Saturday, April 29, 2017

"Гүтгэх" эрх

Гүтгэлэгийн хуулийн асуудал оргил цэгтээ тулж байна. Хуульчид ч, хууль тогтоогчид ч хийж байгаа хууль, гаргаж байгаа шийдвэрийнхээ цаад учрыг мэдэж байгаа шинж тун алга. Зүгээр л айлган сүрдүүлэх тактик хэлэлцээд суух боллоо. Зарим нь гүтгэлэгээс болж Сирид иргэний дайн дэгдсэн гэж хадуурав.
Үндсэн хуулиндаа иргэд нь төрөө “шууд сонгох”-оо тунхаглан, хүнийг үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхахыг хориглосон Монгол улс 1990 оноос хойш ардчилалын замаар замнасан, үгүйдээ л тэр “ардчилалын зам”-аа бараадан байнга солигддог “брожур” дээгүүр нь тэнцэн ядан зам даган урагшилж явна.

Зөрчлийн хууль гэж барууны орнуудад зочид буудалд хоноод төлбөр төлөхгүй гарах, бензин хийгээд төлбөрөө хийхгүй хөдлөх, автобусанд туулайчлах зэрэг болон, захиргааны хариуцлагын, салбарын хариуцлагын зохицуулалтуудын тухай regulatory offenses, summary offenses гэх мэтийн хуулиуд байдаг. Энэ зөрчлийн гэх хуулийг харахад иргэний маргаанаар шийдэгдэх олон асуудалд төрийг татан оролцуулж торгуулиар далайлгах, улмаар хууль сахиулах байгуулагад хэрэгцээгүй илүү эрх мэдлийг төвлөрүүлэх, хохирогчийн хохирол барагдах боломжгүй болгох урхаг ихтэй үр дагавартай олон зүйлс ажиглагдаж байна. Өнгөц харахад иргэний маргаан гаргахад төлдөг тэмдэгтийн хураамж, нэхэмжилж буй хохиролын дүндээ таарсан бусад хураамжийг төлөх зардлаа төрд үүрүүлсэн заль мэх их ажиглагдна. Нэхэмжлэгч шүүхэд нотолгоо гаргах зардлаа бас төрөөр үүрүүлэхээр болчихсон ч явж байх шиг байна. Иргэний хуулиа задлан чамбайруулах, гэм хорын  хууль эрх зүйн [tort law] орчноо шинэчлэхийн оронд бүгдийг нь хаман заавал шүүхээр шийтгүүлэх indictable offense болгож хууль сахиулах зардлыг үлэмж нэмэгдүүлсэн хууль болжээ.
Хувийн эрх зүй [private law] нийтийн эрх зүйн [public law] зааг ялгааг үгүйсгэн хольж бантагнуулан, эрх зүйн хаос орчныг санаатай үүсгэн төрөөр нэг эргүүтэн суух шаардлага байна уу даа энэ УИХ-н эрхэм бус гишүүдэд. Хувийн эрх зүй бол хувь хүмүүс, хуулийн этгээдүүдийн хооронд хуулиар эдлэх эрхүүд зөрчигдсөн тохиолдолд үүсдэг маргааныг зохицуулах зорилготой. Нийтийн эрх зүйн бол олон нийтийн дунд тогтсон үйл, зан байдлын стандартыг мөрдүүлэх зорилгоор төрөөс орж ирж шийтгэл торгуулиар дамжуулан албаддаг эрх зүй.  Гэтэл зөрчлийн хуульд хувийн эрх зүйгээр зохицуулагдах маш олон асуудал орж ирсэн байгаа нь эрх зүйн зөрчилийг үүсгэж байгаа юм.

Манай хууль тогтоогчид чухам яагаад ийм хууль санаачлаад явааг би тэр бүр ойлгохгүй байгаа ч гүтгэлэгтэй холбоотой зүйл заалтууд нь дэндүү ерөнхий, хамгийн гол нь хамгаалалт (defense) боломжуудыг нь нээж өгөөгүй учир маш аюултай хууль батлах гэж байгаа юм шиг санагдаад байгаа тул өөрийн үзэл бодлоо хэлэхээр шийдлээ.

Гүтгэлэг гээч манай төр засгийн эрхэмүүдийг хоолой зангиртал нь айлгасан зүйлийн талаар суралцаж буй номынхоо хэмжээнд, ийм хэргээр хоригдож үзсэн туршлагынхаа хүрээнд хэдэн үг хэлье.

Хүнийг гүтгэлээ гэж иргэний журмаар буруутгахын тулд дараахь 3 элемент хангагдсан байх ёстой байдаг юм билээ. Үүнд:
1.  гүтгэлэгийн шинж чанартай,
2.  нэхэмжлэгч этгээдэд хамаарсан,
3. нэхэмжлэгч этгээдээс өөр этгээдэд хандаж хариуцагч этгээд хийсэн мэдээлэл байх ёстой байдаг.

Мэдээлэл гүтгэлэгийн шинж чанартай байх гэдэг нь тухайн гүтгүүлсэн гэх хүний талаар дээрх мэдээлэлийг хүлээн авсан жирийн хүн [reasonable person= эрүүл оюун ухаантай хүн] уг мэдээлэлд гүтгэлэг байгааг ялган анзаарч чадахуйц хэмжээний мэдээлэл байх ёстой юм байна. Нэхэмжлэгч этгээдэд таалагдаагүй мэдээлэл бүрийг гүтгэлэг гэж ойлгож болохгүй. Хуулийн дээрхи шалгуур хангасан мэдээлэл л гүтгэлэгт орно.
Та бидэнд ойрхон амьдралаас жишээлэн хэлэхэд олон жилийн турш авилгалд гаршсан сайдыг авилгалч хэмээн хэлбэл уг мэдээлэлд бусад жирийн хүмүүс гүтгэлэг байна хэмээн анзаарч мэдрэхгүй ч байж болно. Мэдээлэл гүтгэлэг хэмээн жирийн хүнд анзаарагдахгүй бол хичнээн тарсан ч тэр хүний алдар хүнд (reputation)-д хохирол учрахгүй. Иймд заавал гүтгэлэг гэж анзаарагдах мэдээлэл байх ёстой болдог.
Харин 5 настай жаахан хүүхэд, эсвэл номын мөр хөөсөн өвгөн эрдэмтнийг авилгалч хэмээн хэлбэл үүнийг сонссон жирийн хүн уг мэдээлэлд үнэнд өчүүхэн ч дөхөхгүй гүтгэлэг байгааг шууд анзаарч ялган таньдаг.  
Чухам ийм ялгаа зааг байгаагаас улс төрчид өөрийнхөө ёс суртахуунд эхнээсээ өндөр шалгуур тавин, өчүүхэн алдаа гаргавал сайн дураараа огцорч байдаг юм билээ. Шалтгаан нь зүгээр нь бусад дайралт ирэхэд хамгаалалтгүй болчихдог учир эртхэн шиг галын шугамаас сайн дураараа холдож явсан нь өлзийтэй болж ирдэгт учир нь байдаг юм байна. Жирийн хүнд тааруухан хүн гэж ойлгогдохоор болтлоо муу зам мөртэй байж болохгүй шүү л гэсэн санаа. Хүн нэрээ өөрөө л хичээх ёстой гэсэн хүний нийгмийн хуулийн ёс ийм буюу.

Гүтгэлэг хүрэх эзэнтэй буюу зөвхөн нэхэмжлэгч этгээдэд хамаарсан байх ёстой байдаг. Эзэн нь буюу нэхэмжлэгч этгээдийг нэрлэсэн эсвэл жирийн хүнд тухайн нэхэмжлэгчийг гэж нэмэлт тайлбаргүйгээр танигдуулах хэмжээнд тодорхойлсон (innuendo) байх ёстой байдаг юм байна.
Эзэн биегүй мэдээлэл гүтгэлэгт тооцогдоход элемент дутуу болно. Жишээ нь Сайд авилгалч хэмээвэл эзэн биегүй мэдээлэл болж гүтгэлэгийн шинж чанараа гээнэ. Гансүх сайд авилгалч хэмээвэл бас л дутуу. Учир нь Гансүх нэртэй хэд хэдэн сайд байх ба чухам аль нь болохыг жирийн хүн ялгаж ойлгоход хэцүү. Ч.Гансүх сайд авилгалч гэвэл сая эзэн бие харьцангуй тодорхой болж ирнэ.  Хүнийг нэмэлт тайлбаргүйгээр тодорхойлох хэлбэр Монголд түгээмэл тархсан байдаг. Жишээ нь Жэнко гэхэд жирийн монгол хүний хувьд УИХ гишүүн асан Х.Баттулга гэгч эрхэм санаанд нь шууд л тусна.

Өөрт нь хамааралгүй хэлсэн үгийг өөртөө хамааруулан ойлгож нэхэмжлэл гаргах боломжгүй. Гол нь жирийн хүнд тэр таныг гомдоосон илэрхийлэлийн эзэн нь өөрийг чинь байна гэж танигдахуйц байх ёстой юм.

Гүтгэлэг нь нэхэмжлэгчээс өөр хүнд хандаж хариуцагч этгээд хийсэн мэдээлэл байх ёстой байдаг. Хэрэв гүтгэлэг агуулсан гэх мэдээлэлийг нэхэмжлэгчид өөрт нь хандаж хэлсэн тохиолдолд уг мэдээлэл гүтгэлэгийн шинж чанараа алдана. Хүнийг өөрт нь гүтгэж ярих тухай ойлголт угаасаа байдаггүй. Гүтгэлэг агуулсан мэдээлэлийг цааш нь гүтгэлэг гэдгийг мэдсээр байж дамжуулсан хүн гүтгэлэг тараасанд тооцогдож болно. Хэрэв тэгэж тараасан хүн уг мэдээлэлийг гүтгэлэг гэж мэдээгүй бол хариуцлагаас чөлөөлөгддөг. Сайд А.Гансүх v Жиргээч Даваапил заргын хувьд “МИАТ-д хийсэн шинэчлэлээр 3.6 тэрбум төгрөг хэмнэсэн” хэмээн нэхэмжлэгч жиргэсний хариуд “Самсунгтай 1км төмөр замыг хэдээр гэрээлсэн бэ сайд аа. Тэнд луйвардсан мөнгө чинь наад 3,6 тэрбумаас хол давна” хэмээн хариуцагч жиргэсэн байдаг. Даваапил А.Гансүхд сайдад хандаж хэлсэн гэдэг нь “сайдаа” гэх хандсан үгээр нотлогдож орхисон байдаг. Энэ тохиолдолд хариуцагч уг мэдээлэлийг нэхэмжлэгчид хандан хэлсэн байх тул гүтгэлэгийн шинж чанараа алдсан мэдээлэл болж байгаа юм.
Гүтгэлэг тараалцсаны тухайд retweet, like бол гүтгэлэг тараалаа гэж хариуцлага тооцоход хангалтгүй баримт юм. Учир нь хуулийн өмнө бүгд тэгш байх зарчим хэрэгжүүлэх боломж байхгүй. Нэг жиргээчийг retweet хийсэн байна гэж ялгаж шийтгэх нь Үндсэн хуулийн зарчмыг ноцтой зөрчих тул бүгдийг нь олж хариуцлага тооцох шаардлага гардаг. Монгол улсын хувьд энэ нь боломжгүй зүйл бөгөөд хуулийн хүрээлэл ч хил даван харайх боломж өгөхгүй.

Гүтгэлэгт маш ноцтой үр дагавартай, бодит хохиролтой үед эрүүгийн хариуцлага яригдаж болох ба эрүүгийн хэрэг үүсгэхэд дараах нөхцөл хангагдах шаардлагатай.  Энэ нь: "Хүн [хуулийн этгээд] хуулиар зөвтгөгдөх шалтгаангүйгээр хүний тухай үнэн бус мэдээлэлийг тус хүнд хор хүргэх зорилгоор бусад хүнд хүргэсэн байх”. Хор хүргэх зорилго буюу malicious intent гэдэг элемент энд орж ирж байна. Гүтгэлэг энэ элементгүй бол эрүүгийн хэрэг биш юм.
Барууны орнуудад хүнд эрүүгийн хэрэг үүсгэх маш амаргүй байдаг. Учир нь тэр хүний үйлдэл эрүүгийн хэргийн бүх элементийг бүгдийг нь хангасан гэдгийг эргэлзээ тээнэгэлзэлгүй (beyond reasonable doubt) болтол нь нотлох үүрэг, нотлогоо гаргах дарамт яллагч талд ирдэг. Хуулинд бүх хүнийг аливаа хэрэгт буруугүй гэж үздэг ба шүүхээр буруу нь тогтоогдох хүртэл энэ эрх нь хадгалагдана.
Эрүүгийн хэрэг үндсэн 2 элементтэй. Actus reus (conduct) буюу үйлдэл, Mens rea (guilty mind) буюу гэмт сэдэл.
Үйлдэл байгаад ч сэдэл дутуу бол хүний амь нас хохирсноос бусад тохиолдолд гэмт хэрэгт тооцохгүй. Гэмт сэдлийг гэмт үйлдэлтэй холбоотойг (causal connection) нотлох нь хамгийн түвэгтэй байдаг.  Эрүүгийн гэмт хэргийн хуулийн үйлчлэл тус мужийн буюу улсын эрх зүйн хязгаарт (Jurisdiction) хүрээд зогсдог. 

“Гүтгэгч”-ийг Хүн (аккаунт биш) гэдгийг тогтоох боломж олдсоны дараа “гүтгэгч”-ийг зөвтгөх шалтгаануудыг заавал олж тогтоодог. Мөн яллагдагч/хариуцагч талд өөрийгөө энэ зөвтгөлүүдийн тусламжтайгаар хамгаалах боломж олгодог. Гүтгэлэгийн ял зэмийг үгүйсгэх хуулиар тогтоосон дараах зөвтгөлүүд байдаг байна. Үүнд:
1. Үнэн байдал:  Түгээмэл хуульд  үнэн бол гүтгэлэгийн ял зэмийн эсрэг абсолют хамгаалалт юм. Үнэн байдал шууд утгаараа болон агуулгаараа тодорч болно. Агуулгаараа үнэн тодорно гэдэг нь зарим нэг үнэн бус мэдээлэл агуулсан мэдээлэл нь ерөнхий утгаараа үнэн бол түүнийг contextual truth гэж үзэн үнэнд тооцдог. Манайд бол албан тушаалтнуудын хувьд гүтгэлэгийн зарга нь үнэнийг нуухад оршдог. Гэтэл тэнд хуулийн энэ зарчмаар үнэнийг заавал олж тогтоох үүрэг шүүхэд ирнэ. Ийм шалтгааны улмаас хэвлэлээр шүүмжлүүлсэн улс төрчид гүтгэлэгийн заргаас зайлсхийдэг.  
2. Итгэл үнэмшлээрээ үзэл бодлоо шудрагаар илэрхийлэх: Яллагдагч/хариуцагч талын хийсэн мэдээлэл нь (а) Баримтын тухай мэдэгдэл биш, үзэл бодлын мэдэгдэл байсан; (b) Үзэл бодлоо үнэнчээр илэрхийлсэн; (c) Үзэл бодол нь бодит фактууд дээр тулгуурлаж бий болсон; (d) Олон нийтийн ашиг сонирхолд нийцсэн коммент байсан гэдгээ нотлоход гүтгэх ялаас мултардаг. Аль ч ардчилсан орны үндсэн хууль нь иргэдээ үзэл бодолтой байх, түүнийгээ чөлөөтэй илэрхийлэх эрхээр хангадаг тул хэн нэгний талаар таагүй үзэл бодолтой байсныхаа төлөө хэн ч ял эдлэх ёсгүй гэсэн суурь зарчим энд үйлчилж эхэлдэг юм байна.
3. Онцгой бүрэн эрх: хэлсэн үг, хийсэн мэдэгдлийнхээ төлөө хариуцлагад татагдахгүй онцгой бүрэн эрх бол ихэвчлэн Парламентын гишүүдийн бүрэн эрхэд хамаардаг. Мөн шүүх, парламент, ЗГ, олон нийтийн компанийн нийт хувьцаа эзэмшигчдийн хурлын мэдээлэлд тулгуурлан хийсэн мэдээлэлүүдийг гүтгэлэгт тооцохыг зөвшөөрдөггүй.
4. Тусгай эрх:  Тухайн хөндөж буй асуудлаар мэдээлэх үүрэг хүлээсэн тодорхой бүлэг хүмүүст гүтгэлэгийн хариуцлагаас чөлөөлөгдөх эрх олгодог. Олон нийтийг мэдээлэлээр хангах үүрэг бүхий  энэ эрхийг хувийн зорилгоор ашиглавал тусгай эрх дуусгавар болсонд тооцдог. Ийм тусгай эрх олгогддог бүлэгт
1. Гэмт хэргийг мэдээлэх үүрэг бүхий этгээд (цагдаа, аврагч, эргүүл, хүний эрхийн байгууллага гэх мэт)
2. Төрийн үйл ажиллагааг олонд хүргэх мэдээлэлийн хэрэгслэл
3. Олон нийт болон сонгогдсон/томилогдсон төрийн албан тушаалтны хооронд үүссэн харилцаа тус тус хамаардаг.

Ялангуяа иргэд, хэвлэл нэг талаас нөгөө талаас сонгогдсон болон томлогдсон албан тушаалтны хоорондхи харилцааг тусгай бүрэн эрхэнд оруулж гүтгэлэгийн хариуцлагаас чөлөөлдөг байна. Шалтгаан нь их энгийн. Олон оронд тэр дотор Монголд, Австралид төрөө шууд сонгодог үндсэн хуулийн тогтолцоотой. Үндсэн хуулийн шууд сонгох эрхээ зөвхөн мэдээлэлтэй иргэд эдэлж чадах боломжтой гэж чөлөөт нийгэмд үздэг. Энэ боломжийг хангахын тулд сонгогдсон улс төрийн албан тушаалтны талаархи бүх мэдээлэлийг (түүний дотор хувийн) ил болгох шаардлага урган гардаг бөгөөд үүнийг хэвлэлийн эрх чөлөө гэж нэрлэдэг ажээ. Сонгогдсон албан тушаалтны хувийн мэдээлэл ил байх нь сонгогдогч эрхэмийн ёс суртхууны хэмжээг үнэлэх болон ашиг сонирхлын зөрчилгүй төрд зүтгэх баталгааг хянах олон нийтийн багаж болж өгдөг байна. 
Төрийн хүнийг гүтгэлээ гэх ял зэмийн эсрэг энэ хамгаалалт Австралид Lange v Australian Broadcasting Corporation (1997) 189 CLR 520 заргаар баталгаажсан байдаг. Хэрэв олон нийтийн хараа хяналтаас холуур амьдрах хүсэлтэй бол улс төрийг орхих, нам тайван ажил бизнесээ хийгээд явах өөр сонголт байдаг. Улс төрд орохоор шийдсэн бол микроскопон доор хэвтэх ийм л зарчим төрөө шууд сонгох үндсэн хуулийн эрхийг хамгаалж байдаг юм байна.
Улс төрийн харилцаанд доромжлолыг зөвшөөрдөг. Coleman v Power (2004) 220 CLR 1 хэрэгт давж заалдагч  (appellant) этгээд орон нутгийн цагдааг “авилгалч, шавхайтай хутгалдсан заваан новшнууд” хэмээн бичсэн лоозон барьж олон нийтийн талбай дээр зогсож эсэргүүцэл илэрхийлсэн бөгөөд цагдаагийн ажилтан ойртон очиход “авилгалч цагдаагаа харж авцгаа” гэж заасан байдаг. Асуудал шүүхэд очсон бөгөөд дээд шүүх хүртэл явсан байна. Дээд шүүх улс төрийн үзэл бодол илэрхийлэх санаа зорилгоор хэрэглэсэн доромжлол үндсэн хуулиар зөвшөөрсөн улс төрийн харилцааны хэрэгслэл байж болно гэж үзсэн байдаг. Үүнтэй яг ижил асуудал жиргээч Алдарт 2014 оны Майн баяраар үүссэн бөгөөд тэрээр “цагдаа бол баас” гэх агуулгатай мэдэгдэл хийснээсээ болж цагдаад дуудагдан шум болж байсныг бид санаж байгаа. Алдарын тухайд цагдаагийн байгууллагын талаархи шүүмжлэлийг УИХ дарга З.Энхболдын баталгаажсан хаяг руу илгээсэн бөгөөд дараа нь цагдаа ирж Алдарыг дайчлан баривчилсан бололтой юм билээ. Зүй нь Алдарын хэлж буй санаанууд зөвхөн улс төрийн болон төрийн үйл ажиллагааг шүүмжилсэн хүрээнээс халихгүй төрийн бус өөр хувь хүний эрхэм чанар руу халдахгүй байх хяналтыг тавихад л болох байв.      

5. Гэм хоргүй, ялихгүй зүйлс (Triviality) : Шүүхүүд нэхэмжлэгчид гэм хор учруулаагүй ялихгүй зүйлсийг авч хэлэлцдэггүй бөгөөд нэхэмжлэл ийм гэм хоргүй асуудал байсан гэж үзвэл хэргийг хаадаг.

Барууны гүтгэлэгийн кэйсүүд ихэвчлэн урлаг, спортын алдартнуудыг тойрсон тэдний хувийн орон зайд халдсан халдлага, хов живний эсрэг зарга байдаг. Улс төрийн хүнийг шүүмжилсэн маргаан тун ховор. Харин манайд бол иргэд хоорондоо ямар ч асуудал байхгүй. Зөвхөн улс төрчдөө тойрч шүүмжилдэг соёлтой үндэстэн юм шиг байгаа юм. Энэ утгаараа Монголын иргэд бол үнэхээр ардчилалд төгсөрцөн хүмүүс ч юм шиг. Гэвч саяханы өргөн барьсан хуулиудаар улс төрчид өөрсдийн ажил хэрэг, улс төрийн маапааныг хувь хүний халдашгүй байдлын ард нуух зорилго агуулсан хуулийн төсөл хэлэлцэж эхэллээ.

Олон хүн Бат инженер Гансүх сайдыг гүтгээд ял эдэлсэн гэсэн бодолтой явдаг юм билээ. Энд хэлэхэд би түүнийг гүтгээгүйгээр барахгүй гүтгэлээ гэсэн гүтгэлэгийн хохирогч болсон юм. Шаардлагатай бол энэ тухай дараа жич өгүүлэмз. Ганц юм хэлэхэд Гансүх Саад v Бат Инженер хэрэг бол цэвэр албан тушаалын дарамт [power abuse] шууд утгаараа байсан юм. Хэрэв түүний энэ авир хариуцсан салбарынхаа ажилтанд сайдын эрх мэдлээ мэдрүүлэх гэсэн мунхаг оролдлого байгаагүйсэн бол Нийтлэлч Баабарын Гансүх сайдын талаар жиргэсэн ноцтой жиргээнд Бат, Даваапил нарт үзүүлсэнээс ч хамаагүй илүү реакц үзүүлэх байсан нь дамжиггүй юм. Гэвч тийм юм болоогүйгээр барахгүй тэрээр чацга царайлан таг дуугүй болсон билээ. Мөн хэрэв Монголд хүний нийгмийн хуулийн зарчим үйлчилж, монголын шүүх хэргийн учир холбоосыг дээр бичсэн нийтлэг зарчмын хүрээнд эрүүлээр тунгааж чадаж байсан бол нэхэмжлэлийн функт бүр нь бодит баримт, хуулийн зөв зарчмуудаар няцаагдах боломжтой байсан юм. 

Хэрэв Зөрчлийн Хууль энэ хэвээрээ батлагдвал энд бичсэн эрх зүйн хамгаалалтын зарчмууд иргэдийн хувьд хэрэгжих боломжгүй болж, шүүх зөвхөн албан тушаалтанд үйлчилдэг хуучин практик улам өргөн утгаараа хэрэгжих болно. Үндсэн хуулийн шууд сонгох эрх хэвлэлийн эрх чөлөөгүйгээр хоосон лоозон юм. Сонгон дэвшүүлж байгаа хүнээ таних боломж олгодоггүй том тойрог, богино хугацаа ч бас шууд сонгох эрхийг боомилсон ажиллагаа билээ. 

Иргэд нэгнийхээ хувь хүний эрхэм чанарыг үгүйсгэн гутаасан үйлдэл  байж болохгүй хатуу зарчимтайн зэрэгцээ хуулийн энэ хамгаалалтын цаана ард түмний татварыг зарцуулах эрх олгогдсон улс төрчид нуугдах боломжгүй байдаг нийгмийг л ардчилсан, чөлөөт нийгэм гэх бүлгээ. 



Thursday, April 27, 2017

Гочоогийн тав дахь тавилан

2040 оны 2-р сарын сүүлээр Гочоо өвгөн эмгэн Цангисын хамт Нийслэл Хар Хорин хотоос Монгол Улсын бизнесийн төв Улаанбаатар хотод байх хүү Даваатулгындаа зочлохоор гэрээсээ гарав. Хар Хорин- УБ хооронд 2 цаг тутамд нислэгтэй байх тул тэр замдаа саатсангүй. Ирэх 5 жилээс хурдан галт тэрэг тавих төлөвлөгөө яригдаж байгаа ч хуримтлалыг хамаагүй үрэхгүй зөвхөн шинэ технологид зарцуулах бодлогоос болж хойшлогдож байгаа сураг дуулдана. Гочоо, Цангис нар онгоцонд сууж 40 минут хүрэхгүй нисээд буулаа. Нийслэл Хар Хоринд Азийн өвлийн наадам зохиогдон хөл хөдөлгөөн эрс нэмэгдсэн тул Улаанбаатарыг зорьж эрүүл агаарт нам гүм дүүрэгт хэд хоног амрахаар ирээд буй нь энэ юм. Хүү Даваатулга нь Зайсангийн аманд Богд уулын хаяанд байх Технологийн Их Сургуулийн монгол профессоруудын нэг бөлгөө. Монгол Улс уг сургуулийг 2024 оны сонгуулийн дараа зориглон барьсан юм билээ. Өдгөө тус сургуульд 15000 гаруй оюутан сурдаг бөгөөд үүний 30 гаруй хувь нь Америк, Япон, Европоос ирсэн оюутан, судлаачид байх бөгөөд багш профессоруудын тал хувь нь Монгол, нөгөө тал нь улс бүрээс цугласан шилдэг эрдэмтэд байх ажгуу. Хүү нь сургууль дээрээ зарим нэг хугацаатай ажил амжуулах байсан тул аавыгаа нисэх буудал дээр тосуулахаар машинаа  явуулж, долоон буудал дахь гэртээ хүрэх замаараа өөрийг нь дайрч авахыг хүссэн билээ. Гочоо Цангис хоёр нисэх буудлын зогсоол дээрээс хүүгийнхээ машиныг нэлээн хайсны эцэст олоод, иргэний үнэмлэхээ мэдрэгчид нь уншуулснаар хаалгыг нь нээж ачаа бараагаа хийн, арын суудалд нь тухлацгаав. Машины цонхон дээр тодрох газрын зурагнаас хүүгийнхээ байх хаягийг дарсанаар машин өөрөө хөдлөн шууд 6 урсгалтай хурдны замаар давхисаар Богд уулын арын зам руу орж Зайсангийн аманд ирэв. Энэ уулын аманд Гочоо 20 гаруй жилийн өмнө Богд уулын дугуй цагаан хэмээх чөлөөнд хүрэхээр ирж байсан бөгөөд тэр үед хэдэн муухай гэр, архины шил, ашигласан бэлгэвч овоорсон хогийн цэг шахуу том хашаа байсныг бүүр түүрхэн санав. Өнөөдөр байдал огт өөр болжээ. Эртний Ром, Готын барилгуудын  хэв загварыг шингээсэн орчин үеийн маш том кампус сүндэрлэж, үй олон оюутан залуус хуучны Европ загварын чулуун гудмуудаар нь дээш доош хичээлдээ гүйлдэж, их сургуулийн цэнгэлдэх хүрээлэнд оюутнууд, тамирчид бөмбөгтэй хоккейн бэлтгэлээ хийж байхыг анзаарав. Машин явсаар яг хүүгийнх нь байрлаж буй Компьютор-Электроникийн сургуулийн барилгын гадаа ирж зогсоолд зогсов. Хүү нь ч бууж ирлээ. Даваатулга арын хаалгыг нээж ээж, аавдаа үнсүүлээд машиныхаа жолоон дээр сууж гэрийн зүг хөдлөв. Зайсангийн амнаас Долоон буудал хүртэл 15 минут л явлаа. Хурдны замууд, машин бүрд холбогдсон замын хөдөлгөөний зохицуулалтын смарт системийн дүнд түгжрэл бараг байхгүй болжээ. Гочоо энэхэн зуур тэр жил Энхтайвны жижигхэн гүүрийг давах гэж 2 цаг утаанд түгжирснээ санав. Улаанбаатарт 1 сая орчим хүн амьдрах бөгөөд өмнө байсан хүмүүсийн бараг тал нь Шинэ нийслэл, Дархан Эрдэнэтийн аж үйлдвэрийн төвүүдийг бараадан нүүцгээсэн байна. Нөгөө талын тал нь Улаанбаатрын дагуул хотуудаар таран байрлажээ.  

Хуучин хүүхдийн парк байсан газарт Улаанбаатрын CBD (central business district) сүндэрлэнэ. Тээр жил Наранхүү хэмээх бизнесмэн эр ярьж хэлж байснаа гүйцээж 60 давхар цамхаг барьсан нь содон харагдна. Энэ нэг км кв хүрэхгүй газарт Английн бизнесийн хууль үйлчилдэг болоод даруй 15 жил болжээ.  Дубайн бизнес хөрөнгө оруулалт татахын тулд тусгай багахан газарт Английн хуулийн систем олон жилийн өмнө тогтоосон аргыг монголчууд хожуу ч гэсэн ойлгож хэрэглэсэн нь энэ ажээ. Энэ дүүрэгт хийгдэж буй бүх бизнесийн гэрээ хэлэлцээрүүд, заргууд Английн шүүхээр шүүлгэж, Common law системийн зарчмуудын хүрээнд шийдэгдэнэ. Энэ шийдлийн дүнд энэ багахан газар азийн санхүүгийн боломжийн төв болж хөгжиж чаджээ.

Хааяа нэг зөрж өнгөрөх ачааны том тэргийг эс тооцвал зам дээр бензин, дизель тэрэг ганц ч харагдсангүй. Хальтиргаа гулгаа, утаа униар гээч юмс ч бас домог болжээ. Даваатулга нарны зай хураагуур дэвсэж хийсэн өөрөө халдаг төв замаар давхисаар гэрийнхээ гадаа ирж гаражийнхаа хаалгыг алсын удирдлагаар онгойлгон оров. Гараажид нь Гочоогийн бэр Сартуулхан орж ирж Гочоо Цангис нарыг тосон буулгаж үнсүүлэв. Даваатулга машинаа цэнэглэхээр залгуурт нь залгаад тэдний араас ачаа тээшийг нь барин орлоо.

Гочоогийн хүүгийнх энэ байшинд хэдэн сарын өмнө нүүн орсон билээ. 2030 оноос хэрэгжиж эхэлсэн Засгийн газрын урт хугацааны хөтөлбөрийн үр дүнд баригдсан шинэ технологийн смарт байр сууцнуудын сүүлчийн ээлжийн барилгад тэднийх өнгөрөгч 7 сард наадмын өмнөхөн нүүж орсон юм байна.  Энэ барилгаууд баригдаж дууссанаар Утаагүй Улаанбаатар хэмээх Монголыг өөрчилсөн нэг үндэсний нүсэр хөтөлбөрийн үндсэн шат өндөрлөсөн юм.



Гочоо  цай уун яриа хөөрөө үүсгээд босон хүүгийнхээ амьдралыг сонирхон сонжиж, шинэ хороололын эргэн тойрныг харахаар цонхоор шагайв. Тэртээ урд Богд уул дүнхийдгээрээ дүнхийж, ойрхон өнгөрөх хурдны замаар үйл олон цахилгаан тэрэг нааш цааш сүлжилдэн давхина.
Гэрийн цонх, хана, дээвэр тэр чигээрээ цахилгааны үүсгүүр ажээ. Өрөөний дулааныг автоматаар тохируулах агаад цахилгаанд хэмнэлттэй халаалтын иж бүрэн систем гэрийг нэгэн жигд дулаацуулан тавлаг орчныг үүсгэх ажээ.
Гочоо хүүтэйгээ бэртэйгээ ач охинтойгоо зочны өрөөний буйдан дээр тухлан сууж үдшийн мэдээ сонирхов.  Мэдээгээр Хар хоринд болж буй Азийн өвлийн наадамаас гадна ОХУ-д өгөх хөнгөлөлтэй зээлийн хэлэлцээр, Хятадын баруун мужуудад байх гангийн үйлдвэрүүдэд хөрөнгө оруулах эсэх тухай асуудал яригдсан хэвээрээ л байх ажээ. Мөн дэлхийн биржүүд дээрхи Монголын хувьцаануудын хэлбэлзэлийг тусдаа үзүүлж сүүлийн 5 жилд гарсан эдийн засгийн тогтвортой өсөлт нь хөрөнгө оруулалтыг хэрхэн нэмж байгааг харуулж байх юм.
Дараа нь хуучны баримтат кино үзэв. Хориод жилийн өмнөх хуучны түүх гарч байна. Улаанбаатарын утаа, түгжрэл, улс төржилт, эдийн засгийн хямралын эргэлтийн цэг яг хэзээ болсныг уянгын халилттай ч учир логиктой хүүрнэн өгүүлэх ажээ.

Кинонд юу өгүүлсэнийг, Монгол хэрхэн өндийсөн түүхийг танд сонирхуулахаар доор сийрүүлэн бичсүгэй.

Кинонд өгүүлснээр Монголын амьдрал тэртээ 2017 оноос, бүүр тодруулбал Мичин жилийн хатуу өвөл, хаврын их хуурталтаас үүдсэн их ухаарлаас өөрчлөгдөн хувирч өнөөгийн дүр төрхөө олжээ.  2017 оны өвөл Монголчуудын хувьд хатуу өвөл болжээ. Эдийн засгийн хямрал, их өр, зээлэндээ унжиж хатуурхсан 2 их хөршийн даажигнал,  хэцүү цагт нүүр буруулан мартсан 3 дахь хөршүүд. Дэлхийн байдал дайн самууны ирмэг дээр.  Малчдын амьдрал хааяа нэг зудтай, хотынхны амьдрал хаа сайгүй утаатай. Улс даяараа л нэг тийм гундуу, унтуу. С.Зоригийн хэрэг гэгдэх олон жил яригдсан хэргийг тэр өвөл ‘илрүүлэн’  тулган шийдсэн шүүх хуулийнхны нүдэнд өртөж шүдэнд нь зуугдаж дараагийн том дуулиант хэргийн хомрогонд хэлмэгдэхээс эмээсэн бизнесийнхэн, өөрөөр сэтгэгчид. Нэг тийм л түгшүүртэй, түвэгтэй улс 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуультай золгосон байдаг. Гэвч бас л аз дутаж ээлжит популист авилгал, тэнэглэлийнхээ невалд 4 жил зогсохоор гараад ирсэн байна.  Үүнтэй зэрэгцээд ардчилал, хөгжил дэвшлийн хамаг найдвараа тавьж, итгэл илгээн харж байсан Ардчилсан Нам нь хэсэг дээрэмчид, луйварчдын гарт орсноор олон хүний итгэл, өөдрөг үзэл унтран сарних нь тэр. Монгол Улсад ардчилал, хөгжлийн төлөө тэмүүлэх шинэ улс төрийн хүчин бий болох том орон зай Ардчилсан Нам ардчилалынхаа зарчмаас ил тод ухарсанаар ингэж үүсчээ. Шинэ Ерөнхийлөгч ч өмнөхийнхөө өрөөсөн дугуй болохыг анзаартал бас дахиад нэг жилийн хугацаа өнгөрсөн байна. 

Тэгэж тэгэж улс орны эдийн засгийн мухардал дээр нам төрийн мунхаглал улам нэмэгдэхийн хэрээр үндэсний сэхээтнүүдийн олон жил аядуу намжмал байсан эгдүүцэл зэвүүцэл сэргэж иржээ. Хүний бие махбодь хүртэл гадны вирусыг эсэргүүцэн халуурч дардаг тэр дархлаа шиг олон нийтийн нүд гэнэт нээгдэн, жигшил зэвүүцэл оргилон ундарсан байна.  Гэвч энэ эгдүүцэл ахиад л хувьсгалд хүрч популистуудын олз болон улсаа самарсангүй. Оюунлаг залуус ухаалаг шийдэл олжээ.  

2018 оны эцсээр олон жил улс төрөөс холуур явсан ном эрдэм, нас жигдэрсэн сэхээтнүүд нэгдэн нийлж 2000 орчим шилдэг гишүүнтэй Ардын Ардчилсан Намыг байгуулжээ. Уг намын гишүүнд ёс суртхууны маш өндөр шалгуур эхнээсээ тавьжээ. ААН-д МАН, АН-ы удирдлагын бурангуй, авилгалч, мунхаг мөн чанараас дайжсан олон гишүүд дэмжигчид ирж нэгдэн нийлж дэмжихээ илэрхийлсээр маш богино хугацаанд үндсэний хэмжээний нөлөөтэй хүрээлэлтэй улс төрийн хүчин болж амжив.

2020 оны сонгуулиар төр эргэсэн юм.  Ардын Ардчилсан Нам 73 суудал авчээ.
Тус бүрдээ 30 олонд танигдсан шилдэг сэхээтнүүдийн багтай ААН-н нэр дэвшигчид 76 тойрогт авилгалчид, популистуудыг бужигнуулан, бажгадуулсаар, үнэнийг нь илчлэн ичээсээр, ухаалаг шийдлүүдээ олонд хүргэсээр илт давуугаар ялав. Ард түмэн МАН АН-с залхсанаа, хууртаж ханасанаа шинэ улс төрийн хүчинд өгсөн саналаараа ил тод ийнхүү зарлав.  МАН 2 суудал авч, АН-д 1 суудал ноогдсон байна. Ардын Ардчилсан Намын ялалтын нууц нь мөрийн хөтөлбөртөө хэзээ ч намчирхахгүй, салбаруудад мэргэжлийн хүмүүст боломж олгоно, merit шалгуурыг хатуу мөрдөнө, алсын хараатай хөгжүүлнэ гэж амласанд байжээ. Мөн салбар салбарын хамт олондоо хүлээн зөвшөөрөгдсөн шилдэгүүд тэдний нүүр царай болж Олон жил намчдад ноолуулж нуруугаа авахуулсан морь шиг болсон олон түмэн 2000 гаруйхан гишүүнтэй шинэхэн намд ийнхүү итгэж төрийн жолоог атгуулах нь тэр.   

ААН үнэхээр л эх оронч сэхээтнүүдийн нэгдэл байлаа. Тэд МАН, АН-ын жишгээр сонгуулийн дараа бялуу булаалдан хуваах тэмцэлд орвол энэ улсын өндийлгөх алтан боломжоо тавьж туухаа сайн мэдэж гүнээ ухамсарлаж байлаа.

ААН ялмагцаа 7 хоногийн дотор УИХ-г хуралдуулж УИХ удирдлагаа сонгож,  ЗГ-аа байгуулав. Тэдэнд бэлэн төлөвлөгөө байжээ. Тэд маш шуурхай байлаа. Анхны эмэгтэй Ерөнхий сайдаар Stanford Engineering-н төгсөгч залуухан бүсгүй томилогдов. Эмэгтэй хүнийг төрийн маш өндөр суудалд суулгасанаасаа ААН хуйвалдаанаас хол нам гэдгээ анхныхаа үйлдлээр ард түмэн, гадаад ертөнцөд тунхаглан харуулж чадсан байна. Мөн Silicon Valley-тай хамтран ажиллахад шинэ ерөнхий сайдын үүрэг нөлөө асар их байхыг бодолцжээ. Кабинет нь ч мини Сингапурын ЗГ шахуу болж Монгол Улсын түүхэн дэх хамгийн өндөр боловсролтой засгийн газар бүрдэв. 

ААН-ын бүлгэмүүд өмнөх 2 жилд боловсруулсан хуулийн 50 багц эрх зүйн шинэчлэлийн төслүүдээ эхний чуулганаараа амжуулан баталж дуусгав. Залуус бүтэн 2 жилийн турш нам дотроо хэлэлцээд бэлдчихсэн байсан тул цаг алдсангүй. Ерөнхийдөө Шинэ-Зеланд, Куинсландийн хууль дүрмүүдийг иж бүрнээр нь хуулан өөриймшүүлэхээр бэлдсэн тул шийдэлд хийдэл бараг алга байлаа. Бэлдсэнээ ёсчлох эрх ард түмэн олгосон тул ёсчлон батлаад ажилдаа орцгоож. Засгийн газарт тэдгээр шинэчлэлтийг хэрэгжүүлэх л ажил үлджээ.
Уг эрх зүйн шинэчлэлтээр хүний эрх, бизнесийн орчныг онцгойлон сайжруулжээ. Мөн төрийн бужигнуулдаг хар практикуудыг нэгмөсөн цэгцэлж Ерөнхийлөгчийн эрх мэдлийг Үндсэн Хуулийн хэмжээнд нь бараг  шахуу буцаан оруулав.
Шүүх хуулийн шинэчлэлийг шинэ хуулийн орчноор дамжуулан хүчээр хийлээ. Шүүгчид, прокурорууд, мөрдөгчдийг барууны их сургуулиудад бодлогоор үе шаттайгаар  номын дуу сонсгож сэтгэхүйг нь хүчээр шинэчлэв.
Хөдөөг намаас салгаж, хууль эрхийн шинэчлэл эхлүүлсэн ААН-ы нэр дэвшигч Энхбат 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялав. Тэр ерөнхийлөгч болмогцоо өөрт нь хуулиар олгосон олон бүрэн эрхээс татгалзаж, ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлах хуулиуд өргөн барисан юм. 

Засаг байгуулагдсанаас хойш сарын дараа л гэхэд яам агентлагуудад професионалууд эргэн дүүрч, эрдэм боловсролтой залуус туршлагатай ахмадуудынхаа хамт салбар бүрийн хөгжлийн төлөвлөгөөн дээр илүү цагаар сууцгааж эхэлжээ. Мэргэжлийн салбарт намчирхахыг хуулиар хориглов. Улс төрийн шахаагаар төрд орсон хүмүүст мэргэжлийн шалгуураар дахин орох боломж олгов. Тэнцээгүйд нь хөдөлмөрийн хуулийн хамгаалалт хамаарахгүй болгож өгсөнөөр төр намчдаас цэвэрлэгдэв. Эдийн засгийн зохицуулалтын албан тушаалтнууд л намын харъяалалаар солигдох боломжийг үлдээв. Төрийн агентлагууд улс төрөөс ангижирмагц үндсэн үүргээ дэлхий жишигт хүргэхээр шамдав. Олон дүрэм стандартыг хуулан өөриймшүүлж эхэллээ. Стандартын өсөлтийг дагаад амьдралын норм чангарч, бүтээн байгуулалтуудын гүйцэтгэл сайжрав..

Хөгжлийн төлөвлөгөөн дээр бүгд намчирхалгүй ажиллалаа. Өмнө нь намчирхан хавчиж байсан олон хүнийг ичтэл нь талдаа татаж төрд зүтгүүлэв. Хоёр л шалгуур тэр шинэчлэлд Засгаас тавьж. Efficiency and Practicality. Том зорилттой уялдаагүй үл бүтэх тэнэсэн зорилтууд тавьж төлөвлөөгүй бүтээн байгуулалтанд мөнгө үрэхийг хориглов.

Боловсролын шалгуурыг тэргүүн зэрэгт тавиад эхэлмэгц бүх нийтээрээ чанартай боловсролд тэмүүлэв. Яг өнгөрсөн зууны 70-80-д оны үе шиг. Гэвч боловсролтой иргэн дутмаг болох нь эхний томилгоонуудаас л харагдаж эхлэв. Яг хэрэгтэй мэргэжлээр бэлтгэгдсэн хүн тэр бүр байсангүй. Энэ асуудлын шийдлийг уул уурхайн гэрээнүүдтэй уяж өглөө. Монголоос уурхай эзэмшиж, олборлож байгаа улсын засгийн газрууд 100-с доошгүй бакалавр, 30-с цөөнгүй мастерийн тэтгэлэг гаргах тохиролцоонд ЗГ хүрэв. Монголд уул уурхайн компанитай улс орнууд компаниудынхаа олж буй ашгаас татвар авдаг тул зөв харж инээн буруу харж уйлсаар Монголын Засгийн газрын саналыг зөвшөөрлөө. 2022 онд ганцхан жилийн дотор 2000 хүүхэд барууны их сургуулиудад мэргэжил эзэмшихээр явсан нь социализмын оргил үеэс давсан үзүүлэлт байлаа. Үүний зэрэгцээ дэлхийн жишигт хүрсэн үндэсний их сургууль байгуулж, олон түүхий сургалтын төвүүдийг хумих шийдвэр гаргав. Академик стандартыг дэлхийн жишигт хүргэж чангаруулахыг боловсролын сайдад даалгажээ. Орчин муу байх цаг зуурынх, академик соёл сайн байх ёстой гэсэн шаардлага гаргаж дэвшүүлэв. Хувийн их сургуулиудад хугацаатай үүрэг өгч хөдөөний сум суурин руу нүүх болзол тулгалаа. Түрүүлж шийдсэн нь байгаль сайтай суманд сайхан кампусын газар авах боломж байсан тул олон сургууль алгуурласангүй. Эрсдэлээ үүрээд нүүж эхэллээ. Улаанбаатрын их сургуулийн тоог 3-р хязгаарлав. Улаанбаатрын утаа энэ үеээс бага зэрэг шингэрч иржээ.

2020 оны сонгуулийн дараа шинэ засгийн газарт ч үрээд байх мөнгө бага үлдсэн байлаа. Улсын нөөцийг өмнөх идээчид шавхаж, уул уурхайн зах зээл ороо бусгаа хэвээр өвлөгдөн иржээ.   Мөнгө орлогын суваг яаралтай нээх, олон асуудлын шийдлийг мөнгөний зарлагагүйгээр олох хэрэгтэй болов.

Засгийн газраас энергетик, тээврийн дэд бүцтийн хувьсгал хийх, технологид суурилсан хөгжлийн гарцыг 2020 оны 7-р сарын эцсээр тунхаглав. Өвөл эхлэхээс өмнө нааштай эргэлт заавал хийх ёстой байсан тул тэд яарч байлаа.
Эрчим хүчний тусгаар байдал (Energy independence) бодлогыг тойрч эдийн засгийн бүх шинэчлэл явагдах ёстой болов.

Хятадад цахилгаан эрчим хүч нийлүүлэх, Оросоос нефть болон эрчим хүчний хараат бус болох, гадаадын хөрөнгө оруулалтыг татах 3 том зорилтыг нэг амьсгаагаар давах шийдэл олжээ.  ЗГ Япон, Франц, АНУ-н компаниудтай бүтэн сар хэлэлцээр хийсний хүчинд Монголд маш ашигтай, түншүүддээ ч ашигтай гэрээ зурж чадсан байна.  Монгол говьд урд хилийн дагуу олон зуун километр үргэлжилсэн  нар, салхины фармууд байгуулан эрчим хүчээр Монголыг хямд хангаад илүүдлээ Хятад, Солонгос, Япон руу экспортлох гэрээг Япон, Франц, АНУ-н компаниудад 60 жилийн баталгаат хугацаатайгаар өгчээ. Энэ нь нөгөө талаас Монголын өмнөд хилийн дагуу дэд бүтцийн хана босгож хилийн дээсийг газар дээр тамгалах геополитикийн өндөр ач холбогдолтой гэрээ байлаа.  Салхины эрчим хүчний үүсгүүрт цөлжилт үүсгэдэггүй технологи нэвтрүүлэх болзол тавьж технологио ч шийдүүлжээ. Гэрээ зурсан агшнаас л Монголтой гэрээлсэн сэргээгдэх эрчим хүчний компаниудын хувьцаа цойлж хөрөнгө оруулалтын мөнгө асгаран орж ирж эхлэв.
Сэргээгдэх эрчим хүчээр цахилгаан хангамжийн асуудал шийдэж дуусмагц нефтийн хараат байдлаас гарах гарц өөрөө онгойлоо. Монгол Улс 2050 он гэхэд 90% цахилгаан машинд шилжих зорилт тавив. Зөвхөн цэргийн болон уул уурхайн тээвэрлэлтэд нефть ашиглах тээврийн хэрэгслэл үлдэнэ гэж тооцоолов. Цахилгаан машиныг Монголд угсрах замаар үнийг нь буулгахгүйгээр энэ бүтэхгүй зорилт байлаа. Эрчим хүчний гэрээнд оролцож нарны зай хураагуур нийлүүлэх том төсөл авч чадсан Тесла компанид энэ зорилтыг даалгав.  Япончууд хамтрагчаар оржээ. Тесла Монголд Модель 3 загварынхаа угсрах шугамаа 2 жилд багтаан барих барих эрх авлаа. Теслагийн хувьд Монгол жижиг зах зээл боловч Монголыг бусад зах зээлд нэвтрэх зорилгоор харуулах show room болгох боломжинд нь ихэд олзуурхаж байлаа. Монголчуудын хувьд хожооноос өөр үр дүн тэр гэрээнээс гарсангүй.

Цахилгаан машинд зам хамгийн чухал болохыг ЗГ бүхнээс илүү ойлгож байлаа. Өмнөх жилүүдэд барьсан замууд дэлхийн стандартаас хол дутуу байгаа нь сэтгэл зовоож байжээ. Засгийн газар бүх шинэ замыг дэлхийн стандартаар барих, чадахгүй бол барихгүй байх шийдвэр гаргав. 1000 км муу зам барьсанаас 100 км жинхэнэ зам барих нь дээр болохыг Монголчууд хожуу ч гэсэн ойлгож  ухаарлаа. Юун түрүүнд Улаанбаатраас гарсан замуудыг хурдны зам болгох шаардлага гарав. Хурдны зам дагуу шинэ суурьшилын бүсүүдийг бий болгож төвлөрөлийг сааруулах төлөвлөгөө гаргажээ. ЗГ 2 жилийн дотор хамгаа шавхаж УБ-с 4 зүг гарсан тус бүр 100 км замыг дэлхийн хэмжээнд хүргэж шинэчлэв. Дагуул smart city-нүүд үүсч эхэллээ.

Нефть импортлогч компаниудад нефтийн лобби хийхийг хориглов. Тэд арга буюу нефть хэрэглэгч сүүлчийн бизнес болох агаарын тээвэрт хөрөнгө оруулж эхлэв. Монгол Улс 2030 он гэхэд дэлхийд өрсөлдөх агаарын тээвэртэй болох зорилт тавьж энэ бизнесийг дагаж аялал жуулчлалаа үндсэн бизнес болгон хөгжүүлэх стратегийн шийдэлд хүрэв.

2023 онд Хятадын эдийн засгийн хэрэглээн дээр, Хойд солонгос дарангуйлалын дэглэмээсээ салснаас хойш зүүн азийн эрчим хүчний хэрэгцээ маш огцом өсөв. 2017 онд Кимийн дэглэмийг Трамп сайн эр ниргэж орхисоны дараа Орос, Хятад, Америк, Өмнөд солонгосын цэрэг Хойд Солонгост орж тус улсын 3 хуваан хяналтаа тогтоогоод байсан юм. Талууд 2023 оны эхээр 2 Солонгосыг бүрэн нэгтгэх эцсийн шийдэлд хүрч зүүн хойд азийн эрчим хүчний хэрэглээ огцом нэмэгдэв. Цөмийн аливаа технологийг Солонгост хориглосон нь Монголчуудад сайхан завшаан болов. Ачаалалаа даахаа больсон компаниуд ч нарны фармаа өргөтгөх хүсэлт ЗГ-т тавив. Засгийн Газар өмнөөс нь нарны эрчим хүч хуримтлуулах зам орон даяар барих бизнес санал болгов. Тэд технологио шийдээд орж ирцгээлээ.

Төр авилга шаналгасан намчдаас салж, эрх зүйн орчин сайжраад ирмэгц эдийн засаг хар аяндаа л өндийгөөд ирэв. Risk taker-үүд зоригжиж ажлын байр олноороо нэмэгдлээ. Төрөөс гарч хувийн бизнес эхлэхийг зориглогчид бүүр ч олшров. Үүнд 2021 онд баталсан татвар, хөрөнгө оруулалт, үнэт цаасны чиглэлийн хуулиуд их түлхэц болжээ.  Хөрөнгийн бирж 30 гаран жилийн дараа  жинхэнээсээ амь оров.

ААН 2024 оны сонгуульд дахин ялж дараа жил нь л замуудын асуудал бүрэн шийдэгдлээ.  Зам шийдэгдэж, цахилгаан тэрэгний үйлдвэрлэл жигдэрснээр Монгол Улс анх удаа нефтийн хараат бус болов. Жил бүр Орост тушаадаг байсан 2 тэрбум доллар эдийн засагт үлдсэн нь эрс мэдрэгдэж байлаа.  Хархорин руу нийслэлээ нүүлгэх асуудал ард түмний санал асуулгаар дэмжигдэв. Газар зохион байгуулалтын хамгийн шилдэг туршлагаар, smart нийслэл хот байгуулах шийдвэр гарлаа.

УБ-н хөгжил хөдөөнөөс ирэх нүүдлийг улам өдөөх нь тодорхой байсан тул хөдөө рүү хандсан хөгжлийн гарцуудыг нээж эхлэв. Орон нутгийн сонгуульд улс төрийн нам өрсөлдөхийг болиулсан хууль 2020 онд гаргасанаас хойш хөдөө орон нутагт утга учиргүй улс төрийн талцал зогссон билээ. Юун түрүүнд сум суурин бүрийн даргыг зөвхөн гадаад хэлтэй боловсролтой хүн байх шаардлага Ерөнхий сайд гаргажээ. Мөн садан төрлийн 2-с олон хүн иргэдийн хуралд орохыг хориглосон байна. Иргэдийн хурлыг town hall зарчимд шилжүүлсэнээр хурлын төлөөлөгч цөөн хүн шийдвэр гаргах, хуйвалдах зам хаагдаж. Сумдын гадаад харилцааг хөгжүүлж гадаадын нэг нэг хот сууринтай хамтын ажиллагааны гэрээ байгуулуулсан ажээ. Энэ хамтын ажиллагааны хүрээнд сумын төвүүдийн smart town болгох хөрөнгө оруулалтыг  татах өргөн ажил зохиогдсон байна. Монголын хөдөөд гадаадын гийчид тавтай аялах боломж бүрдүүлэх, тэндээс мөнгө хийх боломжийг гадны хотууд алдсангүй. Эхлээд нэг дараа нь нэг, дараа нь нэлээд хэдэн сум маш орчин үеийн технологитой авсаархан шийдлээр бүрэн шинэчлэгдэж чаджээ. Ихэнх сум хажуухан талдаа smart town барьж шинэчилсэн бол цөөхөн сум суурин дээрээ хувирч чаджээ.  2026 он гэхэд хотоос хөдөө рүү нүүдэл бага боловч эхэллээ.

2028 он гэхэд  Монголчуудын улс төржилт зогслоо. МАН, АН 2 ч эрс шинэчлэгджээ. Төрөөс завсарласан 8 жил тэд илүүдэл өөхөө шахаж эрүүлжин, авилгалчдаасаа салж, боловсорцгоон  үзэл баримтлал, үйл хөдлөл нь Ардын Ардчилсан Намаас жишээ авч хөгжиж чаджээ. Олон түмэн ч тэдний гэмшил ухаарлыг үнэлж эхлэв. 2028 оны сонгуульд 3 нам 30:30:26 санал авчээ. ААН-ы олон зүтгэлтэн төрөөс завсарлаж хувийн бизнесийг сонгосон нь сонгуулийн дүнд нөлөөлөв. Үндсэн Хуульд өөрчлөлт оруулах тохироо бүрджээ. ААН-д Үндсэн Хууль өөрчлөх боломж байсан ч өөрчлөлгүй бусад улс төрийн хүчин парламентад орж ирэхийг хүлээж байсан билээ. Намууд тохироонд хүрч Үндсэн Хууль өөрчлөгдөн Парламентийн бүгд найрамдах улс болов.  Ерөнхийлөгч жинхнээсээ билэг тэмдэг болж үлдлээ. Энэ удаад МАНАН хамтарч засаглав. Тэд алдаагаа давтсангүй. ААН-ы эхлүүлсэн эдийн засгийн шинэчлэлийг тууштай үргэлжлүүллээ. Намчирхал ч цухуйлгасангүй. Монгол Улс зөв замдаа эргэлт буцалтгүй оржээ.

2025-2028 оны хооронд дор хаяж 5000 төгсөгч барууны их сургуулиудаас төгсөж иржээ. Монгол улс нарийн технологийн салбаруудаа хөгжүүлэх бэлтгэл хангагдлаа. Өмнөх жилүүдэд гадаад улс руу цагаачлан гарсан олон Монгол айл буцан ирэв. Монголын сонгогчдын  баазын улс төрийн боловсрол үнэлэмж тэр хэрээд эрс дээшилжээ. Монголд шинэ амьдралын хэв маяг, онгон байгалийн нүүдэлчин ахуйтай хослон орших болов. 

Гочоогийн хүү Даваатулга бол 2028 оны төгсөгчдийн нэг нь бүлгээ. Гочоо хүү дээрээ Улаанбаатар-СанФранциско чиглэлийн анхны нислэгээр төгсөлтийн баярт нь очиж байсан нь саяхан санагдах ажээ.

Ардын Ардчилсан Нам засагласан жилүүдэд дотоодын нийт бүтээгдхүүн 12 дахин өсч, Үндэсний хөгжлийн санд 80 орчим тэрбум доллар хуримтлагджээ. Мод тайрч огтлохыг 2025 оноос хориглосон тул Оросоос мод модон бүтээгдхүүн импортлох болжээ. 2028 он гэхэд ОХУ Монголыг бага улс гэж харахаа больж Монголтой хамтран Эг, Сэлэнгэ мөрнүүд дээр усан цахилгаан станц барьж эрчим хүч экспортлох бизнест оролцох хүсэлтээ илэрхийлж эхэлсэн байна. Тэд Монголын цөлжилтэй тэмцэж чадвал Байгал далай аврагдахыг хожуу ч гэсэн ухаарчээ. Монголын цөлжилтийг хиймэл нуур усан сангууд л зогсоохыг бас судалж мэдсэн байна.

Гочоо үзэж байсан кинондоо уусчээ. Зүүд зэрэглээ шиг энэ их өөрчлөлт яаж бүтсэнийг киноноос тэрээр ойлгов. Монголчууд талцан намчирхахаа больсноор толгойд нь толгойдоо шийдэлтэй нь гарах боломж бүрдэж, өмнөө байгаа асуудлын шийдлүүдийг олдог болж эхэлсэнд л энэ өөрчлөлтийн нууц байгааг тэр сая л олж харжээ. Аль эртний л аль 90-д оноос л ингэхгүй гэж Гочоо шүүрс алдав. Ид насаа улс төржин тэнэгтэж өнгөрөөсөн төлгөн ардчилалын төлөөлөл байсандаа Гочоо сэмхэн харууслаа.   Монголоо өөрчлөн өндийлгөх олдсон цорын ганц шансыг алдаагүй залуустаа бас баярлав.
“Гарч Хайлаастад уулын энгэрт нээгдсэн шинэ зочид буудлын дээд давхрын ресторанд орцгооё. Та 2 ч хотоо бүтнээр нь дахиад нэг хараад ав” гэх Даваатулгын дуунаар Гочоо бодол дурсамжаасаа сая салж ухасхийн босвой.





    

Монголчууд эвтэй байхдаа хүчтэй vs. Ерөнхийлөгчийн хүмүүс

1911 оны 12-р сарын 29-ний өдөр Монголчууд ердөө гурав хоногийн дараа Бээжинд онхолдох өдрөө хүлээж байсан Манжаас тусгаарлан өөрийн төр улс...