1977
оны 5-р сарын 27ны өдөр ЗХУКН-н Төв Хорооны бүгд хурал дээр ЗХУ-н Дээд
Зөвлөлийн Тэргүүлэгчийн албан тушаалыг Николай Викторович Подгорныйгоос салгаж
ЗХУКН-н Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга нөхөр Леонид Ильич Брежневт
хавсран гүйцэтгүүлэхээр шилжүүлсэн “ордны эргэлт” болсон билээ. Ингэж
Брежневийн олон жил төрийн дээд эрх мэдлийн төлөө зүтгэсэн санаархал хэрэгжиж
санааг нь амраасан байдаг. Төрийн бүх өндөрлөгт гарч аваад тэр гэнэт олон жил эрх мэдэлд тачаадан зүтгэсээр ядарснаа мэдрэн улс орны эдийн засаг, нийгмийн амьдралыг зөнд нь
орхиж, өөрийн хүрээлэлийн хамт загас, ан хөөн амрах болсоныг бүгд мэднэ. Манай
удирдагч Цэдэнбал түүний энэ шинэ хоббиг овжноор ашиглан Монголд авчирч буга
намнуулсанаар 3-4-р хороололыг бэлэглүүлж дөнгөсөн юм. Мэдээж 3-4-р хороолол
зөвхөн монгол бугын эвэр, арьс, мах, онц буудагчийн одон тэмдгийн үнэтэй ирээгүй. Брежневийг төрийн эрх мэдлийг төвлөрүүлэх
үетэй давхцан Москвад махны огцом хомсдол үүсэж гамшгийн түвшинд очсон байдаг.
Зөвлөлт орон даяар бэлтгэж байсан бараг бүх махыг зөвхөн Москва руу ачуулж байсан
ч хомсдол арилахгүй улам хүндэрсээр байлаа. Зөвлөлтийн хөдөө аж ахуй зөвхөн мах
гэлтгүй бүх талаараа уналтын байдалд орсон байсан цаг үе энэ ажээ. Шалтгаан нь
бүх шатны төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг, бүх шатны өргөн тархсан хулгай, шамшигдуудалт. Бүх шийдвэр дээшээ, бүүр дээшээ
очиж шийдэгддэг, ихэнхдээ огт шийдэгдэггүй, шийдэгдлээ ч замаасаа эрх мэдэлтнүүдийн хулгайн замаар ордог байсан явдал нь асар уудам орны
эдийн засгийг, түүний дотор цаг хугацаатай уралдан ажиллах ёстой хөдөө аж ахуйг
унагаах гол шалтгаан болж байсныг
Брежнев өөрөө ч ойлгож амжилгүй нөгөө ертөнцөд одсон байдаг юм билээ.
Брежневийн Монголд хийсэн ан авын бэлгэнд бүхэл бүтэн хороололууд ирсэний хариуд БНМАУ-г ЗХУ-д нийлүүлдэг
махны нийлүүлэлтээ өсгөх хүсэлт ирсэн нь илэрхий. Нийлүүлэх үнэ нь бүтэн хонины
мах 6 рубль. Дан!!!!!
Мэдээж
тэр даруй л мал аж ахуйд онцгой анхаарах МАХН-н шийдвэрүүд уралдан гарлаа. Гэвч
олигтой өсөлт гарч ирсэнгүй. МАХН-н удирдлагууд мал аж ахуйн яагаад хөгжихгүй
хөшүүн байгаа шалтгааныг эрж хайж эхлэв. Тэд ч учир шалтгааныг дор нь олов.
Ердөө л мал аж ахуйд ажиллаж байгаа хөдөлмөрийн насны хүн амын бүтэц хариултыг
хэлээд өгчээ. 1959 онд ялсан нэгдэлжих хөдөлгөөнөөр малаа нэгдэлд хураалгасан
малчдын үр удам болох залуучууд ихэнх нь хот суурин бараадаж шинэ ажилчин анги,
сэхээтний давхрагын эхний үеийг бүрдүүлж мал аж ахуйгаас холдон оджээ. Гэтэл
мал аж ахуй дээр тухайн үедээ 40-с дээш насныхан үлдэж нэгдлийн мал маллан,
хажуугаар нь амины хэдээрээ хот суурин бараадсан үр хүүхдийнхээ идэшний үхэр,
шөлний хонийг дөхүүлж өгсөөр зунд нь ач зээ нарынхаа зуны амралтыг хөдөлмөр
зуслан болгож хөдөлмөрөөр хүмүүжүүлэх ажлыг давхар хариуцан үлдсэн байдаг. Энэ
дүр зураг статистикийн хуурай хэллэгээр илэрхийлэгдэн намын төв хорооны
удирдлагуудад танилцуулагдсан нь дамжиггүй. Гэвч он цаг улирахын хэрээр
нэгдлийн анхны малчид нас дээр болж, тоо толгой нь цөөрч, мал дагах
тэнхээ чадал нь аажим хумигдаж байлаа. Хот бараадсан хүүхдүүд нь ач зээ нарыг
нь зунд явуулах боловч тэднийгээ малчин болгох бодол хэнд нь ч байсангүй. Учир
нь нэгдлийн малчин бол үнэлэмж муутай нормчин төдий цалинтай цаг наргүй ажил
байсан юм. Иймээс малчдын тоо нэмэгдэх биш цөөрөх чиглэл рүү явж байсан нь
МАХН-н Төв Хороонд аянгын харанга болж сонсогдлоо.
Малчингүй
бол мал өсөхгүй. Мал өсөхгүй бол мах үйлдвэрлэгдэхгүй. Мах байхгүй бол Брежневт
өгсөн амлалтаа биелүүлж чадахгүйд хүрэх байлаа.
Аль
70-д оны эхнээс БАМ-ын жишгээр эвлэлийн илгээлт гээч сайн дурын санаачлагуудыг
МХЗЭ-с зохион байгуулж, бодлогоор дэмжин алдаршуулах ажил хийж байсан боловч
бас л үр дүн муутай байлаа. Үнэхээр ном сурдаггүй хэд нь л мал дээр гарч байв.
“Хөдөөгийн баясгалан” зэрэг кино хийж рекламдаад ч эвлэлийн илгээлтээр мал дээр
гардаг нь ховор байлаа. Миний хувьд холоос жишээ хайлгүй хажуунаасаа харахад л аав ээжийн
талын 50 гаруй өсвөр насны авга, нагац, үеэл дундаас 2-3-с нь бусад нь эвлэлийн
илгээлтээр мал дээр гараагүйг би сайн мэдэж байна. Өөрөө л хичээвэл аль бөглүү
хөдөөний сумаас эрдмийн оргилд хүрэх зам нээлттэй дардан байсан нь олон хүнийг
өнөөдөр нутгийн зөвлөлийнхөө бахархал эрдэм номтой алдартан болгон дуурсагдахад
хүргэсэн түүх ийм юм.
Яах
вэ гэсэн асуулт тэр үеийн удирдлагын өмнө босож ирсэн нь дамжиггүй. МХЗЭ
залуусыг компаничилж мал дээр гаргах ажил ингэж эхэлсэн түүхтэй. Залуусыг ганц
нэгээр нь илгээлт өвөрлүүлэн мал дээр гаргах ажил ахицтай өөрчлөлт авчрахгүй нь
тодорхой болмогц анги хамт олноор нь огшоож, залуусын дарвианд хөнгөн шийдвэр
гаргадаг төрөлх психолгийн онцлогийг нь түшиглэж ажиллахаар шийдсэн байдаг юм
билээ. Ингээд 1978 оноос эвлэлийн илгээлтээр анги хамт олноор нь мал дээр
гаргаж эхэллээ. Мал аж ахуй хүн хүчтэй болов. Олон өвөлжөө бууц залуусын гараар
тордогдож, хадлан тэжээл нөөцийн хашаа дүүрэн нуруулдагдав. Мал өссөн эсэх нь
бүү мэд, юутай ч махны үйлдвэрлэл нэмэгдэв. Бас бүтэн хонио тоглоомон морины
үнээр (Тоглоомон морь 8 рубль байв) ч өгч чадахгүй байгаа тухай ярьсан хэн ч
намын гэсгээл хүртэж байлаа.
Эрдэнэт
хот аль тэртээх Өмнөд Америкт гарсан Чилийн цэргийн эргэлтээр хөрөнгөтнүүд
дэлхийн зэсийн хамгийн том нөөцийг хяналтандаа буцааж авсаныг хариу болгож
ЗХУ-н шууд хөрөнгө оруулалт, санаачлагаар боссон хот бол Дархан үндсэндээ
ЗХУ-руу мах нийлүүлэх бааз байдлаар эртнээс төлөвлөж босгосон хот юм. Эхлээд
Дарханы мах комбинатыг байгуулаад түүний дайвар бүтээгдхүүнийг боловсруулах
нэхий эдлэлийн үйлдвэр байгуулсан байдаг. Энэ бүхнийг эрчим хүчээр хангах
цахилгаан станц, ажилчдыг нь бэлтгэх Дарханы политехникум зэрэг бол бүгд ЗХУ-д
мах нийлүүлэх нэг зорилготой бүтээн босголтууд билээ. Эрдэнэтийн орон сууцнууд
үндсэндээ зөвлөлтийн мэргэжилтэн, ажилчдын сууц байдлаар баригдсан тул Монголын
барилгачидын оролцоо бага, Зөвлөлтийн СОТ хэмээх барилгын трестүүдийн хүчээр
босож байв.
Харин Дарханд эвлэлийн илгээлт, цэргийн илгээлт, иргэдийн илгээлт
нэртэй отрядууд зохион байгуулж орон сууцжуулж барилгажуулсан байдаг. Ардын
армийг албадан хөдөлмөрийн фронтод өргөнөөр дайчилж, түүнээс нь залхсан залуус
хэрхэн тэвчээр алдсан тухай бодит түүхээс сэдэвлэсэн “Маш нууц” хэмээх тун сайн
киног бид саяхан харсан билээ.
Эвлэлийн хоморголсон илгээлт сүүлдээ хадуураад зөвхөн мал дээр ч биш мал аж ахуйн бүтээгдхүүн
боловсруулах бүх үйлдвэрлэл рүү залуусыг бөөнд нь туух болов. Энэ компаничилсан
ажлаас хойш суугчдыг нийгэмд гадуурхах, муухай харагдуулах ухуулга
сурталчилгааны ажил олныг өрнүүлсэний
оргил нь “Би чамд хайртай” кино болсон юм. Өнөөгийн өндөрлөгөөс харахад
Баяраагийн зөв л байсан. Тэр боловсролыг сонгосон. Ховдын багшийн сургуульд элссэн.
Өөрт нь унаж байсан Үрлээтэй юу яасанд нь түүнийг буруутгах хэцүү. Бэлгийн
бойжилт, хуулийн нас нь гүйцсэн залуусын явдал шүү дээ эцсийн эцэст. Харин
эвлэлийн илгээлтийг сөрж индивидуал сонголтоо хамгаалж чадсанаар нь Баяраагаар
бахархууштай. Тэхдээ энэ бол кино гэдгийг давтан хэлье.
Эвлэлийн
илгээлтээс хүн бүр Баяраа шиг зөрж өөрийн замаараа зүтгэж чадаж байсангүй.
Ихэнхдээ л хамт олны хоморгонд хүссэн хүсээгүй илгээлт аван салхитай тал руу сайртталаа мал дагахаар мордоцгоож байлаа. Санамсаргүй сагсагнасан хэнхэг юмнуудтай
нэг ангид сурч байсан нь олон хүнд гай болов. Илгээлтээр хөдөө очоод ч хэвийн
амьдрал үзсэнгүй. Эвлэл намын хэнхэгүүдэд дарлуулан, хөдөлмөрийн дэвтрээ
хураалгаад нутаг заагдсан цөллөгийн ялтан шиг хаашаа ч үгүй болж ирээдүйн тухай
бүх мөрөөдөл нь эхний төлийн дуунаар сарнин, залуу эхнэрээ тэврээд унтаж байхын
оронд цасан шуурганаар сэрвэлзэн ишиг хурга уутлан орж ирсээр хэдэн ч хаврыг үдэв. "Загийн алим" гэж тэнэг киног үзсэн хүн үүнийг утгаар нь анзаарсан байх.
Хөвгүүд ч яахав. Мал дээр гаргасан МАХН-н илгээлтийг цэрэгт саналаараа яваад муричихаж байлаа. Бүүр насаа худлаа нэмж байгаад ч хамаагүй цэрэгт оргох шахуу явцгааж байлаа. Аргагүй шүү дээ 8 төгсөнгүүт нь бүх мөрөөдлийг нь нулимаад мал дээр аваачаад хаячихаар чинь хүн л юм чинь эцсийн аргаа бодно шд. Цэргээс халагдаад мал руугаа, цех рүүгээ буцаж очих алба байсангүй. Шинэ цэрэг нам засгийг магтсан шүлэг сайн бичвэл Львовын цэргийн ухуулагчийн сургуульд хүртэл элсүүлж байсан цаг шүү дээ. Охид л хэцүү байлаа. Тэд тэндээ гэрлээд хүний нутагт хөдөөний эхнэр болж хүүхэд малд дарагдан үлдэж байсан юм.
Мэдээж
малч, малын ажилд эв дүйтэй хүн цөөнгүй байсан. Ялангуяа өсөхдөө л малын захад
хүн болсон илгээлтийн эзэд жавхаатай байлаа. Цөөнгүй илгээлтийн эзэн аварга
малчин, саальчин, цаашлаад өнөөгийн мянгат малчид болцгоосон байдаг. Тэдний
дунд ч нь бас л манай үеэлүүд бий. Харамсалтай нь илгээлтийн эздийн хөдөлмөрийн
дэвтэрийг нь хурааж барьцаалсан байдал олон жил дуусаагүй юм. Бригадын төвийн улаан булан шатахад барьцаанд
авсан хөдөлмөрийн дэвтэр нь шатсанаар аварга малчин, гавшгайч, төлөвлөгөө
ноормоо байнга давуулан биелүүлдэг ажилсаг малч нэгэн эгч маань тэтгэвэр
тогтоолгох насанд ирэхэд хийсэн бүтээсэн бүх түүх нь цуг шатсан байсан. 79 онд
алдаршиж сонинд гарч байсан хайчилбараа үзүүлэн байж хүлээж байснаасаа эрс
доогуур буюу хамгийн доор хэмжээгээр тэтгэвэртээ гарсан байдаг юм билээ.
Москвад монгол мах нийлүүлэх, Улаанбаатарт шинэ хороолол бариулах өртөг хувь
хүн дээр ингэж тусч байлаа.
Илгээлтийн
эздийн ихэнх нь малаас хөндий улс байсныг шууд хэлэх хэрэгтэй. Тэд нялайтал
пааклаж, төл хорогдуулан, улсаас яаж ч дэмжсэн хөдөөд идээшихгүй, хот
суурингийн амьдралаа сэмхэн хүсэмжилж, нам эвлэлд нулимуулсан өөрийнхөө
мөрөөдөлдөө үр хүүхдээ ядаж хүргэх хүсэл эрмэлзлэлээ орхихгүй байлаа. 1992 оны
Үндсэн хууль шилжилт хөдөлгөөний хоригийг авч хаясан ч тэд шууд хөдөөнөөс хот
руу буцан ирж чадахгүй байлаа. Нөгөө Богдод мөргөх гэж ирээд буцах зардалгүй
тул үлдсэн мөргөлчдөөс үүссэн аймаг гэдэг шиг нэг хэсэгтээ л хөдөөдөө үлдэцгээсэн
юм. Гэвч 90-д оны арьс нэхийн наймаагаар олсон мөнгө, 2003-2004 оны зуд тэдний
нүүдлийг шийдвэрлээд хаячихсан. 2005 оноос эхлэн илгээлтийн эзэд хот суурин руу
буцан нүүдэллэж эхлэв. Унаган хот суурингийн хүн, гэрт олон жилээр амьдраад
сурчихсан тэдэнд хотод бууриа хатгах түвэгтэй байсангүй. Хашаа хатгах бол малын
өвөлжөө барихын хажууд хүүхдийн тоглоом тул дор нь 3 тал барьж аваад л утаа май
тавьж эхлэв. Энэ үеээс л Улаанбаатрын утаа эрс мэдрэгдэж эхэлсэн билээ.
Улаанбаатрыг барилгажуулах ажлын золиосонд амьдралаа үрсэн тэд ямар ч үнээр
хамаагүй үр хүүхдийнхээ амьдралыг золиослуулахгүйн төлөө зүтгэсээр хотдоо буцан
ирцгээсэнээр утаа эхэлсэн юм. Тэд ганцаараа явсан ч дор хаяж тавуулаа болоод
буцаж ирж байлаа. 70-80-д оны илгээлтийнхний үр хүүхдүүд сургууль соёл бараадах
нас нь 2000-2005 оны хавьцаа таарсан нь ч нүүдлийг эрчимжүүлж өгсөн байдаг. Төрийн
явуулсан ухвар мөчид бодсон компанит ажлын үр дүн хожим нийгэм эдийн засгийн
асар том асуудал болж төрийн тэргүүн нь гамшигийн байдал зарлахад хүрсэн түүх
ийм бөлгөө.
Өнөөдөр
бид залуусыг цэрэгт 3 жил алба хаалгана, хаалгахгүй гэж 2 тал болон хашгиралдаж
байна. Энэ шуугиан ямар зорилготойг бүү мэд. Өөр том шуугиан дарах багаж нь байгаад
тэгэсгээд замхарвал сайн л биз. Харин үндэслэл тооцоогүй ярьсандаа төр баригч
маань өөрөө итгээд зүтгээд байвал яах вэ?
3
жилийн армийг хэн тэжээх вэ гэдгээс хариултаа эхэлж хайя. Монгол улс үсрээд л
17000 цэргийг ноормын дагуу хооллож хувцаслаж чадах эдийн засгийн нөөцтэй. Энэ
чадалдаа тааруулж цэргийн насны залуусаа түргэвчилсэн ээлжээр буу зэвсэгтэй
харьцаж сурган, цэргийн үүрэг, даргын командыг биелүүлэх хатуу дэгийг мэдүүлж
өгөөд гаргадаг. Өөр боломж байхгүй. Манай армийн үндсэн зэвсэглэл болох АК-47
буу бол зэвсэгт мөргөлдөөнтэй Афган, Африк зэрэг газарт хүүхэд, эмэгтэйчүүд
хүртэл буудаж суралцдаг анхны буу. Ердөө л 20 минутаас-2 цагийн дотор бүрэн
эзэмшдэг дэлхийн хамгийн төгс энгийн галт зэвсэг. Үүнийг эзэмшүүлэх гэж 1080
хоног хуаранд хаших нь арай л хатуу санагдана.
3
жилийн цэрэг бий болвол цэргийн тоо даруй 3 дахин өсөж 51000 болно. Зардал 3
дахин өснө. Хэн зардлыг нь гаргахыг цааш нь ухалгүй хаячихъя. Мэдээж үүнийг
уншигч та л гаргана. Шинэ цэргүүдээс юм сурахдаа удааныг нь 2-3 сард буу
эзэмшүүлж сургачихлаа гэхэд үлдсэн 1000 хоногт нь юу хийлгэх вэ. Монгол улсын
нэгдэн орсон албадан хөдөлмөрийн эсрэг конвенцийг зөрчин төмөр зам бариулах
тухай барин тавин ярих болж. Иргэний байгууламж барихад цэргийн хүч дайчилж
болохгүй тухай энэ конвенцод чинь хараар цагаан дээр биччихсэн байгаа. Олон
улсын хуулийн дагуу бидэнд 3 жилээр татсан хөвгүүдээ хуаранд дэмий хашихаас өөр
шийдэл олдохгүй. Бантсандаа зарим нь элдэв мэргэжил сургана л гэнэ. Мужаан, өрлөгчин, өөр юу юу ч
байдаг юм. Компьюторын инженер болох хүсэлтэй хүүхдийг хашиж байгаад өрлөгөчин
болгох юм байх. Тэдэн дотор улсаа магтуулах нэртэй төгөлдөр хуурч болох хүүхэд
байсан ч гараа эвдэртэл хүрз бариад шавар зуураад байх ёстой болох нь. Би шинэ ном суралцаж байна. Удахгүй номоо дуусгана. Энд байхдаа юм юм л анзаарч
байх юм. Манайд яагаад тийм тэнэг үрэлгэн, энд яагаад ийм энгийн төгс хямд
шийдлүүд байгаад байдгийг заримдаа үнэхээр гайхдаг. Өнгөрсөн хавар хүүхдийн
маань сурдаг ахлах сургуулиас ирсэн емэйл их сонин санагдав. Хүүхдүүдийг ахлах сургуульд
байхад нь бидний цэрэгт бөөнөөр нь хашиж байгаад сургана гээд байгаа
мэргэжилүүдийг эзэмшүүлж дунд сургууль төгсөнгүүтээ ажлын фронтод бэлэн болгож
өгдөг үйлчилгээний зар ирдэг юм байна. Тэхдээ зөвхөн сурагчид хүсвэл шүү дээ. Ажаад байхад
200 хүүхэд төгсөж байгаа ахлах сургуулийн төгсөлтөөс 30-50 орчим нь л тусгайлан бэлдсээр
байгаад дээд сургуульд орж байна. Дээд сургуулиуд нь ч манайх шиг шороон түмэн
биш, элсэлтийн стандарт нь ч чанга учираас давдаг хүүхэд ч цөөн байдаг
бололтой. Үлдсэн 150-170 сурагч нь шууд
амьдрал руу гарч байна. Ингэхдээ сургуульдаа өөрөөсөө нээж илрүүлсэн авъяас,
олж авсан мэргэжил, skill-ээрээ амьдралаа авч явах юм. Энэ 150-170 хүүхдийн
цөөнгүй хэсэг нь family business буюу аав ээжийнхээ хийж байгаа бизнест
ордог. Бусад нь үйлчилгээний салбарт
анхан шатнаас нь эхлэн шууд ажиллаад эхэлдэг. Бас нэлээд нь өндөр үнэлгээтэй
хар бор ажил сонгож байна. Бага сургуулиасаа л харилцааны соёл, бараа борлуулах
дадлыг маш сайн эзэмшицгээдэг юм билээ. Дунд хүүг маань бага ангид байхад
хүүхдүүдэд сургуулиас нь шоколад, саван гэх мэт жижиг сажиг юм өгч заруулан
сургуулийн сан бүрдүүлдэг байсан. Энэ нь хүүхдүүдийг худалдаа, үйлчилгээний
ажлын дадал, хүнтэй харилцах эв дүй сургадаг байсныг би дараа нь ойлгосон. Бас
хөөрхөн урамшуулалтай гэж байгаа тэрүүхэндээ.
Нөгөөтэйгүүр ахлах сургуульд сурч байхдаа эзэмшсэн өрлөгчин, будагчин, мужаан, сантехникчийн ажлыг залуус ихээр сонгодог юм байна.
Ийм ажлууд үнэлгээ сайтай байх бөгөөд хичээж нямбай ажиллавал багш, инженерээс дутахгүй сайн орлоготой байдаг. Гэхдээ учир бий. Ийм ажил мэргэжлүүд өөрийн асар том зах
зээлтэй учир залуус нь олноор ороод байдаг юм билээ. Барууны үл хөдлөх
хөрөнгийн зах зээл бол нүсэр том, бас ч үгүй байшин сав нь мэргэжил шаардсан маш
чанга стандарттай.
Хүний өмчийн газар дээр нь (газар гэж газар, түүний дээр барьсан
барилга) өөр хүн аюулгүй байх хариуцлага
газрын эзэнд ноогддог хуультай. Ийм ажлыг мэргэжлийн хүмүүс л зөв хийдэг. Хийсэн ажлынхаа хариуцлага баталгааг хүлээх тул газрын эзний хариуцах
хариуцлагыг ажил гүйцэтгэгч өөртөө шилжүүлэн хариуцаад явдаг хариуцлагын тогтолцоотой. Өөрөө хэлбэл таны
гэрт ирсэн зочны дээрээс барилгын хэсэг унаж гэмтээвэл түүнийг та биш тус
хийцийг хийж баталгаа гаргасан мужаан хариуцах ёстой болдог. Эзэн өөрөө хийсэн бол өөрөө л хариуцна. Хариуцлагын энэ тогтолцоо аливаа бүтээн байгуулалтын чанарыг дээд зэргийн болгож, үргүй хөрөнгө дахин дахин урсахаас сэргийлж, бүтээн босголтууд нь олон 10, зуун жилийн настай чанартай болж ирдэг. Хариуцлагын ийм тогтолцоо барилгын том жижиг бараг бүх ажлыг газрын эзэд мэргэжлийн
хүмүүсээр гэрээгээр хийлгүүлэх рүү түлхдэг. Энэ хууль эрх зүйн орчин байхгүй бол мянган мужаан бэлдээд ч зах зээл үүсэхгүй. Энэ тусгай skill шаардсан ажлууд гүйцэтгэгч өөртөө хүлээн авч байгаа хариуцлагтайгаа таарсан үнэлгээ сайтай
байх нь ойлгомжтой. Олон олон залуус энэ эрэлт дээр цаашдын ажил амьдралаа сонгочихдог.
Баруунд дүүрэн багаж ачсан пикаптай залуус их байхад манай хар ёотон дүүрэн
халамцуу залуус л олон байх болж. Нэг л буруу яваад байна манайхан. За ингээд цэрэгт мэргэжил эзэмшүүлнэ нтр
гэсэн дэмий утгагүй юмаа орхицгооё. Сууриар нь зөв болгохгүйгээр өм цөм гаднаас нь хальт харсан юмаар нийгэм өөрчилдөггүй юм. Зүгээр л наад цэрэгт хашиж байгаад хүчээр сургана гээд байгаа юмаа жам ёсны зах зээлийн эрэлт нийлүүлэлт,
бас хуулийн ухаалаг зохицуулалтанд нь л үлдээ тэгэх үү.
Цэрэгт
үнэхээр мэргэжил эзэмшүүлэх бол цэргийн мэргэжлээ л эзэмшүүл. Холбоочин,
пуужинчин, нисгэгч, шүхэрчин, танкчин, мэргэн бууч, инженерийн цэрэг (бэхлэлт,
нуувч, гүүр баридаг) гэх мэт эзэмшүүлэх мэргэжил цэрэгт олон. Үүнийг голдуу
гэрээт цэрэгт эзэмшүүлэх ёстой. Хугацаат цэргээс мэргэжилийн цэрэгт саналаараа
үлдэх аавын хүү олон. Тэдэнд энэ мэргэжилүүдийг төгсөртөл нь эзэмшүүлэх ёстой
байх. Илүү цааш хөгжих сонирхолтойд нь цэргийн дээд боловсрол олгож зэвсэгт хүчнээ бэхжүүлээд л явдаг байхгүй юу.
Цэрэгт
явуулж төлөвшүүлэн үг даадаг болгох юм байх нэг хэсэг хүнэ. Бас л бусдаас ажигласан зүйлээсээ
хуваалцъя. Энд хүүхдүүдийг үнэнч шударга болгоход л бүх боловсролын систем, гэр
бүл, нийгэм нь бүхэлдээ чиглэн ажиллаж байна. Эцэг эх, багш нар нь үлгэрлэн
өөрсдөө зөв, шударга байхаас эхэлнэ. Хэнийг ч энэ нь баяны, энэ нь ядуугийн
хүүхэд гэж ялгаварлаж байгаа юм алга. Үйлдэл бүрд л шударга байгааг урамшуулж,
буруу хазайвал засаж хэлж байж хүүхдүүдээр шударга иргэн хийж авдаг юм байна. Хуулахгүй байх, хуурахгүй байх, өөрт ноогдсон ажлыг өөрөө л хийх зан чанар бол эдний нийгмийн яс генинд нь байна. Нэгэнт шударга иргэн болж өссөн хүн шударга зөв ямар ч шаардлагыг ухамсараараа
шууд хүлээн авдаг. Үг авдаг болно гэсэн үг. Шанаа манаа ямар ч шаардлагагүй. Харин шударга бусыг бол шууд
эсэргүүцдэг болцгоох ажээ. Манайхан тэгэхэд яаж байна? Эцэг эх, төр засаг, багш
хүмүүжүүлэгчид нь өөрсдөө л шударга бусын үлгэрийг оройлон уралдан үзүүлж
байгаад баахан сонин буруу хүмүүжилтэй хүүхдүүд өсгөөд авдаг. Тэд нар нь зөв юм
хэлсэн ч, буруу юм хэлсэн ч хэний ч үгийг авахаасаа нэгэнт өнгөрсөн байдаг.
Эцэг эхийн эцсийн арга нь нөгөө хүүгээ цэрэгт явуулж номхон, зэрэгц команд доор
хагас зомби байдалд ямар ч үгийг автоматаар үг дуугүй дагадаг болгох бөөн
мөрөөдөл. Гэвч өсөхдөө л эх захгүй
шударга бусын орчинд өссөн хүүхдүүд цэргийн 3 жилийн бүүр ч илүү шударга бусыг
арай гэж тэсдэг, тэсэж тэсэж тэсрэхээрээ яадаг байсныг бид бүгд киноноос
харсан. Тэр кино хэтрүүлэг ихтэй ч, зарим үнэнд дөхөж очсон л байгаа.
За
яахав 3 жил цэрэгт яваад баахан номхон зэрэгц команд дунд үг, шанаа даадаг
болоод гараад ирэг. Тэглээ гээд тэр залуусын ихэнх нь цаашдын зөв замаа
олохгүй. Илгээлтийн эзэд шиг л будилж, хувь заяа нь замарч замхарцгаана. Монголд тэдний
сурсан өрлөгчин мужаан мэргэжилийн эрэлт маш бага. Мэр сэр нь л юу юм
гэхээс Монголчууд ахуйн ажлаа бусдаар
мөнгө төлж хийлгүүлдэг хүмүүс биш л дээ. Бараг л хувийн байшингаа ганцаараа
өөрөө юугаар ч хамаагүй, яаж ч хамаагүй барьчихна гэж үздэг хүмүүс шүү
дээ. Цэргийн 3 жилд олох мэргэжил зах
зээлгүйн улмаас олон хүний амьдралыг залгуулах хоол нь болж чадахгүй.
Нөгөөтэйгүүр тэр хүмүүсийн сурсан эрдэм, дадал эв дүйг хөлсөөр ашиглах завгүй,
мөнгөтэй, дундаж анги Монголд алга. Олоон жилийн дараа төмөр замын рельс дамнаж
явахдаа олсон, хүйтэн нойтонд төмөр замын далангийн шороо шаварт бакиалаараа
зоогдож байснаас олсон нуруу, бөөрний гэмтэлтэй бүхэл бүтэн үе төрөх байх. 3
жилийн цэргээс халагдаад ном сурдаг гэдэг бол худлаа шүү худлаа. Цэргээс
халагдсан байтугай дунд мэргэжлийн сургуулиас дээд сургуульд орсон хүмүүс ч
олигтой сурдаггүй л байхгүй юу. ЗХУ-д цэргээс халагдсан, нисэхийн дундаас ажиллаж байгаад ахиж суралцсан олон ах нартай хамт сурч байсны хувьд хэлэхэд залуу хүн нэг алдсан сурах тэмпээ дахиж олно гэдэг бол бараг боломжгүй юм байдаг юм билээ. Цэргээс очсон нь барилдаж, архидаж байгаад дуусдаг бол ажиллаж байгаад очсон нь наймаа, хүүхэн эргүүлсээр ихэнх нь замаасаа гээгддэг юм даа. Залуу хүнд ном сурдаг үе гэж байдаг. Тэр үеээ
зөв сураад барчихвал цаашид хэдэн ч ном сурсан торохгүй. Олон залуусын сурдаг
насны инерцийг алдагдуудах 3 жилийн цэрэг хэрэггүй байхаа. Нэг жилийн цэрэг бол
харин болж байгаа юм. Төсөвт дарамтгүй, хувь хүний төлөвлөгөө мөрөөдөлд
саадгүй.
Тэр
Израиль мизраилыг дуурайна гэдэг бол бас л худлаа шүү худлаа. Израилыг
дуурайхдаа хүрвэл ядаж төрөө жүүдүүд шиг лаг боловсролтой, гавал толгойтой
гаруудаар эхлээд дүүргэх хэрэгтэй юм л даа. Гэтэл манай төрд толгой алга. Баахан боовон
чихтэй, боовон толгойтой юмнууд л байна. Японд сургууль төгссөн эсэх нь
эргэлзээтэй нэг солиотой нөхрийн өөрөө орчуулсан эсэх нь эргэлзээтэй номыг хар
сохороор дагаж улсаараа ханарахгүй ээ хэдүүлээ.
За
энд баахан кино ярьчихлаа. Киноноос өөр юм анзаардаггүй хаантай улс юм чинь өөр
яах ч юм билээ. Мэддэг хэлээр нь л ойлгуулахыг хичээх юм даа аргаа
барахдаа. Хөвгүүдээ төмөр замын цэрэгт
явуулж хувь заяаг нь золиослох уу яах уу тэгээд? Зүгээр л дарга сайдуудаар
хулгай хийлгүйлэлгүйгээр тэр төмөр замаа зах зээлийн журмаар нь барьчихаж
болохгүй байгаа юм уу ахаа
This comment has been removed by a blog administrator.
ReplyDelete