Monday, June 22, 2020

ДАРГА ТОЛГОЙН ПАНТААЗ


Ардчилалын эхний жилүүдийн наадмын морьдын уралдааныг Яармагийн дэнж дээр барьдаг байсан юм. Айдасын даваа уруудаад Алдар толгой ороогоод гарч ирсэн морьдоос Дарга толгой хаяагаар гарч өнгөрсөн дараалалаараа барианд ордог нь бараг жам байж билээ. Дарга Толгой гэдэг нь уралдааны морьд Яармаг руу эргэхийн өмнөхөн байх Нисэхийн дэнжийн зүүн доор байдаг тэрхэн товцогууд юм. Тэр товцог руу Төв аймгийн замаас салаалсан засмал зам саяхан болтол байсан билээ. Түүн дээр дарга нар, телевиз хэвлэлийн дуран байрлаж тоосон дундаас тодрон гарч ирэх морьдыг шинжин суудаг байж билээ. Бид наадмын завсраар тэнд нөхдийн хамт очиж мөн ч олон бөглөө мулталсан даа. 

Би залуу цагийн дурсамжаа сэргээн тэр толгой дээрээс өнөөгийн уралдааныг шинжин харахыг хүслээ. Энэ бол санал асуулгаар тогтоодог хуулиар хориглосон прогноз биш бөгөөд иргэн би үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө эдлэн чөлөөтэй илэрхийлсэн тэмдэглэл билээ. Хэрэв миний доор бичсэн зүйлс хэн нэгэнд нь таалагдахгүй байвал Бат инженер ингэж буруу бодсон байна гээд яваад заргалдаарай. Бодлынхоо төлөө бурууддаг нийгмээ бид 30 жилийн өмнө халсан байгааг бас сануулъя.    

За ингээд миний хувийн бодлоор бол дараахь байдал ажиглагдаж байна. Аль болох фантааз багатай, хүслээ хамаагүй шургуулаагүй бодит байхыг хичээлээ. Яг миний хүслээр бол арай өөр парламент бүрдэх учиртай юм. Гэхдээ яахав юм үнэнээрээ сайхан. За эхэлье. 

1-р тойрог. Архангай
Ж.Мөнхбат МАН
Д.Золжаргал АН
Ё. Баатарбилэг МАН
Мөнхбат намынхаа фоноор түрэх бол Золжаргал бас намынхаа даргын гарын хүний хувьд намынхаа фоноор түрнэ. Баатарбилэгт Архангайн сургууль соёлын насны залуус, тийм залуусын эцэг эх голдуу өгөх байх. Өөрөөр хэлбэл боловсролын сайдын местийн давуу байдлыг тэрээр ашиглаж 3-т багтсанаар Портуун гуай утаа савсуулан үлдэнэ. 

2-р тойрог. Баян-Өлгий
Т.Ауез ТБЭ (МАХН)
Х.Баделхан МАН
Д.Мурат АН
Хязгаар нутгаас төрсөн нисгэгчдийн удам 767 онгоцны дарга Т.Ауезыг сонгохгүй бол казах түмэн бүргэдээр ан хийхээ бараг больчихсон нь дээр болох байх. Баделхан, Мурат нар хуучны арангаараа гараад ирэх байх. Муратын асуудал нутгийн уламжлал зан заншлыг хөндөөгүйд тооцогдож замхрах бизээ. Ийнхүү казах түмэн төрийн дээвэрт үндэснийхээ төлөөлөлийг эв найртайгаар намчирхаж талцалгүйгээр тал бүрээс хуваан оруулна.

3-р тойрог. Баянхонгор
Г.Занданшатар МАН
Л.Элдэв-Очир МАН
Д.Ганбат АН
Үндсэн хууль шинэчилсэн хамаг том даргаа дахин сонгох нь гарцаагүй. Элдэв-Очир мөнгөөр зодож, Ганбат бидаанаараа брэнд хийсээр удаалах нь бат биз

4-р тойрог. Булган
Ж.Бат-Эрдэнэ МАН
Б.Гүнбилэг ХҮНЭ

Бат-Эрдэнийн эсрэг хийсэн хар пиар онцын нөлөө үүсгэхгүй замхрах бөгөөд түүний хөдөөгийн хөгжлийн төлөө үгийг илүү тоож сонголтоо хийх бх. Харин Анандбазар доозоо ихдүүлж байгаад урдуураа Гүнбилэг хэмээх Миеэгийн зөвлөхийг алдчих магадлал их байна. 

5-р тойрог.Говь-Алтай
О.Амгаланбаатар АН
Ш.Раднаасэд МАН
Говь-Алтайчуудад олон жил ганцхан сонголт тулгаж тэд арга буюу улаан сонголт хийж ирсэн байдаг. Энэ удаад саналаа тэд хуваан өгч хөх сонголт бас хийдэг хөх харчууд гэдгээ харуулах биз. Энх-Амгалангийн хувьд яамаа дайчилч яаж ч бярдаад энэ удаад мултрах нь бараг ойлгомжтой болчихлоо. Дарханы замыг нураасан хүнээр арай гэж барьсан замуудаа дахин нураалгах сонголт хийхгүй л лавтай

6-р тойрог. Дундговь, Говьсүмбэр
С.Батболд МАН
Г.Мөнхцэцэг МАН
Дундговьчууд энэ удаад Наранхүүгээс өөр баян ямар бхыг харахаар саналаа Сү-д өгнө. Говьсүмбэрчүүд хуучин сонголтоо бататгаж Мөнхцэцэг найрагчийг сонгох болов уу. Нийлбэрээрээ энэ 2 багаараа сонгогдсон анхны аймаг болох байх. АН Эрдэнэбүрэнг дэвшүүлээгүй шангаа эндээс хүртэж нэг баталгаатай суудлаа алдана.

7-р тойрог Дорнод
Ц. Сэргэлэн МАН
Бие даагч
Дорнод бол бие даагч гаргадагаараа бас ялгардаг зөрүүд аймаг. Буриад хүн бие даагчаар гарах байх. Хэнийг нь бол таах мэдээлэл дутуу байна. Энэ удаад 2 удаа сонгож гаргасан Болорчулуунаасаа тэд эргэх биз. Батчимэг маш хүчтэй үзэх ч ерөнхий дүнгээр дутаж магадгүй

8-р тойрог
Б.Дэлгэрсайхан МАН
Ц.Жадамбаа АН
Тэрбумтан Дэлгэрсайхан энд ногоон гэрлээр. Жадамбаа төмөр зам дагасан дагасан холбооны дэд бүтэц, ялангуяа шилэн кабель, СШАҮП ярьсаар сонгогдох магадлалаа их өсгөсөн байгаа. Ерөнхийлөгчийн ойр ойрхон айлчлал, тэнд болж байгаа төмөр замын ажлууд энэ 2 нэр дэвшигчид аль алинд нь оноо нэмнэ. 

9-р тойрог. Завхан
З.Нарантуяа АН
Ш.Сайхансамбуу ШИНЭ
АН засагладаг энэ аймагт Наратуяа гишүүний нэр хүнд өндөр хэвээр байгаа. Харин Цэрэнпунцаг гарьдийн ерөнхий фон сайн байгаа ч явган мөлхөө сурталчилгаа хийсэн Сайхансамбууд саналаасаа алдчих магадлал их байна. Сайхансамбуу нутгийнхандаа түрээсээ буулгана гэхэд л Нарантуулаас амьдрал нь олноороо хамаардаг нутгийнхны анхаарлыг татах байдал нь даруй 30 хувь нэмэгдэнэ. 

10-р тойрог. 
Б.Ганхөлөг АН
О.Алтангэрэл АН
Ч.Даваабаяр АН
Батхүү агсаны ууган хүү, чанга хуульч, хэвлэлийн магнатын энэ гурвал Өвөрхангайд АН багаараа ялсан анхны тохиолдол болох байх. МАН-с ард түмэн эргэх шалтгаан нь цөлжилт, ядуурал, амлалтын үл биелэлт. Отгонбаатар дарга бас муугүй амжилт үзүүлэх ч багийн тоглолтын хажууд бараагүй хаягдах байх.

11-р тойрог. Өмнөговь
Д.Бат-Эрдэнэ АН
Х.Мандахбаяр МАН
Өмнөговьчууд хөрөнгө харж сонголт хийдэггүй байсан цаг саяхан ч энэ корона хямрал тэднийг хөрөнгөлөг хүмүүс рүү өөрийн эрхгүй эргүүлэх нь ойлгомжтой

12-р тойрог. Сүхбаатар
Ж.Батсуурь АН
Н. Лутбаяр ТБЭ (МАХН)
Улаан сайдын ямааны пиар эсрэг реакци дуудаж МАН-с саналуудыг эргүүлэх байх. МАХН-ын буурийг сахиж үлдсэн Энхбаярын намд суудал нэмэх магадлал өндөр. Тэд Улааныг чухам энэ намаас сонгож гаргаж байсан удаатай. 

13-р тойрог. Сэлэнгэ
С.Баярцогт АН
Ж.Эрдэнэбат МАН
Өнөрболор МАН
Саналын хуудаснаас л хасчихдаггүй юм бол энэ аймгаас 2 хоригдол гишүүн гарах нь бараг баталгаатай. Д.Эрдэнэбат хуучин гишүүний рангаара бярдаж дэн дун 3-т орох шинж байгаа ч тариаланчдын эхнэрүүдийн дотны найз Өнөрболорт зайгаа тавих байх. Гэхдээ энэ тойргийн сонгогдсон 2 хоригдолын бүрэн эрх хүлээн зөвшөөрөгдөж суллагдах эсэх нь жагсаалтын 3,4,5-д хэн байгаагаас ихээхэн шалтгаалсан улс төрийн нүүдлээс хамаарна. 

14-р тойрог. Төв
Х.Тэмүүжин АН
Н.Энхболд МАН
А.Батсүх ШИНЭ
Төв аймагт жинхэнэ алаан болно. Тэмүүжин нэгээр асуудалгүй. Угаасаа тасраад алга болсон байгаа. Миеэ өөрийн хуурай дүү Тувааны ардаас түлхэж Амьдаагаа жийх боловч архаг парламентч мөчөөгөө өгөхгүй үзэлцсээр гараад ирнэ. Харин уяачдын галаас А. Сүхбатын ах А.Батсүх 3-р гараад ирэх магадлал өндөр. 

15-р тойрог.
Ч. Хүрэлбаатар МАН
Н.Цэрэнбат МАН
Б.Чойжилсүрэн МАН
Энэ аймагт Цэдэнбалын үлдээсэн өвийн хишгийг МАН дахин бүрэн хүртэж ялна. Жавхланг санхүүжүүлж нам дотроо байрлал булаалдах санаатай дуулдаж байгаа зарим нь жагсаалтаасаа өөрөө хасагдах шахах биз

16-р тойрог. Ховд
С.Бямбацогт МАН
Б.Пүрэвдорж АН
О.Батнасан МАН
Ховдчууд энэ удаа ч сонголтоо солихгүй л болов уу. Олон угсаатан ястны энэ аймаг ЖДҮ, 60тб гэдэг асуудлаас илүүтэйгээр өөрийн угсаатны төлөөлөлийг төрд хадгалах сонголтоо дахин баталгаажуулах байх гэж харж байна.

17-р тойрог. Хөвсгөл
Л.Энх-Амгалан МАН
Ц.Даваасүрэн МАН
Ч.Батцогт АН
Сүүлийн хэдэн сонгууль дараалж улаанаараа эргэсэн аймагт Үндсэн Хуулийг эх баригч Б.Чимид багшийн хүү Батцогтыг сонгож хөх нуурынхаа өнгийг оруулж ирэх нь бараг баталгаатай. Гэхдээ хөрөнгө, эрх мэдэл, сүлжээ бүхий 2 гишүүн хуучин байр суууриа хадгалсан хэвээр үлдэх байх. 

18-р тойрог. Хэнтий
Ж.Оюунбаатар АН
Э.Бат-Үүл АН
У.Хүрэлсүх МАН
Энэ тойрогт Хэнтийчүүд төр эргүүлнэ. Ялангуяа буриад сумд эрх баригчдад хэн нь ч өгөхгүй нь бараг тодорхой болсон. Бат-Үүл Нямтайширын замын гуанзны мөшгөлттэй уулзалтын мэдээ зовлон амссан буриад зонд ийм мэссэж болж очих байх. Оюунбаатар засаг дарга байсны хувьд сууриа сайн бэхжүүлсэн байсан байх бөгөөд энэ нэрээрээ Үүлийг чирээд гараад ирнэ. Харин жинхэнэ тэмцэл МАН дотор болох байх. Аварга саналаасаа даргадаа тоолуулж байж намын даргаа мултрахаас аварч сайдын суудал амлуулах болов уу.  

19-р тойрог. Дархан
Т.Ганболд Бие даагч
Б.Жавхлан МАН
Д.Энхтуяа АН
Тордайн Ганболд бусдаа бараагүй хаяж гарах нь ойлгомжтой. Төмөрлөгийн үйлдвэрийг босгож мянга мянган ажлын байр үүсгэж байсан легаси нь түүнд энэ боломжийг нээнэ. 
Дарханы замаас болоод Дарханчууд МАН-с санал нь эргэчих боловч ЗТЯ-ыхныг байнгын хорооны хурал дээр загнаж шаардаж байсан нь Б.Жавхлан гишүүнийг аварч түүний тэр шахалтыг үргэлжлүүлэхээр Дарханчууд дахин төрд илгээх байх. АН гишүүдээс залууст хамгийн их таалагдаж санал авах нь яалт ч үгүй Энхтуяа. 

20-р тойрог. Эрдэнэт (Орхон)
С.Ганбаатар ТБЭ (МАХН)
Н.Алтанхуяг бие даагч
Ц.Нямдорж МАН
Эрдэнэтийн тойрог улс төрийн Журасик Парк мөн. Эндээс улс төрийн хүнд жингийн динозаврууд ялгаран гарч ирнэ. Энэ удаад Баасанхүүд ирдэг христэд итгэгчдийн саналыг найз Ганбаатар нь хамснаар тэр мулт үсэрнэ. Харин баруун аймгуудаас нүүдэллэн суурьшсан иргэд НА, Нядо 2-тоо толгой дараалан өгсөнөөр тэд гарч ирж парламентад сонгогдсон рекордоо Нямдорж шинэчлэн тогтооно.

21-р тойрог. Дагуул хотууд
С.Амарсайхан МАН
Э.Эрдэнэжамъяан ТБЭ (МАХН)
Хотын дарга эрх мэдлээр алслагдсан дүүргүүдэд ялна. Харин Энхбаярын нүүрээр Эрдэнэжамъяан бархирсаар ороод ирж магадгүй. Баянсэлэнгийнх шиг аз таарсан түүнд шинэ парламентад Баасанхүүгийн гоншигнолыг орлох үүрэг ноогдоно.

22-р тойрог БЗД
П.Наранбаяр ХҮНЭ
Б.Энхбаяр МАН
Наранбаяр докторт бараг бүгд өгч энэ сонгуулийн хамгийн олон санал авсан рекордыг тогтоох байх. Энхбаяр хуульчийг Нядо-той хийх тэмцлийг нь дэмжиж олон хүн саналаа өгнө. АН-с Зи-д Таван толгойг үлдээсэн пиараар нэлээд санал нэлээн цугларах боловч Наранбаатарын тавьж байгаа Стратогийн дуулиан чангааснаар эцсийн мөчид Энхбаярт ялагдаж сугарна

23-р тойрог
Х.Булгантуяа МАН
Ж.Батзандан ШИНЭ
Ж.Баясгалан АН
Булгантуяаг залуус, эмэгтэйчүүд их дэмжих ба олон саналын рекордыг булаалдах болно. Ж.Батзандан тэмцэгчийн зангараг заан 2-р гарч ирнэ. Багаар нь сонгохгүй солонгоруулж сорчилж сонгох давалгаа түүнд их санал нэмнэ. Эмч Чинбүрэн, Баясгалан хоёроос Баясгаланд хүмүүс энэ удаад боломж олгоно. Чинбүрэн эмчийг дараагийн засагт ЭМ сайд болох нь замыг засахад энэ нь бараг дээр тул иргэд АН-н нэр дэвшигчийг дугуйлна. ХҮНЭ нэр дэвшигч Гантулгад санал их ирэх боловч намууд, попуупын хөлд чирэгдэж суудалгүй хоцорно.

24-р тойрог. СБД
Р.Амаржаргал АН
Д.Цогтбаатар МАН
Ц.Мөнх-Оргил МАН 
Хамгийн хуучинсаг, элитист энэ дүүргээс хамгийн хуучны сэхээтнүүдийг ялгаж сонгоцгооно. Энэ тойрогт дэлхийн том сургуулиудын нэрс хоорондоо тулалдана. Залууст анхны дайралтаар шууд туг барихыг 40К бага тойргийнхон энэ удаадаа зөвшөөрөхгүй. Маш том корпорацуудын бярын өмнө олон залуус жулдана. Л.Гантөмөр нэр дэвшсэн бол АН эндээс нэг суудал авах байсан нь гарцаагүй ч болох юм болоод л өнгөрнө.

25-р тойрог. ЧД
Ж.Сүхбаатар МАН
Ц.Баатархүү АН
Ч.Оюунчимэг МАН
Энэ ноорхой тойрогт МАН ерөнхийдөө давамгайлна. Сүхбаатар намаа өнгөлнө. АН-с нийслэлийн ажил ойрхон Баатархүү л гарах байх. Мөнхөөгийн Оюунчимэг гэр хороололын мөлхөө сурталчилгаагаараа гэрийн ажилтай хүмүүс, өндөр настнуудын саналаар ороод ирнэ. Хамгийн харамсалтай нь ХҮН намын дарга энэ удаад бас дахин мултарна.

26-р тойрог. БГД
Х.Ганхуяг МАН
С.Эрдэнэ АН
М.Нарантуяа бие даагч
Энэ тойрогт яаж ч магадгүй. Хууччуул бүгд унаж ч болно. Бүүр унаасай гэж бодоод байна. Өмнөх сонгуулиар Зи-г унагааж өгсөн Хассуурийн Ганхуяг энэ удаад санасандаа хүрэх магадлал өндөр. Нара санамсаргүй хавчуулагдаад ороод ирэх боломж бас байна. Түүнийг Одонтуягаас илүүд үзэх эсэх залуусын хандлага л шийднэ. Эрдэнэ унангаа алдаад Одонтуяагийнхаа саналыг өөртөө тоолуулж байж тэнцэх байх. 

27-р тойрог. СХД
Б.Жаргалмаа МАН
Б.Тулга ТБЭ (МАХН)
Энэ ядуу тойрогт мөнгөөр үерлэж нэгэн бөх дахин хуралд орохыг оролдоно. Мөнгийг хянаж чадвал энэ тойргоос Нямбаатар биш харин Жаргалмаа гарч ирнэ. Христэд итгэгчид олонтой энэ тойргоос эмзэг бүлгийн олон хүн Есусийн телевизийн хөтлөгч аниагаа сонгоно. Мөн дахиад л Энхбаярын ширэн нүүрээр МАХН НБД Тулга сонгогдох магадлал өндөр харагдаж байна. Попрол тэнд амь бөхтэй. 

28-р тойрог СХД
Д.Сумъяабазар МАН
Н.Учрал МАН
П.Анужин МАН
МАН-ы энэ бригад хоорондоо маш эвтэйгээр явсаар нийслэлийн дүүрэгт багаараа ялсан цорын ганц дүүрэг болно. Хүмүүс Магнай нарт итгэхгүй. Сумъяагийн харизма, Учралын боловсролын боломжийн урхи, Анужингийн сошл нөлөөлөл энэ багийг бүрэн бүрэлтхүүнээр нь гаргаад ирэх байх

29-р тойрог. Хан Уул
Н.Номтойбаяр бие даагч
Ц. Цолмон бие даагч
Ц.Сарангэрэл МАН
Жинхэнэ үхлийн тойрог. Олон сайхан нэр дэвшигч түүний дотор миний дэмжиж буй 3 нэр дэвшигч бүгд мултарч харагдана. Энд намаас нэр дэвшигчид харилцан нэгнээ чангаалцаад дундаас нь 2 бие даагч гарна. Цолмонгийн ард Миеэ багаараа ажиллах бол Номтойбаярыг хөрөнгөлөг дүүргийнхэн, хөндөлддөг залуус бараг бүгд дэмжинэ. 30К дэмжигчийн гарын үсэг цуглуулсан түүнийг гүйцэх хүн байтугай адгуус гарахгүй. Харин Сарангэрэл сайд коронагийн ачаар гэр хороололын дүүргүүдэд хамгийн олон санал аваад сүүлдээд ч хамаагүй гараад ирэх байх.  

Ингээд нийлбэр дүнгээр МАН 37, АН 21, Энхбаярын эвсэл 5, ХҮНЭ 2, ШИНЭ 3, Бие даагч 6 самуурай гарч ирнэ.

Өөрийнхнөөсөө ч бэмбэгнэх эмзэг засаг байгуулах уу, АН-тай дахин нэг удаа эвсэж олонхийн засаг байгуулан тогтвортой ажиллах уу гэдгээ МАН шийдэх ёстой болно. 
За зарим нь цус харвачихав. Энэ бол зүгээр л миний пантааз шүү. 









No comments:

Post a Comment

Монголчууд эвтэй байхдаа хүчтэй vs. Ерөнхийлөгчийн хүмүүс

1911 оны 12-р сарын 29-ний өдөр Монголчууд ердөө гурав хоногийн дараа Бээжинд онхолдох өдрөө хүлээж байсан Манжаас тусгаарлан өөрийн төр улс...