Sunday, January 21, 2018

ЗОЛИОСНЫХОН

1977 оны 5-р сарын 27ны өдөр ЗХУКН-н Төв Хорооны бүгд хурал дээр ЗХУ-н Дээд Зөвлөлийн Тэргүүлэгчийн албан тушаалыг Николай Викторович Подгорныйгоос салгаж ЗХУКН-н Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга нөхөр Леонид Ильич Брежневт хавсран гүйцэтгүүлэхээр шилжүүлсэн “ордны эргэлт” болсон билээ. Ингэж Брежневийн олон жил төрийн дээд эрх мэдлийн төлөө зүтгэсэн санаархал хэрэгжиж санааг нь амраасан байдаг. Төрийн бүх өндөрлөгт гарч аваад тэр гэнэт олон жил эрх мэдэлд тачаадан зүтгэсээр ядарснаа мэдрэн улс орны эдийн засаг, нийгмийн амьдралыг зөнд нь орхиж, өөрийн хүрээлэлийн хамт загас, ан хөөн амрах болсоныг бүгд мэднэ. Манай удирдагч Цэдэнбал түүний энэ шинэ хоббиг овжноор ашиглан Монголд авчирч буга намнуулсанаар 3-4-р хороололыг бэлэглүүлж дөнгөсөн юм. Мэдээж 3-4-р хороолол зөвхөн монгол бугын эвэр, арьс, мах, онц буудагчийн одон тэмдгийн үнэтэй ирээгүй.  Брежневийг төрийн эрх мэдлийг төвлөрүүлэх үетэй давхцан Москвад махны огцом хомсдол үүсэж гамшгийн түвшинд очсон байдаг. Зөвлөлт орон даяар бэлтгэж байсан бараг бүх махыг зөвхөн Москва руу ачуулж байсан ч хомсдол арилахгүй улам хүндэрсээр байлаа. Зөвлөлтийн хөдөө аж ахуй зөвхөн мах гэлтгүй бүх талаараа уналтын байдалд орсон байсан цаг үе энэ ажээ. Шалтгаан нь бүх шатны төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг, бүх шатны өргөн тархсан хулгай, шамшигдуудалт. Бүх шийдвэр дээшээ, бүүр дээшээ очиж шийдэгддэг, ихэнхдээ огт шийдэгдэггүй, шийдэгдлээ ч замаасаа эрх мэдэлтнүүдийн хулгайн замаар ордог байсан явдал нь асар уудам орны эдийн засгийг, түүний дотор цаг хугацаатай уралдан ажиллах ёстой хөдөө аж ахуйг унагаах гол шалтгаан болж байсныг  Брежнев өөрөө ч ойлгож амжилгүй нөгөө ертөнцөд одсон байдаг юм билээ. 

Брежневийн Монголд хийсэн ан авын бэлгэнд бүхэл бүтэн хороололууд ирсэний хариуд БНМАУ-г ЗХУ-д нийлүүлдэг махны нийлүүлэлтээ өсгөх хүсэлт ирсэн нь илэрхий. Нийлүүлэх үнэ нь бүтэн хонины мах 6 рубль. Дан!!!!!

Мэдээж тэр даруй л мал аж ахуйд онцгой анхаарах МАХН-н шийдвэрүүд уралдан гарлаа. Гэвч олигтой өсөлт гарч ирсэнгүй. МАХН-н удирдлагууд мал аж ахуйн яагаад хөгжихгүй хөшүүн байгаа шалтгааныг эрж хайж эхлэв. Тэд ч учир шалтгааныг дор нь олов. Ердөө л мал аж ахуйд ажиллаж байгаа хөдөлмөрийн насны хүн амын бүтэц хариултыг хэлээд өгчээ. 1959 онд ялсан нэгдэлжих хөдөлгөөнөөр малаа нэгдэлд хураалгасан малчдын үр удам болох залуучууд ихэнх нь хот суурин бараадаж шинэ ажилчин анги, сэхээтний давхрагын эхний үеийг бүрдүүлж мал аж ахуйгаас холдон оджээ. Гэтэл мал аж ахуй дээр тухайн үедээ 40-с дээш насныхан үлдэж нэгдлийн мал маллан, хажуугаар нь амины хэдээрээ хот суурин бараадсан үр хүүхдийнхээ идэшний үхэр, шөлний хонийг дөхүүлж өгсөөр зунд нь ач зээ нарынхаа зуны амралтыг хөдөлмөр зуслан болгож хөдөлмөрөөр хүмүүжүүлэх ажлыг давхар хариуцан үлдсэн байдаг. Энэ дүр зураг статистикийн хуурай хэллэгээр илэрхийлэгдэн намын төв хорооны удирдлагуудад танилцуулагдсан нь дамжиггүй. Гэвч он цаг улирахын хэрээр нэгдлийн анхны малчид нас дээр болж, тоо толгой нь цөөрч, мал дагах тэнхээ чадал нь аажим хумигдаж байлаа. Хот бараадсан хүүхдүүд нь ач зээ нарыг нь зунд явуулах боловч тэднийгээ малчин болгох бодол хэнд нь ч байсангүй. Учир нь нэгдлийн малчин бол үнэлэмж муутай нормчин төдий цалинтай цаг наргүй ажил байсан юм. Иймээс малчдын тоо нэмэгдэх биш цөөрөх чиглэл рүү явж байсан нь МАХН-н Төв Хороонд аянгын харанга болж сонсогдлоо.  

Малчингүй бол мал өсөхгүй. Мал өсөхгүй бол мах үйлдвэрлэгдэхгүй. Мах байхгүй бол Брежневт өгсөн амлалтаа биелүүлж чадахгүйд хүрэх байлаа.

Аль 70-д оны эхнээс БАМ-ын жишгээр эвлэлийн илгээлт гээч сайн дурын санаачлагуудыг МХЗЭ-с зохион байгуулж, бодлогоор дэмжин алдаршуулах ажил хийж байсан боловч бас л үр дүн муутай байлаа. Үнэхээр ном сурдаггүй хэд нь л мал дээр гарч байв. “Хөдөөгийн баясгалан” зэрэг кино хийж рекламдаад ч эвлэлийн илгээлтээр мал дээр гардаг нь ховор байлаа. Миний хувьд холоос жишээ  хайлгүй хажуунаасаа харахад л аав ээжийн талын 50 гаруй өсвөр насны авга, нагац, үеэл дундаас 2-3-с нь бусад нь эвлэлийн илгээлтээр мал дээр гараагүйг би сайн мэдэж байна. Өөрөө л хичээвэл аль бөглүү хөдөөний сумаас эрдмийн оргилд хүрэх зам нээлттэй дардан байсан нь олон хүнийг өнөөдөр нутгийн зөвлөлийнхөө бахархал эрдэм номтой алдартан болгон дуурсагдахад хүргэсэн түүх ийм юм.

Яах вэ гэсэн асуулт тэр үеийн удирдлагын өмнө босож ирсэн нь дамжиггүй. МХЗЭ залуусыг компаничилж мал дээр гаргах ажил ингэж эхэлсэн түүхтэй. Залуусыг ганц нэгээр нь илгээлт өвөрлүүлэн мал дээр гаргах ажил ахицтай өөрчлөлт авчрахгүй нь тодорхой болмогц анги хамт олноор нь огшоож, залуусын дарвианд хөнгөн шийдвэр гаргадаг төрөлх психолгийн онцлогийг нь түшиглэж ажиллахаар шийдсэн байдаг юм билээ. Ингээд 1978 оноос эвлэлийн илгээлтээр анги хамт олноор нь мал дээр гаргаж эхэллээ. Мал аж ахуй хүн хүчтэй болов. Олон өвөлжөө бууц залуусын гараар тордогдож, хадлан тэжээл нөөцийн хашаа дүүрэн нуруулдагдав. Мал өссөн эсэх нь бүү мэд, юутай ч махны үйлдвэрлэл нэмэгдэв. Бас бүтэн хонио тоглоомон морины үнээр (Тоглоомон морь 8 рубль байв) ч өгч чадахгүй байгаа тухай ярьсан хэн ч намын гэсгээл хүртэж байлаа.

Эрдэнэт хот аль тэртээх Өмнөд Америкт гарсан Чилийн цэргийн эргэлтээр хөрөнгөтнүүд дэлхийн зэсийн хамгийн том нөөцийг хяналтандаа буцааж авсаныг хариу болгож ЗХУ-н шууд хөрөнгө оруулалт, санаачлагаар боссон хот бол Дархан үндсэндээ ЗХУ-руу мах нийлүүлэх бааз байдлаар эртнээс төлөвлөж босгосон хот юм. Эхлээд Дарханы мах комбинатыг байгуулаад түүний дайвар бүтээгдхүүнийг боловсруулах нэхий эдлэлийн үйлдвэр байгуулсан байдаг. Энэ бүхнийг эрчим хүчээр хангах цахилгаан станц, ажилчдыг нь бэлтгэх Дарханы политехникум зэрэг бол бүгд ЗХУ-д мах нийлүүлэх нэг зорилготой бүтээн босголтууд билээ. Эрдэнэтийн орон сууцнууд үндсэндээ зөвлөлтийн мэргэжилтэн, ажилчдын сууц байдлаар баригдсан тул Монголын барилгачидын оролцоо бага, Зөвлөлтийн СОТ хэмээх барилгын трестүүдийн хүчээр босож байв. 

Харин Дарханд эвлэлийн илгээлт, цэргийн илгээлт, иргэдийн илгээлт нэртэй отрядууд зохион байгуулж орон сууцжуулж барилгажуулсан байдаг. Ардын армийг албадан хөдөлмөрийн фронтод өргөнөөр дайчилж, түүнээс нь залхсан залуус хэрхэн тэвчээр алдсан тухай бодит түүхээс сэдэвлэсэн “Маш нууц” хэмээх тун сайн киног бид саяхан харсан билээ.

Эвлэлийн хоморголсон илгээлт сүүлдээ хадуураад зөвхөн мал дээр ч биш мал аж ахуйн бүтээгдхүүн боловсруулах бүх үйлдвэрлэл рүү залуусыг бөөнд нь туух болов. Энэ компаничилсан ажлаас хойш суугчдыг нийгэмд гадуурхах, муухай харагдуулах ухуулга сурталчилгааны  ажил олныг өрнүүлсэний оргил нь “Би чамд хайртай” кино болсон юм. Өнөөгийн өндөрлөгөөс харахад Баяраагийн зөв л байсан. Тэр боловсролыг сонгосон. Ховдын багшийн сургуульд элссэн. Өөрт нь унаж байсан Үрлээтэй юу яасанд нь түүнийг буруутгах хэцүү. Бэлгийн бойжилт, хуулийн нас нь гүйцсэн залуусын явдал шүү дээ эцсийн эцэст. Харин эвлэлийн илгээлтийг сөрж индивидуал сонголтоо хамгаалж чадсанаар нь Баяраагаар бахархууштай. Тэхдээ энэ бол кино гэдгийг давтан хэлье.

Эвлэлийн илгээлтээс хүн бүр Баяраа шиг зөрж өөрийн замаараа зүтгэж чадаж байсангүй. Ихэнхдээ л хамт олны хоморгонд хүссэн хүсээгүй илгээлт аван салхитай тал руу сайртталаа мал дагахаар мордоцгоож байлаа. Санамсаргүй сагсагнасан хэнхэг юмнуудтай нэг ангид сурч байсан нь олон хүнд гай болов. Илгээлтээр хөдөө очоод ч хэвийн амьдрал үзсэнгүй. Эвлэл намын хэнхэгүүдэд дарлуулан, хөдөлмөрийн дэвтрээ хураалгаад нутаг заагдсан цөллөгийн ялтан шиг хаашаа ч үгүй болж ирээдүйн тухай бүх мөрөөдөл нь эхний төлийн дуунаар сарнин, залуу эхнэрээ тэврээд унтаж байхын оронд цасан шуурганаар сэрвэлзэн ишиг хурга уутлан орж ирсээр хэдэн ч хаврыг үдэв. "Загийн алим" гэж тэнэг киног үзсэн хүн үүнийг утгаар нь анзаарсан байх.

Хөвгүүд ч яахав. Мал дээр гаргасан МАХН-н илгээлтийг цэрэгт саналаараа яваад муричихаж байлаа. Бүүр насаа худлаа нэмж байгаад ч хамаагүй цэрэгт оргох шахуу явцгааж байлаа. Аргагүй шүү дээ 8 төгсөнгүүт нь бүх мөрөөдлийг нь нулимаад мал дээр аваачаад хаячихаар чинь хүн л юм чинь эцсийн аргаа бодно шд. Цэргээс халагдаад мал руугаа, цех рүүгээ буцаж очих алба байсангүй. Шинэ цэрэг нам засгийг магтсан шүлэг сайн бичвэл Львовын цэргийн ухуулагчийн сургуульд хүртэл элсүүлж байсан цаг шүү дээ.  Охид л хэцүү байлаа. Тэд тэндээ гэрлээд хүний нутагт хөдөөний эхнэр болж хүүхэд малд дарагдан үлдэж байсан юм. 

Мэдээж малч, малын ажилд эв дүйтэй хүн цөөнгүй байсан. Ялангуяа өсөхдөө л малын захад хүн болсон илгээлтийн эзэд жавхаатай байлаа. Цөөнгүй илгээлтийн эзэн аварга малчин, саальчин, цаашлаад өнөөгийн мянгат малчид болцгоосон байдаг. Тэдний дунд ч  нь бас л манай үеэлүүд бий.  Харамсалтай нь илгээлтийн эздийн хөдөлмөрийн дэвтэрийг нь хурааж барьцаалсан байдал олон жил дуусаагүй юм.  Бригадын төвийн улаан булан шатахад барьцаанд авсан хөдөлмөрийн дэвтэр нь шатсанаар аварга малчин, гавшгайч, төлөвлөгөө ноормоо байнга давуулан биелүүлдэг ажилсаг малч нэгэн эгч маань тэтгэвэр тогтоолгох насанд ирэхэд хийсэн бүтээсэн бүх түүх нь цуг шатсан байсан. 79 онд алдаршиж сонинд гарч байсан хайчилбараа үзүүлэн байж хүлээж байснаасаа эрс доогуур буюу хамгийн доор хэмжээгээр тэтгэвэртээ гарсан байдаг юм билээ. Москвад монгол мах нийлүүлэх, Улаанбаатарт шинэ хороолол бариулах өртөг хувь хүн дээр ингэж тусч байлаа.

Илгээлтийн эздийн ихэнх нь малаас хөндий улс байсныг шууд хэлэх хэрэгтэй. Тэд нялайтал пааклаж, төл хорогдуулан, улсаас яаж ч дэмжсэн хөдөөд идээшихгүй, хот суурингийн амьдралаа сэмхэн хүсэмжилж, нам эвлэлд нулимуулсан өөрийнхөө мөрөөдөлдөө үр хүүхдээ ядаж хүргэх хүсэл эрмэлзлэлээ орхихгүй байлаа. 1992 оны Үндсэн хууль шилжилт хөдөлгөөний хоригийг авч хаясан ч тэд шууд хөдөөнөөс хот руу буцан ирж чадахгүй байлаа. Нөгөө Богдод мөргөх гэж ирээд буцах зардалгүй тул үлдсэн мөргөлчдөөс үүссэн аймаг гэдэг шиг нэг хэсэгтээ л хөдөөдөө үлдэцгээсэн юм. Гэвч 90-д оны арьс нэхийн наймаагаар олсон мөнгө, 2003-2004 оны зуд тэдний нүүдлийг шийдвэрлээд хаячихсан. 2005 оноос эхлэн илгээлтийн эзэд хот суурин руу буцан нүүдэллэж эхлэв. Унаган хот суурингийн хүн, гэрт олон жилээр амьдраад сурчихсан тэдэнд хотод бууриа хатгах түвэгтэй байсангүй. Хашаа хатгах бол малын өвөлжөө барихын хажууд хүүхдийн тоглоом тул дор нь 3 тал барьж аваад л утаа май тавьж эхлэв. Энэ үеээс л Улаанбаатрын утаа эрс мэдрэгдэж эхэлсэн билээ. Улаанбаатрыг барилгажуулах ажлын золиосонд амьдралаа үрсэн тэд ямар ч үнээр хамаагүй үр хүүхдийнхээ амьдралыг золиослуулахгүйн төлөө зүтгэсээр хотдоо буцан ирцгээсэнээр утаа эхэлсэн юм. Тэд ганцаараа явсан ч дор хаяж тавуулаа болоод буцаж ирж байлаа. 70-80-д оны илгээлтийнхний үр хүүхдүүд сургууль соёл бараадах нас нь 2000-2005 оны хавьцаа таарсан нь ч нүүдлийг эрчимжүүлж өгсөн байдаг. Төрийн явуулсан ухвар мөчид бодсон компанит ажлын үр дүн хожим нийгэм эдийн засгийн асар том асуудал болж төрийн тэргүүн нь гамшигийн байдал зарлахад хүрсэн түүх ийм бөлгөө.

Өнөөдөр бид залуусыг цэрэгт 3 жил алба хаалгана, хаалгахгүй гэж 2 тал болон хашгиралдаж байна. Энэ шуугиан ямар зорилготойг бүү мэд. Өөр том шуугиан дарах багаж нь байгаад тэгэсгээд замхарвал сайн л биз. Харин үндэслэл тооцоогүй ярьсандаа төр баригч маань өөрөө итгээд зүтгээд байвал яах вэ?

3 жилийн армийг хэн тэжээх вэ гэдгээс хариултаа эхэлж хайя. Монгол улс үсрээд л 17000 цэргийг ноормын дагуу хооллож хувцаслаж чадах эдийн засгийн нөөцтэй. Энэ чадалдаа тааруулж цэргийн насны залуусаа түргэвчилсэн ээлжээр буу зэвсэгтэй харьцаж сурган, цэргийн үүрэг, даргын командыг биелүүлэх хатуу дэгийг мэдүүлж өгөөд гаргадаг. Өөр боломж байхгүй. Манай армийн үндсэн зэвсэглэл болох АК-47 буу бол зэвсэгт мөргөлдөөнтэй Афган, Африк зэрэг газарт хүүхэд, эмэгтэйчүүд хүртэл буудаж суралцдаг анхны буу. Ердөө л 20 минутаас-2 цагийн дотор бүрэн эзэмшдэг дэлхийн хамгийн төгс энгийн галт зэвсэг. Үүнийг эзэмшүүлэх гэж 1080 хоног хуаранд хаших нь арай л хатуу санагдана. 

3 жилийн цэрэг бий болвол цэргийн тоо даруй 3 дахин өсөж 51000 болно. Зардал 3 дахин өснө. Хэн зардлыг нь гаргахыг цааш нь ухалгүй хаячихъя. Мэдээж үүнийг уншигч та л гаргана. Шинэ цэргүүдээс юм сурахдаа удааныг нь 2-3 сард буу эзэмшүүлж сургачихлаа гэхэд үлдсэн 1000 хоногт нь юу хийлгэх вэ. Монгол улсын нэгдэн орсон албадан хөдөлмөрийн эсрэг конвенцийг зөрчин төмөр зам бариулах тухай барин тавин ярих болж. Иргэний байгууламж барихад цэргийн хүч дайчилж болохгүй тухай энэ конвенцод чинь хараар цагаан дээр биччихсэн байгаа. Олон улсын хуулийн дагуу бидэнд 3 жилээр татсан хөвгүүдээ хуаранд дэмий хашихаас өөр шийдэл олдохгүй. Бантсандаа зарим нь элдэв мэргэжил сургана л гэнэ. Мужаан, өрлөгчин, өөр юу юу ч байдаг юм. Компьюторын инженер болох хүсэлтэй хүүхдийг хашиж байгаад өрлөгөчин болгох юм байх. Тэдэн дотор улсаа магтуулах нэртэй төгөлдөр хуурч болох хүүхэд байсан ч гараа эвдэртэл хүрз бариад шавар зуураад байх ёстой болох нь. Би шинэ ном суралцаж байна. Удахгүй номоо дуусгана. Энд байхдаа юм юм л анзаарч байх юм. Манайд яагаад тийм тэнэг үрэлгэн, энд яагаад ийм энгийн төгс хямд шийдлүүд байгаад байдгийг заримдаа үнэхээр гайхдаг. Өнгөрсөн хавар хүүхдийн маань сурдаг ахлах сургуулиас ирсэн емэйл их сонин санагдав. Хүүхдүүдийг ахлах сургуульд байхад нь бидний цэрэгт бөөнөөр нь хашиж байгаад сургана гээд байгаа мэргэжилүүдийг эзэмшүүлж дунд сургууль төгсөнгүүтээ ажлын фронтод бэлэн болгож өгдөг үйлчилгээний зар ирдэг юм байна. Тэхдээ зөвхөн сурагчид хүсвэл шүү дээ. Ажаад байхад 200 хүүхэд төгсөж байгаа ахлах сургуулийн төгсөлтөөс 30-50 орчим нь л тусгайлан бэлдсээр байгаад дээд сургуульд орж байна. Дээд сургуулиуд нь ч манайх шиг шороон түмэн биш, элсэлтийн стандарт нь ч чанга учираас давдаг хүүхэд ч цөөн байдаг бололтой. Үлдсэн  150-170 сурагч нь шууд амьдрал руу гарч байна. Ингэхдээ сургуульдаа өөрөөсөө нээж илрүүлсэн авъяас, олж авсан мэргэжил, skill-ээрээ амьдралаа авч явах юм. Энэ 150-170 хүүхдийн цөөнгүй хэсэг нь family business буюу аав ээжийнхээ хийж байгаа бизнест ордог.  Бусад нь үйлчилгээний салбарт анхан шатнаас нь эхлэн шууд ажиллаад эхэлдэг. Бас нэлээд нь өндөр үнэлгээтэй хар бор ажил сонгож байна. Бага сургуулиасаа л харилцааны соёл, бараа борлуулах дадлыг маш сайн эзэмшицгээдэг юм билээ. Дунд хүүг маань бага ангид байхад хүүхдүүдэд сургуулиас нь шоколад, саван гэх мэт жижиг сажиг юм өгч заруулан сургуулийн сан бүрдүүлдэг байсан. Энэ нь хүүхдүүдийг худалдаа, үйлчилгээний ажлын дадал, хүнтэй харилцах эв дүй сургадаг байсныг би дараа нь ойлгосон. Бас хөөрхөн урамшуулалтай гэж байгаа тэрүүхэндээ.

Нөгөөтэйгүүр ахлах сургуульд сурч байхдаа эзэмшсэн өрлөгчин, будагчин, мужаан, сантехникчийн ажлыг залуус ихээр сонгодог юм байна. Ийм ажлууд үнэлгээ сайтай байх бөгөөд хичээж нямбай ажиллавал багш, инженерээс дутахгүй сайн орлоготой байдаг. Гэхдээ учир бий. Ийм ажил мэргэжлүүд өөрийн асар том зах зээлтэй учир залуус нь олноор ороод байдаг юм билээ. Барууны үл хөдлөх хөрөнгийн зах зээл бол нүсэр том, бас ч үгүй байшин сав нь мэргэжил шаардсан маш чанга стандарттай. 
Хүний өмчийн газар дээр нь (газар гэж газар, түүний дээр барьсан барилга)  өөр хүн аюулгүй байх хариуцлага газрын эзэнд ноогддог хуультай. Ийм ажлыг мэргэжлийн хүмүүс л зөв хийдэг. Хийсэн ажлынхаа хариуцлага баталгааг хүлээх тул газрын эзний хариуцах хариуцлагыг ажил гүйцэтгэгч өөртөө шилжүүлэн хариуцаад явдаг хариуцлагын тогтолцоотой. Өөрөө хэлбэл таны гэрт ирсэн зочны дээрээс барилгын хэсэг унаж гэмтээвэл түүнийг та биш тус хийцийг хийж баталгаа гаргасан мужаан хариуцах ёстой болдог. Эзэн өөрөө хийсэн бол өөрөө л хариуцна. Хариуцлагын энэ тогтолцоо аливаа бүтээн байгуулалтын чанарыг дээд зэргийн болгож, үргүй хөрөнгө дахин дахин урсахаас сэргийлж, бүтээн босголтууд нь олон 10, зуун жилийн настай чанартай болж ирдэг.  Хариуцлагын ийм тогтолцоо барилгын том жижиг бараг бүх ажлыг газрын эзэд мэргэжлийн хүмүүсээр гэрээгээр хийлгүүлэх рүү түлхдэг. Энэ хууль эрх зүйн орчин байхгүй бол мянган мужаан бэлдээд ч зах зээл үүсэхгүй. Энэ тусгай skill шаардсан ажлууд гүйцэтгэгч өөртөө хүлээн авч байгаа хариуцлагтайгаа таарсан үнэлгээ сайтай байх нь ойлгомжтой. Олон олон залуус энэ эрэлт дээр цаашдын ажил амьдралаа сонгочихдог. Баруунд дүүрэн багаж ачсан пикаптай залуус их байхад манай хар ёотон дүүрэн халамцуу залуус л олон байх болж. Нэг л буруу яваад байна манайхан. За ингээд цэрэгт мэргэжил эзэмшүүлнэ нтр гэсэн дэмий утгагүй юмаа орхицгооё. Сууриар нь зөв болгохгүйгээр өм цөм гаднаас нь хальт харсан юмаар нийгэм өөрчилдөггүй юм. Зүгээр л наад цэрэгт хашиж байгаад хүчээр сургана гээд байгаа юмаа жам ёсны зах зээлийн эрэлт нийлүүлэлт, бас хуулийн ухаалаг зохицуулалтанд нь л үлдээ тэгэх үү.

Цэрэгт үнэхээр мэргэжил эзэмшүүлэх бол цэргийн мэргэжлээ л эзэмшүүл. Холбоочин, пуужинчин, нисгэгч, шүхэрчин, танкчин, мэргэн бууч, инженерийн цэрэг (бэхлэлт, нуувч, гүүр баридаг) гэх мэт эзэмшүүлэх мэргэжил цэрэгт олон. Үүнийг голдуу гэрээт цэрэгт эзэмшүүлэх ёстой. Хугацаат цэргээс мэргэжилийн цэрэгт саналаараа үлдэх аавын хүү олон. Тэдэнд энэ мэргэжилүүдийг төгсөртөл нь эзэмшүүлэх ёстой байх. Илүү цааш хөгжих сонирхолтойд нь цэргийн дээд боловсрол олгож зэвсэгт хүчнээ бэхжүүлээд л явдаг байхгүй юу. 

Цэрэгт явуулж төлөвшүүлэн үг даадаг болгох юм байх нэг хэсэг хүнэ. Бас л бусдаас ажигласан зүйлээсээ хуваалцъя. Энд хүүхдүүдийг үнэнч шударга болгоход л бүх боловсролын систем, гэр бүл, нийгэм нь бүхэлдээ чиглэн ажиллаж байна. Эцэг эх, багш нар нь үлгэрлэн өөрсдөө зөв, шударга байхаас эхэлнэ. Хэнийг ч энэ нь баяны, энэ нь ядуугийн хүүхэд гэж ялгаварлаж байгаа юм алга. Үйлдэл бүрд л шударга байгааг урамшуулж, буруу хазайвал засаж хэлж байж хүүхдүүдээр шударга иргэн хийж авдаг юм байна. Хуулахгүй байх, хуурахгүй байх, өөрт ноогдсон ажлыг өөрөө л хийх зан чанар бол эдний нийгмийн яс генинд нь байна. Нэгэнт шударга иргэн болж өссөн хүн шударга зөв ямар ч шаардлагыг ухамсараараа шууд хүлээн авдаг. Үг авдаг болно гэсэн үг. Шанаа манаа ямар ч шаардлагагүй. Харин шударга бусыг бол шууд эсэргүүцдэг болцгоох ажээ. Манайхан тэгэхэд яаж байна? Эцэг эх, төр засаг, багш хүмүүжүүлэгчид нь өөрсдөө л шударга бусын үлгэрийг оройлон уралдан үзүүлж байгаад баахан сонин буруу хүмүүжилтэй хүүхдүүд өсгөөд авдаг. Тэд нар нь зөв юм хэлсэн ч, буруу юм хэлсэн ч хэний ч үгийг авахаасаа нэгэнт өнгөрсөн байдаг. Эцэг эхийн эцсийн арга нь нөгөө хүүгээ цэрэгт явуулж номхон, зэрэгц команд доор хагас зомби байдалд ямар ч үгийг автоматаар үг дуугүй дагадаг болгох бөөн мөрөөдөл.  Гэвч өсөхдөө л эх захгүй шударга бусын орчинд өссөн хүүхдүүд цэргийн 3 жилийн бүүр ч илүү шударга бусыг арай гэж тэсдэг, тэсэж тэсэж тэсрэхээрээ яадаг байсныг бид бүгд киноноос харсан. Тэр кино хэтрүүлэг ихтэй ч, зарим үнэнд дөхөж очсон л байгаа. 

За яахав 3 жил цэрэгт яваад баахан номхон зэрэгц команд дунд үг, шанаа даадаг болоод гараад ирэг. Тэглээ гээд тэр залуусын ихэнх нь цаашдын зөв замаа олохгүй. Илгээлтийн эзэд шиг л будилж, хувь заяа нь замарч замхарцгаана. Монголд тэдний сурсан өрлөгчин мужаан мэргэжилийн эрэлт маш бага. Мэр сэр нь л юу юм гэхээс  Монголчууд ахуйн ажлаа бусдаар мөнгө төлж хийлгүүлдэг хүмүүс биш л дээ. Бараг л хувийн байшингаа ганцаараа өөрөө юугаар ч хамаагүй, яаж ч хамаагүй барьчихна гэж үздэг хүмүүс шүү дээ.  Цэргийн 3 жилд олох мэргэжил зах зээлгүйн улмаас олон хүний амьдралыг залгуулах хоол нь болж чадахгүй. Нөгөөтэйгүүр тэр хүмүүсийн сурсан эрдэм, дадал эв дүйг хөлсөөр ашиглах завгүй, мөнгөтэй, дундаж анги Монголд алга. Олоон жилийн дараа төмөр замын рельс дамнаж явахдаа олсон, хүйтэн нойтонд төмөр замын далангийн шороо шаварт бакиалаараа зоогдож байснаас олсон нуруу, бөөрний гэмтэлтэй бүхэл бүтэн үе төрөх байх. 3 жилийн цэргээс халагдаад ном сурдаг гэдэг бол худлаа шүү худлаа. Цэргээс халагдсан байтугай дунд мэргэжлийн сургуулиас дээд сургуульд орсон хүмүүс ч олигтой сурдаггүй л байхгүй юу. ЗХУ-д цэргээс халагдсан, нисэхийн дундаас ажиллаж байгаад ахиж суралцсан олон ах нартай хамт сурч байсны хувьд хэлэхэд залуу хүн нэг алдсан сурах тэмпээ дахиж олно гэдэг бол бараг боломжгүй юм байдаг юм билээ. Цэргээс очсон нь барилдаж, архидаж байгаад дуусдаг бол ажиллаж байгаад очсон нь наймаа, хүүхэн эргүүлсээр ихэнх нь замаасаа гээгддэг юм даа. Залуу хүнд ном сурдаг үе гэж байдаг. Тэр үеээ зөв сураад барчихвал цаашид хэдэн ч ном сурсан торохгүй. Олон залуусын сурдаг насны инерцийг алдагдуудах 3 жилийн цэрэг хэрэггүй байхаа. Нэг жилийн цэрэг бол харин болж байгаа юм. Төсөвт дарамтгүй, хувь хүний төлөвлөгөө мөрөөдөлд саадгүй.

Тэр Израиль мизраилыг дуурайна гэдэг бол бас л худлаа шүү худлаа. Израилыг дуурайхдаа хүрвэл ядаж төрөө жүүдүүд шиг лаг боловсролтой, гавал толгойтой гаруудаар эхлээд дүүргэх хэрэгтэй юм л даа. Гэтэл манай төрд толгой алга. Баахан боовон чихтэй, боовон толгойтой юмнууд л байна. Японд сургууль төгссөн эсэх нь эргэлзээтэй нэг солиотой нөхрийн өөрөө орчуулсан эсэх нь эргэлзээтэй номыг хар сохороор дагаж улсаараа ханарахгүй ээ хэдүүлээ.

За энд баахан кино ярьчихлаа. Киноноос өөр юм анзаардаггүй хаантай улс юм чинь өөр яах ч юм билээ. Мэддэг хэлээр нь л ойлгуулахыг хичээх юм даа аргаа барахдаа.  Хөвгүүдээ төмөр замын цэрэгт явуулж хувь заяаг нь золиослох уу яах уу тэгээд? Зүгээр л дарга сайдуудаар хулгай хийлгүйлэлгүйгээр тэр төмөр замаа зах зээлийн журмаар нь барьчихаж болохгүй байгаа юм уу ахаа    

Thursday, September 7, 2017

Хүрэлсүхийн 3 чанар

Хүрэлсүх гэдэг хүний нэр сүүлийн үед их гарч байна. Сайн, саараар зөндөө л чичих магтах хоёрын хооронд юмаар булж байх шиг.  Улс төрд байгаа хүнд ирдэг л зовлон, учирдаг л шалгуур нь байх. Энэ хүнийг чичлээд байгаа хүмүүсийг ажихад шууд л дараагийн ерөнхий сайдаар өөрсдөө эчнээгээр тодруулчихаад түүнээсээ бажга авцгаагаад байгаа бололтой харагдах юм.
Ерөнхий сайд бол амаргүй ажил гэж би хардаг. Мэдлэг дангаараа хангалтгүй. Маш их мэдрэмж шаардсан алба.  Олон олон мэдлэгтэй экспертүүдийг зөв зүгт чиглүүлэх тэр мэдрэмж хэрэгтэй.

Энэ хүнийг элдвээр дуудахаасаа өмнө зүгээр л нормальный нүдээр улс төрчийнх жингээр үнэлж хараасай гэсэндээ энэ багахан мөрүүдийг бичихээр шийдэв.

Доживын Бямбацогт гэж багын найз надад бий. Бид 2 бага ангиасаа 10 төгстлөө нэг ангид байсан юм. 29 эрэгтэй, 9 эмэгтэй сурагчтай манай 7б-гийн хагас, бүтэн өнчин 20-д хүүхдийн нэг нь Бямбацогт. Барилдана, онц сурна, томоотой, сахилга баттай.  Хар бор ажилд гүргэр, зүтгүүр гэж нөхцөлгүй. Хүүхдийн колонид явах шахдаг манай хэд дундаа тэр ёстой л өөр гаригийн төгс элдсэн гамбир байлаа. 7-р ангийн намар Брежневийн гашуудлын цуглаан дээр ангиараа инээлдсэн хэргээр сарын дараа манай ангийг Мөрөнгийн сургуулиудаар тараагдсаны дараа ч тэр онц, сахилгатай, спортлог чанараа гээсэнгүй. Бүх багш нар түүнийг гадаадад дээд сургууль авах хүүхэд гэж тооцдог байв.  Гэтэл Бямбацогт Цэргийн Нэгдсэн Дээд Сургуульд орох өргөдлөө өгөөд шалгалтгүй тэнцээд яваад өгөв. Би арай гэж нисэхийн хуваариа 4 онооны зөрүүгээр өөрийн болгож авснаар орос хэлний бэлтгэлд суухаар тэр намартаа Эрхүүг зорьсон билээ.
Хүйтэн дайны оргил үе шувтарч эхлээгүй шахам байсан 86 онд цэргийн сургуульд явна гэдэг бол хэн хүний аавын хүүгийн ухамсарлан хүлээн авдаг сонголт биш байсныг хэлэх хэрэгтэй. Хүрэлсүх бас манай Бямбацогт шиг тийм шилдэгүүдийн нэг байсан гэхэд би л лав эргэлзэхгүй байна. Тэд зүгээр нэг шилдэгүүд байгаагүй, бидэн дотроо хамгийн эх оронч шилдэгүүд нь байсан юм билээ. 
Бямбацогт маань цэргийн ерөнхийг 90 онд онц дүнтэй дүүргэж ахлах дэслэгч цолтойгоор Зүүн-Баянд очиж байсныг би санаж байна. 38 насандаа армийн  хурандаа болсныг нь би дуулсан.
Хожим 90-д оны дундуур У.Хүрэлсүх гэдэг залуугийн тухай бид сонсож эхэлсэн. Багын найз Бямбацогт түүнийг үнэхээр дажгүй эр, цэргийн ерөнхийдөө нэртэй, шилдэг тэргүүний курсант байсан гэж ярьж байсныг нь сайн санаж байна. Дээд курсынх нь байсан гэл үү, нэг оных нь цэрэг байсан ч гэлүү. Тэрийг нь сайн санахгүй байна. Юутай ч манай үе тэнгийн үхэр хонин жилтэн гэдгийг нь мэдэж авсан.

90-д оны дундуур улс төрөөс хол Ан-24-н шугамын инженер хийж, улаан, хөх  сүүлтэй 16 цагаан онгоц үүрийн үнэгэн харанхуйгаас үдшийн од түгтэл маллаж суухдаа нислэгт явуулдаг сонин бүрийг дугаар алгасахгүй унших боломж надад олдож байсан маань Монголын улс төрд хэн нь хэн бэ гэдгийг эртнээс ажиглан мэдэх боломж олгож байсан ч байж магадгүй гэж санадаг. Бямбацогтын зэрвэс, цухас хэлсэнийг Хүрэлсүх миний л ажиглаж байгаагаар байнга баталсаар л явна.
Өнөөдөр Хүрэлсүх дахин мэдээний нүүрэнд гарч иржээ. Тэрээр ард түмнээс өгсөн эрх мэдлийг арилжаа наймаанд оруулахын эсрэг зогсож байгаа юм байна. Нам дотор нь бөөн бужигнаан.

Хүрэлсүхээс 3 чанар би анзаарсан. Хэрийн улс төрчид байхгүй 3 чанар.
Чухам энэ 3 чанар С.Баяр, М.Энхсайхан нараас бусад ерөнхий сайдуудад маань дутуу байснаас засаглах үедээ улс орондоо тустай реформын шинжтэй том зүйл хийж амжилгүй бууцгаадаг. Ихэнх нь эрсдэл үүрэхээс хулчиийдаг бол нэлээд хэсэгт нь зүгээр л шинийг санаачлах сийрэг толгой дутдаг.
Миний ажиглан харснаар:

1. Хүрэлсүх бол МАНЛАЙЛАГЧ. Бусдын эзэлсэн өндөрлөгт хааны бараа бологч болон лифтээр хүрч очоод ихэмсэгээр алсыг харан зогсох нэг өөр, хад асган дундуур мацаж, урдаас ирэх түмэн сумыг сөрж тулалдан тугаа хатгах бас нэг өөр. Хүрэлсүхд өндөрлөгөө өөрөө тулалдан эзэлж чаддаг цэргийн хүний дайчин зан чанар анзаарагддаг. 90-д он бол МАХН-н хувьд шинэ гишүүн элсүүлэх байтугай хуучин хэдээ тогтоон үлдээх гэж сандарч байсан он жилүүд юм.  Үзэл санааны мухардалд орж нагаржунай үзэл ч гэх шиг будилж явсан үе шүү дээ. Залуус зах зээлийн чөлөөт нийгмийн амтанд татагдан орж юун яасан хуучин коммунист МАХН-г дагахтай мантай л байсан.  Тэр үеийн МҮАН, МСДН-н лидерүүд МАХН-г саналаа өгдөг хөгшид нь дуусахаар санал авахгүй болж аяндаа мөхнө гэж барин тавин бардам ярьдаг байсан үе шүү дээ. 1997 онд нөхөн сонгуулиар орж ирсэн Н.Энхбаяр ч МАХН-д хүч сэлбэх шинэ хүчийг татаж дөнгөөгүй юм. Н.Энхбаярт тухайн үеийн үндсэн хуулийн заалт дээр тоглолт хийн ирцээр бойкотлох улс төр хийж Ардчилсан Холбооны засгийн газруудыг туйлдуулах арга сэдэж байснаас МАХН-д өөрт нь нүүрлээд байсан сонгогч дэмжигчийн баазын хомсдолыг анзаарах сөгөө байгаагүй юм.  Хүрэлсүх гэдэг залуу хүүхэд шахуу байхдаа элссэн намынхаа энэ мухардлыг хамгийн түрүүнд олж харсан гэж би боддог. Монро-Импексийн хашаанд түгжигдэн унтаа байдалд орсон байсан залуучуудын байгууллагаа тэр сэрээхийн төлөө уйгагүй явсан. Хөдөөгүүр тэр сайртталаа, хүрэн дээрээ хүрлийж харлаталаа л явсан. Зурагтаар ч их гарч байсныг санаж байна. Улс төрийн акцууд ч хийсэн. Залуусыг ингэж л МАХН руу татсан. Өөрт нь итгэж дагасан залуусаа дараа нь зорилготой зүтгүүлж, зоригтой дэвшүүлсэн. Цэргийн дарга хамгийн хэцүү үүргийг цэрэгтээ итгэж өгч, зэрэг цол нэмдэг шиг тэр өөртэй нь нийлсэн залуусаа дэмжиж зүтгүүлсэн. Тэд нар нь ажил дээр нь бойжиж бэхжихийн хэрээр Хүрэлсүх өөрөө томорч хүчирхэгжиж ирсэн нь нууц биш. Хажуугаар нь АН-ы “залуу” партизанууд намынхаа залуустаа итгэхгүй зөвхөн өөрсдөө амжуулах гэсэн гадуурхал тэнэглэл нь олон сэхээтэн залуусыг МАХН-д нийлж Монголын төрд зүтгэх боломж эрэлхийлэхэд хүргэсэн гэж боддог.
Хүрэлсүх залуу халаа нь тасраад, элсэн цаг нь дуусч байсан МАХН-д шинэ дусал залгаж аварсан юм. Дараа нь тэр дусал нь бараг л гол горхи болсон. Хатаж байсан цөл эргэж ногоордог шиг, мөхөж байсан нам эргэж сэргэсэн нь Хүрэлсүхийн ажил гэж би боддог. 

2. Хүрэлсүх бол ЗАРЧИМЧ. Хэрэгтэй цагт зарчмын төлөө хэрзэгнэх зориг түүнд байдаг. 2000 оны ялалтаас хойш МАХН засгаас мөддөө буугаагүй билээ. 2004 онд Элбэгдоржийг тоглоомын ерөнхий сайдаар түр тавьсаныг эс тооцвол 2000-2008 онуудад МАХН дангаараа засаг барьсан юм. Ард түмний итгэлийг авч засаг барих бүрд удирдагчид нь хүчирхэгжин улмаар ард түмнээс холдон хөндийрч зан ааш нь эвдэрч ирсэн. Ялангуяа МАХН-н дарга, 3 дахь ерөнхийлөгч Н.Энхбаярын эрх мэдэл хэмжээ хязгаараасаа хальсан байсан нь бүхэнд ил асуудал. Энхбаярын он жилүүдийг сонгуульчлагдсан дарангуйлал гэж томъёолдог болоод удаж байна. Энэ нэр томъёог анх нэрт нийтлэлч нэгэн олонд танилцуулсан. Яг үнэндээ өөр хүн “Сонуульчлагдсан дарангуйлал” хэмээх нийтлэл бичиж Өдрийн сонинд нийтлүүлэхээр өгөхөд нийтлэлчийн найз эрхлэгч ах замаас нь хэвлэлтийг нь саатуулж байгаад анхны авторын идейг нь нийтлэлчид авч өгсөнөөр цаадах нь өрсөж нийтлэл гарган энэ нэр томъёонд автор суусан байдаг юм билээ.  Гэхдээ л бусдаас туугаад ч болов олонд хүргэх ёстой зөв санааг хүргэж чадаж байсанд нь тэр нийтлэлчид “талархмой”.
2005 онд би Г.Батхүү сайдын тушаалаар ИНЕГ-н тэргүүн дэд даргаар томилогдсон юм. Нислэгийн аюулгүй ажиллагаа, үнэмлэх гэрчилгээжүүлэлт хариуцсан Монгол талаасаа нэгдүгээр шахуу юм болж байлаа. Ажил ч яахав. Мэргэжлийн юм хойно асуудалгүй. Харин дарга байхын нэг зовлон нь ямар нэгэн том албан тушаалтан онгоцоор нааш цааш явахад заавал очиж ВИП хавьд байж байх бичигдээгүй үүрэг байлаа. Үнэхээрийн ядаргаатай.  Гэвч ийм үүрэгтээ дуртай гарууд ч бас зөндөө байсан нь намайг үнэхээр гайхуулсан. Випийн бүртгэлийн танхимд тэргүүн хатагтайн чемоданыг булаацалдан муудалцаж байсан нисэхийн зарим дарга нарыг хараад ой минь гутаж, бөөлжис минь хүрч байлаа. Эхлээд дарга, дараа нь даргын эхнэр, даргын бас нэг юмнууд. Ойё блять. Нүдэн дээр л эрт баларын феодалын ёс сэргэж байв. Зусрын далай үерлэж, зулгуйгийн зулай гялалзаж байлаа.
Энэ бүх эх захгүй байдлын хөөсөн бөмбөлөгийг Хүрэлсүхийн “Энэ намыг та удирдаад байна уу, танай эхнэр удирдаад байна уу” гэдэг үг цочоож, цоо хатгаж хаясан юм. Ташраараа гөлөгнөж байсан ч нийтээрээ нам байсан энэ цаг үед Хүрэлсүхийн үг ахиад л ангамал цөл дахь баянбүрдийн хоржигноон шиг шинэ итгэл найдварыг олон хүнд төрүүлсэн. Үүнд нь хорссон хаантан Хүрэлсүхийг зохиомол хэрэгт унагах гэж үзсэн ч тэр нь амжилт олоогүй. Өнөөдрийн хаадууд ч бас түүнийг ахин сурсан зангаараа оролдож байх шиг. Хүрэлсүх тэр үед ийн хэлээгүй бол МАХН-д шинэчлэлийн салхи мөддөө сэвэлзэхгүй, С.Баяр ч түүхийн тавцанд ойртон очих гэж нэлээн их тойрох байлаа. Хүрэлсүх зориглон “эзэн”-г сөрж болдогийг харуулсанаар МАХН-г бас дахин аварч шинэчлэлийг эрчимжүүлж өгөв.   Өнөөдөр ч Хүрэлсүхийн эгдүүг шударга бус, ёс бус үйлдлүүд хүргэж байгааг бид харж байна. Эрх баригчдын аархал зөвхөн түүний ч биш олон хүний дургүйг хүргэж байх шиг. Гэхдээ өмнөхөө бодвол өнөө цагт дургүйцлээ илэрхийлэх технологийн боломж хамаагүй дээшилжээ. Цагтаа ганцхан Хүрэлсүх л ил хэлж зүрхэлж байсан зүйлийг өнөөдөр хэн хүнгүй жиргэж болж байна. Гэхдээ л улс төрийн дээд хүрээнд Хүрэлсүхийн зүрх зоригны хэрэгцээ, орон зай бас л урьдын хэвээр. 

3. Хүрэлсүх бол ШИНЭЧЛЭГЧ. Хүрэлсүх зөвхөн улс төрийн тоглогч биш л дээ. Тэр эдийн засгийн хамгийн том реформуудын нэгийг яах аргагүй эхлүүлэгч нь гэж би хардаг.  2000 оны сонгуулиар МАХН-н мөрийн хөтөлбөрт “мянганы зам” гэсэн үг үсэг ч байгаагүй юм шүү. Сонгуулийн дараа 7 сарын 20-доор Хүрэлсүх анх “Мянганы зам”-ын санаачлага гаргаж тавьсаныг бүгд санаж байгаа байх. Мартсан бол шарлаж амжаагүй байгаа сонины хуудаснуудаас харна бизээ. Эдийн засгийг хурдан сэргээдэг гол аргуудын нэг нь томоохон public project–ууд байдаг. Америк их хямралаасаа Хуувэр Дам гэх мэт том public project-уудаараа гарсан бол Монголын эдийн засаг мянганы замыг дагаад сэргэж ирсэн юм.  Замтай болмогц худалдаа эрчимжиж, жижиг дунд бизнесүүд хөдөө тал руу хүрээгээ тэлсэн нь маргашгүй үнэн. Яг үнэндээ 2000 он хүртэл Эрдэнэтээс олсноороо амьдардаг Улаанбаатарт л Монголын эдийн засаг бараг бүхлээрээ байв. Мянгантаа чичлүүлсэн мянганы зам эхэлснээр эдийн засаг хөдөө рүү тэлэх боломж эрс нэмэгдсэн хэрэг. Мэдээж бүх юм төгс хийгдээгүй ч стратегийн шийдэл нь үнэхээр төгс зүйл болсон юм.  Энэ санаачлагаараа Хүрэлсүх зүгээр нэг намчин тэмцэгч биш, эдийн засгийн өндөр мэдрэмжтэй стратегич болохоо харуулаад амжсан. Хүрэлсүхийн мянганы зам санаачлага буруу зүйл байсан бол үе үеийн засгийн газруудын үед зам барихаа болих л байсан. Харин ч эсрэгээрээ үргэлжлүүлсэн. Улам ихээр эрчимжүүлсэн.

70 жил коминтерний гишүүн байсан МАХН 2000 оны сонгуулийн өмнөхөн социнтернд ажиглагч гишүүнээр элсэн орсон юм.  Миний гишүүнчлэлд нь байсан МСДН МАХН-г батлан дааж социнтерн-д элсүүлсэн гэж би ойлгосон. Нэг ч гэсэн Монголын улс төрийн хүчин олон улсын зөв хүчинтэй нэгдэн нийлж байхад дэмжих ёстой гэж хэлсэн Гончигдорж даргын алсын харааг би биширдэг. Өөрөөр хэлбэл МАХН хувьсгалт нэрнээсээ татгалзах гаднах нөхцөлөө их эрт бүрдүүлсэн гэсэн үг. Үнэн худлыг нь мэдэхгүй ч МАН нэрээ сэргээх төлөвлөгөө ч Н.Энхбаярт байсан гэж яригддаг. Социнтерний болзол байсан уу, өөрсдийнх нь санаа байсан уу бүү мэд.
С.Баяр, Сү.Батболд нарын өртөөлөн удирдсан МАХН-д хувьсгалт нэрнээсээ татгалзах өөр ч шалтгаанууд бас байлаа. Хэрэгцээ байгаагүй бол нэр солих шаардлага тийм ч амар гарахгүй.

Уул уурхайн техникийн нүргээн ойртож, гадаадын том хөрөнгө оруулалтын чимээ Монгол руу дөхөж байлаа. Гэтэл улсыг нь ямар нэгэн коммунист нэртэй нам удирдаж байв. Хэдэн тэрбумаар яригдах хөрөнгө оруулалтыг Монгол шиг жижиг улсын тухайд даллах нь амаргүй ажил. Коммунистуудад мөнгөө итгэж оруулах капиталист олох хэцүү. Капиталист ч гэж дээ. Монголд оруулж байгаа хөрөнгө оруулалт бол цэвэр хөрөнгийн биржээс боссон, жирийн иргэдийн инвестментүүд голдуу байх нь тухайн үед тодорхой харагдаж байлаа.  МАХН-н удирдлага намынхаа шинэчлэлийг улс орныхоо эрх ашигт нийцүүлэн өөрчлөх шийдвэрийг маш цагаа олж хийсэнд Монголчууд л хожсон. Энэ шинэчлэлийг бас л У.Хүрэлсүх оройлж, С.Баяр, Н.Багабанди, Сү.Батболд нарын бусад лидерүүд нь дэмжсэн билээ. Ерөнхийлөгчөөсөө дөнгөж мултраад намдаа нөлөөгөө сэргээхээр тэчъядаж ядаж байсан Н.Энхбаярын хувьд энэ шинэчлэлийг дэмжвэл нам дахь хуучин нөлөөлөлөө сэргээх боломжгүй болж харагдаж байв. Иймээс тэр намаасаа тасран тусдаа нам байгуулахаар гарсан билээ.

Нэртэйгээ цуг МАН-д олон юм өөрчлөгдсөн гэж би хардаг. Бусдад үзэл бодлоо хүчээр тулгадаг коммунист өвчин нь арилсан.  
Энэ шинэчлэл үнэхээр намаа хуваах хэмжээний буруу байсан бол хаа сайгүй МАН дундуураа тас хуваагдах байсан биз. Энхбаярт МАН-н оюуны өмч болох МАХН нэрийг 13 оныхоо сонгуульдаа зориулан хууль бусаар булаан авч хэрэглүүлснээр Элбэгдорж ерөнхийлөгч МАН-г харин хуваах шахлаа. Гэвч хуваагдал нь сүрхий газар авсангүй.  Хувьсгалт нэрэндээ олон хүн хоргодсонгүй. Цааш явцгаахаар шийдсэн юм. 2011 он бол монголын эдийн засгийн өсөлтийн оргил үе болсон нь гадаадын хөрөнгө оруулалтын шууд үр дүн юм. 
2012 оны ялагдал бол  Хүрэлсүхийн намын нэр шинэчилсэнтэй ямар ч холбоогүй. Энэ бол зүгээр л сонгогчдын пауз авсан үйл явдал байсан юм. 12 жил завсарлагагүй шахуу төр барьсан МАН-г АН гэдэг невалаар л түр сольсон хэрэг. АН невал дээрээ унтаж, зодоо хийсээр 16 онд хөөгдсөнийг бүгд мэднэ.  Аливаа шинэчлэл түүнийг зориглон эхлүүлэх удирдагчаа л хүлээж байдаг. Нөхцөл байдал мянга бүрдээд өөртөө муу нэр зүүх зоригтон олдохгүй бол шинэчлэл хийгддэггүй. Данкогийн тухай үлгэр бол яг тийм зоригтны л тухай үлгэр юм шд яг үнэндээ.
2016 оны сонгуульд АН дарга З.Энхболдын тэнэглэлийн буянаар үнэмлэхүй ялалт авсан МАН 10 гаруй жилийн өмнөх сонгуульчлагдсан дарангуйлалынхаа замаар орон жонжуулчихав. Намын дарга нь улс төрийн карьераа  Намбар Ваны 2-р хувилбар гэж харж эхлэв. Цааших түүх нь дэндүү нэн шинэ түүх тул энд нуршаад юүгхэв.

Өнөөдөр, яг одоо, УИХ дахь МАН Хүрэлсүх-д боломж олгох уу эс олгох уу гэдэг дээрээ тас хуваагдчихаад байна. Эх орноо бодвол түүнд боломж олгох ёстой. Хүрэлсүх бол 90-д оны өөрчлөлт шинэчлэлтийн хамаг хар ажлыг улаан гараараа, ухаан тархиараа амжуулсан яг манай үеийн төлөөлөл. Түүнийг цэргийн сургуулийн сонсогч гэж дэндүү удаан доош нь хийлээ. Одоо болно. Цэцэрлэг байсан сургууль төгссөн хүн Ерөнхий сайд хийж болж байхад Цэргийн ерөнхийгийн офицер гологдоно гэж үү.  Англиар хуралд үг хэлж байхыг нь сонссон. Манай Харвардын төгсөгч ерөнхийлөгчөөс хол дутуугүй ярьж байна лээ.  Орос ч үгүй, англи ч үгүй олон хүн дээшээ кранаар явж байгаа шүү тэгэж яривал.

Дэлхийн байдал ээдрээтэй, орчлонгийн явдал ороо бусгаа байна. Бидэнд хэцүү цагт паниктдаггүй, харьтныг хань татаж хашгирдаггүй, өөрийн арддаа өөриймсөг удирдагчид хэрэгтэй болж ч мэднэ.

Өсөж байсан эдийн засаг л гэнэ. Төр засгаа оролдох дэмий л гэнэ. Уучлаарай. Авилгал, хууль шүүхийнхний хүчирхийлэл, эх захгүй шударга бус явдлын тогтвортой байдал үнэндээ хэрэггүй. Тэр удаан тэвчсэн. Бид ч удаан тэвчлээ. Авилгалчидыг дэмжвэл эдийн засаг чинь өөрөө л нурна. Эдийн засаг өсөх суурь нөхцөл нь төр зөв байх. Төр зөв байх нөхцөл нь нам нь зөв байх явдал. 
 
 Хүрэлсүх Ерөнхий сайд болвол яах вэ
Хүрэлсүх ерөнхий сайд болвол юу түрүүнд олон хүний харж байгаагаар төрийн тэргүүнтэйгээ хэл амаа ололцоод явах болно. Монголын хөгжлийг сааруулсан төрийн олон хямрал чухамхүү төрийн тэргүүн, эрх баригч намын хоорондын зөрчил байв. Анхны зөрчил 98 онд болсон бөгөөд үйл явдлын завсраар С.Зориг гэдэг хүн үрэгдсэн.  Энхбаяр Ерөнхийлөгч С.Баяраас бусдаар нь бол наадаж байсан гэхэд болно. Элбэгдорж Ерөнхийлөгч ч эрх баригч намтайгаа зөрчилддөг уламжлалаас гажаагүй. Улам л төгөлдөржүүлсэн гэж хардаг. Үр дүнд нь хэн ч хожоогүй. Монгол бүүр ч хожоогүй. Хөгжил, хүнд зарцуулагдах олон зуун тэрбум хурал хуй, хуйвалдаан, төрийн хүчирхийлэлд урсаад л өнгөрсөн. Нэг үгээр хэлбэл Ц.Элбэгдорж WRONG LEGACY үлдээгээд буусан.

Хүрэлсүх Жэнко хоёрт зөрчилдөх сэдэв ховор. Нэг нь төмөр зам бариулна гэж зүтгээд нөгөө нь бариулахгүй гэж худлаа цахдаад улс орноо нуртал үзэлцээд байх ч шаардлагагүй. Тэртэй тэргүй тэрийг нь барих мөнгө мөддөө байхгүй юм чинь. Бид ойрын жилүүдэд бондын зээлээ л төлцгөөнө. 

Төрд тогтвортой зөрчилдөөн биш, харин ч эдийн засагт нэн хэрэгтэй байгаа харилцан ойлголцол, хамтын зүтгэлийг Хүрэлсүх авч ирж чадна. Эдийн засагт өөр юу хэрэгтэй юм бэ. Хуулийнхныг байранд нь тавьж, хуулийнх нь хүрээнд хашиж чадах нь хэн юм бэ. Бүгд л дээр дооргүй бөлдөгдүүлчихсэн энэ нийгэмд хэн нэг нь энэ араатанлаг төрийг чихдэн дарах ёстой биз дээ. Монголын эдийн засаг явж явж төрийнхний зуултаас болоод бахардаж байгааг харахгүй байна гэж үү. Гадаад талд өсөж уруудаж байгаа нүүрсний үнээр алин бүр эдийн засгийн өсөлтөө бууралтаа хэмжих вэ дээ. Монгол жирийн бизнесүүдэд өндийх боломж өгөхгүй боомилож байгаа нам төр дамжсан томчуудын монопольчлол, хуйвалдааны эдийн засаг аль сурах бичигт зөвийн жишээнд байдаг юм бэ? Хүрэлсүх үүнийг л сүүлийн хэдэн сар ярьж байна. Ашиг сонирхолын зөрчлөөсөө ангид засаглаа гэж.   

МАН-ыхны хувьд Хүрэлсүх бол 2021 оны Ардын хувьсгалын 100 жилийн ойн наадмыг асар дээрээс үзэх цорын ганц боломж нь. Ард түмэн түүнд талтай. Сэхээтнүүд ч түүнд уже дургүй биш. Өмнөөс нь үхье гээд эх орондоо тангараг өргөж чадаж байсан хүнд яасандаа ч дургүй байх билээ. Харин ч яг үнэндээ нам дамжсан ухаантай царайлсан зальжин завшигчдын бүлэглэлээс ард түмэн нэгэнт залхсан байгаа нь саяын сонгуулиар ил болчихлоо. МАН-ы хувьд 60 тэрбумын авилгалчдыг хаацайлж, төрөөр нэг түүхий кадр байршуулсан энэ засагтай 20 оны ялалт яагаад ч ирэхгүй.  Хүмүүс Миеэд дургүйдээ биш зүгээр л салбарт нь тавигдсан тэнэгүүдэд дургүй хүрсэндээ л Жэнкод өгчихсөн юм. 

Би Хүрэлсүхийг ингэж л харж байна. Гэхдээ шийдвэр гаргах эрхийг жил гаруйгийн өмнө МАН-д ард түмэн, хар хайрцаг хоёр өгчихсөн. Тэхлээр тэд яахаа өөрсдөө л шийдэх ёстой. МАН-ы шийдвэр зөв гарвал ард түмэн л хожино. Ард түмэн хожвол МАН-д 20 онд шагналыг нь итгэлээр өгнө. Буруу шийдвэл 20 онд шанг нь хүртээнэ. Логик нь их энгийн.  


  


Wednesday, June 7, 2017

Ерөнхийлөгчийн үүрэг ба боловсрол

Монголчууд бид төрийн тэргүүнээ сонгох гэж байна. Улсынхаа хамгийн өндөр албан тушаалыг. Энэ суудалд хэн суухаас энэ улсын доторхи ойрын ирээдүйн шүүх засаглал, шударга ёсны үнэлэмж хамаарна. Мөн Монгол улсын гадаад харилцааны хөгжил энэ суудалд хэн суусанаас ихээхэн хамаарах нь дамжиггүй. Манай улсын топ дипломат бол чухамхүү ерөнхийлөгч нь байхаар Үндсэн хуульд хуульчилжээ. Энэ албан тушаалд хэн ч гарсан батлан хамгаалах чадварт сүрхий нөлөөлөх нь юу л бол. Үсрээд л хэдэн парад өмнүүрээ алхуулна. Учир нь зэвсэг техник, байлдах чадвар бол ганц хүнээс тэр бүр шууд хамаардаггүй нарийн юм.

Ерөнхийлөгчийн албан тушаал үндсэн хуулиар хуульчилсан хязгаарлалттай. Гэвч түүнд суусан Очирбатаас бусад хүн энэ албан тушаалыг Үндсэн хуулийн хэм хэмжээнээс давуулж эдлэхийг чармайсаар ирсэн байдаг. Ер нь  бол ингэж эрх мэдлээ хэтрүүлсээр байснаас сүүлийн үед ерөнхийлөгчийн албан тушаалын зах зээлийн үнэ үсрэнгүй өсчээ.
УИХ дахь 76 эрхэм төрийн, хүчний, олон нийтийн олон ажлыг удирдах мэнэжерийг ерөнхийлөгчийн саналаар томилохоор хуульчлах болсон нь энэ албан тушаалыг хаагчийн эрх мэдлийг Үндсэн хуулиас хальтал нь нэмэгдүүлсэн байгаа нь нууц биш. За тэр яахав. Тэнэгтэл ухаарал авчирч, ухаарал урагшлалт авчирдаг хойно. Сайжирч гольдрилдоо орж л таараа.

УИХ-д суудалтай намууд төрийн тэргүүний энэ удаагийн сонгуульд 3 эрхэмийг уралдуулахаар шилэн гаргаж иржээ. Өндөр нам, өргөн бүдүүн, нас зүс ойролцоо 3 гар гарч ирэв. Бүгд Монгол улсын иргэд, 45 нас хүрсэн, сүүлийн 5 жил Монголд байнга оршин суусан хүмүүс. Үндсэн хуульд тусгайлан заасан шалгуурт нийцсэн гурав. Гэвч Үндсэн хуульд заасан ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх бусад шалгуурыг хангаж байгаа эсэх нь бас эргэлзээтэй.

Ерөнхийлөгч үндсэн хуулиар юу хийхээр хуульчладсан байдаг вэ?
Нэгд: Мэдээж юун түрүүнд Ерөнхийлөгчийн зарлигт гарын үсэг зурна. Үүний тулд бичиг үсэгтэй байх ёстой бөгөөд ядаж л буулгаж буй зарлигаа уншиж ойлгохоос гадна түүнээс гарах үр дагаварыг нь ухаж ойлгох хэмжээний боловсрол, оюуны чадамжтай байх ёстой болох нь.
Хоёрт: Ерөнхийлөгч Монгол улсыг гадаад харилцаанд бүрэн эрхтэй төлөөлнө. Үүний тулд дэлхийн байдлыг анзаарч ойлгох хэмжээний өргөн мэдээлэлтэй, Монгол улсын эрх ашгийг хохироочихгүй хэмжээний эрүүл сэтгэлгээтэй, дэлхийн удирдагчидтай уулзаад ярихад улсаа доошоо чихүүлчихгүй байх хэмжээний жинтэй, үнэ хүндтэй бөгөөд үнэн үгтэй нэгэн байх ёстой болох нь
Гуравт: Ерөнхийлөгч зэвсэгт хүчний ерөнхий командлагч мөн. Монгол цэрэг дэлхийн цэргийн технологи, байлдааны стратеги тактикийн оргилд байсан үе бий. Гэвч тэр үеээс хойш 800 шахам жил улирчээ. Гэхдээ манай цэрэг арми дэлхийг чичрээдэггүй юмаа гэхэд болчимгүй хүний болчимгүй тушаалд захирагдвал төрийг эргүүлчих хэмжээний хөөрхөн хүч. Энүүгээрээ юу хэлэх гээд байна вэ гэхлээр Зэвсэгт хүчний ерөнхий командлагч хүн цэрэг армиа ард түмнийхээ эсрэг, Үндсэн хуульт засаглалын эсрэг хэрэглэхгүй байх хэмжээний саруул ухаантай, болчимгүй үйлдлийг өдөөхгүй хэмжээний оюун санаа сэтгэл зүйн сахилга баттай хүн байх ёстой болох нь
Дөрөвт: Ерөнхийлөгч бол хууль санаачлагч. Хууль санаачлана аа гэдэг бол нийгмийн зохицуулалтанд хамгийн нөлөөтэйгөөр оролцож байгаа хэрэг. Хууль бол тоглоом биш. Нэгэнт батлагдвал зөвхөн мөрдөх л ганцхан хувилбар ард түмэнд үлддэг.  Хууль санаачлахад бяр, уран үг, мөнгө зоос аль аль нь шаардлагагүй. Зөвхөн оюуны өндөр бэлтгэл хэрэгтэй. Санаачилж байгаа хуулийг нь шилдэг экспертүүд бэлдсэн байлаа ч түүнийг өөрийнхөө нэрийн өмнөөс хууль тогтоогчид өргөн барихын тулд л тэр экспертүүдээс дутуугүй хэмжээнд “санаачилсан” хуулийнхаа үг хэллэг, үзэл санааг ойлгож мэдсэн байх ёстой юм. 

Өөрөөр ганц үгээр хэлбэл Ерөнхийлөгч уг албан тушаалдаа бэлтгэгдсэн байх ёстой гэсэн шалгуур Үндсэн Хуулинд сууж өгсөн байх ажээ. Үүнийг намууд анзаарсангүй юу, орхигдуулсан уу бүү мэд. Юутай ч 3 нэр дэвшигчийн 2 нь дээд боловсролгүй байгаа нь нийгэмд халуун маргааны сэдэв болж сэвэгдэж эхэллээ. Ийнхүү “боловсролгүй” хүмүүс төрийн тэргүүнд нэр дэвшсэний ачаар Монголчууд бид боловсролын чухлыг нийтээрээ ярьж эхэлдэг цаг ирдэг л юм байна.

Боловсрол гэж чухам юу юм бэ?
Энд боловсрол, мэдлэг, мэргэжил гэсэн ойлголтууд яваад байдаг. Миний анзаарснаар энэ бүгд хоорондоо уялдаатай мэт боловч зарим нэг нэн чухал ялгаатай. 

Боловсрол гэдэг бол шинжлэх ухааныг сурах арга барилд системтэй суралцах тухай ойлголт. Ихэвчлэн академик орчин (сургууль, их сургууль)-д олгогддог. Эрт баларын цагт бичиг үсэгтэй хүн боловсролтойд тооцогдож байсан бол одоо цагт дээд боловсролтой байж байж л боловсролтой хүний тоонд багтаж байна. Олон сургууль, олон зэрэг цолтой тусмаа өндөр боловсролтойд тооцогдох гэх мэт. Боловсрол бол бусдын хуримтлуулсан мэдлэгийг цаг хэмнэн, зардал багатай (өөр дээрээ туршихгүйгээр) мэдэж авах процесс, боловсролын диплом, үнэмлэх, гэрчилгээ бол чамайг тийм мэдэж авах тогоонд тодорхой хугацаанд чанагдан гараад мэдэх ёстой минимум зүйлсээ цаг тухайд нь мэдэж авсаныг гэрчлэх баримт л юм.  Боловсролын гол давуу тал нь хүнийг системтэй, зүй тогтлын дагуу сэтгэж сургадаг. Хүн эхлээд системтэй сэтгэж сурч байж л системээс гарч сэтгэж эхэлдэг. Системээс бусдаас түрүүлж гарч сэтгэхийг мэдлэгт нэмэр болох буюу contribution to knowledge хэмээдэг. Ингэж хүн төрөлхтөний мэдлэгт нэмэр болсон хүнд философийн доктор буюу PhD цол олголог уламжлал нэлээн эртнээс тогтжээ. 

Мэдлэг бол академик орчинд олж авсан эсэхээс хамаарахгүйгээр хүний тархинд янз бүрийн сувгаар хуримтлагдсан мэдээлэлийн хэмжээ юм. Түүнийгээ зөв ашиглах эв дүйтэй нэгнийг ухаантан (wise man) буруу ашигладаг хүнийг нөгөө юу гэнэ. Эрт үед ч, орчин цагт ч бичиг үсэггүй ч асар их ухаалаг өвгөд байсаар ирсэн. Цаашид ч байх биз. Хүний ухаан хувийн хүмүүжил, ажил хөдөлмөр, олсон эрдэм боловсрол, орчны нөлөө гэх зэрэг олон хүчин зүйлийн үр дүнд буй болсон байдаг.
Мэдлэгийг үндсэн 2 янзаар олж авдаг. Боловсролоор дамжуулж, эсвэл туршлагаар дамжуулж.
Бусдын мэдэж авсаныг үг, бичиг үсгээр дамжуулах эсвэл бусдын бодит байдлыг харж тусган олж авах ба үүнийг боловсрол гэх бөлгөө. Эсвэл өөрийн арьсан дээр туршин мэдэж авах ба үүнийг туршлага гэнэ.  Энэ бол хувь хүний л хэрэг.

Зүйрлэвэл зогсож байгаа хүн тэнгэрийн хаяа хүртэл л харж чадна. Дэлхий бөөрөнхий тул 12 миль буюу 20 км алсын бараа л бидэнд харагддаг.  Чи 21 дэх км-д байгаа нэг зүйлийг олж авъя гэвэл ядаж тэр зүгт 1 км урагш алхах, эсвэл яримгүй өндөрт гарч байгаад эхлээд олж харах хэрэгтэй. Өндөрт гарах процесс амаргүй ч богино хугацаанд чи харах гэснээ харна. Бас эргэн тойрны 21 км радиуст харж чадна. Харин чи 21 дэх км-т бгаа зүйлийг харахын тулд аль нэг зүг рүү ядаж 1 км алхах ёстой болно. Энэ бол цаг хугацаа авна. Аз таарч алхсан зүг чинь олж харах гэсэн зүйлийн байрлалын зүгтэй давхцаж байвал чи түүнийг өндөрт гарсан хүнээс ч илүү тодоор харна. Учир нь чи 1 км-н урд байгаа. Алхсаар 21 дэх км-д хүрвэл чамаас сайн харах хүн дэлхийд байхгүй болно.  Чи тэнд байх бүх чулуу хад, элсний ширхэг бүрийг алган дээрээ тавьсан мэт харж мэдэж авч чадна. Харин буруу зүгт алхаад эхэлбэл чи хэзээ ч заасан 21 дэх км-д байгаа зүйлийг олж харж чадахгүй.
Боловсролын давуу тал нь эхлээд өндөрт гарч 360 хэм тойргийг бүхэлд нь хараандаа авч байгаад 21 дэх км-т байгаа зүгийг эхэлж тогтоож чаддагт л байдаг. Нэгэнт хайсан зүйлийнхээ чигийг мэдээд авчихвал түүнд хүрэх нь цаг хугацаа, хүсэл зоригийн л асуудал. Магадгүй зөв зүг рүү мэдрэмжээрээ түрүүлж хөдөлсөн хүнээс хоцорч очих ч эрсэн зүйлийнхээ байрлалд баталгаатай очих боломж зөвхөн өндөрт гарсан хүнд л бүхнээс илүү байдаг. Өндөрт гарсан хүнд буруу тийшээ алхсан бусад бүх хүнээс илүү боломж гарч ирдэгт л боловсролын хамаг ид шид оршдог.
Боловсрол энэ утгаараа хүнд алсын хараа өгдөг. Алсын хараа бол юмны зүй тогтлыг урьдчилан харах чадвар. Хэрхэн ямар аргаар, ямар замаар явбал ямар үр дүнд хүрэх вээ гэдгээ нээн илрүүлэх чадварыг системтэй боловсролын тогтолцоо л олгодог.  Билл Гэйтс, Стив Жобс, Марк Зукерберг нар боловсролоос хоцроогүй. Учир нь тэд сурахаа хэзээ ч зогсоогүй. Тэд коллежийн эхний жилүүддээ л сургуулийнхаа номын сангаас хэрэгтэй өндөрлөгтөө гараад явах зүгээ түрүүлээд олоод харчихсан л тийм хүмүүс. Нэгэнт явах зүгээ түрүүлээд мэдчихсэн тэдэнд алсыг харагчид хоргодох шаардлага байгаагүй. Бусдаас түрүүлж гараад л давхичихсан хэрэг. Тэгээд тэд тэнд байх эрдэнэсийн уурхайг түрүүлж нээн өөрийн болгоцгоосон.

Энгийн хувь хүний хувьд боловсрол чухал чухал эсэх нь нээх чухал биш.  Боловсролоос залхуурвал алхаад л байхаас өөр замгүй. Хайгаад л байна хайгаад л байна, алхаад л байна алхаад л байна. Азтай хоншоортой нэг нь хайж байгаа зүйлээ олно. Бусад нь насаараа эргэлдэнэ. Боловсрол ч бас адилхан. Өндөрт гарчихаад бүхнийг хараад байдаг. Хараад л байдаг. Өндрөөсөө бууж тэр зүг рүүгээ алхахгүй л бол чи харсаар л дуусна. Өндөрт гарч зүгээ эхэлж тогтоочихоод алхаж байгаа хүн бол хайсан эрдэнээ баараггүй олдог, өөрийн болгодог. Зарим тохиолдол илүү хол байх илүү том эрдэнэсийн санг олох хэрэгтэй болдог. Үүний тулд илүү өндөрт гарч харах буюу илүү их эрдэм сурах хэрэгтэй.

Мэргэжил бол тэр зүг рүүгээ алхах, хүрч очоод хайсан эрдэнээ өөрийн болгож үнэд хүргэхэд хэрэгтэй эв дүй юм. Англиар бол skill гэдэг. Үүнийг хүн өндөрт авирч байх хугацаандаа хуруу хумсаа хугалан авирч суралцах, эсвэл алхаж, хайж явахдаа улаа эргүүлэн суралцах 2 арга замтай. Нэг нь мэргэжлийн сургуульд сурах, нөгөө нь ажлын дадлагаар буюу on- job-training гэж нэрлэдэг сургалтаар олж авах.

Боловсролыг соёлт ертөнцөд өрнө дорно гэхгүй ихэд үнэлцгээдэг болжээ. Манай хөрш Хятад улс л гэхэд барууны их дээд сургуулиудын гадаад оюутнуудын 50%-г дангаараа илгээж дэлхийн боловсролоос шимтэн суралцан өөриймшүүлж байна. Тэд суралцаж байна. Харин бид хийрхэж байна.

Барууны боловсролын нэн чухал нэгэн эрхэм зүйл байдаг. Тэнд хуулахыг, хуурахыг үзэж чаддаггүй, эвлэрдэггүй. Ямар нэгэн байдлаар аль нэгэн барууны боловсролд хүрсэн хүн бол дор хаяж тодорхой хугацаанд ёс суртхууны маш өндөр хэмжээний хүлэмжинд ургаж байгаад гарч ирсэн гэж ойлгох хэрэгтэй. Бага сургуулиасаа эхэлсэн бол ёс суртхууны энэ хүлэмжинд анхнаасаа ургасан экологийн цэвэр жимс гэж хэлж болно. Сургуулиудад улсын хувийнаасаа хамаарахгүйгээр ёс суртхуун, шударга ёсны шалгуур нь жигд бөгөөд маш өндөр. Тэд шударгыг л эрхэмлэдэг. Учир нь шударга байдал нийгмийг тогтвортой байлгадаг. Нийгмийн тогтвортой байдал эдийн засгийг өсөлтийг тэтгэдэг гол хөрс суурь нь юм.

Улсын удирдагч боловсролгүй бол улс нь алсын хараагаар дутагддаг. Мэдээж юмыг яаж мэдэхэв тус улсын аз таарч боловсролгүй удирдагч нь улсаа зөв зүг рүү хөтөлбөл тэр улс том хожино.  Харин аз таарахгүй бол хэдэн 10 жилдээ л дэмий тэнэцгээнэ. Удирдагч нь баахан дагуулж давхина, байгаа хүнс усаа барна. Тэгээд бөөндөө цөлд төөрнө. Харанхуй нөмрөхөд хаана байгаагаа ч мэдэхгүй дэмий бархиралдана. Ойр орчмын хөршөө араатан байна гэж санан айж цэрвэнэ. Эцэст нь гүн төөрөгдөл, цөхрөлд орцгооно. Бослого тэмцэл өрнүүлж улсаа нураана. Харанхуй удирдагчтай Венесуэл яг тийм замаар явж байна.

Боловсролтой удирдагч алсыг харах эрдмээ ашиглан 4 зүг 8 зовхисын ээдрээ нугачааг эхлээд харчихаад улсаа аль зөв бөгөөд дөт зам руу нь хөтөлж чаддаг. Оксфордын төгсөгч Сингапурын Ли Куан бол яг тэгсэн хүн. Боловсролгүй удирдагчтай улсын удирдагч яваандаа боловсроно. Тэр мэдээлэлийн уулзвар дээр байх тул түүнд ухаан суулгах түмэн үйл явдал болж өнгөрснөөр үр дүнд нь  нөхцөл байдлын уялдаа холбоо, учир зангилааг олж харах чадвар түүнд суудаг. Гэвч цаг хугацаа ихээр алдана. Удирдагчийн дутуу боловсролын үр дүн ард түмний арьс махан дээр л мэдрэгдэж байдаг. Ард түмэн махаа ч зулгаана, ясаа ч тавина. Тэгэж тэгэж удирдагч нь ухаарвал өндийнө. Эс ухаарвал дараагийн удирдагч гарч иртэл зовцгооно.

Ирэх 4 жилд хэнээр удирдуулахаа сонгохоосоо өмнө сонгож байгаа хүнд чинь алсын хараа байна уу, алсын хараа нь цээжний пан уу, эсвэл эрдэм номын өндөрлөг үү гэдгийг нь эхэлж хараарай. Мөн ерөнхийлөгчийн дээр дурьдсан ажил үүргийг гүйцэтгэх чадвар хэр суусан эсэхийг нь нягтлаарай.
Өөрөө боловсрох боломж олоогүй ч эрдэм чадал төгс хүмүүсээр хүрээлүүлж, тэдний хүрсэн өндөрлөгөөс нөхцөл байдлыг тунгаасны эцэст улсаа зөв зүгт залдаг удирдагчид бас байдаг. Чингис хаан эрдэм чадалтай бол дайснаа ч дэргэдээ авч Монгол төрд зүтгүүлж чадаж байсны хүчинд Монголчууд тулгар төрөө байгуулж, түмэн газрын хэрмийг даван давшиж явжээ.
Сайн бод!


ИРГЭНИЙ НИСЭХИЙН ТУХАЙ ХУУЛЬ /Шинэ/

Төсөл 2025.09.05 ИРГЭНИЙ НИСЭХИЙН ТУХАЙ ХУУЛЬ /Шинэ/ НЭГДҮГЭЭР БҮЛЭГ.  НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ 1 дүгээр зүйл. Хуулийн зорилго 1.1. Энэ хуулийн ...