Saturday, August 1, 2015

Эрх барьж буй сөрөг хүчин


1996 оны УИХ-н сонгуулиар Монголын Үндэсний Ардчилсан Нам 35 суудал авч олуулаа болж билээ. Тэд хамтрагч 15 суудал бүхий Монголын Социал Демократ Намын тусламжтайгаар УИХ-д олонхи болж засгийн эрхийг 1996-2000 оны хооронд барьж байсан түүх саяхан. Энэ хугацаанд 4 засгийн газар байгуулсан бөгөөд байгуулах тоолондоо өмнөхөөсөө “сайн” засаг байгуулсан хэдий ч ард түмэн бүгдэд нь хамтад нь муу дүн тавьж төрөөс хөөж орхисон нь ч бас саяхны түүх.

1997 оны нөхөн сонгуулиар УИХ-д орж ирсэн МАХН-н залуу дарга Н.Энхбаяр МҮАН-МСДН-н Ардчилсан Холбоо Эвсэлийн анхны засгийн газрыг огцруулах саналыг 1997 оны намрын чуулганы нээлт дээр УИХ-н гишүүний тангараг өргөмөгцөө гаргаснаар төрийн хямрал эхэлсэн юм. Эдийн засгийн  маш чухал олон реформыг цаг алдалгүй зоригтой эхлүүлж байсан Энхсайхны засгийн газрыг олонхи цээжээрээ хамгаалан авч үлдсэн ч цааш цаашдын түрэлтээс хамгаалж дийлэхгүй нь ил болсон тул реформуудыг залгамжлах үүднээс МҮАН-н дарга Ц.Элбэгдоржийн засгийн газрыг байгуулан буухиалсан. Гэвч Ц.Элбэгдоржийн засгийн газрыг банкны реформ хийлээ хэмээн хүний өөрийн сөрөг хүчин нийлээд огцруулаад хаячихаж билээ.   Ц.Элбэгдоржийн оронд яригдаж байсан С.Зориг алагдсаны дараа МҮАН 34 суудалтай үлдэв.  Нөхөн сонгуульд ялсан С.Зоригийн дүү МҮАН-д орсонгүй. Ахынхаа нэрийг мөнхөлсөн өөр нэг ардчилсан нам байгуулаад өрх тусгаарлав. Намынхан дотроосоо Наранцацралт тунаж засагт гарлаа. Адагт нь Амаржаргал Ерөнхий сайд болж засгаа байгуулав. Энэ тоолонд МҮАН-н даргын албан тушаал Ерөнхий сайд болсон хүндээ автоматаар шилжин  эвслийн засгийн газрын мөрийн хөтөлбөрөөс намын бодлого нь далийхгүй байх баталгааг хангаж явжээ.  Гэвч тэд ялагдлаа. Засгаас бууцгаасан ч ардчилал гэж ээдрээтэй ч зөв зарчим болохыг ард түмэнд ойлгуулж, амтанд нь оруулж дөнгөв.  1996-2000 оны засгууд ордон дотроо л оволзож байснаас төрийн алба руу орж бужигнуулж байсангүй. Тэр ч байтугай сонгуульд анх орсон мөрийн хөтөлбөрөөсөө нэг ч засаг нь нэг ч сайд нь далийж гажсангүй. Жинхэнэ ёс зүйтэйгээр ордондоо л улс төржиж байсаар төрөөс бууцгаав.  Төрийн албаныхан ч дээрээс ирсэн бодлогыг хууль журам, уламжлал дэгийнх нь дагуу гүйцэлдүүлэн явуулсаар байсан билээ. Ер нь бол дээгүүрх улс төрийн долгион ордныхоо хаалгаар гараад замхардаг маш зөв ардчилалын он жилүүд тэр үед байсан юм. 

“Амаржаргалын засгийг унагаах боломж байна” гэж МАХН дотор яриа гарахад “одоо ч арай дэндэнэ, улсаа бодоцгоо” гэж Энэбиш дарга нь хэлснээр АХ эвслийн засгийн тоо 4 дээр тогтсон гэж ч яригддаг билээ. 2000-2012 оны Энхбаярын хаанчлал болон төрийн албаны намчирхал, авилгалын хавтгайрал хүссэн ч эс хүссэн ч аль тэртээд засгаас хөөгдсөн Ардчилсан намыг санагалзах сэдлийг ард түмэнд өдөөж өгсөн юм.

Гэвч 2012 онд АН сайндаа ч ялсангүй харин МАН муудаа ялагдаж Ардчилсан Нам 31 суудал авав.  АН дараа нь маргаж, урвуулж, уруу татсаар 35-уулаа боллоо.  АН яаж ч хүч нэмээд бусад намуудтай нийлэн засаг байгуулахаар оролдоод үзэхээс өөр гарцгүй болж нөхцөл байдлын буланд шахагдав. Өст хүн өлийн даваан дээр гэгчээр нөгөө Энхбаяр, АН-с хасагдсан Энхсайхныхантайгаа нийлж засаг байгуулахаар боллоо.  ИЗНН бол мэдээж нэр тусдаа л болохоос анхнаасаа л ардчилсан нам тул хэзээд хамт. 12 жилийн засаглалын дараахь анхны ялагдлын шокноосоо МАН гарах гэж нэлээн юм болов. УИХ-н анхдугаар чуулганыг хамгийн ахмад гишүүн буюу Д.Дэмбэрэлээр даргалуулсангүй гэж бойкотлож байгаад бүлэгээ баталгаажуулалгүй хоцорчихов. Өмнөх их хуралд Д.Дэмбэрэлийг УИХ дарга болгох хурлыг  арай залуу С.Ламбаа удирдаж болоод байсныг тэд мартсандаа өөрсдийгөө маш эвгүй байдалд санаандгүй оруулчихлаа. МАН-ы тактикийн алдаан дээр АН тоглолт хийн 31-хэн суудалтай ч 51 суудалтай нам шиг стратегийн чухал өндөрлөгүүдийг хуу хаман эзлэв.   МАН сүүлд нь гуйж түүн наймаацан байж бүлгээ арайгэж баталгаажуулан, ганц дэд даргатай болж авцгаав. МАН-ы бүлгийг батламжлахгүй удаах нь АН арай гэж ялсан УИХ тарах аюулыг онолын хувьд өндөр байлгасаар байх тул буулт хийсэн дүр эсгэн арга буюу бүлгийг нь батламжилж өгсөн билээ.

Мэнэжмент хийсэн сонгуульдаа ялагдаж үзээгүй улс төрийн шилдэг мэнэжер Н.Алтанхуяг 2012 онд ерөнхий сайд болов.  Ерөнхий сайд хийхдээ тэр олон ялалт, дэвшил авчирч бас олон ч алдаа хийв. Хамгийн гол нь кабинетээ базаж хүчирсэнгүй. Түүний засгийн газар дотор 2-3 засгийн газар байв. Жэнко, Портуун гэдэг тус тусдаа бодлого ярьдаг “ерөнхий сайдууд” кабинетэд нь бий болов. Дэмжлэг үзүүлж байсан гэх бие даагчид хүртэл ганц нэг агентлаг аваад тэрүүхэндээ Дамбийжаа шиг төрийн албаныхнаар туг тахиад эхлэв. Алтанхуяг үнэхээр эмзэг өндөг атгаж байгаагаа дэндүү сайн мэдэж байснаас хамтрагчиддаа хатуу үг хэлдэггүй байсан нь түүнийг  цаадуул нь зөөлчлөн улмаар ноолон дээрэлхэх үндэс болсон юм. Алтанхуяг салбаруудыг сайдууддаа болон улс төрчдөд хэдэн хонь шиг хуваан өгөөд ч амар сайхандаа жаргасангүй, харин улам л зовов. Ардчилалын сайдуудыг 1996-2000 оны сайдуудаар төсөөлж байсан төрийн албаныхан бүрэн шоконд орцгоолоо. Олон сайд өөрийн pet,  дагуул, хань хамсаатнаа МАН-ы өмнөх 12 жилээс ч илүүтэйгээр олноор нь дагуулан ирж ичгүүр сонжуургүй байршуулан дураар авирлав. Мэдээж тэд нь ихэнх нь зүгээр л цүнх баригчид, боловсрол ур чадвар нойл. АН-ы нэр хүнд энүүнээс болоод ард түмний дунд эрчимтэй уналаа. Ардчилсан намын гишүүд нь хүртэл ёс зүйгүй, авилгалжсан, бяралхсан байдлыг эсэргүүцэн тэмцээд эхнээсээ шоронд орж шүүхэд дуудагдацгаав. Хаашдаа МАН-ыханд үг хэлж чадахгүйгээ мэдэрсэн ардчилалын зарим гөлгөн сайд өөрсдийг нь сайд болгосон намынхаа жирийн гишүүддээ бяраа гаргаж эрх мэдлээ мэдрэн кайф авцгаадаг болов.

2014 онд Алтанхуягийн засгийн газрын нэр хүнд нэлээн унасан тул түүнийг унагаах оролдлого идэвхжиж ирэв. Тэмүүжин сайдыг тагнан чагнасан хэрэг бол үүний оргил нь. Гэвч Алтанхуяг яаж ийгээд засгийнхаа тогтвортой байдлыг хангаж үлдэж чадлаа. Дараа нь бүтцийн өөрчлөлтийг засагт тулгав.  Хүлээж авахаас өөр аргагүй шахаанд орж нэлээд хэдэн сайдаа чөлөөлөв. Энэ үед МАН цохилт хийн ЗГ-г огцруулах төсөл өргөн барилаа. Яаж байнаа гэж асуухад “улс төр шүү дээ” гэсэн хариулт авав. Энэ үед МАН дотор шинэчлэлийн хөдөлгөөн идэвхжиж тусгаар тогтнолын ордны дээр намын удирдлагатай хариуцлага тооцох ярианы аянгын үүл хуримтлагдаад байсныг тэр үеийн олон мэдээнээс одоо ч олж уншиж болно. Тийм нөхцөл байдалд МАН-ы дарга ухаалаг улс төр хийн нам доторхи асуудлаа засгийн асуудал болгон гаргаад хаячихсан хэрэг. Түүний оронд хэн ч байсан тэгэх л байсан болов уу. Тэртэй тэргүй нэр хүндээ барж эхэлсэн засгийг унагаах улс төрийн оноо цуглуулах ажлыг намын дотоод асуудалтайгаа хамтад нь шийдэх энэ боломжийг хэн ч алдахыг хүсэхгүй нь лав.   Н.Алтанхуягийн засаг унаж, Ч.Сайханбилэг Ерөнхий сайдаар томилогдон, З.Энхболд намын толгойд гарав. Мэдээж нэлээдгүй улс төртэйгөөр эдгээр суудлууд тэдэнд очсоныг онцлох хэрэгтэй. Сайханбилэг эдийн засаг, эдийн засаг, эдийн засаг гэсэн амлалтыг УИХ-н индрээс ард түмэндээ өглөө.  Эдийн засгийн тогтвортой өсөлт улс төрийн тогтвортой байдалтай нягт уялдаатай байх аксиомыг тэр дэндүү сайн ойлгож байлаа. Иймдээ ч улс төрийн тогтвортой байдлыг баталгааг хангуулахаар МАН-г засагт урив. МАН тактикийн улс төрөө хийдгээ хийсэн тул улс орны эдийн засгийн өсөлтийн төлөө нэгдэхээр урьсан Сайханбилэгт татгалзаж чадсангүй. МАН улс төрийн тогтворын баталгаа болгон 6 сайдаа засгийн газарт илгээв.  МАН-ы шинэчлэлийн толгойлогч өрсөлдөөний газарт сандлын булан олж сууснаар тэдний дотоод тэмцэл нь ч түр намжив.

Хавраас том төслүүдийг хөдөлгөх ажиллагаа улс төрд эргээд доргилт авчирав. Хамгийн сонирхолтой нь энэ удаад ард түмэн популистуудын хатгалаганд автаж уул уурхайг эсэргүүцэн тэмцсэнгүй. Харин ч том төслүүдийг хөдөлгөх засгийн газрын санаачлагыг идэвхтэй дэмжлээ.  Ард олон эдийн засгийн өсөлтийг сонгожээ. Иймд арга буюу том төслийг эсэргүүцэгчид өөрсдөө ил гарахаас өөр аргагүй байдал үүсэв. Хамгийн сонирхолтой нь АН-ы дарга өөрөө зөвлөхийн хамт тэр сөрөг хүчний үүргийг гүйцэтгэх нь тэр. Таван толгойг гэрээг яаралтай УИХ-р хэлэлцүүлэхээр хураан аваад хэдэн сар өө хайн ухаж одоо бүүр мартагдуулан замхруулах араанд нь оруулж байх шиг. 

Мэдээж АН-ы бүлэглэлүүдийн дотоодын тэмцэл МАН-д 2016 оны ялалтын ирээдүйг амлаж эхлэлээ. Стратегич С.Баяр Америкаас ирж хэд хэдэн уулзалт хийсэн нь МАН-ы өнөөгийн удирдлагыг сандралд оруулав.  МАН дотор 16 оны алаагүй баавгайн арьс булаалдах тэмцэл нэгэнт эхэлжээ. Засагт МАН-г төлөөлж орсон эрхэмүүдийг сонгуулиас өмнө яаралтай буулгаж нөлөөг нь хумих шаардлага ч МАН дотор үүссэн байх магадлалтай тухай олон хүн ярьж эхлэсэн нь ч бараг батлагдав. Гэхдээ МАН хэзээ ч дотоодын том улс төрөө ил хийж байсан түүх байхгүй.  Энэ удаад Ардчилсан намын гүйцэтгэх зөвлөлөөр дамжин тэдний улс төр ил гарав. АН-ы ГЗ-н шийдвэрт МАН-с ирсэн захиалга байгаа, байхгүй тухай яриа ч сонсогдов. Юутай ч АН-ы ГЗ хэмээх хэдэн тэнэг эдийн засгийн энэ хүнд цагт  улс төрийн гранатны түгжээг мултлаад хаячихлаа. Мэдээж түүний дэлбэрэлтэнд эдийн засаг л хохирно, ард түмний амьжиргаа хохирно, ардчилсан нам өөрөө хохирно, бүүр цаашилбал 16 оноос засаг авах хүчин ч хохирно. ГЗ-н тэнэглэлийн үр дагавар ахиад 3 жилдээ л Монголыг зовоох болно. Монгол улсын Ерөнхийлөгч АН-ы Гүйцэтгэх зөвлөлийн энэ тэнэглэлийг эрс буруушаав.  Төгрөгийн ханшийг нэг төгрөгөөр чангаруулахгүй ийм улс төр хийх цаг бишийг Ерөнхийлөгч хоёргүй утгаар хэлж анхааруулав. Гэвч тохиролцоо хийсэн талууд төрийн тэргүүний үгийг тоосонгүй. Тэр ч байтугай АН-ы ЕНБД нэгэн бярман сайд огцруулах эсэх талаархи төрийн тэргүүнтэй зөвшилцөх асуудлыг хэлбэр төдий гэж тохуурхан жиргэв. Төрөөрөө тохуурхан жиргэв. Яг үнэндээ Алтанхуягийн ЗГ МАН-ы дотоод асуудлын шийдэл болж огцорсон бол Сайханбилэгийн ЗГ МАН-ы ирээдүйн дотоод асуудлын шийдэл болох эсэх дээр дэнжигнэж эхэллээ.

Тэгж байтал УИХ дарга ээлжит бус чуулган хуралдуулах захирамж гаргав. Уг захирамжийн хэлэлцэх асуудлын 1-д МАН-ы сайдуудын асуудал тусгагджээ.
УИХ-н тухай Монгол улсын хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ дарга ээлжит бус чуулган санаачлан зарлаж хуралдуулахаар шийджээ. Гэвч хэлэлцэх асуудалдаа хуулийн 16.3-г зөрчин өргөн бариагүй асуудал оруулах шийдвэр гаргасан байх юм. Өөрөөр хэлбэл миний ойлгож байгаагаар УИХ-н дарга хууль дээдлэх үндсэн хуулийн зарчмаас ухарсан хууль зүйн факт нэгэнт бүрэлдэн бий болжээ. Тэр энэ алдаагаа ээлжит бус чуулганаас өмнө залрууллаа ч хууль зөрчигдсөн цаг хугацааны рекорд нь түүнийг хууль зөрчихийг завдсаныг хэзээд гэрчилсэн хэвээрээ л үлдэх болж байна. 
Сайханбилэг ерөнхий сайдын хувьд анхнаасаа л ээдрээтэй улс төрийн хүчнүүдийг нийлүүлж тогтвортой засагтайгаар том төслүүдийг хөдөлгөн төгрөгийг аврахаа амласан, түүндээ ч зорьж байгаа.  Сайханбилэгт яг үнэндээ дотоодын энэ улс төрийн явган хэрүүл хийж, тэнэгүүдэд тайлбар хийж явах цаг хугацаа ч маш хомс байгаа. Монголд итгэх итгэл алдагдаж байгааг яаж зогсоохов, хөрөнгө оруулагчдыг яаж буцаан дуудахав гэдэг асуудал л түүний тэргүүлэн анхаарах ажил байсаар ирсэнийг хэвлэлийн мэдээнүүд ч нотолж байна. 
Гэвч түүний тэвчээр хязгаартаа хүрэх цаг иржээ. Сайханбилэг Алтанхуяг шиг зөөлөн аядуу байх тактикийг удаан барьсан. Гэвч цаадуул нь мөн л сурсан аргаараа ноолж дээрэлхсээр.  Өөрөөр үзэхээс өөр сонголт түүнд үлдээсэнгүй. 1996-2000 онуудад Ерөнхий сайд болсонд нь намын дарга шилждэг журамдаа буцахыг тэр шаардав.  АН хэдийгээр 2000 оны 12-р сарын 06-д байгуулагсан боловч өмнөх намуудын залгамж гэдгээ зарлан үүсгэн байгуулагдсан огноогоо аль 90 оноор тэмдэглэн явдаг билээ. Өөрөөр хэлбэл өнөөгийн АН бол 1996-2000 оны МҮАН-ы залгамж, ген агуулсан бүтэц. Нэг үгээр хэлбэл тэр үеийн Ерөнхий сайдаар томилогдсон хэн ч МҮАН-ы дарга болдог журмыг уламжлан өвлөгч гэсэн үг.  

Ерөнхий сайдын шаардлагаар өнөө маргаашдаа багтан АН-ы ҮЗХ хуралдах гэж байна. Энэ удаад тэд уламжлалын дагуу Сайханбилэгт АН-ы даргыг өгөх үү, Эсвэл З.Энхболдыг Ерөнхий сайдаар томлох уу гэдгийг шийдэх болно.
Эхнийхээр шийдвэл ЗГ, АН-ы бодлого нэгдэж, том төслүүд хөдлөн, төгрөг эргэн чангарч 2000 оных шиг үсгүй хусуулах аюулаас аврагдаж ядаж 20 гишүүнтэй хүчтэй сөрөг хүчин болох бэлтгэл хангагдана. Хоёр дахь хувилбарыг сонговол УИХ-н даргын суудал дээр алаан болж татан буугдсан гэх фракцууд нь буцаж амилан, том төслийг эсэргүүцэгчид засагт гарсан мэдээ хөрөнгө оруулалтын урсгалыг эргүүлж, гөлгөн болон чацган сайдууд бяр орцгоон, улс төр эдийн засгийн улам гүн хямралд орох болно.  Мөн Үндсэн хуулийн цэцэд захирамжийн асуудал хөндөгдвөл дараагийн засгийн газар ч 3 хонохгүй татан буугдаж 96-2000 оны 4 засаг солисон рекордоо давтах болно. Ардчилсан хувьсгалын гол ололт болсон үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх үндсэн хуулийн эрх чөлөөгөө эдэлсэн гишүүдтэйгээ идэвхтай байлдсан дарга нар засагт гарвал АН ардчилсан нам биш болж дүр эсгэсэн ардчилалтай Мьянмарын хунтын засаглалын 2-р анги Монголд бий болно.
ҮЗХ-н гишүүд нэг нэгээрээ төлөг шиг майлан дэмжин дэвшүүлсэн шүүх хуулийнханд нөлөөтэй хэддээ хуниулах ирээдүй тийм ч хол биш. Хотять ли этого ҮЗХ!
Хамгийн гол нь АН-ы ҮЗХ гол өрсөлдөгч намынхаа хүслийг өөрийн эрхгүй хангаж орхих бөгөөд ирэх сонгуулиар үсгүй хусуулах дардан замдаа орцгоох бизээ.  

Үндэсний Зөвлөлдөх Хороо үндэсний эрх ашгийг нэгд эрэмблэх эсэхээс Монголын ирээдүй хамаарах болоод байна. Чадах болуу? Эсвэл дор дороо дарангуйлагчдаас сандал горьдон хонь царайлах уу

No comments:

Post a Comment

Монголчууд эвтэй байхдаа хүчтэй vs. Ерөнхийлөгчийн хүмүүс

1911 оны 12-р сарын 29-ний өдөр Монголчууд ердөө гурав хоногийн дараа Бээжинд онхолдох өдрөө хүлээж байсан Манжаас тусгаарлан өөрийн төр улс...