Thursday, September 7, 2017

Хүрэлсүхийн 3 чанар

Хүрэлсүх гэдэг хүний нэр сүүлийн үед их гарч байна. Сайн, саараар зөндөө л чичих магтах хоёрын хооронд юмаар булж байх шиг.  Улс төрд байгаа хүнд ирдэг л зовлон, учирдаг л шалгуур нь байх. Энэ хүнийг чичлээд байгаа хүмүүсийг ажихад шууд л дараагийн ерөнхий сайдаар өөрсдөө эчнээгээр тодруулчихаад түүнээсээ бажга авцгаагаад байгаа бололтой харагдах юм.
Ерөнхий сайд бол амаргүй ажил гэж би хардаг. Мэдлэг дангаараа хангалтгүй. Маш их мэдрэмж шаардсан алба.  Олон олон мэдлэгтэй экспертүүдийг зөв зүгт чиглүүлэх тэр мэдрэмж хэрэгтэй.

Энэ хүнийг элдвээр дуудахаасаа өмнө зүгээр л нормальный нүдээр улс төрчийнх жингээр үнэлж хараасай гэсэндээ энэ багахан мөрүүдийг бичихээр шийдэв.

Доживын Бямбацогт гэж багын найз надад бий. Бид 2 бага ангиасаа 10 төгстлөө нэг ангид байсан юм. 29 эрэгтэй, 9 эмэгтэй сурагчтай манай 7б-гийн хагас, бүтэн өнчин 20-д хүүхдийн нэг нь Бямбацогт. Барилдана, онц сурна, томоотой, сахилга баттай.  Хар бор ажилд гүргэр, зүтгүүр гэж нөхцөлгүй. Хүүхдийн колонид явах шахдаг манай хэд дундаа тэр ёстой л өөр гаригийн төгс элдсэн гамбир байлаа. 7-р ангийн намар Брежневийн гашуудлын цуглаан дээр ангиараа инээлдсэн хэргээр сарын дараа манай ангийг Мөрөнгийн сургуулиудаар тараагдсаны дараа ч тэр онц, сахилгатай, спортлог чанараа гээсэнгүй. Бүх багш нар түүнийг гадаадад дээд сургууль авах хүүхэд гэж тооцдог байв.  Гэтэл Бямбацогт Цэргийн Нэгдсэн Дээд Сургуульд орох өргөдлөө өгөөд шалгалтгүй тэнцээд яваад өгөв. Би арай гэж нисэхийн хуваариа 4 онооны зөрүүгээр өөрийн болгож авснаар орос хэлний бэлтгэлд суухаар тэр намартаа Эрхүүг зорьсон билээ.
Хүйтэн дайны оргил үе шувтарч эхлээгүй шахам байсан 86 онд цэргийн сургуульд явна гэдэг бол хэн хүний аавын хүүгийн ухамсарлан хүлээн авдаг сонголт биш байсныг хэлэх хэрэгтэй. Хүрэлсүх бас манай Бямбацогт шиг тийм шилдэгүүдийн нэг байсан гэхэд би л лав эргэлзэхгүй байна. Тэд зүгээр нэг шилдэгүүд байгаагүй, бидэн дотроо хамгийн эх оронч шилдэгүүд нь байсан юм билээ. 
Бямбацогт маань цэргийн ерөнхийг 90 онд онц дүнтэй дүүргэж ахлах дэслэгч цолтойгоор Зүүн-Баянд очиж байсныг би санаж байна. 38 насандаа армийн  хурандаа болсныг нь би дуулсан.
Хожим 90-д оны дундуур У.Хүрэлсүх гэдэг залуугийн тухай бид сонсож эхэлсэн. Багын найз Бямбацогт түүнийг үнэхээр дажгүй эр, цэргийн ерөнхийдөө нэртэй, шилдэг тэргүүний курсант байсан гэж ярьж байсныг нь сайн санаж байна. Дээд курсынх нь байсан гэл үү, нэг оных нь цэрэг байсан ч гэлүү. Тэрийг нь сайн санахгүй байна. Юутай ч манай үе тэнгийн үхэр хонин жилтэн гэдгийг нь мэдэж авсан.

90-д оны дундуур улс төрөөс хол Ан-24-н шугамын инженер хийж, улаан, хөх  сүүлтэй 16 цагаан онгоц үүрийн үнэгэн харанхуйгаас үдшийн од түгтэл маллаж суухдаа нислэгт явуулдаг сонин бүрийг дугаар алгасахгүй унших боломж надад олдож байсан маань Монголын улс төрд хэн нь хэн бэ гэдгийг эртнээс ажиглан мэдэх боломж олгож байсан ч байж магадгүй гэж санадаг. Бямбацогтын зэрвэс, цухас хэлсэнийг Хүрэлсүх миний л ажиглаж байгаагаар байнга баталсаар л явна.
Өнөөдөр Хүрэлсүх дахин мэдээний нүүрэнд гарч иржээ. Тэрээр ард түмнээс өгсөн эрх мэдлийг арилжаа наймаанд оруулахын эсрэг зогсож байгаа юм байна. Нам дотор нь бөөн бужигнаан.

Хүрэлсүхээс 3 чанар би анзаарсан. Хэрийн улс төрчид байхгүй 3 чанар.
Чухам энэ 3 чанар С.Баяр, М.Энхсайхан нараас бусад ерөнхий сайдуудад маань дутуу байснаас засаглах үедээ улс орондоо тустай реформын шинжтэй том зүйл хийж амжилгүй бууцгаадаг. Ихэнх нь эрсдэл үүрэхээс хулчиийдаг бол нэлээд хэсэгт нь зүгээр л шинийг санаачлах сийрэг толгой дутдаг.
Миний ажиглан харснаар:

1. Хүрэлсүх бол МАНЛАЙЛАГЧ. Бусдын эзэлсэн өндөрлөгт хааны бараа бологч болон лифтээр хүрч очоод ихэмсэгээр алсыг харан зогсох нэг өөр, хад асган дундуур мацаж, урдаас ирэх түмэн сумыг сөрж тулалдан тугаа хатгах бас нэг өөр. Хүрэлсүхд өндөрлөгөө өөрөө тулалдан эзэлж чаддаг цэргийн хүний дайчин зан чанар анзаарагддаг. 90-д он бол МАХН-н хувьд шинэ гишүүн элсүүлэх байтугай хуучин хэдээ тогтоон үлдээх гэж сандарч байсан он жилүүд юм.  Үзэл санааны мухардалд орж нагаржунай үзэл ч гэх шиг будилж явсан үе шүү дээ. Залуус зах зээлийн чөлөөт нийгмийн амтанд татагдан орж юун яасан хуучин коммунист МАХН-г дагахтай мантай л байсан.  Тэр үеийн МҮАН, МСДН-н лидерүүд МАХН-г саналаа өгдөг хөгшид нь дуусахаар санал авахгүй болж аяндаа мөхнө гэж барин тавин бардам ярьдаг байсан үе шүү дээ. 1997 онд нөхөн сонгуулиар орж ирсэн Н.Энхбаяр ч МАХН-д хүч сэлбэх шинэ хүчийг татаж дөнгөөгүй юм. Н.Энхбаярт тухайн үеийн үндсэн хуулийн заалт дээр тоглолт хийн ирцээр бойкотлох улс төр хийж Ардчилсан Холбооны засгийн газруудыг туйлдуулах арга сэдэж байснаас МАХН-д өөрт нь нүүрлээд байсан сонгогч дэмжигчийн баазын хомсдолыг анзаарах сөгөө байгаагүй юм.  Хүрэлсүх гэдэг залуу хүүхэд шахуу байхдаа элссэн намынхаа энэ мухардлыг хамгийн түрүүнд олж харсан гэж би боддог. Монро-Импексийн хашаанд түгжигдэн унтаа байдалд орсон байсан залуучуудын байгууллагаа тэр сэрээхийн төлөө уйгагүй явсан. Хөдөөгүүр тэр сайртталаа, хүрэн дээрээ хүрлийж харлаталаа л явсан. Зурагтаар ч их гарч байсныг санаж байна. Улс төрийн акцууд ч хийсэн. Залуусыг ингэж л МАХН руу татсан. Өөрт нь итгэж дагасан залуусаа дараа нь зорилготой зүтгүүлж, зоригтой дэвшүүлсэн. Цэргийн дарга хамгийн хэцүү үүргийг цэрэгтээ итгэж өгч, зэрэг цол нэмдэг шиг тэр өөртэй нь нийлсэн залуусаа дэмжиж зүтгүүлсэн. Тэд нар нь ажил дээр нь бойжиж бэхжихийн хэрээр Хүрэлсүх өөрөө томорч хүчирхэгжиж ирсэн нь нууц биш. Хажуугаар нь АН-ы “залуу” партизанууд намынхаа залуустаа итгэхгүй зөвхөн өөрсдөө амжуулах гэсэн гадуурхал тэнэглэл нь олон сэхээтэн залуусыг МАХН-д нийлж Монголын төрд зүтгэх боломж эрэлхийлэхэд хүргэсэн гэж боддог.
Хүрэлсүх залуу халаа нь тасраад, элсэн цаг нь дуусч байсан МАХН-д шинэ дусал залгаж аварсан юм. Дараа нь тэр дусал нь бараг л гол горхи болсон. Хатаж байсан цөл эргэж ногоордог шиг, мөхөж байсан нам эргэж сэргэсэн нь Хүрэлсүхийн ажил гэж би боддог. 

2. Хүрэлсүх бол ЗАРЧИМЧ. Хэрэгтэй цагт зарчмын төлөө хэрзэгнэх зориг түүнд байдаг. 2000 оны ялалтаас хойш МАХН засгаас мөддөө буугаагүй билээ. 2004 онд Элбэгдоржийг тоглоомын ерөнхий сайдаар түр тавьсаныг эс тооцвол 2000-2008 онуудад МАХН дангаараа засаг барьсан юм. Ард түмний итгэлийг авч засаг барих бүрд удирдагчид нь хүчирхэгжин улмаар ард түмнээс холдон хөндийрч зан ааш нь эвдэрч ирсэн. Ялангуяа МАХН-н дарга, 3 дахь ерөнхийлөгч Н.Энхбаярын эрх мэдэл хэмжээ хязгаараасаа хальсан байсан нь бүхэнд ил асуудал. Энхбаярын он жилүүдийг сонгуульчлагдсан дарангуйлал гэж томъёолдог болоод удаж байна. Энэ нэр томъёог анх нэрт нийтлэлч нэгэн олонд танилцуулсан. Яг үнэндээ өөр хүн “Сонуульчлагдсан дарангуйлал” хэмээх нийтлэл бичиж Өдрийн сонинд нийтлүүлэхээр өгөхөд нийтлэлчийн найз эрхлэгч ах замаас нь хэвлэлтийг нь саатуулж байгаад анхны авторын идейг нь нийтлэлчид авч өгсөнөөр цаадах нь өрсөж нийтлэл гарган энэ нэр томъёонд автор суусан байдаг юм билээ.  Гэхдээ л бусдаас туугаад ч болов олонд хүргэх ёстой зөв санааг хүргэж чадаж байсанд нь тэр нийтлэлчид “талархмой”.
2005 онд би Г.Батхүү сайдын тушаалаар ИНЕГ-н тэргүүн дэд даргаар томилогдсон юм. Нислэгийн аюулгүй ажиллагаа, үнэмлэх гэрчилгээжүүлэлт хариуцсан Монгол талаасаа нэгдүгээр шахуу юм болж байлаа. Ажил ч яахав. Мэргэжлийн юм хойно асуудалгүй. Харин дарга байхын нэг зовлон нь ямар нэгэн том албан тушаалтан онгоцоор нааш цааш явахад заавал очиж ВИП хавьд байж байх бичигдээгүй үүрэг байлаа. Үнэхээрийн ядаргаатай.  Гэвч ийм үүрэгтээ дуртай гарууд ч бас зөндөө байсан нь намайг үнэхээр гайхуулсан. Випийн бүртгэлийн танхимд тэргүүн хатагтайн чемоданыг булаацалдан муудалцаж байсан нисэхийн зарим дарга нарыг хараад ой минь гутаж, бөөлжис минь хүрч байлаа. Эхлээд дарга, дараа нь даргын эхнэр, даргын бас нэг юмнууд. Ойё блять. Нүдэн дээр л эрт баларын феодалын ёс сэргэж байв. Зусрын далай үерлэж, зулгуйгийн зулай гялалзаж байлаа.
Энэ бүх эх захгүй байдлын хөөсөн бөмбөлөгийг Хүрэлсүхийн “Энэ намыг та удирдаад байна уу, танай эхнэр удирдаад байна уу” гэдэг үг цочоож, цоо хатгаж хаясан юм. Ташраараа гөлөгнөж байсан ч нийтээрээ нам байсан энэ цаг үед Хүрэлсүхийн үг ахиад л ангамал цөл дахь баянбүрдийн хоржигноон шиг шинэ итгэл найдварыг олон хүнд төрүүлсэн. Үүнд нь хорссон хаантан Хүрэлсүхийг зохиомол хэрэгт унагах гэж үзсэн ч тэр нь амжилт олоогүй. Өнөөдрийн хаадууд ч бас түүнийг ахин сурсан зангаараа оролдож байх шиг. Хүрэлсүх тэр үед ийн хэлээгүй бол МАХН-д шинэчлэлийн салхи мөддөө сэвэлзэхгүй, С.Баяр ч түүхийн тавцанд ойртон очих гэж нэлээн их тойрох байлаа. Хүрэлсүх зориглон “эзэн”-г сөрж болдогийг харуулсанаар МАХН-г бас дахин аварч шинэчлэлийг эрчимжүүлж өгөв.   Өнөөдөр ч Хүрэлсүхийн эгдүүг шударга бус, ёс бус үйлдлүүд хүргэж байгааг бид харж байна. Эрх баригчдын аархал зөвхөн түүний ч биш олон хүний дургүйг хүргэж байх шиг. Гэхдээ өмнөхөө бодвол өнөө цагт дургүйцлээ илэрхийлэх технологийн боломж хамаагүй дээшилжээ. Цагтаа ганцхан Хүрэлсүх л ил хэлж зүрхэлж байсан зүйлийг өнөөдөр хэн хүнгүй жиргэж болж байна. Гэхдээ л улс төрийн дээд хүрээнд Хүрэлсүхийн зүрх зоригны хэрэгцээ, орон зай бас л урьдын хэвээр. 

3. Хүрэлсүх бол ШИНЭЧЛЭГЧ. Хүрэлсүх зөвхөн улс төрийн тоглогч биш л дээ. Тэр эдийн засгийн хамгийн том реформуудын нэгийг яах аргагүй эхлүүлэгч нь гэж би хардаг.  2000 оны сонгуулиар МАХН-н мөрийн хөтөлбөрт “мянганы зам” гэсэн үг үсэг ч байгаагүй юм шүү. Сонгуулийн дараа 7 сарын 20-доор Хүрэлсүх анх “Мянганы зам”-ын санаачлага гаргаж тавьсаныг бүгд санаж байгаа байх. Мартсан бол шарлаж амжаагүй байгаа сонины хуудаснуудаас харна бизээ. Эдийн засгийг хурдан сэргээдэг гол аргуудын нэг нь томоохон public project–ууд байдаг. Америк их хямралаасаа Хуувэр Дам гэх мэт том public project-уудаараа гарсан бол Монголын эдийн засаг мянганы замыг дагаад сэргэж ирсэн юм.  Замтай болмогц худалдаа эрчимжиж, жижиг дунд бизнесүүд хөдөө тал руу хүрээгээ тэлсэн нь маргашгүй үнэн. Яг үнэндээ 2000 он хүртэл Эрдэнэтээс олсноороо амьдардаг Улаанбаатарт л Монголын эдийн засаг бараг бүхлээрээ байв. Мянгантаа чичлүүлсэн мянганы зам эхэлснээр эдийн засаг хөдөө рүү тэлэх боломж эрс нэмэгдсэн хэрэг. Мэдээж бүх юм төгс хийгдээгүй ч стратегийн шийдэл нь үнэхээр төгс зүйл болсон юм.  Энэ санаачлагаараа Хүрэлсүх зүгээр нэг намчин тэмцэгч биш, эдийн засгийн өндөр мэдрэмжтэй стратегич болохоо харуулаад амжсан. Хүрэлсүхийн мянганы зам санаачлага буруу зүйл байсан бол үе үеийн засгийн газруудын үед зам барихаа болих л байсан. Харин ч эсрэгээрээ үргэлжлүүлсэн. Улам ихээр эрчимжүүлсэн.

70 жил коминтерний гишүүн байсан МАХН 2000 оны сонгуулийн өмнөхөн социнтернд ажиглагч гишүүнээр элсэн орсон юм.  Миний гишүүнчлэлд нь байсан МСДН МАХН-г батлан дааж социнтерн-д элсүүлсэн гэж би ойлгосон. Нэг ч гэсэн Монголын улс төрийн хүчин олон улсын зөв хүчинтэй нэгдэн нийлж байхад дэмжих ёстой гэж хэлсэн Гончигдорж даргын алсын харааг би биширдэг. Өөрөөр хэлбэл МАХН хувьсгалт нэрнээсээ татгалзах гаднах нөхцөлөө их эрт бүрдүүлсэн гэсэн үг. Үнэн худлыг нь мэдэхгүй ч МАН нэрээ сэргээх төлөвлөгөө ч Н.Энхбаярт байсан гэж яригддаг. Социнтерний болзол байсан уу, өөрсдийнх нь санаа байсан уу бүү мэд.
С.Баяр, Сү.Батболд нарын өртөөлөн удирдсан МАХН-д хувьсгалт нэрнээсээ татгалзах өөр ч шалтгаанууд бас байлаа. Хэрэгцээ байгаагүй бол нэр солих шаардлага тийм ч амар гарахгүй.

Уул уурхайн техникийн нүргээн ойртож, гадаадын том хөрөнгө оруулалтын чимээ Монгол руу дөхөж байлаа. Гэтэл улсыг нь ямар нэгэн коммунист нэртэй нам удирдаж байв. Хэдэн тэрбумаар яригдах хөрөнгө оруулалтыг Монгол шиг жижиг улсын тухайд даллах нь амаргүй ажил. Коммунистуудад мөнгөө итгэж оруулах капиталист олох хэцүү. Капиталист ч гэж дээ. Монголд оруулж байгаа хөрөнгө оруулалт бол цэвэр хөрөнгийн биржээс боссон, жирийн иргэдийн инвестментүүд голдуу байх нь тухайн үед тодорхой харагдаж байлаа.  МАХН-н удирдлага намынхаа шинэчлэлийг улс орныхоо эрх ашигт нийцүүлэн өөрчлөх шийдвэрийг маш цагаа олж хийсэнд Монголчууд л хожсон. Энэ шинэчлэлийг бас л У.Хүрэлсүх оройлж, С.Баяр, Н.Багабанди, Сү.Батболд нарын бусад лидерүүд нь дэмжсэн билээ. Ерөнхийлөгчөөсөө дөнгөж мултраад намдаа нөлөөгөө сэргээхээр тэчъядаж ядаж байсан Н.Энхбаярын хувьд энэ шинэчлэлийг дэмжвэл нам дахь хуучин нөлөөлөлөө сэргээх боломжгүй болж харагдаж байв. Иймээс тэр намаасаа тасран тусдаа нам байгуулахаар гарсан билээ.

Нэртэйгээ цуг МАН-д олон юм өөрчлөгдсөн гэж би хардаг. Бусдад үзэл бодлоо хүчээр тулгадаг коммунист өвчин нь арилсан.  
Энэ шинэчлэл үнэхээр намаа хуваах хэмжээний буруу байсан бол хаа сайгүй МАН дундуураа тас хуваагдах байсан биз. Энхбаярт МАН-н оюуны өмч болох МАХН нэрийг 13 оныхоо сонгуульдаа зориулан хууль бусаар булаан авч хэрэглүүлснээр Элбэгдорж ерөнхийлөгч МАН-г харин хуваах шахлаа. Гэвч хуваагдал нь сүрхий газар авсангүй.  Хувьсгалт нэрэндээ олон хүн хоргодсонгүй. Цааш явцгаахаар шийдсэн юм. 2011 он бол монголын эдийн засгийн өсөлтийн оргил үе болсон нь гадаадын хөрөнгө оруулалтын шууд үр дүн юм. 
2012 оны ялагдал бол  Хүрэлсүхийн намын нэр шинэчилсэнтэй ямар ч холбоогүй. Энэ бол зүгээр л сонгогчдын пауз авсан үйл явдал байсан юм. 12 жил завсарлагагүй шахуу төр барьсан МАН-г АН гэдэг невалаар л түр сольсон хэрэг. АН невал дээрээ унтаж, зодоо хийсээр 16 онд хөөгдсөнийг бүгд мэднэ.  Аливаа шинэчлэл түүнийг зориглон эхлүүлэх удирдагчаа л хүлээж байдаг. Нөхцөл байдал мянга бүрдээд өөртөө муу нэр зүүх зоригтон олдохгүй бол шинэчлэл хийгддэггүй. Данкогийн тухай үлгэр бол яг тийм зоригтны л тухай үлгэр юм шд яг үнэндээ.
2016 оны сонгуульд АН дарга З.Энхболдын тэнэглэлийн буянаар үнэмлэхүй ялалт авсан МАН 10 гаруй жилийн өмнөх сонгуульчлагдсан дарангуйлалынхаа замаар орон жонжуулчихав. Намын дарга нь улс төрийн карьераа  Намбар Ваны 2-р хувилбар гэж харж эхлэв. Цааших түүх нь дэндүү нэн шинэ түүх тул энд нуршаад юүгхэв.

Өнөөдөр, яг одоо, УИХ дахь МАН Хүрэлсүх-д боломж олгох уу эс олгох уу гэдэг дээрээ тас хуваагдчихаад байна. Эх орноо бодвол түүнд боломж олгох ёстой. Хүрэлсүх бол 90-д оны өөрчлөлт шинэчлэлтийн хамаг хар ажлыг улаан гараараа, ухаан тархиараа амжуулсан яг манай үеийн төлөөлөл. Түүнийг цэргийн сургуулийн сонсогч гэж дэндүү удаан доош нь хийлээ. Одоо болно. Цэцэрлэг байсан сургууль төгссөн хүн Ерөнхий сайд хийж болж байхад Цэргийн ерөнхийгийн офицер гологдоно гэж үү.  Англиар хуралд үг хэлж байхыг нь сонссон. Манай Харвардын төгсөгч ерөнхийлөгчөөс хол дутуугүй ярьж байна лээ.  Орос ч үгүй, англи ч үгүй олон хүн дээшээ кранаар явж байгаа шүү тэгэж яривал.

Дэлхийн байдал ээдрээтэй, орчлонгийн явдал ороо бусгаа байна. Бидэнд хэцүү цагт паниктдаггүй, харьтныг хань татаж хашгирдаггүй, өөрийн арддаа өөриймсөг удирдагчид хэрэгтэй болж ч мэднэ.

Өсөж байсан эдийн засаг л гэнэ. Төр засгаа оролдох дэмий л гэнэ. Уучлаарай. Авилгал, хууль шүүхийнхний хүчирхийлэл, эх захгүй шударга бус явдлын тогтвортой байдал үнэндээ хэрэггүй. Тэр удаан тэвчсэн. Бид ч удаан тэвчлээ. Авилгалчидыг дэмжвэл эдийн засаг чинь өөрөө л нурна. Эдийн засаг өсөх суурь нөхцөл нь төр зөв байх. Төр зөв байх нөхцөл нь нам нь зөв байх явдал. 
 
 Хүрэлсүх Ерөнхий сайд болвол яах вэ
Хүрэлсүх ерөнхий сайд болвол юу түрүүнд олон хүний харж байгаагаар төрийн тэргүүнтэйгээ хэл амаа ололцоод явах болно. Монголын хөгжлийг сааруулсан төрийн олон хямрал чухамхүү төрийн тэргүүн, эрх баригч намын хоорондын зөрчил байв. Анхны зөрчил 98 онд болсон бөгөөд үйл явдлын завсраар С.Зориг гэдэг хүн үрэгдсэн.  Энхбаяр Ерөнхийлөгч С.Баяраас бусдаар нь бол наадаж байсан гэхэд болно. Элбэгдорж Ерөнхийлөгч ч эрх баригч намтайгаа зөрчилддөг уламжлалаас гажаагүй. Улам л төгөлдөржүүлсэн гэж хардаг. Үр дүнд нь хэн ч хожоогүй. Монгол бүүр ч хожоогүй. Хөгжил, хүнд зарцуулагдах олон зуун тэрбум хурал хуй, хуйвалдаан, төрийн хүчирхийлэлд урсаад л өнгөрсөн. Нэг үгээр хэлбэл Ц.Элбэгдорж WRONG LEGACY үлдээгээд буусан.

Хүрэлсүх Жэнко хоёрт зөрчилдөх сэдэв ховор. Нэг нь төмөр зам бариулна гэж зүтгээд нөгөө нь бариулахгүй гэж худлаа цахдаад улс орноо нуртал үзэлцээд байх ч шаардлагагүй. Тэртэй тэргүй тэрийг нь барих мөнгө мөддөө байхгүй юм чинь. Бид ойрын жилүүдэд бондын зээлээ л төлцгөөнө. 

Төрд тогтвортой зөрчилдөөн биш, харин ч эдийн засагт нэн хэрэгтэй байгаа харилцан ойлголцол, хамтын зүтгэлийг Хүрэлсүх авч ирж чадна. Эдийн засагт өөр юу хэрэгтэй юм бэ. Хуулийнхныг байранд нь тавьж, хуулийнх нь хүрээнд хашиж чадах нь хэн юм бэ. Бүгд л дээр дооргүй бөлдөгдүүлчихсэн энэ нийгэмд хэн нэг нь энэ араатанлаг төрийг чихдэн дарах ёстой биз дээ. Монголын эдийн засаг явж явж төрийнхний зуултаас болоод бахардаж байгааг харахгүй байна гэж үү. Гадаад талд өсөж уруудаж байгаа нүүрсний үнээр алин бүр эдийн засгийн өсөлтөө бууралтаа хэмжих вэ дээ. Монгол жирийн бизнесүүдэд өндийх боломж өгөхгүй боомилож байгаа нам төр дамжсан томчуудын монопольчлол, хуйвалдааны эдийн засаг аль сурах бичигт зөвийн жишээнд байдаг юм бэ? Хүрэлсүх үүнийг л сүүлийн хэдэн сар ярьж байна. Ашиг сонирхолын зөрчлөөсөө ангид засаглаа гэж.   

МАН-ыхны хувьд Хүрэлсүх бол 2021 оны Ардын хувьсгалын 100 жилийн ойн наадмыг асар дээрээс үзэх цорын ганц боломж нь. Ард түмэн түүнд талтай. Сэхээтнүүд ч түүнд уже дургүй биш. Өмнөөс нь үхье гээд эх орондоо тангараг өргөж чадаж байсан хүнд яасандаа ч дургүй байх билээ. Харин ч яг үнэндээ нам дамжсан ухаантай царайлсан зальжин завшигчдын бүлэглэлээс ард түмэн нэгэнт залхсан байгаа нь саяын сонгуулиар ил болчихлоо. МАН-ы хувьд 60 тэрбумын авилгалчдыг хаацайлж, төрөөр нэг түүхий кадр байршуулсан энэ засагтай 20 оны ялалт яагаад ч ирэхгүй.  Хүмүүс Миеэд дургүйдээ биш зүгээр л салбарт нь тавигдсан тэнэгүүдэд дургүй хүрсэндээ л Жэнкод өгчихсөн юм. 

Би Хүрэлсүхийг ингэж л харж байна. Гэхдээ шийдвэр гаргах эрхийг жил гаруйгийн өмнө МАН-д ард түмэн, хар хайрцаг хоёр өгчихсөн. Тэхлээр тэд яахаа өөрсдөө л шийдэх ёстой. МАН-ы шийдвэр зөв гарвал ард түмэн л хожино. Ард түмэн хожвол МАН-д 20 онд шагналыг нь итгэлээр өгнө. Буруу шийдвэл 20 онд шанг нь хүртээнэ. Логик нь их энгийн.  


  


No comments:

Post a Comment

Монголчууд эвтэй байхдаа хүчтэй vs. Ерөнхийлөгчийн хүмүүс

1911 оны 12-р сарын 29-ний өдөр Монголчууд ердөө гурав хоногийн дараа Бээжинд онхолдох өдрөө хүлээж байсан Манжаас тусгаарлан өөрийн төр улс...