Thursday, September 7, 2017

Хүрэлсүхийн 3 чанар

Хүрэлсүх гэдэг хүний нэр сүүлийн үед их гарч байна. Сайн, саараар зөндөө л чичих магтах хоёрын хооронд юмаар булж байх шиг.  Улс төрд байгаа хүнд ирдэг л зовлон, учирдаг л шалгуур нь байх. Энэ хүнийг чичлээд байгаа хүмүүсийг ажихад шууд л дараагийн ерөнхий сайдаар өөрсдөө эчнээгээр тодруулчихаад түүнээсээ бажга авцгаагаад байгаа бололтой харагдах юм.
Ерөнхий сайд бол амаргүй ажил гэж би хардаг. Мэдлэг дангаараа хангалтгүй. Маш их мэдрэмж шаардсан алба.  Олон олон мэдлэгтэй экспертүүдийг зөв зүгт чиглүүлэх тэр мэдрэмж хэрэгтэй.

Энэ хүнийг элдвээр дуудахаасаа өмнө зүгээр л нормальный нүдээр улс төрчийнх жингээр үнэлж хараасай гэсэндээ энэ багахан мөрүүдийг бичихээр шийдэв.

Доживын Бямбацогт гэж багын найз надад бий. Бид 2 бага ангиасаа 10 төгстлөө нэг ангид байсан юм. 29 эрэгтэй, 9 эмэгтэй сурагчтай манай 7б-гийн хагас, бүтэн өнчин 20-д хүүхдийн нэг нь Бямбацогт. Барилдана, онц сурна, томоотой, сахилга баттай.  Хар бор ажилд гүргэр, зүтгүүр гэж нөхцөлгүй. Хүүхдийн колонид явах шахдаг манай хэд дундаа тэр ёстой л өөр гаригийн төгс элдсэн гамбир байлаа. 7-р ангийн намар Брежневийн гашуудлын цуглаан дээр ангиараа инээлдсэн хэргээр сарын дараа манай ангийг Мөрөнгийн сургуулиудаар тараагдсаны дараа ч тэр онц, сахилгатай, спортлог чанараа гээсэнгүй. Бүх багш нар түүнийг гадаадад дээд сургууль авах хүүхэд гэж тооцдог байв.  Гэтэл Бямбацогт Цэргийн Нэгдсэн Дээд Сургуульд орох өргөдлөө өгөөд шалгалтгүй тэнцээд яваад өгөв. Би арай гэж нисэхийн хуваариа 4 онооны зөрүүгээр өөрийн болгож авснаар орос хэлний бэлтгэлд суухаар тэр намартаа Эрхүүг зорьсон билээ.
Хүйтэн дайны оргил үе шувтарч эхлээгүй шахам байсан 86 онд цэргийн сургуульд явна гэдэг бол хэн хүний аавын хүүгийн ухамсарлан хүлээн авдаг сонголт биш байсныг хэлэх хэрэгтэй. Хүрэлсүх бас манай Бямбацогт шиг тийм шилдэгүүдийн нэг байсан гэхэд би л лав эргэлзэхгүй байна. Тэд зүгээр нэг шилдэгүүд байгаагүй, бидэн дотроо хамгийн эх оронч шилдэгүүд нь байсан юм билээ. 
Бямбацогт маань цэргийн ерөнхийг 90 онд онц дүнтэй дүүргэж ахлах дэслэгч цолтойгоор Зүүн-Баянд очиж байсныг би санаж байна. 38 насандаа армийн  хурандаа болсныг нь би дуулсан.
Хожим 90-д оны дундуур У.Хүрэлсүх гэдэг залуугийн тухай бид сонсож эхэлсэн. Багын найз Бямбацогт түүнийг үнэхээр дажгүй эр, цэргийн ерөнхийдөө нэртэй, шилдэг тэргүүний курсант байсан гэж ярьж байсныг нь сайн санаж байна. Дээд курсынх нь байсан гэл үү, нэг оных нь цэрэг байсан ч гэлүү. Тэрийг нь сайн санахгүй байна. Юутай ч манай үе тэнгийн үхэр хонин жилтэн гэдгийг нь мэдэж авсан.

90-д оны дундуур улс төрөөс хол Ан-24-н шугамын инженер хийж, улаан, хөх  сүүлтэй 16 цагаан онгоц үүрийн үнэгэн харанхуйгаас үдшийн од түгтэл маллаж суухдаа нислэгт явуулдаг сонин бүрийг дугаар алгасахгүй унших боломж надад олдож байсан маань Монголын улс төрд хэн нь хэн бэ гэдгийг эртнээс ажиглан мэдэх боломж олгож байсан ч байж магадгүй гэж санадаг. Бямбацогтын зэрвэс, цухас хэлсэнийг Хүрэлсүх миний л ажиглаж байгаагаар байнга баталсаар л явна.
Өнөөдөр Хүрэлсүх дахин мэдээний нүүрэнд гарч иржээ. Тэрээр ард түмнээс өгсөн эрх мэдлийг арилжаа наймаанд оруулахын эсрэг зогсож байгаа юм байна. Нам дотор нь бөөн бужигнаан.

Хүрэлсүхээс 3 чанар би анзаарсан. Хэрийн улс төрчид байхгүй 3 чанар.
Чухам энэ 3 чанар С.Баяр, М.Энхсайхан нараас бусад ерөнхий сайдуудад маань дутуу байснаас засаглах үедээ улс орондоо тустай реформын шинжтэй том зүйл хийж амжилгүй бууцгаадаг. Ихэнх нь эрсдэл үүрэхээс хулчиийдаг бол нэлээд хэсэгт нь зүгээр л шинийг санаачлах сийрэг толгой дутдаг.
Миний ажиглан харснаар:

1. Хүрэлсүх бол МАНЛАЙЛАГЧ. Бусдын эзэлсэн өндөрлөгт хааны бараа бологч болон лифтээр хүрч очоод ихэмсэгээр алсыг харан зогсох нэг өөр, хад асган дундуур мацаж, урдаас ирэх түмэн сумыг сөрж тулалдан тугаа хатгах бас нэг өөр. Хүрэлсүхд өндөрлөгөө өөрөө тулалдан эзэлж чаддаг цэргийн хүний дайчин зан чанар анзаарагддаг. 90-д он бол МАХН-н хувьд шинэ гишүүн элсүүлэх байтугай хуучин хэдээ тогтоон үлдээх гэж сандарч байсан он жилүүд юм.  Үзэл санааны мухардалд орж нагаржунай үзэл ч гэх шиг будилж явсан үе шүү дээ. Залуус зах зээлийн чөлөөт нийгмийн амтанд татагдан орж юун яасан хуучин коммунист МАХН-г дагахтай мантай л байсан.  Тэр үеийн МҮАН, МСДН-н лидерүүд МАХН-г саналаа өгдөг хөгшид нь дуусахаар санал авахгүй болж аяндаа мөхнө гэж барин тавин бардам ярьдаг байсан үе шүү дээ. 1997 онд нөхөн сонгуулиар орж ирсэн Н.Энхбаяр ч МАХН-д хүч сэлбэх шинэ хүчийг татаж дөнгөөгүй юм. Н.Энхбаярт тухайн үеийн үндсэн хуулийн заалт дээр тоглолт хийн ирцээр бойкотлох улс төр хийж Ардчилсан Холбооны засгийн газруудыг туйлдуулах арга сэдэж байснаас МАХН-д өөрт нь нүүрлээд байсан сонгогч дэмжигчийн баазын хомсдолыг анзаарах сөгөө байгаагүй юм.  Хүрэлсүх гэдэг залуу хүүхэд шахуу байхдаа элссэн намынхаа энэ мухардлыг хамгийн түрүүнд олж харсан гэж би боддог. Монро-Импексийн хашаанд түгжигдэн унтаа байдалд орсон байсан залуучуудын байгууллагаа тэр сэрээхийн төлөө уйгагүй явсан. Хөдөөгүүр тэр сайртталаа, хүрэн дээрээ хүрлийж харлаталаа л явсан. Зурагтаар ч их гарч байсныг санаж байна. Улс төрийн акцууд ч хийсэн. Залуусыг ингэж л МАХН руу татсан. Өөрт нь итгэж дагасан залуусаа дараа нь зорилготой зүтгүүлж, зоригтой дэвшүүлсэн. Цэргийн дарга хамгийн хэцүү үүргийг цэрэгтээ итгэж өгч, зэрэг цол нэмдэг шиг тэр өөртэй нь нийлсэн залуусаа дэмжиж зүтгүүлсэн. Тэд нар нь ажил дээр нь бойжиж бэхжихийн хэрээр Хүрэлсүх өөрөө томорч хүчирхэгжиж ирсэн нь нууц биш. Хажуугаар нь АН-ы “залуу” партизанууд намынхаа залуустаа итгэхгүй зөвхөн өөрсдөө амжуулах гэсэн гадуурхал тэнэглэл нь олон сэхээтэн залуусыг МАХН-д нийлж Монголын төрд зүтгэх боломж эрэлхийлэхэд хүргэсэн гэж боддог.
Хүрэлсүх залуу халаа нь тасраад, элсэн цаг нь дуусч байсан МАХН-д шинэ дусал залгаж аварсан юм. Дараа нь тэр дусал нь бараг л гол горхи болсон. Хатаж байсан цөл эргэж ногоордог шиг, мөхөж байсан нам эргэж сэргэсэн нь Хүрэлсүхийн ажил гэж би боддог. 

2. Хүрэлсүх бол ЗАРЧИМЧ. Хэрэгтэй цагт зарчмын төлөө хэрзэгнэх зориг түүнд байдаг. 2000 оны ялалтаас хойш МАХН засгаас мөддөө буугаагүй билээ. 2004 онд Элбэгдоржийг тоглоомын ерөнхий сайдаар түр тавьсаныг эс тооцвол 2000-2008 онуудад МАХН дангаараа засаг барьсан юм. Ард түмний итгэлийг авч засаг барих бүрд удирдагчид нь хүчирхэгжин улмаар ард түмнээс холдон хөндийрч зан ааш нь эвдэрч ирсэн. Ялангуяа МАХН-н дарга, 3 дахь ерөнхийлөгч Н.Энхбаярын эрх мэдэл хэмжээ хязгаараасаа хальсан байсан нь бүхэнд ил асуудал. Энхбаярын он жилүүдийг сонгуульчлагдсан дарангуйлал гэж томъёолдог болоод удаж байна. Энэ нэр томъёог анх нэрт нийтлэлч нэгэн олонд танилцуулсан. Яг үнэндээ өөр хүн “Сонуульчлагдсан дарангуйлал” хэмээх нийтлэл бичиж Өдрийн сонинд нийтлүүлэхээр өгөхөд нийтлэлчийн найз эрхлэгч ах замаас нь хэвлэлтийг нь саатуулж байгаад анхны авторын идейг нь нийтлэлчид авч өгсөнөөр цаадах нь өрсөж нийтлэл гарган энэ нэр томъёонд автор суусан байдаг юм билээ.  Гэхдээ л бусдаас туугаад ч болов олонд хүргэх ёстой зөв санааг хүргэж чадаж байсанд нь тэр нийтлэлчид “талархмой”.
2005 онд би Г.Батхүү сайдын тушаалаар ИНЕГ-н тэргүүн дэд даргаар томилогдсон юм. Нислэгийн аюулгүй ажиллагаа, үнэмлэх гэрчилгээжүүлэлт хариуцсан Монгол талаасаа нэгдүгээр шахуу юм болж байлаа. Ажил ч яахав. Мэргэжлийн юм хойно асуудалгүй. Харин дарга байхын нэг зовлон нь ямар нэгэн том албан тушаалтан онгоцоор нааш цааш явахад заавал очиж ВИП хавьд байж байх бичигдээгүй үүрэг байлаа. Үнэхээрийн ядаргаатай.  Гэвч ийм үүрэгтээ дуртай гарууд ч бас зөндөө байсан нь намайг үнэхээр гайхуулсан. Випийн бүртгэлийн танхимд тэргүүн хатагтайн чемоданыг булаацалдан муудалцаж байсан нисэхийн зарим дарга нарыг хараад ой минь гутаж, бөөлжис минь хүрч байлаа. Эхлээд дарга, дараа нь даргын эхнэр, даргын бас нэг юмнууд. Ойё блять. Нүдэн дээр л эрт баларын феодалын ёс сэргэж байв. Зусрын далай үерлэж, зулгуйгийн зулай гялалзаж байлаа.
Энэ бүх эх захгүй байдлын хөөсөн бөмбөлөгийг Хүрэлсүхийн “Энэ намыг та удирдаад байна уу, танай эхнэр удирдаад байна уу” гэдэг үг цочоож, цоо хатгаж хаясан юм. Ташраараа гөлөгнөж байсан ч нийтээрээ нам байсан энэ цаг үед Хүрэлсүхийн үг ахиад л ангамал цөл дахь баянбүрдийн хоржигноон шиг шинэ итгэл найдварыг олон хүнд төрүүлсэн. Үүнд нь хорссон хаантан Хүрэлсүхийг зохиомол хэрэгт унагах гэж үзсэн ч тэр нь амжилт олоогүй. Өнөөдрийн хаадууд ч бас түүнийг ахин сурсан зангаараа оролдож байх шиг. Хүрэлсүх тэр үед ийн хэлээгүй бол МАХН-д шинэчлэлийн салхи мөддөө сэвэлзэхгүй, С.Баяр ч түүхийн тавцанд ойртон очих гэж нэлээн их тойрох байлаа. Хүрэлсүх зориглон “эзэн”-г сөрж болдогийг харуулсанаар МАХН-г бас дахин аварч шинэчлэлийг эрчимжүүлж өгөв.   Өнөөдөр ч Хүрэлсүхийн эгдүүг шударга бус, ёс бус үйлдлүүд хүргэж байгааг бид харж байна. Эрх баригчдын аархал зөвхөн түүний ч биш олон хүний дургүйг хүргэж байх шиг. Гэхдээ өмнөхөө бодвол өнөө цагт дургүйцлээ илэрхийлэх технологийн боломж хамаагүй дээшилжээ. Цагтаа ганцхан Хүрэлсүх л ил хэлж зүрхэлж байсан зүйлийг өнөөдөр хэн хүнгүй жиргэж болж байна. Гэхдээ л улс төрийн дээд хүрээнд Хүрэлсүхийн зүрх зоригны хэрэгцээ, орон зай бас л урьдын хэвээр. 

3. Хүрэлсүх бол ШИНЭЧЛЭГЧ. Хүрэлсүх зөвхөн улс төрийн тоглогч биш л дээ. Тэр эдийн засгийн хамгийн том реформуудын нэгийг яах аргагүй эхлүүлэгч нь гэж би хардаг.  2000 оны сонгуулиар МАХН-н мөрийн хөтөлбөрт “мянганы зам” гэсэн үг үсэг ч байгаагүй юм шүү. Сонгуулийн дараа 7 сарын 20-доор Хүрэлсүх анх “Мянганы зам”-ын санаачлага гаргаж тавьсаныг бүгд санаж байгаа байх. Мартсан бол шарлаж амжаагүй байгаа сонины хуудаснуудаас харна бизээ. Эдийн засгийг хурдан сэргээдэг гол аргуудын нэг нь томоохон public project–ууд байдаг. Америк их хямралаасаа Хуувэр Дам гэх мэт том public project-уудаараа гарсан бол Монголын эдийн засаг мянганы замыг дагаад сэргэж ирсэн юм.  Замтай болмогц худалдаа эрчимжиж, жижиг дунд бизнесүүд хөдөө тал руу хүрээгээ тэлсэн нь маргашгүй үнэн. Яг үнэндээ 2000 он хүртэл Эрдэнэтээс олсноороо амьдардаг Улаанбаатарт л Монголын эдийн засаг бараг бүхлээрээ байв. Мянгантаа чичлүүлсэн мянганы зам эхэлснээр эдийн засаг хөдөө рүү тэлэх боломж эрс нэмэгдсэн хэрэг. Мэдээж бүх юм төгс хийгдээгүй ч стратегийн шийдэл нь үнэхээр төгс зүйл болсон юм.  Энэ санаачлагаараа Хүрэлсүх зүгээр нэг намчин тэмцэгч биш, эдийн засгийн өндөр мэдрэмжтэй стратегич болохоо харуулаад амжсан. Хүрэлсүхийн мянганы зам санаачлага буруу зүйл байсан бол үе үеийн засгийн газруудын үед зам барихаа болих л байсан. Харин ч эсрэгээрээ үргэлжлүүлсэн. Улам ихээр эрчимжүүлсэн.

70 жил коминтерний гишүүн байсан МАХН 2000 оны сонгуулийн өмнөхөн социнтернд ажиглагч гишүүнээр элсэн орсон юм.  Миний гишүүнчлэлд нь байсан МСДН МАХН-г батлан дааж социнтерн-д элсүүлсэн гэж би ойлгосон. Нэг ч гэсэн Монголын улс төрийн хүчин олон улсын зөв хүчинтэй нэгдэн нийлж байхад дэмжих ёстой гэж хэлсэн Гончигдорж даргын алсын харааг би биширдэг. Өөрөөр хэлбэл МАХН хувьсгалт нэрнээсээ татгалзах гаднах нөхцөлөө их эрт бүрдүүлсэн гэсэн үг. Үнэн худлыг нь мэдэхгүй ч МАН нэрээ сэргээх төлөвлөгөө ч Н.Энхбаярт байсан гэж яригддаг. Социнтерний болзол байсан уу, өөрсдийнх нь санаа байсан уу бүү мэд.
С.Баяр, Сү.Батболд нарын өртөөлөн удирдсан МАХН-д хувьсгалт нэрнээсээ татгалзах өөр ч шалтгаанууд бас байлаа. Хэрэгцээ байгаагүй бол нэр солих шаардлага тийм ч амар гарахгүй.

Уул уурхайн техникийн нүргээн ойртож, гадаадын том хөрөнгө оруулалтын чимээ Монгол руу дөхөж байлаа. Гэтэл улсыг нь ямар нэгэн коммунист нэртэй нам удирдаж байв. Хэдэн тэрбумаар яригдах хөрөнгө оруулалтыг Монгол шиг жижиг улсын тухайд даллах нь амаргүй ажил. Коммунистуудад мөнгөө итгэж оруулах капиталист олох хэцүү. Капиталист ч гэж дээ. Монголд оруулж байгаа хөрөнгө оруулалт бол цэвэр хөрөнгийн биржээс боссон, жирийн иргэдийн инвестментүүд голдуу байх нь тухайн үед тодорхой харагдаж байлаа.  МАХН-н удирдлага намынхаа шинэчлэлийг улс орныхоо эрх ашигт нийцүүлэн өөрчлөх шийдвэрийг маш цагаа олж хийсэнд Монголчууд л хожсон. Энэ шинэчлэлийг бас л У.Хүрэлсүх оройлж, С.Баяр, Н.Багабанди, Сү.Батболд нарын бусад лидерүүд нь дэмжсэн билээ. Ерөнхийлөгчөөсөө дөнгөж мултраад намдаа нөлөөгөө сэргээхээр тэчъядаж ядаж байсан Н.Энхбаярын хувьд энэ шинэчлэлийг дэмжвэл нам дахь хуучин нөлөөлөлөө сэргээх боломжгүй болж харагдаж байв. Иймээс тэр намаасаа тасран тусдаа нам байгуулахаар гарсан билээ.

Нэртэйгээ цуг МАН-д олон юм өөрчлөгдсөн гэж би хардаг. Бусдад үзэл бодлоо хүчээр тулгадаг коммунист өвчин нь арилсан.  
Энэ шинэчлэл үнэхээр намаа хуваах хэмжээний буруу байсан бол хаа сайгүй МАН дундуураа тас хуваагдах байсан биз. Энхбаярт МАН-н оюуны өмч болох МАХН нэрийг 13 оныхоо сонгуульдаа зориулан хууль бусаар булаан авч хэрэглүүлснээр Элбэгдорж ерөнхийлөгч МАН-г харин хуваах шахлаа. Гэвч хуваагдал нь сүрхий газар авсангүй.  Хувьсгалт нэрэндээ олон хүн хоргодсонгүй. Цааш явцгаахаар шийдсэн юм. 2011 он бол монголын эдийн засгийн өсөлтийн оргил үе болсон нь гадаадын хөрөнгө оруулалтын шууд үр дүн юм. 
2012 оны ялагдал бол  Хүрэлсүхийн намын нэр шинэчилсэнтэй ямар ч холбоогүй. Энэ бол зүгээр л сонгогчдын пауз авсан үйл явдал байсан юм. 12 жил завсарлагагүй шахуу төр барьсан МАН-г АН гэдэг невалаар л түр сольсон хэрэг. АН невал дээрээ унтаж, зодоо хийсээр 16 онд хөөгдсөнийг бүгд мэднэ.  Аливаа шинэчлэл түүнийг зориглон эхлүүлэх удирдагчаа л хүлээж байдаг. Нөхцөл байдал мянга бүрдээд өөртөө муу нэр зүүх зоригтон олдохгүй бол шинэчлэл хийгддэггүй. Данкогийн тухай үлгэр бол яг тийм зоригтны л тухай үлгэр юм шд яг үнэндээ.
2016 оны сонгуульд АН дарга З.Энхболдын тэнэглэлийн буянаар үнэмлэхүй ялалт авсан МАН 10 гаруй жилийн өмнөх сонгуульчлагдсан дарангуйлалынхаа замаар орон жонжуулчихав. Намын дарга нь улс төрийн карьераа  Намбар Ваны 2-р хувилбар гэж харж эхлэв. Цааших түүх нь дэндүү нэн шинэ түүх тул энд нуршаад юүгхэв.

Өнөөдөр, яг одоо, УИХ дахь МАН Хүрэлсүх-д боломж олгох уу эс олгох уу гэдэг дээрээ тас хуваагдчихаад байна. Эх орноо бодвол түүнд боломж олгох ёстой. Хүрэлсүх бол 90-д оны өөрчлөлт шинэчлэлтийн хамаг хар ажлыг улаан гараараа, ухаан тархиараа амжуулсан яг манай үеийн төлөөлөл. Түүнийг цэргийн сургуулийн сонсогч гэж дэндүү удаан доош нь хийлээ. Одоо болно. Цэцэрлэг байсан сургууль төгссөн хүн Ерөнхий сайд хийж болж байхад Цэргийн ерөнхийгийн офицер гологдоно гэж үү.  Англиар хуралд үг хэлж байхыг нь сонссон. Манай Харвардын төгсөгч ерөнхийлөгчөөс хол дутуугүй ярьж байна лээ.  Орос ч үгүй, англи ч үгүй олон хүн дээшээ кранаар явж байгаа шүү тэгэж яривал.

Дэлхийн байдал ээдрээтэй, орчлонгийн явдал ороо бусгаа байна. Бидэнд хэцүү цагт паниктдаггүй, харьтныг хань татаж хашгирдаггүй, өөрийн арддаа өөриймсөг удирдагчид хэрэгтэй болж ч мэднэ.

Өсөж байсан эдийн засаг л гэнэ. Төр засгаа оролдох дэмий л гэнэ. Уучлаарай. Авилгал, хууль шүүхийнхний хүчирхийлэл, эх захгүй шударга бус явдлын тогтвортой байдал үнэндээ хэрэггүй. Тэр удаан тэвчсэн. Бид ч удаан тэвчлээ. Авилгалчидыг дэмжвэл эдийн засаг чинь өөрөө л нурна. Эдийн засаг өсөх суурь нөхцөл нь төр зөв байх. Төр зөв байх нөхцөл нь нам нь зөв байх явдал. 
 
 Хүрэлсүх Ерөнхий сайд болвол яах вэ
Хүрэлсүх ерөнхий сайд болвол юу түрүүнд олон хүний харж байгаагаар төрийн тэргүүнтэйгээ хэл амаа ололцоод явах болно. Монголын хөгжлийг сааруулсан төрийн олон хямрал чухамхүү төрийн тэргүүн, эрх баригч намын хоорондын зөрчил байв. Анхны зөрчил 98 онд болсон бөгөөд үйл явдлын завсраар С.Зориг гэдэг хүн үрэгдсэн.  Энхбаяр Ерөнхийлөгч С.Баяраас бусдаар нь бол наадаж байсан гэхэд болно. Элбэгдорж Ерөнхийлөгч ч эрх баригч намтайгаа зөрчилддөг уламжлалаас гажаагүй. Улам л төгөлдөржүүлсэн гэж хардаг. Үр дүнд нь хэн ч хожоогүй. Монгол бүүр ч хожоогүй. Хөгжил, хүнд зарцуулагдах олон зуун тэрбум хурал хуй, хуйвалдаан, төрийн хүчирхийлэлд урсаад л өнгөрсөн. Нэг үгээр хэлбэл Ц.Элбэгдорж WRONG LEGACY үлдээгээд буусан.

Хүрэлсүх Жэнко хоёрт зөрчилдөх сэдэв ховор. Нэг нь төмөр зам бариулна гэж зүтгээд нөгөө нь бариулахгүй гэж худлаа цахдаад улс орноо нуртал үзэлцээд байх ч шаардлагагүй. Тэртэй тэргүй тэрийг нь барих мөнгө мөддөө байхгүй юм чинь. Бид ойрын жилүүдэд бондын зээлээ л төлцгөөнө. 

Төрд тогтвортой зөрчилдөөн биш, харин ч эдийн засагт нэн хэрэгтэй байгаа харилцан ойлголцол, хамтын зүтгэлийг Хүрэлсүх авч ирж чадна. Эдийн засагт өөр юу хэрэгтэй юм бэ. Хуулийнхныг байранд нь тавьж, хуулийнх нь хүрээнд хашиж чадах нь хэн юм бэ. Бүгд л дээр дооргүй бөлдөгдүүлчихсэн энэ нийгэмд хэн нэг нь энэ араатанлаг төрийг чихдэн дарах ёстой биз дээ. Монголын эдийн засаг явж явж төрийнхний зуултаас болоод бахардаж байгааг харахгүй байна гэж үү. Гадаад талд өсөж уруудаж байгаа нүүрсний үнээр алин бүр эдийн засгийн өсөлтөө бууралтаа хэмжих вэ дээ. Монгол жирийн бизнесүүдэд өндийх боломж өгөхгүй боомилож байгаа нам төр дамжсан томчуудын монопольчлол, хуйвалдааны эдийн засаг аль сурах бичигт зөвийн жишээнд байдаг юм бэ? Хүрэлсүх үүнийг л сүүлийн хэдэн сар ярьж байна. Ашиг сонирхолын зөрчлөөсөө ангид засаглаа гэж.   

МАН-ыхны хувьд Хүрэлсүх бол 2021 оны Ардын хувьсгалын 100 жилийн ойн наадмыг асар дээрээс үзэх цорын ганц боломж нь. Ард түмэн түүнд талтай. Сэхээтнүүд ч түүнд уже дургүй биш. Өмнөөс нь үхье гээд эх орондоо тангараг өргөж чадаж байсан хүнд яасандаа ч дургүй байх билээ. Харин ч яг үнэндээ нам дамжсан ухаантай царайлсан зальжин завшигчдын бүлэглэлээс ард түмэн нэгэнт залхсан байгаа нь саяын сонгуулиар ил болчихлоо. МАН-ы хувьд 60 тэрбумын авилгалчдыг хаацайлж, төрөөр нэг түүхий кадр байршуулсан энэ засагтай 20 оны ялалт яагаад ч ирэхгүй.  Хүмүүс Миеэд дургүйдээ биш зүгээр л салбарт нь тавигдсан тэнэгүүдэд дургүй хүрсэндээ л Жэнкод өгчихсөн юм. 

Би Хүрэлсүхийг ингэж л харж байна. Гэхдээ шийдвэр гаргах эрхийг жил гаруйгийн өмнө МАН-д ард түмэн, хар хайрцаг хоёр өгчихсөн. Тэхлээр тэд яахаа өөрсдөө л шийдэх ёстой. МАН-ы шийдвэр зөв гарвал ард түмэн л хожино. Ард түмэн хожвол МАН-д 20 онд шагналыг нь итгэлээр өгнө. Буруу шийдвэл 20 онд шанг нь хүртээнэ. Логик нь их энгийн.  


  


Wednesday, June 7, 2017

Ерөнхийлөгчийн үүрэг ба боловсрол

Монголчууд бид төрийн тэргүүнээ сонгох гэж байна. Улсынхаа хамгийн өндөр албан тушаалыг. Энэ суудалд хэн суухаас энэ улсын доторхи ойрын ирээдүйн шүүх засаглал, шударга ёсны үнэлэмж хамаарна. Мөн Монгол улсын гадаад харилцааны хөгжил энэ суудалд хэн суусанаас ихээхэн хамаарах нь дамжиггүй. Манай улсын топ дипломат бол чухамхүү ерөнхийлөгч нь байхаар Үндсэн хуульд хуульчилжээ. Энэ албан тушаалд хэн ч гарсан батлан хамгаалах чадварт сүрхий нөлөөлөх нь юу л бол. Үсрээд л хэдэн парад өмнүүрээ алхуулна. Учир нь зэвсэг техник, байлдах чадвар бол ганц хүнээс тэр бүр шууд хамаардаггүй нарийн юм.

Ерөнхийлөгчийн албан тушаал үндсэн хуулиар хуульчилсан хязгаарлалттай. Гэвч түүнд суусан Очирбатаас бусад хүн энэ албан тушаалыг Үндсэн хуулийн хэм хэмжээнээс давуулж эдлэхийг чармайсаар ирсэн байдаг. Ер нь  бол ингэж эрх мэдлээ хэтрүүлсээр байснаас сүүлийн үед ерөнхийлөгчийн албан тушаалын зах зээлийн үнэ үсрэнгүй өсчээ.
УИХ дахь 76 эрхэм төрийн, хүчний, олон нийтийн олон ажлыг удирдах мэнэжерийг ерөнхийлөгчийн саналаар томилохоор хуульчлах болсон нь энэ албан тушаалыг хаагчийн эрх мэдлийг Үндсэн хуулиас хальтал нь нэмэгдүүлсэн байгаа нь нууц биш. За тэр яахав. Тэнэгтэл ухаарал авчирч, ухаарал урагшлалт авчирдаг хойно. Сайжирч гольдрилдоо орж л таараа.

УИХ-д суудалтай намууд төрийн тэргүүний энэ удаагийн сонгуульд 3 эрхэмийг уралдуулахаар шилэн гаргаж иржээ. Өндөр нам, өргөн бүдүүн, нас зүс ойролцоо 3 гар гарч ирэв. Бүгд Монгол улсын иргэд, 45 нас хүрсэн, сүүлийн 5 жил Монголд байнга оршин суусан хүмүүс. Үндсэн хуульд тусгайлан заасан шалгуурт нийцсэн гурав. Гэвч Үндсэн хуульд заасан ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх бусад шалгуурыг хангаж байгаа эсэх нь бас эргэлзээтэй.

Ерөнхийлөгч үндсэн хуулиар юу хийхээр хуульчладсан байдаг вэ?
Нэгд: Мэдээж юун түрүүнд Ерөнхийлөгчийн зарлигт гарын үсэг зурна. Үүний тулд бичиг үсэгтэй байх ёстой бөгөөд ядаж л буулгаж буй зарлигаа уншиж ойлгохоос гадна түүнээс гарах үр дагаварыг нь ухаж ойлгох хэмжээний боловсрол, оюуны чадамжтай байх ёстой болох нь.
Хоёрт: Ерөнхийлөгч Монгол улсыг гадаад харилцаанд бүрэн эрхтэй төлөөлнө. Үүний тулд дэлхийн байдлыг анзаарч ойлгох хэмжээний өргөн мэдээлэлтэй, Монгол улсын эрх ашгийг хохироочихгүй хэмжээний эрүүл сэтгэлгээтэй, дэлхийн удирдагчидтай уулзаад ярихад улсаа доошоо чихүүлчихгүй байх хэмжээний жинтэй, үнэ хүндтэй бөгөөд үнэн үгтэй нэгэн байх ёстой болох нь
Гуравт: Ерөнхийлөгч зэвсэгт хүчний ерөнхий командлагч мөн. Монгол цэрэг дэлхийн цэргийн технологи, байлдааны стратеги тактикийн оргилд байсан үе бий. Гэвч тэр үеээс хойш 800 шахам жил улирчээ. Гэхдээ манай цэрэг арми дэлхийг чичрээдэггүй юмаа гэхэд болчимгүй хүний болчимгүй тушаалд захирагдвал төрийг эргүүлчих хэмжээний хөөрхөн хүч. Энүүгээрээ юу хэлэх гээд байна вэ гэхлээр Зэвсэгт хүчний ерөнхий командлагч хүн цэрэг армиа ард түмнийхээ эсрэг, Үндсэн хуульт засаглалын эсрэг хэрэглэхгүй байх хэмжээний саруул ухаантай, болчимгүй үйлдлийг өдөөхгүй хэмжээний оюун санаа сэтгэл зүйн сахилга баттай хүн байх ёстой болох нь
Дөрөвт: Ерөнхийлөгч бол хууль санаачлагч. Хууль санаачлана аа гэдэг бол нийгмийн зохицуулалтанд хамгийн нөлөөтэйгөөр оролцож байгаа хэрэг. Хууль бол тоглоом биш. Нэгэнт батлагдвал зөвхөн мөрдөх л ганцхан хувилбар ард түмэнд үлддэг.  Хууль санаачлахад бяр, уран үг, мөнгө зоос аль аль нь шаардлагагүй. Зөвхөн оюуны өндөр бэлтгэл хэрэгтэй. Санаачилж байгаа хуулийг нь шилдэг экспертүүд бэлдсэн байлаа ч түүнийг өөрийнхөө нэрийн өмнөөс хууль тогтоогчид өргөн барихын тулд л тэр экспертүүдээс дутуугүй хэмжээнд “санаачилсан” хуулийнхаа үг хэллэг, үзэл санааг ойлгож мэдсэн байх ёстой юм. 

Өөрөөр ганц үгээр хэлбэл Ерөнхийлөгч уг албан тушаалдаа бэлтгэгдсэн байх ёстой гэсэн шалгуур Үндсэн Хуулинд сууж өгсөн байх ажээ. Үүнийг намууд анзаарсангүй юу, орхигдуулсан уу бүү мэд. Юутай ч 3 нэр дэвшигчийн 2 нь дээд боловсролгүй байгаа нь нийгэмд халуун маргааны сэдэв болж сэвэгдэж эхэллээ. Ийнхүү “боловсролгүй” хүмүүс төрийн тэргүүнд нэр дэвшсэний ачаар Монголчууд бид боловсролын чухлыг нийтээрээ ярьж эхэлдэг цаг ирдэг л юм байна.

Боловсрол гэж чухам юу юм бэ?
Энд боловсрол, мэдлэг, мэргэжил гэсэн ойлголтууд яваад байдаг. Миний анзаарснаар энэ бүгд хоорондоо уялдаатай мэт боловч зарим нэг нэн чухал ялгаатай. 

Боловсрол гэдэг бол шинжлэх ухааныг сурах арга барилд системтэй суралцах тухай ойлголт. Ихэвчлэн академик орчин (сургууль, их сургууль)-д олгогддог. Эрт баларын цагт бичиг үсэгтэй хүн боловсролтойд тооцогдож байсан бол одоо цагт дээд боловсролтой байж байж л боловсролтой хүний тоонд багтаж байна. Олон сургууль, олон зэрэг цолтой тусмаа өндөр боловсролтойд тооцогдох гэх мэт. Боловсрол бол бусдын хуримтлуулсан мэдлэгийг цаг хэмнэн, зардал багатай (өөр дээрээ туршихгүйгээр) мэдэж авах процесс, боловсролын диплом, үнэмлэх, гэрчилгээ бол чамайг тийм мэдэж авах тогоонд тодорхой хугацаанд чанагдан гараад мэдэх ёстой минимум зүйлсээ цаг тухайд нь мэдэж авсаныг гэрчлэх баримт л юм.  Боловсролын гол давуу тал нь хүнийг системтэй, зүй тогтлын дагуу сэтгэж сургадаг. Хүн эхлээд системтэй сэтгэж сурч байж л системээс гарч сэтгэж эхэлдэг. Системээс бусдаас түрүүлж гарч сэтгэхийг мэдлэгт нэмэр болох буюу contribution to knowledge хэмээдэг. Ингэж хүн төрөлхтөний мэдлэгт нэмэр болсон хүнд философийн доктор буюу PhD цол олголог уламжлал нэлээн эртнээс тогтжээ. 

Мэдлэг бол академик орчинд олж авсан эсэхээс хамаарахгүйгээр хүний тархинд янз бүрийн сувгаар хуримтлагдсан мэдээлэлийн хэмжээ юм. Түүнийгээ зөв ашиглах эв дүйтэй нэгнийг ухаантан (wise man) буруу ашигладаг хүнийг нөгөө юу гэнэ. Эрт үед ч, орчин цагт ч бичиг үсэггүй ч асар их ухаалаг өвгөд байсаар ирсэн. Цаашид ч байх биз. Хүний ухаан хувийн хүмүүжил, ажил хөдөлмөр, олсон эрдэм боловсрол, орчны нөлөө гэх зэрэг олон хүчин зүйлийн үр дүнд буй болсон байдаг.
Мэдлэгийг үндсэн 2 янзаар олж авдаг. Боловсролоор дамжуулж, эсвэл туршлагаар дамжуулж.
Бусдын мэдэж авсаныг үг, бичиг үсгээр дамжуулах эсвэл бусдын бодит байдлыг харж тусган олж авах ба үүнийг боловсрол гэх бөлгөө. Эсвэл өөрийн арьсан дээр туршин мэдэж авах ба үүнийг туршлага гэнэ.  Энэ бол хувь хүний л хэрэг.

Зүйрлэвэл зогсож байгаа хүн тэнгэрийн хаяа хүртэл л харж чадна. Дэлхий бөөрөнхий тул 12 миль буюу 20 км алсын бараа л бидэнд харагддаг.  Чи 21 дэх км-д байгаа нэг зүйлийг олж авъя гэвэл ядаж тэр зүгт 1 км урагш алхах, эсвэл яримгүй өндөрт гарч байгаад эхлээд олж харах хэрэгтэй. Өндөрт гарах процесс амаргүй ч богино хугацаанд чи харах гэснээ харна. Бас эргэн тойрны 21 км радиуст харж чадна. Харин чи 21 дэх км-т бгаа зүйлийг харахын тулд аль нэг зүг рүү ядаж 1 км алхах ёстой болно. Энэ бол цаг хугацаа авна. Аз таарч алхсан зүг чинь олж харах гэсэн зүйлийн байрлалын зүгтэй давхцаж байвал чи түүнийг өндөрт гарсан хүнээс ч илүү тодоор харна. Учир нь чи 1 км-н урд байгаа. Алхсаар 21 дэх км-д хүрвэл чамаас сайн харах хүн дэлхийд байхгүй болно.  Чи тэнд байх бүх чулуу хад, элсний ширхэг бүрийг алган дээрээ тавьсан мэт харж мэдэж авч чадна. Харин буруу зүгт алхаад эхэлбэл чи хэзээ ч заасан 21 дэх км-д байгаа зүйлийг олж харж чадахгүй.
Боловсролын давуу тал нь эхлээд өндөрт гарч 360 хэм тойргийг бүхэлд нь хараандаа авч байгаад 21 дэх км-т байгаа зүгийг эхэлж тогтоож чаддагт л байдаг. Нэгэнт хайсан зүйлийнхээ чигийг мэдээд авчихвал түүнд хүрэх нь цаг хугацаа, хүсэл зоригийн л асуудал. Магадгүй зөв зүг рүү мэдрэмжээрээ түрүүлж хөдөлсөн хүнээс хоцорч очих ч эрсэн зүйлийнхээ байрлалд баталгаатай очих боломж зөвхөн өндөрт гарсан хүнд л бүхнээс илүү байдаг. Өндөрт гарсан хүнд буруу тийшээ алхсан бусад бүх хүнээс илүү боломж гарч ирдэгт л боловсролын хамаг ид шид оршдог.
Боловсрол энэ утгаараа хүнд алсын хараа өгдөг. Алсын хараа бол юмны зүй тогтлыг урьдчилан харах чадвар. Хэрхэн ямар аргаар, ямар замаар явбал ямар үр дүнд хүрэх вээ гэдгээ нээн илрүүлэх чадварыг системтэй боловсролын тогтолцоо л олгодог.  Билл Гэйтс, Стив Жобс, Марк Зукерберг нар боловсролоос хоцроогүй. Учир нь тэд сурахаа хэзээ ч зогсоогүй. Тэд коллежийн эхний жилүүддээ л сургуулийнхаа номын сангаас хэрэгтэй өндөрлөгтөө гараад явах зүгээ түрүүлээд олоод харчихсан л тийм хүмүүс. Нэгэнт явах зүгээ түрүүлээд мэдчихсэн тэдэнд алсыг харагчид хоргодох шаардлага байгаагүй. Бусдаас түрүүлж гараад л давхичихсан хэрэг. Тэгээд тэд тэнд байх эрдэнэсийн уурхайг түрүүлж нээн өөрийн болгоцгоосон.

Энгийн хувь хүний хувьд боловсрол чухал чухал эсэх нь нээх чухал биш.  Боловсролоос залхуурвал алхаад л байхаас өөр замгүй. Хайгаад л байна хайгаад л байна, алхаад л байна алхаад л байна. Азтай хоншоортой нэг нь хайж байгаа зүйлээ олно. Бусад нь насаараа эргэлдэнэ. Боловсрол ч бас адилхан. Өндөрт гарчихаад бүхнийг хараад байдаг. Хараад л байдаг. Өндрөөсөө бууж тэр зүг рүүгээ алхахгүй л бол чи харсаар л дуусна. Өндөрт гарч зүгээ эхэлж тогтоочихоод алхаж байгаа хүн бол хайсан эрдэнээ баараггүй олдог, өөрийн болгодог. Зарим тохиолдол илүү хол байх илүү том эрдэнэсийн санг олох хэрэгтэй болдог. Үүний тулд илүү өндөрт гарч харах буюу илүү их эрдэм сурах хэрэгтэй.

Мэргэжил бол тэр зүг рүүгээ алхах, хүрч очоод хайсан эрдэнээ өөрийн болгож үнэд хүргэхэд хэрэгтэй эв дүй юм. Англиар бол skill гэдэг. Үүнийг хүн өндөрт авирч байх хугацаандаа хуруу хумсаа хугалан авирч суралцах, эсвэл алхаж, хайж явахдаа улаа эргүүлэн суралцах 2 арга замтай. Нэг нь мэргэжлийн сургуульд сурах, нөгөө нь ажлын дадлагаар буюу on- job-training гэж нэрлэдэг сургалтаар олж авах.

Боловсролыг соёлт ертөнцөд өрнө дорно гэхгүй ихэд үнэлцгээдэг болжээ. Манай хөрш Хятад улс л гэхэд барууны их дээд сургуулиудын гадаад оюутнуудын 50%-г дангаараа илгээж дэлхийн боловсролоос шимтэн суралцан өөриймшүүлж байна. Тэд суралцаж байна. Харин бид хийрхэж байна.

Барууны боловсролын нэн чухал нэгэн эрхэм зүйл байдаг. Тэнд хуулахыг, хуурахыг үзэж чаддаггүй, эвлэрдэггүй. Ямар нэгэн байдлаар аль нэгэн барууны боловсролд хүрсэн хүн бол дор хаяж тодорхой хугацаанд ёс суртхууны маш өндөр хэмжээний хүлэмжинд ургаж байгаад гарч ирсэн гэж ойлгох хэрэгтэй. Бага сургуулиасаа эхэлсэн бол ёс суртхууны энэ хүлэмжинд анхнаасаа ургасан экологийн цэвэр жимс гэж хэлж болно. Сургуулиудад улсын хувийнаасаа хамаарахгүйгээр ёс суртхуун, шударга ёсны шалгуур нь жигд бөгөөд маш өндөр. Тэд шударгыг л эрхэмлэдэг. Учир нь шударга байдал нийгмийг тогтвортой байлгадаг. Нийгмийн тогтвортой байдал эдийн засгийг өсөлтийг тэтгэдэг гол хөрс суурь нь юм.

Улсын удирдагч боловсролгүй бол улс нь алсын хараагаар дутагддаг. Мэдээж юмыг яаж мэдэхэв тус улсын аз таарч боловсролгүй удирдагч нь улсаа зөв зүг рүү хөтөлбөл тэр улс том хожино.  Харин аз таарахгүй бол хэдэн 10 жилдээ л дэмий тэнэцгээнэ. Удирдагч нь баахан дагуулж давхина, байгаа хүнс усаа барна. Тэгээд бөөндөө цөлд төөрнө. Харанхуй нөмрөхөд хаана байгаагаа ч мэдэхгүй дэмий бархиралдана. Ойр орчмын хөршөө араатан байна гэж санан айж цэрвэнэ. Эцэст нь гүн төөрөгдөл, цөхрөлд орцгооно. Бослого тэмцэл өрнүүлж улсаа нураана. Харанхуй удирдагчтай Венесуэл яг тийм замаар явж байна.

Боловсролтой удирдагч алсыг харах эрдмээ ашиглан 4 зүг 8 зовхисын ээдрээ нугачааг эхлээд харчихаад улсаа аль зөв бөгөөд дөт зам руу нь хөтөлж чаддаг. Оксфордын төгсөгч Сингапурын Ли Куан бол яг тэгсэн хүн. Боловсролгүй удирдагчтай улсын удирдагч яваандаа боловсроно. Тэр мэдээлэлийн уулзвар дээр байх тул түүнд ухаан суулгах түмэн үйл явдал болж өнгөрснөөр үр дүнд нь  нөхцөл байдлын уялдаа холбоо, учир зангилааг олж харах чадвар түүнд суудаг. Гэвч цаг хугацаа ихээр алдана. Удирдагчийн дутуу боловсролын үр дүн ард түмний арьс махан дээр л мэдрэгдэж байдаг. Ард түмэн махаа ч зулгаана, ясаа ч тавина. Тэгэж тэгэж удирдагч нь ухаарвал өндийнө. Эс ухаарвал дараагийн удирдагч гарч иртэл зовцгооно.

Ирэх 4 жилд хэнээр удирдуулахаа сонгохоосоо өмнө сонгож байгаа хүнд чинь алсын хараа байна уу, алсын хараа нь цээжний пан уу, эсвэл эрдэм номын өндөрлөг үү гэдгийг нь эхэлж хараарай. Мөн ерөнхийлөгчийн дээр дурьдсан ажил үүргийг гүйцэтгэх чадвар хэр суусан эсэхийг нь нягтлаарай.
Өөрөө боловсрох боломж олоогүй ч эрдэм чадал төгс хүмүүсээр хүрээлүүлж, тэдний хүрсэн өндөрлөгөөс нөхцөл байдлыг тунгаасны эцэст улсаа зөв зүгт залдаг удирдагчид бас байдаг. Чингис хаан эрдэм чадалтай бол дайснаа ч дэргэдээ авч Монгол төрд зүтгүүлж чадаж байсны хүчинд Монголчууд тулгар төрөө байгуулж, түмэн газрын хэрмийг даван давшиж явжээ.
Сайн бод!


Saturday, April 29, 2017

"Гүтгэх" эрх

Гүтгэлэгийн хуулийн асуудал оргил цэгтээ тулж байна. Хуульчид ч, хууль тогтоогчид ч хийж байгаа хууль, гаргаж байгаа шийдвэрийнхээ цаад учрыг мэдэж байгаа шинж тун алга. Зүгээр л айлган сүрдүүлэх тактик хэлэлцээд суух боллоо. Зарим нь гүтгэлэгээс болж Сирид иргэний дайн дэгдсэн гэж хадуурав.
Үндсэн хуулиндаа иргэд нь төрөө “шууд сонгох”-оо тунхаглан, хүнийг үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхахыг хориглосон Монгол улс 1990 оноос хойш ардчилалын замаар замнасан, үгүйдээ л тэр “ардчилалын зам”-аа бараадан байнга солигддог “брожур” дээгүүр нь тэнцэн ядан зам даган урагшилж явна.

Зөрчлийн хууль гэж барууны орнуудад зочид буудалд хоноод төлбөр төлөхгүй гарах, бензин хийгээд төлбөрөө хийхгүй хөдлөх, автобусанд туулайчлах зэрэг болон, захиргааны хариуцлагын, салбарын хариуцлагын зохицуулалтуудын тухай regulatory offenses, summary offenses гэх мэтийн хуулиуд байдаг. Энэ зөрчлийн гэх хуулийг харахад иргэний маргаанаар шийдэгдэх олон асуудалд төрийг татан оролцуулж торгуулиар далайлгах, улмаар хууль сахиулах байгуулагад хэрэгцээгүй илүү эрх мэдлийг төвлөрүүлэх, хохирогчийн хохирол барагдах боломжгүй болгох урхаг ихтэй үр дагавартай олон зүйлс ажиглагдаж байна. Өнгөц харахад иргэний маргаан гаргахад төлдөг тэмдэгтийн хураамж, нэхэмжилж буй хохиролын дүндээ таарсан бусад хураамжийг төлөх зардлаа төрд үүрүүлсэн заль мэх их ажиглагдна. Нэхэмжлэгч шүүхэд нотолгоо гаргах зардлаа бас төрөөр үүрүүлэхээр болчихсон ч явж байх шиг байна. Иргэний хуулиа задлан чамбайруулах, гэм хорын  хууль эрх зүйн [tort law] орчноо шинэчлэхийн оронд бүгдийг нь хаман заавал шүүхээр шийтгүүлэх indictable offense болгож хууль сахиулах зардлыг үлэмж нэмэгдүүлсэн хууль болжээ.
Хувийн эрх зүй [private law] нийтийн эрх зүйн [public law] зааг ялгааг үгүйсгэн хольж бантагнуулан, эрх зүйн хаос орчныг санаатай үүсгэн төрөөр нэг эргүүтэн суух шаардлага байна уу даа энэ УИХ-н эрхэм бус гишүүдэд. Хувийн эрх зүй бол хувь хүмүүс, хуулийн этгээдүүдийн хооронд хуулиар эдлэх эрхүүд зөрчигдсөн тохиолдолд үүсдэг маргааныг зохицуулах зорилготой. Нийтийн эрх зүйн бол олон нийтийн дунд тогтсон үйл, зан байдлын стандартыг мөрдүүлэх зорилгоор төрөөс орж ирж шийтгэл торгуулиар дамжуулан албаддаг эрх зүй.  Гэтэл зөрчлийн хуульд хувийн эрх зүйгээр зохицуулагдах маш олон асуудал орж ирсэн байгаа нь эрх зүйн зөрчилийг үүсгэж байгаа юм.

Манай хууль тогтоогчид чухам яагаад ийм хууль санаачлаад явааг би тэр бүр ойлгохгүй байгаа ч гүтгэлэгтэй холбоотой зүйл заалтууд нь дэндүү ерөнхий, хамгийн гол нь хамгаалалт (defense) боломжуудыг нь нээж өгөөгүй учир маш аюултай хууль батлах гэж байгаа юм шиг санагдаад байгаа тул өөрийн үзэл бодлоо хэлэхээр шийдлээ.

Гүтгэлэг гээч манай төр засгийн эрхэмүүдийг хоолой зангиртал нь айлгасан зүйлийн талаар суралцаж буй номынхоо хэмжээнд, ийм хэргээр хоригдож үзсэн туршлагынхаа хүрээнд хэдэн үг хэлье.

Хүнийг гүтгэлээ гэж иргэний журмаар буруутгахын тулд дараахь 3 элемент хангагдсан байх ёстой байдаг юм билээ. Үүнд:
1.  гүтгэлэгийн шинж чанартай,
2.  нэхэмжлэгч этгээдэд хамаарсан,
3. нэхэмжлэгч этгээдээс өөр этгээдэд хандаж хариуцагч этгээд хийсэн мэдээлэл байх ёстой байдаг.

Мэдээлэл гүтгэлэгийн шинж чанартай байх гэдэг нь тухайн гүтгүүлсэн гэх хүний талаар дээрх мэдээлэлийг хүлээн авсан жирийн хүн [reasonable person= эрүүл оюун ухаантай хүн] уг мэдээлэлд гүтгэлэг байгааг ялган анзаарч чадахуйц хэмжээний мэдээлэл байх ёстой юм байна. Нэхэмжлэгч этгээдэд таалагдаагүй мэдээлэл бүрийг гүтгэлэг гэж ойлгож болохгүй. Хуулийн дээрхи шалгуур хангасан мэдээлэл л гүтгэлэгт орно.
Та бидэнд ойрхон амьдралаас жишээлэн хэлэхэд олон жилийн турш авилгалд гаршсан сайдыг авилгалч хэмээн хэлбэл уг мэдээлэлд бусад жирийн хүмүүс гүтгэлэг байна хэмээн анзаарч мэдрэхгүй ч байж болно. Мэдээлэл гүтгэлэг хэмээн жирийн хүнд анзаарагдахгүй бол хичнээн тарсан ч тэр хүний алдар хүнд (reputation)-д хохирол учрахгүй. Иймд заавал гүтгэлэг гэж анзаарагдах мэдээлэл байх ёстой болдог.
Харин 5 настай жаахан хүүхэд, эсвэл номын мөр хөөсөн өвгөн эрдэмтнийг авилгалч хэмээн хэлбэл үүнийг сонссон жирийн хүн уг мэдээлэлд үнэнд өчүүхэн ч дөхөхгүй гүтгэлэг байгааг шууд анзаарч ялган таньдаг.  
Чухам ийм ялгаа зааг байгаагаас улс төрчид өөрийнхөө ёс суртахуунд эхнээсээ өндөр шалгуур тавин, өчүүхэн алдаа гаргавал сайн дураараа огцорч байдаг юм билээ. Шалтгаан нь зүгээр нь бусад дайралт ирэхэд хамгаалалтгүй болчихдог учир эртхэн шиг галын шугамаас сайн дураараа холдож явсан нь өлзийтэй болж ирдэгт учир нь байдаг юм байна. Жирийн хүнд тааруухан хүн гэж ойлгогдохоор болтлоо муу зам мөртэй байж болохгүй шүү л гэсэн санаа. Хүн нэрээ өөрөө л хичээх ёстой гэсэн хүний нийгмийн хуулийн ёс ийм буюу.

Гүтгэлэг хүрэх эзэнтэй буюу зөвхөн нэхэмжлэгч этгээдэд хамаарсан байх ёстой байдаг. Эзэн нь буюу нэхэмжлэгч этгээдийг нэрлэсэн эсвэл жирийн хүнд тухайн нэхэмжлэгчийг гэж нэмэлт тайлбаргүйгээр танигдуулах хэмжээнд тодорхойлсон (innuendo) байх ёстой байдаг юм байна.
Эзэн биегүй мэдээлэл гүтгэлэгт тооцогдоход элемент дутуу болно. Жишээ нь Сайд авилгалч хэмээвэл эзэн биегүй мэдээлэл болж гүтгэлэгийн шинж чанараа гээнэ. Гансүх сайд авилгалч хэмээвэл бас л дутуу. Учир нь Гансүх нэртэй хэд хэдэн сайд байх ба чухам аль нь болохыг жирийн хүн ялгаж ойлгоход хэцүү. Ч.Гансүх сайд авилгалч гэвэл сая эзэн бие харьцангуй тодорхой болж ирнэ.  Хүнийг нэмэлт тайлбаргүйгээр тодорхойлох хэлбэр Монголд түгээмэл тархсан байдаг. Жишээ нь Жэнко гэхэд жирийн монгол хүний хувьд УИХ гишүүн асан Х.Баттулга гэгч эрхэм санаанд нь шууд л тусна.

Өөрт нь хамааралгүй хэлсэн үгийг өөртөө хамааруулан ойлгож нэхэмжлэл гаргах боломжгүй. Гол нь жирийн хүнд тэр таныг гомдоосон илэрхийлэлийн эзэн нь өөрийг чинь байна гэж танигдахуйц байх ёстой юм.

Гүтгэлэг нь нэхэмжлэгчээс өөр хүнд хандаж хариуцагч этгээд хийсэн мэдээлэл байх ёстой байдаг. Хэрэв гүтгэлэг агуулсан гэх мэдээлэлийг нэхэмжлэгчид өөрт нь хандаж хэлсэн тохиолдолд уг мэдээлэл гүтгэлэгийн шинж чанараа алдана. Хүнийг өөрт нь гүтгэж ярих тухай ойлголт угаасаа байдаггүй. Гүтгэлэг агуулсан мэдээлэлийг цааш нь гүтгэлэг гэдгийг мэдсээр байж дамжуулсан хүн гүтгэлэг тараасанд тооцогдож болно. Хэрэв тэгэж тараасан хүн уг мэдээлэлийг гүтгэлэг гэж мэдээгүй бол хариуцлагаас чөлөөлөгддөг. Сайд А.Гансүх v Жиргээч Даваапил заргын хувьд “МИАТ-д хийсэн шинэчлэлээр 3.6 тэрбум төгрөг хэмнэсэн” хэмээн нэхэмжлэгч жиргэсний хариуд “Самсунгтай 1км төмөр замыг хэдээр гэрээлсэн бэ сайд аа. Тэнд луйвардсан мөнгө чинь наад 3,6 тэрбумаас хол давна” хэмээн хариуцагч жиргэсэн байдаг. Даваапил А.Гансүхд сайдад хандаж хэлсэн гэдэг нь “сайдаа” гэх хандсан үгээр нотлогдож орхисон байдаг. Энэ тохиолдолд хариуцагч уг мэдээлэлийг нэхэмжлэгчид хандан хэлсэн байх тул гүтгэлэгийн шинж чанараа алдсан мэдээлэл болж байгаа юм.
Гүтгэлэг тараалцсаны тухайд retweet, like бол гүтгэлэг тараалаа гэж хариуцлага тооцоход хангалтгүй баримт юм. Учир нь хуулийн өмнө бүгд тэгш байх зарчим хэрэгжүүлэх боломж байхгүй. Нэг жиргээчийг retweet хийсэн байна гэж ялгаж шийтгэх нь Үндсэн хуулийн зарчмыг ноцтой зөрчих тул бүгдийг нь олж хариуцлага тооцох шаардлага гардаг. Монгол улсын хувьд энэ нь боломжгүй зүйл бөгөөд хуулийн хүрээлэл ч хил даван харайх боломж өгөхгүй.

Гүтгэлэгт маш ноцтой үр дагавартай, бодит хохиролтой үед эрүүгийн хариуцлага яригдаж болох ба эрүүгийн хэрэг үүсгэхэд дараах нөхцөл хангагдах шаардлагатай.  Энэ нь: "Хүн [хуулийн этгээд] хуулиар зөвтгөгдөх шалтгаангүйгээр хүний тухай үнэн бус мэдээлэлийг тус хүнд хор хүргэх зорилгоор бусад хүнд хүргэсэн байх”. Хор хүргэх зорилго буюу malicious intent гэдэг элемент энд орж ирж байна. Гүтгэлэг энэ элементгүй бол эрүүгийн хэрэг биш юм.
Барууны орнуудад хүнд эрүүгийн хэрэг үүсгэх маш амаргүй байдаг. Учир нь тэр хүний үйлдэл эрүүгийн хэргийн бүх элементийг бүгдийг нь хангасан гэдгийг эргэлзээ тээнэгэлзэлгүй (beyond reasonable doubt) болтол нь нотлох үүрэг, нотлогоо гаргах дарамт яллагч талд ирдэг. Хуулинд бүх хүнийг аливаа хэрэгт буруугүй гэж үздэг ба шүүхээр буруу нь тогтоогдох хүртэл энэ эрх нь хадгалагдана.
Эрүүгийн хэрэг үндсэн 2 элементтэй. Actus reus (conduct) буюу үйлдэл, Mens rea (guilty mind) буюу гэмт сэдэл.
Үйлдэл байгаад ч сэдэл дутуу бол хүний амь нас хохирсноос бусад тохиолдолд гэмт хэрэгт тооцохгүй. Гэмт сэдлийг гэмт үйлдэлтэй холбоотойг (causal connection) нотлох нь хамгийн түвэгтэй байдаг.  Эрүүгийн гэмт хэргийн хуулийн үйлчлэл тус мужийн буюу улсын эрх зүйн хязгаарт (Jurisdiction) хүрээд зогсдог. 

“Гүтгэгч”-ийг Хүн (аккаунт биш) гэдгийг тогтоох боломж олдсоны дараа “гүтгэгч”-ийг зөвтгөх шалтгаануудыг заавал олж тогтоодог. Мөн яллагдагч/хариуцагч талд өөрийгөө энэ зөвтгөлүүдийн тусламжтайгаар хамгаалах боломж олгодог. Гүтгэлэгийн ял зэмийг үгүйсгэх хуулиар тогтоосон дараах зөвтгөлүүд байдаг байна. Үүнд:
1. Үнэн байдал:  Түгээмэл хуульд  үнэн бол гүтгэлэгийн ял зэмийн эсрэг абсолют хамгаалалт юм. Үнэн байдал шууд утгаараа болон агуулгаараа тодорч болно. Агуулгаараа үнэн тодорно гэдэг нь зарим нэг үнэн бус мэдээлэл агуулсан мэдээлэл нь ерөнхий утгаараа үнэн бол түүнийг contextual truth гэж үзэн үнэнд тооцдог. Манайд бол албан тушаалтнуудын хувьд гүтгэлэгийн зарга нь үнэнийг нуухад оршдог. Гэтэл тэнд хуулийн энэ зарчмаар үнэнийг заавал олж тогтоох үүрэг шүүхэд ирнэ. Ийм шалтгааны улмаас хэвлэлээр шүүмжлүүлсэн улс төрчид гүтгэлэгийн заргаас зайлсхийдэг.  
2. Итгэл үнэмшлээрээ үзэл бодлоо шудрагаар илэрхийлэх: Яллагдагч/хариуцагч талын хийсэн мэдээлэл нь (а) Баримтын тухай мэдэгдэл биш, үзэл бодлын мэдэгдэл байсан; (b) Үзэл бодлоо үнэнчээр илэрхийлсэн; (c) Үзэл бодол нь бодит фактууд дээр тулгуурлаж бий болсон; (d) Олон нийтийн ашиг сонирхолд нийцсэн коммент байсан гэдгээ нотлоход гүтгэх ялаас мултардаг. Аль ч ардчилсан орны үндсэн хууль нь иргэдээ үзэл бодолтой байх, түүнийгээ чөлөөтэй илэрхийлэх эрхээр хангадаг тул хэн нэгний талаар таагүй үзэл бодолтой байсныхаа төлөө хэн ч ял эдлэх ёсгүй гэсэн суурь зарчим энд үйлчилж эхэлдэг юм байна.
3. Онцгой бүрэн эрх: хэлсэн үг, хийсэн мэдэгдлийнхээ төлөө хариуцлагад татагдахгүй онцгой бүрэн эрх бол ихэвчлэн Парламентын гишүүдийн бүрэн эрхэд хамаардаг. Мөн шүүх, парламент, ЗГ, олон нийтийн компанийн нийт хувьцаа эзэмшигчдийн хурлын мэдээлэлд тулгуурлан хийсэн мэдээлэлүүдийг гүтгэлэгт тооцохыг зөвшөөрдөггүй.
4. Тусгай эрх:  Тухайн хөндөж буй асуудлаар мэдээлэх үүрэг хүлээсэн тодорхой бүлэг хүмүүст гүтгэлэгийн хариуцлагаас чөлөөлөгдөх эрх олгодог. Олон нийтийг мэдээлэлээр хангах үүрэг бүхий  энэ эрхийг хувийн зорилгоор ашиглавал тусгай эрх дуусгавар болсонд тооцдог. Ийм тусгай эрх олгогддог бүлэгт
1. Гэмт хэргийг мэдээлэх үүрэг бүхий этгээд (цагдаа, аврагч, эргүүл, хүний эрхийн байгууллага гэх мэт)
2. Төрийн үйл ажиллагааг олонд хүргэх мэдээлэлийн хэрэгслэл
3. Олон нийт болон сонгогдсон/томилогдсон төрийн албан тушаалтны хооронд үүссэн харилцаа тус тус хамаардаг.

Ялангуяа иргэд, хэвлэл нэг талаас нөгөө талаас сонгогдсон болон томлогдсон албан тушаалтны хоорондхи харилцааг тусгай бүрэн эрхэнд оруулж гүтгэлэгийн хариуцлагаас чөлөөлдөг байна. Шалтгаан нь их энгийн. Олон оронд тэр дотор Монголд, Австралид төрөө шууд сонгодог үндсэн хуулийн тогтолцоотой. Үндсэн хуулийн шууд сонгох эрхээ зөвхөн мэдээлэлтэй иргэд эдэлж чадах боломжтой гэж чөлөөт нийгэмд үздэг. Энэ боломжийг хангахын тулд сонгогдсон улс төрийн албан тушаалтны талаархи бүх мэдээлэлийг (түүний дотор хувийн) ил болгох шаардлага урган гардаг бөгөөд үүнийг хэвлэлийн эрх чөлөө гэж нэрлэдэг ажээ. Сонгогдсон албан тушаалтны хувийн мэдээлэл ил байх нь сонгогдогч эрхэмийн ёс суртхууны хэмжээг үнэлэх болон ашиг сонирхлын зөрчилгүй төрд зүтгэх баталгааг хянах олон нийтийн багаж болж өгдөг байна. 
Төрийн хүнийг гүтгэлээ гэх ял зэмийн эсрэг энэ хамгаалалт Австралид Lange v Australian Broadcasting Corporation (1997) 189 CLR 520 заргаар баталгаажсан байдаг. Хэрэв олон нийтийн хараа хяналтаас холуур амьдрах хүсэлтэй бол улс төрийг орхих, нам тайван ажил бизнесээ хийгээд явах өөр сонголт байдаг. Улс төрд орохоор шийдсэн бол микроскопон доор хэвтэх ийм л зарчим төрөө шууд сонгох үндсэн хуулийн эрхийг хамгаалж байдаг юм байна.
Улс төрийн харилцаанд доромжлолыг зөвшөөрдөг. Coleman v Power (2004) 220 CLR 1 хэрэгт давж заалдагч  (appellant) этгээд орон нутгийн цагдааг “авилгалч, шавхайтай хутгалдсан заваан новшнууд” хэмээн бичсэн лоозон барьж олон нийтийн талбай дээр зогсож эсэргүүцэл илэрхийлсэн бөгөөд цагдаагийн ажилтан ойртон очиход “авилгалч цагдаагаа харж авцгаа” гэж заасан байдаг. Асуудал шүүхэд очсон бөгөөд дээд шүүх хүртэл явсан байна. Дээд шүүх улс төрийн үзэл бодол илэрхийлэх санаа зорилгоор хэрэглэсэн доромжлол үндсэн хуулиар зөвшөөрсөн улс төрийн харилцааны хэрэгслэл байж болно гэж үзсэн байдаг. Үүнтэй яг ижил асуудал жиргээч Алдарт 2014 оны Майн баяраар үүссэн бөгөөд тэрээр “цагдаа бол баас” гэх агуулгатай мэдэгдэл хийснээсээ болж цагдаад дуудагдан шум болж байсныг бид санаж байгаа. Алдарын тухайд цагдаагийн байгууллагын талаархи шүүмжлэлийг УИХ дарга З.Энхболдын баталгаажсан хаяг руу илгээсэн бөгөөд дараа нь цагдаа ирж Алдарыг дайчлан баривчилсан бололтой юм билээ. Зүй нь Алдарын хэлж буй санаанууд зөвхөн улс төрийн болон төрийн үйл ажиллагааг шүүмжилсэн хүрээнээс халихгүй төрийн бус өөр хувь хүний эрхэм чанар руу халдахгүй байх хяналтыг тавихад л болох байв.      

5. Гэм хоргүй, ялихгүй зүйлс (Triviality) : Шүүхүүд нэхэмжлэгчид гэм хор учруулаагүй ялихгүй зүйлсийг авч хэлэлцдэггүй бөгөөд нэхэмжлэл ийм гэм хоргүй асуудал байсан гэж үзвэл хэргийг хаадаг.

Барууны гүтгэлэгийн кэйсүүд ихэвчлэн урлаг, спортын алдартнуудыг тойрсон тэдний хувийн орон зайд халдсан халдлага, хов живний эсрэг зарга байдаг. Улс төрийн хүнийг шүүмжилсэн маргаан тун ховор. Харин манайд бол иргэд хоорондоо ямар ч асуудал байхгүй. Зөвхөн улс төрчдөө тойрч шүүмжилдэг соёлтой үндэстэн юм шиг байгаа юм. Энэ утгаараа Монголын иргэд бол үнэхээр ардчилалд төгсөрцөн хүмүүс ч юм шиг. Гэвч саяханы өргөн барьсан хуулиудаар улс төрчид өөрсдийн ажил хэрэг, улс төрийн маапааныг хувь хүний халдашгүй байдлын ард нуух зорилго агуулсан хуулийн төсөл хэлэлцэж эхэллээ.

Олон хүн Бат инженер Гансүх сайдыг гүтгээд ял эдэлсэн гэсэн бодолтой явдаг юм билээ. Энд хэлэхэд би түүнийг гүтгээгүйгээр барахгүй гүтгэлээ гэсэн гүтгэлэгийн хохирогч болсон юм. Шаардлагатай бол энэ тухай дараа жич өгүүлэмз. Ганц юм хэлэхэд Гансүх Саад v Бат Инженер хэрэг бол цэвэр албан тушаалын дарамт [power abuse] шууд утгаараа байсан юм. Хэрэв түүний энэ авир хариуцсан салбарынхаа ажилтанд сайдын эрх мэдлээ мэдрүүлэх гэсэн мунхаг оролдлого байгаагүйсэн бол Нийтлэлч Баабарын Гансүх сайдын талаар жиргэсэн ноцтой жиргээнд Бат, Даваапил нарт үзүүлсэнээс ч хамаагүй илүү реакц үзүүлэх байсан нь дамжиггүй юм. Гэвч тийм юм болоогүйгээр барахгүй тэрээр чацга царайлан таг дуугүй болсон билээ. Мөн хэрэв Монголд хүний нийгмийн хуулийн зарчим үйлчилж, монголын шүүх хэргийн учир холбоосыг дээр бичсэн нийтлэг зарчмын хүрээнд эрүүлээр тунгааж чадаж байсан бол нэхэмжлэлийн функт бүр нь бодит баримт, хуулийн зөв зарчмуудаар няцаагдах боломжтой байсан юм. 

Хэрэв Зөрчлийн Хууль энэ хэвээрээ батлагдвал энд бичсэн эрх зүйн хамгаалалтын зарчмууд иргэдийн хувьд хэрэгжих боломжгүй болж, шүүх зөвхөн албан тушаалтанд үйлчилдэг хуучин практик улам өргөн утгаараа хэрэгжих болно. Үндсэн хуулийн шууд сонгох эрх хэвлэлийн эрх чөлөөгүйгээр хоосон лоозон юм. Сонгон дэвшүүлж байгаа хүнээ таних боломж олгодоггүй том тойрог, богино хугацаа ч бас шууд сонгох эрхийг боомилсон ажиллагаа билээ. 

Иргэд нэгнийхээ хувь хүний эрхэм чанарыг үгүйсгэн гутаасан үйлдэл  байж болохгүй хатуу зарчимтайн зэрэгцээ хуулийн энэ хамгаалалтын цаана ард түмний татварыг зарцуулах эрх олгогдсон улс төрчид нуугдах боломжгүй байдаг нийгмийг л ардчилсан, чөлөөт нийгэм гэх бүлгээ. 



Монголчууд эвтэй байхдаа хүчтэй vs. Ерөнхийлөгчийн хүмүүс

1911 оны 12-р сарын 29-ний өдөр Монголчууд ердөө гурав хоногийн дараа Бээжинд онхолдох өдрөө хүлээж байсан Манжаас тусгаарлан өөрийн төр улс...