Saturday, March 9, 2019

Эрдэнэт51/49-г эрүүл хуулийн шалгуураар шинжихүй дор

Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрт Засгийн Газраас онц дэглэм тогтоожээ. Энэ их бардакийн хажуугаар дэг журмыг сэргээхгүй яагаад ч ингэж удаан хүлээсэн юм бүү мэд. Юутай ч энэ засгийн газар Эрдэнэтэд хууль ном, ёс журмыг сэргээхээр зориглосон нь илт байна. Эрдэнэтийн тухай, түүнийг тал талаас нь зулгааж байгаа цөөвөр улс төрчид, бизнесийнхэн, хуулийнхан орооцолдсон бүлэглэлийн тухай бүгд амаа цууртал ярьж байгаа тул би тэр хов живнээс нь энэ удаад дутчихъя. Харин Эрдэнэт хэзээ хэрхэн хэн илрүүлж, хэн булааж үүссэн, Пиночет хэрхэн тэнд юу яасан, дараа нь Зи Шо-г одхүүдсэн бла бла гэх мэт уянгын түүх ярихгүйгээр яг өнөөдөр юу болоод байгааг эрүүл хуулийн нүдээр харахыг оролдсоноо л та нартай хуваацъя гэж шийдлээ. 

Ийм хоёр хэрэг явдал Эрдэнэт үйлдвэрт болжээ.
Нэгд: Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг төлөөлөн тус үйлдвэрийг удирдахаар томилогдон ажиллаж байсан эрхэмүүд Жаст гэдэг компанид Өмнөд Африкийн Стандарт банкнаас зээл авахад нь өр үүсвэл өмнөөс нь төлөх баталгаа гаргаж өгсөн байна. Харамсалтай нь Жаст компани тавьсан өрөө төлөх чадваргүй болж Эрдэнэт үйлдвэр Жастын өмнөөс өр төлөх өрөнд унажээ.
Хоёрт: БНМАУ, ЗХУ хоёр улсын хөрөнгө оруулалтын гэрээний дагуу ОХУ-н мэдлээс Монгол улсын засгийн газарт ирэх ёстой байсан Эрдэнэтийн 49 хувь яаж яваад ч юм Монголын Зэс Корпораци гэх Худалдаа Хөгжлийн Банкны special puprose vehicle (SPV) буюу тусгай зорилгоор байгуулсан хуулийн этгээдийн мэдэлд очсон үйл явдал 2016 оны 6-р сард болжээ.

Энэ хоёр хэрэг хоюул Монголын хууль шүүх, төр засгаар яваад өнөөг хүртэл эцэслэн шийдэгдсэнгүй. Ер нь эцэслэн шийдэгдэх эсэх нь ч эргэлзээтэй байдалд орж мухарджээ. Яг үнэндээ 49 хувийнхны асуудлыг ашиг сонирхлын зөрчилтэй улс төр, хууль, шүүхийнхэн голдуу хаацайлан, 51 хувийнхны маапааныг ашиг сонирхлын зөрчилтэй улс төрчид өмөөрсөн ийм л байдалтай байна. Дундаас нь мэдээж Эрдэнэт үйлдвэрийн жинхэнэ эзэн болох ард түмний эрх ашиг хохирч байгаа. Ард түмэн хөрөнгөөр хохирох юу ч биш, хамгийн гол нь шударга ёсны зарчим бүдгэрч байгаа нь л хамгийн том хохирол нь болоод байх шиг байна.

Хэрэв энэ асуудлууд ардчилсан нийгэмтэй, эрүүл хуультай, шударга шүүхтэй өөр улсад болоод өнгөрсөн бол хэрхэн шийдэгдэх байсан тухай энд төсөөлөн шударга ёсыг бяцхан мөрөөдөн үнэн байдлыг өгүүлэх гэсэн юм. Монголын маань хууль нь мухар, хуульчид нь муйхар болохыг хэдэн жилийн өмнө өөрийн биеэр амсаж мэдээд зөв шударга хууль хаа нэгтээ байх ёстой хэмээн сэтгэж, хайж олоод, элсэж сураад, олж мэдсэндээ үндэслэн дараахийг бичиж сууна.  Тавлаж байгаа ч юм биш. Үнэхээр өнөөгийн манай эрх зүйн орчинд, одоогийн шүүх хуулийнхантайгаар энэ хэргүүд хэзээ ч шударгаар шийдэгдэхгүй гэдэгт бүрэн итгэлтэй байгаа.

Энд би хуулийн зарим нэр томъёог орчуулгын алдаанаас сэргийлж англиар бичих ба түүнийгээ аль болох энгийн хүнд ойлгомжтойгоор орчуулан дэлгэрүүлж, тайлбарлан таниулахыг хичээх болно. Орчуулгын зарим алдаа илэрвэл уучлан өршөөж зааж залруулж өгөхийг зарим нэг их мэдэхүүдээсээ хичээгүйлэн хүсье

Нэг. Хэрэг явдал үүссэн дараалалын дагуу эхлээд 51 хувийнхны асуудлыг сөхье.

Энэ хэрэг Английн хуулийн орчинд шийдэгдэхээр байгаа тул Монголын хуульд ийм тийм байдаг гэсэн маргаан гарахгүй. Зөвхөн Английн шүүхийн шийдвэрийн хууль зүйн үр дагавар ямар байх вэ гэдэг л асуудал дараа нь үүсэх юм. Иймд үүнийг эхлээд сонирхоё.
 
Юун түрүүнд бидэнд ямар бодит баримт фактууд (Material Facts) байгааг харцгаая. Товчхондоо бол Жаст гэдэг компани олон сая доллар зээлэх гэрээг гадны Банктай байгуулжээ. Эрдэнэт үйлдвэр уг гэрээнд Жаст компани гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болсон тохиолдолд өмнөөс нь зээлийг нь төлөх баталгаа гаргаж өгсөн байна. Ингэхдээ Жаст компаний хөрөнгийг Эрдэнэт үйлдвэр барьцаанд авчээ. Банк зээлээ өгч, зээлдүүлсэн мөнгөө баталгаа гаргагч Эрдэнэтийн дансаар шилжүүлэн Жаст компанид өгүүлжээ. Гэвч Жаст гэрээгээ хугацаандаа биелүүлээгүй бөгөөд Банк гэрээнд заасны дагуу гэрээний биелэлтийг хангахыг Эрдэнэт компаниас шаарджээ. Гарын үсэг хүчингүй тул зээлийн баталгаа хүчингүй байсан хэмээн Эрдэнэийн тал хэлсэн байна. Асуудал шүүх дээр очиж яван явсаар Банкны талд эцэслэн шийдэгдсэн байна. Эрдэнэт үйлдвэрийн баталгааны барьцаанд байсан хөрөнгийг Жастын Батхүү нэр бүхий ах дүүс, хуулийн этгээдүүд рүү шилжүүлэн өөрт үлдэх хөрөнгөгүй болсоноор зээлийн төлбөрийн хохирол Эрдэнэт үйлдвэрийн хохирол болох ёстой болон хувирчээ. 

Бид шүүгч байсан бол ямар асуудлыг шийдэх (Issues) ёстой болох вэ? Хамгийн эхний ээлжинд гэрээ хүчинтэй юу гэдгийг тодруулах шаардлага гарч байна. Үүний тулд гэрээг зурсан этгээдүүд эрх зүйн чадамжтай байсан уу, эрх олгогдсон байсан уу, дарамт шахалтанд зөвшөөрсөн үү гэх мэтээр цааш харна. Эрдэнэт үйлдвэр Банк хоёрын хооронд байгуулсан гэрээ байхгүй байхад Банк нь Эрдэнэт үйлдвэрийг шүүхэд дуудах эрхтэй юу?

Гол дүрмүүд (Rules) нь юу юмб? Ямар зарчмуудыг баримтлан энэ хэргийг шийдэх вэ?
Үүнийг тайлбарлахын тулд Эрдэнэт үйлдвэрийг өрөнд унагаад байгаа гэрээ гэж юу вэ гэдгийг бид цухас болов ойлгож авсан байх учиртай. Гэрээ бол хуулиар үүрэгжүүлэн албадаж болдог тохиролцоо юм. Гэхдээ тохиролцоо бүрийг албадаж болдоггүй. Жишээ нь гэр бүлийн доторхи тохиролцоонуудыг албадаггүй. Нөхөр нь эхнэртээ бөгж авч өгнө гэж амласан байсан ч түүнийг биелүүлэх эсэхийг шүүхээр албадах боломжгүй. Харин коммерийн буюу арилжаа, бизнесийн тохиролцоонуудыг шүүх “заналтайгаар” албаддаг. Гэрээний албадлагын зорилго нь гэрээ биелсэн бол нэхэмжлэгч тал хүртэх байсан үр дүнг хариуцагч талаас гаргуулан олгуулахад оршдог.

Яагаад гэрээг шүүхээс албаддаг вэ гэхээр гол санаа нь ямар нэгэн тохироог биелүүлэх амлалт өгөх нь нөгөө талд хүлээлт үүсгэдэг, ялангуяа бизнесийн орчинд тэр хүлээлтийг хангах тодорхой хэмжээний зардал гарз үүсгэж байдаг юм. Хэрэв та хэн нэгэн хүнээр байраа засуулахаар гэрээлчихээд гэрээгээ ажил эхлэхээс нь өмнө цуцлачихвал хууль зүйн ямар үр дагавар үүсэх вэ гэдгийг бодоод үз. Таны байрыг засахын тулд нөгөө тал материал авч, багажаа бэлдэж, аягүй бол туслах ажилчин ажилд авсан байх болно. Гэрээт ажлаа гэнэт хийх боломжгүй болвол тэр хүн энэ бүхнээрээ “шатаж” түүнд гарз хохирол учирдаг. Үүнээс гадна тэр таньтай л гэрээлсэн тул өөр ашигтай олон саналыг хүлээн аваагүй байх нь мэдээж. Тэгэхлээр тэр хүн энэ хугацаанд олох ашиг орлогоо давхар алдаж байгаа юм. Хэрэв та гэрээгээ цуцалж орхивол шүүхээс энэ бүх гарз хохиролыг төлөх үүрэг танд өгнө. Гэрээний албадлагын гол шалтгаан бол товчхондоо ийм байдаг.   Энд яригдаж буй хэрэг дээр Эрдэнэт үйлдвэрийн өгсөн баталгаа нь цаад Банкнаас зээлийн мөнгө гарах шалтгаан болж байгаа учраас л Эрдэнэт ороогдоод байгаа хэрэг юм.  

Гэрээ байгуулахад хэд хэдэн үндсэн элемент бүрдсэн байх учиртай. Тухайлбал гэрээний талууд нь энэ гэрээг хуулийн хүчинтэй байлгахыг эхнээс нь зорьсон байх, гэрээний үндсэн нөхцөлүүдээ тохирсон байх, гэрээний аль аль талаас зохих хэмжээний consideration буюу оронд нь ямар нэгэн юм өгсөн байх. Ерөнхийдөө үүнээс гадна гэрээг гэрээ байгуулах эрх зүйн чадамжтай этгээдүүд байгуулсан байх ёстой ба гэрээгээ ухамсартайгаар сайн дураараа байгуулсан байх шаардлагатай байдаг. Мөн гэрээнд хууль бус зүйл хийхээр тусгаагүй байх ёстой юм.
Гэрээний зарга зөвхөн гэрээний талуудын хооронд л болох ёстой бөгөөд гэрээнд privy биш буюу хамааралгүй этгээдийн эсрэг зарга үүсгэх боломжгүй.  Гэхдээ хоорондоо гэрээ байгуулаагүй, эсвэл consideration буюу орны юм өгөөгүй байлаа  ч зарим тохиолдолд зарга үүсгэж болдог. Тухайлбал үйлдвэрлэгч бөөний худалдаачинтай гэрээлээд, бөөний худалдаачин жижиглэн худалдаачинтай гэрээлсэн байлаа гэж бодъё. Хэрэв бараа нь чанарын гологдолтой бол жижиглэнгээр худалдаалагч шууд гэрээ байгуулаагүй үйлдвэрлэгчийн эсрэг зарга мэдүүлж болно. Мөн баталгаа гаргагч буюу даатгагч гуравдагч этгээд гэрээнд нэмэгдсэн тохиолдолд даатгагчтай ямар нэгэн consideration буюу орны юм өгч авалцсан харилцаагүй байсан ч даатгагчийн эсрэг зарга мэдүүлж болдог.

За тэгээд энэ зарчмууд амьдрал дээр яг яаж бууж байгааг (Application) сонирхоё.
Гэрээний бүх элемент Банк болон Жастын хооронд байгуулсан зээлийн гэрээний хувьд биелэж байгаа. Тэд эрх зүйн чадамжтай хуулийн этгээдүүд бөгөөд гэрээгээ сайн дурын үндсэн дээр байгуулсан байна. Гэрээний consideration буюу шан хөлсөнд Банк мөнгө өгч, Жаст Эрдэнэтийн баталгааг гардуулжээ.
Эрдэнэт харин яаж тэр баталгааг өгөв? Үүнийг тодруулахын тулд Эрдэнэтийн захиралуудад тийм эрх байсан эсэхийг тодруулах ёстой. Civil Law буюу иргэний төрөөс гаргасан хуулиар явдаг (military government биш гэсэн санаа шүү. Иргэний хуультай андуурч болохгүй) эрх зүйн тогтолцоотой улсууд, Common Law буюу ардын хууль дагадаг (Commons гэж Англид цайз шилтгээнүүдийн ойролцоох борчуудын хороолол, тосгодыг хэлдэг байв) тогтолцоотой улсуудын аль алинд нь компанийн хуулиуд хоорондоо их төстэй байдаг. Тэр хуулиар компанийн захирал нь компанийг бүрэн эрхтэйгээр төлөөлөх, компанийн ашиг сонирхолд хамгийн их нийцсэн шийдвэр гаргаж байх эрх үүрэг хүлээдэг.  Монгол улс Civil Law улс тул манайд өөр гэж зүтгээд нэмэргүй. Хуулийн зарчим нь яг ижил. Баталгаа өгсөн Ганзориг нарын захиралууд нь Монгол улсын хүчин төгөлдөр хуулийн дагуу томилогдсон тул тэдний эрх зүйн чадамжтай этгээд байсан эсэхэд эргэлзэх хэрэггүй. Тэдэнд бичгээр эсвэл хуулиар олгогдсон бодит эрх мэдэл (actual authority), эсвэл компанийг төлөөлөгчийн хувьд, эсвэл компанийн агентийн хувьд бусдад эрх мэдэлтэй мэт харагдах байдал (ostensible authority) байсан уу гэвэл байсан байна. Тэдний гарын үсэг өнөөдөр маргаан болоод байгаа шиг хуурамч эсэх нь хамаагүй бөгөөд цаад талд эрх мэдэлтэй мэт санагдах үйлдэл гаргасан байхад л гэрээний үүрэг Эрдэнэт үйлдвэрт ирэхэд хангалттай юм. Банк зээлийн мөнгөө Эрдэнэтээр дамжуулан шилжүүлэхэд нь Жаст руу гаргаж өгсөн явдал нь Эрдэнэтийн захиралууд бүх зүйлийг ухамсартайгаар хийсэн, бүр өмнөх гарын үсэг хуурамч дуураймал байлаа ч түүнийг араас нь бодит гарын үсэгтэй ижил хүчинтэй хэмээн хүлээн зөвшөөрсөн (ratification) үйлдэл болсон байдаг. Бинго! Шүүхэд энэ л хангалттай юм. Эрдэнэтийн энэ үйлдэл Ганзориг нарын захиралуудыг дарамтанд орж гэрээ байгуулаагүйг нотлоод хаяж байна. Мөн зээлийн мөнгө дансаар нь орж ирэнгүүт тийм баталгаа өгөөгүй хэмээн буцаах боломж байсан ч ашиглаагүйгээр барахгүй цааш нь зээлдэгчид дамжуулан шилжүүлсэн нь энэ бүх тохироог зөвшөөрч санхүүгийн эрсдэлийг Эрдэнэт үйлдвэрт авахыг хүлээн зөвшөөрсөн хэрэг болжээ.

Эрдэнэт үйлдвэр зээлийн баталгаа гаргаж өгснөөрөө Жастын эрсдэлийг даатгагч нь болж хувирч байгаа юм.  Иймээс Банк, Эрдэнэт хоёрын хооронд шууд гэрээ байгуулаагүй, consideration  буюу орны шан төлбөр өгч авалцаагүй байлаа ч Банкны хувьд Эрдэнэтийн эсрэг зарга үүсгэх боломж бий болж байгаа хэрэг.

Энэ бүхний эцэст ямар дүгнэлт (Conclusion) гарч болох вэ?  Арбитрын шүүхийн шийдвэр эцсийнх бөгөөд заавал биелүүлэх ёстой шийдвэр байдаг. Эрдэнэт үйлдвэр энэ үүссэн өрийг аль болох хурдан хугацаанд бага хүү торгуультайгаар барагдуулах ёстой болж байна. Хэрэв би Эрдэнэтийн хуулийн зөвлөх, эсвэл хуулийн албаны дарга нь байсан бол санхүүгийн дарга нартаа өдөр бүр үүнийг сануулах байлаа. Шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байх нь аль ч улсад эрүүгийн хэрэгт тооцогддог билээ. Компани нь үүсгэн байгуулсан этгээдүүдээсээ тусдаа legal personality буюу хуулийн этгээд биет сүбъект болохыг  Solomon v Solomon Co Ltd [1897] AC 22 гэдэг хуучны кэйсээр тогтоочихсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломж байдаг.  Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд mens rea буюу санаатай үйлдэлийн элемент байх ёстой. Өнөөгийн энэ байдлаар Эрдэнэт үйлдвэр төлбөрийг төлөхгүй луу унжиж байгаа байдал нь санаатай саатуулалт болж харагдаж байна. Учир нь тус үйлдвэрийн мөнгөн урсгал хэвийн, санхүүгийн гүйлгээ хэвийн байхад төлбөр төлөгдөхгүй байх нь санаатай үйлдэлийн л үр дагавар гэж үзэхээс өөр аргагүй юм. Эрүүгийн хариуцлага хүлээлгэвэл төлбөрөөс гадна маш өндөр хэмжээний тогууль нэмэгдэж ирэх магадлал өндөр. Учир нь компанид хорих ял өгдөггүй бөгөөд торгууль ноогдуулах замаар эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг. Гэхдээ зарим тохиолдолд компанид оноосон торгуулиас гадна захиралуудыг нь шоронд илгээх ч явдал байдаг. 10 орчим жилийн өмнө Америкийн шүүхээс Австралийн Кантас авиакомпани Сидней-Осака чиглэлд агаарын ачааны үнийн фиксаци (Price fixing) хийж хэрэглэгчийг үнийн сонголтгүй болгон хохироосон хэмээн үзэж компанийг олон саяар торгоод санхүүгийн захиралыг нь шорон 3 жил илгээсэн явдал болсон билээ.  Иймээс Эрдэнэтийн одоогийн удирдлага энэ асуудалд нухацтай хандаж шуурхай шийдвэрлэх ёстой. Эс бөгөөс өөрсдөө давхар буруудах болно.

Гэрээний эрх зүйн талаас харахад энэ асуудал ийм байна. Үүнээс гадна Эрдэнэтийг ийм өрөнд оруулсан захиралуудтай хариуцлага ярих, Эрдэнэтэд үүссэн гарз хохиролыг барьцааны хөрөнгөөс барагдуулах асуудал цаана нь бас бий.  Компанийн хуульд заасны дагуу хамгийн түрүүнд захиралын гаргасан шийдвэр компанийн хамгийн дээд ашиг сонирхолд нийцсэн байсан уу, захиралууд тэр зээлээс хувьдаа ашиг олсон уу эсэх дээр ярилцах ёстой байх. Үнэхээр Эрдэнэт Үйлдвэрт Жаст компанит олгогдох тэр зээл амин чухал байсан уу. Жаст зээлгүйгээс болж доголдвол Эрдэнэт үйлдвэр дагаад доголдох байсан уу гэдэг асуултын хариуг яаж олох эсэхээс Ганзориг нарын захирлуудад хариуцлага хүлээлгэх эсэх нь шийдэгдэх юм. Жаст нь Эрдэнэтийн үйлдвэрлэлийн үндсэн гол материал түүхий эдийн цорын ганц өөр сонголтгүй нийлүүлэгч байсан байгаад, түүний оршин байх эсэхээс Эрдэнэт үйлдвэрийн ажиллагаа шууд хамаарч байсан бол Эрдэнэтийн олгосон баталгаа зөвтгөгдөж болно.  Гэхдээ энэ нь захирлуудыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохоос, зээлийн баталгааг төлөхгүй гэх үндэслэл болохгүй. Хэрэв захиралууд Эрдэнэт Үйлдвэрт хохиролтой шийдвэр гаргахдаа хувьдаа ашиг хонжоо олсон бол албан тушаалаа хувийн зорилгоор ашигласан гэж үзэж эрүүгийн хариуцлагаас хаашаа ч мултрах боломжгүй болно.

Английн шүүх хүнийг яллахаасаа өмнө яллахгүй байх нөхцөл байдлуудыг илүү анхаарч нягтладаг. Тухайлбал ямар тохиолдолд Ганзориг захирлын Жастад гаргаж өгсөн зээлийн баталгаа зөвтгөгдөж болох вэ? Жишээ нь том ноос угаах үйлдвэр байлаа гэж бодъё. Тэр үйлдвэр үйлдвэрлэлийн уураа дэргэдэх дулааны станцаас авдаг байж. Дулааны станц нүүрс авах мөнгө дутаад банкнаас зээл хүсэхэд Ноосны үйлдвэр баталгаа гаргаж өгсөн байхад ноосны үйлдвэрийн захирлын гаргасан шийдвэр нь компанийн хамгийн дээд эрх ашигт нийцсэн шийдвэр байсан гэж харагдах болно. Учир нь дулаан үйлдвэрлэгдэхээ боливол ноосны үйлдвэр бас зогсох аюул байсан гэж үзнэ. Эрдэнэтийн хувьд Жаст нь ямар үүрэгтэй чухал түнш нь байсан бэ? Үүнийг хэрхэн тайлбарлахаас захирлуудын хувь заяа шалтгаалах байх.

Өөр нэг асуудал бол Эрдэнэт зээлийн өрийг Английн шүүхийн шийдвэрийн дагуу төлснийхөө дараа учрсан гарз хохиролоо хэрхэн нөхөн барагдуулах вэ гэдэг асуудал байгаа.  Компанийн хуулиар өрөө хугацаанд нь барагдуулах боломжгүй болсон хуулийн этгээдийг дампуурсанд тооцож эрх шилжүүлэгчийг томилон ликвидаци хийдэг. Ликвидаци гэдэг нь компанийг татан буулгаад, хөрөнгийг нь худалдаж бэлэн мөнгөнд шилжүүлээд дампуурсан компаниас авлагатай этгээдүүдийн давуу байдлын дараалалыг тогтоох хуульд заасан журмын дагуу цугларсан мөнгөнөөс хувь ноогдуулах үйл ажиллагаа юм. Өнөөгийн байдлаар энэ хууль хэрэгжихгүй Жаст компани дампуурч зах зээлээс зайлахгүй оршин байсаар л байна. Нөгөөтэйгүүр Жаст компани нь Эрдэнэтээс баталгаа гаргуулахдаа хөрөнгөө барьцаалсан байгаа. Эрдэнэтийн барьцаанд авсан Жастын хөрөнгө бол Эрдэнэтийн equitable interest буюу хувь таарсан ашиг сонирхол нь шингэсэн хөрөнгө юм. Өмчийн бүртгэл хэний нэр дээр байхаас үл хамаараад тэр өмчийн төлбөрийг Эрдэнэт Жаст компанид төлсөн гэж үзэж өмч Эрдэнэтийн equitable title буюу зүй ёсны өмчлөлд  нь байх ёстой юм. Гэтэл Эрдэнэтийн өмчлөлд байсан хөрөнгийг Жастын Батхүү гэдэг хүн бусдад шилжүүлсэн байна. Хэрэв тэр шилжүүлэн авсан этгээдүүд нь Эрдэнэт Жаст 2-н хоорондын тохироог мэдээгүй, шудрагаар үнэлэн худалдан авсан байвал тэр хүрээд тэр хөрөнгийн бүх эрх бүрэн шилжсэнд тооцогдоно. Жишээ нь Банк байрны чинь төлбөрийг төлчихсөн байхад байр хичнээн ч чиний нэр дээр байгаад моргэж төлөгдөж дуустал байр банкны equiatble title буюу зүй ёсны өмчлөлтэй хэвээрээ үлддэг. Та банкны өрөө барагдуулж байж л байрыг өөрийн бүрэн мэдэлд авдаг шүү дээ. Бас хулгайлагдсан эд зүйлийг хулгайд оролцож хуйвалдаагүй bona fide party буюу гэмгүй өөр этгээд худалдан авсан байвал тэр хүрээд  өмчийн бүрэн эрх бүрэн шилжсэнд тооцож болдог. Худалдан авсан этгээд эд зүйлийг хулгайнх гэж мэдэж байсан бол түүнд өмчийн эрх шилжихгүй. Харин тэр этгээд хам хэрэгтэн болж хувирна.   Үүнтэй яг ижил зарчим Эрдэнэтийн гаргасан баталгаанд барьцаалагдсан Жастын хөрөнгөнд үйлчилнэ. Жастын Батхүү хөрөнгөө өөрийг нь таних ч үгүй этгээдэд худалдсан байвал тэр хөрөнгө Эрдэнэтийн хувьд бүрэн алдагдсан гэсэн үг юм. Харин Жастын Батхүү өөрийн танил болон ойр дотныхондоо шилжүүлсэн байвал тэр хүмүүс Батхүүгийн тохиролцоог мэдэж байсан ба хөрөнгийг бултуулахад оролцож байгаа хэрэг юм. Өөрөөр хэлбэл bona fide биш буюу Батхүүгийн хань хамсаатан этгээдийн өөрийн нэр дээрээ шилжүүлэн авсан бүх хөрөнгөнд Эрдэнэтийн equitable title буюу зүй ёсны өмчлөл нь хэвээрээ байгаа гэсэн үг. Тэд зүгээр л Эрдэнэтийн мэдлийн хөрөнгийг өөрийн нэр дээр хадгалж байсан буюу хуулийн хэллэгээр constructive trust (авах ёсгүй хөрөнгийг авч хадгалсан үйл явдал)-р хадгалж байсан үйл явдал гэж үзэж болох юм.  Нэгэн жишээ хэлье. Хонг Конгийн нэгэн эрх мэдэлтэн авилгалаар авсан мөнгөөрөө Шинэ Зеландад үл хөдлөх хөрөнгө худалдан авсан байна. Тэр үл хөдлөх хөрөнгө хэнийх вэ гэсэн асуудал босч иржээ. Хуулиар бол авилгалд авсан бүх мөнгө улсын мөнгө байдаг ба түүний хувирал (proceeds) нь ч бас улсынх. Авилгалч этгээд хичнээн тэр хөрөнгийг өөрийн нэр дээр бүртгүүлж хуулийн бүх зүйлийг номоор болгосон байлаа ч тэр хөрөнгийг Хонг Конгийн засгийн газрын өмнөөс авилгалч этгээд constructive trust-р өөрийн нэр дээр түр хадгалж байгаад тооцсон байна. Ингээд хураан авчээ. Attorney General (HK) v Reid [1993] UKPC 2 гэдэг энэ хэргийн талаар сонирхсон хүмүүс нь нэтээс хайж олоод харна бизээ. Энэ хэргийг шийдсэн зарчмаар дэлхий даяар авилгалчдын хураасан, хувиргасан хөрөнгийг хурааж эхэлсэн байдаг. Монголын шүүхэд ч өргөн хэрэглэх ёстой зарчмуудын нэг бол энэ байх. 

Хэрэв Монголоос өөр улсад байсан бол Жастын Батхүүгийн Эрдэнэтийн баталгааны барьцаанд тавьчихаад араар нь хамаатан садан, найз нөхөддөө хуйвалдан шилжүүлсэн бүх хөрөнгө Эрдэнэтийн мэдлийнх хэвээрээ бөгөөд түүнийг шүүхээс албадан буцаалгаж Эрдэнэтийн хохиролыг барагдуулахад ашиглах ёстой юмаа. За энэ хүрээд энэ хэргийн талаархи анализаа өндөрлөе.

Хоёр. Дараагийн асуудал буюу 49 хувийн хувь заяа юу болоод байгааг эрүүл хуулийн цонхоор сонирхоё.  

Бидэнд ямар баримт (Fact) ил болсон байна вэ?  Эрдэнэт үйлдвэрийг байгуулах БНМАУ, ЗХУ-н засгийн газар хооронд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээнд нэгэн ийм заалт байна. “Хэрэв аль нэг тал нь өөрийн өмчлөлийн хувийг бусдад худалдах бол эхний ээлжинд гэрээний нөгөө талдаа санал болгоно” гэсэн байгаа юм байна.
Энэ хооронд ЗХУ-н засгийн газар татан буугдаж түүний эрх ОХУ-н Засгийн Газарт шилжсэн ба ОХУ-н Засгийн Газар Эрдэнэттэй холбоотой өөрийн эрхийг гадаад хөрөнгө оруулалт хариуцсан өөр байгууллагад шилжүүлэн захируулсан байна. Ингэхдээ гэрээнд тусгасан хорионуудыг хэвээр үлдээсэн байна. Өөрөөр хэлбэл өмчийг цаашид хэрхэн захиран зарцуулах хорио хязгаарыг хадгалан өмчийн эрхийг шилжүүлдэг restrictive covenant  буюу хязгаарлалтыг хадгалах нөхцөлтэйгөөр эрхээ шилжүүлжээ.
Мөн энэ хугацаанд БНМАУ-н засгийн газрын бүрэн эрхийг Монгол Улсын Улсын Их Хуралд Үндсэн хуулиар шилжүүлжээ. 1960 оны үндсэн хуульд төрийн эрх МАХН-д байхаар хуульчилсан байдаг бөгөөд энэ нь 1992 оны үндсэн хуулиар ард түмнээс сонгогдсон УИХ-д байхаар хуульчлагдсан байдаг байна. Гэхдээ гэрээг Монголын талаас тухайн үеийн Сайд нарын зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал зурсан байдаг бөгөөд гэрээний талаархи эцсийн шийдвэр гаргах эрх УИХ-д байх уу, ЗГ-т байх уу гэдэг нь хуулийн биш улс төрийн асуудал байх тул энд хөндөлгүй орхъё.

Ерөнхий сайд асан Сайханбилэгийн хэлж байгаагаар 2016 оны 6-р сард Оросын ЗГ-н Эрдэнэт дахь эрхийг хэрэгжүүлэгч этгээд Монгол Улсын засгийн газарт захиа илгээж Эрдэнэтийн 49 хувийг зөвхөн Монгол Зэс Корпораци (МЗК) хэмээх ХХБ-н special purpose vehicle буюу тусгай зориулалтын хуулийн этгээдэд л зарна, Монголын талаас өөр хэнд ч зарахгүй хэмээн мэдэгдсэн байна. Ингээд ЗГ хуралдан шийдэж тус шаардлагыг хүлээн авснаар Эрдэнэтийн 49 хувь МЗК-н өмч болжээ.  Сүүлд тодорсон баримтуудаас харахад МЗК нь ЗГ-н шийдвэр гарахааас өмнө буюу 2016 оны 4-р сард урьдчилгаа төлбөрийг Оросын хуулийн этгээдэд шилжүүлсэн байдаг. Мөн МЗК-н цаад эзэн буюу ХХБ-н захирал Орхон Ерөнхийлөгч Элбэгдоржийн дундад азид ШХАБ-н уулзалтанд оролцох үед дагалдан явж Эрдэнэтийн хувийн талаар ярилцах үед байлцсан тухай баримтууд хэвлэлд гарчээ.  Хүрэлсүхийн Засгийн Газраас Эрдэнэтийн 49 хувийг МЗК мэдэлдээ авсан асуудал нь мөнгө угаалтын схем дамжсан хууль бус явдал гэж үзэж тэр 49 хувь Засгийн Газар хоорондын гэрээ ёсоор Монголын засгийн газарт буюу ард түмний мэдэлд ирэх ёстой байсан гэж байгаа бол ХХБ болон МЗК-н зүгээс тэд Монголын ЗГ өөрт ноогдох ёстой байсан хувийг худалдан авах эрхээсээ татгалзсан тул хөндлөнгийн bona fide талын хувиар ХХБ/МЗК худалдан авсан хэмээн нотлохыг оролдож иржээ.

Шийдэх асуудал буюу issue нь яг юундаа байна? ХХБ/МЗК-н хувьд өмнөх хэрэгт яригдсан зарчим ёсоор үнэхээр bona fide буюу гэм буруугүй, хөндлөнгийн этгээд байсан бол Эрдэнэтийн 49 хувийн өмчлөл түүнд шилжиж хуулиар хамгаалагдах бүрэн үндэстэй юм. МЗК төлбөрийг хийхийн тулд ямар схемээр мөнгө босгосон эсэх нь энэ хэрэгт үнэндээ тийм ч хамаатай бус. Хамгийн гол нь Засгийн Газар хувиасаа татгалзах шийдвэр гаргахад нөлөөлөөгүй, өөр бусад замаар хууль зөрчиж 49 хувийг өөрийн болгоогүй байхад л Монголын зэс корпораци буюу Худалдаа Хөгжлийн Банкны Эрдэнэтийн 49 хувь дахь өмчлөлийн эрх баталгаажих эрх зүйн бүрэн боломжтой  харагдаж байна. Ингэхлээр хамгийн гол асуудал нь мөнгө босгосон механизм биш харин Худалдаа Хөгжлийн Банк болон Монгол Зэс Корпораци нь энэ асуудалд bona fide party мөн үү гэдэгт л байгаа юм. Хэрэв ХХБ/МЗК bona fide тал мөн байсан нь тогтоогдвол Эрдэнэтийн 49 хувь ямар ч маргаангүйгээр тэдний өмч мөн гэж үзэж болно.

Эрх зүйн ямар дүрэм зарчимуудыг (Rules) энэ асуудлын эргэн тойронд хэрэглэгдэж болох вэ?  Хууль нь яг юу гэж хэлээд байна? Энэ зарчмууд ямар байдлаар Эрдэнэт дээр хэрэглэгдсэн (Application) байна вэ гэдгийг сонирхоцгооё.

Юун түрүүнд Оросын мэдлийн 49 хувийг яагаад Монголын засгийн газар авах ёстой гэж зүтгээд байгаа талаархи хууль ном нь ямар байгааг сонирхоё. Өөрийн хууль ёсны өмчлөлд байгаагүй өмчийг булаалдахын тулд equitable interest буюу хувь таарсан ашиг сонирхол нь заавал байсан байхыг хууль шаарддаг. Гэрээ яагаад албадан хэрэгжих ёстой тухайд өмнө нь дурьдсан тул нуршилгүй орхиж equitable interest-н тухай жаахан дэлгэрүүлэн тайлбарлая.
Үүний тулд Equity Law буюу шударга ёсны эрх зүй хэрхэн үүссэн тухай цухас тайлбарлая. Англид ардын хуулиар (Common law) хүлээлгэсэн үүргийг биелүүлэхэд мухардал үүсвэл ёс суртахууны шалгуураар давхар оруулж шийддэг шударга ёсны хууль буюу Equity Law гэдэг эрх зүйн тогтолцоог Хаан нь үүсгэсэн байдаг юм байна. Жишээ нь нэг этгээд нөгөөгөө дарамтлах замаар гэрээнд гарын үсэг зуруулах, увиагүй байдлаар хууран мэхлэж илтэд алдагдалтай гэрээ байгуулахад хүргээд түүнийгээ албадуулан гүйцэтгүүлэхээр шүүхэд ирдэг байж. Шүүх ардын хуулийн зарчмаар гэрээг байгуулсан л бол байгуулсан бандантас хэмээн шударга бус гэрээг мөрдөхийг тулгах нөхцөл үүсдэг байжээ. Энэ үед хамгийн дээд аврал нь хуулиас дээгүүр статустай цорын ганц сүбъект болох Хаан байсан бөгөөд түүний дэргэдээ байгуулсан Хааны дээд шүүх хэргийн нөхцөл байдлыг Equity Law буюу шударга ёсны хуулийн шалгуураар оруулж эцэслэн шийддэг болжээ. Хааны дээд шүүхээр хэргээ шийдүүлэх зарга мэдүүлж буй этгээд нь өөрөө шударга бус зүйл хийгээгүй буюу гар цэвэр этгээд байх ёстой гэсэн гол зарчим бий. Өөрөө нохойтчихоод, цаадах нь бас нохойтлоо хэмээн шүүхдэхээр ирвэл хааны шүүхэд түвэг удлаа хэмээн хатуу шийтгэн, хөөж орхидог байсан байна. “He who comes into equity must come with clean hands” буюу шударга ёс хайж ирсэн хэн ч цэвэр гартай байх ёстой гэсэн зарчим энэ хуулийн суурь зарчмуудын нэг юм. Шударгын хууль зөвхөн үнэн мөнөөрөө явж байгаад шударга бус этгээдийн тавьсан хуулийн занганд орчихсон хүнд л тусладаг хууль байдаг юм байна. Шударга ёсны шүүх дээр өгүүлсэн хэрэг үүсвэл хэрхэн шийддэг вэ. Гэрээг дарамтанд  байгуулсан, хууртаж байгуулсан болон шударга ёсны зарчимд нийцээгүй аргаар байгуулсан бол биелүүлэх албагүй болгож шийдчихдэг. Өөр тоймгүй олон жишээ бий ч энд нурших хэрэггүй байх.  

Equity law-д байдаг ойлголтуудын нэгэн чухал зүйл нь equitable interest гэдэг ухагдхуун юм. Equitable interest буюу хувь таарсан ашиг сонирхол нь манайхаар бол амлагдсан хувь, өөрт ноогдох ёстой өмчийн хувийн асуудалд яригддаг. Хэрэв гэрээслэлд өмчөө хэн нэгэнд гэрээслэвэл тэр өв залгамжлагчийн хувьд  тэр өмчийн тухайд equitable interest үүсдэг билээ. Мөн төлбөрийг нь төлчихсөн боловч бичиг баримтаа  өөрийн нэр дээрээ шилжүүлж бүртгүүлтлээ бид худалдан авсан машин, байраа equitable буюу хувь таарсан байдлаар өмчилж байдаг. Үл хөдлөх хөрөнгө ялангуяа зөвхөн бүртгэлээр баталгааждаг болсон (Энэ зарчмыг санаачилсан хүнийх нь нэрээр Торренс систем гэж ярьдаг) өнөө цагт төлбөрөө төлснөөс хойш, нэр дээрээ шилжүүлэх хүртлээ бид тус өмчийг equitable title (хувь таарсан өмчлөлийн эрх) эзэмших замаар өмчилж байдаг юм.  Аливаа өмч legal title буюу хуулийн дагуух өмчлөл,  equitable title буюу хувь таарсан өмчлөлийн (өөрөөр жинхэнэ өмчлөл ч гэж болох) аль алиныг хамт эзэмшиж байгаа этгээдийн л бүрэн өмчлөлд байдаг. Жинхэнэ өмчлөл буюу equitable title нь equitable interest эзэмшиж байгаа этгээдийн мэдэлд байдаг.

Equitable interset-ийг хамгийн хялбараар ойлгож авъя гэвэл чи өмчийн төлөө ямар нэгэн төлбөр хийвэл тэр төлбөртөө таарсан хэсгийг нь өмчлөх эрхтэй, тэр хэсэгт нь чиний ашиг сонирхол шингэж орлоо гэж ойлгох хэрэгтэй. Энэ ч утгаараа компаний хувьцааны зах зээлийн харилцааг бид equity market гэдэг шүү дээ.

Засгийн газар хоорондын гэрээгээр Эрдэнэтийн 49 хувийг Монголын Засгийн газарт эхэлж санал болгоно гэсэн нь өв залгамжлалын гэрээнд тохиолддогийн нэгэн адилаар БНМАУ-н Засгийн Газрын equitabe interest-г ЗХУ-н эзэмшиж байгаа 49%-н хувьд үүсгэсэн үйл явдал 1973 оны 11-р сард болсон юм байна. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Засгийн газар энэ өмчийг хамгийн тэргүүнд өмчлөлдөө авах эрх нь байсан гэсэн үг юм.

Монгол улсын засгийн газар ямар байдлаар шийдвэр гаргасан байлаа ч гэсэн тэр шийдвэрт ХХБ/МЗК зүй бусаар нөлөөлөөгүй, Засгийн газрын дотоод мэдээлэлийг ашиглаагүй байхад л ХХБ/МЗК-н өмчлөлийн эрх хөндөгдөхгүй баттай байх боломжтой.

Эхлээд дотоод мэдээлэл гэж юув, түүнийг зүй бусаар ашиглах (insider trading) гэж юу вэ гэдгийг сонирхоё. Insider trading гэдэг нь санхүүгийн ашиг гаргаж болох мэдээлэлийг өөртөө ашиглах (trading), бусдыг хөлсөлж ашиглах (procuring), бусдад ашиглах боломж олгохоор дамжуулах (tipping) гэх гэмт хэргүүд байх бөгөөд голдуу засгийн газрын болон корпорэйт мэдээлэлд ойр хүмүүст орооцолддог хэрэг юм.  Тухайлбал компанийг нь том компани худалдан авах гэж байгааг албаны шугамаар мэдсэн ажилтан өөрийн компанийн хувьцаанаас нэлээн хэдийг авч том компанид сайн үнээр зарж дундаас нь ашиг олсон бол түүнийг insider trading гэмт хэрэгт шийтгэдэг.  Харин оффисийн цэвэрлэгч компаний бичиг баримтын хогийг хаях ёстой байтал хаялгүй гэртээ авч очин хүүдээ өгч, хүү нь бичгийг эвлүүлэн мэдээлэлийг олж аваад найзаараа дамжуулан  хувьцаа авсан бол tipping хэрэгт цэвэрлэгчийг, procuring хэрэгт хүүг нь буруутгаж болно.   

ХХБ/МЗК-г bona fide биш байсан гэж тогтохын тулд тэднийг дотоод мэдээлэлд хэр ойр байсныг анзаарах хэрэгтэй. ХХБ-ы захирал Орхон Ерөнхийлөгч Элбэгдоржийг даган явж Эрдэнэтийн асуудал ярилцсан байсан нь дотоод мэдээлэлд шууд гарц буюу access-тай байсан гэсэн үг байж болох юм.  Мөн МЗК нь Засгийн газрын шийдвэр гарахаас өмнө урьдчилгаа төлбөр төлснөөр Оросын талын хувьд түүний мэдэлд байсан 49 хувийг эзэмших equtable title-г авсан гэсэн ойлголт өгөхүйц байдал үүсгэсэн нь өөрийн мэдээлэлийн болон эрх мэдлийн сүлжээг ашиглан тийм гарц руу Засгийн газрыг санаатайгаар чиглүүлсэн гэж ойлгогдохуйц харагдаж байна. 

2016 оны 6 сард Засгийн Газар шийдвэр гарган 300 орчим тэрбум төгрөгөөр  1072 хувьцааг иргэдээс худалдан авсан ба Эрдэнэтийн 49 хувийг худалдан авч хүрэхүйц валютын нөөцтэй байсан Монгол банкнаас иргэн, хуулийн этгээд хууль бусаар мөнгө зээлж авч чадсан нь ХХБ/МЗК-г тухайн үеийн эрх баригчидтай хамтран зохион байгуулалттайгаар ажиллаж, үйл ажиллагаагаа уялдуулан, Засгийн газарт мөнгө байхгүйгээс гэх үндэслэлээр Эрдэнэтийн 49 хувийг эзэмших эрхээсээ татгалзсан шийдвэр гаргахад хүргэж чадсан гэж харж болохоор байна.

Нэгэнт Засгийн газрын шийдвэр гарсны дараа ХХБ/МЗК нь төлбөрийн мөнгөө хэрхэн яаж, ямар схемээр хэн хэнээс татан босгосон нь энэ хэрэгт нэг их хамааралгүй асуудал бөгөөд олон нийт болон эрх бүхий байгуулагууд түүний араас хөөцөлдөн гүйлдэх нь цагаа дэмий үрсэн л зүйл болох юмаа.  Дээр өгүүлсэн нөхцөлүүд болон Засгийн Газар өөрөө Монгол Банкнаас авч төлбөр хийж болох байсан мөнгийг Монгол Банкнаас хууль зөрчин өгч авсан байдал нь ХХБ/МЗК нь цэвэр гартай байсан байх нөхцлийг үгүй хийж байна.

Бид ямар дүгнэлтэнд  (Conclusion) хүрч болох вэ гэхээр ХХБ/МЗК нь буруугүй цэвэр гартай bona fide этгээд биш бөгөөд Эрдэнэтийн 49 хувийг авахдаа Засгийн газар болон бусад эрх бүхий байгуулагад нөлөөлж тус хувиас татгалзуулах шийдвэр гаргуулсан байна гэж үзэх үндэслэлтэй харагдаж байна.  Нэгэнт bona fide party биш тул түүний хууль ёсны өмчлөлд (legal title) очсон хэдий ч 49 хувийн equitable title буюу хувь таарсан зүй ёсны жинхэнэ өмчлөл нь Монгол улсын засгийн газарт хэвээр хадгалагдаж байгаа гэж үзэж болохоор байна.
AG (HK) v Reid зарчмаар ХХБ/МЗК нь Монгол улсын засгийн газрын өмчийг constructive trust-р хадгалж байгаа хуулийн этгээд бөгөөд энэ өмчийг өмчийн жинхэнэ эзэн нь болох Монгол улсын засгийн газарт гаргасан зардлынхаа нөхөн олговорыг гаргуулан авах нөхцөлтэйгөөр буцаан шилжүүлэх ёстой юм. Засгийн газрын тухайд Монгол Банкнаас хууль зөрчин зээлсэн мөнгийг суутгаад ХХБ/МЗК өөрсдийн хүч, арга эвээр босгосон бусад мөнгийг хуваарьтайгаар төлж барагдуулаад бүрэн өмчлөлөө сэргээж болно. Зээлийн хүүнүүд харилцан суутгагдчих учир цэвэр төлбөрт заагдсан тоонуудыг ярилцаад явж болох юм.

Нэгэнт Засгийн газрын equitable interest нь 49% дээр хэвээр хадгалагдаж байгаа тул ХХБ/МЗК  нар энэ 49 хувийг цааш нь зарах, буюу шилжүүлэхдээ эхлээд Монгол улсын засгийн газраас авах эсэхийг нь асуух ёстой үүрэг хэвээр үлдлээ гэсэн үг. Restrictive Covenant гэдэг зарчим бас л энд үйлчилсэн хэвээрээ байх болно. 

Энд хэд хэд дурьдагдсан Restrictive covenant буюу хязгаарлалтыг хадгалах гэрээ гэж юу вэ.  Энэ бол голдуу үл хөдлөх хөрөнгийн наймаан дээр ашигладаг зарчим юм. Жишээ нь ах дүү нар шинэ суурьшилд зэргэлдээх байрлалд ижил төстэй байшингууд барьжээ. Тэгээд хоорондоо энд 3 давхараас өндөр байшин барихгүй гэж тохиролцож. Хэрэв хэн нэг нь өөр барилга баривал нэгд орчны эстэтик буюу тааламжтай харагдах байдал алдагдана, хоёрт тийм өөр байшин бариагүй бусдынх нь үл хөдлөх хөрөнгийн үнэлэмж нь унана. Иймээс хэн ч өөрийн эдлэн газраа зарсан энэ хязгаарлалтын нөхцөлийг худалдан авагчид шилжүүлэх болзолтойгоор зарахаар тохирохыг restrictive covenant гэдэг. Чухам энэ тохироонууд хаа сайгүй байдгаас барууны суурьшилын бүсүүд жигд өндөртэй, ойролцоо загварын барилгуудтай байдаг юм билээ. Хязгаарлалт хэзээ алдагдаж тавигдаж болох вэ гэхээр шинэ худалдан авагч худалдан авах үедээ ямар нэгэн аргаар тус хязгаарлалтын тухай огт мэдээгүй байсан үед л зөрчигдөж болдог. Хэрэв хэн нэг нь байраа зарахдаа дараагийн хүнд хэлээгүй, тэр нь тэр хавийн хязгаарлалтын тухай өмнө нь олж сонсоо ч үгүй байсан бол авсан газар дээрээ өөр барилга барих эрх нь нээлттэй болдог. 

Энэ зарчим зөвхөн үл хөдлөх хөрөнгөөр хязгаарлагдахгүй байж бас болно. Жишээ нь ангийн буу зарж байгаа этгээд түүнийг зарахдаа зөвхөн ангийн үнэмлэхтэй хүнд зарах хязгаарлалт тогтоож болдог. Авсан хүн дараагийн хүнд дамжуулсан ч зөвхөн энэ хязгаарлалтын хүрээнд л наймаа хийнэ. 
Эрдэнэт үйлдвэр бол үл хөдлөх хөрөнгө. Иймээс түүнд байгаа үл хөдлөх хөрөнгийн хязгаарлалт хадгалагдан явах ёстой юм. Одоогийн тохиолдолд ХХБ/МЗК нар нь bona fide тал байх нөхцөлөө хангаагүй тул Засгийн газрын equitable interest хэвээрээ үлдсэн гэж тооцогдоно. Иймд ХХБ/МЗК өөрийн нэр дээр байгаа өмчийг цааш зарахаар шийдлээ гэхэд Монгол улсын Засгийн газраас л эхэлж асуух үүрэгтэй байх ёстой юм. Учир нь тэд энэ хязгаарлалтыг мэдэж байсан. Иймээс Сингапурт бүртгэлтэй өөр компанийн нэр дээр шилжүүлэх асуудал хууль бус болж хувирна.    

Энэ хэрэг номоороо явбал хэн нэгэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудал тун бага харагдаж байгаа бөгөөд бизнесийнхний хувьд зөвхөн дотоод мэдээлэл ашигласан, албан тушаалтнуудын хувьд авилгал хээл хахууль авсан эсэхийг шалган тогтоосон тохиолдолд л эрүүгийн хэрэг яригдах боломжтой юм. Зөвхөн эд мөрийн баримтуудыг нуух, устгах байдал ажиглагдвал таслан сэргийлэх арга хэмжээ авах хэрэгтэй бөгөөд өнөөгийн байдлаар авагдсан баримтууд нь хэргийг шийдэхэд бүрэн хангалттай байгаа бөгөөд хэнийг ч цагдан хорих нэмэлт шаардлага үүсгээгүй гэж ойлгогдож байгаа.

Хэргийг шүүх шүүгчид нь ямар нэгэн ашиг сонирхлын зөрчилгүй, барьцаа дарамтанд ороогүй байх нь ХХБ/МЗК-н буруугүй, bona fide этгээд болохыг тогтоож үнэн зөвийг олох хамгийн эхний суурь шалгуур нь билээ. Гэтэл Монголын нөхцөлд энэ хэрэгт ХХБ-ны ажилтан байсан, хамаарал бүхий этгээд нь тус банктай санхүүгийн гүн харилцаатай, эсвэл тус хувьцаа худалдан авах хэлцэлийг ил дэмжиж байсан албан тушаалтны толгойлж байсан эрх бүхий байгуулагад хамаарал бүхий этгээд нь өөр гэмт хэргийн асуудлаар шалгагдаж үүний улмаас албан бусаар барьцаалагдсан байдалтай байгаа шүүгчид оролцож шийдвэр гаргаж байгаа нь Худалдаа Хөгжлийн Банк болон Монгол Зэс Корпорацын bona fide буюу гэм буруугүй харагдуулах үлдсэн бүх боломжийг үгүй хийж орхисон байна. 

Бас нэгэн зүйл. Монголд бараг хуульчилдаггүй итгэл хүлээлгэх харицааны тухай Equity Law-д их дэлгэрэнгүй байдаг.  Энэ харилцааг fiduciary relationship гэдэг. Fiduciary гэдэг нь латины fiducia буюу итгэл гэдэг үгнээс гаралтай үг юм. Гол зарчим нь итгэл хүлээлгэгдсэн буюу бусдын итгэлийг авсан этгээд итгэл үзүүлэгч этгээдийн хамгийн дээд ашиг сонирхолд нийцэн ажиллах, шийдвэр гаргах үүрэгтэй байдаг. Жишээ нь нэгэн банк түүнээс зээл авахаар ирсэн бизнесмэнд зээл өгөхийн тулд зээл авч байгаа бизнес нь хэр өгөөжтэй, эрсдэл нь хэр их болохыг үнэлэхийн тулд түүний бизнесийн нууцад нэвтрэх шаардлагатай болдог. Үүний тулд бизнесмэн банкны ажилтанд бизнес төлөвлөгөөгөө танилцуулж санхүүгийн өгөөж эрсдэлийн тооцоогоо харуулдаг. Тэр бизнес хичнээн ашигтай, хорхой хүрэм байсан ч банк болон банкны ажилтнууд түүний нууцыг бусдад задлалгүй хадгалах ба өөрсдөө ашиглах бол бүүр ч хориотой байдаг. Харамсалтай нь Монголд энэ бүхний яг эсрэгээр явдагаас банкинд үнэн санаагаа хэлж ирдэг бизнесмэнгүй болсноос эдийн засаг саараад, энд тэндээс өөр санхүүжилт хайх гаж практикууд үүсээд байдаг. Аливаа банк өөрөөс нь зээл хүсэж бизнес төлөвлөгөөгөө танилцуулж байсан ямар ч бизнесийн хувьцааг авах, түүний бүхэлд нь худалдан авах, эсвэл яг ижил бизнес хийх нь асар хориотой табуу юм. Энэ бол итгэлээр олсон мэдээлэлээ итгэл үзүүлэгчийн биш харин өөрийн ашиг сонирхолд нийцүүлэн ашиглаж байгаа маш ноцтой ёс зүйгүй хэрэг билээ.

Fiduciary харилцаа компанийн захирал-компани, хуульч-үйлчлүүлэгч, эмч-эмчлүүлэгч болон бизнес партнеруудын хооронд гэх мэтээр үүсдэг гэж үздэг. Мөн итгэлцлийн сангийн даамал (trustee), тус сангаас хүртэгч (beneficiary) нарын хооронд байдаг. Монгол улсын засгийн газрын гишүүд нь Монгол гэдэг айлын итгэлцлийн сангийн даамлууд нь юм. Татвар төлөгчид бүгд тэр санд мөнгө тушааж түүнээс ард иргэд өгөөж хүртэх журмаар энэ сан ажилладаг. Энэ утгаараа төрийн болон нийтийн бүх албан тушаалтан монголын ард түний хувьд итгэл хүлээлгэгчид буюу fiduciaries нь юм. Итгэл хүлээсэн этгээд итгэлийг эвдвэл учруулсан бүх хохиролыг барагдуудах үүрэгтэй байдаг ба зарим тохиолдолд эрүүгийн хариуцлага ч яригддаг. Өмнө өгүүлсэн дотоод мэдээлэлийг ашиглах гэмт хэрэг бол итгэл хүлээсэн этгээд үүргээ зөрчсөнөөс үүсдэг эрүүгийн гэмт хэрэг билээ. 

Эрдэнэтийн 49  хувийн асуудал хэзээ нэгэн цагт олон улсын шүүхийн хаалга татаж эцэслэн шийдэгдэнэ гэж Засгийн газар бодож байгаа бол гар цэвэр, нэр цэвэр байх асуудалдаа ихээхэн хянамгай хандаж, хамаагүй хүчилсэн, хүч түрсэн буруу алхам хийхээс аль болох болгоомжлож байх ёстой юм. Хэрвээ би Засгийн газрын хуулийн зөвлөх нь байсан бол эдгээрийг нь хэлээд сууж байх байлаа. 


Өөр ч нэмэх юм одоохондоо алга даа. Хуулийн ойлголтгүй олон нийтэд үүнээс хялбар энгийнээр тайлбарлах ухаан үнэхээр хүрсэнгүй. Нуршуу байсан бол уучлаарай. Энэ хүртэл уншсан танд баярлалаа

Monday, February 11, 2019

Шаантаг

Нэгэн зүйл. Түүхийн хэмжүүрээр яривал тун саяхан даа саяхан, 1911 онд бидний цөөхөн Монголчууд Манжаас тусгаарлан үндэсний тусгаар тогтнолоо жинхэнэ утгаар нь бадрааж байсан түүхтэй билээ. 200 гаруй жилийн турш Манж хэмээх нэгэн нүүдэлчин улсын вассал болж өөрийн мэдэлгүй бусдын аясаар тэсэн тэссээр цагийн эгзэг таармагц тэсэрсэн нь тэр байсан юм. Тэмцэн босож тусгаарлан өндийгөөд эргээд хартал Монголыг 200 жил эрхэндээ байлгасан Манж улс байтугай, манж үндэстэн ч үлдээгүй алга болсон байх нь тэр. Эзэлж авсан улсдаа уусан замхрана гэдэг бол барьсан андаа идүүлчихдэг араатны хувь заяа лугаа адил аймшгийн зүүд билээ. Монголчууд өөрсдийг нь эзэлсэн хүчирхэг Манж улс ор мөргүй алга болсон, манж үндэстэн сураг чимээгүй уусан арилсан үнэнийг олж мэдээд асар ихээр цочин цочирдсон. Захирч байсан нүүдэлчин манжуудаасаа бус,  харин тэднийг уусган үгүй хийсэн шороон түмэн хятад хөршөөсөө цочирдсон хэрэг.    

Нэгэн зүйл. Чингис хаанаас өмнө ба хойно шарын шашин Монголд гурвантаа дэлгэрсэн тухай түүх байдаг. Эхний хоёр нь бол түүх соёлын ойртолт, худалдаа харилцааны хэрэг даган дэлгэрч байсан бол 16-р зуунд дэлгэрсэн гурав дахь дэлгэрэлт нь үндэсний амин хэрэгцээг даган орж ирсэн байдаг юм билээ.  16-р зууны дунд үеээс Түмэдийн Алтан хаан Өвөр Монголд, Автай сайн хаан Ар Монголд шарын шашныг залж хүчээр нэвтрүүлсэн тухай түүх шаштирт бичигдэн үлджээ.  Тэд яагаад ийнхүү яаравчлав. Шарын шашин дэлгэрсэн цаад шалтгаан нь уламжлал соёлын гэхээсээ илүү цаг хугацаа, улс төрийн бодлогын шийдлийн үр дүн байсан байдаг. Энэ үе бол өмнө, дорно зүгт Монголчуудын байгуулсан Юань улс мөхөж Хятадын Минь улс үүсэн сэргэж мөн өрнө, умардад Монголчуудын байгуулсан Алтан Ордны улсын суурин дээр шинэ Орос улс өндийн босож Догшин Иван хаан хүчирхэгжин байсан эрин цаг билээ.  Эсрэгээр энэ үед олон зууныг дамжсан бага хаадуудын тэмцэлд Монгол улс бутран сарниж, хүч чадал нь хумигдан агшиж байсан ч үндэсний онцлогоо сахин хамгаалж байсан цаг байдаг.  

Pax Mongolica –гийн авчирсан олон зуун жилийн худалдаа арилжаа нь зөвхөн бараа таваар ч биш түүний хажуугаар түмэн газрын олон үндэстнийг хооронд нь холилдуулан олуулаа үндэстний соёл, цусанд цөөхүүлээ үндэстнүүд уусан арилах нөхцөл байдал буйг илрүүлэн харуулсан хэдэн зуунууд үргэлжлэн хөвөрсөөр 16-р зуунд тулж ирсэн байсан байдаг. Хубилайн Юань улсын төрийг уусган хятаджуулсан Бумбын шашин, Зүчийн хүү Батын Алтан ордны улсын төрийг аажим түрж өндийн бүрэлдсэн Оросын Христийн шашин, тусгаарлан салсан Цагаадайн төрийг “дагаар оруулсан” лалын шашин аль аль нь юу юугүй худалдааны зам, иргэдийн нүүдэл даган Монгол эх нутагт нь орж ирэх нь бараг тодорхой болчихсон цаг үе байж. Аль алиных нь өмнөөс Монголын уламжлалт бөө шүтлэг хүчин мөхөс байлаа. Одоо ч бараг л тиймээрээ.  

Түмэдийн Алтан хаан, Халхын Автай сайн хаан энэ аюулыг сөрөх мэргэн санааг цаг алдалгүй олж Хятад, Уйгурыг алгасуулан алс тэртээх цастын орноос шарын шашныг залан авчирч Монгол нутагт шаантаг болгон зоож орхих нь тэрээ.  Тиймээ тэд үнэхээр тэгэж чадсан юм. Шарын шашин бол Энэтхэгт үүссэн боловч сарлагийн нуруунаа нүүдэллэн амьдрагч цаст уулын Түвдэд өргөн дэлгэрсэн, нүүдэлчин Монголд дэлгэрүүлэхэд соёл, заншлын зөрөө бараг гарахааргүй, гарсан ч олон зуун жил цусан дунд тэмцэлдэж сэтгэл нь цуцсан үндэстэнд нам гүмийн амар амгаланг тээн ирсэн, сэтгэлд оюунд нь тийм ойрхон шашин байваа.  Шарын шашин дэлгэрсэнээр монголчууд хөрш ард түмнүүдтэйгээ шашин соёлоороо ижилсэж, улмаар уусан сарних аюул хэдэн зуун жилээр хойшлосон учир ийм буюу. Манж эзэлсэн хятаддаа уусан замхарч байхад, манжид эзлэгдсэн монгол үндэсний онцлогоо хадгалан үлдэж чадсаны нууц нь ердөө л энэ байв.
Шашны зөрөө фактор биш гэж маргах нэгэн гарч болох юм. Тийм хүн байвал нэг улс, ижил үндэстэн шахуу атлаа шашны зөрөөнөөс болж хоорондоо бараг холилдохгүй, ураг барилдахгүй оршин байдаг казах монгол үндэснүүдийн хамтын амьдралын аргументыг хариу болгон илгээе.

Бас нэгэн зүйл. Дэлхийн сүүлчийн дайн эхлээд жил 5 сарын нүүрийг үзэж байхад буюу 1940 оны 1-р сард БНМАУ-н Засгийн Газар уйгаржин монгол бичгийг латин бичгээр орлуулан хэрэглэх шийдвэр гаргасан бөгөөд улмаар уг шийдвэрээ кирилл бичгээр солих болгон өөрчилж байсан байна.  Өвөрлөгч ах дүүсээсээ цагийг нь олж бичиг үсгээрээ ялгарч чадсанаар тэднийг харъяалж бсан хятадаас өөр улс гэдгээ зарлан тунхаглаад зогсолгүй улмаар дэлхийн дайны их тэмцэл дундаас тусгаар тогтнолоо дэлхий даяар хүлээн зөвшөөрүүлэх их завшааныг олж чадаж гарсан түүхтэй. Шинэ бичигт шилжсэний дараахь 20 жилд нь бичиг үсэг тайлагдах хурд асар ихээр нэмэгдэж, орос зөвлөлтийн сурах бичгүүдийг ойлгох, хөврүүлэх ажил эрчимжин 60 он гэхэд анхны олон тооны оюутныг ЗХУ-д илгээн бөөнөөр нь сургах боломж бүрдсэн байлаа. Тэр сурч ирсэн хүмүүс л та бидний бидний социализмын үе гэж нэрлэгддэг их дэвшил, бүтээн байгуулалтыг гардан байгуулсан юм.  Кирилл бичигт цагийг нь олж шилжээгүй бол Монгол маань дэлхийн боловсролоос гээгдэхгүй юмаа гэхэд хол хоцорсон хэвээр үлдэх байсан нь гарцаагүй харагддаг. Азийн заншил, Европын соёлыг хамтад нь ашиглаж болох хамгийн дөт зам чухамхүү кирилл бичиг байлаа. Өөрөөр хэлбэл аль алиных нь хэв шинжийг хамтад нь ашиглаж байгаагаараа аль алинаас нь ялгарч давуу байдал үүсгэж чаджээ. Бид нүүдэлчин Халимаг, Буриад, Казахстан, Киргизүүд шигээ орос хэлийг хэлний хэрэглээ рүүгээ ширүүн оруулсангүй, харин зөвхөн үсгийг нь аваад үгийг нь үлдээчихсэн байсан юм. Мөн өвөрлөгч нар шигээ үсгээ, хэлтэйгээ үлдээсэн ч өөрсдөө хятаджих аюулаас улс төрийн бодлогын зөрөлдөөнийг ашиглаад эвтэйхэн мултраад гарчихсан байдаг юм.

Нэгэн зүйл.  Зөвлөлтийн цэрэг 1944 онд өөрийн газар нутгаа чөлөөлж үндсэндээ дууссан юм. Улаан арми Европыг чөлөөлж эхэлтэл коммунистууд харьцангуй тайван, ялалтандаа баяртай байлаа. Орос цэрэг Герман, Австрийн нутагт орж ирсэн даруйдаа амьдралын түвшний ялгаа, хот суурингийн эмх цэгц, соёл хандлагын ялгаагаа мэдэн авч, өөрсдийг нь гутамшигт боолчлолд байлгаж, хөгжлөөс хол хоцроож байсан Зөвлөлт засгийн алдааг анзаарч эхэлсэн нь коммисаруудыг түгшээх болсон байна.  Дэлхийн дайны дараа Гитлерийн эсрэг эвслийнхэн ялагдсан Германыг 4 бүсэд хуваан хувааж захирсан юм. Сүүлдээ Америк, Англи, Францууд өөрсдийн бүсээ нийлүүлэн нэг болгосон байдаг. Германы нийслэл Берлин хотыг ч бас 4 хуваасан байснаа баруун зүүн 2 хэсэг болгон захирах болсон. Барууны эмх цэгц, хөгжил дэвшлийн ялгаанаас иргэдээ, захирч буй газар нутгийнхныг тусгаарлахын тулд шахуу өдөөсөн блокад эцсийн дүндээ Умард Атлантын Эвсэлийн Байгууллагыг (NATO) байгуулахад хүргэсэн бөгөөд үүний хариу болгож ЗХУ-р толгойлуулсан Варшавын гэрээ гэгч цэргийн эвсэл байгуулагдсан түүхтэй. Варшавын гэрээний орны цэргүүд 1968 онд Прагад тал талаас дайран орж ардчилсан хувьсгалыг даран цус урсгаж, цусаа урсгасан юм. Тэнд ардчилалын эсрэг коммунист блокын дайнд амь үрэгдсэн цэргүүд дунд монгол угсаатан залуус ч байсан.  Тэр үеийн бараг бүх социалист орнууд тус эвсэлд орсон боловч Монгол бас л холын азийн улс гэдгээрээ гул барин сугарч үлдэж орхисон байдаг. БНМАУ хүчирхийлэлийн эвсэлд нэгдээгүй сугарч үлдсэний үр нөлөөгөөр Монголд өрнөсөн ардчилсан хувьсгалаар огтоны хамраас ч цус гараагүй билээ.

Нэгэн зүйл. Дэлхийн монголчууд олуулаа. Баруун зүгт Крымын татаар, Ижил мөрний халимаг үндэстнүүдээс эхлээс, умарт Тува, Буриад, урд зүгт Дээд монголчууд , зүүн өмнө зүгт Өвөрмонголчууд хүртэл өргөн уудам нутагт тархан суурьшсан байдаг. Дэлхийн дайны бужигнаан дундаас хамгийн хожоотой гарч чадсан нь зөвхөн халхуудаа тойрсон ар хэмээх Монгол нь бүлгээ. Халхын заяа их гэж зүгээр ч нэг хэлдэггүй юм билээ.  Халимаг, Татаарууд бооцоогоо түр зуурт хүчирхэг байсан Гитлер “хүүд” тавьсанаас хожмоо асар хүнд хувь заяаг амсацгаасан. Гэхдээ тэд цагаан арьстан өөр үндэсний дунд оршин байсан тул уусан үгүй болох аюулаас одоо ч хол хэвээрээ байна. Өвөрлөгч нар маань Япончуудын сэргээн байгуулсан Манж-го улсын талд бооцоогоо тавьсан. Япончууд ялагдаад арал руугаа буцсан, харин тэд маань харийн харъяанд үлдэж хоцорсон. Дээд Монголчууд буюу Хөх нуурын монголчуудын хувьд дэлхийн байдлын талаар дуулаагүй, сонсоогүй хөмөрсөн тогооны дор мэт байсаар нэг л мэдэхэд харийн харъяат болон үлдэцгээсэн.  Бидний цөөхөн Монголчууд л ЗХУ руу Германы арми дайрсан эхний өдрөөс улаан армид туслан, бараг л нүцгэн биенээсээ арьсаа хуулж, холын хөрөнгөтөн Америкаас ч дутахгүй их тусламжийг фронтод илгээсээр ялагчийн дайны олзноос хуваалцах эрхээ олж авсан билээ. Энэ дайнаас бидний олсон хамгийн том олз бол тусгаар тогтнол маань байлаа. Их гүрнүүдийн дэлхийн газрын зургийг дахин зурах тохироонд Монгол маань бүтэн үлдэхээр болсон нь хамгийн том олз маань байсан юм. Бидний ялгарал, бидний тууштай байдал ингэж тусгаар тогтнолыг маань олж ирсэн түүхтэй.

Нэгэн зүйл. 1984 онд ЗХУ-г толгойлж байсан КГБ-н генерал Ю.Андропов гэгч өвгөн талийсанаар Зөвлөлтийн удирдагчдын амралт зугаалгын бүс Краснодарын хязгаарыг даргалж, кремлийн хор найруулгын бүлэглэлүүдэд шорлог, конъякыг нь дөхүүлж өгдөг байсан Горбачев гэдэг хүн ордны хуйвалдаанаар социалист системийн толгойд гараад ирсэн юм.  Горбачев социализмыг халах биш харин сайжруулахыг хүссэн. Өмнөх өвгөчүүд шигээ застой буюу зогсонги хэвээр нь байлгахыг хүссэнгүй. Социализмынхаа дутагдлыг олж илрүүлэн түүнийгээ засаж урагшлах тухай л ярьж байлаа. Үүнийгээ гласность буюу ил тод байдал хэмээн тунхагласан. Гэвч систем нь дотоод гадаад олон хүчин зүйлээс болж нуран унасан юм. Үндэсний баялагийн 40 хувийг шавхсан Чернобылийн гамшигийн давах ажиллагаа болон, Афганд үргэлжилж байсан 10 жилийн дайн, Рейганы захиргааны албаар өдөөн явуулсан оддын дайны уралдаан болон Зөвлөлтийн гол орлогын эх үүсвэр болох нефтийн үнэ унасан байдал нь социализмыг цааш явуулах эдийн засгийн нөөцгүй болгосон юм. Архитай ширүүн тэмцсэнээр мафиуд мэндэлж, иргэд амьдралын бодит байдлаа согтуу биш нүдээр харж эхэлсэн зэрэг нь коммунист системийг тавхан жилийн дотор нурааж орхисон байдаг. ЗХУ-г дагаад тэр систем бүхэлдээ нурсан. Өмхөрсөн царс мод унаж байхад нь хажууд нь зогсож байгаад цочсондоо түрүүлж хашгирсан зарим хүнээ бид ардчилалын партизанууд гэж хэлж заншжээ. Бид тэднийгээ шинэчлэгчид гэж итгэн дээрээ залсан боловч ихэнхдээ л муухай хууртаж мулт ходруулаад салсан.

90-д оны соц бужигнаан дундаас Монгол ахиад л хожоотой сугарч гарч чадсан юм.  Румынд цаазалж, Москвад цэрэг орж, Тбилисид их буугаар үзэлцэж, Бээжин танкаар няц дайрч байхад Монголд огтоны хамраас ч цус гаралгүй өөрчлөлт ирсэн юм.
Энэ он жилүүдийн үйл явдлууд дуусахад Монголчууд ардчилалыг сонгож, сонгох сонгохдоо хамгийн зөв парламентын засаглалыг сонгож орхисон байдаг. Тоталитар дэглэмтэй хөршүүдээсээ тэс өөр, олонхийн ярилцлага, зөвшилцлийн дүнд улсаа удирддаг маш түвэгтэй ч алдаа бараг гаргадаггүй, алдаа гарсан ч дор нь залруулчихдаг замыг сонгон алгуурхан боловч, найдвартай урагшилсаар өнөөдөр эрх чөлөөний үзүүлэлтээр Америктай зуузай холбон азийн хөршүүдээ хол хаяж орхисон байдалтай байна. 

Бас нэгэн зүйл. Манай эргэн тойронд байгаа Ерөнхийлөгчийн засаглалтай буюу нэг хүний удирдлагатай улсууд түр зуурын мобилити буюу шаламгай байдлаараа амжиж бүтээж босгож эхэлсэн ч системийн шударга бус,  ардчилалын хомсдолоосоо үүдэн эхнээсээ эрчимтэй уруудаж эхлээд байна. Олон жил дангаар удирдсан албан бус хаад нь талийхад л байгуулсан авторитар систем нь 90-д оноос ч зэрлэг байдлаар нуран унахад бэв бэлэн дэнжигнэж байна. Барууны чөлөөт ертөнцийнхөн хэзээ ч хүчирхийлэлийн дэглэмтэй улс орнуудыг сүрхий өндийлгөхгүй байх аргаа олдог. Тэр ширүүн бөгөөд тооцоотой тоглодог. Нефтийн үнийг унагааж Оросыг сульдааж аваад одоо худалдааны дайн, оюуны өмчийн хоригоор Хятадын өсөлтийг сааруулаад буулгаад авч байна. Хамгийн гол нь эдгээр улсуудыг цэргийн зардалдаа илүүчлэх мөнгөгүй болтол нь чангалах байх.  Шууд контактын биш proxy дайнуудаар цэрэг зэвсгийнх нь хүч чадлыг шалгаж шалгаж сөхрүүлэх аргаа Зөвлөлтийг юу яасан шиг олж л орхино.  Томчуудаар ингэж тоглож чадаж байхад жижигчүүлийг бол алиаг нь алдуулж байх нь аргагүй. Венесүэл гэгч улс Латин Америкт буюу Америкийн хамар дор коммунизмыг импортлодог лаг улс болох гэж байж өнөөдөр хамаг хүнсээ бараад нийтээрээ өлсөн баларч сууна.
Сүүлийн үед манай даргууд Шанхайн хамтын ажиллагааны байгуулага буюу манай эргэн тойронд байгаа ерөнхийлөгчийн засаглалтай улсуудын байгуулсан хилийн будлианаа хэрүүлгүйгээр зохицуулах зорилготой үүсгэсэн байгууллагад элсэх тухай барин тавин их ярих болж. Элсчихвэл 30тэрбум юань буюу 4-5 тэрбум доллар орчим мөнгө зээлнэ ч гэх шиг. Мэдээж тэр мөнгө ирлээ ч монголчуудад очихгүй. Түүнийг дээгүүрээ хуваагаад идчих бөгөөд үүнийгээ ард түмнээс нуухын тулд хууль ёсыг завхруулж, ардчилалаа нугаслаж, авилгалаа гааруулахаас өөр зам үлдэхгүй. Шулуухан хэлэхэд хэрэв түүнд элсчихвэл түүгээр яваа гайг үүгээр дуудсан л хэрэг болох байх. Нөгөө байртай машинтай хүнтэй суучлаа гэсэн чинь мөрөөрөө явж байгаад өрөнд орчихлоо гэдэг шиг л юм болно. Ноёдынхоо хятадын пүүсэнд тавьж найрласан өрийг хошууны ардууд төлдөг манжийн үе шууд сэргэнэ гэсэн үг. Эхнээсээ тавих өрийн хэмжээ ч тодроод ирлээ. ШХАБ бол дэлхийн ардчилсан улс орнууд дэмждэг, сайшаадаг байгуулага биш. Бид аливаа эвсэлээс сугараад үлдчихдэг, үлдсэнээрээ хожчихдог азаа хэдэн цааснаас болж тавьж туух хэрэггүй гэж бодож байна. Тэгээд ч улс орныг маань эрдэм ухааны туйлууд удирдаагүй энэ цаг үед илүү буруу хөдөлгөөн хийлгүй өнгөрөөх нь л маш мэргэн зөв санаа юм.  Монголчууд хэзээ нэгэн цагт эрдэм чадал төгс хөвгүүд охидоороо удирдуулах цаг ирнэ. Тэр болтол энэ улсыг энэ хэвээр нь хадгалах нь чухам эрхэм чухал. Шанхайд элсвэл аюулгүй байдлын баталгаа үүсэх гэдэг нь юу л бол. Элсэхгүй бол эзлэнэ гээд байгаа хэрэг үү. Муу ёрлож ярьсанаар нь болоод Монголыг дайран эзэлчихээд тэд юугаа ярьж дэлхийтэй худалдаа хийж хүчирхэг хэвээрээ үлдэх болж байна. Их гүрнүүд худалдаатай үедээ цэцгэлж худалдаагүй болмогцоо мөхдөг. Тэд Монголоос болж мөхөхийг сонгоно гэж үү? Бас нөгөөтэйгүүр аюулгүйн баталгаа өгчихөөд муриад эзэлчихвэл хэн биднийг өмөөрөх юм?!
Миний бодлоор харин ч Монгол улс ШХАБ-н гадна хэвээрээ үлдэж чадвал дэлхийн бүх улс биднийг өмөөрнө. Бидний сондгойрол, бидний ардчилалыг дэлхий дэмждэг цаг шүү өнөөдөр бол. ШХАБ-д элсчихвэл Япончууд урьдын адил бидэнд тусласаар л байна гэж та нар бодож байна уу.  Явж явж дайтаж байсан япончууд маань л өнөө цагт Монголын цорын ганц 3 дахь хөрш юм шүү дээ. Азийн дэвжээд сүүлийн зуугаад жилд Оросыг ч, Хятадыг ч зодож чадаж байсан тоглогч өөр бий гэж үү. Цаашид ч хөршүүдийн маань их гүрний амбицыг хазаарлаж чадах бүс нутгийн хүч зөвхөн Япон л байх болно. Тэд хүчээ нэмье гэвэл Үндсэн хуульдаа өөрчлөлт хийхэд л хангалттай.
Тэхлээр ШХАБ газрын зурганд нь шаантаг болсон хэвээрээ л үлдэцгээе. Юүгхэв. 

Нэгэн зүйл. Богд хаант Монгол улсын газрын зураг байдаг. Өнөөгийн газар нутгаас маань бараг 3 дахин том. 20-р зууны их бужигнаан дундаас бидэнд 34 хувь нь л үлдэж тусгаар тогтножээ.  Буриад, Тува, Өвөр болон Дээд Монгол, баруун зүгт Торгуудын үзэсгэлэнт байгальтай том хошууны ихэнх нь хилийн цаана бидний тусгаар тогтнолын төлбөр болон үлдсэн байна. Бид тусгаар тогтнолдоо газар нутгийнхаа 66 хувийг золиосложээ.  Монгол цэрэг 1945 онд цагаан хэрэм дээр гарч цэргүүд маань тэнд бүтэн жил байрлан байсан боловч их гүрнүүдийн тохироог яаж ч чадалгүй буцсан юм. Өвөрмонголоо нэгтгэхээр Жанчхүүгийн давааны хавьд бүтэн жил тушаал хүлээн суусан цэргүүдийн сумангийн захирагч нь миний том авга Лувсангийн Жадамбаа байсан.

2009 онд Монгол улсын Засгийн газар Оюу Толгойн ордыг 34/66-р хуваан эзэмших гэрээнд зурсан үйл явдал болсон билээ. Олон хүн үүний төлөө С.Баяр нарыг хараан зүхдэг. ЗХУ-н эдийн засгийн хараанаас гараад Хятадын эдийн засгийн хараанд шилжиж байсан буурай Монголын хувьд энэ бол жинхэнэ аврал байлаа. Тиймээ тэр гэрээ сайн болоогүй, эдийн засгийн өгөөж ч багатай, ашиг ч ихгүй. Гэхдээ л өнөөдөр орон даяар цалин тавьж, сургууль цэцэрлэгийг халааж, их барилгыг санхүүжүүлж, цэрэг эрсийг хоолон хувцаслаж байна. Оюу Толгойн гэрээний хамгийн гол үр дүн нь барууны хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хилийнхээ дотор оруулж ирсэн явдал юм. Өмчийн эрх бол хүний эрхийн суурь нь байдаг. Хүнийг эрхгүй боол болгохын тулд өмчөөс нь салгадагийг бид коммун байгуулахаар мунгинаж байх үедээ сайн мэдэж авцгаасан. Хүний эрхийг хамгаалахын тулд өмчийн эрхийг нь хамгаалах л болдог. Энэ утгаараа барууны мянга мянган хөрөнгө оруулагчдын эрх ашиг Монголд ороод ирсэн учраас бид хамгаалалтанд нь давхар ороод явчихсан.  Хадны завсарт байсан халиуны зулзагыг хамгаалсан шаантаг бол Оюу Толгой мөнөөсөө мөн.  
Энэ шийдэл хөршид маань огт таалаагүй. Дарамт үзүүлж эхэлсэн. Харин Баяр парламент руугаа заачихаад бултаад буугаад явчихсан. Парламентын засаг, Оюу Толгой 2 ингэж Монголыг хамгаалсан юм даа.   

Нэгэн чухал зүйл. Монгол улс хөгжье, тусгаар үлдье гэж бодож л байвал аль болох ялгарал руу тэмүүлэх ёстой юм байна. Бид олон зүйлээрээ ялгаатай байж чадсанаар өдий хүртэл тэссэн байдаг. Зарим түүхчийн яриагаар бол аль эрт түүхийн сурах бичигт л үлдвэл үлдэхээр байсан жижиг үндэстэн өнөө хүртэл тэссэн, тэсэхээр барахгүй боссон нь бидний ялгарал, том хоёр хадны дундах шаантаг шиг зөрүү бодлоготой байсны л хүч юм. Өнөөдөр Монголын төрийн байгуулал хөршүүдээсээ өөр байна. Энэ бол бидний ялгарал. Цаашид Монгол улс тэсэн үлдэх баталгаа. Гэхдээ шүүх нь шударга болоогүй улс хэзээ ч хөгжддөггүй. Шүүхээ шударга болгоход ч бидэнд ялгарал л туслана.
Манай шүүх систем хөршүүдтэйгээ адил сурталжсан тогтолцоотой хэвээрээ байна. Хөршүүдтэйгээ адил сурталжсан шүүхийн системтэй байсан учраас 37 оны их хэлмэгдүүлэлт боломжтой байсан ба тэр аюул их бага боловч өнөөдөр байсаар л байна. Бид нэгмөсөн ялгарч байж л зөв шүүхтэй болж байж л хөгжиж чадна. Эрх зүйн тогтоцоондоо шүүхийн преседент буюу шүүхийг өөрийнх нь өмнөх шийдвэрээс хараат болгодог тогтолцоог авахгүйгээр бид шударга ёсны зүгт урагшлахгүй. Civil Law буюу иргэний (цэргийн биш) төрийн хуулиар явдаг европ азийн олон улс Common Law буюу ардын хуулиар явдаг тогтолцоонд хэрэглэгддэг шүүхийн преседентийг өргөнөөр ашиглах болжээ. Ингэснээр шүүхийн системд авилгалын орон зай үгүй болж, шүүх шударга болсноор бизнесийн орчин шударга болж эдийн засаг нь цэцэглэн хөгжих болсон байна. Шүүхийн преседент бол тэгш эрхийг үүсгэдэг, хуулийг бүх хүнд ижил үйлчлүүлэх гол хүчин зүйл юм. Түүний яг ижил хэргийг ингэж байхад яагаад минийхийг өөрөөр шийтгэх гэж байгаа юм гэсэн барьцалт л хуулийн өмнө бүх хүнийг тэгш гараад авчирч байдаг.  Үндсэн хуульд шүүх зөвхөн хуулийг дагана гэж байгаа билээ. Хууль бол олон янз. Бид хуулийн тухай ойлголтоо зөв болгоход л шүүхээ шударга болгох боломжтой. Зөвхөн парламент баталсан хуулиудыг хууль гэж явцуурч болохгүй юм. Хэн нэгэн сайдын баталсан Жолооны дүрэм ч бас л хууль. Түүнийг бүгд дагах ёстой. Бид үүн дээр шүүхийн шийдвэрийг хуулийн хүчинтэй гэж шийдчихэд л өнөөгийн Үндсэн хуулиас юуг ч өөрчлөхгүйгээр шударга ёс руу маш том алхаж орхино. 

Бид хөршүүдээсээ маргаан будилаангүй хилээрээ, хэлээрээ, шашнаараа, төрийн тогтолцоогоороо ялгарч чадсан. Одоо шударга шүүхээрээ бүс нутгаасаа ялгарчих хэрэгтэй байна. Сингапур, Хонг Конг, Дубай дуртайдаа хөгжөөгүй. Яг хажуугийнхаа улсуудаас өөр шүүхтэй учраас л хөгжсөн.  Бизнес бол ашгийн төлөөх тэмцэл, харин тэмцэл бол явж явж шүүхийн маргаан л байдаг. Иймээс маргааныг шударгаар шүүдэг газарт л хөрөнгө цуглардаг юм билээ. Зарчим нь ийм энгийн. Мөнгө шударга ёсыг л дагадаг гэж. Иймд тусгаар байя гэвэл хөгж, хөгжье гэвэл шударга бай, шударга байя гэвэл шүүхээ шинэчил гэдэг ганц гарц л надад харагдаж байна. ШХАБ-д элсээд зээлээр хөгжих мөрөөдөл бол маш өнгөц гэнэнээр сэтгэдэг хүмүүсийн л цээжний хонжоо шүү. Бүс нутагтаа хоёр хадны завсар хавчуулсан шаантаг шиг тэс өөр байж чадах эсэхээс л халиуны зулзага шиг хавчигдаад байхгүй чөлөөтэй хөгжих эсэх чинь хамаарна даа.   

Явж явж шаантаг бол зөвхөн хадны завсарын юуг аврахад ч хэрэгтэй эд биш өөр олон зүйлийн балансыг бариулж байдаг маш чухал эд байдаг юм л даа. Үнэнээр яваад үхэр тэргээр туулай гүйцнэ гэж ярьдаг даа тээ. Тэр үхэр тэрэг бол явж явж хэдэн шаантаг дээр л тогтож байдаг бүтэц юм шд. Ганц хадаас боолтгүй хэрнээ гайхамшигтай бат бөх чанартай. Үхэр тэргийг маань урладаг сүх, ооль бүгд л шаантаггүй бол хэрэглээгүй хог. Эцэст нь хэлэхэд шаантаггүй сүх бол сүх биш юм шүү.   



Sunday, September 2, 2018

60 тэрбум буюу Монголыг мөхөөх технологи

Юмжаагийн Цэдэнбал Хорлоогийн Чойбалсангаас тусгаар тогтносон Монгол улсыг хүлээж авсан юм. Хувьсгал, хэлмэгдүүлэлт, дайн, анхдугаар 5 жилийн төлөвлөгөөнд дээр дооргүй хамгаа гөвөн, хүнээ зовоож байж арай гэж тусгаар улс байх эрхээ Сталинаас асар их төлөөсөөр худалдан шахуу авсан нүцгэн шахуу хөдөөний Монгол түүнд ирсэн байдаг.  Дайны дараа Зөвлөлтийн дагуул болж социалист лагерьт (лагерь гэдэг үг нь жинхэнэ утгаараа шүү) нэгдсэн улсууд дундаа хамгийн хоцрогдсон ядуу нь азийн  Монгол байв.  Түүний мэдэлд Монгол улс 1952 оноос 1984 он хүртэл 32 жил оршин байсан юм. Оршин байх гэж арай даруу хэллэг байх. Хөгжин цэцэглэсэн гэвэл илүү зохино гэж бодож байна.  

Цэдэнбал яаж удирдаад Монголыг ийм болгочихов оо?  Олон олон шалтгаан байгаа ч товчхондоо тэр зүгээр л шилдэгүүдийг гарган ирж, шившигүүдийг хол байлгаж чадсанд л байдаг юм билээ. Мэдээж үйлдэл бүхнээ зөв хийсэн гэж хэлэхгүй. Алдаа нугалаа ч хийсэн. Хаашдаа цаг үе нь тийм байсан юм.

Эхний 7 жилийг тэр мал аж ахуйг нэгдэлжүүлэх замаар тариаланч, ажилчин, сэхээтэн ангийн хүний нөөцийг малын ажлаас суллан авахад зарцуулсан байдаг.  Ингэж суларсан малчдын армийг хэрхэн техник технологитой харьцаж сурган, хэрхэн үйлдвэржилт, бүтээн байгуулалтын дөртэй болгосон бэ? Эхэн үедээ үнэхээр гадны мэргэжилтнүүдийн хүчийг ашиглахаас өөр сонголт байсангүй. Орос сургагчдын анхны ээлжийг дагалдан техникийн дөртэй болсон малчин бол атрын анхдагч аав минь билээ. Үүний зэрэгцээ анхны онцчуудыг Зөвлөлт Орос улс руу сургахаар илгээж байсны тоонд Ленинградын Улсын Их Сургуульд статистикийн мэргэжлээр илгээгдсэн ээж маань ч байлаа.

Орос сургагч, хятад ажилчид олноор Монголын бүтээн байгуулалтанд 60-д оны дунд үе хүртэл оролцож байлаа. Нам засгийн шат шатны дарга нар зөвлөлтийн мэргэжилтнийхээ үгээр явдаг байсан тул хот балгадын төлөвлөлт, бүтээн байгуулалтын шийдвэрүүд ихээхэн алсын хараатай, зохион байгуулалттай байв. Үүний жишээг  1960-д онд хүйтэн дайн оргилдоо хүрч, Монгол улс НҮБ-д элссэнээс шалтгаалан Хятадын харилцаа муудаж иртэл бүтээгдсэн 40, 50 мянгат, их дэлгүүр, Энхтайвны гүүр, Засгийн газрын ордон тойрсон бүтээн байгуулалтаас харж болно.

Ерөнхийдөө Цэдэнбалын үе буюу 1959-1984 оны хооронд 25-хан жилийн дотор бүтээгдсэн, боссон, хэвшсэн, дадсан тэр бүхнийг бид социализмын үе хэмээцгээдэг. Энэ үе бол Монголд эрдэм мэдлэгтэй нь оройлж байсан зурвас үе билээ.  Зүгээр нэг эрдэм мэдлэгтэн оройлж байсангүй. Гадаадад сурсан мэргэжилтнүүд нь оройлж энэ улсыг өндийлгөсөн юм. Зөвлөлтөд суралцсан олон мянган монгол хөдөөний Монголыг өөрчилсөн. Тэд хөгжил гэж юу байх ёстойг нүдээр харж биеээр заалгаад ирдэг байсан тул яг заалгасан номынхоо дагуу Монголыг босгож ирсэн. Гадаадад суралцагчдыг дэмжсэн шалтгаан нь их энгийн. Хөгжихийн тулд гаднаас л суралцах ёстой байлаа.  Гадны мэдлэгийг тээж ирсэн хүн л үүнийг өгч чадах байв. Дэлхий даяараараа л ингэдэг. Аль ч улс гадны мэдлэгийг өөриймшүүлж л хөгждөг. Өнөөгийн хөрш Хятад яг ингэж л хөгжиж байна. Мэдээж дотоодод төгссөн самородокууд олон байсан. Тэд дотоодод сурсан ч орос хэл дээр лекцээ сонсдог, орос багш нараас мэдлэгээ авдаг байсан нь олон.  Нам засаг нь ч тэднийг төгссөн даруйд нь байршуулж сурсан мэдсэнийг нь бүтээн байгуулалтанд шавхаж авсан. Хэрэв тэр үед мэдлэгийг нулимаад хаяж байсан бол их хувьчлалаар олигтой үнэ хүрэх , хувьчлагдсаны дараа үндэсний хөрөнгөтнүүдийг төрүүлэх нэг ч бүтээсэн баялаггүй сууцгааж байх байлаа.

Цэдэнбалын үед л Монголын ерөнхий боловсрол үсрэнгүй хөгжсөн байдаг. Яаж ингэж үсэргэв? Эрхүүгийн РабФак л төгссөн тэр удирдагч монголчуудаас хамгийн өндөр боловсролтойг нь оройд нь гаргаж тавиад эхэлсэн. Мэдээж зарим нэгийг нь буцааж буулгасан, хэлмэгдүүлсэн, зарим нутгаас түлхүү дэмжиж дэвшүүлсэн. Гэвч ерөнхий ханаараа боловсролтой хүнийг л дээш нь татаад байсан байдаг. Сайн сурч, сайн боловсрол эзэмшвэл гадаад дотоодын сургуульд суралцан цаашид сайн сайхан явж болохыг ард түмэнд бодит үлгэрлэл жишээгээр харуулаад эхэлмэгц хүн бүр, хүүхэд бүр боловсролд шамдах болсон.  Энэ боловсролд тэмүүлэх тэмүүлэлээ дагаад Монгол боссон. Босоод зогсохгүй, бодолтой, байр сууртай, алсын замналтай дэлхийн улс болсон. 

Газар дундын тэнгисийн зүүн эрэгт Израиль хэмээх 8 сая иргэнтэй ч бяцхан газар нутагтай асар хүчирхэг улс бий. Түүнийг тойроод 700 сая хүнтэй лалын ертөнц Израилыг газрын хөрснөөс арчихаар заналхийлэн байдаг.  Израильчууд анх Палестинд хөл тавсан 50-д оноосоо л ном эрдэмийг шүтэн төр улс, эдийн засгийн бүх шийдвэрээ ном эрдэмийн хамгийн сүүлийн үеийн ололтонд тулгуурлан асар бодлоготойгоор хөтлөн явуулсан юм. Зөвхөн эрдэм чадалтай иргэдээ төр нийгмийн удирдлагад хамгийн өндөр шалгуураар шилж байршуулна.
Шалтгаан нь их энгийн. Израиль шинэ бөгөөд жижиг улс. Цорын ганц ялагдал л тус улсыг газрын хөрснөөс үүрд арчих үр дагавартай.  Иймээс ялагдал гэдэг үг тэдний хувьд байж болох хувилбар (option) биш. Аливаа тулгарсан тулаан тэмцээнд байнга ялах ганц л арга бий. Тэр бол мэргэших, бэлтгэх. Ингэж, ийм л энгийн бөгөөд бодит шалтгаанаар чухамхүү профессионализм нь Израиль улсын үндэсний гол үзэл баримтлал, айдентити болтлоо хөгжсөн юм. Мэдээж үүн дээр жүүд үндэсний эртний сургаалиуд, эрдэм ном ур чадварыг дээдэлдэг зан чанарууд, 20-р зууны эхнээс хэвлэгдэн тархаж байсан Сионы өвгөдийн протоколууд гэх мэт бүтээлүүд энэ үндэсний хэв шинжийг бүрдүүлэх зүг чиг, философийг нь тодорхойлоход ихээхэн үүрэг гүйцэтгэсэн.

Хөрш Арабын ертөнц бол шашин, нам, популизм, шовинизмын далайд умбан, өөрсдийн олон бүтэлгүйтэлд Израилийг зүхэн байнгын заналхийлэл сүржигнэлийг бадраан байх авай. 1967 оны 6 өдрийн дайн болтол хэн ч Израилын професионализмын жинхэнэ хүчийг мэдэж байсангүй. Израилчууд 6-хан өдрийн дотор Египетийн агаарын цэрийн хүчнийг армийнх нь хамт бут ниргээд, Иордоныг буулган авч, Сирийг Голланы өндөрлөгт намалдаглаад хаяж билээ. Хажууд нь байгаагүй ч хальсанд буусан өчнөөн баримтаас харахад ингэж хэлж болохоор байгаа юм.  Тэд яаж ийм байж чадав аа.
Нууц нь ердөө л Израилын төрийн болон цэргийн профессионализм, израилчуудын боловсрол, ур чадвар, тооцоо. Арабууд сүрт жагсаалаар хөршөө сүрдүүлж байх зуур тэд алхам бүрээ тооцоолон өөрсдийгөө л бэлдэж байсан байна.

Иргэн Доржзодов 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеээр 60 тэрбумын бичлэгийг ил болгосоноор нийгэмд 60тэрбум гэдэг хэллэг бий болсон билээ. 60тэрбум гэж чухам юу вэ? Ямар учиртай тоов?

Энэ бол Монгол Ардын Намын удирдлага Нийслэлийн төр захиргааны албан тушаалуудаас намынхандаа зарах төлөвлөгөөнд байсан үнийн дүн 60тэрбум орчим байснаас үүссэн нэршил юм. Хаа сайгүй салбар бүрд шургалсан тэр энэ даргын хүн нэртэй тавиулуудыг оруулан тооцоо гаргавал төр зарах наймаа 60тэрбум байтугай үнийн дүнтэй байх нь ойлгомжтой. Гэвч олон түмэн төрийг зарах намчдын энэ наймааг ерөнхийд нь 60тэрбум хэмээн нэрийдэх болсон билээ.

1981 онд гарсан “Не бойся я с тобой” гээд Зөвлөлт Оросын анхны боевик кинонуудын нэг байдаг (яг хамгийн анхных нь1979 онд гарсан  “20-р зууны далай дээрэмчид” шиг санагдаж байна). Түүн дээр гол дүрийн баагийгийн (Лев Дуров) алтан шүдийг шал өөр 2 баагий хоорондоо өгч авалцах тухай асуудал үүсэн бөөн зодоон болдог. Мэдээж алтан шүдний жинхэнэ эзэн (Дуров) шүдийг нь авах гэсэн ацнуудыг Самбо буюу “самозащита без оружия” гэх тулааны урлагийн техникийг ашиглан болгож тавьсанаар нөгөө хоёрын өгөө аваа бүтэлгүйтдэг. Дашрамд дурьдахад самбо бол манай Еөгийгийн дэлхийн аварга болсон спортын төрөл билээ. За сэдвээсээ хазайлгүй буцаж оръё.

60 тэрбум бол ерөнхийдөө яг киноны энэ эпизодын адилаар бусдын юмыг хөндлөнгийн этгээдүүд хоорондоо өгч авалцах процесс бөгөөд харамсалтай нь, энэ киноноос зөрөөтэй нь тэр төрийн суудал намынхандаа өгч авалцах наймаа бодитоор хэрэгжиж, ард түмэн алтан шүдээ амнаасаа алдаад байгаа хэрэг явдал билээ.

60 тэрбум бол зөвхөн хэдэн шуналтай тэнэгийн төлөвлөгөө биш, сүүлийн 18 жилийн туршид нам дамжин хэрэгжсэн Монголын төр зарах тогтолцооны мөсөн уулын зөвхөн оройных нь нэр нэршил юм. Шинжлэх ухаанд ч ориг мөсөн уулыг зөвхөн оройгоор нь таньж нэрлэдэг жамаас энд ч бас хазайсангүй. Доржзодов бол Монголын хөлөг онгоцыг сүйрүүлэх мөсөн уулыг анх харж мэдээлсэн шүгэл үлээгч. 

60тэрбумын үр дүн нь юу болдог вэ гэдгийг сонирхоё.

Энийг тайлбарлахаасаа өмнө нэгэн гадаад жиргээчийн саяханы жиргээг та нарт уншуулъя.

Belinda Bozzoli (@belbozz) гэх эмэгтэй энэ оны 3-р сарын 18нд  “Destroying a nation does not require the use of bombs or missiles. It only requires lowering the quality of education and allowing cheating.Then patients die at the hands of doctors. Buildings collapse at the hands of engineers. Money is lost at the hands of accountants....” буюу “ Улс үндэстнийг сөнөөхөд бөмбөг пуужин шаардлагагүй. Зөвхөн боловсролын түвшинг бууруулж, хууран мэхлэлтийг зөвшөөр. Тэгсэн цагт өвчтөнүүд эмч нарынхаа гарт чад хийж, барилга байшингууд инженерүүдийн гараар нуран унацгааж, мөнгө зоос нягтлангуудын гараар урсан алга болцгооно...” хэмээн жиргэжээ.

60 тэрбум бол боловсрол, мэргэжилгүй нэгнийг боловсрол мэргэжил шаардах чухал суудалд тавьдаг механизмыг ажиллуулдаг хоролгон зарчимтай. Ухаандаа боловсролыг үнэлэмжгүй болгож улмаар доройтуулна гэсэн үг. Энэ утгаараа 60 тэрбум бол Монголыг мөхөөх маш алсын бодлоготой ажиллагаа юм. Харь гүрний явуулга уу, харалган ноёдын маань мунхаглал уу ёстой чөтгөр бүү мэд. Ер нь бол аль аль нь байх магадлал тун өндөр. 

Монгол төрийг анхлан зарж зах зээлийн системд шилжүүлсэн хүн бол 2000-2004 оны Ерөнхий сайд Намбарын Энхбаяр юм. Үүнээс өмнө төрийн ямар ч албан тушаал, сандал суудал, орон зай мөнгөөр илэрхийлэгдэн бусдад очиж байсангүй. Төрийн худалдаанаас  нэр бүхий хэд хэдэн эрхэм дэд сайдын суудлыг үнэлэн авсан тухай тухайн үедээ шуугиад өнгөрч бсан. Тэр цагаас хойш намчдын үер Монголыг царцааны нүүдэл шиг 4 жил тутамд дайрсан юм. Зарим 4 жилүүдэд салбарын сайдын суудал сэлгээнээс хамаараад 2-3 удаа дайрч байлаа. Сүүлийн үед бол утгаа бүүр алдсан байна.

За яахав намууд ард түмнээс яаж ийж будаа шанага тарааж байгаад дураараа тонгочих эрх мэдлээ авчихдаг юм байж. Үр дүн нь яаж илэрдэг вэ?

За чи 4-5 жил гадаадад боловсроод нарийн мэргэжил эзэмшээд чамгүй олон жил ажилдаа зүтгээд, гадны ололтуудыг салбартаа өөриймшүүлээд улсаа хөгжүүлэлцээд байж байсан байлаа гэж бодъё. Нэг нам ялангуут өрөөнд чинь яг чамтай адилхан цалинтай местэн дээр хэн даргын, эсвэл гишүүний, эсвэл сайдын хүн гээд нэг нөхөр ороод ирнэ. Анхандаа чи ажлын ачаалал чинь хөнгөрөх нь гэж баярлах боловч 3 үг солисоны дараа тэр бол танай албанд тавьсан гувшаа хурга, хий эргэгч паразит, зөв ажиллаж байгаа системд илгээсэн хов зөөгч спам  болохыг түвэггүй мэдэж орхино. Нэг нь  зүтгээд нөгөө нь хий эргээд яг адилхан цалин аваад эхэлмэгц зүтгэн ажиллаж байсан чиний урам шалаар нэг болж адилхан хий эргэх арга саам хайж эхэлнэ. Зөвхөн чи ч биш чамтай цуг шудрагаар ажиллаж байсан бусад мэргэжилтнүүдийн урам хугарч чиний адил бухимдана. Үр дүнд нь танай хэлтэс, тасаг, нэгжээс гарах хөдөлмөрийн бүтээмж буурч удирдлагын өгсөн үүргийн биелэлт уруудах болно. Энэ үзэгдэл байгууллага, салбар даяар, орон даяар хавтгайрах үед үндэсний бүтээмж үлэмж хэмжээгээр буурна. Харин цалин тэтгэмж, хангамж, болон бусад урсгал зардал хий эргэгчдийн тоогоор үржин өснө. Жирийн шахааны ганц нэг тавиул хаа нэгтээ оруулахад гарах үр дүн ийм гарч байна.  Энэ тавиулууд ганц нэгээс хальж, сүрэг сүргээр болоод ирэх үед мэргэжлийн өөрийгөө хүндлэгчид нь зүгээр л өргөдлөө өгөөд явж орхидог. Нэлээн хэсэг нь гадаадад суралцахаар явах ба үлдсэн хэсэг нь зүгээр л холхон байвал хаана ч яахав гээд арилж өгнө. Олон сайн мэргэжилтэн Солонгос явж хар ажилд зүтгэхээр дүрвэцгээнэ. Ард нь паразитуудын арми ард олныг тарчлаан зовоохоор үлдэцгээнэ.

Гэтэл намуудын дайралт зөвхөн үүгээр хязгаарлахгүй. Тэд чиний толгой дээр сонгуульд зүтгэсэн хоосон толгойтуудаа мөнгөөр тавьж эхэлнэ. За энэ үед л жинхэнэ гамшиг эхэлдэг юм даа.  Ямар нэгэн даргын мест худалдаж аваад ороод ирсэн хүн зүгээр суухгүй. Бусдыг ч зүгээр байлгахгүй. Тэнд байгууллага салбарт юу хайж орж ирсэнээ сайн мэднэ. Мөнгө тэндэр нь хаана бгааг эхний ээлжинд шиншилж олно. Тэр мөнгө тэндэрт арай ойр орж ирсэнийгээ ухаж төнхөнө, зайлуулна, болохгүй бол хорлоно, аягүй бол шоронжуулна. Арай гэж өөрөө тэр мөнгө цаасны эрх мэдэлд ойр болж авмагцаа хулгай худалд нь саад болох шударга ажилтнуудад дайн зарлана. Мэдээж тэд нар нь зүгээр суухгүй. Ил далд шүүмжилж байгаад л шахагдан зайлна. Шударга хүмүүсийг байгууллагаас зайлуулсаны дараа найр эхэлнэ. Төрийн алба төрлийн алба болно. Нэг дэд захиралыг (дэд шүү) дагаж 100 царцаа нүүдэллэн орж ирэх ч юу ч биш болно. Байгууллагын орон тоо нэг л мэдэхэд 2-3 дахин томорно. Эхэндээ намууд мэргэжлийн салбарыг мэргэжлийн хүн удирдаж байгаа дүр үзүүлж, нэр зүүлгэхийн тулд мэргэжлээрээ хэзээ ч дээшээ гарах чадваргүй сул дорой гаруудыг салбар дотроос нь ухаж гаргаж ирээд салбарын, байгууллагын толгой дээр тавьж орхино. Нөгөөх нь амьдралдаа олдсон цорын ганц боломжоо алдахгүйн тулд тавьсан эзнийхээ дуулгавартай боол нь болчихно. Хүссэн тэндэрийг нь өгч, хүссэн шахааг нь хийлгэж, хүссэн тавиулыг нь ажилд авна. Үр дүнд нь нөгөө байгууллага нь буруу мутацад орсон урод шиг танигдахын аргагүй хачин газар болж хувирна. Энэ чинь буруу шд гэж ганц үг ган хийхгүй байсаар нэг л өдөр нөгөө эзнийхээ түмэн хулгайн хэргийг өөртөө үүрсээр буруудан бууж орхино. Үүний дараа тэр салбарынхан өөрсдийгөө авч явж чадахгүй байна гэсэн домог зохиогдож жинхэнэ их гарын луйварчдын төлөөлөл өөрсдийн биеэр ирж байгуулагын чинь толгойд сууна. Энэ үед төрийн байгууллага чинь албан бусаар хувьчлагдана. Бүх юм нь хэдхэн хүний өмч мэт болж, төрийн нэртэй хувийн аж ахуй болж орхино. Ирсэн дарга нар намд төлсөн мөнгөө 10-20 нугалж олох аянд мордон танай байгууллагаас сааж болох бүх арга чаргаараа дээрэмдэн идэж эхэлнэ. Тэд нийтийн эзэмшилийн баялагийг эрх мэдлээрээ дамжуулан идэж ууна, зарж үрнэ. Ямар ч алсын хараа, ирээдүйн төлөвлөгөө тэнд байх боломжгүй болтол нь холион бантанг нь хутгана.

Мэдээж тэд хуулийнханд баригдахгүй анзаарагдахгүй идэж ууна ч гэж юу байхав. Гэвч тэд тэр асуудлаа ч дор нь шийднэ. Хуулийнхны хүмүүсийг ажилд олноор нь авна, хуулийнхан ард нь байгаа тэндэрчдийг ялуулна, хуулийнхны хувийн бизнесийг улсын зардлаар дэмжүүлнэ, хуулийнхны хүүхдүүдийг байгууллагын зардлаар сургана. Тэгэж тэгсээр хуулийнхныг өөрсдийг нь өөрсдөө ч мэдэлгүй авилгалч шантаажчид болгож орхино. Хулгайч намчин дарга нар өөрсдөө л хуулийнхны гарт гүйгээд орчихно. Зөвхөн өөрөө ороод зогсохгүй салбараа тэр чигт нь тэдний өмч шиг болгож орхино.  Үр дүнд нь төрийн бүх шатанд нэг л өдөр хуулийн биш харин хуулийнхны засаглал тогтсон байна. 

Хууль нь биш хуулийнхан нь засаглаад эхэлмэгц нийгэмд шударга ёс үгүй болж тоглоомын дүрэмгүй жунгли болно. Хүчтэй нь хүчгүйгээ барьж идэж эхэлнэ. Бизнесийн өрсөлдөөний багаж нь хуулийнхны гав, гинж болж хувирна. Өрсөлдөгчөө авилгалын, залилангийн хэрэгт матаж, хуулийнханд юм атгуулаад зайлуулах нь үнэ, чанараараа өрсөлдөх зах зээлийн шударга өрсөлдөөнөөс хамаагүй хямд зардал багатай, үр дүнтэй арга болж эхэлнэ.  Хэл ам, хэрэг түвэгээс зугатаасан шударга бизнесмэнүүд бизнэсээ хаан зэлээ эвхэж, сүүлчийн зоосоороо албан тушаал худалдан аваад нөгөө тамын тогоонд ороод эргэлдчихнэ. Үр дүнд нь ажилгүйдэл гаарч, үндэсний бүтээмж хорогдож, эдийн засаг сүйрнэ. Зөвхөн авилгалыг нь өгч хүчрэх уул уурхайн бизнесүүд л тэсэж үлдэнэ. Нийгмийн байдал нь хэцүүдсэн ард олон дэмий л уул урхайтай “байлдан, шантаажлаж амьдрах” замыг сонгон хийрхэж эхэлнэ. Сонгууль улам л халамжийн, улам л популист болж ирнэ.  Хуулийнханд өөрсдөд нь л олз орж байвал бизнесүүд хумигдаж байгаа нь тийм ч сонин биш. Учир нь нэг л удаа авилгал авчихсан хүн улс орноо том зургаар харж хайрлах чадвараа нэгэнт алдчихсан байдаг. Тэгэж тэгэж нийгэм бохирын туйл болоод ирэх үед үндэсний сэхээтнүүд, улс орны ирээдүй болсон залуус нь олноороо дүрвэн зайлж эхэлдэг. Үндэсний сэхээтэнгүй болсон улс мөхөл нь баараггүй болдог нь жам.
Сэхээтэнгүй, сэхээтэнтэй байлаа ч шийдвэр гаргалтанд сэхээтний оролцоогүй улсад хүний хүчин зүйл, технолгийн горимын алдагдлаас үүдэлтэй техногенный сүйрлүүд хавтгай болно. Олон зуугаараа зам дээрээ үрэгдэж, олон араваараа барилга дээрээсээ хальцгаана. Үйлдвэрлэлийг осол тоогоо алдаж эрэмдэг үндэстэн болцгооно. Хортой хүнсний импорт хяналтаа алдаж хүн амын эрүүл мэнд эрчимтэй доройтно. 

Мэдлэггүйн мухардал норм болж, жирийн технолгийн шийдлээ ч өөрсдөө гаргах чадваргүй болох доройтолд тулж ирэх үед харь улсууд “халамжлан” техник технолгийн асуудлуудыг нь “шийдэж” өгнө. Баасыг нь арилгаж, замыг нь тавьж өгнө. Шийдэл мэдээж өөрийн өртөгтэй. Хамгийн том өртөг нь гадаад бодлогыг нь хараат болгох байдлаар илэрнэ. Монгол улсыг биеэ даасан биш хэн нэгний дэлүү, булчирхайн хэмжээнд хардаг болгоход энэ бүх бодлого чиглэнэ. Буруу цаг үед буруу эвсэлд бүртгэж оруулаад дэлхий олон нийтийн дэмжлэггүй болгож орхисоныхоо дараа нэг л өдөр нийлүүлье гэхэд өмөөрөх хүнгүй, түншгүй болсон байх болно.

Нөгөөтэйгүүр 60 тэрбум бол Цэдэнбалын боловсролын бодлогын шууд эсрэг замнал юм. Юу ч сураагүй нам дагаж гүйгээд дэвшиж хөрөнгөжиж болдогийг харуулаад бодитоор үзүүлээд эхэлмэгц нийтээрээ боловсролд тэмүүлэхээ больчихож байгаа юм. Мэдээж сэхээтэн суурьтай айлын хүүхдүүд боловсролд тэмүүлж энэ намагаас дэлхий рүү гарах эрмэлзлэлээ хаяагүй ч массын боловсрол шал арчих хэмжээнд доош орж орхино. Асуудалд боловсруулт хийх чадвар байтугай зөв бичиж чадахгүй мэргэжилтэн, дарга нар төрөөр дэндүү олон болж, хамгийн түрүүнд Монгол улсын гадаад имижийг уурхайн динамитаар дэлбэлж байгаа мэт ташраар нь сүйрүүлж орхино.

60 тэрбум бол эцсийн эцэст энэ улс тусгаар улс байх уу үгүй юу гэдэг сонголтын асуудал тул жижиг асуудал биш юм. 60 тэрбумын хажууд Эрдэнэтийн 51, 49, нарийн өргөн төмөр замууд бол хүүхдийн тоглоом төдий. Тэдгээр хэргүүд бол тов тодорхой эзэнтэй ил яр шарх. Харин 60 тэрбум бол далд хавдар.

МАН-ы удирдлага шиг хуйвалдан хэлэлцсэн хэлэлцээгүй ч өөрийн мунхаг шунаг инстинктээрээ энэ мэтээр улсаа хорлон байгаа бүх намчин, түшмэл, сайд дарга нар бол эх орноосоо урвагчид гэж болохоор гэмт хэрэгтнүүд юм.

Энэ тэнэгүүд яаж төрд гараад байна вэ? Тэдний сонгуулиар цацдаг их мөнгө хаанаас ирээд байна? Яаж ч тооцоо хийсэн албан тушаал газар зараад цуглуулах боломжгүй их мөнгө сонгуулиар энэ зуны их бороо шиг ордог болоод байна. Харийн мөнгөөр харийн бодлогыг хүрээнд хамгийн тэнэгүүд нь төр аваад самраад байгаа юм биш бээз? Сайн анзаарвал 60 тэрбум бол хуучны НАХЯ-ы шалгуураар нэвтэрч төрд орж чаддаггүй байсан эрлийз иргэдийг олноор нь төрд оруулах схем. Мөнгөтэй нь төрд ордог тогтолцоо бий болвол гадны мөнгөөр л монголын төрийг худалдаж аваад эхэлнэ. Монгол хүн ёс журмаараа дэвшихээ болиод олон жил боллоо. Ийм байхад үндэсэрхэх хийрхэл дэврэхээс өөр арга байхгүй. Зарим тэнэгийг буруутгахад ч хүнд болж ирж байна. 

Үүний ерөндөг нь ердөө л сонгуулийн зардлыг багасгах. Сонгогчид зөвхөн боловсрол ёс зүй харж сонгох. Намуудын дарга нар сонгуульд нэр дэвших эрхийг луйварчдад зарахаа болих. Эхлэх цэг энэ л юм. Үүний дараа ёс зүйтэй, эх оронч хүмүүсийн бүрдүүлсэн төр эрдэм мэдлэгийг үнэлээд эхэлнэ. Эрдэм үнэлэгдээд эхэлбэл боловсрол өндийнө. Боловсрол өндийвөл Монгол өндийнө. Монгол ялахын тулд толгойдоо бичиг боох хэрэггүй. Монгол ялахын тулд толгойдоо ном хийх хэрэгтэй. Ердөө л энэ.    

Популизм, професионализм улс үндэсний хувь заяаг шийддэг жишээ олон. Хамгийн тодоос нь хэлье. 1941 онд Гитлерийн Герман Польшийг 1939 оны 9 сард хамтран булаан эзэлсэн өөрийн түнш Зөвлөлт Холбоот Улс руу дайран орсон түүхийг бүгд мэднэ. Дайны түүхэн сургамжуудаас хамгийн чухал нэг сургамж үлдсэн байдаг бөгөөд энэ нь дэлхийн дайны дараахь улс гүрнүүдийн эрдэм боловсрол, профессионализмд хандах хандлагыг бүрэн өөрчилсөн сургамжууд юм.

1941 оны зун намарт улаан армид намчин комиссарууд маш их эрх мэдэлтэй хэвээр байлаа. Тэд цэргийн командлалд шууд оролцон, генерал офицеруудыг трибуналаар айлган үр дүнтэй маневрлан цэрэг, зэвсэг техникээ шилжүүлэх, тактикийн ухралт хийх боломж олгодоггүй байжээ. Мэдээж цэрэг дайны хэрэг ном жамаараа өрнөж аль муу маневртай нь  ялагдаж, бүслэгдэж, бут ниргүүлж байсан нь ойлгомжтой. Улаан арми маш хүнд гарз учирч Москвадаа хүртэл ухарсаны дараа л Сталин цэргийн удирдлагыг цэргийнхэнд нь өгч эхэлсэн байдаг. Дайны үр дүнг шийдсэн Москва, Станлинград, Курск бол чухамхүү улаан армийн цэргийнхний бие дааж мэнэжмент хийсэн ялалтууд билээ. Профессионализм буюу эрдэм боловсрол үзэл суртал популизмаас давуу болохыг тэр үед ухаарч алдаагаа засаагүй бол өнөөгийн дэлхий ямар байхыг хэн ч таашгүй.

1941 онд фронтын нөгөө талд бас популизм профессионализмын тэмцэл явагдаж популизм нь ялсанаар дайнд Вермахт ялагдсан байдаг. Хайнц Гудериан гэх цэргийн өндөр боловсролтой, моторжсон цахилгаан дайны онолын автор шахуу танкийн шилдэг генералын дивизүүд тэр оны 7 сард Москва руу эрчимтэй дайрч байсан билээ. Гэтэл түүнийг Гитлер өөрийн тушаалаар зогсоон Киев дахь улаан армийн бүлэглэлийг бүслэн дарахаар эргүүлсэн бөгөөд Гудериан Гитлерээс мянга гуйгаад тушаалыг нь өөрчлүүж чадаагүй юм. Гитлерт түргэн хугацааны том бүслэлт улс төрийн алдарын хувьд чухал байж. Гудериан Смоленскоос урагш эргэж бараг сар үргэлжилсэн Киевийн бүслэн хаах ажиллагаагаар улаан армийн маш том бүлэглэлийг бут ниргэж олзлон авсан ч Москваг дайрах хамгийн үнэтэй цагаа алдаж орхисоноор цахилгаан дайны төлөвлөгөөгөө нь нурсан байдаг. Арай гэж 9 сард Москва руу хөдөлсөн ч намрын шамрага борооны шавар (распутица) түүнийг залгасан 41 оны их хүйтэн өвөл бүх төлөвлөгөөг нь будаа болгосон түүхийг цааш нь ухаж бичээд ч юүгхэв.

Монголчууд бид өнөөдөр хөгжих эс хөгжих, орших эс оршихын зааг дээр байгаа байж ч магадгүй. Бид өнөөдөр мэдлэгт боломж өгөхгүй л бол хөгжихгүй. Хөгжихгүй тул оршихгүй болох ойрхон байна шүү. 60 тэрбум Монголыг өнөөдөр сөнөөж хүчирдэггүй юмаа гэхэд хөгжлийг нь наад тал нь 60 жилээр ухраана. Үүнийг л ойлгоцгооё. 

Эрдэмгүй тэнэгүүдийн нийгэмд хандаж эрдмийн баяраар бичив. 2018.09.01


ИРГЭНИЙ НИСЭХИЙН ТУХАЙ ХУУЛЬ /Шинэ/

Төсөл 2025.09.05 ИРГЭНИЙ НИСЭХИЙН ТУХАЙ ХУУЛЬ /Шинэ/ НЭГДҮГЭЭР БҮЛЭГ.  НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ 1 дүгээр зүйл. Хуулийн зорилго 1.1. Энэ хуулийн ...