Wednesday, June 10, 2020

ТӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТ БУЮУ О.МАГНАЙН ПОПУЛИЗМД ХЭЛЭХ НЭМЭЛТ ТАЙЛБАР



Рональд Рейган нэгэнтээ хэлэхдээ: “Хэрэв хөдөлж байгаа л бол татвар ноогдуул, хөдөлгөөнөө үргэлжлүүлээд байвал түүнийг зохицуул, хөдлөхөө больчихвол татаасаар дэмж - if it moves tax it, if it keeps moving regulate it, if it stops subsidize it” гэжээ.

Саяхан УИХ сонгуульд АН-с нэр дэвшигч О.Магнай гэдэг хүн бүх жижиг дунд бизнест олгодог тусгай зөвшөөрлүүдийг АН ялбал маргааш нь цуцална хэмээн мэдэгдлээ. Мэдээж сонгуулийн оноо авах хошгируулалт гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ хошгируулалт зорилгодоо хүрч АН яллаа ч гэсэн Магнайгийн үгээр тэгээд чөлөөлчих нь бас юу л бол. Юутай ч Магнай маш сонирхолтой, анхаарах ёстой маш чухал сэдэв хөндсөнийг хэлэх нь зүйтэй. Түүний эхлүүлсэн боловч цааш нь хөгжөөж гүнзгийрүүлэхэд бөндгөр нь дутаад байгаа байж магадгүй энэ сэдвээр жаахан халдаг юм уу хэмээн үүнийг бичиж сууна. Магнай товчхондоо зохицуулалтаас чөлөөлөх зохицуулалт буюу англиар deregulation хэмээгддэг төрийн зохицуулалтын тухай ярьсан билээ. 

Хүн төрөлхтөн төр хэмээх зүйлийг дараах 3 зорилгоор байгуулж ажиллуулдаг юм. 
1.     Хөндлөнгийн хууль бус халдлагаас хамгаалах. Үүнийг ерөнхийдөө Security хэмээх ганц үгээр хэлж болно. Энэ хүрээнд батлан хамгаалах, хууль сахиулах, мөн гадаад харилцаанд дипломатын аргаар тусгаар тогтнолоо хамгаалах асуудал багтдаг. Манай ҮАБ зөвлөл хэмээх бүтэц бол үнэндээ National Security Committee нь юм байгаа юм. Security бол товчхондоо улс орны периметрийн хамгаалалт нь. Security буюу харуул хамгаалалт гэх үг өдөр тутамд амьдрал дээр их тааралдах болсон тул энэ үгээр нь хэрэглэвэл илүү ойлгомжтой байна. 
Security асуудлаас хэн ч чөлөөлөгддөггүй. Өөрөөр хэлбэл Магнайгийн үг энд хүчингүй. Энд улсын тусгаар тогтнол, хуулийн хэрэгжилт зэрэг Үндсэн хуулийн хүрээний том асуудлыг хамаарч яригдаж байдаг. Мөн улс төрийн шийдлүүд байх боломжтой. Учир нь энэ асуудлын нэлээд хэсэг нь улс төрийн бодлогын үр дүнгээр илэрдэг. Гэхдээ гадаад бодлого, хууль ёс хэрэгжүүлэх асуудал дээр дотоод улс төр биш харин нэгдсэн улс төрийн бодлого шаарддагаараа онцлог. Гэхдээ хууль сахиулах үеийн хүний эрхийн асуудал дэлхийн эмзэг асуудал байсаар байгааг бид бэлхнээ харж байна. Энэ хавьд улс төржилт нь ёстой орж ирэх ёстой байх.

2.     Төрийн дараагийн үүрэг бол иргэдийн амь бие, хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах буюу public safety-г хангах нөхцөлийг албадах. Энэ бол гадна талаасаа security-р хамгаалагдсан орчинд янз бүрийн дотоод хүчин зүйлээс шалтгаалан хүний амь бие эд хөрөнгө хохирохгүй байх нөхцөлийг бүрдүүлэх үйл ажиллагаа, төлөв байдлыг хэлээд байгаа юм. Төр үүнийг аюулгүйн стандарт гаргаж түүнд нийгмийг шахаж мөрдүүлэх замаар иргэдээ болзошгүй осол аюулаас хамгаалдаг. Safety regulations буюу аюулгүйн зохицуулалтаас хэн ч чөлөөлөгддөггүй. Учир нь энэ бол Үндсэн Хуулийн эрх болох хүний амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй салшгүй холбоотой зүйл юм. Энд ямар ч улс төр байх ёсгүй бөгөөд цэвэр мэргэжлийн албадууд энэ асуудлыг хариуцаж эрхлэн явууулдаг.  

3.     Төрийн сүүлчийн үүрэг бол эдийн засгийн зохицуулалт (economic regulations) хэмээх зүйл болой. Магнайгийн саяын ярьсан зүйл бол энэ зохицуулалтаас чөлөөлөхийг ярьсан байх гэж итгэхийг хүсч байна. Эдийн засгийн зохицуулалт нь улс орныхоо хязгаарлагдмал зах зээлийг гадны оролцооноос хамгаалах, байгаа эдийн засгийн нөөц бололцоог хүн бүрд хүртээмжтэй болгох, өөрийн зах зээлээс хамгийн өндөр татвар хураах, эсвэл татвараар дарамтлахгүйгээр хамгийн сайн эдийн засгийн өсөлтийг бий болгож үндэсний баялагийг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлогын арга хэмжээнүүд байдаг. Эдийн засгийн зохицуулалт бол улс орны доторхи улс төрийн хүчнүүдийн санаа оноогоо уралдуулан улс төржих ёстой ганц сэдэв нь юм. Иймээс олон оронд зөвхөн үүнийг тойрч улс төржин ардчилсан сонгуулиудаа явуулдаг. 

Эндээс би улс төржилт огт орох ёсгүй safety regulations, улс төрийн шийдлээр л чиглүүлэгдэх ёстой economic regulations 2-г онцолж яримаар байна. Учир нь Security дээр улс төрийн дотоод маргаан огт байх ёсгүй бөгөөд тэнд эрүүл ухаанд суурилсан үндэсний эрх ашиг давамгайлсан шийдвэрээ дагаад явчихдаг тул энд хэлэлцэхэд хэт томдсон асуудал тул орхичихъё. 

Гэхдээ багахан тайлбар эхлээд хэлье:
SECURITY гэдэг үгээ бид хамгийн дээд түвшиндээ ч зөв орчуулан хэрэглээгүй байгаагаас ҮАБЗ хэмээх байгуулага оролцох ёсгүй олон зүйлд гүйж ордог бүтэц болчихлоо. SECURITY бол гадны халдлагаас хамгаалах гэсэн л үг юм. Иймээс үүнийг аюулгүй байдал биш аюулгүйн хамгаалалт гэж орчуулбал илүү зөв орчуулга болох юм. БАЙДАЛ гэдэг нь аливаа зүйлийн дотоод төлөв байдлын түвшнийг илэрхийлж байдаг тул SAFETY гэдэг үгний орчуулга болгон хэрэглэх нь илүү тохиромжтой.

Бас нэг тайлбар нэмье:
Монголд агентлагуудыг мөрдөс формтой л бол тохируулагч агентлаг, мөрдөсгүй бусад нь хэрэгжүүлэгч агентлаг хэмээн Засгийн газрын бүтэц тогтоох хуулиараа механикаар маш буруу хувааж ирсэн байдаг. Гэтэл тохируулах гэдэг үг нь regulate буюу зохицуулагч агентлагуудад таарах үг юм. Тэр зохицуулалтын үр дүнд хувийн хэвшил төрөөс эрх авах замаар тухайн салбарт хамаарах үйл ажиллагааг хийж гүйцэтгэж байдаг билээ. 
Харин төрөөс бусдад шилжүүлэн гүйцэтгүйлдэггүй батлан хамгаалах, хууль сахиулах, нийгмийн халамж үзүүлэх, шинжлэх ухааны туршилт гүйцэтгэх гэх мэт ажлуудын хийдэг бүтцүүдээ хэрэгжүүлэгч агентлагуудаар гүйцэтгүүлдэг. 

Тагнуул, цагдаа, нийгмийн халамж, татвар, хил, гааль, хүнс эмийн хяналт бол төр хэнтэй ч хуваалцалгүй, хэнд ч эрхээ шилжүүлэлгүй зөвхөн өөрөө гүйцэтгэх үүрэг хүлээдэг төрийн ажил үйлчилгээ байдаг. Иймээс эдгээр бүтцүүдийг ерөнхийд нь хэрэгжүүлэгч агентлагууд буюуimplementation agencies хэмээдэг юм билээ. Мөн зарим их гүрнүүдэд шинжлэх ухааны салбарт төрийн өөрийн санхүүжилтэй төслүүдийг хэрэгжүүлэх зорилгоор шинжлэх ухааны байгуулагууд байгуулж ажиллуулдаг. Соц үед ЗХУ-д маш олон эрдэм шинжилгээний хүрээлэн байсан ба өнөөгийн залуус АНУ-н NASA, DARPA зэрэг шинжлэх ухаан, туршилтын агентлагуудыг сайн мэдэх буйзаа. Ийм байгуулагууд ч бас хэрэгжүүлэгч агентлагт хамаардаг. 
Иймээс сонгуулийн дараа байгуулагдах шинэ УИХ Засгийн газрын тухай хууль хэлэлцэн батлахдаа өмнөх ойлголт, орчуулгын алдаануудыг залруулах ёстой гэж үзэж байна.  

Харин төрийн тохируулах буюу зохицуулах үүрэг SAFETY REGULATIONS болон ECONOMIC REGULATIONS чиглэлээр илэрч байдаг. Өөрөө хэлбэл хувийн хэвшил оролцон бизнес хийж байдаг бүх ажил үйлчилгээнд төрийн зохицуулалт хэрэгтэй байдгаас тэднийг зохицуулах ТОХИРУУЛАГЧ буюу REGULATOR-г төр бүтэцдээ байгуулдаг бөгөөд эдгээрийг агентлаг болон яам хэмээн нэрлэдэг. 

Тэдний зохицуулалтын гол механизм нь зөвшөөрлөөр зохицуулах, эсвэл зөвшөөрлөөс чөлөөлж өөрийн зохицуулалтанд шилжүүлэх, мөн бусад нөлөөлөлийн механизмаар зохицуулах зохицуулалт байдаг.  Тохируулах яам агентлагуудын гол багаж нь гэрчлэх үүрэгтэй гэрчилгээ, үйл ажиллагааны зөвшөөрөл олгосон лиценз хоёр юм.

Олон оронд аюулгүй байдлын зохицуулалт хариуцсан тохируулагч агентлагууд нь мэргэжлийн агентлагууд байдаг ба эдийн засгийн зохицуулалтын асуудлууд яамдуудын хариуцах хүрээний асуудал байдаг. Иймээс ардчилсан улсуудад сонгуулийн үр дүнгээр шинэ засаг захиргаа байгуулагдвал зөвхөн яамдуудад эдийн засгийн бодлогын өөрчлөлттэй уялдуулан албан тушаалын халаа сэлгээ хийдэг юм билээ. Ихэнх оронд эдийн засгийн зохицуулалтын ажлын байр улс төрийн давалгаанаас шууд хамааралтай байх ба тогтсон хугацааны лимит байхгүй байдаг. Харин аюулгүй байдал (safety) зохицуулалт нь цэвэр мэргэжлийн байгууллага байдаг тул тэнд улс төрийн ямар ч халаа сэлгээ хийдэггүй бөгөөд зөвхөн мэргэжлийн мерит зарчмаар удирдлага, бие бүрэлдхүүнийг сонгон томилдог. Иймээс ийм агентлагуудын удирдлагын ажиллах хугацаа 5 жил бх нь элбэг. 

SAFETY REGULATIONS гэж юу вэАюулгүй байдлын тохируулагч (зохицуулагчагентлагууд юу хийдэг вэ?

SAFETY гэдэг ойлголт төрийн зохицуулалтад орж ирсэн түүх их сонин. 
1932 оны Donoghue v Stevenson AC 562 хэргээс эхлээд хариуцлагагүй байдлын хохирлыг тогтоох болсноор 20-р зуунд олон нийтийн аюулгүйн стандартуудын хөгжлийг хурдасгаж төгөлдөржүүлжээ.  Donoghue v Stevenson-ы зарга их сонирхолтой. Хатагтай бааранд найзынхаа дайлсан шилтэй пивог ууж байтал түүн дотроос эмгэн хумс хорхойны үлдэгдэл гарч түүний хоолой руу орсныг залгиснаасаа болж бие нь эвгүйцжээ.  Энэ хэрэгт найз нь буруутай юу, пиво зарсан баарны эзэн буруутай юу, ер нь хэн буруутай вэ гэдэг асуудал үүсэж ирсэн байна. D хатагтай уг пивоны үйлдвэрлэгчийн эсрэг зарга мэдүүлж заргаа авчээ. Шүүгчдийн нэг Лорд Аткин хэргийг D хатагтайн талд шийдсэн reasoning буюу учир шалтгааныг тайлбарлаж хэлэхдээ “Аливаа хүн хөршөө хайрлаж байх ёстой.   Чиний хөрш  гэж хэн бэ?  Чиний хөрш бол чиний үйлдэл, эс үйлдлээс болж хохирч, гэмтэж болзошгүй тэр хүн” гэжээ. Энэ хэргээс хойш хүмүүс өөрсдийн үйлдэл, үйлдвэрлэлийн үр дагаварт санаа тавьж, хийсэн үйлдэл, үйлдвэрлэсэн бүтээгдхүүнээсээ болж бусдыг гэмтээж хохироохгүй байхыг төлөө онцгой анхаарах болсон байна. Энэ нь хөгжсөөр аюулгүйн бүхэл бүтэн тогтолцоо болсон байдаг.  

Таны өөрийн амьдрал дээр safety regulations хэрхэн ажиллаж таны хамгаалж байдаг тухай тайлбарлан хэлье. 

Та газар хөдлөлтийн дор хаяж 7 баллын чичиргээ даах, мөн гал гарвал аюулгүй зайлах боломжтой баригдсан байшинд амьдарч байгаа. Энэ барилгын аюулгүйн стандартыг барилгын аюулгүй байдал хариуцсан төрийн агентлаг гаргаж бүх барилгын байгуулага хувь хүнд мөрдүүлсэнээс ийм байна. Тэгээд гэрт чинь оруулсан цахилгааны хүчдэл нь хүнд аюулгүй 110-220 вольт байхыг хаа нэгтээ бас стандартаар зааж өгчээ. 

Таны өмссөн хувцас, ор дэрний даавуу болон хүүхдийн тоглоом хүртэл ахуйн хэрэглээний бүх эд зүйлс чинь аюулгүй материалаар, аюулгүй дизайнтай хийгдсэн байхыг бас хаа нэгтээ стандартчилж өгсөн байдгаас та тэдний тухай огт бодохгүйгээр гэмтэл осолгүй хэрэглэж байгаа юм. Хэрэв тэднээс аллерги үүсэх, тэд өөрөө шатах, хортой бодис байснаас хордох аюул үүсээд эхэлбэл тэр агентлагуудаас яаралтай шийдвэр гарган тэр бүх бүтээгдхүүнийг үйлдвэрлэгч эргүүлэн татах үүрэг хүлээлгэнэ. 

Та Хүнс Эмийн Агентлагын аюулгүй хэмээн зөвшөөрсөн үйлдвэрлэгч, импортлогчоос худалдан авсан аюулгүй хүнсээр хийсэн өглөөний цайгаа байнгын аюулгүйн хяналт тавьж байдаг цэвэр усны системээс авсан усаар чанасан цай хоолоо идсэнийхээ дараа гэрээсээ гарч roadworthiness certificate буюу замын хөдөлгөөнд тэнцэх гэрчилгээ  (манайхаар бол техникийн үзлэгийн) авсан машинаараа аюулгүйн стандарт хангаж барьсан замаар (харамсалтай нь манайд ийм зам ховор) төрөөс тогтоосон аюулгүйн дүрмийн дагуу замын хөдөлгөөнд орж ажилдаа ирдэг.  Ажлын байрандаа ирээд хөдөлмөрийн аюулгүй байдлын горимоор та ажиллах үүрэгтэй ба таньд тэр хөдөлмөрийн аюулгүйн горимоор ажиллах нөхцөлийг ажил олгогч тань хангаж өгөх үүрэгтэй. Хэрэв та өөрөө ажил олгогч бол таны үүрэг даруй хэд дахин нэмэгдэнэ. 

Жишээ нь та О.Магнайгийн хэлснээр та жирийн гуанз ажиллуулдаг байя гэж бодъё. Та өөрөө хүссэн үедээ өөртөө хүссэн байдлаараа хоол хийж идэх эрхтэй боловч хэрэв бусдад хоол хийж өгч бусдаас үүнийхээ төлөө мөнгө авахыг хүсвэл тодорхой хэмжээний аюулгүйн шаардлагыг заавал хангах ёстой болно. Үүнийг төр тусгай агентлаг гарган таныг албадах ч болно.  Эдгээр нь юу байх вэ. 
Юуны түрүүнд таны хийсэн хоол бусдыг хордуулах ёсгүй. Ихэнх оронд хоолны бизнес уламжлалт хүнсний технолгиуд л дээрээ суурилсан байдаг тул хоолны жор төрөл зүйл тал дээр асуудал бараг үүсгэдэггүй. Гэхдээ сүүлийн үед гарсан тахлын улмаас зарим улс орнууд уламжлалт зарим хүнс, жороосоо татгалзан хориглох хэмжээнд хүрч байгааг мэдэхэд илүүдэхгүй. Харин таны хийсэн хоол бусдыг хордуулсан бол хаа нэгтээ аюулгүйн горим алдагдсан байна гэсэн үг. Иймээс юун түрүүнд хүнсний хадгалалт, нийлүүлэлтийн суваг дээр аюулгүйн стандартыг төрөөс тавьдаг. Нийтийн хоол хийх түүхий эдийг байнга нийлүүлж байдаг та өөрөө таних нийлүүлэгчээс (knowing supplier) авсан байхыг олон оронд шаарддаг юм. Өөрөөр хэлбэр хийсэн зүйлээр нь бэлтгэсэн хоол хор болчихвол түүний түүхий эдийн гарал үүслийг тогтоох, тэр нь бусад хүнийг хордуулахаас сэргийлэх гэж тэр. Та жирийн захын наймаачны гар дээрээс нийтийн хоолны түүхий эд авч болохгүй. Та заавал албан ёсны түгээгч, борлуулагч, таньдаг фермер, хүнсний үйлдвэр, сүлжээ нэрийн их дэлгүүрүүдээс түүхий эдээ авч эхэлнэ. Ингэнгүүт эдгээр бизнесүүд ч таны бизнесийг дагаад хөгжих болно. 

Дараагийн шаардлага нь ариун цэврийн болон хог хаягдлын мэнэжментийн шаардлага. Сав суулга угаах стандарт, цэвэрлэгээний горим, хальтрхаас сэргийлсэн тэмдэг, чөлөөтэй ашиглах жорлон, тэр ч байтугай манай улсад тогоочоос нийгмийн халдварт өвчний  шинжилгээ хүртэл шаарддаг. Олон оронд хүнийг хоолны газар ажиллуулахдаа эмнэлэгийн үзлэг шаарддаггүй ч манайх шаардаад байдаг нь соёлын довтолгооны өмнөх бохир үе саяхан байснтай холбоотой байх. Үүнийг өөр ухаалаг шийдлээр халах ёстой болов уу.  

Мөн хэрэв барилга байгууламжинд үйл ажиллагаа явуулж байвал галын болон аваарын үеийн журам зэрэг аюулгүйн шаардлагууд нэмэгдэнэ. 
Ийм олон зөвшөөрөл гэрчилгээ илүү олон хүнд суртал үүсгэх мэт санагдаж болно. Гэвч энэ бүх шаардлагын стандарт байхад үүнийг бүгдийг нь нэгтгээд ганц гэрчилгээгээр хянаж болдог. Олон оронд орон нутгийн захиргаад нь мэргэжлийн агентлагуудын стандартыг нэгтгэн мөрдүүлдэг мэргэжлийн хяналтын хэлтсүүд байдаг. Тэр хэлтсийн байцаагчид төрөл мэргэжлийн агентлагуудад сургалтанд сууж олон төрлийн хянах эрх авсан байдаг. Жишээ нь миний 1996 онд очсон Тувуумба хэмээх Австралийн жижиг хотын захиргаанд нэг тийм 5 мэргэжилтэн байсан бөгөөд тэдний нэг нь тэр хотынхоо зам, нисэх буудал, суваг шуудуу, инженерийн дэд бүтцийг хянадаг эрхүүдийг авсан иргэний барилгын инженер (civil engineer) хүн байв. Тэр хүн холбогдох агентлагуудаас гаргасан хяналтын картуудаар биелэлтийг “тийм”, “үгүй” хэмээн бөглөх л үүрэгтэй. Манайхан 2001 онд Шинэ Зеланд явж туршлага судалж ирэхдээ орон нутгийн тийм хэлтсийн ажлыг харчихаад улс даяар мэргэжлийн хяналтын том бүтэц байдаг юм байна хэмээн эндүү ойлгосоноос буцаж ирээд МХЕГ хэмээх данхар бүтэц байгуулж төрийн бүх хяналтыг булаан авч тохсоноос бусад жинхэнэ нарийн мэргэжлийн яам агентлагууд хийх ажилгүй болсон юм.

Дашрамд хэлэхэд гэрчилгээ бол тусгай зөвшөөрөл биш юм шүү. Энэ бол иргэний хуулийн дагуу хоорондоо бизнесийн харилцаанд орж байгаа этгээдүүдэд төр хөндлөнгөөс гэрчилж уг харилцаагаа хар сэжиггүйгээр эхлүүлэх бололцоог хангаж өгч байгаа л хэрэг. 

Жишээ нь та А хотоос Б хот хүрэх хүсэлтэй. Түүнийгээ агаараар, эсвэл газраар тээврийн компаниудаар үйлчлүүлэн очих хүсэлтэй байж болно. Танд нэг компани бид таныг агаараар хүргээд өгье, та 100 мянган төгрөг өгчих гэж санал тавьж болно. Та тэр компанийг үнэхээр тийм чадамжтайг өөрөө шалгаж мэдэхгүй, таныг аюулгүйгээр тээвэрлэж чадах эсэхийг та шалгах боломжгүй. Ингээд та энэ хүмүүс үнэхээр агаараар хүн тээвэрлэж чадах уу хэмээн татвараа төлж, саналаа өгч байгуулсан төрдөө ханддаг. Төр мэргэжлийн агентлагаараа дамжуулан цаад компанийг зохих стандартын дагуу бүх зүйл нь хангагдаж байгаа эсэхийг шалгаж тогтоогоод энэ компани хүнийг агаараар аюулгүйн хүлээн зөвшөөрч болох стандартын дагуу тээвэрлэж чадна хэмээн гэрчилж гэрчилгээ олгодог. 
Ингээд тэр гэрчилгээ эзэмшигчтэй иргэн та тээвэрлэлтийн гэрээ байгуулах эсэхээ эргэлзэлгүй шийдэж болдог. 

Өөрөөр товчхондоо Safety-гийн тохируулагч агентлагууд нь төрийн зүгээс иргэн хуулийн этгээдийн бизнесийн аюулгүйн чадамжийг гэрчлэх үүрэг хүлээсэн гэрчилгээ олгодог байгууллагууд л юм. Үүнийг доор ярих бизнес эрхлэх зөвшөөрөл буюу лицензтэй андуурч ойлгохгүй байхыг хүсье.  

Аюулгүй хяналт тавих үйлчилгээг төрийн хяналт биш төрийн гэрчлэх үйлчилгээ гэж нэрлэх нь илүү зохимжтой нэршил гэж бодож байна. Төр аюулгүйн шаардлагад нь нийцээгүй бүтээгдхүүн, ажил үйлчилгээг аюулгүйн шаардлага хангасан хэмээн гэрчлэхгүй байхад л хяналт бүрэн хэрэгжчихнэ. Гэхдээ ямар ч зүйл 100% аюулгүй байдаггүй. Аюулгүйн стандарт нь тухайн цаг үе, байршлаас хамаарч чангарч, суларч байдаг хүлээн зөвшөөрч болох хэм хэмжээнүүд юм. Өнөөдөр аюултай гэж үзэж байгаа зүйлийг маргааш аюулгүй болохыг тогтоож шаардлагыг сулруулж болно. Жишээ нь 90-д оноос өмнө нисгэгч хүнийг харааны ямар ч асуудалгүй байхыг дэлхий даяар хатуу шаарддаг байв. Хараанаас шалтгаалсан асуудал үүсэхгүй олон зуун мянган нислэгийн дараа түүнийг (–3) хүртэл харааны шил зүүсэн байхад хүлээн зөвшөөрдөг болсон байдаг. Өөрөөр хэлбэл харааны шилтэй нисгэгч онгоцыг аюулгүй жолооддог хэмжээнд техник технолгои хөгжжээ гэдгийг хүлээн зөвшөөрсөн гэсэн үг. Өмнө нь бүхээгийн цонхоороо холыг сайн харсан нь аюулгүй нисэх боломжтойд тооцогддог байсан бол одоо өмнөө байгаа электрон хэрэглэлийн заалтуудыг зөв уншиж харж чаддаг байхад л аюулгүй нисэхэд хангалттай болтлоо техник хөгжсөн байна гэсэн үг. Иймээс аюулгүй шаардлага цаг тутам чангарах биш бас суларч болдог зүйл юм. 

Аюулгүйн зохицуулалт нь бүтээгдхүүн, үйл ажиллагаануудыг аюулгүй гэж гэрчлэхээс татгалзах эсвэл гэрчлэх замаар пассив байдлаар бизнес эрхлэх зөвшөөрлийг орлож байдаг. Ялангуяа эдийн засгийн зөвшөөрөл шаардлагагүй чөлөөт өрсөлдөөний орчин зарлагдсан салбаруудад аюулгүйн гэрчилгээнүүд бизнес эрхлэх зөвшөөрлийн үүргийг гүйцэтгэдэг. Ийм гэрчилгээнүүдийг халах нь нийгмийг аюулгүйн дархлаагүй болгож хүний болон бусад хүчин зүйлээс шалтгаалсан осол аваар үүсэх боломжийг чөлөөлсөн хэрэг болох тул иргэдийнхээ амьд явах эрхийг хамгаалдаг ямар ч оронд энэ төрлийн гэрчилгээнүүдийг олгох тогтолцоогоо цуцалдаггүй. Иймд энэ хавьд Магнайн амлалт биелэх онолын ч боломж байхгүйг хэлье.

ЭДИЙН ЗАСГИЙН ЗОХИЦУУЛАЛТ (ECONOMIC REGULATIONS)-н тухай хэдэн үг

Эдийн засгийн зохицуулалтын хүн төрөлхтөн мянга мянган жил хэрэглэж ирсэн байдаг. 

Товчхондоо тухайн эрх мэдлийн харъяалах нутаг дэвсгэрт аливаа хүн, аж ахуйн нэгж бизнес хийх эрх болон түүнд нөлөөлөх нөлөөлөлийн механизм ажиллуулахыг эдийн засгийн зохицуулалт гээд байгаа юм. 
Энгийн тоглоом шоглоомын үгээр ойлгуулахад өөр байрны хүүхэд манай байрны орчимд ундаа зарж болохгүй, хэрэв зарвал байрны атаманд үнэгүй нэг ундаа өг гэдэг бол эдийн засгийн зохицуулалт байсан билээ.  

Монголын эзэнт гүрэн эдийн засгийн зохицуулалтаараа гайхамшигтай байсан. Тэд бүх бизнесийг зохицуулалтаас чөлөөлөх зохиуулалтанд хамруулан, зөвхөн багахан хэмжээний татвар ноогдуулан халдашгүйн баталгаа гаргаж өгсөнөөрөө газар дээрх бизнесийн диваажинг үүсгэсэн юм. Энэ диваажинд дайсагнагч Араб, Оттаманы газар нутгаар дайрахгүйгээр очихоор зорьсон Колумб баруун зүг сэлэн явсаар Америк тивийг нээсэн түүхтэй гэдэг.  За түүх рүүгээ хэт огшин хадууралгүй цааш явъя.

Эдийн засгийн зохицуулалт үндсэндээ 3 механизмаар хийгддэг. 
Эхнийх нь татвар, хоёр дахь нь бизнесийн зөвшөөрөл буюу лиценз, гурав дахь нь өрсөлдөөний гаж практикуудыг хуулиар хориглох юм. 

Энэ нь төр засгийн эдийн засгийн бодлогуудын илрэл байх тул эдийн засгийн зохицуулалтыг төрийн яамдууд хариуцан авч хэрэгжүүлдэг. Боловсролын яам сургуулийн зөвшөөрөл, тээврийн яам гадаад нислэгийн зөвшөөрөл, эрүүл мэндийн яам эмнэлэгийн зөвшөөрөл, уул уурхайн яам уурхайн зөвшөөрлийг шийдэх замаар эдийн засгийн зохицуулалт хийдэг гэсэн үг.  Тэхдээ зохицуулахын тулд зохицуулаад байдаг ч юм бас биш. Нийгэмд байгаа бүх гүйлгээ, үйл ажиллагаануудаас нийлбэр дүнгээр хамгийн их татвар цуглуулах нөхцөлийг бүрдүүлэх алгоритмыг бодох нь эдийн засгийн зохицуулалтын гол зорилго байдаг. Энэ бодлогыг улс төрийн хүчнүүд өөр өөрийнхөөрөө янз янзаар боддог ба түүнийгээ турших боломжийг сонгуулиар уралдан олж авцгаадаг. 

Нэг хэсэг нь өрсөлдөөнийг чөлөөтэй тавьсанаар татвар төлөгчийн бааз нэмэгдэж татварын хуримтлал өсөн нийгмийн халамжинд зарцуулах мөнгө нэмэгдэнэ гэж хардаг. Ширүүн өрсөлдөөний дүнд баялаг ихээр үүсэх боловч энэ нь хэт өрсөлдөөнд хүргэн хэн нь ч ашигтай ажиллах боломжгүй болмогц олноороо дампуурч, үүнийг дагаад хөрөнгийн зах зээл уналтанд ордог. Нью Йоркт 1929 оны тэр өдөр яг ийм л зүйл болсон билээ. Хэт өрсөлдөөн нь хяналтгүй орхивол эсрэг үр дагавартай болох нь үүнээс илт байна. Өрсөлдөөний дүнд олсон их татвар өрсөлдөөний дүнд ядуурсан олныг халамжлахад ч хүрэлцдэггүйгээс нийгмийн тогтворгүй байдал үүсч улмаар дайн самуун дэгдэх нь ч бий. Үр дүнд нь либерализм сөнөж диктатур тогтох болдог.

Нөгөө нэг улс төрийн хүчнүүд зохицуулалтыг хэт өргөжүүлж бүх хүн бизнест орон зайг нь хүчээр тогтоон өгөхийг оролддог. Үүний үр дүнд бүтээлч сэтгэлгээ хумигдан, бүтээмж буурч эдийн засаг мөн л гунддаг. Халамж хүсэгчдийн тоо 1929 оны их хямралаас ч давж гардаг.

Иймээс дэлхий улс орнууд аль нэг тийш туйлшрахаас сэргийлж ерөнхийдөө холимог, хибрид эдийн засгийн бодлого баримтлах болсон. Тэд зохицуулах шаардлагатайгаас бусдыг чөлөөтэй тавих ерөнхий чиг хандлага руу явдаг болсон байна.    

Эхний зохицуулалтын арга бол татвар. Татварыг бизнесийн зөвшөөрлөөс чөлөөлөгдсөн, чөлөөт өрсөлдөөн зарлагдсан үйл ажиллагаанд ихээр хэрэглэж хөндлөнгөөс нөлөөлөн зохицуулахад их хэрэглэдэг. Өөрөөр хэлбэл нэгэнт чөлөөтэй байгаа үйл ажиллагааг эдийн засгийн нөлөөлөлийн өөр механизм ажиллуулж төрөөс зална гэсэн үг. 
Тухайлбал 
-      үл хөдлөх хөрөнгийн татвараар хот суурингийн нягтаршилыг
-      замын татвараар түгжрэлийг. 
- гаалийн татвараар дотоодын зах зээлийг хамгаалах, гадаадын импортыг хязгаарлах, экспортыг нэмэх хасах эсэхийг
- худалдааны болон орлогын бүсчилсэн татвараар бизнесийн байрлалыг зохицуулдаг жишиг олон оронд нэгэнт тогтжээ. 
Их татвартай газраас зугатаж бага татвартай газар руу шилжих үзэгдэл энэ механизмыг гол үр дүн юм. 

Гэхдээ татвараар зохицуулахыг оролдоод ч амжилтанд хүрэхгүй үе үүсдэг. Ялангуяа бүх хүний бизнесийн эрх чөлөөтэй үед бүгд татварыг тоохгүйгээр өрсөлдөөнд орж хэн нь ч ашигтай ажиллахгүйгээс бүгд дампуурах байдалд хүрдэг. Энэ үед бизнесийн лиценз гэх зүйлээр дамжуулан зохицуулдаг. 

Бизнес лицензийн гол зорилго нь өрсөлдөөнийг төрийн тодорхой хугацаатай бодлогоор хязгаарлаж бизнесүүдэд хөл дээрээ тогтох, байгаль орчны хамгаалах болон нийгмийн үйлчилгээг тогтвортой хүртээх зорилгоор өрсөлдөөнийг хязгаарлах зорилго байдаг.

Би 3 жил амьдарч үзсэн Австралиас жишээ болгон энгийн амьдралд нөлөөлөх бизнесийн зохицуулалт хэрхэн хийдэг тухай өгүүлье.
Та Гүүгл маап буюу сансраас авсан газрын зурагтай сайт руугаа ороод Австралийн дурын хотын хүн амьдардаг дүүргүүдийг ойртуулаад нэг хараарай. Ялангуяа том том замаас буйдхан зайдуу байх айлын хаусан хороололуудыг анхааралтай ажигла. Тэр олон айлуудын дунд  3-4 км тутамд ямар нэгэн үйлчилгээний байгууламжууд бөөгнөрсөн байхыг та харах болно. Тэр бол локал бизнес төвүүд буюу тухайн хороололынхонд үйлчлэх төвүүд юм. Тэр төвүүдэд юу байрладаг вэ гэвэл нэг бензин клонк, нэг аптек, нэг хүнсний дэлгүүр, нэг бэйкэри, нэг лоттерей ажиллуулдаг пиав баар, нэг жижиг ресторан, нэг сонины мухлаг, нэг элдэв зүйлийн засварын шоп, нэг шүдний эмнэлэг, нэг үл хөдлөх хөрөнгийн агент, нэг үсчин байх нь бараг жишиг. Яагаад бүх зүйлээс зөвхөн нэг нэг байна вэ гэдэг нь анхаарал татах гол зүйл нь юм байгаан. 

Чөлөөт зах зээлийн нийгэмд юу ч хийх чөлөөтэй байх ёстой бусуу? 
Тэд 1929 оны хэт өрсөлдөөнөөс үүссэн хямралынхаа сургамжийг сайн авсан бололтой. Тухайлбал ойр орчмын 200-300 гаруйхан байшинтай жижиг зах зээл дээр тэнд байгаа ганцтай ижил үйлчилгээ гаргаад өрсөлдөөд эхэлбэл аль ч бизнес нь өртгөө хааж ашиг хийж чадахгүй дампуурах болно. Хэрэв бизнесүүд дампуурчихвал тэр айлуудад хэн эм зарж, хэн үсийг нь засаж, хэн талхыг нь дөхүүлж өгөх вэ. Иймээс бизнесүүдийг ерөнхийд нь чөлөөтэй зөвшөөрсөн боловч байрлалаар нь хязгааарлаж зохицуулахын тулд олгодог бизнес лиценз бий болгодог байна. Монголд бүх аптекүүд нь 40 мянгатаар эгнэчихсэн байж байхад хотын захын хороололд аптекгүйгээс нялхас халуурч бүлээрч байх энүүхэнд байдаг нь чухамхүү ийм эдийн засгийн зохицуулалт байхгүйтэй холбоотой юм. 

Австралийн зургийг өщөө томруулж хайвал хотуудын zoning их тодорхой харагддаг. Хаана аж үйлдвэрийн бүс, хаана суурьшилын болон ногоон бүс байхав нтр гээд. Аж үйлдвэрийн бүсүүдийн гудмаар нь ороод street view харвал та тэнд төрөлжсөн буюу cluster үйлчилгээнүүд харагддаг. Ямар үйлдвэрлэл, үйлчилгээнүүдийг ингэж төрөлжүүлээд нэг дор байгуулаад байдаг нь ч бас бодлоготой. Энэ нь нэг нэгнээсээ хол байрлавал үнийн огцом хэлбэлзэлтэй зөрөө үүсгэн хэрэглэгчийг сонголтгүй болгох боломжтой авто худалдаа, автосервис, барилгын материал, мебель, автомашин түрээсийн үйлчилгээ, агаарын тээвэр зэрэг хүний наад захын хэрэгцээ биш бөгөөд нэлээн хөрөнгө оруулалт шаарддаг үйлдвэрлэл үйлчилгээнүүд байдаг. Үндсэндээ хамтын дундын хог хаягдлын мэнэжменттэй байх хэрэгцээтэй, дуу чимээ болон бусад орны нөлөөлөл ихтэй үйлдвэрлэл үйлчилгээг нэг дор бөөгнөрүүлж бусдад үзүүлэх сөрөг нөлөөлөлийг нь бөөнд нь тусгаарлахын тулд ийн байрлуулдаг ажээ. Энд бас л бизнесийн лиценз авна. Тэхдээ бизнесийн лиценз нь юу хийхийг заахгүй харин хаана юугаа хийхийг зааж байдаг. Хэрэв өөрийн чинь бизнес хийх хүсэлтэй байрлалд бизнесийн лиценз дууссан бол чи өөр байрлалыг эрж олоод тэнд дуртайгаа хийх эрх авна. Та нар анзаарсан бол өндөр хөгжилтэй орнуудын хот хөдөөгүй бизнесүүд нь жигд тархсан, хот хөдөөгийн ялгаа бараг байдаггүйгийн гол нууц нь бизнесийн байрлал хуваарилах эдийн засгийн зохицуулалтын энэ механизм л юм. 

Өөрийн мэдэх агаарын тээврийн тухай өгүүлэхийг хүсэж байна. Агаарын тээврийн үйлчилгээ дотоодод бол чөлөөт өрсөлдөөн дээр суурилсан зарчимд 2005 оны 10-р сард үндсэндээ шилжсэн. МИАТ, АэроМонголиа компанийн дотоодын нислэгийн үнэ, чиглэл, нислэгийн давтамжийг төрөөс хянан зохицуулж зөвшөөрөл олгодог явдал тэр үед цуцлагдаж дотоодын агаарын тээвэр зохицуулалтаас бүрэн чөлөөлөгдсөн юм. Харин олон улсын тээвэрлэлт бол өөр горимоор явдаг. Олон улсын агаарын тээвэрт засгийн газар хоорондын агаарын харилцааны хэлэлцээрт заасан тооны тээвэрлэгч л заасан давтамжийн хүрээнд тээвэрлэлт хийдэг. Агаарын харилцаатай хоёр орны дундын зах зээлээс хэн хэн нь илүү орлого олж, ажлын байр үүсгэх уралдаан тэнд бий. Олон улсын агаарын харилцааг хэт либералчилж чөлөөтэй тавьбал хүчин чадал муутай үндэсний тээвэрлэгчтэй улс орнуудын авиакомпаниуд дампуурч алга болдог. Унгар, Болгарын тээвэрлэгчид ийм байдлаар дампуурч алга болсон. Литов, Эстонийн тээвэрлэгчид мөн дампуурч Балтийн 3 орны тээвэрлэлт Латвийн тээвэрлэгч Эйр Балтикт шилжсэн байдаг. Скандинавт ч мөн адил. Гэтэл тийм найрсаг хөршүүдгүй манайх шиг улсад хэт задгай орхивол Монгол улс далайд гарцгүй дээрээ агаарын гарцгүй болохоос цааш хэтрэхгүй. Иймээс агаарын тээврийн лиценз болох нислэгийн томилгоо, гадаадын тээвэрлэгчийн зөвшөөрөл гэдэг зүйлийг ЗТЯ, ИНЕГ-с олгож зохицуулдаг юм.  

Уул уулхайн лиценз бол цэвэр эдийн засгийн зохицуулалтын арга хэмжээ байдаг. Байгаа баялагаа хэдий хугацаанд хэрхэн яаж ашиглах, ашиглуулах, хамтран ашиглах вэ гэдэг бол эдийн засгийн бодлогын дагуу гардаг шийдвэр. Мэдээж уурхайн аюулгүйн горим, байгаль орчны асуудал зэрэг нь safety regulations-ын асуудал тэнд бий. Гэвч үндсэн зөвшөөрөл нь эдийн засгийн зөвшөөрөл бөгөөд үүнийг Эрх баригч хүчний уул уурхайн бодлогын хүрээнд шийддэг. 

Хамгийн сүүлчийн эдийн засгийн зохицуулалтын арга бол өрсөлдөөний хуулийн зарчмуудыг албадах явдал байдаг. 
Өрсөлдөөний хуулийн гол нэг зарчим бий. Энэ нь хөрш байгаа өрсөлдөгчтэйгөө ижил үнэ гаргахыг хориглох явдал. Ижил төрлийн ижил бүтээгдхүүнийг ойролцоо байрлалд нэг үнээр зарахыг л хориглочихдог. Энэ нь үнэ буух гол нөхцөл болж өгдөг. 
Та нар анзаарсан бол гадаадад зэргэлдээ клонкууд дээр ижил маркийн бензин өөр үнэ харуулсан байдаг. Ерөнхийдөө ижил үнэ боловч бутархай центээр зөрүүтэй үнэ байдаг. Хэрэглэгчид арай хямд харагдсан клонкоос бензин их авдаг сэтгэл зүйн онцлогийн үүднээс хямд үнэ харуулсаных нь борлуулалт өсөж нөгөөгийнх нь буудаг. Нэгэнт ижил үнэ хориотой тул үнээ буулгахдаа хөршийнхөө үнэнээс бага болгодог. Ингэж өрсөлдөн үнэ буусаар нэг нь тэсэлгүй үнээ өсгөж нөгөөх нь үнээ дагаж өсгөх байдлаар үнээ хэлбэлзүүлдэг. Гэхдээ л үнэ дахин уралдан бууж эхэлдэг. Энэ зарчмыг 1890 онд Шерманы хуулиар нээснээс хойш олон оронд авч хэрэгжүүлсэн. Монгол хууль нь бий ч хэрэгжүүлэлт нь Магнай шиг харанхуй популист хүмүүст Өрсөлдөөний газрын эрх мэдэл оччихдог тогтолцооноос болоод орхигдож хаягдсан байдаг юм.

Гэхдээ хамгийн чухал нэг зохицуулалт бас бий. Энэ бол том бизнесийн том мөнгөөр жижиг бизнесийн орон зайг булаан эзлэхийг хориглодог явдал юм. Монголд маш түгээмэл маш аюултай гаж практик бол энэ. Тэнд бол уул уурхай, банк, хүнд аж үйлдвэрийн асар их мөнгөний эргэлттэй том бизнесүүд дэргэдээ өөр бизнэс эрхлэх, ялангуяа жижиг дунд бизнесийн орон зай руу орохыг тас хориглодог юм байна. Боинг-д жишээ нь өөрийн гуанз байтугай, онгоцонд угсардаг дугуй, сандлын үйлдвэр ч байхгүй. Тэр нь Сиэтлийн хотын төвөөс Боингийн үйлдвэр хүртэл байрших олон жижиг үйлдвэрт үйлдвэрлэгдэж том бизнестээ нийлүүлэгддэг. Та нар Оюу толгой туслан гүйэтгэгч авахгүй болтлоо бүх зүйлээ дотроо хийгээд эхэлбэл яахыг боддоо. Хэрэв тэгвэл Монголын эдийн засаг даруй 20%-р агших болно. 
Том мөнгө илүү хямд бүтээгдхүүн үйлчилгээ нийлүүлж жижиг дунд бизнесийг олноор нь дампууруулдаг. Энэ нь олон хүний ажлын байрыг булааж ажилгүйдлийг нэмэгдүүлдэг байна.  Хэсэг хугацааны дараа нөгөө том бизнес өрсөлдөгчгүй болж авмагцаа монополь байдлаа ашиглан үнэ нэмж хэрэглэгчдийг дарамтанд оруулдаг. 
Иймээс энэ жижиг дунд бизнсийн орон зайнд том бизнес нэвтрэхийг хориглохоос гадна монопольчлох, нэгдэл, худалдан авах замаар монополь үүсэхийг олон оронд хориглодог. Энэ талын хамгийн анхны хууль нь 1914 онд гарсан Клейтоны хууль гэж нэгдэх хэлцлийн дүнд монополь үүсгэхийг хориглосон алдартай хууль бий.  

Эцсийн эцэст төрийн эдийн засгийн бодлогын гол зорилго нь ард олныг сайхан хангалуун амьдрал юм. Үүнд хүрэхдээ зэрлэг өрсөлдөөнд оруулж олсон мөнгөөрөө өрсөлдөөнд ялагдсан арми тэжээх үү, бүгдийг нь хатуу барьж ард түмнээ нийтээр нь гундаагаад хавтгайд нь асрах уу, эсвэл боломжуудыг тэгш хуваарилан бүгдэд өөр өөрийгөө дор дороо аваад явчих замыг засаж өгөөд төрийн нуруун дээр ирэх халамжийн ачаалалаа бага байлгах уу гэдэг сонголтыг олон орон хийж ирсэн. Өндөр хөгжилтэй улс орнууд гурав дахь зам руу их явж байна. Монгол улсад ийм юм ойлгодог улс төрч хэдэн ширхэг байдаг бол? Хүссэн ч эс хүссэн ч энэ зүйл рүү бид очих л болно. Энэ сонгуулийн дараа хүрэх боломж бий, эсвэл 100 жилийн дараа ч хүрээгүй тууж явах боломж бас байгаа. Энэ бол төрд бид ямар боловсролтой, хэр зэрэг юм ойлгох чадвартай хүмүүс сонгож гаргахаас л шалтгаална. Хууль ном нь тэнэг байхад ямар ч сүпермэн гараад юу ч өөрчлөхгүй. Иймээс эхлээд хууль дүрмээ л зөв болгох хэрэгтэй байна. Үүний тулд ардын авъяастан, хүчтэн, хөрөнгөтөн, уран уншигчдад биш зүгээр нь ном уншдаг, сэтгэдэг, шийдэл олдог, газар үзэж нүд тайлсан залуустаа эрх мэдлээ түр боловч өгөх ёстой юм. Танд төрийн тэр эрхийг хэнд өгөхийг шийдэх эрх нь бий. Тэр эрхээ 6 сарын 24нд бодолтой эдлээрэй. Та популистуудпыг  энэ сонгуулиар нэгийг ч үлдээлгүй пялж чадах эсэхээс энэ улс орон зөв гольдрилдоо хурдан орох эсэх шууд хамаарна шүү.             

Sunday, June 7, 2020

Лу.Болдын гавъяа

1996-2000 онд УИХ-д олонхи болсон Ардчилсан Холбоо Эвслийн 3 засгийн газрыг Н.Энхбаяраар толгойлуулсан МАХН элдэв арга хэрэглэн унагааж дөнгөсөн юм. Энэ самрааны хамгийн том хохирогч нь Монголын ард түмэн, Монголын ардчилал болсон бөгөөд улс төрийн халаа сэлгээ, хуйвалдаан тэмцэлдээний золиосонд УИХ гишүүн С.Зориг амь үрэгдэж, Хууль зүйн сайд асан С.Батчулууны амь хохирсон эмгэнэлт үйл явдлууд хөвөрч, өнөөгийн нийгмийг бүхэлд нь атган хянаад байгаа НАХЯ-ны хойд дүрүүд хүчийг авах нөхцөл тэр үед бий болсон билээ. Байгуулагдаад хэдхэн сарын нүүр үзэж байсан Ардчилсан Холбоо Эвслийн 4 дэх ЗГ болох Р.Амаржаргалын ЗГ-г  1999 оны өвөл унагаах боломж байна хэмээн намынхан нь хорхойсон хэлэхэд тэр үеийн МАХН-н ЕНБД агсан Л.Энэбиш УИХ дахь нөхөддөө хандан “Та нар ард түмнээ бод л доо” хэмээснээр Р.Амаржаргал нэг жил засаглаад халаагаа Н.Энхбаярт өгсөн түүхийг өнөөгийн олон шинэхэн сонгогч бараг мэдэхгүй байх. 

Хэрэв та нарын ой санамж хэвээрээ байгаа бол өнөөдөр АН-ы нэр дэвшигчдийн бараг роль модель нь болж, Сэлэнгийн сэмбэгэр уба гэгдэж байгаа С.Баярцогтыг 2016 оны сонгуулиар битгий сонгоорой хэмээн АН-ыхан бөөнөөрөө уриалан орилж байсан нь саяхан. Ингэхдээ өөрсдөө Баярцогтоос илүү гоё харагдан сонгогдоно хэмээн найдацгаасан ч санаархал нь талаар болсон билээ. Өнөөдөр АН удирдлагууд өчигдрийн бөөлжис Баярцогтыгоо долоож түүний авчирч магадгүй суудлыг өөрсдийг нь эрх мэдэлд хүргэх гишгүүр хэмээн харж цээжний хонжоо хийн сууна.

Яг одоогийн байдлаар АН-хан С.Баярцогтод хэрэглэж байсан мөн л аргаа давтан Лу.Болд хэмээх ардчилалын анхдагч руугаа бөөн бөөндөө дайрч байна. Түүн шиг муу хүн алга. Тэдний хэлж байгаагаа Лу.Болдын гол нүгэл нь Хүрэлсүхийн Засгийн Газрыг авч үлдэх талд кнопоо дарж Хүрэлсүхд МАНАН-тай үзэлцэх боломж олгосон явдал байлаа. Лу.Болдыг өөрөөр миалах боломж тэдэнд тун ховор. Ямар 90 оны партизан, эдийн засгийн реформуудыг гардан гүйцэтгэгчийг нэг, хүний эрхийн төлөө тэмцэгч, гадаад харилцааг сайжруулагч гэж муулж миалалтай биш. 

Болд яагаад Ардчилсан намынхандаа гадуурхагдах болов?
Үйл явдал ингэж эхэлсэн юм. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар жилийн өмнө ил болоод байсан МАН дарга М.Энхболдын холбогдсон 60 тэрбумын хэрэг гэх хэргийн дуулиан оргилдоо хүрсэн юм. Энэ нь сайндаа ч биш Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө амжиж хэргийн гол гэрч Доржкодов хэмээх залууг чимээгүй болгох, болж өгвөл ямар нэгэн байдлаар үгүй хийн устгахыг оролдсон байж болох ажиллагааг М.Энхболдын гар хөл болох Сандуй Ганбаатар нар хүчний байгууллагын оролцоотойгоор авч хэрэгжүүлсэн байдаг. Доржзодов өөрт нь ирж буй аюулаас аврал хайхдаа хүний эрхийн мэдрэмжтэй хэд хэдэн хүнтэй холбогдон туслаж зөвөлгөө хүссэний дотор 90 оны ардчилсан хувьсгалыг манлайлагчдын нэг, хүний эрхийг эрхэмлэгч УИХ-н гишүүн Лу.Болд байсан юм. 

Лу.Болд энэ хэргийн гэрчтэй уулзсан даруйдаа түүнийг хамгаалахын тулд олон нийтийг мэдээлэлтэй болгон төр зарах хуйвалдааны талаар сэрэмж үүсгэх (awareness) үүднээс УИХ-н олон нийтийн сонсгол санаачлан зохион байгуулсан байдаг. Түүний итгэл үнэмшилд байх хүний эрхийг хамгаалах, Монгол төрийг зарахыг хэзээ ч зөвшөөрөхгүй үзэл санаа нь тууштай байсны илрэл нь энэ шуурхай реакцаар нь тод харагдсан гэж хэлж болно.  Лу.Болдын 60тэрбумчидтай хийсэн тэмцлийг тухайн үеийн АН-с Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулга хүчтэй дэмжсэнээр улам эрчийг авч улмаар төр зарахыг эсэргүүцсэн ард түмний дургуйцэл нэмэгдэн ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан Намыг ялуулсан үр дүнд хүрсэн билээ. 

Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд ялагдсан МАН дотор хүчний баланс өөрчлдөгдөж тус намын хүчтэй лидерүүдийн нэг У.Хүрэлсүх намынхаа удирдлага, Засгийн газрыг гартаа авсан байдаг. Гэвч МАН дахь ялагдсан тал гараа хумхийн суусангүй. Өмнөх Ж.Эрдэнэбатын ЗГ-н үед журмыг нь өөрчлөн баталж байгаад УИХ гишүүдийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдэд алсын бодлоготойгоор тарааж булсан мина болох ЖДҮ хэмээх сенсаацаа тэд тэслэсэн юм. Уг алсын бодолтой урхинд гэр бүлээрээ аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг ирээдүйтэй олон залуу улс төрч гэнэдэн орсон байдаг юм билээ. Ийм урхи тавьсанаараа Монголын хамгийн том намд М.Энхболдыг мөргөн гарч ирэх нэр цэвэр залуу улс төрчгүй болгох алсын зорилготой байсан ч байж магадгүй юм. Яг үнэндээ төрөөс хулгай хийгээгүй, аж ахуйн ил тод үйл ажилалагааг хуулийн дагуу эрхэлж байсан хүмүүс хямд санхүүжилтийн тэр урхинд нь орж явчихсан нь тийм хэрэг байлаа. Гэмээ ухаарч алдаагаа нэн даруй засан уучлал хүссэн Ж.Энхбаяр нарыг хамгийн ихээр гутаан чичилцгээсэн нь тэрээр МАН-ы хамгийн ирээдүйтэй залуу лидерүүдийн нэг байсантай холбоотой гэж үзэж болохоор. Тэднийг төрөөс хэдэн зуун тэрбумаар нь хусчихсан хулгайчууд мөн ч их шоолсон доо. Шоололтоо шоглолт болгож шинэхэн байгуулагдсан Засгийн Газрыг унагаах операциа эхлүүлсэн. Хамгийн шог нь тэр ЖДҮ журмыг өөрчилсөн, тараасан хүмүүс ЖДҮ урхинд орж хар саналгүй авсан хүмүүсээ буруутган улс төр хийж эхэлсэн. 
ЖДҮ сенсаац Монгол Улсын Засгийн Газрыг унагаах гол хөшүүрэг болон ашиглагдсан юм. 
Яг энэ үед Лу.Болд хамтран зүтгэгч С.Зоригийнхоо хэлсэн эрх ашгийн эрэмбэ гэж юу байхыг дахин харуулсан билээ. Засаг төрийн хямрал ард түмний амьдралд хэзээ ч сайнаар нөлөөлөхгүй, нэмээд 60 тэрбумын луйварчид төрд буцаж бяр орвол энэ улсаас мэргэжил боловсролтой залуус дайжин зугатаж, улс орондоо шудрагаар зүтгэх урам зориг нь хугарах байсныг тэрээр олж харж Хүрэлсүхийн ЗГ-ыг авч үлдээх талд сонгогчдынхоо итгэн хүлээлгэсэн бүрэн эрхийн дагуу саналаа өгсөн байдаг. Гэтэл тэр үед маш санамсаргүй зүйл болж 60 тэрбумаар улс төр хийн Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан Ардчилсан Намын дарга 60 тэрбумынхаа талд санал өгч АН-ы гишүүд дэмжигчидээ шоконд оруулах нь тэр. ЗГ-ууд огцорч ч байвал сайн байдаг хуучин 1996-2000 оны МАХН-н тактикийг тэд өөриймшүүлэхээр шийдсэн байсан бололтой. Юутай ч Лу. Болд болон түүнтэй санаа нийлсэн Ж.Батзандан нар АН-с гарсанаар энэ асуудал өндөрлөсөн.  

Лу Болд тэр үед улс төрийн эрсдэл өөртөө авахаас цааргалаад У.Хүрэлсүхийн Засгийн газар огцорчихсон байсан бол юу болох байсан бэ?

Шууд хэлье. Утаа арилахгүй байх байсан. Утаа арилаагүй тул Улаанбаатарын ихэнх иргэний уушиг тахлын өмнө эмзэг хэвээрээ л байх байсан. Өнгөрсөн өвлийн тахал гэмээр ханиад Улаанбаатарчуудын мянга мянгаар нь хороох байсан. 
Дахин шууд хэлье. Уханьд тахал дэгдэхэд хилээ шуурхай хаан сэргийлж чадахгүй байх байсан. У.Хүрэлсүхийг огцруулаад 60 тэрбумын ЗГ байгуулдагдсан бол урд хөршийнхөөө сэтгэлд сэв хийчихнэ гэж алцагнасаар улс орноо тахлын түймэрт тавьж өгөх байсан байх гэж би боддог.  Бас хамгийн чухал зүйл бол Хүрэлсүхийн 60тэрбумынхантай хийж буй эрс шийдэмгий тэмцлиййн үр дүнд албан тушаал зарах, ил цагаан намчирхах үзэгдэл төрийн албанд нам болсон. Олон яам агентлагт дарга нар нь намчирхах санаархал байвч урьдын адил ил цагаан таахалзах нь ор мөргүй арилсан. 10 жилийн өмнөх “Зөгийн үүр” санаачлагаар гаднаас ирж байснаас дутахгүй олон гадаадад төгсөгч Монголоо зорих болсон. (ЗГХЭГ дарга л гэхэд 30 орчим өндөр боловсролтой залуусын баг бүрдүүлж чадаж байсныг та санаж байна уу)

Энэ бол Хүрэлсүхийн ЗГ огцрохгүй үлдэж чадсаны шууд үр нөлөө юм. Өөрөөр хэлбэл Лу. Болд нар улс төрийн капиталаа зөв зүйлд золиослосоны шууд үр дүн юм.  

Хэрэв Лу.Болд ЗГ-г хамгаалалцаж үлдээгээгүй бол Ц.Сарангэрэл сайд  цар тахалтай тэмцээд явж байхгүй, түүгээрээ улс төрийн гол хөзрөө болгон Лу.Болдтой өрсөлдөж байхгүй байх байсан. Лу. Болд улс төрчийн хувьд улс орноо бодсондоо нэг тойрогт өрсөлдөх ирээдүйн өрсөлдөгчөө хүртэл засагтай нь үлдээж чадсан байж. 

У.Хүрэлсүхийн ЗГ-г унагаахаар оролдоод бараагүй нөхдүүд дараа нь хамгийн чадварлаг сайдуудын нэг  Я.Содбаатарыг нь оролдсоор өөрөө өргөдөл өгөн огцрох нөхцөл үүсгэсэн улс төрийг тэр үед хийсэн юм. Энэ хийрхэлийн үр дүнд ажил зохион байгшуулах асар их чадвартай Я.Содбаатар ажлаа өгч, харин түүний оронд өөрөө ажил хийж мэдэхгүй, өрөөлөөр ч ажил хийлгэж мэдэхгүй Б.Энх-Амгалан гэдэг хүн Зам тээврийн салбарт ирсэнээр Дарханы зам гамшиг болж хэдэн зуун хүн амь бие, эд хөрөнгө, цаг боломжоороо хохирсон. Ганцхан наана цаанаа бодохгүй хэт улс төржилтийн төлбөр нэг иймэрхүү байна. Төлбөрийн хүнд гол нь ард түмэн дээр л тусдаг. 

Я.Содбаатарын ажил зохион байгуулах чадвар, нөхцөл байдлын оновчтой шийдлийг олдог эсэхэд эргэлзэж байгаа хүн түүний удирдаж байгаа МАН-ы сонгуулийн штабын ажил болон энэ сонгуулийн үр дүнг харчихаад дараа нь надтай маргаарай.

Мэдээж ЖДҮ боломжийг дуун дээр шүүрэн ашигласан хүмүүсийн алдаа энд зөндөө бий. Гэхдээ энэ бол бодлогоор дараа үеийнхээ залуу лидерүүддээ хөгшчүүлийнх нь тавьсан занга байсныг тэд нэг их удалгүй ойлгосон. Иймээс тэд ЗГ-аа үлдээж, УИХ даргаа сольцгоосон. Энэ нь ч зөв болсон доо. 

Өнөөдөр МАН-ы өнгөрсөн жилүүдийн амжилтыг магталцаж байгаа бүх хүн энэ амжилт ололтод хүрэх боломжийг улс төрийн капиталаараа дэнчин тавьж үлдээсэн Лу.Болдод талархах хамтад нь ёстой шүү. Хан-Уулынханд Лу.Болдоос саналаа битгий харамлаарай гэж уриалмаар байна. Энэ бол танай дүүргийнхэн шиг гадаад орноор их аялдаг, гадаад харилцаа ихтэй аж ахуйн газруудтай дүүрэгт бүүр ч их хамаатай асуудал юм.   

Өнөөгийн дэлхий корона, арьс өнгөөр ялгаварлалын эсрэг тэмцэл, Америк-Хятад, Баруун-Оросын тэмцэл, ойрхи дорнодын нөхцөл байдал, эдийн засгийн глобал уналт зэрэг сүүлийн 30 жил тохиолдоогүй геополитикийн их чичиргээнд тулж ирээд байна. Ийм ээдрээтэй цаг үед гадаад харилцааны торгон мэдрэмжтэй Лу.Болд төрд хэрэгтэй юм. Баабар гуайн хэлсэн үг байдаг. “Лу Болдын үед гадаад харилцаа сайжирдаг” гэж.
Болд гишүүн дахин ГХЯ сайд болдоггүй юмаа гэхэд парламент хоорондын гадаад харилцааг хамгийн сайн хөгжүүлж чадах цөөхөн хүний нэг. Түүнтэй энэ талаар БХ сайд Н.Энхболд гуай л хамгийн ойр хэмжээнд зэрэгцэж чадах хүн гэж би хардаг. Тэр 2 бол Монгол төрийн үндсэн 2 яамыг аль алийг нь толгойлж байсан асар туршлагатай эрхэмүүд. 

Лу.Болдыг улс төрийн зорилгоор зэвсгийн наймаатай хутган буруутгахыг оролддог. Тэр зэвсгийн наймааны хэрэгт холбогдон шийтгүүлсэн Дашдэлэг генералтай хурандаа үед нь ажлын шугамаар олон уулзаж байсан нисэхийн экс удирдах ажилтны хувьд хэлэхэд энэ бол хэрэг биш юм билээ. Дэлхийн бүх улс зэвсэглэлээ байнга, зарим нь бүүр эрчимтэй шинэчилж байдаг. Аль 60-д оны хоцрогдсон технолгийн зэвсгийг халж орчин үеийн зэвсгээр Зэвсэгт Хүчнээ хангах нь цэргийн удирдлагын нэн тэргүүний зорилт юм. Ийм зорилт байгаагүй бол өнөөдөр 2 ширхэг МиГ-29 сөнөөгч онгоцууд манай зэвсэглэлд нэмэгдэхгүй л байсан болов уу.  Өнөөдөр Путиныг магтагчид, түүний баруун гар Шойгу-г бишрэгчид тэд юу хийснийг бас харчих хэрэгтэй юм байгаан. Путин, Шойгу хоёр Чечений дайнд де факто ялагдсан Оросын армийн зэвсэглэлийг л бүрэн шинэчилчихсэн юм. Энэ нь барууныг хамгийн их түгшээдэг нь ойлгомжтой. Хуучирсан зэвсгээс салж, шинэ зэвсэглэл авах нөхцөл бүрдүүлэхийг зэвсэгт хүчиндээ зөвшөөрсөн Батлан Хамгаалахын Сайд асан Лу.Болдыг буруутгах талд би ормооргүй байна. Иймээс үүнийг тойрсон улс төржилтийг зогсоох нь ёстой. Лу.Болд Гадаад Харилцааны Сайд байхдаа дипломат төлөөлөгчийн газруудад хар тамхины наймаачдыг системтэйгээр байршуулахыг оролдож байсан хүчинд саад болж байснаас энэ хэргийг түүнд тохон зохион ярьдаг болсон байх гэж би боддог. Түүнийг 2014 оны 10 сард яамыг нь бүтцийн өөрчлөлтөнд оруулж байгаад огцруулсанаас хойш л саяхнаас баригдаад байгаа хар тамхины хэрэгтнүүд ГХЯ-д олноороо шургалсан байдаг нь үүний нотолгоо болов уу. 

Сонгууль болдгоороо болно. Хүмүүсийн харилцаа байснаараа л үлдэнэ. Харин энэ дэлхий эргэлт буцалтгүйгээр ширүүн өөрчлөгдөж байна. Монгол Улс энэ ээдрээтэй дэлхийн нугачаан дунд эвээ олж явахад Лу.Болд шиг гадаад харилцаа, ардчилалын экспертүүд нэн хэрэгтэй цаг ирж байна. 

Түүний УИХ-р хэлэлцэж буй хуулийн төслүүдэд гсөн саналуудыг боломжтой нэг нь олоод үзчихээрэй. Үг бүрд нь шахуу хүний эрх, ардчилалын үнэт зүйлсийг өмгөөлсөн, тусгаар төгтносон Монгол Улсынхаа эрх ашгийг олон улсын тавцанд хамгаалсан жинтэй мэдэгдлүүд тэр хийдэг. Түүний үгс жинтэй, логик уялдаа сайтай байдаг учир хэлэлцэж буй хуулийн төслүүдэд заавал тусгагддаг. Хууль санаачлагчид зүгээр л тоохгүй орхих аргагүй орхигдсон санаа, бодит үнэнийг тэр олж харж хэлдэг. Лу. Болдын үг сайн анзаарвал хуралдаа таслахгүй суудаг Билэгт гуай, бүх асуудалд үг хэлж суудаг Баасанхүү нарын үгнээс ч хол илүүгээр хуулийн төслүүдэд сууж өгсөн байдаг юм. Мэдлэг ганцаддаггүй гэж энэ. 

Би ардчилсан намын гишүүн байсан бөгөөд энэ намыг Монголын ардчилалын түүчээ байгаасай гэж дандаа хүсдэг. Одоо ч хүссэн хэвээр. Гэвч 2017 онд болсон намын дарын сунгаанаас хойш нам нэг л биш болчихсон. Дотоод ардчилал нь бүрэн нурсан. Арчилалын үнэлэмжүүд мөнгөний хэмжүүрт орсон. Иймээс энэ намаас ардчилалыг дэмжигч олон хүн зайгаа барьсан. Лу. Болд харин хамгийн сүүлд намаасаа гарсан. Гэхдээ түүний улс төрийн замд хэн ч тааралдсан, тэр ардчилалд үнэнч үлдэх цөөн хүний нэг гэдэгт би итгэдэг. Сонгогчид бодит байдлыг зөвөөр үнэлэн, улс төрийн хийрхэл гүтгэлэгийг шүүрдэн хаяж сонголтоо хийх байх гэж итгэж байна.

Sunday, March 29, 2020

Зээлийн хүүг буулгах арга

Би эдийн засагч биш. Гэхдээ эдийн засгийн сургуульд үздэг 5-6 хичээлийг өөр програмуудын хүрээнд заалгаж бас ч үгүй гайгүй төсөөлөлтэй болсон байдаг юм. Киевт заалгасан Экономика гражданской авиации гэх соц агуулгатай хичээлийг бол аль эрт 90-д онд хоолтойгоо хольж идээд мартчихсан. Харин сүүлд McGill, Griffith, Bond их сургуулиудад заалгасан олон хичээлээс эдийн засгийн талаар хоосонгүй ойлголттой болсон гэж өөрийгөө боддог. Гэлээ ч би энд эдийн засагчидтай уралдаж тоо график дурьдан цэцэрхмээргүй байна. Харин тэр эдийн засагчдын маань анзаарахгүй байгаа, тэр системийнхээ гажуудлыг хөндлөнгөөс харах чадвараа алдатлаа сатаарсан зүйлийг энгийн хүнд ойлгомжтойгоор хэлэхийг оролдох болно. Болгооно уу.
Дэлхий даяар Корона цар тахал эрчээ улам авч том том эдийн засгууд Хонгорт элэгдүүлсэн Түгжил заан шиг эвхрэн унацгааж эхэллээ. Төр нь социализмээс ч илүү халамж, харж үзээг үзүүлж эхэллээ. Гэвч тэдний систем нь зөв тул арга буюу тулгарч байгаа түр зуурын социализмээ даван гараад босоод ирнэ. Монгол Улс хилээ хаагаад 2 сар болсоны дараа байдал ямар болов? Улсын төсвийн орлого олон зуун тэрбумаар дутсан ч нэг үеээ бодвол бас тэсээд л байна. Гэхдээ тэр тэсэлтийн ард нуугдаж байгаа цагтай бөмбөг хэзээ тэсрэх бол? Шуудхан хэлэхэд хятад руу нүүрсний тээвэр 2 сарын дараа сэргэснээр төсвийнхний юутай ч цалин нь тасрахгүй өл залгаад байхаар болж байна. Харин хувийн хэвшлийнхэн маань 2 сар хөл хорионд харилцагч, худалдан авагч, үйлчлүүлэгчгүй мурчийн тэсэн тэссээр эхнээсээ, эхнээсээ ч юу байхав ихэнх нь ажилчдаа олноор нь цомхотгож эхэллээ. Засгийн газраас гаргасан хүн амын орлогын албан татвар, НӨАТ-н цуцлалт хэт оройтож гарснаас олон ажлын байр хадгалагдаж чадсангүй. ЗГ-н ч буруу биш байх. Явж явж байдал яаж эргэхийг дэлхийн хамгийн шилдэг эрдэмтэдтэй улс орнууд ч урьдчилан таамаглаж чадаагүйгээсээ болоод өнөөдөр ташраараа баларч байна. Энэ хугацаанд Монголын эдийн засгийн амьдралд хамгийн ихээр яригдсан зүйл бол банкны зээлийн хүү, төлбөр, мөн татварийн хөнгөлөлт хойшлуулалтын асуудал байлаа. Энэ хямралын үед эдгээр төлбөрүүдийн дарамт, татварын дарамт түр завсарлахгүй бол худалдан авагчгүй болсон бизнесүүд тэсэж үлдэхийн тулд өөрт нь ирсэн цөөхөн үйлчлүүлэгчдээс дээрх төлбөрүүдийг барагдуулах орлогоо ядаж олохыг хичээхдээ үнээ нэмэх нь гарцаагүй. Энэ нь эргээд нийгэмд үнийн өсөлтийн давалгаа үүсгэдэг. Үнэ өсмөгц орлогын хомсдол нүүрлэж байгаа иргэдийн худалдан авалт бүүр багасан бизнесүүдэд улам ч сөрөгөөр нөлөөлдөг. 2012 онд Изинис компани Ховдын Булган руу АНУ нисэхээс ч үнэтэй үнэ гаргаад төрийн томилолтын хүнээс өөр хүн суухын аргагүй болгосноос орлого олохгүй байсаар уг чиглэлийг хааж байсан түүх өнөөдөр орон даяар бүх төрлийн бизнест давтагдаж эхэллээ.
Би энэ цар тахал эхэлж байх үед л сошл орчинд Австралийн туршлагыг жиргэж байсан. Австралид дайн, үндэсний хэмжээний гамшгийн үед юмны үнийг царцаадаг, банк санхүүгийн байгуулгыг хяналтандаа оруулдаг хуультай юм билээ. Энэ хуулийнхаа дагуу Австралийн муж улсууд Баруун Австралиас эхлэн бүх төрлийн үнийн өсөлтийг царцааж эхлээд байна.
Үүнтэй ижил арга хэмжээг татварын хөнгөлөлт, банк санхүүгийн системийн цогц арга хэмжээтэй цаг алдалгүй хослуулсан бол олон бизнес өнөөдөр арай дээр байх байлаа. Нэгэнт хорио цээр тогтоож бизнест хамгийн их хэрэгтэй худалдан авагчид, үйлчлүүлэлгчдийг гэрт нь хорьчихоор ямар ч баялаг бүтээдэггүй конторын бюрократуудаас бусад нь орлогогүй баларч орхих нь гарцаагүй байсан билээ. Гэтэл тэр хориотойгоо зэрэгцүүлж эдийн засаг руу чиглэсэн арга хэмжээ аваагүйгээс өнөөдөр ажилгүйдлийн давалгаа улс орныг бүрхэж эхлээд байна. За энэ ч яахав. тахал дарагдахаар бүх юм хэвийн болно гэж олон хүн хэлэх байх. Гэтэл бидний бизнесийн орчин яг хэвийн орчин мөн үү.
Яг энэ талаар хэлэх хэдхээн үг байна.
Эрүүл эдийн засагтай олон оронд моргэжийн зээлийн хүү жилд 3.5-6%, бизнесийн зээлийн хүү жилд 6-9%, хадгаламжийн хүү 1-3% л байдаг. Тэнд хадгалалмжийн хүү бага учир мөнгөө өсгөх боломж хайсан иргэд, бизнесүүд хөрөнгийн зах зээлд ихээр хийж энэ нь бизнесээ банкны зээлийн хавханд оруулахгүйгээр босгох боломжийг нээж өгдөг систем ажиллаж байдаг юм байна.
Гэтэл манайд зөвхөн хадгаламжийн хүү жилд 14-15% байгаагаас нэгд хэн ч эрсдэлтэй бизнест мөнгөө хийж өсгөх шаардлагагүй болж байдаг. Жилийн 15%-н ашгийн маржинтай бизнес бол олон салбарын хувьд мөрөөдлийн бизнес юм. Чи мөнгөө Монголын банкуудад 4 хувааж хийгээд л улирал бүр өссөн хүүгээс нь хэрэгцээний мөнгөө сугалж аваад байхад хангалуун амьдраад байж болно. Энэ бол түр зуур төрийн ямар нэг албанд сууж байгаад хувьдаа ямар ч бизнесгүй хэрнээ дараа нь насаараа чинээлэг амьдраад байдаг дарга нарын амьдрах арга юм. Тэд төрийн суудалд байхдаа ганц хоёр удаа хууль зөрчин зоригтой хөдөлж цөм хийж аваад ядаж тэрбумын хадгаламжтай болчихвол жилд асуудалгүй 150 сая төгрөгний орлоготой амьдраад байх ирээдүйгээ манай системийн гажуудал дээр ийнхүү баталгаажуулчихдаг. Иймээс банк, эдийн засгийн реформыг хамгийн их эсэргүүцэгчид нь банкирууд ч биш харин том хадгаламж эзэмшигч дарга нар байдаг юм.
Банкууд бидэнд өгдөг зээлийн эх үүсвэрээ 2 шугамаар бүрдүүдэг. Эхнийх нь эдийн засгийн өсөлт, инфяцыг тооцон Төв банкнаас зах зээлд нийлүүлж буй мөнгийг арилжааны банкууд бага хүүтэй зээлж авдаг. Тэр зээлийн хүүг эдийн засагт Монгол банкны бодлогын хүү гэж нэрлэдэг юм билээ. Бодлогын хүү төв банканд хадгалуулсан мөнгөний хүү гэх боловч яг үнэндэээсрэгээрээ. Төв банк өгсөн мөнгө нь эргэж ирэхдээ инфяцид цохиулаад үнээ алдчихгүй байх төсөөлөлөөр бодлогын хүүгээ тогтоодог. Инфляци тогтвортой, буурах хандлагатай үед бодлогын хүү буурдаг. Өөрөөр хэлбэл арилжааны банкны зээлийн эх үүсвэр хямдарч байна гэсэн үг. Үүнийг дагаад зээлийн хүү ч буух боломж гардаг. Зээлийн хүүнд инфляцийн нөлөө ингэж тусдаг юм байна. Төрөөс эх үүсвэр нь санхүүждэг ипотекийн 8% зээл бол яг үнэндээ инфяцаа чүү амай багтаасан санхүүгийн ямар ч ашиг авчрахгүй бүтээгдхүүн болоод байгаа нь ийм учиртай. Бодлогын хүү нь арилжааны банкны мөнгийг төв банк мөнгө хэвлэх чадвараа ашиглан татаж авах механизм гэдэг боловч яг үнэндээ арилжааны банкаар дамжуулан зах зээлд мөнгө оруулах арга юм. Хэрэв тиймгүй бол банкууд зах зээлд биш зөвхөн эрсдэлгүй төв банкиндаа мөнгөө буцааж зээлсээр томорчих биз. Төв банк арилжааны банкинд мөнгө нийлүүлэхдээ өгөхдөө ч буцааж татахдаа нэг хүүтэй байдаг байж болно. Юутай ч огт зардалгүй өгдөггүй учраас танд очих зээлийн хүү ингэж өндөр байгаад байдаг. 
Нөгөө зам нь бол хадгаламж татах замаар зээлийн санхүүжилтийг босгодог. Нэгэнт зээл олгох эх үүсвэр болох мөнгөний эх үүсвэрээ өрсөлдөөн дундаас татахын тулд хадгаламжийн хүүгээ өсгөн өрсөлдсөн банкууд цааш дамжуулан зээлдэх зээлийн хүүгээ өндөр барих нь ойлгомжтой. Зээлийн өндөр хүүг давахын тулд бизнесүүд үнээ нэмцгээнэ. Үнэ нэмэгдэхээр инфляци өснө. Инфляци өсөхөөр төв банкны бодлогын хүү дагаад өснө. Ийм л чөтгөрийн тойрогт орчихож байгаа юм.
Инфляцид нөлөөлж байгаа хамгийн том хүчин зүйл маань бидний хардаад байдаг долларын ханшны өсөлт ч биш харин дарга нарын маань хадгаламжийн хүү болох нь эндээс харагдаж байгаа байх. Монголд долларын эрэлт тийм ч их биш, Нарийн яривал Оюу Толгойгоос хойш Монгол дахь долларын хэмжээ эрс нэмэгдсэн ч Эрээнээс авах барааны хэмжээ сүрхий өсөөгүй. Тэхлээр валютын эрэлт нийлүүлэлтийн харьцааны инфляцид үзүүлэх нөлөө голлох фактор биш юм.

Өнөөдөр дарга нар зээлийн хүү, төлбөрийг хойшлуулах шийдвэр гаргасан хэрнээ тэдний хадгаламжинд банкуудын төлөх хүүг түр царцаасан шийдвэр гаргасангүй. Иймээс банкууд засгийн газарт зөв харж дохиод буруу харж салаавч өгөөд сууж байна.
Инфляцид нөлөөлж байгаа суурь өгөгдлүүдийг яаралтай засахгүй бол тахлын дараа ч эдийн засаг өндийхгүй асар удахаар харагдаж байна. Монголын эдийн засаг 3 сарыг тэсэх гэж ингэж байгаа юм чинь 3 жил үргэлжилбэл нэгмөсөн сүйрч унана. Иймд хөл хорионы цагаа ашиглаад хууль эрх зүйгээ зөв болгох санал байна.
АН дарга С.Эрдэнэ нар санаачлан банкны зээлийн хүүг 18%-д барих хууль зүтгүүлээд байсан. Тэдний санаа нь зөв ч уг асуудлын углуурга шалтгааныг засах механизмгүй хууль өргөн барьсан байдаг. Зүй нь Эрдэнэ дарга хадгаламжийн хүүг 3%-д барих хууль санаачлах ёстой байлаа. Ингэсэн бол түүнийг дагаж өсдөг бүх пирамид өөрөө нуран унах байв. Хадгаламжийн хүү буурснаар зээлийн эх үүсвэр хямдарч, хэмжээ нь өсөн бага хүүтэй зээл санал болгох боломж нэмэгдэнэ. Ипотекийн зээл ч 4-5%-д хүрч олон хүн дэлхийн жишгээр моргэж төлж орон сууцтай болж хот орчноо утаанаас салгах үүд нээгдэнэ. Бизнесийн зээл 6-9% руу бууж risk taker-үүд зоригжин бизнест орж ажлын байрууд нэмэгдсэнээр моргэж төлөгчдийн тоо өсөж хэрэглээний зээлийн бааз өргөжинө. Хэн хэндээ ашигтай. Харин мөнгөө хадгаламжинд өсөхгүй байна гэж бодож байгаа хүмүүс нь бизнест хөрөнгө оруулалт хийж олон бизнесийг банкны зээлийн санхүүжилтийн хавхнаас салгана. Хадгаламж буурсан ч бүх бизнес өөрийн мөнгөө банкаар л эргэлдүүлнэ. Банкууд харин ч хадгаламж бус асар их мөнгөн урсгалыг ашиглах боломж олох юм.
Мэдээж энэ бүхэнд бас өөр өөрийн зөв эрх зүйн орчин шаардлагатай. Юуны түрүүнд хадгаламж шүтэхгүй хөрөнгийн зах зээл рүү мөнгө хийдэг болгохын тулд хөрөнгийн биржийн хууль журмыг эрс шинэчлэх хэрэгтэй. Жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг нулимдаг тогтолцоог нурааж бүрэн шинэчилж байж энэ боломжтой болж ирдэг. Эрх зүйн реформгүйгээр хэн ч хөрөнгийн зах зээл рүү мөнгөө хийхгүй, иймээс ажлын байр олноор нь үүсгэх бизнесүүд нэмэгдэхгүй.
Иймээс 2020 онд ямар ч улс төрийн хүчин төрд гарсан энэ журмуудыг сайжруулж чадах оюунлаг Монголчуудыг дайчлах хэрэгтэй юм. Гэснээс манай хуулиуд ихэнх нь аль 1990-2005 оны хооронд Монголчууд сүрхий боловсорч амжаагүй үед бичигдсэн олон цоорхойтой түүхий хуулиуд байдаг. Дараа нь уул уурхайн цунами залгаад юун яасан эрх зүйн реформтой манатай болцгоосон. Тэднийг шинэчлэх, сайжруулахын тулд хууль тогтоочид биш хуулийн төсөл бичигчдэд зах зээлийн үнээр нь хөлс урамшуулалыг нь өгч сурах хэрэгтэй. Ингэж байж сайн бүтээгдхүүн авч нийтээрээ хожно. Яам газрын хэдэн цалин багатай мэргэжилтнийг дайчилж бичүүлсэн хэрнээ намчид нь хулгайн санаануудаа оруулах гэж самраад гаргадаг тэнэг хуулиудаас болж нийгэм ингэж зовж байдаг юм байгаа юм.

Банкны зээлийн хүүнд нөлөөлдөг нэг хүчин зүйл бол инфляци. Энэ нь орлого өсөөгүй байхад юмны үнэ өсөх үзэгдэл юм. Үндэсний валютын худалдан авах чадвар унахыг инфляци гэдэг. Юмны үнийн өсөлт нь худалдагчийн bargaining power буюу юмныхаа үнийг худалдан авагчдаа тулгах бяр нь өндөр байх үед болдог үзэгдэл байдаг. Хэн ч өөрөөс чинь хямд үнэ хажууд чинь санал болгож байгаа үед үнээ өсгөх боломжгүй байдаг.
Эдийн засгийн, эрх зүйн, түүхийн олон сурах бичигт тэрбумтан Рокфеллерийн байгуулсан Standard Oil Trust буюу итгэлцэлийн нэгдлийн тухай бий. Тэд өрсөлдөн нэг нэгнээсээ бага үнэ санал болгодог өрсөлдөөнийг хоорондоо тохиролцон нэг үнэ санал болгохоор шийдсэнээр төгсгөл болгож зөвхөн хэрэглэгчийн мөнгө дутсанаас худалдан авч хүчрэхгүй болох үед тогтдог үнийг тулгах монстер болсон Стандарт Ойл нэгдэлийн тухай тэнд өгүүлдэг. Тус нэгдлийн үнийн үгсэн хуйвалдааны дараа Америкт юмны үнэ өсөж эхэлсэн. Үр дүнд нь Рокфеллерийн хөрөнгө өнөөгийн ханшаар бодвол өнөөгийн хамгийн баян хүнээс 3 дахин их баян болсон байдаг.

1890 онд Америкийн Сенатч Жон Шерман “Sherman Antitrust Act 1890” буюу Холбооны 15-р (Худалдаа коммерсийн код) хуулийн 1 ба 2-р зүйлийг санаачлан батлуулсан байдаг юм билээ. Тэр хуулиар зах зээлд монопольчлох оролдлогуудыг хууль бус хэмээн зарласан байдаг. Рокфеллерийн Стандарт Ойл нэгдлийг задлан Шелл, Шеврон, Мобил болгон хоорондоо өрсөлдөхийг тулгасан байдаг. Нэг цооногоос авсан, нэг нийлүүлэгчээс авсан нефтьтэй байсан байлаа ч хоорондоо заавал өрсөлдөх хуультай. Тэдний өрсөлдөөнийг яаж тулгасан бэ. Зэргэлдээх колонкууд нь ижил үнэ санал болгохыг л хориглочихсон. Хэрэв ижил үнэ бичсэн байвал асар өндөр дүнгээр торгохоос гадна, тэр нэг үнэ зах зээлд тулгаж олсон бүх орлогыг нь хураачихдаг байна. Америкт амьдарч байгаа монголчууд анзаараарай. Зэргэлдээх колонкууд ерөнхийдөө ижил үнэтэй боловч бутархай центийн зөрүүтэй үнэ гаднаа харуулсан байгаа. Хэрэглэгчийн хувьд үнийн зөрөө гарахгүй ч сэтгэл зүй нь аль хямд харагдсанаас нь авдаг. Нэг галлон нь 2 доллар 54 бүхэл 8/10 цент гэж нэг нь зарж байхад нөгөөх нь 2 доллар 54 бүхэл 9/10 цент гэсэн байгаа. Энэ тохиолдолд олон хүн 8/10 гэсэн колонк руу эргэдэг. Бага үнэ харуулсан (дисплэй хийсэн) колонкийн орлого өсөж нөгөөгийнх нь буудаг. Ингээд орлогоо өсгөхийн тулд нөгөөхийнхөө үнэнээс доогуур болгон 7/10 болгоно. Ингэж үнээ уралдан буулгаж эхэлдэг . Мэдээж хэрэг үнэ нь бүтээгдхүүнийхээ зорилтот ашгийн маржингаас буугаад ирэх үед нэг нь тэсэлгүй үнээ буцааж өсгөнө. Өрсөлдөгч нь дагаад л өсгөнө. Гэлээ ч буцаад уралдаад буудаг. Америк Канадад 1 дэх өдрийн үдээс хойш хамгийн хямд 2 дахь өдрийн өглөө хамгийн өндөр үнээр бензин зардаг болохыг би тэр хавьд сурахдаа анзаараад авсан.
Бензиний үнэ бол эдийн засгийн катализатор үнэ. Түүний хэрэглээ бараг бүх бүтээгдхүүнд шинэсэн байдаг тул түлшний үнийг дагаад бүх үнэ хөдөлдөг. Хэрэв бүтээгдхүүнээ ижил үнээр заръя гэвэл өрсөлдөгчийн зарж байгаагаас өөр бүтээгдхүүн болохыг батлах хэрэгтэй болдог. Яг ижил сортын гурил зэргэлдээ дэлгүүрт ижил үнэтэй байх нь бий. Гэхдээ сайн анзаарвал баглаа боодол нь өөр өөр байдаг. Ядуус их үлйчлүүлдэг дэлгүүр энгийн ууттай байх ба чинээлэг хүмүүс үйлчлүүлдэг шинэ хүнстэй дэлгүүрт гоёмсог ууттай байдаг. Ингээд өөр бүтээгдхүүн гэгдэн үнийг зөрүүлэх хуулиас мултарч болдог.
Үүнтэй яг ижил хууль гарган арга хэмжээ аваад зэргэлдээх өрсөлдөгчөөсөө ижил бүтээгдхүүнийхээ үнийг өөр байхыг орон даяар тулгаж чадвал Монгол Банк валютынхаа нийлүүлэлтээр л хянахыг оролддог дийлддэггүй инфляци чинь өөрөө буугаад ирнэ. Инфляци буувал төв банкны бодлогын хүү, мөн төрөөс санхүүждэг моргэжийн хүү бууна.

Банкны зээл гэхдээ явж явж газар үл хөдлөх хөрөнгө л барьцаалж олгогддог. Бидний газрын хууль, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн систем бүхэлдээ бардак байгаа. Уг нь эрх зүйн классик ойлголтоор газар бол зөвхөн хөрс шороо талбай биш, түүн дээр баригдсан байшин, гадар болон байшинд хөдөлгөөнгүй бэхлэгдсэн fixture буюу суурин байгууламж, эд зүйл бүгд ордог. Хэн нэгэн сайдын хэн нэгэн дотно этгээдүүддээ албан тушаал өгөхийн тулд салгасан газар, ҮХХ бүртгэлийн системийг нэгтгэж нэгдсэн тогтолцоонд оруулах шаардлагатай. Ингэж байж банкны зээлийн баталгаа сайжирна. Хэн нэгний болон нийтийн газар дээр дураараа байшин сав барихаа ч болино. Яг үнэндээ Зайсангийн ам бол нийтийн эзэмшлийн газар дээр хүчээр түрээ барьж эзэмшил үүсгэн барьсан барилгуудаар дүүрсэн хороолол юм. Хуультай улсад газар бол дээрээ байгаа барилгуудыг ч багтаадаг тул бусдын газар дээр дураараа барилга байгууламж барьвал газрын жинхэнэ эзэн баярлалаа гээд л өөртөө авчихдаг хуультай. Ийм хууль, ийм нэгдсэн бүртгэлийн тогтолцоо Монголд байсан бол улсын болон нийтийн газар дээр барьсан бүх барилга төрийн өмч болох байсан. Нөгөөтэйгүүр газрын бүртгэлийн системийг үл хөдлөх хөрөнгийн бүртгэлээс салгасан нь цаана газрын мафийн их нарийн зохион байгуулсан ажиллагаа юм билээ. ҮХХ нэрээр бүртгэгддэг бол газар ихэвчлэн тусгай кодоор бүртгэлд ордог. Энэ нь эрх мэдэлтнүүдээс авсан газрыг дамлан зарах, эрх мэдэлтнүүд өөрийнхөө нэрийг газрын бүртгэлээс нууцлахад их тохиромжтой байдаг болотой юм билээ. Энийг нураасны дараа банкны эрсдэл эрс буурч зээлийн хүү багасах боломж гарна.
Банкны зээлийн эргэн төлөлтийн баталгаанд түүнээс зээл авсан иргэдийн бизнес амжилттай явах баталгаатай тайван орчин чухал. Гэтэл манай эрүүгийн хуулийн орчин маш ээдрээтэй байдлууд үүсгэн, иргэний журмаар шийдчих олон маргааныг эрүүжүүлэн бизнесийн risk taker-үүдийг зоригийг мохоож байдаг. Сүүлийн 10 жилд Монголын бизнесийнхэн Цагдаа, АТГ-н үүд, 461-н камерт амьдарцгаалаа. АТГ зүгээр л бизнесийн өрсөлдөөнийг шийддэг, хэн нэгэн хөрөнгөлөг этгээд болон эрх мэдэлтний бизнес, улс төрийн өрсөлдөгчийг намнадаг улс төрийн цагдаа болж хувирсан гэхэд бараг болно. Харин цагдаа нь энэ байдлыг илчилсэн иргэд, сэтгүүлчдийн амыг хаах үүрэг хүлээсэн жандарм болох шахлаа. Энэ бүхнийг эрүүгийн эрх зүйн реформыг сууриар нь хийж, шүүхийг өмнөх преседентээ дагадаг өөрөөр хэлбэл хуулийг ялгаатай хэрэглэх эрхгүй болгодог иж бүрэн реформ хийж байж өөрчилж чадна.
Таныг өнөөдөр зовоож байгаа зөвхөн зээлийн хүүгийн асуудлыг шийдэхэд манай системд ийм их засвар хэрэгтэй байгааг нэг анзаараадхаарай. Гэтэл хэн нэг нь энэ реформыг хийх л ёстой. Хийхгүйгээр Монгол улс хөгжихгүй. Нэг том уурхай нээгээд, нэг том бүтээн байгуулалт хийгээд хялбархан хөгжих тухайгаа март. Тийм зүйл төрийг улам л коррапт болгож ардчилал эрх чөлөөг чинь улам л хумина. Харин олуулаа жигд хөгжих иж бүрэн системийн засвар хийж байж л жинхнээсээ цалин 5 сая, айл бүр байр сууцтай, зээлийн хүү дэлхийн жишигт бууж ирнэ.
Тэхлээр энэ иж бүрэн өөрчлөлтийг хийж чадах тийм хүмүүсээ сонгуулиар дэмжье. Үүний тулд зүгээр нэг сайхан санаа нүүрний буянтай соёл урлаг спортын алдартнууд ч биш, мөн өнөөгийн энэ тэнэг системийн эрэг шураг болсон улс төрчид ч биш, магадгүй хэн ч танихгүй, танигдах боломж нь ч гараагүй өндөр боловсролтой, чадварлаг олон залуусыг гаргаж ирэх хэрэгтэй болж ч магадгүй. Авилгалын нийгэм тийм залуусыг дарж байж цэцэглэдэг. Иймд та заавал олонд таниглсан байх шалгуур тэдэнд бүү тавиарай. Би тэднийг ил гарч ирж эх орныхоо төлөө өөрчлөлтийг манлайлахыг энэ захиагаараа ятгая. Та өөрийнхөө төлөө тэдэнд саналаа заналтайгаар өгч эх орноо авар.
Би өвс хадаж үнээнд өгөөд, үнээ надад сүүгээ өгч сүүг би мууранд өгөөд муур хулганыг зовоохоо болиод хулгана тарвасыг нүхлэхээ больж тарвас надад үрээ өгөхөөр нь үрийг би хэрээнд өгөөд хэрээ модонд үүрлэхээ болиод мод надад борогцойгоо өгөөд борогцойг би гахайнд өгөхлээр гахай надад хялгасаа өгч хялгасаар би дээс томж найзыгаа татаж гаргана.

ИРГЭНИЙ НИСЭХИЙН ТУХАЙ ХУУЛЬ /Шинэ/

Төсөл 2025.09.05 ИРГЭНИЙ НИСЭХИЙН ТУХАЙ ХУУЛЬ /Шинэ/ НЭГДҮГЭЭР БҮЛЭГ.  НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ 1 дүгээр зүйл. Хуулийн зорилго 1.1. Энэ хуулийн ...