Thursday, June 2, 2016

Батхүү

Сонгууль ойртжээ. Нэр дэвшигчид ч тодорхой болсон байна. Сонгуультай холбоотойгоор ах дүүс болсон агаарын тээвэрчид, анд нөхөддөө хандан хэлэх үг байна.

Би нисэхэд 23 жил ажилласан. Миний ид залуу нас агаарын тээврийн алтан үеийнхний дунд, асар их өөрчлөлт шинэчлэлийн цагт өнгөрсөн юм. Надад Бат Инженер нэрийг Ан-24-н нисэгч “ногоон” хэмээх Д.Батнасан ах маань өгсөн. Олон Батнасан бий. Бид нэгэнтэйгээ наргиантай дотно харьцаж, хов матаасаар ажлаа хийдэггүй сайхан үе нисэхэд бас байсан юм шүү.  Ачаалал ихтэй ажлын ард ажлынхантайгаа, андуудтайгаа наргин маазарч байж л гардаг байсансан. Тэр үед цаг өөр байсан. Нисэхэд өөрчлөх шинэчлэх юм бүүр ч их байсан. Бидэнд улс төржих зав ч байдаггүй байлаа. Бидэнд ажил хийх байтугай, дарга хийх хүн ч асар дутмаг байсан үе зөндөө байсан. 90-д оны дундуур зарим үед хүчээр шахуу албан тушаалд тавьдаг ч байсан тохиолдол байв. МИАТ-н 95 оны захирал, НААХЗА-ы анхны дарга асан Х.Наранхүүг бол ерөнхийдөө хүчээр томилж халширмаар олон ажил рүү орууж байсныг сайн санаж байна.

Сайдууд нь сайд шиг тулхтай, хамт олон нь хамт олон шиг нягтралтай үеийн тухай би ярьж байна. Гэвч энэ байдал 2008 оноос өөрчлөгдсөн. Тэр үеийг өнөөдрийн нисэхийн уур амьсгалтай харьцуулаад нэг хар. Олон юм өөрчлөгдөж хамт олон уур бухимдалтай болжээ. Энэ чигээрээ цааш явбал та бидний бие, нерв барахгүй, хөгжил дэвшил ч хохирно. Ажлын ачаалал дээр улс төрийн дарамт нэмэгдэх нь хүсээд байх зүйл биш юм билээ.

Бидний ажил амьдрал салбарын төрийн бодлого тодорхойлогчдоос ихээхэн хамааралтайг би анзаарсан. Салбарын бодлогыг сайд нь хэрхэн авч явна, салбар тийм л болдог. Иймд та нар сонголтоо хийхдээ үүнийг давхар бодолцоорой гэж хүсье.

Агаарын тээврийнхэн олон сайдын гар дамжжээ. Салбарт ээлтэй хэд хэдэн сайд байсан. Шулуухан хэлэхэд 2008 оноос өмнөх сайдууд сайд шиг сайд байж салбарыг социализмаас нь салгаж зах зээлийн тогтолцоо, шинэ техник технологи руу хөл тавиулсан ухаалаг лидерүүд бодлоготонгууд байсан юм. Р.Сандалхаан сайдын хувьд зах зээлд шилжээд мунгинаж байсан хэдий ч  анхны Боинг 727 онгоц орж ирж, Азийн хөгжлийн банктай агаарын навигацыг шинэчлэх зээлийн гэрээ батлагдан, нисэх буудлын терминалыг шинэчлэн, техник үйлчилгээний ангарын барилга эхэлсэн түүхтэй. 90-д он тэр чигээрээ улс орны хувьд асар их өөрчлөлт шинэчлэлтийн он жилүүд байсан. Г.Нямдаваа сайдын үед агаарын тээврийн эрх зүйн шинэчлэлийн ажил жинхнээсээ эхэлсэн. Бидний залуус энэ ажилд өдөр шөнөгүй сууж зүтгэсэний үр дүн жил өнжөөд болж байсан ослын буухиа тасарч авиакомпаниуд manual, заавар, checklist-үүдтэй болж, 2010 онд ИКАО-гийн шалгалтанд өндөр үнэлгээ авсан билээ. А310 ч Нямдаваагийн үед орж ирж, Нямдаваа хожим нь МИАТ-н захирал болсоныхоо дараа санхүү, үйл ажиллагааны хүндрэл мухардлаас уг төслийг салгаж байсан.

Г.Батхүү сайдын хувьд Сандалхаан, Нямдаваа сайдуудын яаманд олон жил ажилласан, салбарын бодлогын шийдлүүд дээр туршлагажсан залуу анх 98 онд сайд болж байсан юм. Түүний хамт олныг нягтруулж чаддаг, нэг зорилгын төлөө дайчилж чаддаг чадварыг би олон зүйл дээр харсан. Г.Батхүү бол 99 оны Иргэний нисэхийн хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч байлаа. Бид хоёр УИХ-н чуулганы танхимын үүдний өрөөнд нисэхийн хуулийг очерь дайруулан хэлэлцүүлэх арга сэдсэнийхээ төлөө Дамиран сайдад (ТНБД, УИХ гишүүн агсан) хамтдаа загнуулаад зогсож байснаа дурсахад сайхан. Дамиран сайд ч (Бид түүнийг ингэж хүндэтгэн дууддаг байв.) бас л туршлагатай зангарагтай хүн байлаа. С.Зориг сайд ч, Г.Батхүү сайд ч түүнийг солиогүйд би талархаж явдаг. Г.Батхүүг сайд үед агаарын харилцааны бодлого ихээхэн урагшилсан юм. Агаарын харилцааны хэлэлцээрүүдээр олон улсын зах зээлийг нээж авахгүйгээр агаарын тээврийн хөгжлийг ярих боломжгүйг тэр хамгийн ихээр ойлгож дэмжиж байсан хэрэг.

Г.Батхүүд нэг маш чухал чанар бий. Тэр нисэхийнхнийг сайн ойлгодог, нисэхийн хэлээр нисэхийнхэнтэй ярьж чаддаг, салбарын шилдэг мэргэжилтнүүдийг таньж дэмжиж чаддаг цөөхөн улс төрчийн нэг. Иймдээ ч 2 удаа салбарын сайдаар ажилласан. Нисэхийн олон гавъяат, олон алдартан Батхүүгээр ажил үйлсээ тодорхойлуулж  төрийн өндөр шагналд хүрсэн байдаг. 2004-2006 онд сайдаар ажиллахдаа Нислэгийн Аюулгүй Ажиллагааны Хяналт Зохицуулалтын Алба (НААХЗА)-г бие даалгаж тусад нь ажиллуулах асуудлыг шийдсэнээр нислэгийн аюулгүй ажиллагааны хяналт, гэрчилгээжүүлэлтийн ажил бие даасан байдлаа бэхжүүлж авах том боломж гарсан юм.  Бид олон улсын жишиг рүү том алхсан.
Б. Жигжид, Ц.Цэнгэл сайдуудын тухай ч сайнаар дурсан явахыг би хүсдэг. Тэд тулхтай, салбарын ньюанс ойлгодог, ойлгохыг хүсдэг, мэргэжилтнүүдийн үгийг сонсдог тийм  хүмүүс байсан.

ИНЕГ дээр иргэний нисэхийн 2 дахь хуулийн төслийг бид 9 сар суун боловсруулаад яамд, Засгийн газраар оруулан УИХ-д өргөн барихад бэлэн болгоод байна. Энэ хууль батлагдвал нисэхийн хөгжил бас нэг шинэ шатандаа гарах болно. Зохицуулагч, агаарын тээврийн дэд бүтцийн үйлчилгээ үзүүлэгч тусдаа салж, general aviation буюу хөнгөн агаарын хөлгийн нислэгт маш өргөн боломж нээгдэнэ. Энэ бол олон олон залуу хүмүүсийн нисэх мөрөөдөл биелэхэд ойр, амар хялбар болно гэсэн үг. Агаарын тээврийн бизнесийн өрсөлдөөн зах зээлийн орчин сайжирч, олон залуусын ажлын байр хадгалагдах нөхцөл энэ хуулиар үүснэ. Энэ хууль батлагдвал бид олон улсын сонгодог жишиг рүү эргэлт буцалтгүй орж чадна. Гэвч хууль батлахад учир бий. Бидний хуулийг энэ их хурал амжиж баталж чадахгүй. Дараагийн их хуралд ч нисэхийн салбарыг ойлгодог хүн орохгүй бол бас л хэцүү.
Өнөөдөр Буянт-Ухаагаас манай сайд асан Г.Батхүү нэр дэвшиж байгаа юм байна. Та нарыг түүнд саналаа өгөөрэй гэж хүсэх байна. Агаарын тээврийнхний үгийг УИХ-н танхимд гажуудалгүй дамжуулж чадах, салбарын асуудлыг цээжээрээ хамгаалан зүйл заалт бүрээр нь бүрэн бүтэн батлуулж чадах хүн бол Г.Батхүү.

Батхүүг дэмжихийн тулд түүний талаар нийгэмд тогтсон (магадгүй тогтоосон) зарим ташаа ойлголтын талаар өөрийн бодлоо хэлье. Батхүүг АПУ-гийн Батхүү гэж дуудаад олон жил болжээ. Нийгэм дэх архидалттай түүнийг холбон гутаахыг ч олон жил оролдлоо. Яг үнэндээ Батхүү тухай үед тахал шиг байсан найруулсан спиртийн мафийн цэцэглэлт, түүнтэй холбоотой бүх муу муухай зүйлээс Монголын нийгмийг аварсан хүмүүсийн нэг юм. Чанартай архийг зөвхөн Баянголын шоопоос авдаг байсан үед нэгмөсөн цэг тавьсан хүн бол Батхүү. Архи согтууруулах ундаа бол аль ч улс үндэстний хэрэглээ, ахуйн соёлын хэсэг нь байдаг. Францчууд согтуурлыхаа бурууг Бордо нутгийнхандаа тохож, Германчууд хонон өнжин пиавдсандаа Баварийнхнаа буруутгадаггүй биз дээ. Хүйтэн хойд туйлын Финляндууд бол архины хэрэглээ өндөртэй ч хэнийгээ ч буруутгадаггүй. Харин ч дэлхийн алдартай олон брэнд архи Финляндынх гэдгээр бахархадаг юм билээ. Батхүү АПУ-гийн хувьчлалын шударга тэндэрт ороод ялаагүй бол АПУ өнөөдөр Жэнко Баттулгынх л байх байсан. Баттулга ялсан бол өнөөдөр бид Баттулгыг муулаад суух байсан уу. Би тийм гэж бодохгүй байна. Энд зүгээр л субъектив улс төрийн сурталчилгаа яваад байгаа юм. Иймд ялгаж салгаж ойлгохыг бодоорой.

Энэ мэтийн олон шалтгаанаар би Нисэхийн тойрогт Г.Батхүүг ялаасай гэж бодож байна. Түүнтэй өрсөлдөж байгаа бусад нэр дэвшигчид агаарын тээврийг ойлгоод дэмжээд явна гэхэд би л лав итгэхгүй байгаа. Тэднийг би мэдэх ч үгүй. Тэд биднийг бүүр ч мэдэхгүй. Бусад нь бурхан шиг байсан ч би таньдаг чөтгөртөө л итгэнэ. Зүгээр л бодит байдлаа байгаагаар нь л харцгаая. Бидэнд шинэчлэл хэрэгтэй, шинэчлэхийн тулд шинэ хууль хэрэгтэй байна. Агаарын тээврийн хөгжлийн олон асуудал энэ шинэ хуулиас хамаарна. General aviation, нислэгийн хөдөлгөөн, нисэх буудлын биеэ даасан байдал бүгд энэ хуулийг л хүлээж байна.  Бид Монголын бүх агаарын тээвэрчдийг дэлхийд өрсөлдүүлэх замыг засаж чадсан, цаашид ч чадах өөрийн хүнээ төрд оруулах шаардлагатай юм. УИХ чуулганы танхимд нисэхийн асуудлууд танин мэдэхүйн хомсдлоос болоод унадаг байхыг би хүсэхгүй байна. Та ч хүсэхгүй нь мэдээж. Нисэхийн орлогыг төрд ихэнхийг нь татан авч өөрийгөө хөгжүүлэхэд бага хувь үлдээдэгийг болиулах асуудлыг энэ хуулиар бас журамлаж байгаа. Эхлээд нислэгийн аюулгүй байдалд зарцуулах асуудлаа шийдээд илүү гарснаа төсөвт нийлүүлэх өөр зарчим энэ хуулиар бий болох ёстой юм. Энэ түвэгтэй асуудлыг зөвөөр тайлбарлаж, хамгаалж авч гарч чадах хүн миний л хувьд Батхүүгээс өөрийг олж харахгүй байна. Бодит байдал бодит зорилгодоо нийцсэн хүмүүсээ л төрд оруулах нь бидний үүрэг. Сонгууль албан тушаал хуваарилах хөзөр холиход биш дараагийн 4 жилд амжуулах зорилтоо хэрэгжүүлэх багажаа сонгоход л чиглэх ёстой юм. Зөв зорилгод зөв зүтгэж чадах хүн ганц байсан ч ганцаардахгүй.

Өнөөдөр азаар бидний сайн мэдэх, биднийг ч сайн мэдэх Г.Батхүү нисэхийн тойрогт нэр дэвшиж байна. Энэ боломжоо ашиглацгаая. Г.Батхүүд саналаа өгөөд агаарын тээвэртээ, нисэхдээ дахин зүтгүүлье. Надтай санал нэг байгаа нь түүнд саналаа өгөөрэй.

Sunday, May 15, 2016

Сэлэнгийн "боохой" Данзан

Ажаад л байхнээ Монголд маш муу нэг хүн байна. Тэр муухай амьтны нэр нь Баярцогт.  Баярцогтыг муулахгүй хүн гэж бараг алга. Топ попуупаас эхлээд улс орны амьдралын учир начирыг ухдаггүй мунхаг нь хүртэл өөр өөрийнхөө хэм хэмжээнд түүнийг муулж кайф авцгаана. Сонин сэтгүүл, сайт, тэлвийз радио бүгд л тэр хүнийг боорлон зулгааж амин зуулгаа залгуулж байгаа мэт харагдах боллоо. Түүнийг муулж албан тушаал ахиж, тэндэрээ шийдүүлж, тойргоо зуруулж байгаа нь ч бий гэдэгт эргэлзэх хэрэггүй.  Нэг хэсэг 2013-14 оны үед Батинженерийг твиттерт дайрч давшилдаг аккаунтууд бөөндөө гарч ирцгээсэн. Судлаад байтал ихэнх нь замын тэндэр горилогчид, МИАТ-д сонин сэтгүүлээ шахагчид байж билээ.  Яг л тэрэн шиг болж байгаа нь бараг нүдэнд харагдаад байна.

Өөрийн хүний олон хүн Баярцогтыг тал талаас нь боксын мешок шиг нүдэж өөр өөрсдийн улс төрийн гараагаа эхэлнэ, эх орончоо батална, гэмгүй ариунаа тодотгоно. Гэвч тэд яаж ч зүтгээд нөгөө муу Баярцогтынхоо чигчий хурууны толионы дайтай гялалзахгүй. Баярцогт ч тэдний муулсан үгийг огт тоохгүй.
Тэд Баярцогт муу хүн учраас засаж авах гээд, эсвэл түүнийг зайлуулж маш сайн хүн оронд нь тавих гээд тэгээд муулаад байгаа ч юм биш. Зүгээр л Баярцогт бол тэдний хувьд хоолоо олж идэх багаж нь болчихоод байгаад л хамаг учир нь байгаа юм. Өөрөөр хэлбэл Баярцогт тэр хүмүүсийн тэжээгч, өл залгуулагч шахуу болчихсон хэрэг. Гэв гэнэт Баярцогт улс төрөөс гараад явчихвал хамгийн түрүүнд нөгөө хэн, хэн бас хэн нар өлсөж үхнэ. Үгүйдээ л орлого нь нойл заах тийшээгээ хандана. Бас тэр хэн гуайн улс төрийн карьер ч тэгэсгээд унтарна. Учир нь тэднийг байнга хооллож, байнга сэдэв нь болж гөвүүлж байх Баярцогт шиг мөлжүүртэй яс мөддөө олдохгүй л болов уу. 

Баярцогт бол 80-д оны сүүл үеийн оюутнууд, 90-д оны эхэн үеийн залуучуудын төлөөлөл болж 90 онд улс төрд орсон бидний үеийн эр. Түүнийг бөөнөөрөө боорлон нүдэж байхад өмөөрөхгүй өнгөрөх совесть энэ удаад хүрсэнгүй.

80-д оны Мөрөнд хүүхдүүдийн олон бүлэглэл, сахилгагүйтэл танхайрлын олон хэлбэр байсан юм. Тэдний дунд нэлээн нэртэй биеээ даасан нь манай 7б ангийнхан байв. 29 хөвгүүн, 9 охинтой анги маань 32 жилийн дараа тулаанд орсон суман шиг нэлээн хэдээр цөөрчээ. Гэвч бидний багын зан хэвээрээ. 2014 онд баригдаад суллагдахад 30 жил сураггүй байсан найзууд маань утасдаж биеийг минь асууж, тус дэмээ санал болгож байсансан. Үнэхээр л унаган багын найзууд л үлддэг, зам зуурын найзууд зам зуурынх л байдаг гэж яалтчгүй үнэн.
Бид ч үнэхээр шуугиулдаг нураадаг байлаа. Гэхдээ энд сэдвээсээ хэт хазайн тоочоод яахав. Дараа нь хэзээ нэгэн цагт хуучны түүх, паянгаа дурссан “7б” гэдэг бичил өгүүллэг юм уу тууж бичих санаа байгаа тул тэнд дэлгэрэнгүй өгүүлье. Брежневийн гашуудлын цуглаан дээр ангиараа инээсэн хэргээр 82 оны өвөл Мөрөнгийн бүх сургуулиар тараагдахаасаа өмнө жинхэнээсээ нураадаг хүнд гарууд байлаа. Сахилгагүй зодоонч шазруун бацаанууд байсныг доод ангийн маань УИХ гишүүн Энх-Амгалан нар одоо ч батлаад хэлээд өгөх байх. Гэхдээ бидэнд нэг зарчим байсан юм. Мөрөөрөө хэнийг ч дээрэлхэхгүй, бяраа гайхуулагчдын хандыг дарж, 2 хүүхэд зодолдож байвал зодуулж байгаа талыг нь дэмжин өмөөрдөг байж билээ. Ялангуяа шударга бусаар дээрэлхүүлж байгаа нэгнийг өмөөрөх нь бидний бараг хобби байлаа. Бидний хийсэн зодооны зонхилох хэсэг нь бусдыг хамгаалах зодоон байлаа. Мууд бяраа гаргагчийн хандыг дарах шиг кайфтай юм ер нь байдаггүй юм шд.

Яг энэ бусдыг өмөөрдөг зан маань Баярцогтыг хараад сэргэж ирэв. Түүнийг өмөөрмөөр санагдаж байна. Яахлээрээ манай үеийн улс төрд байгаа залуусаас арай дөнгүүрийг нь энэ 10а-гийнхан, тэдний гар хөлүүд ийн боорлоод байгаа юмб.

Өмөөрөхийн тулд би Баярцогтыг хоосон магтахгүй, үндэслэлгүй  зохиохгүй. Зүгээр л байгаа юмыг байгаагаар нь харцгаая л гэх гэсэн юм.

Бодит байдлыг л харцгаая. Баярцогт яахав муу хүн юм байж. Тэгвэл хэн нь сайн хүн нь юмб? Жэнко юу? Эсвэл Уянга уу? А эсвэл Ганбаатар уу, Аль нь юмб? Эдний хэд нь 90 онд улсаа жинхнээс нь тусгаар болгох гээд явж байсан билээ? Нэг санах гээд үз дээ! Миний ой тогтоолт сайн, ай кю өндөр ч надад л лав санаанд орж ирэх юм алга.

Монгол улс ардчилагдаад 25 жил л болж байна. Ардчилагдах ч гэж дээ энэ зүг рүү зам тавиад 25 жил болж.  Баярцогт бол тийм зам барьж байгаа замчин нь. Түүнийг шороотой, замын хар үнэртсэн, хиртэй бохир, явсан мөр нь шавхайтай хэмээн түүний тавьсан замаар донсолгоогүй давхисан эрхэмүүд муулж байгааг л би харж байна.   

Баярцогт улс төрч эрхэмүүдийн цэрвэдэг, нэр хүндээ гамнаад асуудлаас зугатаадаг аль халшрам асуудлуудыг барьж авч зууралдан түүнээсээ заримдаа загнуулж, бангадуулж, миалуулж нэр хүндээ алдаж явдаг хүн. Хэн төрийн ордныг тойрсон шарилын газрыг цэгцэлсэн юм?  Манай эх оронч, улс төрчдөөс хэн нь ч хийж зүрхлээгүй, барьж авахаасаа ч халгадаг байсан Сүхбаатар Чойбалсангийн бунхныг нурааж, оронд нь хааныхаа хөшөөг залах ажлыг хэн хийсэн билээ? Монголд Чингисийн албан ёсны хөшөөг 3 л хүн барьсан байдаг. Энэ бол Төмөр-Очир, Жэнко Баттулга 3 дахь нь ЗГХЭГ дарга С.Баярцогт. Эх орныхоо зүрхэн дээ хааны хөшөөг залах ажил амар байгаагүй нь тодорхой. Та бод л доо. Сүхбаатар, Чойбалсан, Самбуу гуай нарын шарилын хөндөх асуудал тэс хөндлөн зогсож, түүнээс бүгд цэрвэн зугатааж байсан юм шүү дээ. 
Саяхан би жиргээнээс нэг сайхан үг олж уншсан юм. "Залуу хүнийг чадахгүй бол яв гэж загнахын оронд чамаас өөр хэн хийх юм бэ гэж загнаж байх хэрэгтэй гэж". Чухам энэ үг л бидний үеийнхнийг хөглөж байдаг. Баярцогт ч исключение биш. Оюутолгойг хэл аманд орон орон С.Баяртай хамтран эхлүүлээгүй бол өнөөдөр бид яах байсан юм. Попууд маань ч юугаа тойрч улс төржих байсан юм бол?

Тэр шуугиад байгаа офф шоор данснынх нь тухай бодлоо хэлье. Би оюутан байхдаа гадаадад данстай байж билээ. Их амархаан нээдэг юм байгаан. Төгсөөд Монгол руу үлдэгдэл багахан мөнгөө татаж өр ширээ төлөх гэж л нэлээн юм болсон санагдаж байна. Дансандаа 20-30 доллар үлдээгээд тэр нь тэр чигээрээ мартагдсан. Хаана ч мэдүүлээгүй, нэгэнт ашиглахгүй, хандахгүй байгаа дансыг мэдүүлээд ч яах юм билээ.
Ер нь Монголчууд нэг юм ойлгох хэрэгтэй. Энэ бол 90 оноос хойш Монгол хүн гадаадад хувийн данстай байх эрхтэй болсон явдал юм. Анхны бизнесүүд хятад оросын хооронд ре-экспорт буюу манайхны хэлдэгээр ганзагаар боссон. Энэ үеээс л Монголчууд гадаадын санхүүгийн харилцаанд орж, бага багаар суралцсаар  ирсэн билээ.
Оффшор дансны гол давуу тал нь татваргүй тул бизнесийн харилцаанд орж байгаа талуудын гүйлгээг бэлэн мөнгөөр хийж байгаа мэт хялбар болгож өгдөг. Оффшор гэдэг систем байхгүй байсансан бол бид ОюуТолгой ч үгүй, Боинг онгоц ч үгүй сууцгааж байх байсан. Оюу толгой бол Монголчууд 34 хувийг нь эзэмшдэг офф шор компани. Монголын хувийг бид ард нийтээрээ эзэмшдэг. Хэрэв Панамын хуулийн фирмийг дэлбэлсэн сэтгүүлчид өщөө сайн ухсан бол бидний нэр ус 3 саяуулаа гараад ирэх л байсан юм.  Бид ОюуТолгойг зэсийн борлуулалтын мөнгө маань борлогдсон улсын татварын албанд гувшуулалгүй шууд Монголчуудад ирж байгаасай гэж л оффшорт бүртгүүлсэн. Хэрэв оффшоор систем байгаагүй бол дэлхийн уул уурхайн бизнес ажиллахаа зүгээр л зогсчихно.  МИАТ 2013 онд авсан Боинг онгоцоо Америкийн оффшор буюу Делаверт бүртгэлтэй компаниар дамжуулан арилжаа хийж авсан.
Дэлхийн бүх хүмүүсийн шүтээн болсон Стив Жобсын үндэслэсэн Аппл компани ч АНУ-н гадна талд олсон олон тэрбумын орлогоо Ирландын офф шор бүсэд хадгалж байсан нь саяхан ил болсон ч бизнесийн түгээмэл практик тул энэ сэдэв газар аваагүй. Дашрамд дурьдахад Айфон дээр монгол фонт одоо хүртэл байхгүй л байгаа. 

Төрийн сайд бус, жирийн иргэн Баярцогтыг 2006-7 онд оффшор данстай байсанд би гайхахгүй, бас энэ талаар муулах ч бодолгүй байна. Яг бусдын үгээр муулах биш өөрийнхөө оюун ухаанаар тунгаагаад нэг үзвэл офф шор асуудал тийм ч нүд орой дээр гарахаар асуудал биш. Учир нь надад боломж олдсон бол би ч оффшор данс нээлгэхээс буцахгүй. Баярцогт найзуудтайгаа нийлж тус бүр $250К босгоод хөрөнгө оруулж FOREX буюу валют арилжааны бизнес хийхээр хөдөлж байсан юм билээ. 250 мянган доллар бол жирийн багшийн 20 жилийн цалин гэж мэгээл шоудах улс төрчид популистууд захаас аван гарч ирэх л байх л даа. Гэхдээ энэ мөнгө бол Баярцогт шиг боловсролтой, боловсрол чадвараа шудрагаар үнэлүүлэх хэмжээний ажлын гэрээ хийх үнэлэмжтэй хүнд цочмоор их мөнгө бас биш юм. Жирийн инженер би л гэхэд 2010-2011 онд том хүүгийнхээ нисэгчийн сургуулийн зардалд $70К хувиасаа төлж байлаа. Энэ мөнгийг би МИАТ ХК-д боловсрол, ур чадвар, хөдөлмөрөө шудрагаар үнэлээд олж авсан. Орлогоо мэдүүлж татвараа төлөөд, тэрүүгээр ч зогсохгүй хүүхдийн сургалтын төлбөртөө татварын буцаан олголт авсан санагдаж байна. МИАТ-д 2 ширхэг 767 онгоцыг нийлүүлээд сарын 295 мянган долларын түрээсээр олж ирж, Боинг компанитай урт хугацаан хүнд хэлэлцээр хийж анхны санал болгосн үнээс нь нийлбэр дүнгээр бараг 30 сая доллараар буулгасан гэрээ хийн, Асиана компанийн үүсгэсэн заргаас Солонгосын өрсөлдөөний газрын тавьсан байсан 2 тэрбум воны торгуулийг биечлэн захиа бичиж байж хүчингүй болгуулан, 2011, 2012 оны зуны нислэгийн үед солонгосын талын өгөхгүй гүрийж байсан нислэгийн зөвшөөрлүүдийг өгүүлэх татгалзахын аргагүй албан захиа Солонгосын тээврийн яам руу бичсэнийг МИАТ компани үнэлж боломжийн цалин урамшуулал олгож байсан нь намайг хүүхдээ нисэгчийн сургуульд сургах санхүүгийн боломж олгосон юм. Миний хувьд олсон мөнгөө хүүхдийнхээ боловсролд хөрөнгө оруулсан бол Баярцогтын хувьд дэлхийн санхүүгийн тогтолцооны халуун тогтоонд нь орж бизнес хийхээр оролдсон байна.  Иймээс би оффшор асуудал дээр Баярцогтыг муулмааргүй байна. Тэр төрд ороод тэр дансаараа гүйлгээ хийж, орлогоо татвараас бултуулахыг оролдоогүй нь харин ч түүний давуу тал. Обама ч багадаа хар тамхи татаж байснаа хүлээн зөвшөөрсөн байдаг. Ингэлээ гээд түүнийг хар тамхичин гэхгүй л байгаа биз дээ.
Би McGill их сургуулийн Graduate certificate in Air and Space Law хөтөлбөрт 2007 онд элсэхээр 2006 онд өргөдөл гаргасан юм. Тэр том сургуулийн admission процесс нь онлайн явдаг. Сонголтгүй хэдэн хариултын нэгийг нь сонгоод л цааш урагшлана. "Nationality" гэдэг цонхон дээр "People's Republic of Mongolia" гэж гарч ирдэг юм байна. Эхэндээ их л эмзэг байлаа. Сургуульдаа элсэж орсныхоо дараа admission office руу нь мэйл бичиж байж алдааг засуулсан. Миний төгсөлтийн yearbook дээр Mongolia гэж бичигдсэн. "bat tsedevdamba mcgill" гээд гууглдвэл гараад ирнэ. Одоо Баярцогтыг хаа нэгтээ хятадын Монгол болгож бүртгэсэн нь яг нэг иймэрхүү л техникийн алдаа юм.  Гэтэл үүнийг хөөрөгдөж хөөрцөглөх нь юм үзэж нүд тайлаагүйгээ л зарлахаас хэтрэхгүй. Дэлхий даяар Монголыг хэдэн улс орон мэдэх билээ. Монголоо бид таниулж чадлуу?   

Та нар нэг ч өөгүй өндөг шиг хүн олоод дээрээ залчих санаатай л үзээд байх юм. Төгс хүн олдож магадгүй л юм. Харин тийм төгс хүн бол дарангуйлагч л болдог юм шд. Мэдээтэй л байгаарай. Өөлүүлэх шүүмжлүүлэх муу ч юм хийгээгүй, сайн юм бүүр ч хийгээгүй нэг өндөг олоод толгой дээрээ тавиад үз. Өндөгөн дотроор чинь нэг махчин шувууны дэгдээхэй, үгүй бол могойн зулзага, эсвэл матар, хамгийн сайндаа л хөдөлж өгдөггүй яст мэлхий, гарч ирнэ. Дарангуйлагчид төрд гарахаасаа өмнө бүгд л өөгүй өндөгнүүд байсан байдаг юм шүү.

Баярцогт бол төгс хүн биш. Харин ч түүний төгс бус байдал нь өөрөө ардчилалыг төгс болгоход маш хэрэгтэй давуу тал нь билээ.

Баярцогт энэ төрд байх ёстой хүмүүсийн нэг. Тэр цаашид ч дор хаяж 20 жил төрд зүтгэх байх. Энэ бичлэг гарсан ч эс гарсан ч Баярцогт Сэлэнгээсээ торохгүй сонгогдоно. Харин Баярцогтыг төрд орж ирвэл бид ашиглаж авах ёстой. Түүнээс одоогийн залуус, манай дараа үеийнхэн суралцах юм даанч их. Учир нь Баярцогт бол Монголын ардчилсан төрийн өвийг энэ биеээрээ тээгч нь. Түүн шиг 90 оноос хойш төрд зүтгэж бүх эмзэг, зарчмын асуудлыг нь шийдэлцэхэд оролцож, оройлон зүтгэж байсан улс төрчийн олоход бэрх. Цагийн аясаар ахмад туршлагатай улс төрчид халаагаа залуу үедээ өгч байна. Баярцогт бол тэр ахмадуудын дэргэдээ байлгаж, дараа үеийнхэнд дамжуулах үгээ зааж өгсөн гарынх нь шавь.

Олон асуудлын гол асуудлыг нь тэр зүтгүүлээд явдаг. Тэр тэвштэй будаа тээж яваад ганц нэг нь унахад зогсож түүхгүй. Үндсэн ачаагаа тээгээд л цааш явна. Улс төрч хүн мелкий байх угаасаа зохимжгүй.  Баярцогт мелкий биш.
1921 оны ардын засгийн анхны наадамд Сэлэнгийн “боохой” Данзан түрүүлж Ардын засгийн анхны арслан болж байжээ. Баярцогт бол Сэлэнгийн унага, зарим үг даадаггүй чацгатай бэлтрэгний хажууд бол бие гүйцэж долоо шархадсан боохой, түүний гүйлгээ ухаан, самбаа овсгоо бол Данзан Данигай эсвэл Солийн Данзантай л зүйрлэж болох ховор өгөгдөл.

Хэрэв АН хэзээ нэгэн цагт дахин засаглах боломж олж авбал энэ хүнд намаа, засгаа атгуулаад нэг үзэх хэрэгтэй.  Тэгээд яахыг хараарай. Данзангийн хийж амжилгүй үлдээсэн реформыг тэр хийнэ.

Баярцогтыг магтахгүй, муулахгүй харахад л ийм байна.

Tuesday, April 19, 2016

Ирэх Баасангийн мэдээ


Алтайгаас Адидас гуталтай цаг хугацааны аялагч олдсон тухай мэдээтэй давхцаад ирэх 5 дахь өдөр Үндсэн хуулийн цэц хуралдаад намын жагсаалт гээчийг Үндсэн хуулийн бус гэж зарласан тухай намчид, намуудын цахим хуудсууд өчигдөр мэдээлж эхэллээ. Мэдээлж байгаагаар бол Үндсэн хуулийн цэц намын жагсаалтаар сонгогдох нь иргэдийн шууд сонгох эрхэнд харшилсан гэж ирэх Баасанд үзсэн бололтой.

Үндсэн хуулийн 21.2-т нээрэн чиг ”Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” хэмээн заасан байдаг бүлгээ.
Гэвч Үндсэн хуулийн цэц бол үндсэн хуулийн сорчилж авсан зүйлийг хамгаалах зориулалтаар байгуулсан байгууллага биш үндсэн хуулийг бүхэлд үндсэн хуулийн системийнх нь хувьд хамгаалах үүрэгтэй байгууллага болохыг тус хуулийн 5 дугаар бүлэгт бэлхэнээ дэлгэрэнгүй тусгасан байх ажгуу.

Үндсэн хуульд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд тодруулах УИХ-н маш чухал хоёр үүргийг НАМ гээч үндсэн хуулийн өөр нэг субьектээр дамжуулан хэрэгжүүлэх тухай хоёргүй утгаар зааж өгчээ. Үндсэн хуулийн 31.2-т УИХ-д суудалтай намууд Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх тухай, 33.2-т УИХ-д олонхи болсон эсвэл хамгийн олон суудал авсан нам Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх тухай үндсэн хуульчилж өгсөн байх юм.

Ирэх Баасанд гаргасан Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр 76 тойрог руугаа явахаар болвол онолын хувьд 76 бие даагч УИХ-д сонгогдох боломж үүснэ. Онолын байтугай өнөөгийн улс төрийн намуудад итгэх итгэл унаж байгаа цаг үед энэ боломж нэлээн өндөр практик магадлалтай болж ирж байгаа юм.

За яахав онолын боломж хэрэгжээд 76 бие даагчтай боллоо гэж бодъё. Тэр цагт хэн Ерөнхийлөгчид нэр дэвшүүлж,  хэн нь Ерөнхий сайдыг санал болгохыг хэн нэг нь хэлээд өг л дөө та нараас. Энэ бол өөрөө үндсэн хуулийн гүн хямрал шууд үүсгэх нөхцөл байдал мөнөөсөө мөн билээ. Монгол улс Ерөнхийлөгчгүй, Ерөнхий сайдгүй байж болох уу? Манж өмсгөлөөр ижилссэн Үндсэн хуулийн цэцийн гишүүд үүнийг хүсээд байна уу? Үндсэн хуулийн гол субьект НАМ-ыг УИХ-д орох боломжийг онолын хувьд ч хамаагүй хаах нь үндсэн хуулийг зөрчсөн явдал мөн юм. 

Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хууль зөрчигдөх, хэрэгжихгүй байх онолын боломжийг хаах үүрэгтэй хууль зүйн шинжлэх ухааны байгууллага билээ. Иргэдийн шууд сонгох эрх намын жагсаалтаас болоод хасагдсан гэж үзэж байвал намын жагсаалтанд орох гишүүдээ л намын нийт гишүүдийн санал хураалтаар тодруулчихаж болохгүй гэж үү. Америкт үүнийг праймари ч гэдэг.  Америкт хэн ч Ерөнхийлөгчөө шууд сонгодоггүй. Сонгогчийн үнэмлэхний оронд намын батлахаа барьж ирээд л намын жагсаалтанд орох хүсэлтэй гишүүдээс 28-г нь дугуйлаад хаячихад болохгүй гэж үү. Намын гишүүд ч бас иргэн тул хуулийн шаардлага хангагддахаар л харагдаад байна даа.  

Саналаа өгсөн олон иргэдийн сонгоогүй хүн УИХ гишүүн болдог, цаашид ч болно. Тэдний сонгогдсон гишүүнд өгөөгүй санал бол тэр гишүүнийг шууд сонгоогүйгийн л баталгаа. Тэхлээр яахав?
Энэ тохиолдолд Үндсэн хуулийн цэц үндсэн хуулийн үзэл санааг бүхэлд нь хамгаалах үүргээ нэгд, Үндсэн хуулийн үг үсгээр тоглолт хийх эрхээ хоёрт тавьж байх учиртай.  Тээр жил давхар дээл хууль бус гэж Цэц, Иргэн Ламжав нар самарснаас болж Ардчилсан холбоо эвсэл байгуулсан засгаа гурван ч удаа хөмөрсөн гашуун туршлага бий. Үр дүнд нь Монголын ардчилсан шинэчлэлийн процесс албан тушаалын явган хэрүүлийн намагт живсэн билээ.

          За яахав. Цэц ирэх Баасанд шийдэж, УИХ дараагийн Баасанд ёсчлоод хаявал хаяна л биз.  Ер нь бол 2012 онд жагсаалтанд жаалсан гишүүд 2016 онд тойрог руу туугдах ээлж ирмэгц очих тойргоо жижигсгэж сонгуулийн зардлаа хэмнэх гэсэн башир арифметик л наана чинь яваад байгаа юм. Яаж ч нууж булзааруулаад нэгэн том даргын шонон хор фракцын хэдийг л ногоон гэрлээр ялган гаргаж АН-ы үлдсэн массыг золигт гаргах далд тохироогоор дараагийн эрх баригчидтай наймаацаж байгааг таахад түвэггүй.

       Азаар АН-д ардчилсан үзэл санааны төлөө тэмцэл арай ч таг унтарчихсангүй. Лу.Болд гишүүний яриад байгаа залуусыг төрд гаргах санаа бол жишээ нь таалагдаад байна. Цэцийн ирэх Баасан гаргасан шийдвэр ч энэ санааг хэрэгжүүлэх боломжийг гаргаад ирлээ. Залуусаа УИХ-д нэрээ дэвшүүлж өрсөлдөцгөө. Та нар бол нэр цэвэр, нас залуу, гоё амбицтай, гэгээн мөрөөдөлтэй хүмүүс. Төр засахын тулд гэрээ засах шаардлагагүй. Харин ч өнөөдөр цэцэрлэг сургуульд яваа бяцхан үрсийнхээ ирээдүйг өөрсдөө бий болгох хэрэгтэй шүү.  Гэрээ зассан хүмүүс төрд ороод юу хийж байгаа бид харж байна. Тэд хүүхдүүд нь том болсон тул тэдний ирээдүйд санаа зовох зүйлгүйгээр тэнэгтэж, дураараа дургиж байна.  Ахмад үе чинь та нарын ирээдүйгээс тэрбум тэрбумаар нь зээлж хүүхдүүд, хунтайжуудынхаа бизнесүүд рүү гулсуулан сууна. Зөв гэж үү?

         Залуусаа улс төрийг дайран эзэлцгээ. Зөвхөн нэр, насаа л зарлаад дэвшээд ир. Эдэн шиг их зардал бүү гарга. Сошлд нэг нэг аккаунтаа л хэлчих. Дэмжээд өгье. УБ-с гараад ирцгээ. Хүүхдүүдийхээ ирээдүйг өөрсдөө бий болгоцгоо. Та нар л энэ их өрийг төлцгөөнө. Иймд жолоон дээрээ өөрсдөө эртхэн сууцгаа. Оюутан цагаа тарваганы наймаа хийж өнгөрүүлсэн хүмүүст хувь заяагаа ахиж бүү даатга, тэр тусмаа хүүхдүүдийнхээ ирээдүйг.

        АН-ы залуус ч бас дарга нараасаа эртхэн холдсон нь дээр. Та нарын тэмцлийн соокыг дарга нарын чинь хунтайжууд нь уугаад эхэлснийг та нар хараа биз дээ. Хэний төлөө юуны төлөө тэмцээд байгаагаа сайн бод. Та нар өөрсдөө дэвш. Бие даагаад өрсөлд. Дараа нь намаа эргэж эзэлж ав. Шинэчил.

        Баруун Германы улс төрийн намууд завхран доройтож, авилгал хээл хахуулд идэгдэх үед ард түмэн түүхэн сонголт хийж бие даагч шилдэг залуусыг олонхи болгон парламентдаа сонгосон байдаг. Тэр бие даагчид нь тусдаа нам байгуулж тоглосонгүй. Харин ч улс төрийн урт хугацааны түүх бүхийн 2 том намдаа хуваагдан орж тус намуудын бүх удирдах постуудыг нь авч намуудыг нь эрчимтэй шинэчилсэнээр өнөөгийн Германы улс төрийн соёл үүсэн бий болсон түүхтэй. Манай Гүндалайд нэг удаа ийм боломж гарсан юм. Даанч Гүндалай ардчилсан герман стилтэй бие даагч байсан тул зөв замаа ололгүй мунгинасаар улс төрөөс гарч явсан.  

        Монголд яг Баруун Германых шиг ийм юм болоосой гэж би хүсэж байна.  Залуус та нар эхлээд төрийг эзэлж аваад дараа нь МАН, АН-ы толгойг шинэчлээд өг. Сайжруулаад өг. Хүссэн ч эс хүссэн ч энэ 2 нам цаашдаа ээлжилж төр барина. Иймд улсаа бодож байгаа нь эднийг эхлээд сайжруул. Үүний төлөө та нарыг дэмжихэд бэлэн байна. Аливаа улс тусгаар тогтнохын тулд төртэй байх ёстой. Төртэй байхын тулд намтай байх нь жам. Иймд байгаа намуудыг л сайжруул. Шинэ нам байгуулж тоглох цаг одоо биш.  Ялангуяа Орос Хятад 2 эвтэй байгаа энэ үе бол илүү хуваагдлын цаг бүүр ч биш.

Тэхдээ Цэц ирэх Баасанд жинхнээсээ юу гэж шийдэхийг эхлээд харцгаая. 


Tuesday, April 12, 2016

Хөгжлийн өөр гарц


Анх tsahimurtuu.org сайт дээр 2009 оны 8-р сард гарсан

Телевизийн нэг сувгаар орвонгоороо эргэсэн Монголын уул тал, ширгэсэн голууд, нөгөө сувгаар Оюу толгой, Таван толгой тойрсон хэрүүл, бас нэг сувгаар нь олоогүй (олдохгүй) ашгаа хуваах толхилцоонууд гарч байх юм. Олон хүний ярианаас уул уурхай хөгжвөл ажлын байр нэмэгдээд ард нийтээрээ цэнгэлийн манлайд ойртох тухай санаанууд хөвөрнө.
Мөнгийг тэрбумаар нь хүүдийлж, мянгыг амны цаас шиг тоохгүй болох цаг өнөөгийн хариуцлагагүйн үерээс азаар амь гарсан жаахан хүүд ирэх юм байх. Монголчууд үнэхээр уул уурхайгаар халуурч байна. Олон “эрдэмтэд”, “эдийн засагчид”, “суутнууд” үүнээс өөр хөгжлийн гарц үгүй хэмээн “нотолцгоон” энэ халуурлыг солиорол руу улам ойртуулна.  Улс төрчид маань алсын хараа гэхээсээ өнөө маргаашийн оноо цуглуулах жалгын улс төр, популизмаар амьсгалан улсаа “зална”. Харамсалтай нь жалгын улс төрөөр залагдсан улс жалга ангал руу л дөхөх нь ойлгомжтой. 
Олон олон “эх орончид”-ын нэгэн адилаар би ч бас уул уурхайн халуурлыг битүүхэндээ дэмжиж л байна. Гэхдээ цэнгэлийн манлайд түүний тусламжтайгаар хүрнэ гэдэг утгаар нь бус, харин дээрмийн уул уурхайн уруй Монголыг дайраад бүх юм болоод өнгөрсөний дараа хаягдал шороон дээрээ  хөөрхий нинжа шиг хоосон хоцорсон Монголчуудын нүд гэнэт нээгдэж, ухаарал сэхээрлээ аван өөр аргаар амьдрах арга хайж олох зөв цагийг ойртуулахад өнөөгийн энэ халуурал хэрэг болох болвуу гэдэг утгаар нь. Ер нь бол газрын гүнээс гамшгаас өөр энгийн ардад наалдацтай юм нэг их гарч ирэх нь юу л бол.  Ашигтай наалдацтай юмс гарч ирлээ ч энэ баялагаар нь зөвхөн өнөө үеийхэн л туйлаад, талаар нэг нялаад л дуусгах шинжтэй. Харин дараа нь олсон хэдээрээ сүйдэж гундсан уул овоодоо  мянгантаа тахиад ч амь зуух аргагүй болох өдөр энэ хурдаар явбал нэг их холгүй бололтойдог. Уул уурхай шүтсэн “хөгжлийн” энэ гарц ер нь нэг л бишээ.
Тэхдээ Монголчууд бид нэгэнт олон уурхай нээгээд арвин нүгэл хуралдуудаад эхэлчихсэн тул ядаж одоо байгаа тэднээсээ олж байгаа хэдээ зөв зарцуулан алсдаа хөнөөл багатай аргаар хоолоо олдог болох аяаа бодож байхгүй бол горьгүй нь ээ.  Хэдүүлээ ухаад авчихсан уурхайн шороон дээрээ шалз шиг хаягдан санаашрахаасаа өмнө   хөгжлийн өөр гарцыг хайцгаая. 
Хөгжилд хүрнэ гэдэг бол зөв бизнесийг олж зөв хөгжүүлнэ л гэсэн үг юм. Бизнес амжилттай байхад гурван гол зүйл тун ч чухал байдаг юм. Тэр нь нэгдүгээрт байрлал, хоёрдугаарт байрлал, гуравдугаарт мөн л байрлал байдаг. Оюу толгойн зэс  олдошгүй баялаг агууламжтайдаа ч биш, таван толгойн нүүрс илүү илчтэйдээ ч ингэж үнэд ороод байгаа биш юм.  Оюу толгой бол бараг хайлах цехийнхээ гадаа байгаа хүдэр, таван толгой бол зуухныхаа аман дээр шахуу байгаа нүүрс гэдэгтээ л ингэж түмний хорхойг нь хөдөлгөөд байна. Байрлал л гол үүрэг гүйцэтгэсэн гэсэн хэрэг. Бас дээр нь нэмээд манай хяналтгүй, хариуцлагагүй, хямдхан төрийн систем их гарын шулаачдын хорхойг үнэхээр их гозолзуулж байна. Эдний хажууд Баруун Австрали, Хойд Куинслэндэд орон нутгийн “мэргэжлийн жинхэнэ хяналтын” түмэн шалгуурыг дамжин мянган шахалтын доор олборлосон эрдэс, эсвэл Мъянмарын хунтуудтай хуйвалдаж, Африкт тивээр нь иргэний дайныг үлээн хөгжөөж байж үнэ хөлс татвар түрээсгүй дээрэмдэн ачуулсан баялаг бүгд л илүү өндөр өртөгтэй болоод ирдэг. Өөрөөр хэлбэл тээврийн өртөг зардал шингэдэгээс өртөг нь өсдөг гэсэн үг. Ингэхлээр бизнесийн байрлалын давуу тал гэдэг бол тээврийн зардалтай л холбогдож яригддаг асуудал болох нь харагдаж байна. Хаана ч тийм байдаг, бүх төрлийн бизнест тийм л байсан. Тэр дотроо тээврийн бизнест өөрт нь хүртэл байрлал нь эргээд нөлөөлж байдаг.
Тээврийн бизнес гэснээс хөгжлийн өөр гарцыг эндээс өөрөөс нь хайвал яасийм бэ. Олон бизнесийн хувьд зардлын маш том хэсэг нь энд байдаг юм бол тээвэр өөрөө маш гайгүй орлоготой эд байх ёстой. 
Сингапур хот усан тээврийн ашигтай байрлалаараа хөгжсөн байхад, Чикаго хот АНУ-н баруун зүүнийг холбосон авто болон төмөр замын тээврийн зангилаан дээр цэцэглэжээ. 

Монгол шиг далайгүй, замгүй газарт агаарын тээврээс өөр үсрэнгүй ирээдүйтэй бүтэц ажиглагддаггүй. Төмөр замын тээвэр маань маш хязгаарлагдмал зах зээлтэйгээс гадна өмчийн хэлбэр, удаан хөшүүн байдлаараа ямар ч найдварын очийг гэрэлтүүлэх боломжийг олгохгүй байна. Монголд транзит тээврийг хөгжүүлэх боломжтой гэж олон ярьдаг ч агаарын тээврээс өөр түүнийг төгс хэмжээнд нь хүргэх бизнес үгүй.
Иймд  агаарын тээврийн боломжуудаа л сонирхоё.
Тээврийн төрлүүдийн дундаас агаарын тээврийн бизнесийн ашиг байрлалаас хамгийн ихээр хамаарч байдаг.  Нисэх зай нь холдох тусам ашигтай ачаалалаа хасч оронд нь шатахуунаа ачихаас өөр аргагүй болж байдгаараа их онцлог. Орчин үеийн иргэний онгоцууд хамгийн их ачаалалтайгаар дээд тал нь 5500 далайн миль  буюу 10190 км орчим нисэж чадахаар бүтээгддэг. Үүнээс хол зайнд нисэхээр болбол ачаалалаа хасаж зорчигчоо цөөлөн нисэхийг хичээдэг байна. Аль болох ихээр төлбөртэй ачаалал авч явж чадсан нь нэгжийн зарлаа бууруулж өрсөлдөөнд ялж гардаг. Харин ийм таатай маршрут зах зээлийг сонгож нисэх боломж улс болгонд тэгш байдаггүй. Нэг чиглэлд нь ашигтай байсан нэгэн нөгөө чиглэлд алдахаас өөр арга байдаггүй. Жишээ нь Эмиратс компани Европ, Энэтхэг рүү тун ч ашигтай нисдэг бол Австрали, Америк руу 7000-8500 миль нисэх болдог тул тааруухан ашигтай нисдэг. Сингапур Эрлайнз ч мөн адил Европ Америкаас холдоод ашиг нь буураад явчихдаг байна.   
Монголын хувьд бол байрлал маань шал өөр байдаг. Дэлхийн талыг эзэлж байсан өвөг дээдэс маань бидэнд агаарын тээврийн хувьд чухамхүү үнэхээр алтан байрлалыг үлдээжээ. Монголын тал нутгаас дэлхийн ихэнх том хотууд руу агаараар нисэхэд цаад тал нь 5500 милийн зайтай л байдаг юм байна. Бүх чиглэлд дүүрэн ачаалалтай нисэх ийм боломж нь дэлхийн агаарын тээврийн компаниудын захирлуудын зүүдэнд л байдаг гэж болно. Гэтэл тэр боломж бидэнд бодитоор заяажээ. Австралийн Сиднейгээс авхуулаад, Европ, Ази бүхлээрээ, Зүүн Африкийн гайхамшигт онгон байгалаас өгсүүлээд Хойд Америкийн том хотууд бараг тэр чигээрээ энэ тойрогт байх юм. Зүүд ч юм шиг. Хамгийн сонирхолтой нь эдгээр нь зүгээр нэг Монголыг тойроод оршсонгүй. Бүүр мөрөөдлийн гэмээр байрласан байх ажээ. Дэлхийн хамгийн идэвхтэй агаарын харилцаатай улс, хотуудыг холбосон хамгийн дөт зам Монголоор дайран өнгөрөхөөр байна.  Австралийг Англитай, Синга-г Шинэ Йорктой, Чикагог ХонгКонгтой, Холливудийг Болливудтай, Токиог Дубайтай, Паристай холбох хамгийн шулуун агаарын шугамууд Монголын тэнгэрээр өнгөрч байна. Гэтэл эдгээр нь бол жилд хэдэн сая зорчигчоор яригддаг сүпэр зах зээлүүд гэж байгаа. Монголд 20-30 онгоцоор дэлхийн 5 тивд нислэг хийж, өөрийн нутгаар дамжуулан транзит тээвэрлэлт хийн бусдын зах зээлээс мөнгө олдог Сингапур Эйрлайнз, Эмиратс, эсвэл жилд улсынхаа хүн амаас ч олон хүнийг өөрийн буудлаар дамжуулан тээвэрлэдэг КЛМ шиг компани буй болгох ирээдүйн төлөө л ажиллах ёстой юм биш үү гэж бодогдож байна.
Дунджаар 20-30 онгоцтой дунд зэргийн нисэх компанийг ажиллуулахад дор хаяж нэг нисэгч сард 50-80 цаг ниснэ гэж тооцвол 300-380 нисэгч, онгоцуудыг бэлэн байлгах 1000-1500 инженер техникийн ажилтан, 2000-2500 үйлчилэгч, болон бусад ажилтан нийлсэн нийт 6000-10000 өндөр мэргэжилийн хүний ажлын байр шинээр бий болгох шаардлага байдаг. Үүн дээр агаарын тээвэрт үйлчлэх бусад бүтцийн ажилчдыг нэмбэл иргэний нисэхэд дор хаяж 20000-22000 ажлын байр шууд буй болох боломжтой харагддаг. Ер нь бол нэг том онгоц 1000 орчим ажлын байр үүсгэдэг. 300 орчим суудалтай 20 гаруй тооны онгоцуудыг 70-80 хувь дүүргэлттэйгээр арваад гол зах зээлийн хооронд Монголоор дайруулан нисгэхэд бараг 1,3-2 тэрбум долларын орлогын боломж бас харагддаг.
Хамгийн гол нь агаарын тээвэр өөрөө аялал жуулчлал, хүнс, шатахуун үйлдвэрлэл, худалдаа арилжаа зэрэг олон салбарыг чирж явдаг тул улс орны эдийн засагт үзүүлэх нөлөө асар их бөгөөд ажлын шинэ байруудыг буй болгох үндсэн өдөөгч нь болох боломж их юм. Хөрш орнуудын нутгаар дамжуулан газраар тээвэрлэхэд хүндрэлтэй бүх бараа бүтээгдхүүнийг агаараар хүссэн улсдаа хүргэх боломжийг агаарын тээвэр л олгодог. Мах болон ноолууран бутээгдхүүний тээвэрлэлтийн тухай энд хэлээд байгаа хэрэг. Ингэхлээр агаарын тээврийн эдийн засгийн өгөөж хязгааргүй их юм.  
Мөн Монголын хөдөлмөрийн чадвартай хүмүүсийн 20 хүртэлх хувь нь агаарын тээвэр болон агаарын тээвэртэй холбоотой ажилладаг салбараас ажил олох бололцоо бий. Нийтээрээ ажилтай байх хөгжлийн гарц чинь чухам энэ биш гэж үү? Нисэхтэй холбоотой салбарт ажиллахаас Монгол залуучууд зугатаана гэж үү.
Гэхдээ ийм болоход учир их бий. Дэс дараатайгаар үе шаттайгаар чиглэсэн нэгдмэл бодлоготойгоор явбал Монголыг дэлхийн агаарын тээврийн шинэ төв болгох боломж ойрын 6-8 жилд гарч болох юм. Эхний ээлжинд саалиа бэлдхээр саваа бэлд гэдэг шиг нисэх буудлуудаа бэлдэх хэрэгтэй байна. Ерөнхий сайдын Япон дахь айлчлалын нэг зорилт үүнд чиглэгдсэн нь тун ч олзуурхууштай. Одоо япон түншүүдээ шавдуулан ажлаа эхлүүлэх л хэрэгтэй байна. Эхний ээлжинд транзит зааланд нь буугаад мордсон хүн Монголд хэд хоноод хөдлөх сэтгэгдэл төрүүлэхүйц ганц сайн буудалтай байхад болоод явчих байх. Яваандаа агаарын тээвэр хөгжихийн хэрээр зайлшгүй 2-3 буудлын хэрэгцээ гарна. Тэр үед Хар хорин, Чойбалсанд нисэх буудал хөгжүүлж бүс нутгаа өөд нь татсан ч болохгүй зүйлгүй.
Хоёрдугаарт эрх зүйн үндсүүд маань бэлэн байх хэрэгтэй. Энэ бол улс төрийн шийдлийн маш чухал асуудал. Бараг ийм бизнесийн суурь хөрс нь ч гэж хэлж болох зүйл. Гол нь агаарын тээврийн эрхүүдээ нээж авах асуудал байдаг. Агаарын тээврийн нислэгийн эрхүүдийг улс орнууд бие биеэндээ харилцан солилцох журмаар л наймаацан олж авдаг зарчмыг эхлээд Парисын конвенцоор дараа нь Чикагийн конвенцоор баталгаажуулж буй болгожээ. Дэлхийн 2-р дайны дараа агаарын харилцааны эрхүүдийн эргэн тойронд явагддаг аэрополитик нь дэлхийн улс орнуудын хамгийн том анхаарал тавидаг асуудлуудын нэг болсон байна. Агаарын харилцааны хэлэлцээр байгуулна гэдэг бол улс орнуудын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөний давхар нотолгоо болж өгдөг нь үүний ач холбогдолыг ийнхүү өргөжээ. Алслагдмал олон улс орнуудыг шинэ хөрштэй болгож өгдөг гол гүүр нь агаарын тээвэр юм. Манай гурав дахь хөршийн бодлого ч энэ агаарын тээврээр дамжиж хэрэгжвэл тун ч сайхансан. 
Агаарын харилцааны асуудал бол ганц салбарын ч биш улс орны гадаад бодлогын чухал асуудал мөний тул Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар маань үгээ нэгтгэж энэ чиглэлд идэвхтэй хамтран ажиллаасай гэж хүсэх байна. Эхний ээлжинд Ерөнхийлөгчийн айлчлалын үеээр эртний харилцаатай Энэтхэгтэй байгуулсан стандарт гэрээгээ open sky хэлэлцээр болгож чадвал тун зүгээр юмсан. Хэрэв ойрын жилүүдэд идэвхтэй ажиллаж алс холд байгаа улс орнуудтай нээлттэй тэнгэрийн бодлого бүхий хэлэлцээрүүдийг байгуулж чадвал замаа чөлөөлчихөөд давхихад бэлэн боллоо л гэсэн үг. Дараа нь Европтой харилцаагаа шинэчлээд, АНУ, Сингапур, Шинэ Зеланд Чили зэрэг улсыг багтаасан олон талт лебирал хэлэлцээрт элсчихвэл ч.
Гэвч эцсийн эцэст бидэнд хүн л дутагдна. Нарийн мэргэжлийн хүмүүс дутагдна. Нисэгч, инженерүүд дутагдна. Нислэгийн удирдагчид маань цөөднө. Олон улсын өрсөлдөөнд дунд нарийн бизнесийн ньюансийг олж явж чадах чадварлаг менежерүүд дутагдана. Төр энэ дутууг гүйцээх бодлогоо эртнээс явуулах хэрэгтэй санагддаг.  
Хамгийн сүүлчийн асуудал бол олон сая, тэрбумын үнэтэй олон онгоцыг яаж юугаараа авнаа гэдэг асуудал. Онгоц авахад нэг их олон зоос хэрэггүй байдаг юм. Өөрөө өөрийхөө төлбөрийг хийчихдэг  бараг ганц бараа бол тээврийн онгоц. Санхүүгийн зөв схемээр явуулахад нэг хүндрэлгүй хийгддэг наймаа бол нисэх онгоцны арилжаа юм. Гол нь зах зээлийн баталгаа л чухал. Гэтэл бидний байгаа алтан байрлалаас дэлхийн зах зээл бараг тэр чигээрээ өмнө маань байна. Бидэнд эрх зүйн асуудлуудаа л зохицуулах үлдэж. Дээр нь гаалийн татвар хураамжийн тогтолцоогоо агаарын тээврийг дэмжихэд чиглүүлээд өгвөл энд төрийн зүгээс нэг их олон халамж харж үзээний хэрэггүй юм. Ер нь бол гай болохгүй бол хамгийн хурдан томордог бизнесийн салбар бол агаарын тээвэр. Ашигийн хувь харьцангүй багатай ч ажлын байр нэмэгдүүлэх нөлөөлөл нь үнэхээр гайхамшигтай.
Агаарын тээврийн бизнесийг ганц нэгээрээ хийдэггүй, нийлж нэгдэж байж хийдэг ярвигтай эд. Ганц нэгээрээ ч өмчлөхөөс зайлсхийцгээн цэрвэцгээдэг. Учир нь хариуцлагаа ганцаараа үүрэхээр зориглодог хоншоортон дэлхийд ховор. Иймээс Монголын олон капиталистууд, бизнесийн толгой тархинууд хэд гурваараа, эсвэл хэдэн арваараа хоршиж байж энэ бизнес рүү орвол дэлхийн өрсөлдөөнд тэсэж, ажлын байрыг олноор нь үүсгэж чадах байх оо.
Ажлын байрыг ер нь бол хөгжиж байгаа аль ч салбар гаргаж чадна л даа. Харин Монгол залуус хүрзэт техник бариад өвгөдийнхөө бууцыг самрах “ажлын байр” руу хэр хошуурах юм бол доо гэдэг л байна. Харин агаар тэнгэрт аялан, онгон байгалаа үзүүлж жуулчин татах, ачаа тээвэрлэх, худалдаа арилжаа хийх гэх мэт бол огт өөр асуудал. Залуу хүн бүр ийм л ажлын байр руу тэмүүлж өөрийгөө хөгжүүлэхээр оролдох нь бараг баталгаатай юм. Сингапур Эйрлайнзд орох мөрөөдөлтэйгөөр өөрийгөө хөгжүүлсэн олон залуус Сингапурын эдийн засгийг нийтээр нь төрөл арилжтал нь өөрчилсөнийг дэлхий гэрчилнэ. Энэ бол нухацтайгаар бодох л ёстой хөгжлийн стратегийн асуудал юм.  

Персийн буланд хэдэн нефть бүхий хэдэн жижиг улс байдаг. Экспортын хэмжээ нь Саудийн Араб, Иран, Иракийг бодвол өчүүхэн. Тэдийг дэлхий нийт сургаар гадарлах боловч хэн ч нэрээр нь нэрлэж мэддэггүй байсан үе саяхан. Гэтэл тэд ертөнцөд өөрсдийгөө мэдүүлэх мэргэн арга сэджээ. Нефтээс олсон мөнгөөрөө нэгнээсээ 300-500 км шахуу ойрхон зайд сүпер нисэх буудлуудыг байгуулан тэндээ Энэтхэг, Австрали, Африкийг Европтой холбон нислэг хийдэг авиа компаниудпыг байгуулж эхэлжээ. Qatar Airways, Emirates Airlines зэрэг нь асар түргэн томорч одоо дэлхийн хамгийн сүүлийн үеийн онгоцуудыг хамгийн олноор нь захиалагч болсон байх юм. Эднийг дагаад Кувейт болон арабын бусад авиа компаниуд ч өндийж байна. Хамгийн гол нь тэд баялагаа зарж амьдрахаа больж эхэлжээ. Агаарын тээврийг түшиглэсэн аялал жуулчлал, олон улсын худалдаа, бизнес санхүүгийн төвүүд цэцэглэж эхэлж. Ажлын байр үй олноороо буй болж улсынхаа бүх хүнийг ажлаар хангаад зогсохгүй гадаадаас ажилчид, өндөр мэргэжлийн боловсон хүчнүүдийг мянга түмээр нь соронздон татагч болон хувирч байх юм. Монгол нисэгч ч тэдний дунд буй.
Гэтэл бидэнд эднээс давуу байрлал байна, дутахгүй байтугай илүү их баялаг байна. Харин эднээс ялгаатай нь бид тамын тогоо шиг утаатай хар гэртээ түгжигдэжээ. Бие маань биш сэтгэлгээ маань түгжигдэж орхиж. Энэ түгжээнээс мултрах аргаа бид газар ухаж гарах л гэж харж байх шиг байна. Хонгил ухаад гарахаар оролдож байна. Гэвч ухах тусам уруудсаар, харанхуйлсаар, халтайсаар л байна. Газар ухсан хүнд уруудах л тавилан ирдэг. Учир нь газрыг өгсөх чиглэлд ухах боломжгүй.
Таминь ээ сэтгэлгээг маань түгжсэн тамын тогоо шиг хар гэрээсээ нүх ухаж оргох уу харин тооноороо тэнгэрээр дамжин гарах уу. Нэгэнт ухаад эхэлсэн уурхай, эзэмшээд эхэлсэн баялагаас олсон хэдээ талаар нэг нялаад, популизмд цацаад  дуусах уу, харин агаарын тээвэр шиг хөгжлийн хурдасгуурт хийж араа бодох уу. Японы тусламжаар орж ирэх нисэх буудлын мөнгө бол яг энд мөрөөдөж өгүүлсэн хэмжээний бизнес босгоход хараахан хүрэлцэхгүй юм. Үлдсэнийг нь уул уурхайн олзноосоо оруулъя л даа найзуудаа.  Агаарын тээврийн шилдэг төвлөрөлийг Монгол байгуулж буй болгоцгооё л доо.
Тамын тогоо шиг хар гэрээсээ тооноороо гарчихвал яасийн бэ хө? аан. Гарц бэлэн байна. Дээшээ хар. Сэтгэлгээгээ чөлөөлж авцгаая. Нэгэнт ухаж гаргасан шороогоо шалаар нэг тараан цацалгүй харин нэг газар овоолж тоонондоо хүрэх гишгүүр хийе.


ИРГЭНИЙ НИСЭХИЙН ТУХАЙ ХУУЛЬ /Шинэ/

Төсөл 2025.09.05 ИРГЭНИЙ НИСЭХИЙН ТУХАЙ ХУУЛЬ /Шинэ/ НЭГДҮГЭЭР БҮЛЭГ.  НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ 1 дүгээр зүйл. Хуулийн зорилго 1.1. Энэ хуулийн ...