуяа Орос улстай Цэдэнбал Брежневийн үе шиг тас тэврэлддэггүймаа гэхэд урьдын найрсаг дотно харилцаагаа яаралтай сэргээж авахгүйгээр ирэх он жилүүдэд болж магадгүй цочмог үйл явдлуудын дундуур Монгол улс хэвийн нэвтрэн гарах ямар ч боломжийг би хувьдаа олж харахгүй байна. 

Дэлхийтэй бизнес ярьчих, түүнийгээ зөв алдаагүй ярьчих олон олон залуус аль ч намд нь байна. Тэр залуусыг гаргаж ирвэл, дэмжиж боломж олговол Монгол дэлхийд гарна. Харин бизнесийн этикгүй, худлаа ярьж түншээ үргээн, Монголоо хажуугаар нь давхар хорлож явдаг эрхэмүүдийг бол энэ сонгуулиар сугалж үлдээсэн нь дээр юм.
Монгол дэлхийтэй харилцаж чадаж байж л тусгаар тогтнол гэдэг юм маань баталгаажна гэдгийг бүү март. Дэлхийтэй Хятад, Оросоор дамжуулж харьцдаг Өвөр, Буриад Монгол гээд бэлхэнээ жишээ цаана чинь байна. Иймээс бидэнд тусгаар улс байх маань л ноймор нэг зорилт шүү. Өөр эрхэм зорилт өнөө цагт байхгүй.


Та морио шинжихдээ хонинд явах, тугал эргүүлэхэд сайн морь гэж шинждэггүй. Айл хөршийнхөнтэйгөө уралдах, сум аймагтаа сойх, улсын наадамд түрүүлүүлэх гэж шинждэг. Та нэр дэвшигчдээ ч бас тэр шалгуураар шинжээрэй. Эд нарын хэн нь Монголыг дэлхийд гайгүй харагдуулан авч явж чадах вэ гэж. Энэ л бидний Монгол улсаа бодох эрх ашгийн эрэмбийн хамгийн дээд талд нь байх ёстой шалгуур нь юм.

Saturday, June 25, 2016

БАТ ИНЖЕНЕРИЙН ҮГ

Намайг Ардчилсан Намын гишүүн байжээж намаа шүүмжиллээ, МАН-д худалдагдлаа гэх маягтай жиргээ их болж. Би Ардчилалд хайртай. Гэхдээ энэ удаад бол байдал өөр байна. Шулуухан хэлье. Би зүгээр л З.Энхболд гэдэг дарангуйлагч Ерөнхий сайдтай болмооргүй байгаа юм. Бид АН-г ялуулбал Зи Ерөнхий Сайд болно. Зи Ерөнхий сайд болвол хувийн хэвшил дээрэмчдийн савраас мултарч чадахгүй. Учир нь Зи-гийн эргэн тойронд бусдын бизнесийг дээрэмдэхдээ, дарж унагаахдаа, улдан чангаахдаа гаршсан дээрэмчид бүүрлээд байж байна. Хувийн хэвшилд өндийх боломж өгөхгүй бол татварын орлого нэмэгдэхгүй, татварын орлого нэмэгдэхгүй бол цалин, тэтгэвэр тэтгэмж өсөхгүй. Хувийн хэвшил хумигдсан хэвээрээ байдал ажлын байр ч бас хумигдсаар байх болно. Хувийн хэвшлийн ажлын байр хумигдвал төрд байгаа хэдэн ажлын байрын төлөөх алаан улс орныг улс төржилтийн гүн хямрал руу хөтөлнө.
Зи Ерөнхий сайд болвол гадны хөрөнгө оруулалт орж ирэхгүй, харин ч бүүр Монголоос гарч зугатаах болно. Зи-гийн зөвлөх нь гадаадын хөрөнгө оруулагч дээрэмдэж байсан туршлагатай хүн. Үүнийг би биш Баабар хэлсэн. АН-ы олон олон бизнесмэн манай нам ялчих вий дээ гэж болгоомжилж байгаа нь нууц биш. Учир нь тэд бол прагматик хүмүүс. Бизнесээ хэдэн дураараа удирдагчидаас болж дампууруулахыг хэн ч хүсэхгүй нь мэдээж.
Зи Ерөнхий сайд болвол Монгол улс гадаад ертөнцөд тусгаарлагдаж ганцаардна. Учир нь хөрөнгө оруулагчид энэ хүнээс л айж байна, энэ хүнд үл итгэж байна. Харин Орос хятад 2 энэ хүнийг огт үл тоож байна.
АН-д ахиулан хийх ажил их байж болно. Ер нь аль ч намд амжуулахыг зорьсон их зорилт, их төлөвлөгөө байж л байдаг. Гэвч ямар ч ажил өөрийн зардалтай, хөрөнгө оруулалттай байхыг шаарддаг. АН хэлээд байгаа тэр ахиулан хийх ажлаа санхүүжүүлэх хөрөнгө хаанаас олох гээд байгаа нь тодорхой бус байна. Гэтэл манай нам уул уурхайгаа дараад унагаачихсан, хөрөнгө оруулагчдаа айлгаад зугатаалгачихсан, хувийн хэвшлээ боомилоод ухаан алдуулчихсан байж байдаг. АН-д ахиулан хийх ажлаа санхүүжүүлэх зээл өгөх банк одоо олдохгүй. Яг үнэндээ Портууны 2012 онд олж ирсэн Чингис Бонд бол өмнөх засгийн газруудын үед олон жилийн турш чимх чимхээр хураан хөеөлсөн зээлжих зэрэглэл буюу credit rаting –н том хаялага байсан юм. Гэтэл өнөөдөр Монголд хэн итгэж зээл өгөх юм бэ?  Өнөөдөр бидэнд зээл өгөх нормальный  банк санхүүгийн байгуулага хаана ч байхгүй.  Зээлжих зэрэглэл, бидэнд итгэх итгэлүүд Зи болон түүний нөхдийн уйгагүй оролдлогоор үгүй болсон. Одоо бидэнд нэг бол Хятадууд л зээл өгнө, үгүй бол бидний өрийг мөн л Хятадууд худалдаж авах ганцхан хувилбар үлдээсэн байгаа нь хэний гавъяа юмбээ эцсийн эцэст. Энэ бол тун осолтой хувилбар.

Би хувиа бодвол, бас намынхаа нөхдийн ажил амьдралыг бодвол АН-гаа дэмжээд, бурууд нүд аниад явж болж л байна. Гэвч С.Зоригийн бидэнд сануулан үлдээсэн эрх ашгийн эрэмбэ гэж нэг юм бийг би байнга санаж явдаг, та ч бас энэ эрэмбийг байнга санаж яваарай.



Sunday, June 12, 2016

Татаарын ардчилсан нам

1990 оны сонгууль бол миний анхны сонгууль байлаа. Анх удаагаа саналаа өгөхдөө Ардчилсан намын нэр дэвшигч Даваадоржийн Ганболдыг дугуйлж байсан шиг санагдаж байна.  Бидний оюутнууд хотоор дамжин ЗХУ руу явахаасаа өмнө сонгуульд саналаа өгч байсан хэрэг. Сонгуульд санал өгөх нь замын зардлаа авах болзол нь байлуу яалаа. Мартчихаж. Юутай ч хуучин тээврийн товчооны хажууд байрлах нагац ах Ч.Баярдалайн гэрийн ойролцоох 6-р сургууль дээр саналаа өгчөөд холын замдаа гарч байсан даа. Тэр цагаас хойш бараг бүх сонгуульд санал өгөхдөө зөвхөн АН-ы нэр дэвшигчдийг дугуйлж иржээ.

Би МСДН-д 2000 оны 5-р сарын 18-нд элссэн юм. Ерөнхийдөө бол тэр үед тодорхой болж ирж байсан Н.Энхбаярын дарангуйлалыг эсэргүүцэж ардчилсан үзэл баримтлалтай намуудад хүч сэлбэе үү гэж, 90 оноос хойш хийж ирсэн сонголтоо албажуулюу гэж элссэн хэрэг. Энэ намд элсэхэд Баабар надад их нөлөөлсөн. Тэхдээ тэр өөрөө энэ талаар мэдэхгүй л дээ. Дараа нь намууд нэгдэхэд АН-ы гишүүний батлах авсан. Би энэ намаас гарахгүй, Намайг гаргаж ч чадахгүй. Би АН-г шинэчлэхийг, паразитуудаас нь салгахыг л хүсдэг.

Би намчин байсангүй. Харин сайн професонал байлаа. АЗХ-н удирдах зөвлөлд бараг мэргэжлийн шалгуураар шахуу багтаж орж байсан. Ардчилсан нам сөрөг хүчин байхдаа надад таалагддаг байсныг нуухгүй байна. Зөв буруу олон зүйл хийсэн ч ардчилсан зарчмаар тэр шийдэлдээ хүрдэг байсан нь бүүр ч их таалагддаг байлаа. Хүний эрхийн төлөө Ардчилсан намынхнаас өөр чанга дуугардаг улс төрчид байдаггүй байлаа. Ний нуугүй хэлэхэд одоо ч ховор байна.

Ямар ч нийгэм үнэт зүйлээ л тойрч бүрэлддэг, үнэт зүйлсээ дагаж хөгждөг. Ардчилсан нийгэм бол ардчилалын үнэт зүйлсийг л тойрч хөгжих учиртай. Аж ахуйн зорилтууд нь ардчилалын зорилтыг хангахад чиглэгдэж чадсан улс л хөгжөөд байгааг бид харж байна. Тэнд зүгээр нэг бүтээн байгуулалт биш хүний эрхийг хангахад чиглэгдсэн бүтээн байгуулалт л хийгээд байдагийг анзаарахад нэг их гярхай нүд шаардагдахгүй.  Зам барихдаа дренажтай, явган хүний замтай, явган зам, зогсоолууд нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй, найдвартай урт настай тул жирийн татвар төлөгчдийн санхүүд хэмнэлттэй, хамгийн гол нь аюулгүйн бүх стандартыг дээд зэргээр хангасан ийм бүтээн байгуулалт хийж харагддаг.  Хот байгуулалт бол тэр чигээрээ хүний эрхийн эргэн тойронд яригддаг шинжлэх ухаан болохыг би номноос олж уншсан. Хүний биеийн хэмжээ, үйлдэлийн онцлогийг тойрч бүх бүтээн байгуулалтын стандарт нь бий болдог юм билээ. Унтраалга, разетканы хананд байрлах байрлал гэх мэт хамгийн жижиг деталь хүртэл хүний эрхийг хангахын төлөө стандартчлагдсан байдгийг олж мэдээд тэдэнд үнэхээр атаархсан.  

Ардчилсан намд хамгийн сүүлд 2012 онд саналаа өгсөн. 2013 оны ерөнхийлөгчийн сонгуульд саналаа АН-ы нэр дэвшигчийн өрсөлдөгч Б.Бат-эрдэнэ аваргад өгсөн. Ба аваргад өгсөн минь учиртай. Би Элбэгдоржид дургүйдээ биш АН-д анхааруулах зорилгоор Ба аваргад саналаа өгч байлаа.  13 онд Ардчилсан Нам дохио авч сэхээрэл олж чадсансан бол өнөөдөр би үүнийг бичиж суух шаардлагагүй байх байсан юм шүү.

Сүүлийн жилүүдэд Ардчилсан нам танигдахаа байсан, Ардчилсан нам ч иргэдээ танихаа байсан. Иргэдээсээ байтугай гишүүдээсээ холдоод алга болсон. Жирийн гишүүдээсээ байтугай байтугай Үндсэний зөвлөлдөх хорооны гишүүдээсээ тасраад тусдаа болсон.

Ард түмэн 2012 онд ардчилсан намд эрх мэдлийг шилжүүлсэн, харин ардчилсан нам эрх мэдлээ буруу хүмүүстээ атгуулсан. Өнөөдөр тэр буруу хүмүүс нь абсолют эрх мэдэлд хүрэхээр сонгуульдаж байна. Өнөөдөр тэр буруу хүмүүс 2012-16 оны хооронд хутгасан бантан, хулгайлсан баялагаа хуулийн хараанаас нууж, ард түмний тооцооноос аврахын тулд сонгуульдаж байгаа юм. Өөрийн чинь мөнгөөр өөрийг чинь худалдаж авахыг санаархаж байна. Тэд үнэндээ шоронд орох уу ордонд орохуу гэдэг дээрээ л амь тавьцгааж байна.

Ардчилсан намынхан бүгдээрээ буруутан, адгийн шаарууд бишээ. Гэхдээ л буруу хүмүүст ард түмний АН-д өгсөн итгэлийг эрх мэдэлд хувирган дамжуулж өгөөд байгаа нь АН-ы гишүүн бид бүгдийн буруу.  АН өөрийн буруу хүмүүстээ эрх мэдэл атгуулаад зогсохгүй, хаа хамаагүй тэнэж явсан олз хайгчидтай эрх мэдлээ хуваалцсан. 3 бие даагчид бол яг үнэндээ тийм олз хайгчид л байсан шүү дээ.

МАН-ы байгуулаагүйг АН байгууллаа бүтээлээ л гэцгээж байна. Р.Амаржаргал бол худалч хүн биш. Яг үнэндээ 2012 онд өмнөх бүх засгийн газрыг нийлүүлснээс их бэлэн мөнгө АН-ы засгийн мэдэлд орж ирсэн гэж тэр хэлсэн. Зөв зарцуулсан эсэхэд нь ч асар их эргэлзэж байна лээ. Эхэндээ АН энэ их мөнгөөр юу хийхээ ч мэдэхгүй балмагдаж байсан. Тэгэж тэгэж тэнгэр ширтэн тэнэгтэж тэнэгтэж 888 төсөл гэсэн хужаа тоон дээр тогтсон. Мөнгөөр ч харин нэг туйлсан даа. Бидний үр хүүхдүүдийн ирээдүйгээс зээлж авсан мөнгөөр. Өнөөдрийн АН-н бүтээсэн гээд байгаа бүх зүйл зээлийн санхүүжилттэй л байна. Тэхлээр энэ чинь зээл авсан АН-ы гавъяа юу, эсвэл ирээдүйд тэр зээлийн өрийг барагдуулах таны хүүхдүүдийн гавъяа юу? Яг юу нь төсвийн орлогоос санхүүжигдсэн юм бүү мэд. Тэр орлого байсан ч юм уу үгүй ч юмуу?

Орлого олж болох бүх сувагтай АН дайн зарласан.  Том төслүүдээ боомилон унагааж улдан чангаахаас Уул уурхайн сайд нь эхэлж байсан. Таван толгойн нүүрсийг 70 доллараар тогтвортой нийлүүлэх гэрээг оролдсоор байгаад цуцалсны маргааш л нүүрсний үнэ 3 дахин унаж шалдаа буусан шүү дээ. Оюу Толгойг хичнээн ч жил чангаав. Эндээс хэн ч хожсонгүй. Монголчууд бүүр ч хожсонгүй.

Барьсан бүтээснээсээ илүү бариагүй, бүтээлгээгүйнх нь импакт дэндүү нүсэр байсан. Бариагүй, бариулаагүй төмөр зам бол үүний тод жишээ нь.

2013 онд Ерөнхийлөгчийн сонгуулийн популизмын хүрээнд уул уурхайн лицензийг бөөн бөөнөөр нь цуцлав. Мэдээж үүнийг дагаад ажлын байрууд хувигдав. Экспортын орлого ч доошоо сүнгэнэв. Төгрөгийн уналт чухамхүү эндээс эхлэв. 

Чалкогоос зээлсэн мөнгийг МАН ард түмэнд тараалаа л гээд байсан. Яг үнэндээ тэр мөнгө үй олон жижиг дунд бизнесийг орлоготой байлгаж байсныг хожуу ухаарсан ч энэ үнэнийг цөөн хүн л анзаарсан. Тэгээд ч Чалкогийн зээл бол төсөвт хамааралгүй аж ахуйн аргаар барагдуулж болох зээл байсан. Жижиг дунд бизнесийн орлого хумигдсанаар ядуурал эрс нэмэгдсэн. Татварын орлого ч сураггүй болсон. Тал талх, 2 төмсний наймаа жирийн үзэгдэл болсон тухай яриа ч цочоохоо болив. Мөнгө иргэддээ тараагаад эдийн засаг нь сүйрчихдэг бол Австрали улс хамгийн түрүүнд сүйрчих байсан юм шд. Энэ улс 2008 оны хямралыг иргэддээ мөнгө тарааж худалдан авалтанд уриалж байж хямралаар ашигтай гарч давсаныг би гэрчилнэ. Хамгийн гол нь иргэдэд очсон мөнгө худалдан авалт руу ордогт л байгаа юм. Худалдан авалт нь өөрөө эдийн засгийн суурь болсон жижиг дунд бизнесийг тэтгэдэг амин сүнс нь. Орлогогүй болсон жижиг дунд бизнесүүд дээр царцааны нүүдэл нэмэгдсэн нь бүүр ч хүнд хохирол эдийн засагт авчирсан. АН-ы дарга нарын цүнх баригчид, АН-тай хамтрагчдын дагуулууд нүүдлийн царцаа шиг бөөнөөрөө бүх албан байгуулагуудаар орж ирж самарсан. Идэж болох бүхнийг идэж, тасдаж болох бүх ажлыг таслан зогсоосон. Энэ нүүдэл ч нисэхийг тойроогүй.  Зөвхөн бие даагчдад хаяж өгсөн ИНЕГ-т л гэхэд 2012-2013 оны хооронд жилийн дотор 280 орчим хүнийг халж, оронд нь 380 орчим хүн авсан байдаг. Ажлаас үндэслэлгүй халагдсан зарга захиргааны шүүхийг бүтэн 4 жил хэт ачаалалтай байлгасан. Зөвхөн гэнэт халагдсаны тэтгэмжинд байгуулагын төсөв урсаж эхэлсэн. Нэг ажил дээр халагсан хүнд хуулиар олгох зардал, ажилд авсан хүний цалин гээд 2 нугарсан зардлууд гарч эхэлсэн. 

Ажлын байрууд ийн самрагдаад эхэлмэгц ажилтай орлоготой хүмүүс дээр суурилаж байсан моргэжийн зах зээл хямралд орсон. Эдийн засаг, улсын хөгжлийн бас нэг чухал салбар болох барилгын салбар үнэн голоосоо ганхаж эхэлсэн. Барилгын сайдууд нь яаж ч маневрлаад ажлын байр, өрхийн орлогын хямралаас үүдэлтэй худалдан авалтын хомсдолыг зохицуулж дийлээгүй. АН-ы дарга Арвинтай нийлж Цайз захын дээхнэ хятадын мөнгөөр барьсан хороололдоо зориулж 5 хувийн зээл гаргаад ч өнөөдөр борлуулалт нь муу л байна. Ер нь 5 хувийн зээлийг та нарт зохиулж санаачилсан ч юм биш гэдгийг мэдээд авчихад илүүдэхгүй. Хятадыг хамгийн их эсэргүүцдэг эх орончид л хятадын мөнгийг эргэлдүүлж хүүлдэг бизнестэй байдаг байна лээ шүү.

Муу дээрээ муу, муухай дээрээ улцан гэгчээр АН-ы бүтэлгүйтэл дээр хууль хяналтын байгуулагуудын харгислал энэ он жилүүдэд хяналтаа алдсан. Тэдний араанд зуугдаж хараанд өртөөгүй төрийн хүн, бизнесмэн, хөрөнгө оруулагч байтугай жирийн иргэн ч  олдохоо больсон. Гадныхан нь зэлээ эвхээд гарч зугатаацгаасан бол эх орноо хөгжүүлэх гэж эрсдэл үүрэн зүтгэсэн олон бизнсмэн, үгээ зоригтой хэлсэн иргэд шорон, шүүхийн хаалга сахицгаах болсон.  Өнөөдөр олон олон хөрөнгө оруулагч сонгуулийн дүнг л хүлээж байна. АН ялбал тэд дахиад 4 жил хүлээнэ. Эсвэл Монголд хөрөнгө оруулах санаагаа нэг мөсөн хаяна. Хөрөнгө оруулагчид тогтвортой, нэг үгтэй засаглал л хүсдэг. Хятад, Казакстан сайн засаглалтайдаа хөрөнгө оруулагч татаад байгаа ч юм биш. Гол нь тогтвортой, үг үйлдэл нь нэг төртэй учраас хөрөнгө оруулагчдыг татаад байдгийг анзаарахад нэг их сүрхий ухаан хэрэггүй.   АН-ы Ерөнхий сайдын хэлснийг хурлын дарга нь бут цохиод, УИХ-н шийдсэнийг Ерөнхийлөгч нь боймлоод нэг иймэрхүү байдалтай л 4 жил өнгөрлөө. Ийм байхад хөрөнгө оруулалт яаж ч орж ирэх билээ дээ.

Энэ мэтээр тэнэгтсээр байгаа орлогоо хумиад хаясан тул зээл, зээл бас дахин зээл гэдэг тогтолцоогоор санхүүждэг улс болж авлаа энэ 4 жилд. Өнөөдөр Монгол улс дотоодын нийт бүтээгдхүүнээсээ 5 дахин их өрийн дарамттай байгаа нь хэний гавъяа юм?

2012 онд Ардчилсан намыг хаашдаа олигтой хийж чадахгүй аж ахуйн ажил хийгээдх гэж бид сонгоогүй. Олон жил үгүйлэгдэж, ард түмэн ангаж цангаж  байсан ардчилалын үнэт зүйлсийн амьдралд ирүүлэх хүслээр л АН-д саналаа өгцгөөсөн. Ардчилал бол АН юм гэх шахуу итгэцгээж байсан. Гэвч их санасан газар 9 шөнө хоосон гэгч л болсон доо.

Хүний эрх хүнд байдалд орсон. Шударга ёс мартагдсан. Төр хувьчлагдсан. Ардчилсан нам засаглаж байхад Монголд хүний эрх хумигдаж, улс төрийн хоригдлуудтай болж эхэлсэн нь дэлхийг ч цочоосон. Дэлхий Монголоос нүүр буруулах олон шалтгааны хамгийн том нь энэ болсон. Дэлхийд муухай харагдсандаа бантсандаа баахан хурал зарлаж зудан дээр зуд гээч л болгож байна яг одоо. 
Тэмүүжин нарын хуулийн реформыг АН-чид өөрсдөө улдан чангааж зөндөө саатуулсан, гажуудуулсан. Томчууд нь нэг нэгээрээ хуулийн байгуулагад дуудагдсаар байгаад ерөнхийдөө хууль шүүхийг атгасан цөөхөн эрх мэдэлтний мэдэлд эрх баригчид өөрсдөө яваад орчихсон. АН сонгуульд ялбал 2016 оноос таны саналаа өгсөн АН биш цаана нь АН-ы томчуудын хэргийг нь уншаад сууж байгаа хууль хяналтын эрх мэдэлтнүүдийн засаг л тогтоно. Хийсэн, хийгээгүй хэргүүдээр нь дамжуулж та бидний сонгосоноос шаал өөр хүмүүс өөр байшингаас засаглана. Хар хурандаа нарын үгэнд ороогүй нь үлгэр жишээнд ачигдна. Концерт нь дуусна.

Ардчилсан нам бас бүрэн сөнөчөөгүй байна. Түүнийг аврах боломж бий. Ардчилдсан намд хүний эрхийн төлөө цуцашгүй тэмцэгч миний эгч Ц.Оюунгэрэлээс авахуулаад олон олон 90 оны үзэл бодолдоо үнэнч Лу.Болд, Ц.Баярсайхан, Х.Тэмүүжин нарын гишүүд үлдсэн.  Дарханы Наранбаатар мэтийн зоригтон залуус ч бас байна.

Харамсалтай нь АН одоо ялбал дахиж хэзээ ч ялахгүй. Ерөнхий сайд З.Энхболд, ЗГХЭГ дарга А.Гансүх гээд гараад ирвэл шударга ёс, эрх чөлөө, ардчилалын үнэт зүйлс гэж яриад ч яахав.  АН-д насааараа над шиг үнэнч байсан олон олон гишүүдийн урдуур дарга нарын чинь  хунтайжууд, хулгайн хамсаатнууд нь дайрч орж ирнэ.  АН-ы залууст хэлэхэд та нар дарга нарынхаа сонгуулийг нураа. Битгий сонго. Эсрэг ажилла. АН-ы лидерүүд ихэнх нь 55 хол гарцгаасан. Ахиж 4 жил туйлчихаад, өөрсдийнхөө оронд хунтайжуудаа гаргаж АН-ы залуус та нарын толгой дээр тавьчихаад л арилаад өгнө. Энэ бүх завхралаас яг өнөөдөр, яг энэ сонгуулиар АН-г ялагдуулж байж л аварна.

Тэхдээ АН-ы нэр дэвшигчдийг хуугаар нь хусах хэрэггүй.  АН-с хүний эрх, ардчилалын үнэт зүйл ярьдаг, түүний төлөө тэмцдэг шударга хэдийг нь шилж УИХ-д оруулаад бусдад нь түр чөлөө өг. АН-ы гишүүдийг хавчигдахад өмөөрдөг, хоригдоход эргэдэг, суллуулахын төлөө дуугардаг хүний эрхийн тэмцэгчдийг УИХ-д заавал оруул. Та нарт хэрэг болно.

АН өнөөдөр ялбал ард түмэн нэг хэсэгтээ АН-с том жигшинэ. 2020 онд нэг ч суудалгүй гудманд хөөгдөж гарна. Магадгүй үүний дараа 20 жил АН засаглаж чадахгүй болж ч мэднэ. АН-ы өнөөгийн залуусын ид үе гудманд өнгөрөх аюул бий. Учир нь манай дарга нар та нарын ирээдүйг огт болдохгүй тэнэгтэж чадна. Ер нь ч тэнэгтэх байх.  

АН-ы залуусаа өнөөдөр дарга нараа, тэдэнд кноп нэмэх даалгавартай нэр дэвшсэн долдой нараа татан унагааж намаа авар. Та нарын мөрөн дээр гишгиж толгой дээр чинь гарсан дарга нараа гуд татаад буулгаад ир. Нэг түвшинд оруулж байгаад нүүр нүүрээ харж ярилц, хуралд, Үндэсний зөвлөлдөх хороогоо цагт нь хуралдуулж, их хурлаа ёсоор нь хийгээд нэг үз. 

Ардчилсан нам ардчилсан байх нь, ардын нам ардчилсан байх нь Монгол улсад л хэрэгтэй.  МАН бас монгол нам, ардчилсан нам. Энэ удаад би түүнийг ялаасай гэж бодож байна. АН-г эрүүлжүүлж байх хооронд энэ улсыг нураачихгүй аваад явж чадах өөр улс төрийн хүчин би л лав МАН-с өөрийг олж харахгүй байна. МАН ялчихвал 2016-2020 оны хооронд асар хариуцлагатай засаглахаас өөр сонголт тэдэнд байхгүй. Учир нь 2021 онд бол Ардын хувьсгалын 100 жилийн ойн жил. Ирэх 4 жилд маргаашаа болохгүй дураараа дургиж, намаараа найрлавал ард түмэн намынх нь 100 жилээр МАН-г гудманд гаргаж бас чадна. Гэхдээ тэд үүнийгээ тооцоолон ухаалаг байж популистуудаа хазаарлан, професионалуудаа түшиж ажиллахаа мэдэж байгаа байх гэж итгэж байна.  Професионалуудыг намаар ялгаварлаад эхэлбэл АН-ы алдааг давтах л болно гэдгийг МАН-д хэлчихье. Тэнэг л биш бол тэднээр ажлыг нь л хийлгэ. Энэ улсыг тэртэй тэргүй бид хамтдаа л босгох үүрэгтэй. Тэр жил МАН-г яг туйлдаг дээр нь ард түмэн татаж ухааруулсан. МАН ч дарангуйлагчаасаа зоригтой салсан.  АН бас дарангуйлагчаасаа салах боломжийг ашиглаад авах хэрэгтэй. Яг одоо АН дарангуйлагчдын мэдэлд байна. Тэд сонгуульд нэр дэвшүүлэх эрхийг ҮЗХ-с булаагаад авчихлаа. АН-ы хажууд МАН хамаагүй ардчилсан байдлаар их хуралд нэр дэвшүүлсэнийг бид харсан.

АН-ыг төрөөс татан буулгаж өөрийгөө эрүүлжүүлэх боломж олгоё.  Идсэн уусандаа шартсан дарга нарын ахиулАН идэж уух хүслийг энэ сонгуулиар хазаарлая.  Энэ хооронд улс нийтээрээ өрнөөсөө салъя. Хөрөнгө оруулалтаа татъя. Том төслүүдээ хөдөлгөе. Жижиг бизнесүүдээ ч дэмжье. Хамгийн гол нь ардчилсан намаа ардчилсан болгоё. Тэгвэл төр ардчилсан болно. Төр нь ардчилагдаж чадвал 3хан сая хүний амьдралыг өөд нь татах бол амархан асуудал. 


АН энэ сонгуулийн гол хөзөр нь бүх аймгуудыг авто замаар холболоо гэж байна. Сайн байна. Гэвч 2000 оны 7 сард “мянганы зам” гэдэг санаачлагыг У.Хүрэлсүх анх гаргаж байсныг олон хүн мартжээ. 2000 оны МАХН-ы сонгуулийн мөрийн хөтөлбөрт ч байгаагүй цоо шинэ санаачлага байсан юм шүү. АН Улаанбаатраас эхлэлтэй шинэ замууд цоо шинээр барьсангүй. Зүгээр нь Мянганы замыг цааш нь үргэлжлүүлж барьлаа. Дараа дараагийн засагт гарах намууд ч өөр өөрийн замуудыг л өмнөх засгийн замд залгаад л барих нь тодорхой. Бидний үеийнхэн захын сумдад хар зам хүрэхийг үзэхийн төлөө ажиллана. Татвараа төлж хувь нэмрээ ч оруулна. Ингэж байж аялал жуулчлал хөгжиж, уул уурхайгаас хамааралгүй болно. Америк шиг айл бүрийн үүдэнд хар зам хүрдэг цаг тийм ч холгүй байгаа гэж итгэж байна.  Энэ үйлсэд бүх намууд өөр өөрийн ээлжинд амжуулж чадах ажлуудаа л хийгээд байх хэрэгтэй юм. Увс орохдоо хэн хэний барьсан замаар явж байгаагаа сайн анзаар. Энэ замуудыг Монголын ард түмэн, төр засаг үе дамжин залган барьсаар  ийм болгосныг л хамгийн сүүлчийн замыг баригчид хүлээн зөвшөөрчих хэрэгтэй. Бас ард түмэндээ тийм л хайртай юм бол брожур байнга солиод мөнгө цохиод байхаа болчихож болдоггүй юм уу БатҮүл ахаа.

Ийм зүйл бичлээ гэж намайг албан тушаалын хэнээтэн болгож цоллохыг би мэдэж байна. Манай татааруудын ганц чаддаг юм нь өөрөөс нь илүү гарсан залуусаа дарж байхыг хичээдэг явдал. Залуустаа боломж олгодоггүй учраас АН тэдэнтэй цуг мөхөж ч магадгүй. Миний хувьд тэртэй тэргүй МАН байсан ч МИАТ-г МАН-ы гишүүд удирддаг, АН гараад ч МИАТ-г МАН-ы захирал залдаг юм чинь надад бол МАН-г нь дэмжээд тэднээс аль сайныг нь гаргаж МИАТ-д тавьж байх нь дээр санагдаж байна.

Залуусаа дэмждэг МАН ямар байгааг хар, АН  ямар байгааг хар. Архангайн тойргийг л зэрвэс харчих. Тэр хөгшчүүл залуусыг ганц нэг сонгуульд ялж магадгүй ч ирээдүй бол байнга залуусын гарт л байдаг. Залуусаа нам харгалзахгүй дэмжээрэй. Гуйя. С.Баярын хэлснээр тэд хийх алдаагаа эртхэн гүйцээж, бүтээх үйлсээ цаг хугацаандаа эхлэх боломж олж байх ёстой юм. Нэр дэвшигч бүх залууст амжилт хүсье. Монголын ирээдүй та нарын гарт байгаа шүү.

Thursday, June 2, 2016

Батхүү

Сонгууль ойртжээ. Нэр дэвшигчид ч тодорхой болсон байна. Сонгуультай холбоотойгоор ах дүүс болсон агаарын тээвэрчид, анд нөхөддөө хандан хэлэх үг байна.

Би нисэхэд 23 жил ажилласан. Миний ид залуу нас агаарын тээврийн алтан үеийнхний дунд, асар их өөрчлөлт шинэчлэлийн цагт өнгөрсөн юм. Надад Бат Инженер нэрийг Ан-24-н нисэгч “ногоон” хэмээх Д.Батнасан ах маань өгсөн. Олон Батнасан бий. Бид нэгэнтэйгээ наргиантай дотно харьцаж, хов матаасаар ажлаа хийдэггүй сайхан үе нисэхэд бас байсан юм шүү.  Ачаалал ихтэй ажлын ард ажлынхантайгаа, андуудтайгаа наргин маазарч байж л гардаг байсансан. Тэр үед цаг өөр байсан. Нисэхэд өөрчлөх шинэчлэх юм бүүр ч их байсан. Бидэнд улс төржих зав ч байдаггүй байлаа. Бидэнд ажил хийх байтугай, дарга хийх хүн ч асар дутмаг байсан үе зөндөө байсан. 90-д оны дундуур зарим үед хүчээр шахуу албан тушаалд тавьдаг ч байсан тохиолдол байв. МИАТ-н 95 оны захирал, НААХЗА-ы анхны дарга асан Х.Наранхүүг бол ерөнхийдөө хүчээр томилж халширмаар олон ажил рүү орууж байсныг сайн санаж байна.

Сайдууд нь сайд шиг тулхтай, хамт олон нь хамт олон шиг нягтралтай үеийн тухай би ярьж байна. Гэвч энэ байдал 2008 оноос өөрчлөгдсөн. Тэр үеийг өнөөдрийн нисэхийн уур амьсгалтай харьцуулаад нэг хар. Олон юм өөрчлөгдөж хамт олон уур бухимдалтай болжээ. Энэ чигээрээ цааш явбал та бидний бие, нерв барахгүй, хөгжил дэвшил ч хохирно. Ажлын ачаалал дээр улс төрийн дарамт нэмэгдэх нь хүсээд байх зүйл биш юм билээ.

Бидний ажил амьдрал салбарын төрийн бодлого тодорхойлогчдоос ихээхэн хамааралтайг би анзаарсан. Салбарын бодлогыг сайд нь хэрхэн авч явна, салбар тийм л болдог. Иймд та нар сонголтоо хийхдээ үүнийг давхар бодолцоорой гэж хүсье.

Агаарын тээврийнхэн олон сайдын гар дамжжээ. Салбарт ээлтэй хэд хэдэн сайд байсан. Шулуухан хэлэхэд 2008 оноос өмнөх сайдууд сайд шиг сайд байж салбарыг социализмаас нь салгаж зах зээлийн тогтолцоо, шинэ техник технологи руу хөл тавиулсан ухаалаг лидерүүд бодлоготонгууд байсан юм. Р.Сандалхаан сайдын хувьд зах зээлд шилжээд мунгинаж байсан хэдий ч  анхны Боинг 727 онгоц орж ирж, Азийн хөгжлийн банктай агаарын навигацыг шинэчлэх зээлийн гэрээ батлагдан, нисэх буудлын терминалыг шинэчлэн, техник үйлчилгээний ангарын барилга эхэлсэн түүхтэй. 90-д он тэр чигээрээ улс орны хувьд асар их өөрчлөлт шинэчлэлтийн он жилүүд байсан. Г.Нямдаваа сайдын үед агаарын тээврийн эрх зүйн шинэчлэлийн ажил жинхнээсээ эхэлсэн. Бидний залуус энэ ажилд өдөр шөнөгүй сууж зүтгэсэний үр дүн жил өнжөөд болж байсан ослын буухиа тасарч авиакомпаниуд manual, заавар, checklist-үүдтэй болж, 2010 онд ИКАО-гийн шалгалтанд өндөр үнэлгээ авсан билээ. А310 ч Нямдаваагийн үед орж ирж, Нямдаваа хожим нь МИАТ-н захирал болсоныхоо дараа санхүү, үйл ажиллагааны хүндрэл мухардлаас уг төслийг салгаж байсан.

Г.Батхүү сайдын хувьд Сандалхаан, Нямдаваа сайдуудын яаманд олон жил ажилласан, салбарын бодлогын шийдлүүд дээр туршлагажсан залуу анх 98 онд сайд болж байсан юм. Түүний хамт олныг нягтруулж чаддаг, нэг зорилгын төлөө дайчилж чаддаг чадварыг би олон зүйл дээр харсан. Г.Батхүү бол 99 оны Иргэний нисэхийн хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч байлаа. Бид хоёр УИХ-н чуулганы танхимын үүдний өрөөнд нисэхийн хуулийг очерь дайруулан хэлэлцүүлэх арга сэдсэнийхээ төлөө Дамиран сайдад (ТНБД, УИХ гишүүн агсан) хамтдаа загнуулаад зогсож байснаа дурсахад сайхан. Дамиран сайд ч (Бид түүнийг ингэж хүндэтгэн дууддаг байв.) бас л туршлагатай зангарагтай хүн байлаа. С.Зориг сайд ч, Г.Батхүү сайд ч түүнийг солиогүйд би талархаж явдаг. Г.Батхүүг сайд үед агаарын харилцааны бодлого ихээхэн урагшилсан юм. Агаарын харилцааны хэлэлцээрүүдээр олон улсын зах зээлийг нээж авахгүйгээр агаарын тээврийн хөгжлийг ярих боломжгүйг тэр хамгийн ихээр ойлгож дэмжиж байсан хэрэг.

Г.Батхүүд нэг маш чухал чанар бий. Тэр нисэхийнхнийг сайн ойлгодог, нисэхийн хэлээр нисэхийнхэнтэй ярьж чаддаг, салбарын шилдэг мэргэжилтнүүдийг таньж дэмжиж чаддаг цөөхөн улс төрчийн нэг. Иймдээ ч 2 удаа салбарын сайдаар ажилласан. Нисэхийн олон гавъяат, олон алдартан Батхүүгээр ажил үйлсээ тодорхойлуулж  төрийн өндөр шагналд хүрсэн байдаг. 2004-2006 онд сайдаар ажиллахдаа Нислэгийн Аюулгүй Ажиллагааны Хяналт Зохицуулалтын Алба (НААХЗА)-г бие даалгаж тусад нь ажиллуулах асуудлыг шийдсэнээр нислэгийн аюулгүй ажиллагааны хяналт, гэрчилгээжүүлэлтийн ажил бие даасан байдлаа бэхжүүлж авах том боломж гарсан юм.  Бид олон улсын жишиг рүү том алхсан.
Б. Жигжид, Ц.Цэнгэл сайдуудын тухай ч сайнаар дурсан явахыг би хүсдэг. Тэд тулхтай, салбарын ньюанс ойлгодог, ойлгохыг хүсдэг, мэргэжилтнүүдийн үгийг сонсдог тийм  хүмүүс байсан.

ИНЕГ дээр иргэний нисэхийн 2 дахь хуулийн төслийг бид 9 сар суун боловсруулаад яамд, Засгийн газраар оруулан УИХ-д өргөн барихад бэлэн болгоод байна. Энэ хууль батлагдвал нисэхийн хөгжил бас нэг шинэ шатандаа гарах болно. Зохицуулагч, агаарын тээврийн дэд бүтцийн үйлчилгээ үзүүлэгч тусдаа салж, general aviation буюу хөнгөн агаарын хөлгийн нислэгт маш өргөн боломж нээгдэнэ. Энэ бол олон олон залуу хүмүүсийн нисэх мөрөөдөл биелэхэд ойр, амар хялбар болно гэсэн үг. Агаарын тээврийн бизнесийн өрсөлдөөн зах зээлийн орчин сайжирч, олон залуусын ажлын байр хадгалагдах нөхцөл энэ хуулиар үүснэ. Энэ хууль батлагдвал бид олон улсын сонгодог жишиг рүү эргэлт буцалтгүй орж чадна. Гэвч хууль батлахад учир бий. Бидний хуулийг энэ их хурал амжиж баталж чадахгүй. Дараагийн их хуралд ч нисэхийн салбарыг ойлгодог хүн орохгүй бол бас л хэцүү.
Өнөөдөр Буянт-Ухаагаас манай сайд асан Г.Батхүү нэр дэвшиж байгаа юм байна. Та нарыг түүнд саналаа өгөөрэй гэж хүсэх байна. Агаарын тээврийнхний үгийг УИХ-н танхимд гажуудалгүй дамжуулж чадах, салбарын асуудлыг цээжээрээ хамгаалан зүйл заалт бүрээр нь бүрэн бүтэн батлуулж чадах хүн бол Г.Батхүү.

Батхүүг дэмжихийн тулд түүний талаар нийгэмд тогтсон (магадгүй тогтоосон) зарим ташаа ойлголтын талаар өөрийн бодлоо хэлье. Батхүүг АПУ-гийн Батхүү гэж дуудаад олон жил болжээ. Нийгэм дэх архидалттай түүнийг холбон гутаахыг ч олон жил оролдлоо. Яг үнэндээ Батхүү тухай үед тахал шиг байсан найруулсан спиртийн мафийн цэцэглэлт, түүнтэй холбоотой бүх муу муухай зүйлээс Монголын нийгмийг аварсан хүмүүсийн нэг юм. Чанартай архийг зөвхөн Баянголын шоопоос авдаг байсан үед нэгмөсөн цэг тавьсан хүн бол Батхүү. Архи согтууруулах ундаа бол аль ч улс үндэстний хэрэглээ, ахуйн соёлын хэсэг нь байдаг. Францчууд согтуурлыхаа бурууг Бордо нутгийнхандаа тохож, Германчууд хонон өнжин пиавдсандаа Баварийнхнаа буруутгадаггүй биз дээ. Хүйтэн хойд туйлын Финляндууд бол архины хэрэглээ өндөртэй ч хэнийгээ ч буруутгадаггүй. Харин ч дэлхийн алдартай олон брэнд архи Финляндынх гэдгээр бахархадаг юм билээ. Батхүү АПУ-гийн хувьчлалын шударга тэндэрт ороод ялаагүй бол АПУ өнөөдөр Жэнко Баттулгынх л байх байсан. Баттулга ялсан бол өнөөдөр бид Баттулгыг муулаад суух байсан уу. Би тийм гэж бодохгүй байна. Энд зүгээр л субъектив улс төрийн сурталчилгаа яваад байгаа юм. Иймд ялгаж салгаж ойлгохыг бодоорой.

Энэ мэтийн олон шалтгаанаар би Нисэхийн тойрогт Г.Батхүүг ялаасай гэж бодож байна. Түүнтэй өрсөлдөж байгаа бусад нэр дэвшигчид агаарын тээврийг ойлгоод дэмжээд явна гэхэд би л лав итгэхгүй байгаа. Тэднийг би мэдэх ч үгүй. Тэд биднийг бүүр ч мэдэхгүй. Бусад нь бурхан шиг байсан ч би таньдаг чөтгөртөө л итгэнэ. Зүгээр л бодит байдлаа байгаагаар нь л харцгаая. Бидэнд шинэчлэл хэрэгтэй, шинэчлэхийн тулд шинэ хууль хэрэгтэй байна. Агаарын тээврийн хөгжлийн олон асуудал энэ шинэ хуулиас хамаарна. General aviation, нислэгийн хөдөлгөөн, нисэх буудлын биеэ даасан байдал бүгд энэ хуулийг л хүлээж байна.  Бид Монголын бүх агаарын тээвэрчдийг дэлхийд өрсөлдүүлэх замыг засаж чадсан, цаашид ч чадах өөрийн хүнээ төрд оруулах шаардлагатай юм. УИХ чуулганы танхимд нисэхийн асуудлууд танин мэдэхүйн хомсдлоос болоод унадаг байхыг би хүсэхгүй байна. Та ч хүсэхгүй нь мэдээж. Нисэхийн орлогыг төрд ихэнхийг нь татан авч өөрийгөө хөгжүүлэхэд бага хувь үлдээдэгийг болиулах асуудлыг энэ хуулиар бас журамлаж байгаа. Эхлээд нислэгийн аюулгүй байдалд зарцуулах асуудлаа шийдээд илүү гарснаа төсөвт нийлүүлэх өөр зарчим энэ хуулиар бий болох ёстой юм. Энэ түвэгтэй асуудлыг зөвөөр тайлбарлаж, хамгаалж авч гарч чадах хүн миний л хувьд Батхүүгээс өөрийг олж харахгүй байна. Бодит байдал бодит зорилгодоо нийцсэн хүмүүсээ л төрд оруулах нь бидний үүрэг. Сонгууль албан тушаал хуваарилах хөзөр холиход биш дараагийн 4 жилд амжуулах зорилтоо хэрэгжүүлэх багажаа сонгоход л чиглэх ёстой юм. Зөв зорилгод зөв зүтгэж чадах хүн ганц байсан ч ганцаардахгүй.

Өнөөдөр азаар бидний сайн мэдэх, биднийг ч сайн мэдэх Г.Батхүү нисэхийн тойрогт нэр дэвшиж байна. Энэ боломжоо ашиглацгаая. Г.Батхүүд саналаа өгөөд агаарын тээвэртээ, нисэхдээ дахин зүтгүүлье. Надтай санал нэг байгаа нь түүнд саналаа өгөөрэй.

Монголчууд эвтэй байхдаа хүчтэй vs. Ерөнхийлөгчийн хүмүүс

1911 оны 12-р сарын 29-ний өдөр Монголчууд ердөө гурав хоногийн дараа Бээжинд онхолдох өдрөө хүлээж байсан Манжаас тусгаарлан өөрийн төр улс...