Saturday, June 20, 2020

ЦЭНГЭГ ПАРЛАМЕНТ

Хөвсгөл нуур яагаад цэнгэг устай байдаг вэ? Түүнд 100 жижиг гол цутгаж нэг том гол гарч явдаг. Өөрөөр хэлбэл усны сэлгээ байнга явагдаж байдаг. Цэнгэг нуурын гүнд юу болж байгааг энгийн нүдээр та харж болно.
Усаа сэргэдэггүй нуурууд давстай бохир болж эхэлдэг. Тийм тогтоол ус руу шинэ урсгал нэмэгдвэл үсрээд л давстай нуур болно. Харин ямар ч урсгал нэмэгддэггүй тогтоол ус цагийн эрхээр хатаж ширгэх, эсвэл намаг болон муухай үнэр үнэртүүлж эхэлддэг. Ийм тогтоолын ус нь саарал учир гүнд нь юу болж байгаа нь харагддаггүй шилэн биш байдаг. Өнөөгийн Монголын төр яг ийм байна. 
Та өнөө маргаашгүй сонголтоо хийнэ. Давстай бохир нуур, өмхий намаг шахуу болсон УИХ-аа шинэчлэн тэнд шинэ булаг горхи нэмж нийлүүлэн өмнө нь байсан бохир усыг бөөнд нь багаар нь хөөж гаргах эсэх таны гарт, үзэгний чинь үзүүрт хүрч ирээд байна.
Тиймээ бид МАН-г багаар нь дэмжсэн. Энэ бол 2016 оны явдал. Тэднийг дэмжсэн шалтгаан нь ч бас өөр. Тэд сайндаа биш бид АН-д хариуцлага тооцох гэж ард түмэн МАН-г дэмжсэн. Дэмжих дэмжихдээ тэдэнд Үндсэн Хуулийг өөрчлөх эрх олгож дэмжсэн.
Гэвч тэд итгэл даалгүй даварсан. Сөрөг хүчин нь тэдэнд дагаар орж далдагнасан. Ингээд эх захгүй тэнэглэл эхэлсэн. Төрөөр нэг тэнэгүүд дүүрсэн. Авилга, шударга бус явдал, тэгш бус үндэсний соёл болж цэцэглэсэн.

УИХ бохир нуур, төрийн алба намаг шалбааг болсон.
Хийсэн бохир заваан, тэнэг мулгуу зүйлсийг нь энд тоочвол уншиж дуусгахын аргагүй сэжгийн их зүйл болох тул нуршихаа болилоо. Уншигч та өөрөө баргийг нь мэдэж байгаа биз. 
Мэдээж ганц нэгээр тогтохгүй сайн зүйл бас байна байна. 
Үндсэн Хуулийг багагүй цэгцэлж парламентын засаглалаа бэхжүүлсэн. Тоталитар хоёр хөршийн дунд хавчигдсан улсдаа парламентын ардчилсан засаглалаа хүчирхэгжүүлэх өөрчлөлтийн энэ түүхэн боломжоо ашиглан хийж чадсан Занданшатар даргын асуудлын эв дүйг олж чадсан зүтгэл, Лүндээжанцангаар ахлуулсан ажлын хэсгийн гишүүдэд баяр хүргэх ёстой юм. 
Утаан хөшгийг анх удаа ярж өвлийн нар харуулсаныг бид үнэлэх ёстой. Гэхдээ намын ид шидээр ингэсэн гэх хэрэггүй. Яг үнэндээ бол олон хувилбартай туршилтуудын өмнөх бүх хувилбаруудыг монголчууд арьс махан дээрээ амсан гүйцээж дуусгаад сүүлчийн ганц туршилт нь амжилт олсон шахуу аз юм. Таны өдөр тутмын хэрэглээ болох гэрлийн чийдэнг зохиосон Томас Эдисон ч 1000 удаа туршиж байж энэ чийдэнгийн шийдэлд очсон байдаг юм. Тэхлээр МАН-ы утааны шийдлийг инженерийн туршилт гэдэг зүйл мэддэг хэн ч гайхамшиг бишийг нь ойлгоно. Тэнд тусгай цавуулаг бодис шахмал түлшинд хольсоноор шаталт үүсэх үед түүхий нүүрсний шаталтаас дэгдэж байсан үнс яндангаар сорогдож агаарт цацагдах нь багассан механизм л ажиллаж байгаа хэрэг. Дээр нь илчлэг ихтэй нүүрсийг Дундговийн замаа бүтэн пиздец болтол нь эвдэн зөөж байж түлшний хэрэглээг бууруулж чадсан байна. Хүрэлсүхийн мэдрэмж нь зөв таарч энэ удаагийн туршилт үр дүн авчирсаныг хэлэх нь зүйтэй.
Хамгийн сүүлчийнх нь Корона. Цар тахлын үеийн ажиллагаа бол цэвэр айдас хүйдэс дээр суурилсан, сошл медиагийн шуугиан дагасан мэнэжмент байлаа. Муу хүний заяа завагт гэгчээр Монголын цагаан сар энэ жил хятадтай давхцаагүй нь ёстой нөгөө “халхын заяа ихээ” гэдэг хэлц үгийг дахин нотолсон хэрэг явдал болов.
Сошл шуугианы шахалтаар 1 сарын 27нд сургууль цэцэрлэгийг хаасан шийдвэртэйгээ цуг гадаадад байгаа монголчуудыг нутаг буцахыг сануулж, монголд байгаа хүмүүсийг гадаад аялахыг хориглож эхэлсэн бол үнэхээр профессионал шийдвэр болох байлаа. Гэвч тийм юм болсонгүй. Дотроо хамаг юмаа хаачихдаад л гаднах урсгалаа хэвээр байлгаад байв. Бараг цагаан сар өнгөртөл Азийн орнууд руу тогтмол нислэг хийсээр байсан билээ. Европын тогтмол нислэгийн сүүлчийнх нь 3 сарын дундуур зогссон байдаг. Хэрэв ийм анхааруулга гаргаж амжсан бол олон монгол хүн гадаадад тээнэгэлзэн удаж халдвар тээн ирэх нөхцөл үүсэхгүй байсан биз. Тэд шуурхай хөдөлж өөрийн тогтмол нислэгүүдэд амжаад суучих боломж бүтэн сар хагас байлаа. Гэвч болох юм болдогоороо болоод өнгөрсөн. Яадаг ч байсан энэ засгийн газрын айдсын мэнэжментийн ачаар Монгол улс цар тахалд нэрвэгдээгүй сүүлчийн арал болон үлдэж байгаад талархах ёстой. Эмч, эмнэлэгийн ажилтнууд; нисгэгч, нислэгийн үйлчилгээний ажилтнууд бол үнэхээр энэ цагийн баатрууд мөн. 
Ингээд бүх позитив амжилт нь дууслаа. 
Тусгай нислэгүүд гарган иргэдээ татаж эхэлсэн боловч намчид маань түүнээ өөрсдөө харлуулахаа ч бас мартсангүй. Хүүхэд хөгшдийн урдуур Хү хамтлаг дайран орж ирлээ. Өөрөөр хэлбэл жирийн иргэдийн боломжийг булаасан ЖДҮ-гийн зарчмаас тэд гажсангүй. Тэгш бусад эгдүүцсэн олон тив дэлхийд Монголоо таниулсан алдартнуудыг ч нулимах шалтгаан ингэж үүслээ. 
Хямралын үед манай улсад Америкийн элчийн сайдын хандивласантай тэнцэх их мөнгөөр хямд болхи усан оргилуур хийж тансаглав. Асар болхи бохир ажиллагаатай түүнээ миалсан шүүлжилсэн бүхэнтэй ардын намын хотын мээр үзэлцэхээ бараг зарлав. Харин би энэ оргилуур хийсэн явдлыг арай өөдрөгөөр харж байна. МАН-г багаар нь сонговол мөнгө хөрөнгийг ингэж дэмий үрэхээ үзүүлсэн аштай явдал энэ байв. Та сонголтоо хийхдээ хөрөнгөөр зодож, үрэлгэн, үр өгөөжгүй, зардал ихтэй сонгуульдаж байгаа нөхдийг аниж хаяад хямд зардлаас зөв үр дүнтэй өөрийгөө таниулж байгаа шинэ хүмүүсийг сонгох ёстой энэ усан оргилуур бэлхэнээ ойлгуулж өглөө. Браво хотын даргаа
Төгсгөлд нь Дарханы замын талаар хэдэн үг хэлэхээс өөр арга алга. Багаараа ялсан хэт олондоо эрдэж “намайг хэн хэлж, нохойг хэн саах вэ” хэмээн бардаж бярдаж байдаг Б.Энх-Амгалан сайдын нүгэл энэ ба хойд насандаа ч дундрахгүй их болсоны баталгаа нь энэ зам. Хэдэн амь, хичнэээн хөрөнгө энэ замд үрэгдсэнийг хэлэх ч юм биш. 
Би Говь-Алтайнхныг маш сайн мэднэ. Ажилсаг, шулуун, зүтгэл сэтгэлтэй тийм ард түмэн. Би өөрөө хүргэн нь. Хадам маань Говь-Алтай, Хөвсгөлд аймгийн дарга олон жил хийсэн Цээл сумын И.Гүлхүү хэмээх сайхан хөгшин бий. Хариуцсан аймгуудаа хамгийн сүүлийн байрнаас эхэнд нь оруулдаг мэнэжментийг тэр хийж чаддаг байв. Хөвсгөлд ирээд тэрээр хамгийн бэрх 5 давааны замыг тэр маш сайхан зассан билээ. Сонгуульд гүйж байгаа харчуудаас ч илүү харлаж хүрэнтсэн хөдөө ажлын хүн явдаг байсныг нь би сайн санаж байна. Өнөөдөр ч энэ тухай Хөвсгөл нутгийнхан ам дамжин ярцгаадаг билээ. Ийм ажлын амжилтыг өнөөдөр гаргасан бол бэлхэнээ баатар байх байлаа. Говь-Алтайнханд ажил хариуцуулахад ард нь хялбархан, зөв, эв дүйтэй аргаар гардагийг би Навигацын төслийг хэрэгжүүлж тэнгэрээсээ олох Монголын орлогыг өсгөж чадсан Дарви сумын М.Дагва, Хөх морьт сумын Г.Даваа нарын эрчүүдээс бас харсан. Мөн Гачуурт компанийн Л.Чинбат ч эхэлснээ дуусгадаг хөх харчуудын тоонд зүй ёсоор орно. Гэтэл Б.Энх-Амгалан сайдын үед манай салбарт Мишээлийн уулзварт гэрлэн дохио тавигдсанаас өөр наалдацтай ажил нэмэгдсэнгүй. Түүний өнөөдөр шоудаж яваа ГовьАлтайн зам бол аль өмнө нь төлөвлөгдөж зохион байгуулагдсан ажил билээ. Тэрээр салбараа ховоор удирдан мэргэжлийн хүмүүсийг намчдаар шахан холдуулах ажлыг эрчимтэй хийсэн билээ. Говь-Алтайчуудын нэрийг баастан эхэлснээ дуусгалгүй эрх мэдэл гуйж яваа тэр хүнийг яахаа Алтайчууд өөрсдөө шийдэх бизээ. 
Та бүхний сонголт мэргэн, төр маань цэнгэг тунгалаг байг. Төр тунгалаг байхын үндэс нь байнгын шинэчлэл шүү. Төрөө шинэчлэх сонголт хийцгээе

No comments:

Post a Comment

Монголчууд эвтэй байхдаа хүчтэй vs. Ерөнхийлөгчийн хүмүүс

1911 оны 12-р сарын 29-ний өдөр Монголчууд ердөө гурав хоногийн дараа Бээжинд онхолдох өдрөө хүлээж байсан Манжаас тусгаарлан өөрийн төр улс...