Би эдийн засагч биш. Гэхдээ эдийн засгийн сургуульд үздэг 5-6 хичээлийг өөр програмуудын хүрээнд заалгаж бас ч үгүй гайгүй төсөөлөлтэй болсон байдаг юм. Киевт заалгасан Экономика гражданской авиации гэх соц агуулгатай хичээлийг бол аль эрт 90-д онд хоолтойгоо хольж идээд мартчихсан. Харин сүүлд McGill, Griffith, Bond их сургуулиудад заалгасан олон хичээлээс эдийн засгийн талаар хоосонгүй ойлголттой болсон гэж өөрийгөө боддог. Гэлээ ч би энд эдийн засагчидтай уралдаж тоо график дурьдан цэцэрхмээргүй байна. Харин тэр эдийн засагчдын маань анзаарахгүй байгаа, тэр системийнхээ гажуудлыг хөндлөнгөөс харах чадвараа алдатлаа сатаарсан зүйлийг энгийн хүнд ойлгомжтойгоор хэлэхийг оролдох болно. Болгооно уу.
Дэлхий даяар Корона цар тахал эрчээ улам авч том том эдийн засгууд Хонгорт элэгдүүлсэн Түгжил заан шиг эвхрэн унацгааж эхэллээ. Төр нь социализмээс ч илүү халамж, харж үзээг үзүүлж эхэллээ. Гэвч тэдний систем нь зөв тул арга буюу тулгарч байгаа түр зуурын социализмээ даван гараад босоод ирнэ. Монгол Улс хилээ хаагаад 2 сар болсоны дараа байдал ямар болов? Улсын төсвийн орлого олон зуун тэрбумаар дутсан ч нэг үеээ бодвол бас тэсээд л байна. Гэхдээ тэр тэсэлтийн ард нуугдаж байгаа цагтай бөмбөг хэзээ тэсрэх бол? Шуудхан хэлэхэд хятад руу нүүрсний тээвэр 2 сарын дараа сэргэснээр төсвийнхний юутай ч цалин нь тасрахгүй өл залгаад байхаар болж байна. Харин хувийн хэвшлийнхэн маань 2 сар хөл хорионд харилцагч, худалдан авагч, үйлчлүүлэгчгүй мурчийн тэсэн тэссээр эхнээсээ, эхнээсээ ч юу байхав ихэнх нь ажилчдаа олноор нь цомхотгож эхэллээ. Засгийн газраас гаргасан хүн амын орлогын албан татвар, НӨАТ-н цуцлалт хэт оройтож гарснаас олон ажлын байр хадгалагдаж чадсангүй. ЗГ-н ч буруу биш байх. Явж явж байдал яаж эргэхийг дэлхийн хамгийн шилдэг эрдэмтэдтэй улс орнууд ч урьдчилан таамаглаж чадаагүйгээсээ болоод өнөөдөр ташраараа баларч байна. Энэ хугацаанд Монголын эдийн засгийн амьдралд хамгийн ихээр яригдсан зүйл бол банкны зээлийн хүү, төлбөр, мөн татварийн хөнгөлөлт хойшлуулалтын асуудал байлаа. Энэ хямралын үед эдгээр төлбөрүүдийн дарамт, татварын дарамт түр завсарлахгүй бол худалдан авагчгүй болсон бизнесүүд тэсэж үлдэхийн тулд өөрт нь ирсэн цөөхөн үйлчлүүлэгчдээс дээрх төлбөрүүдийг барагдуулах орлогоо ядаж олохыг хичээхдээ үнээ нэмэх нь гарцаагүй. Энэ нь эргээд нийгэмд үнийн өсөлтийн давалгаа үүсгэдэг. Үнэ өсмөгц орлогын хомсдол нүүрлэж байгаа иргэдийн худалдан авалт бүүр багасан бизнесүүдэд улам ч сөрөгөөр нөлөөлдөг. 2012 онд Изинис компани Ховдын Булган руу АНУ нисэхээс ч үнэтэй үнэ гаргаад төрийн томилолтын хүнээс өөр хүн суухын аргагүй болгосноос орлого олохгүй байсаар уг чиглэлийг хааж байсан түүх өнөөдөр орон даяар бүх төрлийн бизнест давтагдаж эхэллээ.
Би энэ цар тахал эхэлж байх үед л сошл орчинд Австралийн туршлагыг жиргэж байсан. Австралид дайн, үндэсний хэмжээний гамшгийн үед юмны үнийг царцаадаг, банк санхүүгийн байгуулгыг хяналтандаа оруулдаг хуультай юм билээ. Энэ хуулийнхаа дагуу Австралийн муж улсууд Баруун Австралиас эхлэн бүх төрлийн үнийн өсөлтийг царцааж эхлээд байна.
Үүнтэй ижил арга хэмжээг татварын хөнгөлөлт, банк санхүүгийн системийн цогц арга хэмжээтэй цаг алдалгүй хослуулсан бол олон бизнес өнөөдөр арай дээр байх байлаа. Нэгэнт хорио цээр тогтоож бизнест хамгийн их хэрэгтэй худалдан авагчид, үйлчлүүлэлгчдийг гэрт нь хорьчихоор ямар ч баялаг бүтээдэггүй конторын бюрократуудаас бусад нь орлогогүй баларч орхих нь гарцаагүй байсан билээ. Гэтэл тэр хориотойгоо зэрэгцүүлж эдийн засаг руу чиглэсэн арга хэмжээ аваагүйгээс өнөөдөр ажилгүйдлийн давалгаа улс орныг бүрхэж эхлээд байна. За энэ ч яахав. тахал дарагдахаар бүх юм хэвийн болно гэж олон хүн хэлэх байх. Гэтэл бидний бизнесийн орчин яг хэвийн орчин мөн үү.
Яг энэ талаар хэлэх хэдхээн үг байна.
Эрүүл эдийн засагтай олон оронд моргэжийн зээлийн хүү жилд 3.5-6%, бизнесийн зээлийн хүү жилд 6-9%, хадгаламжийн хүү 1-3% л байдаг. Тэнд хадгалалмжийн хүү бага учир мөнгөө өсгөх боломж хайсан иргэд, бизнесүүд хөрөнгийн зах зээлд ихээр хийж энэ нь бизнесээ банкны зээлийн хавханд оруулахгүйгээр босгох боломжийг нээж өгдөг систем ажиллаж байдаг юм байна.
Гэтэл манайд зөвхөн хадгаламжийн хүү жилд 14-15% байгаагаас нэгд хэн ч эрсдэлтэй бизнест мөнгөө хийж өсгөх шаардлагагүй болж байдаг. Жилийн 15%-н ашгийн маржинтай бизнес бол олон салбарын хувьд мөрөөдлийн бизнес юм. Чи мөнгөө Монголын банкуудад 4 хувааж хийгээд л улирал бүр өссөн хүүгээс нь хэрэгцээний мөнгөө сугалж аваад байхад хангалуун амьдраад байж болно. Энэ бол түр зуур төрийн ямар нэг албанд сууж байгаад хувьдаа ямар ч бизнесгүй хэрнээ дараа нь насаараа чинээлэг амьдраад байдаг дарга нарын амьдрах арга юм. Тэд төрийн суудалд байхдаа ганц хоёр удаа хууль зөрчин зоригтой хөдөлж цөм хийж аваад ядаж тэрбумын хадгаламжтай болчихвол жилд асуудалгүй 150 сая төгрөгний орлоготой амьдраад байх ирээдүйгээ манай системийн гажуудал дээр ийнхүү баталгаажуулчихдаг. Иймээс банк, эдийн засгийн реформыг хамгийн их эсэргүүцэгчид нь банкирууд ч биш харин том хадгаламж эзэмшигч дарга нар байдаг юм.
Банкууд бидэнд өгдөг зээлийн эх үүсвэрээ 2 шугамаар бүрдүүдэг. Эхнийх нь эдийн засгийн өсөлт, инфяцыг тооцон Төв банкнаас зах зээлд нийлүүлж буй мөнгийг арилжааны банкууд бага хүүтэй зээлж авдаг. Тэр зээлийн хүүг эдийн засагт Монгол банкны бодлогын хүү гэж нэрлэдэг юм билээ. Бодлогын хүү төв банканд хадгалуулсан мөнгөний хүү гэх боловч яг үнэндэээсрэгээрээ. Төв банк өгсөн мөнгө нь эргэж ирэхдээ инфяцид цохиулаад үнээ алдчихгүй байх төсөөлөлөөр бодлогын хүүгээ тогтоодог. Инфляци тогтвортой, буурах хандлагатай үед бодлогын хүү буурдаг. Өөрөөр хэлбэл арилжааны банкны зээлийн эх үүсвэр хямдарч байна гэсэн үг. Үүнийг дагаад зээлийн хүү ч буух боломж гардаг. Зээлийн хүүнд инфляцийн нөлөө ингэж тусдаг юм байна. Төрөөс эх үүсвэр нь санхүүждэг ипотекийн 8% зээл бол яг үнэндээ инфяцаа чүү амай багтаасан санхүүгийн ямар ч ашиг авчрахгүй бүтээгдхүүн болоод байгаа нь ийм учиртай. Бодлогын хүү нь арилжааны банкны мөнгийг төв банк мөнгө хэвлэх чадвараа ашиглан татаж авах механизм гэдэг боловч яг үнэндээ арилжааны банкаар дамжуулан зах зээлд мөнгө оруулах арга юм. Хэрэв тиймгүй бол банкууд зах зээлд биш зөвхөн эрсдэлгүй төв банкиндаа мөнгөө буцааж зээлсээр томорчих биз. Төв банк арилжааны банкинд мөнгө нийлүүлэхдээ өгөхдөө ч буцааж татахдаа нэг хүүтэй байдаг байж болно. Юутай ч огт зардалгүй өгдөггүй учраас танд очих зээлийн хүү ингэж өндөр байгаад байдаг.
Нөгөө зам нь бол хадгаламж татах замаар зээлийн санхүүжилтийг босгодог. Нэгэнт зээл олгох эх үүсвэр болох мөнгөний эх үүсвэрээ өрсөлдөөн дундаас татахын тулд хадгаламжийн хүүгээ өсгөн өрсөлдсөн банкууд цааш дамжуулан зээлдэх зээлийн хүүгээ өндөр барих нь ойлгомжтой. Зээлийн өндөр хүүг давахын тулд бизнесүүд үнээ нэмцгээнэ. Үнэ нэмэгдэхээр инфляци өснө. Инфляци өсөхөөр төв банкны бодлогын хүү дагаад өснө. Ийм л чөтгөрийн тойрогт орчихож байгаа юм.
Инфляцид нөлөөлж байгаа хамгийн том хүчин зүйл маань бидний хардаад байдаг долларын ханшны өсөлт ч биш харин дарга нарын маань хадгаламжийн хүү болох нь эндээс харагдаж байгаа байх. Монголд долларын эрэлт тийм ч их биш, Нарийн яривал Оюу Толгойгоос хойш Монгол дахь долларын хэмжээ эрс нэмэгдсэн ч Эрээнээс авах барааны хэмжээ сүрхий өсөөгүй. Тэхлээр валютын эрэлт нийлүүлэлтийн харьцааны инфляцид үзүүлэх нөлөө голлох фактор биш юм.
Өнөөдөр дарга нар зээлийн хүү, төлбөрийг хойшлуулах шийдвэр гаргасан хэрнээ тэдний хадгаламжинд банкуудын төлөх хүүг түр царцаасан шийдвэр гаргасангүй. Иймээс банкууд засгийн газарт зөв харж дохиод буруу харж салаавч өгөөд сууж байна.
Инфляцид нөлөөлж байгаа суурь өгөгдлүүдийг яаралтай засахгүй бол тахлын дараа ч эдийн засаг өндийхгүй асар удахаар харагдаж байна. Монголын эдийн засаг 3 сарыг тэсэх гэж ингэж байгаа юм чинь 3 жил үргэлжилбэл нэгмөсөн сүйрч унана. Иймд хөл хорионы цагаа ашиглаад хууль эрх зүйгээ зөв болгох санал байна.
АН дарга С.Эрдэнэ нар санаачлан банкны зээлийн хүүг 18%-д барих хууль зүтгүүлээд байсан. Тэдний санаа нь зөв ч уг асуудлын углуурга шалтгааныг засах механизмгүй хууль өргөн барьсан байдаг. Зүй нь Эрдэнэ дарга хадгаламжийн хүүг 3%-д барих хууль санаачлах ёстой байлаа. Ингэсэн бол түүнийг дагаж өсдөг бүх пирамид өөрөө нуран унах байв. Хадгаламжийн хүү буурснаар зээлийн эх үүсвэр хямдарч, хэмжээ нь өсөн бага хүүтэй зээл санал болгох боломж нэмэгдэнэ. Ипотекийн зээл ч 4-5%-д хүрч олон хүн дэлхийн жишгээр моргэж төлж орон сууцтай болж хот орчноо утаанаас салгах үүд нээгдэнэ. Бизнесийн зээл 6-9% руу бууж risk taker-үүд зоригжин бизнест орж ажлын байрууд нэмэгдсэнээр моргэж төлөгчдийн тоо өсөж хэрэглээний зээлийн бааз өргөжинө. Хэн хэндээ ашигтай. Харин мөнгөө хадгаламжинд өсөхгүй байна гэж бодож байгаа хүмүүс нь бизнест хөрөнгө оруулалт хийж олон бизнесийг банкны зээлийн санхүүжилтийн хавхнаас салгана. Хадгаламж буурсан ч бүх бизнес өөрийн мөнгөө банкаар л эргэлдүүлнэ. Банкууд харин ч хадгаламж бус асар их мөнгөн урсгалыг ашиглах боломж олох юм.
Мэдээж энэ бүхэнд бас өөр өөрийн зөв эрх зүйн орчин шаардлагатай. Юуны түрүүнд хадгаламж шүтэхгүй хөрөнгийн зах зээл рүү мөнгө хийдэг болгохын тулд хөрөнгийн биржийн хууль журмыг эрс шинэчлэх хэрэгтэй. Жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг нулимдаг тогтолцоог нурааж бүрэн шинэчилж байж энэ боломжтой болж ирдэг. Эрх зүйн реформгүйгээр хэн ч хөрөнгийн зах зээл рүү мөнгөө хийхгүй, иймээс ажлын байр олноор нь үүсгэх бизнесүүд нэмэгдэхгүй.
Иймээс 2020 онд ямар ч улс төрийн хүчин төрд гарсан энэ журмуудыг сайжруулж чадах оюунлаг Монголчуудыг дайчлах хэрэгтэй юм. Гэснээс манай хуулиуд ихэнх нь аль 1990-2005 оны хооронд Монголчууд сүрхий боловсорч амжаагүй үед бичигдсэн олон цоорхойтой түүхий хуулиуд байдаг. Дараа нь уул уурхайн цунами залгаад юун яасан эрх зүйн реформтой манатай болцгоосон. Тэднийг шинэчлэх, сайжруулахын тулд хууль тогтоочид биш хуулийн төсөл бичигчдэд зах зээлийн үнээр нь хөлс урамшуулалыг нь өгч сурах хэрэгтэй. Ингэж байж сайн бүтээгдхүүн авч нийтээрээ хожно. Яам газрын хэдэн цалин багатай мэргэжилтнийг дайчилж бичүүлсэн хэрнээ намчид нь хулгайн санаануудаа оруулах гэж самраад гаргадаг тэнэг хуулиудаас болж нийгэм ингэж зовж байдаг юм байгаа юм.
Банкны зээлийн хүүнд нөлөөлдөг нэг хүчин зүйл бол инфляци. Энэ нь орлого өсөөгүй байхад юмны үнэ өсөх үзэгдэл юм. Үндэсний валютын худалдан авах чадвар унахыг инфляци гэдэг. Юмны үнийн өсөлт нь худалдагчийн bargaining power буюу юмныхаа үнийг худалдан авагчдаа тулгах бяр нь өндөр байх үед болдог үзэгдэл байдаг. Хэн ч өөрөөс чинь хямд үнэ хажууд чинь санал болгож байгаа үед үнээ өсгөх боломжгүй байдаг.
Эдийн засгийн, эрх зүйн, түүхийн олон сурах бичигт тэрбумтан Рокфеллерийн байгуулсан Standard Oil Trust буюу итгэлцэлийн нэгдлийн тухай бий. Тэд өрсөлдөн нэг нэгнээсээ бага үнэ санал болгодог өрсөлдөөнийг хоорондоо тохиролцон нэг үнэ санал болгохоор шийдсэнээр төгсгөл болгож зөвхөн хэрэглэгчийн мөнгө дутсанаас худалдан авч хүчрэхгүй болох үед тогтдог үнийг тулгах монстер болсон Стандарт Ойл нэгдэлийн тухай тэнд өгүүлдэг. Тус нэгдлийн үнийн үгсэн хуйвалдааны дараа Америкт юмны үнэ өсөж эхэлсэн. Үр дүнд нь Рокфеллерийн хөрөнгө өнөөгийн ханшаар бодвол өнөөгийн хамгийн баян хүнээс 3 дахин их баян болсон байдаг.
1890 онд Америкийн Сенатч Жон Шерман “Sherman Antitrust Act 1890” буюу Холбооны 15-р (Худалдаа коммерсийн код) хуулийн 1 ба 2-р зүйлийг санаачлан батлуулсан байдаг юм билээ. Тэр хуулиар зах зээлд монопольчлох оролдлогуудыг хууль бус хэмээн зарласан байдаг. Рокфеллерийн Стандарт Ойл нэгдлийг задлан Шелл, Шеврон, Мобил болгон хоорондоо өрсөлдөхийг тулгасан байдаг. Нэг цооногоос авсан, нэг нийлүүлэгчээс авсан нефтьтэй байсан байлаа ч хоорондоо заавал өрсөлдөх хуультай. Тэдний өрсөлдөөнийг яаж тулгасан бэ. Зэргэлдээх колонкууд нь ижил үнэ санал болгохыг л хориглочихсон. Хэрэв ижил үнэ бичсэн байвал асар өндөр дүнгээр торгохоос гадна, тэр нэг үнэ зах зээлд тулгаж олсон бүх орлогыг нь хураачихдаг байна. Америкт амьдарч байгаа монголчууд анзаараарай. Зэргэлдээх колонкууд ерөнхийдөө ижил үнэтэй боловч бутархай центийн зөрүүтэй үнэ гаднаа харуулсан байгаа. Хэрэглэгчийн хувьд үнийн зөрөө гарахгүй ч сэтгэл зүй нь аль хямд харагдсанаас нь авдаг. Нэг галлон нь 2 доллар 54 бүхэл 8/10 цент гэж нэг нь зарж байхад нөгөөх нь 2 доллар 54 бүхэл 9/10 цент гэсэн байгаа. Энэ тохиолдолд олон хүн 8/10 гэсэн колонк руу эргэдэг. Бага үнэ харуулсан (дисплэй хийсэн) колонкийн орлого өсөж нөгөөгийнх нь буудаг. Ингээд орлогоо өсгөхийн тулд нөгөөхийнхөө үнэнээс доогуур болгон 7/10 болгоно. Ингэж үнээ уралдан буулгаж эхэлдэг . Мэдээж хэрэг үнэ нь бүтээгдхүүнийхээ зорилтот ашгийн маржингаас буугаад ирэх үед нэг нь тэсэлгүй үнээ буцааж өсгөнө. Өрсөлдөгч нь дагаад л өсгөнө. Гэлээ ч буцаад уралдаад буудаг. Америк Канадад 1 дэх өдрийн үдээс хойш хамгийн хямд 2 дахь өдрийн өглөө хамгийн өндөр үнээр бензин зардаг болохыг би тэр хавьд сурахдаа анзаараад авсан.
Бензиний үнэ бол эдийн засгийн катализатор үнэ. Түүний хэрэглээ бараг бүх бүтээгдхүүнд шинэсэн байдаг тул түлшний үнийг дагаад бүх үнэ хөдөлдөг. Хэрэв бүтээгдхүүнээ ижил үнээр заръя гэвэл өрсөлдөгчийн зарж байгаагаас өөр бүтээгдхүүн болохыг батлах хэрэгтэй болдог. Яг ижил сортын гурил зэргэлдээ дэлгүүрт ижил үнэтэй байх нь бий. Гэхдээ сайн анзаарвал баглаа боодол нь өөр өөр байдаг. Ядуус их үлйчлүүлдэг дэлгүүр энгийн ууттай байх ба чинээлэг хүмүүс үйлчлүүлдэг шинэ хүнстэй дэлгүүрт гоёмсог ууттай байдаг. Ингээд өөр бүтээгдхүүн гэгдэн үнийг зөрүүлэх хуулиас мултарч болдог.
Үүнтэй яг ижил хууль гарган арга хэмжээ аваад зэргэлдээх өрсөлдөгчөөсөө ижил бүтээгдхүүнийхээ үнийг өөр байхыг орон даяар тулгаж чадвал Монгол Банк валютынхаа нийлүүлэлтээр л хянахыг оролддог дийлддэггүй инфляци чинь өөрөө буугаад ирнэ. Инфляци буувал төв банкны бодлогын хүү, мөн төрөөс санхүүждэг моргэжийн хүү бууна.
Банкны зээл гэхдээ явж явж газар үл хөдлөх хөрөнгө л барьцаалж олгогддог. Бидний газрын хууль, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн систем бүхэлдээ бардак байгаа. Уг нь эрх зүйн классик ойлголтоор газар бол зөвхөн хөрс шороо талбай биш, түүн дээр баригдсан байшин, гадар болон байшинд хөдөлгөөнгүй бэхлэгдсэн fixture буюу суурин байгууламж, эд зүйл бүгд ордог. Хэн нэгэн сайдын хэн нэгэн дотно этгээдүүддээ албан тушаал өгөхийн тулд салгасан газар, ҮХХ бүртгэлийн системийг нэгтгэж нэгдсэн тогтолцоонд оруулах шаардлагатай. Ингэж байж банкны зээлийн баталгаа сайжирна. Хэн нэгний болон нийтийн газар дээр дураараа байшин сав барихаа ч болино. Яг үнэндээ Зайсангийн ам бол нийтийн эзэмшлийн газар дээр хүчээр түрээ барьж эзэмшил үүсгэн барьсан барилгуудаар дүүрсэн хороолол юм. Хуультай улсад газар бол дээрээ байгаа барилгуудыг ч багтаадаг тул бусдын газар дээр дураараа барилга байгууламж барьвал газрын жинхэнэ эзэн баярлалаа гээд л өөртөө авчихдаг хуультай. Ийм хууль, ийм нэгдсэн бүртгэлийн тогтолцоо Монголд байсан бол улсын болон нийтийн газар дээр барьсан бүх барилга төрийн өмч болох байсан. Нөгөөтэйгүүр газрын бүртгэлийн системийг үл хөдлөх хөрөнгийн бүртгэлээс салгасан нь цаана газрын мафийн их нарийн зохион байгуулсан ажиллагаа юм билээ. ҮХХ нэрээр бүртгэгддэг бол газар ихэвчлэн тусгай кодоор бүртгэлд ордог. Энэ нь эрх мэдэлтнүүдээс авсан газрыг дамлан зарах, эрх мэдэлтнүүд өөрийнхөө нэрийг газрын бүртгэлээс нууцлахад их тохиромжтой байдаг болотой юм билээ. Энийг нураасны дараа банкны эрсдэл эрс буурч зээлийн хүү багасах боломж гарна.
Банкны зээлийн эргэн төлөлтийн баталгаанд түүнээс зээл авсан иргэдийн бизнес амжилттай явах баталгаатай тайван орчин чухал. Гэтэл манай эрүүгийн хуулийн орчин маш ээдрээтэй байдлууд үүсгэн, иргэний журмаар шийдчих олон маргааныг эрүүжүүлэн бизнесийн risk taker-үүдийг зоригийг мохоож байдаг. Сүүлийн 10 жилд Монголын бизнесийнхэн Цагдаа, АТГ-н үүд, 461-н камерт амьдарцгаалаа. АТГ зүгээр л бизнесийн өрсөлдөөнийг шийддэг, хэн нэгэн хөрөнгөлөг этгээд болон эрх мэдэлтний бизнес, улс төрийн өрсөлдөгчийг намнадаг улс төрийн цагдаа болж хувирсан гэхэд бараг болно. Харин цагдаа нь энэ байдлыг илчилсэн иргэд, сэтгүүлчдийн амыг хаах үүрэг хүлээсэн жандарм болох шахлаа. Энэ бүхнийг эрүүгийн эрх зүйн реформыг сууриар нь хийж, шүүхийг өмнөх преседентээ дагадаг өөрөөр хэлбэл хуулийг ялгаатай хэрэглэх эрхгүй болгодог иж бүрэн реформ хийж байж өөрчилж чадна.
Таныг өнөөдөр зовоож байгаа зөвхөн зээлийн хүүгийн асуудлыг шийдэхэд манай системд ийм их засвар хэрэгтэй байгааг нэг анзаараадхаарай. Гэтэл хэн нэг нь энэ реформыг хийх л ёстой. Хийхгүйгээр Монгол улс хөгжихгүй. Нэг том уурхай нээгээд, нэг том бүтээн байгуулалт хийгээд хялбархан хөгжих тухайгаа март. Тийм зүйл төрийг улам л коррапт болгож ардчилал эрх чөлөөг чинь улам л хумина. Харин олуулаа жигд хөгжих иж бүрэн системийн засвар хийж байж л жинхнээсээ цалин 5 сая, айл бүр байр сууцтай, зээлийн хүү дэлхийн жишигт бууж ирнэ.
Тэхлээр энэ иж бүрэн өөрчлөлтийг хийж чадах тийм хүмүүсээ сонгуулиар дэмжье. Үүний тулд зүгээр нэг сайхан санаа нүүрний буянтай соёл урлаг спортын алдартнууд ч биш, мөн өнөөгийн энэ тэнэг системийн эрэг шураг болсон улс төрчид ч биш, магадгүй хэн ч танихгүй, танигдах боломж нь ч гараагүй өндөр боловсролтой, чадварлаг олон залуусыг гаргаж ирэх хэрэгтэй болж ч магадгүй. Авилгалын нийгэм тийм залуусыг дарж байж цэцэглэдэг. Иймд та заавал олонд таниглсан байх шалгуур тэдэнд бүү тавиарай. Би тэднийг ил гарч ирж эх орныхоо төлөө өөрчлөлтийг манлайлахыг энэ захиагаараа ятгая. Та өөрийнхөө төлөө тэдэнд саналаа заналтайгаар өгч эх орноо авар.
Би өвс хадаж үнээнд өгөөд, үнээ надад сүүгээ өгч сүүг би мууранд өгөөд муур хулганыг зовоохоо болиод хулгана тарвасыг нүхлэхээ больж тарвас надад үрээ өгөхөөр нь үрийг би хэрээнд өгөөд хэрээ модонд үүрлэхээ болиод мод надад борогцойгоо өгөөд борогцойг би гахайнд өгөхлээр гахай надад хялгасаа өгч хялгасаар би дээс томж найзыгаа татаж гаргана.
No comments:
Post a Comment