Wednesday, July 27, 2016

ХӨГЖЛИЙН ТҮЛХҮҮР ХААНА БАЙЖ БОЛОХ ВЭ?



Анх 2001 оны 1-р сард amarjargal.org сайт дээр
 гарсан ба Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 
“Нүүх үү Үлдэх үү” сэдэвт лекцэнд
 энэхүү нийтлэлийн санаануудаас 
зохиогчийн зөвшөөрлөөр оруулан 
олны хүртээл болгож байсан болно


Монголчууд бид эх нутгаа эзэмшээд хэдэн түмэн жил, тулгар төрөө байгуулаад  800-аад жил, тусгаар тогтнолоо тунхаглаад 80-аад жил, ардчилагдаад 10 гаруй жил болох гэж байна.
ХХI зуун нэгэнт гарч ХХ зууны тухай зөвхөн дурсамжийн хэмжээнд ярих цаг ирлээ. За энэ ч яахав. Харин энэ хооронд, ялангуяа сүүлийн 40 жилийн дотор дэлхийн нүүр царай танигдахгүй болтлоо өөрчлөгджээ. Янз бүрийн дайн тулаан, сөргөлдөөн, хувьсгалууд дуусах тийшээгээ хандаж эдийн засаг нийгмийн хөгжлийн нийтлэг асуудлууд тулж ирсэн байна. Монголчууд ч тодорхой хэмжээгээр улс гэрээ цэгцэлж, засаглалын зарчмаасаа бусдыг зүгшрүүлж амжлаа.
Дэлхийн ихэнх орнууд хурдацтай хөгжлийнхөө түлхүүрийг ямар нэгэн байдлаар сонгож нэлээд хэсэг нь маш амжилттай хөгжиж тусгаар тогтнол нь бүрэн баталгаажжээ.
Эдгээрийн хөгжлийн жор юунд байна вэ. Энэ жор манайд таарах уу, үгүй юу. Энэ асуултуудыг хөгжлөөрөө хоцрогдсон улс үндэстэн бүр өөртөө тавьж байх боллоо. Хөгжил гэж юу юм бэ. Үүнийг хэрэгцээт зүйлээ худалдан авах, бүтээн бий болгох чадвар буюу нөөцөлсөн мөнгөний хэмжээ гэж энгийнээр ойлгож болох юм.

Тэд янз бүрээр хөгжжээ.
Европын ихэнх улсууд хурдацтай хөгжлийнхөө гарааг хүчирхэг далайн флот байгуулахаас эхэлсэн түүхтэй. Эрэг орчмоор хөвдөг сэлүүрт завьнуудаа, далайг гаталж чадах далбаат онгоцуудаар сольж эхэлсэн байна. Энэ бол газар тариалан, гар урлал, загас жараахайн  хажууд уламжлалт бус цоо шинэ салбар байлаа. Тэд энэ флотынхоо тусламжтайгаар Африк, Энэтхэгийн бөглүү хязгаарыг нээн илрүүлж байгалийн баялагийг нь зөөн цуглуулж байлаа.
Япон улс саяхан болтол хөгжлөө сонгохдоо уламжлалт нэхмэл, газар тариалангаар хөгжинө гэж тодорхойлж байжээ. Гэвч тэдгээр нь засгийн газраас нь яаж ч дэмжин туслаж байсан дампуурсаар байв. Харин феодалын Японы хувьд цоо шинэ салбар болох радио техник, авто машин үйлдвэрлэлийн хөгжил эл улсыг дэлхийн хүчирхэгийн тоонд оруулсан юм.
Одоо манай хажууд Хятад улс бас л маш хурдацтай хөгжиж байна. Газар тариалан, жижиг гар урлал дагнасан Хятад улс дэлхийн нийтийн өргөн хэрэглээний барааны гол үйлдвэрлэгч болон хувирчээ. Энэ үйлдвэрлэлийн ихэнх нь уламжлалт бус технологи ашигласан орчин үеийн үйлдвэрүүд байгаа юм. Хятадын эдийн засаг дампуурвал дэлхийн даяар маш олон том, жижиг дэлгүүрүүд хаагдаж дампуурах нь дамжиггүй юм. Үүнийг дагаад иргэдийн амьдрал хэвийн байдлаа алдах аюултай учир Хятадын эдийн засгийн уналтаас гадаадын улсууд хамгийн ихээр айж, хөрөнгө оруулалтуудыг харамгүй хаяж байдаг болсон билээ.
Загасчин хятад голдуу хүн амтай Сингапур улс хэрхэн яаж хөгжиж чадав аа. Загасаа зараад баяжив уу. Үгүй ээ. Тэдний хөгжлийн гол нууц нь тээвэр, худалдаа. Газар зүйн ашигтай байрлал нь тэдэнд энэ боломжийг олгожээ. Синга улс далайн зангилаа зам дээр оршиж байгаа нь азийн худалдааны гол бааз болох боломжийг бүрдүүлж өгчээ.
Элсэн цөлд нүүдэллэн амьдрагч арабчуудыг моторжсон, шинэ технологийн эрин зуун хамгийн их харж үзсэн гэхэд болно.
Харин Америкийн хөгжлийн гол нууц нь хүний сэтгэн бодох чадварыг хуульчлан урамшуулж, оюуны өмчийг дээдэлсэн явдал байлаа. Шашинжиж, давхраажсан нийгэмтэй хөгшин европоос голдуу ирсэн тэдний хувьд энэ бол цоо шинэ зүйл байсан юм. Хүний сэтгэн бодсоноо өөрийнхөө нэрээр ил гаргах эрх чөлөө Америкийг бүх талаар нь хөгжүүлэх үндэс болжээ. Оюуны өмчийг дээдлээгүй бол Америкт Эдисоны чийдэн, Ах дүү Райтын аэроплан, Фордын алдарт Модель-Т, Элвис Пресли болон Холливудын одууд, дэлхийн тэргүүн баян тоочин залуу Билл Гейтс бүгд байхгүй байх байсан билээ. Анхны атомын бөмбөг, Сикорскийн нисдэг тэрэг ч Амеркийнх биш байж болох байв. Бас Кока-Колаг бодож олсон эмийн санч түүнийхээ жорыг 500 доллараар зараагүй бол яах байсан бол? Шинэ зүйл сэдсэн хүн түүнийгээ дангаараа худалдаж, үр шимээр нь баяжих боломжийг Америк нээж өгчээ. Үүнд л "Америкийн гайхамшиг" оршиж байдаг. Хэрэв иймгүй байсан бол Холливудын баян одууд насныхаа эцэст манайхан шиг гавъяат цолоор хууртагдан насыг дуусгаж байх байсан биз. Онцгой үзүүлэлттэй майкрочипээрээ алдартай Делл компанийг үндэслэгч дэлхийн шинэ баячуудын нэг Делл гэдэг залууг  оросын алдарт Калашников шиг одон медаль, хоосон алдраас өөр юу ч үгүй хоцров гээд бод доо. АК-47 буу бол Делл-ээс хамаагүй илүү борлогдсон хямд бус бүтээгдхүүн гэдгийг саная. Өнөөг хүртэл АК-ын хэрэглээ компьюторын хэрэглээнээс олон хувиар илүү байсаар л байна.

Эндээс гурван дүгнэлт хийж болж байна.
1. Улс бүрийн хөгжлийн загвар ижил салбар байх албагүй;
2. Хөгжлийг хөдөлгөж чадах хүч нь уламжлалт бус, туршигдаагүй салбарыг зөв олж, зоригтой барьж авч хөгжүүлэх явдал;
3. Хөгжин дэвшихэд улс төрийн тогтвортой байдал маш чухал юм байна.

Хэрэв уламжлалт салбар нь жаахан боловсронгуй болмогцоо улсаа хөгжүүлчихэж чаддаг байсан бол түүнээс сайн зүйл үгүй байх билээ. Ийм улс бол аль эртний л хөгжилтэй улсад тооцогдох ёстой байх биз.

Монголчууд бидний хувьд байдал ямар байна. Шуудхан хэлчихэд бид уламжлалт аж ахуйтайгаа л зууралдсаар байна. Өнөөгийн монголчуудын амьдралыг залгуулж төсвийг бүрдүүлж байгаа хэдэн уламжлалт болон хуучирч амжсан шинэ салбаруудыг жаахан шинжвэл дараахь байдал ажиглагдаж байна.

Мал аж ахуй. бол бараг бүх дэлхийн хувьд үүссэн хамгийн эртний аж ахуй мөн билээ. Монголын нийт малын үнэ нь ойролцоогоор 500сая ам долларын үнэтэй гэж тооцоо гаргасан гэж би дуулсан. Мал ойролцоогоор жилд 10 орчим хувийн өсөлттэй байна. Өөрөөр хэлбэл бид жилд мал аж ахуйгаас 50 сая долларын л орлого олдог. Нэг маргашгүй үнэн зүйл бол мал аж ахуйгаар хөгжиж болдог байсан бол Монголоос хөгжилтэй орон байхгүй байх байсан билээ. Монголын байгаль цаг уурын нөхцөл, малын үүлдэр угсаа ашиг шимийн үзүүлэлтүүд нь МАА-г тэргүүлэх салбар болгох ямар ч боломжийг олгохгүй байна. МАА бол Монгол хүнийг монголоор нь байлгаж байхад л хэрэгтэй ёс суртахуунд нөлөөлөгч үнэт баялаг л юм.

Малын гаралтай бүтээгдэхүүн, түүхий эдийн үйлдвэрлэл. Ноолуур, арьс ширний үйлдвэрлэл бол бас л ирээдүй муутай. Моодны ертөнцийн хувиралтаас орлого нь маш ихээр хамаардаг салбар юм. Дэлхийн глобал дулааралт ноолууран бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээний өсөлтийг амлахгүй байгаа нь маш том хүчин зүйл юм.Энэ салбар яаж ч хөгжсөн олох орлого нь хязгаарлагдмал билээ.
Үндэсний үйлдвэрлэлээ сэргээж, ажилгүйдлийг бууруулъя гэдэг бол хоосон яриа. Учир нь хөгжсөн үйлдвэрүүд бол өндөр технологи нэвтрүүлдэг, харин өндөр технологи бол ажлын байрыг цөөрүүлдэг жам тогтолцоотой. Ажлын байрыг олон хэвээр хадгалсан үйлдвэрүүд эрт орой хэзээ нэгэн цагт солонгосын ДЭҮ компаний адилаар дампуурч, ажилгүйчүүдийн эгнээг огцом огцом нэмэгдүүлж нийгмийн тогтворгүй байдлыг өдөөж байдаг.
Энэ төрлийн үйлдвэрлэлүүд экологийн хувьд асар хортой хаягдал ялгаруулах нь цөөнгүй тул Монголын хувьд хор хохиролыг л илүү авчирна

Геологи уул уурхай. Социализмын үед үүссэн шинэ салбар боловч бараг уламжлалт болчихсон. Ихэнх дарга нар, бодлого тодорхойлогчид энэ салбараас Монгол улсын хөгжлийг харж байна гэж ярьдаг. Харамсалтай нь тийм биш. Олон орон уул уурхайн салбараа Монголоос хэдэн зуу дахин илүү хөгжүүлчихсэн байгаа. Олон оронд нефть, байгалийн хий оргилон ундарч байна. Тэгсэн хэдий ч тэд хөгжөөгүй л байна шүү дээ. Орос байгалийн баялагийн тэргүүлэх экспортлогч улс хэдий ч түүнийг хүчирхэг гүрэн байлгаж байгаа үндсэн хүчин зүйл нь цэрэг,зэвсэг нь гэдэгтэй хэн ч маргахгүй. Уул уурхайн салбар нь цөөхөн хэсэг бүлэглэлийг л хагартал баяжихад зориулагдаж байна.
Туркмен, Казахстанд байгалийн хий, нефтийн асар их нөөц илрүүлсэн хэдий ч тээвэрлэн худалдах асуудлаа шийдээгүйгээс болоод хөгжиж шалихгүй л байна шүү дээ. Байгалийн баялагаараа толгой цохидог АНУ өөрийнхөө нутаг дэвсгэр дээр уул уурхайн олборлох үйлдвэрлэлийг хөгжүүлэхийг дэмждэггүй. Түүхий эд баялагийг гадаадаас ерөнхийлөгчдийнхөө зургаар сольж авахыг илүүд үздэг юм билээ. Энэ бол маш зөв бодлого байх.
Уул уурхайн салбарын хөгжил бүх нийтийн хангалуун амьдралыг хэзээ ч дангаараа авчирдаггүй. Зөвхөн тухайн үйлдвэрийг эзэмшигч , удирдагчдийн хангалуун амьдрал, эрх мэдлийг үнэмшмээргүй хурдаар нэмэгдүүлдэг. Уул уулхайн салбар бол энэ зууны хувьд л лав Монголын ирээдүй биш. Экологийн нэг номерын дайсан бол энэ салбар. Улсаа хөгжүүлэх "алт" хөтөлбөрийн үр дүнд олборлосон бүх алт сүйтгэгдсэн газар нутгийн маань экологийн тэнцвэрт байдлыг сэргээхэд бараг хүрэлцэхгүй билээ.
Ингэхлээр уул уурхай гэдэг бол урд хойд хормойгоо авч урд хормойгоо нөхнө гэгчийн ядарсан амьдрах арга мөн гэдэг нь ойлгомжтой байна. Бас нэг онцгүй тал нь уурхай зогсоход тэр хавийн амьдрал асар хурдацтай мөхөж эхлэдэг. Үүний олон жишээг Монголчууд надаар хэлүүлэлтгүй мэднэ

Эрчим хүч, зам тээвэр. Энэ салбаруудыг заавал хөгжүүлэх шаардлагатай байгаа билээ. Эрчим хүчний хувьд усан цахилгаан станцад их ирээдүй харагддаг. Дулаан хангамжийн асуудал бол шатдаг хийн хоолой Монголоор өнгөрөх асуудал шийдэгдвэл нэг их хүндрэл биш болно. Мөн дулааны хэрэглээний стандартыг чангатгаж, дулаан бага алддаг технологийг барилга байгууламжуудад бүрэн нэвтрүүлж чадвал Монгол яаж ч хүйтэрч байсан хүндрэлтэй асуудал биш болох байх.
Харин өнөөгийн Монголын авто замууд улсын хөгжилд нэмэр болохоосоо илүү олон нийтийн аюулгүй байдалд ихээхэн хор хохирол учруулахаар  байгаа. Учир нь аюулгүй байдлын стандартыг бүрэн хангаж баригдсан зам Монголд огт байхгүй. Засмал зам барих нь сайн хэрэг. Гэхдээ аюулгүй зам барьж чадахгүй бол бараг замгүй нь дээр байгаа.  "Мянганы зам"-ыг мөнгөөр зодож хурдны өргөн зам маягаар сайн барихгүй бол мянган ослын зам болох хувь тохиол хүлээж байгаа нь Дархан-УБ-ын замаас ажиглагдаж байна. "Мянганы зам"-аа улс төрийн шоу болгохгүйгээр төрийн эрх барих магадлалтай бүх хүчин санаа нэгдэж байж барьж эхэлбэл сая бодит зүйл болох нь дамжиггүй.   Эс тэгвэл энэ зам хэзээ ч баригдаж дуусахгүй. Харин өнөөгийн эрх баригчид "М замыг" барьж дуусгах боломжийг ард түмнээс гуйгаад, түүнийгээ дахин дахин төрийн эрхэнд үлдэх механизм болгон ашиглаад байх нөхцөл үүсэж магадгүй юм.
Эрчим хүч, авто замын хувьд Монголд нэг но бий санагддаг. Эдгээр салбарыг үлгэр жишээ хэмжээнд аваачлаа гэж бодоход оруулсан хөрөнгө оруулалтыг нөхөн олох цаг хугацаа  Монголын хувьд дэндүү урт байх болно. Магадгүй 50-100 жил ч шаардагдаж магадгүй. Энэ нь хязгаарлагдмал тоотой хэрэглэгчдийн байдлаас хамааралтай юм.
Монголыг бүрхсэн авто замын сүлжээ байгуулаад өртөгийг нь ядаж 50 жилд нөхөн олъё гэвэл Монголын айл бүрд 2-3 автомашин шаардлагатай болж магадгүй.
Эрчим хүч, авто зам бол амьдралыг тэгш сайхан болгодог гол хүчин зүйл тул бусад салбарын хөгжлөөс олсон мөнгөө эн тэргүүнд энэ салбаруудыг хөгжүүлэхэд зөв зарцуулбал зохих юм.

Гадаад худалдаа. Өнөөдрийн Монгол улсын төсвийн үндсийг бүрдүүлэгч салбар юм. Сүүлийн хэдэн жилийн статистикийн мэдээгээр Гаалийн Ерөнхий Газрын улсын төсөвт оруулсан орлого нь ямагт тэргүүлэх сууринд байгаа нь гадаад худалдааны салбарын ирээдүйтэйг харуулж байна. Өнөөгийн Монголчуудыг ажлын байраар хангаж байгаа цорын ганц салбар гэж хэлж болно. Харин манай экспортын дийлэнх хувийг түүхий эд эзэлж байгаа нь хамгийн эмгэнэлтэй явдал мөн.

Тэгээд яах юм бэ? яаж хөгжих вэ? гэсэн асуултанд бид тулж ирээд байна.
Миний бодлоор бол Монголчуудын потенциаль, газарзүйн болон байгалын онцлогт тохирсон бөгөөд гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхол, шохоорхолыг татсан салбаруудыг олж хөгжүүлэх хэрэгтэй юм шиг санагддаг.
Олон улсын үйлдвэрлэлийн нэгэнт тогтсон хуваарилалт, салбарын лидерүүдтэй ямар нэгэн материаллаг бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлтээр өрсөлдөж хөгжих нь бараг бүтэшгүй зүйл юм шиг санагдаж байна. Өргөн хэрэглээний барааны үйлдвэрлэлт, экспортоор Хятадтай, Байгалийн баялагийн олборлолт, экспортоор Оростой өрсөлдөх нь ямар ч үр дүнгүй, утгагүй зүйл байх.

Гэвч үүнээс гарах арга заавал бий. Байх ч ёстой. Глобалчлалд нэгдэхгүй байхыг уриалах нь зөвхөн Монголчуудыг харангуй бүдүүлэг хэвээр нь байлган дарлаж, даапаалж байхыг мөрөөдөгчдөд л хэрэгтэй зүйл гэдгийг бүгд нэгэнт ойлгодог болжээ. Бид глобалчлалд нэгдэж чадсанаар л чанаргүй хятад бараа, дээрэнгүй коммунист суртлаас ангижирч чадна. Ингэнхлээр глобалчлалд залгагдах мехнизмаа бодож олцгооё.
Өнөөгийн Монголыг цахилгаантай байшин дотор дэнгийн гэрэлд ил гал түлж хоолоо болгоод, цогтой ширмэн индүүгээр юмаа индүүдэж байгаа айлтай зүйрлэж болохоор байна. Сүүлийн үед хөгжөөд гар утас барьж, гар чийдэнгээр гадаадын том зочин явж өнгөрөх замаа түр гэрэлтүүлэх болсон. Гэвч бусад нь бахь байдгаараа.
Цахилгааныг хэрэглэхийн тулд заавал цахилгаан хэрэгслэлтэй байх шаардлагатай байдаг. Глобалчлалд нэгдэхийн тулд глобалчлалыг авчрах багажыг бас авах л хэрэгтэй болно.
Би саналаа хэлье. Уншигч танд өөр санал байвал түмэн олонтойгоо миний нэгэн адил хуваалцаарай. Улсыг маань өөд нь татчихаж магадгүй нэг иймэрхүү хөгжлийн уламжлалт бус загвар байж болох байх гэх бодогдох юм. Үүнийг дараахь маягаар томъёолох гэж оролдъё.

-        Оюуны өмчийн үйлдвэрлэл
-        Мөнгө, гадаад валютын импорт.
-        Үйлчилгээний экспорт.

Дээрхи 3 зарчим нь глобалчлалын үндсэн гол хэв шинжийг агуулж байгаа юм.  Эдгээр нь Монголын нөхцөлд ямархуу хэлбэрээр биелэгдэх боломж байгааг сонирхоё

ОЮУНЫ ӨМЧИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ-ийн үндсэн зах зээл дэлхий даяар нээлттэй үүсэл хөгжлийнхөө дараагийн шатанд л байж байна. 80-90 ээд оноос хүчтэй хөгжиж эхлэсэн компьюторын салбар 10-аадхан жилийн дотор асар хурдацтай хөгжиж дэлхий дахины бизнесийн орчинг шал өөр, үсрэнгүй хөгжингүй болгож орхилоо шүү дээ. Өнгөрсөн жилүүдэд АНУ-ын эдийн засгийн хүчин чадал бараг 2 дахин нэмэгдсэн нь Билл Клинтонтой биш Билл Гейтстэй холбоотойг бүгд хүлээн зөвшөөрөх ёстой юм шиг санагддаг. 
Монголчуудын сэтгэн бодох чадвар, сурах авъяас бол аль эртнээс л нэг юм хэлээд байдаг.
Монголчуудаас компьюторын програмчлалын 500 (software), компьюторын инженерингийн 500 (hardware) маш сайн мэргэжилтэн тодруулаад нэг баг болгож чадвал Майкрософт, Нэтскэйп болон бусад олон компанитай ядралгүй өрсөлдөх хэмжээнд хүрч чадна гэдэгт би итгэдэг.Энэ салбарт аль нэг нь монополчлох боломжийг хааж, зах зээлийг шинэ компаниудад нээлттэй болгож байгаа олон жишээ байна. Майкрософт компанийг задлах шүүх процесс үүнийг гэрчилж байна шүү дээ. Тэгээд ч тэдний хувьд бараг эзлэгдээгүй шахуу орос хэлтэй асар том зах зээл хажууд маань байна. Энэтхэг улс компьюторын мэргэжилтэн экспорлодог гол уурхай болох төлөвтөй байгаа. Монголчууд тэднээс л өрсөх хэрэгтэй санагддаг. Хязгааргүй өргөн боломж энд бий. Програмчлагдаж амжаагүй байгаа, програмчлагдах шаардлагатай байгаа асар олон ажил бий.
1000 сайн хүн сонгохын тулд 10000 хүнийг сайн бэлтгэх хэрэгтэй болж магадгүй. Математик, компьюторын сургалтыг дэмжиж, боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг хуваарилахдаа өнөөдрөөс анхаараад явбал энэ салбарыг 4-5 жилд л хөл дээр нь босгоод ирж чадна. Мөн энэ төрлийн бизнес эрхлэгчдийг татварын хөнгөлөлтөөр 5 жил дэмжихэд л компаниуд энэ төрлийн бизнесийг дэлхийн хамгийн ширүүн өрсөлдөөнд тэсэж гарахуйц хэмжээнд аваачиж өлхөн дөнгөх билээ.
Энэ салбарын зах зээлийн багтаамж хязгааргүй бөгөөд үүнийг Майкрософтын 51 хувийг эзэмшдэг Билл Гейтсийн хөрөнгөний хэмжээнээс мэдэрч болох байх. Билл Гейтсийн хөрөнгөний хэмжээ нефтээр асар баялаг баян орон Саудын Араб улсынхаас хамаагүй илүү гэдгийг мэдэхэд л хангалттай.
Мөн дэлхий дээр жил бүр шинээр төрж байгаа 10 тэргүүн шинэ баяны 9 нь компьютор, програм хангамжийн үйлдвэрлэл эрхлэгч байгааг анхаарч тусгах ёстой болов уу. Компьютор мэдээлэлийн технологи бол глобалчлалын маш чухал багаж мөн юм. Бидний шанс энэ ч байж магадгүй. Учир нь энэ салбарын орлого тэрбумаар хэмжигдэх хэмжээнд богино хугацаанд хүрэх магадлалтай байдаг. Манай төр засгийн хувьд оюуны өмчийн тухай гадаадын хамгийн шилдэг хуулийг хуулбарлан батлаад мөрдүүлчихвэл л болоод явчихна. 

МӨнгӨ, гадаад валютын импорт – Энэ бол аялал жуулчлалын хөгжил гэсэн үг. Бид хүний гэрт очиж мөнгө, хөрөнгийг нь авдаг байсан түүх саяхан. Аялал жуулчлал бол мөнгөө өгөх гэсэн хүмүүсийг гэртээ ирүүлдэг өөр механизмтай.
Аялал жуулчлал улс орон болгонд хөгжих боломжтой байдаг. Учир нь өнөөгийн дэлхийн хүн амын дөрөвний нэг нь хангалуун амьдралтай байдаг ба тэд хуримтлуулсан мөнгөө ихэнхдээ аялал жуулчлал хийж сонирхолтой газар үзэх зэрэгт зарцуулах бодолтой байдаг юм байна. Австралид хэрвээ та гэнэт их мөнгө хожвол яах вэ гэсэн телевизийн асуултанд хамгийн түрүүнд сайхан байшинтай болно дараа нь дэлхий тойрон аялна гэсэн хариулт өгдөг юм билээ.
Аялал жуулчлал үндсэн 3 төрөлд хуваагддаг
1.     Далайн эргийн амралт, курорт маягаар. Энэ хэлбэр халуун дулаан бүсэд маш амжилттай эрчимтэй хөгжсөн байдаг. Үүнийг Монголын нөхцөлд хөгжүүлэх боломж бараг байхгүй
2.     Түүх соёлын дурсгалуудыг үзэх аялал. Европын эртний уран барилга ихтэй хотуудад маш хүчтэй хөгжсөн. Европчууд ихэнх үйлдвэрүүдээ зүүн өмнөд ази руу нүүлгэчихээд өөрийн нутгаа аялал жуулчлалын бүс болгож эхлээд байгаа. Итали улс үүний хамгийн сонгодог жишээ мөн. Монголын нөхцөлд дэлхийд өрсөлдөх хэмжээнд хүртэл хөгжих боломжгүй.
3.     ЭКО ТРЭВЭЛЬ буюу онгон байгаль, уламжлалт зан заншлыг үзэж сонирхох аялал жуулчлалын төрөл. Маш их сонирхогдож газар авч байгаа. Үйлдвэржээгүй улс орнуудад ялангуяа Африк тивд их хөгжсөн байдаг. Монголд үсрэнгүй хөгжих хамгийн их боломжтой. Учир нь экс коммунист дэглэмийн хаалттай байдал, баялаг түүх соёл, онгон байгаль, ахуй байдал маань энэ бүхнийг нөхцөлдүүлж байгаа юм. Дэлхийн маш олон сая идэвхтэй аялагчдын очиж үзээгүй цорын ганц газар нь Монгол болж байна.

  Жилд ядаж нэг сая гадаадын жуулчдыг хүлээн авч хүн бүрийг нэг долоо хоног Монголд байлгаж чадах нөхцөлийг бүрдүүлчихвэл энэ салбарыг хөгжсөнд тооцож болох юм. Жуулчин бүр Монголын эдийн засагт 500-1000 орчин долларын хөрөнгө оруулалтыг бэлэн мөнгөөр хийнэ гэж тооцвол эдийн засгийн ямар их потенциаль энэ салбарт агуулагдаж байгааг таамаглахад түвэггүй юм. Энэ бол 500 саяас нэг тэрбум доллар гэсэн үг. Үүнээс гадна аялал жуулчлал ажлын байрны багтаамжаараа ямар ч салбарыг үл дагуулах тул Монголд ажилгүйдлийг бууруурах үндсэн хүчин зүйл болж чадах байх.
Аялал жуулчлалыг татах үндсэн арга маань наадам билээ. Бид наадмаа улам өнгөлөг, сонирхолтой, соёлтой болгох талаар толгойгоо ажиллуулах хэрэгтэй болох байх. Үүний зэрэгцээ соёлтой жорлон, халуун усны асуудлуудыг шийдэж орхивол өнөөдөр ч гэсэн Монголд нэг сая жуулчин ирэхэд бэлэн байна.
Аялал жуулчлалын сезон багададаггүй. Нэг удаагийн үйл явдалд бүтэн жил бэлтгэж, түүгээрээ амьдардаг хотууд асар олон бий. Хүн амынхаа тооноос хэд дахин олон жуулчин хүлээн авдаг улс, хотууд ч олон бий.
Сезонный аялал хөгжсөн газрууд жилийн бусад улиралуудад олон улсын хурал цуглаан, тэмцээн наадмыг зохион байгуулж үүнээсээ үлэмж их ашиг олж байдаг. Сингапур юмуу Хонг-Гонгод ирж байгаа ихэнх гадаадынхан ямар нэгэн хурал зөвлөлгөөн, бизнес аялалын зорилгоор голдуу ирдэг юм. Түүнээс биш арал дээр барьсан байшин ямар байдгийг ч юмуу, эсвэл ази хоол амталж үзэх гэж ирдэггүй нь лав. Намар-өвлийн улиралд хүмүүс Итали руу голдуу хөл бөмбөг үзэх л гэж цувдагийг ихэнх нь мэдэх бизээ.
Бид тэдний жишээг л Монголд давтан ашиглах ёстой юм шиг санагддаг. Үүний тулд аймаг бүрт аялал жуулчлалд зориулагдсан бүс байгуулж тэр бүсэд замаас өөр ямар ч бүтээн байгуулалтыг төлөвлөхгүй байх баталгааг хангах ёстой байх. Зарим сум, сууринг нүүлгэн шилжүүлж ч болно. Аялал жуулчлалын бүсэд зөвхөн уламжлалт аж ахуй эрхлэхийг зөвшөөрвөл зүгээр. Иймэрхүү үндэсний паркууд Америкт маш олон байдаг. Хамгийн алдартай нь Гранд Канионын үндэсний парк юм.
Орон нутгийн төсвийг тухайн нутагт хөгжсөн аялал жуулчлалаас бүрдүүлж чадаад эхлэвэл төрийн нуруун дээрээс ямар их ачаа хөнгөрөх нь тодорхой. Хэрэв Монгол наадамд дэлхий нийтийн анхаарал шохоорхолыг татаж чадвал найр наадам ихдэхгүй. Найр наадам зугаа цэнгэлээр л амьдардаг Монако, Хавай зэрэг улс орнууд байдаг л шүү дээ. Казиног  ухаалаг ажиллуулж чадвал өвлийн аялал жуулчлалд бүр ч их түлхэц өгнө. Олон улсын нисэх буудал дээр казино ажиллуулдаг тусгаарлагдмал транзит танхим байгуулвал ямар ч хууль тогтоолтой зөрчилдөхгүй юм шиг санагддаг. Энэ бол казиногийн хор уршигийг тусгаарлаж, ашиг тусыг нь шүүж авч болох зөв арга байх гэж бодож байна.
Экологид хор хохирол учруулах үйлдвэрлэлийг хязгаарлах асуудлыг төрийн бодлого болгож чадвал жуулчдын тоо ирээдүйд улам өсөн нэмэгдэх болно.
Саяхан Оросын ерөнхийлөгчийн айлчлалын үеээр атомын эрчим хүчний асуудал хөндөгдсөн нь экологийн хувьд түгшүүрийн харанга яах аргагүй мөн. Тэгээд ч атомын цахилгаан станцтай боллоо гэж бодоход түүнийг хамгаалахын тулд батлан хамгаалах зардалаа 100 мянга дахин өсгөх шаардлага гарч ирэхийг бодлого тодорхойлогчид, эрдэмтэн мэргэд тунгааж байгаа биз. Цөмийн энергийн объектуудаа гадаадад ямар их зардал гаргаж хамгаалдагийг тандаж мэдэх хэрэгтэй л байх. Аялал жуулчлал бол Монголоо эцэг өвгөдөөсөө өвлөж авсан тэр чигээр нь үр хойчдоо залгамжлан үлдээх нөхцөлийг хангах эцсийн боломж юм. Глобалчлагдаж хүн бүхэнд хүртээмжтэй болсон дэлхий дээр хэзээ ч зогсохгүй өсөн нэмэгдэх бизнес бол аялал жуулчлал яах аргагүй мөн билээ.
Манай цэнхэр тэнгэр, онгон байгалийн үзэмж 2 сая монгол 20 сая болж үржсэн ч тэжээж дөнгөх баялаг. Бидний үүрэг бол түүнийгээ үйлдвэржиж, уурхайжсан дэлхийтэй адилхан болгож баллахгүй л байх явдал юм.  Монголчууд үйлдвэржилтээс хоцорсондоо гутрах шаардлагагүй болно гэдэгт итгэлтэй байна.

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЭКСПОРТ – Орчин үед маш олон төрлийн үйлчилгээг гадаадад экспортлож үүнээсээ асар их мөнгө цохиж байна.
Эндгээрээс Монголын хувьд хөгжих боломжтой бөгөөд хамгийн ирээдүйтэй нь агаарын тээврийн үйлчилгээ байж болох юм.
Нисэх онгоц бол 21-р зууны унаа, глобалчлалын нүүр царайг илэрхийлэгч нь яах аргагүй мөн. МИАТ-ын өглөө энд, орой тэнд гэдэг рекламны роликын үг нь глобалчлалын мөн чанарыг хамгийн тод илэрхийлсэн хэллэг гэж санагдаж байна.
Интернет бол мэдээлэл солилцох хурд - энэ хурд гэрлийн хурдтай тэнцүү болсон, харин агаарын тээвэр бол материаллаг эд зүйл солилцох дээд хурд- энэ хурд дууны хурданд тулж очжээ.

Монголын газар зүйн байрлал нь агаарын тээврийг хөгжүүлэхэд хамгийн таатай хүчин болохыг бид анзаарч мэдэх ёстой. Монгол улс дэлхийн эдийн засгийн эрчимтэй хөгжлийн хамгийн гол бүс нутаг болох зүүн болон өмнөд азийг Европ, Хойд Америк тивтэй холбосон хамгийн богино агаарын замын огтлолцол дээр оршиж байна. Үүнээс хойш бид далайд гарцгүйгээ хоцрогдлынхоо шалтгаан болгон тайлбарлан гомдоллож байдгаа больцгоох цаг болжээ. Бидний хувьд тэнгис далайн зам холуур байгаа ч, тэнгэр огторгуйн зам хамгийн ойр байна.
Өнөөдөр ч Монголчууд энэ салбарт үйлчилгээ экспортлож багагүй орлого олж байгаа билээ. Өдөр шөнөгүй цагаан зам татуулан нисэн өнгөрч байгаа онгоцуудад навигацийн үйлчилгээг үзүүлж жилд 24 сая ам.доллар олж байна. Гадаадын хэрэглэгч буюу худалдан авагч өөрөө ирээд үйлчлүүлээд мөнгөө төлөөд байгаа сонгодог жишээ гэвэл энэ мөн. Энэ бол зөвхөн Ази-Европын маршрутаас голлон олж байгаа орлого. Удахгүй хойд туйлын маршрут нээгдэж Ази-Хойд Америк гэсэн урсгал нэмэгдэх үед энэ тоо хоёр дахин өснө. Канадаас хойд туйл дээгүүр давж Монголын нутаг дээгүүр гараад Энэтхэг, эсвэл Хонг-Конг руу нисэхэд нэг аялалаас дор хаяж 33 мянган доллар хэмнэгддэг болон нислэгийн цаг 4-5 цагаар хорогддог тул энэ чиглэлийн ачаалал бүр ч ихсэх магадлалтай байгаа юм. Учир нь Америкийн зүүн эргийн хотуудыг Ази тивтэй шууд нислэгээр холбох боломжийг энэ маршрут олгож байгаа болно. Орос улс шинээр нээгдэх энэ маршрутаас жилд 75 сая долларын навигацын хураамж авах боломжтой гэж тооцоолж байна. Хойд туйлын энэ маршрутад "агаарын торгон зам" гэсэн нэр зарим сэтгүүл өгсөн байсан.
Дэлхийн хэвлэлүүдийн хийж байгаа прогнозоор 2015 он гэхэд агаараар аялагчдын тоо 2 дахин өснө гэж байгаа. Өнөөдөр агаараар зорчигчдын тоо жил бүр 5-12 хувийн өсөлттэй байхад, агаараар тээвэрлэх ачааны өсөлтийн хэмжээ жилд 18 хувьтай байгаа нь асар сайхан ирээдүйг харуулж байна. Монгол улс 2015 онд зөвхөн навигацийн үйлчилгээгээр жилд 100 орчим сая долларын орлого олох боломжтой. Гэхдээ энэ бол бараг биднээс нэг их хамаарахгүй орлогын өсөлт. Яахав азтай л байна. Гэхдээ үүнээс ч их байх боломж бий 
Монголд үндэсний агаарын тээврийг зөв хөгжүүлж чадвал энэ салбараас жилд 500 саяаас нэг тэрбум хүртэл долларын орлого олох боломж харагддаг. Агаарын тээврийн топ 50 компаний 1999 онд олсон орлого нь 1,1-18 тэрбум доллар байжээ. 2000 оны мэдээ хараахан гараагүй байгаа тул энэ баримтыг сонирхоё.
18 тэрбум гэдэг бол Монгол улсын жилийн төсвөөс 60 дахин их үзүүлэлт билээ.
Бид МИАТ компанийг эдгээрийн хамгийн сүүлд бичигдэх түвшинд хүргэхэд л дангаараа улсынхаа төсвийн ихэнхийг татвараараа бүрдүүлчихэж чадах юм.
Топ 50-ын жагсаалтыг АНУ-ын "Юнайтед Эрлайнз" компани 18,027 тэрбум долларын орлогоор тэргүүлж байгаа. Энд би онцолж Монголчууд үлгэр авбал зохих бизнес хийж байгаа 3 авиакомпаний үзүүлэлтийг дурдъя
Жагсаалтын 15-д бичигдсэн Сингапурын "Сингапор Эрлайнз" компани 5,255 тэрбумыг, 22-т бичигдсэн Хонг-Конгийн "Кати Пасифик" компани 3,699 тэрбумыг, 43-т бичигдсэн Арабын Нэгдсэн Эмират улсын "Эмиратс Гроуп" 1,472 тэрбум долларын орлого тус тус олжээ. 
Эдгээрийг яах гэж онцолсноо хэлэхийн урьд жаахан тайлбар хийе
Агаарын тээвэр үндсэндээ 3 янз байдаг
1.     Дотоодын агаарын тээвэр – буюу орон нутгийн нислэгийн компаниуд болон хувийн нисэх онгоцууд
2.     Улсдаа ирэх, улсаасаа явах зорчигч, ачааг тээвэрлэдэг олон улсын агаарын тээвэр
3.     Газар зүйн онцлогоо ашиглан улсаараа дамжин өнгөрөх тээврийг хийдэг олон улсын агаарын тээвэр (агаарын тээврийн 6-р эрхийг ашиглах) гэж байдаг.
Дээр дурьдсан эхний хоёр аргыг бараг бүх улс хэрэглэдэг. Харин 3 дахь аргыг цөөхөн улс, тодруулбар дээрхи 3 улсад л жинхэнэ сонгодог утгаар нь хэрэглэж байна.
Бусад нь энэхүү бизнесийн боломжийг ашиглах газарзүйн байрлал нь тохиромжгүй байдаг учраас сүүлийн үед альянс болон нэгдэж дэлхийн бөмбөрцгийг агаарын тээврийн нэгдмэл сүлжээгээр бүрхэж эхлээд байгаа юм.
Энэ 3 компани голдуу Австрали, Индонези, Энэтхэг болон номхон далайн өмнөд хэсгийн орнуудаас өөрийн нутгаар дамжуулан Европ тив рүү нислэг хийдэг. Энэ төрлийн тээвэрлэлтээсээ нийт орлогынхоо 80 гаруй хувийг олдог байна. Сингапур, Хонг-Конг, Эмиратад очдог буюу тэндээс явдаг хүмүүс бол дөнгөж 20 хувийг нь эзлэж байна гэсэн үг. Монгол улс яг эдний жишээгээр ажиллаж Ази-Европ, Ази-Хойд Америкийн чиглэлд дамжин өнгөрөх үйлчилгээ үзүүлж чадвал өдөр ирэх тутам өсөн нэмэгдэж байгаа зах зээлийн 3-8 хувийг зулгааж дөнгөх л бөгөөд энэ нь бүрэн хангалттай юм.
Бид яаж ашигтай ажиллаж чадах вэ. Сингагаас Европ ортол бас л хол зай бөгөөд энэ зайг буулгүйгээр туулахын тулд 500-550 зорчигч багтах онгоцонд 270-300 зорчигч авч нисдэг. Үлдэх даацанд нь шатахуун авдаг юм. Хэрэв бид энэ зайнд Монголд буюу өөрийнхөө нутагт бууж шатахуун авах боломжоо ашиглавал 400-450 орчим зорчигчийг тээвэрлэж байх боломжтой болно. Монголд ирж Монголоос явагсдын тоо нийт зорчигчдын 10 хүрэхгүй хувийг эзлэдэг болох баталгаа бий. Саяхнаас 555 суудал бүхий А3ХХ гэдэг аврага онгоц үйлдвэрлэх тухай яригдаж эхний худалдан авагчдаар нь мөн л дээрхи 3 компанийн 2 нь тодроод, үлдэж буй нэг нь авах эсэх талаараа идэвхтэй судалж байгаа нь нэгийг хэлээд байна. Ази руу эсвэл Азиас нисэх нислэг үлэмж нэмэгдэх гэж буйн баталгаа энэ мөн.
Ингэхлээр өнөөдрийн ханшаар 20 сая долларын үнэд хүрэх эсэх нь эргэлзээтэй байгаа МИАТ компанийг зөв, зоригтой, ухаалаг авч явж чадвал ирээдүйд ямар их үнэд хүрэх нь тодорхой байна. Агаарын тээвэр нэгэнт олон улсын хэмжээний бизнес тул  үүнд өрсөлдөх чадвартай байхын тулд эхний үед төр засгийн дэмжлэг маш чухал байдаг. Иймэрхүү дэмжлэгийг олон засгийн газар дуртайяа үзүүлж байдаг бөгөөд энэ дэмжлэгээ ялангуяа олон улсын тээвэр хийдэг улсын мэдлийн компанидаа түлхүү өгч ашгаас нь төсвөө зузаатгах сонирхолтой байдаг. Үүний жишээ нь Францын Эйр Франс компани юм. Уг компаний хувьчлах асуудлыг аль 80-аад оны эцсээр эхлүүлсэн боловч одоо хүртэл бүрэн хувьчилж дуусаагүй байгаа нь Америкийн болон Европын олон компаниудтай өрсөлдөх өрсөлдөөндөө засгийн газрынхаа дэмжлэгийг байнга хэрэглэх шаардлага байсаар байгааг баталж байгаа юм.
АНУ-ын "Боинг" компанийн гаргасан судалгаанаас харахад агаараар ачаа тээвэрлэлт жилд 18 хувь болж өсжээ. Энэ нь жилд 59,4 хувийн өсөлттэй байгаа        Е-коммерс буюу интернетийн худалдаанаас ихээхэн шалтгаалж байна. Интернетийн худалдаа дэлхий нийтийн хүртээл болсноор бараа таваарыг буухиа-хүргэгчээр илгээх нь үлэмж нэмэгдсэн юм.  Ачаа тээвэрлэлтийн хувьд Монгол бол хамгийн ашигтай зангилаа цэг болж болох юм. Ачааны онгоцууд их ачаа авч, бага шатахуун тээж явахыг эрхэмлэдэг. Агаараар тээх ачааны дамжин өнгөрөх, түгээх баазыг Монголд байгуулж чадвал бидэнд Сингапураас дутахгүй хувь тохиолоо гэж бодож болно.
Мэдээж хэрэг үүний тулд хоногийн ямар ч үед нисэх онгоц хүлээж авч чадах том буудал, хүлээлгийн болон транзит танхимууддаа Монголын тухай бүх мэдээлэлийг авч болох, Монголд нэг хэд хонож үзэхсэн гэх сэтгэгдлийг Монголоор дайран өнгөрөгч хэнд боловч төрүүлж чадахуйц хэмжээний үзэж харах зүйлүүдтэй, орчин үеийн үйлчилгээтэй асар том аэровокзалын комплекстой байх шаардлагатай болно. Бас 10-20  том онгоц зайлшгүй шаардлагатай.
Өнөөгийн Буянт-Ухаа энэ шаардлагыг яавч хангахгүй. Уулын суга руу орсон нисэх зурвас, 80-аад онд долоо хоногт хоёр удаа ирэх Аэрофлотын Ту-154-т зориулж барьсан транзит заалгүй буудлын барилга яаж ч өргөжүүлж тордоод энэ шаардлагыг бүрэн хангахгүй билээ.

Дээр нь Улаанбаатар бол аялал жуулчлалд зориулж бариагүй хот. Замбраагүй төлөвлөлттэй заваан хот гэдэг нь маргаангүй үнэн.
Үүнийг дараахь маягаар шийдэж болмоор санагдна.
Орхоны хөндийд задгай тал дээр цаг агаарын ямар ч нөхцөлд хэдийд ч, хаанаас нь ч бууж хөөрч болох олон зурвастай нисэх буудал барих хэрэгтэй юм шиг санагддаг.  2500 км авто зам барихаас 2,5 км нисэх зурвас барих нь хамаагүй хурдан, хямд шүү дээ
Тэгээд Хар Хорумыг агаарын тээвэр, аялал жуулчлал, өндөр технологийн хот болгон бүтээн байгуулах хэрэгтэй юм шиг байгаа юм. Яагаад болохгүй гэж.
Бид Эрдэнэтийг ГОК-ийн тусын тулд бүтээн босгосон, Дарханыг бол бүр ч шалихгүй үйлдвэрлэлд түшиглэж босгосон шүү дээ. Дарханд Орос руу гаргах мах бэлтгэх үйлдвэр байгуулаад , түүнээс гарах арьс нэхийг боловсруулах үйлдвэр барихын тулд уг хотыг гол нь байгуулсан биз дээ. Найрамдлын хот гэсэн нялуун нэр хүртэл түүнд өгч байв шүү дээ.
Тэгэхлээр эртний нийслэл хотоо ямар нэгэн үйлдвэргүйгээр агаарын тээвэр, аялал жуулчлал, олон улсын хурал цуглаан, спорт наадмын төв болгон орчин үеийн хот байгуулалтын шилдэг технологи, стандартын дагуу бүтээн босгож яагаад болдоггүй юм. Алсдаа төр засгийн өндөрлөгүүд тийшээ нүүж очин орд харшаа барьж төвхнөвөл бүр ч догь биз. Нийслэлийг Хар Хорумд шилжүүлэх төлөвлөгөө эндээс биелэлээ олох ч юм бил үү.
Мэдээж хэрэг асар их хөрөнгө шаардагдна. Гэвч үр ашгаа баталгаатай өгөх төслүүд, бүтээн босголтуудад хөрөнгө их элбэг олддог болсон цаг ирчихээд байна. Үүнд л гадаадын хөрөнгө оруулалт ялангуяа барууны орнуудын хөрөнгө оруулалтыг үүнд татаж тусгаар тогтнолынхоо баталгааг нэмэгдүүлээд авах хэрэгтэй юм шиг санагдна. Агаарын тээвэр, компьюторын технологийг хөгжүүлэхэд хамгийн их тусалж чадах, хамгийн их потенциаль хуримтлуулсан улс бол АНУ мөн. Бид тэднийг л түшвэл энэ салбаруудаа асар хурдацтай хөгжүүлж чадна.

Цаг өөр болж бүтээн босголтонд зарцуулах мөнгө бол элбэг олддог зүйл болоод, харин хөрөнгө оруулалтын тухай сайн санаа онцгой идея ховор болж үнэд орох болжээ. Энэ завшааныг л ашиглах хэрэгтэй.Түүнээс биш Орос, Хятад хоёрын их гүрний геополитикийн далд наймаанд хавчуулагдаж, өнөөгийн хөдөөд бутархай мөнгөний оронд гүйлгээнд явж байгаа бор халзан төлөг шиг хувь заяагаа бусдад даатгаад яваад байвал ямар ч сайн ах дүү, ямар ч сайн түнш байсан цагийн эгзэг таарвал нөгөө Түвд, Туваг юу яасан шиг л "ивээлдээ авах" өдөр ирэхгүй гэх газаргүй билээ. Харин бид аргыг нь олоод Оросоос түрүүлж мөнгөжиж, Хятадаас түрүүлж ардчилагдаж чадвал аль алинаар нь гуйлгуулаад, тэдний санаа оноог нь зөрөлдүүлээд байж дөнгөх л билээ.
Ардчилал гэснээс иймэрхүү том зүйлийг эхлүүлэх хөрөнгө зээл ардчилсан чиг баримжаатай, ойлгомжтой төрийн тогтолцоотой, дотоодын зөрчилгүй, гадаадын дайсангүй улсад л олдох баталгаатай байдаг. Монгол улсын хувьд засаглалын тогтолцоо, хууль эрхийн орчноо шинэчлэн сайжруулаад, дотоодын зөрчлүүдээ сулруулж чадвал гадаадынхан өөрсдөө мөнгөө барьж, ирээд Хар Хорумыг барьж, босгоод агаарын тээвэр, аялал жуулчлал, өндөр технологийг хөгжүүлээд өгөх билээ. Монголчууд бид улсаа хөгжүүлэх түлхүүрээ олоод, түүнийгээ зөв тийш нь эргүүлж чадвал Очирбат гуайн зөгнөж хэлсэн "бар улс"-аа байг гэхэд амьдрах чадвар сайтай "чоно улс" болох энүүхэнд гэж санагдана. 

Миний бичсэн эдгээр зүйл бол "Алтан цөгцний үлгэр" шиг абсурд гэнэн мөрөөдөл биш, энэ бол биелэх боломжтой л хүсэл юм. Бид бүгдээрээ үүнийг хүсээд эхлэвэл энэ хүсэл бодит үнэн болох магадлал 2,5 сая дахин өндөр болно. Энэ бол газар нутгаа зарж, төр засгаа түрээслүүлэн улсаа баяжуулах гэсэн бусад санаанаас арай илүү санагдаад байгаа тул дэмжих хүний тоо дор хаяж 2 саяд хүрнэ гэдэгт би итгэлтэй байна. Үлдэх хэсэг нь уншиж сурмагцаа бидэнтэй нэгдэх биз ээ. Хүсвэл л биелэнэ.


Эцэст нь  хэлэхэд ази тив рүү агаараар нэвтрэх боомтыг унаган нийслэлдээ байгуулаад "торгон зам"-ыг хяналтандаа буцаан авчирч өвөг дээдэс, тэнгэр бурхадаа баярлуулах цаг болжээ. Ер нь Хар Хорум бол гадаадын гар урчуудын гараар босож байсан хот гэгддэг билээ. Энэ түүх шинэ эринд дахин давтагдах болтугай.

2001 оны 1-р сар
Б.Өнөх

Friday, July 1, 2016

Мэргэжлийн Засгийн Газар

Концерт дууслаа. “No more monkeys jumping on the bed” хэмээх хүүхдийн дууг ард түмэн хоороороо дуулснаар олон хоног нүргэлсэн их шоу өндөрлөв. Сонгуульд АН ялагдаж, попууд, алиалагчид далимд нь цэвэрлэгдэв.  Төрийн ордон арчсан самбар шиг цэвэрлэгдлээ.
Тэр самбар дээр МАН юу бичнэ, бидний амьдрал ирэх 4 жилд тийм л байх болно. МАН зөв юм бичвэл тэр нь хадны сийлбэр шиг цаашид үлдэнэ, буруу юм бичвэл дараагийн сонгуулиар арчигдна.

Ерөнхийлөгч дараагийн их хурлыг яаралтай ажилдаа орохыг өнөөдөр үүрэг болголоо. АСЕМ-н өмнө шинэ засгийн газар, шинэ парламентад амжуулах, ажил бас бийг тэрээр анхаарууллаа. Засгийн газраа яаралтай байгуулах нь улс орны нэр хүндийн чухал асуудал болж хувирлаа.

Монголын засгийн газрыг merit based, мэргэжлийн засгийн газар болгох амлалтыг Монгол Ардын Нам өгсөнөөр олон түмний дэмжлэгийг хуу хамж чаджээ. Ардын Намын дэвшигчид аятайхандаа ч биш, Ардчилсан Намынхан адгийн муудаа ч биш. Зүгээр л ард түмний сонголт аль эрт хийгдчихсэн байсан нь л энэ сонгуулиар ил болов. 18 хоногт гарч ирсэн ямар ч сенсаац нэгэнт аль эрт хийчихсэн байсан сонголтуудыг эргүүлж дөнгөсөнгүй.

Ард түмэн АН-ы бодлогогүй алхамуудаас залхсан байснаа, АН-ы дотоод хэрүүлээс надоело болсон байснаа, АН-ы тавиулуудыг ажлын газраасаа явуулах хүсэлтэй байснаа л үзэгнийхээ үзүүрт шингээгээд ширвэчихлээ. Одоо яая гэхэв. АН-ын удирдлага ийм үр дүнгийн төлөө хамгийн уйгагүй ажиллаж, хүссэн үр дүндээ хангалттай хүрч чадлаа. Браво! АН дарга улс орныг тойрч хүмүүсийн дургүй хүргэсээр бүх рейтинг өндөртэй дэвшигчдээ татаад унагаачихав. Н.Алтанхуягийг нутаг дээр нь нам тавьсан гавъяа бол яг үнэндээ Н.Цэрэнбатын мундагийнх биш З.Энхболдын айлчлалын л гавъяа байсан юм.  Ард түмэн З.Энхболд гэдэг ерөнхий сайдтай баймааргүй байгаагаа л маш ойлгомжтойгоор илэрхийллээ.
2012 оны орон нутгийн сонгуулийн үр дүнд ихэнх аймагт засаг авсан АН-ы нөхдүүд хэрхэн ажилласан дүнг бас цуг тавьчихлаа.
Нам дагаж, цүнх барисан намчид ном дагаж, багаж барьсан мэргэжлийнхнийг дарлаж байсан цагийг дуусгана гэсэн амлалт төв суурин газруудын бүх сэхээтнүүдийг нэгмөсөн эргүүлсэнийг бид харж авлаа. Эмчийнхээ үгийг сонсдог Монгол хүн эрүүл мэндийн салбарыг эзэнгүйдүүлсэний хариуг хатуухан өгсөн байна.
Ардчилсан нам доогуураа дураараа дургин дальчигнаж байсан хариуцлагагүй , мэргэжилгүй, ёс зүйгүй, юм үзэж нүд тайлаагүй бүдүүлэг нөхдөөсөө болж уналаа. Уналаа ч гэж дээ, өөрөө өөрсдийгөө унагаалаа. Учир тэднийг тэнд байршуулсан буруу нь АН-н гишүүд удирдлагуудад хамаарах буруу юм.

Эндээс нэг дүгнэлт хийж болж байгаа юм. Толгой сайн байж болно гэхдээ хөлөө сайн угааж байх хэрэгтэй гэж! Ард түмэнтэй тулж ажиллах гаруудаа буруу сонгож томилбол яаж балардагийн жишээг бид сая харлаа.

Уулын чинээ цагааныг туулайн чинээ хар дарна гэгчээр уул овоо шиг их хийсэн ажлуудыг нь унхиагүй, ухаангүй нэгэн тавиулуудынх нь паактууд баллаад хаячихсан байсныг АН-ынхан одоо ч ойлгоогүй, ялагдлын шоокноосоо ч гарч чадахгүй, дэмий л “писда писда” хэмээн амандаа үглэсээр явж байна.
АН энэ бүхнийг цэгцэлж чадах мэргэжлийн засгийн газаргүй байсныхаа төлөөсөнд төрөөс гуд татуулан буулаа.

Мэргэжлийн засгийн газар гэж юу юм бэ?

Мэргэжлийн засгийн газар гэхээр л дандаа мэргэжилтнүүд сайд болоод байдаг юм шиг хүмүүс ойлгодог бол буруу шүү гээд шууд хэлчихье.

Ямар ч засаглалтай улсад засгийн газар бол улс төрчид л байдаг. Мэдээж мэргэжлийн онцлогийг ойлгодог улс төрч байвал тэрэн шиг сайн юм байхгүй. Гэхдээ улс төрийн албан тушаалд хүрэх зам нь хэнийг ч топ мэргэжилтэн болох зав олгодоггүйг бас бодолцох ёстой. Дэлхий даяараа л тийм.

Мэргэжлийн засгийн газрыг дараахь шинжүүдээр тодорхойлж болно
1.     Бүтцэд нь үйл ажиллагаа, чиг үүргийн давхардал байхгүй
2.     Ёс зүйн өндөр мэдрэмжтэй
3.     Мэргэжлийн онцлогийг ойлгодог салбарын сайдуудтай
4.     Хамгийн чухал нь мэргэжлийн  албадын томилгоог улс төржихгүй merit based хийдэг
5.     Бүх томилгоо нь шилэн буюу ил тод бөгөөд тусгай хүнд зориулан дүрэм зохиодоггүй. Байгаа шалгуур нь тэгш үйлчилж, олон хүн өрсөлдөх боломж олгодог.

Merit зарчим юунд хэрэгтэй юм бэ? Энд яагаад үүнийг дахин дахин онцлоод байгаа юм гэж асуух хүн гарч магадгүй. Энэ бол мэдлэг, ур чадварын шалгуурын тухай ойлголт билээ.

Ур чадварын шалгуураар дэвшүүлдэг зарчим байхгүй улсад боловсрол үнэгүйдэж, боловсрол үнэгүйдсэн улсад хөгжил удааширдаг зүй тогтолцоотойд л хамаг учир нь байгаа юм. Яаж ч боловсроод нэг намчинд мөргүүлээд байдаг бол энэ улсын төлөө ажиллах гэж хэн ирэх билээ. Гадаадад үлдэн ажиллаж амьдарч байгаа олон шилдэг Монгол залуус, топ мэргэжлилтүүдийг нутагт нь ирүүлдэггүй цорын ганц шалтгаан бол энэ шүү дээ эцсийн эцэст. 

Merit шалгуур хууль ёс болоод эхэлмэгц боловсролд тэмүүлэх нийтийн хөдөлгөөн өрнөж аль шилдэгүүд нь шийдвэр гаргалцахад оролцоод эхэлдэг. Үр дүнд нь ямар ч хүндрэлтэй асуудлын зөв шийдэл олддог.  Сингапурын асар хурдан бар улс болсон ганц арга нь энэ.   

Merit шалгуур эдийн засагт хамгийн их нөлөөтэй. Ямар компани зах зээлд тэсэн ялж чадах вэ, ямар нь хэзээ унан дампуурах вэ гэдгийг ажлын байрны өргөдөлийн маягт, ярилцлагын асуултуудаас нь л бараг харчихаж болдог. Шилдэгүүдийг цуглуулсан компани цэцэглэж, дампуунуудыг авсан бизнес дампуурч байдаг. Human capital–н үнэ цэнэ улс орны чадамж, хөгжлийн хурдын асуудалтай шууд холбоотой.

Явж явж merit шалгуурыг хуульчлан сахисан засаг л жинхэнэ мэргэжлийн засаг байдаг юм. Орон нутагт ч, яам агентлагт ч мэргэжлийн, мэргэшсэн хүмүүсийн үнэлэмж өндөр байх тусам тэнд ажил сайн байдаг.

Ардын намын ялалт асар их үнээр, асар олон амлалтаар олдсоныг ойлгож байна. Бялууны үйрмэг ч хамаагүй олоод хүртчих санаатай нөхдүүд цагаан байшинг шил болтол долоогоод эхэлсэн зовлон ч бас байгааг ойлгож байна.
Гэхдээ эрх ашгийн эрэмбэ гэж нэг юм бий. Энэ бүхнээ эвтэйхэн аргыг нь олж зохицуулаад ихэнхдээ merit шалгуур тавиад явбал олон чадалтай залуус Монголоо хөгжүүлэхэд зүтгэхэд бэлэн л байж байгаа. Мэдлэгт боломж олговол асуудалд шийдэл олддог.

Намдаа гавъяатай хүмүүс зөндөөг мэдэж байна. Ажилгүй нь ажил, ажилтай нь албан тушаал нэхээд эхэлж байгаа нь ч бараг нүдэнд харагдаж байна.
Гэхдээ яаж ч шахаанд орсон АН-ы дампууг МАН-ы дампуугаар л бүү сольж үзээрэй гэж гуйя таминь. Тэгээд ч АН-ы тавьсан томилсон болгон дампуу биш шүү. Хамт олондоо нэртэй, мэргэжил салбартаа гавъяатай олон хүн байгаа. Тэднийг итгэж хийж буй ажилд нь үлдээх нь МАН мэргэжлийн засгийн газар байгуулж чадахын эхний шалгуур. Учир нь мэргэжлийн засгийн газрын утга учир нь намчирхсан томилгоо, халаа сэлгээний эсрэг засгийн газар байх явдал юм. Шат ахиулан сольж л чадахгүй бол элдвийн холио солио хийгээд ч бараг хэрэггүй. Сандуйгийн мест зарж 60 тэрбум босгоно гэдэг санааг жаахан засаад хэрэгжүүлбэл уг нь зөв санаа юм.  Төрийн местүүдийг зүгээр л мөнгөний биш merit шалгууртай л болгочих. Төрийн местүүдийг шилдэг сургуулиудын дипломоор, шинэ санаа нэмэж чадах идей эрмэлзлэлүүд, ёс зүй, этикээр зар. Төрийн местэнд өрсөлдөгчийн оноо нь яг тэнцээд ирвэл тэр улс төрийн шалгуураа нэмдэг юм байгаа биз. Аливаа томилгоог хийхдээ мэргэжлийн хамт олноос нь асуу. Тэдэнд таалагдахгүй нэг хүн дээрээс тавихад л нам чинь хэдэн зуун саналаа автоматаар алдаад байдаг улс төрийн хохиролтойг санаж яв. Барууны компаниуд хүн ажилд авахдаа заавал топ мэргэжилтэн, мэнэжерүүдийнхээ саналыг авдаг юм билээ. Хамт олонд нь таалагдахгүй нэг тавиул дээрээс оруулахад, тэр орчоод тэнэгтээд эхэлбэл бүтэн хэлтсээрээ, албаараа улс төрийн шийдлээ эргэлт буцалтгүй гаргачихдагийг мартаж болохгүй. Тэд УИХ-д нэр дэвшигчид нь дургүйдээ биш, зүгээр л тэр тавиулд дургүйдээ саналаа харамладаг юм. Үүнийг бид 2 хоногийн өмнө харлаа.


За одоо илүү олон үгээр яахав. Хийх ажил нь их байгаа МАН-д мэргэжлийн, merit based засгийн газраа байгуулах ажилд нь амжилт хүссүгэй.

Үгээ оросын нэрт физикч Сергей Петрович Капицагийн үгээр өндөрлөе.
Капица хэлэхдээ "Руководить - это значить не мешать хорошим людям работать" буюу "Удирдна гэдэг нь сайн хүмүүст ажлаа хийхэд нь саад болохгүй байхыг хэлнэ" гэсэн байна. Үүнийг л манай удирдагчид бас санаж явтан!

Монголчууд эвтэй байхдаа хүчтэй vs. Ерөнхийлөгчийн хүмүүс

1911 оны 12-р сарын 29-ний өдөр Монголчууд ердөө гурав хоногийн дараа Бээжинд онхолдох өдрөө хүлээж байсан Манжаас тусгаарлан өөрийн төр улс...