Юмжаагийн
Цэдэнбал Хорлоогийн Чойбалсангаас тусгаар тогтносон Монгол улсыг хүлээж авсан юм. Хувьсгал, хэлмэгдүүлэлт, дайн, анхдугаар 5 жилийн төлөвлөгөөнд дээр
дооргүй хамгаа гөвөн, хүнээ зовоож байж арай гэж тусгаар улс байх эрхээ
Сталинаас асар их төлөөсөөр худалдан шахуу авсан нүцгэн шахуу хөдөөний Монгол
түүнд ирсэн байдаг. Дайны дараа Зөвлөлтийн
дагуул болж социалист лагерьт (лагерь гэдэг үг нь жинхэнэ утгаараа шүү) нэгдсэн
улсууд дундаа хамгийн хоцрогдсон ядуу нь азийн
Монгол байв. Түүний мэдэлд Монгол
улс 1952 оноос 1984 он хүртэл 32 жил оршин байсан юм. Оршин байх гэж арай даруу
хэллэг байх. Хөгжин цэцэглэсэн гэвэл илүү зохино гэж бодож байна.
Цэдэнбал яаж удирдаад Монголыг ийм болгочихов оо?
Олон олон шалтгаан байгаа ч товчхондоо тэр зүгээр л шилдэгүүдийг гарган
ирж, шившигүүдийг хол байлгаж чадсанд л байдаг юм билээ. Мэдээж үйлдэл бүхнээ
зөв хийсэн гэж хэлэхгүй. Алдаа нугалаа ч хийсэн. Хаашдаа цаг үе нь тийм байсан юм.
Эхний
7 жилийг тэр мал аж ахуйг нэгдэлжүүлэх замаар тариаланч, ажилчин, сэхээтэн
ангийн хүний нөөцийг малын ажлаас суллан авахад зарцуулсан байдаг. Ингэж суларсан малчдын армийг хэрхэн техник
технологитой харьцаж сурган, хэрхэн үйлдвэржилт, бүтээн байгуулалтын дөртэй
болгосон бэ? Эхэн үедээ үнэхээр гадны мэргэжилтнүүдийн хүчийг ашиглахаас өөр
сонголт байсангүй. Орос сургагчдын анхны ээлжийг дагалдан техникийн дөртэй
болсон малчин бол атрын анхдагч аав минь билээ. Үүний зэрэгцээ анхны онцчуудыг
Зөвлөлт Орос улс руу сургахаар илгээж байсны тоонд Ленинградын Улсын Их Сургуульд
статистикийн мэргэжлээр илгээгдсэн ээж маань ч байлаа.
Орос
сургагч, хятад ажилчид олноор Монголын бүтээн байгуулалтанд 60-д оны дунд үе хүртэл
оролцож байлаа. Нам засгийн шат шатны дарга нар зөвлөлтийн мэргэжилтнийхээ
үгээр явдаг байсан тул хот балгадын төлөвлөлт, бүтээн байгуулалтын шийдвэрүүд
ихээхэн алсын хараатай, зохион байгуулалттай байв. Үүний жишээг 1960-д онд хүйтэн дайн оргилдоо хүрч, Монгол
улс НҮБ-д элссэнээс шалтгаалан Хятадын харилцаа муудаж иртэл бүтээгдсэн 40, 50
мянгат, их дэлгүүр, Энхтайвны гүүр, Засгийн газрын ордон тойрсон бүтээн байгуулалтаас
харж болно.
Ерөнхийдөө Цэдэнбалын үе буюу 1959-1984 оны хооронд 25-хан жилийн дотор бүтээгдсэн, боссон, хэвшсэн, дадсан тэр бүхнийг бид социализмын үе хэмээцгээдэг. Энэ үе бол Монголд эрдэм мэдлэгтэй нь оройлж байсан зурвас үе билээ. Зүгээр нэг эрдэм мэдлэгтэн оройлж байсангүй. Гадаадад сурсан мэргэжилтнүүд нь оройлж энэ улсыг өндийлгөсөн юм. Зөвлөлтөд суралцсан олон мянган монгол хөдөөний Монголыг өөрчилсөн. Тэд хөгжил гэж юу байх ёстойг нүдээр харж биеээр заалгаад ирдэг байсан тул яг заалгасан номынхоо дагуу Монголыг босгож ирсэн. Гадаадад суралцагчдыг дэмжсэн шалтгаан нь их энгийн. Хөгжихийн тулд гаднаас л суралцах ёстой байлаа. Гадны мэдлэгийг тээж ирсэн хүн л үүнийг өгч чадах байв. Дэлхий даяараараа л ингэдэг. Аль ч улс гадны мэдлэгийг өөриймшүүлж л хөгждөг. Өнөөгийн хөрш Хятад яг ингэж л хөгжиж байна. Мэдээж дотоодод төгссөн самородокууд олон байсан. Тэд дотоодод сурсан ч орос хэл дээр лекцээ сонсдог, орос багш нараас мэдлэгээ авдаг байсан нь олон. Нам засаг нь ч тэднийг төгссөн даруйд нь байршуулж сурсан мэдсэнийг нь бүтээн байгуулалтанд шавхаж авсан. Хэрэв тэр үед мэдлэгийг нулимаад хаяж байсан бол их хувьчлалаар олигтой үнэ хүрэх , хувьчлагдсаны дараа үндэсний хөрөнгөтнүүдийг төрүүлэх нэг ч бүтээсэн баялаггүй сууцгааж байх байлаа.
Цэдэнбалын
үед л Монголын ерөнхий боловсрол үсрэнгүй хөгжсөн байдаг. Яаж ингэж үсэргэв? Эрхүүгийн
РабФак л төгссөн тэр удирдагч монголчуудаас хамгийн өндөр боловсролтойг нь
оройд нь гаргаж тавиад эхэлсэн. Мэдээж зарим нэгийг нь буцааж буулгасан,
хэлмэгдүүлсэн, зарим нутгаас түлхүү дэмжиж дэвшүүлсэн. Гэвч ерөнхий ханаараа
боловсролтой хүнийг л дээш нь татаад байсан байдаг. Сайн сурч, сайн боловсрол
эзэмшвэл гадаад дотоодын сургуульд суралцан цаашид сайн сайхан явж болохыг ард
түмэнд бодит үлгэрлэл жишээгээр харуулаад эхэлмэгц хүн бүр, хүүхэд бүр
боловсролд шамдах болсон. Энэ боловсролд
тэмүүлэх тэмүүлэлээ дагаад Монгол боссон. Босоод зогсохгүй, бодолтой, байр сууртай, алсын замналтай дэлхийн улс болсон.
Газар
дундын тэнгисийн зүүн эрэгт Израиль хэмээх 8 сая иргэнтэй ч бяцхан газар
нутагтай асар хүчирхэг улс бий. Түүнийг тойроод 700 сая хүнтэй лалын ертөнц
Израилыг газрын хөрснөөс арчихаар заналхийлэн байдаг. Израильчууд анх Палестинд хөл тавсан 50-д
оноосоо л ном эрдэмийг шүтэн төр улс, эдийн засгийн бүх шийдвэрээ ном эрдэмийн
хамгийн сүүлийн үеийн ололтонд тулгуурлан асар бодлоготойгоор хөтлөн явуулсан
юм. Зөвхөн эрдэм чадалтай иргэдээ төр нийгмийн удирдлагад хамгийн өндөр
шалгуураар шилж байршуулна.
Шалтгаан
нь их энгийн. Израиль шинэ бөгөөд жижиг улс. Цорын ганц ялагдал л тус улсыг
газрын хөрснөөс үүрд арчих үр дагавартай.
Иймээс ялагдал гэдэг үг тэдний хувьд байж болох хувилбар (option) биш.
Аливаа тулгарсан тулаан тэмцээнд байнга ялах ганц л арга бий. Тэр бол мэргэших,
бэлтгэх. Ингэж, ийм л энгийн бөгөөд бодит шалтгаанаар чухамхүү профессионализм
нь Израиль улсын үндэсний гол үзэл баримтлал, айдентити болтлоо хөгжсөн юм.
Мэдээж үүн дээр жүүд үндэсний эртний сургаалиуд, эрдэм ном ур чадварыг
дээдэлдэг зан чанарууд, 20-р зууны эхнээс хэвлэгдэн тархаж байсан Сионы өвгөдийн
протоколууд гэх мэт бүтээлүүд энэ үндэсний хэв шинжийг бүрдүүлэх зүг чиг,
философийг нь тодорхойлоход ихээхэн үүрэг гүйцэтгэсэн.
Хөрш
Арабын ертөнц бол шашин, нам, популизм, шовинизмын далайд умбан, өөрсдийн олон
бүтэлгүйтэлд Израилийг зүхэн байнгын заналхийлэл сүржигнэлийг бадраан байх
авай. 1967 оны 6 өдрийн дайн болтол хэн
ч Израилын професионализмын жинхэнэ хүчийг мэдэж байсангүй. Израилчууд 6-хан
өдрийн дотор Египетийн агаарын цэрийн хүчнийг армийнх нь хамт бут ниргээд,
Иордоныг буулган авч, Сирийг Голланы өндөрлөгт намалдаглаад хаяж билээ. Хажууд
нь байгаагүй ч хальсанд буусан өчнөөн баримтаас харахад ингэж хэлж болохоор
байгаа юм. Тэд яаж ийм байж чадав аа.
Нууц
нь ердөө л Израилын төрийн болон цэргийн профессионализм, израилчуудын
боловсрол, ур чадвар, тооцоо. Арабууд сүрт жагсаалаар хөршөө сүрдүүлж байх зуур
тэд алхам бүрээ тооцоолон өөрсдийгөө л бэлдэж байсан байна.
Иргэн
Доржзодов 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеээр 60 тэрбумын бичлэгийг ил
болгосоноор нийгэмд 60тэрбум гэдэг хэллэг бий болсон билээ. 60тэрбум гэж чухам юу
вэ? Ямар учиртай тоов?
Энэ
бол Монгол Ардын Намын удирдлага Нийслэлийн төр захиргааны албан тушаалуудаас
намынхандаа зарах төлөвлөгөөнд байсан үнийн дүн 60тэрбум орчим байснаас үүссэн
нэршил юм. Хаа сайгүй салбар бүрд шургалсан тэр энэ даргын хүн нэртэй
тавиулуудыг оруулан тооцоо гаргавал төр зарах наймаа 60тэрбум байтугай үнийн
дүнтэй байх нь ойлгомжтой. Гэвч олон түмэн төрийг зарах намчдын энэ наймааг
ерөнхийд нь 60тэрбум хэмээн нэрийдэх болсон билээ.
1981
онд гарсан “Не бойся я с тобой” гээд Зөвлөлт Оросын анхны боевик кинонуудын нэг
байдаг (яг хамгийн анхных нь1979 онд гарсан “20-р зууны далай дээрэмчид” шиг санагдаж
байна). Түүн дээр гол дүрийн баагийгийн (Лев Дуров) алтан шүдийг шал өөр 2 баагий
хоорондоо өгч авалцах тухай асуудал үүсэн бөөн зодоон болдог. Мэдээж алтан
шүдний жинхэнэ эзэн (Дуров) шүдийг нь авах гэсэн ацнуудыг Самбо буюу
“самозащита без оружия” гэх тулааны урлагийн техникийг ашиглан болгож
тавьсанаар нөгөө хоёрын өгөө аваа бүтэлгүйтдэг. Дашрамд дурьдахад самбо бол
манай Еөгийгийн дэлхийн аварга болсон спортын төрөл билээ. За сэдвээсээ
хазайлгүй буцаж оръё.
60
тэрбум бол ерөнхийдөө яг киноны энэ эпизодын адилаар бусдын юмыг хөндлөнгийн
этгээдүүд хоорондоо өгч авалцах процесс бөгөөд харамсалтай нь, энэ киноноос
зөрөөтэй нь тэр төрийн суудал намынхандаа өгч авалцах наймаа бодитоор хэрэгжиж,
ард түмэн алтан шүдээ амнаасаа алдаад байгаа хэрэг явдал билээ.
60
тэрбум бол зөвхөн хэдэн шуналтай тэнэгийн төлөвлөгөө биш, сүүлийн 18 жилийн
туршид нам дамжин хэрэгжсэн Монголын төр зарах тогтолцооны мөсөн уулын зөвхөн
оройных нь нэр нэршил юм. Шинжлэх ухаанд ч ориг мөсөн уулыг зөвхөн оройгоор нь
таньж нэрлэдэг жамаас энд ч бас хазайсангүй. Доржзодов бол Монголын хөлөг онгоцыг сүйрүүлэх мөсөн уулыг анх харж мэдээлсэн шүгэл үлээгч.
60тэрбумын үр дүн нь юу болдог вэ гэдгийг сонирхоё.
Энийг
тайлбарлахаасаа өмнө нэгэн гадаад жиргээчийн саяханы жиргээг та нарт уншуулъя.
Belinda
Bozzoli (@belbozz) гэх эмэгтэй энэ оны 3-р сарын 18нд “Destroying a nation does not require the use
of bombs or missiles. It only requires lowering the quality of education and
allowing cheating.Then patients die at the hands of doctors. Buildings collapse
at the hands of engineers. Money is lost at the hands of accountants....” буюу
“ Улс үндэстнийг сөнөөхөд бөмбөг пуужин шаардлагагүй. Зөвхөн боловсролын
түвшинг бууруулж, хууран мэхлэлтийг зөвшөөр. Тэгсэн цагт өвчтөнүүд эмч нарынхаа
гарт чад хийж, барилга байшингууд инженерүүдийн гараар нуран унацгааж, мөнгө
зоос нягтлангуудын гараар урсан алга болцгооно...” хэмээн жиргэжээ.
60
тэрбум бол боловсрол, мэргэжилгүй нэгнийг боловсрол мэргэжил шаардах чухал
суудалд тавьдаг механизмыг ажиллуулдаг хоролгон зарчимтай. Ухаандаа боловсролыг үнэлэмжгүй болгож улмаар доройтуулна гэсэн үг. Энэ утгаараа 60 тэрбум бол Монголыг мөхөөх маш алсын бодлоготой ажиллагаа юм. Харь гүрний явуулга уу, харалган ноёдын маань
мунхаглал уу ёстой чөтгөр бүү мэд. Ер нь бол аль аль нь байх магадлал тун
өндөр.
Монгол
төрийг анхлан зарж зах зээлийн системд шилжүүлсэн хүн бол 2000-2004 оны Ерөнхий
сайд Намбарын Энхбаяр юм. Үүнээс өмнө төрийн ямар ч албан тушаал, сандал
суудал, орон зай мөнгөөр илэрхийлэгдэн бусдад очиж байсангүй. Төрийн
худалдаанаас нэр бүхий хэд хэдэн эрхэм
дэд сайдын суудлыг үнэлэн авсан тухай тухайн үедээ шуугиад өнгөрч бсан. Тэр
цагаас хойш намчдын үер Монголыг царцааны нүүдэл шиг 4 жил тутамд дайрсан юм.
Зарим 4 жилүүдэд салбарын сайдын суудал сэлгээнээс хамаараад 2-3 удаа дайрч
байлаа. Сүүлийн үед бол утгаа бүүр алдсан байна.
За
яахав намууд ард түмнээс яаж ийж будаа шанага тарааж байгаад дураараа тонгочих
эрх мэдлээ авчихдаг юм байж. Үр дүн нь яаж илэрдэг вэ?
За
чи 4-5 жил гадаадад боловсроод нарийн мэргэжил эзэмшээд чамгүй олон жил ажилдаа зүтгээд, гадны
ололтуудыг салбартаа өөриймшүүлээд улсаа хөгжүүлэлцээд байж байсан байлаа гэж
бодъё. Нэг нам ялангуут өрөөнд чинь яг чамтай адилхан цалинтай местэн дээр хэн
даргын, эсвэл гишүүний, эсвэл сайдын хүн гээд нэг нөхөр ороод ирнэ. Анхандаа чи
ажлын ачаалал чинь хөнгөрөх нь гэж баярлах боловч 3 үг солисоны дараа тэр бол
танай албанд тавьсан гувшаа хурга, хий эргэгч паразит, зөв ажиллаж байгаа
системд илгээсэн хов зөөгч спам болохыг
түвэггүй мэдэж орхино. Нэг нь зүтгээд
нөгөө нь хий эргээд яг адилхан цалин аваад эхэлмэгц зүтгэн ажиллаж байсан чиний
урам шалаар нэг болж адилхан хий эргэх арга саам хайж эхэлнэ. Зөвхөн чи ч биш
чамтай цуг шудрагаар ажиллаж байсан бусад мэргэжилтнүүдийн урам хугарч чиний
адил бухимдана. Үр дүнд нь танай хэлтэс, тасаг, нэгжээс гарах хөдөлмөрийн
бүтээмж буурч удирдлагын өгсөн үүргийн биелэлт уруудах болно. Энэ үзэгдэл
байгууллага, салбар даяар, орон даяар хавтгайрах үед үндэсний бүтээмж үлэмж
хэмжээгээр буурна. Харин цалин тэтгэмж, хангамж, болон бусад урсгал зардал хий
эргэгчдийн тоогоор үржин өснө. Жирийн шахааны ганц нэг тавиул хаа нэгтээ
оруулахад гарах үр дүн ийм гарч байна.
Энэ тавиулууд ганц нэгээс хальж, сүрэг сүргээр болоод ирэх үед мэргэжлийн
өөрийгөө хүндлэгчид нь зүгээр л өргөдлөө өгөөд явж орхидог. Нэлээн хэсэг нь
гадаадад суралцахаар явах ба үлдсэн хэсэг нь зүгээр л холхон байвал хаана ч
яахав гээд арилж өгнө. Олон сайн мэргэжилтэн Солонгос явж хар ажилд
зүтгэхээр дүрвэцгээнэ. Ард нь паразитуудын арми ард олныг тарчлаан зовоохоор
үлдэцгээнэ.
Гэтэл
намуудын дайралт зөвхөн үүгээр хязгаарлахгүй. Тэд чиний толгой дээр сонгуульд
зүтгэсэн хоосон толгойтуудаа мөнгөөр тавьж эхэлнэ. За энэ үед л жинхэнэ гамшиг
эхэлдэг юм даа. Ямар нэгэн даргын мест
худалдаж аваад ороод ирсэн хүн зүгээр суухгүй. Бусдыг ч зүгээр байлгахгүй. Тэнд
байгууллага салбарт юу хайж орж ирсэнээ сайн мэднэ. Мөнгө тэндэр нь хаана бгааг
эхний ээлжинд шиншилж олно. Тэр мөнгө тэндэрт арай ойр орж ирсэнийгээ ухаж
төнхөнө, зайлуулна, болохгүй бол хорлоно, аягүй бол шоронжуулна. Арай гэж өөрөө
тэр мөнгө цаасны эрх мэдэлд ойр болж авмагцаа хулгай худалд нь саад болох
шударга ажилтнуудад дайн зарлана. Мэдээж тэд нар нь зүгээр суухгүй. Ил далд
шүүмжилж байгаад л шахагдан зайлна. Шударга хүмүүсийг байгууллагаас зайлуулсаны
дараа найр эхэлнэ. Төрийн алба төрлийн алба болно. Нэг дэд захиралыг (дэд шүү)
дагаж 100 царцаа нүүдэллэн орж ирэх ч юу ч биш болно. Байгууллагын орон тоо нэг
л мэдэхэд 2-3 дахин томорно. Эхэндээ намууд мэргэжлийн салбарыг мэргэжлийн хүн
удирдаж байгаа дүр үзүүлж, нэр зүүлгэхийн тулд мэргэжлээрээ хэзээ ч дээшээ
гарах чадваргүй сул дорой гаруудыг салбар дотроос нь ухаж гаргаж ирээд
салбарын, байгууллагын толгой дээр тавьж орхино. Нөгөөх нь амьдралдаа олдсон
цорын ганц боломжоо алдахгүйн тулд тавьсан эзнийхээ дуулгавартай боол нь
болчихно. Хүссэн тэндэрийг нь өгч, хүссэн шахааг нь хийлгэж, хүссэн тавиулыг нь
ажилд авна. Үр дүнд нь нөгөө байгууллага нь буруу мутацад орсон урод шиг
танигдахын аргагүй хачин газар болж хувирна. Энэ чинь буруу шд гэж ганц үг ган
хийхгүй байсаар нэг л өдөр нөгөө эзнийхээ түмэн хулгайн хэргийг өөртөө үүрсээр
буруудан бууж орхино. Үүний дараа тэр салбарынхан өөрсдийгөө авч явж чадахгүй
байна гэсэн домог зохиогдож жинхэнэ их гарын луйварчдын төлөөлөл өөрсдийн биеэр
ирж байгуулагын чинь толгойд сууна. Энэ үед төрийн байгууллага чинь албан
бусаар хувьчлагдана. Бүх юм нь хэдхэн хүний өмч мэт болж, төрийн нэртэй хувийн
аж ахуй болж орхино. Ирсэн дарга нар намд төлсөн мөнгөө 10-20 нугалж олох аянд
мордон танай байгууллагаас сааж болох бүх арга чаргаараа дээрэмдэн идэж эхэлнэ.
Тэд нийтийн эзэмшилийн баялагийг эрх мэдлээрээ дамжуулан идэж ууна, зарж үрнэ.
Ямар ч алсын хараа, ирээдүйн төлөвлөгөө тэнд байх боломжгүй болтол нь холион
бантанг нь хутгана.
Мэдээж
тэд хуулийнханд баригдахгүй анзаарагдахгүй идэж ууна ч гэж юу байхав. Гэвч тэд
тэр асуудлаа ч дор нь шийднэ. Хуулийнхны хүмүүсийг ажилд олноор нь авна,
хуулийнхан ард нь байгаа тэндэрчдийг ялуулна, хуулийнхны хувийн бизнесийг улсын
зардлаар дэмжүүлнэ, хуулийнхны хүүхдүүдийг байгууллагын зардлаар сургана. Тэгэж
тэгсээр хуулийнхныг өөрсдийг нь өөрсдөө ч мэдэлгүй авилгалч шантаажчид болгож
орхино. Хулгайч намчин дарга нар өөрсдөө л хуулийнхны гарт гүйгээд орчихно.
Зөвхөн өөрөө ороод зогсохгүй салбараа тэр чигт нь тэдний өмч шиг болгож
орхино. Үр дүнд нь төрийн бүх шатанд нэг
л өдөр хуулийн биш харин хуулийнхны засаглал тогтсон байна.
Хууль
нь биш хуулийнхан нь засаглаад эхэлмэгц нийгэмд шударга ёс үгүй болж тоглоомын
дүрэмгүй жунгли болно. Хүчтэй нь хүчгүйгээ барьж идэж эхэлнэ. Бизнесийн
өрсөлдөөний багаж нь хуулийнхны гав, гинж болж хувирна. Өрсөлдөгчөө авилгалын,
залилангийн хэрэгт матаж, хуулийнханд юм атгуулаад зайлуулах нь үнэ, чанараараа
өрсөлдөх зах зээлийн шударга өрсөлдөөнөөс хамаагүй хямд зардал багатай, үр
дүнтэй арга болж эхэлнэ. Хэл ам, хэрэг
түвэгээс зугатаасан шударга бизнесмэнүүд бизнэсээ хаан зэлээ эвхэж, сүүлчийн
зоосоороо албан тушаал худалдан аваад нөгөө тамын тогоонд ороод эргэлдчихнэ. Үр
дүнд нь ажилгүйдэл гаарч, үндэсний бүтээмж хорогдож, эдийн засаг сүйрнэ. Зөвхөн
авилгалыг нь өгч хүчрэх уул уурхайн бизнесүүд л тэсэж үлдэнэ. Нийгмийн байдал
нь хэцүүдсэн ард олон дэмий л уул урхайтай “байлдан, шантаажлаж амьдрах” замыг
сонгон хийрхэж эхэлнэ. Сонгууль улам л халамжийн, улам л популист болж
ирнэ. Хуулийнханд өөрсдөд нь л олз орж
байвал бизнесүүд хумигдаж байгаа нь тийм ч сонин биш. Учир нь нэг л удаа
авилгал авчихсан хүн улс орноо том зургаар харж хайрлах чадвараа нэгэнт алдчихсан
байдаг. Тэгэж тэгэж нийгэм бохирын туйл болоод ирэх үед үндэсний сэхээтнүүд, улс
орны ирээдүй болсон залуус нь олноороо дүрвэн зайлж эхэлдэг. Үндэсний
сэхээтэнгүй болсон улс мөхөл нь баараггүй болдог нь жам.
Сэхээтэнгүй,
сэхээтэнтэй байлаа ч шийдвэр гаргалтанд сэхээтний оролцоогүй улсад хүний хүчин
зүйл, технолгийн горимын алдагдлаас үүдэлтэй техногенный сүйрлүүд хавтгай
болно. Олон зуугаараа зам дээрээ үрэгдэж, олон араваараа барилга дээрээсээ
хальцгаана. Үйлдвэрлэлийг осол тоогоо алдаж эрэмдэг үндэстэн болцгооно. Хортой хүнсний импорт хяналтаа алдаж хүн амын эрүүл мэнд эрчимтэй доройтно.
Мэдлэггүйн
мухардал норм болж, жирийн технолгийн шийдлээ ч өөрсдөө гаргах чадваргүй болох доройтолд тулж ирэх үед харь улсууд “халамжлан” техник технолгийн асуудлуудыг
нь “шийдэж” өгнө. Баасыг нь арилгаж, замыг нь тавьж өгнө. Шийдэл мэдээж өөрийн
өртөгтэй. Хамгийн том өртөг нь гадаад бодлогыг нь хараат болгох байдлаар
илэрнэ. Монгол улсыг биеэ даасан биш хэн нэгний дэлүү, булчирхайн хэмжээнд
хардаг болгоход энэ бүх бодлого чиглэнэ. Буруу цаг үед буруу эвсэлд бүртгэж
оруулаад дэлхий олон нийтийн дэмжлэггүй болгож орхисоныхоо дараа нэг л өдөр
нийлүүлье гэхэд өмөөрөх хүнгүй, түншгүй болсон байх болно.
Нөгөөтэйгүүр
60 тэрбум бол Цэдэнбалын боловсролын бодлогын шууд эсрэг замнал юм. Юу ч
сураагүй нам дагаж гүйгээд дэвшиж хөрөнгөжиж болдогийг харуулаад бодитоор үзүүлээд
эхэлмэгц нийтээрээ боловсролд тэмүүлэхээ больчихож байгаа юм. Мэдээж сэхээтэн
суурьтай айлын хүүхдүүд боловсролд тэмүүлж энэ намагаас дэлхий рүү гарах
эрмэлзлэлээ хаяагүй ч массын боловсрол шал арчих хэмжээнд доош орж орхино.
Асуудалд боловсруулт хийх чадвар байтугай зөв бичиж чадахгүй мэргэжилтэн, дарга
нар төрөөр дэндүү олон болж, хамгийн түрүүнд Монгол улсын гадаад имижийг уурхайн
динамитаар дэлбэлж байгаа мэт ташраар нь сүйрүүлж орхино.
60
тэрбум бол эцсийн эцэст энэ улс тусгаар улс байх уу үгүй юу гэдэг сонголтын
асуудал тул жижиг асуудал биш юм. 60 тэрбумын хажууд Эрдэнэтийн 51, 49, нарийн
өргөн төмөр замууд бол хүүхдийн тоглоом төдий. Тэдгээр хэргүүд бол тов тодорхой
эзэнтэй ил яр шарх. Харин 60 тэрбум бол далд хавдар.
МАН-ы
удирдлага шиг хуйвалдан хэлэлцсэн хэлэлцээгүй ч өөрийн мунхаг шунаг инстинктээрээ
энэ мэтээр улсаа хорлон байгаа бүх намчин, түшмэл, сайд дарга нар бол эх
орноосоо урвагчид гэж болохоор гэмт хэрэгтнүүд юм.
Энэ
тэнэгүүд яаж төрд гараад байна вэ? Тэдний сонгуулиар цацдаг их мөнгө хаанаас
ирээд байна? Яаж ч тооцоо хийсэн албан тушаал газар зараад цуглуулах боломжгүй
их мөнгө сонгуулиар энэ зуны их бороо шиг ордог болоод байна. Харийн мөнгөөр
харийн бодлогыг хүрээнд хамгийн тэнэгүүд нь төр аваад самраад байгаа юм биш
бээз? Сайн анзаарвал 60 тэрбум бол хуучны НАХЯ-ы шалгуураар нэвтэрч төрд орж чаддаггүй байсан эрлийз иргэдийг олноор нь төрд оруулах схем. Мөнгөтэй нь төрд ордог тогтолцоо бий болвол гадны мөнгөөр л монголын төрийг худалдаж аваад эхэлнэ. Монгол хүн ёс журмаараа дэвшихээ болиод олон жил боллоо. Ийм байхад үндэсэрхэх хийрхэл дэврэхээс өөр арга байхгүй. Зарим тэнэгийг буруутгахад ч хүнд болж ирж байна.
Үүний
ерөндөг нь ердөө л сонгуулийн зардлыг багасгах. Сонгогчид зөвхөн боловсрол ёс
зүй харж сонгох. Намуудын дарга нар сонгуульд нэр дэвших эрхийг луйварчдад зарахаа
болих. Эхлэх цэг энэ л юм. Үүний дараа ёс зүйтэй, эх оронч хүмүүсийн бүрдүүлсэн
төр эрдэм мэдлэгийг үнэлээд эхэлнэ. Эрдэм үнэлэгдээд эхэлбэл боловсрол өндийнө.
Боловсрол өндийвөл Монгол өндийнө. Монгол ялахын тулд толгойдоо бичиг боох
хэрэггүй. Монгол ялахын тулд толгойдоо ном хийх хэрэгтэй. Ердөө л энэ.
Популизм, професионализм улс үндэсний хувь заяаг шийддэг жишээ олон. Хамгийн тодоос нь хэлье. 1941
онд Гитлерийн Герман Польшийг 1939 оны 9 сард хамтран булаан эзэлсэн өөрийн
түнш Зөвлөлт Холбоот Улс руу дайран орсон түүхийг бүгд мэднэ. Дайны түүхэн
сургамжуудаас хамгийн чухал нэг сургамж үлдсэн байдаг бөгөөд энэ нь дэлхийн
дайны дараахь улс гүрнүүдийн эрдэм боловсрол, профессионализмд хандах хандлагыг
бүрэн өөрчилсөн сургамжууд юм.
1941
оны зун намарт улаан армид намчин комиссарууд маш их эрх мэдэлтэй хэвээр
байлаа. Тэд цэргийн командлалд шууд оролцон, генерал офицеруудыг трибуналаар
айлган үр дүнтэй маневрлан цэрэг, зэвсэг техникээ шилжүүлэх, тактикийн ухралт
хийх боломж олгодоггүй байжээ. Мэдээж цэрэг дайны хэрэг ном жамаараа өрнөж аль
муу маневртай нь ялагдаж, бүслэгдэж, бут
ниргүүлж байсан нь ойлгомжтой. Улаан арми маш хүнд гарз учирч Москвадаа хүртэл
ухарсаны дараа л Сталин цэргийн удирдлагыг цэргийнхэнд нь өгч эхэлсэн байдаг.
Дайны үр дүнг шийдсэн Москва, Станлинград, Курск бол чухамхүү улаан армийн
цэргийнхний бие дааж мэнэжмент хийсэн ялалтууд билээ. Профессионализм буюу
эрдэм боловсрол үзэл суртал популизмаас давуу болохыг тэр үед ухаарч алдаагаа
засаагүй бол өнөөгийн дэлхий ямар байхыг хэн ч таашгүй.
1941
онд фронтын нөгөө талд бас популизм профессионализмын тэмцэл явагдаж популизм
нь ялсанаар дайнд Вермахт ялагдсан байдаг. Хайнц Гудериан гэх цэргийн өндөр
боловсролтой, моторжсон цахилгаан дайны онолын автор шахуу танкийн шилдэг генералын
дивизүүд тэр оны 7 сард Москва руу эрчимтэй дайрч байсан билээ. Гэтэл түүнийг
Гитлер өөрийн тушаалаар зогсоон Киев дахь улаан армийн бүлэглэлийг бүслэн дарахаар
эргүүлсэн бөгөөд Гудериан Гитлерээс мянга гуйгаад тушаалыг нь өөрчлүүж чадаагүй
юм. Гитлерт түргэн хугацааны том бүслэлт улс төрийн алдарын хувьд чухал
байж. Гудериан Смоленскоос урагш эргэж бараг сар үргэлжилсэн Киевийн бүслэн
хаах ажиллагаагаар улаан армийн маш том бүлэглэлийг бут ниргэж олзлон авсан ч Москваг
дайрах хамгийн үнэтэй цагаа алдаж орхисоноор цахилгаан дайны төлөвлөгөөгөө нь нурсан
байдаг. Арай гэж 9 сард Москва руу хөдөлсөн ч намрын шамрага борооны шавар
(распутица) түүнийг залгасан 41 оны их хүйтэн өвөл бүх төлөвлөгөөг нь будаа болгосон
түүхийг цааш нь ухаж бичээд ч юүгхэв.
Монголчууд
бид өнөөдөр хөгжих эс хөгжих, орших эс оршихын зааг дээр байгаа байж ч магадгүй. Бид өнөөдөр мэдлэгт боломж өгөхгүй л бол хөгжихгүй. Хөгжихгүй тул
оршихгүй болох ойрхон байна шүү. 60 тэрбум Монголыг өнөөдөр сөнөөж хүчирдэггүй юмаа гэхэд хөгжлийг нь наад тал нь 60 жилээр ухраана. Үүнийг л
ойлгоцгооё.
Эрдэмгүй
тэнэгүүдийн нийгэмд хандаж эрдмийн баяраар бичив. 2018.09.01
uuriiguu mundag geed bodchihson hooson tolgoi chi um bna.
ReplyDeleteмаш сайн нийтлэл байна.
ReplyDeleteЕрөнхийдөө зөв зүйл бичиж.
ReplyDeleteP.S.
не бойся я с табой - не бойся я с тобой
самозащита без оружие - самозащита без оружия
запутица - распутица
коммиссар - комиссар
Goy niitlel bn
ReplyDeleteмаш сайн бичиж
ReplyDelete